Манайхан түүхэн хүмүүсийн “хар цагааныг ялгах” гэж их ярьдаг юм. Энэ нь дараах домгоос үүсэлтэй байх. Хүн нас бараад Эрлэг номун хаан дээр очиход нэг дэнс гаргаж ирдэг. Тэгээд чиний хийсэн буян энэ гээд баахан цагаан чулууг дэнсний нэг таваг дээр хийнэ… Үнэн хэрэгтээ хүний намтрыг хар ба цагаанаар ялгах гэж оролдох нь төөрөгдөл болдог. Наад зах нь юуг хар, цагаан гэх шалгуур ч харьцангуй. Хорин жилийн тэртээ бол цагаанд тоологдох юм өнөөдөр харын дансанд бүртгэгдэх жишээний. Иймээс түүхэнд иймэрхүү баталгаагүй, найдваргүй шалгуур тавихын оронд зүгээр нь тухайн баатрыг хүнийх нь хувьд ойлгож, жаргал зовлон дунд нь харах гэж оролдох нь бодитой санагддаг аа.
Ингээд хамтдаа ХХ зууны Монголын төрийг хамгийн олон жил толгойлсон удирдагч Ю.Цэдэнбалыг сонирхоцгооё. Зүгээр л бидэн шиг л нэг хүн ер бусын сонголтын өмнө ирсэн гэдгээс цааш явъя. Түүнийг Зөвлөлтийн зүгээс Монголд бодлогоо хэрэгжүүлэхээр сонгож авсан хүн. Их аллага энэ тэрээтэй холилдсон Чойбалсангийн дараагийн ээлж. Магадгүй энэ нь түүний хувийн сонголт байгаагүй. Зөвлөлтийн төлөөний хүн болохгүй гэх сонголт түүнд олдоогүй. Ингэж зориглолоо гэхэд түүнийг бүрэн дүүрэн орлож чадах өөр Цэрэнбал, Цэдэнсүрэн, Цэдэнбаяр… захаасаа аваад олдох байсан.
Чухам энэ мөчөөс эхлээд түүнд өөрийн бодол санаа, өөрийн хувь заяа байх боломжгүй болсон. Тэрээр амьдралынхаа ханийг ч өөрөө сонгох эрхгүй үлджээ. Зөвлөлтийн Дотоодыг хамгаалах байгууллага түүнд орос эхнэр авч өгсөн байна. Энэ нь Монгол орон Манжийн хараат байх үед Чин гүрний хаад өөрсний гүнжээ Монголын хан нарт гүнж бэлэглэж, эфү болгодог, түүгээрээ дамжуулан хянадаг байсны л нэг хувилбар. Оросууд ч дорно дахины энэ уламжлалыг харгалзсан байж болох талтай. Тэгж ярих юм бол Европт, тэр дундаа Орос оронд ч байсан л түүх. Тэрээр орос эхнэрийнхээ үгнээс гардаггүй байсан гэж шүүмжлүүлдэг. Нэг талаасаа хувь хүнийх нь зөөлхөн, халирамтгай зан нөлөөлсөн байж болох талтай ч Зөвлөлтийн өгсөн орос эхнэрийн үгнээс зөрөх нь Цэдэнбалд өөрт нь төдийгүй түүний толгойлж байсан жижигхээн Монгол орны хувь заяанд яаж ч бодсон эрсдэлтэй шүү дээ.
Түүнийг үндэснийхээ бичиг үсгийг устгасан энээ тэрээ гэдэг. Гэтэл энэ нь түүнийг засгийн эрхэнд гарахаас хавьгүй өмнө 1940-өөд онд эхэлжээ. Шинэ үсгийн эцэг Ц.Дамдинсүрэнгийн дурсснаар бол Төв хороон дээр түүнийг дуудаж Монголд зориулсан орос үсэг зохиох даалгавар өгсөн байна. Тэнд байсан Зөвлөлтийн төлөөлөгч монгол хэлэнд байдаггүй Щ үсэг ба “ъ” (хатуугийн тэмдэг) зэргийг заавал оруулахыг үүрэгдсэн байдаг. Цэдэнбалд, Дамдинсүрэнд, тэр бүү хэл Монгол оронд өөрт нь ондоо сонголт байсангүй.
Цэдэнбалын намтартай холбогдох хамгийн эмзэг хоёр цэг бий. Энэ бол Чингисийн мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн хүмүүсийг бут ниргэж, нийт Монгол үндэстний оюуны эцэг болсон их хааны түүхийг харлуулах, хараан зүхэх ажлыг зохион байгуулсан нэг явдал байна. Асуудлыг өөр нэг өнцгөөс нь харахад тэрээр уг ойг тэмдэглэх явдлыг мэдэж байсан төдийгүй, хориглон буруушаагаагүй, ямар нэг хэмжээнд, ядаж л соёл арга хэмжээний хүрээнд ёслоод өнгөрөх нь зүйтэй гэж бодож байсан нь харагдана. Гэтэл үүний дараа түүнийг Зөвлөлтийн удирдагчид, ялангуяа Хрущевийн зүгээс Цэдэнбалыг “Танай залуучууд бүр Чингисийн зурагтай цамц өмсөж явна гэнэ, учрыг нь ол” айлган дарамталжээ. Энд байсан Зөвлөлтийн Элчингийнхэн ч хойш нь сүр оруулан мэдээлж “Монголчууд НҮБ-д элссэнийгээ Зөвлөлтийн ач биш Чингис хааны ач” гэж үзэж байгаа мэтээр нэмж, олихоо мартсангүй. Хрущев үүнд уурлаад Монголд айлчлах гэж байснаа болилоо гэж айлгав.
Ингээд ойгоо тэмдэглүүлэгч, ойг нь тэмдэглэгч хоёуланг ниргэхээс өөр зам үлдсэнгүй. Хэрвээ ниргэхгүй бол өөр дээр нь аянга буухаас гадна, уг ажлыг Цэдэнбалаас дутахгүй хийгээд өгчих хүнийг зөвлөлтүүд олж чадахгүй юм биш.
Дараа нь тэрээр өөрийн төрсөн бууц Давст уулаа Зөвлөлтөд бэлэглэчихсэн асуудалтай. Өдгөө Галдан бошогтын хэлсэн гэх “Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан нь ч бүү өг” гэсэн уриаг духан дээрээ наасан Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг хөдөлгөөний өнцгөөс харвал Ю.Цэдэнбал нь нэгийн өмнөх дугаартай “урвагч” шиг харагдана.
Гэтэл хэрэг явдлыг нөгөө нэг талаас нь харахад мөн өөр үнэн гарч ирнэ. Дэлхийн гүрэн Зөвлөлтийн гадаад бодлогын нүүр царай явсан В.Молотов шалдаа буугаад 1957 онд Монголд суух Элчин сайдаар иржээ. Алдагдсан нэр төрөө эргүүлж авах хүсэл нь буцалсан тэрээр сууж байгаа улсынхаа газар нутгаас таслан өөрийн улсдаа бэлэг барих арга сонгожээ. Монголоос ХХ зууны эхээр булааж авсан “Тувагийн газар нутгийн үлдэгдэл” хэмээн баахан нутаг нэхлээ. Нэг өдөр мөн Хрущев дуудаж, хилийн хэлэлцээр хийж байгаа үгэнд ордоггүй (газар нутгаа зүгээр өгөхгүй) нөхдийнхөө учрыг олохгүй бол би айлчлахгүй хэмээн Цэдэнбалыг айлгалаа. Хрущев нэг ч айлчлаагүй мөртлөө хоёр ч удаа айлчлахаа больж байсан нь сонин. Цэдэнбал айлаа, Цэдэнбалын дэлсэн буй зүрх басхүү нийт монголчуудын айдсыг тээн цохилно. Ингээд төрсөн бууцаа, хүйг нь дарсан чулуутай Давс хайрхан уулаа тэдэнд барилаа. Бурханы зүгээс Ю.Цэдэнбал ба түүний БНМАУ-д өөр сонголт өгсөнгүй.
Оросуудын хамгийн их айлгадаг зүйл нь Хятад. “Бидний үгэнд орохгүй бол тэгээд л Хятадаа дагачихаач. Бидэнгүйгээр танай тусгаар тогтнол гэж юу байсан юм бэ, дургүй бол больчих”. Энэ сүрдүүлгээ ил далд байнга ойлгуулна.
Айлгахын хэрээр нь үнэнчээ харуулах гэж Хятадыг улам их үзэн ядна. Зайлуул хөөрхий, нас ахиж яваа удирдагч Ю.Цэдэнбал “Хятадыг хичнээн их үзэн ядна, тэр хэрээрээ Зөвлөлтөд хайртай болж харагдана. Зөвлөлтөд хайртай болж харагдах тусам өөрийнх нь байх суурь бэхжиж, захирч байгаа улсынх нь тусгаар тогтнол баталгаажна” гэж үзнэ.
Өнөөдөр бидний дунд эмгэг байдлаар илэрдэг хятадыг үзэн ядах үзлийг уг сурвалж чухам эндээс эхтэй.
Цэдэнбал хэмээх хувь хүний өөрийнх нь мэдлээс нэгэнт холдсон заяа тавилан, доромжлогдсон үндэсний бахархал, харьд бэлэглэсэн, (төрийн тэргүүнийх нь төрсөн) газар энэ бүгд ХХ зууны Монголын тусгаар тогтнолын нэгэн төлөөс байлаа. Үнэгүй юм гэж үгүй.
Ю.Цэдэнбалыг бидэнтэй л адилхан жаргал зовлон, айдас хүйдэстэй хувь хүн, оногдсон хувь заяаныхаа эрхшээлийг дагасан нэгэн гэдэг талаас нь харвал ийм дүр зураг харагдана. Харин үзэл сурталжсан, гуйвсан үнэн дээр бий болсон баатарлаг аугаа жолоодогч гэдэг талаас ярих тусам хийсэн үйлдснийхээ хариуцлага бүхнийг өөрөө үүрэх учиртай болж, Чингис хаанаа зүхсэн, сэхээтнээ хавчсан, үүх түүхээ зүхсэн, төрсөн бууцаа харийн оронд бэлэглэсэн гэхчлэнгийн явдлууд нь цэвэр хувийнх нь санаачилга мэт үзэгдэх билээ.
Манайхөн Зөвлөлт-Дагестаны зохиолч Р.Гамзатовын “Миний Дагестан” хэмээх уран нийтлэлийн номд байдаг “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэсэн үгийг тогтоогоод авчээ. Өнөөдөр түүхэн үнэнийг сэргээхийн эсрэг хамгийн том лоозон бол үг болж байна. Энэ үгийг тэндэхийн цэцэн цэлмэг, ардын билигтэн Абуталиб Гафуров гэдэг өвгөн Кавказын босогчдын түүхт удирдагч Шамилыг муулж байгаад эгдүүцэн хэлсэн байдаг. Эзэн Чингис хаанаа муулж, их Монголын баатарлаг түүхийг харлуулж буйд дотроо эгдүүцэж байсан монголчуудад энэ үг их таалагдсан юм. Тэгээд ер нь бол Эзэн Богд Чингис хааны тухайд л ярьдаг, хэлдэг үг байлаа.
Гэтэл өнөөдөр мушгигдсан түүхээ сэргээхийн эсрэг уриа болчихсон тууж явна. Худал хуурмагаар бичигдсэн гуйвсан түүхийг үнэний их буугаар буудаж нураахгүй юм бол саруул ирээдүй үлдэхгүй шүү дээ.
2011.06.15