Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлал хойшлов DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Манай Флорида мужийн эрэгт ойртож буй Милтон хар салхи өнгөрсөн зуунаас хойш энэ бүс нутагт тохиолдож буй хамгийн том сүйрлийн нэг болж магадгүй байгаа учир аюулт шуурганаас хамгаалах бүх арга хэмжээг авах шаардлагатай болоод байна” гэж мэдэгдэв. Хар салхины төв хэсэгт салхины хурд 270 км/цаг орчим хүрдэг бол Милтон шуурга бүр ч хүчтэй байж магадгүй байгаа аж. Иймээс Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер “Милтон хар салхины байдлыг харгалзан ерөнхийлөгч Жо Байден Герман, Анголд хийх айлчлалаа хойшлуулж байна” гэж мэдэгджээ.

Германы канцлер Олаф Шольц АНУ, Франц, Их Британийн удирдагч Жо Байден, Эммануэль Макрон, Кейр Стармер нарыг Рамштайн агаарын баазад Украинд туслах бүлгийн улсуудын удирдлагатай уулзахаас өмнө энэ бямба гаригт Берлинд хүлээн авах гэж байсан юм. Үүний дараа Шольц, Байден, Макрон, Стармер нар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тэргүүтэй 20 орчим төрийн тэргүүн оролцох Рамштайн агаарын баазад очиж, Украинд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно гэдгээ Киевт баталж, Украинд шударга, тогтвортой энх тайван тогтоох арга замын талаар ярилцах байсан билээ. Мөн өмнө нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер “Ерөнхийлөгч Жо Байдены Германд хийх айлчлалын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь Оросын түрэмгийллийг таслан зогсоохын тулд Украиныг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгийг батлах явдал” гэж онцолж байсан билээ. Харин Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт “Берлин Байдены энэ шийдвэрт харамсаж байна. Гэхдээ түүний аргагүй байдлыг бүрэн ойлгож байна” гэж мэдэгдэв.Мөн Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Дарья Заривна “Бүх зүйл аль хэдийнэ бэлэн болсон ч Украины санаачилсан Энх тайвны хоёр дахь дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сард болохгүй. Энэхүү дээд хэмжээний уулзалтын товыг арваннэгдүгээр сарын эхээр шийднэ. Харин 10 дугаар сард энх тайвны томьёоллын асуудлаар хэд хэдэн сэдэвчилсэн бага хурал болж, хамгийн сүүлийнх нь энэ сарын 30-31-нд товлогдсон” гэж мэдэгдэв.

Швейцарьт болсон “энхийн дээд хэмжээний уулзалт” өнгөрсөн долдугаар сарын дундуур ОХУ-ын оролцоогүйгээр болсон. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хоёр дахь дээд хэмжээний уулзалтад Москвагийн төлөөлөгчид оролцохыг үгүйсгээгүй байсан юм. Харин цэргийн болон олон улсын шинжээчид “АНУ-ын ерөнхийлөгч оролцохгүй болсон ч Украиныг дэмждэг улсуудын төрийн тэргүүн нар оролцох Рамштайны уулзалтаар Путины “хувь заяа”-г шийдэх чухал шийдвэр гарна. Харин энэ шийдвэр ил болох, эсвэл нууц байх нь тодорхойгүй байна” гэж санал нэгтэй дүгнэсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *