Өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд буй дулаарал, уур амьсгалын эрс өөрчлөлт, байгалийн зохилдолгоо нь биднийг хүссэн ч, хүсээгүй ч судалгааны салбарт анхаарал хандуулахыг сануулж байна.Тиймээс энэхүү шинжлэх ухааны салбарт улс орнуудын шилдэг мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтэд хүч тавин ажиллаж эхэллээ. Үүний нэг нь Байгаль орчны шинжээч, судлаач БЯМБЫН БОЛОРЧИМЭГ юм. Тэрбээр одоо ESC Pacific хэмээх байгаль орчин инженерийн зөвлөх компанийн Гуам дахь салбарын Төслийн менежер, байгаль орчны шинжээч, судлаачаар ажилладаг.
2010 онд МУИС-ийн Олон улсын харилцааны их сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр, 2013 онд Японы Хоккайдогийн их сургуулийг Байгалийн шинжлэх ухааны магистраар төгссөн. 2017 онд Хоккайдогийн их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Сургуулиа төгссөний дараа ESC Pacific компанийн Токио дахь салбарын Төслийн менежер, байгаль орчны шинжээч, судлаачаар таван жил ажилласан байна. Түүнтэй ярилцлаа.
-Нэг жилийн өмнө Гуамын арал дээр монгол эмэгтэй ажилладаг тухай сонсоод сэтгүүлчийнхээ хувьд ярилцлага авах санаа төрж байлаа. Харин өнөөдөр уулзаж ярилцах гэж байгаадаа баяртай байна. Та эхлээд өөрийнхөө талаар танилцуулаач?
-Юуны өмнө надтай уулзаж ярилцах санал тавьсанд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.Би Улаанбаатарт төрж өссөн. Миний хувьд бага нас маань бусдын адилаар өнгөрсөн. Аав маань механик инженер, жолооч хүн байсан. Ээж Баянгол ресторанд насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Нэг эгчтэй. Эгч маань гэр бүлийнхээ хамт Японд ажиллаж, амьдарч байна. Би Монгол-Оросын хамтарсан lll сургуулийг төгссөн. Орос сургууль төгссөн хэдий ч Азийн орны ёс заншил, тэр дундаа байгаль орчны чиглэл нь илүү сонирхол татсан. Тиймээс япон орныг сонгон суралцаад, ажиллаж байна.
Японд 12 жил амьдарснаас сүүлийн таван жилд нь Токиод, жил гаруйн өмнө Гуамд шилжиж ирсэн. Гуам бол Номхон далайн баруун хэсэгт оршдог. Соёлын өв бахархлаараа баялаг түүхтэй, АНУ-ын арлын нутаг дэвсгэрт харьяалагддаг. Уугуул иргэд нь Малай, Филиппин, Тайвань, Полинезийн Австронезийнхон. Тэд өөрсдийгөө Чаморро гэж нэрлэдэг. Чаморро хэл нь палауан хэлтэй төстэй. Эдийн засгийн хувьд аялал жуулчлал түлхүү хөгжсөн, АНУ-ын армийн дэмжлэгтэй, стратегийн томоохон хөрөнгө оруулагч гэж тооцогддог юм билээ. Цаг агаар нь халуун орны уур амьсгалтай, далайн түрлэг тогтмол. Хуурай, нойтон гэх хоёр улиралтай. Нойтон улиралд халуун орны шуурга болон далайн хар салхи үе үе тохиолдоно.
-Их өвөрмөц арал байх нь. Гуамд очоод хэрэгжүүлж байгаа төслүүд нь бусад олон улсын төслүүдээс юугаараа онцлог вэ?
-Манай компанийн хэрэгжүүлдэг дийлэнх төслүүд Япон болон Гуамын төслүүд. Үүнээс гадна Монгол, Казахстан, Бутан зэрэг улсуудад хэрэгжүүлсэн төслүүд дээр ажилласан. Миний хувьд олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үйл явц ажиллагаанд оролцоно, хувь нэмрээ оруулна гэдэг нь нэр төрийн хэрэг юм. Учир нь, төсөл хөтөлбөр бүр өөрийн гэсэн онцлох шинж чанартай, энэ бүхнээс туршлага, мэдлэгийг хуримтлуулж чаддаг нь хамгийн чухал үр дүн гэж хардаг. Одоогоор Гуамд илүү байгаль орчны хууль журамтай холбогдолтой туршлага хуримтлуулж байгаа.Тухайлбал,миний хэрэгжүүлж байгаа төслүүд хөрс, усны бохирдол, ховордсон ургамал, ан амьтадтай хамааралтай бөгөөд түүний менежменттэй холбоотой ажлууд олон бий.
-Та түрүүн Монголтой холбоотой төслийн талаар дурдлаа. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн болон холбогдох яамд, агентлагуудтай хамтарч Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ) боловсруулах төслийг 2019-2021 онд хэрэгжүүлсэн. Тус багийн бүрэлдэхүүнд Япон улсыг төлөөлж 19 хүний бүрэлдэхүүний нэгэнд нь багтаж явснаар Монгол Улсынхаа нэрийг гаргасан. Энэ нь миний хувьд бахархмаар санагдаж байсан. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн ам хэт төвлөрснөөс олон асуудал ундарч, нөгөө талд хөдөө орон нутагт ажиллаж амьдрах, бизнес эрхлэх хүн хүч, нөөц боломж хумигдсан нь манай улсын хөгжлийн томоохон бэрхшээлийн нэг. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор энэхүү төслийг санаачилж байв. Уг төслийн хүрээнд аялал жуулчлалын салбарыг хариуцаж ажиллаж байсан. Эдгээр санаачилгуудын нэг болох зайны сургалтын туршилтын төслийг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж чадсан. Ингэхдээ Улаанбаатар хотын захын дүүргүүд болон алслагдмал бүс нутгуудад амьдардаг Ерөнхий боловсролын сурагчдад таблет олгон цахим хичээлд хамруулсан юм. Төслийн гол зорилго нь боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бүтээлч, хялбар аргаар шийдвэрлэхийг зорьж Баянхонгор аймгийг сонгосон.Төслийг хэрэгжүүлж дууссан ч монгол хүүхэд бүрд чухал ач холбогдолтой гэж үзээд зайнаас боловсрол олгох төслийн санаа, загвар, аргачлалыг хөгжүүлж, хадгалж авч үлдээхийг хүссэн. Тиймээс төслийнхөө дараагийн үе шатыг санхүүжүүлэх зорилгоор олон нийтээс санхүүжилт босгох аяныг Монгол болон Япон улсад эхлүүлснээр олон хүний итгэл, дэмжлэгээр амжилттай хэрэгжүүлж байв. Төслийн гол үр дүн нь хүүхдийн сонирхолд нийцэх сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүнийг сонгож чадсан нь шинэлэг байсан. Уг төсөлд, албан ёсны сургалтад хамрагдаж чадаагүй сургууль завсардсан, ар гэрийн нөхцөл хүнд, хийдэд шавилан суудаг, хорих ангийн хүмүүжигч, хөгжлийн бэрхшээлтэй, алслагдсан бүс нутгийн хүүхдүүд хамрагдсан. Ингэснээр хүүхэд бүр технологийн дэвшилд тулгуурлан боловсролыг дүйцүүлэх хэлбэрээр зайнаас эзэмших боломжийг нээж өгснөөрөө ач холбогдол өндөртэй байсан.
-Таныг Бутанд хэрэгжүүлсэн зааны коридорыг зохион бүтээх санаачилгыг гаргасан анхны монгол эмэгтэй гэж онцолсон байна лээ?
-Бутан улсад хэрэгжүүлсэн төсөлд байгаль орчны мэргэжилтнээр ажилласан. Ингэж ажиллахдаа зааны коридорыг бүтээх санаачилга гаргасан. Ер нь ан амьтдад зориулсан тусгай гарц гарам, биологийн коридоорууд гэж байдаг. Бутан улсын өмнөд хэсэг заан ихтэй, хүн зааны хоорондын конфликт буюу мөргөлдөөн нь асуудлууд үүсгэдэг. Жишээлбэл, тариалангийн талбай, эд хогшлыг сүйтгэх, цаашлаад хүний амь нас хохирох тохиолдол гардаг. Нөгөө талаар хүн төрөлхтний хөгжил дэвшил байгаль дэлхийн нэг хэсэг болсон ан, амьтдын зуу зуун жил амьдарч ирсэн газраас булаасаар сүүлдээ чөлөөтэй явах газар үлдээхгүй байгаа нь харамсалтай. Үүнийг шийдвэрлэх гарцыг олон улсын судлаачдын баг, зааны зан төлөв байдлаар судалгаа хийдэг олон улсын нэртэй доктор, профессоруудтай хамтарч энэ ажлыг эхлүүлж байсан. Одоогийн байдлаар судалгааны түвшинд явж байгаа. Энэ төсөл миний хамгийн хайртай төслийн маань нэг. Заан бол сүргээрээ нүүдэллэж амьдардаг амьтад. Тэдэнд чөлөөтэй явах, нүүдэллэх замыг нь чөлөөлж, тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь нэн чухал. Тэгснээр ховордсон төрөл зүйлд ороод байгаа Азийн заануудыг хамгаалах үйл хэрэг нь байгалийн хуулийг зөөллөж байна гэж эергээр боддог. Тиймээс илүү их хичээж, эцсийн үр дүнг нь үзэхийг хүсдэг.
-Төслөөс гадна хог хаягдлын талаар судалгаа хийсэн байсан. Хог хаягдлыг хэрхэн боловсруулж, ямар төвшинд судлахад үр дүнтэй байдаг вэ?
-Монгол орны хувьд өвөрмөц дийлэнх бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Өөрсдийнхөө онцлогт зориулж хог хаягдлын системээ зохион бүтээх ёстой. Хогийн цэгүүдэд ирдэг датаг ажиглаж судалсан. Хэр их хог гардаг, улирлын шинж чанар нь ямар байна. Монголын талаас системийн талаас нь авч үзсэн нийтлэл ховор юм билээ. Тиймээс судалгааны материалаа нийтлэл болгоод 2015 онд хэвлүүлж байв. Судалгаан дээрээс ажигласан зүйл нь, хамгийн гол нь системээ зөв зохистой зохиох ёстой юм. Бид хэт том зорилго тавьдаг. Ингэх шаардлагагүй, хамгийн хялбар аргаар шийдэх гарц бий. Хөгжиж буй орнуудын хогонд хандах судалгаанаас харахад хог хаягдалд соёлын ялгаатай байдал ажиглагддаг. Ямар ч улс оронд хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг байгаль орчинд ил задгай хаядаггүй. Харин Монголд хамаагүй хаясан харагддаг. Энэ нь тухайн улс орны соёлын ялгаа, ухамсарт үйлдлийн хөрс. Хог хаягдлыг судлаад ирэхээр шинжлэх ухаантай холбогдоно. Зарим хогийг шатаавал эргээд хүний биед хортой. Хэдэн жилийн өмнөх бидний хэрэглээ маш их өөрчлөгдсөн. Жишээ нь, ус нэвтэрдэггүй материал нь хүний тохь тухыг хангадаг боловч энэ нь мөнхийн химийн элемент гэгдэх болсон материалаас бүрддэг тул 100 жилдээ задардаггүй. Мөн наалдахгүй шарах тогоог хүмүүс их хэрэглэх дуртай байдаг. Тэгвэл энэ мөн нь л дээрх химийн элементээс бүрдсэн. Энэ нь хэрэглээнийхээ явцад хүний биед орж бага багаар хуримтлагддаг. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүний бүтэц нь өөрчлөгдчихсөн. Тийм учраас бид юуг сайн, юуг муу гэдгийг ялгаж салгахын тулд үргэлж уншиж, судалж байх нь чухал юм.
-Бид судалдаггүйгээсээ их алддаг. Энэ алдаа нь эрт орой хэзээ нэгэн цагт байгалийн хуулиар орно гэдгийг хэлж байна уу?
-Монголчуудын бүх заншил нь байгаль орчинтой хосолж амьдрах, байгаагүй юм шиг амьдардаг байсан нь том философи төдийгүй гайхамшигтай соёл юм. Өнөөдрийн дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт бидний амьдралыг хүссэн ч, хүсээгүй ч өөрчилж байгааг ойлгох хэрэгтэй. Үүнийг буцаах аргагүй болсон. Үүнд том гүрнүүд ч гэсэн хүчин мөхөстөж байгаа. Байгалийн энэ өөрчлөлт хэзээнээс эхэлсэн юм гэхээр XVIII зууны сүүлээс мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрлэл хөгжсөн цагаас гэж тооцогддог. Үүнийг АНУ-ын байгаль судлаач Рэйчел Карсон гэх эмэгтэй анх үр нөлөөг нь анзаарч олон нийтэд хүчтэй түгээж чадсаны үр дүнд байгаль орчны хөдөлгөөнүүд эрчимтэй хөгжсөн гэдэг. Эдгээр хөдөлгөөнүүдээс эхлэлтэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үүнийгээ дагасан үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах нь байгалийн шинжээч, судлаачдын хийх ёстой ажлын нэг гэж ойлгодог.
-Таныг байгалийн ухааныг ингэж судлахад хэн нөлөөлсөн бэ?
-Би эмээгийнхээ гар дээр өссөн. Эмээгээсээ нүүдлийн соёл иргэншлийг сурсан. Өглөө бүр эмээ минь “Баян хангай алтан дэлхий минь” гэж залбираад сүүгээ өргөдөг байлаа. Зуны амралтаараа эмээтэйгээ зуслан гардаг байсан болохоор гэр орны ажил хийх, ойгоос түлээгээ бэлтгэх, булгаас усаа авах гээд энгийн хэрнээ тогтмол энэ ажил үргэлж байгальтай холбоотой. Амьтан бүхний бодгаль ертөнцөд ямар үнэ цэн оршдог болохыг илүү ихээр мэдэрсэн. Эмээ надад байгаль эхтэйгээ үргэлж хүйн холбоотой гэдгийг цаг ямагт сануулж явсан эрхэм хүмүүн юм. Тиймээс бага насны тэр сайхан дурсамж миний байгалийн шинжлэх ухаанд хөл тавих эхлэл болсон гэж боддог. Гэхдээ би шууд байгалийн шинжлэх ухааны ангийг сонгоогүй, Олон улсын харилцааны их сургуульд орсон. Сургуулиа төгссөний дараа өөрт нэг мэдрэмж яваад л байсан. Би яг өөрийнхөө хүсч байгаа чиглэлээр явж байгаа эсэхээ мэдэхгүй байсан. Тэгээд ямар ч байсан зориглоод Хоккайдогийн их сургуульд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр элсэн суралцсан. Одоо эргээд бодохоор олон улсын харилцааны суурь маань олон улсад ажиллахад ихээхэн нэмэр болдог. Зарим судлаачдыг харахад шинэ салбар руу орох нь олон давуу талтай гэдгийг ойлгосон, ямарваа нэгэн зүйлийг шинэ өнцгөөс харах, илүү чөлөөтэй сэтгэх, өөр төрлийн туршлагыг авчрах зэрэг эерэг нөлөөлөлтэй.
-Мэргэжлээ солиод хүссэн ангидаа оржээ. Хамгийн түрүүнд ямар судалгааны ажлыг сонирхсон бэ?
-Оюутан байхдаа цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор Антарктид судлал болон хүйтэн бүсүүдийн хичээлүүдийг судалж, мэргэжлийн хөтөлбөрүүдийг дүүргэж байсан. Энэ хугацаандаа Швейцарийн мөсөн голуудад хэмжилтийн дадлага хийж судалгааны ажлын хэсэгт орж байсан. Дадлага хийж байхад дэлхийн мөсөн голууд ямар их хурдацтайгаар хайлж байгааг хараад үнэхээр санаа зовнисон. Энэ бүхнийг хүмүүс мэдэж байгаа болов уу гэж бодогдсон. Цаашдаа нэлээд цаг хугацааны дараа эрт орой хэзээ нэгэн цагт Антарктидад судалгааны ажил хийх юм сан гэж мөрөөддөг.
-Судалгааныхаа ажлын хажуугаар бясалгалд цаг заваа зориулдаг гэж байсан. Бясалгал гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Хүмүүс бясалгалын талаар их асуудаг. Юу мэдэрдэг вэ, ямар зүйл байдаг юм гэж… Харин би үүнийг тайлбарлаж чаддаггүй. Өөрийн биеэрээ туршиж үзээд энэ бол бясалгал юм байна гэдэг дүгнэлтэд хүрэх нь чухал гэж бодсон. Миний хувьд 2018 онд амьдралын хэцүү үетэй тулгарч Випашяна бясалгалд сууж буддын гүн ухааныг судалж эхэлсэн. Ингээд Випашянагийн 10 хоногийн бясалгалд ямар ч төсөөлөлгүйгээр явсан. Тэр үед хүн өөрөө өөртэйгөө хамгийн харгис хэрцгий ханддаг болохыг ухаарсан. Түүнээс хойш хүн өөрийнхөө дотоод ертөнцийг илүү сонсч өөрийгөө хайрлах ёстойг мэдэрсэн. Амар амгалан байгаа үе нь тухайн хүний амьдралын чанарт илүү их нөлөөлж, өөрөө их хөнгөрч явдаг юм билээ. Бясалгалын хамгийн дээд хэлбэр бол амар амгаланд орших байх. 2024 оноос эхэлж Монголд Дээд Бодь хийдээс зохион байгуулдаг Смрти Упастана бясалгалд сууж байна.
-Гадаад оронд олон жил амьдарчээ. Энэ хугацаанд эх орондоо ажиллах сан гэж бодож байсан уу. Ер нь өөрийнхөө үеийн залууст юуг хэлмээр санагддаг вэ?
-Хүн болгоноос сурах зүйл их байдаг. Найз нөхөрлөлийн хувьд олон найзуудтай. Хамгийн сүүлд найзуудынхаа хамт франц хэлний хичээлийг жил гаруй хугацаанд онлайнаар авсан нь хамгийн сайхан дурсамжтай байна. Мэдээж эх орондоо очиж сурсан мэдсэн, харсан зүйлээ үлдээе гэж бодолгүй яахав. Хүний дотоод сэтгэл оюун санаанд эх орны гэсэн бүх зүйл нь ширхэглэн оршдог байх. Би ч гэсэн тэдний адил. Гадаадын олон мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахад монгол хүнтэйгээ ингээд хамт ажиллах юмсан гэж боддог. Монгол хүнтэйгээ хамт ажиллахад цаанаа л нэг сэтгэлд дулаахан, ойлголцоход амар. Манай монгол залууст маш их боломж бий. Энэ боломжоо битгий алдаасай цаг хугацаанаас битгий хоцроосой, үргэлж хичээж байгаарай гэж хэлмээр байна.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Япон улс, Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа
2024.12.07