Хөл хорионы үеэр дайчлагдаж байгаа төрийн албан хаагчдын ар гэрийн нөхцөлийг сайтар судалж байж эргүүлд гаргахыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа.
Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн төрийн албан хаагчдыг эргүүлд гаргаж, хэв журам сахиулах ажилд дайчилж буй. Энэ ажилтай холбоотойгоор эмэгтэйчүүдийг шөнийн цагаар эргүүлд гаргасан, жирэмсэн эмэгтэй болон хүүхэд харах хүнгүй хүмүүс хүүхдээ дагуулж явсан гэх мэт асуудлууд гарсан. Үүнтэй холбоотойгоор УОК-оос эмэгтэй албан хаагчдыг эргүүлийн ажлаас чөлөөлсөн юм.
Шадар Сайд С.Амарсайхан “Шаардлагатай хүн хүчийг яам, тамгын газраас гаргуулахаар ажлын хэсэг дээр ярилцсан. Алдаа гаргахгүй байх боломж байсан. Алба хаагчдаа дайчлахдаа ар гэрийн нөхцөл байдлыг сайн судлах ёстой. Ар гэрт нь нялх хүүхэд байгаа, хөгшин настай хүн асардаг, хань ижил нь өвдсөн, хавдартай, элдэв гачигдалтай хүмүүсийг эргүүлд гаргаж болохгүй.
Хоёр хоногийн өмнөх албан ёсны заавар зөвлөгөө өгсөөр байтал найман сартай жирэмсэн эмэгтэйг Чингэлтэй дүүрэгт эргүүлд гаргасан байсан. Юу хийх талаараа мэдээлэлгүй очсон байна. Цагдаагийн алба хаагчид хүч, нөөц нь дутагдаж байна. Тиймээс бид дайчлан ажиллуулж байна. Гэхдээ ард нь хүн хохирч болохгүй” гэдгийг мөн хэлсэн юм.
УОК-оос өгсөн мэдээллээр 11 мянган төрийн албан хаагч хөл хорионы үеэр ажиллах тооцоотой байсан бөгөөд эхний өдөр ажилласны дараа эмэгтэйчүүдийг энэ ажлаас чөлөөлсөн байна. Нийт 4700 орчим төрийн эмэгтэй албан хаагчийг хөл хорионы үеэр хэв журам сахиулах ажлаас чөлөөлж, өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэрэг, төрийн албан хаагч гээд нийт 10 мянган хүн хөл хориог сахиулахаар ажиллаж байна гэлээ.