Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ О.Есүгэн УАШТ-ээс 7 дахь алтан медалиа хүртлээ DNN.mn

О.Есүгэн ээлжит алтаа авч, Я.Марал анхны медалиа хүртлээ

Залуу тамирчин Я.Марал түүнтэй эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөн үзүүрлэж, насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас төрөн гарсан ихэр мэргэн бууч охид болох Я.Марал, Я.Маргад нар өнгөрсөн жилийн UNC-д 7 болон 9-р байр эзэлсэн. Харин энэ жил хоёулаа финалдаж, Я.Маргад нь 4-р байр эзэлсэн бол Я.Марал мөнгөн медаль дээр буулаа.

Эмэгтэй хийн урт бууны дүн

1.О.Есүгэн (Хүч спорт хороо) 251.7

2.Я.Марал (Сэлэнгэ) 250.6

3.Г.Нандинзаяа (Хүч спорт хороо) 228.2

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Ататуркийн бунхан цогцолбор”-т цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ цогцолборт Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн бунхан байрладаг.

Тус улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний зочид, төлөөлөгчид болон гадаад орнуудаас томилогдсон Элчин сайд нар цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Ерөнхийлөгч мөн тус цогцолборын хүндэт зочны дэвтэрт “Улс эх орноо сэргээн цогцлоож, орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, тусгаар тогтнол, энх тайван, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн хичээл зүтгэл, алдар гавьяа, үлдээсэн үнэт өв, үзэл санааг хүндэтгэн бахархаж байна.

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж,  манай хоёр улсын Стратегийн түншлэлийг тунхаглан зарлаж байгаад баяртай байна.

Монголчууд бидний өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын их амар амгаланг дэлхий дахинд тогтоож байсанчлан дэлхийн улс орнууд амар амгалан, зэрэгцэн оршиж, манай хоёр орны ах дүүсийн түүхэн уламжлалт харилцаа өнө мөнх мандан бадрах болтугай” хэмээн уйгаржин  монгол бичгээр дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурлаа.

 

750 мянган ам дөрвөлжин талбайтай цогцолборыг 1944 оноос барьж 1953 онд ашиглалтад оруулсан байна. Цогцолбор нь бунхан бүхий үндсэн барилга, Ататурк болон чөлөөлөх дайны музей, номын сан, Ёслолын талбай, Арслантай зам, 104 төрлийн 50 мянга гаруй мод, ургамалтай  Энх тайвны цэцэрлэгээс бүрддэг.

Ёслолын талбайд нь ард иргэд үндэсний баяр ёслолын өдрүүдээ тэмдэглэдэг уламжлалтай юм.

Туркийн хувьсгалын эцэг гэгддэг Мустафа Кемал Ататурк нь шинэ Үндсэн хуулийг батлуулж, өрнөдийн болон Европын жишиг бүхий хууль тогтоомж боловсруулснаас гадна шашин, төрийг тусгаарлаж, эмэгтэйчүүдийн гивлүүрийг халах, араб бичгийг латин үсгээр орлуулах зэргээр эрс шинэчлэл хийжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф DNN.mn

Техникийн хяналтын үзлэгийн үнэ тарифийн мэдээллийг хүргэж байна.

May be an image of text
Categories
мэдээ улс-төр

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал /2025.01.15/ боллоо.

Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал тус хорооны 2024 оны үйл ажиллагааныхаа тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, явцын мэдээллээ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Улсын хэмжээнд 77.233 малчин гишүүд бүхий 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна. Үүнээс нийт 4.853 хоршооны 20.731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. 2024 оны 12 дугаар сард шинэ хоршооны 13.549 малчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 96 хувь нь зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл бэрхшээл байхгүй, 87 хувь нь өвөлжилтийн бэлтгэл хангахад зээлийн зориулалт дэмжлэг болсон гэсэн судалгааны дүн гарсныг онцолж байв.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдсан гишүүд болон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдийн санал бодлыг сонсохоор тогтлоо. Мөн малчид, иргэдийн санал, зөвлөмжийг ажлын хэсэг дээр нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хороонд холбогдох асуудлын хүрээнд чиглэл өгч, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

У.Хүрэлсүх: Ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024-2025 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

Мэндчилгээнд:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Он солигдож буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар баяр баяслаар дүүрэн, сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, ард олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхын эхлэл болдог хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2024 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхий ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байлаа.

Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа байгуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн билээ.

Манай ард түмэн энэхүү түүхт ойн жил ардчилсан төр, засаг, парламентат ёсоо улам бататган бэхжүүлж, анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг таван хувиар өсөж, гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрч, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа.

Мөн төсвийн сахилга батыг сайжруулах шинэ зарчим тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо.

Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай.

Тиймээс бид Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Айл саахалт, анд нөхөд, халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдож буй энэхүү торгон мөчид эх орныхоо дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр,
“Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.
o   Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
o   Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
o   Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан.
Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.
Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.
Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.
2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно.
Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.

Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.
Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.
Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг.  Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.
Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно.
Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.

Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.
Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.
Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ DNN.mn

Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын нийт 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй ба 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байна.

Дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт мөн. Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн АШТ-ээс алт, их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал.
Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв. Цаашлаад Азийн АШТ-ээс таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, Их дуулгаас нэг алт, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.

Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртсэний 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медаль юм.

Categories
мэдээ улс-төр

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.

Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: “Тог тасрах үед гэртээ үлдсэн 4 хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан” гэх мэдээлэл худал DNN.mn

Цахим сүлжээнд “Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан” гэх мэдээлэл тархсан.

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 12 дугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно. Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Б.Баасандорж: УИХ-ын дарга ямар нэгэн заалтыг нэмж, өөрчилж уншаагүй DNN.mn

Өнгөрсөн баасан гаригийн УИХын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталсан. Энэ үеэр УИХын гишүүн Ч.Лодойсамбуу Дэгийн тухай хууль зөрчигдсөн, мөн УИХын дарга Д.Амарбаясгалан хууль зохиож танилцуулсан гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өчигдөр мэдээлэл өгсөн юм.


-УИХ-ын даргыг төсөв батлахдаа хууль зохиож уншсан гээд байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Ч.Лодойсамбуу гишүүний сошиалаар гаргасан мэдээлэлтэй танилцсан. УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ долдугаар сарын 2-ноос бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Анхдугаар, ээлжит бус чуулган наймдугаар сард болсон. Намрын ээлжит чуулган аравдугаар сараас эхэлсэн. Тэгэхээр УИХ-ын дарга бол Ч.Лодойсамбуу гишүүний ярьж байгаа Дэгийн хуулийн 13.2 буюу горимын саналтай холбоотой асуудлыг анхдугаар чуулган дээр ч, ээлжит бус чуулган дээр ч танилцуулж байсан. Сая намрын ээлжит бус чуулган дээр уншиж танилцуулсан. Дэлхийн улс орнуудын парламентын дарга буюу спикер гэдэг хүн аливаа асуудлаар санал хураалт явуулахдаа тухайн заалтын хэрэглээтэй холбоотой асуудлаа гишүүддээ ойлгуулаад санал хураалгах нь өөрөө Их хурлын дарга буюу хуралдаан даргалагчийн үүрэг нь байдаг. Тухайн цаг хугацаанд болсон гишүүний гормын санал гаргасантай холбоотой УИХ-ын даргын дэгийн хуулийн заалт буюу 13.2-ыг гишүүддээ ойлгуулсан нь спикер хүний хувьд байдаг л асуудал. Ямар нэгэн заалтыг нэмж, өөрчилж уншаагүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье.

-126 гишүүн процессын хувьд ойлгохгүй байгаа хуулийн асуудал байна уу?

-Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль гэж бий. Уг хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан. Өөрөөр хэлбэл, өмнөх Их хурал бүрэн эрхийнхээ хугацаанд баталж өгсөн. Энэ Дэгийн хууль Дэд хороо, Хянан шалгах түр хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг хэрхэн, яаж хэлэлцэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхийг зохицуулдаг. Үүнийг зохицуулахтай холбоотой Их хурлын тамгын газар буюу Ерөнхий нарийн бичгийн дарга Их хурлын тухай хуулийн 47 дугаар хуульд заасны дагуу Дэгийн зөвлөх гэж явдаг. Мөн дээр дурдсан хороодоор болж буй бүх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Эдгээр хороо, чуулганы хуралдаанд болсон санал хураалт бүрийг цахимаар, нууцаар, гар өргөсөн ч бай саналыг нь нэгтгээд хуралдаан даргалагч нарт хэлдэг. УИХ-ын дарга болон байнгын хороодын дарга нар хуралдаан дээр болж буй зохион байгуулалт, дүнг мэдээлэх үүрэгтэй. Дэгийн тухай хуулийн 10.2-т асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэдэг вэ гэх журам бий. Асуудлыг шийдвэрлэхдээ ил санал хураана. Эсвэл Үндсэн хууль болон холбогдох хууль, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нууцаар санал хураалтаар шийдвэрлэхийг дэмжвэл нууцаар санал хураадаг. Тэгэхээр Төсвийн тухай хэлэлцүүлэг ил санал хураалтаар болсон. Харин ил санал хураалтыг хоёр хуваадаг. Гишүүд өөрсдөө зөвшөөрвөл цахимаар болон гар өргөж явуулж болно. Энэ 10.2-т заасны дагуу чуулган дээр санал хураалт явсан. Их хурлын дарга тухайн үед Төсвийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой гуравдугаар хэлэлцүүлэг дээр цахим системийн хэрэглээтэй холбоотой гишүүдээс янз бүрийн горимын санал авч байсан учраас үүнийг нь үндэслээд гар өргөж санал хураалт явуулахаар болсон. Энэ дүнг УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс нэгтгээд Их хурлын даргад явуулаад гишүүдэд мэдээлдэг. Товчхондоо, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасан журмын дагуу бүх процесс явж төсөв батлагдсан. Төсөв хэлэлцэн батлахад Их хурлын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ямар нэгэн зөрчил огт байгаагүй.