Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тулгаа: Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрд бий DNN.mn

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаатай ярилцлаа.


-Дэлхийн стандартын өдрийн мэнд хүргэе. Манай улсын хамгийн анхны стандартыг хэзээ баталж байсан бэ. Ямар стандарт байдаг юм бол?

-1929 онд Сайд нарын зөвлөлөөс Ардын засгийн газарт арьс ширийг судалж, стандартыг боловсруулах чиглэл өгсөн. Ингээд 1930 онд Ардын засгийн газар тухайн үеийн Худалдааны яаманд үүрэг өгсөн. Улмаар 1931 оны есдүгээр сарын 6-нд анхны стандарт болох тарваганы арьсны стандарт батлагдсан. Энэхүү стандартаар тарваганы арьсыг хэмжээ болон сор, чанар гэсэн хоёр үзүүлэлтээр нэгээс дөрөв хүртэл ангилсан байдаг.

-Өнөөгийн байдлаар Монгол Улсад нийт хэдэн стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 6688 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэг жилд 150-200 стандартыг Стандартчиллын техникийн болон дэд хороогоор хэлэлцүүлэн баталж, олон нийтийн хэрэглээнд гаргаж байна.

-Дэлхийн хэмжээнд нийт хэдэн стандарт байдаг юм бол?

-Олон улсын стандартыг боловсруулан баталдаг Олон улсын стандартчиллын байгууллага (ОУСБ) гэж бий

Энэ байгууллагын баталсан 25613 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. ОУСБ 172 гишүүн оронтой. Гишүүн орнууд нь тухайн стандартыг харах, 1х1-ээр үндэсний стандарт болгох боломж бололцоог бий болгож байна. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд холбогдох олон улсын стандартыг мөрдөх, үндэсний хэмжээний баримт бичигт ашиглах үүрэг хүлээдэг.

-Манай улс дээрх байгууллагад нэгдсэн үү. Нэгдсэн бол хэдэн онд вэ?

-Монгол Улс ОУСБ-д 1979 онд 86 дахь гишүүнээр элсэн орсон. Жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдрийг ОУСБ-ын ерөнхийлөгч Парук Сунтэр анх 1970 онд санаачлан тэмдэглэж эхэлсэн. Энэ жил тэмдэглэж эхэлсний 54 жилийн ой тохиож байна.Монгол Улс 1997 оноос эхлэн Дэлхийн стандартын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна.

-Стандарт амьдралд ямар хэрэгцээтэй байдаг вэ?

-Стандарт бол таны хоол гэсэн үг. Таны идэж байгаа хоол хүнс аюулгүй байдлын үзүүлэлтийн шаардлагуудыг хангасан эсэх, таны өмсөж байгаа хувцсыг биед тань харшил өгөхгүй материалаар хийсэн эсэх, ажил руугаа орохдоо баталгаатай цахилгаан шатанд сууж байгаа эсэх стандартын дагуу барьсан орон сууцанд ажиллаж амьдарч байгаа юу, таны алхаж байгаа явган хүний зам хоёр хүн зөрөх хэмжээний зай талбайтай юу гэх мэт бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа бүх зүйл стандарттай. Энэ стандартыг Монгол Улсын нийт иргэд ашигладаг. Бид амьд явах эрхтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа бол стандарт. Энэ баталгаагаа хүмүүс мэддэг байх ёстой. Иргэд стандартыг төрөөс нэхдэг. Стандартыг сонирхогч талууд зөвшилцсөний үндсэн дээр боловсруулдаг юм. Иргэн, ААН стандартыг боловсруулж бид тэрхүү стандартыг техникийн хороогоор хэлэлцэж, батлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгэхээр улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, боловсруулагдсан стандартад санал өгөх, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрд бий. Үүнийг бид хамтдаа л хийх ёстой. Тиймээс хэн нэгнээс хариуцлага нэхэх шаардлагагүй.

-Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүргийн тухайд та юуг хэлэх вэ?

-Стандарт, хэмжилзүйн газар 21 аймагт салбартай, нийт 700 гаруй албан хаагчтай байгууллага. Бид зөвхөн чанарыг түгээдэг, чанартай гэдгийг тодорхойлдог байгууллага биш, дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм. Үүнд, нэгдүгээрт, стандартыг хэлэлцүүлэх, батлах, мэргэжлийн арга зүйгээр хангах, олон улсын стандартын байгууллагатай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хоёрдугаарт, хэмжил зүй буюу хэмжих зориулалттай нэг сая дөрвөн зуун хэмжих хэрэгслийг баталгаажуулах үйл ажиллагааг хийж байна. Гуравдугаарт, хүмүүсийн эдэлж хэрэглэдэг алт мөнгөн эдлэлийг шинжилж сорьцын тэмдэг тавьж баталгаажуулж байна. Дөрөвдүгээрт, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах үйл ажиллагааг хийж ажиллаж байна. Тавдугаарт, дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан эсэхийг шинжлэх лабораторийн үйл ажиллагааг эрхэлж байна.

-Манай улсад олон улсын стандартыг нэвтрүүлсэн хэдэн байгууллага байдаг юм бол?

-Олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага гэдэг асуулт нь өөрөө хоёрдмол утгатай. Дийлэнх олонхын ойлголтоор энэ нь менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн талаарх асуулт байдаг. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг судалж өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсний дараа үнэлгээ хийлгэдэг. Тохирлын үнэлгээг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн тохирлын үнэлгээний байгууллагууд хийдэг. Нэг жилд 100 гаруй ААН тохирлын гэрчилгээ авдаг гэсэн баримжаа тоо байдаг.

-ААН-үүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тухайн бараа нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой юу?

-Олон улсын худалдаанд техникийн саад үүсгэхгүй байхын тулд стандарт техник зохицуулалт, тохирлын гэрчилгээ гэдэг зүйл зайлшгүй шаардлагатай. Дээр хэлсэнчлэн стандартыг баримталдаг аль болох олон улсын стандартыг мөрдөхийг зөвлөдөг. Аливаа бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаснаар тохирлын гэрчилгээ авдаг тухай ярьсан шүү дээ. Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг л хүлээн авагч улс орон худалдаж авдаг. Экспортолсон бүтээгдэхүүнийг худалдан авагч орон нь тухайн бүтээгдэхүүн ямар стандарт шаардлага хангасан, мөн үүнийг нь нотлох тохирлын гэрчилгээг шалгаж байж хүлээн авдаг.

-Стандартад нийцсэн эсэх талаар хяналт шалгалтыг ямар байгууллага хариуцдаг юм бол?

-2022 оноос өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг байгууллага байлаа шүү дээ. Энэ байгууллага бүхий л салбарт хяналт тавин ажилладаг байсан. Одоо яамдууд салбарынхаа стандартын хяналтыг хийж ажилладаг болсон. Яамдад Салбарын хяналтын газар гэж бий. Тухайн газарт улсын байцаагч нар ажиллаж байгаа. Мөн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Монополийн эсрэг газар энэ тал дээр ажилладаг.

-Ямар стандартыг хамгийн сайн стандарт гэж үздэг вэ?

-Бүх стандарт сайн. Хүн бүдэрч унахаараа явж байсан замаа буруутгах хандлагатай байдаг. Гол нь иргэн, ААН-үүд стандартын талаар мэдлэг ойлголтоо сайжруулж хэрэглэдэг болох, хариуцлага нэхдэг болох хэрэгтэй.

-Стандартыг ямар тохиолдолд шинэчилдэг вэ?

-Стандарт бол нэг баталчихаад хэрэглээд л байдаг баримт бичиг биш. Стандарт, хэмжил зүйн газар, хоёроос дээш байгууллага санал гаргасан тохиолдолд стандартыг шинэчлэх ажлыг хийдэг. Мөн тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааран шинэчлэх шаардлагатай бол шинжлэх ухаан техникийн түвшний үзлэг (systematic review) хийдэг. Энэ үзлэгийг тогтмол хийж байх ёстой. Үзлэгийн дүнгээр салбарууд Стандарт, хэмжил зүйн газартай хамтраад шинэчлэх шаардлагатай стандартын тоог гаргадаг. Сүүлийн жилүүдэд Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уул уурхай, эрүүл мэнд, хүнс, зам тээвэр, барилгын салбарын нийт 2031 стандарт орчин үеийн шинжлэх ухаан техникийн түвшинд үзлэг зохион байгуулсан. 2031 стандарт гэдэг бол Монгол Улсын нийт стандартын гуравны нэг нь. Үзлэг хийгээд 150 орчим стандартыг хүчингүй болгож, дахин энэ тооны стандартыг шинээр болон шинэчлэн баталсан. Мөн шинэчлэх шаардлагатай стандартуудыг шинэчлээд тухайн жилийн төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байгаа. Бид амьдралд нийцэхгүй стандарт гаргаад байгаа хэрэг огт биш. Гол нь хэрэглэж байгаа ААН-үүд маань ашиг тусыг нь ойлгохгүй, хэрэглэх аргаа олохгүй байна. Хэрэв аргаа олчихвол таны амьдралын баталгааг хангадаг баримт бичиг. Тиймээс стандартчиллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг иргэдээсээ хүсмээр байна.

Ө.АНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *