Categories
story-news

Энтони Блинкен: Манай улсаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт энэ жилээс эрс нэмэгдэнэ

Энтони Блинкен: Манай улсаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт энэ жилээс эрс нэмэгдэнэ

Categories
story-news

ТОЙМ: “Бид яаж амьдраад байна аа…” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Бид яаж амьдраад байна аа…” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Төв, Хэнтийн нутгаар их бороо орно DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөөдөр Төв, Хэнтийн нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2024 оны наймдугаар сарын 03-наас 2024 оны наймдугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө.

15:30 цагт: Буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн шилдэг наймд шалгараад буй. Өнөөдөр тэр медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.

16:00 цагт: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Энтони Блинкен: Манай улсаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт энэ жилээс эрс нэмэгдэнэ DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр манай улсад хүрэлцэн ирээд буцлаа. Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад найман жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээр хийлээ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тодруулбал, Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараахь тохиролцоонд хүрэв. Мөн Монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов. Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Дараа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Манай улсын хувьд хоёр гүрний дунд, далайд гарцгүй, ардчилсан тогтолцоог сонгосон улс. Бидний хувьд энэ тогтолцоонд шилжээд 30 гаруйхан жилийн туршлагатай ард түмэн. Хоёр хөрштэйгөө бид мөнхийн эв найрамдалтай байхыг эрмэлзэж явдаг. Бидний харилцааны түвшин хамгийн оргил үедээ хүрсэн.

Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого гэдэг нэр томьёог гаргаж ирсэн цагаас хойш яг энэ цаг үед жинхэнэ утгаар нь өндөр хөгжүүлж байгаа гэж хэлж болно. Гуравдагч хөршүүдийн тухайд бид эдийн засгийн, худалдааны хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, үргэлж харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөө явахаа ил тод ярина. Эдгээр зарчмаар гуравдагч хөршийн бодлогоо бид хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол Улсын иргэн маш олон байдаг. Ихэнх нь энэ улсад шинэ технологи, шинэ бизнес, шинэ хандлагад суралцаж байдаг. Энэ утгаараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Э.Блинкен сайд бид хоёр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, жинхэнэ бодит хамтын ажиллагаа эхлүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирэх, орчныг нь бүрдүүлэх чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хөрөнгө оруулалтын богино хугацаанд олон салбарт оруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Монгол Улсын хувьд НҮБ-ын гишүүн бүх орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Бүх улс оронтой эв найрамдалтай зэрэгцэн орших ийм олон тулгуурт, нээлттэй, бие даасан гадаад бодлогыг явуулдаг. Цаашид Монгол, АНУ-ын хоорондын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг эрчимтэй нэмэгдэж, харилцан ашигтай хамтын ажиллагаа идэвхтэй явагдана гэдэгт бид итгэлтэй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен: -Энэ жилээс АНУ-аас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Энэ нь Монгол Улсын хувьд өөрсдийнхөө гол гол салбаруудыг хөгжүүлэх, эдийн засгийн тэсвэртэй байдлыг бий болгох ач холбогдолтой. Түүнээс гадна шинэ боломж, шинэ ажлын байрыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү айлчлалын хүрээнд хатагтай Б.Батцэцэг сайд бид юу ярьсан бэ гэхээр ерөөсөө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү яаж хөгжүүлэх вэ, бодитойгоор яаж нэмэгдүүлэх үү гэдэг чиглэлээр ярилцлаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбар, газрын ховор элемент, ашигт малтмал зэрэг салбарт хөрөнгө оруулалт чухал байгааг ярилцлаа. Үүнээс илүүтэйгээр бид бүхний хамгийн анхаарах ёстой чиглэл бол хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Энэ чиглэлээр бид бас хамтарч ярилцлаа. Хөрөнгө оруулалтын хувьд манайд дандаа хувийн сектороор дамжиж явагддаг. Тиймээс энэ чигийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхийн тулд орчин нөхцөлөө маш сайн бүрдүүлэх, тэр дундаа хувийн хэвшлийн чиглэлд илүүтэй нөхцөлийг нь сайжруулах нь чухал. Манай улсын хувьд бусад улс орнуудын хамгийн чухал, хамгийн шаардлагатай гэсэн салбар луу хөрөнгө оруулалт хийж чаддаг. Хөрөнгө оруулалт ямар ч хэлбэрээр орж болно. Бидний хувьд тухайн улсдаа өр бий болгохоос болгоомжилдог. Хамгийн чухал нь тухайн улс орны эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлд анхаардаг. Энэхүү бодлогоор бид улс оронтой хамтарч ажилласнаараа аль аль талдаа ашигтай гэж үздэг. Өнөөг хүртэл явж ирсэн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг дараагийн шатанд бид яаж гаргах вэ гэдгээ энэхүү айлчлалын үеэр маш сайн ярилцлаа. Цаашдаа Монгол Улсын Засгийн газартай бид энэ чиглэлээр илүү идэвхтэй ажиллах болно. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхсан. Ингэхдээ энэ чиглэл, энэ зарчмаараа мөн үргэлжлүүлэн ярилцсан байгаа. Манай хоёр улсын хувьд нөөц бололцоо асар их байгааг бид аль аль талдаа мэдэж байгаа. Монгол Улсын иргэдийн хувьд боловсролын түвшин өндөр орон. Үүнийг улам илүү нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд тодорхой салбаруудад хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, багш, оюутан нарын англи хэлний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахаар боллоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд ердөө долоо хоногийн өмнө Вашигтонд айлчлах үеэрээ нэг зүйлийг онцлон хэлсэн. Тэр бол Монгол Улс англи хэлийг илүү өргөн хүрээнд хүртээмжтэй сургах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Харин өнөөдөр энэхүү асуудал шийдлээ олж байна. Ердөө долоохон хоногийн дотор тодорхой сэдэв, салбарын хүрээнд саналаа солилцоод шийдлээ олж байна гэдэг бол их чухал. Цаашид бусад салбар, бусад төсөл хөтөлбөр дээр энэ мэт бодитой шуурхай шийдвэр, гарц гаргалгаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа илүү өрнөөсэй гэж хүсч байна. Англи хэлийг улам төгс, төгөлдөр эзэмшсэнээрээ бизнес болон бусад зүйлд бүтээмжтэй байх болно. Тиймээс энэ чиглэлд Монгол Улстай гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна.

Дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариуллаа.

-Энэ бүс нутгийн хувьд Хятад улс дангаараа хүчирхэг оршиж байгаа. Нөгөөтэйгүүр Хятад улс бол Монгол Улсын мөнхийн найрсаг хөрш. Тэгэхээр энэ бүс нутгийн аюулгүй байдлыг Хятад улсын гадаад бодлогод нөлөөлөхгүйгээр яаж хамгаалах бодлого барьж ажиллах вэ?

-Эдийн засаг талаас нь би эхлээд хариулъя. Энэ бүс нутгийн улс, орнуудын хоорондын эдийн засаг, худалдаа маш чухал. Үүнд бидний хувьд дэмжиж оролцоно. Тэгэхээр юу гэхээр энэ зууны хамгийн чухал худалдаа бол цахим эдийн засаг байгаа. Манай улсын хувьд цахим эдийн засаг асар чухал нөлөөтэй байдаг. Эдийн засаг, худалдаагаа цахимжуулах чиглэлд бид Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар үүнийг авч хэрэгжүүлнэ. АСЕМ-ийн улс орнуудаар айлчлах явцдаа гадаадын хөрөнгө оруулалт ямар чухал болохыг ажигласан. Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтаараа АНУ тэргүүнд явдаг. Түүнээс гадна манай улсын хувьд өөрсдөө хөрөнгө оруулалтыг хүлээж авдаг орон. Хөрөнгө оруулалтын хувьд итгэл дээр суурилж явагддаг. Итгэл байхгүй бол хөрөнгө оруулалт явагддаггүй. Тиймээс энэ бүс нутгийн хувьд итгэл бий болгосон орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Хятадын нөлөө энэ бүс нутагт явагдаж байгаа, түүнд нөлөөлөхгүйгээр яаж аюулгүй байдал чиглэлд ажиллах вэ гэж асуулаа. Энэ бүс нутаг нээлттэй, ил тод, хараат бус байх ёстой. Бидний хувьд улс орон болгоны нөөц бололцоо ямар байна түүнийг нь нэмэгдүүлэх, өөрсдийнх нь хөгжих боломжийг дэмжиж өгөх чиглэлд гол бодлого, зорилтоо дэвшүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлж ирсэн. Энэ зарчмаараа цаашдаа явах болно. Ирээдүй ямар байх вэ гэдэг дээр нийтлэг эрх ашгийн төлөө бид ажиллана. Улс орон болгон өөрийнхөөрөө шийдвэр гаргах, өөрийнхөөрөө сонголтоо хийх эрхтэй байх ёстой. Бид энэ эрхийг нь хүндэтгэнэ. Бас хамгаална. Хятад, АНУ хоорондын харилцаа маш хариуцлагатай, маш өндөр түвшинд байх ёстой гэдгээ би айлчлал болгондоо хэлдэг. Хоёр улсын хувьд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий. Бидний хувьд өрсөлдөөнийг эрүүл үзэгдэл гэж боддог. Хамгийн чухал нь энэхүү өрсөлдөөн шударга, ил тод, нээлттэй л байх хэрэгтэй. Энэ чиглэлд л бид анхаарах ёстой юм. Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хувьд бид хамтын ажиллагаатай байх ёстой. Манай улсын хувьд Үнийн өсөлтийн эсрэг хууль гаргасан байгаа. Энэхүү хуулийн хэрэгжилт дэлхий даяар мэдрэгдэж, нөлөөлж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Виола Амхерд болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон бусад албаныхан угтав.

Энэ айлчлал нь Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

III, IV хорооллын авто замыг хааж, засварлана DNN.mn

Баянгол дүүрэг, /Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

З.Оюундэлгэр: Өсвөр насны хүүхдүүдэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нурууны суулт илэрч байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн эмч З.Оюундэлгэртэй ярилцлаа.


-Танай кабинетаар ихэвчлэн ямар зовуурьтай хүүхдүүд үйлчлүүлж байна вэ?

-Манай Өсвөр үеийн кабинетад 10-17 хүртэлх насны хүүхдүүд үзүүлдэг. Наадмын дараагаас гэдсээр өвдлөө. Нэг, хоёр сар ханиалгалаа гэсэн хүүхдүүд их ирж байна. Нэг, хоёр сараар ханиалгаж байгаа хүүхдүүдийн хувьд эмчийн бичиж өгсөн эм, зөвлөгөөгөөр нэг хэсэг ханиад нь гайгүй болсон ч жоохон дэглэм алдахад нь л буцаад сэдэрч, цэртэй, цэргүй ханиалга болон ээлжилж солигдоод  байгаа. Харшлын шинжтэй нүд загатнах, хамар улайх, толгой өвдлөө гэсэн хүүхдүүд үзүүлж байна. Нуруугаар их өвдөөд байна гэсэн хүүхдүүд ч ирж байгаа.

-Нуруугаар өвдлөө гэсэн зовуурьтай ирж буй хүүхдүүдийн шалтгаан нь юу вэ?

-Нуруу нь өвдлөө гэж үзүүлж буй хүүхдүүдэд шинжилгээ хийгээд үзэхээр зарим нь эрдсийн буюу ялангуяа Д-гийн дутагдалд орсон байдаг. Нэг хэсэг нь нурууны мурийлттай, үе хоорондын зай нарийссан гэхээр бидний ярьдгаар нурууны суулт үүссэн хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдийн хувьд хэт удаан хугацаагаар бөгтийж сууж хичээл хийх, бие халаалтгүйгээр гэнэт хүнд юм өргөх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал хэвшлээс ихээхэн шалтгаалж, нуруу нь өвдөж, суулт өгөөд байгаа. Хэрвээ нуруу нугаламдаа өөрчлөлттэй, үе хоорондох зай нь нарийсалтай байвал сэргээн засах эмчилгээгээр эмчилдэг. Цаашид дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх шаардлагатай. Хүүхдүүд амьдралын зөв хэв маягтай болсноор аажимдаа нуруугаар өвдөх эрсдлээс сэргийлж чадна.

-Ургамал, тоосонцрын харшилтай хүүхдүүд хэрхэн харшлаа сэдрүүлэхгүй байх вэ?

-Гадагш гарахдаа нүдний шил, малгай, маск зүүж гарах шаардлагатай. Гэртээ орж ирээд гадагш гарахдаа өмссөн бүх хувцсаа тайлна. Гадуур хувцсанд нь тоос, тоосонцор наалдчихдаг гэсэн үг. Гэртээ гадуур хувцастайгаа байгаад байхаар нөгөө тоос тоосонцор нь гэрээр нь тархаж, гадаа, гэрт байсан ч ялгаагүй харшил нь сэдэрдэг. Зөвхөн өглөөгүүр цонхоо онгойлгох нь зүйтэй юм. Харшил сэдэрчихсэн үед сайн унтаж, амарч, шингэн зүйл сайн уух, эмчийн зөвлөсөн харшлын эмээ ууж, дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн гадуур өмссөн хувцсаа үүдэндээ тайлж, гэрийн хувцсаа өмсөх хэрэгтэй. Гадуур өмссөн хувцаснуудаа уутанд хийж тавина. Тэгэхгүй зөвхөн харшилтай хүүхэд л дэглэм бариад байвал харшил нь сэдэрсээр байдаг.

-Өсвөр насны хүүхдүүдийн онцлогоос дурдвал?

-Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн бойжилт явагдаж эхэлснээс хойш сэтгэл зүй болоод бие махбодод нь олон өөрчлөлт бий болж эхэлдэг. Сэтгэл санаа нь тогтворгүй болно. Бие махбодын хувьд огцом өндөр болох, бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг. Зарим махлаг болон удамшлын шалтгаантай охидод есөн наснаас нь бэлгийн бойжилт эхлэх тохиолдол бий. Ихэвчлэн эмэгтэй нь 10, эрэгтэй нь эмэгтэй хүүхдүүдээс нэгээс хоёр жилийн дараа буюу 12 наснаас эхлэн бэлгийн бойжилт нь явагдаж эхэлдэг. Охидод ихэвчлэн 12 настайгаас нь хөх ургаж, нэгээс хоёр жилийн дараа сарын тэмдэг ирж, суга, умдагт нь үс ургах, тааз томрох, биеийн жин нэмэгдэх зэрэг бэлгийн бойжилтын хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг. Эрэгтэй хүүхдэд эхлээд төвөнхөд нь өөрчлөлт орно. Төвөнх томрох, дуу хоолой бүдүүрэх, төмсөг, шодой томрох, суга, умдагт үс ургах зэрэг бэлгийн хоёрдогч шинж тэмдэг илэрнэ. Энэ үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдийн хооллолтод анхаарах хэрэгтэй. Зарим хүүхдүүд бага хоол идсэнээсээ болоод хоол тэжээлийн дутагдалд орох, эсвэл хэт их идэж, хөдөлгөөний хомсдолтой байснаас таргалж, илүүдэл жинтэй болдог. Илүүдэл жинтэй болсноор нас биед хүрснийхээ дараа зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй болох эрсдэл өндөр. Мөн нуруугаар өвдөх, суулт өгөх эрсдэлтэй.

Мөн өсвөр насны хүүхдүүдэд батгашилт нүүрээр нь их явагддаг. Нүүр, нуруу цээжээр идээт үрэвсэл гараад байна гэсэн хүүхдүүд сүүлийн нэг сар их хандаж байна. Учир нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдэд эр, эм бэлгийн даавар тогтворжоогүйгээс их ялгарч байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд эр бэлгийн дааврын хэт их үүсэлтээс болоод нүүр болон нуруу, цээж хэсгээр тосны булчирхайны хэт их ялгарал үүсдэг. Энэ үед арьс арчилгаа, ачаалал, хооллолт, нойр зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Нүүрээ сайн цэвэрлэж, чийгшил өгөх, чихэрлэг хоол хүнс бага хэрэглэх нь зүйтэй. Чихэрлэг хоол хүнс гэхээр чихэр, жимс, ундаа гэж ойлгоод хүүхдүүд маань би бараг чихэр иддэггүй гэдэг. Сүү, цагаан будаа болон гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгах шаардлагатай. Эдгээр нь хоол хүнсээр дамжин хүний биед ороод ирэхээр цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Үүнээс болоод нүүрэн дээр нь хэт их юм гараад байдаг талтай.

-Өсвөр насны гэлтгүй хүүхдүүд дэлгэцийн их хамааралтай байх болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сүүлийн үед хүүхдүүдийн хэт их дэлгэцийн хэрэглээ, хичээлийн ачааллаас болоод нойрны хэмнэл алдагдаж, дархлаа нь суларч, батгашилт нэмэгдэж байгаа. Дэлгэцийн хэрэглээг хоногт хоёр цаг байлгахдаа 30 минут тутамд завсарлаж байх. Хүүхдүүд үүнээс дээш хугацаагаар дэлгэцийн хэрэглээтэй байснаар тархийг хэт ачааллуулж, мэдрэлийн ядаргаанд орж, шөнө нойр нь хүрэхгүй, өдөр унтах зэрэг зүйл их ажиглагдаж байна. Хэдий ачаалалтай байсан ч амралтаа зөв зохицуулж, унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрдэг байх зөв дадлыг өсвөр насандаа суулгачих юм бол насанд хүрсэн ч зөв хэмнэлтэйгээр энэ дадлаараа явах боломжтой.

-Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх үе бий. Энэ үед яах ёстой вэ?

-Бага насны хүүхдээ аав, ээжүүд илүү сонсож, тэдэнд их анхаарал хандуулдаг. Гол нь ээж, аав нар өсвөр насны хүүхдүүдээ сонсож сурах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд юм болгоноо эцэг, эхчүүддээ хэлээд байдаггүй болохоор тэдэнд тавих анхаарал, хараа хяналт сул байдаг. Бүр их өвчний зовуурь нь хүндрээд ирэхээр л хүүхдээ дагуулж ирж үзүүлдэг. Өсвөр насны хүүхдүүд ээж, ааваасаа зөвлөгөө авах гэхээс илүү найз нөхөд, үе тэнгийнхнийхээ үгийг сонсох хандлага их. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэйгээ аав, ээж нар илүү нээлттэй хандаж, найз шиг нь харьцаж, юу болохгүй байна вэ гэдгийг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Хэрвээ аав, ээж нь хүүхэдтэйгээ ойлголцохгүй байвал дүүрэг бүрд сэтгэл зүйч ажиллаж байгаа. Сэтгэл зүйчид хандаж, хүүхдийнхээ сэтгэл зүйн асуудлыг шийдэж болно. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг заавал сэтгэцийн асуудалтай хүмүүст хамааралтай биш юм. Ямар нэгэн байдлаар бид амьдралынхаа явцад сэтгэл зүйн тогтворгүй байдалд ордог. Энэ үедээ тухайн асуудлаараа сэтгэл зүйчид хандвал зөв чиглүүлэг авна гэсэн үг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадгаас үр дагавар нь сөрөг байх магадлал өндөр. Түүнээсээ үүдэн стресс, бухимдал, сэтгэл түгшилтэд орж найзуудынхаа нөлөөгөөр тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг буруу зуршлаар тайлах гээд байдаг. Цаашилбал нас биед хүрсэн хойноо асуудалтай тулгарахад архинд орох, хэрэг төвөгт орооцолдох зэрэг буруу замыг сонгох эрсдэлтэй. Тиймээс энэ насандаа сэтгэл зүйн зөвлөгөө аваад уур бухимдалаа зөв гаргаж, стрессээ зөв тайлж сурах нь чухал.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр ОУХМ М.Энхжаргал медалийн төлөө өрсөлдөнө DNN.mn

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.

Тэрбээр хоёр дахь тулаанаа  Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулсан юм.

  • Өнөөдөр урт бууны 50 метрийн 3×20 буюу гурван байрлалаас буудах дасгалд Олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэн өрсөлдөнө.
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Отгонбаярын Хүслэн зодоглоно.

Э.Бадамгарав

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Баярмаа: Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.


-21 настай иргэн эрүү шүүлтэд өртөж, амь насаа алдсан байж болзошгүй хэрэгтэй холбоотойгоор та УИХ-ын сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан. Та энэ тухайгаа буюу үндэслэл, шаардлага талаас нь яриач.

-УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах хэд хэдэн үндэслэл, шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт хэрхэвч байж болохгүй. Тиймээс хорих 461 дүгээр ангид хоригдож байсан цэл залуухан настай хүү яагаад нас барав, үнэхээр эрүү шүүлт тулгав уу, үүнээс болж амь нас нь эрсдэв үү гэдгийг нэн тэргүүнд тогтоох ёстой. Учир нь талийгаач залуугийн ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад найман цагдаа эрүү шүүлт тулгасан, зодсон хэмээх гомдлыг АТГ-т гаргасан байгаа. Харамсалтай нь АТГ хэтэрхий удаан шалгаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан, зодсон гэх асуудал гарч, хоёрдугаар сард талийгаач хүү гомдол гаргасан юм билээ. Түүнээс хойш бараг хагас жил болох гэж байхад эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоогоогүй байна.

Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гардаг ийм асуудал анхных биш. Бага насны охиныг хүчиндсэн, хувийн харилцаанд орохыг шаардсан, хүнлэг бусаар харилцсан гэх гомдлууд олон нийтийн дунд тасрахгүй яригдсаар ирсэн. Мөн зөвхөн энэ шатанд ч биш, төрийн байгууллагын шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан бусад газарт ч бас гардаг. Би хорих ангиуд дахь хүний эрхийн зөрчлийг хэлж байна. Би ч өөрөө ийм жишээг мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг хоригдож байх үед тусгай ангийнхан ирж хүнлэг бусаар харьцсан байдаг.

Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д “унтаад сэрээгүй” гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Ер нь олон нийтийн дунд Батлан хамгаалах салбар буюу цэрэг армид дэглэлт байна, хүнлэг бус харилцаа явагдаж байна гэж байнга л яригддаг. Тиймээс учир шалтгаан нь юунд байна гэдгийг хянан шалгах шаардлагатай байгаа юм.

Цагдан хорих газар, цэргийн ангид болж байгаа тохиолдлуудыг ХЭҮК-ын илтгэлүүдэд бичсэн байдаг. Үүнээс гадна үүнийг нотлох тоо баримтууд ч байна. Тухайлбал, эрүүдэн шүүлт тулгасан гэх гомдол жилд 34 орчим ирдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, сар бүр бараг гурван ийм асуудал үүсдэг гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гээд зарлан тунхагласан байдаг. Хүний эрхийг бүрэн хангасан нийгмийг л хүмүүнлэг гэнэ. Мөн Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулж, эрүүдэн шүүж, хүнлэг бус харилцахыг хориглосон. Иргэн бүр Үндсэн хуулиа сахин биелүүлэх ёстой. Тэр дундаа хууль сахиулах байгууллагынхны алхам тутамдаа баримтлах зарчим нь.

Тэгэхээр углуургаараа Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлүүдийг төрийн байгууллагуудын зарим ажилтнууд гаргасаар байна гэсэн үг. Бүр харамсалтай нь иргэдээ хамгаалах чиг үүрэгтэй зарим алба хаагчид. Үүнийг таслан зогсоохын тулд олон нийтэд асуудлыг нээлттэй танилцуулж, хэлэлцэх ёстой. Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй.

-Тэгэхээр сонсголд оролцогчид нэлээд өргөн хүрээнд байх нь ээ дээ?

-Тийм. Нийтийн сонсголын тухай хуульд сонсголын есөн төрөл байдаг. Үүний нэгд нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол хийнэ гэж тусгайлан заасны дагуу зохион байгуулна. Сонсголын үеэр төрийн болон албаны нууцын тухай хуулийг үндэслэн нийтэд задлахгүй мэдээллүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, гэрч хохирогч, хуульчид, өмгөөлөгчдийг татан оролцуулна. Ингэж нийтээр хэлэлцэж байж асуудал юундаа байна, яагаад хүний эрхийн зөрчил гараад байна гэдэг учир шалтгааныг бодитоор тогтооно шүү дээ.

Хууль тогтоомжуудын хэрэгжилтийг сайжруулахад Засгийн газар, холбогдох институциүд ямар арга хэмжээ авах вэ, эрх зүйн хувьд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ гээд олон асуудал гарна.

Нөгөөтэйгүүр хуулийн засаглал, шударга ёс хоёр бол нэг зоосны хоёр тал. Хүний эрхийн зөрчил гарч байна гэдэг нь дээр хэлсэнчлэн олон хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг. Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэгт эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцахыг хориглосон ч биелүүлэхгүй байна гэдэг нь хуулийн засаглал бүрэн хэрэгжихгүй байна гэсэн үг. Хууль бус хүн буюу хэн нэгэн албан тушаалтан “засаглаж” байгаа бол тэр нийгэмд шударга ёс, ардчилал асуудалтай байна гэсэн үг. Тиймээс шударга ёсыг хангахтай холбоотой асуудал давхар яригдаж байна гэж ойлгож болно.

-Аливаа хэрэгт гэрч, хохирогч маш чухал шүү дээ. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог яаж бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа хууль сахиулах, цагдаад дорвитой реформ хийж байсан. Тухайлбал, Тахарын алба буюу гэрч, хохирогчийг хамгаалах албыг байгуулж байсан. Харамсалтай нь дараагийн Засгийн газар тэр албыг татан буулгасан.

Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах албыг дахин сэргээх хэрэгтэй. Шинээр томилогдсон Хууль зүйн сайд хууль зүйн реформын хүрээнд үүнийг хийх болов уу гэж харж байгаа.

-Таны дурдсанчлан хүний эрхийг зөрчсөн асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд их гарсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нээлттэй сонсгол хийх, төр нь анхаарах хэмжээнд асуудал өндрөө авсангүй. Монголд хүний эрх хэрэгжихгүй байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр иргэд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх зэрэг иргэний суурь эрхийн болоод улс төрийн эрхийн зөрчил гарсаар байгаа нь үнэн. Тухайлбал, жагсаж цугласных нь төлөө Д.Монголхүү, “No war” хөдөлгөөнийхнийг барьж хорьж байсан.

Үүнээс гадна үг, үзэл бодлоо хүчтэй илэрхийлснийх нь төлөө янз бүрийн аргаар дарамталж, янз бүрийн хэрэг үүсгэж, тохсон хэргүүд ч бий. Үүний нэг жишээ болох лайвчин Д.Мөнх-Эрдэнийн кейсийг олон нийт илүүтэй мэдэж байгаа байх. Мөн сүүлийн үед хэвлэн нийтлэх эрхэд халдах болсон. Тухайлбал, Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн кейсийг энд дурдаж болно. Хүнийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил.

Эдгээр асуудал нь хууль хяналтын байгууллагуудын албан хаагчид хүний эрхийн талаарх ойлголт, хандлага муу байгаагаас үүдэж гарч байна. Үүнд анхаарч ажиллах ёстой. Мөн хууль тогтоомжуудын цоорхой, хийдэл байна. Хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор засаж залруулах ёстой хуулийн 800 орчим заалт байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Тиймээс хууль тогтоогчид хүний эрхийг сайжруулах чиглэлээрх эрх зүйн шинэчлэлээ нэгэнт судлаад гаргасан зүйлүүдийг нь дахин нягталж судлахаас ажлаа эхлэх хэрэгтэй байх.

Мөн шинэ тутам гарч байгаа асуудлыг зохицуулахад нэмэлтээр ямар хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа талаарх судалгааг хийх хэрэгтэй. Судалгаанд үндэслэж хууль тогтоох байгууллагаас Засгийн газарт чиглэл өгөх, хуулийн гажуудлыг арилгах хэрэгтэй байгаа. Мөн иргэдэд өөрийн эрхийнх нь талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Учир нь эрх нь зөрчигдөж байгааг анзаарахгүй, холбогдох байгууллагад хандахгүй байгаагаас хүний эрхийн зөрчил түгээмэл гарч байна.

Мөн цагдаагийн байгууллагын зарим ажилтнууд гэмт хэргийг илрүүлэх гэхээсээ урьтаж хүний эрхийг дээдлэх гэсэн хандлагыг суулгах ёстой. Хүний эрхийг зөрчихгүй байхад суурилж гэмт хэргээ илрүүлэх хэрэгтэй.

-Хүний эрхээс гадна хувийн хэвшил рүү дайрдаг, хааж боодог үзэгдэл гарах болсон. Хувийн хэвшлийг хамгаалах, дэмжих чиглэлд ямар шинэчлэл хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Эрх, эрх чөлөөг л хангах ёстой. Эрх чөлөө бол иргэн, хувийн хэвшилд агаар ус мэт хэрэгтэй. Эрх чөлөөтэй хүн сэтгэнэ. Эрх чөлөө нь хангагдаж байж аливаа бизнес урагшилна, хөгжинө. Түүнээс төрөөс ямар нэгэн саад тотгор тавиад байвал хөгжих боломж хумигдана. Хүнд суртал, элдэв зөвшөөрлөөр дарамтлаад байвал бизнес хөгжих орон зайг боож байна гэсэн үг. Ардчилсан намын үзэл баримтлалд бизнесийн эрх чөлөөг хангана гэж тодорхой заасан байдаг. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр манай улс маш доогуур үзүүлэлттэй байдаг. Эдийн засгийн эрх чөлөөгүй орны категорид ороход миний санаж байгаагаар их ойрхон байсан.

Бүх хөгжлийг бид индексүүдтэй уяж харах хэрэгтэй. Олон улсын байгууллагууд тухайн индексийг гаргахдаа бүгдийг нь судалж юун дээр алдаж байгааг маш ойлгомжтой гаргаад тавьчихсан байдаг. Тиймээс дордуулж байгаа асуудлуудыг шийдэхэд л индекс аяндаа сайжирна.

-Тантай ярилцаж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм ерөнхийдөө аялал зугаалга, амралтын байдалтай байна. Та энэ удаагийн УИХ-ын анхны сонсголыг санаачилж, ажилдаа шуурхай орох шиг боллоо. Хүний эрх, эрх чөлөөний чиглэлд том өөрчлөлт хийх том зорилгыг та өвөртөлж байна уу гэж харж байна?

-Мэдээж хүний эрх зөрчигдөж байгааг, бизнесийн орчин хумигдаж байгааг таслан зогсоохын тулд эрх зүйн орныг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллана. Ер нь тэгээд Монголын нийгэмд том, жижиг гэлтгүй тулгамдсан, хуримтлагдсан маш их асуудал байна. Гараад алхахад л алхаж байгаа зам, амьсгалж байгаа агаараас эхлээд асуудал их бий. Тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд мэдээж байгаа хуулиудын хэрэгжилтийг ЗГ нь хангаж, түүнд УИХ хяналт тавьж таарна. Мөн хамгийн гол нь хууль эрх зүйн орчныг сайжруулнаа л гэсэн үг. Энэ нь хууль тогтоогчийн үүрэг. Тиймээс хууль тогтоомжуудыг уншиж судлахаас эхлээд зөндөө л ажил байна.

Хоёрдугаарт, дабль стандартыг халахын тулд юу хийх ёстой вэ гэдэгт ач холбогдол өгнө. Өөрөөр хэлбэл, улстөрчид болон өндөр дээд албан тушаалтнууд алдаа гаргавал ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой байх ёстой, өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоог бий болгомоор байна гэсэн үг.