Categories
мэдээ цаг-үе

У.Ганбаяр: Бид Монголоороо ингэж яваад зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ

“Хүрээлэн” төслийн санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяртай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн аяллын адал явдлаас тань яриагаа эхэлье?

-Аялал бүхэн сонин хачин зүйлээр баялаг, өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хамгийн сүүлд бид Ханхэнтийн дархан цаазат газрын аглаг тайга, Онон голын эхэд очсон. Зун, намрын цагт тийшээ морь, мал, машинаар явахыг хориглодог юм билээ. Өвлийн цагт л машинаар очдог. Бид тавдугаар сард очсон болохоор хамгийн сүүлийн машинтай очсон хүмүүс нь болсон. Тухайн үед тайгын цас бууж бид шаварт суугаад, холбоо тасарч, хоол ундгүй хоёр, гурав хоносон. Хандгайн дүрсийг яг хажуугаас нь ойртож авах болон сойр шувууны дүрс, зураг авах гэж очсон юм. Гэвч олигтой дүрс зураг авч чадалгүй, хандгайгаа хальт хараад л ирсэн.

-Тэгээд яаж харьсан бэ?

-Биднийг сураггүй болчихоор ар гэрийнхэн маань санаа зовоод Улаанбаатарт байгаа манай төслийн багийнханд хандсан гэсэн. Манай багийнхан тэдний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ “Өчигдөрхөн байгаль хамгаалагчийн утсаар ярьсан. Сайн явж байгаа” гэж хэлсэн юм билээ. Ханхэнтийн дархан цаазат газрын хамгаалагч нар биднийг эрэн хайх ажиллагаа эхлэх гэж байхад бид яаж ийгээд очсон. Үүнийг чинь адал явдал гэх юм уу, бидний зохион байгуулалт муутай явсны алдаа гэх үү, хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү зүйл их тохиолдоно. Хүмүүс бидний ажлыг зугаатай, голын зах дээр очиж суугаад шорлог хийж идэхтэй адил гэж ойлгодог юм шиг санагддаг. Тийм амар зүйл биш. Санхүүгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч эрсдэлтэй ажил шүү дээ. Би эмнэлгээс гараад гурав хонож байна. Байнга гэрэл зургийн аппарат, хөл бас бус ачаа үүрч, уул хаданд үсэрч харайж явна. Хүйтэн нойтон газар олон цаг хэвтэж, суухаар хууч өвчин сэдэрдэг юм билээ.

-Зэрлэг амьтдын зургийг авна гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан зураг юу байв?

-Зэрлэг амьтад ямар аргамжаатай байх биш, хэцүү. Амьтад үргэлж айж, зугтаж, нуугддаг байгалийн зохилдлогоотой учраас нутгийн иргэд, биологичид болон анчид бидэнд тусална. Нэг удаагийн явдлаар заримдаа гурваас таван мянган км зам туулна. Арваад хоногийн аяллаас ганцхан амьтны зурагтай ирэх тохиолдол алийг тэр гэхэв. Ихэнх нь тийм байдаг. Зураг авахад хамгийн бэрх байсан амьтад бол ирвэс, хандгай, мазаалай. Өвлийн дунд сард ирвэсний зураг авахаар Ховд аймгийн Манхан, Чандмань сумын заагаар анх яваад хоосон ирж байсан. Тэгэхэд тав хоног мөр хайгаад, нутгийн хүмүүс явдаг, гүйдэг газрыг нь сайн мэддэг учраас энүүгээр л явна, тэнд үүртэй гээд зааж өгсөн боловч олж чадаагүй. Хоёр дахь удаагийнхаа оролдлогоор явж байхад шинэхэн цасан дээр яг л мөр нь үзэгдээд байсан. Мөрөөр нь дагаад явахад бидний алхсан мөрөн дээгүүр хоёр ирвэс хөндлөн гараад явчихсан байдаг юм. Ололгүй нэг газар баахан дурандсан. Маргааш нь нөгөө газраа яваад очиход бидний суусан газар ирж тоглоод, хөрвөөгөөд явсан байлаа. Бидний хойноос л яваад байсан юм билээ. Ерөөсөө олоогүй долоо хоносон. Яг буцахын өмнө ирвэсээ хаяад хойлог шувуу авъя гэж ярьцгаасан. Ирвэс хайж явахад хойлог дуугараад байсан юм. Ингээд явж байтал манай нэг залуу нааш ир ээ гээд дуудсан. Яваад очтол дөнгөж сая эндээс хоёр ирвэс суниагаад хөдөлсөн мөр байна гэхээр нь араас нь мөрдөж хөөцөлдсөөр байгаад 20 секундын л дүрстэй ирсэн. Долоо хоногийн хөдөлмөр шүү дээ. Бас хойд тайгаар арваад хоног морин аяллаар яваад хандгайн гучхан секундын бичлэг, гурван зурагтай ирэх жишээний. Учир нь хандгай чийг намагтай, хүний хөл хүрэхэд хэцүү газарт байдаг юм билээ. Нэг зурагны үнэ цэнийг ярихад хэцүү.

-Аяллын үеэр зэрлэг амьтан та нар руу халдах тохиолдол гарч байсан уу?

-Одоогоос жилийн өмнө бид зэрлэг гахайн зураг авсан юм. Гэтэл бидэнтэй хамт явсан морьтой хүн рүү зэрлэг гахай дайрч нохойг нь хазсан. Түүнээс өөрөөр чоно, нохой ч юм уу зэрлэг амьтан дайрч байсан тохиолдол гараагүй.

-“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болсон. Хэд хэдэн сувгаар гардаг. Телевизүүд та бүхэнд контентийн төлбөр төлдөг үү?

-Үндэсний олон нийтийн телевиз саяхнаас өгч эхэлж байгаа. Бусад нь гурваас таван минутын рекламны цаг өгдөг. Гэвч бид голдуу хөдөө гадаа явдаг болохоор тэрийгээ зарж чаддаггүй.

-Нэвтрүүлгийн нэг дугаар ямар зардлаар бүтдэг вэ?

-Аяллаасаа шалтгаална. Хүнд, хөнгөн, хол ойр хэдэн хүн оролцохоосоо хамаарна. Дунджаар гурав орчим сая төгрөгөөр нэг нэвтрүүлэг босдог.

-Аяллын зардлаа яаж олдог вэ?

– Бид айл айлын хаалга тогшоод, авсан зургуудаа үзүүлээд дараагийн аяллын зардлыг дааж өгөөч гээд явдаг. Ингэж гуйлгын маягаар явах жаахан онцгүй л дээ. Хийсэн зураг хөргөө борлуулаад, кино, гэрэл зургийн цомог болгоод өөрсдийгөө санхүүжүүлээд явбал уг нь зүгээр. Гэтэл тэгж хийж чадахгүй байна.

-Энэ хугацаанд Монгол орны хичнээн аймаг сумдаар аялж, хэдэн зүйлийн амьд амьтны зургийг аваад байна вэ?

-Увс, Завхан хоёроос бусад бүх газраар явчихлаа. Гурван жилийн хугацаанд 80 гаруй мянган км явж, 138 зүйлийн хөхтөн амьтны 70 орчим хувийг, 487 зүйлийн шувуудын 160 орчмыг нь гэрэл зургийн хальс, дүрс бичлэгт буулгачихаад байна. Өнгөрсөн зун манай биологич залуу дахиад огт бүртгэгдээгүй хоёр зүйл шувуу нэмэгдлээ гэж хэлсэн. Ингэж яваад бид төсөлд ороогүй, зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ гэж боддог.

-Монгол орны байгаль дэлхий сүйдэж, ан амьтдын тоо толгой цөөрч байгаа зүйл ажиглагдсан уу?

-Хандгай, ирвэс, халиун бугын тоо толгой өсч байна. Бид Мэнэнгийн тал, Халх гол, Дорнод Монголын дархан цаазат газраар намартаа зээр бөөнөөрөө сүрэглэн явдаг тухай сонсоод хоёр жилийн өмнө очсон боловч санаснаар болоогүй ээ. Нутгийн иргэд “Сүүлийн хоёр, гурван жил зээрийн том сүрэг орж ирээгүй” гэсэн. Хоёр мянга орчим зээртэй л таарсан. Үүнээс гадна дэлхийн дулаарлаас болоод сүйдэж байгаа газрууд байна. Хустайн нуруунд арваад жилийн өмнө хачин сайхан хус модон ойтой байсан. Гэтэл хусан ой нь одоо сөнөж, өмхийрөөд хожуул болоод дуусч байна лээ. Тиймэрхүү газар зөндөө бий.

-Та бүхэн одоо ямар амьтан дээр ажиллаж байна вэ?

-Бид өвигт тогорууны тухай баримтат кино хийж байгаа. Монголд байгаа ихэнх тогорууны зургийг авсан. Гэвч тухайн амьтны амьдралын бүтэн жилийн циклийг харуулахад энэ нь хангалтгүй юм. Өвигт тогоруу өвөлдөө дөрөв, таван мянган км-ийн зайтай Өмнөд Хятадаар дамжиж, Гималайн уулсыг даваад Энэтхэгт очиж өвөлждөг. Энэ урт замыг туулахдаа ямар зовлон бэрхшээл туулдгийг нь мэдэж хүмүүст хүргэхийн тулд намар шувуудын нүүдлийг дагаж Энэтхэг явах гэж байгаа. Үүний тулд бидэнд мөнгө хэрэгтэй болоод байна. Иймээс Монголын байгаль, амьтдын тухай авсан гоё зургуудаа жаазлаад зарж байгаа.

-Ашиг олох боломжгүй, ийм их эрсдэлтэй зүйлийн хойноос хөөцөлдөх болсон шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Монголд энэ төсөл, нэвтрүүлгээр ашиг олох боломжгүй. Гэхдээ бид энэ ажилдаа дуртай. Дуртай ажлаа хийж байгаа хүн аз жаргалтай байдаг. Нөгөө талаар Монгол орны тухай, зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, байгалийн сонин хачны тухай танин мэдэхүйн нэвтрүүлэг манайд байдаггүй. Байхгүй учраас ялангуяа залуу үе энэ талын мэдлэг хомс байна. Хүн мэдэхгүй, танихгүй зүйлээ хайрладаггүй, хамгаалдаггүй. Гэтэл дэлхийн улс орнуудад “wild life” гэж нэрлэдэг зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын тухай нэвтрүүлэг, ном сонин, гэрэл зургийн, киноны бүхэл бүтэн жанр болоод хөгжчихсөн байдаг. Тийм учраас бид уран бүтээлээрээ дамжуулж зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, эх орноо хайрлах сэтгэлийг залууст бий болгохыг зорьж явна.

-“Балдорж” сангийн шагналыг аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Бид энэ шагналыг авчихна гэж огт бодоогүй. Шагнал гардуулахын урьд орой нь бид хойд тайгаас бууж ирсэн. Эзгүй хойгуур манайхан бидний материалыг бүрдүүлээд өгчихсөн байсан. Сүүлийн арван бүтээлд үлдчих болов уу гэсэн бодол байснаас яг түрүүлнэ гэсэн зорилго ч, итгэл ч байгаагүй. Маш их урам өгсөн. Таван мянган долларын мөнгөн шагнал дагалддаг юм билээ. Түүгээр нь бид бага сага өрөө дараад бас нэг аялалд яваад ирсэн.

Б.Наранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *