Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Эрхэмбаяр: Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол юу ч гэж гарсан Үндсэн хууль дээр маргаан өрнөх болов уу DNN.mn

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг оны өмнө Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас УИХ-аар энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлаар хуульч П.Эрхэмбаяраас тодрууллаа.


-Даваагийн Цогтбаатар гишүүнийг дээд шүүхээс буруутай гэж үзсэн нь одоо яах билээ гэсэн эргэлзээтэй байдал үүсгээд байна. Тэгэхээр энэ асуудлыг хуульд хэрхэн яаж тусгасан байдаг талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ харилцааг зохицуулж байгаа эхний хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг. Дараагийн хууль нь Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дүгээр заалтаар тус тус зохицуулсан байна. Энд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилийн хугацаанаас өмнө дуусгавар болгох зургаан үндэслэлийг заасан байдаг.

Ерөнхийлөгчөөр сонгогд сон, хүндэтгэн үзэх шалт гаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, өвчтэйн улмаас ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн үндэслэлүүдээр бүрэн эрх нь дуусахаас өмнө эргүүлэн татаж болно. Тэгэхээр Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал бол гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэдэгт хамаарна. УДШ-ийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээн авч, тогтоол гаргах учиртай. УИХ руу орохын тулд мэдээж Ёс зүй, дэгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоор хэлэлцэх ёстой. Гэвч үүн дээр нэг эргэлзээтэй асуудал гарч ирнэ.

-Тэр нь юу вэ?

-УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө гэсэн заалт ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байх үедээ гэмт хэрэг үйлдээд, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон юм шиг уншигдаад байдаг. Гэтэл Даваагийн Цогтбаатар гишүүн чинь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа энэ асуудалд холбогдсон байгаад байдаг. Тэгэхээр үүний зааг ялгааг тайлбарлаж ярихын тулд Үндсэн хууль дээрээ эргэж очиж таарна. Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт орсон байдаг. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Их хурлын гишүүнээс эргүүлэн татна гээд нэмэлт оруулчихсан. Үүнээс өмнө шүүхээс гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон бол эргүүлж татна гэсэн зохицуулалт байсан юм.

-Тэгэхээр Даваагийн Цогтбаатар гэдэг хүнийг шүүхийн асуудалтай байхад нь сонгуульд өрсөлдүүлсэн нь эргээд ийм эргэлзээтэй байдал үүсгэчихээд байна гэх хүмүүс байгаа. Үүн дээр юу хэлэх вэ?

-Даваагийн Цогтбаатар гэж хүнийг шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэдэг агуулгынхаа хүрээнд УИХ-ын сонгуульд өрсөлдсөнийг буруутгах үндэслэл байхгүй гэж харж байна.

-УДШ-ийн шийдвэр албажаад ирсний дараа энэ асуудлыг УИХ хэлэлцэж таарна. Хэрэв чөлөөлсөн тохиолдолд нөхөн сонгууль болох уу?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болголоо гэхэд тухайн суудал дээр дараагийн арга хэмжээ авагдах байх. Яг өнөөгийн үүссэн нөхцөл байдал дээр Их хурлын тогтоолыг л хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ миний дурдсан Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь заалт дээр очиж маргаан өрнөх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оноос өмнө шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараад ирэх юм бол эргүүлж татах үндэслэл байсан юм байна. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр Их хурлын гишүүн болчихоод, энэ хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх юм бол эргүүлж татна гэсэн байдлаар тайлбарлаад маргаан үүсээд явахыг үгүйсгэхгүй. УИХ-аас ямар тогтоол гарах нь уу. Түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үү, үгүй юу гээд цаг хугацаа нэлээд орох болов уу л гэж бодож байна.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Лувсанжамц: Хашаандаа амьдрах хүмүүсийн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшинтай болох саналыг дэмжих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.


-Архитекторууд Монгол Улс хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогогүй явж ирснийг онцолдог. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Хот төлөвлөлтийн тухайд сүүлийн 20-иод жилд нэгдсэн төлөвлөлттэй байх ёстой гэж үзэх боллоо. Хот байгуулалт, барилгын яам хүн ам, нутагшил, суурьшлын болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө гаргаж, цэвэр бохир усаа хариуцдаг. Эрчим хүчний яам цахилгаан дулаан, дэд станцуудаа, Засгийн газар газар зохион байгуулалтаа, Зам тээврийн яам зам гэх мэтээ хариуцаж, нэгдсэн төлөвлөлтгүй болжээ. Хотын захиргаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөн гаргадаг. Эдгээр байгууллага нэгдсэн төлөвлөгөөтэй болвол хэрэгжүүлэхэд хялбар болно. Яамд төлөвлөгөө зохиох ажилд хамаг цагаа зарцуулж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хүний нөөцийн боломжгүй байна.

-Ямар төлөвлөгөө байх ёстой вэ?

-Улсын, хотын, орон нутгийн хэмжээний гэсэн гурван давхарга бүхий төлөвлөгөө байна. Улсын хэмжээнийх нь бүсчилсэн хөгжлийн, хотуудад хот суурины, аймгууд газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байна. Манай улс 20 гаруй аж үйлдвэрийн парктай. Зарим нь цэвэр устай ч бохир усгүй гэх мэт нэгдсэн төлөвлөлтгүй өнөөг хүрчээ. Японд бол Дэд бүтцийн яам нь ус, цахилгаан гэх мэт бүгдийг нэг дор төлөвлөдөг. Бид улсаараа нэг төлөвлөгөөтэй болж, нэг чиг рүү харахгүй бол “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжихгүй. 20 минутын хотыг анх санаачилсан хүн нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан. Хамгийн анх 1900-гаад оны эхээр Америкт энэ зарчмын дагуу 6000 хүнтэй дүүрэг бүрд сургууль, цэцэрлэг, сүм байх ёстой гээд барьж эхэлсэн. Оросууд үүнийг микро район гэж нэрлэж, манайд 3, 4 дүгээр хорооллыг энэ аргачлалаар байгуулсан. Гэвч сүүлийн жилүүдэд төлөвлөлт алдагдсан тул Нью-Йорк, Лондон хотууд түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудлуудтай нүүр тулан, одоо буцаад 20 минутын хот төлөвлөлт рүү чиглэж байна.

-Та хот төлөвлөлтийн доктор. Одоо ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Би Хот байгуулалтын тухай, Барилгын тухай болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хот байгуулалтын биш, Хот төлөвлөлтийн хууль болгон нэрийг нь өөрчилнө. Одоогийн хуульд төр хот байгуулах мэтээр бичжээ. Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатай. Японы нэг хотын жишээг ярья. Хотоо 12 бүсэд хуваагаад, бүс бүрээ өнгөөр ялган буддаг. Аль бүс орон сууцны хороолол байх, тэнд байшингууд нь хэдэн давхар байх, хаана аж үйлдвэрийн бүс байх вэ гэдгийг шийддэг. Хоолны газар байгуулах бол зөвшөөрөл авах шаардлагагүй, харин бүртгүүлдэг.

Хотын захиргаа нь газрын зургаа хараад, хаана хуушуур, шорлог хийж болох, болохгүйг л хэлдэг. Хот төлөвлөлт иргэдийн эдийн засгийн эрхийг хааж болохгүй, тэдэнд ажил хийх эрх чөлөө олгох ёстой. Стандартаа баталсан бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үздэг.

-Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэгчид маш олон зөвшөөрөл авдаг шүү дээ?

-Барилга барихдаа архитектур төлөвлөлтийн даалгавартаа, загвар зургийн, барилгын зөвшөөрөл авдаг. Барилгын хөгжлийн төв салбарынхаа хөгжлийг боомилогч, авлигын үүр болчихсон. Энд 15 хүн ажилладаг атлаа жилд 5200 зураг төсөл шалгадаг. Барилгаа барьсны дараа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж бас бөөн бичиг баримт бүрдүүлж, гарын үсэг зуруулдаг. Барилга барих явцад огт хянаагүй атлаа барьсных нь дараа хянаад зөвшөөрөл өгөх нь буруу. Хэрэв тэр байшин газар хөдлөлтөд нурвал өнөө зөвшөөрөл олгосон хүмүүс хариуцлага хүлээх ёстой ч ийм механизм байхгүй байна. Эстонид энэ байшинг энэ хүн зурж, энэ компани барина гэж бүртгэдэг юм байна. Энэ мэтээр чөлөөлчихвөл эдийн засаг тэлнэ, ажлын байр бий болно. Хот байгуулалтын тухай хуульд энэ өөрчлөлтийг оруулна.

-Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?

-Лондон утаагаа яаж бууруулсан бэ гэвэл зургаан баганатай бодлого хэрэгжүүлжээ. Эрэлтийг дэмжих буюу орон сууц худалдан авах иргэдийг урамшуулах бодлого манайд ипотекийн зээлийн бодлогоор дамжин хэрэгжиж байна. Гэтэл нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжих буюу барилгын компаниудаа дэмжих ажил орхигджээ. Үнэ өсөх хэрээр орон сууц худалдан авах боломжтой айлууд буурсан. Тэдэнд хөнгөлөлттэй зээл гэх мэт дэмжлэг үзүүлээгүй тул орон сууцны үнэ өссөөр байна. Үнэ өсөх хэрээр орон сууц худалдан авах боломжтой айлууд буурсан.

-Арван жилийн турш ипотекийн зээл өгсөн ч гэр хорооллын өрх буураагүй?

-Тийм ээ. Барилгын олон компани ЖДҮ-ийн түвшинд байна. Гэтэл тэдэнд ЖДҮХС-гаас огт зээл өгдөггүй, хөдөө аж ахуйн салбарынхан л энэ зээлийг авдаг. Энэ сангийн зээл ч буурч, одоо өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгож байна. Би Ж.Энхбаяр сайдад ЖДҮХС-гийн нийт зээлийн 30 хувийг барилгын жижиг компаниудад олгодог болох саналаа илэрхийлсэн. Энэ сангаас зээл авсан ААН-үүд өнгөрсөн онд 5300 ажлын байраа хадгалжээ. Энэ онд энэхүү тоо 7000 болж өснө. Энэ сангаас олгосон ямар хэмжээний зээлээр нэг ажлын байрыг хадгалж байгааг асуухад 7 сая төгрөг гэсэн. Энэ муу үзүүлэлт биш. Энэ нь ЖДҮХС-гийн зээлийн нэг шалгуур үзүүлэлт болох ёстой.

-Барилгын чанарын тухайд юу хэлэх вэ?

-Манайд барилгын стандарт, дүрэм журмуудыг хангалттай их баталсан юм билээ. Гэр хорооллын 100 гаруй айлаар явж судалгаа хийхэд тал нь хашаандаа байшин барьж амьдрах хүсэлтэй, үлдсэн нь орон сууц руу нүүх бодолтой байв. Хашаандаа амьдрах хүмүүсийн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшинтай болох саналыг дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлээр би Монголбанк, арилжааны банкныхантай уулзсан. Ногоон барилга гэхээр сайн дулаалгатай, халаалтдаа эрчим хүч зарцуулдаггүй, ухаалаг агааржуулагчтай, өндөр битүүмжлэлтэй буюу доторх агаарыг гадагш гаргахгүй байх ёстой юм. Энэ технологи олон жилийн өмнө хөгжсөн.

-Хүмүүс ногоон барилга гэхээр их үнэтэй гэж ойлгодог?

-Энэ байшинг нэвтрүүлэхийн тулд Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулна. Жилд 1000 орчим барилга барих зөвшөөрөл авч, түүнээс 700-г барьж байна. Зураг төсөл боловруулсан, гүйцэтгэсэн к омпаниуд өөрсдөө захиалагчийн хяналт тавьдаг болох заалтыг шинэ хуульд оруулж, хаврын чуулганаар өргөн барина. Төр бүртгэх ажил л хийнэ. Хариуцлага хүлээхгүй бол төр хянах ёсгүй. Гэр хорооллын нэг өрх дэд бүтцэд холбогдоход 80 сая төгрөгийн зардалтай. Үүний 30 сая төгрөгийг төр өгөөд, үлдсэнийг нь иргэд хариуцвал олон өрх дэд бүтцэд хурдан холбогдоно. Гэвч энэ санал 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр дэмжигдээгүй. Бас нэг санал байгаа нь эрчим хүчний хэмнэлтийн хувийг зээлийн хүүтэй уялдуулах. Одоо ногоон зээлийн жилийн хүү 12 хувь байна. Хэрэв та 50 хувийн эрчим хүч хэмнэдэг байр баривал зээлийн хүүнийхээ талыг буулгана гэсэн үг. Тэгэхээр ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй адил болно.

-Ногоон зээл, хэрэглээний зээлийн хугацаа адилхан 30 сар байна. Уртасгах боломжтой юу?

-Ногоон зээлийн хугацааг 60 сар болгох боломжтой. Гэвч банкууд цахилгаан бараа зарах буюу хэрэглээний зээл түлхүү өгөх сонирхолтой байна. Ингээд ажлын байр нэмэгдэхгүй. Иймд би банкуудад ногоон зээл олголтоо 40/40/20 хувь болгох санал тавьсан. Нийт зээлийнхээ 40 хувийг дулаалгад, цахилгаан бараанд 20, цахилгаан машинд 40 хувийг олгох. Банкууд ямар хариу өгсөн бэ гэхээр ам.доллараар эх үүсвэр татаж, Монголбанкинд своп хийлгэхэд 5.5-6 хувийн шимтгэл төлдөг юм байна. Үүнийг бууруулбал боломжтой гэсэн. Энэ нь боломжтой эсэхийг судална. Мөн ногоон зээл, хэрэглээний зээлийн хугацаа адилхан 30 сар байна. Ногоон зээлийн хугацааг 60 сар болгох боломжтой. Дулаалгын материалыг импортын болон НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд хэрэгтэй ч Сангийн яамтай зөвшилцөх шаардлагатай. Би хүмүүстэй уулзахаар төр дэмжээч гэж их хэлэх юм. Энэ их буруу хандлага. Жишээ нь, Барилгын хүрээлэнтэй болох санаачилга гарсан. Төрийн нэг байгууллага, нэг дарга, нэг зөвшөөрөл л нэмэгдэнэ. Төр бүхнийг хийснээр улс хөгжихгүй.

-Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг хотын түгжрэлийг хэрхэн бууруулж болох вэ?

-Хүмүүс машинаа унамаар байна, гэхдээ түгжирмээргүй байна гэдэг. Харамсалтай нь, энэ боломжгүй. Машин байгаа цагт түгжрэл буурахгүй. Нийслэлд Бага тойрууд ажлын байр хамгийн ихээр нягтаршжээ. Иймд хэдий авто замууд шинээр барьсан ч Бага тойруу руу орох, гарах замууд дээр дахин түгжирнэ. Иймд нийтийн тээврээ хөгжүүлэх, дугуйн болон явган хүний зам тавих нь зөв. Мөн орон зайгаа тэлэх шаардлага бий. Энхтайваны өргөн чөлөөний дагуу гуравдугаар эгнээний замаар BRT автобус явбал түгжрэл буурна. Одоо автобус нэгдүгээр эгнээгээр явж байгаа тул түгжрэл буурахгүй байна.

-Тэгж бодож байсангүй…

-Автобус буудал руугаа орж чадахгүй, бусад машинаа хаачихдаг. Метро дор хаяж таван жилийн дараа ашиглалтад ороход BRT-г хотын хойш зөөнө. Энэ автобус хямд тул давуу талтай. Мөн нийтийн тээврийн салбарт их өгөгдөл ашиглан чиглэлээ оновчлох, автобусны чиглэлийг буудал бүрийн нэрээр биш, газрын зураг дээр зургаар харуулах гэх мэт ажлууд хийнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газартай байнга холбоотой байж, хамтран ажиллаж байна. Тус газарт би 13 зөвлөмж өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагч Монголоос хөрөнгөө татахад, гараад явахад нь 20 хувийн татвар ногдуулдгаа болих хэрэгтэй. Уул уурхайн хөрөнгө оруулагчдад зориулж энэ зохицуулалтыг нэмсэн юм билээ.

-Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтын тухайд ямар санал, бодолтой байна вэ?

-Шинэ Зуунмод хотын интернэт хурдан, хиймэл дагуулуудтай, сэргээгдэх эрчим хүч ашигладаг, дата төвүүдтэй байх шаардлагатай. Дата төвүүдийн нийт зардлын 60 хувийг хөргүүрт зарцуулдаг. Манайд өвөлдөө хүйтэн тул хүйтэн агаараар хөргөж, зардлаа хэмнэж болно. Иймд япончуудад дата төвүүдээ Монголд байгуулах санал тавина. Дэлхийн томоохон компаниуд дата төвөө Швед, Норвеги руу зөөж байгаа юм билээ. 2016 онд хоёр улс Эдийн засгийн хэлэлцээр байгуулсан ч тус улсын экспорт ихээхэн өслөө. Манайх Япон улстай алдагдалтай худалдаа хийдэг.

-Хотын удирдлагууд гэр хорооллын зарим өрхийг хийн хэрэглээ рүү шилжүүлэх талаар ярьж байна. Энэ зөв бөгөөд боломжтой шийдэл үү?

-LNG хийг хэрэглэхийн тулд шугам татна. LPG хийг баллоноор зөөх тухай судалж байгаа юм билээ. LPG хийг хэрэглэхээр чийг их гарч, байшингийн хананд чийг шингэнэ. Өвөл дотор +20, гадаа -30 градус хүйтэн байгаа. Иймд чийг хөлдөж, тэлдэг. Хавар болохоор гэсдэг. Энэ маягаар хэсэг хугацааны дараа байшин нурдаг. Англи, Германд ийм тохиолдлууд гарсан. Энэ хийг ашиглахаас өмнө барилгуудын дулаалга, битүүмжлэлийг сайжруулах шаардлагатай.

-Шинэ Хархорум хот байгуулж, 300 га-д барилгажуулна гэсэн. Энэ боломжтой гэж бодож байна уу?

-Улстөрчид өөрийн өвийг үлдээх хүсэлтэй байдаг. Ерөнхийлөгч бүр хот барих мода гарав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн Шинэ Хархорум хотын төслийн Ажлын албаны дарга нь мэргэжлийн хүн, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор гурван удаа ажилласан Н.Нацагдорж гэж хүн. Түүнээс өнөөгийн Улаанбаатар яагаад ийм болсныг асуух хэрэгтэй. Эрэлтийн тухайд хот байгуулалтад масштаб хамгийн чухал. Ямар хэмжээтэй газарт хот байгуулах вэ гэсэн үг юм. 2050 он гэхэд Хархорум хотод 500 мянган хүн амьдарна гэдэг. Бид өөрсдөө хот байгуулж үзээгүй учраас энэ талын төсөөлөлгүй. 180 мянган гагийн 3000 га-г барилгажуулна гэдэг боломжгүй юм.

-Таны бодлоор бид хэдэн га-г барилгажуулж чадах вэ?

-Бид үндэстнээрээ зүтгээд, зүтгээд арван жилд 100 га-г л барилгажуулна. Тэгэхээр 50 га-г Хархорумд, 50 га-г Ханбогдод гэх мэтээр хуваарилах хэрэгтэй. Хятад, Казахстан, Индонез, БНСУ гэх мэт биднээс хамаагүй том эдийн засагтай, ажиллах хүчтэй улсуудтай харьцуулаад байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Би үүнийг хэлэхээр “Ахын дүү хөрсөн дээрээ буу. Манай эдийн засаг сайжирна” гэсэн. Би харин өөрсдөд нь хөрсөн дээрээ буу гэмээр байна. Баахан цаас “үйлдвэрлэж”, үргүй зардал гаргана. Энэ хотын зураг төсвийн зардал 30 тэрбум төгрөг шүү дээ. Дархан, Эрдэнэт хотууд 200 мянга, Багануур 100 мянган хүнтэй хот болох боломжтой. Ханбогд усны нөөц бага тул том хот болохгүй. Шинэ Зуунмод хотыг мөн 3000 га-д барина гэхэд нь би “Барилгын бүх компанийнхаа хүчин чадал, Яармагийг хэдэн жилд барилгажуулснаа тооцоорой” гэж хэлсэн.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улстөрчид сонгогдсоныхоо маргаашнаас нь л амлалтаа биелүүлж эхэлдэг юм байна DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль саяхан болж өндөрлөв. Тус улсын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгогдсоныхоо маргаашнаас амлалтаа биелүүлж эхэллээ. Тэрбээр тангараг өргөөд ердөө гурав хонож байгаа хэрнээ 200-гаад тушаал шийдвэр гаргалаа гээд дэлхийгээр нэг шуугьж байна. Тэрээр сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд ийнхүү ажиллаж эхлэв. Капитолын үймээнээс үүдэлтэй үүсгэгдсэн 1600 шахам хэргийг хаачихлаа. Тэр өдрийн хэрэгт шийтгүүлсэн 1270 шахам хүнд өршөөл үзүүлж, 300 орчим хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хариуцлагатайгаар зарлав.

Улс төрийн зүтгэлтнүүдэд сэтгэл байвал амласнаа ингээд шууд биелүүлж эхэлдэг юм байна. Манай улстөрчид Д.Трампаас үлгэрлэж, сонгуулиар амласан амлалтуудаа түүн шиг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Уг нь манайхан үзэгний үзүүрээр шийдчихээр юм зөндөө амладаг. Гэвч тэдэнд зөвхөн сэтгэл дутаад байна. Ард түмнээ огтхон ч боддоггүй. Төрд гарч, түнтийж хагартлаа баяжиж л байвал бусад нь сонин биш. Хэрэгжүүлж байгаа бодлогууд нь хүртэл дандаа амлалтынх нь эсрэг байдаг. Жишээлбэл, татвартай холбоотой асуудлууд байна. Сонгууль болгоноор улс төрийн намуудын урдаа барьдаг лоозон нь татвар бууруулах амлалт. Саяны сонгуулиар хүртэл бүх намууд татвар бууруулна гэж сүрхий гэгч нь амлаж байгаад гарч ирсэн дээ. Яагаав, “Ард түмний амьжиргаанд том дарамт болж буй татваруудыг бууруулах ёстой. Манай нам ялах юм бол хамгийн түрүүнд энэ, энэ татварыг бууруулна” гээд л нам, эвслүүд сонгуулийн пиарынхаа гол сэдэв болгож байсныг санаж байна уу. Гэвч энэ бүх амлалт нь ард түмний дэмжлэгийг авах гэсэн хий хоосон уриа лоозон байжээ гэдгийг одоо хэдүүлээ харж байна. Учир нь УИХ тангаргаа өргөснийхөө маргаашнаас нь л энэ татварын асуудлыг барьж авах ёстой байсан юм. Хэлэлцэх асуудлуудынхаа хамгийн эхэнд эрэмбэлээд явуулах хэрэгтэй байлаа. Үнэхээр сэтгэл байвал татварын хуулийг хэлэлцэх нь үзэгний үзүүрээр л хийгдэх ажил. Харамсалтай нь хагас жилийн хойно буюу одоо л татварыг бууруулах тухай ярьж эхэлж байх шиг.

Анхны 126 гишүүнтэй парламентын эхний чуулган өнөөдөр хаагдана. Энэ намрын чуулганд амжаагүй татварын асуудлыг ирэх хаврын чуулганаар оруулж ирэх байх. Гэвч гэрлийн хурдаар батлах нь юу л бол. Үе, үеийн УИХ-ын жишгээс харахад ингэж шуурхайлж байсан түүх байхгүй. Харин улстөрчид өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн асуудлыг хэлэлцсэн нэр зүүгээд л батлаад явчихдаг биз дээ. Тэгвэл татвар дээр тэр “дүрэм” үйлчлэхгүй. Хаврын чуулганаар хэлэлцэж эхэллээ гэхэд зунтай золгоно. Эргэж, буцаж заваарсаар байтал хаврын чуулган ч өндөрлөчихнө. Тэр үед намрын чуулган руу шилжүүллээ гээд алх цохиж таарна. Харин намрын чуулган эхэлмэгц хамгийн түрүүнд татвараа барьж аваад бууруулна гэж бодож байна уу. Тэрэн шиг үлгэр байхгүй. Намрын чуулган эхэллээ бол дараа жилийнхээ төсөвтэй зууралдсаар байгаад хаагдана. Ингээд хаврын чуулгантай залгана. Яг л өнөөдрийн дүр зураг ирэх жил ч давтагдана. Ард түмэн “Татвараа бууруулчихгүй юм байх даа, амласнаа хэзээ биелүүлэх улс вэ” гэсэн горьдлого, хүлээлт тээсээр суусан хэвээр байна. Ийм л циклиэр үргэлжилнэ. Явж, явж сонгуулийн өмнөх жил НӨАТ, НДШ бууруулах хуультай болж магадгүй л юм. Тэрийгээ сонгуульдаа зориулаад бүтэн жил сурталчилж өгөх байх даа. “Бид та нарын татварыг буулгасан шүү. Одоо биднийг л сонгоод өгөөрэй” гэцгээх биз.

Сонгуулиас сонгуулийн хоорондох жилүүдэд ард түмэн тэдний амлалтад хууртаж явахдаа ямар их татвар төлж байгаа билээ дээ. Татварын дарамт дөнгөж эхэлж байгаа бизнесүүдэд хөл дээрээ тогтох боломж олгодоггүй. Овоо гайгүй учраа олсон хувийн хэвшлүүд нь томорч, хөгжиж чаддаггүй. Татвараас болж үүд хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд ч өчнөөн бий. Амьдралд ойр жишээ гэвэл, өдөр бүр авч иддэг талхны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа шалтгаан өнөөх л татвар шүү дээ. Гэтэл энэ болгоныг улстөрчид огт боддоггүй. Харин дараагийн сонгуульд яаж аргалж гарч ирэх вэ гэдгээ л бодоцгооно. Маргаашийн сонгуулиар гарч ирэхийн тулд өчигдрийн амлалтаа хойшлуулсаар ирсэн. Тэр хооронд ард түмнээ бодсон юу ч хийдэггүй. Монголын улстөрчдийн үнэн гэм энэ.

Сонгуулийн хамгийн чухал амлалт бол “Ард түмний амьдралыг сайжруулна” гэсэн дөрөвхөн үг. Тэгвэл орчин цагт улстөрчид, намууд сонгогдсоныхоо маргааш нь л энэ амлалтаа биелүүлэх хэрэгтэй болсон байна. Хүмүүс хуучин шигээ та нарыг хүлээгээд суугаад байдаг үе өнгөрчээ. Тэгээд ч амлалтаа хойшлуулах нь үнэхээр ард түмнийг дээрэлхсэн, дорд үзсэн маягтай харагдуулж байна. Мэдээж сонгуулийн оноо авчих гээд ийм зальжин зан гаргадаг байх. Гэхдээ энэ явуургүй арга чинь цаашид амжилт олохгүй шүү.

Ер нь дэлхийн улс төрийг харахад сонгогдсоныхоо маргаашнаас нь л амлалтаа биелүүлдэг болсон байна. Гэтэл манайхны хийсэн хууль нь өөрсдийг нь даргаас буусан хойно нь хэрэгждэг. Байгаа үедээ ард түмнээс татвар авч баян тарган байхыг л илүү хүсдэг. Үнэн хэрэгтээ татварын хуулийг хэлэлцэж, татвараа бууруулж байж ард түмний амьдрал сайжирна. Д.Трамп ард түмнээсээ татвар авахгүй, харин гадаадынхнаас авна гээд мэдэгдэж байгаа биз дээ. Иргэдээ боддог, сэтгэл зүрхтэй улстөрчийн шийдвэр ийм л байдаг юм байна. Тэгвэл бидэнд татвар өгөөд Монголын эдийн засгийг бүрдүүлээд байх гадаадынхан ямар олдох биш. Тийм болохоор манайх татвараа бууруулаад уул уурхайгаас олж байгаа мөнгөө ард түмнийхээ өмнөөс зардалдаа хэрэглэдэг болмоор байна. Ингэсэн байхад хэдэн жилдээ ард түмний нуруу тэнэгэр явна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бид анхны ардчилсан ерөнхийлөгчтэйгөө маш хулчгардуухан салах ёс хийж, эцсийн замд нь үдэв” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн  “Монголын хэвлэлийн эрх чөлөө түүхэн доод үзүүлэлтэд хүрчихээд байна” хэмээн ярилаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ Ерөнхий сайд болоод дөрвөн жил болжээ, түүний хийсэн онцлох ажлуудаас сануулъя

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бид анхны ардчилсан ерөнхийлөгчтэйгөө маш хулчгардуухан салах ёс хийж, эцсийн замд нь үдэв хэмээн өгүүллээ.

Төрийн банкны гүйцэтгэх захирал ө.Гантөр: төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа

 

Танайд өнжье: Мянган угалзатын нуруунд хөлд орж, Минжийн хангайд гөрөөлж явсан удамт анчин Д.Галбадрахынх

  • УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг оны өмнө Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас УИХ -аар энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлаар хуульч П.Эрхэмбаяраас тодрууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Европ, Азид амгалан цаг ирнэ 

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Цастай өглөөний бодол


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Байгалмаа: Төлбөрт таавар, бооцоот тоглоомыг иж бүрэн зохицуулсан хууль батлагдаагүй нь эрсдэл үүсгэж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын “1XBET”ийн агент гэх 100 гаруй этгээдийг шалгаж холбогдох техник хэрэгслүүдийг нь хураан авсан тухай албаныхан мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Өмгөөлөгч, “Онч сэцэн” ХХКийн үүсгэн байгуулагч Ц.Байгалмаатай ярилцлаа.


-Спорт бэттингийн үйл ажиллагаа явуулахын тулд ямар зөвшөөрөл авах шаардлагатай байдаг юм бол?

-Цахим мөрийтэй тоглоомын хор аюулыг ойлгож, олон улсад зохицуулах гэж оролдож эхэлсэн. Зарим улс орнуудад спорт бэттингийг мөрийтэй тоглоом гэж үздэггүй бол заримд нь мөрийтэй тоглоом мөн гэж үздэг. Спорт бэттингээр халхавчлан далд хэлбэрээр өөр мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах эрсдэл зарим улсад гарч байгаа. Манай улсын тухайд нэгдүгээрт, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор зохицуулалт бий.

Хоёрдугаарт, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860.000-2.150.000 төгрөг төлөх хуулийн зохицуулалттай байдаг. Гэхдээ төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тухай нарийн зохицуулсан хууль одоохондоо байхгүй. Ерөөсөө л зохицуулалтгүй сул орхичихсон. Тиймээс энэ талаар нарийн зохицуулсан хуулийг яаралтай батлах ёстой.

-Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан бол сар бүр тодорхой хэмжээний татвар улсад төлөх ёстой. Гэтэл зөвшөөрөл аваагүй учраас улсад татвар төлөгдөхгүй байна шүү дээ?

-Татварын тухай хуулиудад төлбөрт таавар, бооцоот тоглоомын орлогоос татвар авахаар зохицуулж өгсөн байдаг боловч энэ төрлийн тоглоомын сөрөг талыг тооцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36 сая 250 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар заасан. Үүнийг Онцгой албан татварын тухай хуульд 2015 онд тусгасан байдаг. Зөвшөөрөл аваагүй учраас манай улсад энэ төрлийн татварын орлого орж ирдэггүй бөгөөд гадагш урсаж байна гэсэн үг. Энэ харилцааг иж бүрэн зохицуулсан хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй.

-Энэ талаарх одоогийн зохицуулалтыг та хэрхэн харж байна вэ?

-Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгохоор заасан боловч хэрхэн үйл ажиллагаа явуулах тухай хуулийг нь батлаагүй байгаа нь Зөвшөөрөл авсан компанид ч, тэр компанийн бооцоонд оролцож тоглох иргэдэд ч эрсдэл үүсгэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Компани хууль бус үйл ажиллагаа явуулбал алийг нь зөрчил гэж үзэх вэ, алийг нь эрүүгийн хэрэг гэж үзэх вэ гэдэг нь энэ талаар хууль батлагдаж байж тодорхой болно. Одоо спорт бэттинг гэх далайд яаж сэлэх талаар дүрмийг нь хуульчилж батлаагүй байж татвар авна гэж зохицуулсан байгаа нь та ямар ч гэсэн өгөөш өгч загас бариад ир, бид татвараа авна, татвараа авсны дараа таныг эрүүгийн хэрэгтэн мөн биш эсэхийг тогтооно гэж байгаатай л ижил юм.

Ямар төрлийг нь зөвшөөрөх вэ, ямар төрлийг хориглох вэ гэдгээ эхлээд монгол ёс уламжлал, хүн амын боловсрол мэдлэг, ёс суртахуун, эдийн засгийн байдал, амьжиргааны төвшин олон зүйлийг бодолцож байж шийдэх хэрэгтэй.

-Энэ тоглоомыг сурталчилсан сурталчилгаа хаа сайгүй л харагдах болжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа явуулахыг манай улсын хууль тогтоомжид хэрхэн заасан байдаг юм бол?

-“1XBET”-ийг инфлүүнсерүүд, хотын төвд байрлах дэлгэц, “Youtube” суваг, янз бүрийн спортын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх байдлаар далд сурталчилгаа явуулж байна. Тухайн компани тусгай зөвшөөрөл авсан бол сурталчилгааг явуулж болно. Зөвшөөрөлгүй бол сурталчилгаа явуулах хориотой.

-УИХ-ын гишүүн О.Номинчимэг цахим бооцоот тоглоомын хууль эрх зүйн орчныг бий болгох хуулийг санаачилна гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Манай улсын тухайд энэ төрлийн тоглоомыг хэрхэн зохицуулбал зүйтэй гэж та бодож байна вэ?

-Зарим улс орнууд цахим бооцоот тоглоомыг хориглодоггүй ч тусгай зөвшөөрөл олгох байдлаар үйл ажиллагааг нь хатуу хяналтын дор байлгадаг. Спорт бэттингийн тухайд энэ чиглэлийг сонирхдог фанатуудын дунд, оролцох хүний нас ба үнийн дүнгийн хязгаар тавих байдлаар зохион байгуулбал гарах эрсдэл бага байх болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тохиолдолд өндөр түвшний хяналттай байх хэрэгтэй. Мөн үйл ажиллагаа нь ил тод, тодорхой байх ёстой. Ингэснээр хэт донтох, мөнгө угаалт зэрэг бусад асуудлаас урьдчилан сэргийлж чадна.

Өндөр хөгжилтэй орны боловсролтой, өөрийгөө хянах чадвартай хүмүүс чөлөөт цагаараа хааяа нэг тоглож болно. Харин манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгаа билээ дээ. Авч байгаа цалин мөнгө нь ар гэрээ авч явахад хүрэлцэхгүй байхад эхний хэрэгцээгээ хангаагүй байж, хүмүүс энэ төрлийн тоглоомыг тоглож байна. Цалингаараа өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж бага мөнгөөрөө тоглож болно шүү дээ. Амар хялбар аргаар мөнгө олох залуусын гэнэн бодолд дөрөөлөөд түүгээр ашиг олох боломжийг хаах ёстой.

Манай улсын хүн амын боловсрол ёс суртахуун биеэ авч явах чадвар хэр байгаатай уялдуулан алийг нь зөвшөөрөх, аль төрлийг бүрмөсөн хориглох эсэхээ шийдэх нь зүйтэй. Санал асуулга явуулж, маш их бодож байж хууль батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудлаас үүдэж олон хүн хохирох эрсдэлтэй. Хэдэн хүн хохирсон, ямар сөрөг үр дагавар гарсан, хэдэн хүн энэ мөрийтэй тоглоомоос болж амь амьдралаа алдаж амиа хорлосон гэдгийг нарийвчлан судлах ёстой.

-Гадны орнуудад цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх, эсвэл зохицуулах ямар сайн туршлага байна вэ?

-Тухайлбал, Сингапур улсын хууль нь маш хатуу зохицуулалттайгаар энэ асуудлыг зохицуулсан байдаг. Тийм ч учраас эрсдэл үүсэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж үйл ажиллагааг нь хянаж чаддаг. Мөрийтэй тоглоомын зарчим нь эхлээд чамд өгөөш хаяж өгнө. Өгөөшиндөө амтшуулах замаар донтуулдаг. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Тухайн хүний донтолтыг ашиглаад л мөнгө олж байгаа хэрэг.

-“1XBET” Монголд нэвтрээд удаж байна. Үүнд арга хэмжээ авахгүй удаан явсан нь ямар учиртай юм бол?

-Хууль тогтоогчид энэ тоглоомыг Монгол Улсад оруулж ирэх эсэхээ шийдэж амжаагүй байтал залуучууд энэ төрлийн үйл ажиллагааг явуулаад эхэлчихсэн. Манай улсын хууль хяналтын байгууллагууд гарч байгаа хэрэгтээ л анхаарлаа хандуулаад байдаг. Гэтэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгаж, урьдчилан сэргийлэх гэдэг бол хуулийн байгууллагуудын үүрэг шүү дээ. Энэ үүргээ л биелүүлж чадалгүй орхигдуулчихсан, зохицуулалтгүй байгаа гэж хэлмээр байна.

-Манай улс дотооддоо спорт бэттингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж, гадны орнуудаас ашиг олох боломжтой юу?

-Манай улс дэлхий нийтийг хамарсан спортын төрлөөр тодорхой хэмжээний мөрийтэй сайт ажиллуулбал олон улсаас мөнгө орж ирэх боломжтой. Олон улсад биш юм аа гэхэд Азийн зах зээл рүү гарах боломжтой. Беттинг дагаж спорт хөгждөг гэж дэмжигч нар нь тайлбарладаг. Ийм тал ч бий.

-Мөрийтэй тоглоомын донтолтоос үүдэн маш олон асуудал гардаг. Тухайлбал, салалт, байр машинаа барьцаанд тавих, цаашлаад амь насаа алдсан тохиолдол ч байдаг. Энэ тоглоомыг ялангуяа залуучууд тоглож байгаа шүү дээ?

-Би нэг жишээ дурдъя л даа. Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг 20 орчим настай эмэгтэй цахимаар тоглодог байж байгаад мөнгөгүй болонгуутаа залилангийн хэрэг үйлдсэн байсан. Хот хөдөө хаа сайгүй мөрийтэй тоглоомын донтолтоос болж залилангийн хэрэгт холбогдож шийтгэгдсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Эхлээд өөрийн болон гэр орныхоо эд зүйлээ зарна, дараа нь ар гэр, найз нөхдөдөө хандаж мөнгө авна. Сүүлдээ ойрын хүрээллээсээ мөнгө авах боломжгүй болоод ирэхээр танихгүй хүнээс мөнгө авч залилан хийдэг. Өөрөөр хэлбэл, донтолтоосоо үүдэн гэмт хэрэгт холбогдох боломжтой. Мөн энэ 1XBET тоглоомд донтож, байраа алдаж, адаг сүүлд нь амиа хорлосон тохиолдол гарсан байна. Мөрийтэй тоглоомд донтсон хүн нойргүйдэж, сэтгэцийн өөрчлөлтөд орж сүүлдээ хий юм харах хүртлээ хүндрэх боломжтой. Тухайн тоглоомыг тоглосон хугацаа, давтамж, гэр бүлийн суурь хүмүүжил, хүрээлэн буй орчны нөлөө зэргээс шинж тэмдэг нь гүнзгийрэх эсэх нь хамаардаг. 25 насыг сэтгэл зүйн хувьд төлөвшсөн үе гэж үздэг. Тийм ч учраас СЭМҮТ-ийн эмч судлаач нар 25-аас дээш насны хүн энэ төрлийн тоглоомыг тоглох нь зүйтэй гэж үздэг юм билээ. Өмгөөлөгч хүний зүгээс залуустаа өөрийнхөө донтолтыг хянах чадваргүй бол мөрийтэй бүхнээс хол бай гэж захиж хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Бүхний эрх ашиг бус бүлэглэлийн эрх ашиг ноёлдог нийгэм газар авчихаад байна DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй хүний мөн чанарын тухайд ярилцлаа.


-Хүний мөн чанар гэж чухам юу вэ. Энэ талаар яриагаа эхэлье. Ер нь энэ зүйл өөрчлөгддөг үү?

-Хүний мөн чанар, уг чанар гэдэг хоёр ойлголтыг философид түгээмэл хэрэглэдэг. Цаашилбал энэ нь хүний оршихуй, ахуйтай холбоотой яригддаг гол ойлголт. Тийм учраас үүнийг шууд өөрчлөгддөг гэж хэлэхэд төвөгтэй. Яагаад гэхээр хүн гэдэг асуултад хариулах явцад энэ ойлголт аяндаа гарч ирдэг. Тэр утгаараа гаднаас хамаарах байдлаар тогтмол оршиж байдаг зүйл гэж ойлгож болно.

-Нийгмийн сүлжээ, цахим орчин бий болсноор хүний мөн чанар улам тодорч гарч ирэв үү?

-Хүн бол нийгмийн харилцааны нэг үзэгдэл. Тэгэхээр хүн хүнтэйгээ харилцах явцдаа олон янзын зан авир, дүр төрхийг үзүүлж байдаг.

Ингэх явцдаа бусдыг шүүмжлэх, буруутгах, үзэн ядах, хайрлах гэх мэт хүний ахуйн атрибиутын бүхий л хэлбэрийг гаргаж байдаг. Тийм учраас “хүн хүндээ чоно” гэдэг эртний нэр томьёоллууд гарч ирсэн байдаг. Түүхээс авч үзэхэд, сүүлийн 2000 жилийн дотор хүн төрөлхтний дайн тулаангүй байсан өдрийг тоолбол нэг жил ч хүрдэггүй гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, хүн гэдэг амьтан, улс гүрнүүд, үндэстэн угсаатнууд хоорондоо тодорхой шалтгааны улмаас үргэлж дайтаж, мөргөлдөж, шүргэлцэж байдаг. Өнөөдөр ч гэсэн дэлхий нийтийг хамарсан дайн тулаан байна уу гэвэл байна.

 Дайн тулааныг үүсгэж байгаа гол шалтгаануудыг авч үзвэл шашин хоорондын мөргөлдөөн, газар нутаг, байгалийн нөөц, эрх мэдлийн төлөө хүмүүс хоорондоо дайтаж, тэмцэлдэж ирсэн байдаг. Энэ бүгдээс үзвэл зарим философийн урсгал чиглэлд хүний уг чанарыг дайсагнагч шинжтэй гэж үзсэн сургаалууд бий. Хүний зан авир, хүүхэд насандаа гаргаж байгаа үйлдлийг психологийн салбарт энэ нь хүнээрээ байгаагийн нэг илэрхийлэл гэж түгээмэл авч үзсэн байдаг. Монголчууд хүүхэд, хөгшин хүн хоёр адилхан ч гэж ярьдаг.

-Орчин үед хүмүүс сайн явсан нэгнээ үзэн ядсан, атаархсан хандлага ихээр гаргах боллоо. Цахим орчинд ч шууд илэрхийлдэг болж. Саяхан төр нийгмийн томоохон зүтгэлтэн таалал төгсөх үед ийм үзэгдэл ихээр харагдлаа. Тэгэхээр үүнийг монгол хүний мөн чанартай холбож үзэх үү?

-Үүнийг тайлбарлах хэд хэдэн хандлагууд байгаа. Ер нь энэ жишээн дээр монгол хүн өнөөдөр хэн болчихоо вэ гэдэг асуудлыг нийгмийн сэтгэл зүйн хүрээнд тод харуулсан үзэгдэл болж өнгөрлөө гэж харж байна. Нөгөө талаар энэ асуудал философийн үүднээс юутай холбоотой талаар авч үзэх хэрэгтэй. Бид 1990 оноос нийгмийн шилжилт хийсэн гээд ярьдаг. Нийгэм өөрчлөгдөх явцад монгол хүний үнэлэмж, үнэт зүйлсэд томоохон өөрчлөлт болоод өнгөрсөн. Тэгэхээр энэ үнэт зүйлсийн тогтолцоо өөрчлөгдөөд бүрэн төлөвшиж амжаагүй байгаагийн нэг илрэл нь үүнийг гэж харж болно. Үнэт зүйлс, үнэлэмж гэдэгт хүний итгэл бишрэл, зан суртахуун, эрхэмлэх зүйл, өв уламжлалдаа хандах хандлага гээд цогц ойлголт багтах учраас тэр бүх тогтолцоо шинээр төлөвшиж чадаагүй байгааг харуулж байна. Цаашилбал, монгол хүн зан суртахууны хувьд ямар хүн болчихоод байгаа юм. Өмнө нь ямар байсан юм гэдэг суурь асуудлууд гарч ирж байна. Монголчуудын төрөлх өгөгдөл, унаган зан чанар гэж юу байсан гэдэгт хариулах, тайлбарлах хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Нөгөө талаар монгол хүнд өрсөлдөөний ёс зүй гэдэг зүйл байхаа больсон байна. Нийгэм шилжих явцдаа үнэт зүйлсийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгаа юм. Бүх л цаг үед хэн нэгнийг сайшаах, муулах, шүтэн бишрэх хандлага манайд асар хүчтэй байсан. Үүний цаана юу харагдаж байна гэхээр Монгол дахь институтцийн тогтолцоо бүрэн төлөвшихгүй байгаа, тэр дундаа улс төрийн тогтолцоо бүрэн төлөвшихгүй буйгаас үүдэн төр засгийн нэр хүнд ард түмний дунд унасан байгаатай холбон үүнийг тайлбарлах боломжтой.

-Ер нь монголчууд оюун санааны хувьд нэгдмэл биш байна уу?

-Монголчууд өөрсдийгөө дэлхийн талыг эзэлж байсан гэж бахархаж ярих дуртай. Гэхдээ тэр үед биднийг юу нэгтгэж байсныг дахин анализ хийж өнөө цаг үед ямар байх хэрэгтэй гэдгийг зөв олж тогтоох хэрэгтэй.

Төр засгийн бодлогод нэгдмэл үнэт зүйлстэй байх тухай маш тодорхой заагаад өгсөн байдаг. Гэвч бид ямар нэгэн байдлаар оюун санааны амьдралдаа нэгдмэл биш байна. Нэгдүгээрт, бидэнд гадны нөлөө маш их байна. Улс төр, эдийн засаг, оюун санааны хувьд гэх мэт. Хоёрдугаарт, бид уугуул монгол соёл, зан чанар, язгуур уг үндсээсээ хөндийрсөн байгаа юм. Угтаа бид хөндийрөөгүй байсан бол ямар ч түвшинд хүнийг муулах, ховлохыг цээрлэж, “арван цагаан буян, арван хар нүгэл” гэх мэт ойлголтоор дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Цаашилбал, монголчууд нэгийгээ саар явбал засаж сайжруулж авахыг боддог байсан. Үүнийгээ “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”,”айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “нэр хугарахаар яс хугар” гэж нэр төрөө эрхэмлэн дээдэлж ирсэн.

Өнөө цагт нийгмийн бүлгүүдийн байдлаас аваад үзвэл байгууллага, хамт олон, улс үндэстний эрх ашгийг ярихаасаа илүү бүлэглэлүүдийн эрх ашгийг ярьдаг болсон. Бүлэглэлүүдийн эрх ашгийг ярьж байна гэдэг нь алсын хараагүй байна гэсэн үг. Өөрийнхөө мэдрэмжийг монгол хүн хэт өргөмжилж, өөрийнхөө бодсон, ярьж байгаа зүйлээ нийтийн болгох гэж зорьж, хүчлэх гээд байдаг. Тэгсэн мөртлөө өөрийн гэсэн бодол, суурь тун багатай. Энэ нь бусдыг аялдан дагалдах шинж төлөв түгээмэл ажиглагддагийн нэг жишээ юм.

Цааш нь яривал бид эрх чөлөө гэдгийг төдийлөн сайн таньж мэдээгүй. Түүнийг дагаад анархи буюу дур зоргоороо авирлах байдал маш их газар авсан байна. Монгол хүнд өнөөдөр наад зах нь хүн чанар, шударга байдал алдагдсан нь олон зүйл дээр харагдаж байна. Тухайлбал, Монголд өнөөдөр өрсөлдөөний ёс зүй гэдэг зүйл алга болчихсон. Ямар нэгэн байдлаар шударгаар өрсөлдөх, ялсан ч ялагдсан ч бие биедээ хүндэтгэлтэй хандах, ялсан хүнээ шууд хүлээн зөвшөөрч баяр хүргэх гэх мэт хувь хүний харилцааны наад захын соёлууд ховордчихсон байна. Өөрийгөө л нэн тэргүүнд тавина уу гэхээс өрсөлдөгчөө хүндэтгэх тухай ойлголт алга болсон. Бүхний эрх ашиг бус бүлэглэлийн эрх ашиг ноёлдог нийгэм газар авчихаад байна. Тиймээс бусдыг санаатай болоод санамсаргүйгээр гүтгэх, доромжлох явдал хүртэл янз бүрийн давхаргын өрсөлдөөний нэг илрэл гэж хараад байна.

-Нэгдмэл байдлаа алдаж байгаагийн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлдөг гэж дурдлаа. Тухайлбал, ямар жишээ байна?

-Өнөөдөр дэлхий дахинд олон соёлт байдлыг хүлээн зөвшөөрөх нь зөв гэдэг түгээмэл хандлага байна. Гэсэн хэдий ч улс орон үндэснийхээ эрх ашиг нэгдмэл байдлыг хангахын тулд улс төр, эдийн засаг, оюун санаа, үнэт зүйлсийн хувьд нэгдмэл байхгүй бол гадны гэсэн болгон сайхан биш байдаг. Тухайлбал, боловсролын тогтолцоондоо олон орны жишээ баримтыг нутагшуулах гэж оролддог, гадны соёлын нөлөөг ямар нэгэн шүүлтүүргүйгээр шууд хүлээж авдаг жишээ байна. Үндэснийхээ сэхээтнүүдийн нөөц бололцоог бүрэн дайчлах, ашиглах явдал хангалтгүй байна. Тийм учраас өөрсдийнхөө мөн чанарын судлах, таньж мэдэх, түүнд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байх нь чухал. Унасан бүхэнд шалтаг мундахгүй гэгчээр бүх юмыг бусдын буруу гэдэг байдлаар явбал хүн гэдэг амьтан хэзээ ч төлөвшиж хөгжихгүй. Уг нь хүн гэдэг амьтан юуг танин мэдэж болох вэ, юунд итгэх вэ, юуг хийх ёстой вэ гэдгээ мэддэг байвал жинхэнэ хүн байх боломжтой гэж философид үздэг.

Г.БАЛГАРМАА 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Тамираа: Гааль дээр бараа бүтээгдэхүүнээс зургаан төрлийн татвар, хураамж авдаг DNN.mn

Засгийн газраас татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох зорилт дэвшүүлсний дагуу Гаалийн ерөнхий газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-ноос 31-ний өдрүүдэд “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр нийт таван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. ГЕГ-т өчигдөр эхний хэлэлцүүлэг болж, гаалийн зуучлагч байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцон, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид шинэчлэх, боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалтын талаар санал, бодлоо илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн гол зорилго иргэд, ААН байгууллага хэрэглэгчид, экспорт, импортлогчдод тулгамдаж буй асуудал, санал бодлыг сонсож, тэдгээрийг нэгтгэж дүгнээд, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудалд тусгуулахад чиглэж байгаа ажээ.

Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй зарим асуудлын талаар тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гааль дээр хэдэн төрлийн татвар авч байна вэ?

-Гаалийн байгууллага нэгдүгээрт, импортын барааны гаалийн албан татвар ногдуулж байна. Хоёрдугаарт, зарим нэр төрлийн бараанд онцгой албан татвар ногдуулдаг. Үүнд согтууруулах ундаа, авто бензин, дизелийн түлш, суудлын автомашин, мөн тамхи, тамхин бүтээгдэхүүн орно. Гуравдугаарт, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байна. Дөрөвдүгээрт, бензин, дизелийн түлшин дээр албан татварууд, тавдугаарт төрийн байгууллага үйлчилгээний үзүүлсний хураамж ногдуулдаг.

Энэ хураамж өндөр байдаггүй. Төрийн байгууллага үйлчилгээ үзүүлэхэд ямар зардал гардаг вэ түүний нөхөх хэмжээнд хураамж авдаг. Мөн зарим нэр төрлийн бараан дээр экспортын албан татвар ногдуулж байна. Монгол Улсад үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүн дээр экспортын албан татвар ногдуулдаггүй. Зарим нэр төрлийн бараан дээр, тухайлбал боловсруулаагүй ямаа, ишигний арьс, тэмээний эр, эм ноос, эсвэл банз, дүнз, гуалин мод гэсэн бараан дээр л экспортын албан татвар ногдуулдаг. Экспортын бусад бүх бараа татваргүй. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх Засгийн газрын бодлого. Ийм зургаан төрлийн татвар хураамж ногдуулж байна.

-Иргэд, аж ахуйн нэгжүүд Монголд бизнес хийхэд хэцүү байна, гаалийн татвар авахдаа тээврийн зардлаас татвар нэмж авдаг гэсэн гомдол хэлж байна. Энэ талаар тайлбарлахгүй юү?

-Бараа бүтээгдэхүүн Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх хугацаанд тодорхой зардлууд гардаг. Хилийн чанадад гарсан зардал гэсэн үг. Тээврийн зардал байж болно. Өндөр үнэтэй барааны хувьд даатгалын зардал гарч болно. Эрсдэлээс хамгаалж тусгайлсан сав баглаа боодол, эсвэл ачиж буулгах зардлууд байж болно. Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулиараа, мөн Монгол Улсын нэгдэж орсон Дэлхийн гаалийн байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрээрээ тухайн бараа бүтээгдэхүүн уг улсад импортоор орж ирж байгаа тохиолдолд хилийн чанадад гарсан зардлууд нь барааны үнэ дээр нэмэгдээд, гаалийн үнэ тодорхойлогдоно. Тэр гаалийн үнээс татвар тооцно гэж Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 10-16 дугаар зүйл дээр хуульчлагдсан байдаг.

-Тээврийн татвар авсан барааны үнээс өндөр байна. Зарагдсан үнээс татвар авна гэхээр дөрөв дахин нугалж зарахгүй бол ашиггүй бололтой. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнийг ямар үнээр тээвэрлэх вэ гэдэг дээр оролцох боломж байдаггүй. Жишээ авъя. Аж ахуйн нэгж нэг бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирэх, эсвэл Монгол Улсаас хилийн чанад руу тээвэрлэхийн тулд тээвэрлэгч байгууллагаа сайн дураараа сонгодог. Тэр байгууллага нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэх хөлсний саналаа хэлдэг. Жишээлбэл, энэ чингэлгийг Япон улсаас Монгол Улсад 3000 ам.доллараар тээвэрлэж оруулж ирье гэсэн тээврийн зардал санал болгодог. Энэ бол аж ахуйн нэгж, тээвэрлэгч байгууллага хоёрын дундын гэрээгээр хийгддэг зохицуулалт. Тэрнээс гаалийн байгууллага тээврийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, оролцох эрх ч байхгүй.

-Гаалийн татвар дээр нэмээд нэмэгдсэн өртгийн 15.5 хувийн албан татвар авдаг, мөн барааны үнийг гаалийн байцаагч тогтоодог гэдэг үнэн үү?

-Импортын гаалийн албан татварыг ногдуулсан УИХ-ын 27 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Дийлэнх барааны хувьд 5 хувь, зарим нь 0 хувь, заримд нь 10 хувь байдаг. Монгол Улсын дотооддоо үйлдвэрлэдэг зарим барааны хувьд бүр 20 хүртэлх хувийн татвартай. УИХ-ын 27 дугаар тогтоолыг үзвэл ямар бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортоор оруулж ирэх татварын хувь хэмжээг заачихсан байгаа. 10 хувь гэдэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан НӨАТ-ын хувь хэмжээ. Импортын бараа улсын хилээр орж ирж байгаа тохиолдолд гаалийн үнэ тодорхойлогдоод, түүнээсээ импортын гаалийн албан татвар, НӨАТ төлнө. Ихэнх барааны хувьд 5 хувь байдаг учраас түүн дээр НӨАТ-ын 10 хувь нэмэгдээд, нийт 15.5 хувийн татвар ногдуулаад төлж байгаа асуудал. Үүнийг гаалийн байгууллага тодорхойлдоггүй.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

Б.Батзаяа: Хөлбөмбөгийн холбооны дансыг заавал шалгамаар байна DNN.mn

Спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяатай ярилцлаа.


 Та монголын хөлбөмбөгийн холбооноос гаргасан мэдэгдлийг харсан уу?

-Харсан.

-Тэгвэл та үүний эсрэг ямар байр суурьтай байна вэ?

– Өнөөдөр бид ардчилсан нийгэмд ажиллаж, амьдарч байна. Олон улсын байгууллагуудаас орж ирсэн мөнгийг Монголын хөлбөмбөгийн холбоо юунд зарцуулдгийг бид мэдэх эрхтэй. Хэрэв тэд үүнийгээ ил тод тайлагнахгүй байх юм бол хардах ч эрхтэй. Энэ эрхээ эдлэхээр шүүх цагдаад өгнө гэдэг чинь өөрөө утгагүй хэрэг болж байгаа юм. Яах вэ намайг хөлбөмбөгийн холбооноос цагдаа, шүүхэд өгнө гэж олон удаа хэлж байсан. Монголын хөлбөмбөгийн холбоо бол төрийн бус байгууллага учраас гадаадаас санхүүждэг. Гадаадын байгууллагуудын манайхаас ялгаатай нэг зүйл нь бүх үйл ажиллагаагаа, мөнгөний зарцуулалтаа цахим сайт дээрээ ил тод тайлагнадагт байгаа юм. Англи хэлтэй хүн бол хөлбөмбөгийн холбооны санхүүжилт авдаг “FIFA” гэх олон улсын байгууллагын сайт руу ороод, хайгаад, уншихад бүгд гараад ирнэ. Гэтэл манайхан мангар хүмүүс маллах гэж байгаа юм шиг л бөөрөнхий юм яриад байх юм. “FIFA” бол бидэнд мөнгөө өгчихсөн гээд тайлагначихсан. Тэр бол асар их мөнгө эргэлддэг олон улсын байгууллага. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын телевизийн эрхийг авахад 1сая ам доллар байдаг гээд бод доо. Энэ байгууллага хөл бөмбөгийн дэлхийн аваргын дараа 4 сая ам.долларыг сая, саяар нь хувааж өгдөг. Ийм баян байгууллага бидэнд худлаа ярина гэж байх уу.

-“FiFa”- аас гадна өөр олон санхүүжилт байдаг уу?

-Маш олон программ, хөтөлбөрүүд байгаа. “Fifa Forward Develo­ment Programme”, Азийн хөлбөмбөгийн холбооны “Inhance” гээд сайжруулдаг хөтөлбөрүүд бий. Эдгээр газрууд 50 мянган ам доллар, 200 мянган ам.доллар, 1 сая ам.долларыг өөрийн улсдаа хөлбөмбөгийг илүү хөгжүүлж, дэлгэрүүлээрэй гээд санхүүжилт болгон өгдөг. Үүнийгээ бидэнд хэлдэг, тайлагнадаг. Холбоон дотор ажиллаж байгаа хүмүүс хүртэл тэдэнд төслөө бичиж өгөөгүй байна аа гээд хэлээд л байдаг. Ер нь ганц би үүний тухай яриад байгаа юм биш л дээ. Өөр олон хүмүүс бий.

-Тэгвэл яагаад ганцхан тан руу дайраад байна вэ?

-Би арай илүү олон дагагчтай байхгүй юу. Мөн дээрээс нь би хөлбөмбөгчин байсан. Baabar.mn шилдэг 40 нийтлэлчийн нэг. Яах вэ намайг дуугүй болгочихвол бүх зүйл болчихно гэж бодоод байгаа юм шиг байна. 2014 онд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч авлига авсан хэргээр FIFA-аас хориг авч байсан. Дахиад л мөнгө орж ирсэн. Тэр нь улстөржөөд бөөн хэрэг болсон. Ер нь олон улсын байгууллагуудаас их хэмжээний мөнгө орж ирдэг ийм газар руу улстөрчид юм уу, хөлбөмбөгт ямар ч хамаагүй хүмүүс их үүрлэдэг юм байна. Тэд хөлбөмбөгт хайртай, дуртай хүмүүсийг нь шахаад гаргачихдаг. Гаднаасаа хөлбөмбөгийн нэртэй газар боловч дотор нь хөлбөмбөгтөй холбоотой хүмүүс маш бага байдаг. Ерөнхийдөө ийм л газар. Би тэр хүмүүсийг мөнгө идээд байна гэж хэлэхээр над руу дайрах нь ойлгомжтой шүү дээ. Өчигдөр гэхэд намайг архи уудаг, эхнэрээ зоддог гээд бичсэн байсан. Би ерөөсөө архи уудаг хүн биш. Доорх комментыг нь уншаарай. Тэгэхээр ойлгомжтой болно. Өр ширтэй гэж байна билээ. Би хувиараа бизнес эрхэлдэг, академик түвшний 30 орчим ном бичсэн. Хэрвээ би мөнгө иддэг хүн байсан бол аль 15 жилийн өмнөөс л муу нэрд гарчих байлаа. Надад ямар ч өр шир байхгүй. Мэдээж байрны лизинг бол байгаа (инээв). Үүнийг бодолцохгүйгээр хаа байсан гэр бүл, хувийн амьдралд маань халдсан.

-Үүнээс гадна олон улсын байгууллагын барьж өгсөн хөлбөмбөгийн байгууламж, талбайг барьцаанд тавьсан асуудал яваад байна.

-Манай энэ хөлбөмбөгийн холбооны байгууламжийг олон улсын хөлбөмбөгийн холбооноос барьж өгч байгаа шүү дээ. Гэтэл үүнийг барьцаанд тавьчихсан байгаа юм. Монголын төрийн бус байгууллагын хуульд олон улсын байгууллагаас барьж өгсөн эд зүйлсийг барьцаанд тавьж болохгүй гэж заасан байдаг. “FIFA”-аас барьж өгсөн хөлбөмбөгийн талбайг ч барьцаанд тавьчихсан. Банкинд 500 сая төгрөгөөр барьцаалчихсан байна билээ. Хэрэв үүнийг төлөхгүй бол банк хураагаад авчихна шүү дээ. Эсвэл тэр тавьсан хүмүүс нь шоронд орох уу, үгүй юу гэдэг. Энэ бол үнэхээр ноцтой асуудал.

Барьцааны асуудлаас гадна бид хөлбөмбөгийн холбооны дансыг заавал шалгамаар байна. Олон улсын байгууллагаас орж ирсэн мөнгө яг юунд зарцуулагдсаныг л мэдмээр байна. Би нэг л жишээ хэлье. 2016-2022 оны хооронд Монгол Улсад 11.4 сая ам.долларыг зөвхөн “Fifa Forward Develoment Pro­gramme” өгсөн. Энэ бол 40 орчим тэрбум төгрөг. Гэтэл энэ их мөнгө хаашаа орчихов. Яг л үүнтэй адилхан бусад санхүүжилтийн мөнгө хаашаа орсныг л мэдмээр байна. Бидэнд мэдэх, хардах эрх бий.

-Монголын хөлбөмбөгийн холбооноос таныг “Илт худал мэдээлэл тарааж гүтгэсэн” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад хандана гэж мэдэгдсэн байсан. Мэдэгдсэн үү?

-Байнга л мэдэгдэнэ гэж байдаг. Гэхдээ чаддаггүй. Ер нь хөлбөмбөгийн холбоог мөнгө идээд байхаар манай хөлбөмбөгчид дуугардаг. Тэдний дуу нь сул болохоор тоодоггүй юм. Намайг дуугарахаар л шүүхэд өгнө гэдэг. Өмнө нь ч гэсэн хоёр гурван удаа хэвлэлийн бага хурал хийгээд хэлж л байсан. Би өг гэдэг. Надад нууж хаах юм байхгүй. Би мөнгө идээгүй. Миний ард намайг дэмжиж, босох хүмүүс олон байгаа. Яагаад гэвэл би худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, мөнгө иддэггүй төрлийн хүн.

А.дАвААдУЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярсайхан: П.Батчулуун эмчийн төлөө цагаан халатаа өмсөөд талбай дээр гараад жагсахад бэлэн байна DNN.mn

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж үзэн гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Үүнд мэс заслын эмч нарын төлөөллүүд байр сууриа илэрхийлээд байгаа юм. “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн мэс заслын эмч Б.Баярсайхантай ярилцлаа.


-П.Батчулуун эмч “тархины үхэлтэй донорын ар гэрээс зөвшөөрөлгүй эд эрхтэн авсан” гэх асуудлаар 2.6 жилийн хорих ял авсан. Энэ нь мэс засалч эмч нарын хувьд эмзэглэж буй асуудал болоод байна уу?

-Миний хувьд П.Батчулуун эмчийг хар нялхаас нь эхлээд мэднэ. Нэг сургууль хамт төгсөж байлаа. Биднийг анагаахад ороод эмч болоход Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын эмч болчихсон байсан. Энэ хүнээр би бахархаж, үлгэр дуурайл авдаг, хүндэлдэг эмч нарын маань нэг. Хүнд хэзээ ч хар буруу санадаггүй байсан. Монголын мэс засалч эмч нарын дунд эрхэм болсон хүний нэг.

Мэс заслын эмч, хувь хүнийхээ үүднээс ч энэ асуудалд холбогдоод шүүхээс ийм ял авсанд маш их эмзэглэж байгаа. Эмзэглэж байгаа асуудлын гол нь хүний амь насыг аврахын төлөө, сайн үйлсийн төлөө явж байхад нь буруутгаж буйд мэргэжлийн мэс засалч нарын хувьд маш гутамшигтай зүйл гэж харж байна. Хүмүүс цахим орчинд олон янзаар л бичиж байна. Миний хувьд энэ асуудлыг анхны процессоос нь эхлээд сайн мэдэж, ажиглаж байгаа. Эрх зүйн актаараа тийм хуультай байж болно. Гэхдээ өнөөдөр хүний төлөө ажиллаж байсан хүн ял авчихаад байхад бид дуугарах үүрэгтэй. Биднийг удирддаг нийгэмлэг, холбоод, эрдэмтэн багш нар гээд олон хүмүүс байгаа. Энэ олон хүмүүс яагаад одоо болтол дуугарахгүй байгаад хувь хүнийхээ үүднээс маш их эмзэглэж байна.

-Энэ нь цаашдаа залуу эмч нарын зоригийг мохоох жишээ болчихов уу?

-П.Батчулуун эмчийн араас олон эмч хуулийн цоорхой, буруу тогтоомжийн дагуу ял авах нөхцөл үүсчихээд байгааг үгүйсгэхийн аргагүй байна. Тэгэхээр эрх зүйн орчноо сайжруулаач ээ. Хэрэв үгүй бол залуу эмч нарын ир мохно. Мэс засал гэдэг зүйлийг эрдэм мэдлэгээс гадна зүрх зориг, шулуун сэтгэлээр хийдэг. Тэгэхээр залуусынхаа зоригийг бид мохоомооргүй байна. Хэрэв цаашдаа энэ байдал үргэлжилбэл мэс засал хийх хүн Монголд олдохгүй.

Бид өнөөдөр зөвхөн П.Батчулуун эмчийн тухайд биш Монголд хүний төлөө явж байгаа нийт эмч нар болон мэс заслын эмч нарын эрх ашиг аль түвшинд, яаж зөрчигдөж байгааг олон удаа харлаа. Гэтэл яагаад хууль эрх зүйн орчныг зөв болгож бүрдүүлэхгүй байгаа юм. Яагаад Эрүүл мэндийн яам, бусад эрхтэн дархтанууд эмч нарынхаа эрх ашгийг хамгаалсан арга хэмжээ авахгүй байгаа юм. Сошиалаар бид зөндөө хэлүүллээ, тэр тоолонд эмч нарыг өмөөрөөд дуугарч байгаа байгууллага нийгэмлэг алга байна. Эмч нар маань дор бүрнээ цахим орчиндоо ганц нэг үгээ хэлээд энэ асуудал намдчихдаг. Эцэст нь хүний төлөө явж байсан эмч л буруутгагдаж байна. Эмч нарыг хамгаалдаг тусдаа байгууллага, өмгөөллийн товчоо зэргийн зүйл байх ёстой. Тэгэхээр дахин ийм асуудлыг үүсгэхгүйн тулд хууль эрх зүйн орчныг өөрчилж, шинэчлэл хийх ёстой гэдгийг онцолж хэлмээр байна.

-Ер нь тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авах тухай гадны улсын ямар зохицуулалт байдаг юм бол?

-Тархины үхэлтэй донороос эд эрхтэн авах нь бусад улс оронд хуулиараа явдаг ч хоёрдугаарт хүн чанараараа явдаг. Бид киноноос хүртэл хардаг шүү дээ. Донор болохыг зөвшөөрсөн гэсэн тусгай үнэмлэхтэй явбал ямар ч зөвшөөрөлгүйгээр эрхтнийг нь аваад цаг хугацаатай уралдсан ийм зүйл байдаг. Монголд л хамаг зүйл уруугаараа эргэчихээд байгаа юм. Хэдий хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа ч цаанаа олон хүний алтан амийг аварна гэдэг бол шашин номоороо ч тэр маш том буян шүү дээ.

-Цаашдаа ер нь яаж тэмцэх бодолтой байна?

-Тэмцлийн олон хэлбэр байгаа. Миний хувьд П.Батчулуун эмчийн төлөө цагаан халатаа өмсөөд талбай дээр гараад жагсахад бэлэн байна. Мэс заслын нийгэмлэг маань удирдаад эрхтэн солих мэс заслыг бид тодорхой хугацаанд яагаад зогсоож болохгүй гэж. Хүний эрхтэн солиод шоронд суусны оронд өөр хагалгаа хийгээд явж болно. Бүр цаашилбал төлөвлөгөөт хагалгаануудаа зогсоосон ч болно. Би ардчилсан Монгол Улс гэдэг үгийг хэлэх дуртай хүн. Ардчилал бол болохгүй байгаа зүйлийг засахын төлөө байх ёстой зарчим гэж ойлгодог. Тэгэхээр эмч нар өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой болчихоод байна.

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан DNN.mn

Монгол Улсын Төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч С.Оюунтай төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат агсны тухай дурсан ярилцлаа.


-Таны хувьд Ерөнхийлөгч П.Очирбат агсны хэвлэлийн албанд ажиллаж байсан шүү дээ. Танд анх яаж санал тавьж байв?

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчтэй нэг багт ажиллах болсон нь миний хувь заяанд тохиосон эрхэм цаг хугацаа гэж боддог. Хэвлэлийн албаны дарга маань Чунтын Чулуунбаатар, түүний мэдэлд Нарантуяа гэж бүсгүй бид хоёр томилогдож байлаа. 1993 онд би “Ардын эрх” сонины ажилтан, давхар “МОНЦАМЭ”ийн сурвалжлагч байсан. Булган аймагт байхад миний хүсэлтээр эрхлэгч Ц.Балдорж намайг нийслэлд авчирсан. Ирсний дараа нэг өдөр намайг утсаар ярья гэлээ. Гар утас гараагүй, дундаа нийтийн утастай байсан цаг. Тэгтэл “Ерөнхийлөгчийн туслах Тогтохнасан гэдэг хүн байна, тантай Ерөнхийлөгч уулзана гэж байна” хэмээн дуулгасан. Улсын номер нэг хүн уулзъя гэхэд би юу хийчихлээ гэсэн бодол л төрдөг юм билээ. Учир нь тэр хүнийг зурагтаар л харсан төдий, огт танихгүй. Анхны Ерөнхийлөгчтэй уулзахдаа гар хоосон ормооргүй байдаг. Гэтэл надад өгөх ном ч байсангүй. Намар цаг юмдаг. Санаанд Могодын айраг л орж ирсэн. Нутгийн жаахан айраг аваад орвол болох уу гэсэн. Тогтохнасан туслах “болно оо” л гэж байна. Орлоо. Өрөө нь цэл гэр том, тээр цаана Ерөнхийлөгч сууж байснаа босож ирээд гар барилаа. Тэгээд “Би намтрын номоо гаргах гэж байна. Чамайг тэнд ажиллуулах саналтай байна. Чиний бичсэн “Ямар азаар бид хоцрогдов оо” гэсэн нийтлэл чинь надад сайхан санагдсан” гэлээ. Тэр үед надад “зохиолчид юу гэх бол” гэсэн хачин бодол орж ирсэн юм. Маш олон нэртэй төртэй зохиолчид байхад намайг гэдэг нь гэсэн бодол л доо. Тэгээд “Би чадах болов уу. бодъё” гэсэн юм. Ийм үг сонсоно чинээ огт санаанд ороогүй тул тулгамдсан л даа. Тэр нийтлэлийнхээ ачаар л тоогдсон юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд ажиллаж байхад хэвлэлийг нь хариуцаж хөдөө гадаа хамт явдаг байсан байх. Энэ тухай дурсвал?

-Ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчтэй хоёр гурван газар хамт явж байсан. Ерөнхийлөгчтэй цуг машинд суугаад явж байхад тусгай албаныхан нь хамгаалж, анхаарал тавьж байгаа нь надад их сайхан санагддаг байсан. Хол газар машинд яваад Ерөнхийлөгч ч зүүрмэглэнэ, бид ч ялгаагүй зүүрмэглэнэ.

Тэр болгонд туслах нь ард нь суугаад гараа эвж, тогтвортой явуулах үүргийг бие хамгаалагчид нь маш хариуцлагатай гүйцэтгэдэг байсан. Энэ нь төрийн дээд албаны хүмүүсээ яаж хүндэлж хайрлаж, хамгаалж байх ёстойг харуулж байсан даа. Надад тэр нь ямар их хүндлэл вэ гэж бодогддог байлаа. Ерөнхийлөгчтэй хамт анх удаагаа Лондонд очиж, хэвлэлийн албаны хүний хувьд хэвлэлийн бага хурал зохион байгуулж үзэж байлаа. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд байхдаа их сайхан зүйлүүдийг үзэж явлаа даа.

-Ингэхэд “Тэнгэрийн цаг” ном дээр хэр удаан ажиллаж байв?

-“Тэнгэрийн цаг” номыг жил гаруй бичсэн. Ерөнхийлөгч өөрөө юмаа бичээд тэрийг бичээч нь шивээд, шивсэнийг нь би авч засаад хэвлүүлээд Ерөнхийлөгчид үзүүлээд явдаг байсан. “Тэнгэрийн цаг” номыг шүүмжилсэн нэг ч шүүмж гараагүйг бодвол бид хоёрын ном гайгүй болсон хэрэг. Би шөнийн 11 цаг хүртэл суудаг байлаа. Засгийн газрын гаражаас тусгай машинаар намайг гэрт хүргэж өгдөг. Тийм боломжоор хангаж байсан гэсэн үг. Тэгээд номоо бичиж дуусгаад Лондонд хэвлүүлсэн. Тэр үед хэвлэлийн чанар сайн биш, шинэхэн хэвлэх үйлдвэр стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байсан цаг. Ном маань гараад олон түмэн сайхан хүлээж авсан.

-П.Очирбат Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн байсан бэ?

-Хэлсэндээ байдаг, хүний итгэлийг дааж чаддаг, өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болдог, яах аргагүй төрийн хүн байсан. Ардчилсан зарчим гэдгийг үлгэрлэж харуулъя гэж боддог . Тиймдээ ч хүмүүсийг сонгож авч ажиллуулахдаа үргэлж зөв бодлоготой байсан. Өөрийн байр сууриа илэрхийлнэ гэдэг бол үе үеийн Ерөнхийлөгч нарт чухал зүйл байдаг. П.Очирбат Ерөнхийлөгч олон зөвлөхтэй, тэдэнтэйгээ зөвлөлдөөд байр сууриа хэдийд хэлэх вэ, хаана уулзалтад очих вэ гэдэг нь бодлогын зүйл байдаг. Энэ бүгд бол Монгол Улсын хувьд цоо шинэ зүйл байсан.

-Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, ардчилсан нийг мийн харилцааг тунхагласан түүхэн цаг үе шүү дээ?

-Тийм шүү. Ерөнхийлөгч бол өөрийнхөө амьдарч б а й г а а нийгэмд шүүмжлэлтэй ханддаг, дэвшилтэт үзэлтэй хүн байсан. 1990 оноос хойш Монгол Улс бие даасан бодлоготой гэдгийг үлгэрлэж байсан. Улс төрд намууд төлөвшин тогтоогүй үед П.Очирбат гэж хүн гол ноён нуруу нь байгаагүй бол Монгол Улс тийм байж чадах болов уу гэж хамт ажиллаж байсан бидний хувьд боддог. Тийм учраас яах аргагүй эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсан.

Ажиллах үеийн бас нэг сайхан зүйл нь Ерөнхийлөгчтэй хамт цалингийн цэс дээр нэр маань бичигддэг. Хамгийн дээр П.Очирбат гэж байгаад түүнээс доош бидний нэр хамт бичигддэг. Гарын үсэг зурж цалингаа авдаг байлаа. Санхүүгийн эрх чөлөө бий болоод Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр сарынхаа цалинг бөөнд нь авъя гэхэд өгдөг болж байсан. Өмнө нь манай санхүүгийн системд тийм зүйл байгаагүй. Энэ мэтчилэн зах зээлийн харилцаанд орж байсан. Тэр нь их сайхан санагддаг юм. Бид чинь их хатуу үед байлаа. Томилолтоор явъя гэхэд санхүү дээр очно, банк гэж хүнд суртлын газар очно, бөөн юм болдог байсан бол 1990 оноос чөлөөтэй болоод цалингаа гурван сараар нь авъя гэхэд хүртэл өгч л байдаг зах зээлийн нийгмийн эрх чөлөөг бид хамгийн анх үзэж байлаа.

Г.Балгармаа