Categories
мэдээ улс-төр

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.

Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байн

Categories
мэдээ спорт цаг-үе

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач, бөхийн тайлбарлагч С.Даваанямтай өнөө жилийн наадмын бөхийн өнгийн талаар товч ярилцлаа.


-Өнөө жилийн наадмын бөхийн өнгө ямар байх вэ?

-Мэдээж 512 бөх барилдана. О.Хангай аварга нэлээн дээшээ үзнэ. Бөхийн холбооноос шилдэг найман бөхийг чансаагаар нь жагсаадаг болсон. Энэхүү жагсаалтыг чансаагаараа тэргүүлсэн Б.Бат-Өлзий заан ч мөн дээшээ үзнэ. Хоёрдугаарт, Э.Батмагнай начин бичигдэж байсан.

Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гуравт байна лээ. Аймгийн цолтой бөхчүүдээс Н.Амгаланбаатар чансаагаараа тэргүүлсэн.

-Энэ жил хэн, хэн улсын цолонд хүрэхээр харагдаж байна вэ?

-Дундговийн Н.Амгаланбаатар, Сүхбаатар аймгийн уугуул, хурц арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож, хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар нар байна. Э.Мөнхбаатар саяхан болсон Бүх цэргийн наадамд түрүүлснээр аймаг, цэргийн баяр наадамд гурав түрүүлээд байна. Мөн Бүх цэргийн наадамд үзүүрлэсэн Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжаваас авахуулаад улсын цолонд ойрхон арслангууд бий.

-Мөөеө аваргын хөшөөний нээлтийн үеэр Ч.Санжаадамба аварга Э.Батмагнай начинг онцолж байсан. Э.Батмагнай начин энэ жил их яригдаж байна шүү?

-Тийм. Э.Батмагнай их яригдаж байгаа. Э.Батмагнай, С.Сүхбат, М.Лхагвагэрэл, Б.Бат-Өлзий нар л голдуу яригдаад байгаа шүү дээ. Дээрээс нь Б.Орхонбаяр арсланг орхиж болохгүй. Бас л дээшээ барилдаж таарна.

-Б.Орхонбаяр арслан түрүү жил их яригдаагүй хэрнээ үзүүр, түрүүнд гараад ирсэн. Дархан аварга Н.Батсуурь түрүүлсэн. Тэгэхээр өнгөрсөн жилийн үзүүр, түрүүний хоёр бөх энэ жил яах бол. Таны таамаг юу байна вэ?

-Өнгөрсөн жилийн үзүүр, түрүүний хоёр бөх энэ жил дахиад дээш барилдана. Шөвгийн дөрөвт үлдэх хүмүүсийн нэрс дунд Н.Батсуурь, Б.Орхонбаяр, О.Хангай, Б.Бат-Өлзий, С.Сүхбат, М.Лхагвагэрэл, Э.Батмагнай нар зүй ёсоор бичигдэнэ.

-Та үзүүр, түрүүний бөхчүүдэд хэнийг таамаглаж байна вэ?

-Саяны нэр дурдсан бөхчүүдээс хоёр нь үзүүр, түрүүнд үлдэх болов уу гэсэн таамаг байгаа. О.Хангай, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас л түрүү бөх тодрох болов уу. Бусад нь шөвгийн наймд үлдэх магадлалтай. Тухайлбал, Э.Батмагнай начин шөвгийн наймд үлдлээ гэхэд харцага цолны болзол хангалаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, заан цолны төлөө барилдана. Долоогийн даваанд Э.Батмагнай начин М.Лхагвагэрэл, Б.Бат-Өлзий хоёрын нэгэнтэй л тунах дүр зураг гарах болов уу гэж бодож байна. Э.Батмагнай тавын даваанаас эхлээд тунах магадлал өндөр. Даваа бүрд тунаж барилдана гэдэг үнэндээ чанга. Сайн, сайн бөхчүүдтэй хүнд барилдаан хийхээр амаргүй. Тиймээс түрүү, үзүүрт гарч ирэхэд бэрхтэй.

 

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгджээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон гол Бат-Өлзий, Хархорин, Орхонтуул сум орчмоор, Хөвсгөлийн уулаас эхтэй Үүр гол Цагаан-Үүр, Хангай нуруунаас эхтэй Чулуут гол болон Өндөр-Улаан сум орчмоор мөн Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 20-ны өдөр Чулуут гол Өндөр-Улаан, Орхон гол Хархорин сум орчмоор усны түвшин 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Categories
мэдээ улс-төр

ТЗХДХ: Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зарлагыг бууруулах шаардлагатай гэв

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдөр /2025.06.18/-ийн хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зарцуулалтын талаарх Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төсөв нь нэг талдаа төрийн үйлчилгээг хүргэх зорилготой ч нөгөө талдаа төр үйлчилгээгээ хүргэхийн тулд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шаардлагатай байдаг. Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж 2023 онд нийтдээ 1 их наяд 43.1 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2024 онд 1 их наяд 395.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал, нарын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Гишүүд 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж огцом нэмэгдсэн байгаад анхаарлаа хандуулж зардлыг бууруулах шаардлагатайг хэллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.19) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оруулсан Улсын Их Хурлын 75 гишүүний 54.7 хувь нь Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын санаачлан, өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг хойшлуулсан юм. Иймд өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг хүслээ. Тэрбээр таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент учир гишүүдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах үүднээс хуралдааны дэгийг зохицуулалтынх нь хүрээнд уян хатан байдлаар хэрэгжүүлж буйгаа хэлсэн. “Улсын Их Хурлын гишүүд бид холбогдох хуулиа сахиж, хуралдааны дэгээ мөрдөж ажиллах ёстой. Бид хууль тогтоох үйл ажиллагаагаа эмх цэгцтэй, зарчимтай, нээлттэй, ил тод явуулж чадвал олон нийт сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Ийм учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, ажиллана” гэв. Үүний хамт Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы хуралдаандаа хариуцлагатай оролцож, хүндэтгэлтэй хандахыг сануулсан юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хороо дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дууссаны дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хууль дахь “…Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх …” гэсэн зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн Л.Золзаяагийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай.  Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна. Л.Золзаяа нь 2021 оноос хойш үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Байнгын хороо уг асуудлыг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Лхагвасүрэнгийн Золзаяаг нэр дэвшүүлсэн болохыг дурдав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын 4.1-д заасны дагуу “Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” 2025 оны 04 дүгээр тогтоолыг баталж, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулагдан ажиллаж, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулжээ. Тус журмын 7.1-д “комисс үнэлгээг эцэслэн нягталж, онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчдын нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш 3 өдрийн дотор багтаан хүргүүлнэ” гэж заасны дагуу Төрийн албан хаагчийн төлөөллөөс Цэнддаваагийн Амартөгс, Бадамдоржийн Төгсцэнгэл нар нь нийт үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан бөгөөд баримт бичгээ бүрдүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн болохыг танилцууллаа.

Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 06 дугаар тогтоолыг баталж, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилсон байна. Нэр дэвшигчийн сонсголыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, тус сонсголын тайлан болон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн Лхагвасүрэнгийн Золзаяа, төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшсэн Бадамдоржийн Төгсцэнгэл, Цэнддаваагийн Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Бадамцоогийн Идэрчулуун, Должингийн Баатарсайхан, Цэнддаваагийн Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Ж.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Б.Бейсен, Л.Энхнасан, Э.Болормаа, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Хэрлэн, Б.Заяабал, Д.Жаргалсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нэр дэвшигчдээс томилогдсон тохиолдолд Зөвлөлийн чиг үүргийн хүрээнд төрийн захиргааны албанд ямар шинэчлэл хийх боломжтой гэж харж байгаа талаар, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, хэмжүүрийг тодорхой болгох талаар, орон нутаг дахь төрийн албыг чадавхжуулж, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэргийг асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Үүний зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг оновчилж, үйл ажиллагааг нь үр дүнтэй байхад анхаарах, төрийн албаны ангилал, нэр томьёог оновчтой болгох, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр манлайлж ажиллахыг нэр дэвшигчдэд захиж байв. Мөн төрийн албатай холбоотой аливаа шийдвэр, удирдлага нийслэлд төвлөрснөөс үүдэн орон нутаг дахь төрийн албаны нөхцөл байдалд үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар, төрийн албаны ерөнхий шалгалтын талаар, төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь төрийн албаны бүтэц, орон тоонд нөлөөлөхгүй байгааг анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үүнтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарч бодит үр дүн гаргахыг, төрийн алба дахь чиг үүргийн давхардлыг цэгцлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар саналуудаа хэлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг удаа дараа сануулж байв.

Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга мэдэгдэж, үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов

-Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов-

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2025-06-18/ төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тоог нэмээд зогсохгүй хариуцлагыг эзэнгүйдүүлж байгаа талаар хэлэлцэж бүх яамдад бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж давхардсан орон тоог цомхотгох чиглэл өгсөн.

Мөн төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, төрийн оролцоог багасгах, цахимжуулалтыг тууштай нэвтрүүлж, иргэдэд үйлчилдэг төрийн алба бий болгохыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газрын тогтоол гарч  “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д 2025 оны зургадугаар сарын 02-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан гэдгийг танилцууллаа.

Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна.

“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар станцын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа.

“Дулааны цахилгаан станц-3”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх  эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас тус яаманд өнөөдөр ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, ДЦС-5, Бөөрөлжүүтийн хоёрдахь шатны цахилгаан станцын төсөл, Тосонцэнгэл,  Сүхбаатар, Даланзадгадын дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.

Categories
мэдээ

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна. Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй байна

“Даншиг наадам-Хүрээ цам 2025”-ыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй билээ. Үүнтэй холбогдуулан ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, судлаач Х.Мөнхбаяртай ярилцлаа.


-Даншиг наадмын түүхээс хуваалцахгүй юу. Монголчууд энэхүү наадмыг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бэ?

-5000 шахам жилийн улбаатай Монгол баяр наадмын нэгэн чухал хэсэг нь Даншиг наадмын түүхэн үе юм.“Сайн хааны самаргаан, Бошогт хааны бусалгаан”гэдэг Халх-Ойрадын үймээн намжсаны дараахан Өндөр гэгээн Занабазарыг эх нутагтаа эргэн морилоход нь өнөөгийн Улаанбаатар хотын орчимд их найр наадам хийж л дээ. 1700 оны зун болсон энэхүү их баяр цэнгэл анхны Даншиг наадам болохыг түүхийн сурвалжуудад тодорхой тэмдэглэсэн байдаг. Үүнээс хойш нэгэн зуун болж байж Даншиг наадам бидний төсөөлдөг мянга гаруй бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, бай нэхий харвааг багтаасан их наадам болон хэлбэржин тогтож, гурван жил тутамд Монгол орныг донсолгох болсон. Харин монголчууд туурга тусгаар улсаа сэргээн мандуулсны дараа жил 1912 оны зун хөнгөн ёсолсноос хойш Даншиг наадмыг дахин хийсэнгүй. Богд хаан тэр болгонд татгалзсаар байсан гэдэг. Түүхийн энэ хэлхээ Даншиг наадам монголчууд харийн эрхшээлд орж биеэ даасан төргүй болсноос Монгол Улсаа байгуулж төрт ёсоо сэргээн тогтоосон үе хүртэл өрнөснийг харуулдаг.Үүнээс Даншиг наадам болон Монголын төрт ёсны хооронд холбоо хамаарал байгааг анзаарч болно. Баяр наадмыг бид бөх, морь, харваагаар төсөөлдөг. Энэ бол өнгөн тал нь. Цаана нь хэд хэдэн чухал зүйл бий. Даншиг наадмын тухайд Даншиг өргөх ёслол, их найр хурим, ноёдын чуулган гэсэн гурван зүйлийг тодруулан хэлэх ёстой. Даншиг өргөх нь Монголын шашны тэргүүн Богд гэгээнийг урт удаан насалж, монгол түмнээ нэгтгэн байхыг бэлгэдэн ном хурж, өргөл өргөх ёслол юм.Харин Даншиг наадмын их найр хурим монголчуудыг соёлын хувьд нэгтгэн нягтрахад чухал үүрэг гүйцэтгэсэн.Үүнээс гадна Богд гэгээндээ Даншиг өргөх ялдамд Монголын ноёдын нэгдсэн чуулган болж, Монголын нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг улсын хэмжээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байсан улс төрийн яриа хэлэлцээ нь энэ наадмын хамгийн чухал зүйл мөн. Монголчуудыг нэгтгэхгүй байх, хүчийг нь төвлөрүүлэхгүй байхад чиглэсэн Манжийн засаг захиргааны зохион байгуулалтыг давж, нэгдэн чуулах ухаалаг аргыг монголчууд бодож олсон нь Даншиг наадам юм.

Харин 1912 оноос Даншиг наадмыг түдгэлзүүлсэн нь хаантай, таван яам бүхий Засгийн газар, цэрэг армитай тусгаар тогтносон Монголын төр улсад Манжийн үеийнх шиг Даншгийн чуулган хэмээх төрт төст албан бус институтийн эрэлт шаардлага үгүй болсонтой холбоотой.Гэхдээ энэ их наадмын үндсэн хэлбэр 1922 оноос Цэргийн наадмаар уламжлаад өнөөгийн Үндэсний их баяр наадмын суурь болсон билээ.Энэ болгоноос үзэхэд Даншиг наадам монголчуудыг улс төр, шашин, соёл, үнэт зүйлийн хувьд нэгтгэж, Монгол Улс тусгаар тогтноход онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн юм.

-Энэ жил Даншиг наадмыг анх удаа Нийслэлийн иргэдийн баяр болгон тэмдэглэх гэж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ нийслэлчүүдийн баярыг Даншиг наадмаасаа салгах уу, эсвэл хавсруулж байна гээд Даншиг наадмаа гажуудуулах вий гэдгийг бодох ёстой. Нийслэл Улаанбаатар хотын наадам байж болно. Гэхдээ Даншиг наадмын мөн чанартай нийцүүлэх ёстой. Наадмын товыг зохистой тогтоохоос энэ болгон эхлэх байх. Энэ сарын сүүлчээр Даншиг наадам хийх бодит нөхцөл боломж хараахан бүрдээгүй байна. Муйхраар буюу хэн нэгэн дарга цэргийн захиргаадалтаар Даншиг наадам хийх хугацааг товлож буй нь хэр ончтой юм бэ. Монгол баяр наадмын уг язгуур нь үр шим ургацын баяр юм. Тиймээс Даншиг наадмыг монгол газрын үр шим бялхсан намрын налгар цагт улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр есдүгээр сарын 10-ны дараахь амралтын өдрөөр ургацын баяртай хамтатган хийж байвал зохистой санагдана. Энэ бол Монголын нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, баяр наадам хийхэд зохистой үе шүү дээ.

-Түүхэн ач холбогдол бүхий Даншиг наадмын өдрийг Нийслэлийн засаг даргын захирамжаар ч юм уу хэн нэгний үзэмжээр шууд өөрчилж болдог юм уу. Энэхүү наадмын өдрийг хуульчлаагүй юм байна, тийм үү?

-Хуульчлаагүй. Нийслэл хотын өдрийг л хуульчилсан байдаг. 1912 оноос хойш Даншиг наадмыг тэмдэглэхгүй байж байгаад Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үеэс л тэмдэглэж эхэлсэн. Тэгэхдээ энэхүү наадам соёлын агуулгатай сэргээсэн ч IX, X Богдыг Монголдоо сэнтийд нь залсан учир одоо шашны учир агуулгыг нь анхаарч Даншиг наадмаа Богддоо зориулан хийх нь зүйн хэрэг болоод байна. Шашин хүмүүсийг нэгтгэдэг зүйл болохоос мунхруулдаг зүйл огтоос биш. Тийм ч учраас Даншиг наадам зөвхөн улаанбаатарчуудын наадам биш, монгол түмний наадам болж хөгжих ёстой. Хэрэв нийслэлийнхний наадам гэж хийх бол Даншиг наадмаас салгаж авч үзэх ёстой. Тэгэхгүй бол монголчуудын нэгдэж нягтрах, ойртон ижилсэх гэсэн эрэлт шаардлагыг үгүйсгэж, үндэсний ашиг сонирхолд харшлах болно. Бодит байдлаа харгалзан үзээд Улаанбаатар хотын захиргаа, Монголын бурхан шашны төв нэгдсэн бодлого, чиглэлтэй л болмоор байгаа юм. Даншиг наадмын тухайд шүү дээ. Түүнийгээ аажимдаа хууль эрх зүйгээр баталгаажуулах шаардлага бий. Түүнээс хэн нэгэн даргын үзэмжээр, түүний захиргаадалтаар энэ асуудлыг шийдэх нь зохистой биш.

-Цаг хугацааны тухайд ийм цаг үед наадах нь хэр зохистой юм бэ?

-Хамгийн сайхан зунтай байдаг нутаг усны нэг бол Хэнтий аймгийн Биндэр сум. Хэдхэн хоногийн өмнө би тийшээ ажлаар явсан юм. Тэгэхэд айлууд дөнгөж л зусландаа бууж эхэлж байсан. Тэнд ургамлын гарц учиргүй сайнгүй, тачирхан, мал нь сайнгүй л харагдана лээ. Тэгэхээр сар хагас ч хүрэхгүй хугацааны дараа Даншиг наадам хийх нөхцөл нь бүрдээгүй байна. Энэ хооронд тамир муутай байсан мал тэнхрээд, гараагүй шахуу айраг, тараг дэлгэрчихнэ гэж байхгүй. Тиймээс л монголчууд байгаль цаг уурынхаа нөхцөлд тааруулаад наадмаа товлодог уламжлалтай байсан юм. Өдийд монгол адуу тамиржаагүй байгаа. Үүнийг бодолцохгүй өдийд наадам хийх нь тэжээлийн эрлийз морьтнуудад л ашигтай. Өөрөөр хэлбэл, ийм эрт наадах нь үндэсний өв соёлыг гажуудуулж буй эрлийз морин уралдааныг хэрхэх вэ гэсэн асуудлыг сайшаан дэмжиж байгаа мэт харагдах болно. Нөгөөтэйгүүр хүмүүс наадмаас баяр цэнгэлийг хүртэх гэж ирдэг. Халуун нар шарсан, салхи шуурга дэгдсэн, тоос бужигнасан газраас баяр цэнгэл хүртэнэ гэж байхгүй. Даншиг наадмыг зургадугаар сарын 28, 29-нд хийнэ гэдэг бол олон зүй ёсонд харшилж байна. Монголчууд зуны урин дулаан цагт идээ ундаа дэлгэрсэн, хүмүүсийн сэтгэл амар тайван, уужуу болсон үед найр, наадам хийж ирсэн нь жам ёсыг дагаж байсан хэрэг.Монголчууд энэ болгоныг бодолцоод зуны дунд сарын дунд үеэс зуны адаг сарын дунд үе хүртэлх хугацаанд найр наадмаа хийдэг байж. Тэр үе нь хамгийн эртдээ долдугаар сарын хорьдоор таардаг. “Наадмын дараа намар” гэдэг үг эндээс гарсан. Түүнээс долдугаар сарын 11-нд наадсаны дараа намар болдоггүй л биз дээ. Магадгүй шийдвэр гаргагчид улаанбаатарчууд бөөндөө байгаа, ийш тийш хараахан яваагүй, анхаарал харьцангуй төвлөрчихсөн цаг гээд энэ өдрийг сонгосон байх. Гэтэл энэ шийдвэрт нь нийслэлийн болоод Даншиг наадамд хамаатах түүхэн үндэс алга. Зургадугаар сарын сүүлээр Монголын, тэр дундаа нийслэл хотын түүхэнд холбогдох онцгой үйл явдал ерөөс болоогүй. Даншиг наадам хийсэн баримт ч байхгүй. Бас байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй байна.

-Даншиг наадамд барилдаж цолны болзол хангасан бөхчүүдэд одоо цол олгож буй. 1700-гаад оны үед бөхчүүдийн бай шагнал нь юу байсан юм бэ?

-Эдүгээ Даншигийн бөхийн цолыг өөр наадамд огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэсний бөхийн барилдааны өв соёлыг ингэж гажуудуулж болохгүй. Хэрэв, нийслэлчүүдийн баяр наадамтай цогц хөгжүүлэх бол Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндэсний их баяр наадмын хуульдаа нийцүүлээд Даншигийн аливаа цолыг аймгийн цолтой дүйцүүлж үнэлэх нь эрх зүйд нийцэх юм. Дүүргүүдийн наадмын цолыг сумынхтай жиших ёстой. Үгүй гэвэл, эрт цагт бөхийг цэрэг эрийн өвч зэвсэг буюу сайн морь, хөө хуяг, сэлэм жад, торго дурдан, хонь мал зэргээр шагнадаг байсныг Даншиг наадамд сэргээж болох юм.

-Та ярилцлагын эхэнд гурван насны хурдан морины уралдаан гэж ярьж байсан. Даншиг наадмаар энэ жил зургаан насны морь уралдах юм билээ?

-Даншиг наадмаар гурван насны морьд уралддаг уламжлалтай. Монголчууд цэрэг эрийн нөмөр түшиг болж, аянд хань болж чадах адууг л морь гэдэг. Үүнд нь хязаалан, соёолон, их насны морьд тэнцэж морь гэж дуудуулдаг байж. Тиймээс Даншиг наадамд энэ насны морьд л уралддаг байв. Ингээд 1899 оны Даншиг наадмаас эхлэн азарга, жороо морь уралдах болсон. Даншиг наадмын онцлогийг хадгалъя гэвэл ийм уралдааныг сэргээж болох юм. Нэмж хэлэхэд, Даншиг наадмын харвааг “Бай нэхий харваа” гэж нэрлэдэг байсан юм. Монголчууд саяхныг хүртэл сэрүүн цагт мах идэж, зундаа махан хүнс хэрэглэдэггүй байлаа. Зун огт мах идэхгүй байхаар хүн “махасдаг”. Тиймээс монголчууд зуны дэлгэр цагаар хонь мал тарга сууж тэвээрэх үетэй давхцуулан наадаж, махсаагаа гаргадаг уламжлалтай байсан. Ингээд хүнсэнд хэрэглэсэн хониныхоо нэхий буюу тарзыг нь хаялгүй бай болгон харвах болсон аж. Энэ мэтчилэн монголчуудын баяр наадмын дэг ёс болгон хоорондоо шалтгаант холбоотой. Зургадугаар сард мал тэвээрээгүй тамир муутай л харагддаг шүү дээ. Ийм үед Даншиг наадам хийвэл адаглаад наадмын хуушуур нь яаж амт шимттэй байх билээ.

-Өмнө нь монголчууд Даншиг наадмаа хаана хийдэг байсан юм бэ?

-Одоогийн Улаанбаатар буюу тэр үеийн Их Хүрээний дөрвөн талд болж байсан. Түүхт Хүй долоон худаг, Шарга морьтын зуслангийн замаар чигээрээ давхисаар Ар гүнтээр даваад хуучнаар Партизаны сангийн аж ахуй буюу одоо Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо болон Төв аймгийн Батсүмбэр сум хүрэх засмал зам салах “Т” уулзварын баруун доод талд байгаа хөндий болохыг бидний судалгаа тогтоосон. Хотын захиргаа, Монголын төр засаг тэр газрыг түүх соёлын тусгай хамгаалалтад аваад тэндээ наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг баймаар байна. Ингэхдээ суурин маягийн тусгай цогцолбор байгуулахгүйгээр, асар майхан багширсан нүүдлийн түр хүрээ байгуулаад уламжлалт хэв маягаараа нааддаг болбол олон талын ач тустай санагддаг. Төгсгөлд нь хэлэхэд, нийслэл хотынхоо баярын өдрийг Даншиг наадмынхаа соёл уламжлалтай нийцүүлэн байгалийн болоод нийгмийн жам ёсонд нийцүүлж хөгжүүлэх нь зүйтэй. Үүнд л нийслэлчүүдийг анхаараасай гэж хүсэх байна.

 

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ спорт цаг-үе

Ш.Софи гимнастикийн өсвөр үеийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ

Спортын гимнастикийн 18 дахь удаагийн өсвөрийн, 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Жечеон хотноо энэ сарын 12-14 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн тамирчдаас Өсвөр насны ангилалд Шинэбаярын Софи хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн ангилалд Г. Анужин шагналт байранд шалгарсан амжилтттай энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ.

Тэмцээнд амжилттай өрсөлдсөн баг тамирчдыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.