Categories
мэдээ спорт цаг-үе

М.Намуун шөвгийн 8-д шалгарчээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 57 кг-д 16 улсын 16 тамирчин тулалдахаар бүртгүүлсэн юм.
Монголоос М.Намуун эх орноо төлөөлөн эхний тойрогт БНСУ-ын Жин Хе Ёнтой учраа таарсан билээ.
Таван жилийн өмнө “Жакарта 2018”-д шөвгийн 16-д ялагдаж байсан М.Намуун энэ удаад өрсөлдөгчөө илт давуу хожлоо.
Эхний хоёр үеийн дараа шүүгч тоглолтыг зогсоох шийдвэр гаргаж, ялалтыг манай тамирчинд шууд өглөө.
М.Намуун медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа Дэлхийн мөнгө, хошой хүрэлтэй Казахстаны боксчин Карина Ибрагимоватай тулалдахаар болов.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 онд хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр үргэлжлүүлэн олгоно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн.

Улмаар 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцөлийг бий болгож байна гэдгийг тодотгов.

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.

Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдах аж. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжихээр төлөвлөжээ. Ингэхдээ инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан Төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан бол инженерийн дэд бүтэцгүй, хөгжих потенциал муутай суурин газарт эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны схемийг хөгжүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийтдээ 18 аймагт ажиллаад буй аж. Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд тэдгээр иргэдийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгаснаараа онцлог юм байна.

Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр байна.

Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд нь дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн 1.53 км авто замыг шинэчилнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн шинэчилсэн замын үргэлжлэл 1.53 км авто замыг шинэчлэх, зам засварын ажил өнөөдөр эхэлж байна.

Зам засварын ажил арваннэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэдийг түр замаар зорчихыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач О.Төгөлдөр: Жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ынханд тэр дундаа ах нарт нь илүү ашигтай DNN.mn

Хуульч, улс төр судлаач О.Төгөлдөртэй Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126-д хүргэсэн. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хуульч өөрчлөгдсөн. Уг өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж байгаа. Хуульч хүний хувьд энэхүү өөрчлөлтийг ямар байдлаар харж байна вэ?

-Юуны өмнө гишүүдийн тоог нэмэгдүүлсэнийг хуульч, улс төр судлаач хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Энэ бол парламентыг чадавхжуулах, нэг улстөрчид оногдох эрх мэдлийн төвлөрлийг задлах эрх зүйн том алхам хийгдсэн гэж үздэг. Үүнийг дагасан өөрчлөлт ирэх жилээс бодитой мэдрэгдэж эхэлнэ. Мэдээж гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн учраас үйл явцын дунд алдаатай, дутагдалтай олон асуудал гарч ирж магадгүй. Тэр бүхнийг тухай бүрд нь засаад явах эрх нь УИХ-д бий. Хоёрдугаарт, шинэчлэгдсэн Сонгуулийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсний дараа дагалдах журмыг баталдаг хуультай. Журам гэдэг бол тухайн хуулийг амь оруулагч эрх зүйн акт. Тиймээс батлагдсан хууль хэр бодитой орших вэ, амьдрал дээр ямар байдлаар хэрэгжих вэ гэдэг нь дагалдан гарах журмаас тодорхой харагдана. Одоогоор Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн ерөнхий агуулгаар шинэчилсэн. Холимог тогтолцоо дундаа яг ямар хэлбэрийг нь сонгож явах вэ гэдэг нь харин чухал асуудал.

-Сонгуулийн хууль ирэх оноос хэрэгжинэ гэж байна. Мэдээж дагалдах хууль, журам яаж гарч ирэхийг улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа ирэх сонгуулийг том тойргоор явуулбал хэнд ашигтай, үр дүн нь яаж гарах бол гэж бодож байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа улстөрчдийн хамгийн их анхаарч буй зүйл бол олныг төлөөлөх 78 гишүүнийг тойргоос сонгохдоо том, жижиг мажоритар хувилбарын аль замаар нь явуулах вэ гэдэг асуулт байгаа юм. Тэгэхээр 2020 оны сонгуульд ашигласан томсгосон мажоритар хувилбарыг сонгох нь зүйтэй гэж ихэнх судлаачид үзэж байгаа юм билээ. Энэ нь юу гэхээр дахин сонгогдох боломжоо тасралтгүй эрэлхийлж яваа одоогийн УИХ-ын гишүүд жижиг мажоритар хэлбэрээр 78 тойрогт хүч үзэх санаатай байгаа гэж ойлгож болно. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд тойргоо хангалттай “усалчихсан”, тойргийн сонгогчдодоо харьцангуй танил дүрийг бүтээчихсэн шүү дээ. Нэг ёсондоо жижиг тойрогт мөнгөөр “зодох” сонирхол, боломж өнөөгийн улстөрчдөд, тэр дундаа эрх баригчдад их байна.. Өөрөөр хэлбэл, жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ынханд тэр дундаа ах нарт нь илүү ашигтай. Намын нэр, намын даргын нэр хүнд гэхээс илүүтэй жалга, жалгандаа үзэлцэх нь МАН шиг “хөл” сайтай нам хамаагүй бага хохирно гэж судлаач хүнийхээ хувьд харж байгаа. Гэхдээ аль хувилбараар явах вэ гэдгийг одоохондоо эрх баригчид зарлахгүй. Он гараад, сонгууль нэлээд дөхүүлж байж зарлах байх. Энэ нь эрх баригчдад илүү ашигтай.

-Эрх баригчдын хувьд жижиг тойргийг илүү сонирхоно гэлээ. Тэгвэл бусад намуудын хувьд жижиг тойрог ашигтай гэж харж байна уу?

-Сая хэллээ, жижиг тойрогоор явах нь мөнгөтэй, тойргоо сайн усалдаг улстөрчдөд илүү ашигтай. Тэгвэл тойргоо хамгийн сайн усалж байгаа гишүүд, улстөрчид нь хэн бэ. Аль нам бэ гэдэг нь тодорхой. Мөнгөтэй улстөрчид нь хэн бэ гэдгийг ч ард түмэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Тиймээс жижиг тойргоор явбал мэдээж бусад улс төрийн хүчнүүдэд болон бие даагчдад төдийлөн ашигтай биш болов уу. Тэд том тойрогт нэр хүнд, мэдлэг боловсролоо өмнөө тавьж өрсөлдөх сонирхолтой байгаа. Гэвч уг асуудлыг Монголын хоёр том нам өөрт аль болох ашигтай хувилбараар шийдэх нь тодорхой биз. Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өмнө буюу 2019 онд өөр байр суурь илэрхийлж байсан.

-Ямар байр суурь вэ?

-Тэд ирэх сонгуулийг томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбарыг дэвшүүллээ гэж байсан шүү дээ. Угтаа эл хувилбар мөнгө тараах, “царцааны нүүдэл” ашиглах боломжийг багасгах учраас иргэдэд таалагдана. Гэвч МАН-д энэ нь ашиггүй гэдгээ тэд одоо ухаарсан байх.

-Сонгуулийн томсгосон нэг тойрог гэхээр 2008 онд сонгууль явуулсан хувилбар биз дээ?

-Тэр үед буюу 2008 онд сонгууль зохион байгуулсан томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбар л даа. Сонгуулийг аль болох томсгосон тойргийн хэлбэрээр зохион байгуулж, сонгогчид лидер болсон улстөрчдийг сонгох, сонгогдсон хүн нь иргэдээ бүрэн төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь чухал. Ер нь Монгол Улсын хөгжилд бүсчилсэн бодлого зохимжтой гэдгийг судлаачид бид удаа дараа ярьдаг. Тиймээс ойрын хугацаанд бүсчилсэн тойргийн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Томсгосон болон жижигчилсэн тойргийн ялгааг манай сайн ойлгохгүй хүн цөөнгүй байгаа болов уу. Та үүнд хуульч хүнийхээ хувьд тайлбар хэлэхгүй юу?

-Үндсэн хуульд ард түмэн төрөө шууд сонгож байгуулна гэж заасан байдаг. Энэ нь иргэд төрийнхөө түшээдээр хэнийг сонгох вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Тиймээс сонгуульд мажоратори тогтолцоо нэвтэрсэн. Энэхүү тогтолцоо нь сонгогч нэр дэвшиж байгаа хүмүүс дундаас хэнийг дэмжих вэ гэдгээ ямар нэг зуучлагч, намын оролцоогүйгээр шууд илэрхийлж, дэмжинэ гэсэн санаа. Томсгосон тойрог гэдэг нь нэг дүүргийг, эсвэл нэг аймгийг бүтнээр нь нэг тойрог гэж үзээд мандатын тоотой тэнцэх хүнийг дугуйлахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай учраас зургаа, Чингэлтэй дүүрэг дундаж учраас дөрвөн хүнийг дугуйлах тойрог юм. Гэхдээ энэ тогтолцоо нь сонгогчдын эрх тэгш байдлыг үгүйсгэж байна гэж үзсэн. Тодруулбал, зарим аймаг, дүүргийн иргэд зургаан хүний төлөө санал өгч, төлөөллөө сонгож байхад, Говь-Алтай гэх мэт цөөн мандаттай аймгийнхан зөвхөн нэг хүний төлөө санал өгч, УИХ-д нэгхэн төлөөлөлтэй болох нь шударга бус гэж үздэг тал байна. Тэр ч утгаараа өнгөрсөн 2020 оны сонгууль явуулахдаа улс орныг 76 жижиг тойрогт хувааж, нэг сонгогч нэг нэр дэвшигчийг сонгох хувилбар гаргасан. Энэ хоёр тогтолцооны аль алинд нь сайн болон сөрөг тал бий. Ер нь сонгуулийн тогтолцоо бүрд сайн болон сөрөг тал гэж байдаг. Сайн нь гэвэл, сонгогч хэнийг дэмжих вэ гэдгээ тухайн нэр дэвшүүлсэн нам, мөрийн хөтөлбөр, хувь хүний боловсрол, цаашлаад удам судрыг нь харж сонгох бололцоо олгодог. Харин сөрөг тал нь, танил тал, хөрөнгө мөнгө тараах хэлбэрээр сонгогчдын санал худалдан авч, тойргууд хувьчлагдах үзэгдэл жижиг тойрог дээр гардаг. Энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүс сонгуульд ялах бололцоог нээж өгсөн. Үүнээс болж өнөөдрийн завхралын үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Тиймээс одоо сонгуулийг томсгосон тойргоор явуулах шаардлагатай.

-126 гишүүний 78-ыг нь мажораториар харин 48-ыг нь пропорционалиар гаргаж ирнэ. Ингэхдээ 48-ыг хаалттай эсвэл нээлттэй явуулна гэж байгаа. Аль хувилбар нь илүү дээр вэ?

-Намын жагсаалтыг нээлттэй байх уу, хаалттай байлгах уу гэдэг хувилбараа сонгуулийн хуульдаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байхад хуулийн төслийн ажлын хэсэг дээр хаалттай хувилбараар жагсаалтын асуудлыг шийдэхээр ярьж байсан. Ингэхдээ хаалттай жагсаалтад багтаж байгаа 48 нэр дэвшигчээ нийтэд эрт зарлаж, ил болгох хувилбар яригдаж байсан л даа. Ингэснээр сонгогчид эртнээс мэдээлэлтэй болж, нэр дэвшигчдийг жагсаалтад анализ хийсний дүнд хүмүүст нь тулгуурлаж нам дугуйлах боломжтой гэж үзсэн. Намуудын авсан саналын хувийг нь босго оноотой нь уялдуулан хувь тэнцүүлж суудал хуваарилна. Эсэргээрээ нээлттэй жагсаалтыг сонгож болно. Гэхдээ нээлтэй жагсаалт нь сонгогчдын санал өгөх хугацаа сунаж, сонгуулийн ирцтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Мөн саналын хуудсанд маш олон тэмдэглэгээ хийх тул энэ хэрээр хүчингүй саналын хуудас маш их гарах эрсдэлтэй. Энэ бол бодит эрсдэл. Манайхан нэг хүн дугуйлах гэж будилдаг. Гэтэл 2-оос дээш хүн бүрийг дугуйлна гэхээр хүчингүй саналын хуудас 10-аас зургаа болох нь энүүхэнд болов уу. Тиймээс хаалттай жагсаалт гаргаад, жагсаалтад багтсан хүмүүсээ эрт зарлах хувилбараар явуулах нь төсөв, цаг, ирцийн хувьд илүү ашигтай.

-Намын жагсаалтад эмэгтэйчүүдийн 30 хувийг дуустал эрэгтэй, эмэгтэй гэж дараалуулж бичнэ гэдэг заалтыг оруулж өгөх ёстой гэж яриад байгаа. Намууд үнэхээр жагсаалтаа хүйсээр сөөлжүүлэн бичих үү?

-Сонгуулийн хуульд намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг 1:1 гэсэн байдлаар тусгах дээр ихэнх судлаачид, хууль санаачлагчид, ажлын хэсгийнхэн санал нэгдэж байсан. Ингэснээр намын жагсаалтад эмэгтэйчүүдийн эзлэх хувийнхаа дагуу эрэмбэлэгдэхдээ нэг эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч гэсэн байдлаар бичигдэнэ гэсэн үг. Тиймээс дараагийн парламентад урд нь байгаагүй олон эмэгтэй гишүүд орж ирэх нөхцөл бүрдэх боломжтой гэж харж байгаа.

Парламент бол нийгмийн бүлэг, сегмент, газар нутгийн төлөөллийг бүрэн хангах учиртай. Одоогийн харьцаагаар бол 17 хувийг нь л эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол тэгш оролцоо, тэгш төлөөлөл огтоос биш. Мөн эцэст нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлуудыг нэг тийш болгосноор Сонгуулийн хууль бүрэн зургаараа бэлэн болж, ирэх оны гуравдугаар сар гэхэд эцэслэгдэх болов уу.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг улам түлхсэн шийдлүүд орсон нь тун харамсалтай DNN.mn

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга нэлээд маргаантай байгаа . Энэ асуудлаар геологич Ц.Мөнгөн шагайтай ярилцлаа.

– Ашигтмалтмалын тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сараас хэлэлцэж эхэлсэн. Салбарынхны зүгээсДорвитой өөрчлөлт хийгдэж чадаагүй энэ төсөл батлагдвал Монгол Улсыг тэжээж байгаа уул уурхай салбар хүнд байдалд орно гэж бухимдаж байсан. Хуультай холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Асуудлыг нь ярих юм бол урт жагсаалт гарна. Хамгийн том асуудал нь АМНАТ болон татвар төлбөрүүдийг хэрхэн нэмэгдүүлэхэд анхаарсан хууль болсон. Энэ хуульд АМНАТ-ийн талаар тусгахдаа “Ашигт малтмалуудыг олон улсын биржээр арилжаалахад анхаарна. Заримыг нь Монголд дахь биржийн үнээр авна” гэсэн байгаа. Тэгвэл манай суурь үнэ далайн боомтын үнэтэй ойролцоо байдаг. Хуулийн төсөлд “Эрлийн ажлыг төрөөс хийнэ, хувийн хөрөнгөөр хийж болно” гэдэг заалт бий. Дахиад нэг шат дамжлага нэмэгдэж байна гэсэн үг. Төрийн хяналт, зохицуулалт улам нэмэгдсэн хуулийн төсөл болжээ гэж харж байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хууль есөн дагалдах журам, 66 зүйл заалт, 11 бүлэгтэй. Харин шинэ төсөл 38 дагалдах журам, 76 зүйл заалт, 18 бүлэгтэй болж орж ирсэн.

Яг үнэндээ эрдэс баялгийн салбарын хөгжлийг хангахуйц давуу тал алга. Энэ салбарыг хөрш зэргэлдээ болон холын өрсөлдөгчидтэйгөө өрсөлдөх бизнесийн өрсөлдөөний давуу талыг бий болгох, түүнтэй харьцуулан боловсруулах бус зөвхөн төсөвт төвлөрүүлэх татварыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг илүү орлого олохоос “сэргийлсэн” улам л хатуу бодлогоор зохицуулахыг хичээж боловсруулсан байна гэж харж байна

Нэмэгдсэн зүйл заалт болгоны цаана хариуцлага, үүрэг нэмэгдэнэ. Тэр байтугай хайгуулын ажил хийхийн тулд байгаль орчны ерөнхий үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гэхчлэн дөрвөн өөр төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болно. Энэ нь эргээд үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ачаалал үүсгэнэ. Дээрээс нь энэ хуулиар “Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв” байгуулна гэж байна. Дахиад л нэг эрх, үүрэг нь тодорхойгүй байгууллагын бүтэц үүсгэж, төрийн аппаратыг нэмэхээс хэтрэхгүй. Чухал ашигт малтмал болон стратегийн орд гэсэн нэршил нэмэгдсэн байна. Стратегийн орд гэсэн ойлголт ямар бүрхэг тодорхойгүй байгаа билээ. Ямар нэг шийдэлгүй өчнөөн жил бугшсан том асуудал болсныг бүгд мэднэ. Стратегийн ордоо шийдээгүй байж чухал ашигт малтмал гэсэн нэршил нэмчихвэл үл ойлголцол нэмэгдэх нь гарцаагүй. Тодорхой зохицуулаад өгөөч гэж байгаа зүйлийг энэ мэтээр олон салгах нь сайн зүйл дагуулахгүй. Хаалт, нөхөн сэргээлтийн төлбөрийг 100 хувь урьдчилж байршуулсан байх ёстой. Баталгаагаар байршуулна гэж яриад байгаа ч биелэх боломж тун бага. Одоо ямар нэгэн хаалтгүй байхад, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 84 хувь нь хөдлөхгүй. Ийм байхад нэмчихээр юу болох вэ. Уул уурхайн төслийн зайлшгүй дамжиж байж хөрөнгө оруулалт татаж хөгждөг зүйл болох шинэ хөрөнгө оруулагч орж ирэх буюу тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд урьдчилж гарсан зардлаас болон ирээдүйд олох орлогоос татвар авдаг зарчмыг хэрхэх талаар бас л тодорхой зохицуулалт алга. Аливаа төсөл тодорхой үе шатыг дамждаг. Тэгэхээр хайгуулын үе шат гэдэг тухайн төслийг бүтэн зургаар харвал бойжилтынх нь үе. Бойжилт нь дуусаад өсөлт ирэхэд санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт хэрэгтэй болоход тухайн тусгай зөвшөөрөл, төслийн хувьд шинэ эзэмшигч шаардлагатай болдог. Шинэ хувь эзэмшигч оруулж ирэхгүйгээр дараагийн өсөлтийн үе шатандаа гарах боломжгүй л дээ. Энэ үе шатан дээр нь ирээдүйд олох ашгаас чинь, эсвэл өнгөрсөнд зарцуулсан зардлаас чинь татвар авна гээд байгаа учир уул уурхайн төслүүдийн 86% эхний үе шатандаа гацчихаад байна.

-Орон нутаг уул уурхайн хөгжилд том тээг болдог. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдвал ахиц гарах нь уу?

-Нэгдүгээрт орон нутгийн иргэн бол тээг болоод байгаа юм байхгүй, харин тухайн орон нутагт төрийн эрх, үүргийг хэрэгжүүлэгдийн буруутай үйл ажиллагаанаас зөрүүтэй ойлголцол үүсдэг. Шинэ боловсруулсан хуулийн төсөлд үүнийг шийдэх ямар ч зохицуулалт байхгүй. Харин “Ашигт малтмалын газрын төлөөлөгчийг аймгуудад байршуулна” гэж байна. Төлөөлөгчийн газар байгуулснаараа ямар асуудлыг, яаж шийдэх нь тодорхойгүй. Төлөөлөгчийн газарт дахиад л очиж бүртгүүлэх ч юм уу, төрийн аппаратыг данхайлгахаас өөр өгөөжгүй шийдэл.

-Хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ямар боломжууд харагдаж байна вэ, төслөөс?

-Ашигт малтмалын хуулийн тухайд 1997, 2006 оны хуулийн суурь түвшин бий. 2006 оны хуулийн анхны философи нь 250 удаа өөрчлөлт ороод эвдэгдчихсэн. Уг нь одоо боловсруулчихсан байгаа шинэ төслийг өмнөхүүдтэйгөө харьцуулах хэрэгтэй. Гэвч бидэнд тийм ойлголт алга. 2019 оны үеийн маш их өөрчлөлт орчихсон хуультайгаа харьцуулаад л бага зэргийн өөрчлөлт хийх гээд байна. Өмнөх хуулиудын тухайд харьцангуй хөрөнгө оруулалт татаж чадаж, хөгжилд бодитоор нөлөөлж байсан. Гэвч бид өнөөдөр тэнд гацаачихсан хуультайгаа шинийгээ харьцуулаад байвал урагшлах уу, хойшлох уу гэдэг асуудалтай л тулгарна. Энэ нөхцөлүүдтэй харьцуулсан судалгаа бас л дутуу. Бид аль болох хөрөнгө оруулалт татаж, амжилт гаргаж байсан сайн туршлагаа харж хөгжих боломжтой зүг рүүгээ явах ёстой шүү дээ. Энэ хуулийн төслөөс өмнөх шиг амжилт үзүүлж чадна гэх хүлээлт алга.

Тэр бүү хэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэдэн арав дахин нэмэгдүүлэх, олгох талбайн хэмжээг жижгэрүүлэх зэргээр хөрөнгө оруулалтыг улам түлхэх шийдлүүд орсон нь харамсалтай.

Ер нь энэ хуулийн төсөлд шинэчлэн найруулаад байхаар бодлогын том өөрчлөлт байхгүй. Магадгүй, ашигт малтмалын нөөцийг төр баталдгаа болих, тухайн компанийн эдийн засаг, технологийн асуудалд хэт оролцдог байдлаа хязгаарлах гэх мэт шийдлийг гаргасан бол том алхам болох байлаа.

-Геологийн салбар дахь дэмжлэг хүчгүйдээд байна уу?

-Миний хувьд бага дэмжээсэй л гэж боддог. Ер нь ямар ч салбарыг төр бага дэмжих хэрэгтэй. Тэгж байж л жамаараа хөгжих боломж үүснэ.

-Манай улс газрын ховор элементийн багагүй нөөцтэй гэдэг. Энэ хэр бодит судалгаа бол?

-Манайх газрын ховор элементийн хувьд хэтийн төлөв, ирээдүйн хувьд дэлхийд дээгүүр явдаг гэж яригддаг. Тогтоогдсон гээд байгаа нөөц нь эдийн засгийн хувьд хэр ашигтай юм бэ гэдэг эргэлзээтэй, анхаарах ёстой зүйл. Гаргаад ирэхэд мөнгө олоод дэлхийтэй өрсөлдөөд явж чадах юм уу, үгүй юу гэдэг л хамгийн том асуулт. Тогтоогдсон нөөц маань хэзээ баялаг болох вэ гэдэг чинь өөр асуудал. Бид нар хэт хөөрөлд автаад, “алаагүй баавгайн арьсыг” хуваагаад байгаа юм биш биз. Цаашид судалгаа хийх потенциал, судалгааны хэтийн төлөв боломж байгаа л байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 16, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6:49 цагт мандан, 18:35 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2023 оны 09-р сарын 29-ний 20 цагаас 09-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -4…+1 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4…+1 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +3…+8 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус,  бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10 дугаар сарын 1-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Өдөртөө дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчнөөр жил тутам 50-60 мянган хүн өвчилж, нас бардаг DNN.mn

Өнөөдөр Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ жил “Нийт нь нэгийн төлөө, Нэг эрүүл мэнд бүгдийн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа аж.

Галзуу өвчин дэлхийн 150 гаруй улсад бүртгэгдсэн. Ази, Африкийн улсад түгээмэл бүртгэгдсэг. Жилд дэлхий дахинд 50-60 мянган хүн энэ өвчнөөр нас бардаг.

Судалгаагаар, галзуу өвчнийг эмчлэх өтрөг дэлхий дахинд жилд 8.6 тэрбум доллар байдаг. Галзуу өвчний гол эх үүсвэр нь нохой бөгөөд хүний өвчлөлийн 99 хувь нь нохойд хазуулснаас үүдэлтэй байна. Иймд нохойд хазуулахаас сэргийлэх замаар галзуу өвчнөөс сэргийлэх боломжтой.

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжжээ DNN.mn

ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрсөн тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.

“Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулсан тус сонгон шалгаруулалтад Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарч, гэрээний дагуу ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг энэ онд багтаан дуусгаж, барилга угсралтыг ирэх оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт нь 32.7 км, нэгдүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрийн урт 9.1 км юм. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн Т дам нуруутай, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Төслийн хүрээнд манай улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замыг холбохын зэрэгцээ нарийн, өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгаагаараа онцлог юм. Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүү өртгийг үйлдвэрлэн, 5000 орчим шинэ ажлын байр, түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Мөн нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурснаар урсгал тэнцлийн тээврийн үйлчилгээний одоогийн 700 тэрбум ам.долларын алдагдал багасаж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Нийт бүтээмж өсөж, эдийн засгийн урт хугацааны өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө гарахыг ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчдийн хуралдаан ирэх сарын 2-нд болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр товложээ.

Хуралдаанаар, Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичиг, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн “Тайлбар гаргуулах тухай” албан бичигтэй танилцана.

“Монголын Либерал Ардчилсан намын даргаар Б.Өлзийдүүрэн сонгогдсоныг бүртгүүлэх тухай”, “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлүүд болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.