Categories
гадаад мэдээ

НҮБ-ыг шинэчлэх төлөвлөгөө батлагдав DNN.mn

НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд нь бусдаас илүү эрх эдэлдэг ардчилалд харш үзэгдэл зэрэг олон арван жилийн өмнө бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага нэгэнт үүсээд байсан билээ. Иймээс НҮБ-ын дүрмийг өөрчлөх гол баримт бичгийг Герман, Намиб улсууд боловсруулан гишүүн улсуудын саналыг 2024 оны эхнээс авсан бөгөөд тогтвортой хөгжил, олон улсын аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, залуучууд ба ирээдүй хойч үе, дэлхийн засаглалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг багтаасан уг баримт бичгийг “Ирээдүйн гэрээ” гэж нэрлэсэн юм.

Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ч шинэчлэл хийхийг уриалж байсан билээ. А.Гутерриш “Улс орнуудын хамтын нийгэмлэг олон тооны хямрал, дайн гаргахгүй байх, дэлхий дахинд илүү шударга ёсыг тогтоох боломжтой болох зайлшгүй шаардлага үүсээд байна. НҮБ-д шинэчлэл хийх шаардлага, ялангуяа ОХУ-аас Украинд явуулж буй дайнаас үүдэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг цуцлах шаардлага улам эрчимжээд байна” гэж мэдэгдэж байсан юм. Мөн Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдааны өмнө Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок НҮБ-д зарчмын шинэчлэл хийхийг уриалж “Өнгөрсөн зууны төлөөлөл болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл огт шинэчлэгдэхгүй явж ирлээ. НҮБ энэ зуундаа зохицох үүднээс өөрийн дүрмийг шинэчилж байж л дэлхийн хамтын нийгэмлэг хамтран ажилладаг, асуудлаа зөв шийдвэрлэх боломжтой газар болно. Герман НҮБ-ын тогтолцоог илүү шударга, илүү хүртээмжтэй, илүү чадавхтай болгохыг хичээж байгаа бөгөөд Берлин НҮБ-ын дүрэм болон түүний зарчмуудыг тууштай баримтлахын төлөө байх болно” гэж мэдэгдсэн юм.

Түүний энэ мэдэгдлийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж ямар нэгэн шийдвэр гаргаагүй ч үг хэлсэн гишүүд Украинд эзлэн түрэмгийлэх дайн хийж байгаа Кремлийн өнөөгийн үйл ажиллагааг зад шүүмжлэв. Тэгвэл Орос улс санал нэгтэй батлах ёстой байсан уг гэрээнээс зайлсхийж, гэрээ батлах ёслолын эхэнд Москвагийн төлөөлөгч ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин энэ талаар үг хэлэхийг хүсч, “Ирээдүйн гэрээ”-ний баримт бичгийн эх бичвэрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна” гэж мэдэгдэв. Уг нь “Ирээдүйн гэрээ”-г оны эхэнд боловсруулж, олон сарын өмнөөс гишүүн улсуудын саналыг тусгаж эцэслэн боловсруулаад байсан билээ.

Тиймээс энэхүү гэрээг санал хураалтгүйгээр баяр, ёслолын байдалтай батлах гэж байсан юм. Харин Орос ийнхүү эсэргүүцсэнээр уг баримт бичгийг 193 улс бүгд албан ёсоор баталсан эсэхэд эргэлзээ төрүүлэх зорилго агуулж байгаа нь тодорхой байв. Учир нь С.Вершинин “Хэрэв ОХУ-аас шаардаж буй нэмэлт, өөрчлөлтийг “Ирээдүйн гэрээ”-нд оруулахгүй бол энэ баримт бичгийг бид дагаж мөрдөх ёсгүй гэж үзнэ. Гэрээнд сэтгэл хангалуун бус байгаа улсуудад уг гэрээг хэлэлцэх боломж олгоогүй” гэж хэлсэн юм.

Үүний дараа Конго улсын төлөөлөгч зарчмын санал гаргаж “Оросын саналыг хэлэлцэхгүй” гэсэн асуудлаар санал хураалгасан бөгөөд 143 орон дэмжсэн бол Оросоос гадна Беларусь, Никарагуа, Хойд Солонгос, Сири, Судан, Иран улс эсэргүүцэж 15 улс түдгэлзэв. Ийнхүү Оросын эсэргүүцлийг даван туулж, НҮБ-ын дүрмийг өөрчлөх “Ирээдүйн гэрээ” батлагдаж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Филемон Янг өчигдөр “Ирээдүйн гэрээ” батлагдсаныг албан ёсоор зарлав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлснээр, уг баримт бичиг нь энх тайван, аюулгүй байдлыг бататгах шинэ боломжуудыг нээж, олон улсын хамтын ажиллагааг шинэчлэх, шударга дэлхий рүү чиглэсэн маш чухал алхам болов.

Categories
мэдээ нийгэм

30 тарваганы тулам тээвэрлэсэн иргэнийг саатуулжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр шөнийн 04:40 минутад  Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Энэ онд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг олгогдоогүй байна.

Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нас бол тоо гэдгийг ахмадууд утгаар нь харуулж байна DNN.mn

Намрын зэвэргэн өдрүүд үргэлжилж, гэрт хүйтэн, гадаа дулаан байдаг цаг үе айлчилж ирлээ. Энэ л өдрүүдэд хөл хөөртэй бужигнаж, сэтгэлийн дулаан илчээр амьсгалж буй хамт олон бол Сүхбаатар дүүргийн X хорооны ахмадууд. Өчигдөр тус хороогоор орж, ахмадын төлөөлөлтэй уулзсан юм.

Хотын төвд байршилтай тус хорооны байранд ахмад настангууддаа зориулсан өрөө нээж, тэнд насны амралтдаа суусан, намбалаг буурлууд хийн дасгалын бэлтгэлээ базааж байлаа. Учир нь тус хорооны ахмадуудын төлөөлөл болсон 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид дүүргийнхээ аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн болохоор шат ахиж, нийслэлийн хэмжээнд шалгаран өрсөлдөх болсон тул бэлтгэлээ базааж байгаа нь тэр.

Баг тамирчдын бүрэлдэхүүнд 42-оос дээш насныхан багтаж буй бөгөөд хамгийн ахмад нь 87 настай. Хийн дасгалын багийнхан анх 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог байсан бол одоо 12 тамирчинтай болж албан ёсоор хүний тоогоо цөөлжээ. Багийн гишүүдийн гурав нь эрэгтэй, бусад нь бүсгүйчүүд. Тэд зөвхөн хийн дасгалаар амжилт үзүүлээд зогсохгүй, аэробикийн төрөлд дэд байр эзэлж, мөнгөн медаль, шагайн харваанд бас медаль хүртэж байсан амжилт бүтээлтэй ахмадууд. X хорооны иргэдийн хувьд 2008 оноос хийн дасгал хийж эхэлсэн туршлагатай юм байна. Тиймдээ ч нийслэлийн хэмжээнд 12 дахь удаагаа зохиогдох гэж байгаа тэмцээнд алгасалгүй оролцож, медальт байрт шалгарсан амжилтыг удаа дараа үзүүлж иржээ. Энэ удаад ч үүнийгээ бататгана гэдгээ хэлж байсан. Анхнаасаа оролцож, энгэр дүүрэн медалийн цуглуулгатай болсон ахмадуудын зарим нь цагийн аясаар “дасгалжуулагчийн” эгнээнд шилжиж, бусдадаа зөвлөж, тэднийгээ хөгжөөн дэмждэг байна.

Тус хорооны ахмадуудын багийн нэр “Жавхаа”. Багийн ахлагч нь багш мэргэжилтэй, өдгөө 73 настай Ш.Жаргалсайхан гуай. Тэрбээр “12 удаа зохион байгуулагдах гэж байгаа тэмцээнд 12 дахиа оролцох гэж байна. Манай баг шат шатны уралдаан тэмцээнээс 16 медаль хүртсэн. Зөвхөн хийн дасгалаар бус, спортын бусад төрөлд ч амжилттай оролцдог хамт олон. Тухайлбал, софт волейболоор өнгөрсөн жил мөнгөн медаль авсан бол өнөө жил хүрэл медаль хүртсэн. Хороон дээрээ цугларч арга хэмжээнд идэвхтэй оролцдог болохоор бидний ихэнх цаг хугацаа энд өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, энэ хороо маань ахмадын өдөр өнжүүлэх бүлэг л гэсэн үг” гэж байлаа.

“Жавхаа” багаас хамгийн сүүлд олон улсын гимнастрад буюу шугаман бүжгийн төрөлд оролцсон Ц.Янжиндулам өндөр настны ангилалд зургаан орны 208 хүн өрсөлдсөн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртжээ. Харин түүнийг “эзгүй” үед багийн хамт олон нь хийн дасгалд дүүрэгтээ тэргүүлсэн амжилтаар угтсан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг нийт 20 хороотой том айл. Энэ айлын нэг эд эс болсон, 100 айлд байрлалтай X хороо 1209 ахмадтай. Тэдгээрээс 30 гаруй нь нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог ажээ.

Дүүргийн хэмжээний бүх хороонд хийн дасгал их дэлгэрсэн байна. Эрүүл мэндэд ач тустай гэгддэг хийн дасгалыг хамгийн гол нь зөв техникээр хийх хэрэгтэй гэнэ. 30, 45, 90 хэмийн өнцгийн хэмжээстэй байдаг хийн дасгалыг зөв хувилбараар тогтмол хийснээр бие эрүүлжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлээд зогсохгүй, урт наслахад ч нөлөөлдөг байна.

“Жавхаа” багийнхан дүүрэгтээ хоёрдугаар байр эзэлж, 1.500.000 төгрөгөөр шагнуулжээ. Хорооны дарга Б.Баттөр шагналыг нь ахмадууддаа хувааж өгөх саналыг дэвшүүлсэн боловч багийнхан Засаг даргадаа өөр нэгэн хувилбарыг санал болгосон байна. Тэр нь юу гээч. Шагналын мөнгөөрөө том толь авч ахмадын өрөөгөө тохижуулах санаа юм. Тэдний энэ саналыг хорооны Засаг дарга хүлээн авчээ.

Тус хорооны Засаг дарга Б.Баттөр “Манай хороо нийт 30.42 га талбайд байршиж, 57 орон сууцанд 2096 өрхийн 9064 хүн амтай. Хорооны нутаг дэвсгэрт хоёр сургууль, таван цэцэрлэг байдаг. Мөн 200 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй. Хорооны иргэний танхим байнгын ажиллагаатай байж, хийн дасгал, байт харваа, теннис, бүжгийн хичээл орж, ахмадууд чөлөөт цагаа тавтай өнгөрүүлэх боломж бүрдсэн. Манай хорооныхон Дүүргийн иргэдийн спортын XII их наадмын есөн төрөлт тэмцээн зохион байгуулснаас бүх төрөлд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр дүүргийн хэмжээнд дэд байрт шалгарч, одоо нийслэлийн хэмжээнд өрсөлдөхөөр болоод байна” гэсэн юм.

Түүний санаачилгаар энэ оны есдүгээр сарын эхээр хорооны болон өрхийн эмнэлгийн албан хаагчдын хүүхдүүд аав, ээжийнхээ ажилтай байх хугацаанд хичээлээ давтах, амрах, хоорондоо тоглох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг дэмжиж хорооныхоо байранд Хүүхдийн өрөө гарган тохижуулжээ. Биднийг тус өрөөгөөр ороход охин, хүү хоёр хичээлээ давтаж суухтай таарсан юм. Охин нь хичээлээ хийгээд тунчиг завгүй байсан бол танихгүй хүн хараад хүү бушуухан босоод өөр өрөө рүү орчихно лээ. Дулаан тохитой өрөөнд хүүхдүүд нь хичээл номоо давтаж, хичээл сургуульдаа ойрхон ирж очиж байхад эцэг эх нь сэтгэл төвшин, санаа амар ажлаа хийж байгаа даа гэсэн бодол тээсээр өрөөний хаалгыг хаасан юм.

Тус хорооны нийгмийн идэвхтэй ахмадууд сар бүр 10 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж, түүгээрээ нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, гуниг зовлонг нь хуваалцаж, тэмцээн уралдаандаа бэлтгэж, өдрийг хөөр баяр, хөгжил цэнгэл дүүрэн, сэтгэл тэнүүн өнгөрүүлдгээ хэлж байлаа. Тэд бараг л нэг дуугаар “Бид ч бараг нэг гэр бүл болчихсон улс даа” гэлцэж байсан юм.

Үнэндээ насны намар хаяанд ирж айлссан ахмадуудын олонх нь үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө үргэлжлүүлэн зүтгэсээр хамт олон, найз нөхдөөсөө алсарч, гэрийн мухарт хорвоогийн бор хоногийг өнгөрүүлдэг нь нууц биш. Харин X хорооны ахмадууд үүнээс арай ангид сонголт хийжээ. Тэд нэгдэн нийлж, спортоор хичээллэж, ёс журмаар нь гавьяаныхаа амралтыг эдэлж, нас бол тоо гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна.

Нэмж хэлэхэд, хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд боломжийнхоо хэрээр ахмадуудаа дэмжээд дэмнээд өгвөл тэдэнд чадахгүй зүйл үгүй гэдгийг нүдээр харж бахадлаа. Тэд нийслэлийн тэмцээний бэлтгэлээ базаахаар явж, харин Засаг дарга нь шинэ эмнэлгийн нээлтэд оролцох болсноор бидний зам салсан юм.

Н.Саранчимэг

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

ХУД-ийн 24-р хороо, Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль  хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан хорих ангиас Ерөнхийлөгчид захидал бичжээ DNN.mn

Төрийн нууц задруулсан хэргээр ял эдэлж буй яруу найрагч Цоодолын Хулан хорих ангиас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан ил захидал бичжээ. Тэрээр захидалдаа “Намайг хаа хамаагүй Х богдын асуудалд орооцолдуулан Х Богдыг ширээнд залах үйл явцыг эсэргүүцсэн, удаашруулсан, саармагжуулсан гэх эрүүгийн хуульд огт байхгүй ойлголтоор яллаж, таслан шийтгэсэн юм. Х Богдыг эгэл ард түмэн, эрдэм оюутнуудын дундаас төрүүлэх нь зүйтэй гэж би үзэж, сэтгүүлчийн хувьд бичиж, 2014 оноос хойш уг үзэл бодлоо илэрхийлж, соёлын өвдөө хайхрамжгүй хандан алга болсон, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлдэг асан Гандан хийдийн захиргаатай зөрчилдөж байсан юм. Гандан хийдийн зүгээс Х Богдын асуудлыг өмчирхөж буйг таслан зогсоох үүднээс Х Богдыг мөнгө, улс төрөөс хол ангид байлгахыг гуйж Далай ламд захидал бичиж өргөсөн. Эдгээр үг үйлдлийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа гэж мушгин гуйвуулж, дархалж, буруу ойлгож хэрэгт унагасанд гомдолтой байна. Би төрийн нууц задруулаагүй. Миний дансанд нэг ч юань, төгрөг, доллар ороогүй. Гэм буруугүй гэдгээ мэдсээр байж, амьдрал хувь заяаны өчүүхэн сорилгод би нугарахгүй. Хэргийг минь улстөржихгүй, бодит үнэнээр нь шүүлгэхийг л Төрийн тэргүүн танаас хүсч, энэхүү захидлаар хандав” гэжээ.

Мөн өөрийг нь ЭХТА-ийн 19.4.1 зүйл анги ба гадаадын тагнуултай хамтран ажилласан хэмээн буруутгаж, зүйл ангийн ялын доод хэмжээ, 8 жил нээлттэй хорих ял оногдуулсныг дурдаад, хэргийг таслан шийтгэхэд Тагнуулын ерөнхий газар, прокурор, шүүх байгууллагын ажиллагаанд ноцтой алдаа завхралууд гарсныг мэдэгдэн, намынхаа харьяаллаас түдгэлзсэн Төрийн тэргүүний хувьд улс төрөөс ангид байж ирсэн надад тохиосон шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг хүсье гэсэн байна. Шүүх байгууллагын ажиллагаанд ноцтой алдаанууд гарсан гэдэг нь “Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хуланг 2018 оны гуравдугаар сард хятад судлаач, тухайн үеийн ГХЯ-ны өндөр албан тушаалтан “Б” хэний захиалга ямар зорилгоор Хятадын НШУ-ны хүрээлэнгийн ажилтнуудтай уулзуулсан нь тодорхойгүй. Үүнийг прокурор, шүүх шалгаж тогтоогоогүй. Дээрх “Б” гэгч этгээд нь Хятадын НШУ-ны хүрээлэнгийн дээрх хүмүүстэй 1990-ээд оноос хойш дотно хамтын ажиллагаа явуулж ирснийг бусад 6 гэрч мэдүүлэг өгсөөр байтал Б-г эцэслэн шалгах сонирхол прокурорт ч, шүүхэд ч, ТЕГ-т ч байсангүй. Ц.Хуланг яллах дүгнэлт үйлдэхэд ТЕГ-ын зүгээс дээр хятадын ажилтнуудыг тагнуул мөн гэсэн нэг ширхэг тамга тэмдэггүй хуудас баримтаар магадалж өгсөн байдаг. Тэгвэл Монголын тагнуул тэднийг тагнуул мөн гэж анхнаасаа мэдсээр байж, Б-гээр зуучлуулан Хуланг яагаад зориудаар тагнуултай танилцуулж, бүтэн таван жил хамтран ажиллуулах зорилготой байв зэргийг шүүх сонирхсонгүй.

Үүгээр зогсохгүй “Б” нь 2018 онд МАН-ын улс төрч Д.Цогтбаатар, Ц.Нямдорж нарын оролцоотойгоор АНУ-аас Шашин Эрх чөлөөний хууль оруулж ирсэн. Уг хууль УИХ-аар батлагдахыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан эсэргүүцэж, ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал зарлуулан, шинжэээчээр хэлэлцүүлсэн. Уг хууль нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой харшлах тул УИХ-аар хэлэлцүүлж шаардлагагүй гэсэн дүгнэлтийг 15 эрдэмтэн судлаач санал нэгтэй гаргасан.

Тус хуулийг АНУ-аас 250 сая ам.долларын буцалтгүй тусламж дагалдсан баримтыг Ц.Хулан эрэн сурвалжилж Төрд шүглэсэн зэтгэр, Аравдугаар Богдын наймаа нэвтрүүлгүүд бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн. Эдгээр нэвтрүүлэг Ц.Хуланг 2020 онд УИХ-д бие даан нэр дэвшиж өрсөлдөхөд зориулагдсан сонгуулийн нэвтрүүлэг ба ямар ч захиалгагүй, мөнгө төлбөргүй хийгдэж үзэгчдэд хүрсэн байдгийг баримтууд гэрчилдэг атал уг хоёр нэвтрүүлгийг тагнуулын даалгавраар хийгдсэн болгож ялласан.

Хятадын ЭСЯ-ны ажилтны зүгээс Ц.Хуланг Элчин сайдтай ирж уулзах уулзалтад урьж, төсөл өгч хамтран ажиллах тухай санал тавьдаг ба энэ үйлдэл нь дипломат байгууллагын , хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул Ц.Хулан төрийн шагналт, гавьяат археологич Д.Цэвээндорж агсны хамт Монголын нутаг дэвсгэр дэх нангиад үсгийн дурсгал сэдэвт 68 сая төгрөгт багтах төсөл, төсөв бичиж өгсөн баримт хүсэлт бий. Гэтэл ТЕГ гүйцэтгэх ажлын хрээнд авагдсан баримтыг УИХ-д хууль ноцтой зөрчин дэлгэн үзүүлж, өөрсдийн мөрдөж буй хэргийн маш нууц зэрэглэлийг үл тоомсорлож, Ц.Хулан Хятадын ЭСЯ-наас мөнгөн урамшуулал авч байгаа мэтээр харагдуулж төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг төөрөгдүүлсэн. Ц.Хулангаас гэмт хэрэг үйлдэж олсон 158 сая төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл энэ мөнгө Ерөнхийлөгчийн ивээл дор болж өнгөрсөн “Дөрвөлжин үсэг 750” олон улсын хурал, хөшөө, нам сонгуулийн сонин зэрэгт зарцуулагдсан бодит баримт нотолгоо, санхүүгийн баримтуудтай. ТЕГ-ын баримталж буй гүйцэтгэх ажлын тухай хууль нь прокурорын зүгээс шүүхийн өмнө хэргийг нотлох үүрэг хүлээдэггүйгээрээ Үндсэн хууль зөрчдөг, хэлмэгдүүллийн харгис гаж хууль болсныг ҮХЦ, Ерөнхийлөгч, УИХ анхааралдаа авна уу. Миний өмгөөлөгч Ч.Өнөржаргал уг хуулийн талаар бичиж, таны хуулийн зөвлөх А.Бямбажаргалд бичгээр хандаж байсан. Хүний эрхийн зөрчилтэй 400 хуулийн нэг болох нь гарцаагүй тул уг хуулийг хэлэлцэх асуудлыг санаачлан УИХ-д оруулна уу. Хэргийн хамжигч Б.Отгонбаатар ТЕГ-ын нэр сүр, эрүүдэн шүүлт дор худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгч Ц.Хуланг хэрэгт холбогдуулан гэрчилсэн тухайгаа өөрийн гараар бичиж үлдээснийг ТЕГ хурааж авсан нь эдүгээ хадгалагдаж байх ёстой. Энэ бүх нөхцөл байдлаас болж Ц.Хулангийн хэргийг хөнгөн гоомой шийдвэрлэсэн шүүх, прокурорын алдааг засч залруулахад үйл ажиллагаагаа хандуулахыг хүсч Ерөнхийлөгч танаа хандаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орхон аймагт орон сууцны байранд ахуйн хийн түлш дэлбэрчээ DNN.mn

Орхон аймагт өчигдөр буюу энэ сарын 23-нд орон сууцны байранд ахуйн хийн түлш дэлбэрчээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын албанд өдрийн 14 цагт ирсэн байна. Дуудлага ирснээс хойших гурван минутад албаныхан очиход тухайн тоотод хүн байгаагүй бөгөөд цахилгаан зуухыг асаалттай орхисон мөн дээр нь хийн түлшээр ажилладаг зуухыг давхар тавьж хэрэглэсэн байдалтай байсан аж.

Өөрөөр хэлбэл, цахилгаан зуух дээр давхар хийн түлшээр ажилладаг зуух байршуулж хэрэглэснээр дэлбэрэлт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж буй. Тиймээс иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өгөөмөр захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Өгөөмөр захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хойд хэсгийн хөдөлгөөнийг 06:00 цагт нээлээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 1093 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1093 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ? DNN.mn

Өнгөрөгч хавар Монголын Засгийн газраас “Ачит ихт” ХХК-ийн үйл ажиллалааг зогсоосон. уг компани нь эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, 30 гаруй жил ашиглаагүй байсан холимог хүдрийг боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх төслийг 10 гаруй жил хэрэгжүүлж байсан. Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөрт улсад 33.7 тэрбум, орон нутгийн төсөвт 368.6 тэрбум, овоолго ашигласны төлбөрт 26.63 тэрбум төгрөг төлж, нийт 250 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байв.

“Ард түмний мэдэлд байх ёстой “Ачит Ихт”-ийг элбэгдорж, Цагаан хоёр булаан авч эрдэнэт үйлдвэрийг цөлмөж байна” гэх мэдээллүүд байнга гарч, тухайн үед Атг-аас шалгалт хийж Ц.элбэгдоржтой хамааралгүй болохыг тогтоож байсан. 2004 оны сонгуулийн өмнө тус компанийг тойрсон маргаан дахин хурцдаж эцэстээ хаалгыг нь барьсан.

“Засгийн газраас гаргасан шийдвэрийг би хувьдаа маш их цочирдож хүлээж авсан. гэнэтхэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн талаар Ерөнхий сайд нь сүржин мэдэгдлүүд хийгээд маргааш нь Засгийн газрын хуралдаанаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан нь харамсалтай. олон зуун өрхийн амьжиргааг авч яваа, төрийн болон орон нутгийн төсөвт татвар хураамжаа хууль тогтоомжийн дагуу төлж байгаа команийг хаасан гоомой шийдвэр гаргасан төр монголын түүхэнд хар мөр болж үлдэнэ” гэж тус компанийн туЗ-ийн гишүүн А.мөнхбат харамсан ярьж байсан.

Монголын төр хаалгыг нь барьсан аж ахуйн нэгж ганц “Ачит ихт” биш. “Монполимет” групп, газрын ховор элементийн “Халзанбүргэдэй” орд, гангийн үйлдвэрийн “Кью Эс Си” компани, мөн арматур гангийн үйлдвэр  явуулах “Бэрэн групп гээд стратегийн гол төслийн олон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг таслан зогсоосон. эдгээр компаниудыг Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ төлөөгүй учир хаалаа гэдэг. Энэхүү шийдвэр нь хөрөнгө мөнгөтэй хүнийг үзэн ядаж, зээл авсан бүхнийг дайсан мэт бодож “шоронд нь хорь, амьдаар нь хатаа, буудаж ал” гэж орилолддог нийгмийн давхаргад шударга ёсыг тогтоож байна гэх ойлголтыг төрүүлж, тэдний бах ханадаг.

Шударга ёсыг тогтоож байгаа нэрээр далим гаргаж улс орны эдийн засгийн гол эргэлт болсон томоохон үйлдвэрүүдээ хааж боож, шууд үүд хаалгыг нь барьж байгаа нь улс орны хөгжилд айхтар хорлонтой болох нь ойлгомжтой. тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хаах биш, харин төрөөс дэмжин бүгдийг нь нээж, ажиллуулж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах нь юунаас чухал. саяхан уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Ачит ихт” ХХК-ийн үйл ажиллагааг нээсэн байна.

Энэ бол маш зөв шийдвэр. Ц.Туваан.сайд та тун зөв шийдвэр гаргажээ. Одоо үргэлжлүүлээд хаагдсан бүхний хаалгыг “Ачит ихт” шиг нээх хэрэгтэй байна. Ардчилсан намын сайд чинь үнэн л юм бол ард түмнийхээ талд зогсох хэрэгтэй. Ард түмэн, аж ахуйн нэгжүүд төрийн дарамтыг биш төрийн дэмжлэг, ард түмнээ бодсон шийдвэрийг хүлээж цөхөж байна. “төр нь шийдвэр гаргаж болно. Түүнийг үг дуугүй зөвшөөрч суугаа эдийн засгийн хөгжлийн сайд, уул уурхайн сайдад зэвүү хүрч байна” гэж компанийнхаа үүдыг бариулсан үйлдвэрийнхэн ярьж байсан. ийм ойлголтыг Ц.туваан сайд өөрчлөх цаг нь иржээ. одоо та “Монполимет”-ийн хоригийг даруй цуцал. Банкнаас авсан зээлээ төлчихсөн хэрнээ бүх данс нь хаалттай, үйл ажиллагаа нь нам зогссон энэ компанийг ажилд нь оруулж эдийн засгаа босгож ирэх хэрэгтэй байна.

“Монполимет группийг яллагдагч эсвэл иргэний хариуцагч, оролцогчоор тодорхойлж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах нь хууль бус үйлдэл. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулалгүй харилцах дансыг нээж өгөөч” гэж удаа дараа мэдэгдэн жагсаал цуглаан хийж, суулт зарласан ч асуудал шийдэгдээгүй. “Бид 126 тэрбум төгрөгийн зээл авсан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 260 тэрбум болгож Хөгжлийн банкинд төлсөн. Компанийн бүх дансыг ямар ч мэдэгдэлгүйгээр хаасан. Манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудын дансуудыг хүртэл хааж үлдэгдлийг нь тэглэлээ” гэж ерөнхийлөгч нь мэдэгдсэн.

Энэ бол ардчилсан төртэй улсад байж боломгүй ичмээр үйлдэл. газрын ховор элементийн хамгийн том нөөц бүхий Ховдын Мянгадын Халзанбүргэдэйн ордыг эзэмшиж буй “Монголиан нэшнл рийр ийрт” компанийн хайгуулын үйл явцыг зогсоож буйгаа уул уурхайн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. мөн дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж буй “Кью Эс Си” ХХК-ийн концессын гэрээг Засгийн газар цуцалсан. энэ талаар тус компанийн гүйцэтэх захирал э.шижир “өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн өгүүлсэн байдаг.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр санхүүгийн том бэрхшээлтэй тулгарсныг бид мэдсэн. уг үйлдвэр бол Монголын ган үйлдвэрлэлийн цорын ганц тулгын чулуу. Бид “бүтээгдэхүүн хуваах” нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийсэн. 2010-2013 онд гэхэд л 62 сая

ам.долларын санхүүжилт оруулсан. ингэснээр техникийн шинэчлэлт, баяжуулах үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, авто замын төсөл, ган бөөрөнцгийн үйлдвэр, дахивар төмөр зам боловсруулах шинэ технологи, гангийн найрлага тохируулах шанаган зуух суурилуулах олон төслүүд хэрэгжсэн. Концессын хүрээнд Засгийн газарт 63.9 тэрбум төгрөгийн төлбөр төлөхөөр төлж түүний хагасыг гэрээ байгуулсан даруйд төлсөн. үндсэндээ манай компани 30 жил ашиглах түрээсийн 15 жилийн төлбөрөө тэр дор нь урьдчилж улсын төсөвт төлсөн” гэдгээ хэлсэн.

Гэвч Засгийн газар 2022 оны хавар гэнэт цуцалж, учир шалтгааныг нь тодорхой тайлбарлаагүй байдаг. Бид гангийн үйлдвэртэй болж эцсийн бүтээгдэхүүн гаргаснаас Монголын хөгжлийн алтан багана бий болно гэж ярьдаг ч Монголын төр энэ бүхнээсээ ухарсан. мөн гангийн үйлдвэртэй болохын төлөө зүтгэсэн “Бэрэн” группийн ерөнхий захирал Мөнхтөрийг зээлээ төлөөгүй хэмээн цагдан хорьж, шүүхээс яллаж, компанийн үйл ажиллагаа зогссон. “Хувь хүн, хувь компанийн төлөө биш монгол улсдаа хэрэгтэй бүтээн байгуулалт хийхээр зүтгэж яваа аавыг минь барьж хорьж шийтгэж байгаад өмнөөс нь цөхөрч байна. манай үйлдвэр эхний ээлжинд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид 200 мянган тонн хүртэл үйлдвэрлэх боломж бий” гэж “Бэрэн”-гийн мөнхтөрийн охин Цэлмэг хэлж байсан.

Ингэж стратегийн гол төсөл, улс оны хөгжлийн гол судас боловсруулах үйлдвэрлэлийн төлөө зүтгэсэн бүхнийг Монголын төр барьж хорьж, хааж боосон. Харин энэ их дарамт“гав гинж”-нээс салж Монгол Улс үйлдвэрлэгч орон болох үүд хаалга нээгдэж буйг “Ачит Ихт”-ийн шийдвэр харууллаа. Монголын төрд шургалсан нөхөд эрх мэдлээ хэмжээлшгүйгээр эдлэн дарангуйлж, ард түмэн нь нийтээрээ гуйлгачин хоосон, улс орон нь элгээрээ хэвтсэн ийм арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй байна. Үйлдвэрлэл явуулж, валют олж эдийн засгийн эргэлт бий болгох тэр бүх газрын үүдийг нээх хэрэгтэй байна. Энэ бүх гацааг арилгахын төлөө ард түмэн АН-ыг сонгосон.

үүнийг тэргүүн шадар сайд лу.гантөмөр та эрхбиш мэдэж байгаа байлгүй. Та бүхнийг зөвхөн сайдын суудалд тухал гэж ард түмэн сонгоогүй. төрийн дарамт, татварын дарамт гээд энэ олон дарамт шахалт, амьдралын буулганд ядарч туйлдсан олон, өөдөө нар харах өдөр ирнэ гэж итгэхдээ АН-ыг сонгосон. Ардчилсан орон гэх боловч аж ахуйн нэгжүүд нь төрийн мэдэлд, хэн нэгэн албан тушаалтны аясаар хөдөлдөг энэ байдлыг даруй өөрчилж, ажил амьдрал буцалсан хөгжил дэвшлийн сайхан цагийг авчрах хэрэгтэй байна. “Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр гэж хэлсэн нь аль нэг компанийг өмөөрч хаацайлсандаа биш, улс орныхоо ирээдүйг харсандаа тэр юм

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон DNN.mn

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.


-Энэ зун манай улсад төрийн дээд хэмжээний айлчлалууд тасарсангүй. Олон улсад геополитикийн асуудал ээдрээтэй байгаа өнөө үед дэлхийн удирдагчид Монголд ирж байна…?

-2024 онд Монгол Улсын гадаад харилцааны хувьд онцгой чухал жил болж байна. Түүхэндээ анх удаа бид энэ олон айлчлалыг нэг жилийн дотор хүлээж авлаа. Өмнө нь манай улс жилдээ 1-2 төрийн айлчлал хүлээн авдаг байлаа. Мөн гадагшаа ийм тооны айлчлал хийдэг байв. Айлчлалуудын давтамжийн судалгаанаас харахад 3.6 дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь үл ойлголцол, үл итгэлцэл, үл хүндэтгэл зонхилсон геополитик, геостратегийн амаргүй нөхцөлд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бие даасан олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлал зөв явж ирснийг нотолж байна. Энэ жилийн төрийн айлчлалууд ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераар эхэлсэн. Үргэлжлээд Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Швейцарийн холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд, Бүгд Найрамдах Словени Улсын ерөнхийлөгч хатагтай Др. Наташа Пирц Мусар нар Монгол Улсад анх удаа айлчиллаа. Бас Лаос Улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ. Түүхэндээ анх удаа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук манай улсад гэр бүлийнхээ хамт айлчиллаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Узбекистан улсад айлчиллаа.

-Ярилцлагынхаа эхэнд эдгээр айлчлалуудаар зурагдсан гэрээ хэлэлцээрүүдийн үр шимийг асууя?

-Аливаа айлчлалын үр дүнг тухайн үеийн айлчлалын хүрээнд зурагдсан гэрээ хэлэлцээрүүдээр дүгнэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Төрийн тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш гадаад харилцаа, гадаад бодлогын хүрээнд хэдэн том зарчмын өөрчлөлт авчирсан нь “Дэлхийг Монголд” уриа юм. Айлчлалуудын үеэр бид зээл тусламжийн бодлого ярихаа больсон, харин харилцан ашигтай хамтын ажилагаа, хамтарсан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэн ярицдаг болсон. Ковидын дараахь манай улсын эдийн засаг сэргэж, 7.5 хувийн өсөлттэй байгаа. Нэг үеэ бодвол монголчууд олон улсын стандартын дагуу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Үүнийгээ дагаад хөгжиж буй түнш орнууддаа хөрөнгө оруулалт хийдэг боллоо. Иймд бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цогцлооё гэсэн бодлого баримталж байна.

Үүнээс гадна айлчлал болгоноор уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бизнес форумыг илүү хүртээлтэй үр дүнтэй зохион байгуулдаг болсон. Бид баялаг бүтээгдчид рүүгээ чиглэсэн, татвар төлөгчдөө дэмжсэн бодлогыг явуулж төрийн өндөр дээд түвшний айлчлалуудын хүрээнд бизнесийн салбарын төлөөлөгчдөө айлчлалын эдийн засгийн бүрэлдэхүүнд оруулан явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес форумын үр өгөөжийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ хоёр улсын бизнесийнхнийг хооронд нь уулзуулж, туршлага солилцох, суралцах тэр боломжоор хангадаг. Энэ нь манай аж ахуйн нэгжүүдэд их таатай байдлаар бууж байна.

-Гадагшаа чиглэсэн айлчлалуудын бодит үр дүн гэвэл юуг онцлох вэ?

-Ер нь явсан бүх айлчлал үр дүнтэй байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчилж очсон улс орнуудтайгаа шууд нислэгтэй болох агаарын хэлэлцээр байгуулж байна.

Мөн визгүй зорчих, бүх төрлийн паспортыг визнээс чөлөөлөх тал дээр түлхүү анхаардаг. Өнгөрсөн жил Мальдив улс руу 30 хүртэлх хоног визгүй зорчдог болсон. Бас Вьетнам, АНЭУ руу харилцан визгүй зорчдог боллоо. Ингэснээр ард иргэдийнхээ эдийн засгийн ачааллыг багасгаж байгаа. Үүнийг айлчлалын бодит үр дүн гэж харж болно. Нөгөөтэйгүүр байгууллага хоорондын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллаж байна. Үүнээс гадна хамтарсан хөрөнгө оруулалтыг чухалчилж байгаа. Энэ хүрээнд Узбекистан улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатарт “Ташкент” худалдааны төвийг, Ташкент хотод “Улаанбаатар” худалдааны төвийн талаар ярилцан ториролцсон. Хоёр улсын зах зээлд харилцан бараа бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нээж өгч байгаа нь сайшаалтай. Цаашлаад мал аж ахуйн салбарт тогтвортой фирмийн үйл ажиллагааг явуулна. Энэ мэтчилэн айлчилж очсон улс болгонтойгоо олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай байгуулсан. Одоо манай аж ахуйн нэгжүүд болон холбогдох яам агентлагууд идэвхтэй ажиллах учиртай.

-Ковидоос хойш манай улсын гадаад харилцаа огцом сэргэсэн нь айлчлалуудын тооноос харагдаж байна. Нөгөө талд дайны нөхцөлд хоёр том хөршийн дунд хавчуулагдсан Монголыг ганцаардуулахгүйн тулд, байр суурь нь ганхчих вий гэсэн гуравдагч хөршүүдийн болгоомж нөлөөлж байна уу?

-Манай орны олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь дэлхий дахинд эергээр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гүюг хаанаас захидал авснаас хойш 777 жилийн дараа Ромын Пап лам түүхэндээ анх удаа Монгол Улсад айлчиллаа. Дэлхий даяар 1.5 тэрбум сүсэгтэн олонтой католик шашны тэргүүн Пап Францис Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүний хувиар Монголд ирснээрээ олон улсад биднийг сурталчлан таниулж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил болон манай улсын нүүдлийн соёл иргэншлийг дэлхийд таниулсан түүхэн ач холбогдолтой айлчлал болсон. Үүнээс гадна Пап Францис манай улсыг оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм хэмээн тодорхойлсон нь дэлхий дахинд сонсогдсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчлахдаа гурван чухал сэдэв хөндөж ярих хүсэлтэй байгаагаа онцолсон захидал ирүүлж байсан. Энэхүү захидалд нэгдүгээрт, Монголчууд бидний НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаан дахь идэвхтэй бөгөөд амжилттай оролцоог дурдсан байсан. Бид 2022 онд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буйн 20 жилийн ойг тэмдэглэсэн. Үүнд монголчуудын үүрэг оролцоо, хувь нэмэр их байсныг олон улсын хэмжээнд зарлан таниулах хүсэлтэй байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш тус захидалдаа илэрхийлсэн. Хоёрдугаарт, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэсэн статусаа зарлаад зогсохгүй улс орнуудыг цөмийн зэвсгээр хөөцөлдөхөө болихыг уриалаад 30 жил болж байгааг сайшаан тэмдэглэсэн. Гуравдугаарт, Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг байгуулахаас эхлээд НҮБ-ын түвшинд болон олон улсын хэмжээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын чиглэлээр манлайлал үзүүлж олон жил ажиллаж байгааг дэлхийд таниулах хүсэлтэй байна хэмээн захидалдаа онцолсон байсан. Үүнээс гадна НҮБ-ын тэргүүн манай улсад зочлоод буцахдаа “Монголчууд энэ хүнд хэцүү цаг үед энхтайвны бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн Монгол Улсыг дэлхийн хэмжээнд тамгалаад өгсөн. Тэгэхээр өөр нэг өнцгөөс харвал Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын айлчлалаар гэрээ хэлэлцээр байгуулаагүй ч гэсэн манай улсын имиж, байр суурь, бодлогыг олон улсын тавцанд өргөж байгаагаар айлчлалын үр дүн бас хэмжигддэгийг харж болж байна. Энэ мэтчилэн аливаа айлчлал болгон ард түмний өдөр тутмын амьдралд эерэг үр дүнгээ өгч байдаг.

-Манай улсын Гуравдагч хөршийн бодлогыг олон орон сайшааж, таатай хүлээж авдаг. Харин гуравдагч хөршүүд маань энэ бодлогыг яаж хүлээж авдаг юм бол?

-Ковидыг залгуулаад Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн гарч, хоёр улсын маргаан дэлхийн хэмжээнийх болж хувирсныг бид бүгд харж байна. Улмаар бөмбөрцгийн ард түмнийг хооронд нь талцуулсан, үл итгэлцүүлсэн, бүлгүүдэд хуваасан энэ олон үйл явдлуудаас болоод дэлхийн улс орнууд олон туйлт дэглэм рүү явж байгааг бид харж байна. Харин манай Гуравдагч хөршийн бодлого маань 30-аад жилийн турш хэрэгжээд явж байна. Бид энэ бодлогыг үнэхээр амжилттай сайхан хэрэгжээд явж байна гэж боддог байв. Гуравдагч хөршүүд маань хүртэл “Танай гуравдагч хөрш байгаадаа бид бахархалтай байна. Энэ үнэхээр мундаг бодлого байна. Та нар хоёр том мөнхийн хөрштэй. Тэнцвэрийг хангах үүднээс танай гуравдагч хөрш байна гэдэг бол ардчилсан орнуудын нийгэмлэгийн хувьд бахархалтай. Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баянбүрд юм” гэж хүртэл хэлж байсан. Гэтэл бидний дүгнэж байгаагаар манай Гуравдагч хөршийн бодлогыг гуравдагч хөршүүд маань сайн ухаж ойлгоогүй явсан бололтой. Магадгүй ойлгосон байлаа гэхэд тэд яг бидний ойлгож байгаагаар хараагүй, эсвэл манай язгуур эрх ашгийг үл хүндэтгэсэн үү, үгүй бол цаг үе энх тайван найрамдалтай байсан учир манай бодлогын цөмийг анзаараагүй юу гэх дүгнэлтийг хийсэн. Яагаад ийм дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс хойш манайд төрөл бүрийн шахалтууд гуравдагч хөршүүдээс маань ирдэг болсон. Урьд өмнө нь тийм асуудал огт байгаагүй. Найрсаг сайхан харлцаатай, нэгдсэн үнэт зүйлтэй, ардчиллын замыг сонгосон гуравдагч хөршүүдээсээ энэ чиглэлээр суралцаж ирсэн. Тэд маань ч биднийг идэвхтэй дэмждэг байлаа. Гэтэл 2022 оны эхэн үе бөгөөд Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс хойш “Оросын талд уу, гуравдагч хөршийн талд уу?”. “Украиныг сонгох уу, дайны талд уу?” гэдэг асуудлыг тавьдаг болсон. Монгол бол өөрийн гэсэн бие даасан олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой улс. Бид аль ч улсыг дагаж энэ бодлогоосоо хазайхгүй. Шахаанд орохгүй гэсэн хатуу байр суурьтай. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд ч “Бид хоёр хөрштэйгөө нэн тэргүүнд хамгийн сайн харилцаатай байна. Дараа нь гуравдагч хөршүүд байна” гэж тодорхойлсон байдаг. Манай гадаад бодлого 1990-ээд оноос хойш тодорхой байсан. Үүнийг манай хөршүүд ч мэдэж байгаа.

-Гуравдагч хөршийн шахалтууд ирж байна гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

-Хоёр жилийн өмнө бид НҮБ дээр түдгэлзсэн санал өгсөн дөө. Үүний дараа гуравдагч хөршүүд маань “Та нар яагаад түдгэлзсэн санал өгч байгаа юм бэ. Яагаад энхтайван, олон улсын харилцан ойлголцлын талд байж Украиныг дэмжсэнгүй вэ. Яагаад Оросыг шүүмжилсэнгүй вэ” гэдэг байдлаар шахалт үзүүлж, олон чиглэлээр санал бодол нийлэхгүй байгаагаа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд бид байнга тайлбараа хийж байна. Ингэхдээ “Монгол Улс бол бие даасан гадаад бодлоготой орон. Бид тэр байр сууриа илэрхийлсэн. Дайныг дэмжихгүй байгаа. Энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлоготой улс учраас аливаа зэвсэгт мөргөлдөөн гарахгүй байгаасай. Хүний амь эрсдэхгүй байгаасай. Үл ойлголцол, үл итгэлцлийг яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдээсэй” гэсэн бодлого баримталж ирснээ идэвхтэй тайлбарлан таниулж ирлээ.

НҮБ дээр түдгэлзсэн санал өгөх нь бидний эрхийн асуудал. Үүнийхээ төлөө баалуулж болохгүй. Тэгээд ч түдгэлзсэн санал өгсөн нь цаанаа шалтгаантай. Бид мөнхийн хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлтэй орон. Харилцан бие биенийхээ халдашгүй дархан байдалд нь хүндэтгэлтэй хандана гэдгээ тунхаглан зарлачихсан хэлэлцээртэй улс. Манай язгуур эрх ашиг бол нэн түрүүнд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал болохоос биш хэн нэгэн хүний, эсвэл аль нэг улсын шахалт дарамт, ятгалаг нөлөө биш. Тиймээс бид тэнцвэртэй олон тулгуурт энхийг эрхэмлэсэн бие даасан гадаад бодлого хэрэгжүүлдэг. Тэрнээс хоёр хөрштэйгөө дайсагнах нь бидний зорилго биш. Тэр утгаараа яагаад түдгэлзсэн санал өгснөө тайлбарласан.

-НҮБ-ын 79 дүгээр чуулган эхэллээ. Энд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. НҮБ-ын шинэчлэлийн асуудалд манай улс ямар санал өгөх вэ. Энэ чуулганаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Оросыг гаргаж магадгүй талаар судлаачид байр сууриа илэрхийлж байгаа харагдсан?

-Бид байр сууриа олон жилийн өмнөөс тодорхой илэрхийлээд явж байгаа. НҮБ-ын шинэчлэл дотор аюулгүйн зөвлөлөөс гадна бусад бүх механизм ордог. Энэ бол дөнгөж сая Украин, Оросын дайнаас хойш яригдаж байгаа асуудал ч биш. Манай улс НҮБ-ын шинэчлэлийг дэмждэг. Харин Оросыг хасах эсэх асуудлыг ярьдаггүй. Гагцхүү аюулгүйн зөвлөлийн механизм нь одоо байгаа гишүүн таван орноор хязгаарлагдахгүй, бусад улс орнуудыг нэмэх, ёстой гэдэгт НҮБ-ын нийт гишүүн орнууд ярилцаж зөвшилцөөд олон жил явж байгаа. Ингэснээр НҮБ одоо байгаагаасаа илүү хүчтэй, нэр төртэй, үр өгөөжтэй, илүү тогтвортой шийдвэр гаргадаг, тэр нь жинтэй хэрэгждэг байгууллага болгохын төлөө явна гэдэг байр суурь тодорхой байгаа.

-Энэ удаагийн НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо ямар байх вэ?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Төрийн тэргүүн болсноосоо хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өөрийн биеэр оролцож ирсэн нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган хоёр том онцлогтой. Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхиий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн санаачилга дор болох “Ирээдүйн төлөөх” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Эндээс улс орны төр засгийн тэргүүн нар гурван том тунхаг бичиг баталж байгаа. Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ үеэр олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Олон туйлт дэлхийн дэглэм үүсч байгаа яг энэ цаг мөчийн оролцогч гэрч болж байгаагийн хувьд хүндэт ногоон индэр дээрээс хүн төрөлхтнийг энх тайван найрамдал, харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан бие биенийхээ соёл иргэншил, үүх түүх, хөгжлийн замнал болон олон ургалч үзлийг нь хүндэтгэн үзсэн дэлхийн дэг журам үүсээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлж, энхтайван найрамдалд уриална.

-Монгол Улс энэ чухал цаг үед буюу НҮБ-ын чуулганд оролцохын өмнө дайн дажиныг өдөөн турхирагч улсын төрийн тэргүүнийг эх орондоо хүлээж авлаа. Энэ үйлдлээрээ дайныг дэмжиж байгаа мэт олон улсад ойлгогдлоо шүү дээ?

-Зарим нэг оронд тийм хэт туйлширсан ташаа ойлголтууд үүссэн л байх. Гэхдээ үүнийгээ бид засаж залруулаад ярьж хэлээд, ойлголцоод явна. Хамгийн гол асуудал нь энд юу вэ гэхээр Монгол Улсын язгуур эрх ашиг. Мөнхийн хөрш ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийнхээ харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, зуу зуун жилийн түүхтэй хоёр орны харилцааг харилцан ашигтай эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний хувьд эн тэргүүнд яригдах ёстой. Үүнээс гадна манай улсын тусгаар тогтнол, бид бүгдийн өнөөдөр ийм эрх чөлөөтэй, ардчилсан, тусгаар тогтносон орон байх суурийг тавилцах гэж ОХУ-ын 10 гаруй мянган цэрэг эрс манай ахмад дайчидтай хамтран зүтгэж, халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж хамтын ялалт байгуулсныг бид өнөөдөр мартаж болохгүй юм. Энэ жил зөвхөн Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ой тохиогоод зогсохгүй УБТЗ-ын 75 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой гээд Орос Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болсон олон байгууллагын тэгш ой тохиосон ийм түүхэн жил болж байна. Үүнийг бид айлчлал Зохион байгуулахдаа харгалзан үзсэн байгаа. Халх голын ялалтын 85 жилийн ойг хоёр улс тэмдэглэснийг бүгд мэдэж байгаа. Энэ түүхт ойд В.Путиныг урьсан урилга дайнаас хойших биш. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа түүнийг урьсан юм. Ер нь ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад таван жилийн давтамжтай айлчилдаг нь уламжлал болчихсон. Өмнө нь Халх голын ялалтын 75, 80 жилийн ойгоор тус тус ирсэн. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтай хийсэн уулзалтынхаа дараа олон улсын хэмжээнд хандаж хэлсэн үгэндээ “ОХУ бол манай мөнхийн хөрш, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд манлайлал үзүүлж тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна” гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, “… манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” та бүхэн энхтайван найрамдалд чухал роль үзүүлнэ шүү гэсэн санааг илэрхийлсэн. Энэ айлчлал өөрөө энхийн төлөө айлчлал болсон.

-Дайнтай үед Халх голын ялалтын 85 жилийг өнжөөд энхийн цагт тэмдэглэе гээд В.Путины айлчлалыг хойшлуулж болоогүй юу?

-Тэгэх нь манай гадаад бодлогод болон монголчууд бидний язгуур эрх ашигт нийцэхгүй. Гадаад харилцаанд ялангуяа иж бүрэн стратегийн түншлэлтэй хөрш орнуудын хувьд бидэнд хамтын үнэт зүйл гэж бий, уламжлал ч байгаа. Мэдээж олон зуун жил хаяа нийлүүлэн оршин буй улс орнуудад сайн зүйл ч их байгаа, саар зүйл ч байж л таарна, гэхдээ бид мөнхийн хөрштэйгөө нэн таатай орчинд л аж төрөх ёстой. Ер нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд гадаад бодлого, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, Монгол Улсын эв нэгдлийн асуудал дээр албан ёсны мэдээлэлд суурилсан мэдээ мэдээлэл цацаж байгаасай гэж боддог. Харамсалтай нь, энэ айлчлалын болон өмнө нь хэрэгжсэн айлчлалуудын үеэр ч гэсэн худал хуурмаг ташаа мэдээлэлд суурилсан, цуу ярианд суурилсан маш олон мэдээллүүд нийтлэгдэж, олон нийтийн дунд үл ойлголцол үүсгэсэн.

-В.Путиныг ирсэнтэй холбоотойгоор манайд ирэх төрийн айлчлалууд эхнээсээ цуцлагдаж байна гэх мэдээлэл нийгэмд тарсан. Тухайлбал, Шведийн хаан ирэхээргүй болов уу?

-“В.В.Путины айлчлалын дараагаас Шведийн хааны Монгол Улсад хийх айлчлал цуцлагдлаа” гэсэн мэдээлэл түгсэн. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Яагаад гэвэл Шведийн хаан манай улсад ирнэ гэж зарлаагүй. Түүнийг манайд ирнэ гэсэн баахан цуу яриа явсан. Аливаа айлчлалыг хоёр тал хийхээсээ өмнө албан ёсоор ярилцаж тохиролцоод өдөр, цагаа баталж байгаад зарладаг. Ингэснээр албан ёсных болно. Ийм тогтсон уламжлалтай. Тэр ч утгаараа урьд өмнө нь хэрэгжиж байсан бүх айлчлалууд албан ёсоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсан дээр болон ГХЯ-ны хуудсан дээр нийтлэгддэг. Тэгэхээр албан ёсоор харилцан тохиролцож зарлаагүй айлчлалыг цуцлах гэдэг нь өөрөө логикгүй асуудал байгаа биз дээ. Жишээлбэл албан ёсны мэдээлэлд суурилж, аливаа хэвлэлийн мэдээг цацаж гаргах нь зүйтэй гэж хэлээд байгаа явдал юм л даа.

-Монгол Улс В.Путиныг ирсэнтэй холбоотой Олон улсын эрүүгийн шүүхээр орох нь гарцаагүй болчихлоо гэж судлаачид хэлж байна. Бид дэлхийд гадуурхагдах уу. Хойд Солонгос, Иран, Орос зэрэг оронтой нэг клуб рүү орчихож байгаа юм биш үү. Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалыг хүлээж авснаа олон улсад яаж зөвөөр тайлбарлах вэ. Лобби бүлэг байгуулж, Элчин сайдууд юмуу гадаадад харилцаа сайтай улсуудаараа дамжуулж дэлхий дахинд зөв ойлголт өгөх үү?

-Нэгдүгээрт, манай гадаад харилцаа явдгаараа явж байна. Манай нэр хүнд сайн хэвээр байгаа. Яаж ажиглагдаж байна вэ гэхээр НҮБ дээр очиход манайхтай уулзъя гэсэн айлын талуудын хүсэлт буураагүй. Харин ч нэмэгдсэн байна. Хоёрдугаарт, энэ айлчлалын дараа шууд залгуулаад Хятадын дэд дарга ирлээ. Удахгүй Вьетнамын ерөнхийлөгч төрийн айлчлал хийх гэж байна. Залгуулаад Казахстан улсын ерөнхийлөгч ирэхээ илэрхийлсэн байна. Гуравдугаарт, Олон улсын эрүүгийн шүүхийн асуудалд ганц л тайлбар өгье. Олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэл мэдээллийн албаны дарга нь албан ёсоор BBC-д ярилцлага өгсөн. Тэрбээр “Монголчууд энэ шүүхийн байгууллагын гишүүн орон учраас В.В.Путиныг баривчлах асуудалд хамтарч ажиллах ёстой. Энэ бол эрх зүйн хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөх зүйл. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн дагуу аливаа нэг улс нь баривчлах гээд байгаа этгээдийнх нь улстай хоёр талын харилцан дархан эрх ямбаа хадгалах энхийн хэлэлцээртэй бол, баривчлах гэж оролдсоноороо тэр хэлэлцээрийнх нь заалтыг зөрчих гээд байгаа бол, тэр хүний бие болон биет бус зүйлд нь халдашгүй дархан байдлыг нь зөрчих гээд байгаа бол энэ хамтарч ажиллах үүргээс чөлөөлөгдөж болно” гэдэг заалттай. Тэгэхээр манай улс ОХУ-тай 2019 онд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан орон. Олон улсын эрүүгийн шүүх өөрөө тэрийгээ мэдэж байгаа болохоор тайлбар өгсөн байгаа. Хоёр улсын харилцаа ямагт дээгүүр тавигдаж байна шүү дээ. Нэмээд хэлэхэд, улс орны төрийн тэргүүн нар Венийн конвенцээр дипломат дархан эрх ямба эдэлдэг. Тэнд манайх ч, ОХУ ч нэгдсэн. Гэтэл нэг улсын ерөнхийлөгч нь ирнэ гээд айлчилж байхад нь бид баривчилбал түүний дархан эрхэд халдаж байна гэсэн үг. Олон улсын эрх зүйн хүрээнд ч, манай хуулийн хүрээнд ч боломжгүй асуудал. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Олон улсын эрүүгийн шүүх нь тайлбарласан. Бид НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаатай. Бүгдтэй нь энхийг эрхэмлэж ажиллахыг хүсдэг. Манай улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт бие даасан гадаад бодлогоо зөв зүйтэй авч явдаг орон. Тэрнээс нэг улс нь шүүмжлэхээр нөгөөгөө урихаа больдог улс биш. Энэ нь манай гадаад бодлогын номлол. Бид ондоошлоороо ижилсэх ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ