Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2023 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар 7-12 хэм  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Уулаараа ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, талбайн цэвэрлэгээ үргэлжилж байна DNN.mn

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто болон явган замын цас цэвэрлэгээний ажил үе шаттай үргэлжилж байна.

Дүүргийн даваа, гүвээ 100 хувьтай цэвэрлэгдсэн, зорчих хэсэг хэвийн, төвийн хэсгээр цэвэрлэгээ 70 хувьтай, явган замын цэвэрлэгээ 50 хувьтай үргэлжилж байна.

Замын нуух, мөстсөн хэсгийг хусаж давс, бодис цацан халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, иргэд, сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50 метр хүртэлх цас, мөсийг цэвэрлэн халтиргаа, гулгаанаас сэргийлэн хамтран ажиллахыг уриалж байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Categories
story-news

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ DNN.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн нутаг дэвсгэр “Мөнгөн шонхор” гудамжны задгайгаас 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12:10 цагийн үед найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болсон байдаг. Охин алга болоод зургаан жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжсэн гэдэг. Ингэхдээ I, II, III, IV, V багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар. Мөн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг шалгаж, шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулсан байдаг. Охин тухайн үед Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв. Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг.

Дахин энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр мөн л аймгийн нутаг дэвсгэрээс хичээлдээ явахаар таксинд суусан 12 настай охин сураггүй алга болж цогцсыг нь 6-ны өдөр олсон байдаг. Энэ хэргийн сэжигтэн Г.Гантулгыг хоёр охины хэрэгт хамаатай байж магадгүй гэсэн таамгийг зарим хүмүүс дэвшүүлээд байсан.

Гэтэл Д.Сэржмядаг охины хэргийн дагуу нэг хүнийг хоёр жил шалгаж байгаа. Хэрэг бараг шийдэгдэх шатандаа яваа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Уг мэдээллийн дагуу сурвалжиллаа.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас тодруулахад “Уг хэргийн талаар мэдээлэл өгөх хүн алга” гэсэн хариуг өгөв. Ингээд тухайн үед охины ангийн багш байсан Дорноговь аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн багш Я.Өлзиймаатай холбогдлоо. Тэрбээр ярихдаа “Тухайн үед хүүхдүүдийн сэтгэл санаанд их нөлөөлсөн. Манай ангийнхан тэр чигээрээ өдөр бүр Сэржмядагийг хичээлдээ ирэх байх гэж хүлээдэг байсан. Би тухайн үед хэд хэдэн удаа цагдаагийн газарт байцаалт өгсөн. Сүүлд сонсоход ээж, аав нь эндээс нүүгээд явсан гэсэн сураг дуулдсан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүндхэн өнгөрдөг” гэсэн юм.

Ингээд Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаатай ярилцлаа.


-Цагдаагаас та бүхэнтэй холбогдож байгаа юу?

-Өнөө өглөө (өчигдөр өглөө) цагдаа нартай ярьсан.

-Танд юу гэж хэлэв?

-Шалгаж байгаа л гэсэн.

-Цахим орчинд сүүлийн хоёр жил охины хэрэгт холбогдуулаад нэг хүнийг шалгаад хэрэг шийдэгдэх шатандаа яваа гэсэн утгатай мэдээлэл явж байна лээ. Энэ талаар танд мэдсэн зүйл бий юу?

-Наадхыг чинь одоо л чиний амнаас сонсож байна. Би цахим орчинд орох боломжгүй утас барьж байгаа болохоор мэдээллээс хол байгаа.

-Дорноговь аймгийн цагдаагаас тодруултал тодорхой хариулт өгөх хүн алга гэсэн?

-Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй л байна.

-Сүүлд алга болсон 12 настай охины хэргийн сэжигтэн Г.Гантулга гэгчийг бас охины хэрэгт хамаатай гэх мэдээлэл яваад байсан. Та харсан уу?

-Монгол Улсын хэмжээнд ямар хэрэг гарна, бүгдийг л шалгадаг. Алга болсон охидын хэргийг бүгдийг нь шалгаж байгаа. Охины минь зургийг алуурчны зурагтай хамт нийтэлчихсэн байх юм. Би бүр гайхаад байна. Хүмүүс над руу яриад байна. Хүүхдийн чинь зураг алуурчны зурагтай зэрэгцээд гарчихсан байна гээд. Өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг ямар муухай юм бэ. Тэр алуурчныхаа зургийг л тавина биз. Яагаад миний охины зургийг зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ. Хүүхдийнхээ зургийг ариун сайхан байлгамаар байх юм. Өөрсдийнх нь хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлээд тавибал тэдэнд ямар санагдах бол. Хэчнээн хэвлэл мэдээлэл ч гэсэн ард түмнийхээ талд байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв сонинд нийтлэх гэж байгаа бол миний охины зургийг алуурчны зурагтай бүү тавиарай. Миний охины зургийг тэгж тавьсан ямар сайтууд байна, бүгдэд нь би гомдол бичиж өгнө. Өнөөдөр би цагдаад хэлсэн. Манай хэвлэл мэдээллээс тэгж цацаагүй ээ. Та гомдол хүсэлтээ гаргаад өгч болно гэсэн. Хүүхдийн эрх шүү дээ. Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг тэгж байгаа юм бэ. Алуурчны хажууд. Дангаараа, ганцаараа миний охин байсан бол хамаа алга. Алуурчинтай зэрэгцээд байж байгаа юм. Тэгэхээр чинь ямар ч хүний эцэг, эх дургүйцнэ биз дээ.

Танайхыг Дорноговь аймгаас хот руу шилжсэн гэсэн. Хэзээ шилжиж ирэв?

-Тийм тийм. Ирээд гурван жил боллоо. Коронагийн үеэр ирсэн.

-Та хил онгойхоор урагшаа гарч охиноо эрж хайна гэж байсан гарсан уу?

-Гарсан гарсан. Эгч нь гараад охиноо хайсан. Даанч ямар ч сэжүүр олж чадаагүй. Сайтуудад хатуухан сануулга өгмөөр байна. Хүний өмнөөс шийдэж, хүүхдийн эрхэнд халдаж, дур мэдэн зураг тавьж байдаг. Өрлөг гэдэг сайт тавьсан л гэнэ. Цагаачууд овогтой Тайвантөр гэсэн. Өнөөдөр бас Зариг тавьсан байна гэж манай охин над руу утсаар яриад хэлээд байна. Тэр зургуудыг яаралтай устгуулмаар байна. Гомдлоо гаргана гэв.

Тухайн хэргийн талаар Дорноговь аймгийн иргэнтэй холбогдоход “Д.Сэржмядаг охины хэрэг ч тэр, сүүлд алга болсон 12 настай охины хэрэг ч тэр энд маш нууцлагдмал байгаа. 12 настай охины цогцсыг олоход эд эрхтэн нь байгаагүй, хүн харахын аргагүй байсан гэсэн. Тиймээс сураггүй алга болсон охидын хэргийг энд их нууцалж байгаа. Хүүхэдтэй хүн болгон энд айдастай байна. Хүүхдүүдээ ганцааранг нь явуулахаа больсон. Гараас гарт хөтөлбөрийг утгаар нь хэрэгжүүлж байгаа. Угаасаа камер муутай, хараа хяналт султай газарт эцэг эхчүүд өөрсдөө л үр хүүхдэдээ анхаарахгүй бол хэцүү болсон цаг үе. Хүүхэд алга болсон хэрэгт албаныхан оролцоотой байж магадгүй. Нэг хүн ганцаараа яагаад ч тийм хэрэг хийхгүй гээд эмч нарыг хүртэл цагдаагаас дуудаж шалгасан. Яагаад вэ гэвэл мэргэжлийн бус хүн хүний эд эрхтнийг авч чадахгүй шүү дээ” хэмээн ярив.

Цагдаагийн байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд 10.000 хүүхдийг эрэн сурвалжилж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ. 1996-2022 оны хооронд 16 хүүхэд сураггүй алга болсон. Үүнээс гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд байдаг. Энэ нь Сэлэнгэ, Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин 14 хүүхэд ахуйн ослын улмаас алга болсон тул цагдаагийн байгууллага тасралтгүй эрэн сурвалжилж байна хэмээн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлж байлаа. Харин ОБЕГ-аас “Он гарсаар сураггүй алга болсон 274, төөрсөн 12 тохиолдол бүртгэгдэж, 204 иргэний (том хүн 170, хүүхэд 16, гадаад улсын 31) иргэний амь насыг авран хамгаалсан. Харамсалтай нь 27 иргэн (том хүн 22, хүүхэд 5) нас барсан” гэсэн мэдээллийг өгөв.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй DNN.mn

Монголчуудын аль анхиатай, ажилтай болгон нь гадагш явчихлаа. Харин үлдсэн нь ажил хийхээргүй хүмүүс. Өнөөдөр хар битгий хэл бор ажил хийх хүнгүй боллоо. Картон цаас дэвсэх нь дэвсэж, зарим нь урдаа тавьж, зарим хэсэг нь нэг удаагийн цаасан аяганд гуйлга гуйж суух идэр насныхан өнөөдөр хотын гудмыг “метрлэж” байна.

Хөгжил рүү цоролзох Монголд өнөөдөр ажлаас их юм алга. Гагцхүү ажлыг голохгүй хийх ажиллах хүч л хэрэгтэй байна. Монголчууд өнөөдөр цалингаа голоод ажил хийхээ байсан. Аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгарч байгаа бодит нэг зовлон нь энэ. Цалин нэмэх боломж өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд хомс байна. Наанадаж нийгмийн даатгалын шимтгэл дөнгө болж байгаа. Иймээс Монголд ажил хийх хүн олох үнэхээр хүнд болсон. Тиймээс Зүүн өмнөд Азийн Вьетнам, Камбож, Индонез, Энэтхэг, Шри-ланка, Бангладеш зэрэг орнуудаас ажиллах хүч оруулж ирье. Тэд хүн ам олонтой. Ядуус ихтэй. Вьетнам гэхэд 80 сая хүн амтай.

Монголын 200 ам.долларын ажлыг тэд голохгүй хийх юм билээ. Зууг нь хадгалж, үлдсэн зуун ам.доллараараа Монголд ойр зуурын хэрэгцээгээ залгуулаад ажиллах хүмүүс тэнд их бий. Зүүн өмнөд Азийн орнууд халуун учраас Монголын өвөлд тэд ажиллаж чадахгүй болов уу. Тиймээс дөрөвдүгээр сард оруулж ирээд аравдугаар сард буцаах хуулийн орчныг бүрдүүлмээр байна.

Дотоодын ажиллах хүч ингэж ажиллахгүй. Монголын гудамд өнөөдөр гадагш явахааргүй, дотооддоо ч ажил хийхээргүй архи уухаас өөр шидгүй хүмүүс үлдсэн.

Эдийн засгийг хөдөлгөх хүч нь ажиллах хүч байдаг. Өнгөрөгч оны статистикаас харахад монголчуудын тал хувь нь ажилгүй гэж гарчээ. Өчигдөр Монгол Ардын намаас тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Өмнө нь ч ингэж л байсан. Танил дүр зураг. Өнөөдөр мөнгө төрд л байгаа. Төрийн мөнгө эрх баригчдын халаасанд бий. Тэд халамжаар монголчуудыг угжиж дуугүй болгосныхоо дараа яаж татварын мөнгийг хувьдаа ашигтайгаар эргэлдүүлэх тухай бодохоос аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгарч байгаа ажиллах хүч, цалин тэтгэмжийг нэмэх орчныг бүрдүүлэх тухай бодож, чармайдаггүй.

Тиймээс улсаа хөгжүүлэхийн тулд ажиллах хүчийг гаднаас оруулж ирье. Бүтээмжийг дагаж мөнгө орж ирж байдаг. Эдийн засгийн эргэлт сайжирч байдаг. Үйлдвэрлэл аяндаа бий болж байдаг. Ингээд хөгждөг. Түүнээс манайх шиг ДНБ-ий тал хувийг төр эзэлж, халамжаар иргэдээ угжиж амыг нь хамхиад байдаггүй. Монголын эдийн засаг нэн эмзэг. Уул уурхайгаас хараат. Тиймээс үүнийг засах арга нь бүтээмжийг нэмэгдүүлэх.

Өнөөдөр бидэнд буй боломж нь байгаа зардал дээрээ бүтээмж, өртөг шингээх юм. Дээр бичсэнчлэн өнөөдөр Монголд цалингаа голоод ажиллах хүч олдохоо байчихсан. Тиймээс ажиллах хүч гаднаас авч ажиллуулж Монгол хөгжмөөр байна. Байгаа хэдэн архичдаа хараад суувал Монгол арван жилийн дараа ч яг л ийм янзаараа байх нь.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

МАН ахмадуудад 100 мянган төгрөг амлалаа, АН 200 мянган төгрөг амлах хэрэгтэй DNN.mn

Ардын нам ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх юм гэнэ. Яаж ч харсан энэ бол сонгуульд зориулсан мөнгө тараалт гэдэг нь мэдэгдэж байна. Сонгуулийн тухай хуулиар сонгогчдод эд зүйл, мөнгө амлах хориотой байдаг. Бодвол Ардын нам т этгэвэр нэмнэ гэх “ сонгуулийн авлигаа” хуулийн цоорхой олоод хийж байгаа байлгүй. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам иргэн бүрд “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг өгнө гэж амлахад Ардын нам нэг сая 500 мянган төгрөг өгнө гэж амлаж байсан. Үүнээс хойш Ардын нам сонгуулиар ялагдсангүй. Үүнтэй адил Ардчилсан нам одоо ахмадуудад 200 мянган төгрөг өгнө гэж амлах хэрэгтэй. Гэхдээ Ардын намынхан шиг сонгууль угтсан юм битгий хий. Шууд гараад ахмадуудад 200 мянган төгрөг өгнө гэж хэл. Яваандаа жил бүр инфляцитай уялдуулж нэмнэ гэж амла. Өнгөрсөн түүх, туршлагыг харахад ингэж байж олонхын санал авч ялдаг юм билээ. Намын ялалтаа бодсон ч ахмадын орлогоо бодсон ч энэ нь зөв. Ер нь МАН-ын дэмжигчдийн дийлэнх хэсгийг ахмадууд эзэлдэг. Тиймээс хаашдаа нэмж байгаа бол ганц тор дүүрэхгүй хүнс худалдан авах зуухан мянган мөнгөөр нэмээд хэрэггүй. Наанадаж 200 мянгаар эхэлсэн нь дээр л дээ. Ардын намынхан намаараа нийлж идсэн нүүрсний өнөөх “44 их наядын” хажууд зуун мянга бол хумхын тоос, Тариалан эрхлэлтийн, Боловсролын гэхчлэн 24 тусгай санг ах дүү, амраг садантайгаа нийлж цөлмөсний дэргэд юу ч биш. Ирээдүйдээ гэж хумсаа хумслан, хөлсөө дуслуулж хуримтлуулсан ч МАН-ынханд цуслуулсан “Ирээдүй өв” сангийн хадгаламжийн мөнгөний дэргэд ёстой л шүлс биз дээ. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа нийт ахмадын 70 хувь нь бага буюу 550 мянган төгрөг авч байгаа гэдгийг сана. Ардын намынхан ахмадуудад илүү хэрэггүй энэ л болно гэж үзсэн учраас зуун мянган төгрөгийг ихэд бодож байх шиг байна. Мах, гурил гэхчлэнгээр иргэдийн ходоод руу орох хүнс бүр 10-20 хувийн инфляцитай байгаа энэ үед зуухан мянган төгрөгөөр нэмж ахмадуудыг даапаалаад яах юм бэ. Хоногийн хоолноос гадна ач гучдаа ганц модон чихэр илүүчилж болохоор мөнгө өгсөн нь дээр л дээ. Р.ХИШ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, эрхзүйч Т.Батбаатартай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хүрээнд ярилцлаа.


-Таны хувьд өмнө нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэр утгаараа яг одоо хэлэлцэгдэж байгаа нийслэлийн хуулийн төслийн агуулга, ач холбогдлыг та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийж өгөх ёстой юу гэвэл, тийм. Эрх зүйн өөрчлөлтийг хийж өгөхийн тулд юун түрүүнд эхлээд нийслэлчүүдийн саналыг маш сайн сонсох ёстой байсан.

Гэтэл хотын шинэ дарга хоёр долоо хоногийн хугацаанд өөрийн хийх ажлаа хуульчлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлчихсэн. Мэдээж хотын дарга хууль санаачлах субъект биш. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл гэж явж байгааг та бүхэн анзаарсан байх. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг нь болсон ч ийм богино хугацаанд бүрэлдсэн хуулийн төсөл батлагдлаа гэхэд амьдралд буух, хэрэгжихэд олон алдаа дутагдал гардаг. Тэрхүү эрсдэлээ хотын шинэ дарга болон цаашлаад эрх баригч намын нөхөд тооцсон л байх. Мэдэж байгаа болохоор хуулиа эхлээд батлуулчихъя. Дараа нь алдаа байвал засаад, сайжруулаад явъя гэдэг зарчмаар уг асуудалд хандаад байна уу гэсэн дүгнэлттэй л байна даа.

-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлтэй нарийн танилцсан уу?

-Миний хувьд өмнө нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулалцаж явсан хуульч. Тэр утгаараа Нийслэлтэй холбоотой эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг байнга судалж явдаг хүний нэг. Тиймээс энэхүү хуулийн төслийн явц эхлэхтэй зэрэгцэн санал, шүүмжлэлээ холбогдох ажлын хэсгийн хүмүүст хэлж ирсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл өөрөө зургаан бүлэгтэй байгаа.

Гол агуулга нь түгжрэлийг бууруулах зохицуулалт болон орон сууцжуулах, түүнийг дагасан газар олголт, чөлөөлөлтийн асуудлыг шийдэхэд зориулагдсан хуулийн төсөл. Тиймээс энэ хоёр агуулгын хүрээнд хуулийн төсөл бүхэлдээ бичигдсэн гэсэн үг.

-Олон нийтийн хувьд уг хуулийн төсөлд тусгагдсан хотын төвөөр зорчихдоо төлбөр төлдөг болно гэсэн заалт дээр л маргалдаад байгаа. Энэ ер нь эрх зүйн хувьд бодитой шинэчлэл, шийдэл мөн үү?

-Улаанбаатар хот өөрөө 1.6 сая хүн амтай. Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ хотод аж төрж байгаа. Нөгөөтэйгүүр нэг саяас илүү хүн амтай буюу метрополис хот болгонд тулгардаг зовлон бол түгжрэл. Москва, Берлин, Лондон, Мумбай, Токио гэх зэрэг хотууд энэхүү асуудлаа эрх зүйн орчноо сайжруулснаар шийдэж чадсан туршлага бий. Тиймээс хотын асуудлыг шийдэхийн тулд хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол шинэчлэл мөн. Гэхдээ хууль батлахын тулд мөрддөг нэг бичигдээгүй хууль гэж бий. Тэр нь хэлэлцүүлэхээсээ өмнө олон нийтэд хуулийн төслөө эхлээд ойлгуул, саналыг нь тусга гэж. Хэрэв олон нийтийн мэдээгүй, сонсоогүй хуулийн төсөл гэнэт хэлэлцээд эхэлбэл тухайн хуулийн батлагдах процесс, цаашлаад хэрэгжилтийн явцад олон алдаа хийдэл гардаг. Тухайлбал, өнгөрсөн жил Н.Учрал сайд Цахим сүлжээнд хязгаарлалт тогтоох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж, гэрлийн хурдаар батлуулчихсан. Гэнэтийн энэхүү шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандаж, улмаар Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ. Яг энэ эрх зүйн кэйс дахин давтагдаж байна уу даа гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр Х.Нямбаатарын санаачилсан энэхүү хууль УИХ-аар хэлэлцэгдээд батлагдлаа гэхэд олон нийтийн шүүмжлэлийг харгалзан үзээд Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр байгаа шүү. Ингээд энэхүү хуулийн төсөл дахиж хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй царцана. Ийм нөхцөл байдал руу оруулахгүйн тулд аливаа хуулийн төслийг эхнээс нь маш нямбай, судалгаатай, санал асуулгатай өрнүүлэх шаардлагатай. Ингэхгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийн саналаар, улс төрийн оноо авах гэсэн зорилготойгоор хууль санаачлах нь өөрөө нийгэмд асар хор хөнөөлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Адаглаад төр иргэний харилцаа улам алсардаг. Төрдөө итгэх иргэдийн итгэл унадаг. Үүнээс болоод нийгмийн хэрэгцээнд тулгуурлаж батлагдан гарсан хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Том зургаар нь харвал чанаргүй, судлагдаагүй хууль боловсруулах нь өөрөө Үндэсний аюулгүй байдлын эсрэг явуулж байгаа нэг төрлийн гэмт үйлдэл шүү. Тиймээс хууль гаргахаасаа өмнө тухайн хуулиа эхлээд олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх ажлыг маш сайн хийх ёстой гэсэн үг.

-Нийслэлийн хуулийг та ер нь хурдан хийгдсэн, түүхий хуулийн төсөл гэж хэлэх гээд байна уу?

-Түүхий хуулийн төсөл гэж яг ч тодорхойлж болохгүй байх. Гэхдээ хуулийг ийм богино хугацаанд батлуулах гэж зүтгэж байгаагийн цаана байнга улс төрийн эрх ашиг нуугдаж байдаг. Хууль гэдэг амьдрал. Тэр утгаараа чанаргүй хууль гарах болгонд нийгмийн нэг хэсэг амьдрал сөнөж байдаг. Тиймээс бид хууль батлахдаа үүнийг маш сайн анхаарах ёстой юм.

-Та энэхүү хуулийн төслийг анх бэлтгэж эхлэхтэй зэрэгцэн танилцаж санал шүүмжлэлээ хэлж ирсэн гэлээ. Түгжрэл, орон сууцжуулахаас өөр ямар зохицуулалт энэхүү хуулийн төсөлд байгаа вэ?

-Түгжрэл гэдэг бол бүх нийтийн асуудал. Үүнийг шийдэхийн тулд цогц асуудлыг дэвшүүлж байж шийднэ. Тэр утгаараа ганц түгжрэлийг бууруулах хууль батлагдаад асуудал шийдэгдэхгүй. Энэ хууль батлагдсанаараа бусад эрх зүйн актуудад мөн адил өөрчлөлт хийгдэнэ. Үүнийг дагалдах хуулийн төслүүд гэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг энд хэлэх нь маш их цаг хугацаа шаардана. Тиймээс яг гол хуулийн төсөлд орж байгаа шинэ зүйл юу байна. Ямар эрх зүйн акт батлагдах гэж байгааг хэлье. Миний харж байгаагаар түгжрэлийг бууруулахын тулд төлбөр авдаг бол гэж байгаа. Ингэхдээ хотын зах хэсгээр автомашинаа зогсоолд байршуулж, төв рүү нэвтрэх хөдөлгөөнийг сайжруулахаар байна. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн үйлчилгээг гурав дахин нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа юм билээ. Үүнийг шийдэхийн тулд тус хуулиар Нийтийн тээврийг хөгжлүүлэх сан шинээр бий болохоор байгаа. Тус сангаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээг одоо байгаагаас гурав дахин илүү сайжруулах эрх зүйн орчин бүрдэж байгаа гэсэн үг.

-Нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэдэг нь ямар учиртай юм бэ. Ямар нэгэн сан байгуулагдах нь иргэдэд таалагдах болов уу?

-Олон нийт хүлээж авах эсэхийг одоогоор хэлэхэд арай эрт байна. Уг хуулийн төсөл ч батлагдаагүй, дөнгөж хэлэлцэгдэх шатандаа явж байгаа шүү дээ. Түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хуулийн төсөлд энэхүү заалт тодорхой байгаа. Ямар учиртай сан бэ гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой сонсогдож байгаа байх. Тус сангийн орлого яаж бүрдэх талаар тус хуульд мөн заасан байна лээ. Тухайлбал, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлого нь хандив, тусламж, нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн орлого, төлбөртэй бүсийн орлого, нийтийн тээвэр ашигласны орлого зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэж байхаар зохицуулсан байна лээ. Мөн Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, орлого, зарлага, хяналтыг НИТХ тавихаар хуулийн төсөлд тусгагдсан харагдсан. Бусад сангууд шигээ дампуурчихгүй бол нийтийн тээврийн салбарт хамгийн чухал шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8, Буд гариг. Билгийн тооллын 26, Бага морь одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 07:47 цагт мандан, 17:25 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 02ц 05м эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур  секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -11…-16 градус, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7…-12 градус  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Айн Жалутын тулалдаан” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч О.Батчулуун “Гаднын банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаад хямд эх үүсвэр татахад чухал үүрэгтэй” хэмээснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа “Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ” гэлээ.

” МАН ахмадуудад 100 мянган төгрөг амлалаа, АН 200 мянган төгрөг амлах хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Айн Жалутын тулалдаан” нийтлэл хэвлэгдлээ. 

Намрын чуулганаар 62 хуулийн төсөл хэлэлцэж, батална.

Доктор С.Батсугар “Тодорхой биш судалгаанд үндэслэж монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд хуулийн төсөл баталсан” гэв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ