Categories
мэдээ

Даншигийн инээдэг Амараа

Унасан ч, давсан ч инээдэг бөх гээд ард түмэн том Сүхбатдаа хайртай байсан. Үнэхээр Сүхбат гарьд унасан ч, давсан ч инээд алдан тахимаа өгч байдаг сан. 1994 оны наадмын долоогийн давааг бөхөд хайртай олон мартаагүй. Баянаа аваргын хүү Гантогтохыг том Сүхбат заан (тухайн үеийн цолоор нь бичив) хөлийг нь аваад яг хаяж яваад толгой дээгүүр нь даваад, Гантогтох Сүхбат зааны цээжинд нь хярж эргээд чөлөөтийн гэх үү, ямар ч байсан сонин содон мэхээр унагасан.

Хаячихлаа гэж бодсон заан маань уначихсандаа гайхан духаа алгадан харамсаад тахимаа өгдөг. Тахимаа өгчихөөд алхаж явахдаа мөн л духаа алгадан инээд алдаж байдаг. Энэ дүр төрх нь ард түмний сэтгэлд нэвт шингэж, том Сүхбатыгаа одоо хэрнээ хайрладаг. Тэгвэл Булганы Амарсайхан начин бөхийн хорхойтнуудын хайрыг татдаг. “Жаахан шарга” гэнэ үү, “Шарга үрээ” ч гэнэ үү янз бүрээр нэрлэдэг бололтой. Амараа начны ард түмэнд хайрлагдах шалтгаан үнэн сэтгэлийнх нь инээмсэглэлд байна уу даа. Мэдээж уран барилдаан, өнөө дунгуйлдах мэх нь үзэгчдийг хуйлруулж таарна.

Түрүү жил Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд “Ховдын их гурвал” аварга Хангай, заан Пүрэвсайхан, Бат-Өлзий нарыг дараалуулан дунгуйлдчихсан. “Ганц сурсан мэх минь надад Ерөнхийлөгчийн цом авчирлаа” гээд инээд алдаад ярьж байсан. Тэгвэл саяны даншиг наадамд мөн л инээд алдан уран гоё мэхээ угсруулсаар түрүүлчихлээ. Ялангуяа өндөр Мөнх-Эрдэнийг даваад инээж байгаа зураг цахимаар битүү явж байна. Удахгүй болох наадмаар учраа хүчтэнүүдээ дунгуйлдан түрүүлчихээд есөн хөлт цагаан тугаа инээгээд тойрохыг начиндаа хүсье.

Categories
мэдээ нийгэм

Цаст цагаан Сутайн тэмдэглэл

Цаст цагаан Сутайдаа ирлээ. Уулын шөнийн зөөлөн салхийг нь залгилан зогсохуйд тэнгэрийн мөнгөн одод энгэр заамаар шургалан, шүхэрлэн нисэлдэх нь гайхалтай. Ёстой л лавай цагаан Сутай гэдэг чинь оддынхоо гэрэлд улам мөнгөрөн цавцайж, зүүдний цагаан унага лугаа ер бусын агшинд умбуулах ажгуу. Энэхүү тэнгэртэй сайхан ууланд жулдрайхан би дөрөв дэхээ залбиран ирж, сэрүүн цагаан салхиар нь илбүүлэн, их уулсын сүрд дарагдан зүрх чичирхийлэн зогсоо минь энэ. Өмнө нь ирэхдээ ингэж оддынх нь гэрэлт ертөнцөд буй биеэрээ уусаж, найрагчийн халуун зүрх чимчрэхийг мэдрээгүй юм болов уу даа.

“Сэрүүн сайхан Алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдоо дууддаг бүлгээ” гэж Монголын их утга зохиолын “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавай минь дуун алдсан билээ. “Энэ Азын цэнхэр ууланд амьд бүхэн бий. Жаргая гэсэн бүхэн энд төрдөг юм” гэж бичсэн сэн. Тийм ээ, сэрүүн сайхан Алтайн оргилд жаргая гэсэн бүхэн ирж, энэхүү ариун дагшин орчилд хувь заяатай бүхэн мэндэлдэг ажээ. Ийн санах ахуйд “Эгч ээ, хоёулаа Цагаан чулуутынхаа хөндийд цагаан чулуугаараа тоглоё” гэж хэлээд бурхны хутгийг үзүүлж, энэ л цаст Богд уул, Усан Зүйлийн гол, Цагаан чулуутынхаа хөндийд шингэсэн буянт буурал Базарын Жагдал ижийн зөөлхөн амьсгал мэдрэгдэх шиг болсон.

Мягмардорж ах “Хүн тэнгэрт биш газарт, тэгэхдээ төрж өссөн ус нутаг, чулуугаар нь тоглож өссөн газар дэлхийдээ шингэдэг юм байна гэдгийг хайрт ижийгээ бурхан болоход мэдэрсэн. Ээж минь хэвтэрт байхдаа “За одоо ээж нь явъя аа. Миний хүүхдүүд духан дээр минь хадаг тавиарай, ээжийнхээ аманд сүү дусаагаарай” гэж дуулдах төдий хэлээд ухаан алдсан. Бид ч хайрт ижий минь бурхныхаа оронд явлаа даа гэж бодтол гэнэт сэргээд их тод дуугаар, гэхдээ хүүхдийн хоолойгоор “Эгч ээ, хоёулаа Цагаан чулуутынхаа хөндийд цагаан чулуугаараа тоглоё” гэж хэлээд амьсгал хураасан. Ингэж ээж минь Цагаан чулуутынхаа хөндийд ирснээ үр хүүхэд бидэндээ хэлж өгсөн.

Ээжийн минь бурхны хутгийг оршоохдоо нялх багынхаа дуугаар хэлсэн тэр л үг миний сэтгэлд оршиж Сутай хайрхан, Зүйлийн гол ижий аавынхаа энэ л ус нутгийг зорих болж хүйн холбоотойгоо мэдэрсэн” гэж хэлсэн юм.

Мягаа ахын сэтгэлийн хөндүүр дүүрэн хэлж, ээждээ эрхлэх гэж аавдаа алгадуулах гэж ах нь Сутайгаа зорьдог юм шүү гэсэн үгнээс нь хайр тунарч, нулимс амтагдаж байсан даа. Тонхилын төвд багш сурагчидтай уулзан шүлэг найргаа уншсан эрдэмтэн мэргэд, зохиолч найрагчдын цуваа Сутайгаа зорьж ийнхүү энгэр бэлд нь нөмөр нөөлөгт нь ирсэн юмсан. Замд энд тэндгүй эрдэнийн цагаан чулууд гялалзаж талстан байхыг хараад Мягаа ахын дотогшоо нулимстай хэлсэн үг бодогдон, хайрт ижий аавынх нь гэгээн тунгалаг царай шөнийн саруулд нүдэнд минь баримжаалагдаж явлаа.

Цаст цагаан Сутай, Сутайн цагаан салхи, цангинам болор мөнгөн одод, зуны цагаан шөнө, Цагаан чулуутын хөндий…Ямар гээчийн ариун тансаг ертөнц, уулын цэнхэр диваажин бэ. Энүүхэн хажууд, Их Сутайн баруун титэм дор Цэцэг нуурын хөвөөнд төрсөн Бямбажавын Хүрэлбаатар найрагчийн алдарт “Сутай хайрхан уул” шүлэгт

“…Оройн цагаар Сутайг харахад

Оргилын нь мөнх цаснаас

Одод хальтран гулсаж

Огшоож суусан гэрийн минь хаяагаар

Ороод ирэх шиг санагддаг сан

Аавынхаа тэрлэгэнд багтаж

Авдрын урдуур унтдаг байсан

Алдрай бага насандаа

Од өвөртлөн унтаж

Оргилоос нь унан зүүдэлж

Өөдөө явахын хүсэлтэй өссөн

Өндөр Алтайн хүү билээ би…” гэх мөрүүд эрдэнийн судал адил тодрон байдаг сан. Үнэхээр л огшоож суусан гэрийн хаяагаар одод гулсан орж ирж, од өвөртлөн унтдаг хүмүүний гэрэлт тунсаг ертөнц юм. Их Сутайн наран талд нь Дарвийн цэнхэр нуруу ханарна. Энэ цэнхэр уулаа Пүрэв баавай минь “Азын цэнхэр уул” гэж титэмлэсэн билээ. “Оддын дунд Дарвийнхаа нуруунд унтаж буй Цогтбаяр нойр хулжаан Гэрэлмаагаа бодож, “дахиад уулзах уу” гэж аргадангуй дуугаар асуухад, уулзъя аа, зургаан мөнгөн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хүлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо өвдгөө ороон ичингүйрэн цэмцийн сууна” гэж өгүүлснийг Очирбатын Дашбалбар найрагч “Оддын дунд унтаж, оддын дунд болзож, оддын дунд бие биеэ хайрлаж, оддын дунд гол горхи хоржигнон урсдаг монгол орны тухай, гэгээн залуу нас, үүрийн туяа шиг хайрын тухай” гэж дуун алдаад гэрэл гэгээнд булхагдсан хөрөг таталбар бичсэн байдаг.

Тийм ээ, миний бие Сутайнхаа өвөр бэлд, Сутайнхаа цаст цагаан тэргүүнийг харж, цагаан болор салхинд нь хацар нүүрээ илбүүлж, оддынх нь мөнгөлөг туяанд зүрх баясан, оддыг нь энгэртээ асгаруулан цалгилуулж, жаргал амснам. Ямархан хувь заяаны ерөөлөөр “Сүрлэг Сутай сан”-гийн урилга хүлээн авч Дамдинсүрэнгийн Урианхай, Тангадын Галсан тэргүүт их мэргэдтэй цаст цагаан Сутайдаа ирэв дээ хэмээн оддын дунд залбиран зогсном.

2

Өглөөний нар Сутай ханы мөнгөлөг тэргүүнийг алтран хулдаж, хөх тэнгэр мэлтийн цэлмэлээ. Тэнгэрт бүртийх ч үүлгүй ёстой Нарлаг өндөр Алтай гэгч мөн дөө. Урьд шөнийн баянхуурын аялгуу сэтгэлд эгшиглэсээр л. Урлагийн гавьяат зүтгэлтэн энэ цагийн нэрт хөгжмийн зохиолч, эрхэмсэг хатагтай Довчингийн Цэцэрлэг баянхуураа уйлуулж дуулуулдаг нэгэн аж. Хоёр мянга найман оны хавар шиг санагдана. Чингэлтэй хайрхныг найргаар “тахиж” бороо оруулна гэх саналыг Ховдын Дарви, энэ л Сутайн хүү Соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан санаачилж, Төрийн шагналт Дамбын Төрбат, “Хааны титэм шиг Отгонтэнгэр” хэмээх аварга дууг Бямбасүрэнгийн Шаравтай хамтран бүтээсэн Цэвээнлхазал хурандаа, тэгээд миний эрхэм хоёр ах болох Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир нар явах боллоо. Хамгийн залуу нь би байж таарлаа. Бид Чингэлтэй хайрханы тэргүүн овоог нар зөв тойрон шүлгээ уншиж, үдийн хагаст бууж ирээд Цэцэрлэг гавьяатын студид очив. Бавуу ах эрхэмсэг хөгжмийн зохиолч хоёрын “Тэнгэрийн бүсгүй” гэж дуу бий. “Гэр дүүрэн гэгээ татуулсан гэргий зандан бүсгүй чи минь дээ, гишгэсэн газартаа цэцэг ургуулсан гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ” дуу эгшиглэлээ. Удаа ч үгүй Цэцэрлэг хатагтайн хань Соёлын гавьяат яруу найрагч, хурандаа Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн гуай ирлээ.

Тэгтэл Улаанбаатарын салхи урдаасаа урин Богд уулын орой цайран бороо асгаж, чухам үүнийг хүлээн суусан Данзан ах, Цэвээнлхазал хурандаа тэр хэд алга хавсран баярлаж, виски задлан жүнз харшуулж билээ. Ингэж Цэцэрлэг гавьяатыг тэртээ 20-иод жилийн өмнө хальтхан харсан. Аян замд ганзага нийлэх боломж тохиосонгүй. Гэтэл цаст цагаан Сутайд хамтдаа ирж, баянхуурынх нь аялгуунд Сутайн цагаан салхи хүртэл хөг орон эгшиглэхийг хардаг байна. Эрхэм гавьяат хамт яваа найрагчдынхаа бүтээлээс дуулан хуурдсан нь бүр чиг сэтгэлийн баясгасан юм.

“Томоогүй явж боллоо ээж ээ

Тогоруу буцаж зэгс шаргалтлаа

Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач ээж ээ” хэмээн Төрийн шагналт Санжаажавын Оюун найрагчийн шүлэг Төрийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн аялгуу, алдарт Төмөрхуягийн хоолойгоор ард түмэнд хүрсэн уг дууг эрхэм гавьяат баянхуурын аялгуун дор дууллаа. Өөрийнх нь дуу ийн эгшиглэхийг сонссон Оюун эгч минь цээж тэвхгэр, эрхэмсэг сууж харагдсан. Залгуулаад Соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа найрагчийн нэрийн хуудас “Амьдралаа би чамд хайртай” дуу асгарч цэнгэл баяр, бүжиг наадаан болсон.

Харин өглөөний алтрах наран дор хоёр хүн жаахан сэтгэл дундуур байсан юм. Тэр бол Дан.Нямаа, До.Цэнджав хоёр аварга байлаа. Учир нь гэвэл, баянхуурын аялгуунаас энэ хоёр хоцорч, оройн зоог барьчихаад түрүүлээд “шовгор”-тоо амарсан юм. Шөнийн “симфони” эгшиглэхийг сонсоогүйд Нямаа ах жаахан хүүхэд адил тунирхан “Бид хоёрыг дуудахгүй яав” гэж дэгдгэнэн гүйгээд, бусад хүмүүс мартсан байж болно, Гантулга чи багшийгаа мартаж байгаа юм уу гэж намайгаа До ахын өмнө шордон хатгахаа мартсангүй. Намайг анх сэтгүүл зүйн гал тогоонд хөтөлсөн хүн Цэнджав бээр гэдгийг Нямаа ах юу эс андах билээ. Ийм наргиан хөөрөөтэй өглөөг угтсан.

Морин цаг хөрвөөх үест бидний цуваа Сутайн тэргүүн их овоог зорин хөдөллөө. Боомын шилээс түрүүчийн машин хошуу өлгөн Замтын амыг өгсөхөд Сутай хайрхны тэргүүн дээр үүл манан будагнаж, хаанаас гараад ирэв гэмээр хонин цагаан үүлс хошуулдан гэнэтхэн тэнгэр бүрхээд ирэх нь тэр. Удаа ч үгүй бороо шивэрч, Овоон булагийн эхээд өгсөн Их овоон дээр гарч ирэхүйд том том цагаан ширхэгтэй мөндөр шаагин бууж, хайрхны оройгоор цас будагнан хуйлраад сүр жавхлан бүрдээд ирдэг юм байна. Газрын холоос Их хайрхан, Их овоогоо зорьж ирсэн эрхмүүд, утга зохиол, урлагийн бурхад тэнгэртэй сайхан уулын сүр жавхланг бахдаж, сүслэн залбирч, хадаг яндар идээ будаагаа өргөхүйд мөндрийн цагаан зурвас зөөлөн намираа бороогоор солигдон, үүлсийн цаанаас нар асгаран гийлээ.

2016 оны намар, энэ сайхан овооноо Алтайн хөх эрчүүдтэй хамт гарч, хийморь сэргэн зогсож билээ. Өндөр Билэгт ах, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Рэгдэл, Равдангийн Зангийн хүү Самдандовж гээд Алтайн чөмөгтэй харцуулын салхин дунд Хүрлээ ахынхаа “Сутай хайрхан уул”-ыг, тэртээ хоёр мянга найман онд эх орныхоо баруун хилийг тойрч явахдаа бичсэн “Бор цонжийн говийн хүн чулуу” шүлгийнхээ хамт уншиж Өндөр их Алтай, Өндөр дээд Сутайн салхинд цангинам хоолойныхоо “соронзон долгион”-ыг хадгалуулж үлдээснээ санан сэтгэл минь яг л энэ нартай бороо шиг гэрэлтэн байлаа. Тийм ээ, жулдрайхан би Сутай ханы барааг анх хоёр мянга найман оны намрын эхэн сард харсан сан. Урианхай ах, Эрдэнэ-Очир ах бидэн баруун Алтайг бүтэн тойроод буцахдаа Ховдын Алтай сумын Ангиртын голын хөвөөнд амсхийж, улмаар Барлагийн голыг өгсөн Өлийн даваагаар давж Тонхилын нутаг руу орж ирж билээ. Өөдөөс минь арван тавны тэргэл сар манхайх шиг Сутай хайрхан угтаж авсан сан. Тэр цаг мөч сэтгэлд даанч илхэн байна.

Их хайрхны Их овооноос Тонхилын их уулсыг халиахад хамгийн түрүүнд Чоно төрдгийн дух, Гурван хөх дух нүүрэнд тулж ирнэ. Цаана нь Хайчийн улаан уул тэгээд алдарт Шандатын нуруу ханарна. Үндсэндээ зүүн талын уулс. Шандатын нуруу явсаар сумын зүүн талаар ороож Хатавчийн нуруутай нийлэн шувтарна. Баруун талаараа Сэнжийн дух, Эрээн энгэр, Улаан нуруу, Байцатын уулс, Шовгор цахир гээд үргэлжилнэ. Сутай зүйрлүүлж хэлбэл өвчүүний эхэн дээр байгаа дүнхгэр оргил гэж нутгийн хөгшид тодотгосон нь ийм учиртай. Зүүн талаараа 60-аад, баруун талаараа 50-иад км сунан алсарч Тонхил нууртайгаа золгон цаашлаад Алтайн нуруутай залгагддаг юм билээ. Сутайн орой дээрээс цэлмэг өдөр дуран сунгахад баруун тийш Мөнххайрхан, зүүн тийшээ Отгонтэнгэрийн орой цайвалзан харагддаг гэж энэ нутгийн хүү, Алтайнхаа утга зохиолын голомтыг сахиж яваа Гочоогийн Чардаг найрагч хэлсэн. Тэрээр бүхий л насаараа үзэг цаас нийлүүлж яваа нэгэн боловч уулын спортын гарамгай тамирчин. Сутайн тэргүүн дээр есөн удаа хөл тавьж, оргилыг нь эзэлсэн нэгэн.

Их овооны хойд энгэрт том шар чулуу наранд алтран харагдсан. Сутай хайрхны төрийн тахилга зөв сайхан болж байгаль дэлхий тэнгэр бурхнаа аргадсаныг энэ шар чулуу хэлж өгдөг байна. Шар тос нялчихсан юм шиг шаргалтан байвал тахилга сайхан болжээ гэж бодно, харин нэг л өнгө зүс муутай үрчгэр харчгар байвал тахилга тааруу болсны шинж гэдэг. Ийм л яриа хөөрөө, ёс жудаг эрэмбэ жаягтай бид Их овооноо залбираад Зүйлийнхээ голыг өгссөн. Нэг машинд суудал зэрэгцэн яваа Урианхай ах минь “Зүйлийнхээ голоос амсъя” хэмээн түр саатан Сутайн мөнгөн титэмт цаснаас эх аван урссан Усан Зүйлийн голоос аршаалан хүртэж, магнайдаа адислалаа. Энэ л ариун дагшин гол уснаас би олонтаа амсаж буйгаа дотроо сүслэн бодохуйд цээж цэлмэн байв. Зүйлийн голын тархин дээр нь гарч ирлээ. Улиастайн хөндий, Үхэр чулуут, Зүрх хайрхан тосч угтав. Зүрх уулын чанх өөдөөс харсан Цэцэг сум тал руугаа, нутгийн олны хэлснээр Сэнжийн арын тагтанд тэнгэрийн цэцэг вансэмбэрүү харлаа. Тэгэхдээ Амарбаяр эгчийн хамт харсан нь надад бэлгэшээлтэй санагдсан. Амараа эгч Завханы Тосонцэнгэлийн хүн, Идэрийн голын охин. Цаст Очирваанийн ариун дагшин нутгийн охин тэрээр вансэмбэрүүг багаасаа харж өссөн нэгэн. Эрхэмсэг тэрээр вансэмбэрүүг энхрийлэн үнэрлээд

“…Уранхан цоморлигийг нь илээд үзвэл

Унаганы уруул шиг зөөлхөн байлаа

Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл

Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа

Өвөг дээдэс минь энэ цэцгийг

Өнө эртэд олсон гэнэм

Алжаасан бие эдгээдэг чадлыг нь

Аль хэзээнээс мэдсэн гэнэм

Тэгээд энэ вансэмбэрүүг

Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм” хэмээн Их Явуугийнхаа шүлгийг уншиж байлаа. Мөн уулын тагт өндөрлөгөөс бууж явахдаа

“Очирваань уулын цагаан үүл

Орчлонд намайг дагаж нүүдэг

Мөнхийн ногоон арц нь хүртэл

Мөр замыг минь хучиж ургадаг” гэж Бавуугийнхаа шүлгийг залгуулан уншлаа. Тэрхэн агшинд тэнгэрийн их уул Даян хайрхны тэргүүн дээр найргийн бурхдын хамт гарч бүгдээр эгнэн зогсон Явуугаа дуудан сэрээж “Би хаана төрөө вэ” алдарт шүлгийг нь уншихуйд үүл мананд хучигдсан Отгонтэнгэр хайрхан хөшгөө нээж цэлмэн гийхэд Урианхай, Цоодол, Дашлхүмбийн Галбаатар… гээд бүгд нүдэндээ нулимстай байсан минь бодогдоод. Энэ л цаг дор миний бие агуу их Шаравын Сүрэнжавын баруун өвдөгнөөс адис авснаа шүншиглэн санаад. Амараа эгч аавыгаа ярин, шүлэг цээжлүүлж ном уншуулж өсгөснийг нь хэлээд Даянгийн орой дээр вансэмбэрүү харсан цаг мөчөө дурсахуйд миний сэтгэлд Даян хайрхан Отгонтэнгэртэйгээ ханаран буусан нь энэ.

Зүрх уулын элгэн тушаа Хөвөнгийн голын хөвөөн дээр өнөө Цэцэрлэг гавьяат чинь ёстой оргилж “буцалдаг” байна шүү. “Найрагчид минь ээ, надад шүлэг өгөөч” гэж орилоход нь ойр байсан хүн нь хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй байжээ. Мэдээж хүүхдийн зохиол өгсөнгүй, дууны шүлэг өгсөн бололтой юм аа. Тэгтэл баянхуураа эгшиглүүлээд аялгуу хийчихдэг юм. Бараг мань мэтийн хадаг шиг намирсан аян замын тэмдэглэлд аялгуу хийчихээр онгодтой нэгэн аж. Тэрхэн зуурт “Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ” хэмээх Гаваасүрэн хурандаагийн Мартын 8-нд өөрт нь зориулж бичээд төгөлдөр хуур дээр нь үлдээгээд явсан шүлэгт хормын төдий аялгуу хийж “Ханьсахын жаргал” дуу нь төрсөн гэдгийг сонсож байсны хувьд аргагүй л асгарсан авьяастан болохыг нь гадарлахтайгаа байсан. Харин энэ удаад “Сутайн түрлэг”-т ёстой нэг мэдэрлээ, мэдрүүллээ.

3

Тонхил сумын соёлын төвд “Сүрлэг Сутайн түрлэг” Уран үгсийн чуулган эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, Аугаа их Бямбын Ринчений ууган шагналт өнөө цагийн Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг Тангадын Галсан, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Азийн тэргүүн найрагч, Ази тивээс анх удаа “Дэлхийн нэг шүлгийн ном”-д бүтээл нь багтсан нэрт зохиолч, нэрт сэтгэгч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун, Ардын жүжигчин, уран өгүүлэхүйн нэрт мастер Гомбын Равдан, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Долгорын Цэнджав, Данзангийн Нямаа, Оюунбадамын Сундуй, Гэндэнжамцын Бадамсамбуу, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Довчингийн Цэцэрлэг, Дашдоржийн Ариунболд гээд утга зохиол, урлагийн үе үеийн аваргууд хоймор эзэгнэжээ.

Энэ л бурхдыг нутагтаа урьж, ижий аавынхаа шүншигт газар оронтой танилцуулж, Их Сутайнхаа салхийг амсуулж, Их хайрхныхаа тухай бүтээл ундруулсан буянтан “Сүрлэг Сутай сан”-гийн тэргүүн Сутай хайрхан, Зүйлийн голын унаган хүү Загдхүүгийн Мягмадорж Уран үгсийн чуулганы өндөр үүдийг нээж утга төгөлдөр үг хэлсэн. “Аав ээжийн амин ерөөлтэй энэ сайхан нутагт ирж, бид бүхний урилгыг хүлээн авсан утга зохиол, урлагийн энэ цагийн бурхад, үе үеийн төлөөлөл болсон үгийн дархчууд та бүхэнд мэхийн хүндэтгэе” хэмээхэд нутгийн зон олон удтал алга ташиж байсан.

Тонхил нутаг “Болор цом”-ын эзэн уулын их найрагч Тоомойн Очирхүүг төрүүлсэн юм. Найрагчид маань энэ л алтан тайзнаа Очирхүүгээ дурсаж, мөн “Алтан наран хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий” (“Цэргийн бодол”), “Холын сайхан Алтай нутагт минь Холбоо нуур ууланд байдаг сан, Холбоо нуурыг харан суухаар хайртай ээжийн минь нүд шиг санагддаг сан” хэмээх гайхалтай дуу, “Элс цас”-ын Шоовойн Шажинбат, Лодойдамба судлалаар нэрээ мөнхөлсөн нэрт зохиолч судлаач Бажуудайн Ганбат гээд Тонхилын билэгт хөвгүүдийг дурсаж бүтээл зохиолыг нь ярьж байлаа. Энэхүү наадмын урилга хүлээн авсан ч ирж амжаагүй, гэвчиг тээр жил Очирхүүтэйгээ хамт Сутайд ирснээ дурсан Дөнгөтийн Цоодол найрагч цаст цагаан Сутай, цайлган хайлган Очирхүүдээ зориулсан шүлгээ уншсаныг нь цэнхэр дэлгэцээр нутгийн олонд нь хүргэсэн. Оюун найрагч Очирхүүгээ нутгийнх нь тэнгэр дор онцгойлон дурслаа. Эл хоёр найрагч хоёулаа эмч, мөн утга зохиолын 70-аад оныхон буюу “Нэг уяаны морьд” билээ. Хараат, Ширээт хоёр лут уулыг даван цааш хоолой өгсөн алдарт Угалзын давааг давахад Гурван Хулдын гол урдаас мэлсхийн тосож, Хонин усны говийн сэжүүр харагдана. Урд Хулдын голыг уруудан явахуйд Балбархайн бууц хүрдэг.

“Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би

Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн

Ээжээс анх тасарсан миний нялхын хүй

Энэ л бууцны чулуун дунд үлдсэн

Хүй, дуу хоёр минь чулуунд шингээстэй

Хүний орчлонд би тэгэхээр чулуунаас уяатай…” хэмээн Алтайн чулуугаа магтаж, аргамжааны чулуугаа дуулсан их найрагчийн шүлгүүдийг нутгийнх нь зон олонд, Алтайнх нь салхинд уншихад хийморь сэргэж байсан даа.

“Гантиг сарны туулай чих солбин хайчлахад, одод жингэнэсэн

Салхины урсгал голын урсгал шиг зөөлрөн тунгалагшиж, үүл нүүсэн

Саруулхан орчлонгийн нэгэн үдэш орчлонгийн зулайд айлсаж байна

Тэнгэрийг би хамгийн ойроос харж

Тэргүүн дээгүүр нүүх үүлсийг хамгийн ойроос ажиж

Гараг ертөнцийн дээд амгалангийн сүм болсон

Газрын магнай, ариун Сутайн бэлд зогсож байна

Эндээс орчлонгийн бүх уул харагдаж

Эндээс орчлонгийн бүх ус үзэгднэм зэ

Эндээс орчлонгийн бүх сайхан мэдрэгдэж

Эндээс орчлонгийн бүрэнхий бүхэн алсарнам за…” хэмээн Минжинсайхан найрагч дүүгээ нургисан хоолойгоор тайзнаа уншихыг нь сонсохуйд Сутайн тэргүүн дээр эрхэмсэг зогсох мэт дотоод их хүч мэдрэгдэж билээ. Яруу найргийн ид шид, үгийн ид шид гэж үнэндээ өөр юм даа. Ийм л уран үгсийн чуулбар, сэтгэл оюуны ундаргаар дүүрэн “Уран үгсийн чуулган” болсон.

Яруу найргийн бурхдыг, урлагийн бурхдыг нутагтаа залж, ижий аавынхаа ариун сүнсийг баярлуулж, цаст цагаан Сутай, Цагаан чулуутын хөндийн салхийг амсуулж, Усан Зүйлийнхээ голоос аршаалан хүртээсэн “Сүрлэг Сутай сан”-гийн тэргүүн, “Морин сувд констракшн”-ы ерөнхий захирал, гүн хүндэтгэлт номын ах Загдхүүгийн Мягмардорж Танд талархлаа. Эцсийн амьсгалаа таттал хайрт ахыгаа санаж бэтгэрсэн ачит эцгийнхээ бэтгийг нь Та анагаалаа. Аав ээжийн тань алтан шүншиг, Алтайн тэргүүн их оргил Сутай хайрхан тань өнөд мөнхөд ивээх болно. Номын цагаан буян, найргийн их буян Таныг үргэлжид дагах болно оо.

Торгон долгио татуулах Тонхил нуурын дэргэдээс бидний цуваа Улаанбаатарын зүг хөдлөхөд Шандатын их нуруу ханаран дагаж, Сутай хайрхан минь өндөлзөх шиг болсон. Цаст цагаан Сутайдаа эргэж дахин золгож хийморийн сүлдээ өргөнө өө. Хүмүүний орчлонд дахин мэндэлсэн мэт нас буяны гайхамшгийг мэдрүүлж, сэтгэлийн цэнгэл, онгодын цалгиа амсуулдаг их хайрхан минь сүр сүлд ивээх болтугай.

2025.06.25

УБ-Говь-Алтай-Шаргын говь-Тонхил-Сутай хайрхан-УБ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хадаа аваргын хоригдож байсныг П.Бадамдорж хурандаа ингэж ярьдаг

Наадам дөхөхөөр Хадаа аваргын барилдсан, түрүүлж үзүүрлэсэн, мөн цуут хүлэг Сүрэнхорын хээрийн ирж уралдсан, хол саахалт түрүүлсэн наадам ард түмний сэтгэлд бодогддог. Гэхдээ энэ их бөх эгэлгүй хүчтэн, цуут ажнай хоёрын хувь заяа даанч харуусмаар. Хадааг шоронд байхад хорихын даргаар ажиллаж байсан хоёр хурандаатай миний бие уулзаж байлаа. Бэрлэгийн хорихын дарга Б.Нацаг хурандаа “Хадаад таарах хувцас байхгүй. Орос цэргүүдийн гутал авчрахад дээд тал нь 44 размер. Хадаа 46-г өмсөнө. Ингээд бөхийн гутал болох хүрэн гутлаа баглаж чирээд, зундаа шуудагтайгаа явж байдаг сан” гэж хэлсэн.

1974 онд очоод далан таван оны наадмын өмнөхөн суллагдсан байдаг. “Алдар”-ын Ч.Өвгөнхүү багш нь АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готовын гарын үсэгтэй бичигтэй очсон гэдэг. Суллагдсан тэр жилээ зодоглоод заан болжээ. Наян найман онд гурав дахиа хоригдоход нь хурандаа П.Бадамдорж Мааньтын чанга дэглэмтэй хорих ангийн орлогч дарга байв. Хадаатай хэдэн жил “зууралдсан” нэгэн. “Аавын цээж”-ийн арын хаалган дээр хаалт маягаар суугаад 10 хоригдлын хамт 10 жилийн ялтай иржээ. “Хадаа яг үнэнээ хэлдэг байсан” гэж хурандаа хэлсэн.

Нэг шөнө Хадаа архи уугаад хоножээ гэсэн дуудлага ирлээ, дуудуултал чехийн нөхөд 10 шил пиво өгсөн, тавыг нь уусан гэв. Хүмүүс талх, хиам, молоко гээд байгаа бүхнээ өгнө. Албан хаагчид борцгүй байхад Хадаа л борцтой байна. 1986 онд аварга болоход нь Арвай генерал чиргүүлтэй 30 өгч, түүнийгээ бариад давхиж явахад нь нэг бүсгүй таарч “Аварга цолыг чинь мялааж байна, ганцаараа уугаарай” гээд архи өгсөн. Тэр шөнө нөгөө хүүхэнтэйгээ хоносон, гэхдээ янз бүрийн юм болоогүй гэж өөрөө хэлдэг. Өглөө хар машинтай хүмүүс ирээд “За хулгайч минь шорондоо явна аа” гээд баривчилжээ.

Гавьяат хуульч хурандаа П.Бадамдоржийн ярианаас анзаарахад Хадаа аваргад одоогийнхоор бол гүйцэтгэх ажиллагаа явсан юм байна гэж анзаарагддаг. Шоронд уурын зууханд ажиллаж байхад нь хар савхитай жижигхэн шар хүүхэн ирж хацар дээр нь үнссэн тухай хурандаа хэлсэн. “Намайг ийм хэрэг хийсэн гээд байгаа юм” гэж өчсөн Халхын их аваргын үнэн үг байжуу гэж бодогддог.

Н.Гантулга

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Азарга” Лхагваа начин, Эрдэнэ-Очир арслан хоёртой хуушуурдсан наадам

Хуучны бөхчүүдтэй ярьж хөөрч наадам үзэх шиг жаргал байдаггүйг тэр жил би ёстой тагнайдаа амтагдтал мэдэрч билээ. Хоёр мянга найман оны наадам юм. Саяхан л санагдах юм, гэтэл 17 жил өнгөрчээ. Тэр жилийн наадмын бөх гойд болсон санагддаг. Мэдээж жил жилийн наадам сайхан. Гэхдээ тэр жилийнх онцгой болсон. Учир юунд вэ гэвэл, наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 1-нд сонгуулиас үүдсэн айхавтар үймээн болж, олон хүний амь нас эрсэдсэнийг бид мэднэ. Үндсэндээ үймээний жилийн наадам. “Төр засаг ч, нийгэм ч нэг л эвгүй байна, наадам нь сайхан болчихоосой” гэх бодол хүмүүст байсан, бөхчүүдэд ч байсан байх. Найраа энээ тэрээ бараг л гараагүй. Их шөвгийн дөрөвт гэхэд бүх аварга, арслангууд уначихсан. Б.Ганбат заан (арслан) гурван залуугаас ам авч байв. Ийм наадмыг бөхийн асарт сууж Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох аваргууд, Эрдэнэ-Очир арслан, “мангар” Санжаа заан, Долгорсүрэн заан, “азарга” Лхагваа начин нартай хамт үзсэн.

Наадмын нээлтийн дараа нэгийн давааны эхний дүйзүүд гарч, томчуудын аманд очсон цэргийн хүүхдүүд малгайгаа барин гүйлдэж байх зуурт Лхагваа гуай, Эрдэнэ-Очир гуай хоёр намайг дуудлаа. “Хүүхээ, нааш ир, хуушуур идье. Хүүхдүүд хуушуур аваад ирж” гээд цаасан уутанд тос нь нэвчсэн халуун хуушуур гурвуулаа голдоо тавиад цэнгэлдэхийн зүлгэн дээр суулаа. Өнөө хоёр жигтэйхэн гоё дээлтэй. Эрдэнэ-Очир гуай хэлхийсэн том амьтан хөлөө жийгээд суучихлаа. Лхагваа начин их гоё хээтэй торгон дээлтэй, хамраа зангидсан байрын харцтай хавчгардуухан бор хүн. Намайг дуудсаны учир аваргуудын суудаг асарт би голлож суугаад, сүрхий юм тэмдэглээд байсан учир бөхийн комиссын хүн гэж бодсон уу, яасан, ямар чиг л байсан тэр хоёр дотночилж дуудсан юм. “Хүү аль нутгийнх вэ” гэж Лхагва начин асуулаа. Булганых гэдгээ хэлтэл “Аа, манай Түвдэн аваргын нутаг” гээд сүрхий байна.

Эрдэнэ-Очир арслан “Наадах чинь Түвдэндорж гуайгаар начин авсан шүү дээ” гэж хатгалаа. Ингээд Лхагваа гуайн начин болсон наадмыг ярьж гурвуул хуушуурныхаа даруулга хийлээ. Лхагваа начин “Би чинь жаран оны цэрэг. Тангаргийн баяр дээр энэ мангар хар(Эрдэнэ-Очирыгоо хэлж байгаа)-тай үлдэж үзүүрлэлээ. Батлан хамгаалахын сайд, улсын баатар Батын Дорж генерал “Энэ хүүг Алдар нийгэмлэгт өг” гэж тушаасны дагуу “Алдар”-ын цэрэг болсон. Эрдэнэ-Очир тэгэхэд улсын начин цолтой том амьтан байлаа.

 

“Алдар”-т ирснээр Шаравын Батсуурь аварга, уран барилдаант Бээжин аварга, Бадамсэрээжид арслан, мангар Санжаа гээд лут амьтадтай чинь ойртож байгаа юм. Цэрэн аварга, Зундуй заан, Одсүрэн харцага бид хэд үерхэнэ. За энэ бид хоёр бол насаараа үерхсэн хоёр. Ямар сайндаа намайг начин болоход надтай хамт Түвдэн аваргатай барилдсан хүн шүү дээ” гэлээ.

Залгуулаад Эрдэнэ-Очир гуай “Энийгээ хоёр гурван ч удаа дөрөв даваад мултраад байхаар нь би авч начин болгоё гэж боддог байлаа. Тэгтэл Ноёны бөх Жигмэддорж начингаар дөрөв давчихдаг юм. Яг цагаа тулаад ирэхээр хүн чинь бас яадаг билээ гэж боддог юм байна. Тэгтэл ашгүй мань мэтэд хүргэлгүй Түвдэндорж аварга авчихлаа. Аварга харьчихсан байсан үе. Гэхдээ аварга бол аварга л байдаг, би дотроо битүүхэн горьдож байгаа ч бас түгшиж байв. Лхагваа Түвдэн аваргыг харцагадаж дайрдгаараа дайрлаа даа. Аварга том биетэй учир унаж өгдөггүй ганхалзаж тэнхэлзээд арагш ухраад яваад байх юм. Би ч газар суучихаад хазайгаад, тэр хоёр хамт барилдаад байлаа. Тэгтэл ашгүй аварга уналаа, би ч газар хэвтээд ёстой нэг санаа амарна гээч нь болсон. Энэ нэг юмыг начин болоход тэгж их зовсон хүн. Тэрийг ер нь мэддэг юм уу, үгүй ч юм уу” гээд хүд хүд инээж суусан сан.

Барилдааны арга техникийг Өлзийсайхан гуайгаар заалгаж явсан гэж Лхагваа начин хэлсэн. Өлзийсайхан гэдэг нь Эрдэнэ-Очир арслангийн аав. 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Түвдэндорж аваргатай үлдэж үзүүрлэн алдарт Буур Жамьян аварга, Сэлэнгийн “боохой” Данзан, Баргын Гэлэг, “хужаа” Чүлтэмсүрэн, “гулзгай” Дамчаа нарын арслангууд, мундаг Наваан заан гээд домогт бөхчүүдтэй хүч үзэж явсан арслан. “Манай энэ ч маапаантай хүн” гээд Лхагваа гуай бас л өдсөнөө “Тэр жил бид Хөвсгөл явсан юм. Буудалд гурвуулаа хонох байтал гэнэт Эрдэнэ-Очир, Одсүрэн хоёр айл руу явах болоод би ганцаараа хонолоо. Бээжин аварга дүүгийндээ байсан, маргааш нь очлоо. Манай хоёр ч хүрээд ирлээ. Эрдэнэ-Очир маань хоёр хүнтэй сүрхий гэгч мэндэлтэл өнөө хоёр нь дуугардаггүй, Одсүрэн хөхрөөд унадаг юм. Тэгтэл хоносон айлынхаа хоёр хүнтэй манай хүн мэндэлсэн байгаа юм, тийм л хүн дээ” гээд явуулж байна. Арслан тоосон шинжгүй сууна.

Бидний үед чинь Өмнөговийн Дэмүүл, Ламаажав, Хэнтийн Барамсай заан, Хөвсгөлийн Гүрбадам заан, Булганы “Тэмээ өргөдөг”, Баянхонгорын Нямжанцан начин, Завханы уран гараат Баттогтох начин гээд хөдөөнөөс ирж наадмаар шуугиулдаг бөхчүүд олон байлаа гэдгийг тэр хоёр ярьж, тэднийхээ барилдааныг наадмын торгон дэвжээнд үгүйлж суугаа нь мэдрэгдэж билээ. Лхагваа начны хүү хошин шогийн нэрт жүжигчин, гавьяат Дэмидбаатартай сүүлд таараад “Танай аавтай тэр жил хуушуур хувааж идэнгээ мөн ч таатай наадаж билээ” гэхэд инээд алдаад “Би чинь багадаа бөх болно гэж өвчигнөөд аавынхаа зодгийг өмсөж шороотой хутгаж явсан хүн шүү дээ” гээд ийн өгүүлж билээ.

“Кёкүшюзан Батбаяр бид хоёр хамт бэлтгэлд явна. Кёкүшюгийн ээж Жавзандулам гуай 120 мянгатын үйлчилгээний төвийн эрхлэгч. Тэнд очиж бид хоёр мах цавчигч хүртэл хийж явсан. Ингээд 1991 оны улсын наадамд ааваас нууцаар зодоглолоо. Далбаа шуудгийг нь хулгайлж аваад өмслөө. Нэг давчихлаа, хоёрын даваанд “дүүгүүр” Болдбаатар начинтай таарч сэнсэртэл дүүгүүрдүүлээд унасан. Босоод явах гэтэл толгой эргэчихсэн, хөл гуйвалдаж унаад бүр хөгөө чирсэн. Яг тэр үед аав Эрдэнэ-Очир гуай, Зундуй заан нартай явж байгаад “Энэ миний далбаа шуудагтай ямар адилхан юм бэ” гээд хартал би зогсож байсан. Аавд сайн загнуулж аваад бөхийн карьер маань дууссан даа” гэж инээд наргиан болгож билээ.

Хоёр хөгшинтэй гурвуул хуушуураа идчихээд, баахан хууч хөөрч суугаад бөхийн асартаа иртэл Мөөеө аварга сууж байна. Хадаагийнхаа хүү Даваажавын барилдааныг үзэх гэж суугаа нь тэр. Энэ тухай миний бие Мөөеө аваргын хөрөг дуртгалд бичиж байсан. Даваажав ч унасан, Мөөеө аварга ч нулимсаа нэг шударч аваад явсан. Бодох нь ээ, хүүхэд шиг цайлган Хадаагаа санасан нь илэрхий. Наадмын хоёр дахь өдөр бөх ёстой үзүүштэй болсон. Говь-Алтайн Соронзонболд Өсөхөө аваргыг долоогийн даваанд халз хутгаж дайраад заан болж байлаа. Ганбат шөвгийн дөрөвт Нямдоржийн Ганбаатар гэж өндөр туранхай залууд хүчтэй татуулж унаад мөн ч их харамсаж билээ. Үзүүр түрүүнд До.Ганхуяг, Ганбаатар хоёр үлдсэн. Ганбатын наадам байсан юм, амаа буруу авлаа гэх яриа аварга арслангуудын асарт өрнөж байв.

Тавын даваа эхлэхийн өмнө байх, энгэртээ “Спортын мастер” гэсэн тэмдэг зүүсэн нэг хүн ирлээ. Тэгтэл Мягмар заан тэр хүнийг нэрээр нь дуудаад “Чи спортын мастерыг хэзээ авлаа” гэж тулган асуудаг юм. Нөгөө хүн жаахан балмагдаад, хуучны он хэлтэл, битгий худлаа яриад бай. Чамайг спортын мастерын болзол хангаагүйг мэдэж байна. Төрийн наадмаар түмний нүдэн дээр ингэж худлаа тэмдэг битгий зүүж яв, наадахыгаа одоо ав гэдэг юм. Нөгөө хүн за ч гээгүй, үгүй ч гээгүй, юу ч хэлэлгүй яваад өгсөн. Мягмар гуай минь сэрүүн тунгалаг байсан бол тэр этгээд хэн байсан бэ гэж асуух байлаа. Мягмар зааны тэр шударга үг сэтгэлд айхтар үлдэж, олныг эргэцүүлэхэд хүргэдэг.

Наадам тарахын алдад Лхагваа начингаас “Таныг яагаад азарга гээд байдаг юм” гэж асуухад, “Аа тэр үү, Цэрэнгээс болсон юм” гэлээ. Цэрэн аваргыг хэлж байна. Тэртээ жараад оны сүүлээр Спортын төв ордон, Хөдөлмөр нийгэмлэгт нэг өдөр болсон барилдаанд Цэрэн аварга Лхагваа начныг дараалж амлаад харцагадаж дайрах мэхэнд нь унасан гэдэг. Тэгээд бөхчүүд дээр ирээд “Цаад Лхагваа чинь азарга шиг дайраад хаячихлаа. Нэг өдөр хоёр удаа “азарганд дайрууллаа” гэснээс үүдэн азарга хочтой болсон юм гэдэг. Ингэж тэр жилийн наадмыг азарга Лхагваа начин, Эрдэнэ-Очир гуай хоёртой хуушуурдсан шиг ээ үзсэн минь санаанаас гардаггүй юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар…

Ээжтэйгээ утсаар ярьж байтал удахгүй гүүгээ уяна, аав чинь гүүн зэл унаганы ногтоо авахаар өвөлжөөн дээрх байшин руугаа явсан гэдэг юм. Энэхэн ахуйд айрагны үнэр сэн татаж, арааны шүлс асгараад ирэх нь тэр. Хичнээн ч удаа аавыгаа дагаж тэрэгний хөх буурал морьтойгоо Гозгорынхоо өвөлжөөг зорилоо доо. Хуучин муу амбаарынхаа үүдэнд тэрэгний буурлаа хантайрч орхиод түрүү жилийн цаснаар авчирч хийсэн гүүн зэлээ гарган сунган татахад зун, намрын бороо цасанд зулгагдсан гүүн зэл хатан үгдэршиж тэнийж өгөхгүй зовооно. Эрчилж, эвэршиж мушгирсан бүдүүн суран зэлийг аав хэд сайхан халтал Аав, ээж минь гүүгээ уяна гэх сургаар… нь мушгиад тэнийлгэх нь бахтай сан. Цаханд өлгөөтэй баахан ногт чөдрийг нэг нэгээр нь авч үзэж “Аа энэ чинь ороо хүрэнгийн унаганы ногт байна. Улжаа нь тасарчихаж, энийг ийш нь тавьчихъя. За энэ жил төчнөөн шинэ байдсан гүү зэлэнд орж байгаа.

Богоч хэрэг болно, энэ муу өрөөл ч хэргээ баржээ. Энэ чөдөр харин сур сайтай. Сумыг нь сольчиход болоод явчихна. Эмнэг гүүнд хэдэн өдөр хойшилдоод (хойд хоёр хөлийг нь чөдөрлөх) өгөхөд ч сагагийг нь тас аваад номонд нь оруулах нь тэр. Энэ ногт мөн ч олон амьтны уруулыг цорводож номхруулсан” гээд ярьж, хоёул морин тэргэндээ гүүн зэлээ, айрагныхаа хөхүүрийг, чөдөр ногт, бугуйл, мөн гадас мунаа ачаад хөдөлдөг сөн. Бүдүүн Суурь (Могойн Батсуурь) дарга жил бүр Архангайн Хотонтоос айрагны хөрөнгө авч хамгийн түрүүнд ёс мэт манайд авчирч өгнө. “Хөшөөтийн голд Ноовынд, хойшоо Нарангийн голд Насанбуянгийнд өгөхөд тэгээд л Хишиг-Өндөр айрагтайгаа золгоно гээд хүд хүд инээж, гүүгээ уясны дараа зориуд айраг шалгах нэрээр ирж, хоймор дүүргэж суугаад таатай нь аргагүй хул хулаар залгилж суудаг сан. Өнөөдөр (06.10) цагаан нохой өдөр. Гол усныхан минь гүүгээ барьж, зарим нэг нь ууган унаганд ногт зүүж ёсыг үйлдэнэ. Ээ дээ, гүүгээ уяхад хөндийн салхинаас ч айраг амтагдаад мөн ч шимтэй сэн.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гавьяат мал зүйч, АИХ-ын депутат Авирмэдийн ДАЛХЖАВ гуайнд өнжлөө

Эдүгээ 92 насны сүүдэр зэрэгцэж буй буурал Авирмэдийн Далхжав гуайнд өнжлөө. Монгол Улсын гавьяат мал зүйч, АИХ-ын депутат, мөн Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт ахмад зохиолч, бичгийн хүн тэрээр он цагийн түүхийн гэрч болсон нэгэн. Тэртээ 1950 оны намар Булган аймгийн Хутаг-Өндөрөөс ахыгаа даган Сөгнөгөр баян голын техникумд суралцахаар ЗИС-5 машинтай гарснаас улбаалан түүний амьдрал дандаа түүхийн хуудсан дундуур явж ирсэн байдаг. Англиас бухны үр авчирч Баруунхараагийн сангийн аж ахуйн үнээнд суулгаж байсан, “Барга хонины өсөлт, ашиг шим, биологийн онцлогийг судалж МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгээр батлуулан барга, үзэмчин хонийг бие даасан омог болгосон, нэгдлийн домогт дарга, Хөдөлмөрийн баатар Намжиг гуайтай ажиллаж байхдаа алдарт Буур Жамъян аваргын “нүцгэлэх”-ийг дэргэдээс нь харж суусан нэгэн юм.

Одоогоос 70 гаруй жилийн өмнө 1953 онд Цэрэнжавын Уламбаяр зохиолчийн удирдсан Архангайн утга зохиолын нэгдэлд элсэж, тэр галын дэргэд ном бүтээлд шамдан явахдаа Бямбын Ринчен гуайд шүлгээ уншиж, алдарт Дашзэвэгийн Сэнгээ шүлгээ уншихыг дэргэдээс нь харж, тавиад оны сүүл үед Улаанбаатар хотод орж ирэхдээ Р.Чойномтой нөхөрлөж утга зохиолын алтан үеийг нүдээр үзсэн хүн бол эл эрхэм. Мөн түүний эмэг ижий нь Хатанбаатар Магсаржавтай нэг гэрт өссөн түүхтэй. Тодруулбал, Цэцэрлэг Мандал уулын аймгийн Намнан уулын хошууг 40 гаруй жил захирч төр барьсан жанжин Түшээ гүн хошуу ноён Ганжууржавын ганц охин нь Лхамжав буюу Далхжав гуайн эмэг ижий. Лхамжав ижийгээс хоёр хүү, хоёр охин төрсний нэг нь Дүйдэнсүрэн буюу төрсөн ээж нь. Ийм л сонин түүхтэй хөгшнийд өнжиж буй минь энэ.

Эхлээд ижий аавынх нь тухай ёс болгож асуулаа. “Ээж минь Даржаа тавнангийн охин. 28 жил аавыг хүлээж, эцэст нь цаазлуулсан гэх бичиг авч амьдын хагацал, амьдралын хатууг биеэрээ амссан.

Ээж минь аавтай нийлж зургаан хүүхэд төрүүлсэн. Аав минь Жамц тойны хүү Авирмэд тайж гэж байгаад гучин долоон онд хэлмэгдэн ердөө 49-хөн насандаа цаазлуулсан.

Тайж угсаа гарвалтай нам төр, бичгийн хүн байсан. Намын хоёрдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамт нарийн бичгийн даргаар сонгогдож байсан нь түүхийн баримтаар нотлогддог. Зохиолч Өөлдийн Чимидийн “Нацагдорж минь ийм хүн байсан юм” гэх дуртгалд тэр тухай тодорхой бий. Аавыг баригдаад явахад хамгийн бага нь өлгийтэй үлдэж байсан. “Миний хүүхдүүд эцгийн хайр халамж үзсэнгүй, ээж нь ханийн жаргал эдэлсэнгүй” гэж айхтар хэлж билээ” хэмээн дурслаа.

Далхжав гуай Хатанбаатар Магсаржавын бага насны тухай “Монхоон” баримтат өгүүллэг бичсэн. Уншсан хүмүүс “Хатанбаатар судлалд их том үүрэг гүйцэтгэлээ” гэж хэлсэн нь бий. Энэ тухай буурал гавьяатаас тодруулахад “Би түрүүнд Ганжууржав ноён гэж ярилаа. Тэр хүн бол миний өвөг дээдэс. Эмэг ээжийн маань аав. Хатанбаатарын Магсаржавын аав Сандагдорж, Ганжууржав ноён хоёр, нэг нутаг усны төдийгүй хамаатан садан хүмүүс. Ганжууржав ноён хэргэм зэргээ залгуулах хүүгүй байсан учир Сандагдорж гуайн ууган хүү Магсаржавыг өөрийн ам бүлийн хүн болгож, эрдэм номд сургаж, угсаа залгамжлуулахаар шулуудсан байдаг. Ингэж Хатанбаатар, миний эмэг ээжтэй нэг гэрт өссөн. Сандагдорж гуайнхан бол Ганжууржав ноёныг төрөлсөж “Ажаа” гэдэг, ноён хатан хоёр Магсаржав гуайг бага залууд нь “Миний хүү” гэж дууддаг байж. Ээж маань Магсаржав гуайг танихаар барахгүй хуримлахад нь өөрийн төрсөн ээж Лхамжавтай хамт очиж байснаа хөөрөлхөн ярьдаг сан.

Ээж минь хүүхдүүдээ дагаад 1960 онд Улаанбаатарт ирж суурьшаад Магсаржав гуайн ууган хүү Сандуйсүрэн гуайнд үргэлж очин хуучилдаг байж билээ. Буурал эмээ Лхамжав 1957 онд, миний ээж Дүйдэнсүрэн 1978 онд, М.Сандуйсүрэн ах 1960 онд бие барахад би залуухан байж шүү гэж хэлэхэд нь бахархал хүндэтгэл төрж байлаа.

Далхжав гуай АИХ-ын депутатаар сонгогдон Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцсаны түүхэн гавьяа болгож Монголын төрөөс өгсөн хоёр өрөө байрандаа тохьтой тухтай амьдарч байна. “Аав минь энэ өндөр настай хэрнээ ганцаараа, бидний гар харалгүй, бидний тус авалгүйгээр амьдардаг. Хоолоо өөрөө хийнэ. Гэр орныхоо бүх зүйлийг өөрөө цэмцийтэл цэвэрлээд янзалчихна. Аавд нэг их сайхан чанар байдаг. Энд тэнд явахад сонирхол татахуйц, амттай нандин хоол хүн хийж өгөх юм уу, тийм зоогтой таарсан бол түүний орц найрлагыг нь харж байгаад дараа нь өөрөө заавал хийж иднэ. Тэгээд зочдоо болоод биднийг дайлдаг. Би айлын том охин. Өнөөдөр жаран хэдэн настай айлын эмээ болжээ. Гэвч аав шигээ ийм гоё хоол унд хийгээд, зохиол бүтээлээ бичээд, өдөр бүр өөрийгөө сонирхолтойгоор амьдруулж чадахгүй байна. Аавынхаа энэ мэт олон чанараар бахархдаг” гэж том охин Ариунаа нь хэлсэн.

Ариунаа эгчийн тухайд Орос хэлнийн дээд сургуулийг дүүргээд аавынхаа төрсөн нутаг Хутаг-Өндөр сумын С.Магсаржавын нэрэмжит сургуулиас ажлын гараагаа эхэлжээ. Бүхий л насаараа орос хэлний багшаар ажилласан эрхэмсэг, даруухан нэгэн. Буурал гавьяатынх гурван хүү, нэг охинтой. Гурван хүүгийн том нь улсын циркэд үе үеийн алдартан гавьяатнуудтай ажиллаж ирсэн акробатчин Д.Эрдэнэбат. Моксвад циркийн сургууль төгссөн. Дараагийн хүү Д.Булган Германд хөдөө аж ахуйн сургууль төгсөж аавынхаа алдар замналыг үргэлжлүүлсэн бол бага хүү Отгонбат нь Багшийн дээд сургуулийн англи хэлний ангийг төгсөж, одоо УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагийн зөвлөхөөр ажиллаж байна. “Миний бага хүү чинь ардчиллын төлөө зүтгэж явсан залуусын нэг” гэж аав нь хэлнэ билээ. Ийм дөрвөн сайхан үрийг нь төрүүлж өсгөж, сургууль соёлтой болгож, амьдралыг нь өдий зэрэгт хүргэсэн ханиараа буурал гавьяат үргэлжид бахархдаг нь мэдээж. Арын хангай нутаг надад сайхан хань заяасан юм шүү гэж тэрээр сэтгэл дүүрэн хэлсэн билээ.

Хань нь Самбуугийн Долгорсүрэн гэж улсын Гуравдугаар төв эмнэлэгт сувилагч, бага эмчээр ажиллаж, ухамсарт амьдралаа хүн зоны эрүүл ахуйн төлөө тэр чигт нь зориулсан алтан гартай эмч, сувилагч байжээ. “Хань минь бага залуу, нялх амьтан надтай учирч манайх гэдэг айлын ачааг үүрч ирсэн буянтан юм. Тэртээ тавин есөн онд бид хоёр нийлж байж. Тэгэхэд би Архангай аймгийн гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын ерөнхий мал зүйчээр ажиллаж байв. Хань минь Гуравдугаар төв эмнэлгийн алтан гартай сувилагч гэж ард олонд дээдлэгдэн хүндлэгдсэн нэгэн байлаа. Дондов гэж эрдэмтэн доктор, за тэгээд өнөө алдарт Хайрулла, тархины Нота, зүрхний Баасанжав гээд домог болсон эмч нарын удирдлагад нэр төртэй ажиллаж байсан даа” гэж бурхны оронд одсон ханиа өрөвдөн хайрлан дурссан.

“Эмээ минь гарч орсон хүн бүрийг дайлж цайлсан өгөөмөр буянтай хүн байсан. Багадаа өнчрөл зовлон үзсэн болохоор хүнийг өлсөж цангах вий гэхээс айдаг, өглөө нүдээ нээхэд галын дэргэд намайг хүлээгээд “Миний охин цайгаа уу” гээд өрөм боорцогтой угтана. Ёстой л өөрөө сүү ханхлуулсан хүн байсан. Бага насны хамгийн баяр хөөртэй дурсамж гэвэл өвөө эмээ дээрээ Гачууртад өнгөрүүлсэн тэр үе. Хичээл тараад яаран, яаран Гачуурт явна. Автобус зогсчихсон байхад хүртэл алхаад л оччихно” гэж Ариунаа эгчийн охин, Далхжав гуайн хайртай зээ Баатарцогтын Туул өрөм сүү ханхлуулсан хайрт эмээгээ дурссан. Туул хатагтайн хувьд “Бадамлхянхуа” йогийн төвийн үүсгэн байгуулагч, Монголын Йогчдын холбооны тэргүүн.

Гадна дотчны олон зочидтой уулзах, хажуугаар нь олон багш нартаа хичээл заахаас аваад ажил нь ёстой “буцалж” байдаг тэрээр өвөөгийнд нь зочид ирсний сургаар хүндэтгэн ирсэн. “Йог бол хөдөлгөөн заах мэргэжил биш. Хүний сэтгэлийн гүн рүү аялах, түүнийг мэдэрч, чиглүүлж, дотоод өөрчлөлтийн замд хөтлөх ур ухаан юм” гэж эл эрхэмсэг хатагтайн хэлсэн үг сэтгэлд бодогдоод байлаа. Тэрээр өвөөгийн хайртай охин. Гэхдээ зүгээр нэг хайрлаад дээдлээд байх биш бүтээл туурвилыг нь эрхлэн хэвлүүлэхээс аваад олон ажлыг нугалдаг нэгэн болох нь илт мэдрэгдсэн. “Нас бие өтөлж өвгөрсөн ч авьяас билиг хөгширдөггүйг өвөөгөөсөө үлгэрлэж бие сэтгэлдээ шингээдэг. Өвөөгийнхөө “Ухаарахуйн 108 чагтага” номын өмнөтгөлд сэтгэлийн үгээ ариусган бичиж байсан бол “Өвсний налархай” бүтээлийг нь эх барьж авах ерөөл оногдсон. Саяхан “Хаяа шуусан ханын нүдээр” номыг нь эрхлэн гаргаж, нөхдийг нь урьж баярыг нь хийсэн” гэж тэрээр гэрэл цалгиулан хэлсэн юм.

“Та АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явснаа ярина байгаа” гэж үг өдөхөд тэрээр буурал сахлаа шувтран ингээд алдаад ийн өгүүлсэн. “Ардын Их хурлаа байгуулж, Улсын Ерөнхийлөгчийг болон Улсын Бага хурлыг тэр цагаас хойш олон он улирч дээ. 400 гаруй депутатын маань бараг талаас илүү нь бурхны орондоо одсон байна. 1991 оны 11 дүгээр сард хоёрдугаар чуулган нээгдлээ. Танхимын баруун жигүүрийн 3 дугаар эгнээнд би Лу.Болдтой зэрэгцэн сууна. Би ахмад настай, тэр цэл залуу яг л аав хүү хоёр шиг. Үндсэн хуулийн төслийг шүүн хэлэлцэж гурван өдрийн туршид шуугилдсаны эцэст сая нэг хурлын дэгээ баталж билээ. Хэл, бичиг үсэг, үндэстэн ястны асуудал яригдахад депутат бүр өөрийн яс үндэс, удам угсаа, хэл соёлоо хамгаалан сүрхий айхтар үг хэлцгээнэ.

Ямар сайндаа Баян-Өлгийн депутат Харжаубай чуулганы танхимд өлсгөлөн зарлана гэж сандаргаж байхав. Хурал орхих, завсарлага авах, бие биенээ нохой гахайгаар дуудах хэвийн үзэгдэл байлаа. Сэлэнгээс сонгогдсон депутат “Монгол Улсын иргэн хоёр эхнэртэй байх тухай” санал гаргаж олныг нойрноос сэрээж байсан сан. Миний хувьд цөөнгүй босч ярьдгуудын нэг. “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна байхгүй” гэдэгт хэдэн өдөр санал зөрөлдөв. “Байх ёсгүй” гэдэг санал давамгайлж байдал бишдэх үед би хурлын даргад хандаж завларлага авсан. Гавьяат зоотехникч Д.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар Ч.Аварзэд гээд хөдөө аж ахуйг сайн мэдэх олон хүний дэмжлэг авч “байна” гэдгээр батлагдсанд сэтгэл хангалуун явдаг” гэв. Түүнийг ийн хэлэхэд урилга авч гэрт нь морилсон зочдын нэг СГЗ Үржингийн Хүрэлбаатар “Далхжав гуайг депутат байх үед би Төрийн ордонд сурвалжилга хийж явлаа. Тэр үеийн дүр төрхийг нь маш сайн санадаг. “Мал хувийн өмч болж байгаа тохиолдолд төрийн ивээлд байх ёстой гэдэг чинь өөрөө зөрчилдөж байна” гээд нэлээн маргаан болсон. Энэ бүхний эцэст шинжлэх ухаанч олон яриа, санал гарснаар “Мал төрийн ивээлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт батлагдаж байсан. Манай улс мал аж ахуйгаас холдох ямар ч боломжгүйг олж харж, тэрхүү заалтыг батлуулахад гол нь хүч нь болж өгсөн Далхжав гуайдаа талархдаг. Бид сахлаараа садансаж, зохиол бүтээл оюун санаагаар садансаж яваа хүмүүс. Авьяас бол аугаа их хувь заяа юм гэдгийг Далхжав гуай харуулдаг” хэмээн өчсөн.

МАА-н 7 бурхан” гэгддэг эрхмүүд. Зүүн гар талаас: Ч.Арилды, Д.Самданжамц, С.Нямсүрэн, А.Далхжав, Т.Ядам, Г.Баттөмөр, Д.Чулуунбаатар.

Гэрийнх нь хананд олон түүхтэй зураг өлгөөтэй байна. Тэр бүгдээс Англид явж байх үеийнх нь дурсгал зураг харагдана. Гавьяат мал зүйч маань өөрийн мэргэжил нэгтэй хоёр эрхэм хүнийг гэртээ урьсан нь Мал аж ахуйн газрын даргаар олон жил (1978-1990) нэр төртэй ажилласан Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц, ахмад мал зүйч Г.Баттөмөр нар. Самданжамц гавьяат “Би 1970 оноос хойш өнөөг хүртэл Далхжав гуайтай найзалж нөхөрлөж явна. Их сургууль төгсөөд юугаа ч мэдэхгүй хүүхэд байхад Далхжав гуай ахмад мал зүйч нэр нөлөөтэй хүн байсан. Тэр үед ган зуд тогтоон гэж лут ажил байлаа. Ус цаг уурын газрын дарга Түвдэндорж, Батлан хамгаалахын сайд байсан Лхагвасүрэн жанжин нартай Завхан аймагт ган тогтоох ажлаар явах боллоо. Залуу хүүхэд юугаа мэдэхэв, Далхжав гуай “Чи аль аль сумаар орох гэж байна. Очих газрынхаа байгаль цаг уур, бороо орсон ороогүйг нь сайн мэдээд өвс ургамлыг нь хүртэл судалж, мэд. Голдуу ямар мал байгааг нь нарийвчлан судал, тэгж байж бэлтгэлээ сайн ханга гэж айхтар зөвлөгөө өгч билээ. Би гэдэг хүн СнЗ-ийн 1 дүгээр орлогч дарга Т.Рагчаа, Төв хорооны нарийн бичиг М.Даш, Бугын Дэжид гуай, Сангийн сайд Молом гуай, ХАА-н яамны 1 дүгээр орлогч сайд Равдангийн Цагаанхүү гээд олон хүний дэмжлэгээр ажлаа гайгүй шиг авч явсан. Тэр нөөлөгт хүмүүсийн нэг яалт ч үгүй Далхжав гуай байсан гээд буурал гавьяатын ХАА, тэр дундаа МАА-н шинжлэх ухаанд оруулсан онцгой гавьяаг нь хэлсэн.

“Одоогоос 50 гаруй жилийн өмнө Англиас малын эмч Т.Цэдэндамбын хамт явж Англи улсын шилмэл үүлдрийн бухны 1000 гаруй тун, хөлдөөсөн үр онгоцоор авчирч Баруунхараа тэргүүт саалийн механикжсан фермүүдийн үнээнд анх удаа хээлтүүлэг хийсэн нь амжилттай хэрэгжсэн. Бүр 70 гаруй жилийн өмнө буюу 1954 онд Архангайн Батцэнгэлийн “Хөгжил” нэгдэлд анх удаа 1500 хонинд зохиомол хээлтүүлэг хийж, ирэх хавар нь олон эрлийз хурга гарч нэгдлийнхнийг сандаргаж байсан түүх бий. Дээрээс нь жараад оны эхэн үед аймаг бүрт үржил зохиомол хээлтүүлгийн станц байгуулж Далхжав гуай зоотехникч нь байж малын үүлдрийг сайжруулах, эрлийзжүүлэх ажлыг хийж шинжлэх ухааны үндсийг бүрэн суулгаж өгсөн гавьяатай хүн” болохыг нь хэлсэн.

“1963 онд Архангай аймгийн 40 жилийн ойгоор “хар” Гүржав дарга оройн цайллага дээр алдарт Буур Жамьян аваргыг “Та нэг нүцгэлээч, бид бүхэн хармаар байна” гэж хэлжээ. Нас өндөр гарсан ч Буур аварга Гүржав даргын үгийг хүндэтгэн хүлээн аваад дээл хувцсаа тайлж нүцгэлж аймгийнхаа удирдлага, цайллагад уригдсан хүндтэй зочдын өмнө дэвж шавж үзүүлдэг юм. Аварга аваргаараа төрдгийг тэгэхэд харсан. Булчин шөрмөс нь зангираад ёстой ярих юм биш. Бид чинь ховор үзмэр үзэх шиг болж бүгд дуун алдаж билээ” гээд гэрийн эзэн хуучилж, хоол унд болсны дараа зочиддоо гадны гоёмсог “идээ” задлан тэртээ наяад оны эхээр Лаост гурван хуц хүргэн Лаосын Эрх чөлөөний одонгоор шагнуулж явсан Баттөмөрийнхөө одонг дахин угааж байгаа юм хэмээн наргиад хундага тулгалаа. Энэ зуурт би буурал гавьяатаас “Бямбын Ринчен гуайд шүлгээ уншиж явснаа ярихгүй юу” гэхүйд “Ээ дээ урт түүх хөвөрнө дөө” хэмээн товчхон өгүүлсэн.

“Ринчен гуай нэг удаа Баян-Өлгийгөөр очоод буцах замдаа Архангайгаар дайрч дугуйлангийн нөхөдтэй уулзлаа. Их эрдэмтэн казах үндэсний дээл малгайгаар гоёсон нь мөн ч донжтой харагдаж байж билээ. Энэ үед би “Алт” шүлгээ уншиж, Ринчен гуай ногоон нүдээ том том эргэлдүүлэн Умбаа буюу Цэрэнжавын Уламбаяр гуай руу харж байснаа гэнэт “Алт” шүлэг уншиж байсан над руу хандан “Чи юуны тухай юу хэлэх гээд байна даа. Чамайг “тойрч” гүйсээр байтал нөгөө алт чинь алга болчихлоо шүү дээ” гэж жуумалзан инээвхийлсэн. Ингэж л би тэр агуу хүнд шүлгээ уншиж, их эрдэмтнээс үнэт зөвлөгөөг нь сонссон азтай. Ер нь Бямбын Ринчен зохиолчийнхтой манай хувь тавилан холбогдож ирсэн нь гайхмаар. Ганжууржав ноёны албыг Сайн ноён хан Намнансүрэнгийн шадар түшмэл Цогт-Очир бэйс залгамжлаад 1920-иод оны эхээр Сэлэнгийн Алтанбулаг руу таван хүүхэд сургахаар явуулсны нэг нь миний ээж Дүйдэнсүрэн байсан. Алтанбулагийн орос сургуулийг эрдэмтэн гүүш Ринчений аав Бямбаев гуай санаачлан байгуулсан гэдэг. За тэгээд охин Зандармаатай нь Архангайд хамт ажиллаж байсан, охин Индратай нь ХАА-н сургуульд багш шавийн барилдлагатай явсан, хүү Барсболдтой нь АИХ-ын танхимд хамт сууж Шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан гээд олон учралт сэжмээр холбогддог нь сонин” хэмээсэн нь бас л хүндэтгэм сайхан хувь заяа санагдсан.

Өнжиж буй айлын маань эзэн юм л бол “Хан Намнан хайрхан, хатан Сэлэнгэ ээж минь” гэж дуун алдах аж. Тэр л ус нутгийн унаган хүү, “Сэлэнгэ пресс” компанийн захирал Болдын аав, гавьяат тээвэрчин, хурандаа Ж.Моломжамц гуай ус нутгийнхаа буурал ахынд мөн л морилсон байна. Тэрээр Ерөнхийлөгчийн ивээл дор хүүгийнх нь компани хэвлэсэн “Монголын нууц товчооны тайлбар толь”-ийг хадагтай хамт ахдаа барилаа. Моломжамц гуайн ээж Жарантай бага ангийн багш байсан бөгөөд Далхжав гуай эрдмийн А үсгийг Жарантай багшаар заалгаж, тэртээ дөчөөд онд нэгдүгээр ангийн сурагч багшийндаа сууж байсныг дурссан юм. Гачууртын сангийн аж ахуйг олон жил үр бүтээлтэй удирдахдаа АИХ-ын депутат болсон гавьяат мал зүйч, Д.Сүхбаатарын одонт төр нийгмийн зүтгэлтэн эрхэм хүмүүнийд ийм л дурсамж дуртгал, ховор нандин түүхийг өдрийн туршид хуучилж өнжсөн минь энэ.

Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайрхан уулын барааг харах бүр минь жаргал юм даа

Соёлын гавьяат зүтгэлтэн Бямбажавын Хүрэлбаатар найрагчтай хамт тэр жилийн намар Архангайн Хайрхан суманд дөрөө мулталлаа. Алдарт “Хайрхан уулын бараа”-г бичсэн Довчингийн Отгонсүрэн гуайн баярт уригдаж билээ. Отгонсүрэн найрагч Хүрлээ ах хоёр нэг үеийн оюутнууд мөн цэргийн онжавууд.
Эрдэмтэн доктор хүүгийнхээ баярыг сумын зон олон, ах дүү, амраг садан нь Хайрхан уулынх нь энгэрт цэнхэр асар алаглуулан мөн ч дэлгэр дүүрэн хийсэн. Хүрлээ ах минь найзынхаа тухай хоолой зангируулан ярьж, миний бие “Дарьгангын жаахан шарга”, “Наян тохой Майдар” тэргүүт шүлгүүдийг нь уншиж “Усны тунгалаг Тамирын гол”, “Хайрхан уулын бараа”, “Дэрэн дээрээ өнчин нулимстай миний ээжий хүүгээ хүлээгээд ээ” хэмээх дуунуудыг нь дуулах ахуйд сүр сүлд болсон уулынх нь оройгоор үүл бараантан гэнэт бороо асгаж давхар солонго гэрэлтэн татаж билээ. Их найрагч маань алсын тэнгэрийн орноосоо харлаа гэж тэнд цугласан олон нэг л их сайхан баярт умбасан сан.
Ерээд оны дунд үед Отгонсүрэн гуай сумынхаа ойд явахдаа “Хайрхан уулын бараа” шүлгээ хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравт үлдээгээд явсан байдаг. Шарав ах наадмын өглөө тТөв цэнгэлдэхэд есөн хөлт цагаан туг орж ирэх тэр мөчид төгөлдөр хуур дээрээ уг дууны аялгууг зохиосон гэдэг. Тэр сайхан уулын сүр жавхланг би дахилтынх нь хөгжмөөр гаргасан юм даа гэж ярьж байсан. Уран бүтээл хувь зохирол гэдэг тийм л ерөөл бэлгэтэй байдаг даа.
н
.Ггантулга

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс гүрнээрээ гар утсанд донтсон хүүхэд шиг болжээ

Цахим контент үйлдвэрлэдэг “Ноорог.мн” гэх сайтын хэдэн хүүхдийн тухай сүүлийн 10 шахам хоног улс гүрнээрээ ярилцаж шуугиан шаагиан болж байна. Эхлээд тус сайтын залуу “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас бидний утас, техник хэрэгслийг хураасан. Биднийг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэдэг шалтгаанаар шалгаж байна” гэж хэвлэл мэдээллийг цуглуулаад сүр дуулиантай мэдэгдэл хийсэн. Залгуулаад ЦЕГ-аас “Тус цахим хуудасны хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, контенттой холбоотой мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдсэн. Их Британид төрийн айлчлал хийхээр мордсон УИХ-ын дарга яаран мэдэгдэл гаргаж, мөн прокуророос хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй учир баривчлахаас татгалзсан хэмээх албан ёсны шийдвэрийг танилцуулсан.

Ингээд зогсохгүй Засгийн газар, Хууль зүйн сайд нь хүртэл “Прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан зүйл байхгүй. Техник хэрэгсэлд нь үзлэг хийсэн түүнийг баримтжуулсан үйл ажиллагаанууд явагдсан байна. Бидний авсан мэдээллээр 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын хэрэг байна. Мөн бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл заалтаар шалгагдаж байгаа хүн эдгээр иргэдийн дунд байгаа юм билээ” гэх мэдээллийг өгсөн. Ингэж Монгол Улс цахим сайтын хүүхдүүдийн асуудлаар арваад хоног тасралтгүй шуугилаа. Өчигдөр гэхэд мөн л цагдаагаас, Хүний эрхийн комиссоос “Ноорог”-той холбоотой мэдээллийг бас хийж байх юм.

Одоо боль оо. Арай хэтэрлээ. Цахим ертөнц гэдэг яг жинхэнэдээ Монголын нийгмийн хувьд айлд гар утсанд донтсон нэг хүүхэд байдаг шиг тийм л зүйл. Чухал юм огт биш. Тиймээс нийгмийг хамарч, улс гүрнээрээ ингэж хөдлөөд сүйд болоод байх зүйл байхгүй. Ганц хоёр өдөр биш, арваад хоног тасралтгүй ийм шуугиан зориуд үүсгэж байгаа нь олон нийтийн анхаарлыг бусниулах, өөр зүгт хандуулах гэсэн танил технологи, уламжлалт башир арга нь байх вий гэж хардахад хүргэж байна. Эрх баригчид энэ бүхний цаана юу хийгээд, юу нуугаад ийм тавилттай жүжиг нийгэмд үзүүлээд байна вэ гэж өөрийн эрхгүй сэрэмжлэхэд хүргэж байна. Өрнөж буй үйл явцаас харахад энэ бүхнийг төр засгаас явуулж байгаа нь хэнд ч илэрхий. Засаг юу хийчихээд, юу нуучихаад “Ноорог”-ийн хэдэн залууг нийгэмд сэвээд байна вэ?

Ард түмнээ, улс орноо гэх төр засаг үнэхээр байдаг юм бол яг энэ цаг үед юун “Ноорог”-ийн залуучууд, Еврозийн эдийн засгийн худалдааны түр хэлэлцээрийн тухай ярьж, улс орны цаашдын хувь заяатай холбоотой асуудлыг авч үзэх байлаа.

Монгол Улс, Еврозийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг өнгөрсөн онд байгуулахаар төлөвлөж үүнд, 375 нэр төрлийн барааны гаалийн татварыг хөнгөлнө, 15-50 хувийн импортын татварыг бууруулна, мөн архи, гурил, өндөг, малын тэжээлийн импортод квот тогтоох саналыг дэвшүүлсэн. Гэвч үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээ алдана, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд импортын хараат болох эрсдэлтэй гэж хувийн хэвшлийнхэн эсэргүүцсэн.Худалдаа аж үйлдвэрийн тэнхим дээр “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяраас аваад бүгд эсэргүүцсэн.

Ингэж түр хугацаагаар хойшлуулаад байсан хэлэлцээрийг саяхан батлахаар болсон. Еврозийн эдийн засгийн комиссын Худалдааны сайдтай Тэргүүн шадар сайд Лу.Гантөмөр уулзсан. Энэ тухай Засгийн газар хүнс үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчидтэйгээ хэлэлцэж эдийн засгийн түр хэлэлцээрийн сайн муу талыг ярьж байх байлаа. Дээрээс нь бидний амин зуулга болсон нүүрсний үнэ унаж байна. Татварын дарамтад ард түмэн сөхөрч байна. Айл бүхний, хүн бүрийн хувь заяатай холбоотой эдийн засгийн ийм чухал асуудлуудыг ярих байтал хэнд ч хэрэггүй цахим ертөнцийн юмыг шуугиан болгоод, амин чухал асуудал болгоод байгаа нь ямар учиртай юм бэ.

Уран, Эрдэнэбүрэн, газрын ховор элемент гээд эдийн засгийн энэ том төслүүдийн дэргэд цахимын наад асуудал тийм чухал гэж үү. Гар утас, техник хэрэгслийн хүчин чадал дийлдэхээргүй болсон. Компьютер, интернэт, программыг залуу үе бага балчраасаа айхтар эзэмших болсон энэ үед цахим хуудас гэдэг бол захын хүүхэд гар утсаараа хийдэг ажиллагаа. Орчин үеийн хэвлэл мэдээлэл цахим тоглуулж байгаа, контент ч үйлдвэрлэж байгаа. Энэ бүхэн байдаг л зүйл. Гэр оронд гар утсанд донтсон хүүхдийг ажил хийхгүй байна, үгэнд орохгүй байна гээд утсыг нь хураагаад л асуудал шийдэгдчихдэг. Утсаа хураалгасан хүүхэд донтох юмгүй учир ажлаа хийгээд хэвийн харилцаанд ороод явдаг. Гэтэл улс гүрнээрээ гар утсанд донтсон хүүхэд шиг болчихсон нь эмгэнэлтэй, хөөрхийлөлтэй харагдаж байна.

Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, цагдаагийн газар олон нийтийн сэтгэл зүйгээр инженерчлэл хийж тоглохоо одоо боль оо. “Ноорог” гэдэг жүжгээ одоо дуусга, хангалттай. Хаврын сар дундаа орлоо. Барилга байгууламжийн ажил ид өрнөж баймаар юм. Барилгын гол нөөц цемент ямар байгааг мэдэх хүн байна уу. Хөтөлийн цементийн үйлдвэрийн маргаан дууссан. Улс төрийн явцуу маргаанаас болж тэр том үйлдвэр зогсоход хүрсэн, одоо ажиллаж байна уу.

Тариалангийн ажил удахгүй эхэлнэ. Уламжлал ёсоор 40-өөд мянган тонн улаанбуудайн үрийг 360-370 мянган га талбайд тарина. Гэвч үрийн чанар муу, түрүү жилийн ургац хураалтын өмнөх халуунаас үүдэж үрийн жин муудсан гэдгийг газар тариалангийн эрдэмтэд, агрономичид хэлж байна.

Маргааш тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болох гэж байна. Энэ тухай анхаарч байгаа хүн байна уу. Мөн улс даяар мал төллөлт ид явагдаж байна. Хэчнээн төл авахаар байна, хорогдол ямар байна. Хаваржилт ямар байна вэ. Ноолуур өмнөх жилүүдээс маш бага үнэтэй гарч байна. Яагаад тэр вэ. Малчдын жилдээ ганц таван төгрөг олдог юм чинь ноолуур биз дээ. Энэ бүгдийг одоо ярих хэрэгтэй байна. Ард түмний ахуй амьжиргааны гол юмнуудаа ярихгүй зөвхөн “Ноорог” гэдэг “жүжиг”-т улс гүрнээрээ утсанд донтсон хүүхэд шиг хэдэн өдөр шуурлаа, одоо зогсъё.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт зохиолч Жан.Шагдарын хүү Суумэргэн: Аавынхаа “Дэлтэй шувуу”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хаврын найраг” гээд сүлд хийморь болсон дуунуудад нь хайртай DNN.mn

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч Жанчивын Шагдарын 90 насны ой өнөө жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан хүү Суумэргэнийг нь “Миний аав” буландаа урьж ярилцлаа. Жан.Шагдар зохиолчийг “Эргэн дөрвөн цаг” тууж, “Түүчээ тогоруу” яруу найргийн бүтээл, “Хаврын найраг”, “Эх орон танаа”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Тод магнай”, “Дэлтэй шувуу” гээд ард түмний сэтгэлд явдаг олон гайхалтай дуугаар нь бид мэдэх билээ.


-Өнөө жил аавын тань 90 насны ой тохиож байна. Аавынхаа ус нутаг, удам гарал бага насных нь тухай ярихгүй юу?

-Аав минь 1935 онд Булган аймгийн Орхон суманд Шувуутын голын Арбулагийн Ямаа майлдагийн хондонд мэндэлсэн түүхтэй. “Би чинь Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуу” гэж бахархан ярьдаг байж билээ. Ааваасаа нялх багадаа өнчирсөн гэдэг. Аав нь цэрэгт яваад эргэж ирээгүй юм билээ. Хожим “Бутач” роман, мөн Чин Ван Ханддоржийн тухай кино зохиол бичсэн. Аавыгаа бодож бичсэн нь мэдрэгддэг. “Тал дахь уулзалт”, “Болжмор хожимджээ” гэх номууд хэвлүүлж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Түүчээ тогоруу” яруу найргийн шилдэг бүтээлээрээ МЗЭ-ийн шагналыг 1979 онд хүртсэн. Энэ бол аавын минь хамгийн том шагнал. Жилдээ 2-3 хүнд л олгодог байсан нэр хүндтэй тэр том шагналыг хүртээд мөн их баярлаж байсан. 1958 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд ажилласан байдаг. Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Мятав гуайн гар дээр очиж сэтгүүлчийн гараараа эхэлсэн гэж ярьдаг.

Улмаар тус сонины орлогч эрхлэгч,жинхэнэ эрхлэгчээр дэвшин ажиллаж байгаад 1963 онд өөрийн хүсэлтээр мэргэжлийн зохиолч болсон. Ингээд Монголын хөдөө аж ахуйн ууган баатар алдарт хоньчин Зундуйн Очиртой хонины бэлчээрт нь бүтэн жил хамт байж “Эргэх дөрвөн цаг” баримтат туужаа бичсэн. Мал маллагааны арга ухааныг хойч үеийн малчин залууст туршлага болгон өвлүүлэх бүтээл боллоо хэмээн уг номыг өндрөөр үнэлж, хүүхдүүдийн хичээлийн сурах бичигт хүртэл оруулж байсан түүхтэй. “Би муу малчныг харж сайн малчин болсон”, “Мал хайраар өсдөг амьтан” гэх Очир баатрын үгнүүд Монголын малчдын дунд афоризм болж “Нойрыг сэрж бардаг, ажлыг хийж бардаг” хэмээх ончтой үгнүүд одоо хэр нь яригддаг нь аавын минь бүтээл Монголын малчдын ширээний ном болсонтой холбоотой байх. Хоньчин баатар Очирын тухай ном бичсэний учир 30-аадхан насандаа “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан.

-Алдартай дуунуудынх нь тухай асууя. Хайдавын Сэргэлэн хөгжмийн зохиолчтой “Дэлтэй шувуу”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хаврын найраг” гээд олон хит дуу хийсэн?

-“Тэмээн дээрээс наран ойрхон” дуу тэмээчдийн улсын зөвлөгөөн болох жил зохиогдсон гэдэг. Тэр чинь 1975 он байх. Хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ах аав руу утасдаад “Шаагаа ах аа тэмээчдийн улсын зөвлөгөөн болох гэж байна. Тэмээний тухай дуу хийе, хоёулаа. Та нэг дууны шүлэг өгөөч” гэжээ. Аав хариуд нь утсаар “Соньхон зэрэглээт говь минь

Солонгын долоон өнгөтэй дээ

Солбио хүрэн ат минь хө

Сарын газрын жонжоотой доо” гэж хэлээд үндсэндээ эхний бадгаа шууд л утсаар хэлчихсэн гэдэг юм. Тэр хоёрын харилцан яриан дунд л гэнэт аавд минь тийм тансаг мөрүүд ороод ирсэн байгаа юм. Сэргэлэн ах хөгжмөө биччихээд дараагийн бадгуудыг нь ааваас нэхэж бичүүлж авсан.

“…Солбио хүрнээ унахаар

Тэнгэрийн наран ойрхон доо

Цолмон чамайгаа зорихоор би

Наран шингэхэд хүрнээ” гэдэг ч юм уу, мөн

“…Шижиртэн туяарах говь минь

Шинэхэн айл шиг өнгөтэй дээ

Ширээ атны минь жонжоонд нь

Тэнгэрийн хаяа тэлээстэй дээ…” гэх шүлгийн чамин мөрүүдтэй, уран гоё нугалаатай Сэргэлэн ах, аав хоёрын энэ дуу тэмээчдийн сүлд дуу болж алдарт дуучин Адарсүрэнгийн хоолойгоор ард түмний сэтгэлд хоногшсон. “Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн дээрээс ойрхон дуу” дөнгөж төрөөд л, Адараа дуулаад мөн ч гоёхон юм болж байлаа” гэж малчдын, тэмээчдийн хоолой зангируулан ярихыг сонсож энэ сайхан бүтээлийг туурвисан ааваараа бахархдаг юм. Хайдавын Сэргэлэн гэж авьяас билигт гайхалтай хөгжмийн зохиолч, аав хоёр үнэхээр гар сэтгэл нийлсэн уран бүтээлчид байсан. “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу”, “Тод магнай”, “Хаврын найраг” гээд чухамхүү монгол хүний сүлд хийморийн дуудлага болсон энэ сайхан дууныг бүтээсэн. Ажнай хүлгээ, эрдэнэт мал сүргээ магтсан Монголын ард түмэн, ялангуяа малчин түмний өргөл болсон эдгээр бүтээлүүд зуун зуунд мөнхөрч үлдэх нь дамжиггүй. “Тахийн удамт монгол адуу, тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу, эрийн заяа молор эрдэнэ минь эргээд олдошгүй морин эрдэнэ минь” хэмээх “газраар нисдэг дэлтэй шувуу” бол аавын минь гайхалтай бүтээл. Адуугаа дээдэлдэг, ажнай хүлгээ молор эрдэнэ морио дээдэлдэг ард түмний сүлд хийморь болсон дуу. Уг дууны гэрэлт хөшөө төрсөн нутаг Булган аймгийн Орхон суманд Орхон голын хөвөөн дээр байгаа. Булганы морин холбооны Шар Даваа ах санаачилж уг дууны хөшөөг босгож байсан. “Тод магнай” бол бас л морины хийморьтой дуу.

“Доохноо болбол замын хар алхаатай

Дээхнээ болбол задгай суман хатираатай

Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн

Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зээ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай

Найман ганзага сугсран наадах гараатай

Согоо чих нь солбин солбин сортолзоод

Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зээ” гээд дуулахад монгол эр хүний ид бах төрдөг болов уу. Олон сайхан дуучид дуулж байна. Мөн “Хаврын найраг” гэж дуу бий. Ёстой л малчин түмний хаврын найргийг бүтээсэн дуу гэж хэлж болохоор. Сүүлд гавьяат С.Жавхлан, Т.Баясгалан нар сайхан клип хийлгэсэн байсан.

“Аргалын удамт хонин сүрэг маань

Алагланхан сувдранхан өсөж байна

Халзан цагаанхан хурганууд нь хө

Хашаа дүүрэн тоглонхон байна

Янгирын удамт ямаан сүрэг маань

Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна

Яргуй цэнхэр ишигнүүд нь хө

Ямаан хадандаа дүүлэнхэн байна

Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ

Үй түмээр өсгөсөн

Малчин түмний минь алдар аа

Малчин түмний минь алдар аа” гэхэд хэн хүний сэтгэл хөдөлдөг.

-“Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргав аа

Унаган бие минь жаргасны учир

Ухаан бодлоо тандаа зориулъя” гэж “Эх орон Танаа” хэмээх гайхалтай дуу бий. Эх орондоо найрагчийн ёстой л зүрхний угаас бичигдсэн шүлэг, хөгжмийн хувьд маш гайхалтай, мэргэжлийн том дуу юм даа?

-“Эх орон танаа” дуу бол хөгжмийн зохиолч Б.Цогоотой хийсэн бүтээл. 1975 онд төрсөн дуу болов уу. Тэр он жилүүд бол аавын минь жинхэнэ оргил бүтээлүүд нь төрсөн үе байж дээ. Цэргийн ансамблийн дуучин Гэрэлт-Од цэрэг хувцастай анх дуулж олноо хүргэсэн. Үндэсний телевизийн алтан сан хөмрөгт байдаг юм. Хөгжим судлаач урлагийн мэргэжилтнүүдийн үнэлснээр үнэхээр том дуу гэдэг. Уг дуунаас аавын минь эх орондоо хайртай, найрагчийнх нь халуун сэтгэл мэдрэгдээд байдаг.

Манай аав чинь “Шинэ хөдөө”, “Бодлын солбицол” сонинд ажиллаж, “281-ийн холбоо”-нд Төрийн шагналт найрагч Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар нарын хамт тэргүүлэгч гишүүнээр хүчин зүтгэж байсан. Мөн “Монгол адуу”, “Монгол тэмээ” нийгэмлэгүүдийг үндэслэн байгуулсныг тэр үеийнхэн сэхээтнүүд шагшран ярьцгаадаг. Тийм л нийгмийн зүтгэлтэн олныхоо дунд явсан хүн. Зохиолч найрагч хөгжмийнхөнтэй үнэхээр шадарлаж явсан. “Спортын мэдээ” сонины эрхлэгч байхад нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ажил дээр нь ирж уулзаад гарч л дээ. Чинжиг ахыг гарсны дараа аав ажлынхандаа “Энэ залуу удахгүй мундаг хөгжмийн зохиолч болно доо” гэж байж. Яг л Шаагаагийн хэлснээр Чинзориг мандаад гараад ирсэн шүү гэж ажлын нөхөд нь дурсдаг байв.

-Ер нь танайхаар хэн хэн орж гарч байв даа?

-Тэр үеийн сэхээтнүүд бүгд орж гарч ээжийн минь гарын цайг ууж, гэрийн босгыг элээсэн. Хүүхдийн нэрт зохиолч Гэндэнгийн Сэсмээ, Жамбалын Зана, за тэгээд Төрийн шагналт Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шаравын Сүрэнжав, шатрын Данзан гээд манай байнгын зочид. Мөн радиогийн боловсон хүчин Халтар, хожим “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч болсон яруу найрагч Сүхбаатарын Батмөнх, хүүхдийн зохиолч Самбуугийн Надмид гээд олон сайхан нар ирдэг байлаа.

Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн эцэг гэгддэг Цэрэндоржийн Мөнх гуайнх 120 мянгатад манайтай нэг байр байлаа. Аав “Би дөрвөд, сартуул, буриад гурван найзтай” гээд л тас тас инээдэг сэн.Дөрвөд нь данхар Готов гэж хүүхдийн эмч. Их сургууль хамт төгссөн эрхэм. Сартуул гэдэг нь Завханы зохиолч Шаравын Ванчаарай гуай. Буриад нь шүүмжлэгч зохиолч Ц.Мөнх юм даа. Булганы Тэшиг сумын буриад хүн байсан. Аавыг бурхан болоод гуравдугаар эмнэлгээс гаргахад Ванчаарай ахтай би шарилыг нь өргөхөөр моорогт орсон. Хүүхэд байсан болохоор яах ч учраа олохгүй байхад Ванчаарай ах “Алив цээжнээс нь өргө” гээд өөрөө хөлнөөс өргөж ясыг нь барьж байлаа. Ц.Мөнх ах минь оршуулах ёслол дээр андын хувьд үгээ нулимстай хэлж байсан нь тодхон байна. Аавын минь найзууд тийм л үнэнч сайхан нөхөд байсан. 1994 онд аав минь 59 насандаа бурхан болсон. Одоо бодоход ид залуу хийж бүтээх насандаа бурхан болжээ гэж харамсдаг. “Шувууд буцах цаг” номыг нь бурхан болсных нь дараа Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат хэвлүүлж байсан. Аавыг нутаглуулсан Далан давхарт Хадбаатар аваргыг оршуулсан газар их ойрхон байдаг юм.Том ахын минь хуримнаар Ж.Мөнхбат аварга, Д.Хадбаатар аварга нар ирж байсныг би мартдаггүй. Хадаа аварга манай орны пүршийг шаланд тултал сууж байж билээ. Хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ах манайхаар ирж ганц нэг юмны бөглөө мултлан хундага жингэнүүлэн уран бүтээлээ ярьж суудаг сан. Тэр том хөгжмийн зохиолч мундаг хүн хэрнээ ааваас минь баахан жийрхдэг байж билээ. Яасан дэгтэй журамтай, ёс зүйтэй ах захаа хүндэлж биесээ хайрладаг байсан юм бэ гэж бодогддог. Бүгд л ээжийн минь цай хоолонд дуртай гэж жигтэйхэн.

Ээж минь Мишигийн Найдан гэж айлын том охин, араасаа найман дүү дагуулсан буян нь дэлгэрсэн бурхан шиг хүн байлаа. 1957 онд аавтай минь танилцаад тулгын гурван чулуу шиг гурван хүү төрүүлсэн дээ. Ээж минь залуудаа Найрамдалын районы эвлэлийн ажилтан хийж байгаад Багшийн дунд сургуулийн номын санчаар ажилласан.

-Пэрэнлэйн Лувсанцэрэн зохиолч, утга зохиол шүүмжлэгч Ж.Төмөр нартай явж байгаад осолд орсныг утга зохиолын хүрээнийхэн бүгд мэднэ. Удвал гуай тэр хүнд мэдээг танай ээжид ирж дуулгасныг Цогтжаргал ах ярьж байсан. Гаадамба гуай “Манай Шагдар 100 насална аа, тэр айхтар ослоос амьд гарсан” гэж хэлдэг байсан гэдэг. Өөрөө бол хамт явсан хоёр нөхөртөө их л харамсдаг байсан юм билээ. Тэр тухай та товчхон хэлэхгүй юу?

-Удвал гуай Зохиолчдын хорооны дарга байхдаа Азербайжан руу зохиолчдын ойд гурван зохиолчоо явуулсны нэг нь манай аав байсан. Унаж явсан машин нь том оврын машинтай мөргөлдсөн тэр айхтар ослоос аав маань машины хаалгаар шидэгдэн гарч эгмээ хугалаад амьд үлдсэн. Улсын баатар Жүгдэрнамжил гэж хүний хүү утга зохиол судлаач Төмөр газар дээрээ нас барж Лувсанцэрэн зохиолч түлэгдэлтийн айхтар хүнд шархаа дийлэлгүй удалгүй өнгөрсөн үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Далан хоёр онд би гурван настай хүүхэд байсан. Удвал гуай ирж ээжид тэр харамсалтай мэдээг халган байж дуулгасныг Цогоо ах ярьдаг. Сайхан нөхдөө алдаад аав минь их л харамсаж бараг л өөртөө бурууг тохох мэт санааширч, сэтгэл шимширч явдаг байсан. Сэтгэлийнхээ гунигийг үе үе сархдаар тайлж байсныг ч би бага хүүгийнх нь хувьд мэдэх юм.

Аав маань тухайн үед Болгар, Чехословак, Румын гээд олон орноор явж, утга зохиолын олон улсын хурал чуулганд их оролцдог байсан. Горькийд явж сурах байсан юм гэдэг. Тухайн үеийн Зохиолчдын хороон дарга явуулаагүй гэх яриа байдаг юм. Гэхдээ аав инээд алдаад тийм зүйлийг тоодоггүй, ач холбогдол өгдөггүй эрсхэн эр байж дээ. Аавдаа зориулж “Хэн нэгний ард сундалдаж яваагүй эр хүн” гэж бичиж байсан. Өөрийн сэтгэл зүрхний зангаргаар хүний хорвоог туулж ардынхаа дунд эгэл зөөлөн эгшиглэх сайхан хайр, сайхан найргийг үлдээж дээ гэж боддог. “Хүний хайрыг дааж явсан бол миний шагнал, хүмүүсийн хайрыг татаж явсан бол миний гавьяа” хэлдэг. Энэ л дөрвөн мөр аавын минь амьдралын  мөр байжээ.

Ярилцсан Н.Г

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын баяр хэмээх “дайн” ид дундаа байна

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………..


Бидний баяр хэмээх “дайн” ид дундаа байна. Энэ “дайн” жил бүр сар шинийн баяраар эхэлдэг. Шинэ жилийн баяраар юу болдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Мэдээж хөл толгойгүй л юм болно. Албан байгууллага болгон  дор бүрнээ тэмдэглэнэ.
Энэ бол манайд ганц сайн үйлчилж байгаа бичигдээгүй хууль юм. Тэмдэглэх тэмдэглэхдээ бүр хамаг байдгаа шавхахыг нь яана аа. Энэ байгууллага цаашаа ажиллаж чаддаг л байгаа гэж айхаар нүсэр тэмдэглэнэ. Социализмын хуучин үнэрээсээ салж амжаагүй nуйлагнасаар байгаа албан байгууллагуудын баярт уригдах шиг там байхгүй. Нялуун гэж жигтэйхэн. Бялдуучлал гэж чухам юу болох, за тэгээд аливаад эрээ цээрээ алдсан байдал, увайгүй зан ааш, ухаан жолоогүй архидалт, алдар нэр, ашиг хонжооны төлөө юугаа ч золиослохоос буцахгүй өрөвдмөөр дүр төрхийг дээрх “дайны талбар”-аас бүрэн харж болно. Нэг л сайхан шилэн болор хундага, оргилсон дарс, гоёмсог улаан даашинз, эрээн зангиа л байгаад байдаг. Яг үнэн чанартаа хүнийг хүн биш болгож, улс орныг туйлдуулж, элгээр нь мөлхүүлж, хөсөрдүүлж орхидог зүйл бол баяр. Дарга даамал, ихэс дээдэстээ тал зассан, амин хувьдаа оноо цуглуулсан дур гутам дэндүү нялуун, худлаа манж үгний араас залгуулж харшуулсан хундаганы тоо хэрээс хэтэрч, тас тас
инээсэн ганган хүүхнүүд улам нүцгэлэн, хас гуяараа олны нүдийг хужирлана. Түүнд нь нүдээ унагасан эрчүүд улам шүлэнгэтэж,
хундаганы амсраас уруулаа салгаж чадалгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа юм юм л болдог биз ээ. Ухаан мэдрэлээ
алдсан ч бурхны авралаар осгож үхэлгүй гэрийн бараа харах шиг том баяр байхгүй. Золгүй нэг нь хөөрхий баярын суманд сийчүүлж амиа алдана даа. Хүйтний эрч хасах 40 хэм хүрч, хотондоо байгаа хонь хүртэл осгож үхээд хонодог өвлийн шөнө баярын ширээний дэргэдээс өөрийн мэдрэлгүй гарч байгаа амьтныг ямархан тавилан хүлээж буй нь ойлгомжтой шүү дээ. Гэртээ согтуу очсон нөхөд шөнөжингөө бөөлжиж, гэр орныхныгоо элдвээр хараан агсам согтуу тавин адгууснаас дор авирлаж, дарсны ширээний ард хэн нэгэнд гомдсоноо үр хүүхэд гэр бүлдээ гаргаж, есөн шидээр авиглахыг нь яана.  Айл гэрийн амар амгалан байдал, аз жаргал юунаас болж эвдэгдэв, өнөөдөр жаргалтай байсан гэр бүл маргааш юуны учир зовлонд унав. Зүв зүгээр амьдарч байсан нэгэн яагаад шоронгийн тав болов.  Нөгөө л баяр хэмээх “дайны” хар сүүдэр нөмөрсөн болохоор тэр ээ.

Өвлийн тэсгим хүйтэн, Улаанбаатарын энэ утааны дэргэд “цэнгэн хөгжилдөх” нь хэтэрхий гангадсан зүйл болоод байна. Баярын дараа эрчүүд нь шартах гэдэг аюулт өвчинөөр өвчилдөг. “Шартах ч яртахаас дор шүү” гэж зовлонг нь мэдэх хүний хэлсэн үг бий. Яртана гэснээс зарим баярын дараа манайд бэлгийн замын халдвар ихэсдэг. Өнөө л “дайны” суманд өртөж байгаа нь тэр. Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр болгон тэмдэглэх талаар манай сонин өмнө нь олонтаа бичиж байсан даа. Хэрвээ гэр бүлийн баяр болгон тэмдэглээд заншчихвал дайны аюулт хор хөнөөлөөс
ангижрах сайн талтай. Хэдхэн хоногийн өмнө сар шинийн баяр болж өнгөрлөө. Бас л бөөн бөглөрөл түгжээ, уур бухимдал, осол
аваар, олон сайхан эрдэнэт хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо, урьд өмнөхөө давтлаа. Эдийн засгийн хувьд элгээрээ хэвтчихсэн,  байдгаа барчихсан хүмүүс л байх шиг. Наанаа инээж
байгаа ч, цаанаа эмээсэн байдал айл гэр, хүн бүрээс мэдрэгдэнэ.  “Уг нь цагаан сар сайхан л даа. Бүтэн жилийн турш бараа зүсээ хараагүй ураг саднаараа уулзаж, өнгөрсөн нэг жилд өрнөсөн “амьдрал”-ынхаа талаар хуучлах зав ганцхан цагаан сараар л олдоно. Жилээс жилд цөөрсөөр, хорогдсоор байгаа өтгөс буурлынхаа амар мэндийг мэдэх завшаан мөн л цагаан сарын буянаар жилд ганц тохионо. Гэхдээ өрх гэрийн төсөв, үрсэн зарсанаа эргээд тооцохоор жилд ганц тохиодог уламжлалт энэ баяр дэндүү нүсэр санагдана. Уламжлал болсон, монгол хүн болж төрсний төлбөр ч гэж хэлж болох цагаан сарыг хөнгөхөн арай өөр маягаар тэмдэглэж занших хэрэгтэй байна.

Урьдыг бодвол ул боов, ууц шүүс, чихэр жимс элбэгшсэн хэдий ч үнэ өртөг нь үнэндээ л тэнгэрт хаддаг аа. Ямар сайндаа “Цаг цагт нэг нэмдэг, цагаан сараар хоёр дахин үржүүлдэг” хэмээн наймаачдад тохируулан өөрчилсөн зүйр үг гарах вэ дээ. Өргөн хэрэглээний болон хүнсний барааны үнэ энгийн үед зарагдаж байснаасаа хэд дахин өсөх нь гайхалтай. Үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн зардал нь огтхон ч нэмэгдээгүй байтал “сар шинийн нэмэгдэл”-д өөрийн эрхгүй өртөж орхих юм аа” гэж нэгэн сэтгүүлч хөндсөн байна лээ. Үнэн л дээ. Ийнхүү баяр хэмээх
хоёр том “дайн”-ыг ард олон туйлдаж, багагүй шархдаж арай нэг давлаа. Гэвч бидний монголчуудын баяр хэмээх “дайн” дуусах яагаа ч үгүй байна. Удахгүй эмэгтэйчүүдийн баяр мартын 8 болно. Залгуулаад эрчүүдийн баяр тохионо. Үүнээс өмнөхөн намын баяр
болно. Мартын 8-ны урд орой буюу гуравдугаар сарын долоонд Улаанбаатарын бүх буудал дүүрэн байдаг гэсэн мэдээлэл бий.

Мартын 8-ны жинхэнэ нүүр царайг дээрх мэдээлэл илчилдэг. Албан байгууллага эмэгтэйчүүдээ баярлуулж байна хэмээн бөөгнүүлэн найрлуулдаг. Тэд нь гэр бүлээсээ, эх эцгээсээ гадуур садарлаж ард буудал саваар хонож байгаа нь тэр. Харин эр нөхрүүд нь болон эцэг эх нь баяр явсаан, оройтно гэсэн. Ганц баяраараа тэгэлгүй яахав хэмээн сууцгааж байдаг. Монголын энэ хүйтэн өвөл дээрх олон баяр давхцахаар эдийн засаг болон хувь хүмүүсийн амьдралд дайн болоод өнгөрсөн шиг нөлөөлдөг.

Бид тэгээд жил бүр мэдсээр байж, харсаар суугаад баяр хэмээх “дайны” хөлд нирвэгдсээр байх уу. Эргэж нэг бодох цаг нь ирсэн
байна аа. Төрөөс зориуд бодлого явуулан жилдээ ганц томоохон баяр тэмдэглэж өнгөрүүлдэг болмоор юм. Тухайн баяраараа харин бүтэн долоо хоног амардаг, цаг агаар тавиун дулаан үед баярласан шиг баярлаж цэнгэдэг болмоор байна. Цагаан сар, шинэ жилийг зөвхөн гэр бүлдээ даруухан тэмдэглэж өнгөрүүлээд бусад жижиг сажиг баярыг огт хийдэггүй болж хэвшбэл манай эдийн засаг болон иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуунд нэн хэрэгтэй дээ. Бидний баяр хэмээх сайн дурын “дайн” үнэн залхмаар болжээ.

Н.Гантулга