Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

П.Наранбаяр: Төсвийн тэлэлтээс улстөрчтэй холбоотой болон хамаарал бүхий бизнесменүүд л хожиж байна DNN.mn

П.Наранбаяртай ирэх оны төсөв, нийслэлийн эрх зүйн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны улсын төсөв батлагдлаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, сөрөг хүчний гишүүний хувьд ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улсын төсвийн тухайд миний хувьд ХҮН намын бодлого судалгааны хүрээлэнгээс гаргасан санал болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын байр суурьтай ижил байгаа. Юу гэхээр төсвийг дахин алдагдалтай баталж байгаа нь буруу байна. Нэмээд мөнгөний хатуу бодлоготой явж байгаа ч гэсэн маш буруу. Монгол Улсын хувьд бараг арав гаруй жил мөнгөний хатуу бодлогыг барьчихлаа шүү. Ингэж хатуу бодлого бариад байвал аж ахуйн нэгжүүдэд маш халтай болж ирнэ. Халтай болчихсон ч яваа. Хатуу бодлого барьчихаар төсөв тэлж эхэлдэг. Төсвийн тэлэлтээс улстөрчтэй холбоотой, хамаарал бүхий бизнесменүүд л хожиж байна шүү дээ. Тухайлбал, “Ногоон автобус”-ны хулгай бол үүний том жишээ. Зөвхөн улстөрчтэй ойр бизнесүүд явдаг, нийт аж ахуйн нэгждээ ямар ч хожоогүй, ийм байж болохгүй. Улсын төсвийн хувьд ерөнхий байр суурь нэг иймэрхүү байна. Харин нийслэлийн төсөв хараахан боловсруулагдаж гараагүй байгаа.

-Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдалтай орон. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ асар өндөр болсон. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгохын тулд тал бүрдээ ярьж байгаа. Гэтэл Улсын төсөвт энэ чигт ямар ч хөрөнгө суугдаагүй гэх юм. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Надад нарийн мэдээлэл алга. Энэ гэхдээ Эрчим хүчний яамны асуудал шүү. Энэ яам уг асуудлаа нэн яаралтай шийдээд, хийх л ёстой. V цахилгаан станц гэж яриад одоо хэдэн жил болж байгаа билээ. Ийм л бүтэлгүй төр өнөө цагт оршиж байна. Ярихаас өөр шидгүй, бодитой ажил хийж байгаа зүйлгүй л явж байна.

-Гуравдагч сөрөг хүчний хувьд хотын шинэ даргын шийдвэр, үйл ажиллагаанд ямар байр суурьтай байдаг вэ?

-Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төсвөө тодотгох гэж хуралдахад хотын шинэ дарга хүрэлцэн ирж, хуралдаа бүтэн суусан.

Анх удаа хотын дарга гэх хүн НИТХ-д бүрэн суулаа гэж харж байгаа. Өмнө нь Д.Сумъяабазар огт суудаггүй байсан. Тиймээс үүнийг нэг талдаа сайшаан хүлээн авч байна. Нөгөөтэйгүүр нийслэлийн иргэдээс тэр дундаа НИТХ-аасаа асууж байж шийдэх ёстой асуудлуудыг шууд хуулийн төсөл болгон боловсруулж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барьсан. Энэ бол маш зарчимгүй үйлдэл. Хотын бүсчлэл тогтоох, газрын зөвшөөрлийн асуудлуудыг шууд ингэж хуульчлах нь нийгмийн олон салбарт огцом цохилт болно.

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах болон гэр хороооллыг орон сууцжуулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ асуудлыг та хэлж байна уу?

-Тийм. Яг энэ хуулиар бол олон мянган ажлын байрыг бий болгодог, хөрөнгө оруулагчдыг татдаг барилгын салбар хүчтэй цохилтод орохоор харагдаж байна. Угтаа НИТХ-ын долдугаар сарын хуралдаанаар нийслэлийн нягтрал, төвлөрөл ихтэй бүсэд шинээр барилгын зөвшөөрөл олгохгүй байхаар баталчихсан шүү дээ. Нийслэлийн амьдрал гэдэг чинь өөрөө амьд, хөдөлгөөнтэй. Үүнийг шууд хуулиар зохицуулах гэж оролддог нь муйхар асуудал. 1.7 сая хүн амтай энэ хот бүх дэд бүтэцээ төв рүүгээ татчихсан. Төвдөө л бөөгнөрчихсөн хот. Хотын аль нэг захаас нөгөө цэгт хүрэхийн тулд заавал төвөөрөө дайрна. Нийслэлийн автозамын сүлжээ нь ч ийм байгаа. Ийм дэд бүтэцтэй хотод хуулиар шууд төлбөр тогтоох асуудлыг шийдчихвэл яах вэ. Энэ бол шууд иргэдийнхээ халаас руу төр орж байгаагийн тод үйлдэл. Иргэдийн халаас руу гараа хийж байгаа энэ төрийн бодлогыг хэнээс ч асуулгүйгээр хийж байгаа нь бүр аюултай. Үүнийг ХҮН намын бүлэг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тооцож үзье л дээ. 27 мянган төгрөгөөр гуч хоног төвөөр зорчлоо гэж бодъё. Тэгвэл сардаа бараг 900 гаруй мянган төгрөг болно. Энэ нь өөрөө нэг төрийн албан хаагчийн сарын цалин. Зөвхөн төвөөр зорчлоо гэхэд сарын цалингаа өгөх үү. Ийм амьдралгүй шийдвэр гаргаж болохгүй ээ. Бүсчилсэн төлбөр тогтоох асуудал манайд одоогоор ямар ч зохимжгүй. Манайх бол эхний ээлжид машины зогсоолоо илүү өндөр төлбөртэй, илүү хүртээмжтэй болгочих ёстой. Машины зогсоолгүй учраас зогсоол олохын тулд төвөөр, талбай тойроод явдаг гэсэн судалгаа ч байдаг.

-Дээрх хуулийг эрх баригчид олонхоороо баталчих байх л даа. Таны ярьснаар бол амьдралд хэрэгжих ямар ч боломж алга байна. Тэгвэл цаашид яах вэ?

-За яах вэ, хууль батлагдчихлаа. Харин төлбөр тогтоох асуудлыг НИТХ шийднэ гэж заасан байгаа. Гэхдээ л иргэдийнхээ халаас руу шууд орсон иймэрхүү төрийн бодлогыг бид аль болох гаргахгүй байх л ёстой юм. Би бол үүнийг огт дэмжихгүй байгаа. Уг хуулийг хэлэлцэж байгаа УИХ-ын гишүүдийг олон нийт харсан байх. Ерөөсөө амьдралаас тасарчихсан хүмүүс уг хуулийн төслийг хэлэлцэж байна лээ. Олимпын гүүрийг хаана байдгийг мэдэхгүй, тэр бүү хэл ашиглалтад орсон эсэхийг ч мэдээгүй гишүүд асуулт асууж, үг хэлж байна лээ. Энэ нь өөрөө УИХ-ын гишүүд амьдралаас ямар хол тасарсан бэ гэдгийг тод харуулж байгаа үйлдэл шүү дээ. Өөрсдөө тохитой дулаахан чанартай автобус авах хөрөнгийг нь идчихээд одоо болохоор нийслэлчүүд автобусанд сууж сурах ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа нь эмгэнэлтэй. Тэгэхээр өнөөгийн УИХ бол нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, улс орны бодлого тодорхойлж явах ямар ч чадамжгүй байна. Ер нь нийслэлийн асуудал руу УИХ нэн яаралтайгаар шүүрч авч орох нь өөрөө ямар учиртай юм бэ. Нутгийн өөрөө удирдах ёсонд ноцтой халдаж байгаа үйлдэл биш юм уу. УИХ улс эх орны хэмжээний асуудлаа л ярина биз дээ.

-Нийтийн тээврийн хүртээмж муу байна. Өвлийн хүйтэнд автобус хүлээсэн хүмүүс гар хөлөө хайруулж байна. Тиймээс хулгайн асуудал нь нэг талдаа явна биз. Хүртээмжээ сайжруулахын тулд нэгэнт ороод ирсэн “Ногоон автобус”-уудыг үйлчилгээнд гаргачихаж болохгүй юу?

-Гэнэт 1000 автобус худалдаж авах ажил эхэлчихсэн. Гэтэл нийслэлд нөгөө автобусууд нь яваад л байгаа биз дээ. Тэгэхээр энэ нь нийгмийн сэтгэхүйг зориуд өөрчлөх гэсэн оролдлого. Автобусгүй боллоо, хүртээмж нь муудлаа гэдэг агуулгыг зориуд гаргаж, нийгмийн сэтгэхүйд нөлөөлөх гэж оролдож байна. Ингэж байгаад 1000 автобус авах ажлаа эхлүүлж байна. Ногоон автобусыг үйлчилгээнд гаргачихвал ёстой нэг жил яваад л эвдэрчихнэ. Юун арван жил явах. Тиймээс үйлчилгээнд огт гаргаж болохгүй. Аль болох буцаах асуудлыг л шийдэх хэрэгтэй. Дараа нь автобус авч байгаа бол хамгийн чанартайг нь ил тод оруулж ирэх ёстой. ХҮН намын хувьд хотын шинэ удирдлагад “Ногоон автобус”-тай холбоотой хууль зөрчсөн бүх албан тушаалтанд хариуцлага тооцоорой гэдэг шаардлагыг хүргүүлсэн.

-Хотын дарга метро барих асуудлыг мөн хөндсөн. Уг асуудлыг гадаадын мэргэжлийн хүмүүсээр шийдүүлье гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь монголчууд өөрсдөө чадна гэж үзэж байна. Ер нь метротой болох Улаанбаатар хотын мөрөөдөл биелэгдэх үү?

-Миний хувьд энэ мөрөөдөл биш. Энэ бол шийдэл. Энэ шийдлийг олчихсон тохиолдолд Улаанбаатар метротой болно. Нөгөөтэйгүүр метро ашиглах нь өртөг өндөртэй гэдэг. Манай төсөв дийлэхгүй ч гэдэг. Гэхдээ Улаанбаатар хот өөрөө 1.7 сая хүн амтай. Тиймээс метротой болох хүн ам зүй бүрэн хангагдчихсан. Метроны ТЭЗҮ-ийг аль арав гаруй жилийн өмнө хийчихсэн байсан. Гэхдээ энэ ТЭЗҮ одоо хуучирсан байх. Ер нь бол япончууд Улаанбаатар хотод метро барих боломжтой гэж үзсэн. Миний хувьд бид метротой болох шаардлагатай гэж үздэг. Цаашлаад Улаанбаатар хот газар доогуураа томоохон байгууламжтай хот болох ёстой. Өөрөөр хэлбэл цаг агаарын нөхцөл байдлаас хамаарахгүйгээр газар доороо эдийн засгийн эргэлт явагдаж байдаг хот болох ёстой. Ер нь бол метротой болчихсон цагт олон жилийн явцад үр ашгаа өгөх нь гарцаагүй. Харин метро барих туршлагатай монгол инженерүүд манайд цөөнгүй бий шүү. Миний хоёр ч шавь энэ чиглэлээр гадаадад сурч, ажиллаж байна.

-Уртцагааныг буулгах асуудал олон нийтийн дунд маргааны нэг сэдэв болж байна. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Социалист бүтээн байгуулалтаас үлдсэн 43 соёлын дурсгалын нэг бол Уртцагаан. Үүнийг хамгаалан сэргээн засварлаж, хойч үедээ үлдээх нь өнөөгийн бидний үүрэг юм. Ер нь өнөөгийн эрх баригчид буюу МАН-ынхан дээрээс нь доошлох хэлбэрээр бүх асуудлыг шийдэж байна. Ерөнхий сайдын санаанд нэг зүйл зурсхийгээд орчихвол тэр нь ажил хэрэг болох ёстой юм гэсэн. Үгүй ээ, ардчилсан, эрх зүйт төртэй оронд ийм зарчим үйлчилж болохгүй шүү. Гэтэл өнөөдөр УИХ-д өргөн барьчихсан нийслэлийн хууль яг энэ загвараар явж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа хэнээс ч асуугаагүй. Шууд л УИХ хэлэлцээд эхэлсэн. Өөр нэг зүйл уг хууль батлагдвал Нийслэлийн Засаг дарга хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болох юм билээ. Өөрөөр хэлбэл тус хуульд газрын зөвшөөрөл олгох асуудал тусгагдсан. Ингэхдээ зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга олгоно, цуцална гэж заасан байгаа. Тэгэхээр уг хууль батлагдвал барилгынхан Нийслэлийн засаг даргын өрөөний үүдэнд очерлож зогсоно. Үүнээс ямар үр дүн гарах вэ. Мэдээж авлига ихэснэ. Цаад утгаараа Х.Нямбаатар цаашлаад МАН-ынхан уг хуулиар ирэх жилийн сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу даа гэж хардаж болохоор байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Метротой болтолоо микро автобусаа явуулж байя DNN.mn

Нийтийн тээврийг 100 хувь хувийн хэвшилд нь өгөх хэрэгтэйг судлаачид хэлдэг. Төрд байснаараа үйлчилгээ, хүртээмж нь дээрдсэн зүйл огт харагдсангүй. Хулгай, луйвар л гаарсан салбар болж гэдгийг нийслэлчүүд бат нот ойлгосон. Мэдээж өнөө маргаашдаа шийдвэр гаргагчид тус салбарыг бүрэн хувьчилчихгүй нь тодорхой. Дээр нь метроны үлгэр яриад арав гаруй жил боллоо. Тиймээс тэр болтлоо нийтийн тээврийн үйлчилгээндээ хувийн хэвшлийг татан оруулъя. Тэр дундаа микро автобусуудад зөвшөөрлийг нь өгөөд үйлчилгээнд гаргуулъя. Нийслэлчүүд микро автобус хөлөглөдөг байсан цаг саяхан. Тэр үед нийтийн тээврийн салбар өнөөгийнх шиг хэл ам таталдаггүй, хулгай, луйвар ороогүй байсныг санаж буй байх. Гол нь иргэд, зорчигчид гэртээ, ажилдаа очих гэж даардаггүй, хүлээдэггүй, стресстдэггүй байв. Өглөө эрт ажилдаа явах дулаан, тухтай, түргэн шуурхай унаатай. Орой гэртээ автобус зогсчихно гэж айлтгүйгээр ажлаа амжуулчих боломж, нийслэлчүүдэд байлаа. Гэтэл нийтийн тээврийн асуудлаа цогцоор нь шийдэх бодлогоо гаргаагүй байж, хувь хүмүүс буюу микро автобусуудыг энэ салбараас нохой шиг хөөж явуулсан. Хотын соёлыг муухай харагдуулж байна, түргэн шуурхай явж иргэдийг айлгаж байна гэх нэрийдлээр түрий барьж олон жил дарамтад явуулсаны эцэст бүр мөсөн зогсоосон. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн салбарт хэрэгжсэн цогц бодлого байна уу. Нөгөө соёл нь сайжирсан уу. Тэртээ 1993 онд автобусанд суух гэж “алалцдаг” байсан хандлага өнөөдөр ч яг хэвээрээ. Энэ тэгээд хөгжил мөн үү. Иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчих боломжоос гучин жил хулгай хийж ирсэн нь саяхнаас ил тод боллоо. Хулгай хийх гэж л хувьд хөгждөг салбарыг төрд авдаг “заваан” зуршлаасаа хэзээ салах вэ, эрх баригчид аа. Боломж бүрийг хулгайлах зуршлаасаа жаахан хөндийрөөд юун түрүүнд иргэдийнхээ зорчих эрхийг хангаад өгөөч. Метроны үлгэрээ бодит болготол микро автобусуудаа явуулаад өгөөч. Ингэхдээ тодорхой стандарт, шаардлага тавиад зөвшөөрлийг нь өгчих. “Нугасандаа” зорчигчтой явдаг гэж шүүмжилдэг. Тэгвэл тэр болгондоо хатуу торгуулийн системтэй болчих. Тэд ч одоо тэгж явахгүй л дээ. Өмнөх шиг тухгүй, утаатай “амбаарууд” ч ховор болсон. Дандаа он залуу микро автобусууд явж эхэлнэ. Өөр ямар алдаа байсан, тэрийг нь засаад, микро автобусуудаа үйлчилгээнд гаргая. Нэгдүгээр эгнээгээр явдагаас нь илүү төлбөр авчих. Өнөөгийн төр авах, хураах асуудлаа харин ч нэг хүнээр хэлүүлэлтгүй болсон доо. Дарамталж хураадаг татвараа ч авах нь тодорхой биз. Гэхдээ цаана нь ашигтай байх бага ч гэсэн зайг нь үлдээчихээрэй. “Үнэхээр хэлэх үггүй болтол улс орныг удирдаж байна шүү…” гэж ярих иргэд олон. Болж байгаа салбар болгоныг төрд авч “бодийг нь хөтлөх”- дөө гаршиж ч гэж байна. Тиймээс хүлээгээд ирдэггүй, ирлээ ч багтдаггүй нийтийн тээвэртээ гоё, сайхан амлалт, мөрөөдлөө хэрэгжүүлтэл, хулгайчдынхаа учрыг олтол микро автобусаа явуулж байя, эрх баригчид аа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

И.Мөнхжаргал: Эрх баригчид гүйцэтгэх засаглалдаа дөнгөлүүлчихсэн өрөвдөлтэй харагдаж байна DNN.mn

АН-ын дэд дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Ирэх оны улсын төсөв батлагдлаа. Сөрөг хүчний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сүүлийн хоёр жил төсвийн тэлэлт хэт данхайж байгааг бүгд харж байна. Гэтэл иргэдийн цалин, хөлс тэр хэрээр өсөхгүй байна шүү дээ. 2024 оны төсөвт дүн шинжилгээ хийгээд харахаар ажлын байр, цалин хөлс нэмэгдүүлэх бодлого алга. Тэгсэн хэрнээ гарч байгаа задаргаа нь сонгууль руу чиглэсэн төсөв боллоо. Мэдээж сонгуулийн дараа төсвийн тодотгол хийж л таарна. Энэ нь эрх баригчдад огт хамаагүй юм шиг л аашилж байна. Тэд сонгууль угтаад 2024 оны зургадугаар сар хүртэл иргэдийн цалинг нэмнэ, тэтгэврийг 100 мянгаар нэмнэ гэдэг ч юм уу хоосон амлалтуудаа ярьсаар л байх болов уу. Монгол Улс ирэх онд 60 сая тн нүүрс экспортолно гэж төсөөлөөд төсвөө баталчихлаа. Бодит байдал дээр энэ нь тун эргэлзээтэй харагдаад байгаа. Уг нь “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг дээ. Гэтэл сая баталсан төсөв эсрэгээрээ. Дараагийнхаа хүмүүст том дарамт болох төсөв батлагдлаа.

-МАН татвар нэмэхгүй гэж сонгуульд ялалт байгуулсан. Гэвч гарч ирсэн цагаасаа хойш татвар нэмсээр ирлээ. Сүүлд УИХ-ын дарга НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох талаар ард түмнээс санал асуулга авсан ч ажил хэрэг болгож чадсангүй. Бас түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд баахан татвар нэмэхээр оруулж ирлээ. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг 100 гаруй мянган хүн дэмжсэн. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Иргэдээсээ санал аваад санаачилга гаргаад ажиллах нь уу гэтэл тэгсэнгүй. Сангийн сайдынхаа барьцаанд ороод Засгийн газрын ганц гишүүний эрх мэдлийг дийлэлгүй, парламентынхаа ч босгыг давуулж чадсангүй.

Эрх баригчид гүйцэтгэх засаглалдаа дөнгөлүүлчихсэн өрөвдөлтэй харагдаж байна. УИХ-ын бүрэн эрхийг хадгалж чадахгүй байгууллага болгочихлоо. Ардчилсан нам НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжсэн иргэдийн 100 мянган саналыг үнэгүйдүүлэхгүй. Хэрэв АН-д бодлогоо хэрэгжүүлэх боломж олдвол НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь хүртэл нэмэх ажлыг заавал хэрэгжүүлнэ.

Эрх баригчид татвараа бууруулдаггүй юм аа гэхэд бүр нэмсэн шийдвэрүүдийг гаргахаар завдаж эхэллээ. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн бариад хэлэлцэхээр болж байх шиг байна. Хотыг газар олголтоор бетон ширэнгэ болгочихоод зогсоолгүй үл хөдлөх хөрөнгийн татвар авах юм гэнэ. Хэрэв тухайн байгууллага зогсоолгүй байвал нэг хувийн татвар авна гэсэн. Дээр нь автомашины татварыг нэмэгдүүлж байгаа юм байна. Автомашинаас гарч байгаа утаанаас агаарын бохирдлын татвар гэж бас нэмэхээр болж. Хотын төв рүү зорчих юм бол 27500 хүртэлх татвар ногдуулах юм байна. Уг нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр АН-ын үед иргэдийн өөрсдийнх нь санаачилгад тулгуурлаж хийдэг байсан. Гэтэл энэ ажлыг албадлагын, захиргааны аргаар шийддэг болж байгаа нь үнэхээр харамсалтай. Ганцхан хуулиар иргэддээ ийм олон татварын дарамт учруулаад зогсохгүй хязгаарлалтууд хийж байна. Ингээд зогсохгүй зорчих эрхийг нь хүртэл хязгаарлаж байна. Эрх баригчдын энэ шийдвэрт нийгэм тэр чигтээ бухимдаж байна. Үнэхээр түгжрэлийг бууруулах гэж байгаа юм бол эхлээд нийтийн тээврийнхээ асуудлыг шийдэх ёстой. Нийгэмд ил болсон ногоон автобустай холбоотой асуудлаа нэг талдаа гаргах хэрэгтэй. Өнөөдөр хэвлэлээр ногоон автобусны хэрэгт 20 гаруй хүний нэр яригдаад байна. Энэ дотор баахан төсөл батлуулсан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нар алга. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад бүхэл бүтэн 318 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн байгаа шүү дээ. Гэтэл энэ хүн хуулиар хэрэгжүүлсэн ажлаа би мэдэхгүй гээд зугтаад явж байгаа эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Ногоон автобусны хэрэгт нийслэл хотод төрийн алба хашиж байгаа хүмүүс л хариуцлага хүлээгээд явах бололтой. Эндээс гол шийдвэр гаргасан улс нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, МАН-ынхаа ард нуугдаад төрийн хэдэн албан хаагчдад хэрэг тохоод өнгөрөх юм байна гэдэг дүр зураг харагдаж байна.

МАН Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг явуулах гэж янз янзаар үзэж байна л даа. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарын автозамд тэг зогсолт боллоо. Иргэд энэ түгжрэлийг хиймлээр үүсгэсэн байх магадлалтай гэж харж байна. Тэр өдөр замын хөдөлгөөнийг зохицуулсан цагдаагийн албан хаагч гэж харагдсангүй. Хичээл сургууль амарчихсан үед түгжрэл иймдээ тулдаггүйг нийслэлчүүд сайн мэднэ. Энэ бол өөрсдийнхөө оруулж ирсэн хуулиа яалт ч үгүй зөв юм аа гэж иргэдээр дэмжүүлэх гэсэн заль болохыг нийгмээрээ анзаарчихлаа. Эрх баригчид албаар иргэдийн бухимдлыг төрүүлж байгаад өөрсдийнхөө хуулийг явуулдаг. Эсвэл сенсаци дэгдээж байгаад шийддэг тэр арга юм биш үү гэж харагдаж байгаа.

-Танай намд татварыг бууруулах ямар шийдлүүд байна вэ. Магадгүй ирэх сонгуульд бүх татварыг 10 хувь болгож бууруулна гэж зарлавал ялалт байгуулах юм биш үү?

-АН “Өрийн дарамтгүй Монгол” аяныг орон даяар өрнүүлж байгаа. Энэ аяны хүрээнд иргэдэд ирж байгаа өрийн дарамт яг яаж тусаад байна вэ. Улмаар 2024 оны мөрийн хөтөлбөртөө татварын бодлогыг хэрхэн тусгах талаараа иргэдээс санал авч хэлэлцүүлж байгаа юм. Өнөөдөр өрөнд ороогүй монгол хүн гэж алга. Хүн болгон цалингийн, тэтгэврийн, оюутны, малчны, гар утасны, автомашины, ипотекийн зээлтэй байна. Залуучуудад ирээдүйнхээ төлөө гэсэн хүсэл эрмэлзэл алга. Зүгээр өр төлөхийн төлөө амьдарч байна. Монгол Улс түүхий эдээ экспортлоод мөнгө орж ирж байна, эдийн засаг өсөөд байна гээд л Засгийн газар нь цээжээ дэлдээд байдаг. Гэтэл хөрсөн дээрээ тэр эдийн засгийн хүртээмж нь иргэдэд очихгүй байна. Тиймээс үүн дээр зөв бодлого оруулж ирэхгүй бол нийгмийн дөрөв, таван хувь нь баян, 95 орчим хувь нь ядуу гэсэн схем рүү шилжих нь ээ. Уг нь ардчилсан орны 70, 80 хувь нь дундаж давхарга байх юм бол тогтвортой хөгжингүй орон руу ордог. Гэтэл одоо эсрэгээрээ ядуурал нь түрээд ирэхээр Монголын нийгэм тогтворгүй болох аюул нүүрлэж байна. Нэг монгол иргэнд ногдох гадаад өр 33 сая төгрөг хүрчихлээ. Харин нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байна шүү дээ.

-Сүүлийн үед танай намын зарим хүмүүс Л.Гантөмөр даргыг өргөдлөө өг гэж шаардаж байгаа харагдсан. Түүнийг намын байран дээрээ үзэгддэггүй гэх юм билээ. Нам дотор үл ойлголцол байна уу?

-АН-д дүрмийн болон бүтэц зохион байгуулалтын хүрээнд маргаантай асуудал байхгүй. Нам хамтын удирдлагын тогтолцоо руу шилжсэн. АН-ын 15 дэд дарга, намын удирдах зөвлөл гээд тогтмол ажлаа хийгээд явж байгаа. Манай нам дотор фракцаараа нийлээд намын даргыг өргөдлөө өг гэж шахаж шаардсан асуудал байхгүй. Намын даргын зөвлөлийн хурал тогтмол явагдаж байгаа. Л.Гантөмөр дарга байнга ирж үүрэг, чиглэлээ бидэнд өгдөг. Бид ч ажил үүргийн хуваариа аваад явж байгаа.

-АН генсек, хотын намын хорооны дарга хоёрыгоо яагаад тодруулахгүй удаад байгаа юм бэ. Сонгууль тулчихлаа шүү дээ. Цаг байгаа юу?

-Нийслэлийн намын хорооны даргын сонгууль энэ сарын 17-ны өдөр болно. Нийслэлийн АН-ын хороо хуралдаад даргыгаа шийдвэрлэнэ. Нийслэлийн намын хорооны бүтэц зохион байгуулалт дууссаны дараа 12 дугаар сарын 6-нд намын баярын үеэр генсекээ зарлана гэсэн хүлээлттэй байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 3, Гар одтой, шар бар өдөр. Өдрийн наран 07:59 цагт мандан, 17:15 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Багшийн ач ба бач” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг”Ардчилсан намын даргад
Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МУЭИС-ийн профессорын багийн гишүүн, төрийн удирдлагын доктор(Ph.D) Н.Гансүх “Ирэх онд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний ердөө 6.8 хувь нь эрчим хүчний салбарт харьяалагдаж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б. Цэнддоогийн “Багшийн ач ба бач” нийтлэл хэвлэгдлээ.

Доктор Б.Пүрэвсүрэн “Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан
нь монголчууд зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй
болсонтой холбоотой” хэмээв.

Метротой болтолоо микро автобусаа явуулж
байя

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЭЦА-ны мөрдөгч мөрийтэй тоглуулдаг этгээдүүдээс тогтмол авилгал авдаг нь тогтоогджээ DNN.mn

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Т бусдаас их хэмжээний авлигал авсан.

Тэрбээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан нь шалгалтаар тогтоож, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

ЦЕГ-аас цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүдийг илрүүлэн шалгах, тэдгээрийг таслан зогсоох зорилготой арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хүнийг 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Тухайн албан хаагчийн асуудлыг Цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлсэн бөгөөд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжилж байгаа “Мал, мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Хэсэгчилсэн арга хэмжээ эхэлснээс хойш пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нийт 5987 толгой бог, 1594 толгой бод малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн нэг хүнийг тус бүр 150.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Арга хэмжээний хүрээнд нийт 790 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 71 хүнийг 2.926.000 төгрөгөөр торгож арга хэмжээ аваад байна.

Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авна гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Кибер гэмт хэргийн 74.5 сая төгрөгийн шилжүүлгийг зогсоожээ DNN.mn

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дуудлага, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж, иргэдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх боломжийг хангах зорилготой Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээжээ.

Тус төв нь энэ сарын 3-12-нд 102 тусгай дугаарын утсаар интернэт банкны халдлага цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, фэйсбүүк цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдаж хохирсон иргэдийн нийт 81 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Улмаар арилжааны холбогдох банкнуудтай хамтран нийт 74.5 сая төгрөгийн хохирол учирсныг шилжилт хөдөлгөөнийг нь шуурхай хязгаарлан гэмт үйлдлийг таслан зогсоожээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авах юм байна.

Categories
мэдээ улс-төр

ҮББХ: Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.11.15)-ийн хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсохоор товлосон байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын батлах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням аудитын тайланг сонсоод өнгөрөлгүй Засгийн газарт уг асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Байнгын хороонд эргэж танилцуулах, эсвэл олон нийтэд мэдэгдэх тухай чиглэл өгөх юм уу, эсвэл хяналтын сонсгол явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Тэрбээр, аудитын дүгнэлтэд тэр чигтээ хууль зөрчсөн тухай асуудлууд яригдаж байна. Бидний төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа энэ цаг хугацаанд тохиолдож байгаа хамгийн том хулгай луйврыг ярих гэж байна. Тиймээс энэ асуудлыг зүгээр сонсоод өнгөрч болохгүй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, аудитын тайланг Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэл тус бүрээр ангилж, нэг бүрчлэн ярих нь зүйтэй гэсэн юм. Ингээд санал хураалт явуулсны үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг, нэгдүгээрт, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсох, хоёрдугаарт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсох, гуравдугаарт, Үндэсний аудитын газрын тайлангийн мөрөөр хяналт, шалгалтын ажил явуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал болгож, нэг бүрчлэн хэлэлцэхээр болов.

Эхний асуудал буюу Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр нийт 7900 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар төлөвлөсөн талаар дурдаад, төмөр замуудын төслийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник, эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүй, мухар замууд болсон, ихээхэн хэмжээний үргүй зардал гарсан хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэснийг онцлов.

Тайланд дурдсанаар, төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, оффтэйк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна. Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан байна. Мөн Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй байна. Мөн, Тавантолгой-Гашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун Сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлжээ. Түүнчлэн, Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна. Тодруулбал, ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан энэ баталгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК, “Тавантолгой төмөо зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах болон барилгын ажлын захиалагчийн хянасан гүйцэтгэл 787.1 сая ам.доллар буюу 78.3 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 785.3 сая ам.доллар буюу 78.1 хувьтай байна гэж Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулгадаа дурдсан юм.

Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөнхүү аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага Дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага Дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэж аудитын тайланд дүгнэжээ.

Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ. Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон хэмээн Үндсэний аудитын газрын тайланд дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ. Мөн, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан тухай тус тайланд дурджээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд дээрх тайланд нэр дурдсан компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг бүхэлд нь хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.