Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Наран дээр хоёр хүчтэй дэлбэрэлт болжээ DNN.mn

Өчигдөр буюу 12 дугаар сарын 15-нд Наран дээр М зэрэглэлийн  хоёр хүчтэй дэлбэрэлт болсон тухай Оросын Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн гелиогеофизикийн алба мэдээлэв.

Эхний дэлбэрэлт (М6.3) Москвагийн цагаар 10:15 цагт (Улаанбаатарын цагаар 15:15) Нарны 3514 (N03W61) бүлэг толбонд болж, 31 минут үргэлжилсэн бол дараагийнх нь 10:43 цагт (Улаанбаатарын цагаар 15:43) бүртгэгджээ. М6.9 зэрэглэлийн энэ дэлбэрэлт 3514 (N03W63) бүлэг толбонд болж, 20 минут үргэлжилсэн байна.

12 дугаар сарын 14-нд сүүлийн жилүүдэд болоогүй хамгийн хүчтэй X2.9 зэрэглэлийн дэлбэрэлт бүртгэгджээ. Уг дэлбэрэлтийн улмаас “бага энергитэй протоны урсгал дэлхийн ойролцоох орон зайд хүрчээ”.

Сансрын цаг агаарын ажиглалтын мэдээгээр, нарны тэсрэлтийн дэлхийн ионосферт үзүүлэх нөлөө нь одоогоор 5 шатлалын үзүүлэлтээр R3 буюу хүчтэй түвшинд хүрсэн байна. Энэ үзүүлэлтийн хамгийн сул нь R1, хамгийн хүчтэй нь R5 байдаг.

R3 түвшин гэдэг нь дэлхий дээр нам давтамжийн радио холбоонд урт хугацаагаар тасалдал үүсгэж, хөлөг онгоц, нисэх онгоцны байршлыг тодорхойлоход алдаа гарахад хүргэх эрсдэлтэй.

Нарны дэлбэрэлтийн рентген цацрагийн хүчийг  “A, B, C, M, X”  зэрэглэлээр ангилан тооцдог ажээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Доктор Л.Сарантуяа: Приусын хаягдал батарейг сэргээж өрхийн цахилгаан эрчим хүчийг хангах төсөл амжилттай болсон DNN.mn

Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарейн станцыг ашиглалтанд оруулснаа мэдэгдээд байгаа. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний хангамж зогсох болсонтой холбоотойгоор дотоодын нөөц бололцоог бий болгох шаардлагатай болж байгаа юм. Энэ талаар ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн энергийн лабораторийн эрхлэгч, доктор Л.Сарантуяатай ярилцлаа.


-Танай хүрээлэн батарейнаас цахилгаан эрчим хүч гаргах судалгааг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Эрчим хүчний хараат улсын хувьд энэ бол сайн мэдээ юм. Судалгааны үр дүн юу болж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай хүрээлэнгийн хувьд батарейтай холбоотой судалгааг 2013 оноос хийж эхэлсэн байдаг. Одоогийн манай судалгааны багийн хийж байгаа төсөл бол “Батарейн технологийг зүгшрүүлэх, хаягдал батарейг сэргээн ашиглах туршилт судалгаа” юм. Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилттэй энэ төсөл маань 2022 оноос хэрэгжиж эхэлсэн.

Энэ төслийн хүрээнд бид хоёр төрлийн судалгааг хийж байна. Эхнийх нь батарейн технологийг зүгшрүүлэх. Энэ ажлын хүрээнд бид лабораторийнхоо түвшинд литийн дахин цэнэглэгддэг батарейн электродуудыг гаргаж аваад дахин цэнэглэж болдог товчон батарейг угсарч бэлэн болгосон. Мөн гаргаж авч байгаа электродынхоо материалыг цахилгаан дамжуулах шинж чанар ч юм уу, хүчдэл ч юм уу эдгээрийг яаж сайжруулж болох судалгааны ажлуудыг үргэлжлүүлж байна.

Хоёр дахь хэсэг бол маш чухал хэсэг гэж үзэж байгаа. Өнөөдөр манай улсад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол цахилгаан эрчим хүчний эх үүсвэр. Бидний сайн мэдэх приус автомашин бол никл металл гидритийн батарейгаар ажилладаг. Эдгээр автомашинаас гарч байгаа хаягдал никл металл гидритийн батарейг бид лабораторидоо авчраад сэргээх ажлыг хийж эхэлсэн. Сэргээнэ гэдэг нь энгийнээр, ажиллагаагүй, нурсан батарейг туршилтын аргаар буцааж нурсан багтаамжийг өсгөх юм.

-Үр дүн хэр сайн байгаа вэ?

-Туршилтын үр дүнд багтаамж 5-13 хувьтай, бүр бага багтаамжтай байгаа хэсэг нь 100 хувь сэргэх үр дүн гарсан. Яг ингэж сэргээсэн батарейгаар 24 вольт, 48 вольтын бие даасан систем угсарч байна. Өөрөөр хэлбэл, малчдын өрхийн хэрэглээнд хэрэглэж байгаа хар тугалга хүчлийн аккумлятор шиг хүчин чадалтай, хаягдал батарейг сэргээсэн системийг угсарсан гэсэн үг. Ингээд угсарсан системээ нарны энергиэс цэнэглэх боломжтой систем болгосон. Энэ батарейгаараа өрхийн цахилгаан хэрэгсэл, жижиг оврын гэрэл асаах, телевизор, хөргөгч ажиллуулах туршилтуудыг хийж гүйцэтгэж байна.

Одоо бол эрчим хүчний салбар оргил ачааллын үед хүнд нөхцөл байдалтай байна. Ийм үед бие даасан батарейн систем, энергийн эрчим хүчний эх үүсвэр маш чухал асуудлуудыг нэг.

-Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүч нөөцлөх батарейн станц ашиглалтанд оруулаад байгаа. Мэргэжлийн хүний хувьд энэ станцын ач холбогдлын талаар тодруулбал?

-Ийм хүнд үед батарейн бие даасан станц ашиглалтанд орууллаа гэдэг мэдээ бол судлаач хүний хувьд ойрын үед сонссон хамгийн гэрэлтэй гэгээлэг мэдээ байлаа. Ийм нөхцөл байдалтай байгаа үед бие даасан системийг ашиглалтанд оруулсанд Эрчим хүчний яамныханд талархаж байна. Ингэж ашиглаж байгаа тохиолдол гадны улс оронд элбэг байдаг.

Бидний энэ судалгааны үр дүн ч нийгэмд, эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулах боломжтой. Приус машин өнөөдөр Улаанбаатар хотод ямар хэрэглээтэй байгаа билээ. Тэр хэрээр хаягдал батарей гарч байгаа. Учир нь манайхан Японоос голдуу хуучин машин оруулж ирдэг. Ойролцоогоор 10 хүртэл жил уначихсан машиныг оруулж ирдэг гэсэн үг. Гибрид автомашины өөрийнх нь никл металл гидридын батарейг солих хугацаа нь 10 жил байдаг. Бид приус машиныг авч оруулж ирээд хоёр, гурван жил, сайн явлаа гэхэд таван жил унаад батарейг нь сольдог. Үүнийг дагаад хог хаягдал маш их нэмэгддэг. Энгийн нүдэнд харагдахгүй ч улс орны хувьд маш их хэмжээний хаягдал гарч байдаг. Тэгвэл тэр хог хаягдлыг сэргээж чадаж болж байна шүү дээ. Одоогоор жижиг систем дээр явж байна. Цаашлаад энэ хаягдал батарейг ашиглаад батарейн дэд станц буюу энерги нөөцлөх, хуримтлуулах, батарейнаас үйлдвэрлэх зэрэг асуудлуудыг хийх шаардлагатай.

-Хаягдал батарейн эх үүсвэрийн судалгааг хийсэн байх?

-2023 оны байдлаар Монгол Улсад гибрид автомашины тоо 362814 байсан. 2023 оны байдлаар Японоос импортоор оруулж ирсэн хуучин автомашины тоо 60 мянга байгаа. Магадгүй 2020, 2021, 2022 оны стастистикийг харвал өсөн нэмэгдсэн байх магадлалтай.

Орж ирж байгаа энэ автомашины ашиглалтын хугацааг дунджаар харахад дээр хэлснээр 10 жил хүртэл уначихсан машин байдаг. Мэдээж он залуу, шинэ машин авч байгаа хүмүүс байгаа ч цөөхөн хувь нь. Цаашлаад гибрид автомашины хэрэглээ өссөөр байна. Тэгэхээр хаягдал тэр хэмжээндээ гарна гэсэн үг. Эх үүсвэрийн хангалттай гэж хэлж болно.

-Автомашин засварын газрууд батарей сэргээнэ гэдэг. Тэр хэр үр дүнтэй ажил вэ?

-Аюулгүй ажиллагааны хувьд анхаарах шаардлагатай. Мэдээж тэнд судалгаа шинжилгээний үндэслэлтэй ажиллагаа хийгдэхгүй. Ерөөсөө бүх 28 элементийг үзээд дундаас нь багтаамж багыг сугалж аваад арай өндөр багтаамжтайгаар нь сольчихдог. Ийм байдлаар сольчихоор өөр өөр багтаамжтай болчихно. Түүнийг тэнцвэржүүлэхгүйгээр жолоочийг явуулчихдаг. Жаахан яваад буцаад хүрээд ирнэ. Аргагүй шүү дээ. Приус автомашин батарей 28-уулаа цуваагаар холбогддог. Тавдугаар элемент багтаамжгүй боллоо гэхэд түүнээс цаашхи элементүүд нь хязгаарлагдана гэсэн үг. Нэг ёсондоо шинжлэх ухааны үндэслэлтэй сэргээх процесс, буцаад өрхийн хэрэглээнд цахилгаан үүсгэвэр болгох асуудал бол заавал мэргэжлийн судалгаагаар тодорхойлж гаргах шаардлагатай.

-Мэргэжлийн хүмүүс та бүхэн туршилт судалгаа хийгээд үр дүн гаргачихлаа. Үүнийг хэрэглээнд, зах зээлд нэвтрүүлэх ажил чухал. Хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд үйлдвэрлээд худалдаад байх боломжгүй биз дээ?

-Яг зөв. Энэ бол туршилт судалгааны ажил шүү дээ. Батарейн технологийг зүгшрүүлэлтийн төсөл. Өмнө нь хийгдэж байсан бааз суурь, судалгаан дээрээ үндэслээд технологийг зүгшрүүлэх гэсэн утгатай. Энэ төслийн хүрээнд хаягдал батарейг хэрхэн сэргээх вэ, яаж бие даасан систем угсрах уу зэргээр зүгшрүүлчихлээ. Бид хүрээлэнгийн жижиг лабораторид зогсоо зайгүй үйлдвэрлээд байж чадахгүй. Хүн хүч, байр савны асуудал гарч ирнэ. Батарей овор хэмжээ ихтэй. 28 элементээс бүрдэж байгаа, жин нь 30 гаруй кг. Багаж тоног төхөөрөмжийн асуудал ч байна.

-Зах зээлд нийлүүлэх боломжийн талаар илүү тодруулаач?

-Одоогоор үйлдвэр болох юм бол өдөрт бид тэчнээн хэмжээний батарейг сэргээж чадна гэдэг судалгаа гаргаагүй. Харин бидний хийж байгаа судалгааг сонирхоод инноваци болгоё, хэрэглээнд нэвтрүүлье гэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байвал хурдтай явах байх. Суурь, зүгшрүүлэх судалгаа, туршилт хийгдчихэж байгаа учраас цаашид мэдээж үйлдвэрлэлд нэвтрэх бүрэн боломжтой.

-Дотоодын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг үүнээс өөрөөр яаж нэмэх вэ. Судлаач хүний хувьд энэ тал дээр байр суурийг тань сонсмоор байна?

-Бид одоо зөвхөн нүүрсний цахилгаан станцаасаа эрчим хүчээ авч байна. Гадны улс орнууд энэ асуудлаа цөмийн цахилгаан станцаар шийдэж байна. Хамгийн чухал эх үүсвэр бол энэ.

Мөн батарейн бие даасан системүүдээр шийдэж байна. Түүнээс гадна нарны эрчим хүч, салхи, усан цахилгаан станц гэх мэт маш олон төрлийн эрчим хүчийг шийдвэрлэх эх үүсвэрүүд байгаа. Яг энэ батарейн станц, эрчим хүчний бие даасан систем бол хамгийн хэрэгтэй, эвтэйхэн, боломжтой хувилбар.

Манайх цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, байнга дулаахан байхгүй. Нарны эрчим хүчээр шийдье гэхээр ашигт коэффициент багатай. Мэдээж цөмийн цахилгаан станцыг заавал барих шаардлагатай. Агаарын бохирдол ямар хүнд байгаа билээ. Одоогийн байгаа нүүрсэн цахилгаан станц ачааллаа дийлэхээ больж байна. Гаднаас бид цахилгаан эрчим хүч авч байна. Тэгэхээр судлаачийн хувьд цөмийн цахилгаан станц болон батарейн бие даасан станцыг ашиглалтанд оруулах шаардлагатай гэж хэлмээр байна. Ингэснээр бид цахилгаан эрчим хүчээрээ хараат бус болох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, манайд цөмийн ганц цахилгаан станц байхад л хангалттай. Мэдээж дагаад аюулгүй ажиллагаа, түлшээ хэрхэн зохицуулах, түлшнээс гарч байгаа цацраг идэвхт хог хаягдлыг хэрхэх вэ гэдэг хариуцлагатай асуудал яригддаг. Түүнийг шийдээд явж болно.

Бидний одоо цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж байгаа нүүрс шавхагддаг нөөц. Цөмийн цахилгаан станцын түлш шавхагдах нөөц ч гэлээ хүчин чадлын хувьд хэд дахин өндөр. Тэгэхээр эрчим хүчний салбарт заавал шинэчлэлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улсаараа лаагаа асаагаад суух байдал руу орох эрсдэлтэй болчихоод байна шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ DNN.mn

Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Анх удаа зохион байгуулж буй тус наадмыг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулснаараа онцлогтой. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

Энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх тус наадамд Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Соёлын сайд Ч.Номин “Хархорум” наадмыг нээж үг хэлэхдээ “Кино урлаг бол хүн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний нэгэн илрэл бөгөөд урлагийн олон төрлийг өөртөө агуулснаараа ялгардаг билээ. Энэ ч утгаараа бид “Хархорум” наадмаар дамжуулан иргэдэд хүний эрхийн талаарх ойлголт, мэдэгдэхүүнийг дээшлүүлэх, нөгөө талаас олон улсад хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс гэдгээ кино урлагаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байна. Кино урлаг нь Соёлын яамнаас баримталж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд зүй ёсоор багтдаг билээ. Энэ утгаараа бид монгол уран бүтээлчдээ дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгын хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, үүгээр дамжуулан эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан салбар болгохоор зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа Засгийн газраас кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж кино урлаг дэмжих санг үүсгэхийн зэрэгцээ тогтмол үйл ажиллагаатай Кино урлагийн зөвлөлийг байгуулсан. Ингэснээр олон улсын кино бүтээлчдийг Монголын уран бүтээлчидтэй холбох, хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Гадаадын кино уран бүтээлчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлж дотоодын уран бүтээлчдээ дэмжиж, кино бүтээл туурвих таатай орчныг бий болгон ажиллаж байна. “Хархорум” олон улсын кино наадам цаашид цар хүрээгээ тэлж, олон улсын уран бүтээлчид энэхүү наадамд бүтээлээ сорин өрсөлддөг, хүсэн хүлээсэн дэлхийн хэмжээний наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Наадмын хүрээнд уралдаант болон уралдаант хэсэгт гурван уран бүтээлийг шалгаруулах бөгөөд “Хархорум” наадмын алтан цом, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

“Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”

“Шилдэг баримтат кино”

“Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл”-ийн шалгаруулна.

Түүнчлэн наадмын үеэр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд олон улсын уран бүтээлчдийн сургалтад хамрагдан туршлага судлах боломжтой. Энэ хүрээнд “Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь” мастер класс, “Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь”, залуу киночдод зориулсан сургалт, “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сурагчид халдаг бээлий зохион бүтээжээ DNN.mn

Өсвөр насны хүүхдүүдийг шинжлэх ухаанд сонирхолтой болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гэртээ туршъя” ТББ-аас жил бүр 5-12 дугаар ангийн сурагчдын дунд шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарладаг.

Энэ жилийн уралдааныг хими болон энх тайвны чиглэлээр 2 удаа Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын иргэн Лиус Полингийн нэрэмжит болгон энэ сард зохион явуулав. Уг арга хэмжээнд 21 аймгийн 500 гаруй сурагчид өөр өөрсдийн бүтээлээр оролцож, тэргүүн болон дэд байр эзэлжээ.

Уралдаанд нийт 195 баг оролцсон бөгөөд Хөвсгөл, Дорноговь, Хэнтий аймаг, Увс зэрэг аймаг, сумдаас бүтээл ирсэн нь онцлог байлаа.  Уралдаанд оролцсон бүтээлүүдийг шалгаруулахдаа:

  • Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
  • Шинэлэг, энгийн, сонирхолтой, санааг тусгасан эсэх
  • Оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
  • Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн.

Шагналт байранд:

5-р анги:

  • Тэргүүн байр: Оном сургуулийн сурагч Б.Оюун, “Амьтны толгой” бүтээл
  • Дэд байр: 53-р сургуулийн сурагч Э.Очирсүлд, “Салхин сэнс” бүтээл

6-р анги:

  • Тэргүүн байр: Oyut STEM center төвийн сурагч Г.Баясгалан, “Хаягдал цаасыг дахин боловсруулах” бүтээл
  • Дэд байр: Монтэроза сургуулийн сурагч О.Хас-Очир, “Хар нүх” бүтээл
  • Гутгаар байр: Монгол Од сургуулийн сурагч У.Гүнж, “Булчингийн үйл ажиллагаа” бүтээл

7-р анги:

  • Тэргүүн байр: Монгол Од сургуулийн сурагч А.Амирлан, “Цахилгаан” бүтээл
  • Дэд байр: Хөвсгөл аймаг Эрдмийн далай сургуулийн сурагч Б.Түвшинхангай, “Galaxy wave” бүтээл
  • Гутгаар байр: 93-р сургуулийн сурагч Б.Биндэрьяа, “Нарны аймгийн загвар” бүтээл

8-р анги:

  • Тэргүүн байр: 109-р сургуулийн сурагч Б.Баяр-эрдэнэ, “ReECO” бүтээл
  • Дэд байр: 11-р сургуулийн сурагч Т.Гүнбилэг, “Robot” бүтээл
  • Гутгаар байр: МУБИС-ийн харьяа ЕБС-ийн сурагч Н.Даваажаргал, “Хаягдал тосыг ашиглан гарын саван хийх” бүтээл

9-р анги:

  • Тэргүүн байр: Шинэ үе сургуулийн сурагч С.Ялгуун, “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх бүтээл”
  • Дэд байр: Шинэ эрин ОУ-ын сургуулийн сурагч Эгшиглэн, “Теломерийн нөлөө” бүтээл
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн сурагч М.Энхдөлгөөн, “Өртөө” бүтээл

10-р анги:

  • Тэргүүн байр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р сургуулийн сурагч Д.Солонго, “Шимт ундаа” бүтээл
  • Дэд байр: Хэнтий аймгийн БЭРХ ЕБС-ийн сурагч М.Оюун-эрдэнэ, “Эко цаасан түлш гарган авах” бүтээл
  • Гутгаар байр: Шинэ эрин сургуулийн сурагч Н.Нараа,”Унадаг дугуйн эргэлтээс цахилгаан энергийг гаргахуй” бүтээл

11-р анги:

  • Тэргүүн байр: Монгол тэмүүлэл сургуулийн сурагч М.Болормаа, “Цардуул болон целлюлозоор хийсэн биопластик” бүтээл
  • Дэд байр: Гёте сургуулийн сурагч М.Номинзул, “Flower calendar” бүтээл
  • Гутгаар байр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р сургуулийн сурагч Б.Тэмүүлэн “D’eco” хавтан бүтээл

12-р анги:

  • Тэргүүн байр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн сурагч Б.Нарансолонго, “Ухаалаг хатаагч” бүтээл
  • Дэд байр: Сэлэнгэ аймгийн Бугант ЕБС-ийн сурагч Б.Эрдэнэбаяр, “Эко түлш” бүтээл
  • Гутгаар байр: Глобал иннова ОУДС-ийн сурагч М.Энэрэлмаа, “Arduino монгол” бүтээл тус тус эзэллээ.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ж.Оюун: Газрын ховор элементээр 40 жилийн өмнө эрдмийн зэрэг хамгаалсан анхны хүн болоод байна DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунтай газрын ховор элементийн талаар ярилцлаа. Тэрбээр одоогоос нэгэн жарны өмнө буюу 1966 онд Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг төгссөн газрын ховор элементээр бүтэн 60 шахам жил судалгаа хийж буй Монголын нэртэй эрдэмтдийн нэг юм.

-Та бол газрын ховор элементээр гадна дотнын эрдэмтэн судлаачидтай амьдралынхаа туршид ажилласан хүн. Тиймээс өнөө цагт жинхэнэ түүх өгүүлэх хүний нэг болоод байна л даа. Эхлээд хоёулаа ховор элементийн нээгдсэн түүхийн талаар ярих уу?

-Газрын ховор элементүүд гэдэг нь Менделеевийн үелэх системийн 57-71 дүгээрт бичигдсэн лантануудын бүлгийн элементүүд. Эдгээр нь сансрын солироос эхлээд эх дэлхийн цөм хүртэл эрдэс чулуулаг, ус, хөрс, ургамал, хүн амьтны организмд өчүүхэн хэмжээгээр сарнин тархсан. Байгаль дээрх бүх элементийн тавны нэг нь газрын ховор элемент байдаг гэж Францын химич Ж.Урбен тооцоолсон байдаг. Газрын ховор элементийг зөвхөн нээх ажил 1794 оноос 1907 он хүртэл 113 жил үргэлжилж Европын хэд хэдэн үеийн олон суут эрдэмтэд химичдийн нөр их хөдөлмөрөөр бүтээгдсэн. Нэгийг нь нөгөөгөөс нь олсоор 15 шинэ элемент нээсэн.

Сүүлд эрдэмтэд хоёр элементийг шинээр нээсэн. Тухайлбал, лантаны бүлгийн 61 дүгээрт байрлах промети нь байгальд бараг олддоггүй, анх илрэц төдий олж шинж чанарыг нь тогтоосон байдаг. Орчин үед прометийг ураны задралаар гарган авч байна. Нөгөөх нь үелэх системийн гуравдугаар бүлгийн иттри ба сканди.

 

олон шинж чанараараа төстэй. Газрын ховор элемент нь өөр хоорондоо усны дусал шиг адилхан шинж чанартай. Тэдгээрийг бие биеэс нь ялгаж цэвэрлэх нь хими технологийн хамгийн их хөдөлмөр, мэдлэг зарцуулах хүнд ажил. Үндсэндээ бүтэн зууны турш үргэлжилж 19 дүгээр зууны эхэн үеэс эдгээр элементийн онцгой өвөрмөц чанаруудыг илрүүлснээр орчин үеийн нано технологийн үндсэн түүхий эд болж байна. Аливаа улс орны үйлдвэрүүдэд газрын ховор металлуудыг хэрхэн ашиглаж байгаагаар нь тухайн улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, хүчин чадлыг үнэлэх болсон.

-Монголд хэзээнээс судалж эхлэв?

-1960-аад оны дунд үеэс Орос-Монголын геологийн хамтарсан экспедицийн судалгаагаар говийн болон баруун бүс нутгуудад хүдэржилт бүхий илрэцүүд тогтоогдсон. Дорноговь аймгийн Лугийн гол, Өмнөговь аймгийн Мандал-Овоогийн Мушгай худаг, Ханбогд сумын Ханбогд уул, Ховд аймгийн Мянгад сумын Халзанбүргэдэй, Увс аймгийн Хяргас нуурын хойд Улаан толгой, Шар толгой зэрэг газрууд. Энэхүү түүхэн ажлын анхны судлаачид нь В.И.Коваленко, В.И.Самойлов, И.В.Владыкин, Монголын нэрт эрдэмтэн Б.Лувсанданзан, Ц.Гүндсамбуу, Ц.Цэдэн зэрэг геологич мэргэжилтнүүд байлаа. Ханбогд сумын нутагт орших Ханбогд хайрхны бүс нутаг нь газрын ховор элементүүд агуулсан шүлтлэг цирконт боржингийн хүдэржилттэй, төрөл бүрийн ховор эрдсээр баялаг, өвөрмөц сонирхолтой газрыг гадаад дотоодын судлаачид гайхан биширч, Монголын төдийгүй дэлхийн “Эрдсийн музей” гэж нэрлэсэн. Ханбогдоос геологичид урьд өмнө нь шинжлэх ухаанд шинэ эрдэс анх олж, Монгол Улс олон улсын минералогийн холбоонд уламжлан “Монголит” нэрээр бүртгүүлсэн. Мөн дэлхийд ховор байдаг элементүүд агуулсан армстронгит эрдсийг Ханбогдоос олсон. Геологич, академич Б.Лувсанданзан судалгааныхаа ажлаар геохимийн процессор микроклин альбитын шүлтлэг боржингийн массивын хүрээнд криолит эрдэсжилтийн явцад газрын ховор элментийн тогтвортой комплекс нэгдэл үүсч, улмаар ижил төстэй ховор элементүүд ба хөнгөн цагаан цахиурын ялгарал хуримтлал бий болдог тухай онолын шинэ дүгнэлт гаргасан. Энэ нь Ханбогд болон Халзанбүргэдэйн ордуудад батлагдсан. Лувсанданзан гуайн энэ онол шинжлэх ухааны нээлт болж 1985 онд түүнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж байсан түүхтэй.

-Бутачийн Лувсанданзан гуай бол Монголын геологийн алтан хуудсыг нээсэн хүний нэг яах аргагүй мөн байх. Тэртээ 1940-өөд оны дунд үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн геологийн тасгийн эрхлэгчийн албыг хашиж байсан байдаг. Харин 1960-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл ШУА-ын Геологийн хүрээлэнгийн захирлын албыг хашсан. Энэ эрхэм хүнтэй хамт ажиллаж байснаа дурсахгүй юу?

-Тийм ээ, Лувсанданзан гуай үнэхээр геологийн төлөө төрсөн хүн байлаа. Энэ хүний ачаар ШУА-ийн Геологийн хүрээлэнд лаборатори байгуулсан. Миний бие Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг 1966 онд төгссөн. Ирээд Геологийн төв лабораторид химийн судалгааны инженерээр найман жил ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн химийн найрлагыг хийж байсан. Найрлаганыхаа дээжийг Эрхүүгийн их сургуулийн ховор элементийн хяналтын газар руу явуулаад тэнд таарсан бол цалин өгдөг, тийм л хатуу үе байлаа. Ингээд дараа нь Геологийн хүрээлэнд лабораторийн суурь бий болсон нь ийм учиртай. ШУА-д би тасралтгүй 20-иод жил ажилласан. 1990-ээд оны эхээр Б.Чадраа гуай Технологийн дээд сургууль байгуулж, Лувсанданзан гуайд хэлээд намайг тус сургуулийн декан болгож байсан. Физик, хими, биологи, математик гэсэн байгалийн шинжлэх ухааны том суурь тэгж Технологийн дээд сургууль буюу дараа нь Улаанбаатарын их сургууль болсон тэр сургуульд тавигдсан. Лувсанданзан гуай “Чамайг Чадраа авна гээд байна, чи яв даа хүү минь. Харин тэгэхдээ чи хүрээлэнгээс энэ лабораторио аваад яв. Энийг чинь чамаас өөр ажиллуулж мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн. Ингэж би өөрийн байгуулсан газрын ховор элементийн лабораторио Улаанбаатарын их сургуульд авчирсан түүхтэй. “Энэ лаборатори хамгийн чухал шүү. Улс орны ирээдүйн хувь заяа шүү. Геологийн бүх юмыг энэ улс орон чинь Оюуны байгуулсан энэ лабораторийн хүчинд мэдэхтэйгээ болсон шүү, битгий устгаарай” гэж аминчлан захисан.

-Алдарт геологич Яншин гэж хүн Монголд Ширэндэв гуайн урилгаар ирсэн байдаг. Тэр хүн таныг газрын ховор элементтэй “уяж” өгсөн тухай та хэлдэг?

-Энэ хүн газрын ховор элемент гэдгийг надад яалт ч үгүй өгсөн хүн. Ширэндэв гуайд хэлээд, бүр Цэдэнбал даргад захиа бичнэ гээд. Монголд газрын ховор элемент алт мөнгөнөөс илүү үнэтэй, улс орны хөгжилд энэ л хэрэгтэй гэдгийг тэр хүнд 60-аад жилийн өмнө мэдэж байжээ. Хөдөөгүүр олон хоног геологийн экспедицээр явж ирээд “Би чамайг танилаа, чи үүнийг гарцаагүй чадна” гэж надад газрын ховор элементийг өгсөн. Яаж дээж авахаас өгсүүлээд бүгдийг зааж өгсөн. Надад сайн багш олж өгнө гээд Н.Н.Басаргин гэдэг еврей хүнийг олж өгсөн. “Бага агуулгатай газрын ховор элементийг органик урвалжаар шингээж авах нь” гэдэг сэдвээр би 1984 онд Москвад Ломоносовын их сургуулийн салбар сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Нялх нойтон хүүхдээ орхиж гэр бүлээсээ хол долоон сар зүтгэж байгаад газрын ховор элементээр эрдмийн зэрэг хамгаалсан. Газрын ховор элементээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны хүн. Миний бие 1974-1985 онд хамтарсан геологийн экспедицийн хээрийн олдворууд газрын ховор элементүүд агуулсан дээж материалуудыг боловсруулах, бүтэц найрлагыг тодорхойлох физик-химийн шинжилгээний ажлуудыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн геохимийн лаборатори, Эрхүүгийн болох Москва хотын геологи, геохими, химийн лабораториудад хоёр талын химичид хамтран гүйцэтгэж, химийн, хромотографийн, спектрийн, рентгений нейтрон идэвхжилийн зэрэг физик, химийн аргуудаар хийж байв. Ийнхүү Монголд газрын ховор элемент агуулсан дээрх хүдэржилтийн бүсүүдэд гурван орд 40 гаруй илрэцүүд тогтоогдсон юм. Энэ шинжилгээний ажилд эхнээс нь миний бие химич Д.Мижид, физикч Д.Доржханд нарын хамт өнөөг хүртэл дагнан судалгаа хийж байна. Энэ хугацаанд манай мэргэжилтнүүд эрдэс чулуулаг дахь бага агуулгатай газрын ховор элементийг органик полимерт урвалжаар шингээн химийн аргаар баяжуулан нийлбэрээр нь тодорхойлж дараа нь хромотографийн аргаар нийлбэрээс нь нэг бүрчлэн ялгах химийн шинжилгээний хурдавчилсан шинэ арга боловсруулж баталгаажуулан судалгааныхаа ажилд нэвтрүүлсэн. Энэ ажилд зориулж газрын ховор элементийг шингээх чанартай 16 шинэ урвалжийг миний бие лабораторийн нөхцөлд гарган хэрэглэж байна.1980-1985 онд Лугийн голын Төгрөгийн бүсэд Монгол-Польшийн геологийн ангиуд ажиллаж монгол ангийн дарга Батболд, геологич Адъяа, гидрогеологич Өнөрдэлгэр, Польшийн геологич Ян Уберн нар судалгаа хийж, карбонатитын хүдэрт газрын ховор элементийн нийлбэр оксид 1.5-1.7 хувь агуулгатай, 80 метрийн гүнд 200 мянган тонн нөөцтэйг тогтоож байсан.

-Улаанбаатарын их сургуульд лаборатори бий болгосноо та түрүүнд цухас дурдлаа. Энэ тухайгаа жаахан тодруулаач. Одоо таны лаборатори хаана байна?

-1992 оноос бид ШУА-ийн дэргэд байгуулагдсан Технологийн дээд сургууль буюу Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн хөтөлбөрт Эрдсийн түүхий эдийн технологи, газрын ховор металлуудын баяжуулах технологи хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт оруулсан. 2009-2011 онд тус сургуулийн химийн тэнхим нь газрын ховор элемент агуулсан карбонатит, апатитын хүдрээс газрын ховор элементийн баяжмал бэлтгэж түүнээс зарим элементүүдийг ялгаж цэвэршүүлэн люминофорын цэвэр исэл гаргах эрдэм шинжилгээний сэдэвт ажлын төсөл хэрэгжүүлж, хээрийн болон лабораторийн ажилд оюутнуудыг хамруулан судалгаа шинжилгээг биечлэн хийж байсан нь мэргэжилтэн бэлтгэхэд үр дүнгээ өгсөн. Төгсөгч оюутнууд дипломын ажлаараа Лугийн голын карбонатит, Мушгайн апатит, Халзанбүргэдтэйн боржингоос газрын ховор элементийг нийлбэрээр ялгаж тодорхойлох, хүдрийн бус материал Хар ус нуурын элснээс циркон ялгаж тодорхойлох, чулуун солирыг тодорхойлох зэрэг олон сонирхолтой сэдвээр судалгааны ажил хийсэн юм. Үүний зэрэгцээ бид орчин үеийн дэвшилтэт нанотехнологийн шинэ арга Монголын уламжлалт технологид суурилан боловсруулсан хэт ханасан тогтвортой хийн уусгагч, нэвчигч чанарт үндэслэн туршилт явуулж карбонатитын хүдрээс нанокопозит шинэ материал 99.8 хувь цэвэршилттэй сүүн хүчлийн кальци, лютеци электронмикроскопоор баталгаажуулсан. Хими технологич мэргэжлээр төгссөн олон шавь маань Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Оюу толгойд ажиллаж байна. 2011 онд Улаанбаатарын их сургуулийг МУИС-д нийлүүлнэ гэсэн дуулианаар судалгааны ажлын идэвх суларсан нь харамсалтай. Улаанбаатарын их сургуулийг сүүлд МУИС-тай нэгтгээд байранд нь хууль хүчнийхэн орчихсон. Би лабораторийнхоо бүх юмыг нэг өрөөндөө хураачихсан. Лувсанданзан гуайнхаа аминчилж захиснаар “амийг нь барьчихгүй”-г хичээж сууна. Нас өндөр ч боллоо. 80 гараад явчихлаа. Энэхүү лабораторийн ачаар миний бие Геологийн төв лабораторийн ахмад мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Д.Доржханд, Б.Цэндээ нартай газрын ховор элементийн гурван том ордын эрдэс чулуулгаар гурван төрлийн найрлагын стандарт загвар тус бүрийг 40 гаруй элементээр олон улсын түвшинд бэлтгэж, Монгол Улсын стандартаар баталгаажуулсан нь монгол орны ховор элементийг судлах технологи бэлтгэх ажилд чухал ач холбогдлоо өгсөн. Хамгийн гол нь гадаадын компаниудтай гэрээ хэлэлцээ хийх, хамтран ажиллах олон талт ажилд бидний хийсэн шинжилгээ чухал бүтээл болсон юм.

-Газрын ховор элемент энэ зууны хэрэглээ гэгдэж буй. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Газрын ховор металл Эрбий 0.4-0.6 хувийн оксидоор атомын цахилгаан станцад ураныг 2-2.6 дахин баяжуулахад атомын цахилгаан станцын зөвхөн нэг блокт сая гаруй долларын хэмнэлт гарах болсон. Гадолини ба циркон нь атомын цахилгаан станцын реакторт нейтроныг шингээгч болж цөмийн гинжин урвалыг зохицуулж удирддаг. Тэрчлэн сүүлийн лантан, цери, неодим, празеодим зэргээр тусгай зориулалтын шил хийх, церийгээр хортой хий саармагжуулагч шүүгч катализатор бэлтгэх, диспрозигоор машины хөдөлгүүрийн эд анги хийх, самари ба неодимоор сансрын техник пуужингийн тогтмол соронзон суурь бэлтгэх, иттрийг өндөр температурын хайлшийг зэврэлтээс хамгаалах бүрхүүл болгох, мөн агаарын техникийн нарийн багаж төхөөрөмж хийх зэргээр техникийн гол түүхий эд болж байна. 1990-ээд оноос газрын ховор металлуудыг цэврээр ялгаж орчин үеийн нанотехнологи, цахим техник радиоэлектроникийн үйлдвэрүүдэд люминофор идэвхжүүлэгч, телевизор компьютерийн шингэн талст дэлгэц, хатуу диск зэрэг үндсэн түүхий эдээр хэрэглэх болов. Диспрози, европи, терби, неодим, иттри зэрэг таван металлыг АНУ энергийн чухал ач холбогдолтой гэж олборлох асуудалд онцгой анхаарах болсон. Эдгээр металлуудаар цахилгаан автомашин, нарны энергийн фотовольтын нимгэн хальс, флюоресценцийн ламп хийх, мөн платины бүлгийн металлууд, гели, лити, рени, мөн германи, селен, теллур зэрэг металлуудыг нарны энергийн түүхий эд бэлтгэх биметаллын хайлш гаргах үйлдвэрт ашиглаж байна. Манайд алттай эн зэрэгцэх эрдэс бол циркон, газрын ховор элементийн төрөлд ордог. Ихэвчлэн магмын гаралттай боржин пегматит эрдсүүдэд байх бөгөөд газрын ховор элементийг агуулж, гафни, ниоби, танталтай хамт Ханбогд, Халзанбүргэдэйн хүдэржилтэд байдаг. Атомын цахилгаан станцид циркон нь нейтроны хортой цацрагийг шингээгч цорын ганц металл бөгөөд ураны найдвартай бүрхүүл болдог. Цирконыг дээр үеэс эм эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэж, цирконтой газар нутгийг тусгай хамгаалалтад авч дархалж байжээ. Иттрийн хөнгөн цагаантай үүсгэсэн бага хувийн жинтэй, бат бөх чанартай хайлш нь ирээдүйн агаарын болон сансрын техникийн гол материал болдог. Түүний нэгдлүүдийг пуужингийн түлшинд хэрэглэх боломжтойг судалгаагаар илрүүлсэн. Мөн газрын ховор элементийг хар болон өнгөт металлурги, силикатын аж үйлдвэр, радио техник, квантын электроник цөмийн техникт хэрэглэж байна. Нэг тонн ганд 2 кг газрын ховор элемент нэмэхэд бат бөх болж давтагдах чанар нь эрс сайжирдаг. Газрын ховор элменттэй үүсгэх металлын хайлш нь хөнгөн бат бөх учир нисэх онгоцны хөдөлгүүрийн эд анги, түрэлтэт хөдөлгүүр, хиймэл дагуулыг үйлдвэрлэхэд тус тус хэрэглэж байна.

Шинэ зууны шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цахим хөгжлийг газрын ховор металлгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд эдгээр металлууд нь шинэ наноматериал, нано бүтээгдэхүүн, нано эмийн гол донор болж байна.

-Нэг тонн хүдрээс нэг грамм ч хүрэхгүй газрын ховор элемент авдаг. Нэг грамм зүйл авахын тулд бүхэл бүтэн уулыг нураах нь дэмий. Үүний оронд бага оврын үйлдвэрийн аргыг ашиглах хэрэгтэйг та хэлж байсан?

-Монгол Улсад газрын ховор металл агуулсан хэд хэдэн газар ордын түвшинд үнэлэгдэж 40 гаруй илрэцүүд тогтоогдсон ч тэдгээрийг олборлож, боловсруулж ашиглах нь бусад ховор, өнгөт, үнэт металлуудаас өвөрмөц онцлогтой. Байгальд нэн сарнимал байдалтай тархсан байхаас гадна геологи, геохими, физик химийн чанаруудаараа органик бус химид багтдаг бусад бүх төрлийн металлуудаас эрс өөр ялгаатай шинэ салбарт ордог. ГХЭ-ийг олборлох ашиглах технологийн онцлог нь олон мянган тонноор баяжмал гаргах гэж уул хадыг тэсэлж хүчтэй техник хэрэглэх шаардлагагүй. Нэг тонн хүдрээс нэг грамм ч хүрэхгүй газрын ховор металл авах нь олонтаа таарна. Харин байгаль орчинд асар их аюул учруулна. ГХЭ-үүд нь уран, тори, стронци зэрэг цацраг идэвхит элементүүдтэй хамт байдаг. ГХЭ-ийн олборлолтыг нүсэр том уулын үйлдвэрийн аргаар бус хэсэгчилсэн бага оврын үйлдвэрийн аргаар өөрсдийн дотоод хүчээр жилд таван мянгаас 10 мянган тонн баяжмал гаргах хүчин чадалтай төхөөрөмжөөр тооцоолох нь байгаль орчинд аюулгүй, эдийн засгийн хувьд илүү ашигтай. Мөн нэг харамсалтай зүйл нь манай улсад мэргэжилтэн бэлтгэх, улсын стратеги төлөвлөлт байхгүй болсноос хуульч, эдийн засагч нягтлан бодогч, бизнес удирдлага аялал жуулчлалаар ихэнх нь мэргэшиж ажилгүйчүүдийн тоо өсч, үүнтэй зэрэгцэн техник технологийн мэргэжилтэн ховордож, эх орны байгалийн түүхий эдийн баялаг эзэнгүй болж нүүрс, нефть, хайлуур жонш, төмрийн ба цайрын хүдэр зэрэг олон ашигт малтмалууд, тэдгээрийн баяжмалуудтай хамт газрын ховор металлууд олон арван жил экспортод үнэгүй гаргасаар байх юм. Тодруулбал, Монголын баруун, өмнө, зүүн бүсүүдээр элбэг байдаг хайлуур жоншийг ухаж нүүрсний нэгэн адил гадагш нь чөлөөтэй зөөсөөр байна. Жоншны уурхай нэртэй компани хүмүүс 20.35 мян га газар эзэмших эрхтэй гэсэн нэрийн дор ямар ч боловсруулалт хийхгүй жоншийг түүнд агуулагдах 10 гаруй газрын ховор элементтэй нь зарсаар даруй 50 гаруй жил болж байна. Энэ бол улс оронд маш том хохирол, тооцоолж үзэхийн аргагүй. Хайлуур жоншинд 10 гаруй газрын ховор элемент агуулагддаг. Үүнийг гаднаас нь хараад өнгөөр нь таньж болно. Хайлуур жонш нь ягаан, ногоон, шар, хүрэн, цэнхэр гээд янз бүрийн өнгөтэй байна. Өнгө бүр нь газрын ховор элементийг ялгаж заадаг. Хайлуур жоншоо гадагш нь гаргаж дуусахаас өмнө энэ асуудалд улс орны удирдлагууд анхаарал хандуулаасай.

Ярилцсан Н.Г

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Т.Ням-Очир: Японы Тоёота дэлхийг байлдан дагуулсныг Чингис хааны маркетинг ашигласан гэж ярьдаг DNN.mn

Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Японы монголч эрдэмтэн Кобаяши Такаширогийн бичсэн “Чингис хаан” ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Номын редактор, Төвөд судлаач Т.НямОчиртой япон эрдэмтэн Чингис хааныг хэрхэн харж “нээсэн” талаар ярилцлаа.

-Чингис хааны талаарх ном бүтээл дотоодод болон олон улсад олон бий. Тэр дундаа Кобаяши Такаширогийн энэ бүтээл ямар онцлогтой юм бэ?

-Кобаяши Такаширо 1940 онд Монголын нууц товчоог япон хэлээр орчуулсан хүн. Тэрбээр 1960 онд япон хүний нүдээр Чингис хааны тухай ном гаргасан. Чингис хаан ном тухайн үедээ их алдаршсан. Кобаяши Такаширо Дэлхийн II дайн дараа Ойрхи Дорнодод дипломатаар ажиллаж байх үедээ перс, араб хэл сураад тэдгээр хэл дээрх Чингис хааны тухай сурвалжуудыг судалсан байгаа юм. Ингээд Чингис хаан номыг бичсэн. Тус үтээлдээ Чингис хаан гэдэг хувь хүнийхээ талаас ямар сонирхолтой хүн байсан юм бэ гэдгийг гаргасан. Өнөөдөр энэ ном бичсэн цагаас хойш 63 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж олон зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ сонирхолтой зүйлийг бидэнд үлдээсэн. Жишээ нь, Тэмүүжин гэдэг үг бол төмөрчин, төмрийн дархан гэсэн утгатай үг юм байна гэж Кобаяши Такаширо анх санал дэвшүүлж гаргаж байсан тавьдаг.

Бид Монголын нууц товчоо гээд том байлдан дагуулалт, олон үйл явдлыг хамаарсан судалгаа хийдэг байхад энэ хүн зөвхөн Чингис хаан гэдэг хувь хүнийг төрснөөс нь авахуулаад нас барах хүртэл бүх амьдралыг задлан шинжилсэн. Ингэхдээ хятад, орос, араб, перс, монгол хэл дээрх сурвалжуудыг ашигласан нь маш өргөн цар хүрээтэй бүтээл болж чадсан байдаг. Харин манайд сүүлийн 33 жил зөвхөн Монголын нууц товчоог судлаад Чингис хаан хувь хүнийхээ хувьд хэн байсныг шинжлэх ухааны хялбарчилсан загвараар бичиж үзээгүй юм билээ.

-Энэ бүтээлийг эхлээд монгол бичгээр хөрвүүлсэн гэв үү?

-Өмнөдмонголын эрдэмтэн Даланбаяр анх монгол хэл рүү хөрвүүлж, надад Монголд монгол бичгээр хэвлүүлэх хүсэлт тавьсан юм. Түүнийг нь ёсоор болгосон. Гэхдээ энэ бүтээлийг ингээд орхих ёсгүй, кириллээр монголчуудад дэлгэрүүлье гэж бодсон.

Миний мэргэжил бол монгол хэл, уран зохиолын багш. 2008-2023 он хүртэл 15 жилийн хугацаанд Монгол болон Өмнөдмонголд Чингис хаан тахилга байдаг газарт судалгаа хийсэн хүн. Монгол бахархлын өдрийг нийтээрээ тэмдэглэж эхэлснээс хойш жил бүр энэ өдрийг угтаж Чингис хааны талаарх бүтээл түмэнд хүргэхийг хүсдэг. Анх “Чингис хааны шүтээн хөрөг” ном, Чингис хааны Эзэн сангийн тайлбар, “Чингис хааны тайлга тахилгын соёлын чадавх” зэрэг ном гаргасан. Түүнээс гадна би сүүлийн гурван жил Хэнтий аймгийн Батноров сумын Тэнгэрийн андгай цогцолбор дээр эвент мастер бэлдсэн. Ингээд харахад бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Чингис хааны талаарх уншчих шинжлэх ухааны хялбаршуулсан ном бичдэггүй юм байна. Эсвэл сургуулийн өмнөх насныханд зориулсан комикс, эсвэл шууд Монголын нууц товчоо уншуулдаг. Энэ дунд 3-9 дүгээр ангийнхан гэсэн хоосон оройн зай үлддэг. Энэ орон зайг нөхөхөд Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном тохирно гэж харж байгаа. Энэ бүтээлээ цөөхөн хувиар хэвлэж, Гандантэгчэнлин хийдийн ойролцоох номын дэлгүүрүүдэд худалдаалана.

-Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном Японы бизнес эрхлэгч, маркетингийнханд бизнесийн гарын авлага болсон гэдэг. Үүнийг тодруулж ярьж өгөхгүй юу?

-Япон хүн гэж хэн билээ. Ямар нарийн нягт нямбай хүмүүс билээ. Энэ хүмүүс 1960 онд дэлхийн тэргүүлэгч гүрэн болохоор ид ажиллаж, бүтээж байх үед Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном тэр үеийн маркетер буюу маркетингийн менежрүүдийн гарын авлага болсон байдаг. Японы бизнесменүүд хоорондоо ярьдаг байж. “Чингис хааны маркетинг гэж ном байна. Жишээ нь, Японы “Тоёота” дэлхийн бүх улсад яг Чингис хаантай адилхан байлдан дагуулсан маркетинг” гэж үздэг. Тоёота үйлдвэрлэл дэлхийн хэрэглээ болж чадсаныг өөр хоорондоо “Чингис хааны маркетинг” гэж хэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, 1960-аад онд Японд бизнес хийж эхэлсэн хүмүүсийн хамгийн их унших дуртай ном нь энэ бүтээл байсан байна. Мэдээж цагийн эрхээр өнөөдөр мартагдсан. Гэхдээ Японы 80-аас дээш насны бизнесменүүдэд энэ ном бол дэлхийг эзэлсэн бизнес босгож гаргахад сэтгэлийн урам зориг өгсөн гэж хэлдэг юм байна.

Чухам ямар үйл явдал, Чингис хааны ямар зан, үйлдлийг япончууд онцолсон байдаг юм бэ?

-Чингис хааны амьдралын түүх бол маш олон хот улсыг дайлаар мордож, эзэлсэн, маш олон хүнийг хөнөөсөн. Их хатуу түүх. Чингис хаан усыг хамгаална. Газар тариалан эрхэлж байгаа бүх газрыг адууны бэлчээр болгоно гэсэн зорилго тавьсан байдаг. Япончууд бид ямар ч газарт сонгодог технологи зарж, ямар ч шашинтай ямар ч улс төртэй улс байлаа гэсэн хүний хэрэгцээг хангаж чадна гэдэг туйлын зорилго тавьсан. Тэр туйлын зорилгын эрч хүчийг Чингис хааны намтар буюу Кобаяши Такаширогийн “Чингис хаан” номоос авсан гэж үздэг.

Чингис хааны эрхшээлд бүх шашны төлөөлөл, улс үндэстэн орсон. Тэр ганцхан зорилго тавьсан нь энэ бүх үндэстэнд таалагддаг байх ёстой агуулга. Түүнтэй адил Японы компаниуд яг л ийм маркетинг барьдаг байсан. Түүгээрээ “Чингис хаан” номыг бизнесийн цагаан толгой гэж хэлдэг.

-Кобаяши Такаширо олон хэл дээрээс сурвалжаа авсан гэлээ. Магадгүй бидний мэдэхгүй түүх энэ номд дурдагддаг уу?

-Байлгүй яах вэ. Чингис хаан хятад хүнийг хүндэлдэг байсан. “Би хятад хүнийг маш их хүндэлж байна. Ямар ч хувийн өш хонзон байхгүй” гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр Чингис хаан зарлигаар үлдээчихсэн юм биш бид нийтээрээ хятадуудыг үзэн яддаг үзэл байна. Ер нь бид Чингис хааны тухай, юу гэж хэлсэн ямар байр суурьтай байсныг олон хэлний сурвалжаар судалж амжаагүй. Харин перс, турк, араб хэлтэй түүхчид бий болж эхэлж байна. Чингис хаан нөхөрлөл гэдэг зүйлийн үнэ цэнийг байнга төлсөн шүү гэдгийг энэ ном дээр сайн гаргасан. Тиймдээ ч Японы компаниудад байдаг, нэг компанидаа үнэнч байх, насан туршдаа ажилладаг зарчим сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд л бий болсон соёл. Энэ соёлыг бий болгоход Кобаяши Такаширогийн “Чингис хаан” бүтээл их нөлөө үзүүлсэн гэж яригддаг.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранд үүрэг болголоо.
Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний дата мэдээллээс статистик мэдээлэл боловсруулдаг. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болдог.
Харин манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “…хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх…” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад бүрдүүлж буй төрөлжсөн бүртгэлийн 152 төрлийн мэдээллийн сангаас биг дата үүсгэж төрөөс гаргаж буй шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох боломж бүрдүүлнэ” гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Товч мэдээ
·      Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
·      Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны нэгдсэн систем хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд даалгалаа. Мөн Монголбанкны TSP (Token service provider) системд холбогдох, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд DEBITгүйлгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр тулгалт, төлбөрийн буцаалтыг цахимаар хийх, банкны карт уншигч төхөөрөмжөөр төрийн үйлчилгээний төлбөрийг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэхийг Сангийн яаманд даалгалаа.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сарны насыг тогтоожээ DNN.mn

“Аполлон- 17” хөлгөөр дэлхийд авчирсан Сарны тоосонцрын дээжийг шинжилснээр манай гаргийн дагуул нь өмнө тооцоолж байснаас 40 сая жилийн өмнө буюу дор хаяж 4.46 тэрбум жилийн өмнө үүссэн болохыг тогтоосон тухай  судалгааны өгүүлэл “Geochemical Perspectives Letters” сэтгүүлд нийтлэгджээ.  “Эдгээр нь аварга том биет дэлхийтэй мөргөлдсөний дараахан үүссэн хатуу бодисын хамгийн эртний дээжүүдийн нэг юм. Одоо бид эдгээр дээжийн насыг мэдэж байгаа тул Сарны насыг тогтоох лавлагаа болгон ашигласан” гэж Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хек ярьжээ.  Хек болон түүний багийнхан 1972 онд авчирсан уг дээжийг судлах явцдаа цирконы талстуудыг илрүүлсэн аж. Энэ нь халуун хайлмагаас /лаав/ илэрдэг эрдэс бодис бөгөөд дотор нь байгаа уран, торигийн атомынх нь агууламжаар, мөн задралд орж буй бусад бодисуудаар чулуулгийн насыг тодорхойлдог юм байна.  Судалгааны явцад Сарны зарим дээж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлжээ. Энэ нь манай гаргийн дагуул гараг судлаачдийн тооцоолж  байснаас дор хаяж 40 сая жилийн өмнө үүссэн гэсэн үг юм. Түүнчлэн Нарны аймаг үүссэний дараа Дэлхий ба Сар хэрхэн үүссэн талаарх ойлголтыг шинэ өнцгөөс харах боломжийг олгож байна гэж уг судалгааны өгүүлэлд дурджээ.  Учир нь манай дэлхий Ангараг гаргаас томгүй Тейа гэдэг гарагтай мөргөлдсөний улмаас сар үүссэн гэсэн эрдэмтдийн гаргасан онол байдаг юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Саран дээр зам талбай байгуулах технологийг боловсруулжээ DNN.mn

Манай дэлхийн дагуул сар бол агааргүй, усгүй, температурын хэлбэлзэл нь 250 хэм хүрдэг амьдрахад таагүй ертөнц.

Гэхдээ хамгийн хэцүү асуудал нь нарийн тоос юм. Сарны гадаргыг бүрхсэн ийм сул тоос сансрын нисгэгчдийн өмсгөлийг элэгдэлд оруулж, машин техникийг гацааж, багаж хэрэгслийг эвддэг байна.

Саран дээр суурин байгуулах хүн төрөлхтний төлөвлөгөөнд хамгийн ноцтой саад бэрхшээл учруулагч нь энэ юм.

Тэгвэл хэсэг эрдэмтэд сарны тоосыг барилга байгууламжийн хатуу материал болгон хувиргах шийдлийг олсноо өчигдөр зарлажээ.

“Саран дээр гудамж талбай байгуулна гэхээр олон хүн гайхах байх. Гэхдээ энэ нь бүр эхнээсээ томоохон бэрхшээл байсаар ирсэн юм. Энэ бол маш сул хөнгөн материал бөгөөд агаар мандалгүй, таталцлын хүч сул орчинд хаа сайгүй тархдаг” гэж Берлин хот дахь Холбооны Материалын Судалгаа, Туршилтын Хүрээлэнгийн профессор Йенс Гюнстер ярьж байна.

Apollo 12 багийг газардах үед боссон сарны тоос Surveyor 3 сансрын хөлгийн ажиллагааг доголдуулж байсан гэдэг.

Тиймээс саран дээр байнгын сууринтай болох NASA-гийн төлөвлөгөөнд энэ нь том сорилт болж байгаа.

Барилгын материалыг сар руу тээвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй.

Тиймээс саран дээрх бэлэн материалыг ашиглах шийдэл хэрэгтэй юм.

Профессор Гюнстерийн баг сарны тоосыг орлуулах зорилгоор Европын Сансрын Агентлагт бүтээсэн EAC-1A хэмээх нарийн ширхэгтэй материалыг туршилтдаа ашигласан байна.

Тэд 50 мм-ийн диаметртэй лазер гэрлийн туяагаар тоосыг 1,600 хэм хүртэл халааж, хайлуулжээ. Энэ хайлшаа хэвд оруулан царцаах замаар хоорондоо залгагддаг 25 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн хавтангуудыг гаргаж авсан байна.

Үүнийг залган угсрах замаар сарны гадарга дээр хатуу зам, талбай байгуулж болохоор болжээ.

Гэхдээ энэ нь тийм амар ажил биш юм байна. Хавтан нэг бүрийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагдах гэнэ. Өөрөөр хэлбэл 10:10 метрийн харьцаатай талбайг байгуулахад шаардлагатай хавтангуудыг үйлдвэрлэхэд 100 өдөр зарцуулахаар байна.

Гэхдээ 2.37 метр квадрат хэмжээтэй линзийг дэлхийгээс саранд хүргэвэл үйлдвэрлэлийг хурдасгах боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Үүгээр нарны гэрлийн тусгалыг нягтруулж, лазерын гэрлийн оронд ашиглах юм байна.

Ийм линзийг полимер материалаар бүтээх тул хуйлж, тээвэрлэхэд авсаархан байхаар тооцжээ.

Гэхдээ сарны тоос линзийн ажиллагааг ч тасалдуулах эрсдэлтэй гэж үзэж байна.

“Эрт орой хэзээ нэг цагт линзэн дээр хуримтлагдсан тоос ажиллагааг нь тасалдуулах байх” гэж хэлсэн Гюнстер линзийг сэгсэрч, тоосыг унагах механизмын талаар бодож байгаагаа ярьжээ.

Тэдний судалгааны тайлан “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Bennu” -гийн дээжний эхний үр дүн DNN.mn

Манай дэлхий бүрэлдэн бий болж байх үеийн буюу 4.5 тэрбум жилийн настай “Bennu” астероидоос авчирсан хөрсний дээжийг шинжилснээр “Эхний шинжилгээгээр чийгтэй шаварлаг эрдэс хэлбэрийн их хэмжээний ус байгааг илрүүллээ.

Энэ нь манай дэлхийд авчирсан бусад дээжүүдээс нүүрстөрөгчөөр хамгийн баялаг нь болж байна” гэж NASA-гийн захирал Билл Нэлсон мэдэгджээ. Манай гарагийн амьдралын үндэс суурь сансрын уудмаас гаралтай гэсэн онолыг энэ судалгаа улам бататгаж байна.

 

 

Г.АМАРСАНАА