Categories
мэдээ нийгэм цаг-үе

1122 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024.10.31-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 1122 автобус та бүхэнд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Halloween-аар хаалга тогших хүүхдүүдийн урмыг бодож атга чихэр өгөөрэй DNN.mn

Хүүхдүүдийн хамгийн дуртай баяруудын нэг яах аргагүй Halloween. Өнөөдөр дэлхий даяар аравдугаар сарын 31-нийг хүмүүс “аймшгийн” сэдэвтэй баяр болгон тэмдэглэж, бие биеэ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэдэг. Уг баярыг залуучууд, хүүхдүүд илүүтэй тэмдэглэх болсон. Тэд баяртаа зориулж дуртай цуврал, аймшгийн киноныхоо дүрийн хувцас, будалтаар гангарна. Дүрд хувирсан хүүхдүүд хөршүүдийнхээ хаалгыг тогшин “Сүнсний баярын мэнд. Чихэр өгөөч, намайг хуурах уу, дайлах уу” хэмээн найзуудаараа явна. Чихэр өгвөл баярлаад л гүйчихнэ. Найзуудаараа нийлж танихгүй айлаар зочилж атга чихэр торлоод баярладаг баяр halloween-ээс өөр байхгүй биз.

Halloween бидний баяр биш, гадаадын орныг л дуурайлаа гэх хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ хүүхдүүд хөгжилдөж л байг. Зарим айлууд ч үүнд дуртай. Хаалга тогшсон хүүхдийг баярлуулахаар чихрээ бэлдээд, хаалган дээрээ бяцхан тэмдэг тавиад хүлээдэг болжээ. Атга чихэр өгчхөөд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд үлддэг. Хүүхэд баярлуулсан хүмүүс ч сэтгэл хангалуун байдаг.

Хамтдаа хөтлөлцөөд явах тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ нь хомс үед хүүхдүүд нэг өдрийг найзуудтайгаа хөгжилдөг. Өмссөн, зүүсэндээ өөрсдөө баяртай харагддаг, сэтгэл шингээж бэлддэг баярын нэг нь болохоор сэтгэлийг нь дэмжээд атга чихэр аваад өгөөрэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан DNN.mn

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцэхээр тогтоод байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол агуулга, онцлог зохицуулалтуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонтой ярилцлаа.


-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга юу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөрт дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг тодорхойлсон байгаа. Эдгээр төсөлд Монгол-Францын хамтарсан ураны төсөл багтсан. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг аль 1997 оноос ярьж байсан боловч эрх зүйн орчин нь тодорхойгүй байсаар ирсэн. Тийм болохоор шаардлагатай эрх зүйн орчныг бэлдэх хүрээнд уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихээд байгаа юм. Гол агуулга бол цацраг идэвхт бодисыг хэрхэн ашиглах вэ л гэдэг асуудал. Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль бол Ашигт малтмалын тухай хууль. Энэ хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар нь зохицуулна гээд заачихсан.

Тэгэхээр энэ харилцаа маань Цөмийн энергийн тухай хуулиар явна гэсэн үг. Үүн дээр Ашигт малтмалын нөөц ашиглах төлбөр (АМНАТ)-тэй холбоотой зохицуулалт нь орхигдчихсон байсан. Цацраг идэвхт ашигт малтмал чинь тухайн ордынхоо нөөц хэмжээнээс хамаарахгүйгээр шууд стратегийн орд болдог. Харин манай улс 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө стратегийн ач холбогдолтой ордын дийлэнх үр өгөөж нь ард түмэнд ногддог байх гэсэн зарчмыг тунхаглачихсан. Тэгэхээр Монгол, Францын хамтарсан Зөөвч-Овоо ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсын ард түмэнд ногддог зарчим руугаа хэлэлцээ явах ёстой. Гэтэл одоо мөрдөж байгаа эрх зүйн орчноор бол энэ стратегийн ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийгээд нөөцийг нь тодорхойлчихсон юм бол тухайн ордынхоо 50-иас багагүй хувийг төр эзэмшинэ. Хувийн эзэмшлийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн бол 34-өөс доошгүй хувийг нь төр эзэмшинэ гэж байгаа юм. Тийм болохоор энэ төслийн Бадрах энержи гэж компанийн 66 хувийг Францын Орона компани, 34 хувийг нь манай улсын төрийн 100 хувийн өмчит Мон-Атом компани эзэмшиж байгаа юм. Ингээд 34 хувийг нь эзэмшээд явахаар нөгөө дийлэнх үр өгөөж нь бидэнд ирэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Оюу толгойн төсөлд манайх 34 хувийг эзэмшиж, хувьцааны санхүүжилт хийж байгаа. Ингээд явахаар өрөнд унадаг тод жишээ бидэнд байна. Монгол Улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 хувьд ногдох хөрөнгийг санхүүжүүлж чадах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хэрвээ чадахгүй бол өөр ямар хувилбар байж болох вэ.

-Тэгвэл ямар гарц, гаргалгаа байгаа юм бэ?

-Манай Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ийм стратегийн ач холбогдолтой ордуудынхаа хувь эзэмшлийг АМНАТ-өөр оруулж болно гээд заачихсан. Гэхдээ хувь хэмжээний таац нь тав. Харин Цөмийн энергийн тухай хуульд энэ зохицуулалт байгаагүй. Тийм болохоор нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгч байгаа юм. Ингэхдээ бид зардалд нь хяналт тавихад хэцүү. Хөрөнгө оруулахад хэцүү учраас бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцдог аргачлалыг аваад АМНАТ хэлбэрээр орлогоо бүрдүүлье гэж байгаа юм. Ингээд гурван АМНАТ-тэй холбоотой зохицуулалт орж ирж байгаа.

-Тэдгээрийг нь тайлбарлаж өгөөч?

-Бүх ашигт малтмал дээр суурь АМНАТ таван хувь байдаг. Харин ураны ислийн баяжмалын зах зээлийн үнэ ханш өсөөд байвал түүнээс шалтгаалаад бид нэмэгдүүлсэн АМНАТ тооцож байгаа. Үүнийг өсөн нэмэгдэх АМНАТ гээд байгаа юм. Одоо өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар 80 ам.доллар байна. Үүний өсөн нэмэгдэх АМНАТ нь дөрвөн хувь болно. Энэ хувь цаашаа ес хүртэл нэмэгдэх боломжтой. Харин 34 хувиа АМНАТ-өөр оруулах юм бол үүнийг тусгай АМНАТ гээд таван хувь байхаар Ашигт малтмалын тухай хуульд заачихсан. Гэвч бид стратегийн бүтээгдэхүүн учраас уран дээр арай өөрөөр авч үзээд таацыг нь хэлбэлздэг, түүнийг нь УИХ шийддэг байхаар хуулийн төсөлд оруулчихсан байгаа. Ингээд тооцоод үзвэл нийтдээ 14 хувь болж байна. Гэвч ураны үнэ тогтмол өсөх чиг хандлагатай байгаа учраас 19 хувь болох боломжтой. Бүтээгдэхүүн борлуулалтын үнэлгээнээс шууд 19 хувийг нь бид авна гэсэн үг. Үүн дээр нэмээд татвар болон ногдол ашгаараа Үндсэн хуульд оруулсан дийлэнх хувийг авна. Мөн энэ хуулийн төслийг дагаж Компанийн тухай хуульд жижигхэн өөрчлөлт орж байгаа.

-Тэр нь юу вэ?

-Одоогийн байдлаар бид энэ төслийнхөө 34 хувийн энгийн хувьцаа эзэмшигч. Үүнийгээ давуу эрхийн хувьцаанд хөрвүүлье гэж байгаа юм. Ингэснээр ногдол ашиг нь тэргүүн ээлжинд авдаг. Тодорхой үйл ажиллагаанд нь хориг тавьдаг. Урьдчилсан тохиролцсон нөхцөлөөр ногдол ашгаа авна. Хувьцааны санхүүжилт хийхгүй байх зэрэг давуу талыг бий болгоно. Гэвч одоо байгаа Компанийн тухай хуульд энгийн хувьцааг давуу эрхэд хөрвүүлэхгүй гээд заачихсан. Тиймээс хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд гэсэн тодотгол оруулж өгч байгаа юм. Харин тухайлан заасан нь гэхээр Цөмийн энергийн тухай хуульд төр эзэмшлийн хувиа АМНАТ-өөр орлуулж, тодорхой хувийг нь үлдээж байгаа бол тэр хувьцаагаа давуу эрхийн хувьцаагаар хөрвүүлж болно гэсэн заалт оруулчихсан.

-Тусгай АМНАТ-ийн хэмжээг тухай бүрд нь УИХ-аар хэлэлцээд шийднэ гэсэн үг үү?

-Тийм, тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийг нь харж байгаад Засгийн газар саналаа УИХ-д оруулна.

-Ураны асуудал олны анхаарлын төвд байж, араас хэл ам их дагуулдаг. Тэгэхээр хог хаягдлыг нь хэрхэх тухай заалт энэ нэмэлт, өөрчлөлт дээр оруулсан уу?

-Яг үнэн. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой нарийвчилсан заалт нь орхигдчихсон байсан. Тиймээс энэ нэмж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, хамгаалах, аюулгүй байх байх чиг үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрүүлж байгаа. Мөн үүн дээр төрийн хяналтыг сайн тавьж эхэлнэ. Тухайлбал, энэ хуулийн 34.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, олборлолт, туршилтын бүхий л үйл ажиллагаанаас үүссэн цацараг идэвхтийн хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэх үүрэгтэй гэж оруулсан. Ингэхдээ олон улсын болон үндэсний дүрэм, журамд заасан стандартын дагуу гүйцэтгэх учиртай. Мөн энэ асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ нарийвчлан тусгана.

-Хөрөнгө оруулагч тал хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч яг хог хаягдлаа өөр улсад булшлах уу. Эсвэл манай улсад булшлах юм уу?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалт орж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр айлтгүй. Харин өөрийн улсдаа олборлосон бол булшилж л таарна. Гэхдээ олон улсын дүрэм, журамд нийцүүлж, стандартыг нь хангаад л явна. Ингэхдээ тухай бүр Цөмийн энергийн комиссын хяналтаар орно. Тусгай зөвшөөрөл авна. Энэ асуудал дээр Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газар хяналтаа тавиад явна. Мөнгийг нь төлөөд гадны улсад булшилдаг бол сайн л байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дүн өвлийн хүйтнээр нийслэл хотын 31 хувь нь хэзээ мөдгүй хөлдөхөд бэлэн байна DNN.mn

Жавар тачигнасан өвлийн сунайсан дөрвөн сар биднийг хүлээж байна. Илүү сартай энэ өвөл цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн, төмөр зуд нүүрлэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэгвэл нийслэлчүүд өвлийг өнтэй давж чадахааргүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь, Улаанбаатар хотын дулааны 31 хувийг хангадаг “ДЦС-3”-ын өнөөдрийн бодит дүр төрх ийм байна.

1968 онд баригдсан энэ станц социализмаараа үлдсэн цор ганц үйлдвэр гэж хэлж болохоор. Дунд даралтын зуухны хэсэг рүү ороход үнэхээр өрөвдмөөр орчин угтлаа. Технологийн дэвшлийн эрин үед бүхэл бүтэн улс байж хагас зуун жилийн настай хуучирч, элэгдсэн станцтайгаа зууралдсаар байгааг харахад гол харламаар. Зэвэнд идэгдээд цоорч, нимгэрээд зогсохгүй захаасаа өмөрч унасан тоног төхөөрөмжүүд нүдэнд тод тусав. Орчин нөхцөлийн хувьд тоосонцор ихтэй болохоор тавхан минут зогсоход хоолой сэрвэгнэж, хамар шархирч байлаа. Манайх шиг ийм дулааны цахилгаан станцтай орон дэлхийд байхгүй гэдгийг “ДЦС-3” ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн дарга Л.Бөхбат хэлэв.

Тэрбээр “Орчин цагт бусад оронд станцын ажилтнууд нь цагаан халаттай, тоос шороогүй орчинд ажилладаг бол манайд эсрэгээрээ. Сэмэрсэн марль шиг хуучирсан эд ангиудаа өөрсдийнхөө хэмжээнд нөхөж, сэлбэж байна. Ер нь тухайн тоног төхөөрөмж ажиллах хугацаатай байдаг. Тэр хугацаа нь дууссан л бол муудаж, эвдрээгүй байсан ч сольдог байх ёстой. Харин манайх засъя гэхээр засвар авахгүй. Сэлбэг материалууд нь олдохоо ч байсан. Найдвартай ажиллагаагаа бодвол хугацаа нь дууссанаа солиод баймаар л байна” гэв. Процессын хувьд “ДЦС-3”-ын дунд даралтын цех бол өндөр даралт температуртай уур үйлдвэрлэдэг зуух юм байна. Том тээрэмд нүүрсээ буталж, гурил шиг болгосны дараа халуун агаартай асч байгаа гал руугаа хийдэг байна. Доторх турба хоолойнуудаар гүйж байгаа усыг өндөр даралт температуртай уур болгодог гэсэн үг. Эндээс гарсан уур нь турбин руу орно. Энгийнээр тайлбарлавал данхтай цай буцлахад цоргоор нь уур гардагтай яг адил. Тэр гарч байгаа уурын хүчээр турбиныг эргүүлж цахилгаан эрчим хүч гаргадаг байна. Энэ төхөөрөмж анх үйлдвэрлэгчээс 220 мянган цаг буюу 40 жил ажиллах тогтоосон хугацаатай. Гэвч эхнээсээ өмөрч унаад, ашиглалтаас гарчээ. Хэдийгээр бат бөх төмөр материалууд боловч үйлдвэрээс тогтоосон хугацаа нь дуусахаар цууралт өгдөг байна. Тэрийг нь гагнаж сэлбэж, монголчилж аргалсаар өдий хүрчээ. Хэрэв цууралт өгсөн турбин задарвал асар их аюултай гэнэ. Ус 100 градуст буцалдаг. Харин станцад үйлдвэрлэж байгаа уур 540 градус. Энэ нь мэргэжлийн үзүүлэлтээр 100 АТА даралт юм байна. Айл өрхийн нэг паар задрахад ямар аюул болдог билээ дээ. Энэ нь ердөө гурав, дөрөвхөн АТА байдаг аж. Тэгэхээр насжилт нь дууссан турбин задарвал үүсэх эрсдэл асар их байх нь аргагүй юм байна. Иймд өнөө жил цууралт өгөөд хэзээ ч задарч, дэлбэрэх аюултай байсан нэг машинаа ЭХЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтээр актлуулжээ.

Ингээд эрчим хүч үйлдвэрлэх нэг машинаа ашиглалтаас хасуулжээ. Дараа, дараагийн машинууд нь яг л ийм дүр зурагтай байгааг инженерүүд нь хэлж байв.

Өдгөө 56 жил тасралтгүй ажиллаж буй энэ станц дангаараа Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг, төвийн эрчим хүчний системийн 14 хувийг, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47 хувийг хангадаг аж. Гэвч үйлдвэрлэлийн насжилт хэдийнэ дуусчихсан, хэзээ мөдгүй зогсож мэдэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ нь зөвхөн станцын асуудал биш. Эднийхээс эрчим хүч, дулаан авдаг хэрэглэгчид давхар хохироод зогсохгүй газар доорх инженерийн байгууламжууд тэр чигтээ сүйрэх эрсдэл нүүрлэсэн нь хамгийн том аюул юм. “ДЦС-3” дунд даралтын станцын арван үндсэн тоноглолоос долоогийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Өндөр даралтын станцын уурын турбинууд нь ашиглалтад оросноос хойш 4547 жил болоод хуучирч муудсан байна. Оросууд үйлдвэрлэгч улс болохоор тэндээс л сэлбэг хэрэгслээ авдаг байж. Одоо хойд хөрш дайнтай байгаа болохоор үйлдвэрлэл нь доголдож, засварын сэлбэг материалуудын олдоц бүр ч хомсодсон байна.

“ДЦС-3”-т 2014 оноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил огт хийгдээгүй байна. Бас нэг асуудал нь шинээр үнсэн сан барих газаргүй болжээ. Станцын үндсэн тоноглол болох зуухнаас гардаг үнсийг нойтон аргаар буюу шингэрүүлсэн байдлаар үнсэн сав руу зөөж тээвэрлэдэг аж. Энэ нь техник ашиглалтын дүрэмд зааснаар хоёр жилийн өмнөөс энэ ажлыг эхлүүлсэн байх ёстой юм байна. Харамсалтай нь 2025 он гарах гэж байхад асуудал шийдэгдээгүй шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой гэнэ. Станцын одоо ашиглаж байгаа үнс хадгалах сангуудын ойролцоо шинээр олгох газар байхгүй. Иймд үндсэн сангаас 25 км-ийн зайд үнсийг шилжүүлэн дарах ажлын зураг төсвийг гүйцэтгүүлсэн байна.

Дараагийн үндсэн санг бэлтгэхэд 40.7 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Тус станц алдагдал өнөөдрийн байдлаар 14.6 тэрбум төгрөгт хүрчээ. Шалтгаан нь дулааны эрчим хүчний өөрийнх нь үйлдвэрлэдэг өртөг нь 24 мянга 683 төгрөг хэрнээ хэрэглэгчдэд 7.215 төгрөгөөр борлуулж байгаатай холбоотой аж. Өнгөрсөн өвөл үе, үе эрчим хүч хязгаарладаг байсан бол энэ жил дулаан руугаа орохоос өөр замгүй болжээ.

“ДЦС-3”-ын Ерөнхий инженер Н.Чимэддорж “2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглолууд маань 120 хоног тасралтгүй ажилласан. Ямар ч бэлтгэл тоноглолгүй. Энэ нь өнөөдөр эрсдлүүд үүсгээд байгаа. Зуух 60, турбин 45 хоног яваад урсгал засвар хийх ёстой. Бид засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцож байгаа. Өнөөдөр 220 тн уур үйлдвэрлэдэг уурын зуухыг нормчлолоороо 13.6 тэрбум төгрөгөөр засдаг. Гэтэл 5.9 тэрбум төгрөгт тааруулж засч байна. Олдож байгаа мөнгө нь энэ. Хэсэгчилсэн засвар хийгээд өвлийн ачаалалд оролцож байгаа нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд үнэ тарифаар шийдвэрлэх үү. Улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх үү гэдэг хоёрхон гарц байгаа” гэлээ.

“ДЦС-3” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Манай станц оны эхнээс 21.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байсан. Сая Засгийн газраас 12 тэрбумын татаас өгсөн. Ингэснээр манай компанийн алдагдал хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөг болоод байгаа юм. Татаасыг сая есдүгээр сарын сүүлээр өгсөн. Тэр болтол долоо, найм, есдүгээр сард банкнаас тав хоногийн хугацаанд хүүгүй нөхцөлтэйгөөр төлөхөөр дунджаар 200 сая төгрөг зээлж цалингаа тавьж байсан. 21.8 тэрбум төгрөгийн дутагдлын 15.3 тэрбум төгрөг нь цалин, НДШ-ийн алдагдал байсан. Тэгэхээр бид бусад бэлтгэн нийлүүлэгчид болон Багануурын нүүрсний уурхайд өгөх байсан мөнгийг ажилчдынхаа цалинд өгсөн. Бусад бэлтгэн нийлүүлэгчдэдээ олон тэрбумын өглөгтэй есдүгээр сарын сүүлчтэй золгосон. Ер нь бид маш өндөр өртгөөр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлээд бага үнээр борлуулж байна. Өнөөдөр цахилгаан, дулааны үнийг нэмснээр ашигтай ажиллаад тоног төхөөрмжөө шинэчлэх хэмжээнд байхгүй. Зөвхөн өнөөдрийн өртгийн хэмжээнд хүргэж өгөх юм. Цаашдаа 2025 оноос эхлээд үнэ тарифыг индексжүүлээд явна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа” гэв.

“ДЦС-3”-ын зовлон бусад төрийн оролцоотой компаниуддаа ч бас том дарамт болдог байна. Эднийд эрчим хүчний нүүрс нийлүүлдэг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхай давхар алдагдал хүлээгээд хүнд байгаа гэнэ. Энэ тухай “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал ярихдаа “Бид зөвхөн нэг станцад нүүрсээ өгдөггүй. Замын-Үүдээс авахуулаад Сэлэнгийн Алтанбулаг хүртэлх бүх дулааны цахилгаан станцууд, 11 сум, сууринд эрчим хүчний нүүрс нийлүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар бидний авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянган тн хүрсэн байх ёстой. Одоо 235 мянгатай байгаа. Энэ байдлаар явбал он шилжихэд 85 мянган тн нөөцтэй болно. Өнөөдөр Багануурын уурхай нь хоногт 230 вагон нүүрс ачиж байгаа. Ирэх арваннэгдүгээр сараас 240 вагонд хүрнэ. Бид нэг кг нүүрсийг 43 төгрөгөөр тооцож станцуудад нийлүүлж байна. Нүүрсний үнээс ашиг тооцъё гээгүй. Өртөгт нь хүргэмээр байна. Ингэснээр Багануурын уурхай ашигтай ажиллаад, ажилчид нь өндөр цалин авах гээд байгаа юм биш. Багануурын уурхай нэг тн нүүрсийг 55 мянга 700 төгрөгөөр олборлочихоод улсдаа 43 мянган төгрөгөөр зарж байгаа. Нүүрсээ нэг вагон ачихад 630 мянган төгрөг, хоногт 135 сая төгрөг, сардаа дөрвөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Ийм салбар байж болох уу. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс энэ асуудлыг ярьж байгаа юм. Манай үнийг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Нөгөө талдаа Татварын ерөнхий газар бидэнд акт тавиад байна. Маш олон жил өртгөөсөө доогуур нүүрсээ борлуулаад байгаа учраас алдагдалтай ажиллаад байна. Иймд татвар төлөлт хоцрогдолтой яваад байгаа юм. Өнөө жил 14 тэрбум төгрөгийн акт тавиулсан. Энэ бол манай ажилчдын хагас жилийн цалин. Хоёр өвлийг давах мөнгө. Одоо манайд өргүй станц гэж байхгүй. 14 тэрбум төгрөгийн авлагатай байна” гэв. Тэгвэл “Шивээ-Овоо”-гийн хувьд ч ялгаагүй. Тэд “Сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээ захиалга 50 хувь хүртэл нэмэгдсэнээс уурхайн техникийн өнөөгийн хүчин чадал хүрэлцэхгүй байна. Үүний улмаас ДЦС-уудад нийлүүлэх нүүрс тасалдаж, үйл ажиллагаа нь доголдож болзошгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Нэгэнт эрчим хүчний систем бүхэлдээ алдагдалд хүрсэн энэ нөхцөлд ямар гарц шийдэл байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунаас тодруулахад “Өнөөдөр нэг киловатт цахилгаан үйлдвэрлэх өртөг үнэ 280 төгрөг. Дунджаар 216 төгрөгөөр зарж байна. Энэ зөрүүгээр салбар алдагдал хүлээгээд явж байгаа. 55 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Энэ дотроо зөвхөн эрчим хүчний салбар гэлтгүй нүүрсний уурхайнууд гээд бүгд дор дороо алдагдалтай ажиллаж байгаа. Эрчим хүчний үнэ тарифыг эхний ээлжинд өртөгт нь хүргэж, алдагдалгүй болгоё гэсэн зорилт тавьсан. Хэрэглээнээс нь хамаарсан шатлалтай тарифыг гаргая. Их хэрэглэдэг нь өндөр төлдөг ч юмуу ялгавартай тариф гаргадаг ч юмуу. Мөн айл өрхүүддээ гурван янзын тарифыг санал болгохоор ажиллаж байна. Тухайлбал, хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг удирдана. Шөнө хямд тарифтай үед нь цахилгаанаа хэрэглэдэг байх юм бол ашигтай байх боломжийг нээж өгч байгаа. Иймэрхүү шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна” гэв.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шар луу өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 31, Бархасбадь гариг. Билгийн тооллын 29, Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7:36 цагт мандаж 17:36 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +7…+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Халловээнийг монголчлох нь” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улсын Засгийн газар саналаа тавибал эрчим хүчний чиглэлээр дэмжих төсөв бидэнд бий” хэмээн ярьсныг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ
  • УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөг болгож, цаашлаад 2 3 их наяд төгрөгт хүргэнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Халловээнийг монголчлох нь” нийтлэл хэвлэгдлээ.

  • ЗГ: Монголын хөрөнгийн биржийн удирдлагынмбагийг нээлттэй сонгон
    шалгаруулна
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд “Эрүү шүүлт бие махбодод халдахаас илүүтэйгээр сэтгэл санааг нь шаналган зовоох хэлбэрээр үйлдэгдэж байна” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна

АРЫН НҮҮР: Halloween-аар хаалга тогших хүүхдүүдийн урмыг бодож атга чихэр өгөөрэй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм. Эмнэлгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Тус эмнэлэг нь нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай. Мөн хүүхдийн амбулаторийн эмнэлгийг Хятад улсын Энхтайвны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Бид “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих хүрээнд хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд буй. Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу хүмүүсийн хэлж заншсанаар Нефть орчимд хүүхдийн амбулаторийг ашиглалтад орууллаа. Мөн нефтэд мөсөн спортын ордны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Олон жилийн өмнө энэ хавь нефтийн буюу үйлдвэрийн бүс байсан. Харин одоо хэдийн хүн ам төвлөрсөн суурьшлын бүс болсон. Иймд тус орчимд нийгэм, соёл, спортын байгууламжууд барьж байгуулж байна. Энэ хэрээр нефть орчмын суурьшлын бүс дэх айл өрхүүдийн газар, өмчийн үнэлгээ өсөж байгаа. Цаашид нефть орчимд жишиг төлөвлөлт хийхээр ажиллаж байна” хэмээв.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэг нийт 153 мянган хүүхэдтэй. Тэдгээрийн эрүүл мэндийн үйлчилгээг манай эмнэлэг дангаар үзүүлдэг. Мөн тус хорооны хүүхдүүд хорооноосоо хол байрлах Баянгол дүүргийн 20 дугаар хороонд очиж үзүүлдэг байсан бол одоо харьяа хороондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул ГранПрид өрсөлдөнө DNN.mn

Казахстан улсын Шымкент хотод шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-нд болох бөгөөд нийт 10 шатарчин тойргоор өрсөлдөх юм.

Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр гранпри тэмцээний цомын эзнийг тодруулах ба нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Манай улсаас Их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнгөнтуул өрсөлдөх бөгөөд тэрбээр өмнө нь хоёр (2009-2010, 2011-2012) цуврал тэмцээнд оролцохдоо 6, 8 дугаар байрт орж байв. Харин Монголоос тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг, тэр 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байлаа. Б.Мөнгөнтуул гавьяат ФИДЕ Гранд Свисс тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн гранприд оролцох эрхээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээжээ DNN.mn

Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс иржээ.  Уг мэдээллийн дагуу Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөр Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авчээ.

Улмаар зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, шинжилсэн байна.  Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.