Categories
мэдээ спорт

DIVISION-1 FINAL FOUR эхлэхэд хэдхэн хоног үлдлээ

Монголын бүх их дээд сургуулиудаас бүхий л ур чадвараараа илүү байж шалгарсан 4 багийн ГАЛЗУУ ГАНЦ тоглолт 2025.04.28-нд М БАНК АРЕНА-д болох гэж байна.

Сүр дуулиант 2024-2025 оны Оюутны сагсан бөмбөгийн лигийн аварга тодрох хугацаа ойртсоор байна.

Хамгийн олон үнэнч хөгжөөн дэмжигч, үзэгчдийн ордон доргиосон дуу хоолой талбайд гарсан тамирчдын цөсийг хөөргөж, билэг оюуныг нь тэлэх учиртай.

Самбартаа эзэрхийлэгч олон залуусын зүрхэнд нь цус хуруулагч BLOCK мангасуудын халз тулааныг.

Эцсийн мөчид багийн аврал, эгзэгтэй үеийн онооны лидер багийн мэргэн буучдын өрсөлдөөнийг.

No look pass, чихэр шиг дамжуулалт, хорыг хутгагч, тоглолтын амин зүрх болсон удирдаачдын гоёмсог дамжуулалтыг.

Залуу насны уур омог, хурд тэсрэлтийн гайхамшиг, төгс сэтгэмжийн тулаан SLAM DUNK

Олон олон комбинаци, довтолгоо, хамгаалалтын ур ухаан, агшин зуурыг шийдвэрлэх time out, сэлгээ, талбай дээрх шатрын хөлгийг удирдагч Дасгалжуулагчдын ур ухааны тулааныг бид хүлээн авахад хэдхэн хоног үлдлээ.

М БАНК АРЕНАД FINAL FOUR галзуу ганц тоглолтоор уулзацгаая.

Тэдэнд 2 дахь боломж гэж үгүй зөвхөн АВАРГЫН ТӨЛӨӨ өрсөлдөнө.

  • Ерөнхий ивээн тэтгэгч: Red Bull Mongolia
  • Ивээн тэтгэгч: Бодь Даатгал – Bodi Insurance
  • Хамтран ажиллагч: OUP, Khan Bank Naadam club, Ubrand, Premier Sports Network, Sneak Peek Media Agency, TG sports
  • Мэдээллийн хамтрагч: Өдрийн Сонин
Categories
мэдээ спорт

Хакухо Даваажаргал: Гурван монгол аварга төрүүлсэн багш маань “Алтан гадас” одонгоор шагнагдаж, өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирсэн

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал эх орондоо иржээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Япон улсын иргэн, мэргэжлийн сумо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд Асахифүжи Сүгиномориг өөрийн багш хэмээн хүндэтгэн үздэг учраас өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байна. Энэ үеэр нь түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эх орондоо хэзээ ирэв. Ямар ажлаар ирсэн бэ?

-За, танай сониноор дамжуулан нийт монголчууддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Эх орондоо өнөөдөр (өчигдөр) ирлээ.

Багш маань төрийн дээд Алтан гадас одонд тодорхойлогдоод гардан авч байгаа. Тиймээс багшдаа энэ сайхан өдөр нь өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирээд байна.

-Багшийнхаа талаар уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Харүмофүжи Д.Бямбадорж аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга болон надад багшилж, гурван аваргыг төрүүлсэн, Монголын нэрийг Япон төдийгүй дэлхийд гаргасан хүндтэй багш маань төрийн хүндтэй сайхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байгаад нь баяртай байна. Асахифүжи Сүгиномори багш маань одоо ирэх долдугаар сарын 6нд тэтгэвэртээ гарч, 65 нас хүрч байгаа.

Миний хувьд 2007 онд аварга болсон. Аваргын ёсолгоо чинь хоёр хэлбэртэй байдаг. Бид хэд нэг гал болж явдаг байсан. Хоёр гараа дэлгэж хийдэг аваргын ёсолгоог би энэ багшаасаа өвөлж авч, заалгаж хийж байсан түүхтэй. Ийм ач буянтай багш минь байгаа юм. Мөн анх 25 жилийн өмнө манай улсад өөрөө ирж монгол хүүхдүүдийг барилдуулж, Харүмофүжи аваргыг сонгож авч байсан. Тийм болохоор энэ багшийн маань нүд нэгэн монгол аваргыг маань их сайн таньсан байгаа юм. Тэр жааханд нь сонгож авч, гурвын гурван монгол аварга төрүүлсэн ач буянтай хүн. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан талийгаач С.Хүрэлбаатар сайд маань “Миний элчин сайд яах вэ, манай сумогийн хэдэн хүүхдүүд маань л биднээсээ илүү Элчин сайдын үүргийг гүйцэтгэж байгаа. Жинхэнэ гүүр болсон” гэж хэлдэг байсан.

-Та эх орондоо хэд хонох вэ?

-Багшдаа хүндэтгэл үзүүлэхээр хоёр хоногийн хугацаатай л ирсэн.

-Багшийгаа дагуулаад аавынхаа нутгаар явах уу?

-Тэр талаар төлөвлөөгүй. Зав тун хомс байгаа.

-Таны хувьд дэвжээгээ удирдахаас гадна ойрд юу хийж байна вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын “Хакухо кап” хүүхдийн тэмцээн маань амжилттай болж, нийт 15 улсын 1100 хүүхэд оролцсон. Шинээр гэвэл Шотланд, Киргиз, Азарбайжан, Узбекистан зэрэг улсуудаас хүүхдүүд ирсэн. Ер нь сонирхогчийн сумо бөхөд 84 улс орчихсон байдаг юм билээ. Хүүхэд, залуучууд ч их сонирхож байгаа. Хэрвээ сонирхогчдын сумо бөх олимпийн наадамд орох юм бол монгол залуучуудаас маань олимпийн аваргууд төрөх байх гэж бодож байна.

-Монгол аваргуудыг сонгож авсан шиг таны хувьд хүүхдүүдээс сонгож авдаг уу. Цаашид яг өөрөө гардан бэлдэх бодол байгаа юу?

-Тэгэлгүй яахав, “Хакухо кап” тэмцээнд ирж байгаа хүүхдүүд маань 300 гаруй хүүхдээс шилдэг найм нь ул сын аваргаа хийгээд ирж байгаа шүү дээ. Сая багийн барилдаанд мөнгөн медаль авсан. Ганцаарчилсан барилдаанд ч маш амжилттай орж байгаа. Зөвхөн Япон гэлтгүй олон улсын багш дасгалжуулагчид яагаад мон гол хүүхдүүд ийм сайн байна вэ гээд судалж байна.

-Дараагийн монгол аваргад та хэн гэдэг бөхийг харж байна вэ?

-Сумо бөх 1500 жилийн түүхтэй. Харин өнөө жил Сумогийн холбоо гэдэг зүйл бий болоод 100 жилтэйгээ золгож байгаа аж. Энэ ойн жилийнх нь нэг сард Тэрүнофүжи аварга зодог тайлахад дараагийн монгол аварга Хошорюү маань 74 дэх нь болж залгалаа. Тэгэхээр энэ мэтчилэн дараа, дараагийн аваргууд төрөн гарах байх. Ер нь аваргагүй байна гэдэг чинь Сумогийн холбоонд алдагдалтай гэх юм уу, сонирхолгүй байдаг. Аваргын ёсолгоо гэдэг чинь маш олон утга агуулгатай байдаг.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Азийн АШТ-нд манай улсын 19 бөх барилдана

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.

Categories
мэдээ спорт

ОЮУТНЫ ЛИГ: СЭЗИС-ийн эсрэг ГОВЬ ХАНГАЙ МЕБЕЛЬ МУИС Шонхорууд өрсөлдөнө

Бидний дараагийн учраа бол бүсийн тэргүүн байр О.Билгүдэй ахлагчтай СЭЗИС-ийн эсрэг О.Төгөлдөр ахлагчтай ГОВЬ ХАНГАЙ МЕБЕЛЬ МУИС Шонхоруудын ширүүн тулаан юм.

2 шилдэг дасгалжуулагчийн ур ухааны нүүдэл, тамирчдын сэтгэл зүй, төгс гүйцэтгэл олон олон сэтгэл догдлуулсан довтолгоогоо аль баг нь 40 минутын турш илүү гүйцэтгэх бол?

Хоёр багийн ялагч тодроход тоглолтын 40 минут хүрэх болов уу?

Тэдний өрсөлдөөний цуврал хэд байх бол? үнэхээр үгээр хэлж үзгээр бичмээргүй торгон мөчүүдийн эзэд бол яахын аргагүй СЭЗИС vs МУИС Шонхорууд билээ.

Тус гайхалтай тоглолтыг эрхэм хөгжөөн дэмжигч та бүхэн энэ БЯМБА гарагийн 19:10 минутаас Наадам спорт зааланд хүрэлцэн ирж үзээрэй.

Хамгийн олон үнэнч хөгжөөн дэмжигчтэй Оюутны лигийн сэтгэл догдлуулсан торгон мөчийг хамтдаа мэдэрцгээе.

Tax:5,000

  • Ерөнхий ивээн тэтгэгч: Red Bull Mongolia
  • Ивээн тэтгэгч: Бодь Даатгал – Bodi Insurance
  • Хамтран ажиллагч: OUP, Naadam club, Ubrand, Premier Sports Network, Sneak Peek Media Agency, TG sports
  • Мэдээллийн хамтрагч: Өдрийн Сонин

 

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУОХ “Лос Анжелес-2028” зуны олимпийн хөтөлбөрийг баталлаа

ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хөтөлбөр, тамирчдын квотыг баталжээ.

Энэ удаагийн олимпын наадам нь нийт 351 медалийн тэмцээнтэй буюу “Парис 2024” олимпын наадмаас 22-оор илүү байх бөгөөд “Лос-Анжелес-2028” олимпын наадмын зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөлд нэмэлт 698 квот хуваарилсан байна.

Түүхэнд анх удаа багийн бүх спортын төрөлд эрэгтэй багтай ижил тооны эмэгтэй баг байх бөгөөд усан поло спортын төрөлд хоёр эмэгтэй баг нэмэгдснээр 12 эмэгтэй, 12 эрэгтэй багтай болж байна.

Медалийн тэмцээний боломж, шинэчлэл:
Усанд сэлэлтийн төрөл: эрэгтэй, эмэгтэй тамирчдын 50 метрийн араар даллах, эрвээхэй, мэлхий сэлэлтийн төрлүүд Инглвуд цэнгэлдэх хүрээлэнгийн усан санд /Inglewood Stadium/ болно.

Сэлүүрт завь: Эмэгтэй гоцлол (CW1x), эрэгтэй гоцлол (CM1x) болон холимог давхар сэлүүрт (CX2x) далайн эргийн спринт төрөлд дебютээ хийнэ.

Спорт авиралт: Bouding болон Lead төрлүүдийг тус тусад нь медалийн төрөл болгохоор болжээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл: “Токио 2020” олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 баг оролцон анхны тоглолтоо хийсэн бөгөөд энэ төрөл нь эрэгтэй болон эмэгтэй төрлөөс тус бүр 12 багтай болж өргөжиж ээ.

Categories
мэдээ спорт

Пара Бочигийн УАШТ-д 14 багийн 78 тамирчин өрсөлдөж байна

Монголын пара бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Найм дахь удаагийн тэмцээнд 14 багийн нийт 78 тамирчин дөрвөн ангилал (BC1, ВС2, ВС3, ВС4)-д өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн залуу нь 10 настай Б.Азжаргал бол хамгийн ахмад нь 57 настай Б.Болдмаа юм.

Тус тэмцээний нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт оролцож, хэлсэн үгэндээ “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд пара бочигийн дасгалжуулагч, тамирчид маань багтаж, зуны паралимпын наадамд оролцох эрх авахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд, залууст спортоор хичээллэх эрмэлзлийг төрүүлж, тамирчдын өрсөлдөх чадвар ахина” хэмээн онцлов.

Пара бочигийн спорт нь манай улсад 2017 оноос хөгжсөн ба Монголын баг тамирчид зуны паралимпын наадмаас бусад тэмцээн уралдаанд оролцжээ. Монголын пара бочигийн тамирчид олон улсын тэмцээнээс гурван медальтай бөгөөд Дэлхийн цомоос Т.Мөнхдэмбэрэл мөнгө, Х.Ирмүүн хүрэл, “Парис-2024” зуны паралимпын эрх олгох олон улсын тэмцээнээс Х.Ирмүүн хүрэл медаль хүртэж байв. Пара бочигийн УАШТ найман удаа болоход хамгийн өндөр амжилтыг Х.Ирмүүн үзүүлсэн ба тэрбээр зургаан удаа түрүүлжээ.

Categories
мэдээ спорт

Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно

Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг дөрөвдүгээр сарын 10, 11-нд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх ажээ. Үзэгчдийн дундаас гурван азтан тодруулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Монголын оюутны лигийн эрэгтэй “DIVISION 1”-ийн шилдэг 8 баг шалгарлаа

Бидний хүсэн хүлээсэн Монголын оюутны лигийн эрэгтэй “DIVISION 1”-ийн шилдэг 8 баг хурд хүч, довтолгооны хувилбар, хамгаалалтын системээ гайхшируулахаар шалгаран үлдээд байна.

Ямар дасгалжуулагчийн ур ухаан, комбинац илүү байх бол?

Ямар тоглогчийн алсын зайн шидэлт, довтолгоо, оновчтой дамжуулалт мэргэн байх бол?

Ямар багийн хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой чанга байх бол?

Үнэнч хөгжөөн дэмжигчид та бүхэн ирж багаа, хайртай тамирчдаа дэмжээрэй

Categories
мэдээ спорт

Мастеруудын ДАШТ-ээс 6 алтан медаль хүртсэн МУГТ Ц.Раднаа эх орондоо ирлээ

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээнээс 6 алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа эх орондоо ирлээ.

Тэрээр, “Тив дэлхий хэсэж, АНУ-ын Флоридад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Цагийн зөрүүгээ гаргахаар цагаан сараас өмнө очиж бэлтгэлээ хийсэн. Тэмцээндээ ороод давгүй амжилт гаргалаа. Өрсөлдөөн байсан. АНУ, Германы тамирчид хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн. Монголд бэлтгэл жигдрээд явсан. Очоод хөнгөхөн бэлтгэл хийж байгаад тэмцээндээ орсон. 200м, 400, 1500м-т дэлхийн рекорд амжилтыг тогтоолоо. Тавдугаар сард Тайваньд уралдана. Бэлтгэл хангагдчихсан байгаа. Айх юм алга. Хаа ч очоод уралдсан бие бэлэн, хоёр хөл саруул байна. Бэлтгэлээ ханатал хийсэн учраас яах бол ийх бол гэсэн бодол байгаагүй. Монголын ард түмэн намайг огшоож байгаа учраас та бүхний хүчинд би амжилт гаргалаа” гэв.

Categories
мэдээ спорт

Тамирчны ялалт, ялагдлыг дэнсэлсэн 29 жилийн эзэн С.Чинбат

Дэлхий дээр найман тэрбум хүн амьдардаг ч бүгд өөрийн гэсэн дурдатгал бүхий номыг туурвин буй. Номын хуудас бүрд гэгээн дурсамж, хүсэл мөрөөдөл, аз жаргалтай мөч, хөнгөн гуниг хөвөрнө. Хүмүүний амьдралын цаг хугацааны  түүх гэдэг дахин давтагдашгүй үнэ цэнтэй зүйл юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин  “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийн булангаараа долоо хоног бүр уншигчтайгаа уулздаг билээ. Бид энэ удаа их спортод амьдралаа зориулж яваа чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбатыг онцолж, түүний  амьдралын түүхээр аялснаа хүргэж байна.

Их спортод хөл тавьсан  15 настай хүү

С.Чинбат нь Улаанбаатарт төрж, өссөн. Тэрээр нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийг дүүргээд,  арван жилээ  84 дүгээр сургуульд сурч төгсжээ. Түүний их  спортод амьдралаа холбосон түүх нь  тавдугаар ангийн хүүхэд байхаас нь эхлэлтэй. Нийтлэлийн баатрынхаа амьдралын хуудсыг сөхөж,  арван хэдэн настай хүү   их спортод анх хэрхэн хөл тавьсан талаарх дурсамжийг сийрүүлэн хүргэе.

1987 он.  Энэ цаг хугацаа бол тавдугаар ангийн хүүгийн хувьд их хүсэл  мөрөөдөлдөө хүрэх нэг алхмыг ойртуулсан үе байв. Тухайн үед спортын мастер Ж.Нямхүү багшийнхаа  удирдлагад дор “Барилгачин спорт клуб”-д элсэж оржээ. Ингээд дүүргийнхээ аварга шалгаруулах  тэмцээнд 32 кг-ийн жинд барилдаж, гуравдугаар байр  эзэлж  бөхийнхөө гарааг эхлүүлсэн түүхтэй. Аравдугаар анги төгсөх жилээ улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл  медаль хүртэж чөлөөт бөхийн тамирчин  болох дэврүүн хүсэл мөрөөдөлдөө бүр ч их хөтлөгджээ. Их спортод холбогдсон  хүүхэд насны  гэгээн цаг хугацаанд  тодоос тод үлдсэн хүн бол яах аргагүй түүний багш Ж.Нямхүү аж.  Спортод, тэр тусмаа  чөлөөт бөхөөр хичээллэх дуртай хүүг багш нь сонгон дугуйланд явуулж, их спортод амьдралаа зориулах замыг нээж өгсөн  байна.

Шүүгчийн замнал хөвөрсөн он жилүүд

Улсын шүүгчээр ажиллаж байх үе. 1988 он. 

С.Чинбат 1996 онд  Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг  багш, дасгалжуулагч  гэсэн хос мэргэжлийг эзэмшиж төгсжээ. Оюутан болоод хэсэг барилдах хугацаандаа бэртэл авсан байна. Тиймээс их спортоо орхихгүйн тулд сургуулиа төгссөний дараа чөлөөт бөхийн улсын  шүүгч болсон түүхтэй.  Энэ үеэс  тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх чөлөөт бөхийн шүүгч хэмээх өндөр хариуцлагатай мэргэжлийн эзэн болж, түүний амьдралын нэгэн шинэ хуудас бичигдэж эхэлжээ. Өөрөө их спортоор хичээллэж, ялагдал, ялалтын амтыг мэдэрч, зүрх сэтгэлээ зориулж явсан хүний хувьд шүүгчээр ажиллах болсон нь дөхөм байсан нь гарцаагүй биз.

Түүний анхны шүүгчээр ажилласан нь Хан-уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн  байжээ.  Энэ тухайгаа “Анхныхаа тэмцээнийг шүүх боломжийг олгосон хүн бол Р.Нэргүй багш. Өөрөө барилдаж хүнээс оноо авдаг байсан бол  хүнд  оноо зааж өгдөг болж, ялалт, ялагдлыг тодорхойлно гэдэг  маш их хариуцлагыг мэдэрч байсан. Тухайн үед А.Басхүү, А.Баасанхүү, Ш.Баясгалан, Ц.Чойнхор, Н.Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир гээд  чадварлаг шүүгч ажилладаг байлаа. Тэдний  тэмцээн шүүж байхыг нь хараад, оноогоо өгөхдөө яаж зааж байна, оноо үзэгчдэд яаж харагддаг гээд олон зүйлийг суралцдаг байсан.  Анх намайг шүүгч болоход  олон улсын шүүгч Батболд шүүгчийнхээ хувцсыг дурсгаж байсанд нь их билэгшээдэг. Мөн спортын замналыг эхлүүлж өгсөн  Ш.Нямхүү багшдаа үргэлж талархаж явдаг. Багштайгаа өнөөдрийг хүртэл холбоотой  байдаг. Намайг шүүгч боллоо гэхэд багш маань их баярлаж байсан. Олон шавь нараас нь нэг ч гэсэн зүгээ олоод  спортоо  орхиогүйд баярласан байх” гэлээ.

Энэ цаг үеэс түүний шүүгчийн замнал эхэлж 2000 онд  Германд зохион байгуулагдсан ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг азийн хамгийн анхны эмэгтэй шүүгч  Л.Болормаатай хамт дэнсэлж олон улсын шүүгч хэмээх хүндтэй зэргийг хүртсэн байна. Энэ үеэс хойш олон ч  дэлхийн цуврал тэмцээнийг дэнсэлжээ. Шүүгчээр ажилласан тэмцээн бүр түүний амьдралын гэгээн дурсамжийг тодотгох, мэргэжлээрээ бахархах  цаг хугацаа. Харин энэ дундаас сэтгэлд  нь хамгийн тод буудаг нь 2008 оны  Токиод  болсон  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аж.

1997 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний аваргууд Т.Мөнхбаяр, Б.Гантогтох,
Г.Ганхуяг, Т.Гансүх, Д.Сумьяабазар, О.Пүрэвбаатар нарын хамт.

Нийтлэлийн баатрын маань  хувьд О.Пүрэвбаатар, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Мөнхбаяр, Г.Ганхуяг, Н.Баярмагнай  гээд чөлөөт бөхийн  түүхийг бичилцэж явсан тамирчидтай нэгэн үе. Тэр ч утгаараа  тив, дэлхийн  тэмцээнийг дэнсэлж явахад нэгэн үеийн тамирчид нь барилдаж явсан нь дурсамжтай , бахархмаар цаг хугацаа  гэдгийг тэрээр хэлж байсан юм.  Энэ тухайгаа “2001 онд Турк улсын нийслэл Анкарад олон улсын цуврал тэмцээнүүдэд шигшээ багийнхаа тамирчидтай хамт очдог байлаа. Тэр тэмцээнд Г.Өсөхбаяр аварга, Н.Баярмагнай  хоёр түрүүлсэн. Тэд маань аваргын төлөө барилдаж байхад би хажууд нь өөр жингийн бөхчүүдийн аваргын төлөөх барилдааныг шүүгээд зогсож байсан цаг хугацаа дурсамжтай сайхан санагддаг” хэмээлээ.

Мөн бага дэлхийн аварга хэмээдэг  Красноярск Иван Ярыганы нэрэмжит тэмцээний гурван финалыг дэнсэлж явсан нь түүний мөн бахархам цаг хугацааны нэг. Домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит тус тэмцээний медальт байрын төлөө өрсөлдөж буй бөхчүүд нь  олимп, дэлхийн аваргууд  байдаг. Өндөр ур чадвартай бөхчүүдийн барилдааныг дэнсэлнэ гэдэг шүүгчээс маш их ур чадвар, сонор сэрэмж шаарддаг нь гарцаагүй. Энэ тэмцээний хээ талаар тэрээр  Монгол улсынхаа аварга шалгаруулах тэмцээний шүүж байгаатай ижил мэдрэмж төрж, бахархалтай санагдаж байсан хэмээсэн юм.

Шүүгч бол  маш их хариуцлага, мэдрэмж шаардсан ажил. Ямар ч үед үнэн шүүх ёстой. Тэр ч утгаараа  шүүгч хүн хэлгүй байх ёстой,  хараа хурц байх ёстой, чих нь дүлий байх ёстой гэсэн бичигдээгүй нэр томъо  хүртэл байдаг шүү дээ. Дэвжээ дээр 1-2 секундийн  дотор өрнөх тэр агшин бүрийг  алдахгүй харж, тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх  их хариуцлага, мэдрэмж спортын  шүүгчдийн  бахархал мөн билээ. Энэ хариуцлагатай мэргэжлийнхээ тухай “ “Өмнө барилдаж байсан учраас, бас  туршлагаараа  бөхчүүд  ямар мэх хийх гэж байна гэдгийг бас зөрүүлээд хийх гэж байгаа хариу мэхийг нь уншчихдаг  болчихдог. Тухайн хоёр бөхийн барилдааныг зэрэгцээд шүүж байгаа үзэгчид маань хүртэл шүүгч шүү дээ.Үзэгчийн өгөх гээд байгаа оноог  Чинбаа заасан бол үзэгчдийн хүслийг биелүүлж байна гэсэн үг.  Би шүүгчээр ажилласан энэ хугацаандаа өөрийгөө хариуцлага алдсан гэж боддоггүй. Учир нь тухайн хоёр бөхийн ялалт, ялагдлыг дэнслэх хариуцлага надад оногдож байхад алдах ч эрх байхгүй. Би бөхийнхөө спортоор  үргэлж бахархаж, энэ замналаар алхаж яваадаа бэлгэшээдэг. Миний амьдралын бүхий л цаг хугацаа, дурсамж  бөхтэй холбоотой ” гэсэн юм.

Олон улсад Монголын шүүгч С.Чинбат хэмээн овоглож явсан тэрээр  чөлөөт бөхийн олон улсын шүүгчээр ажилласан 25 жилийнхээ хугацаанд  дөрвөн дэлхийн аварга,  11 азийн аварга шалгаруулах тэмцээн, 30 гаруй  олон улсын тэмцээнийг  дэнсэлсэн байна. Ийнхүү  тэрээр 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлж, сүүлийн удаа шүглээ үлээж, дэвжээ,  тамирчид, үзэгчиддээ хүндэтгэл үзүүлсэн юм. Спорттой амьдралаа холбосон хүн бүрийн хувьд зодог тайлна гэдэг бахдал, гуниг олон мэдрэмжид хөглөгдсөн цаг хугацаа байдаг нь гарцаагүй.  Тэрээр  миний амьдралын тал хувь нь олон улсын шүүгчээр ажилласан цаг хугацаа байдаг. Залуу үедээ боломж олгож, миний бүтээж чадаагүй, шүүгчээр гаргаж чадаагүй амжилтыг  тэд маань гаргаасай гэж хүссэн” гэсэн юм.

“Багш аа” гэж дуудуулах бахархалтай санагддаг”

Түүний амьдралын орхиж боломгүй нэгэн дурдатгал бол багшаар ажиллаж байсан цаг хугацаа. 1996 онд  их сургуулиа төгсөөд ажлынхаа анхныхаа гарааг багш мэргэжлээр нийслэлийн  41  дүгээр сургуульд биеийн тамирын багшаар эхлүүлж байжээ.  Энэ тухайгаа “Багш мэргэжлийг эзэмших бахархал маань  хүүхдүүд эрүүл чийрэг бие бялдартай  болох  суурийг тавьж өгөх. Хүүхэд  спортын зөв суурьтай байвал амьдралын замдаа сайн хүн болж төлөвших замнал нь нээгддэг.  Нэг ангид матрас засаж байгаад хүүхдүүдэд бөхийн эрдэм заадаг байлаа. Сүүлд  нь өөрийнхөө суралцаж төгссөн 84 дүгээр сургуульдаа багшилсан. Мөн  1998 онд Хөвсгөл аймгийн “Даяан дээрх бөхийн клуб”-ын дасгалжуулагчаар   ажиллаж бөхийн тамирчид бэлдсэн. “Багш аа” гэж дуудуулах багш хүний бахархал байдаг даа” гэсэн юм. Тэрээр багшаар улсад 11-12 жил ажилласан байна.

Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар  батлах дэд  ажлын хэсгийн даргаар ажиллаж байв

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байх үеийн БСШУС сайд Ж.Батсуурь, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарын хамт.

С.Чинбат мөн багш, дасгалжуулагч, шүүгчээр ажиллахаас гадна бодлого боловсруулах  түвшинд хүртэл ажиллаж, спортын салбарын  хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Биеийн тамир, спортын газар мэргэжилтнээс эхлээд  БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажилласан.  Энэ хугацаандаа 2017 онд  Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар  батлах дэд  ажлын хэсгийн даргаар ажилласан байдаг.  Энэ тухайгаа “Тухайн үед  хуулийг батлуулах ажилд хамтарч хүчин зүтгэсэн хүн бол Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц. Алсын хараа 2040-2050 хөтөлбөрийн дагуу биеийн тамир спортын  бодлогын салбарын чиглүүлэх ажлыг хуульд шигтгэн оруулж,  иргэдэд таниулж, хууль батлуулахад их бахархалтай байсан. Уг хуулийг 2017 онд  шинэчилсэн найруулгаар батлахад  УИХ-ын гишүүд ч  дэмжсэн” гэлээ. Уг хуульд  олон чухал заалтыг тусгасан байдаг. Жишээлбэл,  Хил гаалиар орж  ирж буй тоног төхөөрөмж, материалыг татвараас чөлөөлөх бодлогыг тусгасан. Мөн  330 сум 21 аймаг есөн дүүрэгт биеийн тамирын арга зүйч  орон тоог бий болгосон. Спорт биеийн тамирын салбарт хөрөнгө оруулалт хийж буй хүмүүст урам зориг, итгэл өгөхүйц олон чухал заалтыг тусгасан байдаг. Мөн уг хуулийн хүрээнд Биеийн  тамирын спортын хэрэгжүүлэгч  агентлаг  гэж байгуулсан юм.

С.Чинбат эхнэртэйгээ 1998 онд танилцаж, нэгэн гал голомтыг үүсгээд өдгөө  гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна.  Эхнэр нь  монголын анхны үүрэн телефоны  салбарт ажилладаг аж. Ийнхүү их спортод амьдралаа зориулж яваа түүний амьдралын арвин их түүхээс онцолсноо хүргэлээ. Одоо ч тэрээр спортоо орхилгүй ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

П.АМГАЛАНБАЯР