Categories
мэдээ нийгэм

Дорнод Дарьгангын талд нойтон цас орж, говийн нутагт +30 хэм хүрч хална DNN.mn

Маргааш буюу тавдугаар сарын 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Маргаашдаа нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2-7, өдөртөө +11+16 градус дулаан байна. Ихэнх нутгаар дулаарч говийн бүст шөнөдөө +9+14, өдөртөө +25+30, бусад нутгаар өдөртөө +19+24 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Монголын морьт харваачид ААШТ-ээс хоёр медаль хүртжээ DNN.mn

Казахстан улсын Шымкент хотноо Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээн өнгөрөгч сард болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Саудын Араб, Киргиз, Катар, Тайланд, Индонез, Малайз, Узбекистан, Кувейт зэрэг 14 улсын 60 тамирчин өрсөлдлөө.

Манай улсаас Б.Отгон-Өлзий, Б.Аягаа, А.Амарболд, П.Дашчарав, Ц.Баасансүрэн, Г.Гүнбилэг нарын харваачид оролцсоноос Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль, Б.Аягаа магяар төрөлд хүрэл медалийн эзэн боллоо.

Тус тэмцээн магяар, ази, турк, зоос харвах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан юм. Монголын тамирчид тэмцээн болох улсад газраар 5000 орчим км замыг туулж очсон бөгөөд Оросын хилээр нум, сум оруулахыг хориглосон тул хил дээр өөрсдийн хэрэглэдэг нум, сумаа үлдээжээ. Улмаар ААШТ болох газрыг зорьж, тэмцээний өмнөхөн газар газраас цугларсан монголчууд тамирчдад өөрсдийн илүү нум, сумыг бэлэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНХАУ-ын Шааньси мужийн Ши-Ань хотоор аялсан тэмдэглэл DNN.mn

Аливаа улс орны хөгжил тухайн орны бүтээн байгуулалтаас илт харагддаг билээ.

Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орны нэгд багтдаг БНХАУ-ын Шааньси муж болон Өмнөд Монголын нутгаар аялан, тухайн улсын хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэлтэй танилцлаа.

Ши-Ань хот нь түүх соёлын эртний баялаг өвтэй, эдүгээ цагт Хятадын соёлын төлөөлөл болж буй үзэсгэлэнт хотын нэг юм. Үүнээс гадна Мин улсын үед хот бүр өөрийн гэсэн хонх, бөмбөртэй байсан нь цаг зарлах үүрэгтэй байж. Үүрийн гэгээнээр хонх дуугарч өглөө болсныг зарлан, үдшийн бүрийгээр бөмбөр нүдэж хот амрах болсныг сануулдаг байжээ. Хонхот цамхагаас Ши-Ань хотыг харах боломжтой гэнэ. Энэхүү цамхагийг тойрох автомашины зам байгуулжээ.

Улаанбаатарын их түгжрэлийг түрхэн мартах агшин энэ хотод буй. Автомашины өргөн зам, гүүрэн гарц. Ихэнх иргэд нь дугуй, жижиг мотоцикл унадаг. Энэ хотын түгжрэлийг шийдэх гол гарц нь гүүр, замын бүтээн байгуулалт аж. Зам нь түгжрэлгүй, сэлүүхэн учир товлосон цагтаа багтаад оччихно. Мөн түүхэн дурсгалт зүйлээрээ жуулчдыг нэгэнт татаад эхэлжээ. Хаана л очно иргэд нь музейн гадна дугаарлаастай харагдана.

1000 гаруй жилийн түүхтэй тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан бөгөөд монголчуудын дийлэнх нь “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-оор нь илүү мэдэх биз ээ. Бунхлагдсан морьт цэргийн олдвор нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Үүгээрээ гадаад дотоодын жуулчдыг ихээр татдаг ажээ.

Харин Шааньси муж нь нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Мөн цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн болон хүнд үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байгаа аж.

Ингээд бид эхний өдөр Лүжи ногоон эрчим хүчний компани болон ургамлын тосны үйлдвэрээр алдартай Айжюи хүнсний групп, Ша-Ань хотын Датун шөнийн гудамж, Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төв, Чан-Ань арван хоёр цагийн гудамжаар зочлов.

Лүжи ногоон эрчим хүчний компанийг товч дурдвал, 2007 онд байгуулагдсан бөгөөд нарны тусгалын 1 хувийг ашиглахад дэлхийн бүх улсын эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой гэсэн судалгаа гаргажээ.Тус үйлдвэр нь нарны эрчим хүч үйлдвэрлэлийн судалгаанд жилдээ 300 гаруй сая юань зарцуулдаг. Хамгийн сүүлд айл өрх, аж ахуй, үйлдвэрүүдийн дээвэрт зориулсан нарны эрчим хүчний хавтан бүтээжээ. Тус хавтан нь тоосгоны адил бат бөх. Бээжин хотын хэрэглээний эрчим хүчний ихэнхийг энэхүү мужаас хангадаг. Тус муж нийтдээ 8,5 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэдэг байна.

Харин олон улсын боомтын бүсийн Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төв нь анх 2013 онд нээлтээ хийжээ. 2022 онд галт тэрэгний аяллын тоо 4639-д хүрч, жил бүр 5.4 сая тонн контейнер хүлээн авах хүчин чадалтай, 66 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Тус боомт ОХУ-аас модон материалаа Алтанбулаг-Эрээн хооронд төмөр замаар татдаг. Илүү их ачааг ОХУ-аас татах хүсэлтэй ч Монгол Улсын УБТЗ-ын хүчин чадал хүрдэггүй учир хамтран ажилладаггүй тухай ярьсан юм. Монгол Улсын бусад боомт төмөр замтай болчихвол ОХУ, Европоос ачаа барааг Монгол Улсын нутгаар татах, БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх боломжтой талаар дурдаж байлаа.

Бидний очиж танилцсан байгууллага бүр үүдэндээ тус компанийн танилцуулгыг том дэлгэц дээр харуулж байсан нь олон газар очихгүйгээр бэлдсэн материалаас тухайн компанийн ололт амжилт, хөгжлийг мэдэх боломжтой байсан нь онцлог байв.

Дараагийн зочилсон газар бол 2021 онд бүх Хятадын спортын улсын аваргыг зохион байгуулсан Ши-Ань хотын спортын ордон сонирхол татсан юм. Сэтгэлд арай ойр буухаар нь Төв цэнгэлдэх хүрээлэнтэйгээ ч жишиж, ийм байсан ч болоосой гэх бодол зурвасхан төрснийг нуух юун.

Ши-Ань хотын спортын ордон цэцгийн дэлбээн дээвэртэй, 60 мянган хүний багтаамжтай. Нийт 200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг гэнэ.

Тус спорт цогцолборт сагсан бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт гэх мэт бүх төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Ийнхүү очсон газраа нэг бүрчлэн дурдвал дуусахгүй билээ.

Миний хувьд эхний өдрүүдэд үзэж сонирхсон газруудаас сонирхол татсан нь Тан гүрний хувцас өмссөн залуусаар дүүрэн Чан-Ань арван хоёр цагийн гудамж байлаа.

24 мянган ам дөрвөлжин талбайд худалдааны гудамж, соёл, аялал жуулчлалын брэндийг бий болгож, өдөрт 100.000 гаруй хүн зорчдог аж. Гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн 02:00 хүртэл асна. Охид, бүсгүйчүүд нь Тан гүрний гоёл чимэглэлээр гангарч, нүүрээ тухайн үеийнхээр будуулж алхана. Уламжлалт загварын хувцас өмсөж, үсний засалт хийлгэж, гоёл зүүсгэл иж бүрэн зүүхэд 1 хүний 390 юань. Харин зөвхөн хувцсыг нь өмсөхөд 190 юань юм. Уг музейн тасалбар 120 юанийн үнэтэй.

Энд бид БНХАУ-ын уламжлалт тоглолт-Тан гүрний Ши жүжгийг сонирхлоо.

Дараа нь Хятадын 13 улсын түүхийг багтаасан Шааньси түүхийн музейд очив. 1991 оны зургадугаар сард музейн барилгыг ашиглалтад оруулжээ.

Уг музейд Хятадын түүхийн 1.71 сая ширхэг соёлын эд зүйлс байдаг аж.

Тус музейг өдөрт 12 мянган хүн үзэж сонирхон Шааньси мужийн нутаг дэвсгэрт үүсч байсан Хятадын 14 улсын түүх,  эртний соёлтой танилцдаг байна.

Түүхээс түүхийн хооронд аялсан дараагийн музей бол БНХАУ-ын Чинь Шыхуан хааны онгоны музей. Чинь Шыхуан хааны онгоны музей нь Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг.

Хаантайгаа хамт бунхлагдсан 2000 гаруй морьт цэргийн олдворыг тариачин тариа хагалж байхдаа анхны олдворыг олж, түүнээс хойш эрдэмтэд малтлага, судалгааны ажлыг хийсээр байгаа юм. Өнгийг нь алдагдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авчээ. 11 хаалга, гурван малтлагын хэсэгтэй. Ойролцоогоор 8000 морьт цэргийн бунхан байгаа гэж таамаглажээ.

Энэхүү бунхнаас бүтнээр олдсон малтлага нь сөгдөн сууж буй цэргийн хөшөө. Үүнийг анх 1978 онд гаргасан байна. Сөгдөөд суусан учир гэмтээгүй бүтнээрээ үлдсэн гэж судлаачид үзжээ. Үүнээс гадна цэргийн жанжин, морин цэрэг, харваач зэргийг яг байгаагаар нь шилэн хоргонд хадгалжээ. Энэхүү музейг үзэхээр өдөрт 30-40 мянган жуулчин ирдэг гэнэ. Мөн дээр дурдсанчлан ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-ын эхний ээлжийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Ногоон байгууламж бол тус улсын нэг онцлог гэвэл болох байх. Энэхүү байгууламжийг хэрхэн бүтээх талаар Хятадын хуурай бүс дэх ус хэмнэх судалгааны хүрээлэнгээр аялав. Эндээс хуурай газар орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, агаар, усны харилцан үйлчлэл, ургамлын усны хэрэглээ гээд тариаланг хэрхэн хөгжүүлэх талаар мэдэж авч болно.

Ши-Ань хотын аялал жуулчлалын нэг болох 1400 жилийн түүхтэй Тан гүрний хэрэм өглөө жижиг цэргийн үзүүлбэрээр эхэлдэг.

Үзүүлбэр дууссаны дараа хоёр эгнээ болсон цэргүүдийн голоор иргэдээ оруулсан нь жуулчдыг татах сонирхолтой жишээ байв.


Өмнөд Монголын мал аж ахуй, үйлдвэрлэлтэй танилцав

Бид эхлээд түүхэн болоод өнөө үеийн хөгжил дэвшлийн талаарх мэдээлэлтэй танилцсан бол дараа нь Хөх хотоос Шилийн хотыг зорьж газар тариалан, мал аж ахуйн бүтээн байгуулалтыг үзэж сонирхов.

Мөн ӨМӨЗО-ны Баруун үзэмчин хошууны Баянхошуу  сумын Шүүт гацааны малчин Б.Омогшилынд түр саатаж, орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй танилцав. Тэрбээр 2016 онд Өмнөд Монголын их сургуулийг төгсөж, эхнэрийнхээ хамт ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг төгсчээ. Үүний дараа гэр бүлийн фермийг үүсгэн байгуулсан байна. 2019 оноос мал сүргийн бүтцийг өөрчлөн мал борлуулж, симментар үхэр, ангус малыг Тунляо хотоос импортоор оруулж ирсэн аж. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сар хүртэл малаа хашиж тэжээдэг. Бусад саруудад нь бэлчээрт байлгана. Тухайн жилийн хур тунадас, малдаа тохируулж өвс, тэжээлээ бэлддэг. Намар 7-9 сартай тугалны амьдын жин 350кг болдог” хэмээн ярьж байв. 2020 онд симментар үхрийн тугалыг 20 мянган юаниар зарж, жилийн орлого нь 1 сая юаньд хүрчээ. Тэд заримдаа төв рүүгээ явж кино үзэх ч юм уу, цагийг өнгөрөөдөг гэв.

Маргааш нь Авга хошууны малчин Гэрэлтийн мал аж ахуй, фермтэй танилцлаа. Тэнд малдаа тариа хийх, цаашлаад хээлтэй малыг хэдэн сартай байгааг нь хүртэл оношлох төхөөрөмжийг харуулав. Хүний гар оролцуулахгүй бүгд л техник технологийг ашигласан нь малчид ч хялбар аргаар бүхнийг хийж болдгийг харуулжээ.

Үүний дараа айргийн үйлдвэр, Авга хошууны мал эмнэлгээр орлоо.

Бид айргийг нэг л аргаар боловсруулж зардаг шүү дээ. Тэгвэл энд малчдаасаа хар гүүний саам авч ундаа, зайрмаг, витамин зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Бидэнд ч ийм гэсэн боломж бий. Харин мал эмнэлэг нь яг л хүн эмнэлэг шиг өвдсөн, зовиуртай малаа авчирч 24 цагаар эмчлүүлдэг, малчид нь дүрстэй дуудлага хийгээд л мал нь ямар оноштой байгааг эмчтэй яриад зөвлөгөө авчихна. Заавал эмнэлэгт очиж цаг үрэх шаардлагагүй. Мөн малчин өрх бүрт том хайрцагтай малын эмийн сан байна. Үүний тал төлбөрийг нь малчид өөрсдөө гаргадаг гэдгийг дурдав.

Ийнхүү техник, технологийн хөгжил дэвшил, мал аж ахуйн ахиц дэвшилтэй танилцаж, БНХАУ-ын Шааньси мужийн Ши-Ань хот, Өмнөд Монголын нутгаар аялсан аялал өндөрлөлөө.


ФОТО:

  • Хүслээ бичиж үлдээдэг хэсэг… Энд хүмүүс модон пайз авч дээр нь өөрийн хүслээ бичиж үлдээдэг байна. 

Брэнд хоол… Бян бян

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дөрөвдүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа DNN.mn

Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авлаа.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  04 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ DNN.mn

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхтэй ярилцлаа.


-Тун удахгүй сонгууль болно. Танай намын хувьд энэ удаагийн сонгуульд ямар бодлого, зорилттой оролцож байна вэ?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дөрвөн удаа сонгуульд орсон туршлагатай. Энэ удаагийн сонгуульд бид дангаараа оролцох шийдвэрээ гаргаад СЕХнд хүсэлтээ хуулийн хугацаанд нь өгсөн. Бидний гол зорилго бол Монголын ард түмэн 34 жилийн хугацаанд ядууралд улам л автлаа. Ийм болохоор нэн түрүүнд ядуурлаас гарах ёстой. Ингэхийн тулд хулгайчаас салах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд эрх барьсан АН, МАН, парламентад суудалтай байсан, зохих ёсны шагналаа эрх баригчдаас авсаар ирсэн намууд л хөгжилд саад болсон. Тийм болохоор эхлээд хулгайч намуудаас салахгүй бол авлигачдаас сална гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бидний үндсэн зорилго бол энэ. Хоёрдугаарт, монголчууд бидний боломжийг хуулийн, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн дээр байсан намууд хулгайлсан. Ард түмнийг төөрөгдүүлсэн. Тэгэхээр энэ боломжоо бид буцааж авах ёстой. Алдсан боломжуудаа буцаагаад авчихвал дахиад 34 жилд хөгжүүлэх чадвар бидэнд бүрэн байгаа.

Энэ хэмжээнд бид мөрийн хөтөлбөрөө боловсоруулсан. Гуравдугаарт, дээрх хоёрыг хийхийн тулд хамгийн аюултай, хэцүү нь хууль эрх зүй. Одоо Ерөнхий сайд элдэв сонсгол явуулаад болох, болохгүй зүйлүүдийг нийгэмд гаргаж байгаа нь сайн талтай байж болно. Гэхдээ энгийн хүмүүсийн хүрээнд сенсацилаад байгаа нь учир дутагдалтай. Тэгэхээр эдгээрийг гаргахаасаа өмнө хууль, эрх зүйн орчныг батлуулах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, ард түмний хөрөнгөөс хулгай, луйвар хийж, авлига авч, иргэдийнхээ боломжийг булаасан хүмүүст ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох ёстой. Хөрөнгийг нь хураадаг, нэмж торгодог, ямар нэгэн өршөөлд хамруулдаггүй зэргээр хатуу хуульчилж байж л энэ бүхэн засарна. Бид бүхэн ийм үндсэн зорилго, агуулгатай ажиллаж байгаа.

-Нийт 126 гишүүн сонгогдох учраас өмнө нь байгаагүй олон нам, эвсэл сонгуульд оролцож байх шиг байна. Гишүүдийн тоо нэмэгдсэн учраас та бүхэн ямар нэгэн найдвар, боломжийг олж харсан учраас сонгуульд оролцож байна уу?

-Уих-ын гишүүдийн тоог нэмэх талаар ярьж байхад манай нам байнга эсэргүүцэж байсан. Бид тоонд ач холбогдол өгөхгүй. Ганцхан улс орныг хөгжүүлэх сэтгэлтэй, ёс зүйтэй хүмүүс л Их хурлын гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тухайн үед тавьсан. Гэсэн хэдий ч Улс төрийн намын тухай хууль батлагдаж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Сонгуулийн тухай хуулийн 26.3.9 дэх заалт гэж бий. үүнд нам, намын даргын Улсын дээд шүүхийн бүртгэл, тамга тэмдгийн бүртгэл гэсэн гурван ойлголт байгаа юм. маш сайн баримтлах ёстой. Бидэнд боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хулгайч, луйварчдаасаа салсны дараа оронд нь ажиллаж чадах субъект байна шүү гэдгээ ард түмэндээ харуулах ёстой. хоёрдугаарт, дээрх заалтыг маш сайн анхаарах ёстойг дахиад хэлье. Яагаад гэхээр магадгүй эрх бүхий байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр төрийн эрх авах энэ үйл ажиллагааг будилуулж, хуулийг давсан байдлаар төрийн эрхийг ямар нэгэн субъект рүү чиглүүлэх гэсэн санаархал ажиглагдаж байна. ингэж нөгөө боломжийг хаах гээд байгаа байхгүй юу.

-Жижиг намууд буюу та бүхэнд ард түмэн тэр бүр итгэл хүлээлгэдэггүй. Учир нь төрийн эрх барих хүний нөөц, боломж, чадавх хомс гэж үздэгтэй холбоотой юм шиг санагддаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улсын дээд шүүхийн бүртгэл дээр тэр нь том нам, энэ нь жижиг гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ нөгөө луйварчид чинь олон нийтийн уураг тархинд ийм нэр томьёог зориуд босгосон юм. Тэгвэл нөгөө талдаа том гээд байгаанууд нь нам биш том хулгайчид. Дотроо боловсон хүчний хомсдолтой, туршлагатай хүнгүй л байгаа шүү дээ. Дээрээс нь эх орон, ард түмнээ гэсэн ямар ч бодол, сэтгэл байхгүй. Ганцхан газар шороо, ард түмнээ барьцаалаад гаднаас зээл авдаг. Түүнийгээ ямар ч тооцоололгүйгээр тараадаг. Үүнээс болж Монгол Улс маань их хэмжээний өрөнд орсон. Тэдний зохиосон өнөөх том гэсэн үлгэрт нь иргэд итгэж, тэднийг сонгосоор байгаад өөрсдийнхөө амьдралыг бүр шороонд хутгачихсан. Харин энэ жилээс бүх зүйл өөр болно. Яагаад гэхээр эдгээр хулгайчдаас салъя гэсэн бодол, хүсэл нь маш их давамгайлж байна. энэ орон зайг л бид эзлэх хэрэгтэй.

-Танай нам нэр дэвшүүлэхдээ ямар бодлого барих вэ?

-Сонгуулийн хуульд аль нэг хүйс нь 30 хувь байх, нийгмийн бүхий л салбарын төлөөлөл байх ёстой зэрэг тодорхой заалтууд бий. хүрээнд нийцүүлээд нэр дэвшигчдээ бүрдүүлэх алхмуудыг хийж байна. Мэдээж зарлах хуулийн хугацаа нь болоогүй. харин эрх баригчид энэ удаад Боловсролын зээлийн сан мэт сангуудаас хулгай хийсэн нөхдүүдээ дэвшүүлэхгүй гэсэн. үүндээ хүрээсэй билээ.

-Жижиг намууд тойргийн 50 хувьд яаж ийгээд хүмүүсээ нэр дэвшүүлээд, нам нь сонгогчдын гурваас дээш хувь авчихбал ядаж 1-2 төлөөллөө парламентад суулгачихна гэсэн тооцоолол хийгээд байх шиг санагдах юм?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ийм жижиг хэмжээнд бодохгүй байгаа. Манайх бол иргэншилтэй, эх оронтой, ард түмэнтэй нам. Тийм ч учраас эх орныхоо гажуудлыг засахад бидний улс төрийн манлайлал маш чухал гэж үздэг. Ер нь сонгогчдын тодорхой хувийг авч байж парламентад төлөөллөө суулгах эрх нээгдэнэ. Сонгуулийн хуулийг хэлэлцэж байх явцад эрх баригчид наанаа парламентад суудалгүй намуудыг оруулна гэж ярьж байсан ч эрх зүйн орчинд нь хаалтууд тавьж байсан.

-Тухайлбал?

-Сонгуулийн хуульд анх 74.2 гэсэн заалтыг оруулж ирсэн. Тэр нь намууд эхлээд парламентад ийм, ийм суудлыг авсны дараа босгыг нь бодохоор тусгасан байсан. Тиймээс бид шаардлага тавьж байгаад энэ заалтыг хасуулсан. заалт бол хуулийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг зөрчөөд байсан юм. Мөн тойргийн 78 мандатын 40-д хүнээ дэвшүүлж байж эрхээ авна гэсэн нь одоо хэрэгжиж байгаа. Ард түмний бодол санаа өөр болсон гэж би хэлсэн. Тэд одоо 34 жил явж ирсэн хулгайчдаас салж, боломжоо өөрсдөө эдэлье. үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин байна уу л гэж хайж байгаа. эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам байгуулагдаад 18 жил болж байна. Бид энэ хугацаанд аливаа нэг улс төрийн хүчинтэй эвсэл болсонгүй. баригчидтай тохирч, нэгнийгээ элчин сайдаар явуулж байсангүй. ихэнх нь ийм л замаар явж ирсэн. бидэнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, эдийн засгийг гадаад, дотоодын олигархуудаас хараат бусаар хөгжүүлэх ганцхан л зорилго байгаа. Тэгэхгүй бол манай эдийн засаг чинь юун улс битгий хэл гадны ганцхан компанийн эрхшээлд бараг орчихсон шахуу л байна шүү дээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Стандарттай, иргэдэд ээлтэй, түгжрэлгүй хот болгохын төлөө зоримог, шийдэмгий олон үйлдлийг хийхээс өөр аргагүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.


-Замын бүтээн байгуулалтын ажлаас ярилцлагаа эхэлье. Энэ зун аль аль замуудад засвар хийхээр төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хот 1250 километр авто замтай. Эдгээр авто замуудын дийлэнх нь өнөөдөр чанарын шаардлага хангахааргүй болсон. Өнгөрсөн өвлийн цочир хүйтрэл, эргээд огцом дулаарал нь газрын агшилт, тэлэлтийг их бий болголоо. Үүнээс болж Улаанбаатар хотод авто замын элэгдэл ихээр бий болоод байна. Тиймээс энэ жил Улаанбаатар хотын эвдэрсэн бүх авто замуудаа хучиж, усны хаялгатай замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Замын хэд хэдэн том бүтээн байгуулалтын ажил явж байгаа шүү дээ. Тухайлбал, Яармагийн гүүр, Таван шарын нүхэн гарц, I хорооллын арын зам гэхчлэн. Эдгээр замууд хэзээ ашиглалтад орох вэ?

-Яармагийн замыг эрчим хүчний гудамжтай холбогдох хэсгийн зорчих хэсэг зургадугаар сарын 1-нд нээгдэнэ.

Тавдугаар сарын 15-нд халаалт зогсохоор дулааны том шугамыг газар доогуур нүүлгэн шилжүүлэх таслах, ажил хийгдэнэ. Үүнтэй зэрэгцээд Яармагийн замыг эрчим хүчний гудамжтай холбогдох ажлыг хийнэ.

Таван шарын нүхэн гүүрний зорчих хэсгийг зургадугаар сарын 25 гэхэд нээе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Геологийн төв лабораторийн уулзварыг урагш нь нэвт гаргаж, мөн эрчим хүчний гудамжтай холбох бүтээн байгуулалтын ажил одоо эхэлж байна. Энэ жил ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. “Hermes”-ийн нүхэн гарцын ажил мөн энэ жил эхэлнэ. Саяхан Улаанбаатар төмөр замтай газрын асуудлаа эцэслэж тохирсон.

Нарантуулын уулзвар дээр нэг асуудал бий. Тэр нь “Туул 1” коллекторын түвшин нүхэн гүүрний түвшин хоёрын огтлолцлыг яаж арилгах вэ гэсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, нэг түвшинд болчихоод байгаа юм. “Туул 1” коллектор бохир усны том шугам дээр удахгүй инженерийн шийдэл гаргана гэж бодож байна. Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Ард Аюушийн гудамжтай холбох буюу олны хэлж заншсанаар I хорооллын арын зургаан эгнээ замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Одоогоор уг байршил дээр гурван айлын газрын асуудал шийдэгдээгүй байгаа. Хэрвээ өөрсдөө чөлөөлөхгүй бол Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу албадан чөлөөлнө. Тиймээс тавдугаар сард тэдгээр айлуудад сүүлийн удаа сануулаад Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж газрыг чөлөөлнө.

Замын бүтээн байгуулалтын ажлууд урьд хожид байгаагүй өргөн хүрээнд энэ жил хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Замын ажил хийх нэг хэрэг. Цаашид замын стандартыг сайжруулах замын гүүрэн байгууламж, ус зайлуулах системийг шинэчлэх, өргөсгөх зэрэг олон ажил бий.

Жишээлбэл, Яармагийн замд саяхан шар усны үерээр ус хаясан. Замын усны хаялга нь байгаа боловч ачааллаа дийлэхгүй, уулнаас бууж ирж байгаа их усыг дунд нь тосож авах, ус зайлуулах үерийн шугам сүлжээ хийгдээгүйтэй шууд холбоотой. Богд уулын арын ус шууд төв зам руу хаяж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хот үерийн усны иж бүрэн байгууламжид шинэчлэл хийх шаардлагатай болчихоод байна. Үүнийг хийхийн тулд ЖАЙКА олон улсын байгууллагад санал тавьсан. Дэлхийн банк, Нидерландын вант улсын Засгийн газарт тус тус санал тавьсан. Эдгээр байгууллагуудын аль нэгнээс удахгүй хариу ирэх байх. Ер нь урт хугацааны хөнгөлөлттэй хөгжлийн зээлээр бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар хот шиг голын усны тохируулгын систем хийгдээгүй том хот бусад оронд байхгүй. Өөрөөр хэлбэл, Хэнтийн нуруунаас эх авч байгаа Туул гол ямар ч усны тохируулгагүй Улаанбаатар хот руу урсаж орж ирж байгаа. Социализмын үед буюу 1980-аад оны сүүлээр бараг 27 боть Туулын гадаргын усан сангийн ТЭЗҮ-ийг хийсэн. Тэрэлжээс хотын төв хүртэл таван газар боож, тухай бүрт нь усны тохируулга хийдэг далан байгууламжууд хийхээр тухайн үед төлөвлөсөн. Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жил энэ ажил мартагдсан. Сэлбэ гол нэг ч усны тохируулгагүй. Тиймээс Сэлбэ дэд төвийн хүрээнд тус гол дээр усны тохируулга хийх ТЭЗҮ боловсруулж байна. Туул гол дээр таван тохируулга хийнэ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх үү, эсвэл хөгжлийн зээлээр хийх үү гэдгээ Хөгжлийн бодлого төлөвлөлт дээр бид ярьж байна. Туул, Сэлбэ хоёр дээр тохируулга хийчихвэл Улиастайн болон Толгойтын зэрэг бусад голуудад тохируулгын систем хийхэд харьцангуй хялбар гэж харж байгаа.

Бид гүүрэн байгууламж барихдаа зам хаахгүйгээр анх удаа барьж байгаа гэдгээрээ онцлог. Таван шард барьж байгаа гүүрэн гарц доогуур нь төмөр зам явж байгаа. Өөрөөр хэлбэл, төмөр замын хөдөлгөөнийг нэг ч зогсоохгүйгээр барилгын ажил хийгээд зургадугаар сарын 25 гэхэд оруулна.

-Түгжрэлд нөлөөтэй чухал замуудын нэг бол Зайсангийн тойрог зам. Уг замыг буцаагаад хэвэнд нь оруулах уу?

-Анх намайг ирэхээс өмнө Зайсангийн тойрог замыг нэг чигийн урсгалд оруулсан юм билээ. Шалтгаан нь нэгдүгээрт нэг гүүртэй. Нэг гүүр нь баригдаж байсан. Тухайн үед нэг урсгалтай болгохгүй бол Яармагийн замыг таг гацаагаад байсан. Харин нэг урсгалд оруулснаар яармагийн замын гацаа багассан нөлөө үзүүлсэн юм билээ.

Хотын шуурхай удирдлагынхан зориуд иргэдэд хүндрэл учруулж нэг чигт байлгаад байгаа зүйл биш шүү дээ. Зорчилт хөдөлгөөний матриц дээр судалгаа хийсний үндсэн дээр үүнийг өөрчилж болохгүй гэж гарч ирээд байгаа юм. Тэгээд ч удахгүй нөгөө гүүрийг нь шинэчилнэ. Дахиад нэг гүүрээр зорчино.

-1250 км авто замын хучих төсөв санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Мэдээж хэрэг одоо 1250 км замыг бүхэлд нь хучихгүй. Эврэлтэй бүх замыг хучна. Ойролцоогоор 150 тэрбум төгрөгөөр хучихаар төлөвлөж байна. Нийслэл дотооддоо бонд гаргаж байгаа.

-Бондыг зам засвараас гадна юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хууль гэж байдаг. Энэ хуулиар нийслэл хотыг гадаад, дотоод бонд гаргах эрхийг олгосон. Бид гадаад, дотоод хоёр бонд гаргана. Гадаад бонд нь зөвхөн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зориулагдана.

Гуравхан зүйл дээр дотоод бонд гаргаж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих зорилгоор 300 тэрбум төгрөгийг дотоод бондоос гаргана. Үүн дээр нэмэх нь 150 тэрбум төгрөгөөр авто замын төслөө хэрэгжүүлнэ. 50 орчим тэрбум төгрөгөөр нь “Туул 1” коллектор төслийг дуусгана.

Гадаад бонд гаргаж байгаа учир нь бид Сэлбэ дэд төв дээр 12 мянган айлын орон сууц, уг төвийн орчимд хиймэл нуур, гадаргын ус ашиглах, усны тохируулга хийх том байгууламж барина. Эдгээр барилга бүтээн байгуулалтын нийт зардлын 70 орчим хувийг барилгын материалд зарцуулдаг. Мэдээж гадаадаас барилгын материал татдаг учраас валютын ханшид нөлөө үзүүлж болзошгүй гэж үзээд гадаадаас бонд босгож байгаа. Төгрөгөөр гадаадаас барилгын материалууд авчихвал ам.долларынхаа ханшийг барихгүй шүү дээ.

-Тойрог замууд баригдах уу?

-Тойрог замын төслийн нэгжийг татан буулгаж Авто замын хөгжлийн газартай нэгтгэж байгаа. Тойрог зам барихын тулд эхлээд ТЭЗҮ боловсруулах ёстой. Дараа нь ажлын зураг хийгдэх ёстой. Энэ ажлуудыг ирэх жилийн улсын төсвөөр хийлгэх санал хүргүүлнэ. Ингээд өөрийн гэсэн зурагтай, төсөвтэй болчихвол бусад уул уурхайн түүхий эд баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Нийслэл дээр хөрөнгө оруулалтын төлбөрийн огцом дарамт авбал нийслэл өөрөө дампуурна. Одоо бид метроны төсөл хэрэгжүүлж байна. Сэлбэ, Баянхошуу-Ханын материал дэд төвүүдийн барилгын ажил эхэлж байна. Шар хад дэд төвийн ажил үргэлжилж байна. Том бүтээн байгуулалтууд хийж байгаа. Мөн зайлшгүй хэрэгжүүлэх лаг боловсруулах үйлдвэр байгуулах, Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийг шинээр барих, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хоолойд тулчихсан ажлууд бий. Үүнтэй зэрэгцээд тойрог хурдны замыг зэрэг эхэлбэл нийслэл дампуурчихна. Тиймээс нийслэл өөр дээрээ санхүүгийн дарамт авахгүй, бусад төрлийн санхүүгийн хэрэгсэл ашиглая гэдэг үүднээс тооцоо судалгаагаа хийж байна.

-Богд уулыг нүхэлж зам тавих ажил хэзээ эхлэх вэ. Үүнийг ажил хэрэг болгочихвол урагшаа нэлээд айл нүүх болов уу гэж харж байгаа?

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар энэ талаар мэдээлэл хийгдэнэ. Улаанбаатар хотын Хүрхрээгийн амнаас урагшаа Номтын ам руу гарах нүхэн гарцыг байгуулна. Улмаар төв аймгийн Зуунмод хотын хойд талын аманд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлнэ. Цаашлаад Улаанбаатар хотын тэлэлтийг Хөшигийн хөндийг түшиглэн Зуунмодтой холбосон шинэ суурьшлын бүсийг бий болгох төлөвлөгөөтэй ажлууд хийгдэнэ.

-Дагуул хотуудыг хаана байгуулах вэ?

-Нийслэлийн хуулийн багийнхан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дууссан. Маргааш Засгийн газраас УИХ-д өргөн барина. Дагасан 30 орчим хуульд

нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Эдгээр хууль тогтоомж Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж УИХ-ын хэд хэдэн тогтоол гарна. Шинээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн суурин дээр 20 минутын хот гэдэг концепцийн дагуу орон нутгийн чанартай 14 дагуул хот байгуулна. Үүнээс гадна дагуул Багахангай хот, дагуул Майдар хот, дагуул Шинэ Зуунмод хот, дагуул Агросити хотуудыг байгуулна. Налайх, Багахангай дүүргүүдийг улсын зэрэглэлтэй хот болгох тогтоолын төсөл өргөн баригдаж байгаа.

-Танаар яриулах дараагийн чухал төсөл бол метро. Метроны төсөл одоо ямар шатанд яваа вэ. Энэ жил ямар ажлууд хийгдэх вэ?

-PMC буюу төслийн менежмэнтийн багийг шалгаруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан. Тавдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ. Ингээд нэгдээд үнэлээд маргаан будлиан нь дуусаад хэлэлцээр гэрээ хийчихвэл шалгарсан төслийн мененжмэнтийн баг PMC буюу барьж гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн жишиг баримт бичгийг боловсруулж өгнө. Үүний дагуу тендер зарлагдах ёстой. Энэ ажил энэ ондоо үргэлжилнэ.

Тендерт гүйцэтгэгчийн шалгаруулалт, инженерийн ажил буюу зургийн ажил руугаа орно. Энэ жилдээ геологи зургийн ажил хийгдэх төлөвлөгөөтэй байна.

-Эрдэнэс Баянбогд нүүрсний ордыг метро барихад ашиглах уу. Энэ ордыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Нөөц нь тодорхой болчихсон юм билээ шүү дээ?

-Нөөцийн хайгуул хийгдчихсэн. Урьдчилсан байдлаар нөөцийн тооцоо гарсан. Эрдэс баялгийн зөвлөлөөр тайлангаа удахгүй оруулна. Эрдэнэс Баянбогдын Нийслэлийн өмчийн талбай дээр операторын ажил хийх, бүтээгдэхүүнээ хуваах хөрөнгө оруулагчийг хайж байгаа. Эхний хэлэлцээр амжилтгүй болсон. Учир нь Эрдэнэс Баянбогд ордын нүүрсний чанар өндөр биш байсан. Энэ уурхайг тойрог зам барихад ашиглана.

-Нийтийн тээврийн шинэчлэл нэлээд хийгдлээ. Цаашид нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах чиглэлд ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Буцаад өвөл болоход олон цагаар автобус хүлээж зогсохгүй байх нөхцөлийг яаж бүрдүүлэхээр ажиллаж байна вэ?

-Метро, тойрог хурдны зам барихаас нааш шийдэгдэхгүй шүү дээ. Импортоор машин орж ирээд л байна. Зам гэдэг чинь өөрийн гэсэн хэмжээ дамжаатай. Өвөл болохоор дахиад хөдөлгөөний хурд саарна. Алхах хүмүүс багасна. Бүгд л машинтайгаа явна. Дахиад л түгжрэлийн асуудал гарна. Бид авто замын түгжрэлийг бууруулах хуулиар Улаанбаатар хотод импортлох автомашинд олгох дугаар олголтыг хязгаарласан. Харамсалтай нь Автотээврийн үндэсний төв олгосоор л байна. Автобусаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр 1124 автобус хөдөлгөөнд оролцож байна. Хоёр сая хүнтэй хэрнээ автобусаар, таксигаар манайх шиг шийдэх гэж байгаа улс дэлхий дээр бараг байхгүй. Нийтийн тээврийн асуудлаа шийдсэн орнуудын ихэнх нь метро ашигласан.

Дүүжин тээврийг оруулах гэж байна. Удахгүй трамбайны төслийг оруулахаар ажлын хэсэг гарчихсан явж байна. Бүх төрлийн тээврийн хэрэгслийг өөр хооронд нь холбоос уялдаатайгаар хөгжүүлж байж түгжрэлээс гарна. Иргэдийн авч байгаа машины тоогоор замыг өргөсгөөд шинэчлээд байх боломжгүй. Тиймээс эхлээд метроны төслөө явуулах, хоёрдугаарт, бусад нийтийн тээврийн төрөл хэлбэрүүдийг хөгжүүлэх, тойрог хурдны зам барьж байж Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлж, түгжрэлийг бууруулна.

Үүнээс гадна бид маш хүйтэн хотод амьдардаг. Тиймээс иргэд автобусны буудал дээр автобус хүлээх сонирхолгүй. Тэрний оронд түгжрээд ч болов машиндаа паараа тавиад дулаан сууж байсан нь дээр гэсэн зарчмаас шалтгаалж Улаанбаатар хотын автомашиныг дийлэхээ больчихоод байгаа юм. Импортоор авч байгаа автомашины тоог хязгаарлах шаардлагатай. Мөн нийтийн тээврийн сан байгуулж байгаа. Энэ жил шинээр өгсөн автобуснуудаасаа эргэн төлөлтийг нь хийлгэж, нийтийн тээврийг хөгжүүлэх санд мөнгө төвлөрүүлж байна. Энэ жил ойролцоогоор 25 тэрбум төгрөг төвлөрнө. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс мөнгө авахгүй парк шинэчлэл хийх мөнгөтэй болж байна гэсэн үг.

-Тантай ярилцаж байгаагийнх асуулгүй өнгөрч болохгүй асуулт бол танай нам Хотын дарга, Нийслэлийн намын хорооны дарга гэсэн хоёр тусдаа даргатай энэ сонгуульд оролцох уу?

-Дүрмээрээ Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн намын хорооны дарга байх дүрэмтэй. Тодорхой хугацааны дараа шийдэгдэх байх. Сонгуулийн өмнө, хойно Нийслэлийн намын хороо хуралдах талаар одоогоор надад мэдээлэл алга.

-Ирэх сонгуульд Улаанбаатар хот ямар уриатай оролцох вэ. Өмнө нь “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн уриатай оролцож байсан шүү дээ?

-Би тийм романтик нэр өгөхгүй. Хотын наад захын стандартын шаардлагаа биелүүлж чадаагүй байж “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн романтик нэр өгөхгүй гэж бодож байгаа. Хотын стандартыг мөрдүүлдэг, хот өөрийн гэсэн стандарттай, иргэд нь гудамжаар алхахад аюулгүй, цонхоо нээхэд хоолой нь хорсдоггүй, зам дээрээ гурван цаг түгжирдэггүй хотыг бий болгохын тулд бид олон зоримог, шийдэмгий үйлдлүүдийг хийхээс өөр аргагүй байгаа юм. Тийм ч учраас анх удаагаа орон сууцны том хорооллуудыг барьж айлуудыг нүүлгэн шилжүүлж оруулах замаар агаарын бохирдолтой тэмцье гэсэн бодлого хэрэгжээд явж байна.

Би өнөөдөр л гэхэд 112 айлын газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг олгох захирамж дээр гарын үсэг зурлаа. Өдөрт 50-100 айлын асуудал наадам хүртэл орж ирнэ. Метроны төслийг эхлүүлчихлээ. Дүүжин тээвэр ч гэдэг юм уу, бусад нийтийн тээврийн автобустай зэрэгцэж Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврээр зорчуулах боломжийг бий болгохын төлөө бид ажиллаж байна.

2006 онд Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол одоо эсрэгээрээ 60 гаруй хувь нь хувийн машинаар зорчдог болсон байна. Энэ статистик өөрчлөгдөж байж бид түгжрэлгүй болно.

Бид одоохондоо нийслэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ярихад эрт байна. УИХ-ын мөрийн хөтөлбөрт “20 минутын хот” гэдэг хөтөлбөр дэвшүүлж байгаа. 20 минутын зай дотор хүүхдээ сургуульд хүргээд өгчихдөг, төрийн болон бусад үйлчилгээг авдаг болгохын төлөө ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна.

-Нийслэлийн ажлыг явуулахад улс төртэй хэр их тулж байх юм бэ. Том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс төр, эрх ашиг гээд олон зүйлтэй тулдаг шүү дээ?

-Ажил хийхэд бэрхшээл байлгүй яах вэ. Гэхдээ хотынхоо хөгжлийн эсрэг байя гэсэн улс төрийн ямар ч хүчин байхгүй. Өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлэг ч тэр, ХҮН намын бүлэг ч тэр бидний дэвшүүлж байгаа орон сууцжуулах төлөвлөгөө, метро, нийтийн тээвэр.. бүгдийг нь хоёр гараа өргөөд дэмжье гэсэн. Засгийн газар дээр ч бидний хэрэгжүүлж байгаа эрчим хүчний зэрэг том төслүүд, төр хувийн хэвшлийн түншлэлийг бүгдийг нь дэмжье гэсэн шийдэлд хүрсэн. Бид нэг л хотод нэг л дээвэр дор амьдарна шүү дээ. Үүн дээр заавал улстөржих зүйлгүй. Мэдээж миний явуулж байгаа үйл ажиллагаа бүх хүнд таалагдахгүй. Шүүмжлэлтэй байж л нийгэм эрүүл, ардчилсан байна. Тиймээс жижиг сажиг шүүмжлэлүүдийг би тоохгүй. Явдгаараа л явна. Эцсийн дүндээ үр дүн чухал. Намайг хотын даргаар томилогдож байхад “бүтэхгүй дээ” л гээд байсан. Бид хоёрдугаар сарын 1 гэхэд 600 автобус оруулж ирсэн. “Хог шороондоо баригдсан энэ хот ёстой бүтэхгүй” гээд байсан дөрөвдүгээр сард амралтын өдрүүдээр иргэд, аж ахуйн нэгжүүд, хот нийтээрээ л хөдөллөө. Тоос шорооноосоо нэг удаа салгалаа. Шар усны үер бууна гэж мэргэжлийн байгууллагууд хэлж байсан. Хаваржин бид мөс зөөсөн. Шар усны үерт автсангүй. Орос, Казахстан зэрэг улсууд шар усны үерээс болж хүндэрлээ шүү дээ. Одоо миний хамгийн том айж байгаа зүйл нь зуны бороо, үер. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тиймээс аливаа зүйл өөрийн гэсэн зорилго төлөвлөгөөтэй. Түүний араас гүйцэтгэлтэй явж байж үр дүн гарах байх. Улсын баяр наадмаас өмнө Улаанбаатарынхаа бүх эвдрэлтэй замыг засаад иргэддээ бэлэг барья гэсэн бодолтой сууна.

-Та хотын даргаар томилогдохдоо “Би сонгуулийн мөчлөг тохируулж ажиллахгүй” гэж хэлж байсан. Гэхдээ та 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Тийм, тийм. Би сонгуулийн мөчлөг тохируулж ажиллахгүй гэж хэлсэн. Энд тэнд тууз хайчилж хуримын генералын ажил хийхгүй гэж хэлсэн. Нэр дэвших миний эрхийн асуудал. Одоогоор шийдээгүй байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Балжинням: Эмийн байгууллагууд үнийг шударгаар тогтоож байгаа DNN.mn

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрсөн сарын дундуур болж дууссан. Үүнтэй холбоотойгоор эмийн үнэ болон чанарын асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй юм. Энэ хүрээнд Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа.


-Эмийн сонсголоор олон төрлийн мэдээлэл ил боллоо. Эмийн үнэ хөөрөгддөг, ковидын үед төсвийг хяналтгүй з арцуулсан, эрүүл мэндийн даатгалын системийн асуудал гээд өргөн хүрээнд яригдлаа. Харин танай холбооны зүгээс сонсголыг хэрхэн дүгнэж байна вэ?

Эмийн чанар үнэ, эмчилгээний чанар үр дүнтэй холбоотой асуудал бараг дөрөв, таван жилийн өмнөөс нийгэмд яригдаж эхэлсэн сэдэв.

Энэ удаагийн сонсголоор нэлээд цэгцтэй мэдээлэл өгөх байх, үр дүнтэй болоосой гэж бид хүсч байсан. Бидний хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Бодитой үнэн зөв мэдээлэл өгөх талаас, дээр нь шинжээчдийн зарим дүгнэлт өнгөц байдалтай явчихлаа. Нэг тийм алаг  цоогтой сонсгол болоод өнгөрлөө. Хамгийн гол нь сонсголын үр дүнд ямар зөвлөмж, дүгнэлт гарах вэ гэдгийг хүлээж байна.

-Тэгвэл эмийн үнийн асуудлаас эхэлье. Сонсгол дээр нэлээд ноцтой тоонууд яригдсан. Ер нь үнэ яаж тогтдог талаар та бодитой тайлбарлаж өгөөч?

-Эрүүл мэндийн салбар өөрөө эмзэг салбар. Шинжлэх ухаанч байхыг шаарддаг, баримт нотолгоон дээр суурилж байж дүгнэлт гаргадаг. Хүний сэтгэхүйд нөлөөлдөг шийдвэрүүд гарах юм бол сөрөг үр дагавар ихтэй. Түүнийг засч залруулахад төвөгтэй, цаг хугацаа их хүч хөдөлмөр зардаг. Энэ үүднээс шинжээчдийн тайлбар мэдээлэл зарим зүйл дээр учир дутагдалтай санагдсан. Угтаа энэ сонсгол бол эмийн үнэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох хянан шалгах хороо байсан биз дээ. Тэр тал руугаа айхтар чиглэж чадсангүй. Чанар, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, төрийн бодлого, ковидын үе зэрэг өргөн хүрээнд ярьсан учраас анхны зорилгоо фокусалж чадаагүй бололтой. Бидний зүгээс эмийн үнэ бүрдэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлдгийг бодитоор гаргаж тавиасай. Түүнийг хүмүүст сайн ойлгуулж өгөөсэй гэж хүссэн.

Зөвхөн эм гэлтгүй Монголд явагдаж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ бүрддэг зарчим адилхан. Эмийн 80 хувийг импортоор авч байна. Үнэд нөлөөлдөг гол зүйл бол гадаад валютаар авдаг учраас ханшийн өөрчлөлт гэж том зүйл байгаа. Дээр нь Монгол Улсын санхүү, татварын тогтолцоо нөлөөлдөг. Бид 17, 18 төрлийн татвар, татаас төлдөг шүү дээ. Нийт өртгийн 35 орчим хувь нь татвар болдог. Энэ бол бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээн дээр байгаа. Дээр нь манай орны хүн амын тоо, зах зээлийн багтаамж ихээхэн нөлөөлнө. Эм үйлдвэрлэгч орон болох 120 сая хүн амтай Орос авах нэг өөр, тэрбум гаруй хүнтэй Хятад авахад бас нэг өөр үнэ санал болгодог. Дээр нь цаад үйлдвэрлэгчийн тавьж байгаа хамгийн доод хэмжээ гэж байдаг. Нэг удаадаа тийм тоо хэмжээтэй ав гэдэг. Тэр шаардлагад хүрэх нь ч байна, хүрэхгүй ч юм байна. НӨАТ гэхэд гааль дээр ирсэн үнээс эцсийн хэрэглэгчид 15 орчим хувь болоод очиж байгаа.

-Өртгийн зардал, татварын дарамт их гэж та хэлэх гээд байна уу?

-Эрүүл мэндийн салбараас дангаараа хувьчлагдсан нь эм хангамжийн салбар юм шүү дээ. 1990 онд хувьчлагдаад бүрэн хувийн хэвшилд ирчихсэн. Ер нь энэ салбар гудамжинд гарч ТҮЦ-нээс эхлээд орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн эм хангамжийн байгууллага, эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудтай болтлоо хөгжиж байна. Төрийн оролцоогүйгээр босоод ирсэн салбар.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төрийн зүгээс эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан, хэрэгжүүлсэн. 1998 онд Эмийн хуультай болсон. Эрүүл мэндийн салбарт 84, 85 хууль эрх зүйн баримт бичиг, журам стандарт мөрдөгддөг. Ийм олон стандарт журам хууль мөрдөгддөг салбар байдаг эсэхийг мэдэхгүй юм. Стандартууд тавигдаад байх тусам түүнийг хангахын тулд хөрөнгө мөнгө гарч байдаг. Эм хангамжийн байгууллагуудад чанарын баталгаажилтын тогтолцоо ажилладаг шүү дээ. Тэр бол нийт өртгийн 2030 хувийг бүрдүүлнэ. Дээр нь энэ салбар 1990 оноос хойш санхүүгийн хөшүүрэг дэмжлэггүй явж ирсэн. Хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл гэж байгаагүй. Эмийн ү й лдвэрийн тоног төхөөрөмж гааль, НӨАТ-аас чөлөөлөгддөггүй. Тэгэхээр энэ бүх санхүүгийн хэрэгцээ шаардлагыг арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр хангаж, эм хангамжийн байгууллагууд эрсдэлээ үүрч ирсэн. Харин хяналт шалгалт сайтай байсан шүү.

-Сонсгол руугаа эргээд оръё. Вьетнамаас 300 төгрөгөөр худалдаж авсан эмийг Монголд 10 мянган төгрөгөөр худалдаалдаг гэх жишээнүүд хөндөгдсөн. Нэгэнт тоо болоод гараад ирсэн учраас олон нийт үүнийг шууд хүлээгээд авчихаж байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа эмийн 7-10 орчим хувьд үнэ хэт нугарчихсан асуудал бий. Энд хоёр гурван хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу. Нэгд, тухайн компанийн оруулж ирж байгаа эмнүүдээс ганц эмийг сугалж авч үзэх нь өрөөсгөл. Манайх жигнэсэн дундаж өртгөөр өртгөө бүрдүүлж үнийг тооцож явдаг. Гэтэл тухайн компани хэд, хэдэн нэр төрлийн эм нь алдагдалтай зарагддаг эмүүд байж болно. Тэр эмийг Монгол Улсын зах зээл дээр зайлшгүй байлгаж байх шаардлагатай байдаг. Тэгэхээр түүний алдагдал нөгөө эмэндээ үүрэгддэг ч байх нөхцөл бий. Тухайн компанийн оруулж ирж байгаа нэг эмэн дээр биш нийт массаар нь авч үзэж ярих асуудал. Хоёрт, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор олгодог эмийн дээд хязгаарыг Засаг тогтоодог. Тэр аргачлал дээр алдаа байдаг. Алдаатай аргачлал яваад байгаа учраас зарим эмийнх нь босго үнэ эрүүл мэндийн даатгалынхаа үнийн дээд хязгаараар тавигдчихаар тэр нь жишиг үнэ болоод тогтчихож байгаа юм. Тэр аргачлалыг засаач гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Гуравт, зарим импортоор оруулж ирж байгаа эмүүд заримдаа 70-80 хувь нь устгагддаг. Баталгаат хугацаа нь дуусаад устгадаг. Тэр эрсдэлийг үүрүүлдэг жишгүүд бий.

-Тэгвэл таныхаар эм хангамжийн байгууллагууд энэ зах зээл дээр шударгаар ажиллаж, эмийн үнийг шударгаар тогтоож байна уу?

-Үнийг шударга тогтоож байгаа.

-Сонсголоор Ж.Чинбүрэн гишүүн олон улсад эмийн ашиг 8-10 хувь байх ёстой гэж ярьсан шүү дээ?

-Үгүй. Олон улсын бизнесийн жишиг 15-20 орчим хувьтай байхад энэ бол хэвийн. 8-10 хувь дээр ямар ч ААН тогтож чадахгүй. Манайхан яг олон улсынхаа барьж байгаа дундаж түвшин дээрээ явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Монгол эм хэрэглэхээр өвчин удаан илааршдаг. Гадаадын аль нэг улсын эм дорхноо өвчин намдаачихдаг, ханиад томуу дарчихдаг тухай иргэдийн дунд яриа бий. Зарим эмч нар ч гадаад эм авахыг зөвлөдөг. Тэгэхээр чанарын тухайд та юу хэлэх вэ?

-Бидний яриад байгаа зүйлийн нэг хэсэг нь л чанар. Чанар бол тухайн бүтээгдэхүүний тодорхой стандарт нормативын дагуу үйлдвэрлэж, түүнийгээ хангаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хардаг. Тусгай зөвшөөрөлтэй, хуулийн дагуу импортоо хийж байгаа, Монгол Улсад бүртгүүлчихсэн компаниудын эм чанарын шаардлага хангаад орж ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Дотоодод үйлдвэрлэгдэж байгаа нь ч ялгаагүй. 1994 оноос хойш хэрэгжиж байгаа Эмийн бүртгэлийн тогтолцоо гэж том зүйл манайд хэрэгжиж байна. Үүн дээр тухайн эмийг бүртгэхийн тулд чанарын хяналт, клиник судалгаанууд, мөн эмнэл зүйн судалгаанууд дээр шинжээчид ажиллаж байж хэд хэдэн үе шаттайгаар 20 гаруй нэр төрлийн бичиг баримтыг боловсруулсны үндсэн дээр бүртгэдэг.

Харин бидний  гол ярих асуудал эмчилгээний үр дүн яаж гараад байна вэ гэдэг тухай. Эмчилгээний үр дүн гэдэг бол бид эквивалент чанарын тухай юм. Үүнд, био эквивалент чанар, эмчилгээний эквивалент чанар, эм зүйн эквивалент чанар гэж байдаг. Энэ гурван чанарыг харгалзаж байж эмчилгээний идэвх үр дүнгийн асуудлыг ярих ёстой. Ерөнхийдөө олон улсад эмчилгээний эквивалент чанар +/-20 хувьтай байх юм бол энэ эм шаардлага хангаж байна гэж үздэг.

-Манайд эквивалент чанарыг үздэг үү?

-Манай улсын хувьд хараахан үүнийг тогтоож чаддаггүй. Учир нь лабораторийн асуудал яригдана. Байгаа лаборатори нь эм зүйн чанараа л үзнэ. Био эквивалент чанарыг үзэх боломжгүй. Гэхдээ зөвхөн үүгээр эмчилгээний идэвхийг бүрэн дүүрэн тодорхойлохгүй гэдгийг санах ёстой.

Манай улсад эмчилгээний үр дүнд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол зохистой хэрэглээнйи асуудал. Манайханд энэ талаарх ойлголт тун тааруу. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж чадвал эрүүл мэндийн зардлыг 10 хувиар бууруулна, хэвтэж эмчлүүлэх байдлыг 20-30 хувиар бууруулах судалгаа байдаг. Энэ нь эмийг хэрхэн хэрэглэх, эмийг сонгох асуудал, эмийн эмчилгээний үед мөрдөх дэглэм, хоол хүнс гээд өргөн хүрээтэй. Манайхан гадаадад очоод эм уугаад эдгэчихлээ гэдэг. Монголчууд гадаад явахаар хэчнээн соёлтой болдог билээ, магадгүй яг цагаа мөрдөөд уусан байж болно. Хоёрт, Улаанбаатар х отын хувьд эмийн эмчилгээнд олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг хүчин зүйл нь орчны бохирдол. Ханиад хүрчихсэн хүн агаарт гарч ирээд нэг хоноод зүгээр боллоо гэх жишээтэй.

-“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны зөвлөмжид юуг тусгах ёстой гэж та үзэж байна?

-Нэгд, Эмийн хууль ойрын үед хэлэлцэгдэх гэж байна. 1998 онд батлагдсан энэ хуулинд 2005, 2010 онд шинэчилсэн найруулга орсон. Тухайн үед үүргээ гүйцэтгэсэн. Одоо Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гээд зохицуулалтын байгууллагатай болчихлоо. Орчин үеийн хөгжил дэвшил, эм зүйн салбарын ололт амжилт дэлхийд хол түрүүлчихлээ. Манайд ч эхнээсээ орж ирж байна.  Технологи дамжуулалт, био үйлдвэрийн бэлдмэл, вакцины үйлдвэр зэрэг тавигдаад эхэлчихсэн. Үндэсний үйлдвэрүүд экспортод бүтээгдэхүүнээ гаргах хэмжээнд хүрчихсэн. Хэд хэдэн үйлдвэр гадаадад бүтээгдэхүүнээ бүртгүүлчихсэн. Гэтэл экспортын зохицуулалт байдаггүй. Тиймээс хуулийг шинэчлэх, хөрсөн дээр буусан сайн хуулийг баталж мөрдөх шаардлага байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл мэндийн салбараас ганцаараа НӨАТ төлөгч нь эм хангамжийн салбар. НӨАТ-ын дарамт ААН-үүдээс илүүтэй иргэдэд очдог. Тиймээс зайлшгүй шаардлагатай эмүүд, түүний түүхий эд тоног төхөөрөмжийг НӨАТ татвараас чөлөөлөх. Чанарын лабораторийг байгуулах шаардлагатай. Энэ тал дээр төр засагтай хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллахад бэлэн. Хамгийн чухал нь төр хувийн хэвшил ялгаагүй боловсон хүчнээ чадавхжуулах асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ бүхнийг зөвлөмждөө тусгаж өгөөсэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 2, Бархасбадь гариг. Билгийн тооллын 24, Тооно одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 05:32 цагт мандаж 20:06 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор -2…-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +12…+17 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2…+4 градус, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хэрвээ, хуучнаараа байсан бол…?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр “Стандарттай, иргэдэд ээлтэй, түгжрэлгүй хот болгохын төлөө зоримог, шийдэмгий олон үйлдлийг хийхээс өөр аргагүй” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн”Ардчилалд хүрсэн зам-бодит түүх” нийтлэл хэвлэгдлээ.

Түмний нэр барьсан төрийн дээрэм буюу баялгийн сан

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хэрвээ, хуучнаараа байсан бол…?” хэмээн өгүүллээ

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхтэй ярилцлаа. Тэрбээр “Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ” гэв.

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа “Цагдаагийн алба хаагч хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь маш ноцтой асуудал” гэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Гүржийн нэн шинэ түүх


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ