Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна DNN.mn

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа.


-Юун түрүүнд танаас мөнгө гэж юу болох, эдийн засагт ямар үүрэгтэй талаар асууя?

-Мөнгө гэдгийг нийтлэг байдлаар томьёолбол түгээмэл, тэнцвэрт харилцааны илэрхийлэл. Одоогийн өнцгөөс харвал хүн төрөлхтний нийгмийн тогтвортой байдал, хувь хүний эрх чөлөөний дэнс юм уу даа. Мөнгөний мөн чанар нь түүний үүргээр илэрхийлэгддэг. Энэ нь арилжааны үүрэг, хадгаламж, хуримтлалын үүрэг, өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэдэгт оршдог. Өнөөдрийн байдлаар бидний хэрэглэж буй мөнгө нь эд бараа мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус гэсэн хэлбэртэй байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээ /мөнгөний нийлүүлэлт/ эдийн засгийн субьектүүдэд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ /мөнгөний эрэлт/ хоёрыг хэрхэн шүтэлцүүлэх нь мөнгөний бодлогын эдийн засгийн нөлөөлөл юм.

-Сүүлийн үед олон нийтийн дунд бэлэн мөнгө бол хаан гэсэн агуулгатай зүйл мэдээлэл мэр сэр гарч байна. Ер нь бэлэн, бэлэн бус мөнгөний онцлогийн талаар та ярихгүй юу?

-Бэлэн мөнгө хаан болох хэмжээнд шүтэгдэх нь мөнгөнд бишрэх үзэл хэрээс хэтэрсний илэрхийлэл. Энэ үзэл бол гажуудал. Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна.

Харин бэлэн бус байх тусмаа хяналттай шилэн байх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн хөнжлийг, аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг, ард иргэдийн аж амьдралыг өөд татах хөгжлийн зөв бодлого, хөшүүргийн нэг бол мөнгө санхүүгийн харилцаа, тогтолцооны төлөвшил, ил тод, хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай.

Өнөөдөр дэлхийн улс орнууд аливаа гүйлгээ арилжаанд бэлэн мөнгө хүлээн авахыг эрс багасгасан. Мөн цар тахал нь бэлэн мөнгөгүй нийгэмд шилжих шилжилтийг түргэтгэх бас нэг нэмэлт хөшүүрэг болсон. Уг агуулга нь бэлэн мөнгөгүй нийгэм мөнгө угаах үйл ажиллагааг буюу санхүүгийн гэмт хэргийн саармагжуулах, бууруулах, эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх суурь хөшүүрэг байх болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний харилцаа нь санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөө ихтэй байдаг гэсэн үг. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгө хуурамчаар үйлдэх, авлига, терроризмын санхүүжилт зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ бэлэн мөнгөөр хийгддэг.

Дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдгээр гэмт хэргүүдийг багасгахад анхаарч бэлэн мөнгөгүй нийгмийн үзэл санааг дэмжиж ирсэн. Тиймээс бид ч тодорхойгүй халдварт өвчлөл, цар тахлын эрсдэлээс сэргийлэхэд контактгүй харилцааг дэмжих, эрүүл ахуйн шаардлага чухал гэдэг өнцгөөс, бизнесийн онлайн моделд шилжихэд өртөг зардал хэмнэх өнцгөөс ч гэсэн, санхүүгийн хяналтыг бий болгоход, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхэд, улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, онлайн зах зээл хангахад дижитал хэлбэрт шилжиж, бэлэн мөнгөгүй нийгмийг цогцлоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлэн бус мөнгөөр гүйлгээ хийх нь илүү хурдан бөгөөд тохиромжтой байдаг төдийгүй гэмт хэргийн гаралтыг бууруулахад түлхэц болно. Шалтгаан нь дижитал гүйлгээний хяналт, ил тод байдал нь илүү их тул хулгайлах, мөнгө угаах, татвараас зайлсхийх нөхцөлийг хаана. Авлига мөн бэлэн бус гүйлгээний тусламжтайгаар арилждаг.

-Эерэг ач холбогдлын тухайд?

-Бэлэн мөнгөгүй шийдэл, бэлэн мөнгөгүй ирээдүй, том, жижиг олон ач тустай. Тухайлбал, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломж бүрдэнэ. Бэлэн бус төлбөр ашигладаг нийгэмд бид амьдарснаар хүүхдүүддээ төлбөр тооцооны аюулгүй, орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд бэлэн мөнгөгүй орчин нь таны хүүхдүүдийн аюулгүй харилцаанд дэм болно.

Мөн халамжийн бүлгийг тогтооход хялбар болно. Орлого, зарлага нь ил болсноор, ядуу, бага орлоготой харагдаж халамж завшигчид үгүй болж, халамжийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн зорилтот хүмүүст, ард түмэндээ тусалдаг нийгмийг бүтээх ажил ил болно.

Өртөг, зардал буурна. Жишээлбэл зөвхөн нэг пенни үйлдвэрлэх нь 1.5 центийн өртөгтэй. Тиймээс энэ төрлийн зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Бэлэн мөнгөний нөөцийг хадгалахтай холбоотой зардал гардаг гэж сонсох нь хачин сонсогдож магадгүй. Гэхдээ улс орон, системээс хамаарч ийм нэмэлт зардал байдаг.

Татвар, санхүүгийн хяналт, зээл тооцоо төлбөрийн хяналт хялбар, зардал багатай болно. Төлбөрийн системийг бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийхийг өөрчилж бэлэн бус системд шилжсэнээр бэлэн мөнгөөрх харилцаанаас үүдсэн замын түгжрэлийг бууруулах, холбогдох бусад зардал, цаг хугацааны алдагдлаас зайлсхийх боломжтой.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн өртөг, засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Бэлэн мөнгөний зардлын нэг жишээ бол АТМ машинууд нь байнгын ажиллагаатай байх, бэлэн мөнгөний нөөцийг хадгалах шаардлагатай байдаг Бусад компьютерийн нэгэн адил өөрийн өртөг, засвар үйлчилгээ нь өртөг зардалтай байдаг.

Хэдийгээр бэлэн мөнгөний бус эдийн засагт шилжих үйл явц аль хэдийн эхэлж байсан ч ковид-19 эхэлснээс хойш арилжааны дийлэнх хэсэг нь онлайн гүйлгээнд шилжсэн. Олон хүмүүс үнэт цаас нь энэхүү үхлийн өвчнийг тээгч болж магадгүйг бусад халдварт өвчин ч халдах магадлал бий гэж болгоомжилж байсан түүх саяхных.

-Хятадад өдөрт 20 мянган юаниас дээш гүйлгээ хийхдээ цагдаагаас зөвшөөрөл авах, АТМ-аас өдөрт 500-аас дээш юань гаргахгүй байгаагаас хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө цугларч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь тухайн улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Хятад бэлэн бус төлбөр тооцоог сайн нэвтрүүлж байгаа улс. Авах ч, хаях ч зүйл бий. Хятад төрийн албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн хулгайгаас салахын тулд бэлэн бус төлбөр тооцоог эрчимтэй нэвтрүүлсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө гэдэг бол тэдний хувьд амь дүйсэн хэрэг.

Япон улс ч мөн адил хээл хахууль, улсын хулгайгаас салахын тулд бэлэн мөнгөөрх харилцааг үгүй хийж эдийн засгаа аварсан байдаг. Энэ нь хэдийгээр хятад улсад өнөөдөр тохиож байгаа хүндрэлүүд Японд үүссэн хэдий ч эцсийн үр өгөөж нь улсын, ард иргэдийн төлөө байж чадсан. Хэдийгээр богино хугацаанд эдийн засагт мэдрэгдэх ч эцсийн дүндээ, дунд урт хугацаандаа эдийн засгаа эрүүлжүүлж, хулгайгаас салах арга мөн. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.

Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх үү гэдгийг бодолцох цаг болжээ.

Тухайлбал, ATM ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол / тодорхой хэрэглээний хэмжүүрээс давсан их хэмжээний босгоос/ тэр тохиолдолд хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа яаж байгаа нь тодорхойгүй,ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ы 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс хэд дахин /2-3дахин/ том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна.

-Манайд хааяа том дүнтэй мөнгөн дэвсгэрт шинээр хэвлэх тухай асуудал үе үе сөхөгддөг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэх нь хэр оновчтой гэж та харж байна вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийг өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байдаг учир буруу санал гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Намар шатахуунтай, өвөл цахилгаантай байхын тулд Засгийн газар ажлаа шуурхайлах ёстой DNN.mn

Улс төрийн хүрээний бялуу хуваалт, бал сар үргэлжилж байна. УИХ, Засгийн газрын бүтэц гарсны дараагаар яамд тамгын газруудын алба хэлтэст халаа сэлгээ ид хийгдэж байна. Харин эрх алба нь нэгэнт тодорхой болчихсон сайд, гишүүд тал тал тийшээ баяр наадам, аялал зугаалга гээд явж байх шиг байна. Одоо бүгдээрээ ажилдаа орцгоох ёстой. Алба ажлыг дагасан асуудал Монголд их бий.

Наанадаж манай улс цахилгаанаар ч, шатахуунаар ч Оросоос хараат. Гэтэл хойд хөршийн дайн улам бүдүүлэгжиж, эдийн засаг нь суларч байна. Хуучны цаг шиг Орос ах гэж гүйж байгаад юм салгадаг цаг алсарч байна.

Ер нь ч тэгээд хэдий хүртэл бид бусдын гарыг харж суух вэ. Зун бүр тэмдэглэдэг тэр ч аймгийн, энэ ч сумын тэгш ой гэдэг шиг Монголын толгойн өвчин болчихоод байгаа асуудлуудын нэгийг нь ч болтугай шийдчихээд улсаараа баярлаж суухсан. Ийм хүсэл тэмүүлэл, дайчин чанар хамтарсан Засгийн газар, шинэ сайд нар, улстөрчдөд хэрэгтэй. Тиймээс ийм цаг үед яамдууд ажлаа даруйхан эхэлж шуурхайлах хэрэгтэй байна. Тэр дундаа тог, шатахуун хариуцсан яамдууд.

Учир нь арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголд өвлийн хүйтэн ид тачигнаж эхэлдэг. Үүнээс өмнө олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 90 мВт-ын Эрдэнэбүрэнгийн цахилган станц, 300 мВт-ын Бөөрөлжүүтийн, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, ДЦС-IV-ийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулах мэдээж боломжгүй. Харин цахилгаан хуримтлалуурын үйлдвэрүүдийг энэ гурван сард барих боломжтой. Хэрвээ цахилгаан хуримтлалуурын буюу батерей хуримтлалуурын байгууламжуудыг олноор барьчихвал шөнө Орос руу явуулдаг тогоо хуримтлуулахаас гадна сэргээгдэх эрчим хүчнээс цэнэг хуримтлуулах боломжтой.

Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 150 мВт-ыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Уг нь энэ 10 дугаар сард ашиглалтад орно хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ямартаа ч энэ жилд багтаж ашиглалтад орно гэх. Ер нь энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийг төрөөс онцгойлон анхаарч дэмжиж, урамшуулах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 мВт-ын цахилгаан станц барьж буй. Хэрвээ уг станц ашиглалтад орчихвол Завхан төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай аймагт цахилгаан нийлүүлэх боломжтой. Тиймээс хэзээ мөдгүй гал алдах эрсдэлтэй эрчим хүчний салбарт зориг гарган эхлүүлсэн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжих ёстой.

Хоёр ч удаа улиран ажиллаж байгаа Эрчим хүчийн сайд Б.Чойжилсүрэнг ажлаа мэдэж байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь үзэл сурталд баригдалгүй, нам харгалзахгүй хувийн хэвшлийг дэмжиж, салбарын ажлаа шуурхайлах хэрэгтэй. Танай намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний дээрх олон төслийн хэрэгжилтийг монголчууд танаас нэхнэ. Тэр үед өнөөх аргацаасан үгээ хэлээд дахиад толгойгоо маажаад зогсож болохгүй биз дээ.

Мөн цахилгааны үнийг зоригтой чөлөөлөх эр зоригийг одоо гаргах хэрэгтэй. Аль юм болгон “болгоно доо” хэмээн аргацаах вэ. МАН-ынхан сүүлийн найман жилийн турш цахилгааны үнийг чөлөөлнө гэж ярьсан. Даанч эр зориггүй байдлаасаа болоод ажил хэрэг болгосонгүй. Үүний үр дүнд XXI зуунд монголчууд үе үе тоггүй болчихоод сууж буй. Тиймээс дулаан байгаа дээр нь одоо цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй.

Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд төр хувийн хэвшлийн эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Харин шатахууны хараат байдлаас гарахын тулд эхлүүлсэн ч жил жилээр хойшилж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс өөр төсөл бидэнд байхгүй.

Иймээс шатахуун бол манай улсын хувьд нэн эмзэг асуудал. Бид шатахуунаар мөн л Оросоос хараат. Тиймээс хоёрдогч, гуравдагч хөршөөс шатахуун импортолдог болмоор байна гэж мөн ч их бичсэн дээ. Гарц хайсан олон ч нийтлэл, ярилцлага нийтэлж байлаа. Бусад орноос импортолж болох ч тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ хэмээн албаныхан ер халгаадаггүй юм. Ер нь тээвэрлэлтийн зардал нэмэгддэггүй бараа бүтээгдэхүүн гэж хаа байх вэ дээ.

Наадмын дараа намар гэдэг. Намрын ургац хураалт, өвлийн зуд турханаар шатахуунгүй болчих вий, Ц.Туваан сайд аа. Өнгөрөгч өвөл манай улс энэ зовлонг амссан шүү. Өөр үзэл баримтлал, өөр бодлого хөтөлбөртэй улс төрийн хүчний гишүүн олон жилийн дараа энэ салбарыг удирдахаар болж байгаа учраас энэ чиглэлд олон нийт ихээхэн хүлээлттэй байгаа.

Тиймээс болох бүтэхгүй шалтаг тоочихын оронд ажиллах хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ, Орост валют хэрэгтэй учраас зах зээлийн ханшаас өндөр үнээр манайд шатахуун өгч байх шиг байна. Хуучин шигээ гуйдаг байсан бол дайн эхэлснээс хойш Монгол шатахуунгүй болоод гурван жил болох байсан биз. Тиймээс энэ бүхнийг бодож гурав дахь, дөрөв дэх орнуудаас нефть оруулж ирэх хэрэгтэй.

Хамтарсан Засгийн газар Монголын толгойны өвчин болсон асуудлуудыг шийдэхийн тулд аль ч салбарт ерөөсөө л либералчлалыг түчээлэх хэрэгтэй. Хэн дуртай нь шатахуун импортолдог, хэн дуртай нь нефть нэрдэг болмоор байна.

Үүнээс гадна амлаж аваад ард нь гарчихаж чаддаггүй өчнөөн асуудал хүлээгдэж байна. Нөгөө л түгжрэл, утаа… гэхчлэнгээр.

Ойрын хугацаанд хийх боломжтой, намуудын мөрийн хөтөлбөрт туссан НДШ-ийн шимтгэлийг бууруулах амлалтыг хариуцсан сайд нь хэрэгжүүлмээр байна. Тиймээс Засгийн газрын гишүүд аймаг сумдын ой дамжиж, хойморт залрахаа болиод одоо ажлаа хийх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Баянгол дүүргээс хамгийн олон санал авч парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Улс төр, эдийн засгийн тогтолцоо эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална” хэмээн ярилаа. Энэ талаар V нүүрээс уншаарай.

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн ял оноожээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл” хэмээн өгүүллээ.

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна” гэлээ.

Б. Очирбат “Орон нутгийн замын хөдөлгөөнд тавих дундаж хурдны хяналтын камер есдүгээр сард ашиглалтад орно” гэлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргал “Бидний өмнөх үеийнхэн юмыг төгс хийдэг байсны тод жишээ нь “Миний ээж тэмээчин” дуу юм” хэмээлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Европын шинэ парламентын анхны чуулган

Арын нүүр: Түлэгдсэн хүнд ингэж туслаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаана ч баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцъё DNN.mn

Нийслэл хотын хөл хөдөлгөөн одоохондоо сэлүүхэн л байна. Сая наадмаар 120, Төв цэнгэлдэх орчмоор хөл хөдөлгөөн их байлаа.

Тэр дундаа 19-ийн явган хүний гүүрэн гарц өдөр шөнөгүй хүний хөл тасарсангүй. Ингэхдээ манайхан урсгал чигийн хөдөлгөөний ойлголтгүйгээ мэдлээ. Халуунд умгар гүүрэн гарцаар хонь, ямаа хашаа руугаа чихэлдэн ордог шиг л шаваарч, шахцалдаж, нэгнийгээ дайрч, шүргэж тэрхүү гүүрэн гарцаар нааш цааш алхлаа.

Энэ хэвээрээ ямар ч урсгал чигийн зохицуулалтгүй хөдөлгөөнд оролцоод байвал ирэх жилээс гүүрэн гарц, шат зэрэгтээ бид явган алхсан ч түгжрэхээр байна. Угтаа томоохон хотуудын явган иргэдийнх нь хөдөлгөөнийг харж байхад эмх цэгцтэй бие биетэйгээ шүргэлцэх битгий хэл нэг алхам зайнд бүгд баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцдог. Манайхаас хэд дахин илүү, хэдэн арван сая хүн амтай хотуудад ч иргэд нь цэгцтэй, соёлтой гудам, талбайгаараа алхдаг.

Энэ соёл, энэ хандлага угтаа их энгийн боловч суурин амьдралд хялбар, бухимдалгүй, бие биедээ хүндрэл учруулахгүй аж төрөхийн үндсэн гол зарчим. Харамсалтай нь манай иргэдэд ийм зарчим, ийм хандлага одоохондоо төлөвшөөгүй л байна. Хотын гудамж талбайгаар явган болон цахилгаан дугуйтай олон мянган иргэд нааш цааш явж байна. Тэр бүгдэд баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцдог соёл суугаагүйгээс болж нэгэнтэйгээ мөргөлдөх, шүргэлцэх зэргээс үүдэн хөнгөн болон хүнд гэмтлүүд олон тохиолдох болж.

Тиймээс их хотын иргэд ээ хаана ч явсан баруун гар талаа бариад, соёлтойгоор, бие биеэ хүндэтгэн гудамж талбайн хөдөлгөөнд оролцъё.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын их амралтын үе ирлээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж  халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч “Наадмын дараа намар”  хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр”  гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ  дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг  болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн  хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хон­гиноод” эхлэнэ дээ.  Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж
сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө
ордог юм байгаа биз. Бү­тэн
есөн сарын зуданд нух­луул­сан
малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн
аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын  өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн  хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан  тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц  дугуй­ныхаа хагархай олгойг   нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна.  Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар  дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын  буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны  манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан  ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл  улсын хилийн яг торгон ирмэг  байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн  сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь”  гэж  өмөөрөх, харамлах, бас харуусах  сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпод оролцох Монголын 33 тамирчин DNN.mn

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд ес хоног үлдлээ. Цэнхэр гаригийн 205 орны арван мянга гаруй тамирчид 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөнө. Есөн тэрбум еврогийн өртөгтэй болж буй зуны 33 дахь олимпийн наадамд Монгол Улс есөн спортын төрөлд 33 тамирчнаа илгээнэ.

Токиогийн олимпод монголчууд арван спортын төрөлд 33 тамирчнаа илгээж байв.

Парисыг зорих тамирчдыг танилцуулъя.

Тухайлбал,

  1. О.Есүгэн /буудлага/
  2. Э.Даваахүү /буудлага/
  3. Н.Баяраа /буудлага/
  4. Б.Отгонболд /байт харваа/
  5. О.Есүгэн /бокс/
  6. Б.Чинзориг /бокс/
  7. С.Жамбалжамц /дугуй/
  8. Б.Тэгшбаяр /дугуй/
  9. Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  10. Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
  11. Т.Тулга /чөлөөт бөх/
  12. Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
  13. М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
  14. Б.Хулан /чөлөөт бөх/
  15. Б.Хонгорзул /чөлөөт бөх/
  16. П.Орхон /чөлөөт бөх/
  17. Э.Даваанасан /чөлөөт бөх/
  18. Г.Хишигсайхан /марафон/
  19. Б.Мөнхзаяа /марафон/
  20. Б.Сэр-Од /марафон/
  21. М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
  22. Б.Баасанхүү /жүдо -48 кг/
  23. Л.Сосорбарам /жүдо -52 кг/
  24.  Л.Энхрийлэн /жүдо -57 кг/
  25. О.Хүслэн /жүдо -78 кг/
  26. А.Адьяасүрэн /+78 кг/
  27. Э.Ариунболд /-60 кг/
  28. Ё. Басхүү /-66 кг/
  29. Б.Эрдэнэбаяр /-73 кг/
  30. Б.Гончигсүрэн /-100 кг/
  31. О.Цэцэнцэнгэл /+100 кг/
  32. Б.Энхтамир /усанд сэлэлт/
  33. Б.Энххүслэн /усанд сэлэлт/

Онцлох тамирчдыг дурдвал байт харвааны Б.Отгонболд. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн оны Азийн наадамд түрүүлж, эрхээ авсан билээ. Түүний хувьд өмнө нь Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай. Мөн Б.Сэр-Одын дурдаж болно. Гавьяат тамирчны хувьд 42 насандаа зургаа дахь олимпдоо уралдана. Тэднээс гадна эгч дүүс болох Б.Энхтамир болон Б.Энххүслэн нар олимпод өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Зам” хэмээх номын тухайд DNN.mn

Японы алдартай, томоохон корпорациудын нэг бол гарцаагүй “Панасоник”. “Панасоник” гэх том эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ гэх эрхмийн “Зам” хэмээх номыг О.Жаргалсайханы орчуулгаар “Монсудар”-аас эрхлэх гаргасан юм. Төдийлөн сонирхол татахгүй мэт санагдаж болох уг номыг нээгээд эхний хуудсыг эргүүлэхэд л эрхгүй бүгдийг нь уншмаар сэтгэгдэл төрөх болно.

“Хувь заяагаа ярж нээхүйн тулд”, “Шийдвэр гаргах цаг дор”, “Бэрхшээлтэй тулгарах үед”, “Өөртөө итгэх итгэлээ алдсан үед”, “Ажил хэргийг улам сайжруулахын тулд”, “Бизнесээ улам илүү тэлэхийн тулд”, “Үнэ цэнтэй амьдралаар амьдрахын тулд” зэрэг бүлгээс уг бүтээл бүтнэ. Ямар ч хүний амьдралд тулгардаг саад бэрхшээл, түүнийг даван гарах тэнхээ, амьдрахуйн мөн чанар, цаг тутам тохиолддог шийдвэр гаргахуй гээд олон олон зүйлсийг энэ номоос уншиж болно.

Хүн бүхэнд оногдсон, зөвхөн тэр хүн л туулан өнгөрүүлэх зам гэж буй. Тэрхүү зам өргөн цэлгэр, бас яаж явах билээ гэмээр нарийхан давчуу байж болох ч зөвхөн та л тэрхүү замыг туулан гарна. Бэрхшээл хүндрэлтэй таарах аваас шантарч буцах биш, харин яаж ийгээд зогсохгүй алхах л хэрэгтэй. Танаас өөр хэн ч явахгүй тийм л чухал зам учраас. Зам хэдий алс хол мэт бодогдовч урагш тэмүүлэн алхсаар байвал шинэ зам нээгдэнэ. Зоригоо чангалах аваас хөгшин залуугийн ялгаа үгүй зам нээгдэж байдаг. Хүний амьдрал гэдэг өдөр өдрөөр үхэл рүү хүрэх аян зам гэж хэлж болох байх. Энэхүү аян замыг хэн ч өөрчилж үл чадна. Тиймийн учир гагцхүү хүн л энэ бол байгалийн хууль мөн гэдгийг мэдэж, аян замаа цэгцэлж чадах юм.

Энэ номонд нэг сонин санаа байсан нь “Сүрхий хүн өдөрт гурав холбирдог”. Өнгөц ойлговол барьцгүй, хэлсэндээ хүрдэггүй хүн гэж бодогдохоор. Тэгвэл уг утгыг нэг өдөрт гурван удаа санаа сэтгэл хувирна гэдэг нь тэр хэрээр шинэ зүйлсийг харж, гаргаж ирдэг болохоор сүрхий хүн гэгдэх учиртай хэмээн тайлжээ. Асуудлыг тал талаас нь харж нягтална аа гэсэн үг байх нь. Хүний амьдралын нэн чухал үеүдийн нэг бол гарцаагүй шийдвэр гаргах. Одоо яах билээ, яг аль нь зөв байх бол, энүүгээр үү, түүгээр нь үү гээд эргэлзэж тээнэгэлзэх явдал түмэн удаа тохионо. Яг ийм үед хамгаас чухал нь шийдвэр гаргах. Та бурхан биш учраас гаргасан шийдвэр ямар ч байж болно. Шийдвэр гаргахын эрхэмсгийг тунгаан бодууштай гэж бас энэ номонд байна. “Тушаал буулгахуй” хэмээх дэд хэсэгт… “Өөрийнхөө ингэмээр байна, тэгмээр байна гэж бодогдсон зүйлээ тушааж, тушаал ёсоор хүн нь хөдөлж эхэлнэ гэдэг ажил төрөлд тун чухал хэдий ч тушаал зааварт дасаад тушаахгүй л бол хөдлөхөө байвал туйлын бэрх билээ. Яг ийм нөхцөлөөс хөгжил дэвшил үл төрнө.”Иймийн учир тушаал буулгахаас өмнө эхлээд заавал хүний хэлж ярихад чих тавин сонс. Сонсохын хажуугаар бас асуу. Харилцан хүлээн зөвшөөрөлд хүрч байх аваас амжилт аандаа ирэх ажээ.

Я.БАЯРБААТАР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулиудын босго оноо болон төлбөрийн мэдээлэл DNN.mn

Их дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд аль сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа эргэлзэж буй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/170 тоот тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын 2024-2025 оны хичээлийн жилд элсэлт авах үндэсний Босго оноог 420-480 байхаар тогтоосон байна.

Их, дээд сургуулийн хичээл ирэх наймдугаар сарын 26-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 Их, дээд сургуульд 130 мянга гаруй оюутан суралцах урьдчилсан статистик гарчээ. Элсэлтийн шалгалтын хувьд жилд хоёр удаа авах зохион байгуулалтад шилжсэн билээ. Тиймдээ ч Их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өндөр байгаа аж. Бид Их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр, босго оноо хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо:

Их сургууль – 480
Дээд сургууль  – 440
Коллеж – 400
Орон нутгийн Их, дээд сургууль – 410

Тухайлбал, Их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон. Түүнчлэн Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүйгээр хуульчлан тогтоожээ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн Их, дээд сургуулиудад мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай тогтоосон байна.

Харин улсын томоохон Их, дээд сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо:
МУИС – 480 – 600
МУБИС – 420 – 480
АШУҮИС – 410 – 480
ШУТИС – 450 – 480
ХААИС – 450 – 480
СУИС – 440 – 480
СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр буюу 500-650 байхаар тогтоожээ.
Харин Их, дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар нэг кредит нь 123300 байна.

МУИС: Монгол Улсын их сургуулийн вэб сайт дээр элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь оруулж байгаа. Тус сургуульд элсэгчид элсэх хүсэлтээ цахимаар гаргасан. Бүртгэл дууссаны дараа элсэх эрх олгох үйл ажиллагаа эхэлсэн. МУИС 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй байна. Төлбөр 1 кредит нь 119000-142800 төгрөг

МУБИС: Босго оноо 480 бөгөөд багш мэргэжлээр элсэн суралцах оюутнууд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан бол Засгийн газрын тэтгэлгээр 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой. МУБИС-ийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдэх эсэх шийдвэр эцэслэж гараагүй байна. Нэг кредит нь 78000-94000 төгрөг

ШУТИС: Цахим бүртгэлийн ажил дуусч, элсэгчдийн онооны жагсаалт гарчээ. Ингэснээр оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад элсэн орох мэргэжил сонголтоо хийж эхэлсэн байна. Гадаад хэлний сургуулийн кредитийн үнэлгээ хямд байдаг бол тус сургуулийн барилга, архитектурын сургууль болон үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлбөр нь өндөр байдаг аж. Нэг кредит 134000 төгрөг

АШУИС: СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль зургаан жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй.

Сургалтын төлбөрийн тухайд:
Бакалаврын нэг кредитийн төлбөр 99000-119790 төгрөг, дипломын сургалтын нэг кредитийн төлбөр 23000-67200 төгрөг, сувилагч мэргэжлээр элсэлтийн шалгалт хоёр хичээл 501 онооноос дээш тэтгэлэгт хамрагдах аж.

СЭЗИС: Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэг улиралд дунджаар 12-19 кредит үзнэ. Бакалаврын хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл нь эхэлсэн. Нийт бүртгүүлсэн бүртгүүлэгчид элсэлтийн журмын 2.2, 4.3-т д заасан ур чадварын шалгалтыг цахим сургалтын талбараар дамжуулан аваад байна.

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ: Бүртгэл баталгаажуулалт долдугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Агаарын тээврийн үйлчилгээний ур чадварын шалгалтаас хоцорсон элсэгчдийн ур чадварын шалгалт долдугаар сарын 18-нд 10-11 цагийн хооронд зохион байгуулагдана. ЭШ оноо нь хүрсэн ч Монгол хэл, бичгийн шалгалтад хангалтгүй оноо авсан бол дахин шалгалтаа өгсний дараа наймдугаар сарын 21-нээс бүртгэлээ баталгаажуулах юм байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюунчимэг: Бургас бол байгалиасаа үерийн аюулыг барьж тогтоох зориулалттай DNN.mn

Бургас нь чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг, чийглэг хөрсөнд сайн ургадаг. Түүнчлэн хамгийн найдвартай “Байгаль хамгаалагч” болдог гэнэ. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал аж. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой юм байна.
Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотыг үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үүнээс өөр аргагүй хэмээн Сэлбэ, Дунд голын мод, бургасыг Хар усан тохой руу зөөж, шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн билээ. Тэд уг ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийж буй хэмээн мэдэгдсэн. Энэхүү ажилд зориулан есөн тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Сэлбэ, Дунд голын мод, бургасыг шилжүүлэн зөөвөрлөхийн эсрэг байр суурьтай, шүүмжлэлтэй хандаж буй иргэд ч цөөнгүй байгаа юм.

Энэ талаар МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Н.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Сэлбэ, Дунд голын бургасыг хотын хүн амыг үер усны аюулаас сэргийлэх үүднээс нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Яг ямар судалгаа, үндэслэлтэй бургасыг нүүлгэн шилжүүлж буйг мэдэхгүй. Бургас усны урсацыг хааж буй тул урсацыг нь сайжруулж байна. Бургас нь голын урсацад саад учруулснаас болоод лаг шавар, хагшаас хуримтлагдаад түүнээс болж, урсац муудаад байна гэж байх шиг байсан. Хар ухаанаар хэлэхэд, ус нь саадгүй урсаж өнгөрөхгүй байгаа учраас үер болоод байна гэж ярьж байсан. Энэ нь тийм биш л дээ. Юмыг өнгөц харж байна. Трубон дотор ус урсуулаад түүнд нь янз бүрийн хог дүүрчихээд тэрүүгээр нь ус урсахгүй үер үүсч байгаа юм шиг ярих юм. Энэ чинь цаанаасаа бүх юм нь хоорондоо зохилдолгоотой байгаль юм. Байгалиасаа бургас, мод гэдэг чинь үерийн аюулыг барьж тогтоох зориулалттай зүйл. Миний харж буйгаар, судалгааны ажлуудаас харахад голдоо бургас мод нь байж гэмээнэ усыг тогтоон барьж, үерийн эрсдлийг бууруулдаг юм билээ. Бургас, шугуйг түшсэн янз бүрийн амьтан, шувуунуудын амьдрах орчинг сүйтгэж байна. Маш олон экологийн ач холбогдолтой зүйлүүдэд механик сэтгэлгээгээр хандан, бургаснуудыг зайлуулчихвал үерийн асуудал шийдэгдэнэ гэж байхгүй.

Үерийг үүсгээд байгаа гол шалтгаан нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй. Сэлбэ голын голдирол Дунд голтой нийлж байгаа бэлчир дээр газар олгочихсон. Түүндээ барилга барихын тулд үерийн суваг шуудууг нь нарийсгаад гол руугаа түрж оруулаад, цементэлсэн. Хоёр гол нийлж байгаа тэр бэлчрийг механикаар нарийсгаснаас байгалийнхаа эх үүсвэрээс орж ирж байгаа ус хотын суурьшлын бүс рүү орж ирэхэд голдирол нь хэвийн байхаа больсон. Янз бүрийн барилга барьсны улмаас голдирол хумигдан, голын урсац нь удаашраад эхэлж байгаа юм. Голын урсац удаашраад ирэхээр лаг шавар, хагшаас гэдэг нь үүсээд эд нар цэвэрлэж байна гэж яриад байна. Хэрвээ барилга, байгууламж барьж голдирлыг нь нарийсгаж, урсацыг нь сааруулаагүй бол голын ус байгалийн жам, хүчээрээ урсах боломжтой байсан. Ийм голдирлоороо урсаж буй усанд лаг шавар, хагшаас гэдэг зүйл тогтох ёсгүй. Та бүхэн анзаарч харвал хүний хүчин зүйлийн нөлөөгүй хөдөө хээр буй байгалиараа урсаж буй гол усанд лаг шавар, хагшаас хуримтлагдаагүй байгаа. Байгалийн чадавхыг нь доройтуулж байшин барилга барьж, үерийн эрсдлээс сэргийлж буй нэрээр баахан цементэлдгээс ус голдиролдоо шингэхгүй байна. Усыг барьж тогтоодог мод, бургасыг нь аваад хаячихаар үерийн эрсдэл улам л нэмэгдэнэ.

-Дэлхийн бусад оронд үерийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг бол. Манайхтай адилхан голынхоо мод, бургасыг авч, зөөвөрлөсөн тохиолдол байдаг уу?

-Дэлхий нийтийн туршлагаас харахад ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнууд маш том эргэлт хийж байна. Тэр нь юу вэ гэхээр “Байгальд суурилсан шийдэл” юм. Хот суурин газар үүсээд байгаа үерийн эрсдэл, хэт халалт зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг байгалийн өөрийнх нь шинж чанарыг ашиглаад шийдэх арга барил руу дэлхийн улс орнууд аль хэдийнэ орсон байна. Гэтэл манайх эсрэгээрээ байгалийнхаа шинж чанарыг ашиглаж нийгмийн асуудлаа шийдэхийн оронд саарал дэд бүтэцтэй буюу цемент, төмөр бетоныг ашиглах гээд буй нь харамсалтай. Одоо ажил хариуцаж буй хүмүүс нь дэлхийн арга аргачлалыг судлахгүй, шинжлэх ухааны өгүүллүүдийг уншихгүй байна гэж үү гээд гайхах юм.

Байгальд илүү юм гэж юу ч байхгүйгээр хоорондоо харилцан уялдаатай, зохилдолгоотой, биологийн олон янз байдал нь ч гэсэн амьгүй байгальтайгаа эргэх холбоотой байдаг. Ийм эргэх холбоо үүссэн гинжин хэлхээг дундуур нь тасдаж хаяад өөрийнхөө инженерийн дэд бүтцийг оруулаад ирэхээр байгаль өөрийнхөө чадвараар ажиллаж чадахаа больчихож байгаа юм.

– Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй гэсэн байна лээ.

“Байгальд суурилсан шийдэл” гэдэг зүйлийг бид судалмаар байна. Инженерийн дэд бүтцийг байгалийн өөрийнх нь онцлог, ач холбогдолтой хослуулж, байгалийн болон нийгмийн асуудлыг богино хугацаанд үр ашигтай, зардал мөнгө багатай шийдэж болох вэ гэдгийг олж харах хэрэгтэй байна.
Солонгосын Сөүл хотын дундуур Хан мөрнөөс гадна Шинжан гээд гол дээр хийсэн өөрчлөлтийг ч манайхан харчихмаар байгаа юм. Солонгост өмнө нь манайх шиг саарал дэд бүтцийг шүтэж, голоо үерийн эрсдлээс хамгаалж байна гээд цементэн хана босгоод, дээгүүр нь хурдны зам тавьж байсан үе бий. Тэнд байсан биологийн янз бүрийн мэрэгч, шавьж, шувуунууд нь алга болсон. Дээрээс, доороос давхар төөнөж, маш бүгчим халуун арал үүсч байгаа юм. Үүнийг Сөүлийн захиргаа тухайн үед яаж шийдсэн бэ гэхээр энэ бол буруу шийдэл байж гээд бүх цементэн ханануудаа буулгасан. Буцаагаад голыг байгалийн аяс, хэв маягт нь оруулж, эргийг нь зүлэгжүүлсэн. Одоо тэнд нь маш гоё бичил байгалийн уур амьсгал, сэрүүхэн орчин бий болсон. Халуун өдрүүдэд тэр голын эрэг дээрээ сэрүүцдэг, ногоон байгууламж дотор нь амардаг. Шувууд нь жиргэж, олон амьтад амьдардаг болж, голын голдирол нь өөрчлөгдсөн байна. Энэ чинь бодит туршлага шүү дээ. Манайх чинь одоо яг байгалиараа мод буттай, зүлэгтэйгээ байна.

-Голыг нэг метр доош нь ухна гэсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Механикаар сэтгээд байна. Амьгүй зүйлтэй харьцаж буй юм шиг байгальтайгаа ийм байдлаар харьцаж болохгүй. Байгалийн биш зүйл дээр урсгал сайжруулах инженерийн энэ арга бол зөв. Голын голдирол, хөрс, ургамал нь бий болж, мод бут чинь ургах гэж маш олон зуун жилийг туулж байж өнөөдрийнхөө дүр төрхөнд орсон байж таарна. Үүнийг хэдхэн өдрийн дотор юу ч үгүй ухаад малтаад, аваачаад хаяна гэдэг аймар харамсалтай. Мэргэжлийн хүний нүдээр харахад эмгэнэлтэй дүр зураг юм. Бургасуудыг аваад зогсохгүй цементэлбэл улам л халуун бүгчим хот болно гэсэн үг.

-Мод тарих тухай ярьж буй энэ цаг үед мод бутаа тасдаж авах нь сонин байна. Зөөж тээвэрлэхэд тодорхой шаардлага байна биз?

-Би өөр газар шилжүүлж суулгана гэдэгт нь итгэхгүй байгаа. Харахад малтагчтай бульдозероор хуу татаад байна лээ. Суулгах модны үндсийг бүрэн бүтэн авч, хатаахгүй, үхүүлэхгүй байлгах гэж чийгтэй шороотой нь ороож хадгалан, нүдний цөцгий мэт хамгаалж байж, дараагийнхаа газар тарьдаг. Заавал бургасыг шилжүүлэн суулгах ямар шаардлагатай юм. Зүгээр голдоо байсан бургасыг голынх нь эко системийг эвдэн байж авч, өөр газар суулгах гэж буйг би сайн ойлгохгүй байна. Бургасуудыг авснаар эдийн засгийн болон экологийн ямар үр өгөөж байгааг нь би лав олж харахгүй байгаа. Угаасаа байгальд илүү юм гэж хаана ч байхгүй. Тэр нь буцаад байгальдаа үер болгоод байдаг ч юм биш.
Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор экологийн тэнцвэрт байдал алдагдсан. Голын урсац хааж, газар олгож барьсан барилга байгууламжаа зайлуулахгүй, гэмгүй байгалиараа ургасан бургасыг авч хаядаг нь яаж байгаа юм бэ гэж хэлмээр байна. Өөрсдийн алдаагаа засахгүй байгаль руугаа дайрна гэдэг оновчтой шийдэл биш.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон DNN.mn

Хурдан дааганы цол дуудсан Т.Тэмүүлэн хүүгээс ярилцлага авах гэтэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд дуу дуулж, ерөөл уншиж, морины цолоо дуудах ажлаар явсан тул түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.


-За юуны өмнө чамд баяр хүргэе.

– Баярлалаа.

-Наадамд хурдан дааганы цол дуудах болсон шалтгаан юу вэ, сонирхол байсан уу?

-Сонирхол байлгүй яах вэ. Улсын наадамд ядаж баян ходоодны цол дуудахсан гэж мөрөөдөж, тэр мөрөөдөл минь биелсэн.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Туулбаатарын Тэмүүлэн гэдэг.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, одоогоор Нийслэлийн 53 дугаар сургуульд сурдаг.

-Наадмаар хурдан дааганы цол дуудаад наадамчин олныг баясгасан шүү дээ, сэтгэгдэл ямар байсан бэ?

-Сайхан байсаан, эхэндээ айж байсан, гэтэл наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон, их омогшсон.

-Урьд нь олон шагнал авч байсан уу?

-Анх бол урлагийн үзлэгт ороод хоёр удаа алтан медаль авч байсан. Тэгээд “Билиг авьяас бидний бахархал” аймгийн уралдаанд товшуур хөгжим, магтаал хайлж дөрөвдүгээр байранд орж “Гийнгоо” их наадамын улсын уралдаанд оролцож алтан медаль авч байсан.

-Танай аав, өвөө юу хийдэг хүмүүс вэ, урлагийн удам бий юу?

-Удам байгаа, ерөнхийдөө удмаараа урлаг талдаа. Манай өвөө аймгийн Хөгжимт драмын театрын дуучин байсан, аав бас дуулдаг. Одоогоор манай Өлзийт нутгийн ой болж байгаа болохоор миний хувьд энэ баярт оролцох гэж байна.

-Ирэх 9 дүгээр сард хичээл нь эхэлж анги дэвшинэ, ангийн хамт олон, найз нар чинь мэдээд чамд баяр хүргэнэ дээ.

-Манай найзууд баяр хүргэсэн, өмнөх ангийн найзууд болон шинэ ангийн найзууддаа баярлалаа.

-Танайх хэдүүлээ вэ?

-Би айлын бага, дээрээ хоёр эгч, нэг ахтай.Одоо ах эгч нар бүгд тусдаа болоод өнөр өтгөн 12-уулаа болсон.

-Ээж аав нь хаана ямар ажил эрхэлдэг вэ?

-Ээж маань Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга, аав Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг.

-Чиний сонирхол хобби юу вэ?

-Урлаг талдаа, тэр дундаа Монголынхоо үндэсний урлагтаа илүү хоббитой.

Танай сониноор дамжуулж ээж аавдаа, ах эгчдээ хайртай шүү, мөн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

Ц.ОТГОНСҮРЭН