Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ DNN.mn

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.

Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.

Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.

Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.

Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.

Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс  дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.

Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино,  Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.

Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.

Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.

Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.

Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.

Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.

Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.

Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.

Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.

Үүнд:

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.

Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.

Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.

Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.

Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.

Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.

Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.

Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.

Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.

Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр DNN.mn

1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.

Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.

Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.

Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.

Түүх сөхвөл анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж, тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” хэмээн заасан байдаг.

Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.

Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.

Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад … эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.

Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Тиймээс хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Categories
улс-төр

Маргааш УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулна DNN.mn

УИХ-ын тухай хуулийн 20.1-т “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” гэж заажээ.

Үүний дагуу УИХ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулан маргааш хүндэтгэлийн чуулган хуралдуулна. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ тогтоол баталсан юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох улс-төр

Д.Цогтбаатар: Улаанбаатарын утаа төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байна DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатартай ярилцлаа.


Таныг зарим уншигчид тэр бүр танихгүй байж мэднэ. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хаана, ямар ажил эрхэлж байсан бэ?

-Би Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, санхүүч мэргэжилтэй, Даваагийн Цогтбаатар гэдэг хүн. Их сургуулийн гуравдугаар курст суралцаж байхдаа арилжааны банкинд ажилд ороод УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ энэ салбарт ажилласан. Мэргэжлийн санхүүч хүн. Миний ахыг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Монголчууд мэдэх байх. Олон хүн намайг ахынхаа нэрээр гарсан гэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Ганц би гэлтгүй хангайн тойргоос сонгогдсон олон хүн ахын маань тус дэмээр гарч ирсэн гэж боддог. Сонгогдсон цагаасаа хойш ахынхаа, олон түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байна.

Ирэх оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг талархан хүлээн авч байгаа олон хүний нэг нь би. Хоригтой холбогдуулан эрх баригч нам, Засгийн газар арай өөр бодолтой байж магадгүй. Монгол Улсад боломж нь байсаар байтал бид алдагдалтай төсөв баталсан. Ингэх алба байгаагүй. Хөрөнгө оруулалт, 14 мега төсөл зэргээс хасъя гээгүй. Зөвхөн урсгал зардлаа танахад л бид алдагдалгүй, тэр бүү хэл Үндэсний баялгийн сандаа мөнгөтэй байх төсвийг батлах хангалттай боломж байгаа. Хуульд төсөв хоёр хувийн алдагдалтай байж болно л гэж заасан. Гэхдээ энэ нь заавал алдагдалтай байна гэсэн үг биш. Энэ үүднээс нь би УИХ-ын дарга, Ардчилсан намаас сайд болсон найман гишүүндээ шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчид ч хүсэлтээ илэрхийлж ажилласан.

Таны хувьд саяхан нийслэлийн агаарын бохирдол дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Утааг бууруулах тал дээр ямар шийдэл байна вэ?

-Миний хувьд 2007 оноос хойш нийслэлд амьдарч байна. Ингэхэд сүүлийн жилүүдэд хөрс, ус, агаарын бохирдлын асуудал улам л хүндэрч байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад утаа үнэхээр буурсан.

Нарийн найрлага нь ямар байдгийг мэдэхгүй. Гэтэл түүнээс хойш ажил авсан нөхдүүд ажлыг нь унагаасан уу. Магадгүй хувьдаа мөнгө завшсан уу. Ямартаа ч “Тавантолгой түлш” компанийн алдагдлын хэмжээ нь 400 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа. Ингээд өнөөдрийн утаа чинь эргээд улсын болон нийслэлийн төсөв дээр алдагдлыг л авч ирээд байгаа юм. Гэтэл хариуцах ёстой дарга нар нь намын бүлгийн хурал дээр ирээд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байх жишээтэй.

Тухайлбал?

-Элемент, нэгдэл, хөрөнгө оруулалттай нь холбоотой асуудлуудыг П.Батчимэг гишүүн судалгаатайгаар ярихад нийслэлийн орлогч нь орж ирээд улстөржиж байна гэдэг байдлаар хандсан. Монгол төр, нийслэлээс томилогдоод ажил хийж байгаа хүмүүс улстөржих ёсгүй шүү дээ. Ажлаа л хийх ёстой.

Нийслэлийн Засаг дарга саяхан утаанд бараг нэг их наяд төгрөг зарцуулсан ч амжилтгүй болсон тухай нийтэлсэн байсан. Гэтэл дахиад нийслэлээс бонд гаргах тухай яригдаж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ бүхэн эргээд л төсөвтэй холбогдоно. Улсын төсвийг бид алдагдалгүй баталж чадвал нийслэлийн гаргаад байгаа бондын хүү буурна. Гаргасан бондоороо барилга байшин бариад утааны асуудлыг тодорхой хэмжээнд шийдье л гэж байгаа асуудал шүү дээ.

“Тавантолгой түлш” ком панийн алдагдал нь 400 тэрбум төгрөг гэж байна. Гэтэл ийм хэмжээний алдагдалтай хэрнээ ажиллаад байж болох юм уу?

-Гишүүний тангаргаа өргөөд бид төсвийн тодотгол хийсэн. Тэгэхэд 2023 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт орж ирсэн. Энэ дүгнэлтээр 6756 компани хязгаарлалттай дүгнэлттэй буюу “Тавантолгой түлш” шиг алдагдалтай, буруу ажилласан гэж гарсан. Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их наяд төгрөг гэж тоологдож явж байгаа. Гэтэл төрийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудын хөрөнгийн хэмжээ нь 91 их наяд төгрөг байгаа юм. Харамсалтай нь энэ компаниудаас улсын төсөвт дөрөвхөн их наяд төгрөг л оруулдаг. Энэ хариуцлагын тухай асуудлыг одоо бид ярих цаг нь болсон. Бид төрийн байгууллагуудыг заавал алдагдалтай нь цуг тэжээж явах ёстой юм уу. Ийм жишээ олныг хэлж болно. Төрийн банк гэж байна. Хувьцаа нь уналттай байгаа банкуудыг Төрийн банк тэргүүлж байгаа. Энэ бол үйл ажиллагаа нь муу байгааг л харуулж байгаа хэрэг. Тэгэхээр зөвхөн “Тавантолгой түлш” компанийн асуудал биш. Тэр 91 их наядыг бүрдүүлээд байгаа төрийн өмчит компаниудын хариуцлагыг яриад цэвэр тунгалаг болгохгүй бол болохгүй болсон.

Сангийн сайд ирэх жилийн төсөв бол хувийн хэвшлээ маш сайн дэмжсэн гэж хэлсэн. Таныхаар ямар байгаа вэ?

-Төсвөөр зарлагдаж байгаа ажлуудыг төр нь хариуцахаа хариуцаад хувийнхан хийхийг нь хийгээд явна.

Гэтэл Нарантуул дээр худалдаа хийж байгаа хүмүүс өөрсдийнхөө хийдгийг хийж байж л орлогоо олно. Түүнээс биш төсвөөс тэдэнд хамааралтай юм байхгүй. Энэ бол харьцангуй ойлголт.

 

 

Categories
улс-төр цаг-үе

У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг DNN.mn

Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центр-т болж байна.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ.

Ойчдын өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр ирээдүй хойч үе, ард түмэн ямагт бахархана гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.

Цаашид ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, төр, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурласан салбар болох ёстой гэж үздэгээ илэрхийлэв.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо байгаа ойн сангаа нөхөн сэргээх, тэлж ургуулах, хот, суурин газарт мод тарьж, ойн аж ахуйг агро ойн аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 84 сая мод тарьж, ургуулан, мод, сөөгийн үрийн 12 мянга гаруй тн нөөцтэй болж, тарьц, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад тав дахин нэмэгдсэнийг хэллээ.

Үүнээс гадна хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байгааг дурдлаа.

1924 онд  Ардын Засгийн хурлаар Аж ахуйн явдлын яаманд “Ой, модны хэлтэс” байгуулан анхны ойн дөрвөн ангийг орон нутагт байгуулсан түүхтэй.

Улмаар 1925 онд “Ой модны тухай” дүрэм, 1931 онд “Ойн хууль”, 1933 онд “БНМАУ-ын Ойн хууль”, 1934 онд дахин шинэчилсэн Ойн хуулийг баталснаар манай орны нутаг дэвсгэр дэх бүх ойг улсын өмч, ойн нэгдсэн сан мөн болохыг тогтоож, ойн сангаас модыг үнэлэн олгодог болсон нь ойн баялагт хандах төрийн бодлогын үндэс болсон юм.

1944 оноос ой, модны салбарын анхны мэргэжилтэй ажилчныг, 1964 оноос анхны ойн инженерүүдийг дотооддоо бэлтгэж эхэлсний зэрэгцээн байгууллага нь аж ахуй, зохион байгуулалтын хувьд өргөжин, ойг арчлан хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, ойн нөөцийг зохистой ашиглах чиглэлд ихээхэн ахиц, дэвшил гарчээ.

Ой модны аж үйлдвэрийн салбар нь 1980-аад оны дунд үе гэхэд бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, 60 орчим үйлдвэр, зургаан томоохон цогцолбор комбинат, нийт 10,000 гаруй ажилчин, албан хаагчтай болсон.

Тухайн үед аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг экспортолдог, мод тарьж ургуулах, хөнөөлт шавж, түймрээс хамгаалах зэрэг иж бүрэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг томоохон салбар болон хөгжсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлгийн хүндэтгэлийн хуралдаан эхэллээ DNN.mn

Анхдугаар Үндсэн Хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хүндэтгэлийн хуралдаан эхэллээ. /2024.11.25/

Өнөөдрийн хурлаар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, үе үеийн, УИХ-ын гишүүнээр Ардчилсан намаас сонгогдон ажиллаж байсан гишүүддээ хүндэтгэл үзүүлж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал улс-төр

Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Таван толгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв DNN.mn

Монголчуудыг төдийгөөс өдийг хүртэл болон цаашид ч тэжээх гол эх үүсвэр бол Таван толгойн нүүрсний орд газар. Нүүрс хэдий хэмжээгээр Хятад руу экспортлогдоно, тэр чинээгээр Монгол Улсын эдийн засаг нэмэгддэг. Нүүрсээ бид өндөр үнээр өгвөл бүр ч илүү ашигтай. Үүнийг мэдэхгүй монгол хүн цөөхөн байх. Нэг талдаа Монгол Улсын хувьд маш ойлгомжтой атлаа цомхон эдийн засагтай орон гэж хэлж болохоор. Нөгөө талдаа ойрын он жилүүдэд энэ байдлаараа явж байж хөгжлийнхөө шинэ гарц, боломжуудыг нээнэ. Тиймээс манай улсын хувьд эдийн засаг, том төслүүдээ бодсон ч нүүрсний үнэ ханш тогтвортой байгаа энэ хугацаанд аль болох их хэмжээгээр экспортлох нь чухал. Их хэмжээгээр нүүрсээ гаргахын тулд бидэнд төмөр замын тээвэр хэрэгтэй. Гэтэл яг энэхүү төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудлаар монголчууд сүүлийн 16 жил улстөржсөн.

Өөрөөр хэлбэл, төмөр зам барихдаа нарийн царигаар уу, өргөн царигаар уу гэж. Харин яг одооноос царигийн асуудал өргөн цариг

тай байхаар эцэслэгдлээ. Тиймээс аль ч боомтод төмөр зам өргөн царигтайгаар тулж очоод Хятадын нарийн цариг бүхий төмөр замтай холболт хийгдэхээр болж байна. Тиймээс царигийн асуудал 16 жилийн дараа шийдэгдлээ. Одоо тэгвэл төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлуудыг яаж хийх вэ. Үүнд мэдээж маш их хөрөнгө шаардагдана. Хамтарсан Засгийн газраас 14 мега төсөл эхлүүлэхээр УИХ-аар батлуулчихсан. Эдгээр том төслүүдийг эхлүүлэхийн тулд мөн л асар их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тэрхүү хөрөнгөө бид нүүрсээ одоо байгаагаасаа илүү ихээр экспортолж байж л олно. Ингээд том төслүүдийн эхний асуудал төмөр замын хил холболт болсон. Яг энэ үеэр манай улстай олон жил нүүрсний борлуулалт дээр хамтарч ажиллаж байгаа Хятадын томоохон компани “Чайна Энержи”-ээс бидэнд дахин санал тавилаа. Дахин нэг гэдэг нь тус компанитай Монгол Улс өмнө буюу 2015 онд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг барих томоохон гэрээ байгуулж байсан.

Харамсалтай нь тухайн үед цариг, дээрээс нь хил холболтын цэг зөрсөнөөс үүдэн уг бүтээн байгуулалтын ажил Хятадын талд хийгдсэн атлаа манай талд гацсан. Өөрөөр хэлбэл, бид гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зориудаар холболтын цэгийг нь зөрүүлсэн. Түүнээс хойш олон жилийн дараа Хятадын талаас дахин санал ирүүлж байгаа нь энэ. Одоогийн ирүүлсэн санал нь маш тодорхой байна. Нэгдүгээрт, өмнөх алдагдлаа бид нэхэмжлэхгүй ээ гэж. Хоёрдугаарт, танайхтай урт хугацааны гэрээ байгуулаад жилд 20 тонноос дээш нүүрс импортолж авъя гэж байна. Гуравдугаарт, нүүрсээ авахдаа төмөр замаар зөөнө. Тиймээс Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг бид буюу “Чайна Энержи” компани хийе гэдэг саналаа тодорхой ирүүлж. Өөр нэг зүйл бол манай Таван толгойн нүүрсний бүлэг орд газраас хоёр цооногийг нь сонгон авч нүүрсээ тэд өөрсдөө олборлоно гэлээ. Эдийн засагчдын хэлж байгаагаар энэ бол маш ашигтай санал аж.

Таван толгойн орд газрын хувьд нийт долоон орд газраас бүрддэг. Үүний тав нь үндсэн орд газар гэж үздэг. Тэрхүү таван орд газрын гурвыг нь төр, хоёрыг нь хувийн компаниуд эзэмшиж байна.

Тодорхой хэлбэл, Ухаа худгийг “Энержи ресурс”, Бортээгийг “Админерал” ХХК тэргүүтэй дөрвөн компани түншлэл болон эзэмшдэг бол баруун, зүүн Цанхийг “Эрдэнэс Таван толгой” буюу төр дийлэнх хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь орон нутгийн Таван толгой буюу “Таван толгой транс” компани тус тус эзэмшиж байгаа юм. Дээрхээс гар хүрээгүй төрийн мэдлийн хоёр орд руу “Чайна Энержи” орох хүсэлтэй байгаагаа ирүүлсэн захидалдаа тодорхой хэлж. Ингээд тухайн компани эхлээд төмөр замын хил холболтын ажлаа хийнэ. Дараа нь түүгээрээ гар хүрээгүй байгаа шинэ орд газраас нүүрс олборлоно. Улмаар жилд 20 сая тонн нүүрс авъя гэж байна. Үүнийг тоогоор илэрхийлбэл яг одоо биржээр зарагдаж байгаа сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 150 орчим ам.долларын үнэтэй байна. Тус үнээр 20 сая тонн нүүрсийг жил болгон авна гэж үзвэл дунджаар 2.9 тэрбум гаруй ам.доллар Монгол Улс руу орж ирнэ гэсэн үг. Бидэнд бол маш их мөнгө.

Нөгөө Засгийн газрын зарласан 14 мега төслийг эхлүүлэхэд хангалттай хэмжээний хөрөнгө. Тиймээс монголчуудын хувьд уг саналаас татгалзах, эсвэл улс төр хийж унагах шаардлага, шалтгаан огт харагдахгүй байна. Гэвч монголчууд л болсон хойно ийм том эрх ашиг дээр улстөржиж л таарна. Нөгөө талд нь бас эрх ашиг нь хөндөгдөх бизнесийнхэн чимээгүй сууж чадахгүй. Энэ хоёр нийлээд ард түмний тархийг яаж ч угааж мэднэ. Угаагаад ч эхэлчихсэн байна. Нөгөө л ярьдгаараа хятадууд манай улс руу орж ирж байгалийн баялгийг дураараа зөөх гэж байна гэдэг суртал ухуулгаа хэдийнэ эхэлчихэж. Тиймээс энэ улс төр, бизнесийнхнийг давж уг ажлыг хамтарсан Засгийн газар зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй. Улс төр, бизнесийн бүлгийн өөрт ашигтай улс төржилтөөс болж Монгол Улсын хөгжил хэдэн арван жилээр хоцорсон. Хөгжье, том төслүүдээ эхлүүлье, баялгаа их хэмжээгээр экспортолж, эдийн засгаа тэлье гэхээр улс төр, бизнесийн хамтарсан бүлгийн хамаарал бүхий этгээдүүд эхнээсээ дуугарч эхэлдэг.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд өөрсдөө төмөр замын хил холболтын ажлаа хийгээд, хөндөгдөөгүй байгаа нүүрсний хоёр орд газар дээрээ уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд ил болон гүний уурхайг байгуулж, гарсан бүтээгдэхүүнээ ангилаад экспортолно гэдэг “Мянгуужин”-ийн үлгэр болно. Тиймээс монголчууд бид үлгэрт итгэж хөгжлөө мөрөөдөж суухаар бэлэн орж ирж байгаа энэ том хөрөнгө оруулалтыг дэмжих нь зөв. Дэмжиж байж том төслүүдээ хөдөлгөнө. Том төслүүд хөдөлж эхэлбэл Монгол Улс өөрсдөө томоохон бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрээ барих хөрөнгө, хүч, туршлагатай болно. Эцсийн дүндээ улс орны эдийн засаг хоёр дахин тэлснээр та бидний гар дээр авч байгаа цалин хоёр дахин өснө гэсэн үг. Хамгийн гол нь “Чайна Энержи”-ээс орж ирэх хөрөнгөөр энэ Засгийн газар зарласан том төслүүдээ хөдөлгөх боломжтой болно. Өөрөөр эдгээр том төслүүдийг хөдөлгөх хөрөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс нийгэмд 14 мега төслийг эхлүүлэх хөрөнгө нь тодорхой биш болохоор хоосон яриа мэтээр шүүмжлэх нь их байсан. Тэгэхээр том төслүүдээ хөдөлгөх хөрөнгөө энэ Засгийн газар олчихоод байна гэсэн үг.

Харин бид түүнийг нь улстөржүүлээд гацаах уу. Дахиад улсынхаа хөгжлийг хорь, гучин жилээр нэмж хоцроох уу. Эсвэл хөгжлийн амь тариа болсон нүүрсээ богино хугацаанд их хэмжээгээр экспортолж, дараагийн том хөгжлийн сууриа тавих уу гэдгээ ард түмэн бодох хэрэгтэй. Манайх шиг энэ эрин цагт түгжрэлтэй, утаатай, авлигалтай байгаа улс орон дэлхийд өдөр ирэх тусам улам цөөрсөөр байна. Түгжрэл, утаагаа 20 жил ярьж байгаа улс орон дэлхийд ганцхан Монгол. Эдгээр том асуудлыг шийдэхийн тулд асар их мөнгө л хэрэгтэй. Харин тэрхүү хөрөнгийг босгох Монгол Улсын цор ганц боломж бол одоохондоо ердөө нүүрс. Яваандаа өөрсдөө нефтиэ хийчихвэл, уран олборлоод зарчихвал бас ч гэж хэдэн төгрөгтөй болж болох юм. Тэгэхээр нүүрсээ их хэмжээгээр экспортлох болон мухар төмөр замуудынхаа холболтыг хийлгэх энэ боломжийг бид хоосон улстөржилтөөс болоод устгах шаардлага үнэндээ алга байна шүү.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2024.11.22)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Ерөнхийлөгч хоригтоо, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж батлах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ард иргэд, баялаг бүтээгчид, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын санал, шүүмжийг харгалзан үзэхийг үндэслэл болгосон байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн хамт Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газарт уг хууль тогтоомжууд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09:17 цагт ирснийг хянан үзээд 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 10:00 цагт буюу 24 цагийн дотор хориг тавих асуудлыг шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригийг хүлээж авснаар урсгал зардлыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах, төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын 2025 төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг боловсруулан баталж, орон нутаг төсвөө батлах цаглаврыг өөрчлөх, мөн төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийж тэнцлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн урсгал зардлыг бууруулах шаардлагатайг хөндөж үг хэлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хавдар судлалын эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар урсгал зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, цаашид Улсын Их Хурлаар батлагдаж байгаа хууль тогтоомжоор төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн бодлогоор хувийн хэвшлүүдийг дэмжих тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж төсвийн зардлын өсөлтийг хязгаарласан төсвийн тусгай шаардлагуудыг өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтайгаар төсөв тэлж буйг зохистой түвшинд хязгаарлах нь зүйтэйг дурдсан байна.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар “мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх” гэх томъёолол ямар утга санаа илэрхийлж байгааг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир хоригт 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах, эсхүл алдагдалгүй төсөв батлах гэдэг шаардлагын алийг тавьж байгааг болон төсөвт тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрхэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөл нь хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг дахин сануулж, хоригийг хүлээж авсан тохиолдолд Засгийн газарт буцаах хууль, эрх зүйн гарц бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2025 оны төсөл дэх мега төслүүдийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Тус Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригт дурдсан Үндсэн хууль зөрчсөн талаарх үндэслэлүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргах шаардлагатайг болон хүчин төгөлдөр болоогүй Төсвийн тухай хуульд тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоол баталж хууль дээдлэх зарчим алдагдсан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Алдаржавхлан, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нар байр сууриа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд 100 хувь дэмжжээ.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын танилцуулга болон дээрх Байнгын хороодын санал дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар орон нутгийн төсвийг батлах хугацааг хэд хоногоор хойшлуулах эрх зүйн гарц байгааг болон Сангийн сайд Б.Жавхлангаас Ерөнхийлөгч хориг тавина гэсэн хүлээлт байсан эсэх, Төсвийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулах урьдчилсан бэлтгэлтэй эсэхийг нь асууж, Ерөнхийлөгч хоригийг хэлэлцэх дэгийг цэгцлэх шаардлагатайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хоригийг хүлээн авах нь нэг удаагийн арга хэмжээ болоод өнгөрөх үү, цаашид жил бүр төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлтөөсөө 5-6 дахин их буюу 30 хувиар өсдөг энэ тогтолцоогоо өөрчлөх эсэх талаар лавлав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрсдийнхөө баталсан тогтоол, шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэх зэргээр олон нийтэд ярьж, шүүмжлэл өрнүүлэх нь зохимжгүй, өргөн барьсан, хэлэлцэж байгаа асуудалдаа эзэн болж, тодорхой байр суурьтай ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, төсөв хэлэлцэх дэгтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан, 25 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дуулгасан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ДНБ өсөлттэй байгаа үед төсвөө алдагдалгүй баталж, зардлаа хэмнэн, орлого буурах эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улс төрийн болон хууль зүйн дүгнэлт өгөх учиртайг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үйл ажиллагаандаа Үндсэн хуульт ёсыг хэлбэрэлтгүй мөрдөхөд анхаарах, Улсын Их Хурал хууль батлахдаа олон нийтийн оролцоо, санал шүүмжлэл, гишүүдийн саналыг тусгаж, олон талаас нь нээлттэй хэлэлцдэг байх, хуульт ёсыг чанд мөрдөх зэрэгт дүгнэлт хийх учиртайг дурдаж, төсвийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраас өргөн мэдүүлэх, дөрвөн үе шаттайгаар хийх зэрэг горим, дэгээ нарийвчлан тогтсоны дараа явуулах ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улсын болон орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах хууль, эрх зүйн гаргалгааг гаргах, тойргийн жижиг эрх ашгуудаас татгалзах, хөрөнгө оруулалтын зардлаас хасах, шинээр тавихгүй байх, урсгал зардлын задаргааг ойлгож хасах, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллага, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасахгүй байх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал хууль, эрх зүйн зөрчилтэй эсэх асуудлыг мэргэжлийн байнгын хороо дүгнээд оруулж ирэх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан Төсвийн байнгын хорооны даргад хариуцлага тооцох ёстой гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуулттай холбогдуулан, өмнөх 76-г санагалзсан хүмүүсийн даалгавраар 126-г муухай харагдуулах гэж өөрөө өөрсдийгөө эвгүй байдалд оруулах зүйлс ярихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд анхааруулаад, 2014, 2015 оны төсвийн тухай хуулиудыг дараа оны нэгдүгээр улиралд багтааж тодотгол хийх тогтоолуудыг баталж байсныг санууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цалингийн нэмэгдэл инфляцаа хаах төдий байгааг сануулж, цалин болон бусад чухал зардлуудыг хасаж танахгүй байх, шинээр өргөн барих төсвийн төсөлдөө зардлын таналтыг зөв хийж, эрх ашиг болон ач холбогдлоор нь эрэмбэлэхийг Засгийн газарт зөвлөж, тодотгол хийгдэхгүй тохиолдолд төсвийн хэлэлцүүлгийг дутуудуулалгүй, нэг мөр эцэслэн хийж, чанартай батлах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараах төсвийн хэлэлцүүлгийн дэг хэрхэн явагдах талаар асууж, төсвийг алдагдалгүй батлах нь чухал бус үр ашигтай батлах нь илүү чухал болохыг онцолж, урсгал зардал төдийгүй хөрөнгө оруулалтын зардлаас ч хасах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний асуултад хариулахдаа, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор төсвийн төслийг хэлэлцэх дэгийг Ёс зүй дэгийн байнгын хороо боловсруулж, Улсын Их Хурлаар батлавал уг дэгээр явна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн бодлогыг эрхэмлэж байгаа учир улсын төсөв ч мөн хүн төвтэй байх ёстойг анхааруулж, хавдрын эмнэлэг барих шаардлагатайг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хоригийг хүлээж авсны дараа төсвөө засаж сайжруулах үүднээс Сангийн яам төслийг төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмуудад нийцүүлэн боловсруулж дахин оруулж ирэх нь зүйтэй гээд, алдагдалгүй төсөв батлах шаардлагын хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө мөн өөрчлөлт оруулах шаардлагатай тул дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийхээс аргагүй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хамгийн том хариуцлага ярих ёстой хүн бол Сангийн сайд гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар сонгогчдоос санал авсан мөрийн хөтөлбөрөөсөө зөрсөн төсвийг оруулж ирж баталсан хүмүүс бол 118-ын бүдүүн бүлэг гээд, сөрөг хүчин буюу цөөнхийн үүрэг парламентад дутагдаж байгааг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр цаашдаа дахиад ийм байдал үүсэхгүй байхад анхаарах шаардлагатайг анхааруулаад, улсын төсвийг Монголбанкны мөнгөний бодлоготой нийцүүлэх, аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх, татвар, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг реформын асуудлуудыг зайлшгүй хөндөх ёстой гэлээ. Мөн эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог хумьж, төрийн албыг цомхотгох, цаашлаад төр засаг, парламентад итгэх иргэдийн итгэл, хүлээлтийг сэргээх шаардлагатайг тэмдэглэв. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс алдагдлаа багасгая, үр ашгаа нэмэгдүүлье гэсэн ажил хэрэгч санал их гарсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дурдаад, чуулганы хуралдааны дэгийг цэгцлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Улсын Их Хурал ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулж хэлэлцэх, мөн Ёс зүй дэгийн байнгын хороо гишүүдийнхээ өргөн оролцоотойгоор дэгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан Төсвийн байнгын хороо дүгнэлт гаргана гэвэл дахиад асуудалд орох учир Улсын Их Хурлын дарга тодорхой шийдэ гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, Сангийн яам төсвийн төслийг хэрхэн боловсруулж буйг асууж хариулт авсан юм. Төсөвт тодотгол хийх Улсын Их Хурлын тогтоолын дагуу тооцооллуудаа хийж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн дагуу тохиргоонуудаа хийж ажиллана гэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хоригтой холбоотой асуудал шийдэгдээд төсөв ахиад хэлэлцэх нөхцөл үүсвэл өмнөх парламентад Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн улс орны эдийн засгийг энэ төсвөөс болбол салгаж ойлгох боломж бололцоо байхгүй, учир нь төсвийн бодлого дараа жилийн улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаа, орлогод тусгалаа олдгийг сануулаад, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нь хэрхэн хамгаалах, гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, нөөц хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах учиртай гэсэн юм. Тэрбээр, Ерөнхийлөгч хоригоороо үр ашигтай байлгах, хэмнэлттэй байлгах, алдагдалгүй төсвийг батлах гэсэн тодорхой чиглэлүүдийг өгч, суурь зарчмын том босгыг тогтоож, доод тал нь 1.9 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг тавьж байна гээд, ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хассан заалтыг сэргээх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэв.

Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн зарлагыг хязгаарлах, орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх нь ямар ч цаг үед байх ёстой асуудал учир энэ талаар бодитой, тооцоо судалгаатай хандах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, орлого бүрдүүлэх ирээдүйн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг танах асуудал байж болохгүйг онцгойлон анхааруулав. Мөн тэрбээр төсвөө батлах процесс, улсын хөгжлийн бодлого санхүүгийн тэнцвэрт бодитой хандах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлаа хадгалах, улс төржихгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр цаашид гарч болзошгүй хууль эрх зүйн маргаантай асуудлуудыг нэг тийш шийдвэрлэж, тодорхой болгож урагшлах нь зүйтэй гэв.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад Улсын Их Хурлын нийт 89 гишүүн оролцсоноос 76 дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир уг тогтоолын эцсийн найруулгыг сонсож, эцэслэн батлах горимын санал гаргасны дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сонсгож, баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.

Тэрбээр Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагын хуульчид ажиллаж байгааг тодотгосон.

Ажлын дэд хэсгийн гишүүд эхний ээлжинд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг судлан, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ямар агуулгаар өөрчлөлтийг хийх талаар судалгаа хийн, үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байгааг мэдээлсэн юм.

Энэ өдрийн хэлэлцүүлгээр шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулга хийсэн.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.