Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Дэндэвийн Амгаа: “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан DNN.mn

Холоос харахад жанжин асар

Хондлой зоо нь уулын цар

Хэзээ ч гүндүүгүй монгол эр

Хэрж зогссон орооны буур хэмээн Тангадын Галсан нэгэнтээ Монгол Улсын заан, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Өрлүүд овгийн Дэндэвийн Амгаад зориулж шүлэглэсэн байдаг. Дэндэвийн Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан юм. Улсын Цогт-Идэр, хичээнгүй нягт, үнэн хүчит, өрнөн дэлгэрэх, өсөн нэмэх, улам нэмэх, үлэмж бадрах, бат нягт заан Дэндэвийн Амгаатай ярилцсанаа хүргэе.


-Таны төрсөн нутаг Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ой саяхан тохиолоо. Та сайхан наадсан уу?

-Сайхаан, сайхан наадлаа. Энэ жил манай сумын түүхт 100 жилийн ой боллоо. Нар хур тэгширсэн, газрын гарц сайтай цагт наадам их сайхан болж, ард түмний сэтгэл их өндөр байна.

-Их ойн наадамдаа хэчнээн хурдан хүлгээ сойсон бэ. Та хэд дэх жилдээ морь уяж байна вэ?

-Хоёр насны морь уясан. Азарга найм, есөөр давхилаа. Сумаасаа уралдсан азарганууд дотроо эхний гуравт нь орсон. Хязаалан үрээ нь дундуур давхилаа. Миний хувьд багадаа хурдан морь унаж байсан. Сүүлдээ сургуульд сурах болон хот руу барилдах гэж яваад морь уялгүй хэсэг завсарласан. Би 2000 оноос хойш морь уяж байна. Нэлээд хэдэн бүсийн болон янз янзын том, жижиг наадмуудаас олон айраг түрүү авч байсан. Би аймгийн алдарт уяач цолтой.

-Та ажлынхаа гарааг тээврийн жолоочоор эхэлжээ. Бөхийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүний амьдрал дэндүү богинохон юм. Би одоо 70 гаруй настай болж байна. Амьдралынхаа чамгүй хугацааг буюу 60-аад жилийг хөдөлмөрлөж өнгөрүүлжээ гэж боддог. Би арваа төгсөөд анх тээврийн жолооч болсон. 18 насандаа цэрэгт явах ёстой байсан ч намайг нэгдэлд жолоочоор үлдээж байсан л даа. Хэрэв би 18 насандаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт очсон бол нэгдэлд тэрэг барихын оронд арай эрт бөхийн бэлтгэлээ хийж эхлэх байсан байх. Би таван жил нэгдлийн жолооч хийсэн. Тиймдээ ч би үеийнхнээсээ арай хожуу бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ид юм сурдаг насаа тээврийн жолооч хийж өнгөрөөсөндөө жаахан харамсдаг. Энэ хугацаанд спортоо хөөсөн бол илүү амжилт гаргах байсан болов уу гэж бодогддог.

Намайг бөхийн спортод оруулсан хүн тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гэж бөхөд их элэгтэй хүн байлаа. Намайг аймаг дээр барилдаж байхад дуудаж уулзаж байсан. “Чи хотод очиж бэлтгэл сургууль хийсэн нь дээр байх аа” гэж надад зөвлөсөн. Мөн “Үнэн” сонинд “Булган аймгийн Дашинчилэн суманд бөх болох сайн хүү байна”, Улсын шигшээ багт хот руу татъя гэдэг санаагаар П.Даваасамбуу гуай миний тухай бичсэн байдаг. Тэр үеийн “Үнэн” сонинд бичигдэнэ гэдэг ховор зүйл төдийгүй нэр хүндийн хэрэг байлаа. Манай сумын Намын дарга тэр үед н.Лувсанчоймбол гуай байсан. “Улсын шигшээ багийн тамирчнаар чамайг хот руу явуулах боллоо” гээд миний бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр би хотод ирж, энэ их бөхийн спортоор хичээллэх зам мөр маань нээгдсэн.

-Та Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн бөх. Монгол улсын заан цолыг хүртэж байсан үеэ дурсвал?

-Би 1972, 1973 онд сумандаа хоёр түрүүлсэн юм. Дараа жил нь Улсын наадамд барилдаж, гурав давснаар том цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм гэсэн урам орсон л доо. Би 1975 онд улсын баяр наадамд 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. Миний хувьд хоёр жил улсад барилдаад улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. 1981 онд Улсын аварга шалгаруулах барилдаан гэж болсон. Тэр барилдаанд би түрүүлж, улсын заан цол авсан. Тэр жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байв. Зун нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарсан юм. Бэлтгэл ч сайн хангагдсан. УАШТ-ээс заан цол хүртсэн болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байлаа. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн. Би дараа жил нь улсын наадамд шөвгийн дөрөвт үлдэж, заан цолоо баталсан.

-Мөн тань шиг улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн бөх хэр олон бэ?

-Би самбо, жүдогийн улсын 10 удаагийн аварга, үндэсний бөхөөр 10 удаа улсад шөвгөрсөн заан. Манай бөх дотор улсад 10 удаа шөвгөрсөн заан Д.Долгорсүрэн, Ц.Мягмарсүрэн, З.Дүвчин, би гээд дөрөв, тавхан хүн бий. Үндэсний бөхөөр барилдсан баярын бичгүүдээ харахад 60-аад түрүүлсэн, үзүүрлэсэн 50 гаруй гэхээр 120-иод шахуу улсын болоод том, жижиг наадамд үзүүр, түрүүнд барилджээ.

Би Улсын шигшээ багт байхдаа ХААИС-д эчнээгээр суралцсан. Дараа нь МУБИС-ийг дасгалжуулагч багшаар төгссөн. Улсын шигшээ багт 1975 оноос 1990 он хүртэл 15 жил тасралтгүй хичээллэсэн. Дараа нь ХААИС-даа дасгалжуулагч багшаар арваад жил ажилласан юм. Энэ бүхнийг минь төр засгаас үнэлж, гавьяат тамирчин гэх эрхэм цолыг надад өгсөнд баярладаг.

-Таны нутгаас улсын цолтой бөх хэр олон төрсөн байдаг вэ?

-Манай нутгаас төрсөн улсын цолтой бөх цөөхөн бий. Б.Товуу заан, Д.Раднаабазар, Д.Галдандагва, С.Ганхуяг гэсэн гурван начин гээд бид тав байна. Аймгийн цолтой бөх гэвэл Очиржав, Чөөдөг, Лхагвасүрэн арслан гээд зөндөө бий.

-Та 1980 оны олимпод улсаа төлөөлөн жүдо бөхөөр оролцож байсан түүхтэй. Энэ жилийн “Парис-2024” зуны XXXIII олимпод жүдо бөхөөр Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Тамирчин хүн бүр олимпод эх орноо төлөөлөн оролцох их хүсэл өвөртөлж явдаг болов уу?

-Ядаж олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөлгүй яахав. Олимпийн медаль гэдэг маш том зүйл. Олимп бол дэлхийн том тэмцээн юм. Би олон улсын том тэмцээнд оролцож, түрүүлдэг л байсан. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин УГТ З.Ойдов, Монгол Улсын Ардын багш, дасгалжуулагч З.Дүвчин, Зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнх, Ц.Сэрээтэр, Д.Цэнд-Аюуш заан, МУГТ Цэндийн Дамдин, миний бие гээд бүрэн бүрэлдэхүүнтэй баг олимпод явж байлаа. Олимп ойрхон, Москвад болсон болоод ч тэр үү бокс, чөлөөт, хөнгөн гээд бүх л төрөлд нэлээд олуулаа оролцсон.Тухайн үедээ би олимпод өөдтэй барилдаж чадаагүй.Тус олимпоос чөлөөт болон жүдо бөхийн тамирчид болох Ж.Даваажав, Ц.Дамдин нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай хоёр хүрэл медаль хүртэж байсан.

Энэ жилийн Парист болж буй олимпоос Б.Баасанхүү гэж тэр жаахан годгор охин мөнгөн медаль аваад монголчуудыг хэчнээн их огшоож, баярлуулав. Б.Баасанхүүг хараад миний нүдний нулимс гарч байлаа. Эрэмгий байна. Олимпийн аварга болох дөхлөө.

-Сүүлийн үед бөхийн жудаг гэж хүмүүс их ярих боллоо. Энэ жилийн баяр наадмаар дархан аварга төрлөө. Иргэд дархан аваргадаа их шүүмжлэлтэй хандах шиг болсон. Таны М.Мөнгөн арслантай барилдаж байсан үетэй адил төстэй ч юм шиг.

-Би улсын наадамд 1982 онд шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Х.Баянмөнх аварга Долгорсүрэн зааныг амлаад, би М.Мөнгөн арслантай тунасан юм. Бид хоёр өмнө нь их л барилддаг, гэмгүй л байсан. Тэр үед удаан ч барилдлаа. Баруун золгоод шуудагдаад, засуул барилд гээд яг би барьцаа аваад хаях гэсэн чинь М.Мөнгөн барьцаа тавьчихсан юм. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Намайг засч байсан н.Пүрэвсүрэн гэж хүн байлаа. “Намайг тэр чигтээ яваад хаяна биз дээ. Яах гэж барьцаа тавьж байгаа юм, хүний барьц тавих ямар хамаа байна. Бид барьцаа тавь гэж хэлээгүй байхад” гээд намайг загнаж байсан. Ахиж бид барилдаад би унасан юм. Би дараа нь М.Мөнгөнд хэлсэн л дээ. “Засуул барьцаа тавь гээгүй байхад яагаад барьцаа тавьсан юм. Би чамайг хаячихаад явчихвал яах юм” гэхэд М.Мөнгөн “Би хаашдаа унах юм байна. Барьцаа тавиад үзье гэж бодсон. Намайг барьцаа тавихад Д.Амгаа арай ч хаячихгүй байлгүй гээд хүн чанарт чинь найдсан юм. Эр хүний замын хүзүү урт, найздаа баярладаг шүү” гэж хэлж байсан.

Энэ жилийн улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан арай өөр л дөө. Н.Батсуурь аваргын хувьд Б.Орхонбаяр арсланг барьцаа тавихад л хавирч байгаа юм. Эцсийн эцэст хүнд юу үлдэхэв гэхээр хэн байсан бэ, ямар чанартай хүн байв гэдэг л үлдэнэ. Бусад нь юу ч үлдэхгүй. Манай дээхнэ үеийн бөхчүүд чинь их сайхан чанартай. Хоёулаа зэрэг уналаа гэхэд чи давсан, чи дэв гэж бие биендээ хэлдэг байлаа. Одоо бол хоёулаа дэвж давхиад л байна. Хүн амжилт, нэр алдрын төлөө явж болно. Гэхдээ хүн чанарыг түүний дараа тавьж болохгүй гэж санадаг. Дархан аварга гэдэг үндэсний бөхийн хамгийн том цол. Үүнийг авахын тулд тэр хүн хамаг л юмаа гаргаж байгаа юм. Зуун хувь буруутгах аргагүй юм. Гэхдээ л жудаг гэдэг юмыг бодох л ёстой.

Монгол бөхийн хөгжил сайхан явагдаж байна. Бөхчүүд бие биенээ хүндэлж, хоорондоо маргадаггүй, үнэнч шударгаар барилддаг байх ёстой. Даваа, унаан дээр маргадаггүй сайхан бөхчүүд зөндөө бий. Манай И.Доржсамбуу гарьд мундаг сайхан жудагтай бөх. “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан ч хэлдэг байсан. Зориудаар юмыг яаж мэдэхэв гэж маргаан үүсгээд байгаа болохоос биш. Ер нь хүн унасан, хаяснаа мэддэг юм шүү дээ.

-“Гарьд магнай” кинонд та дүр бүтээхээс гадна өөр кинонд ч тоглосон байдаг. Кинонд дүр бүтээх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд намайг сонгосон. “Гарьд магнай” киноны Дэлэг зааны дүрд тоглосон. Туслах дүр л дээ. Мөн үзэгчид гайгүй мэдэх нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүр юм. Түүнчлэн“Морин хуурын домог” киноны Хөхөө намжилын дүр байна. Тэр үед “Хөхөө Намжил”-д тоглох нэг хүн хэрэгтэй байна гээд л бөхчүүдийг жагсааж байгаад л энэ хүнийг тоглуулъя гэж намайг сонгож байсан. Би 20 гаруй настай ч байсан. Энэ гурван дүрээс хамгийн хэцүү нь “хулгар” Нацагийн дүр. Тус кинонд “хулгар” Нацаг нь гол дүр бөгөөд бяр чадал ихтэй бөх байсан.

-Ээж тань таныг бүх зүйлд сургасан гэдэг. Зодог, шуудгаа хүртэл өөрөө оёод өмсчихдөг байсан гэж сонссон?

-Жилдээ л нэг далбаа урагддаг тул би улсын наадмын бэлтгэлд гарахдаа нэг далбаа эсгээд гардаг байсан. Миний ээж яасан ч ухаантай хүн байсан юм бэ дээ гэж би одоо боддог. Ээж минь “Би хүүгээ миний отгон хүү гээд эрхлүүлээд байвал бололгүй яахав. Ээж нь дандаа цуг байх биш дээ. Сайн яваасай гэсэндээ жаахан чангахан хандаж ирсэн. Хайртай морио хазаартай нь усалж сурга гэдэг юм” гэж хэлж байсан. Намайг жаахан байхад өглөө эрт босгоно, үнээ ивэлгүүлж, саалгадаг байлаа. Ээжтэйгээ хоёулаа хөдөө байхад дээл оёулж, ширдэг ширүүлэх зэргээр юм бүхнийг хийлгэдэг. “Ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг голохгүй” гэж ээж минь их захидаг байсан.

“Мал ядрахаараа усаа, хүн ядрахаараа нутгаа” гэдэг шиг нутгаа бараадаж, гэхдээ зүгээр суусангүй. Нутагтаа ирээд “Үржил” станц гээд балгас болсон газрыг би өөд нь татаж, “Заан” цогцолбор гэж газар байгуулаад ажиллуулаад явж байна.

-Таны хүү А.Өнөболд сумод барилдаж байгаад зодог тайлсан. Таны ач, зээ нараас бөхийн спортоор хичээллэж байгаа хүн бий юу?

-Хүү маань сумодоо барилдаж байхдаа гэмтэл аваад барилдахаа больсон. Миний хүү 10 гаруй жил сумогоор барилдсан. Миний охин МУГЖ Д.Ширмэнтуяагийн нэг хүү мэргэжлийн сумод барилдахаар бэлтгэл хийж байгаа.

-Бөхийн спортоор хичээллэж буй залуустаа та юу гэж захих вэ?

-Дээхнэ үед самбо, жүдогоор барилддаг хүн үндэсний бөхөөрөө ч бэлтгэл хийдэг байлаа. Чөлөөт, жүдо хоёр л холилдож бэлтгэл хийж болдоггүй талтай. Чөлөөт нүцгэн, жүдо нь хувцастай барилддаг гээд барьцтай, барьцгүй барилдахад стиль нь өөр юм. Сургалт нь ч өөр болж ирнэ. Үндэсний бөх бусад барилдаануудын суурь нь болж өгдөг. Барилдах гэдэг залуу насных юм.

Тамирчин хүн нэг удаа бэлтгэл хийхэд доод тал нь хоёр килограмм хөлс гардаг. Тамирчдыг бэлтгэл хийхийн өмнө, хойно жинлэдэг. Олон жилийн хөлс хөдөлмөр хэдэн тонн болох бол доо гэж би боддог.

Бэлтгэлээ сайн хий. Бяр чадал гэдэг чинь хүний юмыг хэрэглэж байгаад өгсөн юм шиг гэнэт л алга болдог. Чадалтай байх үедээ хүнд бууж өгөлгүй, шударгаар цолоо авахын төлөө тууштай барилдаарай гэж захья.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

МЗЭ-ийн шагналт Д.Хүдэрмөнх: Миний багш чинь алдарт “Хүрэн морь”-ны Чойжилжавын Лхамсүрэн юм DNN.mn

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Хүдэрмөнхтэй ярилцлаа.


-Та утга зохиолд хэзээ хөл тавьсан бэ. Таны багш, мөн утга зохиолд дурлуулсан хүн гэвэл хэн байна?

-Байна аа байна, байлгүй яахав. Миний багш төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн. Алдарт “Хүрэн морь”-ны Лхамсүрэн. Харин намайг утга зохиолд хөтөлж оруулсан хүн гэвэл Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн хэмээх хоёр их найрагч. Ийм л хүмүүсийн ачаар би утга зохиолд хөл тавьж, оюуны их мастеруудын дунд орж ирж, өөрийн гэх өргөө гэрийнхээ буурийг тамгалж чадсан гэж боддог. Энэ хүмүүс намайг таньж, татаж авсан. 1974 онд Лхамсүрэн багш Дорнодод очлоо. Тэгэхэд би Дорнодын цахилгаан станцад нягтлан, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга байлаа. Аймгийн намын хороон дээр Лхамсүрэн багш очоод энэ зохиолчдын нэгдлийн дарга гэж ямар хүүхэд байна, тэр хүүтэй уулзъя гэж хэлсэн байгаа юм. Ер нь бол Баянхонгорын нэг залуу байгаа гэдгийг улс амьтны амнаас мэдчихсэн байсан юм билээ. Ингээд манайд очсон. Манайд байж байгаад Матадын сумын нэгдлийн ойд уригдсан юм. Үндсэндээ Дорнодод нэг сар болсон. Энэ хугацаанд л тэр аварга зохиолчтой би ойртож танилцах, “юм”-ыг зөөж өгөх ийм боломж тохиож байгаа юм чинь. Ганц нэг юм ойртуулж өгнө үү гэхээс тэр том зохиолчтой чинь зиндаархаж ярьж хөөрнө гэж байхгүй байлаа даа. Жудаг журамтай, ахас ихсээсээ айж, хүндэтгэдэг байж дээ.

Багш маань манайд гурилтай шөл идээд л мөн хээ шаагүй хүн байсан. Би шүлгээ уншина. Тэр үед яах вэ бас залуу ч байж, амихандаа цагаан шүлэг бичихгүй юм, арай өөр юм бичих юм шүү гэж үздэг байсан. Янз бүрийн дүрслэлтэй юмнууд бичнэ. Лхамсүрэн багш “За наадах чинь болж байна, чамд юм байна шүү, хүүхээ” гэнэ. Би нягтлангийн ажил албатай ч юм бичихийн хүслэнд автсан хүн чинь аймгийнхаа сонинд их юм бичдэг, Дорнодын сониныг бараг эзлээд авчихсан байсан. Сонинд юм бичнэ гэдэг шүлэг найраг оролдож байгаа хүнд маш том сургууль болдог. Их цэгцэрч өгдгийг би өөрөөрөө мэдэрсэн хүн. Сонины хадаас мэдээ сайн хийгээд байхад шүлэг аяндаа сайжраад ирдэг, арга байхгүй холбоотой эд.

-Дорнодын утга зохиолын нэгдлийг та олон жил удирдсан, тэрхүү он жилүүдээ дурсахгүй юу. Цэндийн Дамдинсүрэн гуай, дараахан нь Далантайн Тарваа гуай, Санжмятавын Дашдэндэв гуай гээд луугарууд Дорнодоос төрсөн?

-Миний үе чинь 1972-1982 он хүртэлх юм. Үндсэндээ наян хоёр онд санхүүгийн сургуульд суралцахаар хүрээд ирсэн. Миний үеийнхэн, аймгийн утга зохиолын нэгдлийн нөхөд минь гэхээр Дандарын Эльбрус байна. Кино үйлдвэрт байсан, мөн “Дөл” сонинд байлаа. Манай нэгдлийн гишүүн. Чойбалсанд тоглоод байдаг Амар гэж жүжигчин, дуурийн дуучин байна. Бас их шүлэг бичнэ, түүндээ өөрөө хөгжим хийгээд дуулна. Сайханбаяр гээд сүүлд “Утга зохиол” сонинд гэрэл зурагчин байсан тэр хэд минь манай гишүүд. Сүхбаатарын Ш.Долгорлхям байна. “Хос мөр” гээд номтой, бас манайд байсан. Гэлэнхүү гээд аймгийн үйлдвэрчний хороонд эвлэлийн дарга байсан. Сүүл үеийнхнээс миний шавь, соёлын гавьяат нэртэй орчуулагч Ж.Нэргүй байна. Монголын үндэсний телевизийн спортын сэтгүүлч Д.Батжаргал байна. Яруу найрагч Д.Ган-Очир байна. Энэ хоёр бол миний шавь сурагчид. Энэ хэд маань өнөөдөр нас нь тавь руу дөхчихөөд л байна, тэгэхээр би бол яалт ч үгүй эртний хүн болох гээд байна.

-Хүдэрмөнх ах, Та Нямсүрэнгээ их сайхан ярьдаг даа. Нямсүрэнтэйгээ манаргаж явснаа яриач?

-Нямсүрэн далаад оны эхээр Дорнодод очсон юм. Төрсөн ах нь Данзангийн Батсүх Эрээнцав өртөөний дарга байсан. Дүүгээ татаад авсан байхгүй юу. Дорнодын төмөр замд нягтлан байхад Нямсүрэн гэж намхан шар залуу намайг эрж сураад, хүн амьтнаас асуугаад анх ирж байсан. Өөрийгөө Эрээнцав өртөөний хүн гэж танилцуулж байж билээ. Намайг аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч гэдгийг мэдээд уулзах гэж ирсэн нь тэр юм билээ. Би бол мундаг найрагч гэж ч мэдэхгүй, мөнгө цаасны ажилтай Эрээнцаваас явж байгаа юм байна гэж бодоод жаахан дөлсхийж уулзсаныг яана. Ингэж анх танилцаж байсан. Тэр чинь далан хоёр байна уу, далан гурван он байна уу. Нямсүрэн минь ингэж над дээр анх ирж байсан бол сүүлдээ би чинь Эрээнцав руу, Нямсүрэн рүүгээ өөрөө явдаг болсон. Вагонд суугаад л очно. Нямсүрэн хэдийд ч хүлээж л сууна. Манайх аймгийн төвд шинэ байранд байхад мань хүн Эрээнцаваасаа хүрээд ирнэ. Нямсүрэнг маллана гэдэг амаргүй. Ажилдаа явчихаад ирье, чи байж байна шүү гэж захиж үлдээгээд ажлаасаа ирэхэд байхгүй байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Зохиолч залуучуудтайгаа дарвиад алга болно. Тэр үед Ж.Нэргүй Ус сувгийн ерөнхий инженер байсан, тэр хэдээс баривчилж авна даа. Ингэж л бид хоёр Эрээнцав, Дорнодын хооронд хоёр биен рүүгээ хориод жил явсан юм. Олон сайхан шүлгээ тэнд бичиж, тэр нутгийг алдаршуулж, өөрөө ч тэр нутагтаа амь сэтгэлээ өгсөн юм. “Хаврын урсгал” ном нь гарахад хоёулаа ярилцаж байгаад Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчаар редакторлуулж байлаа.

-Та түрүүн хэллээ, намайг утга зохиолд хөтөлсөн хүмүүс бол Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн гэж…?

-Пүрэвсүрэн намайг Баянхонгорын 10 жилийн сургуульд 5 дугаар ангийн сурагч байхад 10 дугаар анги төгсөж байсан. Манай дугуйлангийн дарга хүүхдийн зохиолч Р.Ядмаа гэж хүн байсан. Олон роман тууж бичсэн, орос хэл заадаг лут хүн байлаа. Пүрэвсүрэн 10 дугаар ангийн сурагч байхдаа манай сургуулийн утга зохиолын бүлгэмийн дарга. Сурагч байхын бие биенээ мэддэг маань ийм учиртай. Би Пүрэвсүрэнгээ багшаа гэж хүндэтгэнэ. Пүүжээ багш минь намайг Сүрэнжав найрагчтай танилцуулсан. Үндсэндээ найздаа намайг аваачиж өгсөн байхгүй юу. Зохиолчдын амьдрал үзүүлнэ гээд малчид руу явуулдаг. Пүрэвсүрэн Чойбалсан сумын малчинтай ойр байж, малчныдаа очно. Уран бүтээлийн ажлаа хийдэг байсан. Хүний хувьд их сайхан хүн байсан. Ноён нуруутай нэг сайхан хүн аваад ирээч гэвэл яалт ч үгүй Пүүжээг л аваад очно. Эрүүлдээ, согтуудаа нэг л зангаараа ийм л бодь амгалан хүн. Пүрэвсүрэн, Сүрэнжав хоёр огт салахгүй, дандаа цуг явна, ерөнхийдөө халамцуухан явна, их зовлонтой. Хотод Пүүжээгийнхээрээ их очсон. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр ирнэ. Би Дорнодоос ирнэ. Бид хоёр нэг нэг шөлний юм чирээд багшийндаа очно доо. Батбаяр бид хоёр чинь Зохиолчдын эвлэлд хамт элсэж байсан юм. Би чинь бүр сүүлд 1992 онд Зохиолчдын хорооныхоо босгыг алхсан хүн. Дүгэржавын Маам дарга байлаа.Бавуугийн Лхагвасүрэн орлогч байлуу даа. Эрх мэдлийн хүн байсан юмдаг. Цэндийн Чимиддоржийн багш Дундговийн Гүндсамбуугийн Төмөр гуай бид хамт элссэн юмдаг.

Тэгэхэд Сүрэнжав депутат байсан. Хурлын завсарлагаанаар ирж баяр хүргэж байсан. Сүрэнжавтай анх Дорнодод Халх голын ялалтын 40 жилийн ойгоор “Ерэн баатрын дууль”-аа уншиж байхад нь танилцаж байлаа. “Ерэн баатрын дууль”-ийг анх найрагчаас өөрөөс нь сонсчихоод энэ дууль шиг дууль бичнэ гэж бодож байлаа даа. 40 жилийн ойгоор Д.Урианхай, дипломатч Дамдины Бямбаа гуай энэ хэд очиж байсан юм. Сүрэнжав 40 жилийн ойн тухай радио нэвтрүүлэг хийсэн. Аймгаас намайг хамт хий гэж хэлсэн. 40 жилийн баяр эхлэхэд бидний бэлдсэн нэвтрүүлэг Улаанбаатараас Монголын радиогоор нэвтэрч байсан. Ингэж уран бүтээлийн нөхөд болсон. Дорнодын утга зохиолын нэгдлийн дарга байхад Сүрэнжав энд яруу найргийн зөвлөлийн даргын том албатай байсан, үндсэндээ төв аппаратын гол хүн. Пэрэнлэйн Лувсанцэрэн зохиолч томилолтоор очихдоо манайд очиж байсан. “Нар шингээгүй” өгүүллэг нь гарчихсан ид бичиж байсан үе нь. Сүрэнжав намайг захиж явуулсан юм билээ. Аймгийн намын хорооны товчоогоор оруулж утга зохиолын нэгдлийн эрхлэгчийг баталж байсан үе. Тэгэхээр намайгаа утга зохиолын луугаруудтай, Зохиолчдын хорооны эрх мэдлийн хүмүүстэй ойртуулж байсан юм билээ.

-Далантайн Тарваа, С.Дашдэндэв гээд Дорнодын луугаруудыг танаас асуумар байна?

-Тарваа гуайг бол би мэдэхээс цаашгүй дээ. Дорнодод очиход нь мэдээж уулзалгүй яахав. Гэхдээ манайхаар очихгүй шүү дээ. Нутагтаа очиж байгаа хүн чинь хамаатан саднаараа очно. Дашдэндэв гуай 1974 онд Зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд очиж байсан. Удвал дарга өөрөө очиж байсан юм. Сонин сонин хүмүүс очиж байж билээ. “Энэ чинь өнөө “Их буу” Дамдин шүү дээ” гэж Бааст гуай надад зааж байсан. Анчин, бөх судлаач, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн мундаг хүн байжээ. Ж.Дамдин гуайн “Үймээний жил” янзтай тууж шүү дээ. Зохиолч уншигчдын уулзалт дээр их л сонирхолтой юм яриад л, хүмүүс алга ташаад л сүйд байсан. Хожим мэдэх нь ээ, “Үймээний жил”-ээ л яриад байсан юм билээ. Утга зохиолд миний ойр явсан хүмүүсийн нэг СГЗ академич Хорлоогийн Сампилдэндэв. Уран зохиол судлалын гол ноён нуруу болсон энэ хүн намайг утга зохиолын дээд боловсрол эзэмшихэд минь багшилж байсан гол хүн юм. Миний үеийн олон шавь нартай даа. Надад их хайртай байсан. Аллдарт Барын Цэдэв, Ардын уран зохиолч С.Дашдооров энэ хэдтэй миний тухай ярьж байсныг Нэргүй хэлдэг юм. “Зандраабайды гуайн өрөөнд ороход тэр хэд байсан чамайг асуугаад яриад байсан” гэж хэлж байсан. Монголын уран зохиолын дээжис 108 ботийн эхний 8 боть гарах нь, шүлэг авч байна гэх яриа дуулдтал Сампил багш утас цохиод “Чи таван шүлэг товч намтартайгаа өгөөдөх” гэж билээ. Эхний 8 ботийн 2, 3 боть дамжуулаад миний шүлгүүд намтартайгаа гарсан нь Сампилдэндэв багшийн гавьяа. Хаа байгаа Дорнодын намайгаа мартаагүй байсан нь сайхан санагддаг.

-Тийм ээ, МУЗ-ын дээжис ботиос таны шүлгүүдийг уншаад цээжилж явлаа. Тэгж л хөдөөх сургуулийн сурагч таныг биширч байлаа. Сүүлд “Салхин бийрээр таталсан сарны сүү” номыг тань халуун сэтгэлийн үгтэй гардаж аваад уншиж бахдаж байлаа. Саяхан “Дуун хээтэй анир” гэж сайхан бүтээл гарчээ. Балжирын Догмид аваргаас аваад олон хүн үгээ хэлсэн байна. Ингэхэд таны анхны ном юу билээ?

-Дорнодод 1974 онд “Нялх айраг” гэсэн нэртэйгээр сэтгэлгээний шүлгүүдээ гаргасан. Улсын хэвлэлээр бол хэзээ хойно, залуу зохиолчдын анхны номын уралдаанд шалгарч “Хонгор толгод” ном гарсан. Энэ ном гарахад “Цадиг хууч” романы Готовын Нямаа гуайн тус байсан. Өмнөтгөлийг нь Пүрэвсүрэн багш бичсэн. Ванхүүгийн Батбаярын анхны ном “Цээжний морьд” бас гарсан. 2014 онд “Салхин бийрээр таталсан сарны сүү” гэж номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн. Тэр үед би Дорнодоос ирээд “Улаанбаатар таймс” сонинд Баянтунгалаг, Цэрэнжамц, зураач Байды энэ хэдтэйгээ ажиллаж байсан. “Дуун хээтэй анир” ном миний уран бүтээлийн бас том тайлан гэж хэлж болно. Балжирын Догмид маань өмнөтгөлд нь сайхан үг бичсэн. Догмид, Заяатын Ядмаа, шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамц бид хэд чинь санхүүгийн сургуулийнхан юм. Уран бүтээлийн дүү нар гэвэл их олон байна. Нэргүйгээс аваад бүгдээрээ толгой дээр цахиур хагалчихлаа. Бат-Орших, Дүгиймаагийн Батжаргал, манай Жамсрангийн Баяржаргал гээд олон сайхан дүү нар минь байна. Би чинь 1969-2009 он хүртэл 40 жил Дорнодод суусан. Тэндээс насны ханиа олсон, ном бүтээлээ гаргасан. Миний амьдрал бий болсон газар. Тэгэхээр намайг чинь Дорнодын Хүдэрмөнх гэхгүй яах юм бэ. Зарим нь сүүлд “Чи чинь Баянхонгорынх, бүр Бууцагаан сумынх юм уу” гэж гайхаж билээ. Уран зохиол яруу найргийн буянд олон сайхан нөхөдтэй явж ирлээ. Нэг л мэдэхэд нас минь 80 гараад явчихсан байх юм. Он жил яах ийхийн зуургүй л цахилаад өнгөрөх юм даа.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Гочоогийн Чардаг: Яруу найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан хүн дээ, би DNN.mn

Холын Алтай нутагтаа он он жилээр сууж бүтээлээ туурвиж буй МЗЭ-ийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Гочоогийн Чардагтай ярилцсанаа хүргэе.


-Алтай бол гурван сайн зохиолч, 30 тааруу зохиолчтой гэх хуучны нэг хошин яриа бий. Сүүлд 30 сайн зохиолчтой, 300 тааруу зохиолчтой гэж яригдах болжээ. Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж нар яалт ч үгүй чандмань гурван оргил нь. Араас нь Далхаагийн Норов, Санжийн Пүрэв, Сономын Лочин гээд үргэлжилнэ. Ийм л авьяастны өлгий нутгийн уран зохиолын халуун голомтыг та 30 жил түшиж иржээ?

-Говь-Алтай аймгийн Утга зохиолын нэгдлийн гал голомт 1950-иад оноос үүдэлтэй юм билээ. Эхлээд Залуу зохиолчдын дугуйлан байсан гэдэг. 1948 онд Зохиолчдын анхдугаар их хуралд тухайн үед орос хэлний багшаар ажиллаж байсан Түдэв гуай ирж оролцсон түүхтэй. Ингээд дугуйлан хичээллүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон нь мэдээж. Түдэв гуайн дугуйланд Дэгээхүүгийн Сүрьяа гуай, Чимидийн Алагсай гуай, Мөнгөний Чимид багш гээд хожмын алдар цуутай хүмүүс оржээ. Удирдагчаар нь Баян-Уул сумын Алтангэрэл хэмээх монгол хэлний багш хүн анх ажиллаж байсан, гурван жил орчим ажилласан байдаг. Дараа нь Ч.Онгоодой гуай удирдсан. Онгоодой гуай бол саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан хүн. Түүний дараа Ховдын Цэцэг сумын Бямбажав гэж хүн мөн удирдаж байсан. За тэгээд “Зулай цагаан Алтай”-г бичдэг Зүмпэрэлийн Гүнсэн гуай авсан. Онгоодой гуай, Бямбажав гуай, Гүнсэн гуай гурав “Хүүгийн бодол” жүжиг хамтарч бичээд түүнээ Лодойдамба гуайд үзүүлж, зөвшөөрөл авч тавьж аймгийнхаа тайзнаа тавьж байсан түүх бий. 1992 онд би Гүнсэн гуайгаасаа Алтай зохиолчдынхоо “алтан тамга”-ыг хүлээж аваад 30 жил зүтгэсэн. Энэ их авьяастнуудын халуун голомтыг 30 жил манаж ирлээ. Ёстой хувь заяа юм даа.

-Хөдөөд утга зохиолынхоо галыг манана гэдэг нэрэн дээрээ сайхан ч нидэр дээрээ амаргүй алба. Ёстой л тэрэгний морь шиг зүтгэж таарна. Эхний том ажил юу байсан бол?

-Ерэн хоёр он гэдэг чинь хүнд бэрх цаг үе.

Картын бараатай, лангуун дээр давс, гоймонгоос өөр юмгүй ийм байхад агуу их Лодойдамба гуайнхаа шагналыг олгож байлаа. Лодойдамба шагналын энгэрийн тэмдгийг хийлгэхээр миний бие хотод ирж 14 хонолоо. Тэр үед чинь одоогийнх шиг Зоос гоёл, энэ олон чимэглэлийн дэлгүүр байсан биш. 120-д Равдан гэж дархан дээр очлоо. Гангаар нь суурийг нь хийгээд сингапур алт гэдгээр дугуйг нь хийгээд, толгойг нь мөнгөөр товойлгож гаргаад дээд талд нь гарын үсэгтэй, ард талд нь Ч.Лодойдамбын шагналт хэмээх бичээс бүхий тэмдэг хийлгэхээр боллоо. Нэг нь 120 мянгаар гарна гэдэг юм. Тэр үеийн 120 мянган төгрөг гэдэг бол бас л том мөнгө. Аймгийн дарга Лантуу гуай байсан, сүүлд Улаанбаатар хотыг удирдаж байсан хүн. Ямар сайндаа ардчиллыг Цахилгаанаар цахилгаандаж, Лантуугаар лантуудлаа гэсэн яриа гарч байхав, хоёулаа манай аймгийн хүн. Лантуу даргадаа хэллээ, нэг тэмдэг 120 мянга болж байна гэдгийг. “Ямар золиг вэ. Одоо яалтай билээ. Чи цөөхнийг л хийлгэж үзээрэй дээ” гээд зөвшөөрсөн. Ингээд би эхний 5 тэмдгийг хийлгэж ирээд 01 дугаарыг нь “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” ном бичсэн зохиолч, судлаач, доктор Бажуудайн Ганбатад, 02-ыг нь Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” зууны шилдэг романы гол дүр Итгэлт баяны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Очирбат гуай, 03-ыг нь Их зохиолчийн нөхөр Дэгээхүүгийн Сүрьяа гуайд олгож байлаа. Диплом буюу батламжийг энгэрийн тэмдгийнх нь хамт тус бүр таван мянган төгрөгтэй гардуулж байсан. Дараа жил нь буюу 1993 онд Мишигийн Цэдэндорж гуайнхаа алдарт “Морин хуур” шүлгээр нь нэрийдсэн яруу найргийн наадмыг “Болор цом”-ын хэмжээнд хийнэ гээд Монгол Улсын баатар Жанчивын талбайд хийж миний бие анхны түрүүг нь хүртэж байлаа. Ингэж би найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан ийм л хүн.

-Алтайнхаа өнөө гурван оргилын хоёрынх нь авшиг иржээ. Түдэв гуайтайгаа бол мэдээж уулзаж байсан байх?

-Түдэв гуай чинь уулзахад бэрхтэй хүн. Би их сонин уулзсан юм. Тонхил суманд түүх газарзүй, орос хэлний багш байлаа. Уул нь тэнд орос хэлний Батчулуун гэж мундаг хүн байлаа, одоо Ховдын багшийн сургуулийн багш. Пушкины алтан медальтай энэ мундаг хүн байхад надаар орос хэл заалгаж байсан нь одоо бодоход их том сургууль болж дээ. Тэр үедээ бол Батчулуун багшаас сүрдэж, өөрөөсөө ичиж байсан. Ингэж Тонхил суманд орос хэл заагаад манаргаж байтал Түдэв гуай ирсэн. Намын үүрийн дарга Дамдинсүрэн гэж хүн байлаа. Тэр хүн “Манай багш ирсэн, би багштайгаа чамайг уулзуулна” гэлээ. Багш нь алдарт Тү жанжин. Хүн чулуу, хөшөө дурсгал судалж яваа юм гэнэ. Баян-Өлгийгөөс наашаа судалж явсан юм билээ. Аймгийн дарга тосоод оччихсон. Би хэдэн навсгар шүлгээ аваад очлоо. Уншсан ном зохиолоо ярь гэлээ, ярилаа. Болж байна гэж байна. Шүлэг уншина гэдгийг мэдэж байгаа, шууд л шүлэг сонсохгүй ээ гэж байна. Манай орчуулгын гол зохиолуудыг уншсан байна, Нацагдоржоо уншсан уу гэсэн уншсан гэлээ. Миний ямар зохиолуудаас уншсан бэ гэхээр нь “Уулын үер”, “Нүүдэл суудал”-ыг уншсанаа хэллээ. “Чи над руу хэдэн шүлэг явуул, би үзье. Болмоор юм байвал хүнд хэлээд гаргуулчихаж болох байх аа” гэлээ. Тэр чинь 1979 он байх шүү. Дараа нь би хэлснийх нь дагуу шүлэг явуулсан. “Утга зохиол” сонин дээр Санжийн Пүрэв баавайгийн өмнөтгөл үгтэйгээр гараад ирлээ.

-Түдэв гуай, Пүрэв баавайд хэлж дээ?

-Өөрийн шавь учир Пүрэв баавайд хэлсэн байх. Агуу их Лодонгийн Түдэвийн буянаар Пүрэв баавайгийн үгтэй “Утга зохиол” сонинд анх гарсан минь ийм учиртай. Намайг чинь Монголын ард түмэн, уншигч олонд минь танилцуулж өгсөн хүн чинь яалт ч үгүй Пүрэв баавай. 1982 онд “Азын цэнхэр уул”, “Уулын намар” Санжийн Пүрэвийн халуун сэтгэлийн үгтэйгээр “Цог” сэтгүүлийн “Оч” буланд бас гарлаа. “Оч”-д гарна гэдэг чинь ер нь зохиолч болсноо зарлан тунхаглаж байгаа явдал шүү дээ. Ингэж утга зохиолд албан ёсоор нэрээ гаргаж эхэлсэн түүхтэй юм даа. Зохиолчдын хорооны босгыг алхах ч амаргүй байсан шүү. Далантайн Тарваа гуайд шүлгээ үзүүлж байснаа мартдаггүй. Тэр хүн шүлгийг маань огтоос тоосонгүй, харин өөдөөс хаанаас ирснийг минь асуугаад “Төмөр замын эрүүлжүүлэхээс тэрийг аваад ир, танина биз дээ” гэж манай нэг алдартай зохиолчийн нэрийг хэлээд явуулж байж билээ. Тарваа гуайн үүрэг даалгаврыг биелүүлээд буцаад иртэл Зохиолчдын хорооны үүдэнд Цэдэндорж гуайтай таардаг юм. Нүдний шилтэй, хар цувтай Мишигийн Цэдэндорж яг л дүрээрээ байсан. Би сүрдээд сайн байна уу ч гэж хэлж чадаагүй өнгөрсөн. Бурханбуудай уул ханараад л явчих шиг санагдаж билээ. Дараа нь аймгийн зохиолчдынхоо тэргүүн байхдаа Цэдэндорж гуайнхаа төрсөн бууцанд дурсгалын самбарыг нь босгож байлаа. Говь-Алтайн Халиун сумын Уст чацрангийн голын яг хажууд, Бурханбуудай уулын Хавчигийн өтөг хэмээх газрын ханан хаданд дурсгалын самбарыг нь босгосон. Цэдэндорж гуайн “Морин хуур яруу найргийн их наадамд очсон бүхэн тэрхүү дурсгалын самбарт хүндэтгэл үзүүлж, их найрагчаа дурсан шүлэг найргаа дууддаг.

-Таны багш чинь алдарт Тоомойн Очирхүү гуай байх аа?

-“Хүмүүс ээ надад урам хайрла, хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла” гэж бичсэн энэ л сайхан хүний шавь болсон. Очирхүү багшийн аав Тоомой панз гэдэг чинь баруун Алтайг ёстой атгаж байсан гэдэг. Аль л ганган эмээл, үнэтэй морийг эдэлж хэрэглэж явсан хүн. Хүүгээ хотод сургуульд хүргэж ирээд айлд суулгахдаа “Миний хүүгээр ус авахуулж, мод хагалуулж, юм хийлгэж болохгүй. Миний хүү хичээлээ л хийх ёстой. Би хөлсөнд нь 2000 төгрөг өгье” гээд бор халзан зуут гаргаад тоолоод өгч байсан гэдэг. Аавынхаа энэ л сайхан сэтгэлийн хүчинд сурсан шиг сурсан байдаг. Ямар сайндаа Анагаахын сургуулийн ханан дээр “Очирхүү шиг онц сурцгаая” гэсэн бичиг байхав дээ. Жаахан байхад нь аав нь хүүгээ Тангад гэж айлын охинтой сүй тавиад, танай охиныг авна аа. Манай хүүтэй сууна гээд. За чи авгайгаа ав гээд хуримаа хийгээд авсан, суусан. Нэг хүүхэд гарсан. Авгайгаа авч байхад нь би сургуулийн хүүхэд харж байж билээ. Сургуулийн архив янзлаад Тонхилд байхдаа багшийнхаа сургуульд сурч байсан, онц авч байсан хичээлийнх нь дэвтрийг үзсэн. Ямар гоё бичигтэй байхав. Далан есөн онд Тонхил суманд ирээд байхад нь буудалд яваад очлоо. “Алив чи хоёр гурван юм уншаадах” гэж сонссоноо “Чи чинь шүлэг бичих дөгөө суучихсан юм байна шүү дээ” гэж нээх гоё хэлж билээ. Очирхүү гэж тэр гоё найрагчтай сургуулийн саадан дотор хамт явж байхдаа өөртөө ямар их урам бадрал, бахархал итгэл төрж байсан гэж бодно. Сумын төвийнхөн намайг харж байгаа болов уу гэж бодоод л. Тэгэхэд багшдаа номын хадаг барьж шавь орсон. Бид хоёр багш шавь гэхээсээ заримдаа анд нөхөд шиг явна. Улаанбаатарт залуу зохиолчдын анхны номын уралдаан гэж зохиогдлоо. “Тэнгэрийн сүү” шүлгийн ном явуултал тэнцчихжээ. Төмөр замын хэвлэх үйлдвэрт хэвлэж өгсөн. Өмнөтгөл үгийг нь Очирхүү багш бичсэн. “Бид нэг нутаг усны, нэг голын хүмүүс” гэж бичсэнийг уншаад нэг л гоё санагдаж байсан сан. Очирхүү багш Сутай хайрхны Усан зүйлийн голыг улам цэнгэгшүүлсэн тийм гоё хүн байлаа. Хулдын голыг харах бүрт би Очирхүү ахыгаа боддог. “Элс цас”-цын Шоовойн Шажинбат гуай бас манай Тонхилын хүн. “Холын цэнхэр Алтай нутагт минь Холбоо нуур ууланд байдаг” гэж бичсэн. Сайхан ч дуу болсон. Бүс хайрхан уулын шил дээр байдаг нуур юм.

“Сутай зүгийн нутаг минь

Нартай л дуулдах юм

Наран тогоруу шувууд нь

Тийшээ л нисэж байгаа даа

Сургийг нь сонсож явахад

Сэтгэл нялхраад байдаг

Сум нутгийн бүсгүй минь

Тэндээ л суугаа шүү дээ…” гээд таны мөн ч гоё дуу бий. “Хонгорзул”-ын Энхбат гавьяат гоёхон ч дуулсан?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов бид хоёр найз юм. Дондов маань “Алтай” чуулгын хөгжмийн багш байлаа. “Ахтайгаа ер нь дуу хийсэнгүй. Сэтгэл цалгитал нэг дуу хиймээр байна” гэдэг юм. Тэгээд л би дууныхаа шүлгийг бичээд өгсөн. Сутай зүгийн нутгийн хайртай бүхэн дуулж яваг дээ гэж л хийсэн юм. “Сум нутгийн бүсгүй минь тэндээ суугаа шүү дээ” гэдэг мөр бадгаас болж би авгайдаа хүртэл загнуулсан хүн. Сургийг нь сонсож явахад сэтгэл нялхраад байдаг тэр хүүхэн рүүгээ чи явахгүй юу гээд л загнана(инээв). Сум нутгийн бүсгүй минь тэнд суугаа гэхээр уур нь хүрдэг гэсэн. Манайхан бас намайг их явуулнаа. Чардаг аа Сутай яваад ирлээ. Чиний Сутай зүгийн бүсгүй чинь тэндээ л байж байна лээ гээд л. Олон сайхан залуус, нутгийн бүсгүйгээ санаж яв гэсэн санаагаар бичсэн шүлэг юм. Манай Энхбат сайхан дуулсан. Миний дуунуудаас олонд түгсэн 20-иод дуу бий. УГЗ Ц.Жамьян хөгжмийг нь бичиж Завханы Батсүх дуулсан “Ижий хань” гэж дуу бий. Миний анхны ном “Тэнгэрийн сүү”. Ингэж би анх сүүгээр эхэлсэн хүн. Дараа нь “Сутай зүгийн нутаг”, “Цасны анир”, “Мөнгөн сарны шүлгүүд” гэж номууд гаргасан. Ингэхэд Тонхил сум маань сүлд дуу байхгүй юм байна. Тэгээд би саяхан нэг шүлэг бичээд Цэрэндондов руугаа явуулчихсан.

-Ямар шүлэг билээ?

-“Цаст Сутайгаас ниссэн цасан

Тонхил нуурын мандалд хун болж буудаг

Зүйлийн голын мөнгөн боргио

Зүйргүй хайртай ээжийн минь сүү байдаг

Дуулаад явахад дуун дотуур минь хөвөлзсөн

Уйлаад дурсахад нулимсан дунд минь бөмбөрсөн

Хайрлаад санахад сэтгэл дотор минь уянгалсан

Халуунаас халуухан эх нутаг минь дээ

Хулмын нуурнаас дэгдсэн манан

Хулдын голд арц болж ургадаг

Бүс хайрхан уулыг бүслэсэн цэцэгс

Бүүрэгт эмээлийн дэвсэнд хээ болж шаглагддаг

Наран мандахад уулс нь алтарч тоссон

Саран гийхэд ус нь мөнгөрч угтсан

Буман сүргийнхээ мөрөөр түүхээ бичиж үлдээсэн

Буян заяа цогцлоосон Тонхил нутаг минь ээ

Алтайн уулсын цэнхэр салхи

Аавын минь үг болж шивнэдэг

Төрсөн нутгийн минь ахан дүүс

Төрүүлсэн ээжийн минь сэтгэл гаргаж намайг ачилдаг” гэсэн ийм шүлэг юм. Би чинь хүний ганц хүү. Гочоо гэж миний аав. Даншгийн заан цолтой хүн байсан. Эрдэнэ бишрэлт гүний хошуу буюу Ховдын наадамд түрүүлсэн, Хадагт хар Рэнцэндорж зааны дараа гарч ирсэн Довчин гэж зааныг довон дээр нь унагаж байсан гэдэг. Дамбийжанцангийн 74-ний найр гэж баруун бүсийн том наадамд манай аав түрүүлсэн байдаг. Хүний ганц хүү учир би ээждээ их хайртай. Олон шүлгээ ээждээ зориулж бичсэн.

“Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ

Болвол гараас нь хөтөлж

Босго хатуу орчлонг хамт туулахсан гэж боддог

Өөдөсхөн чинээ болж яваа таныгаа

Өргөж өхөөрдөж явахсан гэж санадаг

Энгэрийн товчийг чинь товчилж өгөхдөө би

Элбэг хайрын ундарга мөөмөнд чинь мөргөдөг

Суганы нь товчийг товчилж өгөхдөө би

Суун тусаж өвдөгнөөс чинь адис авдаг

Бүсийг нь бүсэлж өгөхдөө би

Бүсгүй хүүхэд шиг өргөж эрхлүүлдэг

Малгайг нь засаж өгөхдөө би

Магнайд нь духаа хүргэж залбирдаг

Ээжтэйгээ ярилцаж байхдаа би

Этүгэн газрын дусал дэргэд байгааг сонсож л байдаг

Ээждээ золгож очихдоо би

Эрхт тэнгэрийн наран хажууд байгааг мэдэрч дулаацдаг

Ээжийгээ дурсаж явахад минь

Элбэрэлийн ногоон дарь эх дэргэд явааг ухаардаг

Эрх хонгор ач зээгээ өхөөрдөж л суухад нь

Энх амгалангийн шаазан баримлын хоосон чанарыг би мэдэрдэг

Бууж мордож будаатай цай ууж суухдаа

Бурхантай цайлж байгаа гэж омогшдог

Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ” гээд л ах нь ээждээ л зориулж бичдэг юм. Би ингэхэд “Зулай цагаан Алтай” дууны шүлгийг хамгийн түрүүнд сонссон азтай хүн.

З.Гүнсэн гуай “Зулай цагаан Алтай” дууны хөшөөгөө амьддаа босгуулсан хүн юм. Аймгийн намын хороонд Гүнсэн гуай бид хоёр хамт ажиллаж, нэг өрөөнд суудаг байлаа. Нэг өдөр мань хүн “Хөгжмийн Сангидорж ирчихээд байна. Би нэг дууны шүлэг өгөх гэсэн юм” гээд надад үзүүллээ. Үдээс хойш манай хүн баярлачихсан, өнөөх чинь сайхан дуу боллоо, Санги маань шууд л газар дээр нь ая хийчихлээ гэдэг юм. “Алтай” чуулгад “Ард Аюуш”-ийн Маньбазар гүнд тоглосон Дамдин гэж жүжигчин анх дуулсан. Аргил хоолойгоор сайхан ч дуулсан. Ингэж “Зулай цагаан Алтай” дуу төрж байлаа. Гүнсэн гуай анх “Сутай цагаан Алтай” гэж биччихээд, өөрөө Зулай цагаан гэж зассан юм. Шүлгийг нь хамгийн түрүүнд сонсож, дуу төрөхөд нь хамт байж, дууг нь анх сонсож, хөшөө нь босгоход шороог нь зөөгөөд гүйж явсан хүн би юм. Түүхийн гэрч болон үлджээ. Нээлтэд нь Сангидорж хөгжмийн зохиолч өөрөө ирж оролцсон. Цахилгаан гуай, Бямбаа гавьяат гээд олон сайхан хүн байсан.

-Тэр жил Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор очиход Урианхай ах, Чилаа ах, Бавуу ах бид хэдийг та шөнө дүл болтол хүлээгээд сууж байсан сан?

-Ах нь бүх л насаараа Алтайдаа сууж шүлэг найраг, ном бүтээлээ бичиж байна. Манайх чинь замын дэн буудал шиг олон хөлхсөн хөлтэй айл. Лханаагийн Мөнхтөр, манай Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар гээд манайхаар орж гараагүй хүн гэж ховор. Тэр жил Хөөдөө Эрдэнэбаатар, Маналсүрэнгийн Баттөмөр хоёр манайд ирээд өвөртөө унтаж л байлаа. Найрагчид минь ирж шүлэг найргаа уншиж, тэднийгээ дагаж хөөрч, хундага жингэнүүлж сайхан яриа хөөрөөг нь сонсож суух шиг жаргал үгүй. Би ийм л жаргалыг Алтайдаа насаараа эдэлж олон олон шавь нартаа хүндлэгдэж яваа азтай хүн.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

Categories
мэдээ утга-зоxиол

Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүд DNN.mn

 Эхлэл

Эрдэнэт хүмүүн гэгч энэ цэнхэр замбуулинд ирээд буцахдаа гишгэсэн газрынхаа мөр бүхэнд бахархалт үйлсээ үлдээж, зуун зуунаар дуурсагдах их алдрын эзэн болно гэдэг чухамхүү алтан хувь заяа. Нэр алдраа өргөж явах нэг хэрэг. Харин эрдэнэт биеэ хайрлалгүй ажил хөдөлмөрт шамдаж, оногдсон үүрэг үйлсийнхээ төлөө өдрийг өдөр, шөнийг шөнө гэлтгүй махран тэмцэнэ гэдэг хэр баргийн аавын хүүд заяах чадал биш ээ. Тийм ээ, ийн өгүүлж буйн учир Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүдийг нэхэн дурслаа. Монгол ардын хувьсгалт цэргийн алдарт 6 дугаар морин дивизэд Дандар баатартай дайны талбарт мөр зэрэгцэн дарийн утаа үнэрлэж, домогт 6 дугаар морин бригадад Хэнтийн Өндөрхаанаас Алтайн цаад Үенчийн Улаан үзүүр хүртэл 2000 гаруй км газрыг мориор туулж, Монгол Хятадын хилийн комиссын Монголын талыг ахалж, эцэг дээдсийнхээ шүншиглэн ирсэн уул овоог авч үлдэж, Алтайн нурууны цуут Улаан даваанд зам засаж, Ховдын төвд цэнгэлдэх хүрээлэн байгуулан нутгийн олон “Адуучийн стадион” хэмээн нэрийдэж, аймгийн музейн хоёр давхар барилгыг 10-хан хоногт бариулан түмний гайхширлыг төрүүлж, ажил нь унаад байсан Ховдын Булгансум “Жаргалын зам” нэгдлийн даргаар очин Улсын тэргүүний сум болгож, Алтан гадас одонгоор шагнуулж, алдарт Ендэртийн замыг торгууд түмнээр зүтгүүлэн тавиулж, сумынхаа төв цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, сургууль, эмнэлэг зэрэг барилгыг бариулж, Булган сумыг бараг л хотын статустай болгож сүр сүлдийг өргөж өгсөн. Энэ бүхэн түүний л гавьяа.

Тийм ээ, Ховдын цэнхэр хязгаарынхан Домогт “А” дарга хэмээн өнөө хэр нь бахархан дурсдагийн учир энэ. Хорьдугаар зууны Ховдыг бүтээлцэж, сэтгэл зүтгэл байхад юуг ч бүтээж болдгийг түүхэн он жилүүдээрээ бататган харуулсан түүхт их хүмүүний замналыг нэхэн дурсахад агуу бахархалтай ч алдар гавьяагаа үнэлүүлж чадаагүйд нь сэтгэл шимшрэн байлаа. Гэхдээ ардынхаа дунд, баатарлаг үйлст Ховдынхоо олонд, тэр тусмаа хөлс хүч, нэгэн цагийн амьдралынхаа гал цогийг бүрнээр нь өгсөн торгууд түмнийхээ дунд баатраараа мөнхөрсөн юм. Адууч хэмээх энэ их хүмүүн Алтайн нурууныхаа ноёлог өндөрлөгт Алтан сүлд шиг мөнхөрсөн Алтан соёмбот баатар билээ.

Сайн хүмүүний үр удам сайн сайхан явж, энэ цэнхэр замбуулинд эцгийнхээ алдар сууг мандуулдаг жамтай. Хайрт хүүхдүүдээс нь Ардын багш хэмээх өндөр цолтон тодорч, Гантогтох, Басхүү, Баатархүү гурван хүүхэд нь гавьяат болж буурал эцгийнхээ нэрийг Монголын төрийн ордонд дуурсгасан юм. Тэгээд ч зогсохгүй Адуучийн Басхүү хэмээх Ардын багш Монголын чөлөөт бөхийн амьд домог болсон эрхэм хүү нь ачит эцгийгээ сэрүүн тунгалагт нь хүн төрөлхтний олимпийн их наадмаас “Алтан шүгэл”-ийн эзэн болж, мөнхүү дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөн залагдсан анхны монгол хүн болж ачит эцгийнхээ нэрийг Монголынхоо нэртэй хамт дэлхийд тамгалж өгсөн юм. Тийм ээ, ийм л хувь заяа ажлын төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө алд бие хайрлалгүй зүтгэсэн Адууч гуайд л оногдсон. Бурхнаас заяагдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эцсийн мөч хүртлээ эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн түүнийг бурхан гайхамшигт үр хүүхдээр бэлэг барьсан юм. Үр хүүхэд бурхны бэлэг гэдгийн мөн чанарыг тэр их хүмүүн монголчууд бидэнд харуулсан.

Тиймээс аавынхаа аваагүй Ардын цолыг хүү нь авч, аавынхаа аваагүй гавьяат цолыг гурван хүүхэд нь авч, нэг гэр бүлээс гурван гавьяат, мөн Баасанхүү нь “Олон улсын шилэгдмэл шүүгч” болж дэлхийн нэрт тамирчин, дасгалжуулагч, шүүгчид төрсөн. Ингэж өндөр Алтайн хүү Адуучийн нэр дэлхий дахинд мандсан юм. Хоёр жилийн өмнө миний эрхэм хүндэтгэлт ах Адуучийн Басхүү хайрт эцгийнхээ туулсан замнал түүхийг он жилүүдийнх нь алтан шастираар бүтээсэн “Ховдын домогт Адууч дарга” хэмээх ном бүтээж аавыгаа чухамхүү ямархан гавьяа байгуулсныг Монголын ард түмэнд зарласан.

Уг номыг уншаад надад нэг л бодол төрсөн. “Хүү нь эцгийнхээ тухай бичиж болно. Гэхдээ ачит эцгээ ингэж гайхамшигтайгаар дахин бүтээж, хүмүүний орчлонд дахин “төрүүлнэ” гэж байх уу” хэмээн дуу алдаж, уг номыг уншиж дууссаны дараа эрхэм ах руугаа холбогдон “Ачит эцгийнхээ хөшөөг та алдар замналынх нь алтан шастиртай Алтайн нурууны өндөрлөгт сүндэрлүүлэн босголоо. Үүн шиг том гавьяа байхгүй. Хорьдугаар зуунд эцгийнхээ дуслуулсан хөлсийг хориннэгдүгээр зуунд та халуунаар нь монголчуудын алган дээр тавилаа. Аавын тань хөлснөөс 20 дугаар зууны их түүхийн гашуун бүхэн амтагдаж байна” хэмээн хэлсэн.Ингээд Домогт Адууч даргын хайрт хүүгийнх нь хөшөө болгон сүндэрлүүлсэн эл номыг түшиж энэхүү хөрөг нийтлэлийг бичлээ. Амьдралын төлөө тэмцэж боссон бүхэнд Адууч даргын алтан он жилүүд нэгийг хэлнэ буй за.

I

Доржийн Адууч 1915 онд хуучнаар Ховдын хязгаарын Захчин Сэцэн гүний хошуу одоогийн Ховд аймгийн Алтай сумын Бор цонжийн Ёлхоны нуурын зоо гэдэг газар туулай жилийн намар айлын ууган хүү болон мэндэлжээ. Эх нь хүүгээ төрүүлэх гэж нэлээд зовжээ. Энэ үед элэнц өвөг Тамжаан “Миний морийг эмээллээд өг” гээд явжээ. Хоёр, гурав хоног гэрийн гаднаас “Бэр хөнгөрсөн үү” гэж хүүгээсээ асуужээ. Хөнгөрсөөн гэхүйд “Уурга барих нь гарав уу, уур нүдүүр барих нь гарав уу” гэж асуухад нь “Уурга барих нь гарлаа” гэж хүү нь хэлэхэд өвөө нь морин дэл дээрээс ач хүүдээ “Адууч” нэрийг хайрлажээ. Юмны учир гэдэг сонин. Адууч гуайд өвөө нь морин дээрээс нэр өгч адууны тэнгэртэй явахын хийморь сүлдийг өргөсөн байна.

Хүмүүн заяаг олсон Монгол Алтайн нурууны эхийн хэвлий шиг зөөлхөн Ёлхоны нуурын зоо бол онцгой содон газар. Алтайн нурууны мөнх цаст өндөрлөгүүдийн нэг Мөнххайрхан уулсын зүүн сугаас эх авч Алтайн уулс, алдарт Бодончийн хавцал дундуур шуугин баруун урагш 170 шахам км урсдаг Бодонч гол нь Бор цонжийн говь, Ёлхон, Хонин усны говьд очоод эх нутгийнхаа хөрс шороонд шингэн баян бүрдүүд үүсгэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын “Алтан тээл” хошуунд тамгын газар байгуулагдаж, түүний дэргэдэх танхим бол Ховдын анхны сургууль юм. Уг сургуульд сурч бичиг үсэгтэй болоод улмаар Алтай сумынхаа Бодонч хамтралын данс баригчаар ажилласан байна. Хамтрал тарсны дараа сумын захиргаанд бичээчээр ажиллажээ. Ингээд 1936 онд Алтай сумын Тэмээн замын ар гэдэг газраас цэрэгт морджээ. Дараа жил нь армийн хэмжээнд бичиг үсгийн шалгалт авахад тэнцэж Цэргийн ерөнхий сургуульд хурдавчилсан тусгай программаар суралцжээ. 1939 оны долдугаар сард төгсөлтийн шалгалтаа өгөөд гараад ирэхэд нь дайчилгааны машин хүлээж байсан гэнэ. Ийнхүү “ЗИС-5” машинаар өдөр шөнөгүй давхисаар Халх голын фронтын Хамар давааны байлдааны штабт иржээ. Маргааш нь жанжин Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 6 дугаар морьт дивизийн улс төрийн хэлтэст “Ахлах улс төрийн удирдагч”-аар томилж, ахлах дэслэгч цол олгов. Ингээд алдарт 6 дугаар дивизийн дайчин нөхдийн хамтаар харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан Халх голын дайныг ялалтаар дуусгасан байдаг юм.

1942 онд байгуулагдсан МАХЦ-ийн 6 дугаар морин бригад 1944 оны дөрөвдүгээр сарын 8-нд Хэнтийн Өндөрхаанаас 2000 цэрэг, 200 шахам офицер байлдааны түгшүүрийн дохигоор хөдөлсөн байдаг. Энэхүү алс холын морин маршаар хөдлөх үед ууган охин Тунгалаг дөнгөж 2 настай, хань Ш.Дунхүү нь эр нөхрөө хаашаа ямар учиртайг явааг нь мэдэхгүй нулимстай үлдсэн байна. Маршийн 12 дахь хоногт тус бригад Баянзүрхийн гүүрнээс зүүн урагш “Хөлийн модчин” гэдэг газар ирэхэд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан тэргүүтэй төр засаг, армийн удирдлагууд маршийн үйл ажиллагаатай танилцахаар иржээ. Маршал Х.Чойбалсан “Хятадын олон үндэстэн ястан оршин суудаг Шинжааны мужид Оспанаар толгойлуулсан хасгийн хөдөлгөөн гарч тэд тусгай улс байгуулна гэж зэвсэгт тэмцэл явуулж байна. Хасгуудын тэмцлийг дарахаар Гоминданыхан хилийн цаана цэргийн ангиудыг татан авчирч байрлуулан, Булган гол зэрэг газраар дээрэм тонуул зэвсэгт халдлага үйлдэж, цэрэглэн довтлох аюул бий болсон. Иймд баруун хил хязгаарт цэргийн томоохон ангийг шилжүүлэн байрлуулах шийдвэр гарсан” гэдгийг хэлээд “Та бүхэн хаврын тарчиг хүнд цагт мориор 2000-аад км газар маршлах болж байна. Энэ марш Монголын армийн анхны том хол аялал болох тул цэргийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэнэ” гэж хэлсэн байдаг.

Морин марш явсаар Говь-Алтайн төвийг дамжин Хантайширын нуруу, Хасагт хайрхан руу орж ирэхэд зөөлөн хөрстэй зүүн зүгийн морьд хайрга чулуун дунд арга байхгүй улдаж эхэлсэн байдаг. Цэргүүд өглөөний хүнсэндээ хэрэглэх шар тосноосоо галд буцалган морины улдсан хөлд дусаан эмнэх төдийгүй доройтсон мориндоо шар тостой цайгаа өгч морио аминаасаа илүү хайрлаж байжээ. Замд эцэж сульдан явах чадалгүй болсон морио нутгийн ардуудад орхихдоо цэргүүд толгойг нь илэн уйлж байсан гэдэг.

Аагим халуун шатсан цагаар алдарт Шаргын говийг туулах үнэндээ тун амаргүй байсныг домогт морин бригадынхан шүд зуун ярьсан байдаг юм. Баруун хилийн тулгаралтыг дайн байлдааны байдалд хүргэлгүй дээд командлалын үүрэг даалгаврыг гарамгай биелүүлсэн 6 дугаар морин бригадын түүхэн гавьяаг Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 77 дугаар зарлигт онцлон тэмдэглэсэн байдаг. Тонхил сумаас хөдөлж Монгол Алтайн нурууг Ноёны даваагаар даван Барлагийн хавцал уруудан нутгийнхаа барааг, уул усаа харан цэргийн албанд мордсоноос хойш олон жилийн дараа нутагтаа ирж буй Адууч гуай ижий ааваа санан өөрийн эрхгүй нулимс унагасан байдаг. Ингээд 1944 оны алдарт мичин жилийн их зуднаар Цонжид өвөлжиж буй аав ээждээ очжээ. 1936 онд цэргийн албанд мордохоор гэрээсээ гарсан тэрээр ийнхүү 8 жилийн дараа аав ээждээ очиж байгаа нь энэ. “Гэрийн гадаа очиж тэмээнээс буунгуут аав минь “За миний хөвүүн сайн явж ирэв үү” гээд тэврэн авч үнслээ. Би ээж рүүгээ дөхтөл ээж маань над руу нэг алхсанаа гайхан алмайраад таг дуугүй зогсчихов. Гэтэл аав “Чи чинь яадаг хөгшин бэ. Хүүгээ танихгүй байгаа юм уу, хүү минь ирчихээд байна” гэхэд энэ чинь юу билээ гэсэн шиг нэг айхтар харснаа сая л “Энэ чинь миний хөвүүн Адууч байна шүү дээ” гээд мэлмэрүүлэн урсгаж байж билээ” гэж ярьсан байдаг.

Үүнийг Басхүү ах надад бас нулимстай ярьдаг юм. “Арга ч үгүй юм даа. Найман жилийн өмнө нэг муу хөх алчуураар толгойгоо боочихсон малчин хүү гэрээсээ явсан бол одоо ахмад цолтой цэргийн дарга өмнө нь зогсож байхад тэр ээж ингэж балмагдан цочирдолгүй яахав дээ. Олон жилийн дараа хүүгээ гэнэт харж байгаа ээж, ялангуяа цэрэгт, дараа нь дайнд явсан хүү нь ирж байна шүү дээ” хэмээн хоолой цахиртуулан хэлдэг.

Батлан хамгаалахын сайд Санжийн Батаа Адууч гуайг Улаанбаатар авч явъя гээд баралгүй Ховдод цэргийн хэлтсийн даргаар үлдээсэн байдаг. Очсон газар бүртээ түүхэн мөр үлдээдэг, өнөө цагийн хэллэгээр бол түүхэн бүтээн байгуулалт босгодог тэр л зарчмаараа цэргийн хэлтсийн даргын ажлыг аваад 1953 оны зун Монгол Алтайн нурууны алдарт Улаан давааны замыг анх засуулах ажлыг удирдан хийжээ. 1954 оны наймдугаар сард Ховд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдож 18 жил алба хаасан армиасаа чөлөөлөгдөв.

1962 оны 12 дугаар сарын 26-нд Бээжин хотноо БНМАУ, БНХАУ-ын хилийн Гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хамтарсан комисс болон БНХАУ-тай хил залгадаг аймаг тус бүрт салбар комисс байгуулагдан Ховд аймгийн салбар комиссын даргаар Доржийн Адуучийг томилжээ. Салбар комиссын хамтарсан хуралдаанаар шинэ овоо босгож, хуучин овоог нураах тухай яригджээ. Үүнд Адууч дарга “Манайд нэг санал байна. Энэ нь Суварган овоо, Дүмбийн овоо, Алтан овоо гурав нь түүхийн дурсгалт овоо юм. Ийм учраас хилийн овоо босгохдоо эдгээр овоог нураахгүй байх нь зүйтэй байна” гэж удаа дараа учирлан хэлсний хувьд нураана гэсэн хатуу байр суурьтай байснаа сүүлдээ бууж өгч, Монголын талын санал, үндсэндээ Адууч даргын саналыг хүлээж авсан байна. Ийнхүү торгууд түмнийхээ дээдлэн сүсэглэн шүтэж ирсэн уул овоо, сүсэг бишрэлийг хүндэтгэн Хятадын талд асуудлыг тулган тавьж чармайн ажилласны ачаар өнөөдөр уг овоо тэр үед ямар байсан тэр л хэвээрээ үлджээ. Адууч даргын минь зүтгэл тэмцэл бодит үр дүнд хүрсэн нь бахтай гэж нутгийн хөгшид залбиран санадаг нь ийм учиртай.

Тэртээ 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан аймгийн музейн 2 давхар барилгыг 10-хан хоногт бариулсан гарамгай бүтээн байгуулалтыг нь өнөөдөр хэн хүнгүй дурсдаг. Идэр 40 насны залуучуудыг дайчилж өргөн субботникоор энэхүү ажлыг явуулсан байдаг. Хөдөө сууринд 2 давхар барилгыг 10-хан хоногт барьж дуусгасан нь урьд хожид байгаагүй гарамгай хөдөлмөр байсан. 2014 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан МУСГЗ Ж.Отгонцагаан уг музейн байшинг харчихаад “Хоёр давхар, бас ч үгүй нэлээд том энэ байшинг 10-хан хоногт барьсан гэж үү” гэснээ барилгын зүүн булангийн нүүрэн дээр товойлгон бичсэн “МАХН-ын 14 дүгээр их хурлыг угтаж субботникоор 10 хоногт барив, 1961 он” гэснийг уншчихаад “Аргагүй л гайхамшиг юм даа” хэмээн уулга алдан өгүүлсэн нь бий.

Ховд хотын 200 жилийн ой бол Адууч даргын хөлс хүчээ урсган, хүн ардтайгаа зүтгэсэн агуу бүтээн байгуулалтын ой байлаа. Ховдын хязгаарт цэнгэлдэх хүрээлэн босч, хиймэл нуур, гүйлтийн ба дугуйн уралдааны тойруу зам, 3000 шахам хүний суудалтай шаталсан гурван эгнээ сандал, асрын барилгуудыг өргөтгөж цэнгэлдэхийн ногоон байгууламжийг услах 530 гаруй метр тойруу шуудууг Буянт голоос татан шинээр мод суулгасан гээд ёстой Ховдчууд тэр аяараа хөдөлсөн гэдэг. Мөн хотынхоо төв замаа анх удаа асфальтан болгож зассан нь тухайн үедээ үнэхээр хөгжлийн эргэлт болжээ. “Адууч дарга тэр үед биднийг ёстой гал цогтой удирдаж мөн ч хатуу шаардлага тавьж ажиллуулдаг байсан. Ажилдаа ханддаг зан байдлаас нь болоод ч тэр үү, бүгд л Адууч даргаас эмээдэг байж билээ. Хааяа түр амарч байгаад Адууч даргынхаа барааг хараад л бид ч ухасхийгээд босно шүү дээ. Чухам яаж амжуулдаг байсан юм, тэр олон ажлуудын хойноос байнга л шогшиж явдаг сан. Нэг л мэдэхэд ирчихсэн бидний ажлыг шалгаад зогсож байна. Тэгээд “За нөхдүүд минь хуудуугүй л юм хийнэ шүү” гэж хэлнэ. Харин ажил сайн бол “во” гэж хэлээд эрхийгээ өргөчихөөд яваад өгнө. Хэлэх үг нь товчхон түс тас. За даа, ажлыг дутуу дулимаг хийвэл үнэн дургүй. Харин ч ёстой чангарна. Ажлын төлөө бол хэнийг ч,дарга, ажилтан дээд доод албан тушаалын гэж ялгадаггүй шулуухан л нүүрэн дээр нь хэлнэ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ дунд л явна шүү дээ” гэж бахархан дурссан байдаг.

Ховдыг баатарлаг хот гэж ярьдаг, түүхэн талаасаа аргагүй үнэн. Баатарлаг гэдгийн бахдам үйлсийг бататгаж өгсөн баатар нь яах аргагүй Адууч гуай юм байна гэж эрхгүй бодогдном. Тэр жил Мянгадын хүү Ч.Өлзийбат ахтай хоёул Өндөр Хөхийг нь зорьж явахдаа “Адуучийн стадион” буюу аймгийн цэнгэлдэхээр орж, эрхэм түүхт хүмүүнийг дурсаж, Буянт голын ариун тунгалаг уснаас аршаалан хүртэхдээ Басхүү ахтайгаа холбогдон, ачит эцгийнх нь бахдам үйлсийг хэлж байлаа. Ер нь Ховдчууд цэнгэлдэхийнхээ талаар дурссаар л байдаг юм билээ. Худгаас ус уусан хүн тухайн худгийг анх гаргасан хүний гавьяаг хэзээд ч мартах учиргүй гэдэг шиг цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа жил бүр тэмдэглэн, сүрлэг сайхан моднуудынх нь дор цээж тэнүүн, амьдралын сайхныг амсдаг Ховдчууд домогт “А” даргын гавьяаг мартах учиргүй ээ. Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Б.Морх “Нэгэн үе Ховдынхон наадмын талбайгаа “Адуучийн стадион” гэж нэрлээд заншчихсан байсан нь одоо мартагдахад хүрч байна” гэж бичсэн байдаг.

II

1963 оны 12 дугаар сард Д.Адуучийг Булган сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, “Жаргалын зам” нэгдлийн даргаар томилсон байна. Ингэж торгууд түмний өлгий эх орны минь хамгийн баруун хязгаар Булган сумтай хувь заяагаа холбох ажил амьдралынх нь алтан харгуй эхэлжээ. Адуучийг аймгийн захиргаа ажил үйлс нь сайн байсан газар томилоогүй. Харин ажил нь тасалдаж, сахилга хариуцлага унаж байсан үе. Ямар сайндаа 1964 оны “Үнэн” сонинд “Ховд аймгийн Булган сум сүүлийн хэдэн жилийн төлөвлөгөөт даалгаврыг тасалдуулсан бөгөөд ажилчин албан хаагчийн ажлын хариуцлага суларч, өгсөн үүргийг заасан хугацаанд биелүүлдэггүй…” гэх мэдээлэл гарсан байдаг. Ийм л хүнд цаг үед ажил сайжруулахаар Булган сумын нэгдлийн даргаар томилогджээ. “Төл болгоныг мал болго. Чулуу болгоныг хашаа болго” хэмээх алдарт үг нь тэр цаг мөчөөс хайрт хүүгийнх нь хэлснээр ажил хөдөлмөрийнх нь түүхэн замналын эхлэл болсон. Булган суманд хийсэн түүхэн ажлынх нь нэг яах аргагүй Ендэртийн зам.Цахиртын хясаанаас Ендэртийн рашаан хүртэлх 100 шахам км замыг хадан хясаа хажуугаар нь Булган гол урсаж буй тун бэрх газар орчинд тавихаар торгууд түмэн хүрз жоотуугаа бариад ханцуй шамлан орж, элгэн улаан хадыг өрөмдөн нүхэлж тэсэлгээ хийн, хад чулууг нураан энэ хүнд хүчир ажилд зүтгэв.

Ингэж Ендэртийн замыг тавьснаар Булган гол, Дээд Доод нарийны голоор айл нүүдэллэх, нэгдлийн үйлдвэрлэл явуулах, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажил их голд, хадан хясаанд боогддог байдал арилж, малчид уул тойрон нүүдэл хийхийг товчлон зусландаа буухаас аваад мөн ч олон тээг саад арилсан гэдэг. Энэ замыг тавьсан талаар аав минь “Сум нэгдлийн ажил үйлсэд олон талын үр өгөөж, буян хишгээ хайрласан Ендэртийн замыг засаж тавихад бие хайргүй махран зүтгэж нөр их хөлс хөдөлмөр гарган ажиллаж, хэлсэн үг чанга хатуу шаардлагыг минь биелүүлж байсан Булганчууд, торгууд түмнээ, тэр цаг үе, нутаг орноо аав нь мартдаггүй юм даа. Тэднийхээ гарамгай хөдөлмөрт нь үргэлж баярлан бахархаж байдаг, одоо ч миний зүрх сэтгэлд ямагт байдаг” гэж насан буурал болсон хойноо ч ярьж байсныг хүү болсон миний бие энэ олон жилийн дараа дурсан бичихэд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэх юм даа” гэж ах минь бичсэнийг номноос уншаад уйлж билээ. Булган сумын уугуул, тус сумын нутгийн зөвлөлийн даргын албыг олон жил хашсан доктор Б.Занданшарав гуайтай Басхүү ах 2005 онд уулзсан байдаг. Ярианых нь гол сэдэв мэдээж Адууч гуай байж таараа. Занданшарав гуай “Танай аав бол Булган суманд ажил хөдөлмөрийн бүтээмжийн арилшгүй ул мөрөө үлдээсэн хүн. Тэр хүний хийсэн бүтээсэн бий болгосон нь одоо ч байсаар байна. Цаашид ч байх болно. Булган сум торгууд түмнийхээ төлөө бүхий л юмаа зориулсан хүн гэдгийг би баттай хэлж чадна.

Булган сумын төвийг тохижуулах, нийгэм соёл, сургууль эмнэлэг, аж ахуйн олон байшин барилга бариулж, мод тарьж зүлэгжүүлэн ногоон цэцэрлэг, цэнгэлдэх стадион байгуулсан. Басхүү минь мод тарина гэдэг бол их буянлиг ажил үйлс юм шүү. Иймд аавын чинь энэ буянтай ажил үйлс Булган суманд мөнхрөн үлдсэн дээ, хөөрхий. Сум нэгдлийн мал сүрэг олон жил таван төл дээрээ өсөж, төлөвлөгөөг давуулан биелүүлж, 1967 онд улсдаа тэргүүлэн төр засгийн шагнал үүрд хадгалагдах туг авч, Булган сум Алтан гадас одонгоор шагнуулсан. Бас нэг гайхамшигт ажил бол Ендэртийн замын бүтээн байгуулалт. Энэ бүхэн танай аавын гавьяа юм. Адууч дарга бол баатар л хүн” гэж бахархал дүүрэн хэлсэн байдаг.

2008 онд хилийн цэргийн хурандаа Моломын Баатарсүрэнгээр ахлуулсан зохиолчид тухайлбал, Дамдинсүрэнгийн Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир найрагч бид домогт Байтагийн застав орж эх орныхоо баруун хилээр явахдаа Булган сумын төвд Баясгалангийн Бадам баатрын хөшөөнд очиж билээ. Булган сумын төв цэцэрлэг тэнгэр баганадсан ногоон ой ёстой нэг сүрлэг сайхан угтсан юм. Энэ бол Адууч даргын байгуулсан байгууламж. Хүүгийнх нь хэлснээр “Булган сумын ирээдүй, хойч үеийнхний төлөө үлдээсэн мөнхийн ногоон өв” юм. Үнэхээр Булган сумын хөгжил дэвшлийн их түүх Адууч гуайн гавьяагаар хэмжигдэнэ. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг угтан орон даяар зарласан социалист уралдаанд шалгарч “Тэргүүний сум” болж Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн “Үүрд хадгалагдах туг”, мөнгөн шагналыг гардсан юм. Ингэж Булган сумын нийт хөдөлмөрчид баатарлаг торгууд түмэн өөрсдийн цуцашгүй хөдөлмөр зүтгэл, ажлынхаа гялалзсан амжилтаар улс орон даяар алдаршсан.

Сум нэгдлийн үндсэн гол үйлдвэрлэл болсон мал өсгөх төлөвлөгөөг олон жил биелүүлж байсан бол 1970-1974 онуудад таван жил дараалан таван төрөл дээр нь давуулан биелүүлсэн түүхэн амжилт нь Булганчуудын бахархалтай гарамгай үйлс болсон. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө МАХН-ын XVI их хурал хуралдаж, энэхүү хуралд Адууч гуай аймгаасаа төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байдаг. Хурлын төлөөлөгчид Улаанбаатар руу мордохоор аймгийн төвдөө цугларсан үед Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цогтгэрэл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ш.Хавдалд “Та нар энэ хүний юмыг нь өгүүлч дээ, одоо болоо юм биш үү” гэхэд нь Ш.Хавдал дарга Адууч гуайн цээжин дээр гараа тавиад “Манай Адуучийн энэ удахгүй томорно, та нар хэдхэн хоног хүлээ” гэж хэлэхэд нөхөд нь алга ташиж, Цогтгэрэл баатар “За ашгүй дээ, тэгмээр юм даа” гэж хэлсэн байдаг. Ингээд намын их хурлын өмнө түүхэн яруу алдарт 50 жилийн ойг тохиолдуулан улс ардын аж ахуй, соёлын салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнажээ.

Энэ тухай Басхүү ах өгүүлсэн нь: “1971 оны 6 сарын 6-ны өдөр шагнал гардуулах боллоо. Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгийн өмнө эгч А.Тунгалаг, А.Ганболд, дүү А.Бархүү, миний бие бид хэд хүлээгээд зогсож байлаа. Төрийн дээд шагнал авсан хүмүүс түрүүчээсээ гараад ирэв. Аав маань ч гараад ирэв. Бид хамгийн түрүүнд аавынхаа энгэрийг л харна шүү дээ. Гэтэл ердөө ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль байв. Аав биднийг хараад хүрээд ирлээ. Бид ааваас юм асууж зүрхэлсэн ч үгүй, аав ч таг дуугүй.Бид алхсаар гэртээ ирэх хооронд юу ч ярьсангүй. Ааваас асуух зүйл байсан ч үнэндээ чадсангүй. Аав ч юм ярьсангүй, тамхи л татаад байв. Тэр үед манайх Герман элчингийн өмнөх 60 айлын орон сууцанд байсан юм. За даа харамсмаар ч гэх үү, хачирхалтай ч гэх үү, ийм л нэг юм болсон доо, өөр юу ч хэлэх вэ дээ, үнэндээ.

Энэ цаг мөчөөс л ард олны дунд “Баатар болох ёстой хүн шүү” гэх харамслын үг яригдаж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн ч аавын минь тухай өнөөдөр ч хүртэл дурсаж байгаа нь үнэнийг мартдаггүй, сэтгэлийн сайхных юм даа гэж өөрсдийн сэтгэл зүрхээ зөөллөн, бас тэр хүмүүст баярлаж байх юм даа. Аавын минь улс эх орон, ард түмнийхээ төлөө бие хайргүй зүтгэж хийсэн, бүтээсэн үйлсийн бодит түүхэн үнэнийг нь бичсэн хүмүүсийн дурсамжийг уншин суухад өөрийн эрхгүй бурхны оронд байгаа ааваараа бахархах бас харамсах сэтгэл зэрэгцэн төрөх нь хэцүүхэн байдаг даа. Аливаа юмны мөн чанарыг үнэнээр нь хэлж чаддаг, нутаг орны төдийгүй ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тэр үед ажиллаж байсан хүмүүс “Танай аав ёстой Хөдөлмөрийн баатар болох хүн дээ. Адууч дарга баатар л хүн, одоо ч тэгж бодож явдаг” гэж чин сэтгэлээсээ харамсан хэлэхэд нь сэтгэл сэмрэх шиг болдгийг нуух юун” хэмээн сэтгэлийн хөндүүрээр бичсэн байдаг.

Төгсгөл

1983 онд Украины Киев хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд хүү А.Баатархүү нь барилдаж, хүү А.Басхүү нь Олон улсын шилэгдмэл шүүгч болж анхны дэлхийн аваргын дэвжээнээ дэлхийн алдар цуут тамирчдыг шүүж байгааг дэргэдээс нь харж хоёр сайхан хүүгээрээ бахархах алтан хувь заяа гагцхүү Адууч гуайд л олдсон юм. Түүний 10 сайхан хүүхдийнх их спортыг түшсэн гурван хүүгийнх нь амжилт дэлхийд бичигдсэн юм. Адуучийн Баатархүү ид барилдах насандаа хүнд бэртэл авч, хүний гарт орон сэтгэл санааны гүн цохилт авсан ч өөрийгөө ялж дийлэн босч, босоод зогсохгүй барилдаж улсын аваргыг 4 жил дараалан авч, улмаар 1989 оны Ази тивийн аваргын, 1990 оны Азийн наадмын мөнгөн медалийг эх орондоо авчирч ачит эцгээ амьдад нь баярлуулсан. Баатархүү гавьяатын нэгэн бахархам онцлог амжилтыг хэлэхэд, ЗХУ-ын аваргаар бүх жингийн 30 медалиас 29-ийг нь эзэн орны буюу Оросын тамирчид авахад бусад 22 орны бөхчүүдээс цорын ганц мөнгөн медалийг нь Монголын Баатархүү авч байсан түүхэн давтагдашгүй амжилтын эзэн. Тэртээ далан есөн онд Улсын начин цол хүртэж,мөн ондоо дэлхийн залуучуудын аваргад Монголын тамирчдаас анхны алтан медалийг хүртжээ. Монгол Алтайн нурууны өврөөс төрсөн анхны улсын цолтон хүчит бөхийнхөө хөшөөг 2014 оны Алтай сумын 90 жилийн ойгоор босгож алдар сууг нь мөнхөлсөн билээ. Адуучийн Басхүү 1988 оны Сөүлийн олимпоос “Алтан шүгэл”-ийн эзэн болж дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсан аавыгаа баярлуулсан бол 1993 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэж мөн л буурал болсон аавыгаа баярлуулсан юм.

2009 оны намар Монгол Улсын гавьяат багш Адуучийн Гантогтох, гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүү, гавьяат тамирчин Адуучийн Баатархүү нар, үндсэндээ ах дүү гурван гавьяат аавынхаа бариулсан цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд Ховдын ард түмэн нүдэндээ нулимстай баярлаж байсан гэдэг. Жараад оны эхээр аав нь энэхүү цэнгэлдэх хүрээлэнг нутгийнхаа хөдөлмөрч түмнийг удирдан хөлсөө урсган барихдаа хэзээ нэг өдөр үр хүүхдүүд нь эзэгнэнэ, эцгийнхээ алдрыг дуурсгана гэдгийг яахин мэдэх билээ дээ. Хөвгүүдийнх нь отгон нь болох Адуучийн Баасанхүү 1996 онд Олон улсын шилэгдмэл шүүгч болж мөн л аавыгаа сэрүүн тунгалагт нь баярлуулсан юм. Басхүү ах минь 2014 оны наадмаар Ардын багш цол хүртэж, мөн тэр жилээ дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөгдөн залагдсан анхны монгол хүн болсон. Үр хүүхдийнх нь энэ бүх гавьяа буурал эцгийнх нь гавьяа юм. 1999 оны 12 сарын 17-ны өдөр. Адууч гуай хүргэн Мэндсайхан, отгон охин Туяагийндаа байжээ.Үр хүүхдээ “Бүгд ирсэн үү” гэж асуулаа. Хүүхдүүд нь аавынхаа орыг тойроод бүгд зогслоо. Ачит эцэг нь сүүлчийн тамир заан орон дээрээ өндийн суугаад энэрэлт харцаараа хайрт хүүхдүүдээ нар зөв тойруулан “Та нарыгаа сүүлчийн удаа харж байна” гэж хэлж байгаа юм шиг удаан гэгч нь тогтоон хараад “за” гэж сулхан хэлээд өөр юу ч хэлэлгүй түшүүлэн гэдрэг хэвтжээ. Хайрт хүүхдүүдээ эцсийн удаа сэтгэл зүрхэндээ үүрд харж аваад, сэтгэл ханасан байдалтай тэднийхээ дэргэд дэрээ дэрлэн хэвтсэн чигтээ мөнхөд нойрссон гэдэг.

Ийнхүү Алтайн уулсын өндөрлөгт омогт бүргэд шиг дүүлж явсан их хүмүүн хорвоогоос үүрд буцсан байдаг. Хайрт үрсээ алтан нарны цацрагаар ивээж байгаа юм шиг сүүлчийн удаа хараад сэтгэл дүүрэн буцсан байдаг. Тийм ээ, хүмүүний амьдралд ёстой л домог шиг амьдраад буцна гэдэг энэ биз ээ. Өвгөн аав нь морин дэлэн дээрээс хайрласан Адууч гэдэг нэр өнө мөнхөд дуурсагдаж алдар гавьяа нь цагийн цагт тодорсоор байх болно. Агуу Таны бүтээсэн түүхэн он жилүүдээр тань Монголын минь гэрэлт ирээдүй бахархсаар байх болно. Алтай нурууны өндөрлөгт Алтан сүлд шиг, Алтан соёмбо шиг мөнхөд гэрэлтэх гавьяа Таны гавьяа шүү.

Categories
мэдээ утга-зоxиол

Чулуут сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ DNN.mn

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Р.Пүрэвдагва арслангийн хувьд гуравдугаар сараас хойш нэг ч барилдаан алгасаагүй бөгөөд 17 барилдаанд зодоглохдоо гурав үзүүрлэж, хоёр шөвгөрч байна.

Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, У.Батцоож нар үлдэв.

Тус барилдааны улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржид олгосон юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Пялзай: Л.Ванган маань бусдыг өөртөө уусгаж, өөрөө ч уусдаг хүн байсан DNN.mn

Түрүүч нь..

Хүрэн диван дээр биднийг суулгалаа. Ихэд айцгаав. Биднийг сүртэй загнасангүй. “Улсын ажлыг ингэж болохгүй. Цаг нартай уралдаж, сахилга баттай бай” гэлээ. Бид гарцгаахад хөлийн булчингаа шүргэсэн нэг их гоё урт хар салаа гэзэг хараанд нь өртсөн гэдгийг Ванган маань сүүлд ярьж билээ.

Тэр нь би байхгүй юу. “Ямар гуалиг бие, тэгш хөлтэй охин шатаар дээш гүйсэн гээч” гэж алдарт зураач, гуравдугаар арван жилийн дунд сургуулиас үерхсэн Л.Гаваа найздаа ярьж байжээ.

-Ч.Чимид гуай бас шадар найз нь биз дээ?

-Амгалангийн Чойжилын хүү гээд л хар багаасаа л нөхөрлөсөн. Хамтарч жүжиг ч бичсэн. Л.Гаваа нь өнчин, Л.Ванган маань даргын хүүхэд болохоор арай хангалуун, найзыгаа гэртээ байнга аваачдаг байж. “Бүжигчин л болов уу” гэхэд Л.Гаваа намайг “хайсан” байгаа юм. Тэгсэн нөгөө урт гэзэгт чинь бүжгийн танхимаас дэгдчихсэн “тууж” явна гэнэ. Тэгээд Вангандаа хэлсэн байдаг юм. Нэг өдөр Уран сайхны удирдагч дуудаж байна гэхэд өмнө нь орж загнуулж байснаа мартчихсан “Тийм ямар хүн байдаг юм бэ” гэж асууж байсан гээч (инээв). Үүнээс хойш намайг байнга гэрт хүргэж өгдөг болсон доо. Танилцаад хоёр сар хэртэй болсны дараа шинэ жилийн өмнөхөн цирк рүү намайг дагуулж оров. Хичээнгүй даргын өрөө рүү орлоо. Олон циркчин цуглачихсан байсан. Он солигдох мөчид шампанскаа буудуулахын өмнө Ванган маань “Өнөөдөр би гэрлэхээр боллоо. Хань маань энэ байна” гэж намайг танилцуулдаг юм байна.

-Үүнээс өмнө тантай амьдралаа холбоно гэж ярьсан биз дээ?

-Чи бид хоёр цугтаа их зам, хугацааг туулна даа л гэж байсан. Аавтайгаа хамт амьдарч байсан байшинд нь гал голомтоо бадраав. Манай хүний гал тогоог барьж байсан ааваас нь шанага, тогоо, галын хайчийг нь хүлээн авч билээ. Мухрын өрөө нь Ванганых. Өндөр, том гэрэл зургийн хэрэгсэл, хальсаа угаадаг сав суулга нь дийлэнх юм. Манай хүн чинь сүрхий зураг авдаг, “Зорький” гэдэг аппараттай. Москвад байсан оюутнууд дотор зураг авдаггүй хүн гэж байгаагүй гэдэг шүү. Ванган маань хүний дээд гэвээс зохих гайхамшигтай хүн. Давтагдахгүй авьяасаас гадна хүмүүжил, ёс зүйн дээд үлгэрлэл юм даа. Л.Цогзолмаа, Л.Жамсранжав, Д.Пүрэвдорж, Ц.Гантөмөр нар түүнд өчүүхэн ч хир халдаадаггүй юм. Дэндүү хүнд ойрхон, дэндүү ихээр хүнд уусдаг, өөртөө уусгадаг хүн. Маш хурдан сэтгэдэг. Өөрт нь хандсан зохиолч нөхдөд ямар элгэмсгээр зөвлөнө гээч. Зууралдаад л байна. Нөгөөдүүл нь төвөггүй ойлгож мэдэрдэг нь Ванганы маань хурц, түргэн ухааны ач. Хүнээс ер залхахгүй, өөрийгөө огт харамладаггүй. Өөрөөсөө илүү хүн гаргах гэж урдуураа л гишгүүлэх гэж зүтгэнэ. Олон зохиолч, жүжигчин Монголд гараасай билээ гээд л байна. Болд сайд, Л.Ванган хоёрын үед найруулагч, жүжигчин бэлтгэх анги байгуулагдсан юм шүү дээ. Гар нийлж гайхамшгийг бүтээсэн, бие биенээ жолоодон түлхүүрдэж олон уран бүтээлч төрүүлж бойжуулсан хоёр доо.

-Л.Ванган гуай бол нэртэй найруулагч, том зохиолчоос гадна Монголын хөдөө орон нутаг дахь театр урлаг, соёлын байгууллагуудыг үүсч хөгжихөд, театрын үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үүх түүхээс нэлээд уншиж байлаа. Ховд аймагт театр урлагийн үйл ажиллагаа явуулсны дараа тухайн аймгаас Л.Ванган гуайд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож бэлэг дурсгал гардуулж л дээ. Түүн дотор ирсэн үйтэн хуараар танд дээл хийлгэсэн, та түүнийгээ 40 жил тасралтгүй өмссөн гэж сонссон юм байна?

-Тийм, тийм. Тэр дээл чинь Л.Ванганы маань хөдөлмөр хөлс, их ухааны шим шингэсэн сэтгэлийн бэлэг байхгүй юу даа. Олон ястны өлгий, Их нууруудын хотгор бол ховдчуудын бахархал. Тэдний сэтгэл бас шингэсэн. 1959 онд хятад оронд хоёр сар 20 хоногийн хугацаагаар аялан тоглолт хийлээ. Бээжин, Шанхай, Кантон, Гуаньжоу гээд л хорь гаруй хотод зуугаад хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хүргэсэн юм. Мао Зэдунтэй гар барьсан хүн дээ. Хамгийн сүүлд Хөх хотод хаалтаа хийж билээ. Үүний дараах жил Соёлын сайд Л.Ванганд “Ховдод, олон ястны нутагт театр соёлын ажил явуул. Багаа өөрөө бүрдүүл” гэсэн юм. Ийнхүү 18 аймаг нийслэл хотод урлаг соёлын арав хоногийн үйл ажиллагаа явуулах үйлсээ Ховд аймгаас эхэлсэн юм даа. Хоёр, хоёр жилийн хугацаатай явуулсан энэ үйл ажиллагааны долоон аймгийнхыг нь миний хань удирдсан даа.

-Багийн бүрэлдэхүүнд нь хэн, хэн ажиллаж байв?

-Маш хүчирхэг бүрэлдэхүүн энэ том ажлыг нугалсан. Туслах найруулагчаар С.Галсанжав, дууны багш нь дэнхэр Д.Лувсаншарав, хөгжмийн багш нь “мөнгөн шүд” Чимиддорж, зураачаар найз Л.Гаваа нь гээд бод доо. Оёдлын мастераар нь Б.Балжмаа гуай ажиллаж байсан.

-Ямар аймгуудад ажилласан юм бэ?

-1954 онд Ховдод, 1955 онд Баян-Өлгийд, 1957 онд Булганд, 1959 онд Хөвсгөлд, 1961 онд Өвөрхангайд, 1963 онд Архангайд, 1965 онд Сүхбаатарт. Харин 1967 онд Москвад болсон олон улсын кино фестивальд шүүгчээр ажилласан юм. Зөвлөлтийн аугаа их найруулагч Бондарчук “Хүндэт жюригээр Монголын алдарт найруулагч Л.Ванганг гэргийн хамт урьж байна” гэсэн урилга ирүүлсэн юм. Тэр фестиваль 14 хоног үргэлжилж, Итали, Франц, Герман гээд олон орны кино үзэж нүд алдан биширч билээ. “Россия” зочид буудлын 26 дахь давхарт байрлаад л. Монголоос “Тус биш ус” кино оролцсон доо. Энэ кинонд Лхасүрэн маань тоглосон юм.

-Ямар орны кино таалагдаж байв?

-Орос киног бол сайн ойлгочихно. Бусад нь хэл мэдэхгүй ч их сонирхолтой. Италийн нэг киноны жүжигчин хүүхнийг үнэхээр биширсэн, Монголын маань Ө.Эрэнцэнноров, Л.Цогзолмаа юм даа гэж бодоод л.

-Нэрийг нь санаж байна уу?

-“Монте Кристо” киноны гэргийн дүрд нь тоглодог юм л даа. Сайхан ч бүсгүй дээ. Модиляни.. хэн билээ дээ. Италийн гайхамшигт жүжигчин хүн. Бас Францын Марилени гээд гайхамшиг байна. Нөгөө Чингиз Айтматов тэнд байсан. Ванганы найз юм билээ. Тэд зайгүй ярилцаж хөхрөлдөөд л. Тэр үед ханийнхаа өгсөн том шар, цэнхэр хээтэй үйтэн хуар дээлээрээ гоёчихсон алхаж явлаа шүү дээ. Дөчин жил өөрийгөө чимж явлаа. Монгол кино үйлдвэр зэрэг байгууллагуудын хүндэт самбарт энэ дээлтэй зургаа л тавина шүү дээ.

-Тэр дээл одоо байгаа юу?

-Швейцарьт байгаа охиндоо өгсөн юм. Тэр маань өмссөөр байгаад хамаг хаваас, оёдол нь сэмрээд өмсөх аргагүй болсон байна лээ.

No description available.

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т тавьсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нээлтийн үеэр. (Зүүнээс: Зохиолч Б.Цогнэмэх, Т.Пялзай, найруулагч Н.Наранбаатар)

-Л.Ванган гуайн “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Тэмцэл”, “Талын цуурай” гээд олон киног бид мэднэ. Жүжиг гэхэд л “Тожоо жолооч”, “Эмч нар”, “Арвай хээрийн талд” гээд л цуврана шүү дээ?

-“Арвай хээрийн талд” жүжиг бичсэн түүх гэхэд л сонирхолтой шүү. Л.Ванганыг Өвөрхангайд ажиллаж байхад хэдэн зохиолч гэртээ урьж л дээ. Очсон айлын гэрийн эзэн нь Жанчив гэдэг хүн байж. Манай хүн Жанчиваас “Танай Арвайхээрийнхэн чинь ямар сонин хувцасладаг юм бэ. Өмссөн дээлийн хормой нь өвдөгнөөсөө нэлээн дээгүүр, шуугаад өмсчихсөн болохоор бүсээ дарчихсан, дээлийн хоёр ханцуй нь гутлын түрийдээ хүрсэн нударгатай байх юм. Дэгжин ч юм уу, нэг л сонин юм. Нэг нь мориныхоо дэлэн дээр хөлөө ачих шахам, нөгөө нь эмээл дээрээ хөндлөн “тухалчихсан”, ханцуйн дотроо гараа барилцчихсан нь Юндэн, Нансалмаа ч юм шиг” гэж ярьсныг Жанчив хүүдээ өгүүлсэн юм билээ. Халзан Тавхайн дүр эндээс л ургасан хэрэг. “Арвайхээрийн тал” жүжгийг газар бүрд тоглож чадаагүй нь Г.Гомбосүрэнтэй холбоотой шүү дээ.

-Яагаад?

-Түүн шиг Халзан Тавхайн дүрийг давтал нь тоглох жүжигчин ахиж гараагүй юм.

-Жүжиг, киноны зохиол бичих үедээ тантай санал хуваалцдаг байсан уу?

-Надаас зөвлөгөө авна гэж юу байх вэ. Харин “ингэнэ, тэгнэ” гэдгээ хэлж сонирхуулна. “Сэрэлт” киног бичиж байхдаа надад “Бумаа гэдэг эмэгтэйн дүрд Т.Цэвээнжав гуайг тоглуулна даа. Яг мөөн. Ламын дүрд З.Цэндээхүү гуай яг тохирно. Тэр “лавлаа” Даш чинь Ц.Цэгмид шүү дээ” гээд найруулагчийн хувьд урьдчилан оноочихсоноо сонирхуулна шүү. Түүний бичих хурд, сэтгэх чадвар асар өндөр.

-Би Монгол түмний хайртай, хүлээлттэй жүжиг болсон, одоо удахгүй шинэ тавилттайгаар үзэгчдэд хүрэх гэж буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Модуны дүрд Н.Наранбаатарыг тоглоно гэж бодож бичсэн юм. Гэтэл найруулах болчихдог юм даа.

-Ээ дээ, монголчуудыг бадраасан ийм түүхэн том жүжгийг Н.Наранбаатараас өөр хэн найруулах вэ. Байхгүй. Та хоёрын өнгөрсөн жилийн зун манай Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт тавьсан “Асарын өндөр” түүхэн жүжгийг үзээд үнэхээр буурай нь огшлоо шүү дээ. Хүннүгийн тухай ийм лут жүжгүүд ахиад гарахад бэрх дээ. Харин нэг зүйлийг х элэхэд эдүгээ үед жүжгийн зохиолч тун ховор байна. Та нар маань олон болоосой.СУИС гэхэд л зүтгүүлээд байхад л зохиолч төрөхгүй юм. Л.Ванган, Э.Оюуны үед ч ийм байсан. Ямар сайндаа л манай хүн жүжгийн зохиолч төрүүлэх гэж гэрээ дугуйлангийн байр болгох вэ дээ. Сэтгэл нь тэр юм. Хань минь арай урт насалсан бол Монголын театр урлагт олон уран бүтээл, өв үлдээх байсан даа гэж харамсдаг.

-Нэгэн үед ид туурвиж байсан жүжгийн зохиолч Д.Намдаг гуайтай Л.Ванган гуай хэр харилцаатай байсан бэ. Нийлж зохиол бичиж байсан уу?

-Манай хүн Намдагийг их хүндэлнэ. Жүжгийн хувьд үгүй. Харин киноны хувьд байсан байх. Д.Намдаг гуайн жүжгүүдийг манай хүн найруулж тавина. Зарим тавигдахгүй, болохгүй шүүмжлэлд өртсөн жүжгүүдийг нь Л.Ванган засаад л тайзнаа амьдруулчихна. Ийм учраас л манай хүнийг “Гацаа гаргагч” гэж театрынхан хэлдэг л дээ.

-Тухайлбал?

-Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжиг найман удаа хянагдаад батлагдаагүй юм. Л.Ванганыг Ч.Лодойдамба гуай дуудахад нь очоод л зохиолын ялихгүй хэсгийг нь хөдөлгөөд л батлуулчихаж байгаа юм.

-Ч.Чимид гуайтай хамтарч жүжиг бичиж байсан байх аа?

-Жүжиг ч бий. Гэхдээ кино нь олон байх. “Тэмцэл” кино байна. Бусад бүтээлдээ санал солилцох нь олонтаа шүү.

-Зохиолч, найрагчидтай их дотно байсан юм байна лээ?

-Бурхан бөөнөөр нь Монголд заяаж төрүүлсэн гайхамшгууд байна. Ц.Гайтав, Б.Явуухулан, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн, Д.Пүрэвдорж, П.Хорлоо, Д.Сэнгээ, Ш.Гаадамба гээд л… Алийг нь нэрлэж барах вэ. Манай хүн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай их нөхөрлөсөн дөө. Тэднийд байнга очно.

 

Ярилцсан

Битогтохын ЦОГНЭМЭХ

 

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Пялзай: Л.Ванган маань бусдыг өөртөө уусгаж, өөрөө ч уусдаг хүн байсан DNN.mn

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Л.Ванганы гэргий Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, найруулагч Түмэнбаярын Пялзай гуайтай ярилцлаа.


-Та сайхан өвөлжиж байна уу. Урин цаг наашилж, хөхөө өвлийн хүйтэн шувтрах аястай. Энэ өвлийг тавтай давсан тань Таны лагшнаас гэрэлтэж байна аа?

-Туулай жилийн өвөл жихүүн, цас ихтэй хэрнээ нуруутайхан болж өнгөрөв үү гэж бодож сууна. Би Хөвсгөл аймгийн Бүрэн сумын малч, нүүдэлч айлын хүүхэд л дээ.

-Аан, алдарт Эрчимийн нурууны үр сад юм байна шүү дээ, Та?

-Завханы Их-Уул сумтай залгаа. Дэлгэр мөрөн рүү орохоороо Эрчимийн нуруугаа давдаг юм. Үзэсгэлэнт, дагшин уул усандаа 1931 онд төрж, 15 нас хүртлээ Дэлгэр мөрнийхөө дэнж дээр, Эрчимийн нурууныхаа суганд ээж аавынхаа нөмөр дор дөрвөн улирлаараа өлгийдүүлж өссөн дөө.

-Төрсөн бууцын тань алдар сүрийг сонсъё?

-Дулаанхан уулын зүүн суган дахь Өгөөмөр толгойн өвөрт 1931 оны модон хонин жилийн хавар төрсөн байдаг юм.

-Танайх голдуу ямар малтай байсан бэ?

-Тэмээнээс бусад нь.

-Нүүж суухдаа үхэр тэрэг л хөллөдөг байж таарах вий. Данхайсан хайнагийн шар гээд л?

-Ай даа. Хайнагийн шар уу. Сайхаан. Сарлаг, монгол үнээ холимог саана. Хонь ямаагаар дунд зэрэг. Адуу, үхэр гээд урт хөлийн мал ихтэй.

Москва.Кремлийн тайзнаа. Л.Ванган, Т,Пялзай нар.1967 он.

-Энэ жил хаа сайгүй цас их уналаа. Танай нутагт цас лавсаа биз?

-Манай Эрчимийн нуруунд унадаг цасыг эндхийнхтэй яаж зүйрлэх вэ. Тэр их цасыг ердийн хөсгөөрөө туулна. Урт хөлийн мал нь бог малаа дагуулаад л цас хагалж зам, харгуй гарган нүүдэллэнэ. Хурга, ишигний хөлд л хөөцөлдөж өслөө. Овоо томрохоороо тугал бяруунд хөл гараа гишгүүлээд, тэдэнтэйгээ “зодолдоод” л. Номховтор морио унаж мал хуйгаа эргүүлэх сайхан шүү.

-Та эдүгээ монгол насаар 94 насыг зоогложээ. Тун ануухан, хөнгөн шингэн байгаа тань хөдөөнөө өссөний л үр шим буй за?

-Байгаль, агаар, ус.. Тэр үеийн мал сүргийн мах сүү, цагаан идээний шим байна. Ижий аавын өсгөсөн, хүн болгосон ачлал нь миний маханбодид шингэсэн байна. Би маш сайн ястай, чөмөгтэй (инээв). Эндээс цус эрүүл, ухаан саруул байгаа хэрэг. Нүүдэлчин монголчуудын малтайгаа харьцаж байгаа ухаан гайхамшгийг бүтээдэг юм. Монгол мал тун ухаантай. Ухаандаа түүчээ шар гэж байх.

-Тэргүүлдэг, магнайлдаг гэсэн үг ээ дээ?

-Тийм ээ. Ээжийн дүүгийн хар тарлан түүчээ шар байв. Араас нь арваад шар хөллөж зүүгээд Мөрөнгийн төвөөс мод буулгачихаад тавихад тухайн үеийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаагаа төвөггүй олчихно. Завод өнгөрөөд л дөрийг нь толгойд эвхээд түүчээ шараа явуулчихна.

-Малч охины хувьд хайртай шар байсан байж таарна?

-Миний хайртай бор эрээндүү хүрэн халзан шар байлаа. Аав, ээж хоёр надад зүсэлж өгсөн юм. Бяруунаас нь түүнтэйгээ ноцож зодолдож, унаж босч зэрэг өсөв. Мориноос ойчихоос илүү шарнаас унах их хатуу шүү. Яагаад гэвэл шар эврээ дэвсдэг, морь дэлээ дэвсдэг гэж ярьдаг шүү дээ.

-Ер нь хайнагийн шарыг гүйцэх амьтан бий гэж үү дээ?

-Монголын үнээ, сарлагийн бух хоёрын дундаас төрсөн хайнагийн шар маш хүчтэй. Хүнээс ч илүү ухаантай байж мэднэ. Монгол шарыг бодоход жаахан ааштай ч эзэнтэйгээ ойлголцоно. Монгол хүн, монгол мал хоёрын бүтээсэн хөдөлмөртэй ертөнцөд юу эгнэх билээ. Дөрвөн улирлыг томж, сүлжиж байна. Нүүдэлчин монголчуудыг яагаад яргай ухаантай гэж нэрлээд байна вэ гэхээр малтайгаа, байгальтайгаа харьцаж ирсэн уламжлал, нүүж сууж, саалиа боловсруулж ирсэн өв соёлтой холбоотой.

-Яах аргагүй монгол үндэстний дархлаа нь эндээс л ургадаг, энд оршдог шүү?

-Монголоо аврах хэдэн мянганы туршид бий болсон дархлаа юм. Эрт цагаас улам хөгжиж, дэвшиж, нарийсч төгөлдөржсөн ухаан. Яргай ухаан гэдэг чинь энэ.

-Хотгойд хүн ходоодондоо санаатай гэдэг үг бий шүү. Та хотгойд уу, халх уу?

-Үүнд би хоёр хариулт өгч таараад байдаг юм. Миний төрсөн ээж, аав бол Зэвэг, Дуламсүрэн гэдэг халх хүмүүс юм. Зургаа, долоон хүүхэдтэй айл. Намайг өргөж авсан айл бол ёстой хотгойд доо. Хотгойд хүн ходоодондоо санаатай гэдэг нь аливаад хашир, нэлээд гүнзгий боддогийг нь хэлээд байх шиг санагддаг юм.

-Та бид хоёрын яриа яах аргагүй Цагаан сар руу дөхөж байна. Хэдхэн хоногийн дараа золгох нь дээ. Багад тань Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байв?

-Манай Хөвсгөлд дугуй хэвийн боов гэж мэддэггүй шүү дээ. Хавсай боов гэж гурилыг дөрвөлжлөөд дунд нь нэг хоёр зүснэ. Жаахан чангаагаад хэд эргүүлчихнэ. Самнаа гэдэг чинь тэр. Бас зүгээр хагалаад хайрах нь бий. Хавсай юм л даа. Харин миний багад лав хэвийн боов тавьж байгаагүй.

-Манай Хан Хөхүйн элжигэн халхчууд мушгиа боовоо хийдэг л дээ. Тэр үед хэр нүсэр тэмдэглэдэг байв. Одоо “минималист” тэмдэглэх гээд уриалж байна?

-Үндэсний баяр, ёс заншил болохоор хэрдээ л нүсэр цагаална. Тус тусын өвөлжөөндөө л тэмдэглэнэ. Айлын бэр болж, уул давж, ус гатлаад хэдэн өртөө холдсон бүсгүй үр чинь хавар амжихгүй зун ирж золгодог тохирол олонтаа шүү дээ. Нүүдлийн ая дагаж Цагаан сараа тэмдэглэхээс өөр аргагүй. Одоотой адилгүй. Харин бууз гэдгээ ёстой хийнэ шүү. Банш хийхгүй. Өөр цагт хуушуураа ч сайн хийнэ. Сүү, тараг, айргаа аль намар цагт юм царцдаг болонгуут бэлдэж эхэлдэг. Өрөм, ээзгий, хайлсан тос гээд л. Өвлийн пүнзэндээ хураачихна. Ууцаа тавина. Харин манай нутагт бусдаас өөр заншил яах аргагүй гарна.

-Тэр нь юу билээ?

-Бөөгийн шашин тархсан болохоор арай өөр. Манайх бол буддын мөргөлтэй. Бэр маань дархад ястан учраас Цагаан сараа ёс заншлын хувьд “хольж” тэмдэглэж таардаг байв. Ууцаа тавихдаа адил ч бөөгийн шашны хийх зан үйл нь өөр. Битүүнд, шинийн нэгэнд бөөлнө. Хотгойд айл хэрнээ бөөг дагана. Бөөгийн шашинтай айлтай худ ургийн холбоотой болохоор тэгж л таарна. Бие биеийнхээ ёс журмыг тун хүндэлнэ. Дархадаас оргуулж ирсэн Яйшил гэдэг эмэгтэй удган маань халх, хотгойдуудтайгаа тун эвсэг байсан даа. Бөөлөхийн өмнө хоёр гурван хоног гэр бүлээрээ бэлдэнэ. Сааль сүүгээ тусгайд нь саана. Бөөлөх нь тун хүчтэй шүү. Хүмүүс нам гүм болно. Их бөөлж, онгод нь орохоороо сүрдэм, бас хүчтэй, шидтэй. Чигээ зайран гэж Яйшил удганыхаас дээр нутагладаг бөө байв. Тэд маань байгаль дэлхийгээ их аргадаж хавар, зун, намарт бөөлж байсныг би мэдэх юм. Намар цагт Эрчимийн нуруунаас эх авсан Чигжийн гол зэрэг олон голоо гаталж нутаглаад Сүүжийн урд гуяны урт цагаан хамар дээр Яйшил удган бөөлж байсныг би мартдаггүй юм.

-Манай Хан Хөхүйд бас Чигжийн гол гэж байдаг шүү. Тэндээ бас бөөтэй байсан юм билээ?

-Сонин юм аа.Чигээ зайран болохоор Загийн аманд бөөлнө. Тултын тохойд ч бөөлдөг байсныг санаж байна.

-Тул ихтэй тохой байж дээ?

-Манай Мөрөнд тул маш их байсан юм. Одоо байхгүй дээ. 1960 онд аймаг бүхэнд хөх хувцастай хятадууд урдаас ирж хуваарилагдлаа шүү дээ. Намайг хотод байхад Бүрэнд олон хятад очсон юм билээ. Бүрэн суманд байх хугацаандаа Тултын тохойн тулуудыг бүгдийг нь бариад идчихсэн юм байна лээ. Манай Мөрөнгийнхний хайрлаж, дээдэлж ирсэн сайхан тул загасны сүргийг хятадууд дуусгасан юм.

-Таны бага насан дахь Цагаан саруудаас санагдаж байна уу?

-Сургуульд орсон жилийнхээ Цагаан сарыг ер мартдаггүй юм. Биднийг Мөрөнгөөс морь хөтөлж ирээд аваачна. Ойр хотнынхон нэг гэртээ цуглаад ямар сайхан битүүлнэ гээч. Өглөө маш эрт босч цай сүү, идээ будааныхаа дээжийг уул хангайдаа өргөж аргадна. Хотоо тойруулж ганга өвсөөр утаж ариулна. Бас намар хатаасан хүнхээлийг аргалын гал дээр ногооноор нь шатаахад мөн сайхан үнэртэй шүү. Хоолонд ч хэрэглэдэг ургамал.

-За яриагаа таны хотод хөл тавьсан үе рүү хандуулъя. Яагаад хот бараадах болов?

-Би 15 настайдаа Улаанбаатарт хөл тавьсан л даа. Ээж бид хоёр хавар малаа авчирч төллүүлдэг Улаантолгой гэдэг газарт өвөлжиж байв. Сургуульд сурдаг хүүхэдтэй айлынхан нэг гэр гаргаж Мөрөнд ойрхон өвөлжүүлдэг байсан. Аав үндсэн малтайгаа Олон голын бэлчир рүү хол өвөлжинө. Хамаатныхаасаа гараад Дэлгэр мөрний мөсөн дээгүүр гүйгээд л харьчихдаг байсан. Манай ангийн багш Чиенпил гэдэг бүсгүй. Нөхөр нь сургуулийн захирал Нанзад. Тэд маань хотоос томилогдож ирсэн юм. Би хоёрдугаар ангид байхдаа гэрээ санаад олонтаа оргох болсон. 15-16 км ойрхон газар. Гуравдугаар ангид байхад миний ижий Түмэнбаярыг сургуулийн хашааны нэг буланд буулгасан. Охин чинь оргож яваад юу эс болох вэ гээд болгоомжилсон хэрэг. Энэ үеэр ижий маань Чиенпил, Нанзад нартай их дотноссон. Намайг тавдугаар ангид байхад тэр хоёрын томилолтын хугацаа дуусав. Тэд ижийг маань охиноо авч яваад хот үзээч гэж. Аав шууд дэмжээд л. Малын буянаар нүүртэй ч, мөнгөтэй ч байж дээ. Одоогийн Нэгдүгээр эмнэлгийн зүүн урд талд маш том хашаанд Нанзадын ээж Өлзий гуайнд хөдөөнөөс ирээд буулаа.

-Тэнд Хатанбаатар Магсаржав, Амар сайд гээд томчууд амьдардаг газар байсан юм байна лээ?

-Үнэн. Монголын гайхамшгийн эзэд тэнд амьдардаг байсан. Хамгийн эхэнд миний хань жүжгийн их зохиолч Ванганы маань аав Ламзав амьдардаг байв. “Выставка”-гийн суурин дээр. Тэгээд л үргэлжилнэ. Тэнд Ерөнхий сайд П.Гэндэн гуай хүртэл амьдарч байсан юм байна лээ. Хөндий шалтай, дээгүүрээ бүрхүүлтэй маш том гэрүүд байдаг сан. Хавар болонгуут хөндий шалныхаа хаяавчийг авчихна. Хананыхаа давхарласан эсгийг авна. Хажуудаа галлагааны болон зочид хүлээн авдаг бага гэрүүдтэй. П.Гэндэн гуайн гэх улаан дүнзэн сайхан байшинг сүүлд нураахад их харамссан. Түүний охин Цэрэндулам ШУА-ийн эрдэмтэн Б.Содномын гэргий байсан шүү. Түдэвийн Кайлас уулын нууцыг судалж байсан Рерих гэхэд Лениний музейн хойно амьдардаг байсан. Түүний улаан дүнзэн байшинг саяхан арав гаруй жилийн өмнө бас нураачихаж байгаа юм.

-Түүхийн дурсгал шүү дээ?

-Тэр хүн Монгол бол аугаа гайхамшгийн, нууцын орон, Чингисийн үр сад мандан бадрах ёстой гэж судалж, тэмцэж байсан хүн л дээ.

-За, ингээд та хотод хөл тавьжээ. Соёлыг “гайхаж” эхэлсэн биз?

-Нанзад гуайн ижий Өлзий манай ижийг дагуулж “Бөмбөгөр ногоон”-д “Учиртай гурван толгой”-г үзүүлж л дээ. Ээж буцаж ирчихээд охиноо яаж ийм сайхан жүжигчин хүн болгох вэ гэсэн юм билээ. Чиенпил багш бүжгийн багш шүү дээ. Шууд дэмжээд л намайг хөгжим бүжгийн сургуульд аваачиж шалгуулав. Тэнцдэг юм байна. Тэгээд тэр чигээрээ Улаанбаатарт үлдээд 1947 оны есдүгээр сарын 1-нд бүжгийн ангидаа суралцаж эхэлсэн дээ. Азтай хүн шүү, би. Бөмбөгөр ногоон театрын бүжгийн найруулагч Рамоновский гэж хүн байлаа. Монгол бүжгийн багш нь Лувсангунгаа гэдэг хүн байсан. Зургаан эмэгтэй, зургаан эрэгтэй сурагчтай.

-Хэн хэн байв?

-А.Очирбат, Хишигт, Энхтуяа, Цэрэндулам нар алдарт Ц.Цэгмид, З.Цэндээхүү нарын багштайгаар 12-уулаа жүжгийн ангид суралцаж байсан. Мөн театрын мэргэжилтэн Сболновский гэдэг хүн байлаа. Хөгжмийн ангид Санжмятав гээд лут багштай. Ийм сайхан 60 гаруй хүүхэдтэй сургуульд орсон. Гурван жил суралцаад төгссөн.

-Та нар “Бөмбөгөр ногоон” руу л “зүглэсэн” үү?

-Эмэгтэйгээс би, Лхам, Дуламсүрэн, эрэгтэйгээс “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ буюу Н.Баатар, Гунгаажав, Агваандаш бид хэд “Бөмбөгөр ногоон” руу хуваарилагдаж бусад нь Ардын болон Цэргийн ансамбльд очсон. Ингэж л ээжийнхээ хүслийг биелүүлж чадсан даа. “Манай аялгуу”-д бүждэг алдарт “үелзүүр” С.Дашдуламын шавь болж бүжигчин болов оо.

-Энэ үед л та Л.Ванган зохиолчтой танилцсан байх гэж таамаглаж байна?

-Яг тийм. Бүжигчнээр ажиллаж байхдаа л ханийнхаа нүдэнд өртөж гэргий нь болсон доо.

-Та түүний нүдэнд хэрхэн “өртсөн” тухайгаа сонирхуулаач?

-1951 онд Л.Ванган маань хойно найруулагч мэргэжил эзэмшээд төгсөж ирээд театрт уран сайхны удирдагч хийж байв. Завхан аймгийн Түдэвтэй сумын Галуутайн голын хавьд Бор эрэг гэдэг газар төрсөн хүн шүү дээ.

-Түүний дүү Л.Нацаг гуай Ж.Раднаабазар нарыг Монголын циркийг үндэслэгчид гэдэг байх аа?

-Тийм. Бас Гомбо гэж хүн бий.

-“Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяны эхнэр болон “Хүргэн хүү” киноны Жамц баяны эхнэрийн дүрд тоглодог Л.Цэндсүрэн гуай бас дүү нь бил үү. Удмаараа авьяастай юм даа?

-Өргөмөл дүү нь л дээ. Говь-Алтайн Хөх морьтын охин. Хотод аав ээж нь Д.Ламжав гуайнхтай айл аймаг байхад дасаад урвачихсан юм гэнэ лээ.

-Тэгэхдээ төрх царай нь Л.Ванган гуайтай адилхан л юм байна лээ?

-Учрал гэж тэр байхгүй юу (инээв).

-Бид хоёрын яриа яльгүй өргөжих нь. Л.Ванган гуайтай танилцсан түүхийг тань дахиж сөхье?

-Л.Ванганы аав нь Шүүх яамны сайд байхдаа хилс хэргээр шоронд арван жил суугаад гарч ирсэн байв. (1946 онд). Хэлмэгдүүлэлтийн үеийг бид мэднэ. Гэндэн-Дэмидийн эсэргүүний бүлгийн гишүүн гээд 1937 оны есдүгээр сарын 2-ны шөнө баригдсан. Японы тагнуул гэдэг “онош”-тойгоор. Яс цоожны ягаанд ялаа эдэлсэн. Сүүлд бүр яр хүйтний ягаан болсон. Тэнд хоригдогсод цаазлуулах гэж явахдаа “Баяртай аа, нөхөд минь” гээд туугдан явдаг байсан гэдэг, хөөрхий. Манай хадам аав, Дорнод аймгийн дарга Шагдар хоёр өнчин хүүхдүүдтэй гэдэг шалтгаанаар цаазын ял сонсогчдоос амь гарсан юм билээ.

-Хүүхдүүд нь “аварч” дээ?

-Үрийн буян юм даа. Л.Ванган маань ээжийгээ 1936 онд алдсан байв. Хань маань Рабфакт сурч байхад нь эсэргүүний хүүхэд гээд арваннэгдүгээр сард хөөгдсөн. Гэр хашаандаа очиход нь өндөр цагаан хүүхэн гарч ирээд “Манайх худалдаж авсан” гэхэд нүд нь харанхуйлж хаалга түшин, хөлдөж үхэх шахан уйлж суусан гэдэг.

-Л.Ванган гуай хэдтэй байсан юм бол?

-17-хон настай хөвгүүн манаачийн шовгорт хоноглосон юм билээ. Ламзав гуайн дүү бол гавьяат жүжигчин Алтан-Өлзийгийн аав Чүлтэм шүү дээ. Сурагласаар байгаад арайхийж олж л дээ. Дунд голд байсан хашаанаас нь хамсаатан гээд бас хөөсөн байж. Хоёр охин нь хүйтнийг даалгүй хатгаагаар бурхан болсон гэдэг. Ай, хэцүү цаг байж. Гэргий Ц.Отгон нь зовж шаналаад нэг үе үс гэзэг нь сэгсийсэн энгэр задгай, галзуу юм шиг болчихсон байсан гэж л Л.Ванган маань гашуунаар дурсан ярьдаг сан. Ийм хэцүү замыг туулсаар хойно сурч ирээд “Бөмбөгөр ногоон”-д ажилласан хэрэг.

-Анхны уулзалтаа ярих уу, Та?

-Манай хүн дүү Л.Нацагаар дамжин цирктэй холбогдож, бүр алдарт Волошины хэлмэрч, орчуулагч хийж байсан юм. Циркийн дарга Хичээнгүй Л.Ванганыг хойно сургуульд сурахад их тус хүргэсэн. Тэднийх одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль байгаа газарт орших “Ухаантны шар” гэдэг найман айлын нэг нь байж.

-Ухаантны шар гэдэг нь манай урлаг, соёлын мундгууд байсан учраас тэгж дууддаг байсан хэрэг үү?

-Эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай, жүжигчин С.Гэндэн, С.Гончигсумлаа, З.Цэндээхүү гээд л алтан үеийнхэн, урлагийн их тэнгэрүүд тэнд амьдардаг байв. Бид хөгжим бүжгийн сургуулиа төгсөж ирээд “Бөмбөгөр ногоон” театртаа нэг удаа мосакт оров.

Үүний дараа “Учиртай гурван толгой”-гийнхоо мосакт гарав. Дөрвөн давхарт байдаг үйлчлэгчийн өрөөнд ороод л Ө.Эрэнцэнноров, Ц.Цэгмид, Б.Мижиддорж нарын тухай шагшин шуугин ярьж байлаа.

 

БИТОГТОХЫН ЦОГНЭМЭХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Б.Ичинхорлоо: Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол хүлээж байна DNN.mn

Үндэсний төв номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-МЗЭ-ийн 95 жилийн ой боллоо. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа, нийт уншигчид, сэтгэн туурвигч зохиолч, бүтээлчдэдээ 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таны хувьд баярын хурал дээрээ тавьсан илтгэлдээ “Монголын оюун санааны их нүүдэл дэлхий рүү нүүх цаг нь болсон” гэж хэлсэн. Аль ч нийгмийг зохиолчид хөтөлж явдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харах цаг нь болсон. Миний илтгэлдээ хэлсэн зүйл маань энэ л дээ. Зохиолчид хөгжих ёстой болсон. Зогсонги байна, үүнийгээ бид өөрсдөө ерөөсөө харахгүй байна. Яг нэг газартаа очоод гацчихсан. Ер нь Сүхбаатарын хөшөө шиг болчихсон. Тэмүүлэлтэй, ургах наран зүгт гараа өргөсөн, унаа морь нь цоройсон ч гэсэн урагшилдаггүй. Тиймээс бид ямар ч байсан хөдөлгөөнд орох ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч жаахан боловч ололт, амжилт бидэнд байгаа.

Дэлхий дахинд Монголын утга зохиолын уншигчид нэмэгдэж байна. Хэрвээ 95 жил насласан мэргэжлийн төрийн бус байгууллага юм бол гишүүдийнхээ хандах зүгийг тодорхойлох ёстой гэж бодсон. Тийм болохоор “Дэлхий рүү нүүцгээе” гэдэг уриалга гаргасан юм. Яагаад гэвэл манай зохиолчдын чадал чансаа шавхагдаагүй. Хамгийн гол нь энэ зүйл дээр сайн орчуулагч, сайн уншигч, оюун санааны хамгийн үнэтэй зүйл болох нүүдэлчдийн ухамсар чухал. Бидний дэлхийд сонин харагдах гол өнцөг бол ахуй, оршихуй, сэтгэлгээний онцлог байгаа юм. Талын нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг бол тавиун цараатай сэтгэлгээ. Гэтэл энэ сэтгэлгээнийхээ онцлогийг хэлний бэрхшээлээс ч юм уу, цөөхөн хүн ярьдаг монгол хэлээр бичдэгээсээ болоод дэлхий дахинд гаргаж чадахгүй байгаа юм. Хэрвээ Монголын утга зохиолын амин сүнс рүү орсон судалгаа байх юм бол манай зохиолчдын бүтээл дурын хүн бичээд байдаг зүйл бас биш. Үүн дээр бид үнэндээ бардам байж болно. Гагцхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах онцлогоо олон хүнд хүргэх хэлний бэрхшээл болоод өөрсдийн маань мөч хүрэхгүй байна даа.

-Соён гэгээрэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Түүн рүү хөтөлдөг зохиолчдыг яаж бэлтгэх вэ?

-Үүнийг хоёр талтай авч үзэх ёстой. Ер нь бид нийгмийг соён гэгээрүүлнэ гээд л социализмын үеийнх шиг уриалаад явах биш. Харин хүмүүсийн зүрх сэтгэл дотор байгаа гайхалтай сайхан нинж хайр, биесээ хүлээн зөвшөөрч чаддаг монгол хүний уужуу ухааныг л тарих ёстой юм. Монгол хүний уужуу ухаан, талын нүүдэлчний өгөөмөр, өршөөнгүй зан чанар, аливааг талынхаа энгээр харж, боддог, миний зовлон минийх, миний жаргал бусдынх юм шиг ханддаг тэр хандлага л сүүлийн үед алга болоод байна. Тэгэхээр зохиолчдоо тэр сэдвээр бич, ийм байх ёстой гэхээсээ илүүгээр хайр, нинжийг монгол хэлээр түгээх ёстой л гэж бодож байгаа юм.

-Улс төрийн сэдэвт, ард түмнийг уриалан дуудсан шүлэг, бүтээлүүд сүүлийн үед бичигдэхгүй байна. Зохиолчид маань уншигчдынхаа өмнө бус цугтаа алхаж байдаг болсон гэх шүүмжлэл байдаг?

-Утга зохиолд шүүмж судлал гэдэг маш чухал гэдгийг л энэ харуулж байгаа юм. Шүүмж судлал нь үнэн байх ёстой. Тухайн зохиолчийг гаргаж ирэх, нийгэмд таниулахын тулд утга зохиолын шүүмж захиалгат маягаар явж ирсний хамгийн хортой нь энэ. Үүнийг бид бүхэн бүгдээрээ л тууллаа шүү дээ. Ямар ч байсан яг өөрөөрөө оршоод, хүн төрөлхтний сайн сайхны тулд гэрэл гэгээг түгээж чаддаг хүнийг нэртэй зохиолч, нийгмийг соён гэгээрүүлэгч гэж хэлнэ. Хэрвээ тэр хүн зөвхөн ахуй амьжиргааныхаа төлөө бичиж байгаа бол тэр нийгмийг соён гэгээрүүлэгч биш. Тэгэхээр зохиолч гэдэг ард түмний амьдрал, улс гүрнийхээ хувь заяан дотор хүнээрээ оршиж, хүн байж чадах хэрэгтэй. Эхлээд хүн байгаад, дараа нь зохиолч болдог. Хүний мөс чанар, зохиолчийн мөн чанар маш ойрхон.

-Монгол хэлийг гадагшаа яг байгаагаар нь орчуулж чаддаггүй. Уг нь бол үнэхээр сайн, даанч дэлхий ойлгодоггүй гэсэн яриа хэзээнээсээ л байсан. Тэгвэл зохиолчдынхоо бүтээлийг гадагш нь гаргахын тулд юу хийх ёстой вэ. Үүн дээр МЗЭ цаашдаа яаж ажиллах хэрэгтэй вэ?

-Бидэнд нэг дутагдал байна. Хувь хүн авьяастай төрөөд зохиол бүтээл бичиж байгаа бол тэр нь өөрт ч, ард түмэндээ ч хэзээд нөмөр нөөлөг болж байдаг. Тэр хүн ямар нэг байгууллагаас хараат бусаар өөрөө нөмөр, уул байдаг юм. Том уран бүтээлч уулын нөмөр барааддаггүй, ямар нэг урсгал чиглэлд дагаж урсдаггүй. Ямар ч уулын ширүүн үер урсаад ирсэн бат зогсож чадах аварга үндэстэй мод байж чаддаг. Ганцхан уран бүтээлчээс дэлхийг өөрчлөх санаархал гарч, өөрчилж ч чадна. Монголын утга зохиолын үе, үеийн гайхалтай уран бүтээлчид дэлхийд яагаад гарч чадахгүй байна гэхээр бид боловсролын тухай асуудлыг ярихаас өөр аргагүй. Манай зохиолчид өөрийн онгод хийморь, байгалиас заяасан өгөгдлөөрөө явж байгаа болохоос биш яг үнэндээ өөрийгөө боловсруулъя гэж бодохгүй байна. Энэ бол бидний дутагдал. Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, олон хэлтэй, тэр дундаа монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол өнөөдөр хүлээж байна. Монголчуудын оюун санааны үнэт зүйлийг дэлхийн олон хэл рүү хөрвүүлж чадах тийм менежментийг зохиолчдын байгууллагаас уншигчид, дэлхий нийт хүлээж байна. Гэтэл зохиолчдын байгууллага маань 95 настай өвгөн байгууллага боловч яг үнэндээ ард түмэнтэйгээ цуг унаж, босож ядраад хөгжлийн ардаас гундуухан, толгой гудгар алхаж л явна. Хөгжлийг түүчээлэх ёстой гэхээр оюуны бяр хүрэхгүй байна шүү дээ. Нийгмийг оюун сэтгэлгээний хүчээр авч явахаа больчихсон. Нүүрсний мөнгөөр авч явдаг болсон байна. Үүндээ Монголын ард түмэн бүр итгэчихсэн. Тиймээс энэ саарал үеийг туулахад бидэнд дахиад л тэвчээр, утга зохиолдоо үнэнч байх сэтгэл хэрэгтэй. Монголын утга зохиолын хөх үндэсний галыг манаж явах хувь заяа ногдсон. Энэ гайхалтай хувь заяандаа бид эзэн байх ёстой. Бултах ямар ч арга байхгүй.

-Утга зохиолын алтан үеийнхэн, таныг “Болор цом” наадамд түрүүлж байх үед зохиолч, яруу найрагчийг нийгэм арай өөрөөр хүлээж авдаг байж. Одоо гэтэл өдөр ирэх тусам бага багаар нэр хүнд нь унаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол үндэстний, оюун санааны гэх бүх зүйлийг үнэ цэнэгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж би боддог. Дурын хүн нь шүлсээ хаядаг болсон. Үүнийг нь ч олон нийт дэврээж, дэвжээж байгаа. Монгол хүн нэг нэгэндээ нөхөр, нөмөр биш болсон ийм цаг үед бид оюун санаа, монгол хэлээ л тойрч нэгдэнэ. Хэрвээ хэл байхгүй бол бидэнд хил байхгүй. Тийм учраас оюун санааны тусгаар тогтнол, Монгол гэдэг мөнх оршихуйг дархалж үлдэхийн тулд бидэнд өвөг дээдсээс өгсөн монгол яруу хэл маань байгаа. Энэ хэлээр бичдэг хэдхэн цөөхөн зохиолчид маань байна. Тэднийгээ хоцрогдсон, боловсролгүй, үнэ цэнэгүй гэж үзэх болсон нь гаднын дохиотой юм шиг надад санагддаг. Ингээд хэлэхээр өөрсдийгөө өмөөрлөө гээд муулдаг. Гэтэл бидэнд хайрлаж явах ёстой үнэт зүйлс байна шүү дээ. Тусгаар тогтносон улсынхаа оршин байхуйн үнэт хил хязгаарыг хэл гэдэг эрхэм дархлаагаар зохиолчид минь манаж яваа. Зохиолч хүний онцлог нь сэтгэгч байдаг. Монгол хүнийг сэтгэх чадваргүй болгочихоор сэтгэж байгаа нэгнээ үнэ цэнэгүй харагдуулах гэсэн нийгмийн акц болгонд бид итгэсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийгөө өөрийн гараар оршуулж байгаа зүйл. Монгол гэдэг оршихуйг хэлээр дамжуулан хилгүй болгох гэсэн зүйл шүү. Үүнийг хүн бүр дотроо нэгийг бодож, ухаарч хараасай гэж бодож байгаа юм. Тийм ч болохоор МЗЭ-ийнхээ 95 жилийн ойгоор монгол хэл, соёлын дархлааг дэмжихийн тулд төр засаг, ард түмэн, ирээдүй хойч үед хандаж уриалга гаргасан. Монгол хэл, соёл гэдэг та бидний мөнхийн оршихуй. Эх орон тусгаар байхын, эх хэл маань дагшин оршихын, түүгээр дамжин дэлхийн монгол хүн бүрэлдэн бий болохын амин үндэс юм шүү. Дэлхийн монгол хүн гэхээр олон гадаад хэлтэй хүн гэж ойлгоод байгаа. Гэтэл тийм биш юм. Одоо бид жалга довны шүүмжлэлээсээ болоод хол харж, том нүүдэл хийж чадахгүй. Өнөөдөр, маргаашийн тухай л ярьдаг байдлаа бид хол хаях цаг болсон. Бидэнд боломж бол бий. Оюуны суутнууд маань бүтээн туурвисан бүхнээрээ ирээдүйд нар үзүүлэхийг л зорьж байгаа юм.

-Ерөнхий сайдын зөвлөх баярын хурал дээр тань зохиолчидтой уулзах боломжтой гэж хэлснийг нь дамжуулсан. Хэрэв ийм уулзалт болбол төр засгийг юун дээр түлхүү анхаарч өгөөч гэж хэлэх вэ?

-МЗЭ-ийн 95 жилийн ойн баярын хурал дээр төрийн гурван өндөрлөг маань баярын мэндчилгээ ирүүлсэн. Төр засаг маань хар нүднээс хөмсөг гадуур гэж МЗЭ-ийг тоохгүй өнгөрсөнгүйд нь баяртай байна. Ерөнхий сайдтай уулзах тэр цагт бид утга зохиолын ирээдүй болоод монгол хэлнийхээ ирээдүйн тухай л ярина. Монгол хэл соёл байснаараа Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлан тунхаглаж чадна. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын оюун санааны нэгдсэн төв нь тусгаар тогтносон Монгол Улс, монгол хэл байх ёстой.

-Нийт зохиолчоо дэлхий рүү гарахыг уриалсан. Бас сайн талыг нь харъя гэвэл нэг үеэ бодвол эхнээсээ гадагшаа орчуулагдаж л байна даа?

-Үнэхээр бидэнд сайн сайхан зүйл бас байлгүй яах вэ. Олон сайхан зохиолчийн маань ном, бүтээл гаднын олон орны хэлээр хэвлэгдэж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх учиртай. Бидэнд дэлхийд гарч чадна гэсэн амбиц байгаа. Хэрвээ бид том хүсэл зорилго, тэмүүлэлгүй бол дахиад л эндээ 95 жил сууна шүү дээ.

-Монголын утга зохиолын өнөөгийн ачааг 1990-ээд оныхон буюу танай үеийнхэн үүрч яваа. Харин та ирээдүйдээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Ирээдүйдээ итгэхгүй бол өөр юунд итгэх юм бэ. Би өөрөө яруу найрагч хүн. “Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ” гэж тунхагласан. Энэ итгэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа зохиолч, туурвилч хүнд. Итгэлгүй байх юм бол чи маргаашийн нарны өнгө, гэрлийн тухай төсөөлөлгүй болно. Маргаашийн Монгол орны тухай мөрөөдөл, зохиол бүтээлээ үлдээх хийморьгүй болно. Тийм болохоор итгэл гэдэг бүх зүйл. Би Монголын утга зохиолын ирээдүйг маш гайхалтай өөдрөгөөр төсөөлдөг. Тийм ч учраас бид дэлхий рүү нүүе гэж хэлээд байгаа юм. Нүүдэлчний утга зохиол, талын язгууртнуудын өв соёл, монгол ахуй хийгээд дэлхийд үзүүлсэн амар амгалан бол дэлхий судлах ёстой нарийн нандин ухаан юм шүү. Гагцхүү бид энэ бүхнээ дэлхий нийт, хүн төрөлхтөнд зарлан тунхаглаж амжихгүй явна. Харин амжих ёстой үе маань ард зогсож байгаа. Хойч үе маань илүү их хүчтэй, цэвэр, нарийн мэдрэмжтэй, гайхалтайгаар ирж байна. Энэ бүхэн Монголын ирээдүй. Гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүй байлгахын тулд зохиолч бид өөрсдийгөө дэвсэж өгөх ёстой. Бидний үзэж туулсан, бичиж байгаа бүхэн Монголын ирээдүйн өлмий доор гишгэгдэж, өндөрт гарах шат нь байх ёстой юм. Тийм болохоор нуруугаа хотойлгож, өвдгөө сөгдөж өгнө.

 

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

“Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадамд түрүүлсэн өгүүллэг DNN.mn

Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг-2023” наадамд СГЗ, доктор, профессор зохиолч До.Цэнджав “Тамга” өгүүллэгээр түрүүлжээ.


ТАМГА
“Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь…цөс цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа.
-Зоригт вангийн зоргоороо хэхэрсэн энэ тийрэн хэдийдээ чулууны дарх мэддэг болсон юм бэ? Чулуун сийлбэр гэдэг чинь үхэр чулууг лантуугаар дэлсэхтэй адилгүй ээ. Шар будааны чинээ зайнд буруу амьсгалахад л булт үсэрчихдэг нүдний цөцгий ширгээсэн тамыг эд даанч гадарлахгүй. Хаш чулууны хор могойныхоос ч дор гэдгийг миний энэ хавагнасан хар гар хэлээд өгнө.“Хэл хөдлөх амар, гар хөдлөх хэцүү” гэж айх эмээх, хорсох зэвүүцэх зэрэгцсэн луугар дархан дороо байж ядав.
“Очир дара Богд гэгээнтэнийг Монгол Улсын хааны эрдэнийн сууринд өргөмжлөн залах их төрийн ёслолыг үйлдэхтэй холбогдуулж, Манж Чин улсын бүх ёс хуулийг эвдэж, эрхэм сайд, ноёд түшмэдийн ёслолын хувцасны дэгийг тогтоож, хааны эрдэнийн тамгыг зөвхөн монгол газрын хашаар монгол дарханаар үйлдүүлсүгэй” хэмээн зарлигдсаныг та бүхэнд сонордуулж байна” хэмээн Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлэн шийтгэх газраас мэдэгдсэн зарлигийг хүлээсэн ноёд, түшмэд цочирдон бужигнаж, “Манж нангиадын нүдний хорыг оруулаагүй тамгыг хаанахын хэнээр бүтээлгэх вэ? гэлцээд Да хүрээний аль дөмөг дархчуулыг голж, шилсэний эцэст Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбыг гүйцэх хүн алга. Хятадын хамгийн нарийн чулуучин шожион ч түүнийг давж гарахааргүй юм байна, гэм нь хатуу идээнээс буцахааргүй золиг юм. Хойшоо Шарга морьтын эзгүй аманд гэр бариулж харуул манаа тавина, Да ламтанаас өөр ямар ч мяндагтанг ч ойртуулахгүй хянаж цагдая гэж ам тангараг тавьцгаажээ.
Бүүдгэр шөнө ч сүү шиг гэрэлтэх цав цагаан хаш чулуу олох чанд хатуу зараалтай ихэс дээдэс халх дөрөв, шавь тавын олон хошуудаар элч довтолгож, тамтагаа цайтал хайгаад цагаан бүү хэл, бөртэ толботой цэгээн чулуу ч олсонгүй. “Монгол газар орон хэдий баян ч гэлээ дан ганц цасан цагаан хаш чулуу байдаггүй юм байна” гэлцээд бүгдээрээ цөхөрчээ. Тусгаар төрийг дэлхий даянд тунхаглан зарлах өлзийт өдөр ойртох тусам хоолойд тээглэсэн яс шиг хясланд ороогдох үеэр нар ургах зүгийн Оцол Сансар хэмээх уулын өврөөс хольцгүй цагаан хаш олдсонд ихэс дээдсгүй хөл алдан баярлацгааж, Богд гэгээнтэндээ нүүр бардам бараалхжээ.
…Тамын үүдний тотгонд бүдэрч, ялд ойчсон “хар гарт” Лувсангомбо хэсэг үүлгэртэж зогссоноо,“Дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой…үхэхийн мөр ялгаа юун. Богд гэгээнтнээсээ адис хүртээд хар толгойгоо авахуулья” гэсэн эрс шийдмэг бодол гэнэт хатгалаа. Богдын ногоон ордоны үүдэнд очоод зоргоороо зүтгэсэн дарханыг “Үг хэлгүй үхэр шиг дайрдаг чи хаанахын хэн гэгч вэ? Чам шиг боол байтугай чин вангууд хүртэл чичирсхийгээд хоногоор хүлээдэг юм. Ядаж наадах гутлын чинь тоос шороонд ногоо ургамаар болчихож гэж хоорондоо инээлдэн даапаалцгаажээ.“Яран хамарт, олгой толгойт та нарт ёсон бусаар заагдах хүн би биш. Богд гэгээнтэнд бараалхах тэнгэр заяат төрийн луугар дархан гэгч нь би байна. Хүрдэггүй тэргүүнд хүрвэл, хүзүүн дээр чинь хүж шатаана шүү” гэж омогдохтой зэрэгцээд, “Дарханыг оруул” гэсэн ордоны сойвонгийн дуу хаалганы цаанаас сонсогджээ. “Тэнд энд гишгэсэн тэмээ шиг боольхой амьтныг Хутагт маань юуны учир залав? гэж харуулынхан гайхан шогширцгоолоо.
-Жа …таны тухайд базаахгүй үг яриа сонслоо. Газрын ганц нүд шиг хаш эрдэнэ олдлоо, ганц лут дарханаа ч оллоо гэлцээд байсан нь таны гараар дуусгавар болсон гэв үү? тунчиг базаахгүй хэрэг мандах нь дээ гэж Жибзундамба хутагт хамрын тамхиа эрхий хуруун дээгүүрээ нуруулдангаа сүүмгэр нүдээрээ цаанаа л нухацтай ширтэхэд, торхийх ч чимээгүй битүү дүнсгэр ордоны ярайсан зул ч энэ үгнээс дальдрах шиг санагджээ. Богд тамгыг зугуухан эргүүлж тойруулж, бүр тэгсэнээ нүдэндээ тулган, бичээс бүрийг амандаа уншсанаа, сая л тэргүүнээ өргөөд, энэхүү гурван бичиг үсэгт ямархуу өө эндэгдэл гарсаныг олж харсангүй ээ” гэвэл, “Оройн дээд очир дари бурхан минь өршөө…энэ муу “хар гарт” миний үйлдсэн нүгэл бол хаш чулууныхаа яалтгүй өчүүхэн зайнд хавчигдаад, соёмбоныхоо оройг багтаалгүй тамганыхаа хүрээнээс халгиачихаад, Да ламтанаас айхтар хүнд ял сонслоо. “Хараалд зүрхээ хатаалгаснаас хавханд хөлөө хатаалга” гэсэн үгтэйсэн билээ гээд өвдөг сөхрөн, альшаа газрын эрээн хивсэнд хамраа шүргүүлэн мөргөлөө.
-Аа мөн…мөн… гэж өөртөө өгүүлээд, тамгыг дахин дахин нүдэндээ тулган тонгойж тогтоон харсанаа хөхөлбөр бор царайнд нь гэгээ татаж, усан болор шилээ авч, инээвхийлээд, “Өчүүхэн зайнд хавчигдаад халгиачихсан гэнээ”гэснээ, “Дархан та бид хоёр адилхан юмсан уу? Миний бие гэхэд л энэ монголынхоо газар нутгийнхаа давчуу орон зайд амьсгал давчдаад, дотор харлан бачуурч явдаг юмаа. Гэхнээ хө, энэхүү соёмбоны оройн галын дөл тамганыхаа хүрээний гадна гарчихсан нь миний цээжинд нар гийгүүлэх шиг боллоо. “Гал өөдөө, ус уруугаа” гэдэг ээ, улс орны минь хил хязгаар хааш хаашаагаа тэлж, Чингис Богдынх шиг тэнгэрийн он цаг шинэ тулгар төрд маань ахин гэрэлтэхийн ерөөл оршжээ хэмээн машид бэлгэшээлээ. Хорвоогийн үйл бүхэн цаанаа учир жанцантай. Дархан та монгол төрийн хаш эрдэнийн тамгыг тэнгэрийн бошготой хамтран бүтээжээ гэж тааламжтайгаар мишээснээ амандаа тарни шившээд, тамгаа арц уугисан сангийн бойпор дээгүүр гурав эргүүлснээ өмнөх арслан хөлтэй хүрэн зандан ширээн дээрээ заллаа.
-Ээ оройн дээд гончигсүм өршөө. Шинэ төрдөө үеийн үед цайршгүй нүгэл үйлдчихлээ гэж түмэн гэмээ хүлээж, хар толгойныхоо оронд хар гараа цавчуулья гэж эрс шийдсэн минь энэ.
-Аа тийм үү? Манай Цэрэнчимэд да ламтан болоод гадна, дотнын жаврыг хаасан төрийн гурван сайд тусгаар их Монголоо даянд тунхаглан зарлах төрийн их ёслолыг нуруун дээр авсан. “Боохой ч буруугүй, бор төлөг ч буруугүй” гэдэгсэн бил үү? Да ламтан “Төрийн тамга үйлдсэн дарханыг нэг бол цаазаар аваач, эсвээс насан туршид нь тэжээ”гэсэн гэв үү? Тунгаах л үг байна. Тэгэхэлээр таны насан үүрд сар бүр хаан төрийн сангаас гучин янчааны цалин пүнлүү олгож бай гэж зарлигдана хэмээхүйд, түрүүхэнд цааз сонсоод сүнс нь зайлан чичирч байсан Лувсангомбын нулимс өөрийн эрхгүй асгарчээ.
Бурхан өршөө…тэнэг толгой би Да ламтангаа харааж зүхэж төрийн сэнтийг хэлтийлгэх шахжээ. Гэхнээ хараал нь ерөөл байжээ хөөрхий….Төрийн их үйлс нь бүтэг ээ. Там, диваажин хоёр нэг өдөр ингэж золгох гэж байдгаа бас… Хөөрхий муу чавганц минь “Майдар эргэхийг харалгүй мажийх нь ээ. Алх, дөшний ёргионд чинь насаараа чих дүлийрлээ, адуучин зарцтай ханилсан бол айраг бүлэхийг сонсож суухгүй юу? гэдэгсэн. Бушуухан л муу ханьдаа, ямааны арьсан тарзан дээр өнхчих банди нартаа энэ мэдээгээ яаран дуулгахаар зүүн хүрээ өөд нэг хөл нь тэнгэрт, нөгөө хөл нь газарт юм шиг савчин таваргаж явлаа.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Бавуугийн Лхагвасүрэн: Би нүд, чих, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамладаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС …………..

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Монголын төрийн эрхэм дээдэст хаяглан бичсэн захидлыг тань харсан. Жаахан бухимдаад байх шиг санагдсан…

-Би төр гэдэг үгэнд их хүндэтгэлтэй ханддаг юм. Төр гэдэг өөрөө хоосон чанар. “Ээ, төрийн сүлд минь өршөө” гэж уулга алддаг өвгөдийн өвөр дээр өссөн болохоор би төр гэдэг үгэнд маш их хайртай. Өнөө цагт төрийн сайн, муу байгаа нь төрийн түшээдээс шалтгаалдаг. Тиймээс ойрд төрийн түшээдэд жаахан гомдонгуй байгаа даа. Тэд сонгосон санаанд минь хүрсэнгүй, итгэсний дайтай байсангүй. Ард түмнийг ийм байлгана гэж санасангүй.

-Төр бол хоосон чанартай гэж хэллээ. Төрийн түшээ гэгдэж байгаа далан зургаан нөхөр чинь бодит хүмүүс. Та гэхэд хэнийг Их хурлын гишүүнээр сонгов?

-Манайх гэр бүлээрээ сонгуульд санал өгөөгүй. Ирэх сонгуульд ч санал өгөхгүй. Би эрхээ эдлэх ёстой.

-Тэгэхээр иргэн таны төлөөлөл Монголын төрд байхгүй гэсэн үг үү?

-Эд нар Монголын ард түмний төлөөлөл юм чинь миний ч төлөөлөл яах аргагүй мөн л дөө. Төрд гарч ирж байгаа улсыг худлаа яриад байхаар л гомдоод байх юм. Гудамж талбайгүй хашгичаад шал худлаа зан гаргаад байхаар санал өгөхөөс ч дур гутах юм байна шүү дээ. Би сонгуулиа өгөөгүй байлаа гэхэд эд нар гарахгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр саналаа өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй. Над шиг настай хүн үр хүүхэдтэйгээ амар жимэр байж байгаад үхэлтэй уулзах юмсан гэж боддог боллоо. -Та уран бүтээлээрээ омог бадрангуй, өөдрөг гэгээн, бас ч шазруун омголон хүн. Анзаараад байхад та жаахан гундуухан байх шиг санагдах юм. Үхэл мөхөл ч ярьж байх шиг…

-Хамгийн ухаантай хүн өглөө болгон үхлийн тухай боддог гэдэг юм. Гэлээ гэхдээ би өнөө маргаашгүй үхье гэж дуудаад байгаа юм алга. Үхэл намайг дуудсан дуудаагүй тэртэй тэргүй ирэх болно. Үхэл ирэхэд би гомдохооргүй л амьдарч байна. Үхэл ч ер нь гомдохоор юм биш.

-Жам юм чинь гэж үү?

-Баярлууштай юм шүү дээ. Миний гутаж байгаа

юм бол хүн гэдэг амьтан хүн байж чаддаггүй юм байна. Хүн дэлхий, уул уус, мод чулуу гээд байгалийн сайхнаас ер уйддаггүй. Хүн гутранги амьдралаас уйдаж байгаа бол хүн хүнээсээ л уйддаг юм байна. Би саяхан “Хүмүүн гэгч аугаа их болж чадна. Хүн адгийн новш байж чадна. Мөрөөрөө хүн байх гэж л мэрийгээд мэрийгээд бага чадна” гэж нэг шүлэг бичсэн. Мөрөөрөө амьдрах гэдгийн утгыг нэг ойлгох юмсан. Харамсалтай нь хаа хаанаа тийм биш болчихлоо л доо. Би хормой дороосоо, хажуунаасаа амар амгаланг эрдэг, нэхдэг хүн шиг байгаа юм. Муухай юм бага сонсохсон. Чих уг нь дуу чимээний хогийн сав болохоос хов жив, новшны сав биш. Чих, нүд хоёр хог цуглуулж байхад заяасан эрхтэн биш. Элдвийн муу юм үзэж, сонсож байхад зориулагдсан эд биш болохоор чих, нүд, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамлаж байна. Харамлах ёстой ч гэж бодож байна.

-Мөрөөрөө амьдрах, жудагтай байх гэдэг монгол хүний гайхамшигтай чанарууд өдрөөс өдөрт л алга болоод байна уу даа?

-Уламжлалыг их мартаж байгаа үед жудаг, заншил хоёр гээгдэж байна. Төр ч гэсэн уламжлалгүй л явж байгаа. Уламжлалгүй, зорилгогүй төрийн доор хүн жудаг, заншил хоёроо гээх юу ч биш. Эх орноо гээчихгүй л бол барав болж.

-Зарим хүмүүс ч эх орноо бараг гээчихээд байгаа юм биш үү?

-Би ч муу юм нэг их сонсохгүй “Энэ худлаа байгаасай” л гэж сэтгэлээ цайруулж суух юм. Энэ цуурхал байх гэсэн үг л ойрын үед миний дархлаа болж байна. Дэндүү мэдрэмтгий төрсөндөө хаа хамаагүй юманд сэтгэл их зовох юм.

-Монголын зохиолчдоос герман хэлээр зохиолоо туурвидаг Чинагийн Галсан, дорнын сайхан найрагтай та хоёрын бүтээлийг л Нобелийн шагнал авна гэж мэтгэх хүн байдаг. Танай хүүхдүүд Франц зэрэг барууны орнуудад амьдарч байна. Уран бүтээлээ өрнийн олон хүн ярьдаг хэлнээ хөрвүүлж хэвлүүлээд тэр нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж болдоггүй юм уу?

-“Саваагүй нохой саранд хуцна” гэдэг. Хүн “Би ямар дайны хүн билээ, би хэн билээ” гэдгээ эхлээд таньдаг байх хэрэгтэй. Нобелийн шагнал гэдгийг би боддог ч үгүй. Миний ном герман хэлээр гарсан. Хоёр жилийн өмнө шүлгийн томоохон түүвэр Бээжинд хятад хэлээр хэвлэгдсэн. Солонгос хэлээр бас гарсан. Солонгосууд маш их уншдаг. Хятадад олон мянган хувь хэвлэгдсэн мөртлөө дороо байхгүй болсон. Миний номыг орчуулсан хүн хятадын орчуулгын дээд шагнал хүртсэн. Энэ онд герман хэлээр гарлаа. Японд хайку шүлгүүд маань зөндөө гарсан. Гадаадын улс орны хэлнээ бүтээл минь гарсаар байгаа. Анх Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлд МУИС-ийн багш Гомбосүрэнгийн орчуулгаар миний хоёр гурван шүлэг хэвлэгдсэн. Бага залуу насандаа сонссон миний хамгийн том баяр тэр байлаа. Одоо бол миний нас шагналаас илүү үхэл бодож байх нас. Би шагналынхаа тэмдгүүдийг тэгтлээ их зүүдэг ч үгүй. Би шагнал авчихаад “Төр намайг үнслээ” гэж хэлдэг байсан. Үнссэнийх нь төлөө би төрдөө баярладаг. Гэлээ гэхдээ тэмдгээ гялалзуулаад зүүгээд гүйгээд байх сонирхол надад байдаггүй. Тэмдэг байтугай зангиа ховорхон зүүдэг хүн шүү дээ, би. Тиймээс тэр том Нобелийн шагналыг надтай хамаатуулж ойлгох хэрэггүй. Тэр Ч.Галсан, Д.Урианхай эд нар л авах учиртай уран бүтээлчид. Би энэ тухай мөрөөддөг ч үгүй. Миний хүлээж байгаа шагнал минь юу байна гэвэл үр хүүхэд маань нүдэнд маань харагдаад амар амгалан байж байвал, ач зээ нар маань сургууль соёлын босго даваад, ойр орчмын хүмүүс эрүүл энх, элдвийн ёс бусын юманд өртчихгүй байвал хамгийн том шагнал минь юм даа.

-Та тайван амгалан байх л хамгаас том шагнал гэлээ. Таны “Энх тайван, амар амгалан, эв найрамдал гэдэг оршуулгын газарт л хэрэгждэг” гэсэн афоризмтой зөрчилдөөд байх шиг санагдах юм. Ер нь хүн төрөлхтөн ийм эв найрамдалгүй байх заяатай юм уу, эсвэл монголчууд л эв түнжин муутай үндэстэн юм уу?

-Эвдрэлийн шалтаг заавал хоёр юмны дундаас үүсдэг. Юм хоёр биш нэг байвал эвдрэлийн шалтаг огт байхгүй байх болно. Худал, үнэн гэж саармагжуулаад биднийг их үймүүлж байх шиг байна. Хүн болгон өөртөө үнэн. Төр-үнэн, ард түмэн-үнэн хоёрын хоорондох үнэний зай холдоод байна. Хүн бол сүүдэртэй, дэлхийн чулуу болгон сүүдэртэй. Алдахгүй юм гэж орчлонд яаж байхав. Алдаа их олон болбол айхавтар. Мэдээлэл эрхэлж байгаа сэтгүүлчид та нар ямагт үнэний эрэлчид байх ёстой. Сэтгүүлчид бол тохиолдлын олзоор юм уу, аливаа сонирхолтой юмаар гэдсээ цатгадаг улс биш, гэрэл гэгээгээр хооллодог үнэний эрэлчин гэж би хэчнээн олон хэлдэг гээч.

-Лхагвасүрэн ах аа, та бид хоёр улаан нүүрээ харж урд урдаасаа хараад ярилцаж суугаа мөртлөө нэг л хөндийхөн нэгнээ хянасан цэнэсэн мэт байдалтай харилцаад байх шиг. Танд нэг л гоморхол байгаад байна даа?

-Насны бөгсөнд тэтгэвэрт гарлаа. Эх орондоо нэмэргүй нэг муу өвгөн үр хүүхдийнхээ гарыг хараад яахав гээд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийж байгаа улстай хамтран зөвлөх редактороор ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Монголын ард түмэн үзээд байдаг сайхан нэвтрүүлэг дээ. Тэгсэн танай сонинд “Монголын сэтгүүл зүйг гутаасан этгээд” гэж хэрэгт орсон. Би бичсэн хүнийг багцаалдаж байна. Би сонинд нь гомдохгүй байгаа. Сонин бол юуг ч үмхэж, зажилж, залгиж байдаг том амтай амьтан. Би залуу зандан насандаа “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж л байсан. Би өөрөө буруу юм хийгээгүй байж ингэж хэлүүлсэндээ гомдож байгаа юм. Өдий насандаа учраа олоогүй хүүхдээр гоочлуулаад суумааргүй санагдаж байна. Энэ цаагуураа муухай хагсуургатай юм даа. Үхэхийнх нь өмнө гомдоож үхүүлье гэсэн бодлого явуулахгүй л байх. Харин үхсэний минь дараа авсанд минь амар байлгахгүй гэсэн бодлого юм болов уу даа гэж холын юм бодож сууна.

-“Монгол хүн хэчнээн их зовж гунилаа ч уудаг аягандаа нулимс дусаадаггүй” гэж та их сайхан хэлсэн байдаг даа?

-Тийм болохоор л би хамт байдаг, өрөвдөж явдаг хүүхдүүд дээрээ шүлсээ хаяж, тэд нарыг зүхмээргүй байна. Намайг хайрлаагүйнх нь төлөө, хүн хайрладаггүй хүн болж өсч байгаагийнх нь төлөө би хайрлаад байна. Би Монгол Улсад гэм тарьснаа ер мэдэхгүй юм. Би архи уудаггүй, айлаар ордоггүй, тэнээд явчихдаггүй, амиа л дөнгөж борлуулж явдаг амьтан шүү дээ. Би Монголын утга зохиолын хаяаг тавиад жил дэрлэж, уран бүтээлээ хийж, арваад настайгаасаа ажил төрөлд орон гаран амьдарч ирсэн хүн. Би ажлаас зөндөө халагдаж л байсан. Хэнд ч хорсож занаж явсангүй. Мөрөөрөө өтөлчихөөд уран бүтээл хийж явахад минь ингэж зүхээд яах нь вэ дээ. Хүнийг өөдлүүлэх юмаа байг гэхэд гутаах юмаа хийж чаддаг болчихоод хүн рүү нулимж сураасай гэж ойрын үед их гутранги байна даа.

-Та зурагтаар хөөрөлдөхдөө “Чойном бол сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлээд багагүй зэм хүртэх шиг болов уу?

-Би хэний ч тухай ил, далд “Тэр сайн найрагч, тэр муу найрагч” гэж хэлж явдаггүй. Чойномын тухай сэтгүүлч асуухаар нь “Найрагч мөн, сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлсэн. Гарцаагүй үнэнийг хэлж байгаа юм. Америкт амьдарч байгаа Хулганайн Тэргэл гэдэг яруу найрагч бий. Би Монголын зохиолчдын хорооны дарга байхдаа сонгож Утга зохиолын ангид оруулсан авьяаслаг арван гурван хүүхдийн л нэг байгаа юм. Х.Тэргэл фейсбүүк дээрээ “Г.Аюурзана, Б.Лхагвасүрэн хоёр Р.Чойном, О.Дашбалбар хоёрын дэргэд юу ч биш” гэж бичсэн байна лээ. Г.Аюурзана бид хоёр хамтдаа хэрэгтэн болж байгаа юм шиг байна.

-Олон нийтийн сүлжээнд таны овог нэр бүхий цахим хаяг байна лээ. Та өөрөө хөтөлдөг юм уу?

-Би цахимд ерөөсөө ордоггүй. Утсаараа мессеж ч бичиж чадахгүй. Нэг хүн л миний өмнөөс уран бүтээлийг минь туж л хийгээд байх юм. Миний хүүхдүүд ч шүлгийг минь цахимд хийдэггүй.

-Би таныг нарийн бичгийн даргаараа л цахим хаягаа хөтлүүлдэг юм байна гэж ойлгоод байсан юм…

-Надад юуных нь нарийн бичгийн дарга байхав. Надад хоол унд, амь амьдралын минь нарийн бичиг гэргий Баасан маань л байна.

-“Паанан”, “Соёо” туужийг бичсэн зохиолч Доржзовдын Энхболд, “Их хөлгөн туульс” бүтээлээрээ алдаршсан зураач Ш.Тэнгисболд нарын оюун санааны эцэг нь таныг байсан гэх юм билээ?

-Залуу зандан насанд минь сүүдэр шиг л дагадаг байсан хүүхдүүд. Сайхан өсөж өндийцгөөсөн. Шүнгийн Болд (Тэнгисболд)-доо, Доржзовдын Энхболд, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цэндийн Чимэддорж, дуучин Намдагийн Төмөрхуяг нарын намайг дагадаг байсан муусайн дүү нарынхаа алдаанд нь ч хайртай. Хэрвээ сүнс гэж юм байдаг бол би үхсэн хойноо ч хар нялхаас нь мэдэх энэ дүү нараа хайрлана. Дуучин Төмөрхуяг Хан Хэнтийгээсээ дөнгөж ирээд манай хашаанд бууж байсан. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтойгоо уран бүтээлээ хийгээд туж л хамт байсан.

-Чинжиг та хоёр “Үүлэн цэнхэр хангай” дуу анхлан хийснээс хойш олон ч уран бүтээл дээр хамтран ажилласан даа?

-“Зүүдний говь”, “Хожуу хайрын дуу”, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” гээд маш олон уран бүтээл хамтарч хийсэн. Бид хоёрын “Илдэн уулын цуурай” хэмээх хөгжмийн томоохон бүтээл Монголоос анх удаа ЮНЕСКО-гийн алтан санд орсон. Би хэзээ ч хар багын найз, уран бүтээлийн нөхөд, сайхан дүү нараасаа урваж хөрвөж байгаагүй. Бүгд мэднэ дээ. Жагдалын Лхагваа, Дарма Батбаяр, Урианхай, Лувсандамбын Дашням бид хар залуугаасаа 1968 оноос эхэлж үерхсэн. Биднийг “гарын таван хуруу” гэдэг, шинэ цагийн хэлээр гэр бүлийн найзууд байсан даа. Насны эрхээр найзуудтайгаа ч ховорхон уулзах болж.