Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тэгшбаяр: Ураны төсөл хэрэгжсэнээр Монгол Улс атомын цахилгаан станцтай болох суурь судалгаа эхэлнэ DNN.mn

Манай улс Франц улстай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл уг төслийн талаар Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Франц улстай хамтран явуулах ураны төсөл ямар шатандаа яваа вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-УИХ-ын сонгууль болж, хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Улмаар ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт салбар бүрийн маш олон зорилт бий. Тэр дундаа энэ хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ гээд заачихсан. Төсөл хэрэгжиж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд жил бүр 2500 тонн уран экспортолно. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлж, олборлолт хийж эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болж, бизнесийн томоохон орчин нээгдэнэ гэж үзэж байгаа юм билээ.

Үүнтэй зэрэгцээд Монгол Улс атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ.

Тэгэхээр УИХ-аар ороод батлагдчихсан учраас нэг ёсондоо хууль болчихсон. Тийм болохоор зайлшгүй хэрэгжинэ л гэж харж байгаа.

-Гэтэл иймэрхүү том төслүүд хэрэгжих хугацаа нь хойшилдог. Хугацаа их алддаг тохиолдол олон. Саяхан хойд хөршийн ерөнхийлөгч айлчилсан учраас энэ төсөл зогсох вий гэсэн болгоомжлол ч байна л даа?

-Физикч, энэ салбарт олон жил ажиллаж, судалгаа хийсэн хүний хувьд хэлэхэд, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийн аргаар олборлоно. Геологи, физик, гедрохими талаасаа ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ нэг талаасаа энэ чинь улс төрийн тохиролцоо, дипломат харилцаа гээд олон зүйл бий. Нөгөө талаасаа энэ бол бизнесийн төсөл шүү дээ. Францын “Орона”, манай “Эрдэнэс Монгол” гэсэн хоёр компани хэлэлцээр хийж байгаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар яриад тохирчихсон ч гэсэн эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх загвар дээрээ л хэлэлцэж байгаа асуудал. Түүнээс биш энэ төслийг зогсоох ноцтой шалтгаан байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх шатандаа л яваа.

-Уран гэхээр л жадлан эсэргүүцдэг хэсэг нөхөд бий. Тэгвэл энэ нь үнэхээр тийм хор хөнөөлтэй зүйл юм уу?

-Физикч хүний хувьд хэлэхэд, уран бол гайхамшигтай элемент. Хүн төрөлхтөнд гарын таван хуруунд л багтахаар гайхалтай нээлт байдаг. Түүний нэг нь ураны цөмийн гинжин урвалыг ашиглаж, эрчим хүч гаргаж авдаг явдал. Дээрээс нь ашигт үйлийн коэффицент өндөр. Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай. Химийн хувьд хоруу чанартай. Идэж, уугаад байж болохгүй. “Н.Тэгшбаяр чи идэж болно гээ биз дээ” гээд дайрч л байдаг юм. Гэтэл уран идээд сууж байдаг физикч битгий хэл хуруугаа амандаа хийдэг хүүхэд ч орчин үед байхгүй. Дээрээс нь ураныг тариа буудай шиг хормойлж ирээд тарьчихаагүй. Дэлхий анх үүссэн цагаас л манай байгаа энэ хэсэгт ураны тогтоц бий болсон байна. Манайх чинь 200 орчим мянган тонны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим нь энэ төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм. Ийм хэмжээний ураны нөөцтэй байгаадаа бид хувь тавиландаа талархах ёстой. Үүнийг хэрэглэх цагтаа хэрэглээд л явах хэрэгтэй.

-Тэгвэл манайх ойрын хэдэн жилдээ атомын цахилгаан станцтай болох боломж бий юу?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ гэж туссан. Энэ бол үнэхээр чухал. Ямар ч зүйлд судлагаа, шинжлэх ухаанч байдал хэрэгтэй. Тэгэхээр судалгааг нь энэ Засгийн газар бүрэн хийж дуусгах юм байна гэсэн ойлголттой байгаа. Ингэсэн т охиолдолд атомын цахилгаан станцтай болох бүрэн боломжтой болно.

Мөн 2009 онд УИХ-ын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гэдгийг гаргасан. Дээрээс нь Цөмийн энергийн тухай хуультай. Энэ бодлого, хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэхдээ Үндэсний аюулгүй байдал, олон улсын бүхий л гэрээ конвенцэд нийцүүлээд явуулах ёстой. Мөн манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат байдлаар хамгаална гээд заачихсан. Ингэхдээ цөмийн энергийн салбараар дамжуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тэнд Монгол Улсын дуу хоолой хүрч, эрх ашиг хамгаалагдаж байх ёстой. Францтай хамтраад энэ том төслийг хэрэгжүүлж чадвал Европын холбооны том хөрөнгө оруулалтууд ч орж ирэх боломжтой. Энэ төсөл агуулгаараа манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа гэж ойлгодог. Стратегийн том ажил учраас бүхий л салбараас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм билээ. Тийм уч раас удахгүй хэрэгжинэ гэж итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *