Categories
мэдээ соёл-урлаг

Тайландад “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ DNN.mn

Тайландын нийслэл Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн энэ оны аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.

Бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгаж, “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчлах, монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.

Мөн “Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд салбарын сайдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судлахаар зорин ирдэг. Тэдний нэг нь Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит юм. Тэрбээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гаргахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Морин хуурын чуулга тоглоно DNN.mn

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын түүхийн музейд нээхээр болжээ.
Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхижуулах олон талт ажлуудыг төлөвлөн бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж буй юм байна.
Мөн 2023 оны аравдугаар сарын 14-нд БНФУ-ын Нант хотод анх удаа дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Морин хуурын чуулга Morinkhuur Ensemble of Mongolia тоглоно.
Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт 10-р сарын 14-нд Нант хотын хөгжмийн консерваторт болно.
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг энэ сарын 14-нөөс орон нутгаар аялан тоглоно DNN.mn

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг энэ сарын 14-нөөс орон нутгаар аялан тоглохоор товоо гаргажээ.

Тодруулбал, Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драм жүжиг есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд, 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд,19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт, 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус бүр тоглоно.

Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтггэлтэн Н.Наранбаатар, гол дүрд жүжигчин Н.Ялалт, МУГЖ, Ж.Оюундарь, жүжигчин М.Тогтохжаргал, Г. Ганбат нар тоглож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Японы соёлын наадам болно DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн

– Кимоно өмсөж зураг авахуулах

– Мацури хөгжөөнт тоглоом наадгай

– Аялал жуулчлалын мэдээлэл

– Соробан сампин

– Үнэгүй сугалаа

– Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм. Тэрчлэн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн,  “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг Увс аймагт толилуулна DNN.mn

Бүх нийтийн соёлын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын сэргэлт” аяныг УДЭТ-ын хамт олон Увс аймгийн 19 суманд зохион байгуулах гэж байна. Театрын уран бүтээлчид есдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд ажиллах бөгөөд энэ хүрээнд Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмыг толилуулна. Тодруулбал,

Есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд

Есдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд

Есдүгээр сарын 19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт

Есдүгээр сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус тус толилуулна.

Найруулагч: Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/

Гол дүрд:

Нөхөр-Н.Ялалт/СТА/

Эхнэр-Ж.Оюундарь /УГЖ/

Эхнэрийн найз-М.Тогтохжаргал/СТА/

Нөхрийн найз Г.Ганбат нар тоглоно.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг энтертаймент-ертөнц

GEE: Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС…

Реппер Gee буюу Төгсжаргалын МөнхЭрдэнэтэй ярилцлаа.


Та бараг мэдээ үздэг­гүй гэв үү?

-Ер нь мэдээ үзэхээс айдаг. Яагаад гэхээр нийгэм аймаар байна ш дээ. Хүмүүс зарим талаа­раа араатан шиг болж байна. Мэдээ үзэхээр “Тийм хүнийг тэгж гэртэй нь шатаалаа”, “Хэдэн арван тоогоор хутгалж аллаа” л гэнэ. Аймаар аймаар юм гарна. Өдөр нь ажил төрлөө хийгээд явж байхдаа нийгмийн асуу­дал­тай хутгалдаж явдаг боло­хоор гэртээ харихаараа тэр­нээс түр ч гэсэн ангижирмаар байдаг байхгүй юу. Би ком­пьютер тоглодог. Сайхан ангиж­руулдаг шүү. Нээрэн. Бүх юмаа мартаад сайхан тоглодог. Тэр л гоё байдаг юм. Гэхдээ хааяа үзэхгүй байж чадахгүй мэдээ үзнэ л дээ. Үзэхээр маниусаас дээр суу­даг манай нөгөө ухаантай хэдэн хүмүүс “Ингэлээ, тэглээ” гээд хоорондоо хэрэлдээд, бөөн юм болоод сууж байдаг. Дандаа хэрүүл уруул, алаан хядаантай юм үзээд байхаар чинь залхаж байгаа юм чинь.

Манай зарим хип хоп­чид мансууруулах бодис­той хол­богд­сон нь энэ урла­гийг уна­га­сан зүйл болсонХарин сүүлийн үед гарч ирж буй залуу уран бүтээлчид хип хопыг арай өөрөөршинэ уур амьсгалаар гар­гаж ирж байнаХөндлөн­гөөс харахад “Vanqiush” гэх хамт­лагаас салбарлан гар­сан мэт?

-Аймаар буруу ойлголт. Хувь хүний л асуудал байгаа ш дээ. Хувь хүн талаасаа. Хэрэгт холбогдож байсан хүн байлаа гэхэд тэр нь хувийнх нь л асуудал. Дараагийнх нь хүмүүсийн асуудал бол тэд­гээр хүмүүсийн хувийнх нь л асуудал. Ерөөсөө л хувь хүмүү­сийн ялгаа байхгүй юу. Хүн алддаг шүү дээ. Алдаа л биз. Ахиж тийм зүйлд ороо­цол­дохгүй гэж суралцаа байл­­гүй дээ. Түүнээс биш хип хопчдын нэр хүндийг унага­лаа гээд л хип хоп гэдэг нэр томъёог тэрэнтэй холбох гээд байх шаардлага байхгүй.

“Vanquish”-ээс салбар­ласан гэвэл сонин л доо. Тэрийг би эсэргүүцнэ. Мань, заньд нь бол ёстой хамаагүй ш дээ. Мэдэхгүй. Тийм хамт­лаг байсан. Би юмаа хийгээд явдаг байсан. Хамтарч дуу хийе гэсэн. Хамтарч дуулсан.

Тэндээс шинэ үеийн хип хоп гарч ирээд салбарласан гэвэл ёстой маргаантай асуу­дал.

Хип хопчид бусад хамт­лагдуучдынхаа нэрийг дуундаа оруулаад муулж дуулаад байдаг даа.

-Dis үү?

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Dislike гэдэг ш дээ. Тэрэнтэй адилхан утгатай.

Бусдынхаа талаар дур­гүйц­лээ илэрхийлж дуулж байгаа нь тэр үү?

-Энэ чинь хип хопын бараг нэг төрөл ш дээ.

Тэгэхээр реппер Цэцээ та хоёр байнга бие бие рүүгээ dis илгээдэг болж таарав ууБокс­чид рингэнд тулалддаг шиг та хоёр үзэл бодлоо уран бүтээлээ­рээ илэрхийлж “зодолддог“?

-Энэ нь маш олон төрлийн зорилгоос болж хийгдэнэ. Зөвхөн үзэл бодлоо хамгаа­лахын тулд гэж болохгүй ч бас байж болно. Зарим нэг нь ашиг сонирхлын үүднээс хийдэг. Энэ овоо гайгүй бай­гаад байна, энийг ингээд дуулчихвал намайг хүмүүс сонсчих юм байна гэх PR-ийн зүгээс хийж болно. Янз бүр. Тухайн хүнд ашиг сонирхол, үнэт зүйл нь юу байна вэ гэдгээс шалтгаална. Тэр хүнд нэр хүнд чухал бол хэнийг ч, сайн хүнийг ч тэгж хэлнэ ш дээ. Тухайн хүнд өөрийн үзэл бодлыг хамгаалах нь илүү үнэтэй, үзэл бодол нь чухал бол түүнийгээ хамгаалж, үзэл бо­дол руу нь дайрсан хүнтэй шөргөө­цөлдөх хэрэгтэй байхгүй юу.

Харин бид хоёрын хувьд уг нь рингэнд гараад зодолд­чихвол амар л байна. Намайг муулж дуул­лаа. Би очоод түүнийг цохиод л авна. Энэ бол байдаг л асуудал. Тэрний дараа яах вэ. Дуулсан дуу нь явсаар л байх болно. Тийм болохоор түүний эсрэг дуу хийж хамгаалахаас өөр арга байхгүй.

Та хоёрын хэн нь анх ингэж дуугаар шөргөөцөл­дөх алхмыг тавьсан юмЯагаадюунаас болоод ингэв?

-Мань эр өөрөө ч мэдэж байгаа даа. Өөрөөс нь л эхэлсэн. “Van­quish” хамтла­гийн­хантай “Гайгүй хүүхдүүд байна” гээд нөхөрлөе гэж бодсон, хийсэн. Тэр үед “Hood” гэж дуу хийсэн. Тэгэхэд Цэцээ буюу Цэцэнбилэг гэж хүн байгаагүй. Цэцэнбилэг гэж хүнийг тэгэхэд танихгүй байсан. Гэтэл гэв гэнэт нэг хүн гарч ирээд “Vanquish, Цэцээ, Gee чи зайл. Хашаандаа очиж банхраа хоолло. Юу хийгээд бай­гаа юм” гээд эхлэ­хээр нь би гайхаад “Vanguish”-ийнхнаас тухайн үед асууж байсан. Танай хамтлагт чинь Цэцэнбилэг гэж байдаг юм уу гэсэн чинь “Байдаг. Америкт амьдардаг юм” гэхээр нь “Энэ чинь намайг дуулаад байна ш дээ” гэсэн чинь “Өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Би тухайн үед тэгээд орхисон. Тиймэр­хүү насны саваагүйт­дэг хүүхэд байдаг шүү дээ. Саваагүйтэж л байгаа юм байлгүй дээ гээд хаячих­сан. Тэгсэн чинь мань эр бүтэн жил дуулсан ш дээ, намайг. Маш олон дуун дээр миний нэрийг хэлсэн байдаг. Би тэсээгүй, сүүл рүүгээ. Өт хүр­тэл биеэ хамгаалж хатгахаар хөдөлдөг. Сүүлдээ тэссэнгүй, тэвч­сэнгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. Намайг ингэж байгаа бол чи өөрөө ийм байна шүү. “Пүүз, пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуг­луулдаг мөн­гөөрөө ая хийлгээч ээ” гэж сайн санааны үүднээс зөвлө­гөө өгсөн. Түүний үнэт зүйл юу байсныг мэдэхгүй. Харин миний хувьд үзэл бодлоо хамгаалах байсан. Бас гэр хорооллынх гэдэг ялгавар үзлийг хүмүүсийн дунд бит­гий гаргаасай гэж хүссэн. Яагаад гэвэл бид адилхан монгол­чууд. Адилхан хүмүүс. Бид хэн нэгнээ өссөн орчин, үзэл бодлоор нь ялгаварлана гэдэг бол үнэхээр тэнэг асуу­дал байхгүй юу. Бид нар энд байгаа гадаадынхныг яаж ч чадахгүй байж хоорондоо маш их тэрсэлддэг. Тэрийгээ болих хэрэгтэй.

Би гэр хороололд өссөн. Над­тай адилхан гэр хороо­лолд өссөн өчнөөн залуусын эрхэнд нь энэ хүн бөгөөд түүний цаана байгаа сонсог­чид нь битгий халдаасай гэж боддог ш дээ.

Та дуунууддаа хараалэтгээд үг их оруулдагЭнэ нь эцэг эхчүүдийн зүгээсээ эсэр­гүүцэлтэй тулгардаг бол хүүхэдзалуусын хувьд өөр байх шиг байдаг юм?

-Тэр чинь ийм юм. Хип хоп дуунд зуун үг байлаа гэж бодъё. Зүгээр жишээ. Хип хоп дуунд бол үүнээс ч их үг ордог. Тэр зуун үгийн тав нь хараал байдаг. Тэгэхээр хүмүүс, ялангуяа эцэг эхчүүд нь хүүх­дүү­дээсээ сонсгол муутай байгаа байхгүй юу. Хүүхдүүд тэр таван үгийг хаяад 95 үгийг нь сонсоод утгыг нь ойлгож чадаад бай­на. Гэтэл эцэг эхчүүд 95 үгийг нь сонсохгүй таван үгийг нь сонсдог. Тэгэхээр тэр хүн тэгж бодохоос яахав.

Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш. Монголд бүгдээрээ л хараал хэлдэг. Надад энэ хараалыг хэн зааж өгсөн юм бэ. Миний орчин тойрон, нийгэм чинь зааж өгсөн. Тэгвэл энэ нийг­мийн зааж өгсөн хараалыг бид нийгмийн буруу зүйлийг хэлэхдээ буцаагаад өөрт нь хэлж байгаа юм. Түүнээс биш би хүүхдүүдэд муу юм заагаа­гүй. Бие биенээ хайрла, биенээ хайрлавал хүчтэй байж чадна гэдгийг сануулдаг. За яах вэ, би муу хүн. Хараал зааж байна гэж бодъё. Ингэх нь муу үзэл суртал юм байна л даа. Тэгэхээр зурагтаар дотуур хувцастайгаа дуулаад бай­гаа охид урлаг юм уу. Тэд нар зөв юм заагаад байгаа юм байна л даа, тэгж л ойлгоё доо.

Таны дуунд нэр нь хав­чуу­­лагдсан хүмүүсялан­гуяа улс­төрчдөөс дарамт үзүүлдэг үү?

-Тийм том хүмүүсийн зураг хөргийг нь оруулсан клип байхгүй. Үг хэлээрээ хэлсэн дуунууд байгаа. Хэн нь мэдэгдэхгүй хүмүүс л утас­даад байдаг юм.

Юу гэж утасдах уу?

-Ална л гэдэг. Амьд явж л байна. Үхтлээ үгээ хэлнэ.

-Gee гэдэг нэрээ тайл­бар­­лавал?

-Энэ чинь нэр биш хоч. Миний нэр бол Мөнх-Эрдэнэ. Найзууд маань намайг Gee гэж дууддаг байсан. Хоч маань явсаар нэр шиг болчи­хож.

Таныг Монгол реппер гэдэг билүү?

-“Монгол реппер” гэдэг дуунаас минь л болсон байх. Зүгээр л реппер. Монгол репперийг би үүсгэсэн юм биш шүү. Надаас өмнө 1995 онд “Дайн ба энх” хамтлаг Монгол репперийг үүсгэсэн. Би үргэлжлэлийнх нь өчүүхэн хэсэг.

Хип хопчид хоорондоо хэр эв найрамдалтайхол­боотой бай­даг юм бэ?

-Харьцаатай байлгүй яахав. “Дайн ба энх” манай “Click click boom” бүлэг хам­тар­сан дуун дээр ажиллаж байна. Байнга харилцаа­тай байдаг. Бид өмнө нь юм хийж байсан хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Яагаад гэвэл тэд­ний суурин дээр бид хөдөлж байгаа.

Гэтэл ингэдэггүй хүмүүс байдаг. Би шинээр юм гаргаж ирлээ. Би л, би л гэж юм бүхний анхдагч байх гэж үздэг. Монголд анхны юм гэж арай хэтэрлээ. Хүн болгон анхных гэнэ. Монголд анхны юм хийе гэвэл амархан. Би ийм нэг дуу хийж байна. “Хүн болгон Монголд анх­ных байх гэж ядаж байна. Тэгвэл би Монголд хамгийн анхны, хам­гийн урт нэртэй дуу хийчих­лээ” гэж байгаа юм.

Телевизийн шоунаас гарч ирж байгаа найман охинтой нэг хамтлаг байна аа. Ярьж байгааг нь сонс­лоо. “Бид бол Монголын анхны найман охинтой хамтлаг” гэсэн. Ёо, ёо. “Бид Монголын анхны бүжиг­лэдэг охид” гэж байгаа юм. Тэднээс өмнө хүмүүс яадаг байсан юм бэ. Ингэж арай болохгүй. Зарим нэг хүн өмнө нь хүмүүсийн нээчихсэн, хийчихсэн нэр томъёог нь хараа­хан өгөөгүй байсан урсгалыг нээгээд байна ш дээ. Тэд нар бол ичих л хэрэгтэй. Ичиг ичиг гэдэг шиг, тийм үү?

Та сэтгүүлч мэргэ­жил­тэйМэргэжлээрээ ажилла­сан уу?

-Радио, телевизийн дээд сур­гуу­лийг 2005 онд төгссөн. Мэргэж­лээрээ л ажиллаж байна гэж бод­дог ш дээ, уг нь.

Чи эх орондоо юм хийе гэж бодож байгаа бол өөрийн­­хөө амьдралаа хэ­нээс ч хараат бусаар аваад явчих. Тэр чинь чиний эх орондоо хийж байгаа хам­гийн том зүйл. Яагаад гэвэл татвараа төлнө. Чиний тат­вараар улс хөгжинө. Тэгээд чи улсаас буцаагаад татаас авахгүйгээр сайхан амьдар­чих гэж би зарим залуучууд, найзууддаа хэлдэг. Би ингэж боддог юм. Гэхдээ төлж бай­гаа татварыг нь дээрээс нь хусаад байвал хэцүү л дээ. Хэн нэг нь тэндээс нь гүзээ­лээд байвал хэцүү.

Та цаасан дээр үгээ буул­гаад уншигчдадаа хүргэж байна. Тэрэн­тэй адил би дуугаар үгээ сонсогч­додоо хүргэж байна. Таны бичсэн мэдээллийг хүн уншаад нэгийг ойлгоно. Миний дуу­нуу­даас миний сонсогч нэгийг ойлгож байгаа. Тэгэхээр нь энэ чинь сэтгүүлчийн ажил. Сэтгүүлчийн ажлыг янз бүрийн хэлбэрээр хийж бол­но. Ямарваа зүйлийг хайрц­ганд барих нь явцуу.

Таныг хэдий дуундаа этгээд үг ихээр хэрэглэдэг ч үзэл бод­лоо өөрийн гэсэн арга барилаар илэрхийлж байназоригтой бай­на гэж магтах хүмүүс байдаг юм билээ?

-Янз бүрийн насны янз бүрийн хүмүүсийн дунд надад дуртай нь ч байгаа, дургүй нь ч байгаа. Дүртай ч бай, дургүй ч бай бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Үзэн ядсан ч бай, хайрла­сан ч бай тэр хүмүүсийн хүчээр л би өдий зэрэгтэй яваа. Баярлалаа.

Урлагийн олон төрөл дун­даас хип хопыг сонгох болсон тань юутай холбоот­ой вэ?

-Болж байгаа бүх юм нөлөөл­­сөн. Гэхдээ гэр бүл биш. Гэр бүлээ энэ бүхэнд хутгамааргүй. Би гэр бүлдээ аль болох жаргалтай бай­хыг боддог. Айлын охиныг жар­гаана гэж авч суудаг биз дээ. Би эхнэрээ, охиноо жаргал­тай байл­гахын төлөө бухим­дал­тай асууд­лаа гэртээ очоод гаргахыг хүсдэг­гүй. Гаргахгүйг хичээдэг. Зарим­даа тэсдэггүй. Яах вэ, болох юм болд­гоороо болно биз. Ямар ч байсан өөрийнхөө бодож буй зарчмыг дагаад явбал болох байх.

Бид зүгээр энэ нийгмээ харъя л даа. Тэнгэрийн хаяа харагдахаа болилоо. Утаа­наас болж. Сайхан уудам талд тэнгэрийн хаяаг хараад гэдэг үгтэй шүлэг, яруу найраг байдаг биз дээ. Тийм шүлэг, яруу найргийг одооны хүүх­дүүд уншаад ойлгохгүй. Тэн­гэрийн хаяа гэж хаана байдаг юм бэ, тэр утааг хэлээд байна уу гэнэ. Уудамдаа биш утаа­наас болоод тэнгэрийн хаяа харагдахаа больсоон гэж. Асуудал зөндөө байна аа.

Таны олон фенээс “Gee эх орончМонголоо гэсэн сэтгэл­тэй” гэх үгийг сонс­сон юм байна?

-Монгол гэдэг бол оюун санаа­ны асуудал. Би хэдий Монголын реппер гэгддэг ч хэт туйлшрахыг хүсдэггүй. Монгол гэхээр л дээлээ өмсөх ёстой гэж хүмүүс ярьдаг. Надаас нэг сэтгүүлч “Та Мон­гол реппер гэчихээд яагаад зурагт хуудас дээр чинь бууны зураг байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэгээд нум сумны зураг тавих юм уу” гэж зөрүүлж асуусан.

Бид дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэж явах ёстой. Гэхдээ дээл гэдэг соёлыг мартаж болохгүй нь үнэн үү гэвэл үнэн. Мартаж болох­гүй боловч хэтрүүлж болохгүй. Бид өдөр тутамдаа өмсөхөө байг гэхэд цагаан сараар дээлээ өмсөх хэрэг­тэй. Надад нэг дээл бий. Тэр минь их гоё торгоор хийгээгүй ч энгийн нэг хөвөнтэй дээл. Тэрийгээ ца­гаан сараар өмсөнө. Наад­маар бас нэг дээл өмсчихдөг.

Зарим нэг санаа надад таалагд­даг. УИХ-ын гишүүд, эрхэм сайдууд гадаад руу явахдаа монгол дээлээ өмсч бай. Арабууд үндэсний хув­цас­тайгаа явж байдаг. Энэт­хэгчүүд сайри­тай­­гаа ирлээ. Монголчууд дээлтэйгээ явна гэдэг чинь боломжийн. Гэртээ ирээд солиод өмсчихнө биз. Үүнийг би дэмждэг. Харин хэтрүүлж бас болохгүй. Яагаад гэвэл энэ үе чинь орчин үе учраас.

Та одоо ямар томоохон уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би чинь угаасаа том юман дээр ажиллаж үзээгүй ш дээ. Яагаад гэвэл хийсэн юмнууд маань эргээд хара­хад жижигхэн байсан. Одоо бүлгээрээ “Click click boom”-ынх­наа цомгон дээр ажиллаж байна. Соло дуунуудаа түр хойшлуулчи­хаад байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

А.Гантулга: “Хамгийн сайхан нь” тоглолт бидний анхны том тайз. Маш их догдолж байна DNN.mn

“Опозит” хамтлаг есдүгээр сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хамгийн сайхан нь” нэртэйгээр бие даасан тоглолтоо хийхээр болсон.

Энэ талаар “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Удахгүй “Хамгийн сайхан нь” тоглолт болох гэж байна. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?

-Манай хамтлагийн гишүүн Г.Энэрэл бид хоёр тайзан дээр гараагүй удсан байна. Одоогоор тоглолтдоо бэлдээд завгүй л явж байна. Хамтлаг байгуулагдсанаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Тэр хооронд том тайзан дээр гарч байгаагүй. Бидний анхны том тайз байх. Мөн энэ тоглолт сүүлийнх ч байж магадгүй. Миний хувьд Америкт гэр бүлтэйгээ амьдардаг. Тэгээд тоглолт хийх саналыг хүлээж аваад Монголдоо ирсэн. Маш их догдолж байна. Зургадугаар сараас эхлээд тоглолт хийхээр яригдаж эхэлсэн. Энэ тоглолтыг хүлээж байсан фенүүдтэйгээ удахгүй уулзая. Энэ боломжийг олгосон ерөнхий найруулагч Ж.Энхжаргаландаа баярлалаа. Тоглолтоо хамгийн сайхнаар хийнэ.

-Зургадугаар сараас тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн гэлээ. Танай хамтлагийн бэлтгэл хэр байгаа вэ?

-Тоглолтод хуучны дуунуудаа дуулна. Долоо хоногийн өмнөөс Г.Энэрэлтэйгээ нийлж, дуугаа бэлдэж эхэлсэн. Бид хоёрын ганц тоодог зүйл амьдаараа тун давгүй дуулчихаад байдаг юм(инээв).

-Үзэгч фенүүддээ ямар шинэлэг зүйл бэлдсэн бэ?

-Тоглолтын ерөнхий найруулагч Ж.Энхжаргалантай анх уулзахдаа нэг зүйлийг гуйж байсан. Хамгийн хойно зогсож байгаа хүнд дууны дуугаралт адилхан сонсогдохоор тохируулж өгөөч гэсэн юм. Манай тоглолтын арын албаныхан өмнө нь болж байсан тоглолтууд дээр гаргасан жижиг алдааг хараад түүнийг нь засаад асуудал гаргагүйг хичээн анхаарч ажиллаж байгаа. Шууд дамжуулалтын гурван талд нэмэлт LED төлөвлөсөн.

-“Опозит” хамтлаг нэлээд хугацааны дараа эргэн нэгдэж тоглолтоо хийхээр боллоо. Цаашид хамтын уран бүтээлээ хийх үү?

-Цаашид уран бүтээл хийх бодол бий. Гэхдээ цаг хугацаа, зав хомс ч зайлшгүй дуу хийхээр бол хийнэ.

-Г.Энэрэлийн хувьд хувийн уран бүтээлээ хийгээд явж байсан. Таны хувьд энэ хугацаанд юу хийв?

-Г.Энэрэл урлагаа хөөгөөд явж байгаа нь маш гоё зүйл. Аливаа зүйлд тууштай байна гэдэг маш том чанар шүү дээ. Миний хувьд хамтлагаасаа хөндийрөөд гэр бүлтэй болсон. Одоогоор Америкт амьдарч байгаа. Г.Энэрэл бид хоёрын хувьд тоглолт хийх цаг хугацааны уулзвар дээр ирчихээд байна.

-Таны хувьд кино уран бүтээлд тоглох уу. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Одоо “Хамгийн сайхан нь” тоглолтоо хийх гэж байна. Анх 2014 онд найруулагч О.Батзоригийн бичиж, найруулсан “Хамгийн сайхан нь” кино хийгдэж байлаа. Тэрхүү кино болон киноны дуу нь олонд хүрсэн учраас киноныхоо нэрээр тоглолтоо нэрлэсэн. Мөн “Хамгийн сайхан нь 2” кино удахгүй гарахаар ажиллаж байна. Тоглолт, кино уран бүтээлүүд дууссаны дараа нэг ангитай кинонд тоглож магадгүй.

-Тоглолтод сүүлд гаргасан “TOXYO“-с өөр шинэ дуу дуулагдах уу?
-Энэ долоо хоногтоо амжвал шинэ клип гаргахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө дуугаа бэлдчихсэн зураг авалтаа хүлээж байна даа.


Г.Энэрэл: Үзэгчид бидний дууг дагаж дуулаасай гэж хүсэж байна

“Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл “Бид дараа жил нэг жилийнхээ ойг тэмдэглэх болно. Манай хамтлаг одоо шинэ өнгө төрхтэйгөөр шинээр байгуулагдаж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа “TOXYO” нэртэй тоглолтоо хийхийг үгүйсгэхгүй. Энэхүү тоглолтод 30 дуу дуулагдана. Үзэгчид дууг дагаж дуулаасай гэж хүсэж байна” гэлээ.

Categories
соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

С.Удвал: Дэлхийн алдартай контент бүтээгчийн видеоны нэг хэсэг нь Монгол байвал маш том реклам болно шүү дээ DNN.mn

Фитнес модель С.Удвалтай ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг С.Удвал гэдэг. Фитнесийн тамирчин.

-Хэдэн жил фитнесээр хичээллэж байгаа вэ?

-Фитнесээр хичээллээд таван жил болж байна. Би өөрийгөө айхавтар том тамирчин гэж бодохгүй байгаа. Одоо зүгээр л фитнесчин. Анх маш туранхай, шим тэжээлийн дутагдалтай, чихрээр л хооллодог буруу хэвшилтэй байсан. Тиймээс л өөрчлөгдөхөөр шийдэж энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Сүүлийн өдрүүдэд таны дэлхийн контент бүтээгч Nussier Yassin-тай авахуулсан зураг сошиалд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч. Яг юу болсон юм бэ?

-Nussier Yassin-ыг Монголд ирсэн байгааг харсан ч уулзаад хамтарч бичлэгт нь орно гэж төсөөлөөгүй. Нэг өдөр найз маань “Бид хөдөө ногоон зүлгэн дээр хөнгөн кардио дасгал хийж байгаагаар бичлэг хийх гэж байна.

Чамаас өөр хүн сайн мэдэхгүй байна. Зөвшөөрвөл өглөө эрт явъя” гэж санал тавьсан юм. Би итгэж чадаагүй баярлаад үсэрч, дэвхэцсэн. Маш их баярласан болохоор шууд л зөвшөөрсөн. Тэгээд өглөө 06:15-д хотоос хөдөлсөн. Очих ёстой газартаа 7:00 цаг өнгөрч байхад очсон. Хотоос очингуутаа л бичлэгээ хийж эхэлсэн.

Өглөөний дасгал болохоор бүгд эрч хүчтэй үнэхээр гоё байсан. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг юутай ч зүйрлэмээргүй. Nussier Yassin-ыг хажуугаас нь хараад ямар эмх цэгцтэй яриатай, төлөвлөгөөтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч юм бэ гээд л шүтэн биширдэг хүний хувьд маш их хүндэлсэн.

Энэ гайхалтай хүн Монголыг маань сурталчилж өгч байхад би бас хичээх хэрэгтэй шүү дээ. Бид 9:00 цаг өнгөрөөд бичлэгээ дуусгасан. Тэнд байсан хүмүүс өмнө нь танил байсан юм шиг л маш гоё уур амьсгалтай байсан.

Би ер нь сэтгэл хөөрөл ихтэй, үсэрч дэвхэцсэн, жаахан эршүүд охин л доо. Тэгээд гүйж очиж зургаа хамт даруулсан. Миний хувьд контент хийх хүсэлтэй явдаг болохоор зөндөө зүйлийг нь харж үлгэр дууриаллал авсан. Зургаа авахуулаад баярласандаа юу ч бодолгүй инстаграм, пэйждээ оруулчихсан.

-Тухайн үеийн процессыг ойлгоогүй иргэд цахимаар нэлээд шуугьсан. Энэ сөрөг хандлага танд хэрхэн нөлөөлөв?

-Мэдээж хэрэг эерэг сэтгэгдэл хүлээж байсан. Гэхдээ зургийнхаа тайлбар дээр алдаа гаргасан байна лээ. Сэтгэл хөөрлөөр юу бичсэнээ ч мэдэхгүй, зургаа оруулчихаад орхичихсон. Бид 11:00 цагийн үед хотод өглөөний цай ууцгаасан. Тэгээд л утсаа нээсэн чинь намайг үгийн муугаар хэлээд элдэвлээд шэйрлэсэн байсан.

Тухайн үед гайгүй байсан ч бүр ийм муугаар яригдана гэж бодоогүй. Тэр олон сая дагагчтай, нөлөөлөгч хүнийг Монголд танихгүй хүн олон юм байна лээ. 2-3 цагийн дараа фэйсбүүктээ ороход мэдээний сайтууд намайг харлуулж бичээд “сэвсэн” байсан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгэгдэж, үзэн ядагдах үнэхээр хэцүү юм байна. Өмнө нь ийм байдалд орсон хүмүүсийг ойлгодоггүй байсандаа гэмшсэн. Гэхдээ энэ бүхний дараа бусдыг арай илүү хайрлаж, ойлгох юм шиг санагдсан.

-Таны оролцсон энэхүү контент Монголын аялал жуулчлал, тэр тусмаа Монгол Улсыг олон улсад таниулах чухал контент болно гэсэн хүлээлт байгаа шүү дээ. Контентын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Nussier Yassin Монголын онцлогийг харуулсан богино хэмжээний блог хийж байгаа юм билээ.

Би зүгээр л тэр жижигхэн хэсэгт нь оролцсон. Гэсэн ч маш их баяртай байгаа. Очих газар олон байсан ч Монгол Улсыг сонгоод ирсэн. Үнэхээр азтай. Юүтүбдээ 12 сая, фэйсбүүктээ 22 сая, инстаграмдаа 4,5 сая дагагчтай хүний видеонд Монгол нэг хэсэг нь байвал маш том реклам болно шүү дээ.

-Таны хувьд бие дааж контент бүтээх хүсэлтэй гэсэн. Сошиалд ч нэлээд нөлөөтэй. Ер нь залууст ямар зүйлийг илүү ойлгуулахыг хүсдэг вэ?

-Дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэх талаас нь залууст нөлөөлөхийг хүсдэг. Тиймээс л хичээдэг.

-Залууст хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Хүн ер нь сэтгэлийн амьтан юм байна. Нэг л их өөртөө итгэлтэй байсан хүн ганцхан цагийн дотор сэтгэл санаа шалаар нэг болчихсон. Үүнээс гадна их зүйлийг ухаарлаа. Гэхдээ маш олон эерэг хүмүүс надад сэтгэлийн үгсээ хэлсэн байсан. Сайн хүмүүс нь муугаасаа олон юм байна лээ. Баярлалаа тэр бүхэнд.

 

У.АНХЦЭЦЭГ

 

Categories
нийгэм соёл-урлаг цаг-үе

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 18-нд эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрханы бэл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулах гэж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заажээ.

Ийнхүү олон улсын өмнө хүлээсэн чиг үүргийн дагуу 2018 онд Улаанбаатар хотын Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол – 2018” соёлын биет бус өвийн их наадмыг ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагч, 2022 онд соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 23 угсаатан 1283 өвлөн уламжлагчийг хамруулан зохион байгуулсан билээ.

Харин энэ удаа Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү наадмыг олон улсын шинж чанартайгаар зохион зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү фестиваль нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, өөрийн орны онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох зорилт тавьсан ажээ.

Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн баялаг байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой юм.

“Нүүдэлчин” фестивалийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, спортын үзүүлбэр, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ болох юм.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдын отог, гадаадын 10 гаруй улс орны зочид төлөөлөгчид, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцох юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Трио” кино Италийн “Religion Today Film Festival”-д сонгогджээ DNN.mn

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны кино 14 дэх навчаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн “Religion Today Film Festival”-д албан ёсоор сонгогджээ. Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх навчаа хүлээн аваад байна.

“Трио” уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.

“Трио” Монголын уран сайхны киноны шагналууд:

•Тайландын олон улсын кино наадмын “Шилдэг кино”

•АНУ-ын “Палм спрингс” олон улсын кино наадмын “Шилдэг зураглаач” шагнал

•Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг продюсер” шагнал

•Канадын Монтреалын олон улсын кино наадмын “Шилдэг найруулагч” шагнал

•Польш улс дэлхийн “А”зэрэглэлийн Варшав 38 олон улсын кино наадмын”Үзэгчдийн таашаалд нийцсэн кино”

•Эстони улс мөн л дэлхийн “А” зэрэглэл Таллины хар шөнө 26 олон улсын кино наадмын “Best of fest” шагнал хүртсэн билээ.