Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертын найруулагч сонгон шалгаруулах асуудлыг танилцуулах, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажил, явцын мэдээлэл, Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн зардал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ болон Хүндэтгэлийн тоглолтын үзэгдэл хоорондын залгааг маш тодорхой болгох, илэрхийлэх гэж буй санаа зорилгоо зөв гаргахад анхаарах, нээлтийн арга хэмжээг орой дахин тоглох учраас гэрэлтүүлгийн асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй” гэдгийг санууллаа. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмыг гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид үзэх тул улс орныхоо өв соёл, онцлог байдлыг энгийн ойлгомжтой байдлаар харуулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ зарим орны найрамдалт харилцааг харгалзан үзэж, үзүүлбэрүүдээ бэлдэхийг онцгойлон анхааруулсан.
Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Монгол орныг нийт долоон бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү бодлоготой уялдуулан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусгаж өгөх нь нэн чухал гэдгийг хуралдааны үеэр Шадар сайд онцолсон.

Өнөөдрийн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багуудын танилцуулгыг хийж, ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтыг эцэслэхээр тогтлоо. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний эхний пробыг 06 дугаар сарын 15-нд үзэхээр тогтож, салбар хороод найруулагчийн багтаа дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ эдийн-засаг

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм.

Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн.

Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар мэдээлэл танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж буйг дурдаад форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жалбаажамц үг хэлсэн.

Тэрбээр, Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд өсөлтүүд гарч, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн оролцогчдын идэвх сонирхол нэмэгдэж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо өссөн нь Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн байсныг онцолсон.

2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн байгаа нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулж байна гэлээ.

Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов.

Түүнчлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлснийг форумын үеэр дуулгасан юм.

Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од үг хэлэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од, Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм хэмээгээд, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан Топ-100 аж ахуйн нэгжид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг тэмдэглэв.

Тэрбээр Топ-100 аж ахуйн нэгжүүд болон зах зээлийн мэргэжлийн оролцогчид бондоор хөрөнгө оруулалт татахдаа Ногоон бондыг онцлон анхаарахыг хүсч,  энэхүү бонд нь бидний өнөөгийн хамгийн ихээр ярьж буй ногоон шилжилт, нөгөөн хөгжлийг цогцлооход тодорхой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн гэдгийг энд онцлон дурдсан.

Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь биднээс улам илүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтран ажиллах шинэ хэлбэрүүдийг шаардаж байгааг тодотгоод, Улсын Их Хурлын даргын санаачилж буй “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцогчдын санал, дүгнэлт, илтгэлүүд нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Форумын үеэр Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар оролцсон юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсан нь юм. Энэхүү форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэсэн юм. Мөн тус “Бонд форум-2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын циркийн өдрүүд хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна

Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 22-ныг дуустал өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт болно.

Тодруулбал, дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор уг арга хэмжээг зохион байгуулж буй.

Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна.

Жилд нэг удаа болдог Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл төдийгүй наадмын нээлт нь үндэсний онцлог, түүх, соёл, өв уламжлалаа жуулчдад сурталчлан таниулах хамгийн том энтертайнмент арга хэмжээ билээ.

Энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлт хийгдэж эхэлсэн бөгөөд наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан оройны нэмэлт хөтөлбөр, энтертайнмент арга хэмжээ зохион байгуулна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ

НЭМҮТ: Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн цочмог хордлогод 8 хүн өртсөн

Угаарын хордлогын дөрөвдүгээр сарын 15-16-ны тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.

Тухайн хугацаанд угаарын хийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан найман тохиолдол мэдээлэгдсэн байна. Тодруулбал:

  • Эрэгтэй 37 хувь
  • Эмэгтэй 63 хувь

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлын хувьд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэгт нийт 10 хороо, таван өрхийн найман иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд өглөө оройдоо гэр, байшингийнхаа агаар сэлгэлтийг тогтмол хийж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Зайсангийн гүүрний дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан.

Зүүн гүүрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийсэн. Тэгвэл өнөөдөр Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний дам нурууг угсарч эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар бороо, цас орно

Дөрөвдүгээр сарын 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Европын олимпиадаас монгол охид гурван хүрэл медаль хүртлээ

Бүгд найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод Европын охидын математикийн 14 дүгээр олимпиад болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оюун ухаанаа сорин уралдсан. Дүн гарахад манай баг гурван хүрэл медаль, нэг тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн,

1.”Эрдмийн хишиг” сургуулийн сурагч Наранбаатарын Болор

2.”Орчлон” сургуулийн сурагч Анхбаярын Мишээл

3.”Хархорин” ерөнхий боловсролын гүнзгий сургуулийн сурагч Бандийн Оюунбилиг

4. Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану нар оролцож байна.

Олимпиадад оролцогчид хоёр өдрийн турш тус бүр гурван бодлогыг дөрвөн цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн юм.

Европын охидын математикийн олимпиадыг математикийн чиглэлээр авьяас чадвартай охидыг дэмжих, хөгжин дэвших нөхцөл бололцоогоор хангах зорилгоор 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй.

Европын олимпиадаас монгол охид гурван хүрэл медаль хүртлээ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрэв

Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.

Тодруулбал, алтны үнэ лхагва гарагт 3.3 хувиар өсөж, 3324.50 ам.долларт хүрсэн байна. “Ам.долларын ханш суларч, татвар тарифын нэмэгдлээс үүдэн тодорхойгүй байдал үүсэж, хямралаас болгоомжлох хандлага нэмэгдэж байгаа нь алтны үнэ өсөхөд нөлөөллөө” гэж FXTM фирмийн ахлах шинжээч Лукман Отунуга ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт чухал гэгдэх бүх ашигт малтмалын импортын татварыг судлах үүрэг өгсөн нь худалдааны түншүүдтэйгээ үүсгэсэн маргааныг дахин хурцатгахаас гадна Хятадад дарамт үзүүлж магадгүй байна.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд үүсээд буй хурцадмал байдал нь санхүүгийн зах зээл дэх нөхцөл байдлыг өөрчилж, хөрөнгө оруулагчдыг алт гэх мэт эрсдэл багатай активуудыг худалдан авахад нөлөөлөх болжээ. Тарифын маргаан, бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт, Төв банкны худалдан авалт зэргээс шалтгаалан алтны үнэ  он гарснаас хойш ойролцоогоор 700 ам.доллараар өсөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад орууллаа.

Тус агуулахад хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр нийт 72 баллон хүчилтөрөгчийг хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх юм.

Хүчилтөрөгчийн агуулахын барилгын зураг төслийг “Дукат” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.