Өнгөрсөн есдүгээр сард Японы ерөнхий сайдаар томилогдсон Сүга Ёшихидэ даваа гаригт парламентад үг хэлжээ. Тэрээр хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэхээ амлаж, ОХУ-тай энхийн гэрээ байгуулж, Курилын асуудалд цэг тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх амлалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сайшаасан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик “А.Гутерриш уг шийдвэрийг маш ач холбогдолтой эерэг өөрчлөлт юм. Япон улс нь тогтвортой, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй дэлхийг цогцлоохын төлөө үүрэг амлалт өгсөн томоохон эдийн засагтай орнуудын нэг боллоо” гэжээ. Сүга Ёсихидэ мөн ОХУ-тай энхийн гэрээ байгуулж, маргаантай арлын асуудалдаа цэг тавих талаар дурджээ. Өмнөд Курилын бүлэг аралд багтах Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи арлыг япончууд өөрийн эзэмшлийнх гэж үздэг. Энэ талаар Сүгэ Есихидэ “Хойч үедээ гэж хойш тавилгүйгээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой” гэсэн байна. Японы өмнөх засгийн газрын тэргүүн Абэ Шинзо Курилын асуудлаар Оросын төрийн тэргүүн В.Путинтэй 27 удаа уулзаж ярилцсан байдаг. Өнгөрсөн есдүгээр сард С.Ёсихидэ Токио хотноо В.Путинтэй уулзах үеэрээ мөн уг асуудлыг хөндөж байж. Энэ нь түүнийг Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэгч гэдгээ харууллаа гэж тус улсын хэвлэлд онцолж байжээ.