Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уужуу бодолтой байя

“Таван сар шахам хугацаанд хүндээр өвдсөн нөхрийн маань эмнэлгийн төлбөр, эм тариа, хоол цай, машин тэрэг гээд бүх юманд хоёр найз нь оройлон гүйдэг байв. Гэр бүлийг минь элэг бүтэн болгоход тэдний ач тус хэмжээлшгүй их. Төрсөн ах дүү нараас илүү чин сэтгэлээсээ зүтгэж, нөхрийг минь хөл дээр нь босгосон хоёр.

Гэтэл би гэдэг хүн өмнө найзуудынхаа талаар дэмий бодол тээж, дотроо бухимдаж явсан үе олон. Жил болгон зуны амралтаараа үр хүүхдүүдтэйгээ ирж бужигнахад нь төвөгшөөж, цааргална. Заримдаа ч нөхөртөө “Танай найзууд үд болтол унтаж, хэвтэхээс өөр шидгүй юмнууд. Хөдөөний бидний ажил үстэй толгойноос их гэдгийг мэддэггүй юм уу. Зочид буудалд байгаа юм шиг л тийм ч хоол, ийм ч хорхог гээд хээнцэрлэх нь хэрээс хэтэрч байна шүү” гэж үглэдэг байв. Нэг удаа манай хоёр гэр бүлийн хүүхдүүд тоглоомоо булаалдаад муудалцав аа. Багын маань дуу хадаад явчих нь тэр. Үнээнийхээ дэлэнг шувтарч байсан би ухасхийтэл тугал татаж зогсох нөхөр маань “Хүүхэд, нохойгоо өмөөрсөн хүн айлтай явдаггүй гэх хэзээний үг бий шүү” гэж билээ. Тэгэхэд нь дэмий нөхөртөө үглэж, дуртай дургүй буцаад суусан сан. Магадгүй хүүхдээ өмөөрсөн бухимдалдаа автаад тэр эрчээрээ найзуудад нь элдэв үг хэлчихсэн бол өнөөдрийн бидний нөхөрлөл тэр үед төгсөх байсан биз. Хоёр хүү минь аавгүй орчлонг туулж байж ч мэднэ” гэж ярих бэр эгчийнхээ үгийг эргэцүүлэв.

Үнэхээр зарим үед тэвчих нь харилцаагаа хэвээр авч үлдэхэд тусалдаг юм байна. Бага байхад жаахан уурлаж, бухимдмаар маягтай болоод ирэнгүүт ээж минь “Уужуу бодолтой бай” гэдэг сэн. Одоо бодох нь ээ, уур бухимдал ухамсаргүй үйлдэлд хүргэдэг учраас бодолд орж ирсэн болгоноо амнаасаа гаргаад байлгүй санаа бодлоо анзаарч, удирдаж сурахыг хэлж, захидаг байжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн ахмад Э.Энхзаяа: “Юань шилжүүлнэ” гэсэн залилан телеграмд их үйлдэгдэж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяатай цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Цахим залилангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 14.416 гэмт хэрэг гарсан. Үүнээс 4466 буюу 31 хувийг нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Мөн 3386 хэрэг цахим орчинд үйлдэгдсэний 86.1 хувь нь залилах гэмт хэрэг байна.

Залилах гэмт хэргийн онцлог нь хохирлын хэмжээ шаарддаггүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллээс харахад залилах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн дийлэнх нь 18-24 насны иргэд байна. Хэрэв энэ гэмт хэргийг үйлдэхдээ бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдсан бол хувь хүний цахим мэдээллийн аюулгүй байдалд халдсан үйлдэлд нь ч мөн хариуцлага оногдуулдаг. Сонирхуулахад, цахим залилан нь гахайн мах нядлах гэсэн хятад хэлц үгнээс гаралтай хэрэг. Гахайг хүнсэнд хэрэглэхийн тулд өсгөж, тэжээдэгтэй яг адил арга, зарчмаар явагдаж байгаа учраас ингэж нэрлэсэн. Энэ гэмт хэрэг хар тамхины хууль бус наймаанаас илүү их ашиг орлого олж байгаагаараа дэлхий нийтийн хууль сахиулах байгууллагуудын анхаарлын төвд орчихоод байгаа юм. Залилагчид жилд ойролцоогоор 500 гаруй тэрбум ам.долларыг дэлхийн өнцөг булан бүрээс иргэдээс залилж авдаг. Тиймээс иргэд хамгийн гол нь ятгах тусам нягтлах хэрэгтэй.

-Цахим залилангийн ямар, ямар хэлбэр нь түгээмэл байна вэ?

-Залилагчид хэн нэгний цахим хаягт халдаад ойр дотны хүмүүсийг судалж байгаад “Яаралтай мөнгө зээлээч. Удахгүй буцаагаад өгье” гэсэн зурвас бичдэг. Тэгэхэд ойр дотных нь хүмүүс нь “Хэрэг болсон юм байлгүй” гэж бодоод хэлсэн данс руу нь хэрэгтэй гэсэн мөнгийг нь шилжүүлчихдэг байдал түгээмэл байна. Дараагийнх нь романс залилан. Огт танихгүй хүнтэй цахимаар хайр сэтгэлийн харилцаа тогтоогоод, итгэлийг нь олчихоод янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд мөнгө зээлдэг. Мөн фэйсбүүк дээр “Хүүгүй, 100 сая хүртэлх зээл олгоно”, “Манай олон улсын байгууллага таны санхүүгийн асуудлыг шийднэ” гэх мэт модон хэллэгтэй, уншихад эв хавгүй заруудыг гадаад хүний нэр, зурагтай хаягнаас хандалт өндөртэй лайв, бичлэгийн доор үлдээдэг. Ийм хүмүүст иргэд өөрийн хувийн мэдээллийг өгчихдөг ба “Таны өгсөн мэдээллийн дагуу судаллаа. Та манай компаниас зээл авч болох юм байна. Танд таны хүссэн хэмжээний мөнгийг энэ долоо хоногтоо гаргаад өгчихнө. Тэгэхийн тулд та эхлээд тухайн мөнгөнийхөө 0.5 хувийг төлөх шаардлагатай. Хэрэв та зээл авмаар байвал яараарай. Дараагийн хүн хүлээж байна” гэсэн утга бүхий зурвасуудыг илгээж ятгадаг. Түүнд нь иргэд итгэж мөнгөө шилжүүлж, цахим залилангийн хохирогч болоод байна. Түүнчлэн телеграм платформ ашиглан хүмүүс маш их залилуулж байна. Дан ялангуяа эмэгтэйчүүд телеграм залиланд их өртөж байна. Энэ төрлийн залилангийн онцлог нь “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй” гэсний дагуу мөнгөө богино хугацаанд амар хялбар аргаар өсгөчихье гэсэн байдлаар иргэд хамгийн багадаа 800 мянган төгрөг шилжүүлэн залилуулж байна. Ингэхдээ залилагчид гурав, дөрвөн хүний дансны дугаар луу хохирогчдоор мөнгө шилжүүлүүлж авдаг.

-Бараа бүтээгдэхүүн зарах нэрийдлээр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлаж залилах тохиолдлууд газар авч байх шиг байна?

-Тийм ээ. Залилагчид хүний хэрэгцээнд тулгуурлан энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хүний хэрэгцээг өгөөш болгож байна гэсэн үг. Тухайлбал, “Хотын төвд хаана ч байхгүй хямд үнээр орон сууц түрээслүүлнэ” гэх мэтээр хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгодог. Зарынх нь дагуу хэн нэгэн холбогдвол өөр зар дээр байршуулсан орон сууцны зураг, хуурамч бичиг баримтын зураг илгээж, “Дараагийн хүн хүлээж байгаа учраас та авах бол урьдчилгаа мөнгөө яаралтай шилжүүлэх хэрэгтэй” гэх байдлаар огт байхгүй зүйлийг зохиомлоор, зориудаар бий болгон иргэдийг залилж байна. Саяхны жишээ гэхэд энэ сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн “VIP аялалд аялуулна” гэсэн зарын дагуу гурван удаагийн гүйлгээгээр 17 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Цахим залилангийн шинэ хэлбэр гарч байна уу?

-Цагдаагийн байгууллагад хоногт хамгийн багадаа гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1000 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Үүнээс залилах гэмт хэргийн дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгддэг. Саяхан цахимд нийтлэгдсэн “Засгийн газраас зээл олгоно” гэсэн зар мэдээллийн дагуу нэг өндөр настан холбогдож, дөрвөн өөр дансны дугаар луу нийт 17 орчим сая төгрөг хийж залилуулсан. Мөн иргэд валют арилжааны эрхтэй төвүүдэд очиж гадаад валютын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг биечлэн очиж авахаас илүүтэй цахимаар үйлчилгээ авах нь ихэсч байна. Иргэдийн энэ хэрэгцээн дээр нь тулгуурлан цахимд “Юань шилжүүлнэ” гэсэн зар, мэдээлэл тавьж иргэдийг залилж байна. Энэ төрлийн залилан телеграмд их үйлдэгдэж байна. Телеграмд “Юань солино, зарна” гэсэн группүүд их байдаг юм байна. Ингэхдээ хүмүүс маш өндөр дүнгээр буюу хамгийн багадаа 10 гаруй сая төгрөгөөр залилуулж байна.

-Цахим залилангийн арга хэлбэр нь улам л нарийсаад байна. Тийм үү?

-Тийм ээ. Тэгэхээр иргэд ямар нэгэн аппликэйшн, платформ ашиглаж байгаа бол өөрийн хувийн мэдээллээ аль болох бусдаас нууцлах, тухайн аппликэйшнд нэвтэрдэг кодоо бусдад өгөхгүй байх хэрэгтэй. Мөн гар утсаа алдсан тохиолдолд хувийн мэдээлэл бүхий аппликэйшнүүдийхээ нууц үгийг солих шаардлагатай. Саяхан хамт ажилладаг хүндээ зээлийн аппликейшнийхээ нууц үгийг хэлчихсэн байтал тэр хүн нь өмнөөс нь хоёр сая орчим төгрөгийн зээл авчихсан байна гэсэн гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөн “Урьдчилгаагүй зээл өдөрт нь олгоно” гэх зар мэдээлэл цахим орчинд их байдаг. Энэ нь залилах гэмт хэрэг байж магадгүй учраас иргэд цахим орчинд байршуулсан мэдээллийг өөрийнхөө боломж бололцоогоор шалгаж байх хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүн рүү өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгийг нягталж шалгахгүйгээр шилжүүлнэ гэдэг эрсдэлтэй.Түүнчлэн улирлаа дагаад гадаад улсад сургуульд зуучилна, виз гаргаж өгнө гэж иргэдийг залилах тохиолдол нэмэгдэж байна.

-Залилагчид өөрсдийнхөө дансыг ашигладаггүй, байнгын дансаа ашигладаггүй хүмүүсийн дансыг ашигладаг гэдэг?

-Цахим гэмт хэрэг үйлддэг этгээдүүд өөрсдийн дансыг ашиглахаас илүүтэй өрөөл бусдын дансыг их ашиглаж байна. Тухайлбал, хамаатан садан, алслагдсан аймаг, суманд амьдардаг банкны карт, интернэт банк зэргийг ашигладаггүй, банкаар үйлчлүүлдэггүй, архины хамааралтай зэрэг эмзэг бүлгийн иргэдийн дансыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон мөнгөө бусдын дансаар дамжуулан гаргаж авч байна. Тийм ч учраас цахим гэмт хэрэг мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байдаг.

-Цагдаагийн байгууллага цахим залилангийн эсрэг ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний видео мэдээллийг байнга цахим орчинд түгээж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, радио долгионоор урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх, цахим орчинд олон дагагчтай хүмүүсээр дамжуулж иргэдэд мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг тогтмол хийж байна. Хамгийн сүүлд “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгууллаа. Энэ мэтчилэнгээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх ажлыг боломжтой хэлбэрээр бүхий л сувгаар дамжуулан хийж байна.

-Цахим залилагчдын онцлог юу вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нэг үйлдлийн аргаараа олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн байх тохиолдол их бий. Тухайлбал “Орон сууц түрээслүүлнэ” гэсэн зар мэдээлэл байршуулж, хамгийн багадаа хоёр иргэнийг залилсан байдаг. Хохирогчдын тоо ихсэх тусам шалгах ажиллагааны цар хүрээ нэмэгддэг, гэхдээ цагдаагийн байгууллагаас бүртгэгдсэн гэмт хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шалгаж, иргэнд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад барагдуулахыг зорьж ажилладаг. Ер нь зүгээр нэг хүн залилан хийхгүй, нэлээн судалгаатай хүмүүс л залилан хийж байна. Тэд хохирогчоо сонгож байна, урьдаас төлөвлөж, зохион байгуулалтад орж бусдыг залилж байна. Танд таатай нөхцөл санал болгосон бүгдийг залилан гэж хэлж болохгүй. Гэхдээ таатай нөхцөл санал болгож байгаа л бол өөрийнхөө хэмжээнд шалгах хэрэгтэй. Алдсан хүн арван тамтай гэгчээр бусдад эд хөрөнгөө залилуулсны дараа цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсноос залилуулахаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Маш сайн шалгаж, нягталсны үндсэн дээр өөрийн эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй бол таны эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг олон уран нарийн аргаар залилах гээд хүлээгээд сууж байгаа гэмт санаа, бодол агуулсан хүмүүс хаа сайгүй байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинбат: Ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй шаардлагуудыг бүтээх гэж явсаар сөхөрч уналаа

Жижиг дунд бизнес эрхлэгч Б.Түвшинбаттай ярилцлаа.


-Та ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?

-Манайх бол гадаад худалдаа буюу импортын бүтээгдэхүүн оруулж ирж зардаг. Миний хувьд бизнес эрхлээд 30-аад жил болж байна. Энэ хугацаандаа олон бизнесийн салбарт хүч үзсэн. Цөөнгүй удаа дампуурлаа зарлаж байсан. Одоо ч гэсэн татварын өртэй, дансаа хаалгуулсан жижиг дунд бизнес эрхлэгчид олон бий. Жаахан эвгүй болоход л хилийн хориг тавьж, эрүүгийн хэрэг үүсгэдэг болчихсон байх жишээтэй. Өнгөрсөн жилийн УИХ-аар баталсан хуулиар 50-иас дээш сая төгрөгийн татварын өртэй хүн бол бараг гэмт хэрэгтэнд тооцогдож байна шүү дээ. Угтаа зах зээлийн системээ зөв голдиролд нь явуулсан бол хүмүүс өрөнд орохгүй байсан. Төр нь хэтэрхий их данхайсан системтэй. Бүх зүйлийг хүчээр, механикаар болгох гэж зүтгээд байгаа учраас л ийм дарамт аж ахуйн нэгжүүдэд бууж байгаа юм.

-Та бизнесээ эхлүүлэх гээд тусгай зөвшөөрөл авахдаа цаг хугацаа алдаж, дарамтад орж байсан уу?

-Жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн их тулгамддаг асуудал бол зөвшөөрлийн тухай хуулиуд байдаг. Хамгийн багадаа гурван сар хөөцөлдсөний үр дүнд үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл үүсдэг. Жишээ нь, хороон дээрээ бүртгүүлээд Тохижилт үйлчилгээний компанитай гэрээ хийнэ. Орсон гарсан бүх газартаа төлбөр тушаана.

Мөн галын дүгнэлт, цагдаагийн дүгнэлт авдаг. Үүний цаана өөр олон шаардлагууд бий. Энэ бүх зөвшөөрлийг авахын тулд дор хаяж гурван сар зарцуулна. Ерөөсөө л үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дагалдаад ойлгомжгүй, боломжгүй шаардлагууд тавьдгаа болимоор байна. Үүнээс нь болоод олон хүн шантардаг эсвэл авлига руу ордог сонин системтэй боллоо.

-Ойлгомжгүй, боломжгүй шаардлагуудаас жишээ татахгүй юу?

-Хамгийн энгийнээр жишээ татахад галын дүгнэлт байна. Тодорхой заасан метр квадрат барилга дотор ийм хэмжээтэй галын хор болон орц, гарц, байх ёстой гэдэг. Нэг үүдтэй, хоёр хаалгатай байна гэх мэт иймэрхүү ойлгомжгүй шаардлагууд тавьдаг. Өөрөөр хэлбэл, шаардлагагүй зүйлийг шаарддаг. Түүнийг нь биелүүлэх боломжгүй байх жишээтэй. Би нэг удаа эмийн бизнес эрхэлье гээд зөвшөөрөл хөөцөлдсөн юм. Тэгсэн чинь 100м2 талбай байх ёстой гэсэн шаардлага тавилаа. Хамгийн тэнэг нь юу байсан бэ гэвэл тухайн барилга нь анх баригдахдаа эмийн бизнес эрхлэхэд зориулагдсан байх ёстой гэсэн. Юу ч гэсэн үг юм. Бүү мэд. Дөнгөж бизнес эхлүүлэх гээд объект түрээслэх гэж байгаа хүмүүст тухайн барилга ямар байх нь хамаагүй шүү дээ. Ядаж шаардлагад нь нийцсэн 100м2 талбайг олъё гэж бодсон. Анх тэр барилга яах гэж, юунд зориулагдаж баригдсаныг бид мэдэхгүй шүү дээ. Ийм балай шаардлага тавьдаг манайхаас өөр орон байхгүй. Ард түмнээ ингэж дарамталж, шулж идэхээсээ ичээсэй.

-Жижиг дунд бизнес эрхлээд амьдрахад манай улсын орчин нөхцөл ямар байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсын иргэн эх орондоо бизнес эрхлээд амьдрахад хамгийн төвөгтэй зүйл нь төр нийт баялгийн 80 хувийг эзэмшиж, бүтээж байгаад юм. Иргэдэд ажил олдохгүй байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Энэ 80 хувь иргэдэд байсан бол бизнес хийгээд зах зээлийнхээ зарчмаар явах боломжтой. Гэтэл нийт баялгийн 80 хувийг төр дангаараа бүрдүүлж байна. Уг нь бол төр бизнес хийх ёсгүй. Иргэд бизнес эрхэлж татвар төлсөн цагт зах зээлийн жамаараа явна. Гэтэл иргэдээ ч, улс орныхоо хөжлийг зориудаар боомилох гэж оролдоод байх юм.

-Тэгвэл татварын орчин ямар байна вэ?

-Гаднаас нь харвал татвар гайгүй юм шиг байдаг. Хуурдаг гэсэн үг. Анхлан бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлого арайхийж 50 сая хүрэнгүүт НӨАТ татвар гэж авдаг. Дараагийн асуудал нь цалин байна. Жишээ нь, би ажилчдадаа 1.000.000 төгрөгийн цалин тавьдаг байлаа гэж бодоход үүнээс 300 мянган төгрөгийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өгдөг. Тэгэхээр цаад хүндээ цалин өгч, өөрөө ч цалин тавьж, тайлагнахад үнэхээр хэцүү нөхцөлд байна. Мөн хүнд цалин өгснийхөө төлөө улсад бараг 300 мянгыг торгууль болгож төлдөг. Сүүлийн үед хоорондоо тохиролцоод шууд цалингаа тавьдаг болсон байна лээ. Ажил хийсэн ч, хийгээгүй юм шиг цалин авахаар хэн дуртай байх юм. Татварын орчин бол үнэхээр боомилж байна. Биднийг гишгэх газар үгүй болгосон. Амьдрахын тулд л явж байна даа.

Ард түмнээ ажилтай, орлоготой амьдруулъя гэвэл төрийн оролцоог б изнесийн орчинд хязгаарлах хэрэгтэй. Бүх зөвшөөрөл, шаардлагуудаа болих хэрэгтэй. Жишээ нь, цайны газар байгуулах гээд зөвшөөрөл хүсвэл “Та стандартаа сайн хангаарай гээд” тайван орхичих л хэрэгтэй байна. Гол нь стандартаа зөв тавь. Одоо төрийн өмчит компани их байгуулагдаж, хувийн бизнесийг хумьж байна. Энэ бол маш том алдаа шүү. Бизнес олон янз байдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч, х удалдаа эрхлэгч, үйлчилгээний бизнес эрхлэгчид гэж бий. Гэтэл бид үйлдвэрлэгч байх ёстой гээд гаднаас орж ирж байгаа бараанд асар их татвар ногдуулдаг. Жишээ нь, гаднаас оруулж ирж байгаа тавилганаас гэхэд 30 хувийн татвар авдаг. Ингэхээр үйлчилгээ, худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүс яах юм бэ. Хүн бүр үйлдвэрлэгч байж чадахгүй. Бизнес гэдэг дотроо олон төрөлтэй гэдгийг ойлгоосой. Юунд хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй их татварын дарамтыг бий болгоод байна. Үүнийгээ зогсоо. Үйлдвэрлэгч болохын тулд тодорхой хэмжээнд санхүүгийн боломжтой байх ёстой. Бид зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 30 жил болж байна. Тиймээс бидэнд өвлөөд ирсэн хөрөнгө гэж зүйл алга. Өсгөөд үржүүлэх мөнгө байхгүй учраас банкнаас зээл аваад мөнчгөрөөрөө зүтгэж явна. Мэдээж санхүүгийн хувьд боломжтой болоод ирвэл үйлдвэрлэх шат руу орно. Гэтэл энэ шат руу оруулах нь битгий хэл зүгээр амьдрах гээд явж байгаа хүмүүсээ боомилж байна. Ойлгомжгүй, боломжгүй шаардлагуудыг нь бүтээх гэж явсаар сөхөрч уналаа.

-Хилээр бараагаа оруулж ирэхэд хүндрэл үүсдэг үү?

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тохиолддог түгээмэл асуудал энэ шүү дээ. Оруулж ирж байгаа бараа нь бага хэмжээтэй байдаг учраас гааль дээр өөрсдөө баримтын бүрдүүлэлт хийгээд явах боломжгүй. Тиймээс карго, шуудангаар бараагаа оруулж ирдэг. Ингээд бараагаа зах зээл дээр гаргаад зарах гэхээр энэ бараагаа худалдаж авсан, оруулж ирсэн гэдгээ баримтаар нотол гэдэг. Ганц портер ачааг карго, шуудангаар оруулж ирж байгаа хүмүүст ямар ч баримт байхгүй шүү дээ. Борлуулсан зүйлд зардал байхгүй учраас шууд татвар төл гэдэг. Иймэрхүү хүндрэл бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөлийг дөнгөлдөг.

-Ном журмын дагуу баримтыг нь аваад хилээр оруулж ирэх боломж байхгүй юу?

-Одоогоор байхгүй байна. Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд заавал том оврын машинаар ирсэн цагт бүрдүүлэлт хийгдээд баримттай болдог. Жижиг үйлдвэрлэгч бол нэг портер ачаа оруулж ирэх л бололцоотой. Боломж нь энэ шүү дээ. Том оврын машин бол 20 портер ачааны багтаамжтай. Ингээд бодохоор өөр оруулж ирэх арга байхгүй байна шүү дээ. Энэ их жижиг, том хүндрэл бэрхшээл, татварын дарамт дунд олон компани дампуурлын ирмэг дээр байна. Амьсгаа авах боломж бидэнд олгооч ээ. Үйл ажиллагаа явуулж байгаа нэртэй ч аль хэдийнэ амьгүй болсон аж ахуйн нэгж Монголоор дүүрэн байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонины ТҮЦ ачих нь битгий хэл орц, гудамж бүрийг сонинжуулах шаардлагатай

Хотын төвийн гудамж талбайгаар өдөр, шөнөгүй ТҮЦ-ний “дайн” явагдаж байна. Энэ дайны хөлд сайн муу, сайхан муухай гэж ялгалгүйгээр бүгд л өртөж байх шиг. Үүнд нь сонин, сэтгүүл, ном, дэвтэр борлуулдаг ТҮЦ-үүд хэлмэгдлээ.

Өнөө цагт мэдээллийн асар олон урсгал нийгмийг хаашаа бол хаашаа чиглүүлэхээр байна. Нийгмээрээ хоосон цуурхалд итгэж болох систем, технологи бүрэн бүрэлдчихсэн байгаа нь айдас хүргэм. Цахим сүлжээн дэх элдэв мэдээллийн урсгалаас үүдэж нийгмийн эмзэг бүлэг буюу хүүхэд залуучууд ирээдүйн амьдралаа сөнөөж байна. Нийгэм өдрөөс өдөрт харанхуй болсоор байгаа нь Монгол Улсын анхаарах ёстой нэн тэргүүний асуудал. Гэтэл харанхуй нийгмийг жаахан ч гэсэн гэрэлтүүлэх сонин, сэтгүүл, ном борлуулдаг ТҮЦ-үүдийг ачлаа. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг. Өнөөгийн нийгмийг улам харанхуй байлгах нь эрх мэдэлд дурлагсдын хүсдэг ганц зүйл нь болж. Нийгэм харанхуй байх тусам миний эрх барих боломж нээгдэнэ гэж үздэг бүлэг хүмүүс олширлоо. Угтаа харанхуй нийгмээс гарахын тулд ард нийтээрээ унших хэрэгтэй. Үнэн бодитой мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах ёстой. Ингэж байж нийгэм хөгжинө. Ингэж байж хуурамч, хулгайч нөхдүүддээ зөв систем, зөв тогтолцоогоор хариуцлага тооцох чадамжтай болно.

Ингэхийн тулд сонины ТҮЦ ачих бус эсрэгээрээ хорооллын орц болгонд, гудамжны үзүүр бүхэнд сонин, сэтгүүл, ном борлуулдаг ТҮЦ байршуулах шаардлагатай байлаа.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Хонгор: Дандаа зоосны нүхээр хардаг харилцаа хавтгайрчихсан болохоор хүмүүс төрөхөөс айж байна

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын санхүү, эдийн засгийн зөвлөх Г.Хонгортой уулзаж ярилцлаа.


-“Өргөө” амаржих газарт бугшсан хариуцлагагүй үйлдлийн талаар шүгэл үлээх болсон шалтгаан тань юу вэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны гуравдугаар сарын 17-нд нийт төрийн байгууллага, улсын өмчит газруудад хандаж “Хууль бус явдалтай үл тэвчих замаар асуудалд хандаач ээ, хулгай дээрэм, авлигын албан тушаалыг алга болгоё. Үүнийг нийтийн оролцоотой хийх ёстой. Тиймээс та бүхэн шүгэл үлээгээч” гэсэн албан чиглэл өгсөн байдаг. Үүниий дагуу би иргэнийхээ хувьд нийслэлийн “Өргөө” амаржих газарт эмнэлгийн тусламж үйлчилгээг бодитоор үзүүлж чадахгүй байна гэж шүгэл үлээж байгаа юм. Гэхдээ энэ нь нэг жилийн дотор үүссэн явдал биш. Бүр хуримтлагдсан зүйл. Эмч нарын зарим нь асуудлыг тавихаар бусад нь бүүрэлхэж, дээрэлхээд бүр ажлаас халж хохироодог болохоор би шүгэл үлээж байгаа юм.

-2025 оны эхний гурван сарын байдлаар 13 нярай эндсэн гэдэг баримтыг Та хэллээ. Гэтэл мэдээллийн хэрэгслээр “Эхийн эндэгдэл 6 дахин буурчээ” гэсэн мэдээ явж байх жишээтэй. Таныг шүгэл үлээх гэж байгааг хэн нэгэн мэдсэн юм болов уу?

-Ямар эх сурвалжаас тийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй. Манай “Өргөө” амаржих газарт 2023 онд хоёр эх, 43 нярай эндсэн. Энэ он гарсаар 13 нярай эндлээ. Сүүлдээ хүний амь нас эндэхэд тоож байгаа, ноцтой тохиолдол гэж авч үзэж мэргэжлийн зөвлөгөө хийдэг, үнэлэлт дүгнэлт өгдөг арга хэмжээ огт явагдахгүй байна.

-Тэгэхээр Та энэ асуудлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа юм байна?

-Тийм. Тэгж дүгнэж байна. Яагаад гэхээр нэг хоногтой нярай ч гэсэн Монгол Улсын иргэн. Монголын эдийн засаг архаг дутагдалд орчихоод байгаа энэ цаг үед тэр нярай эсэн мэнд бойжсон бол ямар чадвар мэдлэгтэй хүн болохыг бид мэдэхгүй шүү дээ. Төрөх эмнэлгүүд дээр нярайн асуудалд онцгой анхаарч, тусламж үйлчилгээг маш чанартай үзүүлэх юм бол залуу эцэг эхчүүдийн сэтгэл зүйд нөлөөлж хүн ам өсөх хандлага ч нэмэгдэж болох юм. Одоо бол үргээгээд байна. Чанартай чанаргүй эм тариа байнгын дутмаг, тоног төхөөрмж нь хүрэлцээ муутай, эмнэлгийн ажилтны харилцаа ялгавартай нөхцөлд залуус төрөхөөс айж байна. Эмнэлгийн ажилтны цалин муу учраас дандаа зоосны нүхээр хардаг харилцаа бий болоод хавтгайрчихсан байна.

-Хэвлэл мэдээллээр дуулиан шуугиан болж даргыгаа сольж байсан цаг саяхан. Одоо хэд дэх дарга дээрээ явж байна вэ. Өр ширний асуудал нь юу болсон бол?

-Зургаа дахь даргынхаа нүүрийг үзэж явж байна. Судлаачийн хувьд хүндээ байдаг юм уу, байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт нь оновчтой биш байна уу, эсвэл хууль тогтоомж нь сул байна уу гээд өөр өнцгөөс судлаад үзэхээр эмч хүн эмнэлгийн байгууллагыг удирдах бас учир дутагдалтай юм байна.

Одоогоос гурван жилийн өмнө Нийслэлийн харьяанд байхад энэ эмнэлэг маань 150 сая төгрөгийн өртэй байсан. Нөгөө алдартай тавчиктай ээжийн үйл явдлын дараа III дугаар шатлалын эмнэлэг болоод ЭМЯ-ны харьяанд шилжсэн. Тэгснээр үйл ажиллагаа нь сайжрах бус их хэмжээний өр ширэнд ороод бараг 6.5 тэрбумын өртэй болсон. Өр ихтэй учраас үйл ажиллагаа нь цэгцэрч өгдөггүй, өрнөөс өрний хооронд л явж байна.

-Яагаад?

-Эмнэлэг гэдэг чинь зүгээр нэг онош тавиад, мэс засал хийхдээ биш юм байна. Даатгалын реформ хийсний үр дүнгээр гүйцэтгэлийн санхүүжилт өгдөг шинэ системд шилжсэн учраас эмнэлгийн салбарын ажлыг мэддэг сайн менежэр эмнэлгийн байгууллагыг удирдах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

-Амаржих газрын эмч нарын ихэнх нь хувийн эмнэлэгтэй байдаг нь нууц биш. Хүн хувийнхаа юманд илүү анхаарах уу, хувьсгалын юманд сэтгэл гаргах уу гэдэг нь тодорхой зүйл. Үүн дээр Та юу хэлэх вэ?

-“Өргөө” амаржих газрын уламжлал нь тухайн цаг үеийн сайн эмч нар эх нялхсын эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж, эмчилж эдгэрүүлээд ирсэн түүхэн гавьяатай. Үүнийг үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын цалин их тааруу болсон. Үнэхээр чамлалттай. Тэгэхээр хүн амьдрахын тулд нэг талаасаа хувийн эмнэлэг ажиллуулж ажил мэргэжлээ ашиглах гэсэн шаардлага байдаг юм байна. Энэ талаас нь харахаар эмч нарыг буруушаах нь учир дутагдалтай мэт. Хэрвээ цалин нь хангалттай байсан бол хэн л хувийн эмнэлэг ажиллуулаад цаг наргүй зүтгэх вэ дээ. “Өргөө” амаржих газрыг тойрсон 33 хувийн эмнэлэг байна.

-Хүний үхэх, төрөх хоёр адилхан гэдэг. Эрүүл саруул амаржиж үр хүүхдээ эсэн мэнд тэврэхийн тулд хэн нэгнээс заавал гуйж тусламж хүсдэг. Энэ арай л гомдмоор шүү?

-Надад хүртэл хүмүүс ханддаг. Ор зохицуулаад өгөөч, эмчтэй нь уулзаад ойлгуулаад өгөөч гэх мэтээр. 24 цагаар тасралтгүй явж байгаа энэ үйл явцын талаар гадаа байгаа хүмүүст мэдээ мэдээлэл өгдөггүй, камер нь алдаг оног ажилладаг, үйл явцын талаарх мэдээлэл байдаггүй болохоор эндэгдэл гарахад хэн хариуцах нь тодорхойгүй үлддэг менежмэнтийн дутагдалтай зүйлс байна.

-“Өргөө” амаржих газарт найман өөр байгууллагаас шалгалт хийгээд өөр өөрсдийн чиглэлийн дүгнэлтийг гаргаж. Гаргасан дүгнэлт шийдвэрийг Та зөв гэж үзэж байгаа юм байна. Гэтэл хэрэгжүүлэх газар нь яагаад тоохгүй байгаа юм бол?

-Найман өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас жинтэй даацтай өргөн хүрээний шалгалтыг удаа дараа хийсэн. Гагцхүү хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь хяналтын процесс алдагдсантай холбоотой. Үүнийг шахаж шаардах ёстой, хяналт тавих учиртай Нийслэлийн Эрүүл мэндийн газар тун хангалтгүй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлаар “Дунд шатны байгууллага ердөө хууль тогтоомж хэрэгжүүлдэггүй юм байна, авлига албан тушаалын асуудлыг үгүйсгэдэг юм байна. Үүнтэй хатуу тэмцэнэ” гэсэн. Тэр мэдэгдлийг миний хувьд ёстой байгаа оносон, зөв шийдвэр гэж хүлээж авсан.

-Тэр хүн чинь хэлсэн үгээ мартсан бололтой, сонин борлуулдаг ТҮЦ-ийг нүүлгээд завгүй байх шиг байна. Уг нь хүний амьтай холбоотой, ирээдүйн иргэддээ анхаарсан энэ мэт алхмаа хиймээр санагдах юм?

-Харин тийм. Шүгэл үлээж байгаа миний хувьд Нийслэлийн Засаг даргыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарын ажилд онцгой анхаарч, ганцхан “Өргөө” ч биш, энэ төрөх эмнэлгүүдийг цаашид ямар удирдлага, бүтэц зохион байгуулалтад оруулах чиглэл гаргаач ээ гэж хэлмээр байна. Манай “Өргөө” амаржих газрын хашаанд төрөхийн машин орж чадахгүй байна шүү дээ. Битүү төлбөртэй зогсоол болгочихсон. Төрөхийн машин нь өөрийн харьяа мэдлийн газартаа орж чадахгүй, орохоороо гарч чадахгүй байдалтай байна.

Шүгэл үлээгч сувилагч, эх баригчид учир дутагдалтай байгааг ч хэлсэн. Тэднийгээ зөв хуваарилж чадахгүй байгааг ч дуулгасан. Өнгийж үзэх юм бол бидний ярьснаас илүү зүйл нуугдаж байгааг ч хэлсэн. Бас энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон Улсын Ерөнхий Прокурорт хандсан гэдгээ ярина лээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Саранчимэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ана Брайан Нугререс: Хувийн мэдээллээ хамгаалуулах нь хүний үндсэн эрх гэдгийг оюун санаандаа суулгах хэрэгтэй

Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн тусгай илтгэгч Ана Брайан Нугререс Монгол Улсад айлчлан зургаа хоногийн турш ажиглалт, судалгаа, хэлэлцүүлэг явуулсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та бүгдийн ажиглалтаар монголчуудын хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаарх мэдлэг, ойлголт ямар түвшинд байна вэ?

-Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай Илтгэгчийн хувиар миний айлчилж буй дөрөв дэх улс Монгол Улс юм. Юуны өмнө хувийн мэдээллээ хамгаалуулах нь хүний үндсэн эрх гэдгийг онцлон хэлье. Монгол Улсад уг асуудлаар ажиглалт, судалгаа хийх явцдаа бид олон байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Монголчуудын хувьд хувийн мэдээллээ хамгаалуулах эрх нь хүний үндсэн эрх гэдэг ойлголтыг сэтгэхүйдээ, оюун санаандаа суулгах шаардлагатай байна.

Тухайлбал, хүний хувийн мэдээлэл, дата мэдээллийн асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс хариуцдаг. Энэ байгууллагын зүгээс зөвлөмж гаргах эрхтэй. Хамгийн гол нь аливаа санкцыг хэрэгжүүлэх боломжгүй байна. Тэгэхээр хүний хувийн мэдээллийг бусдад зөвшөөрөлгүйгээр тараасан этгээд зөвлөмж аваад л өнгөрдөг. Эцсийн дүндээ холбогдох санкцыг хэрэгжүүлэх чиглэлээр комиссын хүрээнд тодорхой ажил байгаа нь ажиглагдсан. Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь Хувийн мэдээллийг хамгаалах хууль эрх зүйн орчныг үр дүнтэй хэрэгжүүлэх хяналтын цорын ганц механизм байна. Монгол Улсын хувьд ерөнхий хүрээнд болон салбар хооронд энэ чиглэлээр хийх ажлууд ч их бий.

-Та сая хэлэлцүүлэгтээ хуурамч мэдээллийн талаар ярьсан. Ер нь хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагаанд аль салбарын мэргэжилтнүүд илүү үүрэг гүйцэтгэх ёстой байдаг вэ?

-Дэлхийн хэмжээнд глобал түвшний мэдээллийн хэрэгслүүд бий болсон. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Мэдээллийг өөрчлөн гуйвуулах асуудал газар авч байна. Хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл сэтгүүлчид өдөр бүр мэдээлэлтэй ажилладаг. Хэдийгээр албан ёсны мэдээллийн эх сурвалжууд байгаа ч албан бусаар олж авч буй мэдээллүүд их бий. Жишээлбэл, нийгмийн сүлжээнээс олж авсан мэдээллүүд байна. Аливаа этгээдийн нийгмийн сүлжээнд хэн нэгний тухай өөрийн өнцгийг үнэн мэтээр бичсэнийг сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэлтэй адилтган үзэх асуудал байна.

Монгол Улсын хувьд хот, хөдөө гэлтгүй бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр хувийн мэдээллээ өгөх, ашиглуулах зөвшөөрлийн талаар сайн ойлголтгүй. Тиймээс нийгмийг, олон нийтийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдэнд сэтгүүлчид энэ мэдээлэл яагаад үнэн бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаарх ойлголтыг иргэддээ илүү их түгээх ёстой. Бид ажлын явцдаа сонирхогч бүх талуудтай, Мобиком зэрэг хувийн компаниудтай ярилцахад хувийн нууцыг хамгаалах эрхийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь хамгийн т улгамдсан асуудал болохыг тэд онцолсон. Иргэд мэдлэг, ойлголттой болсноор хувийн мэдээллээ хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ч хэлсэн юм. Мэдээж иргэд ч тухайн уншиж буй мэдээллийнхээ эх сурвалжийг нягталдаг, э ргэцүүлэн боддог чадвартай болох ёстой. Үүнд хүрэхэд нийгмийн түвшинд бол төвөгтэй. Гэхдээ боломжтой асуудал юм. Харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд бол мэдээлэл ямар х урдацтай шилжиж, өргөн цар хүрээг хамарч өөрчлөгддөг гэдгийг маш сайн мэдэж байгаа. Гэтэл нийгэмшил, нийгмийн дунд гарах өөрчлөлт удаан явагддаг.

-Энэ асуудалд төрийн зүгээс ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Монгол Улсын хувьд Засгийн газраас тодорхой хууль, тогтоомж, журмыг г аргах нь зайлшгүй шаардлагатай. Гэхдээ нөгөө талд эдгээр хууль журмууд нь гол зорилгодоо хүрсэн байх зайлшгүй шаардлагатай юм. Жишээлбэл, дата мэдээлэл хамгааллын асуудал эрхэлсэн хараат бус бие даасан агентлаг бий болгох нь илүү үр дүнтэй гэж харагдсан. Энэ агентлагийн хувьд иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг түгээх, зөрчлийн эсрэг ажиллах үүргийг хүлээнэ. Би нэгэн нийтлэг жишээ татъя. Нэгэн иргэн хөршийнхөө зүгээр л хэлсэн, эсвэл өөрийн интернэт хуудсандаа нийтэлсэн ямар ч баталгаагүй мэдээллийг сонсоод шууд итгэдэг. Энэ бол ахуйн хүрээний асуудал мэт боловч хор уршиг ихтэй. Бүхий л асуудлын суурь нь болоод байгаа юм. Тэгэхээр мэдээллийн эх сурвалж гэж юу болох талаар төлөвшил суух хэрэгтэй байна гэсэн үг. Нийгмийн, хувь хүний төлөвшил дутагдаж байна.

Би өмнө нь хиймэл оюунтай холбоотой судалгаа хийж байсан. Үүнтэй холбогдуулан дүгнээд хэлэхэд, хүний үндсэн эрхтэй адилтган үзэж байгаа хоёр үндсэн эрх, зарчим бий. Нэгдүгээрт, тайлбар өгөх, авах эрхийн зарчим. Хоёрдугаарт, үүнтэй праллель байрлалаар эргэдэг ил тод зарчим. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хиймэл оюун дээр суурилсан аливаа аппликэйшн, платформ хувь хүний мэдээллийг хүсэмжлэлээ гэхэд үүнийг юунд ашиглах гэж буйг нягтлах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, танаас авч буй мэдээллийг юунд ашиглах гэж буйд тайлбар авах зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч Р.Булгамаа: Монгол Улсын иргэн байсныхаа төлөө хясан боогдуулсан, хязгаарлуулсан дүрэм журмын өмнө бөхөлзөн зогсох нь хүний эрхийн ноцтой зөрчил

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас БНСУ-ын виз мэдүүлж буй иргэдэд тулгарч буй асуудлуудыг хөндөж эхэлсэн билээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.


-БНСУ руу зорчих виз мэдүүлж буй иргэдийн гадаад паспортыг 30-40 орчим хоног хурааж авдаг нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-БНСУ-ын визтэй холбогдуулан хүний эрхэд халдсан нэлээд зөрчил байна. Тиймээс эхлээд БНСУ руу зорчих виз мэдүүлж буй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар тус улсын Элчин сайдын яаманд биечлэн хандсан. Тэгэхэд холбогдох хүмүүс нь харилцах цонхоо ч нээж өгөхгүй, таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй, Монгол Улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нэг ч иргэнтэй биечлэн уулзахгүй гээд хүлээж авахгүй байсан учраас шуудангаар албан бичиг явуулсан

Тэгэхэд “Энэхүү албан бичгээ өөрийн орныхоо ГХЯ-аар дамжуулж явуулна уу” гээд дардас дараад буцаагаад явуулсан байна лээ. Дараа нь хуульчид хандсан 10 гаруй иргэний гомдлыг нэгтгэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд ХЭҮК-т гомдол гаргасан. Бидний гаргасан гомдолтой ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа танилцаж, маш нягт нямбай ажилласан байна лээ. ХЭҮК-ын зүгээс иргэдийн гадаад паспортыг визийн өгөгдлийг хянах зорилгоор олон хоног хураан авч бусад улс оронд зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18 дугаар заалт, Иргэний болон улс төрийн эрхийн пактын 12 дугаар зүйлээр баталгаажсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх үндэслэл болж байгааг онцлон тэмдэглээд иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын иргэний үндсэн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг нэгдүгээр сарын 14-нд гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн. Үүний мөрөөр ГХЯ БНСУ-ын Элчин сайдын яаманд консулын газраараа дамжуулан К/25-135 тоот албан бичгийг 29 хуудас иргэдийн гомдолтой хавсаргаж явуулсан байдаг.

Энэ бичгийн хариу одоо хэрнээ ирээгүй. Сүүлд дахиад бичиг явуулсан боловч хариу бас л ирээгүй байна. Улмаар ГХЯ-нд гаргасан “Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, санал санаачилгатай ажиллана уу” гэсэн гомдол хүсэлтийн хариу өнгөрсөн сарын 14-нд ирсэн. Тус бичигт “Хоёр улсын хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүнд виз шийдвэрлэлтийн хугацаа 90 хоног байсныг гурав дахин бууруулж 30 хоног болгосон нь үр дүнтэй ажил болсон” гэсэн агуулга бүхий хариу албан бичгийг ирүүлсэн байсан.

-Иргэдийн гадаад паспортыг 30 хоног хурааж авч байгаа нь иргэний ямар, ямар эрхэд халдаж байгаа үйлдэл вэ?

-Гадаад паспорт гэдэг бол Монгол Улсын иргэний улсынхаа хилээс гараад гадаадын аль нэг улсад зорчих эрхийн баталгаа болсон эрх зүйн цорын ганц баримт бичиг. Гэтэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын иргэний гадаад паспортыг 30 хоног өөр дээрээ төвлөрүүлж байгаад буцааж өгч байгаа юм. АНУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд паспорт дээр дардас дарагдаж, тэмдэглэгээ хийгддэг бол БНСУ-ын тухайд нэг үсэг ч тавьдаггүй. Иргэдийн гадаад паспорт виз мэдүүлгийн газрын цонхны тавцан дээгүүр, ширээний доогуур хөглөрч байдаг тийм л дүр зурагтай байдаг. Энэ үйл байдал нь нэг талаар иргэдийн бусад улсад зорчих эрхийг хязгаарлаад зогсохгүй нөгөөтэйгүүр Монгол Улсын иргэний чөлөөтэй зорчих эрхэд халдаж, хясан боогдуулсан арга хэмжээ юм. Тийм ч учраас энэ асуудалд би таван сарын туршид пробоно стратегийн өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээг үзүүлж байна.

-Ер нь БНСУ руу зорчих виз мэдүүлж буй иргэдэд тулгарч буй ямар асуудал байна вэ?

-БНСУ-ын иргэд Монгол Улсад ирэхэд визийн маш ая тухтай, таатай боломжийг үзүүлж байгаа. 2022 оны дөрөвдүгээр сараас эхлээд БНСУ-ын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар виз мэдүүлэхэд виз мэдүүлгийн шаардлагаас бүрэн чөлөөлөгдөж байгаа. Визийн хураамж ч төлөхгүй байна. Монгол Улсын төсөвт орох байсан тэр олон сая ам.долларын хохирлын эрсдэлийг хүлээж тус улстай байгуулсан дипломат харилцаагаа хүндэтгэж, найрсаг хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж, иргэдийг нь чөлөөтэй зорчих боломжийг олгосон. Гэтэл эсрэгээрээ Монгол Улсын иргэд тухайн улсад зорчиход дэндүү босго өндөр гэмээр хатуу шаардлагуудыг тавьсаар байна. Тийм ч учраас иргэд виз мэдүүлэхээсээ эхлээд л маш их хүнд суртал, дарамтыг амсаж байна. БНСУ-д зорчихын тулд Монгол Улсын иргэн заавал хөрөнгө, мөнгөтэй байхыг шаарддаг. Тухайлбал, иргэд 20-40 сая төгрөгийг дансандаа байршуулаад, дансны хуулгаа Элчин сайдын яаманд мэдүүлж байж өөрийгөө санхүүгийн боломжтой гэдээ баталж байгаа юм. Тэгтэл БНСУ-ын иргэн дансандаа мөнгөтэй байх эсэхээс үл хамааран манай улсад чөлөөтэй зорчиж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэнд үл хөдлөх хөрөнгийнх нь мэдээллийг харгалзан виз олгодог. Дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалд аливаа хүнийг боловсрол, санхүү, эдийн засгийн байдал, орлогын түвшнээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон зохицуулалттай зөрчилдөж байгаа юм.

-Манайхаас өөр улсын иргэн БНСУ-д зорчих виз мэдүүлэхийн тулд гадаад паспортоо олон хоногоор хураалгадаггүй гэдэг үнэн үү?

-Ажил хариуцсан албаны хүмүүс мөн зарим иргэдийн зүгээс “Өмнө нь иргэдийн гадаад паспортыг 60-90 хоног хураадаг байсан. Одоо 30 хоног болгочихлоо. Болоо юм биш үү” гэсэн хандлагыг гаргадаг. Гэтэл тийм биш. 30 хоног байсан ч Монгол Улсын иргэн тус улсад зорчихын төлөө бусад эрхүүдээ хязгаарлуулна гэдэг байж боломгүй, хүлээн зөвшөөрөөд байх зүйл биш. Энэ шаардлагууд ганцхан Монгол Улсын иргэнд л тавигдаж байгаа. Бусад улсын иргэний гадаад паспортыг ийм урт хугацаагаар, эх хувиар нь хурааж авдаггүй. Тиймээс ганцхан Монгол Улсад зориулсан ийм хатуу шаардлага тавьж байгаа нь туйлын буруу. Нөгөөтэйгүүр, БНСУ өөрийнхөө бодлого, үйл ажиллагааг бусад улс орны дотоод бодлого, үйл ажиллагаа болон иргэдэд тулгаж болохгүй. Үүнийг олон улсын эрх зүйн томьёоллоор “Дипломат харилцааны өнгөлзөх бодлого” гэж үздэг. Мөн виз татгалзсан, виз түдгэлзсэн тохиолдолд дараагийн виз мэдүүлэх эрх, боломж нь зургаан сарын дараа үүсдэг. Энэ хатуу шаардлага нь бас л зөвхөн манай улсын иргэдэд хамаатай. Монгол Улсын иргэд бусад улс руу зорчих виз мэдүүлэхэд “Виз нь гараагүй бол зургаан сарын дараа дахин мэдүүл”, “30 хоног манай элчин дээр гадаад паспортоо хураалга” гэсэн шаардлага байдаггүй. Дээд тал нь 7 хоногийн хугацаатай байдаг. Бид Монгол Улсын иргэн байсныхаа төлөө хясан боогдуулсан, хязгаарлуулсан дүрэм журмын өмнө бөхөлзөн зогсож байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Бид улсаараа БНСУ-д өртэй юм уу. Яагаад тус улс руу зорчих виз мэдүүлж байгаа иргэдийг бүгдийг нь тэнд очоод харлаж, хулгай хийж, гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм шигээр хараад байгаа юм бэ. Харин ч манай улсын иргэд өөр өөрийнхөө хэмжээнд хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөөрөө БНСУ-ын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд хувь нэмрээ оруулж байна. Солонгос дахь монгол ажилчид хамаг л хар бор ажлыг нуруундаа үүрч байгаа нь нуух зүйл биш. Иргэд эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд хангалттай цалин хөлс авч чадахгүй байгаа учраас харьд очиж боолын хөдөлмөр эрхэлж байна. Нөгөө талаар, БНСУ-д очиж эрүүл мэндийн үйлчилгээ авч, суралцаж байгаа иргэд бүгдээрээ тус улсад хөрөнгө оруулж байна. Тэгэхэд бүгдийг нь болох бүтэхгүй хүмүүсийн нэгдэл юм шиг, бүгд очоод бослого гаргах гэж байгаа юм шиг байдлаар ханддаг хандлагаа өөрчлөх цаг болсон. Монгол Улсын нэг иргэний үйлдлийг нийтээр нь төсөөлүүлж үзэж байгаа хандлага чинь хэтэрхий газар авч байна.

-Иргэд виз мэдүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгөн хураамж төлдөг боловч НӨАТ-ын баримт өгдөггүй талаар ярьдаг?

-Иргэд холбогдох бүх бичиг цаасыг бүрдүүлж өгөхөд 57.000-200.000 төгрөг тушааж байна. Энэ мөнгөндөө хүртэл НӨАТ-ын баримт өгдөггүй. Хэрэв хэн нэгнээс мөнгө хурааж авч байгаа л бол санхүү бүртгэлийн анхан шатны баримт буюу НӨАТ-ын баримт өгөх ёстой. Виз нь л гарч байвал иргэд энэ баримтын тухай дурсдаг ч үгүй. Энэ асуудлаар Татварын ерөнхий газарт виз мэдүүлгийн газруудын үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт оруулах хүсэлтийг гаргасан. Иргэд мөнгөө өгч байгаа нь үнэн, гэхдээ НӨАТ-ын баримтаа авдаггүй, ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэггүй. Тэр мөнгө хаачиж байгаа вэ, төсөвт орж байна уу, хувь хүний халаасанд орж байна уу. Яагаад зарим газрууд энэ хураамжийг хувь хүний дансаар аваад байгаа юм бэ. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу, хувь хүмүүс бусдын өмнөөс ажиллаад байгаа юм уу. Манай улсад хуулийн дагуу татвар төлж байгаа юу гэх мэтчилэн тодорхойгүй нөхцөл байдлуудыг нэг мөр болгох шаардлагатай.

-“Зорилго тодорхойгүй” гэсэн шалтгаанаар виз нь гардаггүй талаар виз мэдүүлж байсан хүмүүс ярьдаг юм билээ?

-БНСУ руу зорчих виз мэдүүлсэн дийлэнх иргэдийн виз гардаггүй. Үүний шалтгаан нь “Зорилго тодорхойгүй” гэсэн нийтлэг нэг хариултыг л өгдөг. Ямар ч зорилгогүй хүн яагаад 20-30 сая төгрөгийн барьцааг байршуулан байж, мөнгө төгрөгөө үрэн байж тэр улсыг зорино гэж үү. Яагаад зорилго тодорхойгүй гэж дүгнэсэн юм бэ гээд хандах гэхээр огтхон ч санал хүсэлтийг нь хүлээж авдаггүй, хандах газар нь ч тодорхойгүй. Хүсвэл өөрийн улсын ГХЯ-ны консулын газраар дамжин гомдол саналаа гаргаж болно гэдэг ганцхан зүйлийг хэлдэг. Тус улсын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэн Монголд ирчихээд буцах гэхээр виз олгодоггүй. БНСУ-д суугаа ээж, аав дээрээ очих гэж байгаа хүүхдүүдийг хүртэл тодорхой зорилгогүй гээд виз өгдөггүй. Энэ мэтчилэн хүний санаанд оромгүй шалтгаанаар иргэдэд “Зорилго тодорхойгүй” гэсэн хариу өгдөг төдийгүй иргэдийн зүгээс мэдэх эрхээ хэрэгжүүлэх гэхээр бас л хаалттай. Яг ийм тоталитар дэглэм шиг хязгаарласан, хясан боогдуулсан хандлагатай үйлчилгээг үзүүлж байна.

-Манай улсын иргэд хил дээрээс олноороо буцаагддаг байдлын талаар тодруулбал?

-БНСУ-ын хил дээрээс иргэдийг олноор буцаадаг байдал сүүлийн жилүүдэд нийтлэг байна. 2023 оны байдлаар 1500 гаруй, 2024 оны байдлаар 1700 гаруй иргэнийг хил дээрээс буцаасан байна. Мэдээж аль ч улс орон гадаадын иргэдийг нэвтрүүлэх үү, үгүй юу гэдгийг шалгах эрхтэй. Гэхдээ хил дээрээс буцаж ирсэн иргэдийн гомдол саналыг сонсохоор бодит байдлаас хазайсан, хэтийдсэн, хүний хувийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд хэтэрхий халдсан шинжтэй байна. Тухайлбал, иргэдийн гар утсыг хурааж аваад доторх мэдээлэлтэй нь танилцаж, мэдээллийг нэг бүрчлэн шалгадаг байна. Зочид буудал захиалсан бол тус зочид буудал утсаа аваагүй шалтгаанаар, айлд очих гэж байгаа бол тэр айлд хэдэн хүн амьдардаг талаар тодорхой хэлээгүй, тэр битгий хэл “Манай улсын метроны үнэ хэд вэ” гэж асуухад нь “Мэдэхгүй ээ” гэж хариулсны төлөө “Та метроны үнэ мэдэхгүй бол яах гэж аялж яваа юм” гээд буцаагдсан байх жишээтэй. Энэ бол иргэдийн санал гомдолд үндэслэсэн баримттай мэдээлэл. Иргэдийг саатуулж байгаа байр нь ахуйн болон эрүүл мэндийн наад захын шаардлага хангахгүй, хүйтэн хөндий, хоол унд, эмнэлгийн тусламжийн хувьд ч шаардлага хангахгүй, хэн нэгнээс тусламж хүсэх боломжгүй нөхцөл байдалтай байдаг. Тэнд манай улсын иргэдтэй яг л шоронгийн хоригдолтой харьцаж байгаа юм шиг харьцдаг гэж иргэд гомдол хүсэлт гаргаж байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс БНСУ-ын Хууль зүйн яамтай хамтарч иргэдийн визийн журамны асуудал дээр анхаарал хандуулан ажиллах ёстой. Иргэдийн эрхийг хамгаалах тал дээр ГХЯ төдийгүй ХЗДХЯ хамтран санал санаачилгатай ажиллах хэрэгтэй.

-Та саяхан тус улсаас манай улсад суугаа элчин сайд Чой Жин Вонтой биечлэн уулзаж, энэ асуудлын талаар танилцуулсан юм билээ. Элчин сайд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг том зургаар нь харах ёстой гэж үзээд Монгол Солонгосын парламентын бүлэгт хандсан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус бүлгийн дарга, Б.Бат-Эрдэнэ гишүүн дэд дарга нь юм байна. Энэ асуудлын араас таван сар хөөцөлдсөний эцэст БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай биечлэн уулзсан. Би энэ уулзалтад маш өндөр хүлээлттэй очсон боловч тодорхой, шийдэлтэй үр дүн гараагүйд сэтгэл дундуур байгаагаа шуудхан илэрхийлсэн. Монгол Улсын иргэдийнхээ эрхийн төлөө явж байгаа надад айх зүйл байхгүй. Барьцаалагдсан албан тушаал ч байхгүй учраас асуудлыг зоригтой хэлсэн. Элчин сайдын зүгээс “Энэ асуудлын мөрөөр судалж, тодорхой шийдлүүдийг бий болгоно. Хүний эрхэд халдсан ийм ноцтой үйлдэл байсан гэдэгт би үнэхээр эргэлзэж байна. Манай доод шатанд хаа нэгтээ алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ паспортыг нь авч байгаа тохиолдолд цахим лавлагаа буюу “E-Mongolia”-ийн лавлагааг өгөөд буцааж авах боломжтой. Нягтлан шалгая. Харин өвлийн хүйтэнд үстэй дээл өмсөөд гадна зогсоод оочерлоод виз мэдүүлдэг байсан үеийг бодоход 10 гаруй виз мэдүүлгийн газартай болсон” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэвч Элчин сайдын ярьж байгаа зүйл бодит байдал хоёр тэнгэр, газар шиг ялгаатай байна.

-Энэ асуудал шийдэгдэхэд юу чөдөр тушаа болж байна вэ?

-Миний хувьд эрх мэдэлтэй том албан тушаалтан биш. Эгэл жирийн хуульч, өмгөөлөгч хүн. Тиймээс энэ асуудлын араас ном журмынх нь дагуу холбогдох байгууллагуудад албан бичиг, өргөдөл хүсэлтээ өгсөн. Иргэд бухимдаж, цахим орчинд бодит нөхцөл байдлаа илэрхийлээд байхад энэ ажлыг хариуцсан хүмүүс өнөөдрийг хүртэл нүд, чихгүй юм шиг сууж байгааг үнэхээр гайхаж байна. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд, Хууль зүйн байнгын хороо хүртэл анхаарах ёстой. Манай улсад нэг дутагдал байна. Монгол Улсын иргэн өргөдөл, гомдол гаргах хуулийнхаа хүрээнд албан ёсоор ном журмынх нь дагуу, баримт нотолгоог үндэслээд, хүсэлт гаргахаар ерөөсөө ач холбогдол өгдөггүй, огтхон ч тоодоггүй. Гэтэл хэн нэгэн Засгийн газар, яам тамгын газрын гадна очоод лайв хийгээд, орилж чарлаад, өлсөж цангаад, хэн нэгэн ажилтан, албан тушаалтныг огцруулна гэж шаардлага тавихаар л тухайн асуудлыг анзаардаг, буруу бодлогыг олж хардаг. Энэ байдал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад хүртэл халдварлагдсан байна лээ. Тэрбээр “Иргэдийн эрх ингэж зөрчигдөж байгаа, Монгол Улсын иргэд тус улсын визтэй холбогдуулан гомдолтой байгаа талаар би мэдээгүй. Энэ мэдээлэл надад огт ирээгүй. ГХЯ-наас надад огт албан тоот бичиг ирээгүй, хараагүй, үзээгүй” гээд л мэлзэх юм билээ. Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд тийм хариуцлагагүй тайлбар, мэдээлэл өгсөнд хувь хүнийхээ зүгээс ихэд гайхсан. Бид тусгаар тогтносон Монгол Улсын иргэд. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд иргэдийн зорчих эрхтэй холбогдон үүсч байгаа дээр дурдсан нөхцөл байдлуудыг зохих түвшинд шийдэх, дипломат харилцааг бодитой болгох шаардлагатай.

Ө.АНХЗАЯА

Categories
гадаад мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Энхболд: Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нь ялбал илүү зөөлөн аядуу бодлого баримтлах болов уу

Олон улс судлалын ухааны доктор, Зүүн хойд Ази судлаач И.Энхболдmой ярилцлаа.


-БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын эхээр болно гэж зарлаж байна. Ямар, ямар намууд ерөнхийлөгчид өрсөлдөх бол?

-Томоохон намуудын өрсөлдөөн эхэлж, шинэ нэрс улс төрийн тавцанд тодорч байна. 2025 оны зургадугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болохоор зарлагдлаа. Энэ нь ерөнхийлөгч асан Юн Сог Ёль Үндсэн хуулийн шүүхээр огцорсны дараахь анхны сонгууль учраас улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хүлээлт ихээхэн өндөр байгаагаараа онцлог болж байна. Сөрөг хүчний томоохон төлөөлөл болох Ардчилсан намаас тус намын дарга асан, 2022 оны сонгуулийн нэр дэвшигч Ли Жэ Мён дахин нэр дэвшихээ албан ёсоор зарласан.

Түүний гол амлалт нь эдийн засгийн шударга байдал, технологийн инноваци, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого юм. Гэвч түүнийг тойрсон авлигын хэргүүд, шүүхийн маргаан олон нийтийн дунд талцал үүсгээд байна. Засгийн эрх баригч Ардын Хүч Нам дотроо хэд хэдэн боломжит нэр дэвшигчтэй байна. Хууль зүйн сайд асан Хан Дон Хүн, Үндэсний Ассамблейн гишүүн Ан Чол Су, Инчон хотын захирагч Ю Жон Бок нарын нэрс яригдаж буй. Намын зүгээс тавдугаар сарын 3-нд 11 нэр дэвшигчээс шигшилт хийн албан ёсоор нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөжээ.

-Бусад намууд болон бие даагчид яахаар байна?

-Томоохон намуудаас гадна жижиг намууд болон бие даагчид ч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр зэхэж байна. Шинэ Шинэчлэлийн Намаас Ли Жүн Сок, Прогрессив Намаас Ким Жэ Ён, Шударга Ёсны Намаас Квон Ён Гүк нар нэр дэвшихээ мэдэгдсэн. Мөн ерөнхий сайд асан Хван Гё Ан бие даан өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна.

-Солонгосын ард түмэн энэ сонгуульд маш их ач холбогдол өгч байх шиг. Тэд ямар хүлээлттэй байна вэ?

-Энэхүү сонгууль нь зөвхөн төрийн тэргүүнийг сонгох явдал төдий бус, Солонгосын улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үйл явц болох юм. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, гадаад бодлогын сорилтуудын үед иргэд ямар сонголт хийх нь зөвхөн БНСУ-ын дотоодод төдийгүй бүс нутгийн геополитикт ч тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

-Эдгээр улс төрийн намууд нь манайтай яаж харилцдаг вэ?

-БНСУ-ын Ардчилсан нам бол Зүүний төвийн нийгмийн ардчилсан чиг баримжаатай. Энэ нам Монгол Улстай дипломат болон хүмүүнлэгийн харилцаанд илүү онцгой анхаарал хандуулж ирсэн. Тус намаас ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Мүн Жэ Ин 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийж, Ковид-19 цар тахлын үеийн хамтын ажиллагаа, хүний аюулгүй байдал, боловсрол, ногоон хөгжлийн талаар ярилцаж байлаа. Энэ намын үед Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны санаачилга идэвхтэй дэмжигдэж, Монгол Улсыг бүс нутгийн яриа хэлэлцээнд татан оролцуулах оролдлогууд хийгдэж байв. Ардчилсан Намын засаглалын үед Монгол-Солонгосын х арилцаа дипломат, хүмүүнлэгийн чиглэлд түлхүү ахицтай байжээ. 2012 оны баруун төвийн үзэлтэй Хан нара намаас сонгогдсон И Мён Пак ерөнхийлөгчийн үед Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр хийгдэж байв. Ер нь одоогийн Ардчилсан нам нээлттэй бодлого баримталдаг тул эдийн засгийн хувьд илүү нааштай хандлага ажиглагдах болов уу гэж бодож байна.

-Сонгуулийн хар пиар хэдийнэ эхэлсэн бололтой. Бие биеэ шоглосон, хиймэл оюун ухаанаар бүтээсэн элдэв бичлэгүүд цацагдаж байгаа харагдсан. Судлаачийн хувьд сонгуулийн процессыг хэрхэн ажиглаж байна. Хэдий хугацаанд ямар хууль журам баримталж өрсөлдөх вэ?

-Солонгосын мэдээллийн сайтуудыг харвал сонгуулийн халуурал эхэлсэн гэж хэлж болохоор байна. Өмнөд Солонгос хар пиар, хиймэл оюун ухааны хэрэглээ нэлээд газар авахаар байх шиг. 2025 оны зургадугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн өмнө улс төрийн намууд бэлтгэлдээ орж, сонгуулийн уур амьсгал улам халж эхэллээ. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён албан тушаалаасаа бууж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшихээр болсноо илэрхийлсэн тухай Өмнөд Солонгосын томоохон хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Түүний нэр дэвших нь тус намын хувьд 2022 оны ялагдлын дараахь “дахин эргэн ирэлт” болж мэдэх юм. Харин эрх баригч Ардын Хүч Нам Сонгуулийн менежментийн хороогоо байгуулсан, дотоод сунгааныхаа стратегийг тодорхойлох шатандаа явж байна. Сонгуулийн кампанит ажил бүрэн эхлээгүй ч нийгмийн сүлжээнд аль хэдийнэ хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүд, эвлүүлэг олноор тархаж эхэлсэн нь энэ удаагийн сонгууль “дижитал сүүдрийн кампанит ажлаар онцлог болохыг харуулж байна. Зарим бичлэгүүд нь улстөрчдийн дуу хоолойг хиймлээр дуурайлгасан, эсвэл тэднийг элэглэн гутаасан өнгө аястай байгааг олон нийт шүүмжилж байна. Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд БНСУын Үндсэн хуулийн дагуу 60 хоногийн дотор сонгууль зохион байгуулах ёстой. Үүний дагуу 2025 оны зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар болсон. Сонгуулийг зохион байгуулах үүргийг Үндэсний Сонгуулийн Комисс хариуцдаг. Сонгуулийн кампанит ажил сонгуулийн өдрөөс 22 хоногийн өмнө албан ёсоор эхэлдэг тул тавдугаар сарын 12-ны өдөр таарч байна. Төрийн албан хаагчид, төрийн өмчийн байгууллагууд сонгуулийн кампанит ажилд оролцохыг хориглодог. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах, хүний нэр төрийг гутаасан үйлдэл хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай. Ингэхдээ зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх заалт ч бий. Хиймэл оюун ухааны тусламжтай эвлүүлэг бичлэг хийх, тараах нь хууль зөрчих үндэслэл болдог учраас NEC энэ чиглэлээр хяналтаа чангатгаж байх шиг байна. Энэ удаагийн сонгуулийн шинэ сорилт бол хиймэл оюун ухаан (AI) боллоо. БНСУ-д deepfake буюу дуу дүрсийн хиймэл эвлүүлэг нь сошиал хар пиарын хүчтэй зэвсэг болж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж болзошгүй тул энэ чиглэлийн хууль эрх зүйн шинэчлэл шаардагдаж байна. NEC 2025 оны сонгуулийн өмнө AI-д суурилсан эвлүүлэг контентын эсрэг тусгай ажлын хэсэг ажиллуулж, платформуудтай хамтран зохицуулалт хийхээр болсон юм билээ.

-Аль нам нь ялбал монголчуудад өгөөжтэй гэж та үзэж байна?

-Аль, аль нам нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ардчилсан нам нь зүүн төвийн бодлого, бүс нутгийн интеграцид илүү нээлттэй бодлого баримталдаг. Монгол Улсад ашигтай байж болох талууд гэвэл Ардчилсан намын үед Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааг дэмжих байр суурьтай байдаг. Жишээлбэл, Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн үед Монгол Улсыг бүс нутгийн эрчим хүч, тээврийн сүлжээнд оролцуулах санаачилга яригдаж байсан. Цар тахлын үед Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төслүүд идэвхтэй хөгжүүлсээр ирсэн. Ардчилсан намын удирдлагын үед Хятад, Орос хоёртой тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг тул Монголын гуравдагч хөршийн бодлоготой нийцэх боломж илүү байдаг. Монголын гадаад бодлогын “нээлттэй, гуравдагч хөрш”ийн чиг шугамыг дэмждэг, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монголыг татан оролцуулах боломжийг дэмждэг нам юм. Ардын Хүч Нам бол баруун төвийн чиглэлтэй, эдийн засаг, аюулгүй байдалд төвлөрдөг бодлоготой. Монгол Улсад ашигтай байж болох талууд гэвэл хөдөлмөрийн гэрээт ажилчдын асуудлыг шийдвэрлэх, сайжруулахад энэ нам бодлогын хувьд илүү хатуу боловч тогтвортой байр суурь баримталж ирсэн. Аюулгүй байдлын асуудлыг анхаардаг тул бүс нутгийн цөмийн зэвсэггүй статус, БНАСАУ-ын бодлого зэрэгт Монголын дуу хоолойг үнэлэх хандлага ажиглагддаг. Эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилдаг тул хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтэц, технологийн хамтын ажиллагааг түлхүү дэмжих хандлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр, эдийн засгийн практик хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгдөг. Гэхдээ хэт Америк төвтэй бодлого нь бүс нутаг дахь геополитикийн тэнцвэрт байдалд эрсдэл авчирч болзошгүй. Монгол Улсын хувьд Ардчилсан намын бодлого нь дипломат, бүс нутгийн хамтын ажиллагаа, гуравдагч хөршийн бодлогын хувьд илүү уян хатан, тохиромжтой байж болно. Ардын Хүч Намын хувьд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлын бодлого нь Монголтой илүү ойрхон байх боломжийг өгч болох юм.

-Ээлжит бус сонгуульд ялж сонгогдсон шинэ Ерөнхийлөгч өмнөх Төрийн тэргүүнээс Ерөнхийлөгчийн албыг шилжүүлж авах тусгай баг байгуулалгүйгээр шууд албандаа орно гэж байна. Тэгэхээр сая огцорсон ерөнхийлөгчийн багтай шинэ сонгогдсон ерөнхийлөгч ажиллана гэсэн үг үү?

-Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, эсвэл огцруулсан тохиолдолд 60 хоногийн дотор сонгууль явуулах ёстой. Энэ тохиолдолд хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан, харин шинэ Ерөнхийлөгчийг сонгомогц төрийн тэргүүний албан тушаалд шууд орох эрх зүйн зохицуулалт үйлчилдэг. Иймээс ээлжит бус сонгуульд ялагч нь тодорхой шилжилтийн хугацаа, баггүйгээр шууд ажилдаа ордог. Төрийн эрх шилжүүлэх баг зөвхөн ээлжит сонгуулийн үед ажилладаг. Ердийн нөхцөлд буюу таван жилийн бүрэн хугацаатай ээлжит сонгуулийн дараа сонгогдсон Ерөнхийлөгчид бэлтгэл хангах 2-3 сарын “транзишн баг” ажилладаг. Энэ хугацаанд түүнийг төрийн нууц, эдийн засгийн нөхцөл, гадаад харилцааны мэдээллээр хангаж, ерөнхий штаб үүсгэдэг гэсэн үг. Харин ээлжит бус сонгуулийн үед хуульд “транзишн баг” байгуулах заалт байдаггүй, сонгуулийн дүн гарсан өдрөөс эхлэн шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх шууд хүчин төгөлдөр болно. Энэ нь Төрийн тогтолцооны хурдтай ажиллагааг илтгэж байна. Солонгосын төрийн бүтэц нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд төрийн тэргүүн огцорсон нөхцөлд төрийн хямрал үүсэхээс сэргийлж, эрх мэдлийг даруй шилжүүлэх зохицуулалттай байдаг. Иймээс хууль, Үндсэн хуулийн дагуу “түр хугацаанд төр удирдах” нөхцөл үүсэхгүй. Бэлтгэл хангах хугацаа байхгүй тул шинэ Ерөнхийлөгч шууд хариуцлага үүрч, бодлого боловсруулж эхлэх шаардлагатай. Тэр дундаа гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал зэрэг хурц асуудал дээр өндөр ачаалалтай ажиллаж магадгүй. Хэрэв шинэ Ерөнхийлөгч сайн баг бүрдүүлж чадахгүй бол төрийн бодлогын уялдаа муудаж, түргэн өөрчлөгдөх шийдвэрүүд гарч болзошгүй гэдгээс сэргийлдэг юм.

-Нэр дэвшигчдээс хэн нь дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр байна вэ?

-БНСУ-ын парламентын хувьд Үндэсний Ассамблей нь нийт 300 гишүүнтэй. Тэдгээрийн 254 нь тойргийн мажоритар, 46 нь пропорциональ төлөөллийн системээр сонгогддог. 2024 оны сонгуулиар Ардчилсан намуудын эвсэл 176 суудал, Ард түмний хүч, Ард түмний ирээдүй эвсэл 108 суудал, Бусад намууд 16 суудал авсан байна. Дашрамд дурдахад, Ард түмний хүч намын ерөнхийлөгч бууснаар Ардчилсан намаас нэр дэвшигч ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа юм. Ардчилсан нам гарч ирснээр илүү зөөлөн аядуу бодлого баримтлах болов уу гэсэн хүлээлт байна. Хоёр Солонгосын харилцаанд ч ахиц дэвшил гарах болов уу гэж найдаж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхбаяр: Евразийн хэлэлцээрийг УИХ дэмжсэн тохиолдолд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг давхар гаргах ёстой

УИХ-аар Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.


-Жил бүрийн хавар ноолуурын үнэ ямар байх бол гэсэн хүлээлт малчдын дунд байдаг. Энэ жилийн тухайд ноолуурын ханш өмнөх жилүүдийг бодоход суларчихлаа гэдэг зүйлийг хэлж байна. Яагаад, юунаас болоод ноолуурын үнэ дорвитой өсөхгүй байна вэ?

-Монгол Улс мал аж ахуйн түүхий эдээ бүрэн боловсруулъя, экспортлох чиг баримжаатайгаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогыг гаргасан. Товчхондоо үүнийг “Цагаан алт” гэж томьёолж байгаа. Энэхүү УИХ-аас баталсан бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Үүн дотор ноос, ноолуур, арьс шир, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэсэн гол таван бүтээгдэхүүн бий. Энэ чиглэлээр боловсруулалтаа сайжруулж улмаар экспортод гаргая гэдэг бодлого хэрэгжиж байна. Уг ажлыг манай яам хийж байгаа. Ноолуурын тухайд хариулъя. Өнөөдөр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрс нэг тонн нь 230-80 ам.доллар болж унаад байна. Учир шалтгааныг та бид мэдэж байгаа. Нөгөө дэлхийн томоохон х удалдааны зөрчил маргаанаас болж байгаа асуудал. Энэхүү худалдааны дайнаас үндэсний үйлдвэрлэгчтэй орнуудад хожил гарч ирж байгаа юм. Манай улсын хувьд 2022 онд дотооддоо ноолуураа 100 хувь угаадаг болсон. Харин одоо дараагийн түвшний боловсруулалт буюу ноолуураа 100 хувь самнах шаардлагатай байна гэж үзээд бодлогоо гурван жилийн өмнө гаргасан. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрүүд хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа өргөтгөснөөр Монгол Улс угаасан ноолуураа 100 хувь самнах боломжтой болсон.

-Угааж самнахын эдийн засгийн нэмэлт нь яаж тооцогдож байгаа вэ?

-Одоо бид ноолуураа 100 хувь самнана. Угааж, самнахын хооронд багаар бодоход манай улсад 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг үлдэнэ. Өөрөөр хэлбэл, татвар, цалин, орлого, ашиг хэлбэрээр 500-700 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн үг.

Дэлхий дахинд болж байгаа тарифын зөрчил дотор бид энэхүү чадавхаа нэмэгдүүлсний хүчинд өнөөдөр ноолуур харьцангуй бага доголдож байгаа. Зүүн гурван аймгийн ноолуур үндсэндээ 90 хувь худалдан авалт хийгдээд дуусч байна. Одоо дунд бүсийн ноолуурын нийлүүлэлт эхэлж байгаа. Нөгөөтэйгүүр манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа гаргаж чадаж байгаа орон. Энэ утгаараа ноос ноолуурыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээлд нийлүүлэх гээд зүтгээд байгаа нь үүнтэй холбоотой.

-Ноолуурын үнийг ченжүүд тогтоож байна. Ченжүүдээ хяна гэдэг зүйлийг шаарддаг байсан. Одоо яг ноолуурын үнийг хаанаас тогтоогоод байна вэ. Зах зээлийнхээ зарчмаар тогтож байна уу?

-Нэг кг самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр 104 ам.доллар гэж байгаа. Нэг кг самнасан ноолуурыг үйлдвэрлэхийн тулд хоёр кг ноолуур хэрэгтэй. Тэгэхээр нэг кг ноолуур 140-150 мянган төгрөг гэж үзэхээр 300 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Цаана нь үлдсэн 50, 60 мянган төгрөг дээр л дотоодын үйлдвэрлэл явж байна. Ноолуурын үнийг брэндүүд тогтоодог. Өөрөөр хэлбэл, самнасан ноолуурын үнээр ноолуурын ханш тогтдог. Тэгэхээр брэнд дээр өрсөлдөнө гэж том зорилго бидний өмнө байгаа. Зах зээл нь таван тэрбум ам.доллар хүрнэ гэсэн тооцоотой, жилээс жилд өсч байгаа том зах зээл. Энэ том зах зээл дээр бид өрсөлдөнө.

-УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар Евразийн эдийн засгийн хэлэлцээрт орох асуудлыг хэлэлцлээ. Уг хэлэлцээрт орсноороо үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж байгаа. Үүнд та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал мэдээж хоёр талтай. Евразийн орнууд буюу Орос, Казахстан, Беларусь, Армен, Киргизистан байна. Нэгдүгээрт, эдгээр орнууд бол хүйтэн бүсийн улсууд. Энэ утгаараа манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, 200 сая хүнтэй зах зээл рүү манай мал аж ахуйн бүтээгдэхүүнд амжилттай гарна гэсэн үг. Нөгөө талаараа эдгээр орнууд маань хөдөө аж ахуйн маш хүчирхэг бааз суурьтай. Энэ утгаараа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд манайд дарамт үүснэ. Нөгөөтэйгүүр айл өрхийн сагсны бараа 300 орчим нэр төрөл байдаг. Манайх 20 орчим нэр төрлийн бараа бүтээгэдхүүн экспортолдог. Тэгэхээр бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, хэрэглэгч дээр өргөн хэрэглээний бараа нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол нэг талдаа сайн. Гэхдээ бид дотооддоо хийж чадаж байгаа зүйлээ хамгаалах бодлогоо хатуу явуулна. Энэ утгаараа Еврази дээр бид эдгээр бараа бүтээгдэхүүнээ тарифын хязгаарлалтаар хамгаална гэсэн үг. Нөгөө талаараа НӨАТ, орлогын албан татвар гэх мэт тарифын бус дотоод татварын зохицуулалтаар дотоодынхоо үйлдвэрүүдийг хамгаалж өгнө. Тодорхой хэлбэл, тэнд олдож байгаа 200 сая хүнтэй зах зээл рүү орцгооё. Харин дотоодынхоо үйлдвэрлэлээ тарифын бус дотоод татварын зохицуулалтаараа хамгаалъя гэж байгаа юм. Тэгэхээр энэхүү хэлэлцээрийг УИХ дэмжсэн тохиолдолд дагуулаад үндэсний үйлдвэрлэлээ яаж хамгаалах вэ гэдэг бодлогыг давхар хийж өгөх ёстой.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнх

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ноолуур оготны хөеө болох цаг иржээ” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ шийдье гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн” хэмээн ярилаа.

Хуульч Р.Булгамаа “Монгол Улсын иргэн байсныхаа
төлөө хясан боогдуулсан, хязгаарлуулсан дүрэм журмын
өмнө бөхөлзөн зогсох нь хүний эрхийн ноцтой зөрчил” гэлээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ноолуур оготны хөеө болох цаг иржээ” хэмээн өгүүллээ

  • “D-Parliament” сайтад иргэд санал гаргаж, олон нийт дэмжсэнээр УИХ-ын байнгын хороо, чуулганаар тухайн асуудлыг нь авч хэлэлцдэг болсон. Гэвч хууль эрх зүйн хүрээнд ямар нэгэн шийдвэрт хүрэх боломжгүй, үр дүн муутай байгаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Харин мягмар гаригт D-Parliament платформтой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас тодрууллаа.

Менежментийн хувьчлалын хууль ёсны ганц жишгийг “мунхаглан” устгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Украинчууд оросуудаас хариугаа авав 

АРЫН НҮҮР: Дон Мигель Руис “Хайрлах урлаг”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ