Categories
мэдээ нийгэм

СОНГУУЛЬ: Нийт 17277 нэр дэвшигч дэвшигчийн 11673 эрэгтэй, 5604 эмэгтэй байна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд намууд нэр дэвшүүлсэн байдлыг харвал,

Монгол ардын нам 7982, Ардчилсан нам 7872, ХҮН нам 324, Иргэний хөдөлгөөний нам 297, Иргэний зориг ногоон нам 220, Үндэсний эвсэл 151 хүн нэр дэвшүүлжээ.

Нийт 17277 нэр дэвшигч дэвшигчийн 11673 буюу 67.6 хувь нь эрэгтэй, 5604 буюу 32.3 хувь нь эмэгтэй байна.

Монгол ардын нэр дэвшигчийн 31.4 хувь, Ардчилсан намын нэр дэвшигчийн 32.3 хувь, ХҮН намын нэр дэвшигчийн 39.5 хувь, Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигчийн 35.4 хувь, ИЗНН-ын нэр дэвшигчдийн 50.5 хувь, Үндэсний эвслийн 37.1 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

Энэ удаагийн сонгуульд МАН 7982, Ардчилсан нам 7872 нэр дэвшигч дэвшүүлжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлд өөрчлөлт орууллаа DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/118 дугаар тушаал гаргалаа.

Ингэснээр Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлийн замналыг Хайрханы шинэ эцэс, Цамбагарав, 176-р цэцэрлэг хүртэл сунгаж Д:4 “Хайрханы шинэ эцэс-Алтай-Цамбагарав-176р цэцэрлэг” болгон өөрчлөлт орлоо гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын барилга угсралтын ажлыг 2025 оноос эхлүүлнэ DNN.mn

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээсэн. Уг замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дууссан тул барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ хүрээнд ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусган, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.

Мөн Эрчим хүчний гудамжийг дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгаран, ажлыг эхлүүлээд буй. Түүнчлэн эл замыг өргөтгөхөд нийт 59 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран өнөөдрийн байдлаар 16 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн ажлыг дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байгааг онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1140 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1140 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар сонгуулиа бодсон бол зам засвараа хойшлуулах байлаа DNN.mn

 

Нийслэлийн зам засварын ажил энэ жил сургууль, ажил орохтой зэрэгцэж эхэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Харин хотын дарга Х.Нямбаатар энэ шүүмжлэлийг тоохгүй зүтгүүлсээр л байна. Угаасаа төсөв мөнгө нь саяхан батлагдсан болохоор ингэж хожуу эхлэхээс өөр аргагүй байсан гэдэг тайлбарыг холбогдох албаныхан өгч байсан. Ингээд хүйтний улирлаас өрсөөд хэдэн замаа янзлаад авъя гээд зүтгэсэн хэрэг. Гэтэл орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид явж байгаа учраас нөгөө нам, эвслүүд нь үүнийг эсрэг байдлаар ашиглаж байх шиг байна.

Тэгэхээр Х.Нямбаатар ингэж балбуулж байхаар өөрийн сонгуулиа бодсон бол энэ жил зам засварын ажлаа хойшлуулах байлаа. Ер нь яаж ч бодсон хувийн ялалтаа бодсон хүн яг сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд зам засвар хийж, иргэдээ бухимдуулаад сууж байх вэ дээ. Үүнийхээ оронд сонгууль өнгөртөл чих амар сууж, өөрийн болоод намынхаа сурталчилгаандаа бүрэн анхаарал хандуулж болох байв. Харин тэгэлгүйгээр хийх ёстой ажлаа амжуулж байгаа нь улаанбаатарчуудаа бодсон хэрэг гэж хүмүүс хэлж байна. Ер нь манайх шиг улсын нийслэлийн даргыг “Бүдүүн зүрх”-тэй, элдвээр хэлүүлж сурсан хүн л хийнэ. Утаа, түгжрэл гээд асуудал нь ямар мундах биш. Тэгэхээр ялсан, ялаагүй хамаагүй хотдоо л ажил хийе. Эвдрэл, цоорхойтой хэсэг замаа засаад авъя. Түгжрэл бага ч гэсэн буурах байх гэсэн байдлаар асуудалд хандаж, сонгууль бус өмнөх ажлаа хийж байгаа Х.Нямбаатарын сэтгэлийг нийслэлчүүд ойлгож байгаа бололтой. Анх зам хааж засвар эхлэхэд түгжрэл нэмлээ, ажил алдууллаа гэх шүүмжлэл хэлж байсан хүмүүс одоо арай өөрөөр хандах болсон байна.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чойжилсүрэн: Монгол Улс 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно DNN.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр ярилцлаа.


-Олон жилийн дараа Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээ ашиглалтад оруулж байна. Энэ утгаараа тус цахилгаан станцын ач холбогдлыг та салбарын сайдын хувьд хэлэхгүй юу?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт-ын эхний блок ийнхүү ашиглалтад орж, анхны галлагаагаа эхлүүллээ. Ингээд эхний хоёр сар туршилтын ажиллагаа бүрэн дуусна. Өвөл хаяанд ирлээ. Тэр дундаа 2024-2025 оны өвлийн ид ачааллын үеэр энэхүү станцын ач холбогдол илүү тод мэдрэгдэнэ. Энэ утгаараа тус станцыг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн “Бодь групп”-ийнхэндээ Эрчим хүчний сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Бөөрөлжүүтийн станцын эхний энэхүү блок анх 2016 онд барилга угсралтын ажил нь эхэлж, түүнээс хойш найман жилийн дараа галлагаагаа асааж байна.

-Өвлийн оргил ачааллын үед ач холбогдол нь илүү мэдрэгдэнэ гэлээ. Яг ямар байдлаар тооцоолол гарч байгаа юм бэ?

-Юу л даа, өмнө буюу 2022 оноос өмнө манай улсын цахилгаан эрчим хүч хэрэглээ энергийн хувьд 4-ээс 4.8 хувьтай, өвлийн оргил ачааллын үед дээд тал нь зургаан хувь хүртэл өсч байсан. Харин ковид дууссаны дараа манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, оргил ачааллын үеэр чадлын хувьд 12 хувь хүртэл өсч байсан. 12 хувь өснө гэдэг бол ойролцоогоор 210 гаруй Мвт-ын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа энэ өвөл ийм хэмжээний эрчим хүчний хэрэгцээ бидэнд байсан. Тэгэхээр 210 Мвт-аар өсч байгаа хэрэгцээний 150 Мвт-ыг энэхүү Бөөрөлжүүтийн цахилгаан станц орлох боломжтой болсон нь маш сайн мэдээ. 150 Мвт гэдэг бол зөвхөн эхний блокоос гарах хүчин чадал. Энэ төсөл нь нийт 600 Мвт хүчин чадалтай цахилгаан станц байгаа.

-Тэгэхээр дараа дараагийн блокууд хэдэн оноос эхэлж галлагаагаа эхлүүлэхээр байгаа юм бэ?

-Эхнийх нь бид сая ашиглалтад хүлээж авлаа. Харин хоёр дахь блокийг ирэх оны 10, 11 дүгээр сарын үед ашиглалтад авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин гуравдугаар блокийг 2027 онд багтаан ашиглалтад оруулна гэдгийг хөрөнгө оруулагчид бидэнд хэлсэн. Тэгвэл эцсийн блокийг 2028-2029 онд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байгаа юм. Ингээд үндсэндээ 2029 он гэхэд Монгол Улсад 600 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц бүрэн чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ станцын онцлог нь уурхайгаа өөрсдөө ашиглалтад оруулсан. Тэрхүү уурхайгаасаа конверт буюу туузан дамжлагаар нүүрсээ станц руугаа зөөдөг технологитой. Ерөнхийдөө хувийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болж байна. Цаашлаад бусад хувийн хэвшлүүддээ хандаж хэлэхэд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг уриалж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарыг либералчлах асуудлыг оруулж өгсөн байгаа. Энэхүү асуудалд та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ. Энэ бодлого бодитой хэрэгжих үү?

-2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн том зорилтуудын нэг. Тэгэхээр либералчлах асуудал дан ганц яам хийчихдэг зүйл биш. Олон цогц ойлголтууд цаана нь явдаг. Юутай ч эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ бид бүрэн дотоодоосоо хангадаг болох зорилтыг тавьж байгаа. Ингэхийн тулд зөвхөн станц барина гэдэг бол өрөөсгөл. Хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, бусад асуудлыг иж бүрнээр нь хийж байж эрчим хүчний хэрэглээгээ хангана. Энэ утгаараа Монгол Улс 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно гэдэг зорилтыг тавьж ажиллаж байна.

-Эрчим хүчний үнэ өртгийн хувьд ямар байх бол. Үнийн асуудал сүүлийн үед их яригдах болсон шүү дээ…?

-Үнийн хувьд нэг киловатт цагийн эрчим хүчийг 8.95 центээр нийлүүлнэ гэсэн цахилгаан худалдан авах гэрээ байгуулчихсан байгаа. Өмнө нь ашиглалтад орчихсон яваа ДЦС-4-ийн хувьд дунджаар манай цахилгаан эрчим хүчний нэг кловатт цагийн үнэ 280-285 орчим төгрөгийн үнэтэй байна. Энэ үнийг ахуйн хэрэглэгчдэдээ бид 140 төгрөгөөр тооцон өгч байгаа. Өөрөөр хэлбэл, өртөг нь 258 төгрөг атлаа хэрэглэгчдэд 140 төгрөгөөр өгч байна гэсэн үг. Тийм болохоор сүүлийн жилүүдэд манай төвийн эрчим хүчний систем эдийн засгийн хувьд алдагдалтай ажиллах болсон нь үнэн.

-Удахгүй ашиглалтад орох, ажил нь эхэлчихсэн өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр юу байгаа вэ?

-Улсын хэмжээнд тусдаа хоорондоо холбогдоогүй бие даасан дөрвөн эрчим хүчний систем үйл ажиллагаагаа явуулж байгаа. Баруун бүсийн хувьд эрчим хүчнийхээ ихэнх хувийг бид ОХУ-аас импортоор авдаг. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орох ажлыг яарах хэрэгтэй байгаа. Энэ ажил эхэлчихсэн явж байна. Юуны өмнө 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахын тулд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай бүх хэлэлцээрээ хийж дууссан байгаа. Энэ жилээс бүтээн байгуулалтын ажил нь эхлээд явж байна. Өнгөрсөн жилүүдэд баруун бүсэд хамгийн өндөр буюу 54 Мвт-ын эрчим хүч шаардсан гэж үзэхэд энэхүү 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихвол ойрын жилүүдэд бид баруун бүсээ эрчим хүчээр дотоодоосоо хангаад явна гэсэн үг. Зүүн бүсэд бид Дорнодын цахилгаан станцыг 50 Мвт-аар өргөтгөсөн. Тэгэхээр энэ жилийн тухайд төвийн бүсээс зүүн бүс рүү явуулдаг эрчим хүч хэмнэгдэнэ. Тодорхой хэлбэл, төвийн бүсэд 30 Мвт-ын чадал сул гарч ирж байгаа гэсэн үг. Өмнө бүс бол төвийн эрчим хүчний системтэй 100 хувь холбогдчихсон. Тэгэхээр төвийн эрчим хүчний систем дээр л дутагдал гарна гэсэн үг. Үүнийгээ зүүн бүсийнхээ хэмнэлтээр нөхчихнө. Цаашид Бөөрөлжүүтийн цахилгаан станц үе шаттайгаар нэмэгдэнэ. Мөн Төв аймгийн Баян сумын нутагт бид сая 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах шаваа тавилаа. Багануур дээр 50 Мвт-ын хүчин чадалтай батерей хуримтлалын станцыг ашиглалтад оруулах гэж байна. Ингээд том зургаараа Монгол Улс эрчим хүчнийхээ хараат байдлаас гарч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох боломж нээгдэж байгаа юм аа.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ удаагийн “коммун”-ыг тэр жилийн коммун шиг илээд өнгөрөхгүй DNN.mn

Өнөө жилийн УИХ-ын сонгуулиар “Шинэ хоршоо чинээлэг малчин” хөтөлбөрийг эрх баригч МАН-аас Монгол орон даяар нийт малчдад гол уриалгаа болгож явуулсан. Санаачилж зохион байгуулсан хүн нь одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Малчид нэгдэж тухайлбал, есөөс дээш өрх айл нэгдэж хоршоо байгуулаад нэг малчин өрх нь жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая хүртэлх төгрөгийг 3-5 жилийн хугацаатай авсан.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд 60 орчим мянган малчид гишүүнээр элсэж, улсын хэмжээнд 5637 хоршоо байгуулагдсан гэх тоо баримт гарсан. Үүнээс 14.381 малчны 3.467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг жилд 500 тэрбум төгрөг төлөвлөсөн гэж мэдээлж байсан ч цаашид малчдад энэ жилдээ лав зээл өгөх боломжгүй гэдгийг банкны зүгээс мэдэгдсэн. 495 тэрбум төгрөгийн зээлийн 78.8 хувийг Төрийн банк, 21 хувийг Хаан банк олгожээ. Зээл зогссонд Д.Амарбаясгалан дургүйцсэн.

Тэрээр “УИХ, Засгийн газар энэ хөтөлбөрийн нийт санхүүжилтийг таван их наяд гэж баталсан. Ийм байхад төрийн байгууллагууд малчдад хүнд суртал үүсгэж зээл олгохгүй хүлээлгэж байна” гэсэн бол УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд зээл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан арилжааны банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх шаардлагыг Төв банкны удирдлагад тавьсан. Ямартаа ч 495 тэрбум төгрөг малчдын халаасанд оржээ.

Хоршооны гишүүн болж зээлд хамрагдсан малчид төрөөс энэ их мөнгийг зүгээр үнэгүй тараагаад өгч байгаа юм шиг тийм гэнэн сэтгэхүйтэй байна. Нийт малчдын ярьж буйгаар бол “Бид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий гишүүн болсон. Бидэнд зургаан хувийн хүүтэй зээл өгсөн. 30-50 сая төгрөг гар дээрээ авлаа. Эхний жилдээ зээлийн хүүгээ л төлнө. Мөн малчдын өмнөх зээлийг нэг жилээр хойшлуулсан. Төр засаг малчдаа харж үзлээ. Амарбаясгалан дарга, Ардын нам маань ивээлээ” гэх утгатай үг хэлж, хөөрцгөөж байна.

Гэвч “Шинэ хоршоо чинээлэг малчин” хөтөлбөрийг Ардын намын сонгуулийн пиар, Монголын мал аж ахуйд хамаарагддаг 300 хүний саналыг авахын тулд хийсэн ажил гэдгийг улстөрчид, эдийн засагчид хэлж байгаа. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сонгуулийн сэдэв болгон МАН сэвлээ. Улс төрийн асуудал болохоор хэн нэгэн субьект нь хожно. Нөгөө нэг нь хохирно. Яг нарийндаа мал аж ахуйн талаарх бодлого ямар байхдаа биш, харин уг бодлогыг тойрсон улс төр яаж өрнөх нь ярвигтай асуудал үүсгэнэ. Сонгуулийн халууралдаа хөтлөгдөөд эдийн засгийн бүхэл бүтэн салбараар ингэж тоглож болохгүй” гэдгийг айхтар анхааруулсан бол эдийн засагч Л.Оюун мөн сонгуультай холбоотойг хэлсэн.

“Хоршоотой холбоотой уг асуудлыг яалт ч үгүй сонгуулийн саналыг худалдаж авах нэг арга гэж харсан. Их яаруу сандруу, гэнэт л сонгуулийн өмнө ярьж эхэлсэн нь тийм сэтгэгдэл төрүүлсэн. Уул нь жаахан ул суурьтайгаар асуудлыг авч үзэж, малчид хоршоогоо яаж хөгжүүлэх вэ гэдгээ урьдчилан төлөвлөж, түүндээ зориулж энэ зээлийг авах ёстой байсан юм. Түүнээс зүгээр тарааж байгаа юм шиг ингэж өгнө гэдэг өөр ойлголт” хэмээн эдийн засагчид өөрсдийн байр суурийг маш тодорхой илэрхийлсээр ирсэн.

Яг одоогийн нөхцөл байдал зээл зогссон, 495 тэрбумыг малчдад өгсөн гэх мэдээлэлтэй байна. Хоршоонд элсэж зээл авсан малчидтай холбогдоход “Энэ жил зээл төлөхгүй, зөвхөн хүүгээ төлнө. Таван га газартаа бид нийлж үйлдвэрлэлээ явуулна” гэхээс өөр тоймтой хариултгүй байна. Хоршоо байгуулаад үйлдвэрлэл явуулж байгаа, ажил нь эхэлчихсэн, орлого олж байгаа газар ховор байна. Тэгэхээр энэ асуудал эдийн засагчдын, тулхтай улстөрч ард иргэд, бизнесийнхний хэлээд байгаачлан ёстой ярвигтай асуудал болж хувирах нь. 50 сая төгрөг авсан малчин хүүгээ төлөөд энэ жилийг давдаг юм аа гэхэд ирэх жилээс зээлээ төлж эхэлнэ. Зургаан хувийн хүүтэй 50 саяын зээлийг тухайн иргэн дөрвөн жилийн хугацаанд 56 сая 400 мянга төгрөг болгож төлнө. Энэ мөнгийг жилээр нь тооцвол жил бүр 14 сая гаруй төгрөг төлнө. Сараар нь тооцвол сар бүр 1 сая 200 мянга орчим төгрөг төлнө.

Сар бүр 1 сая 200 мянган төгрөг төлнө гэдэг бол энгийн нэг малчин өрхөд тийм ч амар даваа биш. Өмнө нь малчны зээлтэй байсан бол бүр ч амаргүй нөхцөл үүснэ. Малчны зээлтэй байсан малчдын 1.2 их наяд төгрөгийг Засгийн газар арилжааны банкуудтай яриад нэг жилээр хойшлуулсан. Үндсэндээ сонгуулийн жил малчид өр зээлгүй юм шиг байгаа. Ирэх жилээс өр зээлийн ямар том буулга нуруун дээр чинь ирэхийг мэдэж байгаа болов уу. Шинэ хоршоогоор малчдад зээл өгөхдөө Засгийн газрын зүгээс байж боломгүй амлалтыг өгсөн. Энэ нь 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн ямар ч барьцаагүйгээр өгнө гэдэг журам. Үндсэндээ барьцаа зээлийн хөрөнгөгүйгээр иргэд зээл авч болно гээд тавиад туучихсан.

Энэ бол маш аюултай зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээрээс нь малчдын зээлийн өр төлөх асуудлыг тухайн хоршооны дарга, удирдагч, өөр хэн нэгэн хариуцахгүй, зөвхөн тухайн малчин өөрөө хариуцна гэдгийг зааж өгсөн байдаг. Үүнийг маш ойлгомжтойгоор хэлэхэд, тухайн хоршоог байгуулсан дарга нэртэй нэг нөхөр, мөн уг ажлыг санаачилсан Ардын нам, Д.Амарбаясгалан үүссэн асуудлыг хариуцахгүй гэсэн үг. Мөнгөний хэрэг гараад хоршоонд элсэж хэдэн төгрөгийн зээл авчихаад дараа нь түүнийгээ төлж чадахгүй, хэдэн малаа банкны барьцаанд маш хямдаар алдах, гэр орноо битүүмжлүүлэх, бүр цаашилбал дээлээ нөмрөх асуудал гарах вий дээ. Ирэх жил ХАА-н салбарт чанаргүй зээлийн асуудал хөндөгдөж магадгүй гэж Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам мэдэгдсэн. Албаны хүний аюултай үг.

Малчид ингэж хамтарч хоршоолж байгаа нь хуучны коммуныг санагдуулж байна. Хуучин цагт хамтрал коммун нэрээр эд хөрөнгө, мал хуйгаа нийлүүлж хэн дуртай нь өдөр бүр тарган хонь хагалж идээд ёстой дур зоргоороо авирласан байдаг. Үзэл суртлын нийгэм байсан болоод ч тэр үү, үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин одоо бол тийм биш. Иргэн та гарын үсгээ зурж баталгаажуулаад банкнаас зээл авсан бол түүнээ заасан хугацаанд нь нэг хоног ч хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй. Хэрвээ төлж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. “Чинээлэг малчин” нэртэй хөтөлбөр нэрэн дээрээ сайхан боловч нидэр дээрээ хатуухан буух байх шүү. Малчид, иргэд та бүхэн минь бодолтой хандаарай даа. Ер нь манай монголчууд дарга хэлсэн юм чинь гээд юуг ч хамаагүй хуйвалдаж хариуцлага, зарчим гэдгийг мэдэхгүй тэнэглэцгээдгээ одоо болих хэрэгтэй. Тухайн цагт эрх мэдэл бүхий дарга нь өөгшүүлж, түүний үгэнд ороод жигтэйхэн баатар болох гэсэн биш эцэст нь хар толгойгоо шаах цаг ирдгийг хаа хаанаа бодох ёстой.

Тэр жил Бөхийн холбоог А.Сүхбат тэргүүтэй нөхөд авна гэж улайрч дайрахад гэмгүй явсан залуу тэдний нөлөөнд, дарга дагасан хөөрөлдөө автан бөхийн өргөөний хаалгыг цөм өшиглөсөн. Үүнийхээ төлөө албан газрын эд хогшлыг санаатайгаар гэмтээсэн гэх заалтаар шоронгийн хаалга татсан. Өөгшүүлж турхирсан Сүхбат тэргүүтнүүд ямар ч гэмгүй үлдсэн. Ийм жишээ захаасаа аваад бий. Тэгэхээр аливаад хэрсүү, ухаантай хандах ёстой. Сонгуулийн халууралд автсан малчин залуус өнөөдрийн таван төгрөгийг бодож хөнгөн хөвсгөрхөн хандсаныхаа гороор байдаг хэдэн мал, хөрөнгөө банкинд тавьж туугаад, эцэстээ шоронгийн хаалга татах өдөр ирэх вий гэдгийг бодож үзээрэй. Банк санхүүгийн асуудал гэдэг бол хэн нэгэн даргын хэлсэн үгээр амар хялбар шийдэгдчихдэг юм биш. Тэгэхээр малчид нь хянуур, бодолтой байж үйлдвэрлэлээ сайн явуулж, өр зээлээ цаг тухайд нь тушаахаа хариуцлагатай санах ёстой. Энэ удаагийн “коммун”-ыг тэр жилийн коммун шиг илээд өнгөрөхгүй шүү гэж сануулаад байгаа минь ийм учиртай.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 6, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 07:02 цагт мандаж 18:18 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан даа…” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НИТХ-д МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын Нийгмийн хөгжил , бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан “Улаанбаатар хотын 40 жилийн хөгжлийг дөрвөн жилд нөхөх боломжтой” гэснийг “Өөрөөс нь” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Жагсаалтын гишүүд ямар нэгэн популизм хийх шаардлагагүй учраас өмнөх ажил дээрээ л төвлөрч байгаа” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “УИХ-ын сонгуулиар “Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан даа…” хэмээн өгүүллээ.

“Ганхүдэр орд” компанийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр “Төр АМНАТ-ийн алдаагаа засах хэрэгтэй” хэмээснийг I болон II нүүрээс уншаарай.

ИЛ ЗАХИДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх Танаа

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдвэл бид улам сөхөрч туйлдана” гэж иргэд бухимдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ: WP: Моссад Хезболлагийн пейжерүүдийг дэлбэлсэн

АРЫН НҮҮР: Монгол залуус минь


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ