Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

А.Батпүрэв: Төсвийн тодотголыг нэн даруй зайлшгүй хийх шаардлагатай

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа.


-Г.Занданшатарын Засгийн газар амаргүй эдийн засаг хүлээж авлаа гэж байна. Шинэ засаг мөнгө олохын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

-Засгийн газар хүндхэн эдийн засаг хүлээж авч байгаа. Хямрал руу халтирах шинжтэй болохын даваан дээр дараагийн Засгийн газар томилогдож байна. Шинэ засаг хурдан мөнгөтэй болохын тулд түр мөнгө олж болно. Ингэхдээ зээлээ нэмээд, дотоод, гадаадын зах зээл дээр бонд гаргаад төсвийнхөө алдагдлыг нөхөөд явах хувилбарууд байж болно. Магадгүй ОУВС-гийн хөтөлбөр оруулж ирэх ч юм уу. Гэхдээ эдгээр нь зөв хувилбар гэж бодохгүй байна. Эсрэгээрээ өнөөдрийн цаг үед Засгийн газар яаж мөнгө олох вэ гэхээсээ илүү хувийн хэвшилдээ хэрхэн мөнгө олох боломж олгох вэ, иргэд, аж ахуйн нэгжүүддээ яавал илүү их мөнгө үлдээх вэ гэдэг бодлого явах ёстой. Тэр нь юу вэ гэхээр татварын ачааллыг нь бууруулъя. Гааль, худалдааны татварын ачаалал болон хүнд суртлыг нь багасгая. Гадаадын хөрөнгө оруулалт аль ч сувгаар аль ч салбарт орж ирэх боломжийг нь нээлттэй болгоё. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж болох уул уурхай, барилга, тээвэр зэрэг салбарууддаа илүү либераль бодлого явуулснаар болзошгүй хямралаас тойрч гарч, эдийн засгийнхаа өсөлтийг илүү тогтвортой хадгалах ёстой. Энэ бол богино хугацааны асуудал. Харин дунд, урт хугацаандаа Монгол Улс байнга ярьдаг нүүрс, зэс гэдэг хоёрхон бүтээгдэхүүнээс хамааралтай, тэрийгээ дагаад төсвөө хэт тэлчихсэн эдийн засгийн энэ бүтцээ өөрчилнө гэсэн үг. Уул уурхайгаас гадна нэмүү өртөг шингээсэн олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай салбаруудыг бий болгох. Жишээлбэл, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, технологийн үйлчилгээ ч байдаг юм уу. Дээрээс нь эдийн засгийн бүтцэд төр хэтэрхий өндөр оролцоотой, хэт хамаарлыг багасгамаар байна. Тэр нь төсвийн зардлаа танаж зохистой хэмжээнд авчрах. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, цөөлөх, олон нийтийн болгох зэрэг ажлуудыг хийх нь зөв.

-Төсвийн тодотголыг яаж хийх ёстой вэ?

-Төсвийн тодотголыг нэн даруй зайлшгүй хийх шаардлагатай. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар гэхэд төсвийн орлого 1.4 орчим их наяд төгрөгөөр тасраад зарлага нь 900 гаруй тэрбумаар нэмэгдчихсэн байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад төсвийн үзүүлэлт 2.3 их наяд төгрөгөөр буурсан байгаа. Гэтэл эдийн засгийн өсөлтөө бодоход илүү сайжирч байх ёстой зүйл. Төсвийн зарлага 900 гаруй тэрбумаар өсчихсөн гэж байгаа боловч энэ нь хянагдсан буюу гарсан зардлуудаа яриад байгаа. Гэтэл бүх салбарт баахан ажлууд төлөвлөөд, төсөвлөчихсөн байдаг. Яамдууд нь баахан тендер зарлаад компаниуд шалгараад ажлаа хийгээд эхэлчихсэн. Эсвэл зарим нь гэрээгээ хийгээд ажлаа эхлэх гээд байдаг. Гэтэл санхүүжилтийг нь зогсоогоод хүлээлгийн байдалд оруулчихсан. Ингэж зах зээлд буруу сигналь өгснөөрөө нөөцийн хуваарилалт маш олон зүйлийг буруугаар эргүүлж байгаа. Тиймээс төсвийн тодотголыг хийж байж энэ хүнд байдлаас гарах ёстой. Төсвийн тодотголыг хийхийн тулд орлогоо илүү бодитойгоор төлөвлөх нь зөв. Бид нүүрсний үнийг 105 ам.доллар гээд бодчихсон. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад үүнийг эдийг засагчид шүүмжлээд, хэт өөдрөг юм биш үү гэж сануулсаар байхад энэ үнээр хийчихсэн. Сүүлийн үед нүүрс 65 ам.доллараар зарагдаж байна. Цаашдаа үүнээс ч буух төлөвтэй байна. Тиймээс орлогоо бууруулна, тэрийгээ дагаад зардлаа бууруулна. Монголын төсвийн зарлагын 75-хан хувь нь урсгал зардал байдаг. Тэр дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагуудын урсгал зардал байна. Үүнийг сууриар нь өөрчилж, бүцийн шинэчлэл хийж, төрийн албыг илүү цомхон болгох, халамжуудаа илүү зохистой, оновчтой болгох ажлуудыг хийхгүйгээр урсгал зардалд бодитой өөрчлөлт хийж чадахгүй. Тэгэхгүй бол том дүнгээр төсвөө жижигрүүлж, эдийн засаг дахь төсвийн оролцоог багасгах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын ажлууд нэлээд бий. Ялангуяа гадаадын зээл тусламж юм уу, Засгийн газрын өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслүүд их явж байгаа. Тэдгээрийг том, том төслүүд зарлаад, ямар ч эрэмбэ дараагүйгээр эхлүүлчихсэн. Одоо эд нарыгаа эргэж хараад, нийгэм эдийн засгийнх нь үр өгөөжийг бодитойгоор тооцож үзээд, эрэмбэлж байгаад эхнээс нь үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй заримыг нь хаяад цаашаа явах ёстой. Тэгэхгүй бол олон том төсөл зэрэг эхчлүүлчихээр төсөв нь дийлэхгүй.

-Төсвийн тодотгол дээр нийслэлийн төсвийг эргэж харах ёстой гэж зарим гишүүд яриад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол заавал эргэж харах ёстой асуудал. Сүүлийн хоёр, гурван жил хот бол улсын төсөвт ямар ч орлого төвлөрүүлэхгүйгээр олсноо өөрөө зарцуулна. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын баталгаатайгаар их хэмжээний бонд гаргаад түүнийгээ захиран зарцуулдаг болсон. Өнөөдөр улсын төсөвтэй тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төслийг хот дээр Засаг дарга, Иргэдийн хурал нь шийдээд явж байгаа. Маш том, том тоотой, их наядаар хэмжигддэг төслүүд хэрэгжүүлээд байдаг. Энэ нь өөрөө төсөвтэй адилхан парламентын хяналт, олон нийтийн хэлэлцүүлэг байхгүй. Замбараагүй гэмээр нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр үүнийг нь эрэмбэлээд хотын төсвийн мөнгө нь үнэхээр илүүдээд байгаа бол улсын төсөвт татаж авч байгаад үзэх хэрэгтэй. Жишээлбэл, хоттой адилхан нөхцөл байдалтай Өмнөговь аймаг хангалттай мөнгө олдог мөртлөө улсад төвлөрүүлчихээд өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй сууж байгаа. Гэтэл хот буруу жишиг тогтоосон хяналтгүй зарчмыг өөрчлөх нь зөв байх.

-Манай улсын эдийн засаг орлого олдог ганц л сувагтай. Үе үеийн Засгийн газар эдийн засгаа солонгоруулах ёстой л гэдэг. Яавал орлого олдог сувгаа нэмэх вэ?

-Шинэ санаа сэдэл гэхээсээ илүү өчнөөн олон жил ярьсан ажлуудаа системтэй, үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудал болчихоод байгаа юм. Богино хугацаанд Монгол Улсад гадаад валютын орлого олдог боломжоо нэмэгдүүлэх арга зам гэвэл уул уурхайн үйлдвэрлэлээ илүү нээлттэй болгох ёстой. Нүүрснээс өөр газрын ховор элемент ч гэдэг юм уу дараагийн салбаруудтай болох хэрэгтэй. Цаашдаа дунд, урт хугацаанд уул уурхайгаас гадна экспорт хийж чаддаг салбаруудаа хөгжүүлдэг байх. Тэр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр зэрэг салбарууддаа бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр богино хугацаанд уул уурхайгаас олсон мөнгөө ирээдүйн уул уурхайг орлохуйц салбаруудыг бойжуулахад нь чиглүүлэх ёстой. Үүнийг олон улсын үндэсний баялгийн сангуудын эдийн засгаа солонгоруулах стратегийн хөрөнгө оруулалт хийдэг хувилбарууд тийшээ л чиглэж байгаа. Дубай, Казахстаны туршлага байна. Монгол Улс уул уурхайг орлохуйц дараагийн орлого олдог салбаруудаа бий болгоё гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг бүх салбарт нээлттэйгээр татахаас өөр арга байхгүй. Аливаа салбаруудыг хязгаарлалт багатайгаар аль болох чөлөөтэй байлгах хэрэгтэй. Монгол шиг жижиг зах зээлд, хоёр том хөршөөр дэлхийгээс хязгаарлагдчихсан, далайд гарцгүй эдийн засаг дээр аль болох нээлттэй бодлого явуулж байж цаашаа явна.

-Нүүрсний ирээдүй яахаар байна?

-Манай нүүрсний экспорт БНХАУ-аас хамааралтай учраас богино хугацаандаа үнэ нь өснө гэсэн хүлээлт харагдахгүй байна. Хэрэглээний тоо хэмжээ өнөөгийн түвшинг хадгалаад аль болох ихээр нийлүүлээд хэдэн жил явах боломжтой байх. Харин урт хугацаандаа үнэ нь өснө гэсэн төлөв харагдахгүй байгаа. Яагаад гэвэл Хятад улс нүүрснийхээ нийлүүлэлтийн дийлэнх хувийг дотоодоосоо хангадаг болно. Дээрээс нь нүүрснээсээ аль болох татгалзаад тогтвортой ногоон эх үүсвэр рүү шилжинэ гэсэн бодлого баримталж байгаа. Ийм тохиолдолд бид нүүрсээрээ урт хугацаанд амьдарна гэдэг хүлээлтгүй л байх ёстой.

-Инфляцийг яаж буулгах вэ?

-Он гарснаар инфляци хоёр оронтой тоо руу дөхөж байна. Албан ёсны статистик ес гэж гарч байх шиг байна. Өнгөрсөн хоёр жилд хоол хүнсний инфляци маш өндөр байсан бол харьцангуй тогтворжиж байна. 2020 онтой харьцуулахад аль ч хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ өсөлт одоохондоо эрч нь саарах байдалтай байна. Нөгөө талд үйлчилгээ, орон сууцны үнэ өндөр өсөлттэй хэвээр байна. Учир шалтгааныг нь харах юм бол нийлүүлэлттэйгээ уялдаагүй ипотекийн бодлого явсан. Монгол Улс импортоос өндөр хамааралтай улс. Гэтэл валютын ханш өсөөд байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн гаралтайгаар инфляци нэмэгдэж байна. Гуравдугаарт, төсөв өөрөө инфляци өсөх, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээгээр нэмэгдэж үрэлгэн зардал гаргах том шалтгаан болж байна. Төсөв өөрөө том шалтгаан болж байгаа. Иймд инфляцийг буулгая гэхээр төсвийн зардлаа хумих хэрэгтэй болно. Хоёрдугаарт, валютынхаа ханшийг тогтворжуулах асуудал гарч ирнэ. Монголбанк өөрөө төв банкны түвшинд ажиллахгүй бол сүүлийн хэдэн жил яалт ч үгүй Засгийн газрын касс шиг ажилласан нь үнэн. Төв банк хараат бус байр суурин дээрээ ирэх ёстой. Тэгж байж төв банкнаас инфляцийнхаа хариуцлагыг нэхэх хэрэгтэй.

-Валютын ханш тасралтгүй өсч байна. Дэлхийд ам.долларын ханш 10 хувиар уначихаад байхад манайх яагаад өсөөд байна вэ. Үүнд юу нөлөөлж байна?

-Монгол Улс руу ам.доллар орж ирдэг хоёр л урсгал байгаа. Нэг нь экспорт, тэр дундаа нүүрс голлодог. Нүүрсний үнэ унасан. Бид гаргадаг хэмжээндээ гаргаж байгаа боловч үнэ нь уналттай хэвээр байна. Тэрнээс хамгийн том шок нь бий болж байна. Он гарснаас хойш ам.долларын ханш нэрлэсэн дүнгээр 5-6 хувиар чангараад төгрөгийн ханш тэр хэмжээгээр суларсан. Хоёрдугаарт, Монгол Улсад ам.доллар оруулдаг гадаадын хөрөнгө оруулалт гэдэг суваг үндсэндээ хаалттай олон жил болж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж олон жил ярьж байгаа боловч Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа олон удаа унагаачихсан. Гэрээ хийгээд ороод ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж туух, үйл ажиллагааг нь тогтвортой явуулахгүй байх нөхцөл байдал үүсч байна. Сүүлийн үед улс төрийн популизмаа дагаад тэгж ч хөрөнгийг нь хураана, нийгэмчилнэ гэж байгаа учраас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагч алга даа. Ийм нөхцөлд ам.доллар орж ирж байгаа суваг нь багасаад тэрийг дагаад төв банкин дээр улсын валютын нөөц олигтой нэмэгдэхгүй байгаа.

-Валютын нөөц таван тэрбум ам.доллар давж түүхэн дээд хэмжээнд хүрсэн шүү дээ. Энэ зохиомол дүн үү?

-Таван тэрбум гэдэг абсолют дүн өөрөө түүхэн хэмжээтэй харьцуулахад

өндөр байж магадгүй. Гэхдээ арван жилийн өмнөх таван тэрбум, өнөөдрийн таван тэрбум хоёр тэс өөр. Арван жилийн өмнө таван тэрбум ам.доллараар Монгол Улс импортынхоо зургаан сарын хэрэгцээг хангаж чадах байсан. Тэгвэл өнөөдөр ийм мөнгөөр ердөө импортынхоо гурван сарын хэрэгцээг хангана. Тэгэхээр энэ бол эмзэг хэвээр байгаа. Валютын нөөцийн цаана цэвэр нөөц гэдэг ойлголт байгаа. Төв банкны өр төлбөрүүд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдэд, банкуудад төлөх төлбөрүүд гэж бий. Тэр төлбөрийг хасаад цэвэр нөөцөө харах юм бол төв банкинд нэг тэрбум гаруйхан ам.доллар л байгаа. Түүгээр интервенц хийгээд валютын ханшийг удаан барина гэж байхгүй. Өнгөрсөн хоёр жил ханшийг хүчээр бариад байлгаад байсан. Тэр нь алдагдахаараа илүү хүчтэй харваж байна шүү дээ. Харин бүтэцдээ тааруулаад бага багаар сулруулаад яваад байсан бол илүү тогтвортой байх байсан. Ер нь ханш хөдлөхгүй тогтмол байх биш. Жигд таамаглахуйц байх нь Монгол Улсын хувьд хамгийн зөв хувилбар гэх юм уу даа. Гадаад өрийн дарамт нэмэгдчихсэн, валютын орох урсгал буурчихсан, нөөц багасчихсан энэ зах зээлийн итгэлцлээ дагаад хөрөнгө оруулалт сул байгаа учраас валютын ханш өссөөр байна. Цаашид өсөх хандлага харагдаж байгаа.

-Тэгвэл валютын ханшийг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэх, хөрөнгө оруулалт татах. Хамгийн сүүлийн хувилбар нь ам.доллар зээл авах зам үлдэж байна.

-Засаг огцорсноор гадаадын хөрөнгө оруулагчид дайжиж байна уу. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого гаргах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Улс төрийн тогтвортой байдал хөрөнгө оруулалтад чухал. Гэхдээ улс төрийн гэхээсээ илүү бодлогын тогтвортой байдал чухал. Бодлого тогтвортой байна гэдэг нь хууль тодорхой, гэрээ нь хэрэгждэг, шүүх нь шударга байхыг хэлж байгаа шүү дээ. Түүнээс биш нэг дарга байрандаа байгаад байхыг хэлэхгүй. Сүүлийн таван жил Засгийн газар тогтвортой ажиллахдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж хэлж байлаа. Гэтэл нөгөө гараараа өөр үйлдлүүд хийгээд байсан учраас энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Хөрөнгө оруулагч орж ирээгүй. Тиймээс одоо популизмаар биш илүү бодитой хөрөнгө оруулалтыг татах бодлогоо хэрэгжүүлэх ёстой. 1990-ээд онд хэрэгжүүлж байсан нээлттэй бодлого Монгол Улсын хөрөнгө оруулалтыг татсан. Тэрний үр шим одоо хүртэл явж байгаа шүү дээ. Бас нэг сайн тал нь эдийн засаг саараад хямралын байдалд ороод эхлэхээр буюу хөрсөн дээрээ буухаар манайхан гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна гээд тэрэнд таарсан бодлогууд хэрэгжүүлж, хуулиа гаргадаг. Тэгээд тэр нь үр өгөөжөө өөөд амьдрал гайгүй болоод ирэнгүүт гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй юм байна гээд буцаагаад хөөгөөд, дарамтлаад эхэлдэг. Одоо энэ алдаагаа давтахгүйгээр урагшаа явах хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

И.Энхболд: Солонгосын шинэ ерөнхийлөгч хөшигний ард явагддаг засгийн газрын томилгоог ил болгохын тулд ард түмнээсээ асууж байна

Олон улс судлалын ухааны доктор, зүүн хойд Ази судлаач И.Энхболдтой ярилцлаа.


-БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён засгийн газраа бүрдүүлэхдээ ард түмнээсээ асууна гэж мэдэгдлээ. Хэнийг юуны сайдад нэр дэвшүүлэх вэ гэсэн санал асуулгыг энэ сарын 10-17-ны хооронд явуулна гэжээ. Тэрбээр яагаад ийм шийдвэр гаргахаар болов?

-Ерөнхийлөгч И Жэ Мён сайд нарыг томилох асуудалд хэд хэдэн шалтгааны улмаас сайд ард түмнээс санал асуулга авахаар шийджээ. Нэгдүгээрт, ардчиллыг шинэ түвшинд гаргах зорилт тавьсан байна. Хоёрдугаарт, засгийн газрын томилгоо хөшигний ард хийгддэгийг Солонгосын ард түмэн олон жил шүүмжилсээр ирсэнтэй холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ ерөнхийлөгч хөшигний ард хийгддэг энэ томилгоог хийхгүй, ил тод явуулах нь зүйтэй гэж шийдсэн хэрэг. Тиймээс энэ сарын 10-17-ны өдрүүдэд санал асуулга явуулахаар болжээ.

Нөгөөтэйгүүр И Жэ Мёний энэ шийдвэр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилготой. Тэрбээр сонгуульд “Бид ард түмний өмнөөс шийддэг биш. Ард түмэн өөрсдөө шийддэг тогтолцоо бүрдүүлнэ” гэж амласан. Үүнийгээ хэрэгжүүлэх нэг амлалт нь сайд нарын томилгоо. Тиймээс хэнийг юуны сайд болгохыг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэж үзсэн байна. Дараагийн нэг зорилт нь дижитал шилжилтийг явуулахад чиглэжээ. “Цахим ардчилал”, “Дижитал шилжилт” гэсэн үгнүүдийг Солонгосын засгийн газар болон өндөр дээр албан тушаалтнууд, улстөрчид нэлээд түгээмэл хэрэглэх болсон. Дижитал шилжилт, цахим ардчиллыг шат ахиулах нэг алхам нь ард түмнээсээ авч буй санал асуулга гэдгийг онцолж байна. Солонгос улсын иргэн хүн дэлхийн аль ч өнцөг буланд байсан санал асуулгад оролцох боломжтойгоор зохицуулалт хийж байгаа юм билээ. Үүгээрээ энэхүү санал асуулга онцлог болж байна гэж харж байгаа.

-Өмнөх ерөнхийлөгч нар ийм шийдвэр гаргаж байв уу?

-Урьд өмнө БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс ийм шийдвэр гаргаж байгаагүй. Ер нь сайд нарыг томилох уламжлалт арга барил нь ямар байдаг вэ гэвэл хамгийн эхлээд нам дотроо ярилцаж байгаад нэр дэвшигчдээ намаасаа сонгоно.

Сонгосон нэр дэвшигч нарыг Тагнуулын ерөнхий газраас нь шалгалт явуулдаг.

Тухайн нэр дэвшигчтэй холбоотой бүхий л мэдээллийг шалгана гэсэн үг. Боловсрол, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зэрэг шалгалтыг явуулна. Энэ шалгалтаар гарч ирсэн хүмүүсийг Үндэсний ассамблейд сонсгол явуулах журмаар баталдаг. Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Шүүх яамны сайд зэрэг хууль эрх зүйтэй холбоотой яамдын сайд нар дээр сонсгол явуулдаг. Бусад яамдын сайдыг сонсгол явуулалгүйгээр Үндэсний ассамблей дээр баталдаг уламжлалтай.

-Шинэ ерөнхийлөгч засгийн газрын гишүүдийг ард түмнээсээ асууж байгааг солонгосууд таатай хүлээж авч байх шиг байна. Гол нь ард түмний итгэлийг авч гарч ирсэн сайд нарын хувьд шударга, зарчимтай ажиллах асар их хариуцлага хүлээж байгаа биз дээ?

-Санал асуулга явуулж байгаагийн дутагдалтай тал нь ард түмний санал асуулгаар гаргаж ирсэн сайд ямар нэгэн буруу бодлого явууллаа гэхэд ерөнхийлөгчийн буруу биш, намын буруу биш. Харин ард түмний буруу болж хувирах магадлалтай. Жишээлбэл, сангийн сайд нь ямар нэгэн байдлаар татвар нэмж ард түмний бухимдлыг өдөөлөө гэхэд Ардчилсан намыг ч юмуу, ерөнхийлөгчийг буруутгахад хэцүү болно гэсэн үг. Тиймээс сайн сонгож байж сайд нарыг гаргаж ирэхгүй бол дараа нь хариуцлага тооцож гаргаж ирэхэд эрсдэлтэй.

-Засгийн газар нь бүтцийн хувьд ямар байх төлөвтэй байна вэ. Хэнийг юуны сайд болохыг нь ард түмний санал асуулгаар тодорхой болгосны дараа тэднийг яаж албажуулдаг вэ. Процедурыг нь сонирхуулахгүй юу?

-Процессын хувьд ярих юм бол ерөнхийлөгч ард түмний сонгон шалгаруулалтаа өөрөө явуулна. Гэхдээ заавал ард түмнээс сонгон шалгаруулсан хүн гарна гэсэн үг биш. Ерөнхийлөгч хуулиараа заагдсан өөрийн бүрэн эрх мэдлийн дагуу сонгон шалгаруулалт явуулна. Үүний дагуу хууль болон ёс зүйн шалгалт хийгдэнэ. Тухайн хүн сошиал медиа дээр ямар байсан бэ, боловсролын түвшин нь хэр зэрэг юм, цэрэгт явсан уу, гэр бүлийн байдал гэхчлэн бүхий л талаар нь шалгалт явуулна. Энэ шалтгалтдаа тэнцсэн бол Үндэсний ассамблейд шууд өөрийн биеэр оролцож асуултад хариулдаг. Энэ шалгуурыг даваад гараад ирэх юм бол ерөнхийлөгч зарлигаа гаргана. Ерөнхийлөгч зарлиг гардуулсны дараа тамга гардуулах ёслол болж, тухайн сайд болон ерөнхий сайд нар энэ албандаа томилогдоод явах нь. Одоогийн байдлаар ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Гүон Ён Сэй гэдэг хүн 15.7 хувийн саналаар тэргүүлж байгаа мэдээ байна.

-Ингэхэд БНСУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан нам гарвал монголчуудад ээлтэй бодлого явуулдаг шүү дээ. Сая огцордог ерөнхийлөгч визний хувьд маш хатуу бодлого явуулж монголчууд бөөн бөөнөөрөө солонгосын хил дээрээс буцаж байсан. Харин И Жэ Мён ерөнхийлөгчийн хувьд Монголтой харилцаагаа хэрхэн шинэ шатанд ахиулах бол?

-Солонгост ардчилсан нам төрийн эрхэнд гарсан. Ерөнхий ассамблейн суудалд ч диийлэнх олонх бөгөөд ерөнхийлөгч нь хүртэл ардчилсан намаас сонгогдлоо. Солонгосын Ардчилсан нам Монголын ардчилсан намаас арай өөр. Эсрэгээрээ гэж хэлж болно.Солонгосын ардчилсан нам зүүний үзэл баримтлалтай. Манай ардын намтай ойролцоо үзэл баримтлалтай. Энэ утгаараа Солонгосын ардчилсан нам гарсан тохиолдолд Монгол болон Умард Солонгостой харилцаа сайжирдаг. Гадаад харилцаан дээрээ түлхүү анхаардаг нам юм. Өмнөх ерөнхийлөгч нар бол шинэ умардын, өмнөдийн гээд шинэ гадаад бодлогууд баримталдаг байсан. Харин одоо энэ намын хувьд шинэ төв Азийн бодлогыг баримтлах шинжтэй байна. Шинэ төв Азийн бодлогод Монголыг онцолж байгаа хэсэг нь юу вэ гэвэл Монгол бол зүүн Азийг евро Азитай, евро Азийг төв Ази болон Европтой холбох гол гүүр гэсэн. Мөн Монгол орон байгалийн нөөц баялаг ихтэй учраас Солонгосын нөөцийн гадаад бодлогыг бүрдүүлэхэд тэргүүлэгч орон гэж мэдэгдсэн байдаг. Тэр утгаараа Монгол Солонгосын харилцаа илүү их сайжрах болов уу гэж бодож байна. Өмнөх ерөнхийлөгчийн үед гадаадын хууль бус ажилчидтай хатуу тэмцэх нэрийдлээр олон монгол ажилчин баригдаж эх орон руугаа буцсан. Мөн хилийн шалган нэвтрүүлэх дээр олон монгол хүнийг буцаадаг байсан. Нэг өдөрт 20-60 монгол иргэнийг буцааж байсан гэх тоо баримт байна. Нэг удаа онгоцоор нь буцаасан тохиолдол ч гарсан. Энэ нь хоёр улсын дипломат харилцааг нэлээд муутгах, хоёр орны иргэдийг хооронд нь үл ойлголцоход нэг шалтгаан болж байсан. Одоогийн шинэ ерөнхийлөгч илүү нааштай, аядуу, зөөлөн бодлого баримтлах болов уу гэх хандлага ажиглагдаж байгаа. Өмнөх ерөнхийлөгч нэлээд хатуу бодлого баримталж байсан. Хилийн шалган нэвтрүүлэх, ялангуяа визний хөнгөлөлтийн асуудал байна. Мөн 2022 оноос хойш гурван жилийн хугацаанд С2 ангиллын буюу аялал жуулчлалын виз монголчуудад гарахаа больсон гэж сонсогдсон. Гарлаа гэхэд маш их цаг хугацаа зарцуулдаг, шалгалт явуулдаг байсан. Тиймээс энэ нөхцөл байдал илүү уян хатан болох болов уу гэх таамаглал байна. Мөн оюутан солилцоо байна. Оюутнууд оршин суух визээ сунгуулах, бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахад монгол оюутнуудад хүндрэлтэй байдаг гэх мэдээ авсан. Энэ байдал иүү зөөлөн болж, монгол оюутнууд тэтгэлэгтэй суралцах боломжуудыг нээж өгөх болов уу гэж бодож байна. Гэрээт ажилчдын хувьд бас л нөхцөл байдал илүү чангарсан байсан. Ер нь өмнөд Солонгосын хувьд ажилчид дутагдалтай байгаа. Хүн ам нь багасаж байгаа. Үйлдвэрт ажилчид хэрэгтэй боловч хүн ам цөөрч байгаа гэдэг утгаараа эдийн засаг, хүний нөөцийн хүндрэл учран шинэ гарсан засаг болон ерөнхийлөгч энэ хүндрэлийг шийдэж, илүү инновацилаг болж, дижитал засаг руу шилжинэ гэсэн бодлого баримталж байгаа. Тиймээс энэ тал руугаа илүү явах байх гэж таамаглаж байна. Үе үеийн ардчилсан намын засгийн газар, ерөнхийлөгчүүд Умард Солонгостой аядуу зөөлөн бодлого баримталж, илүү ойр дотно болдог.

Энэ хэрээрээ Монгол Улсын байр суурь нэмэгддэг гэж ойлгож болно. Учир нь энэ аядуу зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх гол гүүр нь Монгол Улс болдог. Тиймээс Монгол Улсын байр суурь, үүрэг илүү нэмэгдэх болов уу гэж бодож байна. Мөн Солонгосын нөөцийн дипломат бодлого илүү гүнзгийрэх байх. Энэ бодлогод Монгол Улсын үүрэг илүү нэмэгдэнэ. Тиймээс энэ удаагийн ерөнхийлөгч гарснаар Монгол, Солонгосын харилцаа нэг алхам хойшилсон байсан бол одоо хоёр алхам урагшлах болов уу гэсэн эерэг хандлагатай байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.


-Монгол бол НҮБ-ын 200 орны нэг эд эс болсон тусгаар улс. Тэр утгаараа манай дотоодын улс төрийн үйл амьдрал, Засгийн газар огцорсон асуудлыг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн анхаарч байна. Тэд бидний тухай чухам юу гэж мэдээлж байна вэ?

-Бүх орны хэвлэлийн мэдээг хараахан олж харж гүйцээгүй байна. Ерөнхийдөө зөвхөн Ерөнхий сайдыг огцорсон үр дүнгийн тухайд бус үйл явцыг эхнээс нь олон талын эх сурвалжууд мэдээлж байсан. Тухайлбал, Ерөнхий сайдын хүүгийн хэт тансаг хэрэглээ болон түүнийг тайлбарлаж чадаагүйтэй холбоотой жагсаал өрнөж байгаа тухай мэдээллүүд голчлон гарч эхэлсэн.

Ардчилсан улсад засгийн газар огцрох нь тийм ч гайхах зүйл биш. Сүүлийн 10 орчим жил Засгийн газар харьцангуй тогтвортой байж ирлээ. Гол нь уг процесс тогтолцооныхоо хүрээнд, хуулийн дагуу шийдэгдэж байгаа нь чухал. Монгол Улс ардчилсан, энх тайван замаар Засгийн газраа огцруулж, хариуцлага тооцож чадаж байна. Монголын парламент ажиллаж байна. Энэ бүхэн Монголыг муугаар харах шалтгаан болохгүй.

-Зарим орны хэвлэл манай Ерөнхийлөгчийг парламентын эрх чөлөөнд халдаж, гишүүдийг айлган сүрдүүлж байгаад Ерөнхий сайдыг унагаагаад оронд нь өөрийнхөө Тамгын газрын даргыг тавилаа гэж байна шүү дээ. Процедурын хувьд яг л тэгж харагдаж байгаа. Харин судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв тийм мэдээлэл гарсан бол Монголын улс төрийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын тухайд төдийлөн мэдээлэлгүй, нэг талыг барьсан байх талтай. Сүүлийн жилүүдэд, тухайлбал ковидоос хойш дотоодод мэдээллийн урсгалыг хянаж олон нийтийн санаа бодлыг удирдах гэсэн бохир технологи бараг хэвийн зүйл болсон. Угтаа үүний хохирогч нь Монголын нийгэм бүхэлдээ. Болоод өнгөрсөн үйл явдлыг зөвхөн нэг шалтгаанаар тайлбарлах нь өрөөсгөл. Нийгмийн бухимдал их байсан нь үнэн, улс төрийн зөрчил байсан нь ч үнэн, Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүй нь ч бас үнэн. Энэ бүхний үр дүнд эрх мэдлийг дахин хуваарилах процесс өрнөж байна. Залуучууд шударга бусын эсрэг байр суурьтай байгаагаа маш тодорхой илэрхийллээ. Эндээс зайлшгүй онцлох зүйл бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэрийг үндсэндээ сөрөг хүчин бус эрх баригч МАН гаргасан. Иймд алдаа дутагдлаа бодитоор үнэлж байж дараагийн үйлдлээ зөв хийх боломж үүснэ. Засаглалын хамгийн чухал чанар болох хүлээн зөвшөөрөгдөх шинжээ нэгэнт алдсан засаглал урт хугацаанд орших ямар ч боломжгүй. Ийм нөхцөлд огцрохгүй гэх аливаа оролдлогууд нь уг хямралыг илүү өргөжүүлж нийгмийн хямралд хөтлөх эрсдэлтэй байсан. Ерөнхийлөгч парламентыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж. Парламент дүгнэлтээ хийх ёстой. Шалтгаан нь парламентыг ажиллах боломжгүй болгосон их эвсэл болж таарна. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш. Үүнд өөр тайлбар байхгүй. Иргэд, тэр дундаа залуучууд нэг хүний, түрэмгий дарангуй засаглалыг хүлцэн тэвчихгүй гэдгээ сая маш тодорхой харуулсан. Иймд Монголд засаглалын дэглэмийг өөрчлөх аливаа санаархал хэн нэгэнд бий бол тэр нь тогтолцооны хувьд ч, нийгмийн уур амьсгал хандлагын хувьд ч боломжгүй зүйл.

-Ер нь дэлхийн хэвлэлүүд Монголын талаар ингэж бичих нь манай нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Өмнө дурдсанчлан тэгтлээ сөрөг мэдээлэл олж үзээгүй байна. Олон улсын хэвлэлүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүйнхээ төлөө огцорсон тухай түлхүү мэдээлсэн. Эсрэгээрээ Монголд шударга бус байдал, авлигыг хүлээн зөвшөөрөөгүй залуучууд, иргэд, парламент нь Ерөнхий сайд, Засгийн газраа огцруулж чадаж байгаа нь Монголд ардчилал байгааг олон улсад харуулсан эерэг үзүүлэлт болно.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн мега төслүүдийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадах болов уу?

-Алдаа байвал засаад, сайн бодлогоо үргэлжлүүлэх нь мэдээж зөв. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөөц, бодит байдлаа аваад үзвэл 14 мега төслийг эрэмбэлэх шаардлагатай. Төслүүдээ эрэмбэлээд хамгийн ач холбогдолтой, үр ашигтай гэж үзсэн төслүүдээ нэн тэргүүнд хэрэгжүүлэхэд гол нөөцөө зарцуулах нь зөв болов уу. Эдийн засагчид үүнд тодорхой хариу өгөх нь зохистой. Нөгөөтэйгүүр УИХ-аас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааг бодитоор үнэлж, цэгнэх ёстой. Үндсэндээ хяналтгүй, сөрөг хүчингүй засаглал эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нь харагдлаа. Бүх талын эрх ашгийг хангасан үрэлгэн төсвийг Монголын эдийн засаг дийлэхгүй нь тодорхой байна. Иргэд, бизнесүүд хэдийнээ бүсээ чангалаад, дахиж чангарах орон зай барагтай үлдээгүй ийм нөхцөлд байна. Тэгэхээр төр хэмнэлтээ өөрөөсөө эхлүүлэх ёстой. Хамгийн үрэлгэн зардлууд хаана байгаа нь илхэн байна шүү дээ.

-Одоо шинээр бүрдэх Засгийн газрын талаар та ямар төсөөлөлтэй байна вэ. Хэр тогтвортой ажиллаж чадах бол?

-Засгийн газрын тогтвортой байдал үндсэндээ сөрөг хүчнүүдээс гэхээсээ илүү эрх баригч намын дотоод зөрчлөөс л шийдэгдэнэ. Иймд сонгуулиар олонхын санал авсан МАН-ын үндсэн ажил, хариуцлага одооноос эхэлж байна. Энэ Засгийн газрын хамгийн олзуурхууштай нь сөрөг хүчинтэй Засгийн газар болно гэж харж байна. Сүүлийн 10 жил Монголд сөрөг хүчин, тэнцвэр, хяналт байсангүй. Парламентын бие даасан байдал алдагдахдаа хүрсэн энэ нөхцөл байдлаас гарах боломж байна. Шинэ Засгийн газар асуудлаа зөв эрэмбэлж, иргэдийн амьдралд бодит нөлөөгөө өгөх эдийн засаг болоод нийгмийн зөв бодлогоо хэрэгжүүлж, чанартай ажиллаж чадвал Засгийн газар тогтвортой байх бүрэн боломжтой.

 

М.МӨНХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ш.Амангүл: Монгол, Туркменистан хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлтэй ярилцлаа.


-Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн тэргүүний хувиар анх удаа айлчлаад буцлаа. Энэхүү айлчлалаар талууд юу, юу ярив. Ямар, ямар салбарт харилцаагаа ахиулахаар тохирсон бэ?

-Манай улс Туркменистан улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн түвшний өндөр дээд хэмжээний айлчлал хийгдээгүй. Өнгөрсөн жил буюу 2024 онд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Туркменистан улсад анхны албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн гэж хэлж болно. Энэ жил Монгол Улсад Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов анх удаагаа төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлсэн, харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзсэн ач холбогдолтой айлчлал боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцах харилцаагаа идэвхжүүлэх хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн олон улсын харилцааны ээдрээтэй үед Төв Азийн геополитикийн шинэ орон зай, түүнд чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогын идэвхжил нэмэгдэж байна.

Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад хийсэн айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ. Талууд харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх харилцан тохиролцож 14 санамж бичиг, протокол зэрэг баримт бичигт гарын үсэг зуржээ.

-Хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдлийнхээ үеэр “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан гэж байсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх бол?

-Хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдлийнхээ үеэр Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулж, эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дээрх салбаруудын хамтын ажиллагааг харилцан хөхиүлэн дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан байна. Хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд хоёр дахь удаагийн бизнес форумыг зохион байгуулжээ. Бизнес формын уулзалтаар хоёр улс эдийн засгаа хэрхэн төрөлжүүлэн хөгжүүлэх вэ гэдэгт голлон анхаарч, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйгаа энэ удаагийн айлчлалын үеэр онцолж байсан. Тухайн үед харилцан тохиролцсон зүйлс хэрхэн ажил хэрэг болов. Үр дүнгээс нь сонирхуулахгүй юу?

-Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалууд харьцангуй богино хугацаанд хийгдэж байгаа хэдий ч айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудыг талууд ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг бодитой үр дүнд хүргэхэд талууд харилцан чармайлт гаргаж, тухайн салбаруудыг хөгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн нь энэхүү айлчлалын үеэр ажиглагдаж байлаа. 2024 онд манай улсын Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн Туркменистан улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг авч үзвэл хоёр орны Парламентын найрамдлын бүлгийг байгуулсан, Монгол Улсын Засгийн газар болон Туркменистан улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулсан, “Автотээврийн хамтарсан хороо “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-дыг байгуулсан нь өнгөрсөн жилийн айлчлалын үр дүн амжилттай хэрэгжиж байгааг илтгэж байна. Эдгээр хороодоор дамжуулан тухайн салбарынхантай шууд хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө айлчлал ихээхэн ач холбогдолтой болсныг харууллаа гэж хэлж болно. Тухайлбал, Туркменистан улс нь Төв Азийн хөгжиж буй орон бөгөөд Ази-Европыг холбосон газарзүй-орон зайн байршилдаа түшиглэн улс орноо Төв Азийн дамжин өнгөрөх транзит тээврийн зангилаа бүхий орон болгон хөгжүүлэхийг чухалчилж буй орон юм. Иймд Монгол Улс, Туркменистан улстай “Автотээврийн хамтарсан хороо”-г байгуулж, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Туркменистан улсаар дамжуулан Европ болон Төв Азийн орнуудад гаргах боломж бүрдүүлж өгсөн нь айлчлалын үр дүн амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна.

Хоёр улсын нийслэл ах, дүү хотын харилцаа тогтоосныг ерөнхийлөгч Сердар Бердымухамедов тэмдэглэж байсан. Хоёр талын худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх ямар шийдлүүд байна вэ?

-Айлчлалын үеэр Монгол, Туркменистаны талууд хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэж, Улаанбаатар, Ашхабад хот ах дүү хотын харилцаа тогтоолоо. Ах дүү хотын харилцаа тогтоосноороо цаашид хоёр хот илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэх юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын харилцан хамаарал улам бүр гүнзгийрч, хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт тавигдах болж, дипломат ажиллагаанд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зээл, хөгжлийн тусламж, санхүүгийн асуудал чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Туркменистан улс нь хөвөн даавуу, сүлжмэл бүтээгдэхүүний хөнгөн аж үйлдвэрлэл нэлээдгүй хөгжсөн, хөдөө аж ахуй, барилгын материалын экспортын чиглэлээр бүс нутагтаа төдийгүй олон улсад тэргүүлэх байр суурь эзэлж буй орон юм. Туркменистаны сүлжмэлийн салбарын зах зээлийн хэмжээ жилдээ 8-10 сая ам.доллар байдаг. ЗХУ-ын үед хөвөн тариалалтаар бүс нутагтаа 2дугаарт ордог, жилд нэг сая гаруй тонн хөвөн хураан авдаг байжээ. Мөн жимс, жимсгэнэ хүнсний ногоо тариалалт хөгжсөн орон бөгөөд 1970-1980-аад оны үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен

Ш.Амангүл: Монгол, Туркменистан хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэулсад тариалсан усан үзэм нь сахарын агууламжаар узбек, кавказын усан үзмээс хэд дахин илүү бөгөөд тус улсын экспортын голлох бүтээгдэхүүн байжээ. Иймд манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүн болох ноос ноолуурын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр орон өөрсдийн орны бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэх, улс орноо харилцан сурталчлан таниулах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх нь худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломж юу байна?

-Туркменистан улс нь хөдөө аж ахуй, тээвэр логистик, цахим дэд бүтэц, аж үйлдвэрийг тэргүүлэх чиглэлийн салбарууд гэж тодорхойлоод байгаа орон. Мөн тус улс Каспийн тэнгисээс байгалийн хий, газрын тос олборлодог байгалийн хий, газрын тосны нөөц бүхий орон. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт, олборлолтоор 10-т эрэмбэлэгддэг. Цаашид эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах боломж бий.

-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа ямар түвшинд байна вэ. Сая айлчлалаар хоёр улсын бизнесийн салбарынхан урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа гэж байсан шүү дээ?

-Хоёр орон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форумын үеэр шууд харилцаа холбоо тогтоож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтрах үндэс суурийг тавилаа. Одоогийн байдлаар хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байна. Монгол, Туркменистаны худалдааны эргэлттэй маш доогуур үзүүлэлттэй буюу 2024 оны байдлаар Монгол Улсаас Туркменистан улс руу гаргасан экспортын бүтээгдэхүүн байхгүй. Харин Монгол Улсад Туркменистан улсаас 25 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

-Бид Туркменистаны зах зээл рүү ямар бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой вэ. Тэд биднээс юу авах сонирхолтой вэ?

-Монгол Улсын хувьд экспортын орлогод суурилсан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд цаашид Туркменистантай жижиг дунд үйлдвэрлэлийн гадаад худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Монгол Улсын хувьд Туркменистаны зах зээл рүү хүн амын хэрэгцээ, зах зээлийн хэмжээ, газарзүйн байрлал зэргийг харгалзан монгол малын мах, сүү, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломж бий. Харин Туркменистаны хивс, гар урлалын бүтээгдэхүүнийг авч болох юм.

-Манай хоёр улсын хамтын ажиллагааны түүхэн уламжлалаас хуваалцахгүй юу?

-Төв Азийн орнууд нь олон соёл иргэншлүүдийн уулзварт оршдог. Монгол, Туркмений ард түмэн нүүдлийн соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлд тулгуурлан цаашид найрамдалт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх бүрэн боломжтой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Мягмар: Солонгосын шинэ ерөнхийлөгч их гүрнүүдийн дунд тэнцвэрийг барьсан, аюулгүй байдал, ашиг сонирхлоо урьтал болгосон гадаад бодлого баримтлах төлөвтэй байна

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмартай ярилцлаа.


-БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Ардчилсан нам ялалт байгууллаа. Сонгуулийн зохион байгуулалт, үйл явцыг судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байв?

-БНСУ-ын 21 дэх удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд урьдчилан таамаглаж байсанчлан Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён ялалт байгууллаа. И Жэ Мён нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сог Ёльд маш цөөн саналаар ялагдаж байсан, улс төрийн үйл ажиллагааны арвин туршлагатай хүн юм. Ардчилсан намын хувьд намын дотор элдэв маргаан багатай, нэгдсэн байр суурьтай, сонгуульд нэр дэвших хүн нь тодорхой байсан бол Ардын хүч намын хувьд өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёлийн холбогдсон элдэв асуудлаас үүдэн ард түмний дунд харьцангуй нэр хүнд тааруу, дотоод зохион байгуулалт сайнгүй, ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахад цаг хугацаа алдсан зэрэг асуудлууд байсан. Эдгээр асуудлуудаас үүдээд Ардын хүч нам ард түмний дэмжлэгийг авахад амаргүй байсан болов уу. Сонгууль ерөнхийдөө    зохион байгуулалт сайтай, элдэв маргаан багатай, цэгцтэй болж өнгөрлөө.

-Ерөнхийлөгч И Жэ Мён Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийж хүчний хосолсон бодлогоор энх тайвныг эрэлхийлнэ гэж амлаж байсан. Ер нь шинэ ерөнхийлөгч гадаад харилцаа, геополитикийн хувьд ямар бодлого баримталж ажиллах бол?

-И Жэ Мён ерөнхийлөгч бодит байдалд нийцсэн прагматик гадаад бодлого баримтах болно гэдгээ мэдэгдсэн. Энэ нь дэлхийн улс төр, геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн, улс орны аюулгүй байдал, ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд тавьсан уян хатан гадаад бодлого явуулна гэсэн үг юм. И Жэ Мён ерөнхийлөгчийн гадаад бодлогод худалдаа, эдийн засгийн асуудлууд томоохон байр суурь эзлэх байх. Түүний гадаад бодлогын тэргүүн зорилт нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлээд буй гадаад худалдааны тариф болон түүнтэй холбоотой асуудлууд байх болов уу. Учир нь АНУ нь БНСУ-ын худалдаа, эдийн засгийн хамгийн том харилцагчдын нэг юм. Тэрээр ерөнхийлөгч Д.Трамптай хэзээ ч уулзаж, тарифын асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт, БНХАУ-тай хийх улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах явдал байх болов уу. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд анхаарах байх. Учир нь өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёль нь АНУ тэргүүтэй барууны харилцагчид руугаа хэт налсан бодлого явуулж байснаас үүдэн сүүлийн жилүүдэд БНСУ болон БНХАУ-ын харилцаа тийм таатай байгаагүй юм. Япон улсын хувьд Юн Сог Ёль ерөнхийлөгчийн баримталж байсан бодлогыг залгамжлуулан явуулах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Япон улстай улс төр, худалдаа эдийн засгийн хувьд эерэг, таатай бодлогыг хэвээр үргэлжлүүлэх байх. Умард Солонгосын хувьд өмнөх ерөнхийлөгчөөс ялгаатай бодлого барих шинжтэй байна. Юн Сог Ёль ерөнхийлөгч нь Умард Солонгостой харилцаагаа сайжруулахад чиглэсэн ямар нэг арга хэмжээ авалгүй хойш тавьж ирсэн бол И Жэ Мён ерөнхийлөгч Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх, харилцааны сувгуудаа нээх тухай ярьсан. Товчоор хэлбэл, их гүрнүүдийн дунд тэнцвэрийг барьсан, аюулгүй байдал, ашиг сонирхлоо урьтал болгосон гадаад бодлого баримтлах төлөвтэй.

-И Жэ Мёны хувьд улс төр, эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг хүлээж авлаа. Тухайлбал, дотоодын улс төрийн хуваагдлыг намжаах, нийгмийн тогтвортой байдлыг бий болгох хүнд даалгавартай тулгарч байна уу?

-БНСУ-д сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, инфляци ажилгүйдэл дорвитой буурахгүй, орлогын тэгш бус хуваарилалт өндөр түвшинд байсаар байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал үүсэхэд гол нөлөө үзүүлсэн. Үүн дээр нэмээд улс төр, дипломат ажиллагааны туршлагагүй хүн ерөнхийлөгч болж, бодлогогүй, болчимгүй үйлдлүүд гаргасан. Энэ нь ард түмний бухимдлыг төрүүлж, нийгэм, улс төрийн тогтворгүй байдлыг улам дэвэргэсэн. И Жэ Мён ерөнхийлөгч нь улс төр болоод дипломат ажиллагааны багагүй туршлагатай хүн учир түүний гадаад бодлого, тус улсын гадаад харилцаанд харьцангуй эрсдэл бага байх болов уу гэсэн хүлээлт байна. Мөн Үндэсний Ассамблейн олонх суудлыг И Жэ Мён ерөнхийлөгчийн харьяалагддаг Ардчилсан нам авсан учир тус улсын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал гар нийлэн ажиллаж, улс төрийн шийдвэр гаргалтад харьцангуй нэгдсэн байр суурьтай байж, маргаан зөрчилдөөн бага байх болов уу. И Жэ Мён ерөнхийлөгч орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах зорилго бүхий нийгмийн эмзэг давхаргад чиглэсэн татвар, халамжийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихээр төлөвлөсөн нь ч корпорациудын давамгайллаас үүдэлтэй орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулахад чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн амын олонхыг бүрдүүлдэг бага болон дунд орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого барьж байна. Энэхүү бодлогоо оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлж, өөрийн биеэр улс төрийн манлайлал үзүүлж чадвал нийгэм, улс төрийн тогтворгүй байдал намжих боломжтой.

-Саяны сонгуулийн үеэр нэр дэвшигчид ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар сонгодог тогтолцоогоо богиносгож, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн байр суурьт нэгдэж байсан. Тэд яагаад ингэж үзэх болов?

-Энэ нь Юн Сог Ёль ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээ ашиглан цэргийн онц байдал зарлаж, нийгэм улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагасан болчимгүй үйлдэлтэй холбоотой. Ерөнхийлөгч өөрт оногдсон эрх мэдлээ буруугаар ашиглавал нийгэм, улс төр, эдийн засагт ямар эрсдэл дагуулж болохыг тэрээр өөрийн биеэр харуулсан. Аз болоход ард түмэн маш соргог байж, Үндэсний Ассамблейг яаралтай хуралдуулж, түүний болчимгүй үйлдлийг таслан зогсоож чадсан. Энэ нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, эрх мэдлийн тэнцвэрийг хангах тогтолцоо зохистой түвшинд байгааг харуулж чадсан. Энэхүү нөхцөл байдлаас үүдээд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хяналтын тогтолцоог сайжруулах тухай асуудал яригдах болсон. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, засаглалаа өөрчлөх тухай асуудлууд сөхөгдсөн удаатай.

-И Жэ Мёнд Солонгосын ард түмэн маш их итгэл хүлээлгэлээ. Тэрбээр үлдэж байгаа хугацаандаа хэрхэн ажиллаж чадах бол?

-2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр нэр дэвшигч И Ж Мёны хуурамч мэдээлэл түгээж сонгуулийн хууль зөрчсөн тухай асуудал нь шүүхийн маргаантай явсаар 21 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. 2025 оны тавдугаар сард хийсэн БНСУ-ын дээд шүүхийн хуралдаанаар түүний хууль зөрчсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын товыг зургадугаар сарын 18-ны өдөр буюу сонгуулийн дараа болгож хойшлуулснаар И Жэ Мёны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх хадгалагдан үлдсэн. Улмаар сонгуульд өрсөлдөн ерөнхийлөгч боллоо. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын шүүх засаглал түүнд боломж олгож, ард түмний зүгээс маш өндөр итгэл хүлээлгэлээ. БНСУ нь хүчирхэг эдийн засагтай, түүхий эдийн импортын болон эцсийн бүтээгдэхүүний экспортын зах зээлийн маш найдвартай суваг бий болгож чадсан улс. БНСУ-ын эдийн засгийг маш бат бөх, олон салаа үндэс бүхий модтой зүйрлэж болно. Засгийн газраас цаг үетэй нийцсэн, ухаалаг бодлого явуулж чадвал нийгэм, улс төр, эдийн засгийн аливаа асуудлыг зохистой шийдвэрлэх боломж хангалттай байгаа.

-Өдгөө 61 настай И Жэ Мёны тухай товчхон сонирхуулахгүй юу. Улс төрийн замнал, карьераа хэрхэн ахиулж ирэв?

-И Жэ Мён нь хуульч мэргэжилтэй, 1987 онд хууль эрх зүйн салбараас ажлын гараагаа эхэлсан. 2004 оноос Кёнги аймгийн Соннам хотын захиргаанд удирдах албан тушаал эрхлэх болж, улмаар 2010 онд хотын засаг дарга болж дэвшиж байсан хүн. Энэ хугацаанд БНСУ-ын Ардчилсан намын томоохон лидер болсон. 2017 оны 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч гуравдугаар байрт орсон. 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, маш бага хувийн зөрүүгээр Ардын хүч намаас нэр дэвшсэн өрсөлдөгч Юн Сог Ёльд ялагдсан ч 2025 оны ээлжит бус сонгуульд ялалт байгуулж ийнхүү БНСУ-ын 21 дэх ерөнхийлөгч боллоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Халуун зунаар саалиа хаяад үхдэг эм байдаг аа” гэгчээр энэ их ажлын өмнө засгаа огцруулдаг нам гэж байх юм

МАН дотроо эрх мэдэл, ашиг сонирхлынхоо төлөө толхилцоод эцэст нь засгаа огцруулчихлаа. Одоо тэгээд шинэ засгаа эмхлэн байгуулах гээд яаж хор найруулж, пижигнэлдэж байгаа нь улс төрийн тавцанд цоо ил харагдаж байна. Харин хөшигний ард сайдын зөөлөн сэнтийг хувааж авахаар фракциуд хоорондынх нь тохироо эрчимтэй явагдаж байх шиг. Үндсэн хуулиар Ерөнхий сайд огцорсон тохиолдолд түүний халааг авах гүйцэтгэх засгийн тэргүүнийг 30 хоногийн дотор УИХ томилдог. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг зургадугаар сарын 3-нд огцруулсан гэхээр долдугаар сарын 3-наас өмнө шинэ Ерөнхий сайдыг УИХ-д өргөн мэдүүлж томилуулах ёстой. Шинэ Ерөнхий сайд хугацаандаа томилогдвол танхимаа бүрдүүлнэ. Бас л хэд хоногийн хугацаа орно. Шинэ Засгийн газар бүрэлдэх гэсээр байтал наадам тулж таарах нь. Наадмын үеэр ажил хийнэ гэж байхгүй. Зуны амралтын урт өдрүүд залгадаг болохоор бүгд тал, тал тийшээ явцгаана. Аймаг, сумдын 100 жил хэсэх нь хэсч, алс холын улс орнуудаар аялж зугаалцгаах нь олон. Үндсэндээ зургаа, долоон сар улс орны ажил нам зогсоно гэсэн үг. Наймдугаар сар гарангуут эхнээсээ уван цуван ирсээр цугладаг. Ингээд есдүгээр сар гарч байж л шинэ засгийн ажил жигдрэх өнгөндөө орох биз ээ.

Сонгуультай жил бүгд өөрсдийгөө чөлөөлчихдөг дөө. Хэн ч юу ч хийдэггүй. Яагаад гэвэл цөмөөрөө сонгууль гээд харсан зүг рүүгээ бөөн бөөнөөрөө алга болцгоодог. Сонгууль болсны дараа ашгүй нэг юм дууслаа гээд амьсгаа ч авч амжаагүй байтал жинхэнэ улс төрийн лобби эхэлдэг. Ажил албанд оччих гээд дор бүрнээ л гүйлдэцгээнэ. Тэр хооронд төрийн ажил хаягдаж, овоорсоор л… Яг үүн шиг өнөөдөр Монгол Улсад ажил үнэхээр явахгүй нь ээ. Хоёр жил дараалаад сонгуульдсан юм шиг адилхан нөхцөлд орж байна. “Халуун зунаар саалиа хаяад үхдэг эм гэж байдаг аа” гэгчээр л юм болж байх шив. Энэ их хуучны хэлц үг л дээ. Халуун зунаар гэрийн эзэгтэй бүүр үхэх эрхгүй байсан шиг байгаа юм, нүүдэлчдийн хувьд. Түүнийг байхгүй бол тэр бүх сүү, саалины ажил талаар нэг болно. Үүнтэй ижил улс орныг хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгждэгийн даваан дээр, хамгийн чухал их ажлын үед МАН буруу шийдвэр гаргалаа. Та бүхэн өнгөрсөн жилийн сонгуулиар өчнөөн амлалт ард түмэндээ өгсөн биз дээ. Тэр бүх амласан олон ажлууд чинь биеллээ хүлээж байхад засгаа огцруулдаг нь ямар учиртай юм бэ. Ядаж өвлийн улиралд энэ эрх ашгийн хуваарилалтаа өрнүүлж болсонгүй юу.

Монголд ажил хийх хугацаа ердөө гуравхан сар л байдаг. Тэр нь зуны өдрүүд. Эрс тэс уур амьсгалтай манай оронд урин дулаанд бүх ажил явагддаг. Барилга бүтээн байгуулалт, дэд бүтэц, газар шорооны ажлууд байна. Газар тариалан, хөдөө аж ахуйн ажил зуны халуунд л үр өгөөжөө өгдөг. Дээрээс нь аялал жуулчлалын салбар өдийд л идэвхждэг. Дөрвөн сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан манай улсын хувьд энэ үед жинхэнэ цаг наргүй бодлого хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байх ёстой.

Гэтэл энэ их ажлыг угтаад засаг төрөөрөө оролдчихоор ажил явахгүй шүү дээ. Эдийн засаг ч элгээрээ хэвтэх эрсдэлтэй. Засгийн газрыг огцруулах шийдвэр гарснаас хойш төрийн албаны ажил цалгардаж байгаад ард түмэн үнэхээр бухимдалтай байна. Адаглаад л ЭМД-ын сангийн санхүүжилт тасарч, өндөр настнууд даралтны эмээ ч авч чадахгүй нөхцөлтэй нүүр туллаа. Засгийн газрыг огцруулах улс төр шатахууны үнийг хүртэл өсгөчихлөө. Дагаад өргөн хэрэглээний бүх юмсын үнэ нэмэгдчихлээ. Дээрээс нь татварын дарамт ард түмнийг тамтаггүй шулж байна.

Энэ янзаараа эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон байгаа гэж эрдэмтэн судлаачид, мэргэжлийн улсууд сануулж байна. Тэр болгоны муу үр дүнг дарга нар амсдаггүй нь гачлантай. Зөвхөн ядарсан ард түмэн л хүртдэг. Эрх мэдэлд ойр дарга нар бол цулайтлаа баяжсан улс. Юу ч болж байсан, яаж ч эдийн засаг ангал руу унасан бай тэд Монголдоо баян тансгаараа л байж байна. Улс орны эдийн засгийн хямрал амьдралд нь хумсын толион чинээ ч нөлөөлөхөөргүй тийм их хөрөнгө хурааж чадсан хүмүүс юм чинь аргагүй биз. Засаг төр ажил хийх нь үү, мөнгө төгрөгтэй болох нь уу гэж харж, хүлээж байсан хэдэн бор ард түмэн модоо барих нь ээ. Ихэс дээдсүүдийн тэнэглэл, цэмцэгнэлээс болоод Монголын ард түмэн харангадлаа. Улс орны нөхцөл байдал хүнд байхад ухаангүй нүүдэл хийж суугаагаа эрх баригчид та бүхэн мэдэж байна уу.

Одоо засгаа хурдан эмхлээд улс орныхоо ажилд бушуухан орох хэрэгтэй байна. Ерөнхий сайд хэн байхаас үл хамааран засаг төрийг унагаах процесс нь өөрөө ард түмэнд хортой байдаг. Тэгэхээр сая Засгийн газрыг унагаасан нь ард түмний эсрэг үйл явдал боллоо. Ард түмнээ сайхан амьдруулна гэж МАН явдаггүй нь алхам тутмаас нь ингэж харагдаж байна. Ганц ч татвар нэмэхгүй гэж олон түмний саналыг авч гарч ирэнгүүтээ амлалтаа зөрчдөг. Алхам тутамдаа татвар нэмж үйлийг нь үзнэ. Өөрсдөө яаж сайхан амьдрах вэ гэдгээ л бодож явдаг юм шиг байна. Тэднийг сайхан амьдруулахын тулд бид санал өгч энэ намыг гаргадаг юм байна. Одоо энэ намд санал өгөхөө больцооё. Ямар увайгүй, хар амиа бодсон, идэж цадаж ханадаггүй мангас болохыг нь харцгааж байна.

 

М.МӨНХ ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Цэрэннадмид: Австрийн ерөнхийлөгчийн айлчлал геополитикийн тодорхой бус үед тив дамнасан хамтын ажиллагаа ямар чухал болохыг харуулж байна

Бүгд Найрамдах Австри улсын ерөнхийлөгч анх удаа манай улсад айлчилсан билээ. Түүний айлчлалын эргэн тойрон дахь асуудлаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч доктор (Ph.D) Ч.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен саяхан манай улсад айлчиллаа. Түүний айлчлалын үр дүнг та хэрхэн ажиглаж байна вэ?

-Австри улс бол Их Британийн дараа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн өндөр хоёр дахь улс юм. Тус улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Австри улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал байлаа. Иймд түүхэн ач холбогдолтой айлчлал болсон гэж үзэж байна. Австри улсын Гадаад хэргийн сайд 1982 онд, Үндэсний Зөвлөлийн дарга 2002 онд, Гадаад хэргийн дэд сайд нь 2017 онд Монгол Улсад албан айлчлал хийж байжээ.

Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь манай хоёр орны харилцааны түүхэнд чухал айлчлал болохын зэрэгцээ геополитикийн тодорхой бус үед тив дамнасан хамтын ажиллагаа ямар чухал болохыг харуулж байна. Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен ч “Энэ удаагийн төрийн айлчлал нь манай хоёр орны харилцааны түүхэн дэх чухал үйл явдал боллоо” хэмээн айчлалын эхэнд онцлон тэмдэглэж байсан.

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь Австри улсын Ногоон намын даргаар ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй, үндсэн хууль, хуулийн засаглалыг тууштай дэмжигч, шинжлэх ухаан, боловсролын салбарт ойр байдаг профессор хүн. Тэрбээр энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх аялалд Австри улс, шинжлэх ухааныг дэмжигч хийгээд бизнесийн түншийн хувиар Монгол Улстай хамт гарахад бэлэн, хоёр талт хамтын ажиллагаа болон олон улсын тавцанд ч хамтран ажиллахад бэлэн, “Гагцхүү бид хамтдаа хүчтэй” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

-Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн хамтарсан тунхаглал гаргалаа. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалт хийж, албан ёсны олон хэлэлцээр хийсэн. Тухайлбал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, уул уурхай, эдийн засаг, түүх соёл, шинжлэх ухааны гээд олон чухал салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, одоо байгаа харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд 10аад санамж бичиг, протокол зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны академи болон Бүгд Найрамдах Австри улсын Шинжлэх Ухааны Академи хоорондын хэлэлцээр”т монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич С.Дэмбэрэл, Австрийн талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Ийнхүү шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрээ шинэ агуулга, хөтөлбөрөөр баяжуулан шинэчилснээр хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа улам тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, шинжлэх ухааны салбарын судлаачдыг чадавхжуулахад чиглэсэн олон ажил хийхээр тохиролцсон байна. Үүний нэг жишээ бол “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри улсын Шинжлэх ухааны академи хэлэлцээрийг 20252030 онд хэрэгжүүлэх протокол”д хоёр орны ШУАийн ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа. Энэ протоколын хүрээнд эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх ажлууд хийгдэнэ.

-Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямархуу байдаг юм бэ. Аль салбарт түлхүү зонхилж байна вэ?

-Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцан итгэлцэл сайн байж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих хүртэл манайхтай идэвхтэй худалдаа эрхэлж байсан барууны цөөн орны нэг бол Австри улс. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комисс 1994 онд байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хооронд гурав дахь удаагийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр 2019 онд байгуулж байсан түүхтэй. Энэ удаагийн айлчлалын үеэр өмнөх санхүүгийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Уул уурхай, инноваци, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, хөгжим, соёл, урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан “Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, Австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцлоо.

Ер нь австричууд Монголоос юу авах сонирхолтой байдаг юм бэ?

-Австричууд Монгол Улсыг хурдацтай хөгжиж буй зах зээл, эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд онцгойлон анхаарч байгаа. Энэ нь Австрийн компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал дэд бүтцийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бий гэж үздэг.

Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж хардаг.

-Бүгд Найрамдах Австри улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчиллаа. Манай хоёр орны харилцааны түүхэн уламжлалаас сонирхуулахгүй юу?

-Монгол Улс, Бүгд Найрамдах Австри улстай 1963 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. Хэдийгээр 60 гаруй жилийн өмнө албан ёсооор дипломат харилцаа тогтоосон ч Монгол Улсын барууны бусад улс орнуудтай харилцах харилцааны нэгэн адил 1990ээд оны эхэн үе хүртэл соёл, нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжиж байсан. Тэгвэл хоёр орны харилцаа, 1990ээд оноос идэвхжиж эхэлсэн юм. 2023 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Тухайлбал, нийслэл Вена хотод хоёр орны засгийн газар хоорондын комиссын хуралдаан, 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо бизнес форумууд амжилттай зохион байгуулагдаж байсан. Мөн AвстриМонголын Найрамдлын Бүлгийн гишүүд Улаанбаатар хотноо анх удаагаа албан ёсны айлчлал хийж байжээ.

М.МӨНХ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Дөлгөөн: Нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилал, мерит зарчимтай институци болж ажилладаггүй юм байна

ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга А.Дөлгөөн намаасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Түүнтэй ярилцлаа.


-МАН бага хурлаараа хамтарсан засгийг тараах шийдвэрт хүрсэн. Энэ үеэр та намаасаа гарах өргөдлөө өглөө. Ямар шалтгаанаар намын гишүүнчлэлээсээ татгалзах болов?

-ХҮН намын удирдлагын өнөөгийн байр суурь, хандлага, ажиллаж буй арга барил, гаргаж буй шийдвэрүүдийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний бие ХҮН намаас гарч байна. Улс төрийн намд элсэх, намаас гарах гэдэг бол миний хувьд маш хариуцлагатай шийдвэр байв. Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт улс орон өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг арван жил явсны эцэст мэдэрлээ. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай институци болж ажиллах боломжгүй юм байна.

-Яагаад?

-Ийм нам нь намын даргад ихээхэн эрх мэдлийг төвлөрүүлсэн дүрэм батлуулдаг учраас нэг хүний дарангуйлал тогтох нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Дотоод ардчилалгүй нам яван явсаар дарангуйлагчид төрүүлдэг нь зүй тогтол юм. ХҮН намын өнөөгийн энэ байдал, дээрх алдаа дутагдалд хувьдаа хариуцлага хүлээн, цаашид хариуцлага тооцох чадамжгүй Хариуцлагын ерөнхий хорооны даргаар ажиллах шаардлагагүй гэж өөрийгөө үзлээ. ХҮН намын удирдлагын сүүлийн үеийн мэдэгдлүүд намын олон зуун гишүүд дэмжигчдийн хүсэл зориг байж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Намын дарга нь хамтарсан засагт заавал орох ёстой хэмээн амь тэмцэн улайрах нь нийт гишүүд дэмжигчдээ эвгүй байдалд оруулж байгааг харах ичгүүртэй байна. Түүнчлэн ХҮН намд эрүүл шүүмжлэл хэлсэн хүнийг намын дайсан мэт хүлээж авах, хувь хүмүүс хоорондын асуудал мэт харах, сүүлдээ бүр гүтгэн доромжлох гэхчлэн эрүүл бус соёл тогтсон зэрэг нь цаашид энэ намын гишүүн байх хүсэл зоригийг үгүй хийж байна.

Энд хүрээд итгэл бөхлөө. Хамт зүтгэж асан намын журмын нөхдөдөө хандан хэлэхэд, үнэхээр төр түшилцэх гэж буй бол зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандаж даргад зусардах бус, алив манипуляцид авталгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, үнэт зүйлстэй, зарчимтай байж, намаа аврахыг захья! Чингэж гэмээнэ энэ хүртэл зүтгэж ирсэн замналын минь үнэ цэнэ тэр болог.

-Та тамгаа хүлээлгээд өгчихсөн үү?

-Намын Их хуралд өргөдөл гаргаж, тамгаа гардуулан өгөх хүсэлтэй байсан хэдий ч өвөл хуралдах Их хурлыг хүлээж эс чадахын учир даруй өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгнө.

-ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-ын гишүүн Ж.Золжаргалд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Таны хувьд уг мэдэгдэлд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн, шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-ын гишүүн Ж.Золжаргалдаа намын дүрмээр хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. ХҮН намын дүрмийн 2.11 дэх хэсэгт намын гишүүдийн үүргийг заасан буй. Ж.Золжаргал гишүүн 2.11.8-д заасан “Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан бүр үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэсэн үүргийг биелүүлсэн. Мөн дүрмийн 2.12 дэх хэсэгт намын гишүүний үүргээ биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээний талаар заасан бөгөөд сануулах, намаас нэр дэвших эрхийг хасах, намын гишүүнчлэлээс хасах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах гэсэн гурван арга хэмжээг заасан байдаг юм. Гэтэл Ж.Золжаргал гишүүнд эдгээрийн аль арга хэмжээг авах юм, аль нь зохистой арга хэмжээ гэж. Гишүүний үүргээ биелүүлсний төлөө хариуцлага тооцох нь зөв үү. Өөрөөр хэлбэл, намын эрх ашгаас үндэсний эрх ашгийг дээр тавьсныг үгүйсгэж байна гэж үзэж байгаа.

-Та Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэснийг намын дарга дүрмээ зөрчлөө гэж үзэж байна уу?

-Намын эрх ашгийг бодож байгаа бол ХҮН намын удирдлага юуны түрүүнд орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж, ялагдал хүлээлгэж, цаг хөдөлмөр, мөнгө санхүүгээр хохироосон олон арван гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Намын даргын мэдэгдлээс үзэхэд ялагдана гэдгээ мэдэж байсан ч олон арваар нь дэвшүүлж “туг тахьсан” юм байна. Намын эрх ашгийг боддог юм бол, дүрэм журмаа барьдаг юм бол бас ХҮН намын дүрмийн 2.11.4-т заасан “Намын ёс зүй “За андгайг” чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх ” гэсэн заалтыг зөрчиж, олон гишүүдийн нэр хүндэд харшилсан зөрчил гаргасан, ордонд зодолдсон гэх хоёр гишүүндээ хариуцлага хүлээлгэх ёстой л доо. Эрх ашгаасаа хамааран дүрмээ янз бүрээр ашиглах хэрэггүй.

-Та ярилцлагынхаа эхэнд ХҮН намын дотоод ардчиллыг хөндлөө. Энэ намыг МАН-ын утсан хүүхэлдэй, халаасны нам гэх ойлголт нийгэмд байдаг шүү дээ?

-Юуны өмнө улс төрийн нам гишүүддээ нээлттэй, ил тод байх хэрэгтэй байдаг. ХҮН-д мэдээллийн хүртээмжтэй байдал маш хязгаарлагдмал, мэдээллийн урсгал сул, хаалттай байдагт нь одоо бүгд дасчээ. Үг хэлэх, шүүмжлэх эрүүл үзэгдэл алсарсаар энэ нам нэг мэдсэн хаалттай, дарангуйллын шинжтэй систем болон хувирчээ. Угаасаа үг хэлээ билүүдсэн, “орк, поп” нөхдүүд орж ирдэггүй, авдаггүй нам л даа. Одоо сонгуулиас хойш ажил, албан тушаал аваагүй нь ч таг, авсан нь ч бүр таг. Бүгд амандаа ус балгасан мэт таг дуугүй. Энэ намд болохгүй байгааг хэлэх зүрх зоригтой хүн өдрийн од шиг. Нэлээд олонх нь намын даргадаа тал алдахгүй, гутлыг нь үнсэхээс буцахгүй байгаа нь илт байгаа. Нөгөө үзэл санаа, үнэт зүйл түй ч хамаагүй болжээ. “Төрийн үйл хэрэг өөр шүү… дотор нь ажиллахаар их ондоо байна…одоо зарчим, үзэл санаа хэрэггүй юм биш үү…шударга ёс хамаатай юу …” гэх мэт үгсийг хамгийн найдаж итгэж явсан журмын нөхдөөсөө сонсох шиг эмгэнэл алга.

Улс төрийн намд явснаар хамгийн их ёс зүй, зарчим үнэт зүйл, институци чанар, мерит зарчим ярьдаг хүмүүс хамгийн худлаа, яг эсрэгээрээ байдгийг харлаа. Хамгийн их үнэн бай, зөв бай хэмээн бусдыг загнадаг, шаарддаг хүмүүс яг хэлдэг шигээ байдаггүйг үзлээ. Намын гишүүд зөвхөн сонгуульд ашиглагддаг хэрэгсэл гэж үү? ХҮН-ийг МАНАНгаас өөр гэж итгэж найдаж явсан юмсан. Хамгийн гол нь ХҮН-д итгэн саналаа өгсөн олон мянган иргэдийн сонголт, итгэл найдвар, урам зориг дэндүү хайран. ХҮН Монгол Улсын сүүлчийн найдвар гэдгийг манай намын журмын нөхөд бүгд л ухамсарладаг байв. Харин өнөөдөр энэ ухамсар хаачив гэж асуумаар байна.

-ХҮН нам хамтарсан засагт орсноор сөрөг хүчний үүргээ алдчихлаа гэж улс төр судлаачид, ард олон ч дүгнэж байгаа?

-ХҮН хамтарсан засагт орсноор сөрөг хүчний үүргээ алдсан нь үнэн. Гэхдээ анхнаасаа сөрөг хүчин байя гэж зориогүй байсан юм билээ. Энэ нь парламентын хяналтыг сулруулж, сонгогчдын саналыг хөсөрдүүлэн, сонголтыг гажуудуулж парламентын хяналт тэнцлийг алдагдуулахад нөлөө үзүүлсэн нь бас үнэн. Гурван нам хамтарсан Засгийн газар байгуулаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо үүнээс хойш мөнхийн Хамтарсан Засгийн газар байх болно. Үндсэн хуулийн өөрчлөлт ийм систем рүү оруулж байгаа гэж мэдэгдэж байсан. Манай намын дарга ч бид сөрөг хүчин биш, эрх баригчид гэж байлаа. Тухайн үед сөрөг хүчний үүрэг улс төрийн онолын хувьд төгсгөл болж, улс оронд хэрэггүй болж байгаа юм байна даа гэсхийгээд өнгөцхөн бодоод өнгөрч байж. Парламентын засаглалтай оронд сөрөг хүчний үүрэг байх ёстой. Гэхдээ юу ч байсан сөрж байдаг бус конструктив чиг хандлагатай сөрөг хүчин байх ёстой юм байна.

-ХҮН хамтарсан засагт орох шийдвэрийг хэрхэн гаргаж байв?

-2024 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон намын Төлөөлөх зөвлөлийн хурлаар засагт хамтрах эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Хурлын төлөөлөгчид санал хуваагдаж, тойргоос сонгогдсон хоёр гишүүн бүхий дүүргийн төлөөлөгчид тэргүүтэй хэсэг гишүүд засагт хамтрахгүй гэдэг дээр байр суурь илэрхийлж, ер нь олонх болох шинжтэй болмогц намын дарга Т.Доржханд завсарлага аван, хурлын төлөөлөгчдөө хүлээлгэн барин байж Удирдах зөвлөлийн гишүүдээ тусад нь багцалж оруулж ирээд хүч түрэн засагт хамтрах шийдвэр гаргуулсан гэдэг юм.

Ийнхүү засагт хамтарснаар ХҮН намын авсан эхний цохилт, том гарз хохирол бол Орон нутгийн сонгуульд ялангуяа нийслэл, дүүрэгт нэг ч төлөөлөгч сонгогдоогүй, шившигтэйгээр ялагдсан явдал. ХУД-ийн Биогоос гарсан нэг төлөөлөгч залууг эс тооцвол шүү дээ. Өмнө нь нийслэлийн ИТХ-д дөрөв, дүүрэгт 12 төлөөлөгчтэй байсан ХҮН нам нийслэлд энэ удаа ийн гутамшигтай ялагдсан нь Хамтарсан засагт орсны шан харамж байсан нь хэнд ч ойлгомжтой. Асуудал үүгээр зогсохгүй, хариуцлага ярих ёстой атал намын удирдлагуудаас хэн ч хариуцлага хүлээгээгүй ба харин дунд шатны намын байгууллагын дарга буюу Их хурлын гишүүн гаргасан дүүргийн намын хорооны даргаар сор залан, хариуцлага тооцон чөлөөлсөн байдаг. Яагаад бусад дүүргийн намын хорооны дарга нар, дээд шатны намын байгууллагын улирдлагуудад хариуцлага яригдаагүй нь бас л асуултын тэмдэг болж үлдсэн.

-Та энэ тухай тэр үед нь яагаад яриагүй юм бэ?

-Энэ бүгдийг одоо ярихын учир нь өдийг хүртэл хэн нэгэн дуу хоолойгоо гаргаасай, гомдол санал ирүүлээсэй, үгээ хэлээсэй гэж хүлээснийх. Хариуцлагын хороо маань өргөдөл гомдол бичгээр хүлээж авч, шийдвэр гаргадаг. Харамсалтай нь бүгд бүлх залгисан мэт байхаар үл барам гайхамшигтай сайхан намд орсондоо, дарга нартаа баярлаж талархаад ханахгүй байгаагаа илэрхийлсэн хайрын нялуун үгс цуваргасаар… Зарим нь намын даргаа бүр “King” гэж өргөмжлөхийг хараад нүүр хийх газаргүй болж байв. Ер нь хаа газар ингэж вакумжуулж хүнийг алдаг нь аксиом доо.

-Таны хувьд ХҮН намтай амьдралаа холбоод арван жил болжээ. Гэтэл яагаад намынхаа дотоод асуудлыг олон нийтийн сүлжээнд дэлгэх болов?

-Би 2015 оноос өнөөг хүртэл ХҮН намд итгэл үнэмшлээ өгч, үзэл санаа, үнэт зүйлийг минь тээгч хэмээн итгэж, цаг нар, хүч хөдөлмөр, нэр нүүр, ухамсарт амьдралынхаа нэгээхэн хэсгийг холбож ирсэн. 2016 оны сар шинийн битүүний өдөр болсон намын удирдлага дахь үл ойлголцол, хагарлаас улбаалж ХҮН нам анх дотооддоо задарч, гишүүд нь ус тосоороо ялгарах мэт хуваагдсан юм. Миний хувьд үзэл санаа, зарчим, үнэт зүйлээ тээн үлдэж байгаа хэсэг хэмээн харж, одоогийн намын удирдлага Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга нарыг дэмжиж нэг талдаа гарч байлаа. Үнэхээр намын лидерүүд уйгагүй тууштай байж, намаа шинээр бүртгүүлэн зохион байгуулж, удаа дараагийн сонгуульд удирдан манлайлж, өдгөө УИХ-д найман гишүүнтэй улс төрийн хүчин болгож чадсан гавьяатай. Гэхдээ “Улс төрийн нам гэж юу вэ? Үнэхээр засгийн эрх мэдлийн төлөөх хэсэг бүлэг хүний бөөгнөрөл үү? Нам хэмээх энэхүү бүлэг хүний бөөгнөрөлд институци чанар хэрэгтэй юу, хэрэггүй юу? Дотоод ардчилал хэрэгтэй юу? Намын гишүүд гэдэг нь зөвхөн сонгуульд ашиглагддаг хүн хүч юм уу? Бусад үед нулимж, түлхэж байдаг дорд хүмүүс юм уу? Дүрмээ гишүүдээрээ хэлэлцүүлж нам шиг нам байх ёстой юу үгүй юу? ХҮН ер нь 2028 оны сонгуульд орох юм уу? Ингээд хэдэн ХҮН эрх мэдэлд хүрснээр сэтгэл ханаад зогсох юм биш биз? Ер нь нэг сайхан улс төрийн намд яваад байна гэсэн чинь улам бүр нэг хүний компани шиг нам байх сонирхол зорилготой байсан юм биш байгаа?” гэх зэрэг асуултууд дотроос минь хариу нэхээд зовлонтой байна л даа.

-ХҮН намыг цаашид засагт хамтрах эсэхэд та ямар байр суурьтай байна вэ. Ер нь Хамтарсан Засгийн талаар таны бодол?

-ХҮН засгаас өөрөө гарч, нийт сонгогчдоосоо уучлалт хүсэн сөрөг хүчний үүрэг хүлээж, намаа бэхжүүлж, дараагийн сонгуульдаа бэлдсэн нь өлзийтэй цаг үе ирлээ гэж харж байгаа. Эс бөгөөс иргэд сонгогчдыг хуурч, хэсэг бүлэг хүний эрх мэдлийн төлөөх хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг талбар, ганц хүний наманцар болоод дуусах биз ээ.

Монгол Улсын Үндсэн хуулинд олонх болсон нам засгийн газраа байгуулах агуулга бүхий заалт бий. Миний бие 2020 онд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын агуулгаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан туршлагатай. Дахин хамтарсан засаг байгуулах чиглэлд явбал Үндсэн хуулийн бус гэж үзэж, Цэцэд хандах бодол бий, нөхцөл байдал юу болох нь уу харцгаая.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН Монголоо биш, намаа бодлоо

Улс төрийн амьдрал дээр, дооргүй л бужигнаантай байна. Хамтарсан Засгийн газрыг огцруулагсад зөөлөн суудалд тухлах гээд хамаг юмны түрүүнд л гүйлдэж байх шиг. Эрх баригч нам тогоон дотроо алалцаж байгаа процессыг хөндлөнгийн шинжээч нар гярхай дүгнэж байгаа харагдлаа. Яг үнэндээ “МАН Монголоо бодсонгүй, намаа бодлоо” гэж ажиглагч нар үзэж байна. Хэрэв эрх баригч хүчин Монголоо бодсон бол хамтарсан засгийг тогтвортой ажиллуулах байлаа. Засгийн газар тогтвортой ажиллахын цаана улс орны эрх ашиг яригдана. Алсуураа ард түмний амьдралын чанар сайжирна. Мега төслүүд  хэрэгжсэнээр эдийн засаг тэлж, хөгжлийн зам зурайна гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэдмээр сэн. Харамсалтай нь МАН, АН, ХҮН намаас бүрдсэн Засгийн газар аравхан сарын л настай байжээ. МАН-ын “балчир”-ууд эрх мэдэлд очихын тулд үнэхээр тэссэнгүй бололтой юм. Тэдний хувьд энэ богинохугацаа хэдэн арван жил шиг л урт санагдсан биз.

Уг нь МАН Монголоо боддог бол мега төслүүдээс хөдөлгөхөө хөдөлгөж, урагшлуулахыг нь урагшлуулж мөнгө олохын төлөө зүтгэх байлаа. Элдэв янзын татварын дарамтаас өндийж дийлэхгүй байгаа ард түмнийхээ амьдралыг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх байлаа. Баялгийн сангаа арвижуулж, мөнгө хураах байлаа. Гадна дотноос зээл хайж эдийн засгаа эрчимжүүлэх байлаа. Хамгийн чухал нь ажил яаж явуулах вэ гэдгийг бодож, төвлөрөх байлаа. Тэгсэн чинь ганцхан шөнийн дотор санаа нь хувираад засгаа огцруулаад тавьчихлаа.

Засаг унагах нь улс орны амьдралд асар хортой. Улсын ажил гацна. Дундуур нь төрийн хулгай явна. Эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулна. За тэгээд улс орны хөгжлийг залах мега төслүүд цөм гацна. Бодоод үз л дээ, хамтарсан Засгийн газраас зарласан 14 мега төсөл аль диван галвын үед л яригдаж байсан даа. Улс төр, геополитик, бизнесийн бүлэглэл, авлигын сүлжээтэй сүлбэлдсэн хүмүүсийн нөлөөгөөр тэдгээр төслүүд 20, 30 жил түгжигдсэн шүү дээ. Харин хамтарсан засаг байгуулагдсанаар эдгээр төслийг эхнээс нь гацаанаас гаргаж чадсан. Жишээлбэл, 2004 оноос хойш яригдсан Гашуунсухайт- Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил сая эхэллээ. Ураны төсөл хөдөлсөн. Монгол газрын тос боловсруулах зээлийн гэрээ баталгаажсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг айлын талтай тохирсон. Устай болохыг насаараа хүсэн хүлээж ирсэн говийнхны мөрөөдөл биелэхэд ойрхон байлаа. Ингээд харахаар Хамтарсан Засгийн газар жил хүрэхгүй хугацаанд нийт төслийнхөө гуравны нэгийг урагшлуулчихаж. Тэгвэл одоо МАН дангаараа засгаа авбал ингэж эрчимтэй ажиллаж чадах болов уу. Эдийн засгаа сэпхийтэл нь босгоод ирж дөнгөх үү. Татвар, үнийн өсөлтийг буулгаж дийлэх үү. Иргэдийн амьжиргаа дээшилж, хувийн хэвшлийн орон зай нэмэгдэх болов уу. Амьдрал дээр ард түмэн чинь ийм л хүлээлттэй байгаа. Харин улс төрийн тавцанд хүчтэй сөрөг хүчин жинхэнэ ажлаа хийх гээд хүлээж байгааг санах хэрэгтэй. Нэг их сайхан даргын суудал дээр тансаглаад жаргаад байх юм бодож байгаа бол том эндүүрэл. Асар хүнд эдийн засаг алгаа дэлгээд тосч байгаа шүү.

Засгийн газар буунгуут төлөвлөсөн бүх зорилтууд нь ажил хэрэг болж чадалгүй архивт шилждэг. Шинэ Засгийн газар дахиад л олон мэргэн санаа сэдэж, тэрийгээ судалж, хэлэлцэж, батлах гэсээр байтал сонгуулийн жилтэй золгох биз. Засаг унагасны үр дүнд улсын ажил урагшлахгүй. Багаар бодоход 1.5 жилээр ухарна. Наанадаж нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн шинэчлэлийн ажлууд зогсоно. Авлигын эсрэг реформын ажил замхарна. Хамтарсан Засгийн газрыг унагах нь том зургаараа улс орны эрх ашиг, эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг үр дагавартай. Гэвч МАН хамтралаас зугтаж байгаа нь намдаа улс төрийн хасах оноо авчирлаа. Анхнаасаа улс төрийн ажиглагч нарт та нарын шийдвэр яаж уншигдсан бэ гэвэл МАН гомдогсдоо ажилтай болгохын тулд төр үймүүлж байна. Ялчихаад ялагдсан намын гишүүд шиг ажилгүй байгаадаа уурласан улсуудынхаа хилэнг дарахын тулд улс төрийн жүжиг тавилаа. Ерөнхийдөө гишүүдийнхээ гомдлыг арилгахын тулд амиа бодсон шийдвэр гаргалаа гэж харагдаж байна. Улс эх орны хөгжил энэ намд хамаагүй юм шиг байна. Өөрсдийнх нь намын гишүүд ажилтай, орлоготой байвал Монгол Улс баяжих, хөлжих хамаагүй ажээ. Ядуу улсууд байж яаж баяжих юм гэж бодож байж магадгүй. Эцсийн ганц зоосыг нь хүртэл татвараар сэгсрээд мөнгөө цуглуулчихдаг хүмүүст улс орон баян, ядуу байх нь ямар ч хамаагүй биз. Ажил хийх, хийхгүй нь огт сонин биш. Ингэж л харагдаж байна. Бас Х.Тэмүүжин гишүүний хэлээд байгаа нэг тайлбар бас ортой байх. Улс төрд удаж үхэхээс бусдыг үзсэн хашир гишүүн дэмий юм ярихгүй. Тэрээр Засгийн газрын хөдөлгөөнийг Ерөнхийлөгч дахин дэвших гэж үгүй ядахдаа өөрийгөө ухуулахгүй хууль гаргахын тулд засгаар тоглов гээд байгаа. Энэ ортой бол дэмий юм хийж байна даа, энэ ямар ч ашиггүй үр дүн авч ирнэ гэдгийг улс төр ажиглагчид яриад эхэлсэн байна. Эдгээрээс өөр ямар тайлбар байгааг нь бид мэдэхгүй. Далд тайлбар байдаг юм бол тэрийгээ бидэнд хэлмээр байна. МАН Монголоо бодохгүй намаа гэж байгаа нь энгийн ухамсрын түвшинд бууж ирэхгүй л байна шүү. Яг цагаа тулахаар ард түмэн бол энэ намд огт хамаагүй юм байна. Тэд зүгээр л сонгуульд дэмжин гаргаж ирж дээрээс нь татварт мөнгө төлж Ардын намыханыг баяжуулж байдаг мөнгөний машин аж.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Нефть импортлогч компаниуд ярьснаасаа буцаж, үнэ нэмэх гэнэтийн шийдвэр гаргасан учраас бид ч зүгээр суухгүй

Шатахууны үнэ нэг шөнийн дотор тодорхой хэмжээгээр нэмэгдсэн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө зарим ШТС-ууд үнэ нэмсэн асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Салбарын сайдын хувьд энэхүү үйлдэлд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Зарим шатахуун түгээх станцууд өнгөрсөн баасан гаригт АИ-92 бензиний үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна лээ. Үнэ нэмэх гэж байгаа асуудлаараа манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд мэдэгдээгүй. Төр, хувийн хэвшил оролцсон Үнийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийн тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар үнийн асуудлыг хэлэлцсэн. Улмаар энэ сарын 25-нд дахиж хуралдаад шийдлүүдээ ярилцъя гэдэг шийдвэр гаргасан юм.

Харамсалтай нь нефть импортлогч компаниуд энэхүү хэлэлцээ, ярианаасаа буцаж үнэ нэмэх асуудлаар гэнэтийн шийдвэр гаргачихлаа. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор бид мэдэгдэл гаргасан байгаа. Импортын бензиний үнэ нэмэгдээгүй байхад ярьж тохирсноосоо буцаж болохгүй гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Тэр битгий хэл түлшний хувьд тонн тутамдаа 100 ам.доллараар буурсан байхад ийм шийдвэр гаргасанд гайхаж байна.

-Импортлогч компаниудын хувьд ямар шалтгаан хэлж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд тэдний нэг нь ч утсаа аваагүй. Яагаад үнэ нэмэв, яагаад ийм шийдвэр гаргав гэж асууж холбогдох гэсэн боловч нэг нь ч утсаа аваагүй. Гэхдээ ганц зүйл хэлж байгаа. Тэр нь валютын ханш өссөн учраас АИ-92 бензин дээр хүнд тусаж байгаа гэдэг шалтгааныг хэлсэн. Бид хариуд нь түлш тонн тутамдаа 100 ам.доллараар буурчихаад байхад яагаад шатахууны үнээ бууруулахгүй байна вэ гэдэг асуудлыг тавьсан. Намайг өчигдөр орон нутагт ажиллаж байхад зарим шатахуун түгээх станцууд АИ-92 бензинээс бусад бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэж мэдэгдсэн.

-Үнэ нэмчихлээ. Таны хэлж байгаагаар шатахуун импортлогч компаниуд ярьснааасаа буцаж, ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр шууд үнээ нэмсэн байна. Үүнд салбар яамны зүгээс хариуцлага тооцох асуудал байдаг уу?

-Үнийг хэлэхэд, төрийн зүгээс буюу салбар яамны зүгээс уг асуудалд шууд хариуцлага ярих боломж хязгаарлагдмал

байдаг. Асуудлыг бид зөвшилцөх байдлаар шийдвэрлэж ирсэн. Мөн Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг ийм л уялдаатайгаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр иргэдийн санал, шүүмжлэлтэй холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шаардлага хүргүүлж хандсан байгаа. Юутай ч бидний хувьд уг асуудлыг зүгээр хараад юм уу, эсвэл чимээгүй өнгөрөөхгүй.

-Чоно борооноор гэдэг шиг улс төрийн нөхцөл байдал шуугиад ирэхтэй зэрэгцээд шатахуун импотлогч компаниуд гэнэт ийм шийдвэр гаргачихлаа гэж харах өнцөг байна. Үүнд та сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Яг л ийм нөхцөл байдалтай давхцаад уг асуудал болж байгаа учраас ингэж харах, хардах зүйл бол байна. Шатахуун импортлогч компаниудад хүргүүлсэн мэдэгдэлдээ ч бид уг асуудлыг хөндөж уламжилсан байгаа. Шулуухан хэлэхэд, улс төрийн нөхцөл байдал хурцадмал энэ үед манай дотоодын нефть импортлогч компаниуд гэнэтийн шийдвэр гаргалгүй хүлээх боломжтой л байсан. Тиймээс салбар яамны хувьд Монополийн эсрэг хуулиар уг асуудалд арга хэмжээ авч ажиллана.

-Цаашид ер нь яах вэ, мэдээж энэ асуудлыг та чимээгүй өнгөрөөхгүй гэж хэллээ. Тэгэхээр торгууль, акт зэрэг хариуцлагын арга хэмжээ авах уу?

-Яг одоо яагаад үнэ нэмсэн асуудлаар ажлын хэсэг гарчихсан судалж байна. Шалтгаан нөхцөл нь торгууль тавигдах хэмжээнд байвал бид ямар ч эргэлзээгүй энэхүү асуудлыг хөндөнө. Өмнө тавьж байсан, одоо ч тавина. Ярьсан хэлсэндээ байж чадаагүй учраас бид ч бас шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Учир нь бид ард түмнийхээ талд байх ёстой.

-Нөөцийн хувьд ер нь ямар байгаа юм бэ. Нөөц нь дуусчихаад ингээд байна уу?

-Нөөц манай улсад хангалттай байгаа. Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх шалтгаан нөөцөөс хамаарахгүй. Нефтийн бүтээгдэхүүн тус бүр дээр сар болон түүнээс дээш хугацаанд хэрэглэх нөөц бий.

-Таны хувьд энэ Засгийн газрын АН-аас томилогдсон сайд. Улс төрийн нөхцөл байдалд та ямар байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар огцорлоо гэхэд том төслүүд цааш үргэлжлэх боломжгүй гэж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улс бол төрт улс. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ буюу парламент. Тэгэхээр парламентаар батлагдсан асуудал Засгийн газар огцрох эсхээс үл хамаараад хэрэгжих ёстой. Магадгүй янз бүрийн хүндрэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Том төслүүдийг хэрэгжүүлээд явахад дан ганц шийдвэр гэхээс илүү барьж аваад зүтгүүлээд явахад сэтгэл, хүчин чармайлт шаарддаг.

Э.МӨНХ