Categories
мэдээ нийгэм

Д.Дуламсүрэн: Авлига, хүнд сурталтай холбоотой мэдээг 110 утсаар үнэ төлбөргүй өгөх боломжтой

АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.


-АТГ шинээр 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэлж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-АТГ-т иргэд хандаж төрийн байгууллага, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд мэдээлэх үүргийг харахад иргэдийн оролцоо бага байсан.Үүнийг судалж үзэхэд авлигын талаарх мэдээллийг өгөх утсыг мэддэггүй гэж гарсан. Нөгөө талдаа авлигын талаар мэдээлэх дугаар олон оронтой тоо учраас иргэд цээжилдэггүй, тогтоодоггүй юм байна. Түүнээс гадна мэдээллийг чандлан хадгалж чадах юмуу гэдэг дээр иргэд эмээж, эргэлздэг учраас мэдээлэл өгөхгүй байх тал харагдаж байсан. Азийн сангаас хийсэн иргэдийн авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох 2017, 2018 оны судалгааны дүнгээр авлигын талаар мэдээлэл өгөх утас ажиллаж байгааг мэдэх үү гэсэн асуултад судалгаанд оролцож байгаа иргэдийн 85 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Энэ судалгаа дээрх асуултад хоёр жилийн турш 80 гаруй хувьтай байсан. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар АТГ 1416 гомдол мэдээлэл хүлээж авсан байна. Үүний зөвхөн 192 буюу 12 хувийг утсаар хүлээж авсан. Үлдсэн 868 гомдол мэдээллийг шуудангаар хүлээж авсан. Шуудангаар дамжуулж байгаа нь тухайн мэдээллийг шууд газар дээрээс нь дамжуулж чадахгүй байсан учраас л шуудангаар илгээсэн гэсэн үг. Энэ үзүүлэлтүүдийг үзэхэд мэдээллийн суваг хангалтгүй учраас энэ урсгалыг сайжруулах шаардлагатай болсон. Иргэд АТГ-т итгэж мэдээлэл өгөхөд нь бид газар дээр нь асуудлыг шийдэхэд эргээд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, төрийн албан хаагч ёсзүйгээ чанд баримтлах зэрэг хууль тогтоомжийн дагуу ажиллахад дэмжлэг болно гэж бид үзэж байгаа. Мөн авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлига албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл авах үйл ажиллагаа, арга хэлбэрээ өөрчлөн иргэд байгууллагаас өргөдөл гомдол мэдээллээ утсаар авах нөхцөл боломжийг сайжруулна гэж заасан. Үүний хүрээнд Үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ын авлигын эсрэг конвенцид ч гэсэн иргэдийн оролцоог сайжруулах нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг гишүүн орон бүр дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай гэж тусгасан байдаг.Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж цээжлэхэд хялбар, үнэ төлбөргүй байх нөхцөлтэйгөөр утасны дугаараа 110 болгож өөрчлөх нэгдсэн шийдвэрт хүрсэн. 1800-1969 гэсэн утасны дугаарыг 110 тусгай дугаар болгож өөрчилсөн.

-Өнөөдрөөс эхлэн ажиллаж байгаа юу?

-Өнөөдрөөс(өчигдрөөс) эхлэн албан ёсоор иргэдэд сурталчилж эхэлсэн. Утсаа одоогоор холбуулчихсан байгаа. Өмнө нэг ажилтан утасны жижүүрээр ээлжлэн утсаар ирсэн мэдээллээ хүлээж авдаг байсан. Үүнийг өөрчилж, операторуудын хэлбэрт оруулан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол нэг товчлуур, хөрөнгө оруулгын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээ хүнд сурталтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх гэж байгаа бол бас нэг өөр товчлуур дарах гэх мэтээр ялгамжтай хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ нь эргээд ирсэн гомдол мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа. Түүнчлэн 110 тусгай дугаар үнэгүй учир холбогдсон иргэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгө авах боломжтой болсон. Өмнө төлбөртэй байсны дээр цаганд хавчигдаад удаан ярьж чаддаггүй байсан бол одоо харилцан ярилцаж өгч байгаа мэдээллээ илүү дэлгэрэнгүй өгч, эргээд хариу авах боломжтой болж байна.

-Шуудангаар өгөх шаардлагагүй болчих юм байна. Гэхдээ мэдээлэл өгч байгаа иргэдийн нэр, утасны дугаарыг нууцлах боломж байгаа юу?

-Мэдээж миний өгсөн мэдээлэл хэр их нууцлалтай байдаг юм бол, намайг энэ мэдээллийг өгсөн гэдгийг мэдээд эргээд надтай эвгүй харьцах вий гэдэг эмээлт иргэдэд байдаг. Тиймээс утсаар ирсэн гомдол мэдээллийг тухайн иргэний өөрийн хүсэлтээр нууцлах бүрэн боломжтой. Дуудлагаар ирсэн гомдол мэдээллийг авсан оператор нь шууд программд шивж оруулдаг. Энэ явцад тухайн иргэн анхнаасаа нэрээ нууцлан гэвэл зөвхөн хүлээж авсан ажилтны тэмдэглэлд ороод бусад хэсэг ,нийтэд ил харагдах хэсэг болон удирдлагын түвшинд танилцуулагдахдаа нэр усгүйгээр танилцуулагддаг гэсэн үг. Тэгэхээр иргэдийн зүгээс мэдээлэл өгөхдөө сөрөг үр дагавар гарахгүй гэж харж мэдээлэл өгөх бүрэн боломжтой гэж хэлмээр байна.

-Хэр шуурхай үйлчилгээ үзүүлэх вэ. Өгсөн мэдээллийнхээ хариуг иргэд мэдэх хэрэгтэй байх?

-Ирж байгаа өргөдөл гомдолд шуурхай хариу өгөх боломжтой болчихсон гэж ойлгож болно. Өмнө нь шуудангаар мэдээлэл ирүүлээд тэр нь 14 хоногийн дараа ажиллагаанд орох байсан бол одоо ярианы төлбөргүй 110 утсаар залгахад бид шуурхай хариу авах, өгөх зэргээр хариу арга хэмжээг шуурхай авах боломжтой болсон.

-Иргэдийн зүгээс яг ямар мэдээллийг авлига гэж үзэж дуудлага мэдээлэл өгдөг вэ?

– Нэг талдаа иргэн хүн ашиг сонирхлын зөрчил гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүйгээр хандаад байдаг. Үүнийг ойлгохгүйгээр өгч байгаа мэдээлэл нь зөрүүтэй болчихдог. Тийм учраас бид иргэдэд зориулсан авлига гэж яг юу вэ, ашиг сонирхлын зөрчил дотроо хувийн, нийтийн ашиг сонирхол гэж юуг хэлэх вэ зэрэг зөрчлийн талаар мэдээлэл ойлголт өгөх шаардлагатай гэдэг нь харагдсан. Хөрш төрийн албан хаагч нь нүдэн дээр нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа, эсвэл тухайн албан хаагчийн хөрөнгө оруулгын мэдээлэл вэб сайтад нээлттэй байгаа учир түүнтэй орж танилцахад унаж байгаа машинаа оруулаагүй байх ч юмуу, эсвэл байр байшингаа мэдүүлээгүй байгаа тохиолдолд мэдээлэл өгөх боломжтой. Үүнийг АТГ үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа эсэхийг шалгаад хариу өгөх болно. Төрийн хүнд сурталтай, авлигтай үйлчилгээ, албан тушаалтны зүй бус шаардлага байх асуудлыг иргэнтэйгээ хамтарч хянан шийдвэрлэж шуурхай шийдэх боломжтой боллоо. Түүнээс гадна өргөдөл гомдол мэдээллийг авч дүн шинжилгээ хийж, хянан шалгаж хариуцлага хүлээлгэх ажлыг түлхүү авч үзэж байна.

-АТГ-д ихэвчлэн ямар гомдол мэдээлэл ирдэг вэ?

-Бид сар бүр, долоо хоног бүр дүн шинжилгээ хийж үздэг. Ихэвчлэн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл түлхүү ирдэг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *