Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

1911 оны 12-р сарын 29-ний өдөр бол Монголчууд бид Манж Чин гүрнээс тусгаарлан, Богд хаант Монгол улсаа дэлхийд тунхаглан зарласан өдөр.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж байжээ.

VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг одоогоос 112 жилийг өмнө байгуулсан юм.

XX зууны Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах ёстой өдөр мөнөөс мөн билээ.

Энэхүү түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох хуулийг Монгол Улсын Их хурлаас 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр батлан гаргасан бол 2011 оны 12-р сарын 23 өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн албан ёсоор нэрлэсэн түүхтэй. Жил жилийн энэ өдөр бүх нийтээрээ амардаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон гэв DNN.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд  өдөр бүр үйлчилгээ үзүүлж буй. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг юм.

Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон. Харин өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж буй.

Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон гэв.

Дээрх зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бөгөөд их багтаамжийн автобус явах боломжгүй дунд багтаамжийн автобус явуулах аж. Ингэхдээ хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Торгуулиа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль ирэх нэгдүгээр сараас хэрэгжинэ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө,

“Хууль нэгдүгээр сарын 8-наас хэрэгжинэ. Торгуулиа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг нэгдүгээр сарын 8-наас хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн 1-р эгнээн дэх төлбөргүй зогсоолуудыг хаана” гэсэн юм

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Багануур дүүргийн АН-ын дарга Ц.Өлзийхишиг: Төвийн эрчим хүчний 60 хувийг нүүрсээр хангадаг багануурчууд хоёр дахин илүү дулааны төлбөр төлөх ёсгүй DNN.mn

Багануур дүүргийн АН-ын хорооны дарга Цэвэгмидийн Өлзийхишигтэй ярилцлаа.


-Та Багануур дүүргийн АН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Нийслэлийн захын дүүргийн намын ажил байдал ер нь ямар түвшинд байна вэ. Багануур дүүргийг сонгож улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан тань юу вэ. Ний нуугүй хэлэхэд дунд шатны намын байгууллагыг удирдаж ажиллана гэдэг тийм ч амар бишийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ шүү дээ?

-Мэдээж амаргүй алба гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. 2016 оноос хойш АН ямар байгааг, ер нь Монголын ардчилал ямар түвшинд очсоныг бүгд мэднэ. АН-ын хувьд ерөнхийдөө дотоод бүтэц зохион байгуулалтаа шинэчлээд эхэллээ. Улмаар улс төрийн томоохон хүчний хувьд улс эх орны хөгжил дэх дараагийн үе шатны манлайллаа хэрэгжүүлэх ёстой. Тийм болохоор намын бүх шатны удирдлага зохион байгуулалтууд хийгдсэн. Дунд шатны намын дарга нар шинэчлэгдэж дараагийн удирдлагуудаа томиллоо.

Миний хувьд бол Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргэсэн унаган иргэн нь. Мөн “Багануур” ХК буюу Багануурын уурхайд инженерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Миний өсч торнисон орчин юм. Гэтэл өнөөдөр дүүрэг маань ямар байгаа билээ. Бүгд л харж байна. Дүүргийн хөгжлийн төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, байгаа бүгдээ зориулах насан дээрээ ирлээ. Үүний төлөө АН-ын суурь үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн чиг баримжааг ашиглан дүүргийн хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлэх ёстой гэж үзсэн. Өөрийн биеэр оролцох ёстой гэсэн хувь хүний итгэл үнэмшилээр шийдвэр гаргасан. Товчхондоо улс төрийн зорилго маань энэ, үүний төлөө улс төрийн ачаанаас үүрэлцэх ёстой. Нэгэнт ингэж шийдсэн миний хувьд бүгдийг даван туулах, ажлын ард гарах л үлдлээ. Эцсийн үр дүн нь нийгмийн хөгжил шүү дээ.

-Багануур дүүргийн тухайд хөгжлийн давуу талуудыг яаж харж байна?

-Багануурын уурхай 1978 онд нээгдсэн. Өнөөдрийн хувьд тус уурхай нь төвийн эрчим хүчний 60 хувийг дангаараа түүхий эдээр хангаж байна. Бахархам хөдөлмөр эрхэлж буй хамт олон. Уурхай анх ашиглалтад орсон үеэс л Монголын өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд болсон шилдэг охид хөвгүүд цуглаж Багануур хотыг бий болгосон. Илгээлтийн эздийн байгуулсан уурхай, дүүрэг юм. Монголын гал голомт болсон Багануурын уурхайд залуу халуун насаа зориулсан ах эгч нарын минь дүүрэг билээ. Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим хүнтэй, Улаанбаатар хотоос 130 км зайтай байдаг. Мөн энэ 30 мянган хүний 15 мянга орчим нь хөдөлмөрийн насны залуучууд байгаа. Өнөөдөр харамсалтай нь эдгээр залуучуудын 7600 орчим нь л ажлын байраар хангагдаж байгаа. Үлдсэн нь ажиллая гэсэн ч ажлын байр байхгүй нөхцөл байдалтай байна. Мөн Багануур дүүрэг маань зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах төв сүлжээ. Энэ сүлжээгээр дамжуулан долоон аймаг 54 сумыг эрчим хүчээр хангаж байна. Энэ хүчин чадлаараа явах юм бол 200 жилийн нүүрсний нөөц байна. Дэд бүтцийн хувьд зүүн гурван аймгийг дамнасан мянганы зам явж байна. Нүүрс тээвэрлэх хамгийн зүүн талын тээврийн төмөр замын сүлжээ очсон. Ер нь бол дэд бүтцийн бодитой, ирээдүйтэй маш сайн суурьтай. Ийм орчинд дүүргийн хүн амын маань 50 хувь нь ажилгүй байгаа нь байж болохгүй асуудал л даа.

-Томоохон хотыг түшиглэн дагуул хотуудыг хөгжүүлэх нь наад зах нь их хотын түгжрэлээс зайлсхийх хамгийн сайн арга гэж судлаачид үздэг. Өнөөдөр нийслэлийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал буюу нэг километр квадрат талбайд 370-400 орчим хүн амьдарч байна. Энэ бол хэтийдсэн их төвлөрөл. Дөрвөн уулын дундаас хальсан асуудал. Түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд хүний нийгмийн суурь хэрэгцээг хангахад бэрхшээлтэй хүндрэл чинээндээ туллаа. Гэтэл дөнгөж 130 километрийн цаана эрчим хүчний, зам тээврийн дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн хот дүүрэг цэмцийж байна. Багануур дүүргийн 62 мянган га газар нутагт 30 мянган хүн Улаанбаатараас арав дахин сийрэг амьдарч байна. Яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Яагаад төр засгийн зүгээс тусгайлсан хөгжлийн хөтөлбөрийн тийм бэлэн суурин дээр хэрэгжүүлдэггүй юм бэ. Нөгөө дүүрэг нь ажилгүйдлийн байдалтай. Улаанбаатар хот энэ их ачааллаа өөр дээрээ хадгалалгүйгээр дагуул хотууд руугаа хуваарилах, тухайлбал Багануур дүүрэг рүү шингээж, илүү үр дүнтэй хөгжүүлж болно. Энэ бол дэлхийн өндөр хөгжсөн орнуудын жишиг. Багануур дүүрэг маань Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг өөр дээрээ авч, цэгцтэйгээр маргаашийн хөгжлийн загвараа гаргаад явах бүрэн боломжтой.

-Таны ярьж байгаа бүх дэд бүтэц хөгжлийн боломжууд мөн. Төв шугам, зүүн зүгийн авто замын зангилаа, нүүрсний тээвэр гээд. Энэ бүгдийг зорчигчидтой болгох боломжтой юу?

-Өмнө нь бол зорчигчдын байсан боловч нийгэм эдийн засгийн урсгал бага учраас больсон. Гэхдээ нэг зүйл харагдаж байгаа нь зүүн гурван аймгаас ирж байгаа тээвэр ложистик, бараа таваар яагаад заавал 130 км-ийг туулаад энэ хотын бөглөрөлд ирэх ёстой юм бэ. Өдөр болгон нүүрс татаж байгаа төмөр замын боломжийг ашиглан бид бараа таваарыг Багануурт төвлөрүүлж, тээвэр ложистикийн төв бий болгох боломжтой. Орон нутгийн худалдаа эрхлэгчид, иргэд, ер нь дүүрэг, нийслэлийн аль алинд ашигтай. Энэ зүгээр менежментийн асуудал.

-Том хөрөнгө оруулалт, улс төрийн шийдвэр гэхээсээ илүү дотроо хийх менежментийн, зохион байгуулалтын асуудал гэдэг нь үнэн. Шийдвэр зориглон гаргаж чадвал Багануур дүүрэгт хөгжил ойрхон байна шүү?

-Тийм ээ. Ер нь боломж байгааг хүн бүр мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрчдийн хоосон амлалт болоод өнгөрдөг. Та сонсож байсан байх, Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах тухай яригдаж байсан, Аж үйлдвэрийн парк мөн яригдаж байсан, Багануурын цахилгаан станц баригдаж байгаад улс төрийн шалтгаанаар барилгажилтын ажил нь зогссон. Энэ бүхэн яагаад яригдаж байна гэхээр, суурь боломж нөхцөл нь байдаг учраас яригддаг.Гол нь үүнийг ажил болгоод авч явах дүүрэг нийслэлийн түвшинд магадгүй Засгийн газрын түвшинд бодлого болгоод аваад явах эзэн байхгүй байгаа нь харагдаад байна.

-Сонгуулийн ялалт АН-д ирвэл та хамгийн түрүүнд ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?

-Миний хувьд одоо 40 нас хүрч байна. 80 орчим ажилтантай бизнесийн компани удирдаж байна. Энэ яах вэ, миний хувийн амьдрал. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа амьдардаг. Гэхдээ яг өнөөдрийн байдалд би зөвхөн урдах амьдралаа аваад явах гэдэг түвшинд харвал нэг өөр хэрэг. Гэтэл бидний үр хүүхдийн маргаашийн ирээдүй байгаа. Эдний төлөө бид юу юу хийх ёстой вэ. АН-ын хувьд хэрвээ Багануур дүүрэг, Нийслэл, Засгийн газрын түвшинд олонх болж чадах юм бол Багануур дүүргийг цэвэр нийгэм эдийн засгийн шийдэл байдлаар нь авч явж манлайлахын төлөө зүтгэнэ. Багануур дүүргийн нийгэм эдийн засгийн судалгааг хийлгэж байна. Түрүү нь хэлсэнчлэн 7000 гаруй хүн ажилтай байгаа. Үүний дөнгөж 3000 гаруй нь төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байна. Гэтэл 3900 хүнийг хэн ажлын байраар хангаж байна вэ. Ерөөсөө хувиараа жижиг бизнес эрхлэгчид байгаа. Тэд маань төрөөс ямар ч дэмжлэг хүсэхгүйгээр энэ олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үнэндээ төрөөс эдгээр хүмүүст дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр Багануур дүүргийн бизнес эрхлэгч Улаанбаатар хотын бизнес эрхлэгчээс хоёр дахин өндөр дулааны татвар төлөөд бизнесээ хийж байна. Тэгэхээр Багануур дүүргийн хөгжлийн загварууд тодорхой юм. Нэгдүгээрт, Багануурын ДЦС барих ажлыг шийдвэрлэж хувиараа бизнес эрхлэгчдэд очиж буй өртгийг бууруулах, мөн төрөл бүрийн үйлдвэрлэл хөгжүүлэх бааз суурийг бий болгох ёстой юм. Хоёрдугаарт, Багануур УБ-ыг холбосон замыг өргөтгөх, өдөр бүр нүүрс татаж байгаа төмөр замын тээврээр бараа эргэлт татаж зүүн бүсийн тээвэр ложистикийн төв болох суурийг тавих асуудлыг шийдэх. За тэгээд гэр хороолол руу тавьж буй дулаан, усны шугмыг үргэлжлүүлэн тавьж иргэдийг хувийн сууцандаа тухтай, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал. Нөгөө яригдаад байдаг Аж үйлдвэрийн парк, Оюутны хотхон ингэж байж л ажил болно. Багануур дүүрэг хотын асуудлыг боломж болгон ашиглаж, 100000 хүнтэй бие даасан хот болон хөгжих бүрэн боломжтой. Багануурчууд хөнгөн гал тэргээр ажил бизнесээ ярилцаж, төлөвлөнгөө Улаанбаатар руу зорчдог байж яагаад болохгүй гэж. Би ингэж л ирээдүйг нь хардаг.

-Багануур дүүргийг төлөөлөн УИХ-д байгаа төрийн түшээдэд энэ бүх ажлыг хийх хууль эрх зүйн боломжийг бий болгох боломж байна шүү дээ?

-Хуульчлаад 2012-2016 оны Бат-Үүл даргын үед дагуул хотуудыг хөгжүүлэх эхний алхмууд хийгдсэн. Багануур дүүргийн иргэд дагуул хот болох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүндээр тулгуурлаж дагуул хот болгон хотын захирагч хүртэл сонгож байсан. Харамсалтай нь өнөөдөр УИХ-д иргэдийг төлөөлж байгаа хүмүүс маань хувийн ашиг сонирхлоо хараад байгаа болохоос иргэдийн хүсэл сонирхлыг хангахын төлөө ажил хийхгүй байна.

-Дүүргийн хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байдаг вэ?

-Багануур дүүргийн жилийн төсөв 14-16 тэрбум орчим байна. Үүний 11 тэрбумыг татварын орлого бүрдүүлнэ, үлдэгдэл нь хариуцсан яам, тамгын газрын багцаас орж ирдэг. 10 тэрбум нь урсгал зардалдаа явдаг. Би Атлантик сити гэдэг Америкийн нэгэн жижиг хотод очиж байсан. Тэр яагаад байгуулагдсан бэ гэхээр Америкийн баруун эргээр бизнес их хөгжсөн байдаг. Зүүн эрэгт ч гэсэн хөгжүүлэхийн тулд тус хотыг байгуулж татвараас чөлөөлснөөр бизнес хөгжих таатай орчин бүрдсэн, татваргүй учраас бизнес аялал жуулчлал хөгжөөд маш хүчирхэг эдийн засагтай хот болсон байсан.

-Амьдрах таатай орчин гэдэг бол угаас хүний мөрөөдөл, Багануур хотыг маш цэвэр цэмцгэр хот гэж бид төсөөлдөг, нэг хэсэг тийм ч байсан. Одоо бол гэр хороолол нь тэлж байгаа боловч орон сууцны хороолол гэх мэт хотын дүр төрхийг харуулах зүйл их бага харагдаж байна лээ?

-Багануурын бренд бол уурхай, бас бидний бахархал болсон цэвэр цэмцгэр хот байсан. Одоогийн манай дүүргийн хүн амын бүтэц яаж харагдаж байна гэхээр Багануур дүүрэгтэй ойролцоо 10 мянга орчим хүнтэй таван сум байгаа. Дүүргийн 9000 өрхийн 5000 орчим нь гэр хороололд, 3500-3600 орчим нь орон сууцанд амьдардаг. Өдрөөс өдөрт гэр хороолол тэлж орон сууц, барилгажилт хомс байгаа.Энэ байдлыг Багануурчууд маань мэдэж байгаа гэж бодож байна.Тэгэхээр үүнд төр бодлого хийх цаг болсон.

-Одоогийн байгаа нөхцөл байдал дээр мэдээж та хүмүүсийн үзэл бодлыг сонссон байх. Хөгжлийн бодлогыг эцсийн бүлэгт УИХ гаргана. Дүүргээс УИХ-д сонгогдсон ямар гишүүд байна вэ?

-Багануур, Налайх, Багахангай гурван дүүрэг нийлээд УИХ-ын хоёр мандаттай. Эндээс Амарсайхан, Сандаг-Очир гэдэг хоёр гишүүн сонгогдсон байгаа. Сандаг-Очир гишүүний хувьд хоёр ч удаа дүүргийн Засаг даргаар ажилласан. Дүүргийн амьдралын нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Уг нь ханцуй шамлан юм хийх ёстой хүн гэж миний хувьд хардаг.

-Тэгэхээр сүүлийн 7-8 жил дорвитой бүтээн байгуулалт юу ч бий болсонгүй. Нүүрсийг нь ачаад явчихдаг. Хөдөөнөөс хүмүүс нүүж ирээд гэр хороолол үүсгэдэг. Зөрөөд боловсролтой сэхээтэн хүмүүс нь Улаанбаатар руу яваад байдаг ийм нөхцөл байдалтай байна уу?

-Та түрүү нь анзаарсан байх, бид төвийн эрчим хүчний 60 хувийн түүхий эдийг хангадаг бахархалтай сайхан дүүрэг гэсэн атлаа тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд маань Улаанбаатараас хоёр дахин илүү дулааны төлбөр төлдөгийг. Ийм байж болох уу.

-Ямар учиртай юм бол…

-Том бодлого алга байна. Багануурын дулааны станцын үйлдвэрлэж байгаа өртгийн байдал тийм байгаа. Нэг ёсондоо үр ашиг муутай үйлдвэрлэлээр дүүрэг бизнес эрхлэгчдээ хангаж байна гэсэн үг. Багануурын цахилгаан станцын барилгажилт нь явж байгаа төслийг хэн нэгэн улс төржүүлээд гацаах биш барьж аваад урагшлуулах ёстой.

-Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэдэг нэртэй, тэгээд зогсонги байдалд орсон. Энэ асуудлаар улстөрчид бүгд л ярьж байсан. Мөн сонгуулийн өмнө маш их ярьдаг. Харамсалтай нь ажил болдоггүй. Таны хувьд бас ингээд яриад өнгөрөх хүн биш байгаа?

-Ийм үг байдаг, “Амжилттай ажил, амжилттай бизнес хийе гэвэл асуудал ол” гэж. Тэр асуудал хэр олон хүний асуудал байна гэдгээс хамаар хамгийн амжилттай ажил, хамгийн амжилттай бизнес болно гэсэн дүрэм. Яг үүнтэй адил бидэнд маш их асуудал байна. Энэ бидэнд ажил хийх, бизнесээ босгох маш их боломж байгаа гэсэн үг. Барьж аваад ажил болгох хүн л дутаад байна. Би нэг юманд харамсаж байгаа. Багануур дүүргийн АН-ын даргаар томилогдоод хэд хэдэн ажил зохион байгуулж, 100 орчим айлаар орлоо. Амьдрал ямар байна, Ямар асуудал байна гээд. Яг саяны асуудлууд үүсч байна. Бидэнд гишүүдийн авдаг хэдэн тэрбумын зээлээс жаахан нь олддог бол хийж хэрэгжүүлэх маш олон санаа байгаа тухай ярьж байлаа. Тэдэнд боломж олгох хэрэгтэй.

-Хүн амьдрах эдийн засгийн таатай орчин бүрдсэн Багануур дүүргийг бүтээж өнөөдрийн Улаанбаатараас хүмүүсийг татах улс төрийн бодлого дээр та төвлөрч байгаа юм байна гэж ойлголоо?

-АН-ын дунд шатны дарга нарын 80 орчим хувь нь залуучууд болсон. Миний хувьд зөв шинэчлэл болж байна гэж харж байгаа. Яагаад гэхээр энэ хүмүүс л ажил хийх насных гэж харж байна.Өмнөх үеийнхэн шиг аливаад хаагдаж боогдохгүй зоригтой үе. Бидний үеийн залуучууд ханцуй шамлаад ажиллахад бэлэн байна. Энэ боломжийг иргэд маань бидэнд олгох ёстой. Надад бодлого, бас боломж байгаа учраас хийе хэрэгжүүлье гэж шийдсэн.

-Төсөөлөхөд тодорхой хугацааны дараа Багануур дүүргийн хүн ам, тээвэр ложистик, эдийн засгийн өсөлт ямар түвшинд хүрсэн байх бол?

-2012-2016 онд АН Багануур дүүрэгт засаглаж байсан. Тэр үед санаачлан, энэ бодлогын эхлэл болгоод Багануур дүүргийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж нийслэлийн ИТХ-аар батлуулсан байдаг. Энэ нь 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө ёсоор 60 мянган хүнтэй хот байхаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөө газар дээр хэрэгжих алхам хийгдээгүй гэсэн үг. Миний хувьд Багануур дүүргийн сөрөг хүчин болох АН-ын дарга байна. Өнөөдрөөс эхлээд Багануур дүүрэгт болж байгаа, тухайлбал яг тэр 7000 ажлын байр дээр яаж ажилтай байлгах тухай бодохын оронд, тэр 7000 ажлын байранд хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлаж байгаа. Манай намын батлах байна уу, манай намын даргаас бичиг аваад ир, тэгээд ажилд авна ч гэх шиг. Ажилтай болохын тулд үзэл бодлоороо барьцаалагддаг байдалтай байна. Чи АН-ын үзэл бодлыг дэмжээд тэдний хуралд суух юм бол ажилгүй болно шүү гэх жишээний. Миний хувьд үүн дээр маш том акц, арга хэмжээ авч ажиллана. Хувь хүний үзэл бодол бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө. Хүн үзэл бодлоороо хэзээч ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй. Олон нийтийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа хүртэл ийм байдлаар явдаг болсон. Энэ асуудлаар Олон улсын байгууллагуудад хүртэл хандана гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол хүний эрх чөлөө, чөлөөт эдийн засагт олон улсын байгууллагууд, нэг дүүргийн удирдлага халдаж болохгүй. Үүний эсрэг бол ажиллана. Сөрөг хүчний намын даргын хувьд энэ завхралыг ярьж байна, хийж эхэлнэ, шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд, Олон улсын байгууллагад хандаж эхэлнэ. Мөн бизнес эрхлэгчдэд боломж олгох Олон улсын бизнесийн форум, хөрөнгө оруулалтын чуулгануудыг дүүрэгтээ зохион байгуулах цаг болжээ. АН-ын мөрийн хөтөлбөрт оруулах бодлогуудыг намын хорооны гишүүд, Бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэх, улмаар мэргэжилийн экспертүүдээр дамжуулан судалгаанууд хийж байна. Бидэнд өнөөдөр улаан гэрэл асаасан ямар асуудлууд байгаа юм. Тэрийг шийдэх ямар боломжийг нөхөд хийгээгүй юм. Үүнийгээ хий гэдгийг шаардана. Бидэнд цаашдаа хийх ёстой ямар ажлууд байгаа юм. Богино, дунд, урт хугацаанд ямар ажлууд хийх юм. Үүнийг би АН-ын даргын хувьд дүүргийнхээ иргэдтэй хамтраад хийхийн төлөө хичээх болно. Бид хамтдаа хөгжих загвараа батлах ёстой. Энэ нь иргэдээрээ хэлэлцүүлэх. АН-ын хувьд иргэдтэйгээ ойр байж, олонхоороо дэмжигдсэн ажлыг барьж авна. Тийм дэмжлэгтэй ажил бүтдэг. Хот төлөвлөлтийн бүх зургийг иргэдээрээ хэлэлцүүлээд гаргаж ирнэ. Эрх барьж байгаа төр засгийн бодлого явцгүй бол тэднийг сонгуулиар сольж л байх ёстой. Харин эрх баригчид солигдохгүйн тулд сайн ажиллах ёстой. Муу ажиллаад байхад нь солихгүй байхаар эрх баригчид ажил болж байгаа юм байна итгэж эхэлдэг. Энэ бол аюул. Өрсөлдөөний дүнд сайн бодлого гарч, сайн бодлого иргэдийн амьдралд хэрэгждэг. Ийм нөхцөлийг бий болгох эрх нь иргэдэд өөрсдөд нь байгаа. Багануурчуудад өөрсдөд нь байгаа. Үнэхээр болохгүй байгаа юмыг сайжруулах хамгийн сайн арга бол иргэдийн сонголт шүү. Үүнийг л онцлон хэлэх байна.

Э.ТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр ч тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилнэ.

Тодруулбал өнөөдөр 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох хуваарьтай байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт, түүхч Оохнойн Батсайхан: Дархан Монголын эзэд даржин байж боломгүй DNN.mn

Дэлхийн талыг тамгалж, Их Монгол Улсыг байгуулж мандан бадарч явсан Монгол үндэстэн Юань гүрний дараах үед туйлдаа тултал доройтсон байдаг. Гаднын зарим эх сурвалжид “ мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглүүлтлээ доройтсон Монгол түмэн сэрж, сэхээрч тусгаар тогтнолоо зарласан нь 1911 он. Ингээд уншигч та бүхэндээ өнөөгийн Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай ярилцсанаа хүргэж байна.


-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал явагдах тэр цаг мөчид Монголын нийгэм яг ямар байсан бэ. Хэдэн зуун мянган хүн амьтай байсан талаар эхлээд та товч ярихгүй юу?

-ХХ зууны эхээр амьдарч байсан монголчуудын тоог нарийн гаргасан судалгаа байдаггүй юм. Гадаадын хүмүүсийн барагцаа тоогоор гурван сая монгол байсан гэж бичсэн бий. Үүнд өвөрмонголчуудыг оруулсан хэрэг. Таван зуун мянган хүн амтай монгол гэдэг тоо бол Майскийн номд орсон тоо. Майский 1918 оноос хойш хэд хэдэн удаа Монголд ирэхдээ Богд хааны зарлигаар Монгол даяар явуулсан Халхын дөрвөн аймгийн хүн ам, хөрөнгө, малын тоо бүртгэлийн баримтуудыг эхээр нь авч явжээ. Тэрхүү материалаа орчин үеийн Монгол гэдэг номдоо оруулсаныг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрхүү тоо нь Монгол Улсын бүх хүн амыг хамраагүй, зөвхөн Халхын Дөрвөн аймгийн хүн амын тоо гэдгийг дахин хэлье.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийгдэх үндсэн шалтгаан нь яг юу байсан талаар хөөрөлдье. Манжийн төр яаж суларч байв. Хятадууд дотроо хагаралдаж , монголчуудад сиймхий гарч ирснийг Монголын үндэсний хувьсгалчид мэдэрч шууд тусгаар тогтнолоо зарласан гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тухайн цаг үеийг ингэж харж болох уу?

– XIX зууны дунд, сүүл үеэр дэгдсэн хоёр ч удаагийн хар тамхины дайны улмаас Манжийн Чин гүрний доройтол эргэлт буцалтгүй болсон байлаа. Монголчууд угаас эрх чөлөөг эрхэмлэгч талын язгууртан гаралтай учраас сэтгэлдээ тээсэн үндэсний эрх чөлөөний тэмцлийн очоо бадраах цаг болсоныг мэдэрсэн хэрэг. Иймээс ч Богд гэгээнтэн “Тэнгэрийн цаг болжээ. Эл цаг үед хөдөлж эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж, өөрийн газар нутагтаа эзэн суух хэрэгтэй” хэмээн 1909 онд зарлиг буулгасан байдаг. Мөн тэрээр “Миний эл зарлигийг бүх монголчуудад хүргэ” хэмээн даалгасан удаатай.

Үргэлжлүүлэн “Би мэдсэнээ эс хэлбээс та бүхэн миний найман дүрийг шүтсэний хэрэг юун” хэмээн айлдсан байдаг. Ингээд Монголын алтан ургийн ноёд, хутагт хувилгаад лам нар, Өвөр Монголын Хайсан түшмэл, Алмас Очир нар тэргүүлэн Богд гэгээнтнээ тойрч хүрээлэн нэгдэж, үндэсний тэмцэл өрнүүлсэн. Ийнхүү тэд амжилт олж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулж чаджээ. Энэ бол бүх монголчуудын үндэсний эв нэгдлийн оргил нь байсан гэж хэлж болно.

-Тухайн үед Монголд Богд хаан шиг нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй хүн байгаагүй учраас халхын ноёд Богдоо өмнөө туг хийсэн үү. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагч нь Богд хаан мөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөгийн бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол авч ирсэн 1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч нь Монголын бурханы шашны тэргүүн, наймдугаар Богд Жавзандамба хутагт гарцаагүй мөн. Энэ тухай тэр үеийн архивын сурвалж баримтууд ч тодорхой өгүүлдэг. 1912 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Люба Гадаад яамандаа илгээсэн цахилгаан мэдээндээ “Монголыг өнөөгийн эрх чөлөөнд хүргэсэн энэ үйл явдлын тэргүүн зэргийн роль ямар ч эргэлзээгүйгээр Хутагтад оногдоно. Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” гэж бичиж үлдээсэн байдаг. Энэ бол эргэлзэхээргүй баримт. Түүгээр ч үл барам Богд хаан байгаагүй бол өдийд Хятад Монголыг залгисан байж мэднэ хэмээн Люба нэмж бичсэн байдаг. Богд хаан монголчуудын хувьд оюун санааны удирдагч төдийгүй алтан ургийн ноёд, ар, өвөр монголчуудын нэгдлийг хангаж чадсан, бүх монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан. Иймээс л 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн. 1924 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хааны суудалд заларсан нь чухам үнэн.

Монголын ноёд, Богд хаан бүгд энэ цаг мөчийг алдвал хожим гэмшивч барахгүй хэрэг болно гэдгийг сайтар ухамсарлаж, нэгэн зорилгын төлөө нэгдэж чадсаны үр дүн бол Монголын тусгаар тогтнол юм шүү. Үүнийг өнөөгийн залуус, улстөрч хэн бүхэн сайтар тунгаан, цаг ямагт санаж явах учиртай гэж бодож байна.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Өвөрмонгол ноёд ямар үүрэгтэй оролцсон бэ?

-ХХ зууны эхээр тусгаар тогтнолын цог анхлан ассан газар бол Хүрээ. Бүр 1900 онд Богд гэгээнтний зарлигаар Шанзав Бадамдорж, донир Цэрэн, Осор нарыг мөнгө зээлэх нэрийн дор Орос улсад нууцаар илгээж үндэсний тэмцэлдээ тусламж дэмжлэг эрж байсан байдаг. 1906 оны орчим Өвөр Монголын түшмэл Хайсан, Алмас Очир нар Их Хүрээнд Харбинаас Хиагтаар дамжин ирэх замдаа засагт ван Цэвэгдорж, орос түшмэл Хитрово нартай зөвлөлдөж байжээ. Улмаар Хүрээнд ирээд Богд гэгээнтэй уулзаж, ноёдын нууц зөвлөгөөн удаа дараа хийсэн нь тодорхой байна. Харин Хүрээнд ирсэн Алмас Очир буцаж, Харбин очоод 1910 оны орчим таалал болж, Хайсан түшмэл бүхий л сэтгэл, хүчээ Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд зориулж зүтгэсэн. Тиймээс түүний тухай оросуудын өгсөн тодорхойлолтод бичихдээ Монголын тусгаар тогтнолын төлөө Богд гэгээнийг зоригжуулагч хэмээн бичсэн байдаг. Энэ тодорхойлолтод Орос улсаас тусламж эрэхээр очсон Эрдэнэ дайчин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын тухай бас бий.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа ямар учраас Сайн ноён хан Намнансүрэнг Ерөнхий сайдаар томилсон байдаг юм бэ?

-1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний билигт сайн өдөр бүх монголчуудын нар гарч, тусгаар тогтнолоо сэргээн, эзэн Чингис хааны байгуулсан гал голомтоо сэргээн бадраасан билээ. Тиймээс Богд хааны зарлигаар Алтан ургийн халхын дөрвөн ханд Манжид дагаар орохоос өмнөх үеийнх нь цолыг эргүүлэн сэргээн олгосон байдаг. Тухайлбал, Түшээт хан Дашнямд “Очирбат сайн” цол, Сэцэн хан Навааннэрэнд “Махасамади далай сэцэн” цол, Засагт хан Содномравданд “Эрдэнэ бишрэлт” цол, Сайн ноён Намнансүрэнд “итгэмжит эетэй эрх дайчин” цол шагнал тус тус олгосон байна. Энэ бол Монголын төрийн тасарсаныг залгаж байгаа гэж хэн хүнд ойлгогдоно. Улмаар таван яамтай Засгийн газар байгуулсны дараа Хенры Вытоны Түмэн улсын албан болон ердийн цаазад заасаны дагуу Ерөнхий сайдын албан тушаал бий болгож, Сайн ноён хан Намнансүрэнг тохоон тавьсан. Богдын хатан Дондогдуламд таалагдсан учраас тавьсан гэж зарим хүмүүс бичсэн байдаг нь цуурхал төдий зүйл. Сайн ноён хан Намнансүрэн бол боловсролтой, засгийн тэргүүний үүргийг тэр бэрх цаг үед дааж чадах ноён болохоо харуулсан гэж бодож байна.

-Богд хаанаас дутуугүй яригддаг нэг нөлөө бүхий хүн нь Шанзав Бадамдорж гэдэг хүн байдаг. Энэ хүн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд ямар нөлөөтэй оролцсон бэ. Ер нь дийлэнх нь урвагч гэж үздэг. Гэтэл сүүлийн үеийн түүх шал өөрөөр тайлбарлаад байна шүү дээ?

-Шанзав Бадамдорж бол Богд гэгээнтний үнэнч шавь. Бүр 1900 онд Богд гэгээнтний зарлигаар Орос улсаас тусламж эрэхээр нууцаар явж байсан хүн. 1911 оны Үндэсний хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон хүн мөнөөс мөн. Хожим 1919 оны сүүлчээр Хятадад дагаар орох бичигт Ерөнхий сайдын хувиар гарын үсэг зурсан учраас тийнхүү түүхэнд бичиж иржээ. Тэрбээр зэгсэн сайн хятад хэлтэй байсан учраас хятад түшмэдтэй шууд нэвтрэлцэж байсан гэдэг.

-1911 оны хувьсгалын үеэр Манж, Хятадын талд урвасан урвагчид байдаг уу. Хувьсгал хийсэн л бол урвагчид байдаг л гэж бодож байна?

-ХХ зууны эхэн үе болоход монголчуудын үндэсний дархлаа сайн байжээ гэж боддог. Өвөр Монгол Манжид дагаар ороод 275 жилийн дараа, Халх Монгол Манжид дагаар ороод 220 жилийн дараа, Зүүнгар буюу ойрадууд Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш 155 жилийн дараа үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж чадна гэдэг бол ямар их эр зориг, тэвчээр, ухаан зарж чадаж вэ гэдгийн илэрхийлэл гэж бодож байна. Зөвлөлт Оросын нөлөөнд монголчууд 70 жил болсоны дараах өнөөгийн монголчуудын байдлыг аваад үзвэл тэр үеийн монголчуудын үндэсний дархлаа сайн байсан гэдэгт эргэлзэхгүй байж болохоор байна. Чухамдаа тэд хэн нь ч би хаан болно хэмээн өвөр зуураа хэмлэлдэн тэмцэлдсэнгүй. Монгол түмнээ хүлээн зөвшөөрөгдсөн Бурханы шашны тэргүүн Богдыгоо тойрон нэгдэж чадсан байна. Мэдээж урвагч хүмүүс гарч байсан. Түүхэн сурвалжид улсаас урвасан Бээжин одсон ван Доржпаламд ял оноосон баримт хүртэл бий.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа өвөрмонголчуудаа яагаад гээсэн бэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бүх Монголоо нэгтгэчих боломж байгаагүй юу хэмээн олон ч Монгол халагладаг шүү дээ?

-1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын цолыг Монгол хэмээн тунхаглан зарласан нь нийт монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн Эзэн Чингис хааны байгуулсан улсынхаа цолыг сэргээн авсан хэрэг. Энэ бол бүх монголчуудаа нэгтгэх зорилго агуулж байсаны нэг илрэл юм. Түүнээс гадна Богд хаан зарлиг буулган нийт монголчууддаа нэгдэхийг уриалсан байдаг. Ингээд Өвөрмонголын 49 хошууны 38 нь Богдын соёлд дагаар орохоо илэрхийлсэн баримт архивт байна. Улмаар Богд хааны зарлигаар тэдгээр хошуудын ноёдод тамга шийтгэн олгосон баримт хүртэл бий. Барга газар нутаг хүн амтайгаа Монгол Улсад дагаар орж буйгаа илэрхийлсэн байдаг. Үүнийг Хятад, Орос, Японы зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Үүний улмаас одоогийн Монгол Улсын хилээр өнөөгийн Монгол Улсын газар нутгийг хязгаарласан.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн ноёд яагаад бүгд цаг бусаар нас барсан юм бол?

-1911 оны Үндэсний хувьсгалыг хийсэн ноёд цаг бусаар нас барсанд Богдыг хардаж хүртэл бичсэн нь бий. Тухайн үеийн нөхцөл байдлыг авч үзвэл Богд хаанд ханилсан нөхдөө хорлох ямар ч шалтгаан байгаагүй. Энэ бол гаднаас зохион байгуулалттайгаар тухай үедээ монголчуудын дунд шидсэн чулуу. Энэ чулуу зуун дамжин үүргээ гүйцэтгэж, монголчуудыг хагаралдуулсаар байна. Ноёдын үхэлд гадны нөлөө байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тэд хэрвээ арван жил амьдраад 1921 оны хувьсгалтай золгосон бол Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын оролцоо ямар байх байсан бол. Бодоо, Данзан нарын оронд зогсож байх байсан уу?

-Түүхэнд ингэж үзэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, таамагаар болоогүй үйл явдалд хандаж болохгүй гэсэн үг.

-1911 оны хувьсгал, 1921 оны хувьсгал хоорондоо ямар сэжмээр холбогдох вэ. 1911 оны хувьсгал 1921 оны хувьсгалын оршил болсон уу. Зарим түүхчид ингэж бичсэн байх юм байна шүү дээ?

-Ингэж бичиж байгаа. Би ч бас ингэж бичиж байсан удаатай. Сүүлийн үед судалгаанд орж буй Орос, Монгол болон бусад орны Монголын түүхэнд холбогдох архивын баримтуудыг үзвэл 1921 оны хувьсгал 1911 оны үргэлжлэл байсан гэж үзэж хэлэх боломжгүй байна. 1921 оны хувьсгал бол Зөвлөлт Оросоос сайтар найруулсан, Зөвлөлтийн Октябрийн эргэлтийн Монголд хийсэн экспорт байсан гэж үзэж байна. Монголчууд өвөр зуураа тусгаар тогтнолын төлөө гэсэн сэтгэл өвөрлөж байсан гэдэгтэй маргахгүй байгаа.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн дэх гол үнэ цэнэ юу вэ?

-Өнөөгийн Монгол Улсын үндэс суурь 1911 оны Үндэсний хувьсгалын үр дүнд тавигдсан билээ. Сэргэн мандсан Монгол Улсын хил хязгаар, газар нутаг бол орчин үеийн Монголын эхлэл. Орчин үеийн Монголын түүх 1911 оноос эхтэй. Чухам ийм учраас Монгол Улсын Их хурлаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, үе үеийн Ерөнхийлөгч нар зарлиг гарган тэмдэглэж байгаа юм. Тусгаар тогтнолын баяр бол монголчуудын хувьд эрхмийн дээд баяр байх учиртай. Яг энэ өдрүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жилийн ой тохиож байна. Харин бид энэхүү ойн өдрийг мэдэхгүйн улмаас тэмдэглэхгүй мартаж, шинэ жилийн баярыг дэндүү их тэмдэглэж байгаа нь үнэн шүү дээ. Тусгаар тогтнол бол Монгол үндэстний хувьд эрх чөлөө юм. Монгол хүн бүрийн хувьд эрх чөлөө юм. Тиймээс л биднийг хилийн чанад дахь монголчууд Дархан Монгол хэмээн харж, хүндэлж байдаг юм билээ. Дархан Монголын эзэд даржин байж боломгүй байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын 12 сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 18, Найралт эх одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 6 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

12-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал сүрэг 6.4 сая толгойгоор буурч, 64.7 сая болжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт. Таван хошуу төрлөөр нь авч үзвэл,

  • Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
  • Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
  • Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
  • Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
  • Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг эзэлсэн байна.
2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:
  •  Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал
  • Төв аймаг 4.9 сая толгой мал
  •  Архангай аймаг 4.8 сая толгой мал
  • Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал
  •  Хэнтий аймаг 4.4 сая толгой малтай байна.
Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18 сая төл бойжуулсан байна. Энэ жилийн хувьд хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилтын хувь өмнөх жилээс 14.9 хувиар бага буюу улсын хэмжээнд 80.9 хувьтай байсан аж.   Улсын хэмжээнд оны эхний малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая том мал зүй бусаар хорогджээ. Үүнд хонь 2.1 сая, ямаа 2.0 сая, үхэр 402.1 мянга, адуу 261.2 мянга, тэмээ 8.6 мянган толгойгоор хорогдсон байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүжин тээврийн ажлыг гуравдугаар сард багтааж эхлүүлнэ DNN.mn

Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт, Нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг Хотын дарга Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр,

“Яармагийн замаар 97-98 мянган машин оргил ачааллын үед хөдөлгөөнд оролцож байна. Гуравдугаар сард багтааж, дүүжин тээврийн ажлыг эхлүүлнэ” гэлээ.