Categories
гадаад мэдээ

Телевизийн алдарт хөтлөгч Игорь Кириллов 89 насандаа таалал төгсчээ

Зөвлөлт гүрний телевизийн гол нүүр царай, дуу хоолой болж байсан алдартай хөтлөгч Игорь Кириллов өчигдөр 89 насандаа таалал төгсжээ.

Тайван, тогтуун хоолойгоороо тэр Зөвлөлт Холбоот Улс анхны хиймэл дагуул сансарт хөөргөснийг, Коммунист Намын их хурлын шийдвэрүүдийг зарлаж байв. Улаан талбайд болсон бүх парад, томоохон арга хэмжээг зөвхөн Кирилловын тайлбартайгаар дамжуулдаг байжээ.

Он солигдох мөчид шинэ жилийн мэндчилгээг, Зөвлөлтийн удирдагчид нас барахад эмгэнэлийн мэдээг тэр л уншдаг байсан юм.

Харин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Кирилловын ажил хөдөлмөрийн замнал ч бас өндөрлөсөн байна.

1980-аад оны сүүлээс эхлэн дэлхий даяар телевизийн мэдээг тусгай хөтлөгч биш, сэтгүүлчид өөрсдөө уншдаг болсон нь бас үүнд нөлөөлсөн байх.

1932 онд Москва хотод төрсөн Кириллов театр урлагийн дээд сургууль төгссөнийхөө дараа 1957 оноос Зөвлөлтийн төв телевизэд ажиллаж эхэлжээ.

Тэрбээр 30 орчим жил Зөвлөлтийн төв телевизийн “Время” нэвтрүүлгийн үндсэн хөтлөгчөөр ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *