Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэрэг татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд болно DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.

2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль.

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа бид сэргээж Франц, БНСУ, АНУ зэрэг оронтой олон улсын консорциум байгуулах боломжтой DNN.mn

ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Та ШуА-иас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг-2024″ цуврал арга хэмжээний хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлийн сэдэв, гол агуулгын талаар товч танилцуулахгүй юу?

-“Эрчим хүчний цоо шинэ эрэл хайгуул: асуудал, шийдэл” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Өнөөдөр хүн төрөлхтөн дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, геополитикийн сөргөлдөөн, бүс нутгийн дайн, хүчээр түрий барих, цөмийн заналхийлэл зэрэг томоохон сорилтуудтай тулгарсаар байна. Нөгөө талд дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сард найман тэрбумд хүрч, 2050 он гэхэд есөн тэрбум, 2100 он гэхэд 11 тэрбумд хүрч өсөх төлөвтэй байна. Ийм нөхцөлд эрчим, хүч, ундны ус, хүнс тэжээлээр дэлхийн хүн амыг хэрхэн тогтвортой хангах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Монголын хүн ам 3.5 саяд хүрсэн. Урьдчилсан тооцооллоор 2030 оны үед дөрвөн сая болох ажээ. Энэ тохиолдолд ард иргэд, үйлдвэрлэлийг эрчим хүчний найдвартай эх сурвалжаар хэрхэн хангах вэ гэдэгт л асуудал оршиж байгаа. Эрчим хүчний шинэ эх сурвалжийн судалгаа, эрэл хайгуул бол үндэсний аюулгүй байдлын судалгааны нэн чухал хэсэг юм.

-Эрчим хүчний цоо шинэ эх сурвалж гэж юуг хэлж байна вэ?

-Эрчим хүчний цоо шинэ эх сурвалж гэдэг нь дижитал технологид суурилсан инновацийн шийдэл буюу эрчим хүчний шавхагдашгүй эх сурвалжийн судалгаа болно.

Францын өмнөд хэсгийн Марсель хотоос 65 км-ийн зайд орших “site in Cadarache” эрдэм шинжилгээ-судалгааны төвд дэлхийд анхных болох ITER (International Thermo­nuclear Experimental Reactor) гэдэг халуун цөмийн нэгдлийн туршилтын реакторыг барих ажил 2020 оны наймдугаар сард эхэлсэн. Эрдэмтэд энэхүү реакторт дэлхий дээрх нар, гэхдээ нарнаас 10 дахин илүү эрчим хүчийг гаргаж авах тухай ярьж байгаа юм. Тиймээс үүнийг “Artificial Sun” буюу “хиймэл нар” гэж нэрлэж байна. Нарны эрчим хүч нь устөрөгчийг гели болгон хувиргадаг халуун цөмийн нэгдлийн гинжин урвалын үр дүнд үүсдэг. ИТЭР бол хүн төрөлхтний түүхэн дэх шинжлэх ухааны хамгийн өргөн цар хүрээтэй 60 тэрбум ам.долларын өртөгтэй мега байгууламж юм. Мега төсөлд Европын холбоо, Энэтхэг, Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгос, Япон, түүнчлэн Их Британи, Швейцарийн эрдэмтэд, гишүүн бус Австрали, Канад, зэрэг улс оролцож байна. Европын холбоо санхүүжилтийн 45 хувийг гаргаж байгаа юм. Реакторын төхөөрөмжийг “токамак” гэж нэрлэдэг. Энэ нь “тороидальная камера с магнитными катушками” буюу “соронзон ороомог бүхий цагираг хэлбэрт камер” гэсэн үгийн товчлол юм. “Токамак гэдэг нь дундуур нь цахилгаан гүйдэл гүйж байдаг цагариг хэлбэртэй плазм. Цөмийн цахилгаан станцуудаас ялгаатай нь, халуун цөмийн нэгдлийн реактор нь хүлэмжийн хийгээр агаар мандлыг бохирдуулдаггүй, радио идэвхт хорт хаягдал ялгаруулахгүй, түүхий эд нь уран-235 биш, дэлхий дээр нарны эрчим хүчийг гаргаж авах токамакийн түлш нь устөрөгчийн хоёр төрөл болох хүнд устөрөгч буюу deute­rium, tritium буюу устөрөгчийн ховор, цацраг идэвхт изотоп ажээ.

-Уранаас ямар ялгаатай вэ?

-Дейтерий, тритий хоёрын аль алиных нь нөөц дэлхийд үлэмж их. дейтерийг далайн уснаас, тритийг лити зэрэг элементээс гарган авдаг байна. Хятад, Өмнөд Солонгос, Их Британи, Япон зэрэг орнууд тус тусдаа дунд оврын халуун цөмийн туршилтын реакторыг хөгжүүлж, БНХАУ-ын баруун өмнөд этгээдийн Сычуань мужийн Ченду хот дахь “хиймэл нар” бүтээх HT-7U токамак халуун цөмийн реактор EAST 2021 оны зургадугаар сарын эхээр цельсийн 120 сая хэмийн халууныг 101 секундын турш тэсвэрлэж, цөмийн нэгдлийн урвалын салбарт шинэ дээд амжилт тогтоож байсан юм. Өмнөд Солонгосын цөмийн нэгдлийн реактор KSTAR нь 2024 оны дөрөвдугаар сарын 1-нд плазмыг 100 сая градусын температурт 48 секундийн турш барьж чадсан байна.

АНУ-ын аргачлал нь арай өөр байгаа юм. Калифорни дахь Ливерморийн Үндэсний лабораторийн цогцолборт (National Ignition Facility) хүчирхэг хүчин чадал бүхий 192 лазераар устөрөгчийн капсулийг бөмбөгдөж дэлбэрэлт үүсгэж, халуун цөмийн нэгдлийн гинжин урвалж явуулснаар 500 тераваттын эрчим хүч гаргаж авахаар ажиллаж байна. Гэтэл 2006 онд л гэхэд дэлхийн нийт хүн ам 16 тераватт эрчим хүч хэрэглэж байжээ. Нэг тераватт гэдэг нь нэг их наяд (1012) ватт.

АНУ-ын «Heliogen Inc.,» старт-ап компани дижитал технологийн шинэ дэвшил хийж чадсанаар 2019 оны арваннэгдүгээр сард нарны гэрлийг олон зуун толин хавтангаас ойлгон нэг цэгт төвлөрүүлэх буюу хиймэл оюуны технологи ашиглан анх удаа цельсийн 1000 хэмээс дээш температур гаргаж авснаа зарласан байдаг. Өөрөөр хэлбэл, тус компани нарны гадаргын халууны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний эрчим хүчийг гаргаж авах шийдлийг хийж чадсан гэсэн үг. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилготой тус компанид Microsoft компанийг үндэслэгч Билл Гeйтс 100 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

2021 оны дөрөвдүгээр сард АНУ-д старт-ап NDB Inc., (Nano diamond battery) «NDV» хэмээх 28 мянган жил цэнэгээ барих өндөр хүчин чадалтай хагас дамжуулагч бүхий зай хураагуурыг бүтээж чадсан байна. Энэхүү гайхалтай технологийг бүтээхдээ мэргэжилтнүүд цөмийн хаягдлаас гарган авсан цацраг идэвхтэй изотопуудыг алмааз чулуугаар тусгаарласан бичил хавтангуудыг нэгтгэжээ.

-Цацраг идэвхийн хор уршиг нь ямар бол?

-Хэдийгээр цөмийн хаягдлаас бүтсэн ч гэсэн цацраг идэвхийн хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс маш бага тул хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй хэмээн “NDB” компани албан ёсоор мэдэгдсэн байдаг. Алмааз бол цацраг идэвхийг хамгийн сайн тусгаарладаг, шингээдэг, хамгийн хатуу материал гэдгээрээ алдартай. Энэ нь жижиг суурингуудыг эрчим хүчээр хангах боломжтой гэж үзэж байгаа юм.

2024 оны нэгдүгээр сард АНУ-ын Калифорнийн технологийн институтийн эрдэмтэд нарны хүчийг сансарт цуглуулж, дэлхий рүү богино долгионоор дамжуулах туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Арилжааны түвшинд “Space Solar Pow­er Demonstrator” (SSPD-1) төслийг 2023 оны нэгдүгээр сард хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү шинэ технологийн ирээдүйг эрдэмтэд гайхалтайгаар төсөөлж байгаа юм.

-Монгол Улсад эрчим хүчний ямар шинэ эрэл хайгуул, шийдэл гарч байна вэ. Бид усан цахилгаан станцаа Англиар, цөмийн станцаа францаар бариулбал Оросын эрчим хүчний хараат байдлаас гарч чадна биз дээ?

-Бид дээр дурдсан эрчим хүчний цоо шинэ эх сурвалжийг хамгийн сүүлийн үеийн гар утас, компьютер, шинэ загварын машин авч хэрэглэдэг шиг ойрын ирээдүйд хэрэглэх боломж бүрдэж болох юм. Нөгөө нь газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь буюу 2027 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулах, сэргээгдэх эрчим хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, 8.1 тэрбум нөөц бүхий Тавантолгойн нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах, метан хий олборолтыг эхлүүлэх, устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх явдал юм. 2022 оны хоёрдугаар сард Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчний ангилалд оруулсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дубайд зохиогдсон COP-28 оролцож буй 22 орны удирдагчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалсан Тунхаглалыг баталсан орны нэг нь Монгол Улс. 2011 оны Фукашима Дайчи цөмийн станцын ослын дараа цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын технологийн хөгжүүлэлтэд үлэмж дэвшил гарсан гэж мэргэжилтнүүд нь онцолж байна. Монгол Улс 145 мянган тонн ураны нөөцтэй, үүгээрээ дэлхийн ураны нөөцийн хоёр хувь ногдож, дэлхийн топ аравт багтаж байна. Монгол Улсад 300 мегаваттын бага хүчин чадалтай цөмийн станцыг хөгжүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. АНУ-ын Роналд Рейган хэмээх цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг онгоцны хөдөлгүүр 194 мегаватт, ОХУ-ын Генералиссимус Суворов хэмээх цөмийн шумбагч хөлгийн хөдөлгүүр 190 мегаватт юм. Бид судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, Цөмийн энергийн агентлагийг сэргээн байгуулж, олон улсын түвшинд Франц, БНСУ, АНУ болон ОХУ, БНХАУ-тай олон улсын консорциум байгуулж хамтран ажиллах чиглэл баримтлан ажиллаж болох талтай. БНСУ гэхэд л АНЭУ-д 20 тэрбум ам.долларын өртөгтэй цөмийн станцын мега төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээж их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн томоохон сорилт болох нь тодорхой болов уу. Эртхэнээс ганцхан цөмийн салбар төдийгүй устөрөгчийн эрчим хүч, газрын ховор элементийн салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлд анхаарлаа хандуулах нь ойлгомжтой л доо.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ DNN.mn

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болно. Хэдийгээр сурталчилгааны хугацаа албан ёсоор хугацаа эхлээгүй байгаа ч гадуур ёстой л бужигнаж байна. Гэхдээ сурталчилгаа зудаар далимдуулж эхлээд гурилын үнийн өсөлтөөр үргэлжилсэн. Засгийн газраас Импортын гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-аас баталсан. Тус хууль маргаашнаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хүсэж мөрөөдсөн хямд гурил орж ирнэ. Одоо бараг тонн, тонноороо хилийн цаана дугаарлан зогсож байгаад нэг их эргэлзэхгүй байна.

Ер нь гурилын үнэ нэлээд нэмэгдсэн нь үнэн. Дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр ялгаатай болсон хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Үнэн ч биз. Харин энэ хуулийн төслийг анх өргөн барьсан цагаас хойш маргаан өрнөсөн. Тус хуульд гурил, тэжээлийг оруулж ирэх хэмжээ, хугацаа зааж өгөөгүй нь мэтгэлцээний эх үндэс болсон. Нэг талд гурилын үйлдвэрүүд дампуурах эрсдэлтэй гэдгээ хэлж байсан. Харин хууль санаачлагчид үүнийг хүлээж авалгүйгээр зүтгүүлсэн. Бүүр нөгөө талд нь тариаланчид энэ жил улаан буудай тариалахгүй гэж тунирхсан. Ингээд хуулийн төслийг батлахдаа эрх баригчид Төв, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн газар тариалангийн бүс нутгийг үндсэндээ сонгуульдаа зориулан сул хаясан. Учир нь баруун болон зүүн бүсэд МАН-ын ихэнх дарга нь нэр дэвшинэ. Эдгээр газарт төвийн бүс шиг их тариланч байхгүй.Харин малчид бол хямд гурил л идэж байвал сайхан. Түүнээс биш улаанбуудай тариалдаг нэг нөхөр, гурилын нэг үйлдвэр дампуурах нь чухал биш. Тэгэхээр ийм аргаар малчдын саналыг авна гэж эрх баригч намынхан тооцоолсон байх магадлалтай.

Одоо бол тариалалт хэдийнэ эхэлсэн байх ёстой цаг. Тэгвэл энэ ажил эхэлсэн үү, тариаланчид хэлсэндээ хүрсэн үү гэдгийг мэдэж байгаа сайд, дарга нар өнөөдөр манай улсад байна уу. Төрийн ордон эзгүйрч, бүгд л тойрогтоо гүйж явна. Ямар сайндаа ирц хүрэхгүйгээс намын бүлгүүд төдийгүй чуулганы хуралдаанаа хийж чадахаа байсан. Салбарын сайд нь чуулганы хуралдаан дээр “Газар тариалан гэдэг дуртай цагтаа хаалгаа онгойлгоод хаадаг эд биш” гэсэн алдарт үгээ хэлээд сураг тасарсан. Бодвол мөн л тойрогтоо яваа биз. Уг нь тариалалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, техник хэрэгслийг нь барьж үзээд, түүнийгээ зурагтаар цацаад явж байх ёстой цаг. Даанч тэгж байгаа сураг дуулдсангүй. Сайдын хэлснээр газар тариалан гэдэг амар зүйл биш.Шаардлагатай шатахуун, түлш нь хангалттай байгаа эсэх ч мэдэгдэх юм алга.Хойд хөрш бидэнд илүүчлэх нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байгаа л дуулдах юм. Яахав, үнэхээр хүнд хэцүү байгаа нь үнэн бол таван төгрөг олохын тулд зарах л байх. Гэхдээ бидний яг хэрэгтэй цагт, манайхны хүссэн хэмжээгээр өгнө гэдэг эргэлзээтэй. Дээрээс нь зөвхөн шатахуун, түлш хангалттай байлаа гээд тариа, ногоо өөрсдөө ургахгүй. Хортон шавьж устгах хор, техникийн засвар үйлчилгээ, дараа жилийн уринш, хөрөнгө мөнгө гээд олон зүйл хэрэгтэй болдог. Энэ бүхэнд санаа зовж байгаа дарга, удирдлага Монголд өнөөдөр алга байна.

Тийм болохоор энэ намар бид ер нь хэдий хэр ургац авах вэ. Гурил үйлдвэрлэж чадах уу. Чадлаа гэхэд тэр гурил нь хэдий хэр хэмжээний үнэтэй байх вэ. Дээрээс нь газар тариалангийн салбарынхан, гурилын үйлдвэрүүд өнөөдөр чухам юу бодож санаж байна вэ. Дампуурч мэднэ гээд үнэхээр хаяна гэснээрээ хаячих юм биш биз. Эсвэл нэгэнт хэмжээ хязгааргүйгээр хямд гурил хойд хөршөөс ороод ирэх юм чинь гээд ашигтайгаар нь тосны ургамлуудаа тариалах юм болов уу. Хэрэв тэгвэл дахиад нэг стратегийн хүнсээрээ хараат болох уу.

Энэ мэтчилэн хариултгүй олон асуулт сонгуулийн дуулиануудад дарагдаж байна. Хаврын сонгуулиар гэдэс цатгалан, зуны цагтаа мөр бүтэн явж болно. Гэхдээ л намар болохоор бидэнд чинь талх, гурил хэрэг болно, эрхэм сонгуульчид аа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 1, Буд гариг. Билгийн тооллын 23, Булаагч одтой одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 05:34 цагт мандаж, 20:05 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

 2024 оны 05 сарын 02-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүн байх боловч 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4…-1 градус хүйтэн, өдөртөө +14…+19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хөгжлийн диалектик” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-05-01-ны лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын оюутны сагсан
бөмбөгийн холбооны (МОСБХ) ерөнхийлөгч, “Сая сая сагсчид” ТББын үүсгэн байгуулагч, Монголын сагсан бөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн О.Тэнүүн “Багийн спорт бусадтай харилцах, нийгэмд биеэ зөв авч явах чадамжтай болгодог” хэмээн ярилаа. Энэ тухай “Өөрөөс нь” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Үнэт” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч  Д.Бадрал “Үнэт” санхүүгийн нэгдлээрээ бид өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг бизнесийн соёлыг түгээнэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хөгжлийн диалектик” нийтлэл хэвлэгдлээ.

Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням “Эмийн байгууллагууд үнийг шударгаар тогтоож байгаа” хэмээн ярилаа.

Хувийн хэвшлээс хувь булаах шийдвэр олон улсын хөрөнгө оруулагчдыг цочроов

БНХАУ-ын Шааньси мужийн Ши-Ань хотоор аялсан тэмдэглэлийг  I болон “Аян замын тэмдэглэл” нүүрээс уншаарай.

ХНХын сайд  Х.Булгантуяа “Хүүхэд хамгааллын шинэчлэгдсэн хуулиар үл хайхралт, дээрэлхэлт болон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Украины тусламжийн  хуулийн онцлох заалт

УРАН БҮТЭЭЛЧ: Алдарт Ичинхорлоогийн зээ хүү Парист амьдарч уран бүтээлээ туурвиж явна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ