Categories
мэдээ нийгэм

Титэм судасны хүнд зэргийн нарийсал эмчлэх боломжийг УХТЭ бүрдүүллээ

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, зорилтод ажлын хүрээнд УХТЭ-ийн 5 хүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад ирсэн.

УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа.

Уг дэвшилтэт технологийг УХТЭ-д нэвтрүүлснээр Титэм судасны дисплази эмчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах ач холбогдолтой юм. Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлж байна.

Эмчилгээний үр дүн, чанарын хувьд IVUS-гаар чиглүүлсэн стент суулгалт нь зөвхөн ангиографид суурилсан аргаар хийснээс 3 жилд зорилтот судасны бүтэлгүйтлийг 38–45 %-иар бууруулсан болохыг ULTIMATE гэх мэт рандомчлогдсон туршилтууд харуулсан. Мөн 22 RCT-ийн мета-шинжилгээнд IVUS/OCT-д суурилсан PCI нь зүрхний шалтгаант нас баралт, дахин судас тэлэх хэрэгцээг мэдэгдэхүйц багасгасан дүн гарчээ. Эдгээр шинжлэх ухааны нотолгоо нь УХТЭ-ийн шинэ төхөөрөмжийг ашигласнаар манай улсын зүрх судасны энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд батлагдсан стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод бүртгэгдсэн

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.22/ байдлаар объектын гал түймрийн 2149 удаагийн тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага, мэдээлэл 32.5 хувиар өссөн байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөлийн 64.6 хувь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаан ашиглалт, угсралтын норм, дүрэм зөрчсөн, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, 2 хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.

Гал түймэрт өртсөн объектыг өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмч, 15.9 хувь нь төрийн өмч байна. Нийт гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод тохиолдсон бол 21 аймагт 33.1 хувь буюу 712 нь бүртгэгдсэнээс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймэр хамгийн өндөр байгаа юм.

Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.8% өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.768 га, хээрийн 565.569 га буюу нийт 631.337 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Он гарсаар бүртгэгдсэн 91 түймрийн 5 буюу 5.5 хувийг ой, хээрийн гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтуудаас илрүүлсэн.

Сүүлийн таван байдлаар жилд дунджаар 125 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гарсан ой, хээрийн гал түймрийн дуудлагыг өмнөх таван жилийн тухайн өдрийн нөхцөл байдалтай харьцуулахад 31.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтаар өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагийн мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хөдөлгөөн үйлдээд байна.

Ой, хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл ихэнх нутгаар өндөр байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн юм. Чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох бөгөөд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдсэн.

Энэхүү чансааны оноонд үндэслэн

  • Оны шилдэг тамирчныг тодруулах
  • Тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах,
  • Олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах юм.
Categories
мэдээ нийгэм

Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ

Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “Г” нь тус банкны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд иргэд та бүхэн аливаа нэг улсын мөнгөн тэмдэгтийг солиулахдаа баталгаат газраас аваагүй л бол жинхэнэ эсэхийг урьдчилан нягталж байж арилжаанд оруулан, солиулж байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна

Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр “Эхлэл брэнд” ХХК худалдан авсан юм.

Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм. Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Монгол Улсын Их хурлын 2025 оны хаврын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2018 оноос эхлүүлж, улмаар “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр тал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн  8  дугаар зүйлийн 8.1.3-т  зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийн тухай” хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тухай тусгасан болно.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм гэв.

Дараа нь хуулийн төслийг холбогдох байнгын хороо хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Жангабыл танилцуулав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, Б.Бейсен нар хуулийн төслийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар зургаан улстай байгуулсан. Казахстан улс 7 дахь улс болж байна. Монголчууд олноор сурч, ажиллаж,  амьдарч буй улс орнуудад иргэнийхээ нийгмийн хамгааллын баталгааг ийнхүү хангаснаар тухайн улс манай иргэдийн өмнө мөн үүрэг хүлээж буй хэрэг юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан зэрэг байгууллагууд нийгмийн хамгааллын энэхүү хэлэлцээрийг байгуулж буй улс орнуудыг талархан сайшаадаг. Хоёр улсын талаас 2018 оноос хойш 10 гаруй удаагийн хэлэлцээр хийж, нарийн судалгаа хийгдсэн учраас шийдвэр гаргах нөхцөл бүрэн бүрэлдсэн. Тиймээс хуулийн төслийг дэмжихийг хүслээ. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссан учир тус хуулийн төслийг соёрхон батлах тухай санал хураалтыг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр тогтлоо.

 Хуралдаан үргэлжлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй буюу 24-45 насны донорын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар 2 дахин буурахаар байна. Дунджаар 20 орчим жил үргэлжлэх энэ цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь бидний өмнө тулгамдсан гол асуудал болж байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн орон тоо 2014 оноос хойш 20 гаруй хувь нэмэгдсэн байхад цус, түүний бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийн хэмжээ улам бүр нэмэгдэн, энэ ачааллыг өнөөгийн хүний нөөцийн хэмжээгээр давах ямар ч боломжгүй болсон төдийгүй Цус сэлбэлт судлалын салбарыг дэлхий нийтээр баримтлаж байгаа “Нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхойлох шаардлагатай байна.

Ажлын хэсэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн болон орон нутаг дахь Цусны салбар төвийн ажилтнууд, Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гээд хуулийн төслийн баримтлах бодлогын чиг баримжаа, олон улсын жишиг, хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн зэргийг танилцуулав. Түүний дараа Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Тэрбээр, хууль санаачлагчид цус, цусан бутээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, цус сэлбэлт судлалын салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  “нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг, тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсэг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан бий болгох шаардлагатай бөгөөд донорын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалт, хяналт сайжирч, цус сэлбэлт судлалын тусламж, үйлчилгээний удирдлагын тогтолцоотой холбоотой харилцаа бүрэн зохицуулагдах боломж бүрдэнэ гэж узсэн байна. Цусны донорын үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эруул мэндийн байгyуллагын өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгyуллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бурдэх бөгөөд хүний нөөцийн зардал, материаллаг зардал, бусад зардалд нийт 14 тэрбум төгрөгийн зардал гарч, үүнийг улсын төсвөө нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр байгууллагын өөрийн орлогоор эхний ээлжинд зохион байгуулах боломжтой, цаашид техник, технологийн шинэчлэлтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал улсын төсөвт тусгагдана гэж хууль санаачлагчид үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат цусны донорыг урамшуулах, татвараас хөнгөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төслийн 9 дугээр зуйлийн 9.2 дахь хэсэгт заасан Цусны төвийг байгуулахад шаардагдах санхүүжилт, эдийн засгийн тооцоо судалгааны талаар, УИХ-ын гишүүн  Л.Энхнасан хуулийн төслийг баталснаар төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан гэв.

Хууль санаачлагийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, манай улсад хичээн тооны цусны донор байгаа талаар болон тэднийг хэрхэн урамшуулж дэмжиж буй талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, цусан бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байх талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан болон цусны донорын асуудалтай хамт элэгний вирусыг эмчлэхэд ямар бодлого баримтлаж буй тухай асуулаа.  УИХ-ын гишүүдийн асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ажлын хэсгээс хариуллаа.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 170 гаруй мянган цусны донор бүртгэлтэй байдаг. Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд 2024 онд 45 577 нэгж цус цуглуулж  жил бүр цус цуглуулалт нэмэгдэж байна. Цусны донорыг шинэ болон байнгын донор гэж ангилдаг. Цус өгөлтийн тооноос хамааран, 35 дээш удаа өгсөн Хүндэт донор автобусаар үнэ төлбөргүй зорчих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон рашаан, сувилалд  жилд нэг удаа  үнэ төлбөргүй хамрагдах үйлчилгээ авч байна. Мөн манай төвөөс цус өгөлтийн тооноос хамааран алдаршуулж, урамшуулдаг. Цус сэлбэлтийн хамгийн гол дэглэм бол халдвар хамгааллын асуудал юм. Цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах “ногоон” гэрэл асаах шалгуур үзүүлэлтийг энэхүү хуулийн төсөлд тусгаж өгсөн. Манайд элэгний өвчлөл элбэг байгаагийн нэг шалтгаан нь цус сэлбэлтийг хийхдээ халдвар хамгааллын энэхүү дэглэмийг зөрчсөнтэй холбоотой. 2026 онд элэгний  Д вирусын эмчилгээнд илүү олон хүнийг хамруулахаар төлөвлөж байна хэмээн хариулав. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Б.Бейсэн нар хуулийн төслийг дэмжиж үг хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн дагуу хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг баасан /2025.05.23/ гарагийн нэгдсэн хураалтаар зохион байгуулахаар боллоо.

Түүний дараа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах  эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох  хүсэл мөрөөдлийг нь биелэл болгож байна гээд ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, баримтлах бодлогын чиг баримжаа, олон улсын жишиг, хууль батлагдсаны ач холбогдлыг илтгэлдээ онцоллоо.

Тухайлбал, хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Мөн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна. Түүнээс гадна эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө гэх зэрэг давуу талуудыг танилцуулсан юм. Энэхүү танилцуулгын дараа тус хуулийн төслийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нараас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ гээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хуулийн төслийн хүрээнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг шинээр байгyулах, тус байгууллагын хүний нөөц, урсгал зардалд нийт 1,9 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амьгүй донор болж эрхтэн, эд, эсээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн талаар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, ажилчдыг эрсдэлээс хамгаалах асуудал хуулийн төсөлд  хэрхэн туссан талаар, УИХ-ын гишүүн  Д.Үүрийнтуяа эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр ясны хэм, чөмөг авахуулж байгаа 14-өөс доош насны хүүхдүүд хэр олон байгаа болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын тухай хуульд заасан хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох заалт шинээр боловсруулсан хуулийн төсөлд яагаад тусгаагуй талаар, УИХ-ын гишүүн М.Сарнай хохирогч, хохироогчтой донорын талаар, хуулийн төсөл батлагдсанаар шинээр бүтэц, орон тоо бий болох эсэх талаар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан хууль хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Х.Болормаа хууль зүйн дүгнэлтийн хүрээнд гарсан саналыг хуулийн төсөлд тусгаж, сайжруулах талаар, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгах талаар тус тус санал хэлсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хурээнд хэлэлцэхийг дэмжээгүй болно гэв. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, өнгөрсөн хугацаанд П.Батчулуун эмчийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж, иргэд нийтээрээ талцсан.  Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учраас энэхүү асуудал үүссэн хэмээн бодож байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх зохицуулалт хуулийн төсөлд тусгасан эсэх болон амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй адилтгах тэтгэмж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Энэ ямар үндэслэлтэй тооцоо вэ хэмээн асуусан бол УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эд, эрхтэн шилжүүлэн суулгахад боловсон хүчин болон эм тарианы шаардлага өндөр байдаг. Энэ талаар хуулийн төсөлд сайжруулсан заалт орсон эсэх талаар асуулаа.

 УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн асуултад хариулахдаа, хуульд зөвхөн нийгмийн даатгал шимтгэл төлдөг иргэнд оршуулгын зардал өгөхөөр заасан. Гэтэл  нийгмийн шимтгэл төлдөггүй иргэн тухайн эмчийн эсрэг асуудал үүсгэсэн. Тэгэхээр хуулийн төсөлд нийгмийн даатгал төлдөг, эс төлдөг эсэхийг үл хамааран тайтгаралын зардал өгөхөөр тусгасан. Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн олгох тэтгэмж бол оршуулгын зардлын хэмжээг тооцсон мөнгөн дүн юм.  Эрүүл мэндийн тусгай сангаас эмч нарыг багаар нь сургах зардлыг 5 тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаж төхөөрөмжийн асуудал тулгарч байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнд шаардлагатай зарим эм, тариаг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байна. Тухайлбал, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүний дархлаа дарангуйлах хамгийн чухал эмийг төрөөс дааж байна. Харин эдгээр эмийг чанаржуулахад анхааран ажиллаж байна гэв. УИХ-ын гишүүн А.Ганбаатар, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхэд олон улсын байгууллагуудын шалгуур болох донорын эрх болон аюулгүй байдлыг хамгаалсан хуультай эсэхээс эхлээд зохистой зөвшөөрлийн шаардлага, худалдааны болон албадлагын хатуу хориг, донорын эрүүл мэндийг урт хугацаанд хянах тогтолцоо, ил тод хяналттай шилжүүлэн суулгах систем зэрэг асуудлыг хангаагүй хэмээн үзсэн. Мөн донор болох хүний сэтгэл зүйн үнэлгээг хэрхэн хийх талаар хуульд тусгасан эсэхэд эргэлзэж байна. Энэхүү хуулийн төслийг  “түүхий” байна гэж үзээд хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаж, хариулт авахыг хүслээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, амьд донорын аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Бид энэ талаар судалсан. Гэхдээ аль болох амьд донороос эрхтэн шилжүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Манайд амьгүй донор олдохгүй учраас хайртай дотны хүнийнхээ амь насыг аврах гэж иргэний эр зориг гаргаж эд, эрхтэнээ шилжүүлэн өгч байна. Мэргэжилтнүүд донор болох хүнд сэтгэл зүйн тестүүдийг хийх, донор болох гэрээсэл үлдээх зэрэг маргаантай асуудлуудад эрх зүйн зохицуулалт хийхийг зорьсон. Таны дээрх хэлсэн асуудлууд хуулийн төсөлд бүрэн тусгагдсан хэмээн хариуллаа.Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Харин үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд  өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана.

Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд:

– Цэцэг төвийн уулзвар

– Зоос гоёлын уулзвар

– Сансарын имартын уулзвар

– Бөхийн өргөөний уулзвар

– Зүүн 4 замын уулзвар

– Нарантуул захын уулзвар

– Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц

– Дүнжингаравын урд зам

– Улиастайн уулзвар

– Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам

– Маршалын гүүрний хойд уулзвар
– Хоум плаза

– Гандигийн гудамж

– Олимпийн гүүр

– Гадаад хэргийн яамын уулзвар

– Сүхбаатарын Талбай

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

СЭЛЭНГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хууль бус томилгоо хийж асуудал үүсгэж байна

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд буй юм. Үүсээд байгаа асуудлын талаар тус эмнэлгийн эмч нарын төлөөллөөс тодрууллаа.


-Цахим орчинд танай эмнэлгийн эмч нар халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Энэ асуудал юунаас болсон талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тушаал гаргаж, Нэгдсэн эмнэлгийн даргаар Жавхлант сумын ЭМТ-ийн дарга А.Шинэ-Од гэх хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Аймгийн Засаг дарга байсаар байхад ингэж томилсон. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн томилсон үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Цэрэнтогтох эмчийг ажлаас нь чөлөөлсөн тухай бичиг ирээгүй. Эрүүл мэндийн тухай хуульд аймгийн Засаг дарга томилох ёстой байтал Эрүүл мэндийн газрын дарга томилсон нь хууль бус шийдвэр. Энэ шийдвэрийг хүлээж авахгүй гээд тэр өдөр 168 эмч, ажилчид эсэргүүцсэн албан бичгээ аймгийн Засаг дарга руу, мөн манай аймгаас гарсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар луу хүргүүлсэн. Энэ хугацаанд бид ажлаа хэвийн хийгээд явж байсан. Мөн шинээр томилогдсон гээд байгаа эмнэлгийн дарга ямар ч шаардлагагүй хүнийг ажилд авч байна. Жишээ нь, сүрьеэгийн эмчийн орон тоо илүү байхад шинээр хоёр эмч авсан, ерөнхий мэргэжлийн эмч илүү байхад нэмээд хоёр мэргэжлийн эмч авсан, чих хамар хоолойн хоёр эмч байхад дахиад эмч авсан байна. Дээрээс нь ажиллаж байгаа эмч нарыг маш их стресст оруулдаг. Манай энд лайв хийдэг нэг эмэгтэй байдаг юм. Тэр хүнийг манай ажилчдын хурал дээр дуудаж авчраад, мэдээлэл цацаад, баг хамт олныг хагаралдуулдаг. Энэ асуудлаас болоод эмнэлгийн алба хаагч, эмч нартай уулз гэхээр уулзахгүй, зөвхөн сувилагч болон асрагч нартай уулзаад бидний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас бид цаашдаа хамтарч ажиллахгүй, энэ хүнийг дэмжихгүй гээд ажлаас халагдах өргөдлөө аймгийн Засаг даргад өгөөд долоо хонож байна. Өргөдөл өгсөн эмч нар ажлаа хэвийн хийж байгаа. Бид долоо хоногийн дотор энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол ажлаасаа гарна.

-Өмнө нь ийм асуудал гарч байсан уу?

-Өмнө нь манай байгууллагын дарга нар дотроосоо сонгогдоод явж байсан учраас ийм асуудал үүсч байгаагүй. Энэ асуудлын шалтгаан нь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од гэдэг хүн буруу томилгоо хийсэн. Хоёрдугаарт, манай аймгийн Эрүүл мэндийн салбарыг энэ хүн маш их хавчдаг. Манай нэгдсэн эмнэлгийн эмч нар нэг ч удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, төрийн сангаар сурч байгаагүй. Эмнэлэгт квот байхгүй гэдэг шалтгаанаар ерөөсөө явуулдаггүй. Тэгсэн хэрнээ өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийг явуулдаг.

-Энэ асуудал гарснаас хойш танай эмнэлгийн үйл ажиллагаа доголдсон уу. Эмнэлгээс үйлчилгээ авч байгаа иргэдэд эргэлзээ үүсэх гэх мэт асуудал гарсан уу?

-Бид тусламж үйлчилгээгээ хэвийн үзүүлээд явж байгаа. Ямар ч эмч, сувилагч ажлаасаа гарсан, ажлаа хаясан зүйл байхгүй. Гэхдээ манай Сэлэнгэ аймаг 120 мянган иргэнтэй. Энэ асуудлаас болоод иргэдийн итгэх итгэл буурч, төөрөгдөл үүссэн гэж бодож байгаа. Өмнө нь манай удирдлагын багууд үйл ажиллагаагаа хэвийн явуулаад болж л байсан. Гэтэл гэнэт гаднаас нэг хүн томилоод оруулаад ирсэн. Тэр хүн нь томилох субьект биш учраас бид ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

-Өргөдөл өгсөн эмч нар ямар чиглэлийн эмч нар байгаа вэ?

-31 эмч маань эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, нярай гээд дандаа яаралтай тусламж шаардсан эмч нар байгаа. Бид энэ асуудлаар сарын өмнөөс хууль хяналтын байгууллагад хандсан байсан. Үүнтэй холбоотой эмч нарт маань ажилд орох саналууд ирээд байгаа. Үүнээс болоод эмчээ алдах эрсдэл үүснэ. Өргөдөл өгсөн эмч нарын хувьд 40 хүртэлх насны, мэргэжлээрээ 5-15 жил ажилласан нарийн мэргэжлийн хүмүүс. Өргөдөл өгөөгүй ажилчдын хувьд дундыг харсан байр суурьтай байна. Улс төрийнхөн биднийг оролдоогүй байхад аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь бодлогоо бусниулж, асуудал үүсгэж байгаад эмч нар бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэж бодсон.

-Хэрэв та бүхэнд нааштай хариу хэлэхгүй бол ажлаасаа гарах уу. Энэ талаар бодож үзсэн үү?

– Бидний гол шаардлага бол Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга хууль бус томилгоогоо болих хэрэгтэй. Тэмцээд байгаа эмч нар дарга болох гэж байна гэдэг зүйл манай аймгийн зарын сайтуудаар явж байна. Энэ хүмүүст тийм зүйл байхгүй. Бид өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Сарын өмнөөс өргөдлөө өгөөд, ажлаасаа гарах талаар хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Хүсэлтийн хариу өгөхгүй бол бид хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлүүлнэ.

Г.БАЛГАРМА

 

Categories
мэдээ улс-төр

АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын хөгжлийн бодлогын 2026 онд баримтлах тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг батлах тухай уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсов. Сайд нарын мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал нар хийлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Мал, амьтан, ургамал, хорио цээрийн протоколыг шинэчлэх болон шинээр байгуулах, тус улстай хил дамнасан аймгуудын боомтууд, үүний дотроо Баянхошуу, Хавирга, Бичигт, Булган, Бургастай боомтуудаар дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт, хорио цээрийн лабораторийн чадавхыг дээшлүүлэх замаар экспорт хийх боломжтой боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа адуу, үхэр, хонь, ямааны дайвар бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд протокол байгуулсан байна. Шинээр байгуулагдсан Ургамал хамгааллын газраас хөрш орнуудтай хорио цээрийн протокол байгуулахаар ажиллаж байгаа бол ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлох үед шаардагдах үйлдвэрлэлийн баталгаажуулалт гаргах тухай протоколыг тохиролцохоор санал хүргүүлээд байгаа ажээ.

Түүнчлэн Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг санал боловсруулж байгааг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулсан юм. Мөн Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс жил бүр 10-12 сая тун шүлхийн болон үхрийн арьс туруутах өвчний эсрэг вакцин худалдан авч байгаа бөгөөд 2025 онд 14 сая тун вакцин худалдан авах гэрээ, хэлэлцээрийг хийгээд байгаа болон “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх санал боловсруулж буйг тэрбээр мэдээлэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга Б.Анар тус яамнаас БНХАУ-ын Худалдааны яам болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр” гэсэн томоохон бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжил, цахим эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, цөлжилттэй тэмцэх зэрэг нийт долоон санамж бичиг байгуулсан байна. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж байгааг болон Евро Азийн эдийн засгийн холбооны хооронд байгуулах Худалдааны түр хэлэлцээрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж буй тухай газрын дарга Б.Анар дурдаж, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шатны хэлэлцээг хийж байгаа тухай мэдээлсэн юм. Мөн тэрбээр БНХАУ-д болдог Баогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд аж үйлдвэр, хилийн боомт, гааль, татвар, зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өрнүүлж буйг ярьж, Гашуун сухайт-Ганц мод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт саяхан болсныг онцолж, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч боомтын төмөр замын холболтыг хийх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байгааг дурдлаа. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын “Бүс нутгийн форум”-ыг Эрхүү хотноо, Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдааны түр хэлэлцээр байгуулагдах тохиолдолд хэрхэн хамтран талаарх дугуй ширээний ярилцлагыг Миск хотноо хийхээр тус тус төлөвлөснийг танилцуулж, гадаад худалдааны цахим нэг цонхны мэдээллийн системийг хөгжүүлж байгаа талаар товч дурдав.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал танилцуулгадаа одоогоор манай улсад ОХУ-тай одоогоор байгуулсан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл байхгүйг дурдаж, БНХАУ-тай 2015 онд 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, үүний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Мөн бүс нутгийн болон хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газар өргөжүүлэх хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг ярьж, боомтын болон эрчим хүчний сэргэлтийн бодлогуудын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцууллаа.

Яамдаас хийж буй мэдээлэл тодорхойгүй, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, зардал санхүүжилтийн талаарх тоо баримт хангалтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа анхааруулж, шаардлагатай мэдээллээ авч чадаагүй учир Улсын Их Хурлын гишүүд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна гэсэн юм. Салбар бүрд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чиглэж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар онцлон тэмдэглэж, мэдээлэл сонссонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолоор, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Б.Тулга, Х.Жангабыл нар ажиллахаар боллоо. Санал дүгнэлт, холбогдох шийдвэрийн төслөө холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу бэлтгэж Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 09 дүгээр тогтоол гаргаж, мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Уг Байнгын хорооны тогтоолоор хяналт шалгалтын ажлын танилцуулга, санал дүгнэлт, шийдвэрийн төслийг хуулийн дагуу бэлтгэж, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/463 дугаар захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэд хамрагдаж байна. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр Цэргийн штабын офицер, ахлагч нар сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг явуулж байна.