Монгол улсын Цагдаагийн Ерөнхий газар, БНХАУ-ын НАХЯ, Өвөр Монголын өөртөө засах орны нийгмийг аюулаас хамгаалах танхимын хамтын ажиллагааны хүрээнд хятадын талаас хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газарт богино хугацаанд шинжлэх хүчин чадалтай багаж бэлэглэжээ. Тодруулбал, АНУ-ын “Термо Фишэр” технологийн компанид үйлдвэрлэсэн олон улсад ашиглагддаг “ТruNarc” гар багаж гурван ширхэг, мөн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагааны үед ул мөр бэхжүүлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест бүхий иж бүрдэл цүнх хоёр ширхэгийг тус тус буцалтгүй тусламжаар бэлэглэлээ.
Монгол улсын цагдаагийн байгууллага нь энэхүү багажийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд нэвтрүүлснээр хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газар түргэн шуурхай шинжлэх, цаашлаад эрүүгийн хэрэгт нотлох баримтын хэмжээнд ашиглах ач холбогдолтой юм.