Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Найдалаа: Ажилчдынхаа цалинг нэмэх тусам хохирдог бус хөнгөлөлтөд хамрагддаг татварын тогтолцоог бий болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Онгоцны түлш ОХУ-аас урт хугацаанд нийлүүлэх гэрээ улс төрийн шуугиантай сэдэв болж байна. Байнгын хороодын хуралдаанаар ч энэ асуудал гишүүдийн шүүмжлэлийг нэлээд авч байх шиг. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь онгоцны түлшийг аль болох тогтвортой хямд үнээр тасралтгүй нийлүүлэх нь чухал. Онгоцны түлшээ төдийгөөс өдийг хүртэл авч ирсэн ОХУ-тай өргөн хүрээнд хэлэлцээр байгуулахыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэвч ийм хэлэлцээр байгуулна гэдэг байдлаар бизнесийн нарийн заалт руу орсон, тогтвортой найдвартай мэт атлаа үнэ, нийлүүлэлт нь хямдрах эсэх нь тодорхой бус, эргээд Монголын талаас асар их үүрэг хүлээлцсэн ийм гэрээ орж ирснийг дэмжихгүй байна. Үүндээ бүр татвар болон Монгол Улсын газрын тосны бодлогыг хүртэл өөрчлөхгүй тогтворжуулах том том нөхцөлүүдтэй юм билээ. Ийм төсөл байгаа учраас миний хувьд дэмжих боломжгүй байгаа юм.

-Өөрөөр хэлбэл, ганц орноос хараат байх бодлого илүүтэй шингэсэн гэж ойлгож байна уу?

-Манайх руу онгоцны түлш нийлүүлдгээрээ нийлүүлж болно. Гэхдээ Монгол Улс хоёр хөрштэй нь үнэн боловч зөвхөн нэг газраас бус өөр орнуудаас түлш импортлох боломжийг уг гэрээгээр хааж, боож болохгүй л дээ. Энэ бодлого Монгол Улсын хувьд нээлттэй байх ёстой. Нөгөөтэйгүүр манай улс газрын тосны үйлдвэртэй болох асуудал дээрээ нэлээд анхаарал хандуулж явж байгаа. Хөрөнгө оруулалт, бодлогын хувьд асуудлыг шийдсэн гэж ойлгож байна. Энэ утгаараа газрын тосны үйлдвэр ирэх 2027-2028 онд ашиглалтад орчих болов уу гэж бодож байгаа. Тэр үед бид өөрсдөө онгоцны түлшээ гаргаж аваад нийлүүлье, ашиглая гэхээр энэхүү хэлэлэцээр саад болчих юм биш үү гэсэн агуулга харагдсан. Хамгийн ноцтой нь энэхүү гэрээг 20 жил буюу урт хугацаанд хийхээр байгаа юм.

Энэ хугацаанд бид дотоодынхоо газрын тосны үйлдвэрийг бүрэн ашиглах боломжгүй мэт болгочихож байгаа юм. Тиймээс 20 жилийн хугацаанд ийм хэлэлцээр хийх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон төрийн бодлого талдаа буруу гэж үзэж байна.

-Хугацааг тав, эсвэл 10 жил биш, бүр 20 жил гэж урт тавьж өгснийг та хувьдаа юу гэж ойлгож байна вэ?

-Урт хугацаанд тогтвор той хангана гэдэг бодлогынхоо хүрээнд л энэхүү хугацааг сонгосон юм болов уу. Хамгийн чухал нь хугацаанаас гадна Монгол Улс түлшээ хаанаас авдаг байх ёстой юм бэ гэдгийг заачихсан нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ганцхан газраас авдаг байдал нь өрсөлдөөнд зарчимтай нийцэхгүй байна гэсэн үг. Нөгөө талдаа бид түлш ч байна уу юу ч байна ганцхан эх үүсвэрээс авдаг бус өөр бусад орнуудаас болон дотоодоосоо авдаг болох хэрэгтэй байгаа юм. Энэ байдлаар нэг бүтээгдэхүүнийг нэг газраас урт хугацаанд авдаг болчихвол Монгол Улс өөрөө үйлдвэрлэх, бусдаас худалдан авах, үнийн өрсөлдөөн бий болгох боломжгүй болчихно.

-Манай улсын хувьд хоёр хөрштэй, далайд гарцгүй оршдог гэдэг утгаараа онцлогтой бүсэд ордог. Энэ талаас нь ойлговол Монгол Улсын гуравдагч хөрштэйгөө харилцах гол суваг бол агаарын тээвэр. гэтэл Монголын агаарын тээврийг хяналтандаа оруулах гэсэн ОХУ-ын бодлого явж байна гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Та уг асуудлыг энэ өнцгөөс нь харж байгаа юу?

-Агаарын тээвэр бол бидний хувьд онцгой чухал салбар гэдэгтэй санал нэг байна. Агаарын гарцаа бид хаашаа ч явсан чөлөөтэй, нээлттэй байлгах хэрэгтэй. Гарцаа нээлттэй байлгахын тулд бидэнд онгоцны түлш хэрэгтэй. Гол нь тэр түлшээ нэг эх үүсвэрээс буюу нэг орноос хараат байдлаар авдаг байх нь буруу бодлого гэж харж байгаа. Аль нэг газраас тогтвортой авах нь чухал биш. Харин аль нэг газрын нөлөөнд орохгүйгээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь тогтдог, өрсөлдөөн рүү бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр нэг газраас авах боломж хязгаарлагдмал байдалд ороход өөр эх үүсвэрээс чөлөөтэй авчихдаг байх нь л хамгийн чухал юм. 20 жилийн турш онгоцны түлшээр тогтвортой хангах гэрээ гэж ярьж байгаа. Үнэндээ гэрээ хийснээрээ асуудал тогтвортой, найдвартай болчихно гэсэн зүйл огт байдаггүй. Аль нэг талд нь гэрээгээр хүлээсэн үүрэг нь таалагдахгүй бол хэн ч тэрхүү гэрээг цуцалж болно. Тэр цагт яах вэ гэдгээ л бодох нь чухал л даа.

-Урт хугацаанд ОХУ-аас онгоцныхоо түлшийг хангах нь дотоодын газрын тосны үйлдвэрийнхээ ашиглалтад яаж сөргөөр нөлөөлж болохыг Засгийн газраас та бүхэнд юу гэж тайлбарлаж байна вэ?

-Үүнд тодорхой хариулт өгөхгүй байгаа. Хэлэлцээр байгуулж болно. Хямдхан түлш авч болно. Хямд түлш гэдэг бол хямд тийз гэсэн үг. Энэ талаасаа уг асуудал чухал. Гэхдээ гэрээндээ нэг газраас л хангах асуудлыг тулгасан байдлаар тусгаж өгсөн нь л асуудал болж байна.

-Уг гэрээ, хэлэлцээрийг манай тал хүлээн авах боломжгүй байна гэдгээ ОХУ-ын Засгийн газарт илэрхийлбэл яах вэ. Оросын талаас ирэх дарамт, сөрөг нөлөөлөл нь юу байж болох вэ?

-Миний хувьд үүнийг Орос ч байна уу, Хятад ч байна уу. Аль нэг улсын бодлого гэж огт харахгүй байгаа. Харин эсрэгээрээ энэ бол бизнес. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд түлш нийлүүлэх бизнес гэж харж байгаа. Бизнес гэхээр хэн нэгэнд ашигтай байхыг л хэлнэ. Харин улсын бодлого ашиг гэхээс илүү харилцаа руу чиглэдэг. Үнэндээ ОХУ шиг ийм том гүрэн Монгол Улсын онгоцны түлшийг тогтвортой урт хугацаанд нийлүүлнэ үү, эсвэл тасална уу тэр бол асуудал биш. Асуудал биш гэдэг нь тус оронд уг хэлэлцээр эдийн засагт нь нөлөөлөх хэмжээний асуудал биш гэсэн үг. Энэ утгаараа Монгол Улсын хувьд уг асуудлыг томруулж ойлгох шаардлага үнэндээ байхгүй. Гол нь Монгол Улс аль нэг улсаас, эсвэл компаниас гэдэг нь хамаагүй. Нэг эх үүсвэрээс л урт хугацаанд авна гэдэг нь буруу. Түүнээс биш үүний цаана улс орны хэмжээний том бодлого байгаа гэж харахгүй байна.

-Уг гэрээ, хэлэлцээрийг гишүүд дэмжихгүй хандлагатай байсан. Гэхдээ Засгийн газар оруулж ирсэн учраас УИХ баталчихдаг ийм нэг жишиг тогтчихоод байгаа. Энэ жишгээрээ явах болов уу?

-Мэдэхгүй. Миний хувьд гэрээний нөхцөл, заалтуудыг харахад уг гэрээг дэмжихэд их хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Гишүүдийн хандлага ч ийм байсан. Дэмжихэд хэцүү. Нөгөөтэйгүүр уг асуудлыг Засгийн газар хоорондын түвшинд хэлэлцэх гэхээс илүү зүгээр бизнесийн харилцааны зохицуулалтаар л явчих мэт санагдсан. УИХ бол хууль баталдаг газар. Яагаад заавал уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэж.

-Татвартай холбоотой асуудал үнэхээр хурцдаж байна. Татвараас болж иргэд бухимдаж, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд уг асуудлыг яаж шийдэх ёстой гэж хардаг вэ?

-Монгол Улсад татварын дарамт их байна. Тэр дундаа НДШ болон НӨАТ-тай холбоотой дарамтууд их байгаа нь үнэн. НӨАТ-ын хувьд манай улсад зарим нь төлдөг, зарим нь төлдөггүй. Өөрөөр хэлбэл, жигд бус татвар гэж хардаг. Тэгсэн атлаа ижилхэн зах зээл дээр адилхан өрсөлдөж байгаа үед өртөгийн ялгаа гарчихаар уг асуудал шударга бус байдал руу орчихож байгаа юм. Шударга бус болчихоор л ямар ч зүйл асуудалтай болдог. Үүний нэг тод жишээ нь НӨАТ. Уг асуудалтай холбоотойгоор зарим гишүүд хууль санаачилж, гишүүдийн дэмжлэгийг хүсч байна лээ. Миний хувьд сүүлд уг асуудлаар дэмжиж гарын үсгээ зурсан. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээгээр биш, ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн түр хугацааны ажил дээр НӨАТ боддог байдлыг болиулъя гэж байна лээ. Үүнийг дэмжсэн. Ер нь ингэж НӨАТ бодуулах нь цалин бодуулж байгаа хүндээ ч тэр, байгууллагадаа ч тэр хүндрэлтэй. Зарим байгууллагуудад дарамт байгаа. Тэр нь өндөр цалинтай хүндээ өндөр НӨАТ төлдөг. Энэ нь тухайн байгууллагад асар их зардлын дарамт болж байдаг. Эдгээр асуудлыг болиулах, хөнгөлөх хуулийн төслүүдийг дэмжиж гарын үсгээ зурчихсан байгаа. Угтаа ажилчиндаа цалинг нь нэмчихье гэхээр тухайн байгууллага өөрөө эдийн засгийн хувьд хохирчихдог ийм татварын алдаатай тогтолцоо явж байгаа. Үүнийг өөрчлөх ёстой. Цалингаа нэмэх тусам байгууллагад ирэх татварын дарамтыг багасгадаг ийм хуулийн төсөл боловсруулагдах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа цалинг нэмэх тусам хохирдог бус хөнгөлөлтөд хамрагддаг татварын тогтолцоог бий болгох, өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж татварын шударга тогтолцоо бий болно.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар болон Евразийн хэлэлцээрт орох эсэх талаар ярилцлаа.


-Онгоцны түлшийг ОХУ-аас урт хугацаанд авах гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцлээ. Зарим байнгын хороодын хувьд уг асуудлыг дэмжсэнгүй. УИХ-ын гишүүнийхээ хувьд уг асуудал ямар агуулга, байр суурьтай байгаа вэ?

-Онгоцны түлшний асуудал 2022 онд яригдаж байсан. Ингэхэд Орос, Монголын хамтарсан хувийн хэвшлийн компани хийдэг байлаа. Тухайн үед уг компани үнэ өртөгийг нь нэмээд байна гэдэг зүйл яригдсан. Улмаар Монголын төрийн өмчит “Эрчис ойл” компаниар онгоцны түлш оруулж ирдэг болно гээд мөн адил нэлээд улс төр болж байгаад шийдвэр гаргаж байсан. Түүнээс хойш онгоцны түлш авдгаараа авч, онгоцны тасалбарын үнэ тодорхой хэмжээгээр буураад явсан байх. Асуудал ингэж явж байхад саяхан энэхүү асуудлыг дахиад оруулж ирлээ. Ингэхдээ ОХУ-аас 20 жилийн хугацаатай, 60, 40-ийн харьцаатай хамтарсан компани байгуулаад онгоцны түлш оруулж ирье гэдэг гэрээ, хэлэлцээрийн төслийг Засгийн газар УИХ-д танилцууллаа. Товчхондоо уг асуудалд бид маш болгоомжтой хандах шаардлагатай.

-Болгоомжлох асуудал нь яг юу байна. Та үүнд тодорхой хариулахгүй юу?

-Нэгдүгээрт, гэрээний нөхцөлөө хар. Хоёрдугаарт, манай улс Энэтхэгээс 1.5 тэрбум ам.долларын зээл аваад дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэж байгаа.

Яг одоогоор тус үйлдвэрийн ажил бүрэн дуусаагүй байгаа ч 20 жил арай болчихгүй байлгүй дээ. Ямартаа ч монголчууд нефтийн үйлдвэртэй болох нь тодорхой. Уг үйлдвэрийн маань хамгийн эхний бүтээгдэхүүн нь онгоцны түлш байгаа шүү дээ. Гэтэл ОХУ-тай хамтрасан компаниар тус улсаас онгоцны түлшээ 20 жилийн хугацаанд авна гэж байгаа. Магадгүй 2028 он гэхэд бид онгоцны түлшнийхээ хэрэгцээг дотоодоосоо хангаад ирвэл үүнийг нь нийлүүлэх эсэхийг ОХУ-аас асуух болчих юм уу даа. Бүр дотоодынхоо гаргасан түлшийг ашиглах нь хориотой ч юм шиг ийм гэрээ орж ирсэн. Нөгөөтэйгүүр 20 жилийн хугацаанд ямар ч компани дотооддоо асуудал үүснэ. Ямар нэгэн маргаан гарч ирнэ. Тэр үед асуудлыг Монголын арбитрын шүүхээр бус ОХУ-ын арбиртын шүүхээр шийднэ гэж байгаа. Угтаа байгуулах гэж буй хамтарсан компани нь Монголын тал 60 хувийг, ОХУ-ын тал 40 хувийг эзэмшинэ гэж байгаа шүү дээ.

-2022 онд уг асуудал яригдаж байгаад Монголын төрийн өмчит компаниар хийлгээд явсан байна. Энэ асуудлыг та яагаад дурдах болов?

-Тухайн үед бид “Эрчис ойл”-ыг байгуулж байхад өмнөд хөршөөсөө төрөл бүрийн түлш авах энэ бэлтгэл ажлаа хангаарай гэж захиж байсан. Хүссэн хүсээгүй бид ОХУ-аас олон жил түлш, шатахуунаа авч ирсэн. Тиймээс хоёр дахь, гурав дахь эх үүсвэрийг олоорой, бэлтгэл ажлаа хангаарай гэж захиж байлаа. Хоёр дахь эх үүсвэр нь ойлгомжтой байх. Дотоодын эх үүсвэр шүү дээ. Гурав дахь нь мэдээж бид өмнөд хөршөөсөө түлш, шатахуунаа авах асуудлыг ярьсан. Бэлтгэл ажил гэдэгт мэдээж орж ирдэг зам, ачиж буулгадаг терминал, буулгасныгаа хадгалдаг агуулах, сав нь орно. Энэ мэт бэлтгэл ажлаа маш сайн хийх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл тус компани энэ чиглэлээр дорвитой ажил нэг ч хийгээгүй. Энэ утгаараа нэг талаас бүрэн хараат байх асуудал урт хугацаандаа ч өөрчлөгдөхгүй байх вий гэдэг болгоомжлолоор л уг асуудалд хандаж байна.

-Монголчуудын мөрөөдөл болсон нефтийн үйлдвэрээ бид барих гэж олон жил ярьж, ярьж сая нэг ашиглалтад орууллаа. Гэтэл гаргасан бүтээгдэхүүнийг нь ашиглах боломжгүй болгох юм биш үү гэж байна. Үүнд Засгийн газрын зүгээс та бүхэнд ямар тайлбар өгч байна вэ?

-Болно, чөлөөтэй байгаа, нээлттэй гэдэг. Гэтэл гэрээнийх нь трафтыг харахаар огт ийм агуулга харагдахгүй байна. Тиймээс Засгийн газрын сайд нар УИХ-д, тэр дундаа гишүүдэд мэдээлэл өгөхдөө үнэн зөвөөр танилцуулж байх хэрэгтэй. Худлаа ярьж аргалаад, наргиан дундаа яваад байж болохгүй. Адаглаад гишүүдийнхээ болгоомжилж байгаа асуудалд нь тодорхой баримттай, судалгаатай тайлбар өгч чадахгүй байна. Гишүүд болгоомжилж, тал бүрийн асуудлыг нь нээж өгч байгаа нь буруу зүйл огт биш. Энэ бол энэхүү парламент 126 болсоны нэг ач холбогдол гэж харах хэрэгтэй. Би түрүүн хэллээ. Нэг эх үүсвэрээс бүх зүйл хамааралтай байх бодлого гэж байхгүй.

-Онгоцны түлш нийлүүлэх асуудал нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын бодлого гэхээс илүү аль нэг бизнесийн өөрт ашигтай байх нөлөөлөл яваад байна гэж байх уу. Өөрөөр хэлбэл, бодлого гэхээс илүү бизнесийн хэлэлцээр юм биш үү?

-Миний хувьд асуудлыг энэ өнцгөөр харахаас илүү бусад гишүүдтэй адилхан хөдөлж чадахгүй зүйл рүү орчихоод буцаад гарч чадахгүй болчих вий дээ гэдэг байдлаар харж байгаа.

-20 жил гэдэг хугацааг яагаад заавал тавьж өгсөн юм бол?

-Харин асуудал нь бас энд байгаа. Үүнийг гишүүд бид мэдэхгүй байна. Мэдээлэл өгөөч гэхээр тодорхой хариулахгүй байна. Тэгэхээр энэ мэт асуудлаа тодорхой болгох шаардлагатай байгаа юм.

-ОХУ-тай холбоотой дараагийн нэг өрнөөд байгаа асуудал нь Евразийн хэлэлцээрт нэгдэх эсэхийг УИХ хэлэлцэж байгаа. Уг асуудалд таны байр суурь ямар байна вэ?

-Энэхүү гэрээ өмнө нь хулгайн аргаар гэдэг бил үү, нууцаар гэнэт орж ирж байсан. Тухайн үед мөн адил улс төрийн гал бужигнаад буцаагдаж байсан санагдана. Ер нь хүн мэдээлэл аваагүй, мэдээлэлгүй асуудал дээрээ эсрэг байр суурь илэрхийлэх нь тодорхой. Миний мэдэж байгаагаар өмнө лав уг хэлэлцээртэй холбоотой асуудал дээр бөөн бужигнаан үүсч байсан. Харин одоо дахиад орж ирж байгаа дээр шүүмжлэх асуудал олон байна. Нөгөө л нээлттэй ардчилсан парламент байгаагийн бас нэг үр дүн нь энэ. Тэр үед уг асуудлаар бужигнаад дараа нь Засгийн газар хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр тодорхой хэмжээний тарифууд дээр тохиролцоо хийсэн гэж бидэнд мэдээлэл өгсөн. Шинээр хийсэн гэрээгээ яаж хийсэн юм бэ. Энэ гэрээгээр нөлөөлөн оролцогч талууд буюу Монголын үйлдвэрлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, салбар салбарын хүмүүсээс, судлаачдаас, эдийн засагчдаар үнэлүүлсэн үү. Үнэлүүлээд хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан уу. Ингээд УИХ-д уг асуудлыг танилцуулсан уу. УИХ-ын гишүүд ерөөсөө энийг л нэхэж, асууж байгаа. Үнэндээ Эдийн засгийн хөгжлийн сайдын үгэнд итгэхгүй байна. Энэ хүн би баталж байна гэхээс өөр зүйл ярихгүй байна. Тоо, тооцоолол, судалгаа огт харуулахгүй байна. Үүнийгээ эхлээд харуулчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ийм чөлөөт худалдааны гэрээ өмнө нь байгаагүй биш байсан. Тухайлбал, Японтой 5700, Европын холбоотой 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр хийж л байсан. Тэгвэл эдгээр чөлөөт худалдааны гэрээнүүдийн дүгнэлт хаана байна вэ. Бидний хувьд тэгж их үйлдвэрлэдэг улс биш. Гэхдээ ойрын ирээдүйд чадахаа үйлдвэрлээд, үйлдвэрлэлээ хөгжүүлээд явна гэж байгаа. Үүний төлөө зорьж яваа татвар төлөгч, бизнес эрхлэгчдийнхээ зорилгыг нураагаад үерлэсэн хямд бараагаар энэ улсынхаа эдийн засаг, зах зээлээ сөнөөчих вий гэдэг л айдас байна.

-Сүүлд танаас татвартай холбоотойгоор нэг зүйл асууя. Зарим төрлийн татвар 400 хувь нэмэгдлээ. Нөгөө татвар нэмэхгүй гэж гарч ирсэн хүмүүс татвараа хэд дахин нэмж байна. Татварын нэмэгдэлт болон татвар буулгая гэж хуулийн төсөл оруулж ирж байгаа асуудал дээр та гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай явдаг вэ?

-Ганцхан зарчим байгаа. Татвар төлж байгаа хэсгээсээ татварыг нь нэммээргүй байна. Харин ч татварыг нь бууруулмаар байна. Өөрөөр хэлбэл, шударгаар явж байгаа хэсгээсээ гэсэн үг. Далд эдийн засаг буюу татвар төлдөггүй баазаа төлдөг болгох бодлогыг л явуулах шаардлагатай. Товчхондоо татварын бааз сууриа л өргөжүүлмээр байна. Нэмэх бус бууруулаад тэлмээр байна гэсэн үг. Гэтэл манайх төлж байгаа хэсэг дээрээ л татварыг нь дахиад нэмье гэдэг зүйлийг хийж байгаа нь харамсалтай. Нөгөөтэйгүүр Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүр татвараа сайн дураараа мэдүүлдэг. Сайн дураараа мэдүүлснийхээ чинээгээр нийгмийн халамжийн, эсвэл нийгмийн дэмжлэгийн, хөнгөлөлттэй зээлийн бодлогод хамрагддаг энэ хөшүүргийг хийж өгөх хэрэгтэй байна. Ингэж байж бид юуны түрүүнд бүртгэлтэй болчихмоор байгаа юм. Дэлхийн улс орнууд яг л ингэж хийдэг.

Хэн нь мэдэгдэхгүй массаар нь халамж тараадаг, массаар нь татварыг хавтайгаар нэмэгдүүлдэг, эсвэл бууруулдаг байж болохгүй. Энэ утгаараа ядаж халамжаа бид татварын бодлоготойгоо зэрэгцүүлээд цэгцэлчихмээр байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ноолуур оготны хөеө болох цаг иржээ

Арьс, ширний эмгэнэлтэй түүх ноолуурын хувь заяаг нөмөрч мэдэхээр боллоо. Хөдөө гадаагүй ноолуурын үнэ өсөхийг хүлээж ядсан улсууд л байна. Арга ч үгүй байх, өнгөрсөн жил нэг кг ноолуур бараг 200 мянган төгрөг шүргэж байсан. Гэтэл өнөөдөр 80 мянгаас эхэлж байна. Зарим аймагт ноолуурынхаа гарцаас хамаарч арай дээгүүр үнэтэй гэх боловч малчдын гар дээрээс худалдаж авч байгаа юм ер алга.

Цагтаа ДНБ-ий 17 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан арьс, ширний үнэ ханш одоо ямар болсныг бүгд харж байна. Хонины нэхий боодол бохины ч үнэд хүрэхээ байж, жалганд илжирсэн овоолго болж хувирсан нь өнөөх төрийн “мэргэн” бодлогын үр дүн. Лав арваад жилийн өмнө санагдаж байна. Тухайн үеийн Засгийн газраас арьс, ширээ түүхийгээр нь экспортлохыг хориглосон шийдвэр гаргасан даа. Тэгэхэд салбарын яам нь мэргэжлийн холбоодтой нийлээд “Арьс ширээ боловсруулаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод экспортлох юм бол Монголд л ашигтай” гэхэд нь “Ёстой зөв гаргалгаа байна” гэж бүгд шаагьцгааж билээ. Гэтэл бодит амьдрал дээр хятадууд арьс, шир авахаа болингуут үнэ нь шалдаа унаж, хог дээр үсэрсэн. Хилийн цаана асар хямд зардлаар арьс, шир боловсруулах үйлдвэр үй түмээрээ бий. Ченжүүд малчдын гар дээрээс өндөр үнээр авсан арьс, ширээ шууд тийшээ тушааж давхар ашиг хийдэг байв. Харин ийм шугам хаагдангуут арьс, шир үнэгүйдсэн хэрэг. Энэ нь дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд олз болсон. Тэр үед хонины нэхий 500-хан төгрөг болчихоод байхад салбарын яам нь “Энэ бол дотоодын үйлдвэрлэгчдэд том боломж юм” хэмээн мунхаглаж байв шүү. Үндсэндээ тэр цагаас хойш арьс, ширний үнэ өмнө байсан шигээ болж өссөнгүй. Боловсруулж гаргана гээд арьс, ширийг үнэгүйдүүлсэн. Боловсруулах үйлдвэр ч байгаагүй, одоо ч үүнийгээ хийж чадаагүй байна. Яг үүнтэй адилхан ноолуурыг самнаж экспортолно гээд хог болгох вий. Нийгэм ч тэр аяараа ийм болгоомжтой байна.

Хэдэн тоо сөхөж харлаа. Дэлхийн ноолуурын зах зээл 2.7 тэрбум ам.доллараар хэмжигддэг гэнэ. Нийт ноолуурын тэн хагасыг нь манай улс бүрдүүлдэг хэрнээ ердөө 400 гаруйхан сая ам.долларын экспорт хийж байна гэж салбарын сайд ярьжээ. Тийм болохоор ноолуураа самнаад утас болгож гаргавал монголчууд хоёр дахин ашиг хүртэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна. Нэг кг самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр 104 ам.доллар буюу 380 орчим мянган төгрөгийн ханштай байна. Монголд ноолуур самнах үйлдвэр овоо хэд байгаа. Тэд 350 сая ам.долларын технологийн шинэчлэл хийж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Хэрэв ноолуураа самнаад гаргах юм бол 500-700 тэрбумын нэмүү өртөг Монголдоо үлдээх боломжтой гэсэн. Энэ жил улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн ноолуур татан төвлөрүүлэх ёстойгоос 230 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн зээлээр гаргаж байгаа дуулдав. Одоогоор дотоодын үйлдвэрүүд 600 тн ноолуур бэлдсэн дүн бий. Тэд дахиад ноолуур худалдаж аваад самнаж боловсруулаад экспортлох гэтэл мөнгөн дээрээ гацчихлаа. Яагаад гэвэл ноолуур өөрөө их үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болохоор асар их мөнгө эргэлдэнэ.

Арилжааны банкууд тэр их мөнгийг өгөхгүй гээд гэдийгээд байгаа бололтой юм. Ядаж байхад нөгөө үйлдвэрүүд нь өндөр өртгөөр тоног төхөөрөмжөө шинэчилж, эргэлтийн хөрөнгө рүүгээ хүртэл орчихсон байдаг. Ингээд банкууд тэднийг зээлийн шаардлага хангахгүй байна гээд чангалчихаж. Үүнээс болж малчдын энэ хаврын “ургацыг” байхгүй болголоо. Малчдын санхүүгийн эх үүсвэр нь малын түүхий эд. Махыг нь хориглож,арьс, шир нь төрийн “мэргэн” бодлогын улмаас хог болчихсон болохоор ноолууртаа л өдийг хүртэл найдаж ирсэн. Ноолуурын мөнгийг нь хаврын ургац гээд байгаа хэрэг. Тэдний энэхүү хаврын ургац нь бүтэн жилийн санхүүгийн бэрхшээлээ давах боломж нь байдаг.

Ноолуурынхаа мөнгөөр малчны зээл, тэтгэврийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр, дэлгүүр хоршоонд тавьсан өр ширээ барагдуулна. Хөдөөтэй хүн бүр үүнийг мэдэрч байгаа. Яг үнэндээ мянгат малчин хүртэл банкны зээлээр л амьдарч байна. Орон нутагт аймаг, сумдын дэлгүүрүүд тэр аяараа малчдад бараа таваараа баруун солгойгүй өгчихсөн байгаа. Ноолууранд л найдаад тэр шүү дээ. Дэлгүүрийн эздийн эргэлтийн хөрөнгө санхүүд хүртэл эрсдэл учирлаа. Өдөр шөнөгүй бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг нэхээд суулгахгүй болохоор өнөөх хэдэн малчид нь сумын төв рүүгээ ч зүглэж чадахаа байж. Энэ жил малчид маань тэр их өр ширээ дарах мөнгөгүй болж байх шиг байна. Ямаагаа бахируулан байж самнасан ноолуурыг нь авахгүй байгаа юм чинь одоо амбаар юм уу илүү гэрийнхээ мухарт хаяад оготны ноохой болгох байх даа.

Ноолуурын үнэ унахад үйлдвэрүүд үнэндээ санаа зовохгүй байгаа. Яагаад гэвэл тэд хохирохгүй. Хямд авбал бүр ч сайн. Харин хэдэн бор малчид л хоосон болно. Монгол төрийн бодлого алсуураа л буруу яваад байгаа юм. Сонсоход дэмжихгүй байхын аргагүй хачин гоё, гоё юм ярьдаг. Яг амьдрал дээр хэрэгжих болонгуут хөрсөн дээрээ бууж өгдөггүй зовлонтой. Ноолуурын хувьд дотооддоо боловсруулаад экспортлох нь зөв л дөө. Тэгээд энэ ажлаа эрчимжүүлэх гэхээр мөнгө нь түгжигдчих юм. Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн нь өөрт ч үгүй, өрөөлд ч үгүй хог болох маягтай зам руугаа орлоо. Шийдэл нь үйлдвэрүүдэд хурдан зээлийг нь гаргаж өгөөд малчдаас ноолуурыг нь 140, 150 мянгаар нь аваад дуусгах хэрэгтэй байна. Хүнээ боддог бол засаг төр ингэж л ажилламаар юм. Гэтэл ерөөсөө ард түмнийхээ төлөө бодлого гаргахгүй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Найдлаа “Ажилчдынхаа цалинг нэмэх тусам хохирдог бус хөнгөлөлтөд хамрагддаг татварын тогтолцоог бий болгох хэрэгтэй” хэмээн ярилцлаа.

Эдийн засгийн ухааны доктор, судлаач Р.Даваадорж “Засгийн газар бодит байдалдаа нийцсэн шийдэл гаргах нь улс орны эрх ашигт нийцнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна”хэмээн өгүүллээ

  • Би жилийн эхэнд урих, уулзаж ярилцах хүмүүсийнхээ нэрийг өдрийн тэмдэглэлийнхээ эхний хуудсанд бичдэг зуршилтай юм. Өнөө жил буюу 2025 оны эхний тэмдэглэлдээ сайн ажиллаж, манлайллаараа эрс ялгарч байгаа хүчирхэг, залуу захирлуудаас аль болох олныг урина гэж бичсэн. Тэдний эхнийх нь зочинтой саяхан ярилцлаа. Тэр зочин бол “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж… Цаанаасаа хүч чадал нь оргилж яваа, эх орондоо юм хийж бүтээх ирмүүн хүсэл дүүрэн энэ үеийн залуус бол огт өөр үеийн төлөөлөл. Зам мөр нь цэвэрхэн, ертөнцийг үзэх үзэл нь өөр, ажлыг маш гоё асааж, хөдөлгөөнд оруулж хийдэг.

МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэх ““Тэнгэрийн хүү” жүжиг маань Европт хөл тавьж буйд Монголоороо бахархаж байна” гэлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй хавдрын эм тариа тасалдаж буй талаар ярилцлаа.

Цагдаагийн хошууч Э.Саруул “Зөв хандлагатай хүн зөрчил гаргадаггүй” хэмээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Жоржа Мелони: АНУ болон Европ хамтдаа барууныг дахин агуу болгох ёстой

АРЫН НҮҮР: “…Таныг тэр өдөр хичээл ороход
би анх удаа өөртөө итгэж үзсэн”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уужуу бодолтой байя

“Таван сар шахам хугацаанд хүндээр өвдсөн нөхрийн маань эмнэлгийн төлбөр, эм тариа, хоол цай, машин тэрэг гээд бүх юманд хоёр найз нь оройлон гүйдэг байв. Гэр бүлийг минь элэг бүтэн болгоход тэдний ач тус хэмжээлшгүй их. Төрсөн ах дүү нараас илүү чин сэтгэлээсээ зүтгэж, нөхрийг минь хөл дээр нь босгосон хоёр.

Гэтэл би гэдэг хүн өмнө найзуудынхаа талаар дэмий бодол тээж, дотроо бухимдаж явсан үе олон. Жил болгон зуны амралтаараа үр хүүхдүүдтэйгээ ирж бужигнахад нь төвөгшөөж, цааргална. Заримдаа ч нөхөртөө “Танай найзууд үд болтол унтаж, хэвтэхээс өөр шидгүй юмнууд. Хөдөөний бидний ажил үстэй толгойноос их гэдгийг мэддэггүй юм уу. Зочид буудалд байгаа юм шиг л тийм ч хоол, ийм ч хорхог гээд хээнцэрлэх нь хэрээс хэтэрч байна шүү” гэж үглэдэг байв. Нэг удаа манай хоёр гэр бүлийн хүүхдүүд тоглоомоо булаалдаад муудалцав аа. Багын маань дуу хадаад явчих нь тэр. Үнээнийхээ дэлэнг шувтарч байсан би ухасхийтэл тугал татаж зогсох нөхөр маань “Хүүхэд, нохойгоо өмөөрсөн хүн айлтай явдаггүй гэх хэзээний үг бий шүү” гэж билээ. Тэгэхэд нь дэмий нөхөртөө үглэж, дуртай дургүй буцаад суусан сан. Магадгүй хүүхдээ өмөөрсөн бухимдалдаа автаад тэр эрчээрээ найзуудад нь элдэв үг хэлчихсэн бол өнөөдрийн бидний нөхөрлөл тэр үед төгсөх байсан биз. Хоёр хүү минь аавгүй орчлонг туулж байж ч мэднэ” гэж ярих бэр эгчийнхээ үгийг эргэцүүлэв.

Үнэхээр зарим үед тэвчих нь харилцаагаа хэвээр авч үлдэхэд тусалдаг юм байна. Бага байхад жаахан уурлаж, бухимдмаар маягтай болоод ирэнгүүт ээж минь “Уужуу бодолтой бай” гэдэг сэн. Одоо бодох нь ээ, уур бухимдал ухамсаргүй үйлдэлд хүргэдэг учраас бодолд орж ирсэн болгоноо амнаасаа гаргаад байлгүй санаа бодлоо анзаарч, удирдаж сурахыг хэлж, захидаг байжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн ахмад Э.Энхзаяа: “Юань шилжүүлнэ” гэсэн залилан телеграмд их үйлдэгдэж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяатай цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Цахим залилангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 14.416 гэмт хэрэг гарсан. Үүнээс 4466 буюу 31 хувийг нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Мөн 3386 хэрэг цахим орчинд үйлдэгдсэний 86.1 хувь нь залилах гэмт хэрэг байна.

Залилах гэмт хэргийн онцлог нь хохирлын хэмжээ шаарддаггүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллээс харахад залилах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн дийлэнх нь 18-24 насны иргэд байна. Хэрэв энэ гэмт хэргийг үйлдэхдээ бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдсан бол хувь хүний цахим мэдээллийн аюулгүй байдалд халдсан үйлдэлд нь ч мөн хариуцлага оногдуулдаг. Сонирхуулахад, цахим залилан нь гахайн мах нядлах гэсэн хятад хэлц үгнээс гаралтай хэрэг. Гахайг хүнсэнд хэрэглэхийн тулд өсгөж, тэжээдэгтэй яг адил арга, зарчмаар явагдаж байгаа учраас ингэж нэрлэсэн. Энэ гэмт хэрэг хар тамхины хууль бус наймаанаас илүү их ашиг орлого олж байгаагаараа дэлхий нийтийн хууль сахиулах байгууллагуудын анхаарлын төвд орчихоод байгаа юм. Залилагчид жилд ойролцоогоор 500 гаруй тэрбум ам.долларыг дэлхийн өнцөг булан бүрээс иргэдээс залилж авдаг. Тиймээс иргэд хамгийн гол нь ятгах тусам нягтлах хэрэгтэй.

-Цахим залилангийн ямар, ямар хэлбэр нь түгээмэл байна вэ?

-Залилагчид хэн нэгний цахим хаягт халдаад ойр дотны хүмүүсийг судалж байгаад “Яаралтай мөнгө зээлээч. Удахгүй буцаагаад өгье” гэсэн зурвас бичдэг. Тэгэхэд ойр дотных нь хүмүүс нь “Хэрэг болсон юм байлгүй” гэж бодоод хэлсэн данс руу нь хэрэгтэй гэсэн мөнгийг нь шилжүүлчихдэг байдал түгээмэл байна. Дараагийнх нь романс залилан. Огт танихгүй хүнтэй цахимаар хайр сэтгэлийн харилцаа тогтоогоод, итгэлийг нь олчихоод янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд мөнгө зээлдэг. Мөн фэйсбүүк дээр “Хүүгүй, 100 сая хүртэлх зээл олгоно”, “Манай олон улсын байгууллага таны санхүүгийн асуудлыг шийднэ” гэх мэт модон хэллэгтэй, уншихад эв хавгүй заруудыг гадаад хүний нэр, зурагтай хаягнаас хандалт өндөртэй лайв, бичлэгийн доор үлдээдэг. Ийм хүмүүст иргэд өөрийн хувийн мэдээллийг өгчихдөг ба “Таны өгсөн мэдээллийн дагуу судаллаа. Та манай компаниас зээл авч болох юм байна. Танд таны хүссэн хэмжээний мөнгийг энэ долоо хоногтоо гаргаад өгчихнө. Тэгэхийн тулд та эхлээд тухайн мөнгөнийхөө 0.5 хувийг төлөх шаардлагатай. Хэрэв та зээл авмаар байвал яараарай. Дараагийн хүн хүлээж байна” гэсэн утга бүхий зурвасуудыг илгээж ятгадаг. Түүнд нь иргэд итгэж мөнгөө шилжүүлж, цахим залилангийн хохирогч болоод байна. Түүнчлэн телеграм платформ ашиглан хүмүүс маш их залилуулж байна. Дан ялангуяа эмэгтэйчүүд телеграм залиланд их өртөж байна. Энэ төрлийн залилангийн онцлог нь “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй” гэсний дагуу мөнгөө богино хугацаанд амар хялбар аргаар өсгөчихье гэсэн байдлаар иргэд хамгийн багадаа 800 мянган төгрөг шилжүүлэн залилуулж байна. Ингэхдээ залилагчид гурав, дөрвөн хүний дансны дугаар луу хохирогчдоор мөнгө шилжүүлүүлж авдаг.

-Бараа бүтээгдэхүүн зарах нэрийдлээр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлаж залилах тохиолдлууд газар авч байх шиг байна?

-Тийм ээ. Залилагчид хүний хэрэгцээнд тулгуурлан энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хүний хэрэгцээг өгөөш болгож байна гэсэн үг. Тухайлбал, “Хотын төвд хаана ч байхгүй хямд үнээр орон сууц түрээслүүлнэ” гэх мэтээр хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгодог. Зарынх нь дагуу хэн нэгэн холбогдвол өөр зар дээр байршуулсан орон сууцны зураг, хуурамч бичиг баримтын зураг илгээж, “Дараагийн хүн хүлээж байгаа учраас та авах бол урьдчилгаа мөнгөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй” гэх байдлаар огт байхгүй зүйлийг зохиомлоор, зориудаар бий болгон иргэдийг залилж байна. Саяхны жишээ гэхэд энэ сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн “VIP аялалд аялуулна” гэсэн зарын дагуу гурван удаагийн гүйлгээгээр 17 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Цахим залилангийн шинэ хэлбэр гарч байна уу?

-Цагдаагийн байгууллагад хоногт хамгийн багадаа гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1000 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Үүнээс залилах гэмт хэргийн дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгддэг. Саяхан цахимд нийтлэгдсэн “Засгийн газраас зээл олгоно” гэсэн зар мэдээллийн дагуу нэг өндөр настан холбогдож, дөрвөн өөр дансны дугаар луу нийт 17 орчим сая төгрөг хийж залилуулсан. Мөн иргэд валют арилжааны эрхтэй төвүүдэд очиж гадаад валютын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг биечлэн очиж авахаас илүүтэй цахимаар үйлчилгээ авах нь ихэсч байна. Иргэдийн энэ хэрэгцээн дээр нь тулгуурлан цахимд “Юань шилжүүлнэ” гэсэн зар, мэдээлэл тавьж иргэдийг залилж байна. Энэ төрлийн залилан телеграмд их үйлдэгдэж байна. Телеграмд “Юань солино, зарна” гэсэн группүүд их байдаг юм байна. Ингэхдээ хүмүүс маш өндөр дүнгээр буюу хамгийн багадаа 10 гаруй сая төгрөгөөр залилуулж байна.

-Цахим залилангийн арга хэлбэр нь улам л нарийсаад байна. Тийм үү?

-Тийм ээ. Тэгэхээр иргэд ямар нэгэн аппликэйшн, платформ ашиглаж байгаа бол өөрийн хувийн мэдээллээ аль болох бусдаас нууцлах, тухайн аппликэйшнд нэвтэрдэг кодоо бусдад өгөхгүй байх хэрэгтэй. Мөн гар утсаа алдсан тохиолдолд хувийн мэдээлэл бүхий аппликэйшнүүдийхээ нууц үгийг солих шаардлагатай. Саяхан хамт ажилладаг хүндээ зээлийн аппликейшнийхээ нууц үгийг хэлчихсэн байтал тэр хүн нь өмнөөс нь хоёр сая орчим төгрөгийн зээл авчихсан байна гэсэн гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөн “Урьдчилгаагүй зээл өдөрт нь олгоно” гэх зар мэдээлэл цахим орчинд их байдаг. Энэ нь залилах гэмт хэрэг байж магадгүй учраас иргэд цахим орчинд байршуулсан мэдээллийг өөрийнхөө боломж бололцоогоор шалгаж байх хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүн рүү өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгийг нягталж шалгахгүйгээр шилжүүлнэ гэдэг эрсдэлтэй.Түүнчлэн улирлаа дагаад гадаад улсад сургуульд зуучилна, виз гаргаж өгнө гэж иргэдийг залилах тохиолдол нэмэгдэж байна.

-Залилагчид өөрсдийнхөө дансыг ашигладаггүй, байнгын дансаа ашигладаггүй хүмүүсийн дансыг ашигладаг гэдэг?

-Цахим гэмт хэрэг үйлддэг этгээдүүд өөрсдийн дансыг ашиглахаас илүүтэй өрөөл бусдын дансыг их ашиглаж байна. Тухайлбал, хамаатан садан, алслагдсан аймаг, суманд амьдардаг банкны карт, интернэт банк зэргийг ашигладаггүй, банкаар үйлчлүүлдэггүй, архины хамааралтай зэрэг эмзэг бүлгийн иргэдийн дансыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон мөнгөө бусдын дансаар дамжуулан гаргаж авч байна. Тийм ч учраас цахим гэмт хэрэг мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байдаг.

-Цагдаагийн байгууллага цахим залилангийн эсрэг ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний видео мэдээллийг байнга цахим орчинд түгээж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, радио долгионоор урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх, цахим орчинд олон дагагчтай хүмүүсээр дамжуулж иргэдэд мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг тогтмол хийж байна. Хамгийн сүүлд “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгууллаа. Энэ мэтчилэнгээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх ажлыг боломжтой хэлбэрээр бүхий л сувгаар дамжуулан хийж байна.

-Цахим залилагчдын онцлог юу вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нэг үйлдлийн аргаараа олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн байх тохиолдол их бий. Тухайлбал “Орон сууц түрээслүүлнэ” гэсэн зар мэдээлэл байршуулж, хамгийн багадаа хоёр иргэнийг залилсан байдаг. Хохирогчдын тоо ихсэх тусам шалгах ажиллагааны цар хүрээ нэмэгддэг, гэхдээ цагдаагийн байгууллагаас бүртгэгдсэн гэмт хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шалгаж, иргэнд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад барагдуулахыг зорьж ажилладаг. Ер нь зүгээр нэг хүн залилан хийхгүй, нэлээн судалгаатай хүмүүс л залилан хийж байна. Тэд хохирогчоо сонгож байна, урьдаас төлөвлөж, зохион байгуулалтад орж бусдыг залилж байна. Танд таатай нөхцөл санал болгосон бүгдийг залилан гэж хэлж болохгүй. Гэхдээ таатай нөхцөл санал болгож байгаа л бол өөрийнхөө хэмжээнд шалгах хэрэгтэй. Алдсан хүн арван тамтай гэгчээр бусдад эд хөрөнгөө залилуулсны дараа цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсноос залилуулахаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Маш сайн шалгаж, нягталсны үндсэн дээр өөрийн эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй бол таны эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг олон уран нарийн аргаар залилах гээд хүлээгээд сууж байгаа гэмт санаа, бодол агуулсан хүмүүс хаа сайгүй байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинбат: Ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй шаардлагуудыг бүтээх гэж явсаар сөхөрч уналаа

Жижиг дунд бизнес эрхлэгч Б.Түвшинбаттай ярилцлаа.


-Та ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?

-Манайх бол гадаад худалдаа буюу импортын бүтээгдэхүүн оруулж ирж зардаг. Миний хувьд бизнес эрхлээд 30-аад жил болж байна. Энэ хугацаандаа олон бизнесийн салбарт хүч үзсэн. Цөөнгүй удаа дампуурлаа зарлаж байсан. Одоо ч гэсэн татварын өртэй, дансаа хаалгуулсан жижиг дунд бизнес эрхлэгчид олон бий. Жаахан эвгүй болоход л хилийн хориг тавьж, эрүүгийн хэрэг үүсгэдэг болчихсон байх жишээтэй. Өнгөрсөн жилийн УИХ-аар баталсан хуулиар 50-иас дээш сая төгрөгийн татварын өртэй хүн бол бараг гэмт хэрэгтэнд тооцогдож байна шүү дээ. Угтаа зах зээлийн системээ зөв голдиролд нь явуулсан бол хүмүүс өрөнд орохгүй байсан. Төр нь хэтэрхий их данхайсан системтэй. Бүх зүйлийг хүчээр, механикаар болгох гэж зүтгээд байгаа учраас л ийм дарамт аж ахуйн нэгжүүдэд бууж байгаа юм.

-Та бизнесээ эхлүүлэх гээд тусгай зөвшөөрөл авахдаа цаг хугацаа алдаж, дарамтад орж байсан уу?

-Жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн их тулгамддаг асуудал бол зөвшөөрлийн тухай хуулиуд байдаг. Хамгийн багадаа гурван сар хөөцөлдсөний үр дүнд үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл үүсдэг. Жишээ нь, хороон дээрээ бүртгүүлээд Тохижилт үйлчилгээний компанитай гэрээ хийнэ. Орсон гарсан бүх газартаа төлбөр тушаана.

Мөн галын дүгнэлт, цагдаагийн дүгнэлт авдаг. Үүний цаана өөр олон шаардлагууд бий. Энэ бүх зөвшөөрлийг авахын тулд дор хаяж гурван сар зарцуулна. Ерөөсөө л үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дагалдаад ойлгомжгүй, боломжгүй шаардлагууд тавьдгаа болимоор байна. Үүнээс нь болоод олон хүн шантардаг эсвэл авлига руу ордог сонин системтэй боллоо.

-Ойлгомжгүй, боломжгүй шаардлагуудаас жишээ татахгүй юу?

-Хамгийн энгийнээр жишээ татахад галын дүгнэлт байна. Тодорхой заасан метр квадрат барилга дотор ийм хэмжээтэй галын хор болон орц, гарц, байх ёстой гэдэг. Нэг үүдтэй, хоёр хаалгатай байна гэх мэт иймэрхүү ойлгомжгүй шаардлагууд тавьдаг. Өөрөөр хэлбэл, шаардлагагүй зүйлийг шаарддаг. Түүнийг нь биелүүлэх боломжгүй байх жишээтэй. Би нэг удаа эмийн бизнес эрхэлье гээд зөвшөөрөл хөөцөлдсөн юм. Тэгсэн чинь 100м2 талбай байх ёстой гэсэн шаардлага тавилаа. Хамгийн тэнэг нь юу байсан бэ гэвэл тухайн барилга нь анх баригдахдаа эмийн бизнес эрхлэхэд зориулагдсан байх ёстой гэсэн. Юу ч гэсэн үг юм. Бүү мэд. Дөнгөж бизнес эхлүүлэх гээд объект түрээслэх гэж байгаа хүмүүст тухайн барилга ямар байх нь хамаагүй шүү дээ. Ядаж шаардлагад нь нийцсэн 100м2 талбайг олъё гэж бодсон. Анх тэр барилга яах гэж, юунд зориулагдаж баригдсаныг бид мэдэхгүй шүү дээ. Ийм балай шаардлага тавьдаг манайхаас өөр орон байхгүй. Ард түмнээ ингэж дарамталж, шулж идэхээсээ ичээсэй.

-Жижиг дунд бизнес эрхлээд амьдрахад манай улсын орчин нөхцөл ямар байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсын иргэн эх орондоо бизнес эрхлээд амьдрахад хамгийн төвөгтэй зүйл нь төр нийт баялгийн 80 хувийг эзэмшиж, бүтээж байгаад юм. Иргэдэд ажил олдохгүй байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Энэ 80 хувь иргэдэд байсан бол бизнес хийгээд зах зээлийнхээ зарчмаар явах боломжтой. Гэтэл нийт баялгийн 80 хувийг төр дангаараа бүрдүүлж байна. Уг нь бол төр бизнес хийх ёсгүй. Иргэд бизнес эрхэлж татвар төлсөн цагт зах зээлийн жамаараа явна. Гэтэл иргэдээ ч, улс орныхоо хөжлийг зориудаар боомилох гэж оролдоод байх юм.

-Тэгвэл татварын орчин ямар байна вэ?

-Гаднаас нь харвал татвар гайгүй юм шиг байдаг. Хуурдаг гэсэн үг. Анхлан бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлого арайхийж 50 сая хүрэнгүүт НӨАТ татвар гэж авдаг. Дараагийн асуудал нь цалин байна. Жишээ нь, би ажилчдадаа 1.000.000 төгрөгийн цалин тавьдаг байлаа гэж бодоход үүнээс 300 мянган төгрөгийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өгдөг. Тэгэхээр цаад хүндээ цалин өгч, өөрөө ч цалин тавьж, тайлагнахад үнэхээр хэцүү нөхцөлд байна. Мөн хүнд цалин өгснийхөө төлөө улсад бараг 300 мянгыг торгууль болгож төлдөг. Сүүлийн үед хоорондоо тохиролцоод шууд цалингаа тавьдаг болсон байна лээ. Ажил хийсэн ч, хийгээгүй юм шиг цалин авахаар хэн дуртай байх юм. Татварын орчин бол үнэхээр боомилж байна. Биднийг гишгэх газар үгүй болгосон. Амьдрахын тулд л явж байна даа.

Ард түмнээ ажилтай, орлоготой амьдруулъя гэвэл төрийн оролцоог б изнесийн орчинд хязгаарлах хэрэгтэй. Бүх зөвшөөрөл, шаардлагуудаа болих хэрэгтэй. Жишээ нь, цайны газар байгуулах гээд зөвшөөрөл хүсвэл “Та стандартаа сайн хангаарай гээд” тайван орхичих л хэрэгтэй байна. Гол нь стандартаа зөв тавь. Одоо төрийн өмчит компани их байгуулагдаж, хувийн бизнесийг хумьж байна. Энэ бол маш том алдаа шүү. Бизнес олон янз байдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч, х удалдаа эрхлэгч, үйлчилгээний бизнес эрхлэгчид гэж бий. Гэтэл бид үйлдвэрлэгч байх ёстой гээд гаднаас орж ирж байгаа бараанд асар их татвар ногдуулдаг. Жишээ нь, гаднаас оруулж ирж байгаа тавилганаас гэхэд 30 хувийн татвар авдаг. Ингэхээр үйлчилгээ, худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүс яах юм бэ. Хүн бүр үйлдвэрлэгч байж чадахгүй. Бизнес гэдэг дотроо олон төрөлтэй гэдгийг ойлгоосой. Юунд хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй их татварын дарамтыг бий болгоод байна. Үүнийгээ зогсоо. Үйлдвэрлэгч болохын тулд тодорхой хэмжээнд санхүүгийн боломжтой байх ёстой. Бид зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 30 жил болж байна. Тиймээс бидэнд өвлөөд ирсэн хөрөнгө гэж зүйл алга. Өсгөөд үржүүлэх мөнгө байхгүй учраас банкнаас зээл аваад мөнчгөрөөрөө зүтгэж явна. Мэдээж санхүүгийн хувьд боломжтой болоод ирвэл үйлдвэрлэх шат руу орно. Гэтэл энэ шат руу оруулах нь битгий хэл зүгээр амьдрах гээд явж байгаа хүмүүсээ боомилж байна. Ойлгомжгүй, боломжгүй шаардлагуудыг нь бүтээх гэж явсаар сөхөрч уналаа.

-Хилээр бараагаа оруулж ирэхэд хүндрэл үүсдэг үү?

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тохиолддог түгээмэл асуудал энэ шүү дээ. Оруулж ирж байгаа бараа нь бага хэмжээтэй байдаг учраас гааль дээр өөрсдөө баримтын бүрдүүлэлт хийгээд явах боломжгүй. Тиймээс карго, шуудангаар бараагаа оруулж ирдэг. Ингээд бараагаа зах зээл дээр гаргаад зарах гэхээр энэ бараагаа худалдаж авсан, оруулж ирсэн гэдгээ баримтаар нотол гэдэг. Ганц портер ачааг карго, шуудангаар оруулж ирж байгаа хүмүүст ямар ч баримт байхгүй шүү дээ. Борлуулсан зүйлд зардал байхгүй учраас шууд татвар төл гэдэг. Иймэрхүү хүндрэл бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөлийг дөнгөлдөг.

-Ном журмын дагуу баримтыг нь аваад хилээр оруулж ирэх боломж байхгүй юу?

-Одоогоор байхгүй байна. Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд заавал том оврын машинаар ирсэн цагт бүрдүүлэлт хийгдээд баримттай болдог. Жижиг үйлдвэрлэгч бол нэг портер ачаа оруулж ирэх л бололцоотой. Боломж нь энэ шүү дээ. Том оврын машин бол 20 портер ачааны багтаамжтай. Ингээд бодохоор өөр оруулж ирэх арга байхгүй байна шүү дээ. Энэ их жижиг, том хүндрэл бэрхшээл, татварын дарамт дунд олон компани дампуурлын ирмэг дээр байна. Амьсгаа авах боломж бидэнд олгооч ээ. Үйл ажиллагаа явуулж байгаа нэртэй ч аль хэдийнэ амьгүй болсон аж ахуйн нэгж Монголоор дүүрэн байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонины ТҮЦ ачих нь битгий хэл орц, гудамж бүрийг сонинжуулах шаардлагатай

Хотын төвийн гудамж талбайгаар өдөр, шөнөгүй ТҮЦ-ний “дайн” явагдаж байна. Энэ дайны хөлд сайн муу, сайхан муухай гэж ялгалгүйгээр бүгд л өртөж байх шиг. Үүнд нь сонин, сэтгүүл, ном, дэвтэр борлуулдаг ТҮЦ-үүд хэлмэгдлээ.

Өнөө цагт мэдээллийн асар олон урсгал нийгмийг хаашаа бол хаашаа чиглүүлэхээр байна. Нийгмээрээ хоосон цуурхалд итгэж болох систем, технологи бүрэн бүрэлдчихсэн байгаа нь айдас хүргэм. Цахим сүлжээн дэх элдэв мэдээллийн урсгалаас үүдэж нийгмийн эмзэг бүлэг буюу хүүхэд залуучууд ирээдүйн амьдралаа сөнөөж байна. Нийгэм өдрөөс өдөрт харанхуй болсоор байгаа нь Монгол Улсын анхаарах ёстой нэн тэргүүний асуудал. Гэтэл харанхуй нийгмийг жаахан ч гэсэн гэрэлтүүлэх сонин, сэтгүүл, ном борлуулдаг ТҮЦ-үүдийг ачлаа. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг. Өнөөгийн нийгмийг улам харанхуй байлгах нь эрх мэдэлд дурлагсдын хүсдэг ганц зүйл нь болж. Нийгэм харанхуй байх тусам миний эрх барих боломж нээгдэнэ гэж үздэг бүлэг хүмүүс олширлоо. Угтаа харанхуй нийгмээс гарахын тулд ард нийтээрээ унших хэрэгтэй. Үнэн бодитой мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах ёстой. Ингэж байж нийгэм хөгжинө. Ингэж байж хуурамч, хулгайч нөхдүүддээ зөв систем, зөв тогтолцоогоор хариуцлага тооцох чадамжтай болно.

Ингэхийн тулд сонины ТҮЦ ачих бус эсрэгээрээ хорооллын орц болгонд, гудамжны үзүүр бүхэнд сонин, сэтгүүл, ном борлуулдаг ТҮЦ байршуулах шаардлагатай байлаа.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Хонгор: Дандаа зоосны нүхээр хардаг харилцаа хавтгайрчихсан болохоор хүмүүс төрөхөөс айж байна

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын санхүү, эдийн засгийн зөвлөх Г.Хонгортой уулзаж ярилцлаа.


-“Өргөө” амаржих газарт бугшсан хариуцлагагүй үйлдлийн талаар шүгэл үлээх болсон шалтгаан тань юу вэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны гуравдугаар сарын 17-нд нийт төрийн байгууллага, улсын өмчит газруудад хандаж “Хууль бус явдалтай үл тэвчих замаар асуудалд хандаач ээ, хулгай дээрэм, авлигын албан тушаалыг алга болгоё. Үүнийг нийтийн оролцоотой хийх ёстой. Тиймээс та бүхэн шүгэл үлээгээч” гэсэн албан чиглэл өгсөн байдаг. Үүниий дагуу би иргэнийхээ хувьд нийслэлийн “Өргөө” амаржих газарт эмнэлгийн тусламж үйлчилгээг бодитоор үзүүлж чадахгүй байна гэж шүгэл үлээж байгаа юм. Гэхдээ энэ нь нэг жилийн дотор үүссэн явдал биш. Бүр хуримтлагдсан зүйл. Эмч нарын зарим нь асуудлыг тавихаар бусад нь бүүрэлхэж, дээрэлхээд бүр ажлаас халж хохироодог болохоор би шүгэл үлээж байгаа юм.

-2025 оны эхний гурван сарын байдлаар 13 нярай эндсэн гэдэг баримтыг Та хэллээ. Гэтэл мэдээллийн хэрэгслээр “Эхийн эндэгдэл 6 дахин буурчээ” гэсэн мэдээ явж байх жишээтэй. Таныг шүгэл үлээх гэж байгааг хэн нэгэн мэдсэн юм болов уу?

-Ямар эх сурвалжаас тийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй. Манай “Өргөө” амаржих газарт 2023 онд хоёр эх, 43 нярай эндсэн. Энэ он гарсаар 13 нярай эндлээ. Сүүлдээ хүний амь нас эндэхэд тоож байгаа, ноцтой тохиолдол гэж авч үзэж мэргэжлийн зөвлөгөө хийдэг, үнэлэлт дүгнэлт өгдөг арга хэмжээ огт явагдахгүй байна.

-Тэгэхээр Та энэ асуудлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа юм байна?

-Тийм. Тэгж дүгнэж байна. Яагаад гэхээр нэг хоногтой нярай ч гэсэн Монгол Улсын иргэн. Монголын эдийн засаг архаг дутагдалд орчихоод байгаа энэ цаг үед тэр нярай эсэн мэнд бойжсон бол ямар чадвар мэдлэгтэй хүн болохыг бид мэдэхгүй шүү дээ. Төрөх эмнэлгүүд дээр нярайн асуудалд онцгой анхаарч, тусламж үйлчилгээг маш чанартай үзүүлэх юм бол залуу эцэг эхчүүдийн сэтгэл зүйд нөлөөлж хүн ам өсөх хандлага ч нэмэгдэж болох юм. Одоо бол үргээгээд байна. Чанартай чанаргүй эм тариа байнгын дутмаг, тоног төхөөрмж нь хүрэлцээ муутай, эмнэлгийн ажилтны харилцаа ялгавартай нөхцөлд залуус төрөхөөс айж байна. Эмнэлгийн ажилтны цалин муу учраас дандаа зоосны нүхээр хардаг харилцаа бий болоод хавтгайрчихсан байна.

-Хэвлэл мэдээллээр дуулиан шуугиан болж даргыгаа сольж байсан цаг саяхан. Одоо хэд дэх дарга дээрээ явж байна вэ. Өр ширний асуудал нь юу болсон бол?

-Зургаа дахь даргынхаа нүүрийг үзэж явж байна. Судлаачийн хувьд хүндээ байдаг юм уу, байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт нь оновчтой биш байна уу, эсвэл хууль тогтоомж нь сул байна уу гээд өөр өнцгөөс судлаад үзэхээр эмч хүн эмнэлгийн байгууллагыг удирдах бас учир дутагдалтай юм байна.

Одоогоос гурван жилийн өмнө Нийслэлийн харьяанд байхад энэ эмнэлэг маань 150 сая төгрөгийн өртэй байсан. Нөгөө алдартай тавчиктай ээжийн үйл явдлын дараа III дугаар шатлалын эмнэлэг болоод ЭМЯ-ны харьяанд шилжсэн. Тэгснээр үйл ажиллагаа нь сайжрах бус их хэмжээний өр ширэнд ороод бараг 6.5 тэрбумын өртэй болсон. Өр ихтэй учраас үйл ажиллагаа нь цэгцэрч өгдөггүй, өрнөөс өрний хооронд л явж байна.

-Яагаад?

-Эмнэлэг гэдэг чинь зүгээр нэг онош тавиад, мэс засал хийхдээ биш юм байна. Даатгалын реформ хийсний үр дүнгээр гүйцэтгэлийн санхүүжилт өгдөг шинэ системд шилжсэн учраас эмнэлгийн салбарын ажлыг мэддэг сайн менежэр эмнэлгийн байгууллагыг удирдах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

-Амаржих газрын эмч нарын ихэнх нь хувийн эмнэлэгтэй байдаг нь нууц биш. Хүн хувийнхаа юманд илүү анхаарах уу, хувьсгалын юманд сэтгэл гаргах уу гэдэг нь тодорхой зүйл. Үүн дээр Та юу хэлэх вэ?

-“Өргөө” амаржих газрын уламжлал нь тухайн цаг үеийн сайн эмч нар эх нялхсын эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж, эмчилж эдгэрүүлээд ирсэн түүхэн гавьяатай. Үүнийг үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын цалин их тааруу болсон. Үнэхээр чамлалттай. Тэгэхээр хүн амьдрахын тулд нэг талаасаа хувийн эмнэлэг ажиллуулж ажил мэргэжлээ ашиглах гэсэн шаардлага байдаг юм байна. Энэ талаас нь харахаар эмч нарыг буруушаах нь учир дутагдалтай мэт. Хэрвээ цалин нь хангалттай байсан бол хэн л хувийн эмнэлэг ажиллуулаад цаг наргүй зүтгэх вэ дээ. “Өргөө” амаржих газрыг тойрсон 33 хувийн эмнэлэг байна.

-Хүний үхэх, төрөх хоёр адилхан гэдэг. Эрүүл саруул амаржиж үр хүүхдээ эсэн мэнд тэврэхийн тулд хэн нэгнээс заавал гуйж тусламж хүсдэг. Энэ арай л гомдмоор шүү?

-Надад хүртэл хүмүүс ханддаг. Ор зохицуулаад өгөөч, эмчтэй нь уулзаад ойлгуулаад өгөөч гэх мэтээр. 24 цагаар тасралтгүй явж байгаа энэ үйл явцын талаар гадаа байгаа хүмүүст мэдээ мэдээлэл өгдөггүй, камер нь алдаг оног ажилладаг, үйл явцын талаарх мэдээлэл байдаггүй болохоор эндэгдэл гарахад хэн хариуцах нь тодорхойгүй үлддэг менежмэнтийн дутагдалтай зүйлс байна.

-“Өргөө” амаржих газарт найман өөр байгууллагаас шалгалт хийгээд өөр өөрсдийн чиглэлийн дүгнэлтийг гаргаж. Гаргасан дүгнэлт шийдвэрийг Та зөв гэж үзэж байгаа юм байна. Гэтэл хэрэгжүүлэх газар нь яагаад тоохгүй байгаа юм бол?

-Найман өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас жинтэй даацтай өргөн хүрээний шалгалтыг удаа дараа хийсэн. Гагцхүү хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь хяналтын процесс алдагдсантай холбоотой. Үүнийг шахаж шаардах ёстой, хяналт тавих учиртай Нийслэлийн Эрүүл мэндийн газар тун хангалтгүй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлаар “Дунд шатны байгууллага ердөө хууль тогтоомж хэрэгжүүлдэггүй юм байна, авлига албан тушаалын асуудлыг үгүйсгэдэг юм байна. Үүнтэй хатуу тэмцэнэ” гэсэн. Тэр мэдэгдлийг миний хувьд ёстой байгаа оносон, зөв шийдвэр гэж хүлээж авсан.

-Тэр хүн чинь хэлсэн үгээ мартсан бололтой, сонин борлуулдаг ТҮЦ-ийг нүүлгээд завгүй байх шиг байна. Уг нь хүний амьтай холбоотой, ирээдүйн иргэддээ анхаарсан энэ мэт алхмаа хиймээр санагдах юм?

-Харин тийм. Шүгэл үлээж байгаа миний хувьд Нийслэлийн Засаг даргыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарын ажилд онцгой анхаарч, ганцхан “Өргөө” ч биш, энэ төрөх эмнэлгүүдийг цаашид ямар удирдлага, бүтэц зохион байгуулалтад оруулах чиглэл гаргаач ээ гэж хэлмээр байна. Манай “Өргөө” амаржих газрын хашаанд төрөхийн машин орж чадахгүй байна шүү дээ. Битүү төлбөртэй зогсоол болгочихсон. Төрөхийн машин нь өөрийн харьяа мэдлийн газартаа орж чадахгүй, орохоороо гарч чадахгүй байдалтай байна.

Шүгэл үлээгч сувилагч, эх баригчид учир дутагдалтай байгааг ч хэлсэн. Тэднийгээ зөв хуваарилж чадахгүй байгааг ч дуулгасан. Өнгийж үзэх юм бол бидний ярьснаас илүү зүйл нуугдаж байгааг ч хэлсэн. Бас энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон Улсын Ерөнхий Прокурорт хандсан гэдгээ ярина лээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Саранчимэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ана Брайан Нугререс: Хувийн мэдээллээ хамгаалуулах нь хүний үндсэн эрх гэдгийг оюун санаандаа суулгах хэрэгтэй

Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн тусгай илтгэгч Ана Брайан Нугререс Монгол Улсад айлчлан зургаа хоногийн турш ажиглалт, судалгаа, хэлэлцүүлэг явуулсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та бүгдийн ажиглалтаар монголчуудын хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаарх мэдлэг, ойлголт ямар түвшинд байна вэ?

-Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай Илтгэгчийн хувиар миний айлчилж буй дөрөв дэх улс Монгол Улс юм. Юуны өмнө хувийн мэдээллээ хамгаалуулах нь хүний үндсэн эрх гэдгийг онцлон хэлье. Монгол Улсад уг асуудлаар ажиглалт, судалгаа хийх явцдаа бид олон байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Монголчуудын хувьд хувийн мэдээллээ хамгаалуулах эрх нь хүний үндсэн эрх гэдэг ойлголтыг сэтгэхүйдээ, оюун санаандаа суулгах шаардлагатай байна.

Тухайлбал, хүний хувийн мэдээлэл, дата мэдээллийн асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс хариуцдаг. Энэ байгууллагын зүгээс зөвлөмж гаргах эрхтэй. Хамгийн гол нь аливаа санкцыг хэрэгжүүлэх боломжгүй байна. Тэгэхээр хүний хувийн мэдээллийг бусдад зөвшөөрөлгүйгээр тараасан этгээд зөвлөмж аваад л өнгөрдөг. Эцсийн дүндээ холбогдох санкцыг хэрэгжүүлэх чиглэлээр комиссын хүрээнд тодорхой ажил байгаа нь ажиглагдсан. Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Хувийн мэдээллийг хамгаалах хууль эрх зүйн орчныг үр дүнтэй хэрэгжүүлэх хяналтын цорын ганц механизм байна. Монгол Улсын хувьд ерөнхий хүрээнд болон салбар хооронд энэ чиглэлээр хийх ажлууд ч их бий.

-Та сая хэлэлцүүлэгтээ хуурамч мэдээллийн талаар ярьсан. Ер нь хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагаанд аль салбарын мэргэжилтнүүд илүү үүрэг гүйцэтгэх ёстой байдаг вэ?

-Дэлхийн хэмжээнд глобал түвшний мэдээллийн хэрэгслүүд бий болсон. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Мэдээллийг өөрчлөн гуйвуулах асуудал газар авч байна. Хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл сэтгүүлчид өдөр бүр мэдээлэлтэй ажилладаг. Хэдийгээр албан ёсны мэдээллийн эх сурвалжууд байгаа ч албан бусаар олж авч буй мэдээллүүд их бий. Жишээлбэл, нийгмийн сүлжээнээс олж авсан мэдээллүүд байна. Аливаа этгээдийн нийгмийн сүлжээнд хэн нэгний тухай өөрийн өнцгийг үнэн мэтээр бичсэнийг сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэлтэй адилтган үзэх асуудал байна.

Монгол Улсын хувьд хот, хөдөө гэлтгүй бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр хувийн мэдээллээ өгөх, ашиглуулах зөвшөөрлийн талаар сайн ойлголтгүй. Тиймээс нийгмийг, олон нийтийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдэнд сэтгүүлчид энэ мэдээлэл яагаад үнэн бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаарх ойлголтыг иргэддээ илүү их түгээх ёстой. Бид ажлын явцдаа сонирхогч бүх талуудтай, Мобиком зэрэг хувийн компаниудтай ярилцахад хувийн нууцыг хамгаалах эрхийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь хамгийн т улгамдсан асуудал болохыг тэд онцолсон. Иргэд мэдлэг, ойлголттой болсноор хувийн мэдээллээ хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ч хэлсэн юм. Мэдээж иргэд ч тухайн уншиж буй мэдээллийнхээ эх сурвалжийг нягталдаг, э ргэцүүлэн боддог чадвартай болох ёстой. Үүнд хүрэхэд нийгмийн түвшинд бол төвөгтэй. Гэхдээ боломжтой асуудал юм. Харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд бол мэдээлэл ямар х урдацтай шилжиж, өргөн цар хүрээг хамарч өөрчлөгддөг гэдгийг маш сайн мэдэж байгаа. Гэтэл нийгэмшил, нийгмийн дунд гарах өөрчлөлт удаан явагддаг.

-Энэ асуудалд төрийн зүгээс ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Монгол Улсын хувьд Засгийн газраас тодорхой хууль, тогтоомж, журмыг г аргах нь зайлшгүй шаардлагатай. Гэхдээ нөгөө талд эдгээр хууль журмууд нь гол зорилгодоо хүрсэн байх зайлшгүй шаардлагатай юм. Жишээлбэл, дата мэдээлэл хамгааллын асуудал эрхэлсэн хараат бус бие даасан агентлаг бий болгох нь илүү үр дүнтэй гэж харагдсан. Энэ агентлагийн хувьд иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг түгээх, зөрчлийн эсрэг ажиллах үүргийг хүлээнэ. Би нэгэн нийтлэг жишээ татъя. Нэгэн иргэн хөршийнхөө зүгээр л хэлсэн, эсвэл өөрийн интернэт хуудсандаа нийтэлсэн ямар ч баталгаагүй мэдээллийг сонсоод шууд итгэдэг. Энэ бол ахуйн хүрээний асуудал мэт боловч хор уршиг ихтэй. Бүхий л асуудлын суурь нь болоод байгаа юм. Тэгэхээр мэдээллийн эх сурвалж гэж юу болох талаар төлөвшил суух хэрэгтэй байна гэсэн үг. Нийгмийн, хувь хүний төлөвшил дутагдаж байна.

Би өмнө нь хиймэл оюунтай холбоотой судалгаа хийж байсан. Үүнтэй холбогдуулан дүгнээд хэлэхэд, хүний үндсэн эрхтэй адилтган үзэж байгаа хоёр үндсэн эрх, зарчим бий. Нэгдүгээрт, тайлбар өгөх, авах эрхийн зарчим. Хоёрдугаарт, үүнтэй праллель байрлалаар эргэдэг ил тод зарчим. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хиймэл оюун дээр суурилсан аливаа аппликэйшн, платформ хувь хүний мэдээллийг хүсэмжлэлээ гэхэд үүнийг юунд ашиглах гэж буйг нягтлах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, танаас авч буй мэдээллийг юунд ашиглах гэж буйд тайлбар авах зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам