Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхэд алгадсан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цахим орчинд есдүгээр сарын 25-нЫ өдөр олон нийтийн сүлжээнд LEXUS 600 машины жолооч эмэгтэй замын голд хүүхдийн биед халдаж буй бичлэг цацагдаж, шүүмжлэлд өртөөд буй.

Цахим орчинд нийтлэгдсэн бичлэг дээрх зөрчил нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн байна.

Уг зөрчилд холбогдуулан тээврийн хэрэгслийн жолооч 42 настай, эмэгтэй О-г шалгаж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон” гэх заалтаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль болоход 14 хоногийн хугацаа үлдээд байна.

Хуульд зааснаар өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр нам, эвсэлээс болон бие даан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авах юм.

Categories
гадаад мэдээ

Жо.Байден: Бид Украиныг дэмжихээс татгалзаж болохгүй DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы индэр дээрээс ерөнхийлөгчийн хувьд сүүлийн удаа үг хэлэв.

Тэрээр: “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өргөн цар хүрээтэй түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ, НАТО-гийн холбоотон болон түншүүд, түүнчлэн дэлхийн 50 гаруй улс Оросыг эсэргүүцсээр байна” гэж мэдэгдээд “Сайн мэдээ гэвэл Путины дайн бүтэлгүйтсэн, түүний гол зорилго ч бас бүтэлгүйтсэн. Тэр Украиныг устгахыг хичээсэн ч Украин эрх чөлөөтэй хэвээр байна.

Тэр НАТО-г сулруулахыг хичээсэн боловч НАТО өмнөхөөсөө илүү том, хүчирхэг, нэгдмэл болж, Финланд, Швед гэсэн хоёр шинэ гишүүнтэй болсон. Гэсэн ч бид тайвширч болохгүй. Дэлхий өнөөдөр Украиныг дайнд ялахад нь бид үргэлжлүүлэн тусалж дэмжих үү, эсвэл түрэмгийллийг даамжруулж, үндэстнүүдийг устгаж байгааг хүлээн зөвшөөрөх үү гэсэн сонголттой тулгараад байна. Иймээс бид ядарч, цуцах ёсгүй, бид өөр тийш харж болохгүй. Украиныг шударга, тогтвортой энх тайван тогтоох хүртэл АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ сулруулахгүй, Украиныг Оросын эсрэг дайнд ялах хүртэл нь дэмжих болно” гэж хэлэв. Мөн Америкийн ерөнхийлөгч Украин болон дэлхийн бусад улс орнуудад үзүүлэх тусламжийг ноцтой бууруулж болзошгүй Бүгд найрамдах намын Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирэх магадлалтай байгааг дурдаж, Москватай хийх цаашдын сөргөлдөөнд бууж өгөхгүй байхыг уриалав. Байден мөн Ойрхи Дорнодод гал зогсоох хэлэлцээр хийхийг уриалж, мөргөлдөөнд хоёр талын гэм зэмгүй иргэд хохирч байгааг онцолжээ. Тэрээр 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын Израиль руу хийсэн террорист халдлагын үеэр амь үрэгдсэн олон зуун энгийн иргэд, барьцаалагдсан олон арван хүний хувь заяаг дурсав.

Үүний зэрэгцээ Газын зурвас дахь гэм зэмгүй энгийн иргэд ч “тамын амьдрал туулж байна” гээд “Талууд хэлэлцээрийн нөхцөлийг эцэслэн баталж, барьцаалагдсан хүмүүсийг эх оронд нь буцаан авчирч, Израиль болон Газын зурвасыг ХАМАС-аас ангижруулан аюулгүй байдлыг хангаж, Газын зурвас дахь зовлон зүдгүүрийг намжааж, энэ дайныг зогсоох цаг ирлээ” гэж тэр уриалав. Үүний зэрэгцээ Байден өөрийн засаг захиргааны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг онцлон тэмдэглэж, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ технологийг өргөнөөр ашиглахыг дэмжиж буйгаа онцлоод, ирэх 10 жилд дэлхий дахинд сүүлийн 50 жилийнхээс илүү технологийн өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Хиймэл оюун ухаан нь бидний амьдрах арга барил, ажиллах арга барил, дайнтай тэмцэх арга барилыг өөрчилнө. Гэхдээ үүний ихэнх тохиолдолд бидний амьдралыг сайжруулж чадна” гэж Байден нэмж хэлэв. Тэрээр мөн хиймэл оюун ухаантай холбоотой ноцтой эрсдэлүүд, тухайлбал хуурамч мэдээ, ташаа мэдээлэл, түүнчлэн шинэ эмгэг төрүүлэгч бичил биетүүд, биологийн зэвсэг бий болох зэрэг ноцтой эрсдлүүдийг онцлон тэмдэглэв. Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд сүүлчийн удаа үг хэлэхдээ, дэлхийн удирдагчдад хандан жирийн хүмүүсийг өөрсдийн амбицаас дээгүүр тавихыг уриалав. Хоёр дахь удаагаа нэр дэвшихээс татгалзсан Америкийн ерөнхийлөгч “Бид ард түмэнд үйлчлэхийн тулд энэ суудалд ирсэн, харин эсрэгээрээ биш гэдгийг хэзээ ч битгий мартаарай” гэж сануулж бас уриалав. Түүнийг үг хэлж байх үеэр танхимд бусад улсын удирдагчтай хамт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский сууж байгааг зураглаачид үе үе онцлон харуулж байв.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын бүх үйл ажиллагаа “102 police” апп-аар дамжин иргэдэд хүрнэ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль болон “102 police” аппликэйшний талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: -Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар тогтсон. Орон нутгийн сонгуулийн санал авах 2230 байр ажиллана. Санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн. Есдүгээр сарын 25-ны 08:50 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс зөрчлийн шинжтэй 49, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл байна. Эдгээрийн дийлэнх нь сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулж буй тухай юм.

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул: Энэ сарын 26-ны өдрөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлнэ. Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт самбарыг тухайн аймаг, дүүргийн ИТХ-ын тогтоож өгсөн хяналтын камерын тусгал бүхий газарт байрлуулна. Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төслийн үндсэн зорилго нь нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгууллага, ААН-үүдийг камержуулах явдал юм. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг цагдаагийн байгууллагаас гадна 63 төрлийн байгууллага шалгадаг.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн: -Иргэд олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ойртуулах, цагдаагийн байгууллагаас авдаг үйлчилгээнүүдийг хөнгөвчлөх зорилгоор “102 police” аппликэйшнийг нэвтрүүлээд байгаа. Цагдаагийн байгууллагын бүх үйл ажиллагаа тус аппликэйшнээр дамжин иргэдэд хүрнэ. Иргэд олон нийт тус аппликейшнийг IOS болон андройд үйлдлийн системтэй гар утсандаа суулгаж, И-Монголиа системээр баталгаажуулалт хийнэ. Тус аппликэйшн олон онцлог, давуу талтай. Иргэд цагдаагийн байгууллагад тус аппликэйшнээр дамжуулан дүрст буюу видео дуудлага, мессэж хэлбэрээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой. Түүнчлэн дуудлага мэдээллийг хүлээн авсан алба хаагч болон автомашины байршлын мэдээллийг авч болно. Үүнээс гадна замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл буюу осол хамгийн их гардаг замын мэдээллийг авах боломжтой. Иргэн эрсдэлтэй буюу осол хамгийн их гардаг бүсэд зорчсон тохиолдолд гар утсанд нь аппликэйшнээр дамжуулан мэдэгдэл очно. Мөн зөрчлийн шинжтэй мэдээллийг иргэд баримтжуулан илгээх боломжтой. Ингэснээр иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулна. Хэрэв тухайн асуудалд зөрчлийн шинжтэй үйлдэл байвал мэдээлэл өгсөн хувь хүнд урамшууллын оноо өгнө. Мөн эрэн сурвалжлалт болон шуурхай мэдээ, урьдчлан сэргийлэх аянтай холбоотой мэдээлэл, цагдаагийн байгууллагын байршил, холбоо барих дугаарын талаарх мэдээллийг авах боломжтой. “102 police” аппликэйшнд хөгжүүлэлт хийн улам сайжруулж байгаа юм.

 

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Жавхлан: Нэг л алдаанаас болж буурдаг зээлжих зэрэглэлээ арван жилийн дараа ахиулж чадсан ч Монгол Улсын хувьд том сургамж боллоо DNN.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай Монгол Улсын зээлжих зэрэглэлийн талаар тодруулж, ярилцлаа.


-Олон улсын байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар мэдээл-лээ. Энэ талаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцсан байх. Тэгэхээр зэрэглэл ахиснаараа бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-Олон улсад зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлаг байдаг. Тэрний нэг болох Фитч агентлаг өнгөрсөн долоо хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ний өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан. Ингэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” тогтвортойгоос “В+” тогтвортой болгон ахиуллаа гэдгээ зарласан. Тэгэхээр ямар ач холбогдолтой вэ гэхээр мэдээж эдийн засгийн олон талын эерэг байдал бий болно. Гэхдээ ямар шалтгаанаас болооод, ямар шалгуураар энэ зэрэглэл ахисан бэ гэдэг нь чухал.

-Тэгвэл ямар ямар шалтгаанаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиул-сан юм бэ?

-Олон шалтгааныг тайландаа дэлгэрэнгүй дурдсан байна лээ. Үүнээс би хэдэн зүйлийг онцлон хэлье. Юуны өмнө Монгол Улсын Засгийн газар өрийн удирдлагын менежмент, стратегиэ сайн барьж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дарамт эрс буурсан байна гэдгийг дурдсан байна лээ.

Хоёрдугаарт, улс төрийн тогтвортой байдал болон өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнг тодорхой тэмдэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газар цаашид тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах боломжтой байна гэдгийг тайландаа тодорхой тусган өгсөн байсан гэсэн үг. Гуравдугаарт, санхүү төсвийн өсөлтөө уул уурхайн салбарын өсөлттэй их сайн уялдуулж өгснийг танилцуулсан. Мөн хамгийн чухал нь Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортой нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлагнасан.

-Өнгөрсөн наймдугаар сард болсон ээлжит бус чуулганаар Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн өөрчлөлт зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байсныг хэлж байна. Яг ямар өөрчлөлт эерэг хүчин зүйл болсон юм бэ?

-Ээлжит бус чуулганаар Засгийн газраас Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсан. Ингэхдээ Төсвийн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулсныг санаж байгаа байх. Тодорхой хэлбэл, төсвийн суурь тэнцэл цаашид тогтмол хоёр хувийн ашигтай байх ёстой. Энэ хоёр хувийнхаа сангаараа Засгийн газар үндсэн өрөө жил бүр тогтмол төлж явна гэдгийг хуульчилсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын Засгийн газрын өр цаашид тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэнийг тодорхой харуулсан. Үүгээрээ бид гадаадын хөрөнгө оруулагч нарт эерэг мессэжийг өгсөн гэсэн үг.

-Тэгвэл зээлжих зэрэглэл буурснаараа манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурах, эдийн засаг агших эрсдэлтэй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Манай улсын хувьд анх Чингис бонд авсан тэр үеэс эхлээд зээлжих зэрэглэлээ тогтоолгож ирсэн байдаг. Энэ хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл ахих гэхээс илүү буурч ирсэн. Хамгийн өндөртөө 2011 онд Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнөөдрийн энэхүү түвшинд хүргэж байсан ч дахиад буурсан. Түүнээс хойш 13 жилийн дараа дахин тэрхүү өндөр үнэлгээгээ бид авч байна. Сүүлийн зургаан жилийн турш олон улсад амаргүй нөхцөл байдал бий болж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос, Украины дайны асуудал, дэлхийн эдийн засгийн бууралт гээд. Энэ хугацаанд дээрх гурван агентлагаас Монгол Улсын Засгийн газарт танай зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй байна шүү гэдгийг байнга анхааруулж ирсэн байдаг. Гэвч бид санхүүгийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиэ амжилттай хамгаалж ирсэн. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай хүндхэн арга хэмжээнүүдийн үр дүнд дээрх гурван агентлаг бидэнд итгэл үзүүлж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгаж ирсэн. Улмаар өнөөдөр энэ зэрэглэлээ ахиулснаа зарлаж байгаа нь бидний хувьд сайн мэдээ юм. Нөгөөтэйгүүр 10 гаруй жилийн өмнө бидэнд өгч байсан үнэлгээгээ бид өнөөдөр дахин авч байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр бид нэг л алдвал бидний хөгжил арван жилээр хойшилдгийг тодорхой мэдэх хэрэгтэй. Энэ бол маш том сургамж. Тиймээс бид цаашид зээлжих зэрэглэл дээрээ огт алдаа гаргаж болохгүй.

-Засгийн газрын зээлжих зэрэглэл ямар байхаас шалтгаалж, хувийн хэвшлийн зээлжих зэрэглэл тодорхойлогдоно гэж ойлгож болох уу?

-Шууд утгаараа бол тийм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зээлжих зэрэглэл гэдэг бол тухайн улсын зээлжих зэрэглэлийн тааз нь болж явдаг гэсэн үг. Тухайлбал, Засгийн газрынхаа зээлжих зэрэглэлээс давсан үнэлгээг хувийн хэвшил нь авах ямар ч боломжгүй гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газар зээлжих зэрэглэлээ өндөр болгох нь тэр чинээгээрээ хувийн хэвшлийн санхүүгийн тааз өндөр болж байна гэсэн үг. Өчигдөр Фитч агентлагаас Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулснаа мэдэгдсэн. Тэгвэл тэр даруй манай улсын зарим томоохон хувийн хэвшлийн зэрэглэл мөн адил ахисан байна лээ. Үүгээрээ юу хэлэх вэ гэхээр манай улсын хувийн хэвшил гаднаас санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт татах боломж нь эрс нэмэгдэж байна гэсэн үг. Цаашлаад иргэдийн хувьд ямар нэгэн зээл авахад зээлийн хүү нь буурах нөхцөл үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өмнө гаргасан алдаагаа давтаж болохгүй гэдгийг та хэллээ. Хэрэв давтаад алдаа гаргавал дахиад зээлжих зэрэглэл буурах нь байна шүү дээ. Хэрэв буурчихвал үүнийг ахиулах гэж олон жилийн хугацаа санхүүгийн хатуу дэглэм барих шаардлагатай болох нь байна, тийм үү?

-Яг зөв. Бид дахиад зээлжих зэрэглэл дээр алдаж огт болохгүй. Энэ бол улс орны эдийн засагт, тэр дундаа хувийн хэвшилд маш сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэдэрлээ шүү дээ. Тэгэхээр өмнө гаргасан алдаа юу байв. Юун түрүүнд богино хугацаатай, өндөр хүүтэй бонд болон бондын ашиглалт дээр гарсан алдаагаа бид дахин давтаж болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Ер нь арилжааны зориулалттай бонд дахиж гаргах шаардлага огт байхгүй. Эсрэгээрээ урт хугацаатай, хүү багатай, хөгжлийн зээлүүдийг авч болно.

Гэхдээ тэрхүү зээлийн зориулалт нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой байх шаардлагатай. Мөн төлбөрийн тэнцэл, төсөв мөнгө дээрээ сөрөг дарамтгүй байх хэрэгтэй. Ерөөсөө ийм хэдэн чухал шаардлага, зарчимыг бид барьсан учраас харьцангуй богино хугацаанд зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа гэж ойлгох хэрэгтэй. Цаашид гаргасан алдаагаа давтах ёсгүй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их тэнгэрийн уулзвараас “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Их тэнгэрийн уулзвараас “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг маргааш угсарч дуусна DNN.mn

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны хажуугийн авто зам дээр борооны ус зайлуулах шугамыг энэ сарын 23-ны даваа гарагт угсарч эхэлсэн. Нийт 350 метр борооны ус зайлуулах шугам угсрах уг ажил есдүгээр сарын 27-нд хучилт хийснээр дуусаж, үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн 24 ширхэг ус хүлээж авах худаг барихаар төлөвлөсөн. Ус зайлуулах шугам угсарч буй “Нархан” хотхон орчимд борооны ус ихээр тогтож, иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулдаг бэрх нөхцөлтэй байсан. Тэгвэл энэ жил төвийн зургаан дүүрэгт нийт 15 ус зайлуулах байгууламжийг шинээр угсарч байгаагийн сүүлийн буюу 15 дахь байршил “Нархан” хотхон боллоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах 15 шугам хоолойг бүрэн шинэчилж байна. Түүнчлэн Энхтайваны гүүрний дор, Нарны гүүрний урд, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугамыг нэмэлтээр угсрах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар дараах дөрвөн байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,

  • Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна.
    • Хойд эгнээг есдүгээр сарын 24-ны 23:00 цагт хаасан бол 27-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм.
    • Урд эгнээг маргааш буюу есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.
  • Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг маргааш буюу 27-ны 06:00 цагт нээнэ.
  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагт нээнэ.
    • Хойд эгнээг өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны 23:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.
  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хаасан бөгөөд 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 27-ноос 2024 оны аравдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд нутгийн зарим газраар, 28, 29-нд ихэнх нутгаар, 30-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Батболд: Төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Р.Батболдтой ярилцлаа.


-Ярилцлагынхаа эхэнд таны ажлын туршлагыг сонирхох гэсэн юм. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хаана, ямар ажил хийж байв. Бас аль нутгийн хүн билээ?

-Миний төрсөн нутаг гэвэл төв аймаг. Нийслэлийн 40 дүгээр сургуулийг дүүргээд МУИС-д элсэн суралцсан. Ингээд эдийн засагч мэргэжил эзэмшиж, сургуулиа 1996 онд төгссөнөөс хойш худалдааны салбарт түлхүү ажилласан. Тухайлбал, “Разноимпэкс” компанид менежер, “Эйртранс” компанид ерөнхий нягтлан бодогч, “Би Эм Би Икс” компанид захирлаар томилогдон ажиллаж байв. Дараа нь “ХААБирж” компанид ахлах аудитор хийж байгаад “ти Пи Эм Смарт Системс” компанид зөвлөхөөр ажиллаж байсан. Харин УИХ-ын гишүүн болохоос өмнө Иргэний Зориг Ногоон намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.

-Эдийн засагч хүний хувьд татварыг бууруулах тал дээр танд ямар гарц байна вэ. НДШ, ХХОАТ, НӨАТ гээд татварын дарамт асар их байна. Үүнэээс болж аж ахуйн нэгжүүд өсч томорч чаддаггүй зовлонтой. Шинэ парламентын хамгийн түрүүнд барьж авах ёстой ажил нь татварын хувь хэмжээг бууруулах гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өнөөгийн татварын дарамт тэр дундаа ХХОАТ, НДШ, НӨАт иргэдэд дарамт учруулж байгааг би ойлгож байна. Нөгөө талаас татварын ачааллыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн хөгжил зэрэг төрийн чухал үйлчилгээг санхүүжүүлэхэд Засгийн газар хангалттай орлоготой байх хоёрын хооронд тэнцвэрт байдлыг хангах нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Татварыг бууруулахад миний санал болгож буй шийдэл бол бага, дунд орлоготой иргэд гэх мэт татварын ачаалал харьцангуй өндөр байгаа тодорхой бүлгүүдэд чиглүүлэх явдал юм. Бид эдийн засгийг идэвхижүүлэхийн тулд орлого багатай бүлэгт ногдуулах татварын дарамтыг бууруулж, өндөр орлоготой хүмүүс илүү шударга хувь төлдөг татварын дэвшилтэт тогтолцоог нэвтрүүлж болох юм. Жишээлбэл, өндөр орлоготой хүмүүсийн татварыг хэвээр хадгалахын зэрэгцээ бага орлоготой хүмүүст хөнгөлөлт үзүүлэх үүднээс хувь хүний орлогын албан татварын босгыг тохируулж болно. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд, Засгийн газар нийгмийн хамгааллын сүлжээг санхүүжүүлэх өөр аргууд бий. тухайлбал, байгаль орчинд хор хөнөөлтэй үйлдвэрүүдэд ногоон татвар ногдуулах зэрэг орлогын төрөлжүүлсэн урсгалыг судлах боломжтой. НӨАТ-ыг төсвийн санхүүжилтэд зайлшгүй шаардлагатай боловч миний хувьд хувь хэмжээг багасгаж бүх иргэд төлдөг байх зарчмыг дэмждэг. Үүнд иргэд бидний оролцоо өндөр байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр өрхийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх замаар тохируулж бас болно.

Татвар гэдэг бол төлдөг хэсэгт нь ачаа үүрүүлээд төлөхгүй хэсэг нь завшаад байж болохгүй л дээ. Төрөх, үхэх нь үнэн гэдэгтэй адил татвар төлөх нь хүн бүрийн үүрэг. Гол нь системийн гажуудал байгаа юм. Бид төлбөр тооцооны бэлэн бус хэлбэрийг хуульчлах цаг нь болсон, энэ талын хуулийг өргөн барина ч гэж төлөвлөж байгаа. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн, бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх вэ гэдгийг бодолцох цаг болжээ

Тухайлбал, ATM-ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа орж байгаа нь тодорхойгүй, ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ний 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс 2-3 дахин том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна. Гол нь татвар өөрөө төлөгдөх сайн систем бий болно.

-Намрын чуулганаар хамгийн түрүүнд ирэх оны төсөв орж ирнэ. Төсвийн төслөөс таны анхаарлыг татсан ямар асуудлууд байна вэ?

-Төсвийн төсөл гишүүдэд ирсэн. Анхаарал татсан, нухацтай авч үзэх хэд хэдэн асуудал байна. Монгол Улс аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг төрөл бүрийн салбарт цар тахлын дараахь эдийн засгийг сэргээх тулгамдсан асуудал байгаа. Мөн дэд бүтцийн төслүүдэд эх үүсвэрийг хэрхэн хуваарилах, боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбар эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэлт санхүүжилт авах эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах арга хэмжээнүүд, ялангуяа манай намаас ногоон хөгжилд онцгой анхаарал хандуулна гэж бодож байна. Байгаль орчинд ээлтэй шинжлэх ухааны ололтуудыг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, ногоон эдийн засагт хэрхэн шилжих талаар ч илүү анхаарна.

Тухайлбал, төсвийн бодлого хэлэлцэхэд нэгдүгээрт үндэсний эрх ашиг чухал. Үүсээд байгаа асуудлыг том зургаар нь, бодлогын түвшинд харж, хариу арга хэмжээгээ сууринаас нь хийх явдал чухал. Өөрөөр хэлбэл, асуудлыг фракц бүлэглэл, нам эвсэл, хот, хөдөө, жижиг тойргийн хэмжээсээр явцуу харах цаг биш. Том зураглал, бодлогоо онилох хэрэгтэй гэсэн үг л дээ. Өнөөдөр үнийн өсөлт, ханш уналт, инфляцийн, өрийн тааламжгүй өсөлт, тэлэлт бол хүндрэлийн гол онош гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа байх. Эмчилгээ ч мөн л энэ дагуу. Өөрөөр хэлбэл, төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой. Үүнд төсвийн орлогын эх үүсвэрээ бодитой тооцох, зардлын хэмнэлтийн болоод, үр ашгийн хэлбэрийг нарийн тооцох нь чухал байгаа. Хэмнэлт гэдэг нь төсвийн гол багана, үүнийг мөрдлөг болгон ажиллана. Төсвийн өргөн баригдаж байгаа төслүүдийн хяналт маш чухал. Яаж, ямар аргаар тооцов, өнөөгийн болоод ирээдүйн үнэ цэнийг хэрхэн тусгав, мөн бусад эрсдэлүүдээс үүдэлтэй санхүүгийн нөхцөлд хэрхэн зөрүү үүсэх вэ гэх мэтчилэн. Тиймээс хяналт , аудитлагдах тал дээр шийдэл тодорхой байх талыг барьж санал зөвлөмжөө өгнө дөө.

-Хэмнэлт гэснээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцэж, өөрчлөх болов уу. Тэгэхгүй бол дэд сайдаа тавьж болохгүй гацах юм биш үү. Энэ мэтчилэн олон ажил энэ хуультай холбоотой зогсоод байгаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Хэмнэлтийн хууль бол хоёр талдаа иртэй илд байсан. Энэ нь нэг талаас төрийн хэт их зардлыг хазаарлах, төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор хэрэгжсэн ч нөгөө талаараа чухал төслүүдийг гацаанд оруулж гацахад хүргэсэн байх магадлалтай. Ялангуяа нэн шаардлагатай бүтээн байгуулалтын төслүүдэд уян хатан байдлыг хангах үүднээс хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай нь ойлгомжтой. Төсвийн сахилга батыг сахих нь нэн чухал ч Монгол Улсын өсөлт хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх чухал төслүүдийг зогсоож болохгүй. Хэт их зардал гаргах хандлагатай байгаа газруудад хэмнэлтийн хуулийг хэвээр үлдээж болох ч дэд бүтэц, ногоон технологи зэрэг урт хугацааны үр ашгийн төлөө хөрөнгө оруулалт шаардлагатай салбаруудад зөөлрүүлж болохуйц илүү нарийн арга барилыг Засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй л дээ.Төсвийн удирдлагын уян хатан байдал, авлига, үрэлгэн байдлаас урьдчилан сэргийлэх хяналтын механизмыг сайтар хэрэгжүүлснээр Засгийн газар шаардлагатай төсөл, хөтөлбөрөө саатуулахгүйгээр санхүүгийн бэрхшээлээ шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Та ИЗНН-ыг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ногоон хөгжлийн бодлогыг дэмждэг байх. Удахгүй болох олон нутгийн сонгуулийн талаар та ямар бодолтой байна вэ. Улаанбаатарын тулгамдаж түмэн асуудлыг шийдвэрлэхэд нутгийн удирдлага ямар үүрэг гүйцэтгэнэ гэж та харж байна вэ?

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль Улаанбаатар хотын хувьд чухал цаг мөчид тохиож байна гэж бодож байна. Иргэдийн хурлаас гаргасан шийдвэрүүд хотын ирэх он жилүүдийн хөгжлийг тодорхойлох болно. Улаанбаатар шиг хурдацтай хөгжиж буй хотод дэд бүтцийн хүндрэл, агаарын бохирдол, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн удирдлага чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Ногоон хотжилт, тогтвортой хөгжил нь танай намын мөрийн хөтөлбөрийн гол цөм байсан. Агаарын бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, гэр хорооллын тэлэлт, орон сууцны хүртээмж зэрэг олон асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед Иргэдийн хурлаар дамжуулан орон нутагтаа оновчтой бодлогыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Мэдээжийн хэрэг, ногоон хотжилтын бодлого нь Улаанбаатар хотыг хүн бүрд ээлтэй, аюулгүй шийдлүүдийг хэрэгжүүлэх санааг агуулдаг. Гол санаа нь зөвхөн хурдтай хөгжиж буй хотын хөгжлөөс гадна байгаль орчинтойгоо зохицон хөгжих хотыг төлөвлөх явдал юм. Бид байгальд ээлтэй тээврийн систем буюу цахилгаан автобус, дугуйн зам, явган зорчигчдод ээлтэй дэд бүтэц зэрэг асуудлуудаа эрэмбэлэх хэрэгтэй. Мөн нарны эрчим хүч, усны хэмнэлттэй хэрэглээ зэрэг ногоон технологи агуулсан хямд үнэтэй орон сууцны төслүүдэд анхаарлаа хандуулах ёстой. Иргэдийн хурал нь мэргэжилтнүүд, иргэдтэй нягт хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг байгаль орчинд хор хөнөөлгүй, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн хангах замаар төсөл хөтөлбөрийг манлайлах учиртай.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар олон намууд оролцож байна. Өнгөрсөн найман жилд МАН нийслэлд засагласан. Ганц нам давамгайлсан гэхээсээ илүү олон намын төлөөлөл иргэдийн хуралд орж ирснээр ямар давуу талууд үүсэх бол?

-Иргэдийн хуралд олон нам төлөөлөлтэй байх нь Улаанбаатар хотын хувьд маш том давуу тал. Энэ нь илүү олон талт, тэнцвэртэй хэлэлцүүлэг болно гэсэн үг. Нэг нам давамгайлсан тохиолдолд явцуу эрх ашгийг урьтал болгох, зарим асуудлыг хойш тавих эрсдэлтэй байдгийг бид бүгд өнгөрсөн он жилүүдэд харлаа. Харин олон намын төлөөлөл орсноор Нийслэлд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдэх асуудлыг нэг ширээн дээр авчрах болно. Магадгүй зарим нам нь нийгмийн үйлчилгээнд, зарим нь бизнесийн хөгжилд, нөгөө хэсэг нь манай нам шиг байгаль орчны тогтвортой байдалд анхаарлаа хандуулж болно. Энэхүү олон янзын үзэл бодлын үр дүнд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэх боломжтой юм. Хамтран ажиллах, харилцан буулт хийх, зөвшилцөх нь ард түмнийг илүү сайн, илүү хүртээмжтэй бодлого явуулахад хүргэнэ.

-Ингэхэд бизнесийн салбарынхныг яавал зөв бодлогоор дэмжиж томруулах вэ. Энэ тал дээр та ирэх дөрвөн жилд парламентад ямар санаачилга гаргаж ажиллах вэ?

-Энэ бол урамшууллын тодорхой бодлоготой байхаас эхэлнэ. Жишээлбэл, Нийслэлийн иргэдийн хурал нь ногоон төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, байгальд ээлтэй барилгуудыг эрэмбэлэх бүсчилсэн хууль, байгаль орчны шалгуурыг хангасан бүтээн байгуулалтыг хурдан батлах зэргээр тогтвортой хөгжлийг дэмжих зохицуулалтыг бий болгох эрхтэй. Үүний зэрэгцээ бүтээн байгуулагчдад дагаж мөрдөх ёстой байгаль орчны өндөр стандартыг тогтоож өгөх боломжтой. Ядаж л өнөөдөр байгаа стандартуудыг мөрдөж ажиллах байдлыг хэвшил болгохоос гадна байгаль орчинд ашиг тусаа өгөх, урт хугацааны санхүүгийн ач холбогдолтой байх гэдгийг ойлгуулж сурталчлах байдлаар дэмжиж бас урамшуулан ажиллах боломжтой.

-Ер нь авлига аль ч шатанд байсаар ирсэн. УИХ-ын шинэ гишүүний хувьд авлигын асуудлыг бууруулахад ямар шийдэл дэвшүүлмээр байна вэ?

-Төр, ард түмний хооронд итгэлцлийг бий болгоё гэвэл ил тод байх нь маргаангүй. Ялангуяа орон нутгийн засаглалын тогтолцоонд авлига удаан хугацааны туршид тулгамдсан асуудал байсаар ирсэн. Ил тод байдал нь түүнийг эмчлэх хамгийн сайн эм юм. Тэгэхээр орон нутгийн Иргэдийн хурлын тэмдэглэлийг хэвлэн нийтлэх, төсвийн шийдвэрийг олон нийтэд ил тод болгох, төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээллийг хүн бүхэн нээлттэй олж авах нь хялбар байх ёстой. Төлөөлөгчид сонгогчдодоо байнга тайлагнаж, ямар шийдвэр, яагаад гарч байгаа талаарх мэдээллийг иргэд хялбархан авдаг байх нь чухал. Бид бүх үйл явц ил тод, хяналт шалгалтад нээлттэй байх тогтолцоог бүрдүүлэх ёстой