Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын 19 албан хаагч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Эдгээр албан хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа  боллоо. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн, дэлхийд энх тайван тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан ажилласны үр дүнд Онцгой байдлын алба хаагчдын нэр хүнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага цаашлаад олон улсад илүү ихээр үнэлэгдэх болсон талаар онцлон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр XIV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, дэслэгч Д.Түвшинтөгсөд Онцгой байдлын байгууллагын тугийг гардуулан өгсөн юм. Мөн үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах эд хэрэгслийг гардууллаа. Тодруулбал, объектын гал түймрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц болон бусад шаардлагатай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 19 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн  гурван офицер, ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, цаг агаар тогтуун байна.

2024 оны аравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 12-ноос 2024 оны аравдугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Ховдын нутгаар секундэд 18-20 метр, 13-15-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд явагдана.

Сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан нийслэл дэх зах, худалдааны төвүүд бүрэн амрах юм.

Categories
мэдээ улс-төр

ЗӨВЛӨМЖ: Сонгогч та санал өгөх байрны мэдээллээ дараах хаягаас хараарай DNN.mn

Сонгогч Та санал өгөх байрныхаа хаягийг https://election.burtgel.gov.mn/ холбоосоор харна уу. 

Санал авах цаг 07.00-20.00

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагийн ачааллыг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан шинэ гүүр эсрэгээрээ түгжрэлийг нэмэгдүүлсэнд иргэд бухимдаж байна DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэл хэдхэн жилийн өмнө хэсэг, хэсэг газартаа л түгжирдэг байсан бол өнөөдөр хаа сайгүй, өдөр, шөнө ялгаагүй түгжирдэг болсон. Тэр дундаа “мөнхийн таглаа” гэх Яармагийн авто зам өглөө зургаан цагт гарсан ч ажлаасаа хоцорно. Ажил орой 18 цагт тарлаа гэхэд гэртээ 22 цагт очвол баярладаг болж. Зөвхөн Яармагийн авто зам гэлтгүй хаа сайгүй л түгжрэл их байна. Тиймээс нийслэлээс түгжрэл бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч дорвитой шийдэлд хүрэлгүй өдийг хүрлээ.

Түгжрэлийг багасгах зорилгоор өнгөрсөн сарын 28-нд Яармагаас ТЭЦ-IV хүртэлх шинэ гүүрийг ашиглалтад оруулсан. Гэвч энэхүү гүүр түгжрэлийг багасгах нь битгий хэл нэмэгдүүлж байгаа талаар иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсээр байна.

Тиймээс шинэ гүүрний нөхцөл байдал, хөдөлгөөн ямаршуу ачаалалтай байгааг сурвалжлахаар очлоо. Биднийг очиход автомашин гэхээс илүү ганц нэг алхаж яваа хүн, скүүтерээр тоглох залуучууд угтан авав. Угтаа тус гүүр Яармагийн түгжрэлийг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч Яармагийн авто зам хоёр урсгалдаа ачаалалтай харагдаж байсан ч энэхүү гүүрээр зорчих хөдөлгөөн ховор байлаа. Өөрөөр хэлбэл, зургаан эгнээ бүхий гүүрэн авто замаар автомашины хөдөлгөөн зогсоо зайгүй урсаж байх ёстой атал ийнхүү сийрэг байгаа нь Яармагийн түгжрэлийг бууруулах тооцоолол зөв байсан эсэхэд иргэд эргэлзэж байв.

ЖОЛООЧ Т.МӨНХ-ОРГИЛ: МУХАР ГҮҮР БАРЬЧИХААД ТҮГЖРЭЛ БАГАСГАЧИХСАН МЭТ ЯРЬЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТНУУДАД ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА

Уг гүүрээр зорчиж буй жолооч нараас тодруулга авах гэж нэлээд хүлээж зогссоны эцэст нэгэн жолоочоос тодрууллаа.


Жолооч Т.Мөнх-Оргил: -Гүүрээр зорчиход шинэ болохоор тэр үү явахад асуудал алга л даа. Харин

энэ гүүрийг гараад шууд түгжрэл рүү ордог. Тэр түгжрэлээс төвөгшөөдөг ч үүгээр явахаас өөр сонголтгүй. Мухар олгой гэдэг шиг энэ өргөн замаар явж байгаад огцом хоёр эгнээ нарийн авто зам руу шилжихэд улам их ачаалал үүсэх нь ойлгомжтой. Гэтэл яагаад ийм дэд бүтэц хийсэн юм бэ. Өчигдөр гэхэд энэ гүүрийг даваад цаана нь хэдэн цаг ямар ч хөдөлгөөнгүй зогссон. Автомашин дотроо бараг унтах шахсан даа. Үнэндээ энэ гүүрний учрыг ойлгохгүй байгаа. Цаад талыг нь шийдэж өгөхгүй бол ямар ч нэмэргүй түгжирсээр л байх болно. Энэ гүүрээр яваад баруун, зүүн хаашаа ч эргэсэн түгжрэл. Сонсголон, IV станцын уулзвар нэмэгдсэн болохоор энэ гүүрээр автомашин явахгүй байгаа юм. Бодит амьдрал дээр нийцсэн, асуудлаа харсан бүтээн байгуулалт, шинэчлэлээ хийгээч ээ гэж албан тушаал хашиж байгаа нөхдүүдэд хэлмээр байна. Бүтээн байгуулалт хийж байгаа гээд ямар ч үр ашгаа өгөхгүй байвал улсын төсвийг ач холбогдолгүй, үргүй зарцуулсан гэсэн үг. Нисэх, Яармагийн иргэд бид ч гэсэн адилхан гэр бүл, үр хүүхдэдээ цаг заваа зарцуулмаар байна. Гэтэл энэ түгжрэлд өдрийн талыг барж байна. Хаа хаанаа зөв шийдвэр гаргаасай даа. Ер нь бол мухар гүүр тавьчихаад түгжрэл багасгачихсан мэт ярьж байгаа албан тушаалтнуудад дургүй хүрч байна.

Яармагт дөрөв дэх жилдээ амьдарч буй иргэн Д.Ганболд: -Шинэ гүүр ашиглалтад орсноос хойш түгжрэл багасаагүй. Харин ч улам нэмэгдсэн. Өмнө нь Яармагийн нэгдүгээр буудлаас “Хүннү Молл” хүртэл түгжирдэг байсан. Орон сууцнуудын гарц төв замдаа нэгдээд түгжирдэг байсан. Гэтэл шинэ гүүрнээс болоод тэр гүүр лүү орох зам түгжирдэг болсон.

Хан-Уул дүүргийн иргэн Ё.Баяр: -Манай энд баригдсан шинэ гүүр нээгдэхээс өмнө Нисэх, Яармаг орчмоос хотын төв рүү явахад л түгжирдэг байсан. Шинэ гүүр ашиглалтад орж олон гэрлэн дохио, гарц, туслах зам, уулзвар нэмэгдсэнээр иргэд оройн цагаар Яармаг руу гэртээ харихад хотын төв рүү явдаг шиг адилхан түгжирдэг болсон. Шинэ гүүр барьснаар түгжрэл дахиад л нэмэгдлээ. Түгжрэл бууруулна гэж бүтээн байгуулалт хийсэн бол буурах ёстой биз дээ. Судалгаа тооцоололтой хийгээгүй юм болов уу гэж бодож байна. Зүгээр л бүтээн байгуулалт хийсэн нэрийдлээр хэдэн төгрөг халаасалсан нь тодорхой. Цаашид ер нь гоё сайхан бүтээн байгуулалтад итгэх итгэл ард түмэн бидэнд алга байна. Хүйтрээд цас орвол энэ зам тэг зогсолт гэдэг нь болно байх даа. Амьдралд үнэхээр олон талаараа сөрөг нөлөө үзүүлж байна.

Автобусны буудал дээр зогсож байсан иргэн: -Шинэ гүүр нээгдээд ямар ч ялгаа алга. Өмнө түгжирдэг байсан шигээ л ачаалал их байна. Энэ гүүр Тэц-IV-ийн зам руу ороод нэг нь дээшээ яваад Гурвалжингийн гүүр лүү нийлэх учраас хоёр талынхаа нарийнхан зам руу ялгаа байхгүй түгжирч байсан. Тэгэхээр цаашаагаа нэвт Таван шар луу нь гаргаад төв замтай нь холбовол Яармагийн түгжрэл гайгүй болж магадгүй. Хоёрын хооронд ийм дутуу зам тавих шаардлага байсан уу хэмээв.

Шинэ гүүр лүү салж буй эргэх хэсэг, гүүрнээс төв зам руу орох хэсэг дээр тус тус гэрлэн дохио байсан нь энэ уулзвар дээр ачааллыг үүсгэсэн байлаа. Гүүрнээс төв зам руу чиглэн ирж буй нэг л машин явган хүний гарцны өмнө зогслоо. Ийнхүү зам гараад хартал эсрэг талын автобусны буудлын харалдаа эсрэг урсгал руу эргэх зохицуулалт хийсэн байв. Гэрлэн дохио, замбараагүй эргэлтийг бий болгосон нь энэ замын ачааллыг нэмэгдүүлсэн гэдгийг иргэд хэлж байна. Дээрх гүүрний асуудлаар Яармаг дахь хотын захиргааны “B” блокд байрлах “Нийслэлийн Замын хөгжлийн газар”-аас тодруулах гэсэн боловч “…мэдэхгүй байна. Хажуу талын өрөөнөөс асуу” гэсэн хариуг өглөө. Зааж өгсөн өрөөнд ороод асуутал “…Захиргаанаас асуу” гэв. Захиргаа нь хэвлэлийн ажилтнаас асуу гэх зэргээр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

АЛБАНЫХАН: ИРГЭД ЭНЭ ГҮҮР ТАВИГДААД Л ТҮГЖРЭЛ БАЙХГҮЙ БОЛЧИХ ЮМ ШИГ БОДООД БАЙНА


Уг асуудлаар албаныхан хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Иргэд энэ зам тавигдаад л түгжрэл байхгүй болчих юм шиг бодоод байна. Яг үнэндээ гол замуудыг дөрвөн үе шаттай барихаар төлөвлөөд буй. Наадамчдын авто замыг Энхтайваны

өргөн чөлөөтэй холбох зам бидний төлөвлөсөн ажлын хэсгийн гүйцэтгэл шүү дээ. Тус зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийг саяхан нээсэн, Гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, харин 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байсан. Өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Уг зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас ТЭЦ IV-ийн авто зам хүртэл 2.84 км урттай. Бид үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгана. Яармагаас хотын төвийг чиглэж оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Тэгвэл дээрх дөрвөн дэд бүтцийн төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасна л гэж тооцоод байгаа” хэмээжээ.

Г.БАЛГАРМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх сараас 2.8 хувиар өсчээ DNN.mn

2024 оны 9 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор цагт эхэллээ.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм.

May be an image of text

Улсын хэмжээнд 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлт гаргасан бөгөөд өчигдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд баталсан хуваарийн дагуу 7500 чиглэлд гарч ажиллалаа.  Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмж байршуулаад буй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна DNN.mn

Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа. Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос товч тодруулга авлаа.


-Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийн ажил ямар шатанд байгаа вэ?

-Өнөөдөр манай улсад бизнес эрхлэх нөхцөл байдал түвэгтэй, бизнесийн маргааныг шийдвэрлэх цаг хугацаа удаашралтай байгаа. Үүний цаана бизнесийн эргэлт, мөнгөн хөрөнгө гацдаг, бизнес эрхлэгчдийн итгэлцэл эвдэрдэг. Энэ хэрээр компаниудын өсөж дэвжих боломж хумигддаг. Тийм учраас бизнес эрхлэгч хоорондын шүүхийн маргааныг зардал багатай, хялбараар түргэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, өмгөөлөгч шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг нөхцөлөөс зайлсхийх, шүүхийн шийдвэр нь биелдэг, гэрээний үүрэг хангагддаг байх нь маш чухал. Үүнийг бүрдүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна.

-Эрх зүйн орчинд ямар асуудал байна гэж харж байгаа вэ?

-Нэн түрүүнд бизнесийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал бий. Гэрээг бичгээр үйлдэнэ гэж хуульд тусгасан ч бизнесийн түншүүд гэрээгээ цахим хэлбэрээр хийн мөнгөө шилжүүлээд, бараа материалаа солилцчихдог. Тэгээд маргаан үүсээд шүүхэд очихоор бизнесийн харилцаа бичгээр үйлдэгдэх ёстой байсан гээд бүгдийг буцаах асуудал үүсдэг. Энэ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих бус, саатуулах үйлдэл болоод байгаа. Үүнийг өөрчлөхөөр зорьж байна. Түүнчлэн бизнесийн маргааныг зөвхөн шүүхээр биш, шүүхийн бус журмаар шийдвэрлэх асуудал бий.

Арбитр, эвлэрүүлэн зуучлах чиглэлийн эрх зүйн механизмуудыг бид тодруулж үзэх ёстой. Эцэст нь гарсан шийдвэрүүд хэрэгждэггүйгээс мөнгөн хөрөнгүүд гацаанд ордог. Энэ бүхнийг дампуурлын хууль тогтоомжтой уялдуулан авч үзэх ёстой.

-Дампуурлын тухай хуулийг шинэчлэх асуудлыг судалж байгаа талаар тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Төлбөрийн чадваргүй болсон компанид иргэний хэрэг үүсгээд, төлбөр оногдуулахаар шүүхийн шийдвэр гардаг.

Өөрөөр хэлбэл, хэрэг үүсгэхээс эхлээд биелэгдэх боломжгүй шийдвэрүүдийг шүүх үйлдвэрлэж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн төлбөрийн чадваргүй болсон компанид дампуурлын хэрэг үүсгэж, тэр эрсдэлийг хуваарилах, эсвэл тэр компанийг аврах төлөвлөгөө гаргах, бүтцийн өөрчлөлт хийх замаар бизнесийг сэргээх асуудлыг шүүхийн оролцоотойгоор сонирхогч талуудын хүсэлтээр хийх арга бий. Гэтэл үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин маш тодорхойгүй байдаг. Тийм учраас “х” тайлан гаргадаг “зомби” компаниуд бий болж, татан буулгаж болдоггүй, татварын болон нийгмийн даатгалын өр ширтэй явсаар байдаг. Тэгэхээр бид бие даасан арилжааны хуулийг иргэний хуультайгаа уялдуулж боловсруулах, үүнтэй хамт Дампуурлын тухай хуулийг шинэчилж Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгох, Арилжааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Бизнес эрхлэгчид, судлаачид ажлын хэсэгт саналаа ирүүлэн хамтран ажиллах боломж бий.

-Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Авлигатай тэмцэх ажлын хамгийн бодитой алхам бол мэдээллийг ил тод болгох. Энэ мэдээлэл өгч байгаа этгээдийг хамгаалах асуудал бий. Тэгэхээр шүгэл үлээх ажиллагааг авлигатай тэмцэхээс гадна хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэрэг, экологийн эсрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэмжих нь зүйтэй. Харин шүгэл үлээснийхээ төлөө иргэн аливаа нэг төрийн байгууллагын, албан тушаалтны дарамтад орж болохгүй. Ажлын хэсэг үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ажил, амьдралаа эрсдэлд оруулж шүгэл үлээсэн иргэдийг хамгаалахаас гадна урамшууллын тогтолцоог бий болгох асуудлыг ярилцаж байна. Өмнө нь шүгэл үлээх үйл ажиллагааг татварын хууль тогтоомж дээр хэрэглэж байсан. Татвараас зугтсан, зайлсхийж байгаа компаниудын талаар, экологийн эсрэг зөрчлийн талаар мэдээлэл өгвөл урамшуулдаг. Энэ удаа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Иргэд ажлын хэсэгт саналаа ирүүлж болно гэдгийг давтан хэлмээр байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр Ашхабад хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Батыр Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.

Ташрамд дурдахад Ашхабад хот нь нэг сая хүн амтай, цагаан гантигаар бүтээсэн 543 барилга байгууламжтай бөгөөд 2013 онд Гиннесийн номд “Цагаан гантиг хот”-оор бүртгэгдсэн.

Одоогоор тус хотод гадаадын улс орнуудын нийт 28 Элчин сайдын яам, 15 олон улсын байгууллага төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ц.Баатар: Сая НҮБ-аас гаргасан “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрд хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой DNN.mn

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Ц.Баатартай дэлхий нийтийн өмнө тулгамдсан зарим асуудлын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан НҮБ-ын чуулганд оролцоод ирлээ. НҮБ-ын шинэчлэлтэй холбоотой Монгол Улсын байр суурийг та хэрхэн ажиглаж байв?

-Урьд өмнөхөөс илүү асар их хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн ороо бусгаа цаг үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтын хүрээнд “Ирээдүйн асуудлаар дээд түвшний уулзалт” болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхийн байгууллагуудыг илүү хууль ёсны, шударга, үр дүнтэй болгохын тулд НҮБ-ын дүрэм, үнэт зүйлд суурилсан шинэчлэлийг хүлээн авахыг дэлхий нийтэд уриаллаа.

НҮБ-ын зүгээс гаргаж буй энэ удаагийн уриа, “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрт болж буй хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны үеийн геополитикийн нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой. Үүний тулд НҮБ-ыг дотроос нь шинэчлэхэд үндсэндээ чиглэж байна.

Дээд түвшний чуулга уулзалтаар хэлэлцэн батлагдсан энэхүү “Ирээдүйн төлөө гэрээ” болон түүний хавсралт болох “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг баримт бичиг нь олон талт тогтолцоог цаашид хөгжүүлэхээр дэмжин ирээдүйн хөгжилд дасан зохицож, аюулгүй, амар амгалан, шударга, эрх тэгш, хүртээмжтэй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн ертөнцийг бий болгохын төлөө хичээн зүтгэх НҮБ-ын байр суурь, зорилго, зорилтыг тодорхойлсон маш чухал баримт бичиг гэж дэлхий нийт талархан хүлээн авч байна.

НҮБ-ын эдгээр санал санаачилгыг Монгол Улс талархан хүлээн авч дэлхий нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалт болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно гэдэг үзэл бодол, байр сууриа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө маш тодорхой илэрхийллээ.

-Орос, Украины дайнтай холбоотой НҮБ дээр өгсөн манай байр суурь ер нь хэр зөв бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсын байр суурийг тов тодорхой илэрхийлсэн. Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахина. Улмаар санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтална. Даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгосон явдал дэлхий нийтийн ач холбогдолтой юм.

-Дэлхийн геополитик болоод олон улсын харилцааны өнөөгийн системийг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Ээдрээ төвөгтэй энэ асуудал шинжээчдийн анхаарлын төвд байж олон янзын таамаглал дэвшүүлсээр байна. Зарим нь бүр дэлхийн III дайн эхэлсэн гэж үзэж ч байна. “Хүчтэй нь хүчгүйгээ” гэх хандлага газар авч дэлхийн геополитик орвонгоороо өөрчлөгдөнө гэж таамаглах нь ч байна. Дэлхийн хүчний харьцаа бидний нүдний өмнө асар их хурдтай хувьсан өөрчлөгдсөөр байна.Энэ нөхцөлд олон улсын харилцаанд баримталж, хэвшин тогтсон дэг, дүрэм журам хөсөр хаягдах нь уу гэмээр ч байдал төлөв ажиглагдах болов. Бүс нутгуудын хувьд ч эргэн харахаас аргагүй геополитикийн хувьсал өөрчлөлт гарсаар байна.Улс орнууд бүс нутгийн харилцан хамааралд орохын зэрэгцээ тэгш бус харилцан хамааралд татагдан орох шинжтэй болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.

-Орос, Украины дайн цаашид яахаар байна. Хэзээ дуусах бол?

-Шинжээчид олон янзын таамаглал дэвшүүлсээр байгааг бид харж л байна. Хэн хэн ч ширээний ард сууж энхийн хэлэлцээр байгуулах тал дээр зөвшилцөлд хүрэхгүй нь тодорхой бололтой. Энэ дайн хэзээ дуусахыг таамаглашгүй. Шинэ зууны гамшгийн хэмжээнд очсон дайны золиосонд гэм зэмгүй олон зуун мянган охид хөвгүүд явж эцэг эх, хань ижил үр хүүхдээ орхин одож байна. Үүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй.Сүүлийн үед Оросын зүгээс цөмийн зэвсэг хэрэглэх болно гэсэн сүрдүүлэг ч гарах боллоо. Энэ бүхний сүүдэр бидэнд тусахгүй гэх баталгаа алга. Эхнээсээ тусч эхэлж байгаа билээ.

-Ойрхи, дорнодын нөхцөл байдал бас ширүүслээ. Тал талд ассан дайны гал юунд хүргэж болзошгүй вэ. Дэлхийд ямар дэг журам ноёлох гээд байна вэ?

-Тийм ээ, өдрөөс өдөрт л ойрхи дорнодын нөхцөл байдал эрс ширүүссээр байна. Дайны голомтыг таслан зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган анх удаа Израилийг Палестины газар нутгийг эзэмшихээ зогсоохыг уриалсан тогтоол баталлаа. Тогтоолд “Израиль эзэлсэн Палестины газар нутагтаа хууль бусаар оршин суухаа 12 сарын дотор зогсоох хэрэгтэй” гэж онцолжээ. Үүний улмаас хохирсон палестинчуудад нөхөн төлбөр олгохыг уриалжээ. Тогтоолыг НҮБ-ын Дээд шүүх болох Олон улсын шүүхийн зөвлөх бүлэг дэмжиж, Израиль Палестины газар нутагт байх нь хууль бус бөгөөд зогсох ёстой гэжээ. Олон улсын шинжээчид долдугаар сард тогтоол гаргахдаа Израиль газар нутаг эзэмшигчийн статусаа урвуулан ашигласан гэж үзсэн. Мөн Йордан голын баруун эрэг болон Зүүн Иерусалим дахь Израилийн суурин газруудыг хууль бус гэсэн байна. 1967 оны дайны дараа Израиль Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимийг эзэлсэн юм. Үүний дараа Израиль Йордан голын баруун эрэгт орон сууц барьж эхлэн, одоо олон зуун мянган Израиль иргэн амьдардаг юм билээ. Ихэнх орон Израиль Йордан голын баруун эрэг гэх мэт Палестин иргэд амьдардаг нутаг дэвсгэрийг эзэмших нь хууль бус гэж үздэг. Харин АНУ нь палестинчууд болон израильчууд гадны дарамтгүйгээр хоёр талын хэлэлцээ хийж, тохиролцох ёстой гэх байр суурьтай байгаа юм. Чухамдаа энэ дайн Израиль Палестины хооронд болж буй дайн бус. Энэ дайны хөлд өнөөдрийн байдлаар Сири, Ирак, Йемен, Ливи зэрэг дөрвөн улс татагдан орж ойрхи дорнодод улс төрийн гүн хямрал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их үймээн самуун, дайн, шашны маргаантай гэгдэх тус бүс нутагт яг одоо Сири, Ирак, Йемен гэх гурван улсад дайн үргэлжилж байна. Эдгээр дайн нь бүгд шашны мөргөлдөөний улмаас үүссэн. Шашны хэт даврагч, террорист бүлэглэлүүд ойрхи Дорнод дахь үймээн самуунтай тус орнуудын хилийн бүсэд хяналтаа тогтоож, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа юм. Хилийн шугам дагасан алан хядагчдын ноёрхлыг хязгаарлаж чадахгүй байгаагаас болж хүчирхийлэл, алан хядлага, цус асгаруулсан дайн цаашид улам өргөжих хандлагатай болж, НҮБ түүний өмнө хүчин мөхөстөж байна.

-Тайванийн ерөнхийлөгч Лаи Чин “Хятад улс тайванийн ард түмний эх орон байх боломжгүй” гэж мэдэгдлээ. Тэд удахгүй дайтахаар бэлтгэж байна гэх таамаг гадаад ертөнцөд бий. Хэрэв Хятад Тайванийн хооронд дайн дэгдвэл Орос, Украины хямралаас том хямрал үүснэ гэх юм билээ. Харин та ямар бодолтой байна?

-Энэ таамаглал төдий байгаасай гэж боддог. Хятад улсын хувьд Тайваньтай дайтахаас илүү давын өмнө дотооддоо шийдвэр хүлээсэн олон арван тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байна. Нөгөө талаар Хятад улс дэлхий дахинд энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулахаа нэгэнт тунхагласаар ирсэн улсын хувьд тийм асуудал ойрын ирээдүйд гарахгүй л болов уу. Хятад улсын хувьд бүс нутагтаа хүчний тэнцвэрийг хадгалах үүднээс зэвсэгт хүчнээ бэхжүүлж тал бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа дэлхий нийтэд ил тод ярьж ирсэн шүү дээ.

-Ер нь дэлхийн олон туйлтаас хоёр туйлт ертөнц болох нөхцөл бүрдчихэв үү. Дэлхийн геополитик болон гео эдийн засгийн хямралыг АНУ, Хятад хоёроос өөр шийдвэрлэх хүчин байхгүй боллоо?

-Энэ үйл явц ч маргаангүй үргэлжилсээр хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд очоод байх шиг. Гэлээ гэсэн ч энэ хоёр их гүрэн өнөөгийн дэлхийн геополитик болон гео-эдийн засгийн хямралыг гэтлэн давахад чиглэсэн, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хүчний тэнцвэрийг барьсан тийм гарц гаргалгаа гаргана гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж боддог.

-Ингэхэд дэлхийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Манай улс хоёр их гүрний дунд хавчуулагдсан, газар зүйн хувьд хорионд орсон байрлалтай. Дээр нь дан ганц эрдэс түүхий эдийн экспортод түшиглэсэн хараат эдийн засагтай. Эрдэс түүхий эдийн үнэ ханш дээр таны өгүүлсэн хүчин зүйлийн улмаас байнга хэлбэлзэж байдаг. Валютын ханшны өөрчлөлт ч ихээхэн нөлөөлдөг. Нэмж хэлэхэд, бид инфляци импортолдог гэх мэт олон суваг нэн ялангуяа нүүрсний экспорт Хятадын гангийн үйлдвэрүүдийн эрэлтээс ихээхэн хамааралтай. Хятадын эдийн засгийн хөгжлийн мөчлөг бүр манай эдийн засагт эерэг, сөргөөр нөлөөлж байдаг онцлогтой. Умард хөршид болж буй өнөөгийн нөхцөл байдлын нөлөө хамаарал хэр зэрэг хүндрэхийг таашгүй. Оросын шингэн түлшний орд газар,үйлдвэрүүд дронд их өртлөө гэх мэдээлэл тасрахгүй л байна.

-Хоёр том мөнхийн хөрштэй бид энэ дайны цөвүүн цагт ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Ээдрээ төвөгтэй энэ цаг үед хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн найрсаг харилцаагаа бататган хөгжүүлж, гуравдагч хөрштэйгөө хүчний тэнцвэрийг барин харилцаж ирсэн уламжлалт ухаалаг гадаад бодлогоо тууштай баримталж, түүндээ л итгэж найдах нь үлдэж байх шив дээ.