Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Энди Вэйр “Тэнгэр мэдэг ажиллагаа” DNN.mn

Ийм зөгнөлт зохиолыг “Мон судар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан. Энди Вэйр нь бидний сайн мэдэх “Марсын хүн” буюу (The Martian)-ыг зохиосон хүн юм. Бүрэн хэмжээний киног нь бид сайн мэдэх билээ. Номын нэр эх хэлээрээ “Por­ject Hail Mary” буюу Аве Мария төсөл гэдэг. Энэ нь эцсийн мөчид аз сорин үзээд алдах гэсэн утга агуулсан хэлц үг аж. Ингэж үзээд л дуусъя гэмээр ч юм уу. Бүтэх эсэхийг нь мэдэхгүй ч хүн төрөлхтөн сүүлчийн найдвараа хөлгүй огторгуйд илгээж байгаа тухай тус номд өгүүлдэг.

Ном шинжлэх ухааны, зөгнөлт төрлийнх юм. Гол баатар Риланд Грейс сансрын хөлөгт ухаан орж байгаагаар зохиол эхэлнэ. Нарны гэрэл буурч байгаа, гучин жилийн дараа гэхэд таван хэмээр буурах болчихоод байгаа аж. Хэрэв тэгвэл дэлхийд мөстлөг болох бөгөөд ургац алдаж өлсгөлөн нүүрлэнэ. Энэ нь петровын шугам хэмээгчээс болжээ. Тэр нь маш өчүүхэн биет бөгөөд 10микрон 18 зэрэгт хэмжээтэй. Тэр нь сугар гариг дээр үүсээд наран дээр гэрлийн хурдаар очин тэнд өсч үржээд буцаад сугар гариг руу нисдэг эд аж. Уг биет нарыг бүрхээд гэрлийг нь хаадаг гэнэ. Нэг ёсондоо нарны эрчим хүчээр амьдардаг аж. Гол баатар амьдралд ус тийм ч чухал бус гэдэг онол гаргасан хүн аж. Усгүй ч амьдрал байж болно гэж үздэг. Тэгэхлээр нөгөө юм нь усгүй орчинд амьдраад байж таарах байж. Тэгээд мань хүнийг судлуулахаар авна. Нөгөө биетийг астрофаж гэж нэрлэнэ. Астрофаж найман гэрлийн жилийн зайд байгаа одуудыг халдварлуулдаг аж. Гэвч халдвартай оддын яг төвд байгаа Тау Цети хэмээх од уг халдварыг аваагүй байгаа нь мэдэгддэг. Тэр одонд хүрч яагаад халдвар авдаггүй учрыг олох хэрэг дэлхийд тулгарна. Ингээд мань хүнийг хоёр нисэгчтэй хамт уг од руу явуулдаг. Замдаа унтаж байгаад дөхөж ирэхээр нь сэрэх ёстой. Сэрэх цаг болоход нөгөө хоёр нисгэгч нь нас барчихсан, манай хүн ганцаараа үлдсэн байдаг. Тэр цааш ниссээр уг одонд хүрч очиход тэнд бас нэг сансрын хөлөг ирчихсэн байгаа нь тааралдана. Тэр харь гаригийн хөлөг байх бөгөөд тэд хоорондоо холбоо тогтоон харилцаж чаддаг. Уг хөлөгт зургаан хөл гартай аалзархуу биет байх бөгөөд тэд хардаггүй, зөвхөн дууны долгионоор сонсож мэдэрдэг, уугуул гариг нь маш халуун улайдмал агаартай гаригийнх гэнэ. Тэр хөлөг хориод амьтантай гарсан ч сансрын радиацын туяаг мэддэггүй байж таараад нисэгч нар нь тэр туяаны хордлогоор нас нөгцжээ. Харин мань нөхөр азаар хөдөлгүүрийн хэсэгт унтдаг байж, тэнд нь хөдөлгүүрийн нөлөөгөөр радиац нэвтэрдэггүй учир амь гарсан аж. Тэд нөгөө Тау Цети хэмээх одонд хүрч нөгөө астрофежийг барьж аван судалж байгаад тэднийг ангуучилдаг биет байдгийг олдог. Тэр нь Тау Цети одонд байдаг бөгөөд зөвхөн астрофежээр хооллодог байна. Тэр биетийг олзворлон буцтал харь гаригийн хийсэн саванд байсан биетүүд саваа нэвт гараад түлшний астрофежийг нь идчихсэн байгааг мэднэ. Манай дэлхийн сав бол байгаа, тэрэнд нөгөө биет дүүрэн байгаа. Харин нөгөө гаригийн сав бол хоосорсон гэдгийг мэдэж цөхөх юм гүй. Тэгэхлээр тэр гаригийн амьдрал мөхнө гэсэн үг. Яг манайх шиг нар нь буурч байгаа учраас тэр. Дэлхий рүүгээ нисгэгчгүй онгоцоор биетээ хүргүүлээд харь гаригийн нисгэгчид туслах хэрэгтэйг ухаардаг… Та уг номноос зөгнөлт зохиолын амт шимтийг бүрэн мэдэрч оюуны цэнгэл эдэлнэ. Уг ном том зузаан, зургаан зуугаад хуудастай.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврыг хүлээхүй DNN.mn

Өвлийн улирал туйлдаа хүрч байна. Гадаа жавар жанжин бүрэн ноёлж, цас хялмаалан зарим газраар зуд турханы тухай яриа үл тасарна.

Цагаан сар болоход бүтэн сарын зай байх нь тэсгэл алдармаар. Талын нүүдэлчдийн хүйтнийг баримжаалдаг ес дөнгөж тав дахь нь дундаа орж байгаа нь өвөл дуусах болоогүй л байгааг илтгэнэ. Гэвч хавар хором хормоор наашилж байгаа даа гэж бодохоос цаанаа сайхан. Нэг л мэдэхэд хаврын тэргүүн сарын цагаан сарын шинийн нэгэн болж урь унаж, ус гэсч, дээврийн цасан дусал дуслаар хайлж эхэлнэ гэж бодохоос итгэл төрнө. Зөвхөн дээврийн цасан ч биш, хаа холын ян сарьдагийн хадан хясааны ирмэгээс яг адилхан усан дусал нялх янзаганы нүд мэт тув тунгалагхан урсана. Болох юм болж л таарна гэсэн итгэл яаж ч хүйтэрсэн үргэлж цаана нь байх аж. Хүмүүст итгэл байхад бүх юм болдог гэцгээдэг. Хамгийн итгэлтэй юм бол хавар болох гэдгийг бүгд мэднэ. Үүн шиг цаг сайхан болно, амьдрал сайхан болно гэсэн итгэл хүн бүрд байдаг.

Өвчин зовлонтой хүн эдгэнэ гэж итгэж байдаг. Өр зээлтэй хүн дарна гэдэгтээ итгэж байдаг. Амьдрал доголдож байгаа хүн зүгээр сайхан тэгшрээд ирнэ дээ гэж итгэж байдаг. Ажил төрөл муухан байвал ингэсхийгээд зүгшрээд ирнэ гэж итгэж байдаг.

Яг хүйтэн өвөл тачигнаж байхад хавар ирнэ гэдгийг мэдэж байх шиг итгэж байдаг. Хавар ирнэ ээ, жам юм чинь ирэхгүй гээд хаачихав. Хүмүүний амьдрал яг үүн шиг жам юм чинь та итгэж л байвал сайхан болно. Хаврын дараа диваажингийн цаг зун ирдэг нь цаг хугацааны л асуудал.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Биеэ боддог хүмүүс брэнд өмсдөг гэнэ DNN.mn

Бид ганган дэгжин хүмүүстээ ад үзэнгүй ханддаг. Муусайн баячууд, нуль брэнд болсон юм л гайхуулаад байх чүүлээ гэгчлэн ярилцдаг. Тэгвэл биеэ бодсон хүн брэнд өмсдөг гэж нэг худал хэлэхээргүй хүн ярихыг сонсов.

Нэг их өмсөх гээд ч байгаа юм байхгүй л дээ. Чадал хүрэх чац дутах гэхчлэн юм юм л байгаа. Гэхдээ ядахдаа ийнхүү гангарчихсан хүмүүсээ элдвээр хэлэх хэрэг байхгүй л юм байна даа гэж бодсоноо л хэлж байгаа юм. Брэнд хувцас анхдагч түүхий эд байдаг бөгөөд дахин боловсруулаагүй материалаар хийдэг аж. Манай ноолуур, ноосон хувцас, ширэн гутал эд нар бол яваандаа брэнд хувцас болох л юм байна. Дахин боловсруулсан түүхий эдээр хийсэн хувцас биед муу байдаг тухай судалгаа олонтаа гарч хүмүүс ийм эдээр хийсэн хувцаснаас татгалзаж эхэлсэн аж. Яг нөгөө транс тостой хоол, орлуулагчтай хиам эд нартай агаар нэг бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Уул нь эрдэмтэд тогтоожээ гэмээр байвч яг тийм судалгааг нь эш татаж чадахгүй учир судалгаа гарчээ гэсхийгээд орхиж байгаа юм. Биед эвтэй анхдагч түүхий эдээр хийсэн хувцас л орчин үед их эрэлт хэрэгцээтэй болох нь ээ. Хоёрдогч түүхий эд буюу дахин боловсруулсан материалаар хийсэн хувцас гял цал, будаг шунх нь маш тод, олон тоогоор үйлдвэрлэдэг, үнэ хямд байдаг гэнэ. Тэгэхлээр манай янмал оймс ч бараг брэнд болох юм байна, хонины ноосоор хийдэг бол. За тэр сарлагийн хөөвөр бол бүүр ч хаданд гарах байлгүй, хатгаад байдгийг нь болиулчихвал.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Захын зогсоол дахь хэрүүл DNN.mn

Хүнсний захын зогсоолд нэг нөхөр зам хаан машинаа байрлуулжээ. Гэхдээ нөхрийн машинаас нэлээд зайтай гарц байх аж. Хүмүүс тэр гарцаар гарах гэхээсээ залхуурч заавал нөгөө эрийн хаасан завсраар гарах гэж тэмүүлцгээнэ.

Зогсоо зайгүй дохиогоо чарлуулан том гэрлээ гялс гялсхийлгэн тэрүүгээр нэг чимээ шуугиан болох аж. Хүмүүс ялангуяа монголчууд хоорондоо ямар дайсантай байдаг билээ. Өөрийнх нь эрх ашиг нь өчүүхэн төдий хөндөгдөхөд л тэд бие биенийхээ хоолойг шууд шүдээрээ хэмлэн тас татахад ч бэлэн болдог. Нөгөө хөлдүү толгой бүүр машинаа хаяад явчихсан байжээ. Тэгж тэгж аливаа юм дуусдаг жамтай учраас машины эзэн ирлээ.

Энэ үед нь тэр завсраар гарах гэсэн ээлжит жолооч нар дохиогоо орилуулан гэрлээ гялалзуулж байх аж. Машины эзэн ирсэн тул бүр ч их шуугиан үүсэх нь мэдээж. Хүмүүс “ядахдаа уучлалт гуй чи, зам хаасандаа” гэж загнацгаав. Гэтэл сонин юм болж нөгөө хөлдүү толгой “уучлал гуйхгүй” хэмээн хүмүүстэй юун “хотын дарга цаашаа” хэрэлдэв. “Та нар өөрсдөөсөө уучлалт гуйдаг юм байгаа биз. Та нарын сонгосон нам чинь, та нарын сонгосон дарга нар чинь л хотыг ийм зогсоолгүй, замгүй, гүүргүй байлгаж байгаа биз дээ. Тэр намын чинь өмнөөс, тэр дарга сайдын чинь өмнөөс яахаараа би уучлалт гуйж байдаг юм” хэмээн үзэж тарах аж.

Хүн бүр түүний өөдөөс гайхан харж “миний санал яахаараа энэ зогсоолтой холбогддог билээ” гэж учрыг нь ойлгож ядан хоцорлоо

 

Categories
нүүр-хуудасны-онцлох

Дэлгүүр дотор DNN.mn

Дэлгүүрийн жимс жинлэх хэсэг дээр хүмүүс урт дараалалтай байлаа. Жинлэгч солигдсоноос үүдэж дарааллын хажуугаар зогсож байсан хүмүүст урдуур нь орох боломж нээгдэв. Тэрүүхэн хавьдаа жижиг бужигнаан үүсч хүмүүс “хөөе дарааллаараа жинлээчээ” гэх зэргээр гонгиноцгоолоо. Тэрийг ч тоож байгаа амьтан алга, угаасаа хэзээ тийм юм тоож ч байлаа даа, бид. Нэг нас тогтсон эрийн урдуур гадаад залуу хоёр жижиг уут жимс бариад орчихжээ. Нөгөө эр “миний урдуур орчихлоо, би жинлүүлэх байсан юм” гэж монгол хэлээр загнаж байна. Нөгөө гадаад залуу ч бас мөчөөгөө өгөхгүй яг бидэнтэйгээ таарсан хүн байв. “Хоёрхон юман дээр үхлээ юү” гэж байгаа бололтой хоёр хуруугаа гозолзуулан гадаад хэлээр хариу хэлж үзсээр байгаад жинлүүлж орхив. Жинлэгч залуухан хүү гадаад эрийн жимсийг боож хоёр гардан өгч “баяраллаа” хэмээн хэлээд мэхсхийн ёслов. Бухимдаад байсан эр энэ бүхнийг харан зогсож байхдаа түрүүний явдлаа мартчихсан бололтой жинлэгч залуу руу харан инээмсэглэж зэрэгцээ зогсож байсан хүнд хандан “манай залуус ч бас тэгж байгаад үйлчилгээний соёлтой болжээ” хэмээн бахархалтайгаар хэлэх аж. Найртайгаар жимсээ жинлүүлж дуусаад хэсэг байзнас хийв. Нөгөө “баярлалаа” г л хэлүүлэх гэсэн байх. Жинлэгч залуу түүн лүү хяламхийн харснаа “алив яваад өг” гэж түүнийг зандарч байна. Юун баярлах байх вэ бүүр хөөгдөж байна гээч. Хижээл эр цочин ухасхийснээ эргэн ноцож “Чи яахлаараа надад баярлалаа гэж хэлж болдоггүй юм. Тэгж ярих юм бол тэр гадаадаас чинь илүү төдийгөөс өдий хүртэл залуу нас, татвар,хөдөлмөр, хөлсөөрөө энэ улсыг чинь бий болголцсон юм” гэж уурлалаа. Дэлгүүрт олон хүний шуугиан битүү нүргэлэн дүнгэнэж хэн юу хэлж байгаа нь үл ялгагдан амьдрал амсхийх завгүй оволзон урссаар амой.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гурван настай гунан Улаан баатар бол манай нийслэлийн нэр юм шүү дээ DNN.mn

Ийм баатарлаг тууль байдгийг мэдэх үү, хүмүүс ээ,

Наран сая мандаж байхад, Навч цэцэг дэлгэрч байхад, Захын модыг зулзага байхад, Загал бугыг янзага байхад, Самуун цагийг шувтарч байхад, Сайхан жаргалыг эхэлж байхад, Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг гүвээ байхад… Төв халхынхны баатарлаг тууль. Үүнийг аав маань аялгуулан хэлж хэдэн баньд нараа томоотойхон суулгаж байгаад цагаан сарын буузаа хийдэгсэн.

…Айлын хүүхэд нураана гэж, Албин савдгаар тойруулсан, Адуу мал шөргөөнө гэж, Араатан чоноор мануулсан, Салхи шуурганд ойчино гэж, Савдаг лусаар түшүүлсэн, Дэлхий газраас өөрцгүй, Далай цагаан өргөөтэй гэнэ…гээл цаашаа явж өгнө шүү дээ.

Өвгөд нь хэлдэг байсан юм уу, өөрөө ч тэгж итгэдэг байсан юм уу “Улаанбаатар гэдэг чинь энэ гурван настай гунан Улаан баатарын нэр юм шүү дээ. Үргэлж залуу, үргэлж хүч чадалтай, хэнд ч дийлдэхгүй баатар юм байгаа юм, манай хот” гэж ирээд л хуучилдагсан. Яагаад ийн дурсах болов оо гэвэл “Улаанбаатар” нэрийг сүүлийн үед гадаадууд өгсөн доромж нэр гээд л мэдэмхийрэх хүмүүс байдаг болоод л үүнийг бичлээ. Монголчуудын сэтгэлд улаан баатар гэдэг бол дээрх туульсаар л буудаг байсан юм болов уу. Бид юмыг сайнаар буулган бодож явдаг хүмүүс л дээ. Тийм дээ ч “монгол хүн сүжгээр” гэдэг байх. Баатарлаг туульсын нэр яагаад ч бидний сэтгэлд сэв суулгахгүйгээр бууна л даа. Ёр билгээн бодсон ч, тухайн цаг үеэ бодсон ч яг л оносон нэр байж таараа биз. Өвгөд дээдэс үүнийг тунгаан бодсон л байж таараа. Юу ч мэдэхгүй малнууд байгаагүй юм шүү дээ бидний дээдэс.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол залуус минь DNN.mn

Хаа сайгүй бродюр сольж байгааг хотынхон байтугай хөдөөнийхөн ч андахгүй. Тэр бродюр гэдэг зүйл сүүлдээ төгсрөөд гантиг болсныг (боржин л доо) хараа байлгүй. Тэдгээрийг солихын өмнө зам дээгүүр жирийтэл өрж тавьж байгаад сольдог юм байна лээ. Тэр боржин чулууны ирмэг нь иртэй гэж юү гэхэв, яг л сахлын хутга шиг.

Нэг орой тэрийг нь машинаараа дайрчихваа. Хажуунаас амьжиргаа цагаан бөөр лүү шахаад замын зах руу дарчихгүй юу. Сахлын хутга шиг ирмэг нь шууд л дугуй хага зүсчихлээ. Пис пас гээд л шууд хий нь гараад шалчийчихав. Гай болж яг явган хүний зам дээр таарлаа. Хөдөлгөөн ихтэй ч газар юм. Зам хаагаад зогсохоос өөр яах билээ. Үүнд хүмүүс машид зэвүүцэн машиныг маань зогсоо зайгүй нүдэж эхэллээ. Гарцаар гарч байгаа залуу, хөгшин гэхгүй бүгд хараалын муугаар хараан төрсөн эхийг нь нүдэн дээр нь доромжилчихсон мэт үзэн ядаж нулимж, өшигчих аж. Буугаад дугуйгаа гаргах гээд ноцолдвол зодуулаад тогтвол их юм болохоор байлаа. Аймшигтай ажээ.

Хамгийн гайгүй энд бичиж болох хараал нь “замаас зайлаач төгцөгөө” л юм уу даа. Гэтэл нэг танихгүй залуу хүү хэрэг болгон хаалганы цаанаас “цонхоо буулга” хэмээн дохив. Арай ч цохиод авахгүй байгаа гэж бодон цонхоо буулгалаа. “Ах аа, дугуй чинь нэгэнт засал авахааргүй болжээ. Та энэ чигт нь яваад тэрүүхэн зогсоол дээр зогсчихоод учраа ол оо” гэж хэлчихээд явлаа. Хэн нэгэн чин сэтгэлээсээ хандахад ухаан санаа цэлс гээд л явчих шиг болов. Гэтэл зам зохицуулж байгаа цагдаа хүү гүйж ирэн “ах аа, би дугуй засдаг бригад дуудаад өгье, та шууд яваад тэр зогсоол дээр оч. Наадах чинь засвар авахгүй” гэж хэлээд хөдөлгөөн чөлөөлж эхэллээ.

Танихгүй монгол залуустаа хайр төрөөд л явчихав. Түрүүний цөхрөл айдас, гоморхол үргэн одож төрөлх нутаг, үндэстэн нэгт хүмүүс дунд байгаагаа мэдрэн машинаа зугуухан, цатгалан ирвэс мярайх мэт хөдөлгөж эхлэв.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарын намар DNN.mn

Улаанбаатарын намар аажуухан бөгөөд нүсэр эхэлнэ. Замын түгжрэл махны болон бараан захууд, бичиг хэргийн дэлгүүрүүдээс эхэлж “сургуульдаа эргэж ирэх боллоо” гэсэн самбарууд энд тэндгүй харагдаж гудамж талбайд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны үзэсгэлэн алаглана. Үүнийг харсан багачууд хүүхдүүд нөгөө Говь-Алтайн хүү шиг уцаарлангуй “Заа за” гэж хэлэн санаа алдана.

Харин төгсөх ангийн хөвгүүд охид сэтгэл сэмрэн дэгэлзэх амой. Жимс, самрын худалдаа гадуур дэлгэгдэж, “Намрын ногоон өдрүүд” хэмээх хүнсний ногооны худалдаан дээр хүмүүс орж гаран шинэ ногоо дуртайяа худалдан авна. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж зунжин намдуу байсан баар саваар залуус шавж амьд хөгжимтэй уушийн газарт бөмбөр тас нясхийн гуулин цангаас нь ойсон гэрэл бүдэг танхим дотор гилс гилсхийн харагдаж зөөгчид шогшилдон гүйлдэж захиалсан зүйлсийг нь аваачих нь хөөртэй. Стадионы задгай талбайд том том тоглолт болж халамцуу залуус бүжиглэн шөнө дөлөөр алаглан харагдах салютын гэрэлд гэрээдээ хос хосоороо одоцгооно.

Модод одоо л нэг шарлах тэмдэг суусан ч цэл ногооноороо л байна. Оюутан сурагчдын хичээл эхэлж зам пиг болон түгжирч яг үүнийг нь анаж байсан мэт дулааны шугам, зам боржуур (бродюр)-ын засварууд ар араасаа эхэлж улам л төвөгтөй болгох ажаам. Хот тэр аяараа дүүрэн хахаж битүү нүргэлсэн дуу өглөөний долоон цагаас шөнө дөл болтол хүнгэнэх нь амьдралын дуу хоолой гэлтэй. Модод шаргалтаж навчис цардмал талбай дээр хөглөрөн унаж залуу охид түүнийг нь уяран харж цэвэр хэсгээр нь навчин титэм хийн толгойдоо зүүж хөгжил хөөртөй бүх юм дэлгэрэн цэцэглэх хавар цагийг мөрөөдөн зөгнөнө.

Хотын хүмүүс шувууд буцсан эсэх, буга урамдаж байгаа эсэхийг огт анзаарахгүй. Улаанбаатарын намар удаж, удаж анхны цаснаар л дуусах авай.

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хэлмэгдэгсэд үү Хилсдэгчид үү DNN.mn

Сая жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хэлмэгдэгсдийн өдөр”-ийг ёслон өнгөрүүллээ.Энэ өдрийн нэрийг өөрчлөх тухай санал сүүлийн үед гарах болсон. Геноцид болсон, их хядлага байсан гэх зэргээр ярилцаж байгаа. Ер нь “хэлмэгдэгсэд” гэхээсээ илүү “хилсдэгчдийн” өдөр гэвэл арай дөхүү нэршил юм болов уу гэж бодож байна.Монгол хэлний тайлбар толинд “хэлмэгдэх” гэж зовлонд өртөх чирэгдэх, хилсээр хохирох гэж тайлбарлаж.

Мөн “хэлмэгдэл” гэдэг үгийг бол үрэгдэл чирэгдэл, гарз хохирол, дайны хэлмэгдэл хэмээн тайлбарлажээ. Бас хоёр дахь утга нь хилсээр хохирох, хийгээгүй хэргийн төлөө шийтгүүлэх гэсэн байна. Хэлмэгдэх гэдэг дээр олон тооны “сэд” дагавар залгаад хэлмэгдэгсэд гэж олон тоон дээр нэрлэж ярьсаар ирсэн. Тэгэхлээр яг ч тохирсон нэршил биш юм шиг санагддаг.

Тэгвэл хилс хэрэг гэж юү вэ гэхээр “ташаа хэрэг, гүжир хэрэг, “хилс явдал” гэж өөрийн хийгээгүй зүйлийг хийсэн хэмээн гүтгэгдэх явдал, болсон хэрэг явдлыг гүйцэт ухаараагүйгээс гэмгүй хүнийг буруутгах явдал. “Хилс гүжир” гэдэг үг нь оргүй зүйлд буруутгах явдал, “хилс ташаа” бодит үнэнд үл нийцсэн байдал, хэн нэг хүнийг буруутай хэмээн гүтгэсэн байдал хэмээн тайлбарласан байна. Мөн “хилсээр хохирох” гэдэг нь хийгээгүй хэргийн төлөө шийтгүүлэх гэж тайлбарлажээ. Тэгэхлээр манай өвөг дээдэс хэлмэгдээгүй харин хилсээр хохирогчид яг мөн байгаа биз дээ. Хэлмэгдэгсэд гэхээр нам засаг буруу зөрүү юм хийгээд л ард олноо зовлонд өртүүлж жаахан чирэгдүүлсэн төдий л юм байна гэж шууд ойлгогдож байна.

Энэ хэрэг одоогоос зуун жилийн дараа бол ингэж л ойлгогдохоос өөр замгүй. Харин хилсдэгчид гэвэл хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлжээ, нам засаг нь яагаад ард түмнээ хийгээгүй хэргийн төлөө шийтгэдэг билээ хэмээн хэн ч бодож эхлэх байлгүй.

Ж.Сандагдорж

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэлэлцдэгсэн DNN.mn

Өдрийн сонины 2010 оны архиваас………………….


Олон улсын нисэх буу­дал  дээр ирсэн, явсан гийчдийн хөдөлгөөн тас­рахгүй. Тэнд Монгол Улсын дархан хил бий, уул нь. Гэвч түүнийг хэн дуртай хүн нь наашаа цаашаа гатчин гүйх нь сэтгэл эмзэглүүлнэ. Саяв­тар “Эйр чайна”-гийн  онгоц буусны дараа хэн нэгэн хүн их л чухал ца­райлан ямар нэгэн бичиг үзүүлээд хилийн зурвас руу орж явчихав. Удсан ч үгүй нэгэн хүнийг дагуулан  гарч ирлээ. Бүхий л бичиг баримт ачаа зэрэгт нь шууд л штамп даруулан, хил гаалийн ажилт­нуу­дыг бөндөгнүүлж бай­гаад ямар ч шалгалтгүй гарч одлоо. Тэр эрхэм хүрч ирж байгаа гийчнээ их л чухал хүн гэж хараг­дуулах аж. Түүний зэрэг­цээ өөрийгөө бүүр ч мун­даг эрх мэдэлтэй, маш аймаар чухал хүн, энэ улсдаа дийлцэн “гар” гэдгээ гайхуулах аж. Харин ямар ч байсан тэнд ажилладаг  хүн л лав биш байсан юм. Хил гаалиар нь хэн нэгэн хүн танилаа дагуулаад гарчихдаг ул­сын хил  гэж байдаг уу. Хэн дуртай нь танил та­лаа­раа гайхуулан ноолж байдаг төр гэж байх уу.  Хил гаалиар орж гарах нь зарим хүнд сумын тө­вийн­­хөн контортоо орж гарч байгаа мэт л зам­бараа муутай байх юм. Ажил­тайхан сумын­хан ч ингэж хэн дуртай хүнийг кон­тор­тоо шавуу­лаад байхгүй. Үүнийг тэгээд улсын хил гэх үү. Ийм хил гаальтай орныг тусгаар улс гэх үү. Хэн дуртай нь бүүр эрэн сурвалжлагдаж байсан хүн нь хүртэл нисэхээр гараад явчихаж байдаг орон байдаг юм уу гэх зэргээр бодож үзмээр болж дээ. Дээр нь га­даадаас ирж байгаа зо­чин гийчдийг хэдэн хал­тар хэр үнэртүүлсэн так­синий жолооч нар л шүлсээ үсчүүлэн угтах юм. Айлын өнгө үүд­нээ­сээ байдаг биш билүү. Үүнийг арай дээр хүний ёсонд дөхүүлэн зохион байгуулж болохгүй юу гэх зэрэг асуудал мөн ч их байх юм даа. Бүхий л юман дээр ийм дампуу маягтай байдаг биднийг ямар ч тусгаар орон гэх вэ дээ. Уул нь өвөг дээдэс “Төр төмбөгөр, ёс ём­богор” хэмээн хэлэлц­дэгсэн. Төрт ёс гэдэг бол хүчгүй ч хүчтэй мэт ха­рагддаг, нууцгүй ч нууц­тай мэт байдаг, хэн ч халдаж үл зүрхлэм сүр хүчний бэлгэдэл байдаг биш үү.

Ж.САНДАГДОРЖ