“No war”, “No doublestandart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.
-Таныг прокуророос Сүхбаатар дүүрэг дотор No war gallery-гаас өөр газраар зорчихыг хориглосон гэсэн. Яагаад тийм шийдвэр гарсан юм бол?
-Намайг Сүхбаатар дүүрэгт л зорчих эрх бүхий шийдвэр шүүхээс гаргасан шүү дээ. Түүний хэрэгжилт нь үргэлжлээд явж байгаа. Би өөрөө Сүхбаатар дүүргийн оршин суугч. Миний албан ёсны хаяг энд. Шүүхээс үүнийг үндэслээд энэ дүүрэгт л зорчихоор эрх хязгаарласан. Би хүүхдүүдийнхээ сургууль секц дамжаанд зөөх, өндөр настай эмээгээ асран халамжлах зорилгоор Хан-Уул, Баянгол дүүрэг рүү зорчих бүсчлэлийг нэмж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний баримт сэлт, нотлох хавсаргалтын биелэлтийг хангаад Сүхбаатар дүүргийн прокурор руу явуулж байгаа юм. Тэгтэл долдугаар сарын 3-ны өдөр намайг Хан-Уул дүүрэг рүү шилжүүлж, зорчих хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг СБД-ийн прокуророос гаргачихсан. Намайг хаягийн бүртгэлтэй дүүргээс маань хүчээр хөөж байгаа юм. Шүүхийн шийдвэрийг даваад хууль бус тогтоол прокуророос гаргачихсан. Таван өдрийн зайтай хоёр тогтоол гаргасан. Нэгдүгээрх нь долдугаар сарын 3-нд, нөгөөх нь долдугаар сарын 7-нд.
-Яагаад хоёр тогтоол гаргасан юм бэ?
-Долдугаар сарын 3-ны өдрийн тогтоол нь тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн учраас дээд шатны прокурор нь хүчингүй болгож шийдсэн. Тэгснээ долдугаар сарын 7-ны өдөр дахин тогтоол гаргасан. Тэр тогтоол нь дахин Хан-Уул дүүрэг рүү шилжүүлнэ гэсэн агуулга бүхий байгаа юм. Тэгж тогтоол гаргахдаа намайг СБД-ийн нутаг дэвсгэрээр зорчиж болохгүй. Зөвхөн No war gallery руу л очих чиглэлтэйгээр тогтоолоо гаргасан.
-Таны ажил, амьдрах байр, орон сууц бүгд СБД-т шүү дээ. Шилжих боломжтой юм уу?
-Боломжгүй шүү дээ. СБД-ийн оршин суугчийг дүүргээс нь хөөж гаргангуутаа ганцхан No war gallery руу очиж болно гээд байгаа юм. Цаад зорилго нь ойлгомжтой. Тодорхой газрууд руу очуулахгүй байх, энэ дүүргээс хөөж гаргах агуулгатай үйл ажиллагаа явчихаж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өдөр тутам юу болж байдаг вэ гэхээр очоод өдөржин суугаад нөхцөл байдлыг ажиглахад, нэг зүйл ил болдог. Яагаад гэвэл надтай адил зорчих эрх хязгаарлуулсан хүмүүс бүсчлэлийг Улаанбаатар хотоор тогтоож өгөөч гээд л тогтоолгочихдог. Тийшээ явмаар байна гээд л хүссэн газрынхаа бүсчлэлийг нэмүүлдэг. Эсвэл тийшээ явмаар байна гээд хүссэн газрынхаа байршилд, чиглэлийг нэмүүлж, бусад дүүргийг өргөтгөх хүсэлт гаргаад нэмүүлж байдаг. Тэгтэл иргэн Э.Одбаяр гэдэг хүн дээр болохоор маш өндөр хяналт шалгалт тавьдаг. Миний бүх зүйл баримтаар баталгаажиж байгаа. Үндсэн хаяг байршил, хүүхдүүдийн сургууль, секц дугуйлан, эмээгийн маань хаягийг албажуулаад, баталгаажуулаад авдаг. Миний амьжиргааны эх үүсвэр болсон ажил мэргэжил СБД-т үргэлжилдэг. Байр орон сууц энд бий. Одоо жишээлбэл, намайг өнөөдөр (өчигдөр) энэ дүүргээс гар. Хан-Уул дүүрэгт оч гэж дөнгөж сая над руу залгаж байна. Учир байдлаа тайлбарлаад хэлэхээр ойлгож байна гэдэг. Үүнээс өмнө СБД-ийг хариуцсан алба хаагчтай би харилцаж байсан. Нөхдүүд ойлгож байна. Даанч прокурор ийм шийдвэр гаргачихлаа гэдэг. Тэр та нарын асуудал. Наад шийдвэрийг чинь шүүх гаргах ёстой. Албан бус тогтоолоор би явахгүй гэдгээ хэлсэн. Үүн дээр ямар зүйл яваад байна гэхээр прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг давж тогтоол гаргаад, хэрэгжүүл гэж шаардаад байгаа юм. Хэрвээ Э.Одбаяр гэж хүнийг хуучныхаар нутаг заадаг байсан. Тийм үйл ажиллагаа болох гэж бол энэ нь хуулийн хүрээнд албан ёсоор шүүхээс шийдвэр гарсан байх ёстой. Гагцхүү шүүх миний хаана амьдрах, эс амьдрахыг шийдэх ёстой байгууллага. Нэг прокурор юм уу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нэг тогтоол үйлдээд хүний хаана байх, хаашаа орж гарах, явахыг заагаад байж болохгүй. Жишээлбэл, хүнийг цагдан хорихыг шүүхийн тогтоолоор шийдэж байгаа биз дээ. Би СБД-т нэг ёсондоо хоригдож байгаа гэсэн үг. Тэгэнгүүт намайг хорьж саатуулж байгаа газрын нөхөд дур мэдэн шийдэж байгаа үйл явц болоод байна. Тэгсэн хэрнээ бусад хүмүүсийн хүсэлтийг шийдээд, хангаад байгаа юм.
-Та энэ талаар шүүхийн байгууллагад хандсан уу?
-Улсын ерөнхий прокурорын газраас нь мэдэгдэл хийж намайг гүтгэсэн. Э.Одбаярын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүрэг рүү шилжүүлсэн болохоос ОХУ-ын элчин рүү очихыг хязгаарласан асуудал байхгүй гэсэн улстөрийн агуулгатай мэдээллийг хэвлэлийн бага хурал зарлаж байгаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан. Бүр тусгайлан энэ талаар мэдэгдэл хийж байгаа юм.