Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө болж өндөрлөсөн. Сонсголын үеэр өчигдөр “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл хийсэн юм. Түүнтэй энэхүү хяналтын сонсголын талаар ярилцлаа.


-Сонсголоор ямар, ямар зүйл яригдав?

Ерөнхий хяналтын сонсголын ерөнхий зорилго нь иргэдийг мэдэх эрхээр нь хангах, мэдээлэх юм. Тийм болохоор үүгээр бид юуг олж мэдэв гэдэг нь чухал. Өнгөрсөн 2014 оноос хойших 10 жилд хоёр их наяд төгрөгийг утаан дотор замхруулаад алдчихаж гэдгийг олж мэдлээ. Энэ бол маш их мөнгө. Тиймээс эргэж хараад үр дүн юу байв гэдэг дээр дүгнэлт хийх цаг нь болсон. Тэгэхээр бид буруу яваад байна гэдгийг үүнээс дүгнэж болно. Хамгийн том мэдсэн зүйл энэ байлаа. Сангийн яамны хийсэн танилцуулга дээр Улаанбаатар хот болон улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөг. Дээрээс нь Цэвэр агаар сан, гадаадын зээл, тусламж, бусад… гээд ойролцоогоор нэг их наяд төгрөг болсон байна. Мөн шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалтын алдагдлыг нөхөхийн тулд Эрдэнэс Таван толгой компаниас 1.1 их наядыг өнгөрсөн хугацаанд зарцуулсан байгаа. Ингээд нийлбэр нь хоёр нь их наяд болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгийг зараад хангалттай хэмжээнд асуудлаа шийдэж чадсангүй.

Харин ч угаартсан хүмүүсийн тоо огцом нэмэгдлээ. Тэгэхээр буруу байна. Их мөнгө үрэн таран хийсэн байдлаа эргэн харж, зогсож, шийдлээ гаргах шаардлагатай. Үүний тулд УИХ-аас Түр хороо байгуулаад дараагийн шатанд ямар ажил хийх, шийдэх ёстой гэсэн дүгнэлт хийгээд сууж байна.

-Шинжээчдийн дүгнэлт жаахан хуудуутай, угаартаж нас барсан хүмүүсийн тоог хэт дарж мэдээлсэн гэсэн шүүмжлэлүүд явж байна. Тэгэхээр шинжээчдийн ажилласан байдал, гаргасан дүгнэлт дээр сонсголд анхнаас нь оролцоод явсан гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Шинжээчид бол өөрсдөө дүгнэлтээ хийх, нөлөөнд автахгүй байх үүрэгтэй. Гаргасан дүгнэлт нь хүн болгонд таалагдах албагүй. Надад лав таалагдаагүй. Үүнийгээ ч хүчтэй илэрхийлсэн. Гэхдээ би тэр хүмүүсийг мэргэжлийнхээ үүднээс дүгнэлтээ хийгээд байр сууриа илэрхийлсэн л гэж бодож байна. Байр суурь нь өрөөсгөл байж болно. Тэр тусдаа асуудал. Шинжээч ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Өөрийнхөө хөндлөнгийн дүгнэлтийг л танилцуулна.

-Хөндлөнгийн дүгнэлт дээр нь ямар нэгэн нөлөөлөл орох боломжтой юу?

-Үүнийг би мэдэхгүй. Ач холбогдол ч өгөхгүй байна. Нөлөөлөлд орсон гэж бодохгүй байгаа. ер нь шинжээч, оролцогч гээд харьцангуй органикаараа, ямар нэг шийдвэрийг түлхэх гэсэн лобби миний харахад явсангүй.

-Энэ удаагийн сонсголд албан тушаалтнууд, салбарын сайд нарын оролцоо тун тааруу байгааг гишүүд онцолж байсан. Эдгээр хүмүүст сонсголд оролцох тухай хүсэлт тавьсан уу?

-Оролцох хүсэлт тавьсан, тавьсан. Ж.Чинбүрэн гишүүн ажлын хэсгийг ахалж, миний хувьд салбар хэлэлцүүлэг ахалж зохион байгуулсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бүтэн суулаа. Харамсалтай нь байх ёстой нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний, Эрүүл мэндийн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар огт харагдсангүй.

-Утааны эсрэг хоёр их наяд төгрөг зарцуулсан ч үр дүн гарсангүй. Гэтэл үүнээс үүдсэн хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн гээд олон талын хохирлыг гаргах боломжтой юу?

-Төрийн шийдвэр ямар чухал вэ гэдгийг бид үүнээс харж болно. Мэргэжлийн байх хэрэгтэй. Нийтийн төсвийг хамгийн эрсдэлгүй, үр дүнтэй зарцуулсан байх ёстой. Буруу шийдвэрээс болж эрүүл мэнд болоод эдийн засгийн маш их хохирол гарч байна.

-Угаартаж нас барсан хүмүүсийн тоог буруу, дарж мэдээлсэн гэсэн. Ийм зүйл болсон уу?

-Эхний өдрөөс эхлээд л угаартаж нас барсан хүмүүсийн тоо танилцуулгад байгаагүй. Тиймээс гаргаж тавь гэдэг шаардлага тавьсан. Төрийн байгууллагууд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд, Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн яам биднийг мэдээллээр хангах ёстой. Шаардлага тавьсны дагуу сүүлд танилцуулсан. Хоёр янзын тоо байна. Өнгөрсөн жилүүдэд 163 хүн угаартаж нас барсан байна. Энэ бол эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо. Нөгөөх нь болохоор Шүүх эмнэлгийн хүрээлэнгээс гаргасан тоо байгаа. Тэр нь 779 гэсэн байсан.

-Энэ хоёр тоо нэмэгдээд нийт угаартаж нас барсан хүмүүсийн тоо гарах юм уу?

-Эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо нь тэр 779 дотроо байгаа байх. Энэ бол маш том тоо. Үүн дээр нэмээд маш аюултай нэг зүйл сонсголын үеэр яригдсан.

-Тэр нь юу вэ?

-Мэдээлэл нээлттэй байж, зөв ойлголт авна. Дараа нь зөв дүгнэлт гарна. Ингэж байж зөв төлөвлөгөө шийдвэр гарна. Угаарын хийнд хордож хүмүүсийн мэдээлэл нээлттэй биш байснаас үүдэж өдий болтол түлшээ сайжруулаагүй. Тийм болохоор хүмүүс нас барсаар байна. Сонсгол дээр ээж, хүүхэд нь угаартаж нас барсан н.Амарзаяа гэж эмэгтэй ирж мэдээлэл хийсэн. Түүний хэлж байгаагаар ээж, хүүхэд нь угаартаж нас барсан гэдгийг олон нийтэд мэдээлэх юм бол Зөрчлийн хуулиар хэрэг нээнэ шүү гэж дарамталсан байгаа юм. Энэ бол байж боломгүй аймшигтай, хууль зөрчсөн явдал. Тэгэхээр ийм байдлаар хэчнээн хүний амыг хамхисан бол. Ингэснээс болоод өөрчлөлт гарахгүй явсаар хэчнээн хүн үхсэн бол гэж бодохоор үнэхээр харамсалтай.

-Одоо тэгээд яах вэ. Ингээд л зуу зуугаар нь угаартуулаад үхүүлээд байх юм уу?

-Илүү сайн шатдаг, үнс тортог бага, угаарын хий ялгаруулдаггүй түлш хэрэгтэй байна. Одоо бидний ашиглаж байгаа түлш болохоор хямдхан, үнэгүй түүхий эд ашигладаг. Тэр нь үнс ихтэй. Шатаж өгдөггүй, угаар их ялгаруулдаг. Тиймээс эхний ээлжинд бэлэн үйлдвэрээс эрчим хүчний баяжмал буюу 20-30 хувь биш, 10 хувийн үнстэй нүүрс авч ирээд шахмал түлшээ хийх хэрэгтэй. Тэгэх юм бол утаа, тортог, угаарын хор нь ч буурна.

-Цаашид урт хугацаанд ямар, ямар ажил хийж байж бид утаанаасаа салах юм бэ?

-Мэргэжлийн хүрээнд олон жилийн турш яригдаж, маргаантай байсан сэдэв. Одоо сонсголоор дамжиж нийтэд хүрч байна. Богино хугацааны шийдэлд зарсан их хэмжээний мөнгө нь урт хугацааны шийдэлд зараад шийдэхүйц хэмжээнийх болчихсон байна. Тийм учраас цаашдаа богино хугацааны элдэв зүйлд ийм их хэмжээний мөнгийг зарцуулахаа больё. Урт хугацааны шийдэлдээ л хэрэглэе. Тэр нь юу юм гэхээр орон сууц, дулаан, цахилгааны эх үүсвэр. Дээрээс нь хашаандаа дулаан байшин бариад суухад нь зориулсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг ахиухан тусгаж өгмөөр байна. Эрчим хүчний станцууд барих хэрэгтэй.

-“Утаагүй түлш”ний талаарх эцсийн дүгнэлт сонсголын үеэр танилцуулагдсан уу. Хортой, хоргүй гээд байдаг шүү дээ?

-Дотор нь хортой зүйл байгаадаа биш. Муу нүүрсийг шатаахаар хортой хий ялгаруулаад хүн хордуулаад байгаа хэрэг. Миний хувьд техникийн шийдлүүдийн салбар хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр олон хүний хэлээд байгаа гол санаа нь юу байна гэхээр аль нэг техникийн шийдлийг төр битгий сонгооч ээ. Төр яндангүй, ногоон бүсээ зарла. Тэнд амьдрах сонголтуудыг нь хүмүүст үлдээ. Харин боломжуудыг нь санхүүгийн бодлогоор гаргаж өг. Ингэвэл Улаанбаатар төвийн дүүргүүдээсээ эхлээд яндангүй болж эхэлнэ гэж байгаа юм.

-Одоогийн түлшний түүхий эдийг солих тухай ярьсан. Энэ ажлыг яаралтай хийж болдоггүй юм уу?

-Тийм боломж байгаа. Яг энэ боломжийг л ашиглах хэрэгтэй байна. Ингэхэд түлшний өртөг нэмэгдэнэ. Гэхдээ монгол хүмүүс муу биш, сайн түлш түлж эхэлнэ. Түүхий эдийг нь сайн чанарын нүүрсээр хийх хэрэгтэй.

-Сонсгол хийгээд л байна. Гэтэл эргээд хариуцлага тооцдоггүй гэсэн шүүмжлэл явдаг. Өнгөрсөн хугацаанд 800 орчим монгол хүн үхчихсэн гэж байна. Эдгээр хүмүүсийн амь насыг хэнээс нэхэх вэ. Хариуцлагыг хэнд оногдуулах ёстой вэ?

-Энэ чинь улс төрийн шийдвэр шүү дээ. Тийм болохоор улс төрийн хариуцлагыг ард түмэн, сонгогчид л тооцно.

-Хайртай хүмүүс нь угаартаад үхчихсэн тухай олон нийтэд мэдээлэхгүй бай гэж дарамталсан хүмүүс, албан тушаалтныг олж, хариуцлага тооцох боломж бий юу?

-Тийм боломж байлгүй яах вэ. Ийм асуудал байж огт болохгүй. Хэн, яах гэж ингэж иргэнийг дарамталсан бэ гэдгийг гишүүнийхээ хувьд араас нь асуулга тавина. Одоо Их хурлын Түр хороо байгуулагдчих юм бол холбогдох хүмүүсийг дуудаж авч ирээд баримт материал дээр тулгуурлаж асуугаад, бараг байцааж байгаа юм шиг үйл ажиллагаа явуулж, санал дүгнэлт боловсруулан буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ. Ингэснээр хариуцлага тооцох боломж үүснэ.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Х.Баасанжаргал: Хаврын морин уралдааныг сэргээх оролдлогуудыг дандаа Засгийн газрын цаг үеийн бодлогуудтай холбож гаргадаг DNN.mn

Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.


-Саяхан болж өнгөрсөн “Морьтой жагсаал” буюу хаврын морин уралдааныг сэргээх гэдэгтэй холбогдуулан та мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Хаврын морин уралдаан манай уламжлал биш” гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнийхээ талаар тайлбар өгөхгүй юу?

Би өөрөө түүхийн талын судалгааны хүн биш. Гэхдээ мэргэжлийн хүмүүс нь энэ талаар судлаад, шүүхэд энэ баримтууд нь авагдаад, шүүх түүнийг нь нотлох баримтаар үнэлээд шийдвэрээ гаргасан байдаг. Тийм болохоор эдгээр баримтуудыг би үндэслэл бүхий гэж яриад байгаа юм. Хаврын уралдаантай холбоотой асуудлаар Монголын хуульчдын холбооноос хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн талаар судалгаа хийж, Архивын ерөнхий газраас лавлагаа авч үзэхэд ахуйн шинжтэй хаврын уралдаан хийж байсан тухай баримтууд гарч ирсэн. Гэвч хошуу даяараа наадам, бүх нийтийг хамарсан хурдан морины уралдааныг хаврын цагт хийж байсан баримт гарч ирээгүй. Энэ дүгнэлтээ шүүхэд албан ёсоор хүргэсэн байдаг. Хоёрдугаарт, хаврын уралдаан тухайн үедээ Засгийн газрын тогтоолоор явагддаг байсан. Ингээд шүүх дээр бүх Засгийн газрын тогтоолын хуулбарыг авч үзэхэд хамгийн анх 2004 онд тогтоол гаргаж, хаврын уралдааныг зохион байгуулсан байдаг. Ингээд 2007, 2008 оноос Хүний эрхийн үндэсний комиссоос Засгийн газрын энэ тогтоол чинь хүүхдийн эрх зөрчөөд байна гэдэг сануулгыг өгч байсан. Засгийн газраас яагаад ийм тогтоол гаргаж байсан юм бэ гээд судлаад үзэхээр Үндэсний баяр наадмын тухай хуульд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулж байгаа уралдаанд айрагдаж, түрүүлсэн бол тэр уяачид цол, чимэг олгоно гэсэн заалт байдагтай холбоотой. Уяачид цол, чимгээ авахын тулд Засгийн газрын тогтоол гарсан байх ёстой. Ингээд Засгийн газар өөрөө хүүхдийн эрхийн ноцтой зөрчил бий болгодог уралдааныг албан ёсоор зохион байгуулдаг шийдвэрүүд гарч ирсэн.

Та шүүхэд авагдсан баримтуудын талаар дурдаж байна. Дүнжингарав уралдааныг хориглох үйл явцыг ярьж байна уу?

Хамгийн сүүлийн хаврын уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоол 2017 оны хоёр сард гарч, гуравдугаар сарын 5-ны өдөр Дүнжингарав уралдаан болж байсан.

-Нөгөө “Шөнөжингарав” боллоо гээд байдаг нь уу?

Тийм, тэр яагаад шөнө уралдсан юм гэхээр Дүнжингарав уралдаан болохоос өмнө шүүхээс энэ асуудлыг шийдэх хүртэл түдгэлзүүлчихсэн байсан. Гэтэл тэд нууцаар зохион байгуулж, шөнө уралдуулсан.

-Хаврын уралдаантай холбоотой асуудалд улстөрчдийн нөлөө их байдаг гэж та хэлсэн. Үүнийгээ дэлгэрүүлж яриач?

Үүнийг би улс төрд орсон хойноо л маш сайн ажиглаж, харж байна. Энэ кейс дээр хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байх үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хаврын уралдааныг хориглосон тогтоол, шийдвэр гаргасан. Тухайн үедээ улс төрийн маш зоригтой шийдвэр гаргасан байгаа юм. Энэ байшин дотор чинь уяачид дүүрэн байдаг юм байна шүү дээ. Тухайн үедээ ч морин спортын холбоог тэргүүлдэг хүмүүс нь улс төрд байсан. Мөн сонгуулийн үеэр орон нутагт ажиллаж байхад уяачид ирж уулздаг. Тэгэхдээ та нар хаврын уралдааныг эргүүлэн сэргээх юм бол хөдөөгийн залуучууд та нарт саналаа өгнө. Энэ их чухал гэж нэг биш удаа хэлж байсан. Ноднин жил Зөрчлийн тухай хуулийн дагуу хэд хэдэн Засаг даргад хаврын морин уралдаанд хяналт тавьсангүй гэж арга хэмжээ авсан. Ингэхэд нөгөө Засаг дарга нар чинь эргээд нам руу та нар энэ хуулиа хүчингүй болго. Тэгэхгүй бол бид энэ сонгуульд чинь ажиллахгүй гэж байсан. Ингэхээр үүнд улс төр маш их холбоотой гэдэг нь харагдаж байгаа юм. Дээрээс нь манай орон нутагт сонгуульд өрсөлддөг хүмүүс тухайн нутагтаа нэр нөлөө бүхий уяачдын сүлжээг ашигладаг нь нууц биш. Үүнээс гадна үүнд улс төр холбоотой юм биш үү гэж миний хардаад байгаа нэг зүйл бий. Тэр нь хаврын морин уралдааныг эргүүлэн сэргээх оролдлогуудыг дандаа Засгийн газрын цаг үеийн бодлогуудтай холбож гаргадаг. Жуулчдыг татах хэрэгтэй гээд хэлэхээр л хаврын уралдаанаа сэргээвэл маш их жуулчин ирнэ гэдэг ч юм уу байдлаар оролдлогоо хийдэг. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд үүнийг анхаарч л таарна, Засгийн газраас хаврын уралдааныг эргэн сэргээнэ гэсэн яриаг уяачид дунд их тараасан байсан. Ингэж тэдний дунд эргэлзээтэй байдал үүсгэсэн.

-Таны хувьд өвөл, хаврын цагт хүүхдээр хурдан морь унуулах асуудлыг эсэргүүцэж, олон жил дагнан ажилласан хуульч хүн. Тийм болохоор хаврын морин уралдааныг сэргээх гэж хэсэг бүлэг хүмүүс ингэтлээ хүсч, тэмүүлээд, улс төр, Засгийн газрын түвшинд хүртэл энэ асуудлаа оруулж ирээд байгаагийн цаана ямар учир шалтгаан байдаг гэж боддог вэ?

Үүний цаана асар их мөнгө эргэлддэг зах зээл байгаад байна. Ялангуяа бүртгэлгүй, татвараас зайлсхийсэн. Хурдан морио зараад татвар төлж байсан тохиолдлыг харсан уу. Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулж, авлигаас ангид байх гэсэн том механизм ажиллаад байхад тэдэн тооны хурдан удмын адуутай гэчихдэг. Хурдан морины үнэлгээг гаргах боломжгүй болохоор тэр нь үнэн, худлыг мэдэх боломжгүй. Нэг жолооч адуу дайрчихлаа гэхэд л наадах чинь тэдэн төгрөгийн үнэтэй хурдан удмынх байсан гээд асар их төлбөр нэхдэг наад захын жишээ байна. Ямар ч эдийн засгийн нотлогоо баримтгүйгээр асар их санхүүгийн зах зээл байна. Хоёрдугаарт, эрлийз адууны зах зээл байна. Монгол азарганыхаа тээрхийг огтлоод гүүг нь хураалгачихаад араб азарганд гишгүүлдэг болсон гэдгийг олон уяач хэлж байсан. Сэрвээний өндөр хэмждэг болсноос хойш зарим нь мориныхоо туурайг хөрөөддөг болсон гэж байгаа байхгүй юу. Энэ чинь тэгвэл монгол соёл юм уу. Ингэж монгол соёлоо авч үлддэг юм уу.

Ингэтлээ мөнгөнд улайрч байна. Дээрээс нь дөнгөж 2004 оноос зохион байгуулсан уралдааныг өв соёл гэтэл бидний тархийг угааж байна. Энэ асуудлыг нэгэнт шүүх шийдээд шийдвэрээ гаргачихсан учраас цэг тавьлаа, дууслаа даа л гэж бодож байсан. Харамсалтай нь огт дуусахгүй, дахин дахин гарч ирээд л байна.

-Энэ уралдааныг олон улсын жишгээр морин тойруулга байдлаар нь явуулж болдоггүй юм уу. Та ийм байдлаар уяачидтай, шийдвэр гаргах түвшинд санал бодлоо солилцож байв уу?

Ноднин жил ХЗДХЯ дээр морин тойруулгын тухай хуулийн төслийн ажил явсан. Гэтэл уяачид дахиад л эсэргүүцэж байсан. Ингээд батлагдаж чадалгүй сонгуультай залгасан. Би сонгогдсоныхоо дараа тус яамнаас энэ талаар асуусан. Хамтарч болно гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд П.Сайнзориг гишүүн тухайн үед энэ хуулийн төсөл дээр ажиллаж байсан учраас өөрөө өргөн бариад явахаар ажиллаж байгаа юм билээ. Үүн дээр нь миний бие хамтраад ажиллахад татгалзах зүйл байхгүй. Ер нь ямар ч байдлаар цааш нь явуулдаг, хөгжүүлдэг байлаа гэхэд хүүхдийн эрх л зөрчихгүй бол миний хувьд дэмжих, хамтрахад бэлэн.

-Таны мэдээлэл хийсний дараа П.Энхмөнх гэж уяач таныг мэтгэлцээнд дуудсан байх шиг байсан. Энэ ер нь мэтгэлцээн хийх хэмжээний асуудал мөн үү?

Мэтгэлцээн гэдэг чинь соёл, тодорхой дүрмийн дагуу болдог. Олон улсын стандарт нь ийм юм. Тийм болохоор яг тэр арга аргачлалаар нь, соёлтойгоор зохион байгуулна гэвэл би очиход бэлэн. Гэвч энэ чинь өв соёл мөн, биш гэж мэтгэлцэх утгагүй зүйл. Угаасаа шүүхээр тогтоогоод шийдвэрээ гаргачих зүйлийг шүүх буруу шийдсэн гэх юм уу. Үндэсний архивын газар архивын буруу баримт гаргасан гэх үү. Хүүхдийн эрхийн зөрчил мөн, биш гээд маргах юм уу. Үүнийг чинь хүүхдийн эрхийн зөрчил биш гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Нөгөө талаас бодлогын санал гаргах боломжгүй сэдэв юм. Тэгэхээр мэтгэлцээний стандартад нийцсэн мэтгэлцээн болохгүй. Сүүлдээ хэрүүлийн шинжтэй болоод л дуусах магадлалтай. Одоо сүүлдээ хаврын цагт хүүхдээр морь унуулахгүй байх тухай ярьж байхад моринд хайртай, хайргүй. Өв соёлдоо дуртай, дургүй гэсэн байдал руу л оруулж мушгиад байна. Үүгээрээ ард түмнийг талцуулж байгаа нь маш их хортой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж саналтгүй шүү, уяачид аа DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд “Морьтой жагсаал” гээч болж өнгөрлөө. Өмссөн зүүсэн, унасан эдэлсэн нь яасан ч бийлэгжүү юм. Монголд урьд хожид болж байсан элдэв жагсаал, цуглаанаас үүгээрээ гоц гойд ялгарахаар байна лээ. Ардчилсан улсад хэн нь жагсаж цуглах бүү хэл, юугаа өмсөж зүүх нь тухайн хүний эрх учраас тэр тухай нь юу ярих билээ. Харин тэд ингэж жагсахдаа өвөл, хаврын морин уралдааныг сэргээ, “Дүнжингарав” уралдааныг явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болго гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлага гээч нь монголчууд хүлээж авахааргүй зүйл байсан тухай л бичих гээд байгаа хэрэг.

Манай сонин аль 1990-ээд онд л анх хөр цасны хайруу, хөхөө өвлөөр хүүхдээр хурдан морь унуулж, баячууд зугаагаа гаргаж байгааг эсэргүүцэн дуугарч бичиж нийгмийн хөдөлгөөн болгож байв. Түүнээс хойш энэ асуудал дээр олон улсын болон Монголын хүүхдийн байгууллагууд анхаарч эхэлсэн байдаг юм. Улмаар унаач хүүхдүүдийн хүүхдийн эрхийн тухай яригдаж, хамгаалалтын хувцас хэрэглэл өмсгөж эхэлсэн. Сая жагсаал зохион байгуулсан нөхдүүд өвөл, хаврын морин уралдааныг “No war” болон “No na­adam” хөдөлгөөнийхөн болиулсан утгатай юм яриад байна лээ. Харин ч тэд чинь цар тахлын үед ард түмнийг наадам хийхийг хориглочихоод төрийн томчууд өөрсдөө хаалттай байдлаар наадам зохион байгуулсныг эсэргүүцэж байсан юм шүү. Ийм байтал үнэхээр мэддэггүй юм уу, мэдэн будилдаг юм уу тэр хэд рүү дайрч байгаа харагдана лээ. Хэн нэгнийг буруутгах хэрэг байсан байх л даа. Харин явж, явж “Дүнжингарав” уралдааныг болиулахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн буруутан нь уяачид өөрсдөө болж таарах гээд байсан байх. Монголын өв соёл гэж цээжээ дэлдэж, малгайн дээрээ алтан морь асаасан хэдэн уяачдын эрх ашгийн зодоон дунд л тэр жилийн “Дүнжингарав” уралдаан “Шөнөжингарав” болж, ард түмэн эсэргүүцэн буруушааж, Засгийн газар тогтоол гарган болиулсан байдаг юм. Гэтэл одоо түүнийгээ сэргээ гэж байна. Өөрсдийнхөө эрх ямба, өвөр хоорондын тэмцэл, монгол, эрлийз мориныхоо хэрүүлийн учрыг олж чадаагүй байж дахин сэргээгээд нэг их том өөрчлөлт гарах нь юу л бол.

Өвөл, хаврын цагт морь уралдуулах нь монголчуудын уламжлалт өв соёл байсан мэтээр уяачид их ярих болсон. Гэвч тийм биш гэдгийг хүмүүс архивын баримтаар ил болгоод яриад эхэлсэн байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал энэ асуудлаар мэдээлэл хийж “Би хаврын морин уралдаан Монголын уламжлалт өв соёл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг Архивын ерөнхий газрын баримтаар болон шүүхээс тогтоосон. Хаврын морин уралдааныг 2004 оноос хойш л зохион байгуулж эхэлсэн” гэсэн юм. Үнэхээр өвөл, хавартаа морио уралдуулмаар байдаг юм бол уяачид өөрсдөө ч юм уу, аль эсвэл 16 наснаас дээш хүнээр унуул гэдгийг ч цахим орчинд хүмүүс бичиж байна. Түүнээс биш аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам хүүхдүүдээр тэсгим өвлийн цагт морь унуулж, өөрсдийнхөө зугааг гаргах хэрэг байхгүй. Хасах 20 хэмийн хүйтэнд алхаад явах бол нэг хэрэг. Харин дулаан байшинд тэжээлгэж, тариа тариулчихсан эрлийз морины нуруун дээр 60-70 км цагийн хурдтай давхих бол огт өөр зүйл. Тиймээс л хүмүүс өвлийн цагт хүүхдээр морь унуулахыг эсэргүүцээд байгаа юм. Түүнээс биш уяачдын хэлээд байгаа шиг Хятадын эрлийз, гадныхны гар хөл болчихсон, мөнгөөр өв уламжлалаа үгүй хийх гээд байгаа юм биш. Өмнөд Монголд өвлийн уралдаанаа алдчихлаа гээд халаглаад байх юм. Эхлээд түүнийг нь очоод үзчих хэрэгтэй. Дандаа насанд хүрэгчдээр унуулж, богино зайнд уралдуулдаг юм.

Морин уралдаан гэдэг дэлхийн хамгийн гоё, цэвэр бизнес болтлоо хөгжсөн. Олон мянган хүн нэгэн зэрэг гараанаас бариа хүртэл нь харж болдог, бооцоо тавьдаг уралдаанууд дэлхийд хаа сайгүй бий. Тийм байхад хүүхдийн амь насаар дэнчин тавьж, ямар ч үзэгчгүй, зөвхөн өөрсдийгөө зугаацуулах гээд дайраад байж болохгүй. Саяхан нийтлэлч Баабар “Эрт балар цагийн суртлыг орхиж байх ёстой” гэж бичсэн байсан. Үүн шиг уяачид маань хүний хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавих гэж улайрч байхаар арай өөрийг, шинийг эрэлхийлж санаж сэдэх хэрэгтэй. Алтан морьтой малгай агсаж явахынхаа оронд хэдүүлээ нийлээд аятайхан ганц морин тойруулгын цэнгэлдэх хүрээлэн байгуулчих ёстой юм. Тэгээд түүндээ жил сар, өдөр хоногт баригдахгүй уралдуулж, өвөр зууртаа бооцоогоо тавьж, сэтгэлийн их хийрхлээ дарж суувал хэн ч, юу ч хэлэхгүй. Хууль ёсныхоо дагуу явж л байвал Монгол төр очиж хориглоод, ард түмэн эсэргүүцээд байхгүй. Өргөн уудам газар нутагтайн хэрэг юу билээ. Гараанаас нь үзэгчид хамт гарч барианд ортол нь үзчихдэг байдлаар шийдэхэд ч болохгүй юмгүй. Үсрээд 50 км төмөр зам, хэдэн вагон л хэрэг болно биз. Агаарын тээврээр ч шийдэж болно. Иймэрхүү хэмжээний бүтээн байгуулалтын хөрөнгийг бараг захын нэг уяач нь гаргана биз дээ. Энэ мэтчилэн шинэ санаа гаргаж, түүнийгээ бүтээн байгуулж өрсөлдөн тэмцэлдмээр байна. Түүнээс биш уламжлалд байгаагүй зүйлийг өв соёлоо хэмээн гөрдөж, ухаан суугаагүй хүүхдүүдийг хөөргөж, хөхөө өвлөөр морь унуулах тухай гоншгонож суумааргүй байна, эрхэм уяачид аа. Тоотой хэдэн улчтөрчид нөлөөлөх замаар энэ мэт хийрхэл, санаархлаа биелүүлнэ гэвэл ард түмэн хүлээж авахгүй гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Эрхэмбаяр: Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол юу ч гэж гарсан Үндсэн хууль дээр маргаан өрнөх болов уу DNN.mn

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг оны өмнө Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас УИХ-аар энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлаар хуульч П.Эрхэмбаяраас тодрууллаа.


-Даваагийн Цогтбаатар гишүүнийг дээд шүүхээс буруутай гэж үзсэн нь одоо яах билээ гэсэн эргэлзээтэй байдал үүсгээд байна. Тэгэхээр энэ асуудлыг хуульд хэрхэн яаж тусгасан байдаг талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ харилцааг зохицуулж байгаа эхний хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг. Дараагийн хууль нь Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дүгээр заалтаар тус тус зохицуулсан байна. Энд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилийн хугацаанаас өмнө дуусгавар болгох зургаан үндэслэлийг заасан байдаг.

Ерөнхийлөгчөөр сонгогд сон, хүндэтгэн үзэх шалт гаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, өвчтэйн улмаас ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн үндэслэлүүдээр бүрэн эрх нь дуусахаас өмнө эргүүлэн татаж болно. Тэгэхээр Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал бол гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэдэгт хамаарна. УДШ-ийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээн авч, тогтоол гаргах учиртай. УИХ руу орохын тулд мэдээж Ёс зүй, дэгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоор хэлэлцэх ёстой. Гэвч үүн дээр нэг эргэлзээтэй асуудал гарч ирнэ.

-Тэр нь юу вэ?

-УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө гэсэн заалт ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байх үедээ гэмт хэрэг үйлдээд, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон юм шиг уншигдаад байдаг. Гэтэл Даваагийн Цогтбаатар гишүүн чинь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа энэ асуудалд холбогдсон байгаад байдаг. Тэгэхээр үүний зааг ялгааг тайлбарлаж ярихын тулд Үндсэн хууль дээрээ эргэж очиж таарна. Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт орсон байдаг. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Их хурлын гишүүнээс эргүүлэн татна гээд нэмэлт оруулчихсан. Үүнээс өмнө шүүхээс гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон бол эргүүлж татна гэсэн зохицуулалт байсан юм.

-Тэгэхээр Даваагийн Цогтбаатар гэдэг хүнийг шүүхийн асуудалтай байхад нь сонгуульд өрсөлдүүлсэн нь эргээд ийм эргэлзээтэй байдал үүсгэчихээд байна гэх хүмүүс байгаа. Үүн дээр юу хэлэх вэ?

-Даваагийн Цогтбаатар гэж хүнийг шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэдэг агуулгынхаа хүрээнд УИХ-ын сонгуульд өрсөлдсөнийг буруутгах үндэслэл байхгүй гэж харж байна.

-УДШ-ийн шийдвэр албажаад ирсний дараа энэ асуудлыг УИХ хэлэлцэж таарна. Хэрэв чөлөөлсөн тохиолдолд нөхөн сонгууль болох уу?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болголоо гэхэд тухайн суудал дээр дараагийн арга хэмжээ авагдах байх. Яг өнөөгийн үүссэн нөхцөл байдал дээр Их хурлын тогтоолыг л хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ миний дурдсан Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь заалт дээр очиж маргаан өрнөх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оноос өмнө шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараад ирэх юм бол эргүүлж татах үндэслэл байсан юм байна. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр Их хурлын гишүүн болчихоод, энэ хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх юм бол эргүүлж татна гэсэн байдлаар тайлбарлаад маргаан үүсээд явахыг үгүйсгэхгүй. УИХ-аас ямар тогтоол гарах нь уу. Түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үү, үгүй юу гээд цаг хугацаа нэлээд орох болов уу л гэж бодож байна.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Уянга: Налайхын нүүрсний уурхай дахь метан хийг олборлож, Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах боломжтой DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа


-Сүүлийн үед үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд байгалийн хий ашиглах тухай ярьж байна. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар нэг шат ахиж байгаа явц ч гэх нь бий. Тэгвэл манай улсад одоогоор байгалийн хийн хайгуул, олборлох, ашиглах үйл явц ямар шатанд байгаа вэ?

Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг бууруулъя гэж байгаа энэ үед байгальд нүүрсийг бодвол илүү сөрөг нөлөөлөл багатай эрчим хүчний шийдэл нь байгалийн хий юм. Мэдээж ногоон эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг бид давхар хараад явж байх ёстой. Манайд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр баригдаад ашиглалтад ороод явж байгааг бид мэднэ. Харин байгалийн хийн хувьд газрын тосны ордод, нүүрсний ордод хий байдлаар байдаг. Дангаараа ч хийн орд байх боломжтой. Тусдаа хийн ордыг эрж хайх асуудал Монгол Улсад хийгдээгүй байгаа. Харин сүүлийн жилүүдэд нүүрсний ордод, нүүрсний давхаргаас метан хийг ялгах зорилготой эрэл, хайгуулын ажлууд хийгдэж байна. Одоогоор хамгийн амжилттай явагдаж буй төсөл Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь “TMK Energy” компанийн Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын хийн төсөл хэмээн харж байна.

-Байгалийн хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж, бололцоо бидэнд бий вэ?

Агаарын бохирдлыг бууруулж, суурьшлын бүсэд буй яндангийн тоог бууруулах зорилгоор хийн түлшний хэрэглээнд нэгдэхийг нийслэлээс чиглэл болгон ажиллаж байгаа юм билээ. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. Мөн хийн эх үүсвэрээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Улаанбаатар хоттой хамгийн ойрхон нүүрсний давхаргын метан хийн төсөл Төв аймгийн Эрдэнэ суманд хайгуулын шатандаа явж байна.

Налайхын нүүрсний уурхай метан хийн дэлбэрэлтээс болж хаагдаж байсныг бид мэднэ. Тэгэхээр тус уурхайд байгалийн хий бий гэж ойлгож болно. Түүний хэмжээг нь тодорхойлоод олборлоод эхэлбэл Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах боломжтой гэж боддог. Холбогдох байгууллагуудаас энэ хайгуулын төслийг дэмжиж, хурдасгах арга хэмжээ авч, анхаарч ажиллах нь зөв байх.

-Байгалийн хийн асуудал дээр хууль, эрх зүйн орчин манай улсад хангалттай бий юу. Цаашид өөрчлөх, шинээр боловсруулах тал дээр юу хийвэл дээр вэ?

Хууль, эрх зүйн орчны хувьд 2005 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг дагаж мөрддөг. Энэ хуулийн Газрын тосны бүтээгдэхүүн гэх тодорхойлолтод шатдаг хийн асуудал хамаарах учир энэ хуулийн зохицуулалтад хамаарч байгаа. Ер нь бид агаарын бохирдлын асуудал, нүүрсний хэрэглээг бууруулах хүрээнд зэргэлдээ улсууд байгалийн хийн хэрэглээ рүү нэгэнт шилжиж буй жишгийг дагана гэж үзвэл дотоодынхоо эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой. Тиймээс байгалийн хийн хайгуулыг дэмжих хүрээнд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай. Миний хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явдал байгалийн хийн салбарт төдийлөн тохирдоггүй гэж үздэг. Бусад улсын жишгийг харахад анзаарагдсан зүйл юм. Энэ талаар холбогдох мэдээллийг салбарын яам, агентлагт хүргэж ажиллана.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явдал байгалийн хийн салбарт төдийлөн тохирдоггүй гэж байна. Жаахан дэлгэрүүлж болох уу. Үүний оронд ямар арга, гэрээ хэлцлийг ашиглах ёстой юм бэ?

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явц нэгдүгээрт их процесстой ажил. Дөнгөж хайгуулын шатандаа явж байхад нь бөөн гэрээний нөхцөл яригдах нөхцөлийг тулгадаг. Хувийн хэвшил үүнээс нь халшраад хөрөнгө оруулахгүй байх талтай. Харин үүний оронд хатуу ашигт малтмалын адил авч үзвэл процесс нь хурдлах магадлалтай гэж үздэг.

-Энэ бол харьцангуй шинэ салбар. Тэгэхээр боловсон хүчний асуудал хөндөгдөх байх. Энэ талын боловсон хүчин манайд хангалттай бий юу?

-Хангалттай байхгүй учраас бид сургах хэрэгтэй. Технологи болон хэрэглээг нь хөрш зэргэлдээ орноосоо шилжүүлэн авч, нэвтрүүлэх шаардлагатай байна. Бидэнд нүүрсийг нарийвчлан судалдаг олон судлаач бий. Бид олон жил нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлсэн улс. Тиймээс нүүрсний чиглэлээр ажилладаг боловсон хүчнээ хийн чиглэл рүү хөрвүүлбэл богино хугацаанд боловсон хүчнээ бэлтгэж чадна. Тэр дундаа Казахстан улсыг би онцолмоор байгаа юм. Өнгөрсөн 1970-аад оны үед байгалийн хийг дулааны эх үүсвэрт ашиглаж эхэлсэн байдаг. Аль нэг хотод нь очоод харвал шар өнгийн хийн турба хаа сайгүй сүлжиж харагддаг. Дотооддоо байгалийн хийн (2.5 триллион метр куб) арвин нөөцтэй. Түүнийгээ илрүүлээд, хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байгаа улс. Тиймээс бидэнд суралцах зүйлс их байна.

-Ер нь байгалийн хий олборлох энэ ажил яригдаж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Гэвч нэг л эрчээ авч өгөхгүй л байх шиг байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлээгүй явдал томоохон нөлөөтэй байх. Ноднин жилийн аравдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв XXXVI нүүрсний давхаргын метан хийн хайгуулын талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрх олгосон. Хамтарсан Засгийн газраас энэ мэтчилэн байгалийн хийн салбарыг дэмжиж, гэрээ байгуулах эрхийг олгох нь бид хэдий хэмжээний байгалийн хийн нөөцтэй вэ гэдгээ нэмж тогтоох боломжтой болно. Өнгөрсөн 2022 оны зургадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн алба, МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран “Монголын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөв”-т үнэлгээ өгсөн. Үр дүнд нь нүүрсний 15 сав газрын хэмжээнд 7.4 триллион метр куб баялгийг тооцоолсон. Бид одоо нөөц болгон нарийвчлан судалж, хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Байгалийн хийг олон улсад ашигладаг тэргүүн туршлага нь юу байдаг вэ?

Байгалийн хийг эрчим хүчний эх үүсвэр байдлаар, дулаалгын технологид, аж үйлдвэрлэлд болон бензин, түлшний оронд автомашинд хэрэглэж байгаа. Эрчим хүчний системд тохируулгын оролцоотой байгалийн хийн цахилгаан станцууд олон улсад их байдаг. Манайд хийгээр ажилладаг автомашинууд нэвтэрсэн. Одоо бусад чиглэлээр хэрэглээ нэвтрэх нь цаг хугацааны л асуудал.

-Ойрын жилүүддээ ашиглаад эхэлбэл утаа, агаарын бохирдол зэргийг бүрэн шийдэх гарц, гаргалгаа нь байгалийн хий байж чадах уу?

Чадна гэж үзэж байна. Европын улсууд, Казахстан, Канад зэрэг олон улсын туршлагыг харахад байгалийн хий бол цэвэр эрчим хүчний эх үүсвэр юм байна гэдгийг ойлгоно. Харин Монгол Улсын хувьд аль болох байгалийн хийн дотоодын эх үүсвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Л.Төмөрчөдөр: Ирэх дөрвөн жилд 27 сумаа төвийн засмал замтай холбох бодлого баримтлан ажиллаж байна DNN.mn

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөртэй ярилцлаа.


-Аймгийн хэмжээнд өвөлжилт хэр байна вэ?

Өнгөрсөн жил Төв аймгийн хэмжээнд өвөлжилт тун хүнд байсан. Мал ихээр хорогдсон. Хүний амь нас хүртэл эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Тиймээс бид ноднин жилийн гашуун туршлагаас сургамж авч, энэ жилийнхээ өвөлжилтийн бэлтгэлийг боломжийн хэрээр сайн бэлдсэн. Зуншлага сайхан, газрын гарц сайн байсан. Малчид, хөдөлмөрчид маань ч өвс, тэжээлийнхээ нөөцийг сайтар бэлтгэсэн. Зөвхөн энэ жил гэх юм байхгүй цаашдаа хадлан, тэжээлийн бэлтгэл ажлыг сайн хангаж байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ жилийн хувьд сайхан өнтэй өвөл болж байна. Цас нимгэн байгаа болохоор малчид маань нөөцөлсөн өвсөө эргүүлээд хэцүү байгаа газрын малчдад хямдралтай үнээр зарах байдал эхэлж байна. Тийм болохоор бидний зүгээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аймгуудын удирдлагуудтай холбоо тогтоож, манайд өвс, тэжээлийн нөөц хангалттай байгаа. Боломжийн үнээр нь худалдаж аваач гэдэг саналыг хүртэл тавиад ажиллаж байна.

-Засаг даргын ирэх дөрвөн жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулчихсан уу?

-Засаг даргын мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хуулийн хугацаагаараа арай батлаагүй байна. Бид энэ сарын сүүлээр хурлаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай аймгийн төв Зуунмод хотод сүүлийн жилүүдэд иргэд нэлээд нэмж суурьшиж байгаа. Шинэ Зуунмод хот, Майдар, Айро сити гээд хотууд босохоор төлөвлөгдсөн. Төв аймаг үнэхээр алтан гэж хэлж болохоор байршилд байдаг. Тийм болохоор иргэдийн утаа, түгжрэлээс зугтаах, шинэ суурьшлын бүс болох боломжтой. Тэгэхээр дээрх шинэ хотуудтай уялдуулаад иргэдийн ая тухтай амьдрах тал руу энэ оныхоо төсөв, төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна. Үндсэндээ нийт төсвийнхөө 60-70 хувийг аймгийн төв рүүгээ чиглүүлж байгаа. Үүгээрээ төсвийг олон тийш тарамдах биш, үр дүнтэй, шат дараатай ажлуудыг хийе гэж байгаа юм. Тиймээс зарим нэг сумаа энэ жилдээ тэвч. Ээлж дараатай том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлье гэсэн. Тэгэхгүйгээр Засаг дарга амь дүйх, албан тушаалтайгаа зууралдах, байгаа төлөөлөгчдийнхөө эрх ашгийг хангах ч гэдэг юм уу байдлаар төсвийг олон тийш нь цацахаас илүүтэйгээр бид бодитой, эдийн засгийн үр өгөөжтэй ажлуудаа хийнэ. Төв аймгийн шугам сүлжээ маш хүнд байдалтай болчихсон. Ихэнх нь 50-60 жилийн настай байна. Аймгийн төвд 10 уурын зуух ажиллаж байгаа нь агаарын бохирдол үүсгэх томоохон шалтгаан болж байгаа. Орон сууцнуудын дулаан алдагдал маш их гээд олон тулгамдсан асуудал байна. Хэрэглээний усны асуудал ч бий болсон. Хатуулаг ихтэй учраас шүүлтүүр тавих гээд дандаа хүний эрүүл аюулгүй орчинд, тав тухтай амьдрах нөхцөлийг хангах ажлууд хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Зуунмод хотын дахин төлөвлөлт хийж, шинэ хороолол бий болгоно. Нийтдээ 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулагдсан. Манай аймагт нэг нь баригдана. Энэ ажил их удаан байгаа. Үүнийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ мягмар гаригт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болсон. Тус хуралд Төвийн бүсийн цаашдын хөгжлийн талаар нэлээд ярилцсан. Тийм болохоор Дархан-Уул, Сэлэнгэ гэсэн төвийн бүсийн аймгуудтайгаа үйл ажиллагаагаа уялдаатай явуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн чиглэлээр гэхэд давхцуулахгүй байх шаардлага бий. Ерөнхий сайд, Шадар сайдуудаас, мөн хувийн хэвшлийнхнээ дэмжиж ажилла. Бүх үүд хаалгаа тэдэнд зориулан нээж, хамтран ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.

-Танай аймагт хэрэгжих том төслүүд олон бий. Та ч бас дурдаж байна. Нэмээд Богд уулыг нүхлэх, Богдхан төмөр зам гээд төслүүд байгаа. Тэгвэл эдгээрээс алийг нь хамгийн эхэнд хийж хэрэгжүүлээд явбал Төв аймгийн төсвийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулах ач холбогдолтой гэж таны хувьд үзэж байна вэ. Засаг даргын хувиар энэ тал дээр санал санаачилгаа дээш нь хүргэж байна уу?

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Дээр нь төвлөрлийг сааруулах ажлуудыг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байна. Миний хувьд саяхан Боловсролын сайдтай уулзаж, Их, дээд сургуулиудыг манай аймаг руу гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мөн Сангийн сайдтай томоохон спорт комплекс барьж байгуулахад дэмжиж ажиллаач гэсэн асуудлыг ярьж байна. Ингэснээр Төв аймгийн эдийн засгийг тэлэх, хувийн хэвшлийнхнийг дэмжихэд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа. Мэдээж том төслүүд дотроосоо Шинэ Зуунмод хотыг барих нь хамгийн чухал. Засгийн газраас дэд бүтэц, эрчим хүчний инженерийн шийдлүүдээ олоод, бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байгаа. Ер нь том төслүүд бүгдээрээ л чухал, ашигтай. Тийм болохоор бүгдийг нь л аймгийн зүгээс дэмжиж ажиллана.

-Төв аймгийн зарим сумыг засмал замаар холбох ажил яригдаад байдаг. Энэ ажил ирэх дөрвөн жилд хийгдэх үү?

Баруун хойд талын сумдын ажил нь эхэлчихсэн яваа. Угтаалцайдам, Баянцогт, Заамар, Цээл гээд сумдыг засмал замаар холбох ажил эхэлсэн, энэ оны төсөвт суугдсан, үргэлжилнэ. Шинээр Архуст, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн, Баянцагаан сумын засмал замын ажлын төсөв нь улсын болон орон нутгийн төсөвт суугдсан. Авто замын зураг төлийн ажлууд эхэлчихсэн яваа. Ирэх дөрвөн жилд болж өгвөл 27 сумаа төвийн засмал замтай холбох бодлого бариад ажиллаж байгаа.

-Уул уурхай талд ямар бодлого барьж ажиллахаар байгаа вэ?

Манай аймгийн хэд, хэдэн суманд уул уурхай ажилладаг. Засгийн газраас Хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана гэж байгаа. Тийм болохоор аймгийн зүгээс иргэдэд ээлтэй, өвөлжөө, хаваржааг нь ухаад байдаггүй. Ашиглаж болох газруудыг нь ашиглаад буцаагаад биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг нь ном журмын дагуу хийчихдэг байхыг дэмжиж ажиллана. Гэвч тухайн сум орон нутагт уул уурхай ажиллах эсэхийг сумын Иргэдийн нийтийн хурал, иргэд нь шийддэг. Иргэд нь дэмжээд явсан зүйлийг аймаг дэмжээд дээш нь уламжилдаг хуулийн зохицуулалттай. Үүгээр нь л явна. Хэрэв анхан шат зөвшөөрөөгүй бол аймаг дээр хүч түрэн шийдэх ямар ч боломжгүй.

-Саяхан Зуунмодын багийн Нийтийн хурлын дарга нараа чөлөөлсөн гэсэн асуудал яригдаад байсан. Энэ чухам юу болсон юм бэ?

Энэ бол аймгийн Засаг даргатай огт хамааралгүй асуудал. Сумын Засаг даргатай л холбоотой зүйл. Гэвч зарим хэвлэлээр миний нэрийг оролцуулсан мэдээ, мэдээлэл гарсан байна лээ. Зуунмод хотын Засаг даргатайгаа уулзаж амжаагүй байна. Багийн Засаг дарга нараа чөлөөлсөн юм билээ. Харин маргааш (өнөөдөр) уулзаж, хуулийн дагуу явагдсан эсэхийг асууж тодруулна.

-Мөн аймгийн төвдөө электрон тамхи борлуулахыг хориглосон шийдвэр гаргалаа гэж байсан. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?

Ямар нэгэн захирамж, шийдвэр энэ талаар гаргаагүй. Гэвч ирээдүй болсон үр хүүхдүүд, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс аж ахуйн нэгжүүддээ ийм уриалга гаргасан. Судалгаагаар зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагч электрон тамхийг хэрэглэж байна гэж гарсан. Энэ тоо цаашид ч нэмэгдэж байна. Харин бидний гаргасан уриалгыг аж ахуйн нэгжүүд маань сайхан хүлээн авч, дэмжиж, электрон тамхийг борлуулахгүй байхаар болсон.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална DNN.mn

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос гадаадад амьдардаг монголчуудын сонгуульд оролцох боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.


-Гадаадад амьдардаг монголчуудын саналыг авах тухай асуудал өмнө нь яригдаж, зарим тохиолдолд авч ч байсан. Танай байнгын хорооноос энэ асуудлыг судлах, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан юм байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хилийн чанадад байгаа монголчуудын талаар янз бүрийн тоо явдаг. Гэхдээ дэлхий даяар тарсан 220 мянган монгол иргэн байна гэж үздэг. Энэ хүмүүс маань Монгол Улсын иргэн учраас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой. Эрхийг нь эдлүүлэх нь төрийн үүрэг. Гол эрхүүдийн нэг нь сонгуульд оролцох шүү дээ. Ялангуяа ардчилсан нийгэм бүтээж байгаа хүмүүс төрөө байгуулахад оролцох шууд хэрэгсэл нь сонгууль. Өнгөрсөн хугацаанд тухайн улсын аль нэг хотоос дипломат төлөөлөгчийн газар руугаа машин бариад хэдэн зуун км яваад сонгууль өгдөг хүмүүс маш ховор бай саар ирсэн. Санал өгөх насны гадаадад байгаа иргэдийн ердөө долоон хувь нь л саналаа өгсөн гэдэг Сонгуулийн ерөнхий хорооны мэдээ бий. Тэгэхээр шинэ арга хэрэгслүүд оруулах хэрэгтэй.

-Тухайлбал, ямар арга хэрэгслүүд байна. Алийг нь илүү үр дүнтэй гэж үзэх юм бэ?

-Дэлхийд цахим байдлаар санал өгч байгаа 17 улс байна. Хоёрдугаарт, баталгаат шуудангаар саналаа өгдөг. Жишээлбэл, Герман улсын иргэд бол саналаа баталгаат шуудангаар илгээчихдэг. Нийт 55 улс ийм байдлаар буюу шуудангаар саналаа өгч байна.

Эдгээрийн аль нэгийг болон хослуулан ашиглах ч боломжтой. Цахимаар санал авахын тулд ямар бэлтгэл хангах юм. Эрсдэл, боломж нь юу вэ гэдгийг нэн тэргүүнд судалж, дүгнэх хэрэгтэй.

-Цахим гэхээр и-монгол системийг ашиглах уу?

-И-Монгол бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем. Тэгэхээр үүгээрээ л явах байх. Яг яаж явах вэ гэдгийг гаргах, судлахын тулд л ажлын хэсэг гаргаад байгаа юм.

-Сонгуулийн тогтолцооноо соо хамаарах уу. Хуучин 76 жижиг тогтол цоогоор сонгууль явахад авдаггүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд авч байсан удаатай шүү дээ?

-Боломжгүй бол бас биш. Монгол Улсын иргэн бүр иргэний үнэмлэхтэй, оршин суудаг хаягтай. Тэгэхээр тэр хаягийнхаа дагуу л саналаа өгчих боломжтой гэж харж байна. Одоогийн холимог тогтолцоо цаашид үргэлжлээд явсан ч ямар ч өөрчлөлтгүй. Ер нь ингээд цахимаар санал авдаг болгоё гэхээр Сонгуулийн тухай хуулийн асуудал болж хувирна. Сонгуулийг яг яаж өгөх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт. Гэхдээ ямар ч байсан энэ асуудлыг судлаад эхэлсэн. Үр дүнд нь бүтэн хоёр аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд үндсэн эрхээ эдэлдэг болно. Байнгын хорооны энэ долоо хоногийн мягмар гаригийн хуралдаанд СЕХ, И-Монгол академи, Үндэсний дата төвөөс мэргэжилтнүүд оролцож бо ломж бололцоо болон эрсдлийн талаар мэдээлэл хийсэн. Асуудлыг сэргээн хэлэлцэх саналыг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл төрийн бус байгууллагаас гаргаж, зохион байгууллаа. Техникийн суурь боломж байгаа. Гагцхүү эрсдлийг нь тооцож дэнслээд шийдвэрээ гаргах ёстой.

-Холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд ямар эрсдэл байж болох талаар хэлж байна вэ?

-Сонгуультай холбоотой гол эрсдэл нь бусдын цахим саналд хөндлөнгөөс нөлөөлөх. Хоёрдугаарт, илгээсэн мэдээлэл нь дайралтад өртөөд үр дүн нь өөр гарах гэсэн хоёр том эрсдэл бий. Тэгэхээр хүнээс хамаардаггүй янз бүрийн аргууд байдаг. Жишээ нь, Эстони улс та хэд хоногийн туршид хэдэн ч удаа саналаа өгч болно гэдэг. Тэгээд хамгийн сүүлд өгснөөр нь тооцдог. Мөнгө өгч, дарамталж байгаад сонголт хийлгэчихсэн бол дараа нь дахиад өгч болно гэсэн үг. Мөн мэдээллийн аюулгүй байдал, кибер талаасаа хамгаалах арга хэрэгслүүд бий.

-Цахим, баталгаат шуудангаар гадаадад амьдарч байгаа хүмүүсийнхээ саналыг авдаг болчихвол эх орондоо амьдарч буй иргэд дээрээ ч хэрэгжүүлж болох уу. Учир нь сонгуулийн үеэр ээлжийн ажилтай байх, хаяг дээрээ байхгүй байж таарсан хүмүүсийн санал гээгдээд байдаг шүү дээ?

-Яг зөв. Энэ асуудлыг байнгын хороон дээр гишүүд хөндөж байсан. Уурхайчид, малчид, янз бүрийн ажлаар хөдөө гадаа явж таарсан хүмүүс байна. Бид чинь цахим иргэний үнэмлэхтэй, цахим гарын үсэгтэй. И-Монгол системтэй гээд маш сайн цахимжсан хүмүүс. Гэвч эдгээрийгээ сайн ашиглахгүй л байгаа юм. Тэгэхээр эх орныхоо хаана ч явсан боломжтой үедээ цахимаар юм уу, шуудангаар саналаа өгч болдог л болгох хэрэгтэй. Гэхдээ түрүүний хэлээд байгаа эрсдлүүд байна. Гадаадад амьдарч байгаа хүмүүс ихэвчлэн эх орондоо байгаа хүмүүсээс санхүүгийн хувьд илүү дээр. Гадаадад 50, 100 мянган төгрөгөөр санал худалдах асуудал байхгүй. Тийм болохоор гадаадаас эхлэх нь зүйтэй. Эрх нь хангагдахгүй олон жил болсон иргэдийнхээ эрхийг нь хангах. Нөгөө талдаа шинэ системүүдийг тэндээс эхлүүлж нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээд бүрэн итгэлтэй болсныхоо дараа дотооддоо үе шаттай хэрэгжүүлээд явсан нь дээр байх. Ер нь XXI зуун чинь онцлогтой. Энэ зуунд монголчууд дэлхий даяар тарж амьдрах нь тодорхой. Дээрээс нь Монгол Улс маань газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог учраас аль болохоор нээлттэй бодлого явуулах ёстой. Энэ бол үндэсний бодлого. Тиймээс иргэд нь ирж, очдог. Эрхээ эдэлдэг байх ёстой юм. Улс төрийн оролцоо нь хангагдаад ирэхээр дэлхийн хаана байгаагаас үл хамаараад төрөө байгуулахад оролцдог. Эх оронтойгоо зүрх сэтгэлийн холбоо нь илүү болох байхгүй юу. Тийм болохоор үүнийг хийх цаг нь болсон. Зүгээр цахим байх уу. Шуудан байх юм уу, эсвэл хосолсон байх уу гэдгийг болгоомжтойгоор ажил хэрэгч байдлаар судлаад шийдэх шаардлагатай.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Монгол Улсын гадаад харилцааны хувьд 2025 он их сонирхолтой жил байх болно DNN.mn

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Монгол Улсын гадаад харилцааны хувьд 2024 он ямар амжилттай жил болж өнгөрөв?

-Гадаад харилцааны хувьд 2024 он оргил ачаалалтай, амжилттай жил байсан. Бид ардчилсан тогтолцоог сонгосноос хойших Монгол Улсын 30 жил бол өөрийн онцлогтой явж ирсэн. Манай дотоодын улс төрийн байдал их нөлөөлсөн. Гадаад харилцаа дотоод бодлогын үргэлжлэл байдаг учраас манай дотоод байдал, улс төрийн тогтвортой байдал, гаднын улс оронтой харьцах соёл гээд олон хүчин зүйлээс болоод өнгөрсөн 30 жилийн гадаад харилцааны зам дардан байгаагүй. Маш их алдаа, оноотой. Гэхдээ нийтлэг утгаараа манайх их тогтвортой салбар. Нарийн мэргэшдэг, хүний нөөцийн хувьд ч тогтвортой байсан учраас шугамаа алдалгүй явсан. Нөгөө талдаа ардчилсан тогтолцоо гадаад харилцаанд асар их боломжийг нээсэн. Өндөр хөгжилтэй, чөлөөт зах зээлтэй орнуудад хүний эрхийг дээдэлсэн, гадаад бодлого болон аюулгүй байдлын үзэл баримтлалдаа нийцсэн гадаад бодлого явуулах таатай орчин бүрдсэн. Үүнийгээ ч бид маш овсгоотой сайн ашигласан гэж хэлнэ. Ноднин жил манай улс үнэхээр олон том айлчлал хийсэн. Айлчлал гэдэг бол гадаад харилцаанд гарч байгаа хамгийн том дэвшил бөгөөд яг оргилдоо хүрээд эцсийн байдлаар яриа хэлэлцээ тохирох, баримт бичиг байгуулах, улс төр, эдийн засгийн олон зүйлийг тохирдог том амжилт байхгүй юу. Ямар нэг байдлаар тохироогүй нөхцөлд хэзээ ч төрийн айлчлал хэрэгждэггүй. Харилцаа маш идэвхтэй, үр дүнтэй яриа хэлэлцээр хийгээд, ямарваа нэгэн асуудлыг тохирсон тохиолдолд төрийн тэргүүн, тэргүүн дипломат хүн айлчлал хийдэг. Сүүлийн дөрвөн жилээс өмнөх хугацаанд гадаад харилцаа, айлчлалууд дандаа гадагшаа урсгалтай байсан. Бид өөрсдөө гуйдаг. Өндөр дээд хэмжээний зочид маш бага ирж байсан. Яагаад гэхээр манайхтай тохирох юм байхгүй. Яриа хэлэлцээгээ амжилттай тохирч чадаагүй зэргээс болдог байсан л даа. Харин сүүлийн дөрвөн жил гадаад бодлого маш идэвхтэй явж байгаа. Манайд маш олон айлчлал хийгдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, Гадаад харилцааны сайдын түвшинд ирсэн. Энэ нь харилцаа маань хоёр урсгалтай болсныг харуулж байгаа юм. Зүй тогтол нь яг ийм байх ёстой. Ноднин жилийн хувьд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд гурав, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны түвшинд 8 харилцан айлчлал хийсэн.

Энэ бол түүхэндээ байгаагүй өндөр тоо. Гадаад бодлого, Үндсэний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо явуулахдаа бид тэнцвэрийг явуулна гэснийг яг хангаж байгаа юм.

-Өмнөх жилүүдэд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ямар байсан юм бэ?

-Нэг гараанаас эхэлсэн, тогтолцоогоо сольсон бусад улс оронтой харьцуулахад нэлээд дэвшилттэй, уян хатан эрчимтэй хөгжсөн байдаг. Тэр дундаа сүүлийн дөрвөн жил Засгийн газар тогтвортой байсан. Манай нэг алдаа бол бид сайхан, сайхан санаачилгууд гаргаж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бүрдүүлэх гэж явж байсан боловч Засгийн газар тогтворгүй байснаас болоод Гадаад харилцааны сайд нар маш их солигддог. Тэгэх бүрд бодлого өөрчлөгддөг. Аль нам эрх барьснаасаа болоод дотоод улс төрийнхөө нөхцөл байдалд тааруулж, дур дураараа юм яриад, бүх улсад очоод санаанууд хэлдэг. Гэвч эргээд тэдгээрийгээ хэрэгжүүлдэггүй. Нэг Засгийн газрын ярьсан зүйлийг дараагийнх нь үгүйсгэдэг. Тэрийгээ хүртэл энэ харилцаандаа их нялзайх маягтай явж ирсэн. Одоо бол гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг тогтвортой байх ёстой юм байна. Ярьсан, хэлсэндээ хүрэх ёстой юм байна гэдгийг улстөрчид, хүмүүс маань ойлгож эхэлсэн. Гадны улс орнуудын гадаад бодлого их тогтвортой явдаг. Японы Засгийн газар их олон солигддог ч гадаад бодлого нь тогтвортой явдаг. Тэгэхээр төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нь хамгийн түрүүнд нөлөөлдөг салбар бол гадаад харилцаа.

-Бид өөрсдийгөө хоёр том улсын дунд байдаг онцлогтой гэж ярьдаг. Тэгэхээр хоёр хөрштэйгөө манай улс ямар харилцаатай байна вэ?

-Зөвхөн хоёр хөрштэйгөө харьцаад байх биш гуравдагч хөрштэй ч харилцана. Гэвч хоёр хөршийнхөө харилцааг тэнцвэртэй авч явах ёстой. Нэгэнтэй нь хэлбийж хэт зөрүүтэй харьцаж болохгүй. Дээрээс нь гуравдагч хөршийн харилцааг ч тэнцвэртэй авч явах хэрэгтэй байдаг. Аль нэгэнтэй нь хэлбийгээд хоёр хөршийнхөө дургүйг хүргээд байж болохгүй. Харилцаа гэдэг маш эмзэг. Бидэнд сая цаг үеийн олон сорилтууд ирсэн. Ковид, араас нь дайн. Энэ хоёр дэлхий даяар ямар нөхцөл байдлыг үүсгэв. Энэ дундуур яаж эвтэйхэн гарч явах вэ гэдгийг гадаад харилцааны бодлого зохицуулж байдаг. Монгол орны хувьд геополитикийн хувьд нэг талаасаа их азтай, нөгөө талаасаа хязгаарлагдмал орчинд байдаг. Хоёр том хөршийн дунд байдаг, тусгаар тогтносон. Далайд гарцгүй, тэгсэн мөртлөө хоёр хөрштэйгөө ямар ч хилийн маргаан, зөрчил тэмцэлгүй. Хоёр хөршөөсөө шал өөр тогтолцоотой. Ардчиллын замыг сонгосон, иргэд нь эрх чөлөөтэй амьдарч байгаа орон дэлхий дээр өөр байхгүй. Хоёр том хөршийн дунд байдаг орнууд бий. Гэхдээ манайх шиг биш. Энэ нь ч манайд том сорилтуудыг бий болгож байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн сорилтууд гадаад харилцааны салбарыг бүхий л салбарын үйл ажиллагаанд оролцуулдаг болсон. Ард түмэн гадаад харилцааг анхаардаг, ажигладаг болсон байна. Манай улсын нэр хүнд гадна талдаа өссөн. Үүнийгээ дагаад бидний үүрэг хариуцлага улам нэмэгдэнэ. Ноднин жилийн айлчлалуудын мөрөөр Засгийн газар маш их ажил хийх шаардлагатай болж байгаа. Ингэхээр бусад бүх яам, орон нутаг гадаад харилцаагаа өргөжүүлэх. Гадны улсуудад яриад байгаа зүйлээ хийж хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдөө үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд иргэн хүн хүртэл хөдөлмөрлөх шаардлага гарч байгаа юм. Зөвхөн 2024 онд бид 150-иад хэлэлцээр хийсэн байна. Ингэснээр гадна талдаа ажиллах эрх зүйн орчноо маш сайн бүрдүүлчихэж байна гэсэн үг. Агаарын харилцааны хэлэлцээр гэхэд л 44 оронтой байгуулсан. Энгийн паспорттай иргэд маань 30 оронд, албан болон дипломат паспорттай иргэд 66 оронд визгүй зорчиж байна. АНУ-тай өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр агаарын харилцааны хэлэлцээрийг хийсэн. Бид 30 жил яриад америкчууд байгуулахгүй байсан. Гэвч бид байгуулаад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар анхны нислэг хийх гэж байгаа United Airlines компанид билетээ зарах эрхийг нь өгсөн. Ингээд орчин нь бүрдээд ирэхээр хувийн хэвшлийнхэн чинь ингээд л хөгжөөд явчихна. Нэгэнт бий болгоод өгсөн орчноо сайн ашиглах хэрэгтэй. Харилцан ашигтай байхад биднээс их зүйл шалтгаална.

-Улстөрчид ярьдаг, ард түмний дунд ч хардлага байдаг шиг санагддаг. Тэр нь хоёр хөрш маань аливаад дээрэнгүй ханддаг, тулган шаарддаг гэдэг ойлголт. Үнэхээр ийм зүйл гадаад харилцааны салбарт байдаг уу?

-Үгүй, үгүй. Надад бол ийм зүйл мэдрэгддэггүй. Надад ийм асуулт их ирдэг. Миний хувьд өөрийгөө дөвийлгөхийг боддоггүй. Урдах ажлаа л сайн хийе гэж боддог. Би бол МУИС-ийг гадаад харилцаа, дипломатаар төгссөн анхны Гадаад харилцааны сайд юм билээ. Миний өмнөх сайд нар бол голдуу Орост төгссөн. Тэгж ч бэлддэг байсан. НҮБ 193 гишүүн оронтой. Манай улс нөгөө 192 оронтойгоо 60 жилийн өмнө анх НҮБ-д элсэхдээ л дипломат харилцаа тогтооно. Дэлхийн бүх улстай Монгол Улс энх тайван, найрамдалт харилцааг хөгжүүлнэ гэж мөрөөдөж хүссэн. Тэр хүсэл нь 2024 онд биелж, сүүлчийн хоёр оронтой дипломат харилцаа тогтоосон. Ингэснээр дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоосон цөөхөн орны нэг нь Монгол болсон. Тэгэхээр миний хувьд энэ 192 орны Гадаад харилцааны сайд нартай өөрийгөө эн тэнцүү бодож харьцдаг. Өөрөөр хэлбэл Орос том, Хятад, Америк нь аугаа гэж боддоггүй. Тэдний өмнө хэрэг хийсэн биш, мэдэхгүй, чадахгүй биш. Хүнээс айгаад байх шаардлага байхгүй. Дипломат хүн бол харилцааны ур чадвар, урлаг. Нөгөө талаасаа хэлэлцээ хийх авьяас чадвартай. Хүнд юмаа ойлгуулах, хүнийг ятгаж сэнхрүүлэх, ашигтай байдлыг бий болгох, тэр хүнд нөлөөлөх чадварыг хөгжүүлсэн байх ёстой. Гадаад харилцааны сайд хүн айлын сайд нартай дандаа л хэлэлцээ хийж байдаг. Тэр үедээ эн тэнцүү л харьцдаг. Миний хувьд хоёр хөршийнхөө Гадаад харилцааны сайд нартай хувь хүнийхээ хувьд их сайн найзууд. Надтай маш хүндэтгэлтэй харьцдаг, асуудаг. Хэзээ ч дарамталж шахаж байгаагүй. Мэдээж улс орон болгонд өөрийн бодлого байгаа. Тэрийгээ шахах нь зүйн хэрэг. Ямар хэлбэрээр яаж шахах вэ л гэдэгт байгаа юм. Сайд нарын бэлтгэгдсэн байдал харилцаанд нөлөөлдөг. Зарим улс орны сайд нараас шалтгаалаад ажил нь зогсчихсон, гацсан, удааширсан, хариу өгдөггүй байдаг. Дээрээс нь тухайн яамны бэлтгэгдсэн боловсон хүчин ажлаа сайн бэлдэх гээд харилцааг анхан шатнаасаа зөв явуулах ёстой.

-Манай улсын дипломатууд, Элчин сайд нарын ур чадварын тухай та юу хэлэх вэ?

-Манай монгол дипломатууд үнэхээр ур чадвартай. Дор хаяж 4-5 хүний ажлыг нэг хүн хийдэг. Хөрвөх чадвар их сайн. Хос хэлтэй, түүн дээрээ ажиллаад сурчихсан. Гадны улс орнуудад ажиллаж байхдаа тухайн улсын дипломатуудтай харилцаад сурчихсан, мэдээлэлтэй. Ачаалал өндөртэй ажилладаг учраас илүү их зүйл сурсан байдаг. Хоёрдугаарт, монгол хүний овсгоотой, дасан зохицох чадвар, тэвчээртэй байдал, эзэнт гүрэн байсан, тусгаар тогтносон, боолчлогдож, колоничлогдож байгаагүй орны иргэдийн цусанд байдаг зүйл дипломат албанд ч гэсэн мэдрэгддэг. Өөртөө итгэлтэй, дайчин зантай байдал нь олон зүйл дээр нөлөөлдөг. Үүнийг олон зүйл дээр харсан. Ковидын үед дэлхий даяар вакцины дипломат ажиллагаа гэж явж байхад мэдэрсэн. Монгол хоёрхон гарцтай байж дэлхийн өнцөг булан бүрээс монголчуудаа яаж ийж байгаад аваад ирсэн. Гэтэл иргэдээ авч чадаагүй, зардлыг нь гаргаагүй, онгоц байхгүй улс орнууд байсан шүү дээ. Вакцин авч чадаагүй улс орнууд ч байгаа. Харин бүх зүйл хаачихсан байхад монгол дипломатуудынхаа ур чадвараар тухайн оронтой хэлэлцээр хийгээд иргэдээ авахаас гадна эм, вакцин авчихаж байгаа юм. Энэ бүхэн ерөөсөө л дипломат ажиллагаа. Энэтхэг улс дотооддоо экспортын хориг тавьчихсан байхад нь бид онцгой тохиолдол болгон өөрчлүүлээд вакцин авч байсан. Үүн шиг Хятад, Япон, Америктай хэлэлцээ хийгээд маш хурдан авсан. Дэлхийн эрүүл мэнд байгууллага манайхыг бүр загвар орон болгож байлаа. Дайны үед ч гэсэн сайн ажилласан. НҮБ дээр маш олон тогтоолууд манай хөршийн эсрэг гардаг. Украин, Орос хоёрыг манай ард түмэн нэг үндэстэн, ах дүү нар. Хоёулаа дайн дажингүй байгаасай. Яриа хэлэлцээ хйигээд эвлэрээсэй гэж манай ард түмэн хүсдэг. Гэвч НҮБ дээр гарч байгаа олон хуваагдмал санал дээр бид ч гэсэн саналаа өгөх хэрэг гардаг. Үүн дээр бид ихэвчлэн түдгэлзсэн.

-Түдгэлзсэнээс болоод л элдэв асуудал үүсчих юм шиг ярианууд гарсан шүү дээ?

Тэгсэн. Яагаад түдгэлзсэн бэ гэдгээ бид энэ олон оронд тайлбарлах хэрэг гарна. Барууны орнууд манайхыг дайныг дэмжсэн гэж буруутгана. Орос болохоор манайхыг дэмжсэнгүй гэнэ. Тэгэхээр бид өөрийн толгойтой, үзэл бодолтой байж тайлбараа өгөх ёстой. Өмнө нь бол дэмжсэн, эсэргүүцсэн, түдгэлзсэнээ тайлбарладаггүй байсан. Бид Орост яагаад түдгэлзсэнээ тайлбарлана. Заримдаа оросууд бидэнд баярлалаа ч гэж хэлж байгаа. Нөгөө талд нь Барууны орныхон байна. Тэдэнд ийм учир, харгалзах шалтгаан байна гэдгээ тайлбарлахад ойлгодог. Сая Олон улсын эрүүгийн шүүх дээр Путиныг баривчлах ёстой гэж барууныхан эсэргүүцсэн.

-Энэ асуудлаас болоод олон улсын хоригт орно. Олон улсын эрүүгийн шүүхээс бичиг ирсэн зэрэг мэдээлэл гарч байсан?

-Манайх Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон. Тэгэхэд Орос, Хятад хоёр гишүүн биш. Нийт 123 гишүүнтэй энэ байгууллагын орон бүрд нь бид тайлбар хийсэн. Яагаад Путиныг айлчлуулсан бэ. Бид энд дайн дажин яриагүй. Харин ч манай Монгол Улсын Ерөнхийлөгч Путиныг дайныг зогсооход гол нөлөө үзүүлэх хүн. Ард түмнээ бодох ёстой. Укрианчуудыг ойлгож, хэлэлцээ хийгээд хурдан зогсооход сайн ажиллаач гэдэг саналыг тавьсан. Бид ОХУ-тай эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх талаар дэвшилттэй ярианууд болсон. Үүнийгээ тэдгээр улс орнуудад харилцаа талаасаа тайлбарласан. Хоёрдугаарт, бид эрх зүйн тайлбар хийсэн. Энэ чинь дүрэм журамтай байгууллага. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг бид дагаж мөрдөх ёстой. Гэхдээ бүх хаалганд нэг түлхүүр таарна гэсэн үг биш. Монголын онцлогт энэ түлхүүр таарсангүй. Магадгүй цаашдаа Олон улсын эрүүгийн шүүхийн маш том загвар жишээ болоод үүнд зориулсан хуулийн гаргалгаа хэрэгтэй ч юм уу гэдгийг ярьсан. Манайх очиж улсаа хамгаалсан. Манай нэр төрд халдахгүй байхыг сануулсан. Мөн манай дипломатуудын ур чадварыг тэр гишүүн орнууд үнэндээ гайхсан. Бүх зүйлд гаргалгаа олоод бүгдийг нь ойлготол ярьж, ятгасан учраас манай эсрэг ямар нэгэн тогтоол шийдвэр гарч, манайхыг буруутгаагүй. Бүр Олон улсын эрүүгийн шүүхэд манайх гишүүнтэй болсон.

-Мэдээж төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд гэнэтхэн өнөөдөр яриад маргааш нь явчихдаггүй. Тэгэхээр 2025 онд нөгөө харилцан урсгалынхаа дагуу хийхээр төлөвлөж байгаа ямар томоохон айлчлалууд байна вэ. Хэлж болохоор хэмжээнд нь зарим нэгийг хэлж өгөөч?

-Ноднин жилээсээ энэ жил илүү төлөвлөсөн байгаа. Өндөр дээд хэмжээний айлчлалууд нууц байдаг. Зарим айлчлалын бэлтгэл 10-аад жил хангагддаг. Ер нь бэлтгэл ажлын хугацаа доод тал нь гурван жил байдаг. Тэгэхээр бид бодлогын хувьд дараагийн 5, 10 жилийнхээ төлөвлөлтөө хийчихсэн гэсэн үг. Гадаад бодлогоо яаж тэлэх вэ. Цаг үеийнхээ өөрчлөлтөд яаж зохиож явах юм гэдэг бодлогоо Гадаад харилцааны яам гаргадаг. Энэ онд нэлээд олон айлчлал, өмнө нь болж байгаагүй айлчлал хийгдэнэ. Хамгийн олон нь Ерөнхийлөгчийн түвшинд хийгдэнэ. Ихэвчлэн манай гуравдагч хөршүүдэд хийгдэнэ. Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд сонирхолтой айлчлалууд байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалууд бол хоёр талын харилцааг өргөжүүлэх, олон улсын том хурлуудад оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, дэлхийн энхтайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хүнсний хомсдолд манайх гоё шинэ санаанууд гаргаж байгаа. Үүнийгээ бид тайлбарлана. Эдгээр асуудлыг шийдэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулна. Ерөнхий сайдын хувьд илүү бодитой хамтын ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжтэй, хөрөнгө оруулалтуудыг татсан, 14 мега төслөө урагшлуулах чиглэлээр ажлын айлчлалууд нэлээд төлөвлөгдсөн. Хоёрдугаарт, өнгөрсөн жил сонгууль болсон учраас Ерөнхий сайд гадаад айлчлал бага хийсэн. Харин энэ онд нэлээд олон айлчлал төлөвлөж байгаа.

-Таны хувьд нэлээд сонирхолтой айлчлалууд хийнэ гэлээ. Үүнийгээ жаахан дэлгэрүүлж болох уу?

-Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуучин харилцдаг байсан улсуудтай харилцаагаа бататгаж хөгжүүлсэн. Хоёр хөршийн харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн. Европын улсууд, АНУ-тай олон жил сайн харилцаагаа хөгжүүлсэн. Гэвч хэд хэдэн бүс нутгийг идэвхгүй хаячихсан байсан. Жишээлбэл, Төв Азитай бид бараг 30 жил холбоо харилцаа бага байсан. Эдгээр улсууд маш хурдтай хөгжиж, хөгжлийнхөө замыг тодорхойлчихсон байна. Зарим талаар манайхаас туршлага судалж байна. Тэгэхээр бид Төв Ази руу бодлогоо тэлэх үйл явц явагдаж байгаа. Өнгөрсөн жилээс хэрэгжээд манайх Узбекстанд Элчин сайдын яамаа байгуулсан. Ерөнхийлөгчийн харилцан айлчлалууд хэрэгжээд үндсэндээ Төв Азийн улсууд бараг дуусч байгаа. Одоо ганцхан Тажикистанд л айлчлаагүй байна. Эргээд энэ улсууд манайд харилцан айлчлах ээлж нь ирж байгаа. Төв Азиас манайх маш их боломжийг олж харсан. Адилхан хөгжлийн замаар явсан, хөгжиж байгаа орнууд хоорондоо харилцан ашигтай ажиллах асар их салбар, боломж нээгдэж байгаа юм. Эрх зүйн орчноо сайжруулах бүх хэлэлцээрүүд хийгдээд эхэлж байна. Дараа нь миний яараад байгаа нэг зүйл бол бид Зүүн өмнөд Азийн улсуудтай их идэвхгүй байсан. Тийм учраас бид нэлээд идэвхжүүлж байгаа. Индонезид саяхан Элчин сайдын яамаа нээлээ. АСЕН-ийн орнууд бол асар их хүн амтай, маш том зах зээлтэй. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний их хэрэгцээ тэнд бий. Дээрээс нь Хятадаар дамжаад цаашаа эдийн засгийн, төмөр замын коридорууд нээгдээд боомтууд нь өргөсч байгаа учраас бидэнд боломж илүү гарч байгаа. Энэ боломжийг ашиглаад илүү идэвхтэй харилцах ёстой. Тэгэхээр Зүүн өмнөд Азийн орнууд руу нэлээд айлчлалууд явагдана. Гуравдугаарт, Латин Америкийн орнуудыг бид орхичихсон. Тэнд ганцхан Кубад л манай Элчин сайдын яам байгаа. Куба чинь өөрөө хорионд байдаг. Бусад хүн ам ихтэй, том орнуудтай хавсрах боломж байдаггүй. Улс төрийн хувьд ч зохимжгүй. Тийм болохоор бид ирэх жил Бразилд Элчин сайдын яамаа нээнэ. Бразил, Аргентин, Чили, Прагвай, Уругвай гэдэг улсуудтай харилцаа илүү идэвхжүүлэх гэж зорьж байгаа. Европ тивд бид Испанийг орхичихсон байдаг. Тиймээс тус улсад Элчин сайдын яамаа нээх гэж байгаа.

-Тэгэхээр Африк тив л үлдэж байна уу?

-Манай Гадаад харилцааны яам Африкийн орнуудыг идэвхтэй судалж байна. Бид бас л харилцах ёстой. Өмнөд Африк, Нигер гээд олон улсад их идэвхтэй байдаг, хүн ам ихтэй, зах зээл том улсуудыг судалж байгаа. Олон улсын харилцааг дэлхийн бүх улс оронтой хөгжүүлж л байгаа бол болж өгвөл тэлж байх ёстой. Эдгээр нь дараагийн 2026, 2027 онуудын төлөвлөлтөд ороод явна. Дэлхийн улсуудтай харилцахад улс төрийн харилцаа их чухал байдаг. Биенийгээ олон улсын тавцанд дэмжих, хамтарч тогтоол механизм байгуулдаг. Энэ утгаараа бид хэнээс дутахгүй байя, тусгаар тогтнолоо илүү баталгаажуулах, аюулгүй байдлаа хангая гэвэл бид энэ харилцаагаа улам л хөгжүүлэх хэрэгтэй. Энэ зорилтынхоо хүрээнд саяны миний ярьсан орнууд руу хамгийн эхлээд Гадаад харилцааны сайд харилцан айлчлал хийнэ. Боломж бололцоогоо танилцуулдаг. Тэгж байж дараа дараагийн айлчлал, ажлаа тохирдог. Ийм ажлууд хийгдэх гэж байгаа. Тэгэхээр 2025 он бол их сонирхолтой жил байх болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батцогт:Татвар нэмдэг, асуудлыг хүчээр шийддэг хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгосон шүү дээ DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа


–Шинэ он гарангуут машины татвар нэмэгдсэн нь хүмүүсийг нэлээд бухимдуулж байх шиг байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд та татвар нэмсэн асуудлыг юу гэж харж байна вэ?

-Энэ асуудлыг 2024 оны хоёр, гуравдугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулаад шийдчихсэн юм шүү дээ. Тэгээд хэрэгжиж эхлэх хугацаа нь 2025 оны нэгдүгээр сарын нэгэн байхгүй юу. Ардчилсан намын хувьд ч тэр, нийслэлийн Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд ч тэр дуугарч байна. Би 2020-2024 онд нийслэлийн төлөөлөгч байсан. Хуралдаан бүр дээр үүнийг ярьж байлаа. Татварыг огцом нэмэх нь зохимжтой юу, зохимжгүй юу. Зорилго нь юу юм бэ. Иргэдийнхээ орлогыг нэмж чадаагүй байж шууд татвар нэмэх нь зүй зохистой юу гээд тухайн үед нь акц хийж байсан. Харин иргэд, олон нийт анзаараагүй л өнгөрсөн байх. Нийслэлийн захиргааны байрны гадаа үүнтэй холбоотой иргэдтэй уулзалт хийгээд эсэргүүцэж байлаа . Гэвч нэг их анзааралгүй, тэгсхийгээд л өнгөрсөн. Тухайн үеийн хуралдааны протколыг ухаад үзвэл хэн нь дэмжсэн, хэн нь дэмжээгүй вэ гэдэг нь гараад л ирнэ. Одоо бол нэгэнт гарчихсан шийдвэр. Одоо яах юм. Түүнээс хойш зургаан сард нэг сонгууль, арван сард бас нэг сонгууль боллоо. Тийм л байсан юм бол сонголтоо зөв хийхгүй яасан юм. Татвар нэмдэг, асуудлыг хүчээр шийддэг ийм л сонголтыг өөрсдөө хийсэн шүү дээ, ард түмэн. Одоо юунд нь гоншигноод байгаа юм. Ийм шийдвэр гаргасан хүмүүс чинь сонгогдсон болохоос томилогдсон хүмүүс биш. Өөрсдөө очоод л саналаа өгөөд сонгосон. Хотын сонгууль есөн дүүрэг дээр 45 мандаттай. Үүний 40 хүн нь МАН-ын хүмүүс. Одоо юу ярих юм, юу ч ярихгүй шүү дээ. Мөрийн хөтөлбөрийг нь хараад, ажлыг нь хийлгүүл л дээ. Сонголтоо хийхдээ мэдээж сайн хүн, сайн мөрийн хөтөлбөр. Эд нар ажил хийж чадна гэж сонгосон байлгүй дээ. Нэгэнт сонгочихсон учраас одоо 2028 он хүртэл гоншигнох эрх байхгүй.

–Нийслэлийн утаа, түгжрэл гээд асуудлууд нь огт шийдэгдээгүй байхад дахиад татвар нэмэгдчихлээ. Энэ иргэдийн сонголтын л үр дүн гэж үү?

-Хотод тулгамдаж буй хэд хэдэн асууудал байгаа. Ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл, эрүүл мэнд гээд. Эдгээрийг цогцоор нь хотын түвшинд шийдчихээр асуудлууд бас байгаа. Тэдгээрийгээ шийдээд явах л хэрэгтэй. Өнөөдрийн байгуулагдсан хотын захиргаа, ИТХ том төсөл хөтөлбөрүүд гээд яриад явж байна. Бидний хувьд одоо цөөнхийн цөөнх болсон. Арайчүү гэж бүлэгтэй л байх шиг байна, таван төлөөлөгчтэй. Эд нарын хийж байгаа ажил дээр нь хяналтаа тавиад явна. Мэдээж утаагүй, түгжрэлгүй болгоно гэвэл дэмжээд л явна. Түгжрэлгүй болгох гэж байна гээд эсэргүүцэж болохгүй биз дээ.

–Сөрөг хүчин гэхээрээ л эсэргүүцнэ гэсэн үг биш л дээ?

-Тийм, бид ч гэсэн үүрэг хүлээгээд сонгогдсон хүмүүс. Иргэд биднийг утаагүй, түгжрэлгүй болгож өгөөч ээ л гэж сонгосон. Тэгэхээр энэ хүслийг нь биелүүлж, сонголтыг нь хүндэтгэх ёстой. Одоо хот дээр том төслүүд танилцуулж байна. Түлшийг багасгана, газ, цахилгаан гээд бусад эх үүсвэрийг ашиглая гээд явж л байна. Ер нь бол нэг л зүйл байгаа юм. Гал түлэхгүй байлгах ганцхан л арга бий. Тэр нь орон сууцжуулах. Тэгэхээр үүн рүүгээ илүү анхаарч явах ёстой.

-Нийслэлд эрх барьж байгаа нөхдүүд утаа, түгжрэлгүй болгохын тулд ямар ажил хийе гэж байна вэ?

-Сая төсөв хэлэлцээд танилцуулсан. Засаг дарга ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны хөтөлбөр, хийх ажлаа албан ёсоор танилцуулсан л даа. Түгжрэлийг бууруулах тал дээр бол тойрог зам, Туулын хурдны зам, трамбай, нийтийн тээвэр гээд ярьж байна. Олон жил ярьж байгаа. Одоо ч ярьж л байна. Гэхдээ хийгээсэй, хэрэгжээсэй гээд л хараад сууж байна.

-Та түрүүн нийслэлийн хэмжээнд хийж болох ажлууд бий гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлээч?

-Гэр хорооллоо маш хурдан төлөвлөлт, зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Хүн аятай , тухтай амьдрах орчныг нь бид бүрдүүлэх ёстой шүү дээ. Заавал өндөр, өндөр байх албагүй. Тав, долоон давхраар төлөвлөөд явж болно. Дээрээс нь дэд төвүүдийг хурдан ашиглах хэрэгтэй байна. Сэлбэ төв, станц гээд олон жил ярилаа. Нэг юм барих гэж маш их удах юм. Би 2012-2020 онд Баянзүрх дүүргийн дэд бүтэц хариуцсан орлогчоор ажилласан. Тэр үед Амгалан дулааны станцыг буулгаад шинээр барьсан. Ингэхдээ гурван жилийн дотор л бариад дуусгачихсан. Үүн шиг эх үүсвэрүүдийг олноор нь барих хэрэгтэй. Тэгж байж баригдаж байгаа байшингуудаа дулаанаар хангана.

–Дэд төвүүд яригдаж эхлээд бас л олон жил болчихлоо шүү?

-Дэд төвүүд 2013 оноос хойш явсан. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ард гарах гэж л ийм урт хугацаа зарцуулж байна.

-Энэ удаагийн Нийс лэлд урьд хожид байгаагүй төсөв баталсан гэж байгаа.Танай нам бүлэгтэй ч гэсэн хэт цөөн төлөөлөгчтэй. Тэгэхээр эрх баригчид та хэдийн зөвлөгөө, үгийг хэр авч байна?

-Төлөөлөгч болгон л хуралдаан дээр үгээ хэлэх эрхтэй. Гол нь олонхын саналаар асуудал шийдэгдэнэ. Үүн дээрээ л цөөнх болчихоод байгаа болохоос биш хангалттай л үгээ хэлж байгаа. Нийт 5.8 их наяд төгрөг. Бараг 50 хувь үнэт цаасны хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалт, бонд, зээл гээд явж байгаа. Тэгэхээр энэ их мөнгөөр асуудлуудаа л хурдан шийдэх хэрэгтэй байна. Ялгаагүй л би, миний үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд амьдарч байгаа хот. Нэг өдрийн өмнө ч гэсэн хот түгжрэл, утаанаасаа салах ёстой. Үүний төлөө л зорьж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Татварыг багасгаж, аж ахуйн нэгжүүдээ чөмөг суулгах хэрэгтэй байна DNN.mn

Оны төгсгөлд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Татвар, нийгмийн даатгалын хуулиудыг эргэж харна” гэсэн нь олон хүнд итгэл төрүүлэх шиг боллоо. Учир нь өнөөдөр монголчууд татварын дарамтад бүрэн орсон. Аж ахуйн нэгжүүд өндөр татвараа төлөхийн тулд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмснээр тэр нь иргэдийн шууд худалдан авалтад нөлөөлөөд удаж байна. Үе үеийн эрх баригчид, Засгийн газар татварыг бууруулна гэсэн амлалтаар гарч ирдэг. Өнгөрсөн удаагийн Их хурлын сонгуулиар ч гэсэн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь татварт чиглэсэн байсан. Харин сонгуулийн үр дүнгийн дараа гурван нам эвсэж засаг байгуулсан. Үүнийг зарим нь сөрөг хүчингүй боллоо, хяналтгүй учраас идэж уух нь хэрээс хэтэрнэ гэж үзэж байгаа. Гэвч нөгөө талдаа харин ч хяналт нь сайжирч, намуудын мөрийн хөтөлбөрт туссан томоохон бодлогууд хэрэгжих болов уу гэсэн хүлээлт байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс л шинэ оны босгон дээр хэлсэн Ерөнхий сайдын үгнээс олон хүнд бага ч гэсэн итгэл төрөөд байгаа хэрэг. Гэвч энэ бол өнөөдөртөө үг төдий, ямар нэгэн байдлаар ажил хэрэг болоогүй байгаа гэдгийг тодотгон хэлэх хэрэгтэй. Ёстой л нөгөө “Хөгжил дэвшлийнхээ гараан дээр…” гэдэг шиг уран гоё үг болоод өнгөрчих вий гэсэндээ тодотгоод байгаа юм.

Тэгвэл эвсэн нэгдэж засаг байгуулсан гурван нам найм дахь удаагийн Их хурлын сонгуульд оролцохдоо татварын талаар юу гэж онцолсныг цухасхан авч үзье. МАН-ын хувьд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг таван хувь болгон бууруулна. Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжинэ. НӨАТ-ын хуулийн шинэчлэлтийг олон улсын жишигт хүргэнэ хэмээн амласан. Харин Ардчилсан нам “Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулна. НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ. Боловсролын тэтгэлэгт зарцуулсан аж ахуйн нэгжийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй” зэргээр тусгасан байна. Тэгвэл ХҮН нам аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын босго дүнг зургаан тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэхээ амлажээ. Мөн тус нам бичил, жижиг, дунд, гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжинэ гэж тусгасан байгаа юм. Энэ бүхнийг онцлон дурдаад байгаа нь өнөө л татварын дарамт хүнд байгааг эргэн сануулах, засагт хамтарсан намууд амлалтаа биелүүлэх ажлыг одооноос эхлүүлэхийг шахах гэсэндээ юм.

Монгол Улс өнөөдөр 10 жилийн өмнөхөө бодвол мөнгийг олж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч, улсын төсөв үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Мэдээж энэ нь олон улсын зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн тогтвортой өсөлт, манай улсын гаргах чадамж нэмэгдсэнтэй холбоотой. Дээрээс нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн. Гэвч яг ийм л үедээ аж ахуйн нэгжээ татвараар дэмжээд өгөх хэрэгтэй байна. Төдийгөөс өдий хүртэл “Амаргүй цаг хугацаа”-г туулаад ирсэн цөөхөн хэдэн компаниудаа одоо л нурууг нэг амраах ёстой. Чөмөг суулгах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд тэднээс олон хувийн, их хэмжээний татвар нэхэх боломжтой. Тэгэхгүй бол авахын дон шүгэлчихсэн юм шиг байнга аваад байхаар аж ахуйн нэгжүүд чинь өндөр татварын хувь хэмжээ, төлөхгүй бол хэрэгжүүлдэг журмуудаас чинь болоод сөхөрчих гээд байна. Тэгэхээр албан журмын болгочихсон олон татварт нь нуруугаа авахуулаад сөхөрдөг дээрээ тулчихсан олон газрыг нэг амьсгаа авахуулах нь ирээдүйд хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь нүүрснээс хамааралтай. Харамсалтай нь нүүрсний эрин үе өдөр, цагаар шахагдаж байгаа. Дэлхий нийтээрээ ногоон, аюулгүй гэдэг уриагаар алхам тутмаараа нүүрснээс татгалзаж байгаа нь бидний анхаарах ёстой зүйл мөн. Тийм болохоор нүүрс үнэтэй байгаа, худалдан авагч байгаа энэ цаг үед нь бид татварын бодлогоо нийтээр нь эргэж харах хэрэгтэй.

Монголчууд өнгөрсөн удаагийн сонгуулиар 126 гишүүн сонгосон. Үүнийхээ үр шимийг одоо л хүртэх хэрэгтэй. Зарим нэг нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлаад эхэлсэн байна лээ. Эдгээр нь сайшааж болмоор ч нийт ард түмэн, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд тэр бүр хамааралтай биш л байна. Тэгэхээр жирийн нэг лангуу ажиллуулдаг иргэн, таван хүн цалинжуулдаг нөхөрт бодитоор мэдрэгдмээр татварын реформыг хийх нь зүйтэй. Олон улсаас гайгүйхэн мөнгө олж байгаа энэ үеэ л ашиглаад ав гээд байгаа хэрэг. Учир нь ирээдүйд учирч болох эрсдлээс нуруу нь амарсан, чөмөгтэй болсон аж ахуйн нэгж, компаниуд чинь энэ улсыг аварна. Хөл дээр нь бат зогсооно. Тиймээс хамтарсан засаг байгуулалцсан гурван нам, эдгээр намын дарга нар, тэдгээрийн нэрээр Их хуралд сонгогдсон гишүүд одоо л нэгдэж татварыг эрс багасгаж, бодлогынх нь хэмжээнд тулж ажиллах хэрэгтэй байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ