Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жаргалсайхан: Чанар, стандарт нь үнэхээр сайн байвал хувцсыг олон удаа өмсөж хэрэглэх боломж бий DNN.mn

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн багш Г.Жаргалсайхантай уулзаж өнөө цагийн хувцас дизайны талаар ярилцлаа.


-Та энэ сургуульд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Танай сургуулийн онцлог гэвэл?

-Би энэ сургуульд 23 дахь жилдээ ажиллаж байна. Манай сургуулийн онцлог бол биднийг зориод ирсэн суралцагчдад бүх төрлийн буюу 34 мэргэжлийн боловсрол эзэмшүүлээд зогсохгүй мэргэжлийн чиг баримжаа олгодог гэдгээрээ онцлогтой. Товчхондоо илүү ур чадварт суурилсан сургалтыг зохион байгуулдаг гэдгээрээ манай сургууль онцлогтой.

-Та энэ сургуульд 23 жил тасралтгүй багшилж байна гэж хэллээ. Хувцас бол дэлхий ертөнцийн соёл. Энэ том соёлоос шүүрдэж авч байгаагийн хувьд энэ соёлыг хүнд түгээхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай юм шиг санагддаг вэ?

-Хувцас гэдэг бол хүний нэн тэргүүний хэрэгцээний нэг. Бидэнд хоол унд, амьдрах орон сууц хэр их хэрэгтэй байдаг билээ. Яг үүн шиг хувцас бол хэрэгцээ. Нөгөө талаасаа хувцас бол хүнийг илэрхийлэх илэрхийлэмж. Сүүлийн үед өмсөж байгаа хувцасных нь чиг хандлагаар нь тухайн хүний сонирхол, стиль гэх мэт зүйлсийг харж, ойлгож чаддаг болчихсон. Энэхүү мэргэжлийг эзэмшээд бусдад түгээн дэлгэрүүлээд ажиллаж байгаа хүний хувьд хувцас бол ерөөсөө л бидний нэг хэсэг юм. Бидний харагдах, хүнд ойлгогдох байдлыг төрүүлэхүйц тийм чухал зүйл гэж хувцсыг үнэлж хэлмээр санагддаг.

-Ер нь хувцасны чиг хандлага ямар болж байна вэ. Хуучин бол загварын ертөнцийг, телевизийн нэвтрүүлгийг харахад дизайнерын бүтээсэн хувцсыг хүн өмсөөд гадуур явахад бусдад таалагдахаар өнгө сонголттой байсан. Одоо бол гудамжаар алхахдаа өмсөх нь бүү хэл, тоотой цөөхөн юман дээр өмсөхөөр л стильтэй харагддаг болжээ?

– Хуучин бол өдөр тутмын, гоёлын, тэмцээн уралдаанд зориулсан авангард буюу уран сэтгэмжийн хувцаснууд гэж үйлдвэрлэж гаргадаг байсан. Одоо хувцас үнэхээр чөлөөтэй болсон. Хувцас бол хүний илэрхийлэмж болоод байгаа. Тэр байтугай ердийн байгаа хувцсыг хооронд нь загварчлан, зохицуулан өмсөнө гэдэг хүртэл их өөр ойлголт болсон. Хуучин бол бид костюмын брюкин өмд дээр сорочкан цамц өмсдөг гэх нийтлэг ойлголттой байсан бол одоо бүр эрс тэс өөр болсон. Тухайн хувцсыг яаж л бол яаж зохиомжилж өмсөж болно.

-Өнгөний хувьд таван өнгөнөөс дээш бол алаг эрээн болж байна, гурван өнгө байхад л болно. Нэг өнгөний дагуу ууссан байх хэрэгтэй гэх мэт юм яригддаг байсан шүү дээ?

-Тийм ойлголт байхын хувьд байгаа. Гэхдээ бид хаана, ямар төрлийн хэрэгцээ шаардлагаар хувцас өмсөх гэж байгаа вэ гэдгээ бодолцох хэрэгтэй. Жишээ нь, төрийн өндөр арга хэмжээнд оролцох гэж байгаа бол олон өнгийн, чөлөөт стилийн хувцас төдийлөн зохимжгүй шүү дээ. Харин өдөр тутмын амьдрал ахуйдаа бол загвар хийц гэхээсээ илүүтэй хүн өөрийнхөө хүссэнээрээ зохицуулан өмсөх боломжтой. Ерөнхийдөө хувцасны чиг хандлага, өнгөний чиг хандлага чөлөөтэй болсон байгаа. Тухайн жилүүдэд тренд өнгө, загварууд гэж байдаг.

-Бид “Хувцас бурхан, бие чөтгөр” гэж ярьдаг. Цаг үеэ дагаад хувцасны материалд ямар өөрчлөлт орж байна вэ. Одоо бүс даавууны хувьд сонголт нь ямар болсон бэ?

-Ер нь бол үүнийгээ дагаад материал судлал гэж биеэ даасан асар том шинжлэх ухаан байдаг. Бас маш том үйлдвэрлэлийн салбар. Үүнийгээ дагаад материалд ч гэсэн их өөрчлөлт орсон. Хуучин бол бидний мэддэг ноосон даавуу гэхээр нарийн, бүдүүн ноосон даавуу, торго, үйтэнхуар л байдаг байлаа. Харин одоо олон төрлийн хольцтой. Дээлийг ганцхан торгоор биш, маш нимгэн капорон материалтай хослуулдаг. Янз бүрийн хосолгоо хийдэг ийм чиг хандлага гараад ирсэн. Материалын хувьд маш олон төрлийн комплекс материал, нано технологиор хийгдсэн материал гээд өргөн сонголттой болсон байгаа. Манайх дотооддоо даавуун нэхмэлийн үйлдвэрлэл хязгаарлагдмал. Монголд ноос, ноолууран даавуунууд түлхүү боловсруулагдаж гарч байна. Бусад төрлийн материал түүхий эдийг гаднаас авдаг. Гэхдээ үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань олон төрлийн сонголтыг гаднаас оруулж ирж байна. Энэ талдаа бид чөлөөтэй. Хуучин бол зөвхөн урдаас авдаг байсан бол одоо Солонгос, Итали гэх мэт орнуудаас авч болж байна.

-Хувцасны соёл түглээ. Дэлхий нийтийн чиг хандлага өөр болж байна гэж та сая хэллээ. Энэ нь хүний эрүүл мэндтэй яаж холбогддог вэ?

-Ер нь бол хувцас үйлдвэрлэхэд шаардлага гэж зүйл бий. Тухайн хувцсыг хэн, хэзээ, хаана, ямар зориулалтаар өмсөх юм бэ гэдгээсээ хамаарна гэсэн үг. Зөвхөн нэг удаа гоёлын зориулалтаар өмсөх хувцас бол эрүүл ахуй, эдэлгээний шаардлага гэхээсээ илүүтэй гоо зүйн шаардлага нь түлхүү байдаг. Тэгвэл бидний өдөр тутамдаа өмсдөг цамц, даашинз, хөнгөн хувцаснуудад илүү эрүүл ахуй талаас нь анхаарах хэрэгтэй. Манай үйлдвэрлэгчид юуг сайн мэдэж байх ёстой вэ гэвэл миний хийж байгаа хувцсыг ямар зориулалтаар өмсөх юм бэ, өмсөх давтамж нь ямар байх юм гэдэг нь бас их хамаатай. Тэмцээн уралдаанд зориулсан уран сэтгэмжийн зориулалттай хувцаснууд дээр бид материалын хосолгоог чөлөөтэйгөөр гаргаж өгөх боломжтой. Гэтэл өдөр тутмын хувцсан дээр ийм зүйлийг оруулаад ирвэл бидний эрүүл ахуй нэн тэргүүний байх ёстой учраас тэр шаардлагыг зарим тохиолдолд хангахгүй болчихдог. Тиймээс хэрэгцээ шаардлагаа сайн мэдэж байж л үйлдвэрлэл явуулах учиртай.

-Брэндийн төлөө нэг үе хүмүүс шуурдаг байлаа. Брэндийн давуу тал ер нь юу байдаг вэ. Сүүлийн үед хүмүүс биед эвтэйхэн, гүйж харайхад хүртэл тохиромжтой хувцсыг өмсөх нь их болсон байна?

-Төрөл бүрийн бренд бий. Гэхдээ “брэнд” гэдэг үгний хамгийн эцсийн үр нь хүний биед хор хөнөөлгүй, өмсөхөд тааламжтай, бүтээгдэхүүний чанар стандартыг зуун хувь хангасан бүтээгдэхүүн байх ёстой. Брэндийн бүтээгдэхүүн андашгүй байдаг. Мэргэжлийн үүднээс харж чадвал оёдлын эхлэл төгсгөлийн бөхөлгөө, стандарт хэм хэмжээ хэтрээгүй байдаг. Наад зах нь нэг товч байхад хэдхэн товчилсны дараа товч нь мултрахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр брэнд гэдэг бол материал, хийц технологи, загвар, эдэлгээ зэрэг нь хүний хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнээс дээш байхуйцаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

Гэтэл сүүлийн үеийн чиг хандлагаар гадны орноос манайд хувцас эдлэлүүд маш ихээр орж ирж байгаа. Эдгээр нь өмсөхөд тааламжтай, үнийн хувьд боломжийн байдаг ч өмсөөд эдлэх явцад хэлбэрээ алддаг, өнгө нь гандчихдаг, угаалгын явцад тэсвэргүй, сунадаг, манайхны хэлдгээр “бүрзийлт, бөөсрөлт” үүсдэг. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүний хувьд ч, дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хувьд ч тэр чанар, стандарт, хэрэгцээ, шаардлага гэдэг зүйлийг нэн тэргүүнд болгочихвол бүх бүтээгдэхүүн брэнд байх боломжтой.

-Хувцас байгальд шингэж, алга болохдоо 30-40 жил орчим болдог. Тэгвэл хөгжилтэй орнууд хувцсыг дахин боловсруулж гаргаад байна. Энэ нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

-Энэ нь эрүүл ахуйн талаасаа төдийлөн шаардлага хангахгүй. Гэхдээ дахин боловсруулах үйлдвэрлэлийн технологи ямар байна вэ гэдгээс шалтгаална. Дахин боловсруулахдаа ямар түүхий эд, технологи ашиглаж байна, ямар ариутгал хийж байна вэ гэдгийг нарийн мэдэхгүй болохоор шууд үгүйсгэх учир дутагдалтай. Процессын хувьд дахин боловсруулалт хийнэ гэдэг нь хуучин хувцасны бохирдлыг устгана, ариутгана, бутлаад дахин боловсруулна гэдэг технологи. Үүн дээр жишээ болгоод дурдахад, япон торго гээд япон хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан “кимоно” маш ихээр орж ирж байгаа. Нэг талаасаа энэ нь зөв. Даавуун эдлэл хэдий байгалийн гаралтай боловч маш удаан задарч алга болдог, тэр талаасаа бол зөв гэж бодож байна. Гэхдээ үнэрийг нь дарахын тулд бодис хэрэглэдэг.

Бид өөрсдөө сургууль дээрээ үүнийг ашигласан. Үйлдвэрлэл сургалтын хичээл дээрээ хоёр дахь түүхий эдээр юм хийх гээд туршиж үзсэн удаатай. Тэгэхэд бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ гэвэл хүүхдүүд харшилсан, би өөрөө хүртэл тэр даавууг барихад гар хорсоод загатнасан. Тэгээд болохгүй юм байна гээд бүгдийг нь устгалд оруулчихсан. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл дахин боловсруулалт бол ямар технологи ашиглаж байна гэдгээсээ хамаарна. Манай улсын ноос ноолуурын дахин боловсруулалт дээр ч ийм алдаа гардаг. Ноолууран цамц урагдаад, эсвэл загвар хийц нь хуучин болчихдог. Тэгэхээр нь бид утсыг нь хөвүүлээд эргээд цамц, бусад хувцас эдлэлийг хийлгэдэг. Гэтэл утас нь хөврөх үедээ байх ёстой хэмжээнээсээ нарийсдаг, тасардаг тохиолдлууд байдаг. Үүнээс болоод хоёр дахь хийсэн бүтээгдэхүүний эдэлгээний чанар нь буурч, үнэ нь хямд болдог. Гэхдээ ийм чиг хандлага руу яваад байна гэдэг нь мэдээж байгальд ээлтэй, эко зүйл. Гэтэл бид шкаф дүүрэн хямдхан хувцастай. Чанар стандартын шаардлага хангасан хувцас худалдаж авахаасаа илүү сэтгэл хөөрлөөрөө, хэн нэгэнд гоё харагдах гээд худалдаад авчихдаг. Тэгээд хэрэгцээгүй, нэг удаа өмссөн, хаях гээд ч хаяж чаддаггүй хувцас хүртэл байдаг шүү дээ. Тиймээс чанар, стандарт нь үнэхээр сайн байвал хувцсыг олон удаа өмсөж хэрэглэх боломж бий.

-Хүмүүс залуу байхад юу ч аваад өмссөн сайхан зохидог байжээ гэж ярих дуртай. Энэ юутай холбоотой вэ?

-Тийм, ямарч хувцас өмссөн ч биед тээргүй. Хувцасны эрүүл ахуй гэсэн бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Аливаа хувцас нь хүний биед даралтыг өгдөг. Бид өдөржин бариу хувцас өмсөөд явж байгаад тайлахаар бие сайхан тавирдаг. Хувцас хүний биед суугаагүйгээс үүдэн биед даралт, дарамт өгдөг. Энэ нь хувцас үйлдвэрлэлийн стандарт, технологитой холбоотой. Тэрхүү шаардлагуудыг л хангасан хувцас үйлдвэрлэх хэрэгтэй.

-Монголчууд ноолууран хувцсаараа дэлхийд танигдсан. Энэ бол эко бүтээгдэхүүн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалдаг. Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд худалдан авалт хийе гэхээр үнийн хувьд харьцангуй өндөр байдаг. Энэ юунаас болдог юм бол?

-Нэгдүгээрт, манай улсын ноос ноолуурыг дэлхийн жишигтэй харьцуулбал үнийн хувьд харьцангуй гайгүй шүү дээ. Гаднаас ноолууран хувцас худалдаж авах үнэ дотоодоос ноолууран хувцас худалдаж авах үнийн хооронд айхтар зөрүү байхгүй. Гэтэл даавуун эдлэл хувцсыг манай улс дотооддоо үйлдвэрлэхээр үнэтэй зарагддаг. Үүнд материал, түүхий эд нөлөөлдөг. Манай улс дотооддоо үйлдвэрлэгч биш. Адгийн наад зах нь бид туслах материал буюу наалтаа ч дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй. Наалтын материалыг хүртэл бид импортолж авдаг. Гаднаас авахаар тээврийн зардал, татвар гэх мэтчилэн зардлууд нэмэгддэг. Дээр нь үйлдвэрлэл эрхлээд эхлэхээр үйлдвэрлэгчдэд маань янз бүрийн татварын дарамт үүсдэг. Өөртөө таван төгрөгийн ашиг олохын тулд бүтээгдэхүүний өртөг алхам тутамдаа өссөөр байгаад үнэтэй болдог.

Оёдлын түүхий эд, материал хил гаалиар татваргүй нэвтрэх хууль он гарснаас хойш хэрэгжиж эхэлсэн байгаа. Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хамтран энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийн даавуун эдлэлийн үнэ харьцангуй буурах байх гэж бодож байна. Гэхдээ үйлдвэрлэгчдэд нэг дутагдалтай тал байдаг. Эхлээд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд нь чанар, стандартын хувьд их дажгүй гарч ирснээ олонд танигдаад, хүмүүс авах гээд тэмүүлээд ирэнгүүт үнээ нэмчихдэг.

-Энэ бол Монголд ямар ч салбарт нийтлэг байдаг асуудал шүү дээ?

-Тогтвортой стандартын бодлого гэдэг зүйл манай улсад хэрэгждэггүй. Хэрэглэгч нь нэмэгдэнгүүт үнээ хөөргөдөг. Бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барьж чанар, дизайн, загвар, үнэ, материалын судалгааг тасралтгүй хийж, бараа бүтээгдэхүүнийхээ тоо ширхэг, төрлийг нь нэмэгдүүлэх, хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг судлаад түүнд тулгуурласан бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд анхаарч ажиллавал зүгээр санагддаг юм. Том үйлдвэрүүд тусгайлсан зориулалтын хувцсаа оёж байгаа. Харин жижиг цехүүд маань үсрээд л 300 хүний хэрэгцээг хангахын тулд ажилладаг. Жижиг цехэд чанар, стандарт ярих боломжгүй. Үйлдвэр томрох тусам тэнд тавигдах хараа хяналт, чанар стандартын асуудал өөр түвшинд яригдах боломжтой. Нэгдсэн кластерын системтэй, нэгдсэн үйлдвэрлэл манай улсад дутагдаж байна.

-Одоо дээлний бизнес утгаараа хөгжиж байна. Дизайн нь ч огт өөр болсон. Гэтэл үнэ нь тэнгэрт хадчихлаа. Монгол дээлний үнэ дээд тал нь 2 саяд хүрчихлээ. Энэ хөөрөгдсөн үнэ үү?

-Материалын сонголт их болсон. Гэхдээ үнийн хөөрөгдөл байгаа. Жиш ээ нь, нэг метр нь 60 мянган төгрөгөөр гаднаас орж ирж байгаа торго авлаа. Нэг эмэгтэй дээл хийхэд зургаан метр торго хэрэгтэй гэж бодоход 360 мянган төгрөг болно. Дээлийн дотор, эмжээр, товч зэрэг бусад материалаас хамгийн үнэтэй, тансгийг нь авлаа гэхэд 500 мянган төгрөг болно. Жижиг цех, хувиараа ажилладаг оёдолчид дээлийг оёж байгаа оёдлын хөлсөнд 160-170 мянган төгрөг авдаг. Тэгэхээр үсрээд үсрээд, хамгийн дээд үнэ нь нэг сая төгрөг болохоор байгаа юм. Гэтэл зарим дээл нь хоёр сая төгрөгөөр зарагдаж байна. Үүнд ялгаа байна уу. Ялгаа байгаа эсэхэд хэн хяналт тавих юм. Ийм л асуудал яригдаж байна. Үнэтэй болохоор нь энэ гоё дээл, сайн дээл гэдэг ойлголттой болчихсон байна. Гэтэл үгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүс л нарийн ширийнийг нь олж харна уу гэхээс үйлчлүүлэгчид өмсөж үзээд, өнгө үзэмжийг л хардаг. Тэгэхээр тогтсон чанар стандарттай баймаар байна. Улсын хэмжээнд мастер оёдолчин гэж байгаа. Энэ хүнийг улсаас нь шалгаруулаад гэрчилгээг нь өгөх хэрэгтэй. Энэ хүн чанартай хувцас л урлана. Мастер оёдолчинтой болохгүй бол оёдлын салбар маань жаахан задгай болж байна. Монгол эмэгтэйчүүд маань уран шүү дээ. Өөрсдөө дээлээ хийгээд өмсчихнө. Чанар стандартаа хаа хаанаа дагаж мөрдөөд, шаардаад ажиллавал аяндаа хэм хэмжээндээ ороод явчихаж болохоор асуудал.

Ярилцлагын төгсгөлд тэрбээр “Монгол дээлний амин сүнс нь товч шилбэ. Дээлийн нударга гэдэг хөх тэнгэрийг бэлгэдэж хөх өнгөтэй байдгийг өв соёлоо мэддэг хүмүүс мэднэ дээ.Тиймээс уламжлалт монгол дээлэн дээр эсэн бусын юм хадмааргүй байна” гэж хэлсэн. Өв соёлоо хадгалж үлдэхэд их учир оршдог ажээ.

Ярилцсан Н.СараНчИМЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *