Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Сонгуулийн бүсчилсэн тойргийн тогтолцоотой болох ёстой DNN.mn

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэх асуудал яригдаж эхэллээ. Сонгуулийн тойргийг томсгосноор Монгол Улс сэхээнээс гарна гэж нийтлэлч Баабар хэлсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Сонгуулийн тогтолцооны асуудал бол ардаа олон том асуудлын суурь болдог. Энэ бол нэг нам сонгуульд ялах, ялагдах тухай асуудал биш. Ялангуяа манай улс шиг газар зүйн байршилтай орны хувьд, геополитикийн өнөөгийнх шиг хурцадмал үед маш болгоомжтой хандах ёстой асуудал мөн. АН сонгуулийн тогтолцооны асуудлыг парламентын засаглал бүхий ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн бодлогыг тэтгэх, төрийн нэгдмэл байдлыг хадгалах үүднээс авч үзэж ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд ч сонгуулийн пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх, Үндсэн хуулийн цэцийн дур зоргын шийдвэрээс гарсан алдааг залруулахад чиглэгдсэн улс төрийн болон эрх зүйн орчны хүрээнд түүхэн шийдвэрүүд гаргаж байсан. Сонгуулийн тогтолцоотой олон санаачилга гардаг. Бидний анхаарах ёстой зүйл бол цогцоор нь шийдвэрлэж, тууштай хэрэгжүүлэх явдал юм.

Өнгөрсөн ням гаригт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөг хүртэл явж ирсэн бидний зам хариуцлагын зуд дагуулж, эрх зүйт ёс гажуудахад хүргэсэн. Хөгжлийн бодлого улам бүр алсарч, өдөр тутмынхаа асуудалд зүдэрсэн ард түмэн болж хувирлаа. АН-ын улс төрийн зөвлөл асуудалд нухацтай хандаж олон цагаар хуралдсан. Мэдээж хэрэг эрх баригчид ялахын төлөө юу ч хийхэд бэлэн болж байна. Гэхдээ, АН-ынхан ирэх сонгуульд ялах эсэхээ биш улс оронд ямар сонгуулийн тогтолцоо, тойрог алс хэтдээ хэрэгтэй вэ анхаарч ярилцаад бүсчилсэн тойргийн тогтолцоо байх нь зөв гэж үзсэн. Товчхондоо, өөрсдийнхөө ялалт, ялагдлын асуудлыг биш улс орныхоо хувь заяаг бодсон эх оронч шийдвэр гаргалаа.

-Бүсчилсэн тойргийн ач холбогдлыг яаж харж байна вэ?

-АН ийм шийдвэр гаргах болсон гурван шалтгааныг дурдъя. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжил, төсвийн бодлого оновчтой болж хот хөдөөгийн болон бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох боломж бүрдэнэ. Сүүлийн үед сонгууль мөнгөний сонгууль болсон. Улстөрчид бодлогоороо биш, хэр их мөнгө тараах вэ, хэр олон танилын сүлжээтэй байх вэ гэдэгт л анхаарч ирсэн. Цаашдаа мөнгөний сонгууль үргэлжлээд байвал энэ улс орны оршин тогтнохуйд заналхийлэх түвшинд хүрлээ. Тиймээс бүсчилсэн сонгуулийн тойрог нь мөнгөний нөлөөллийг бууруулна гэж үзсэн. Гуравдугаарт, сонгогчдын сонголт өргөжих юм байна гэж үзсэн.

Улс төрийн намуудын тулгадаг сонголтгүй сонголтоос биш олон сонголтоос төлөөлөгчөө сонгох юм байна гэж үзсэн. Тиймээс, эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай улс орноо бодсон шийдвэр гаргаад явах нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудлыг анхаарах ёстой. Монгол бол нэгдмэл улс. Монгол Улсын төрийн нэгдмэл байдал, газар нутгийн нэгдмэл байдлыг бодолцох ёстой. Дараагийн асуудал бол сонгууль шударга болох ёстой. Энэ тал дээр улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Ногоон автобусны сонсголыг явуулах түр хороо байгуулахаар Ардчилсан нам гарын үсэг цуглуулж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Ногоон автобусны асуудлаар АН-ын бүлэг УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах тогтоол санаачлан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Түр хороо байгуулах шаардлагад хүрсэн. Одоо УИХ-ын хэлэлцэх асуудалд оруулж, түр хороо байгуулах ажил УИХ-ын дарга Г.Занданшатараас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хүлээгдэж байна. Ер нь цаашдаа ганц ногоон автобусны биш нууцад хамруулсан олон гэрээ байгааг ил болгох, шалгах шаардлагатай байна. Үүнд нүүрсний оффтэйк гэрээнүүдээс эхлээд төмөр зам, улаан автобус, сургуулийн автобус, цагдаагийн машин хүртэл олон арван гэрээ байна. Эрх баригчид эдгээр асуудал дээр ус балгачихсан юм шиг л яваад байгаа. Нууцаас гаргая гэсэн ч Засгийн газрын л шийдэх асуудал. Эрх баригчид нууж байгаад сонгуульдаа орчихъё л гэж асуудалд хандаж байгаа.

-Нүүрсний сонсголын хоёр дахь шатны хэлэлцүүлэг эхэллээ. Б.Энхбаяр жинхэнэ бүүм болно гэсэн. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Нүүрсний хулгайн олон их наядын асуудал дэлгэгдсэнтэй зэрэгцүүлээд эрх баригчид олон нийтийг төөрөгдүүлэх кампанит ажил эхлүүлсний нэг нь нүүрсний сонсгол.

-Яагаад. Харин ч төрийн том, том хулгайг нэртэй устай нь зарлаад байгаа юм биш үү?

-Намынх нь нэр хүнд шалан дээр унаад ирэхээр эрх баригчид “дэр авч үхье” гэдэг тоглоом тоглож байна. АН-ын баахан хүнийг дуудсан, хувьцаа нь бирж дээр арилжаалагддаг компанид бүрэн эрхт төлөөлөгч гэж хууль дээр гишгэдэг хүн томилж үзсэн. Эцэст нь өндөр ашигтай ажилладаг орон нутгийн өмчтэй компанийг борлуулалтгүй болгочихсон сууж байна. Харин төрийн өмчтэй системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийсэн хамгийн том авлига, хулгайн хэргийнхээ гүйцэтгэгчийг шоронд хийчихээд сонсголд оруулахгүй байгаа. Амыг нь барьж байгаа хэрэг л дээ. Хэргийн жинхэнэ захиалагч нь, зохион байгуулагчид нь ордонд хурал хийгээд, эх орончийнхоо дүрд тоглоод байж байгаа. Хулгайн хэрэг яригдаад эхлэнгүүт баахан хүний нэр зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч оруулж ирэхгүй байна. Тэгэхээр энэ засаг хулгайтай тэмцэж байна уу, сайн бодоод үз. Дөрөв хоног жүжиг тоглоод, тэрэндээ АН-ынхныг хавчуулаад л өнгөрнө. Энэ сонсголын зорилго бол МАН ганцаараа хулгайч биш юм шүү л гэж иргэдийг төөрөгдүүлэх гэсэн улс төрийн шоу. Оффтэйк, төмөр замын гэрээнүүд, баяжуулах үйлдвэр барьсан, газрын тосны хоолой барьсан гээд тус бүрдээ хэдэн их наядын дүнтэй хулгай байгаа. Яагаад эдгээрийг ярихгүй байгаа юм бэ. Яагаад эдгээр гэрээнүүдийг нууцаас гаргахгүй байгаа юм. Засгийн газарт, УИХ-д бүх эрх нь бий. Хулгайтай тэмцэж, хулгайг ил болгох гэж байгаа юм бол АН-ын бүлэг санаачилсан ковидын ерөнхий хяналтын сонсголыг яагаад зогсоов. ковидын үеэр Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихсон. нэрээр хорин их наяд төгрөг хулгайн замаар орчихсон байна. Гэтэл Эдийн засгийн байнгын хороо нэг жилийн хугацаанд сонсгол зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Сонгууль хүртэл ярихгүй л гэсэн үг.

-Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд шатахуун, түлш хомс боллоо. Бас Оросоос авдаг эрчим хүч хязгаарлана гэж байна. Сөрөг хүчний дуу хоолойг ард түмэн үгүйлж байна. Энэ цөвүүн цагт бид яах ёстой вэ?

-Сөрөг хүчний дуу хоолой байхгүй байна гэдэг бол эрх баригчдын пропагандагийн нэг хэсэг. АН-ын бүлгийн хурал дээр сарын өмнөөс л холбогдох сайд, албан тушаалтнуудаас мэдээлэл авч, шийдвэрлэхийг шаардаж ирсэн. Цас их орж зудын байдалтай байна, дизель түлш 5000 төгрөг боллоо гэхэд эрх баригчид тасалдахгүй л гэцгээж байсан. Гэтэл бодит байдалд ямар байгааг харж байгаа биз дээ. Ардчилсан нам хэвлэлүүдийг худалдаж авдаггүй, тролл баг ажиллуулдаггүй. Асуудлыг судалдаг, хууль санаачилдаг, шийдэл санал болгодог, хүмүүст түүнийгээ хүргэдэг. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой ажил нь. Оросоос түлш орж ирэхгүй боллоо, дайнаас боллоо л гэдэг. Гэтэл оны эхэнд нүүрсний экспорт нэмэгдэж байхад шатахууныхаа захиалгыг нэмэгдүүлээгүй л байхгүй юу. Ногоон автобусны хулгай гараад өвөл суух автобус байхгүй болох нь тодорхой л байсан. Автобусгүй хүмүүс машинд суугаад бүгдээрээ бөглөрч байна. Зам дүүрэн бөглөөтэй хэдэн цагаар зогсож байгаа автомашины шатахууны хэрэглээ өсөх нь тодорхой шүү дээ. Товчхондоо хулгай нүүрлэснийх нь гайгаар шатахууны хэрэглээ нэмэгдэж байна. Энийг ч олж харж чадахгүй бензинээ захиалаагүй л байхгүй юу. Нэг бүдэрвэл долоо бүдэрдгийн үлгэр болж байна. Цаашаа авлига хулгайдаа бүдрэх явдал үүгээр зогсохгүй.

-Саяхан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хууль батлагдлаа. Энэ хуульд түгжрэлээс ангижрах ямар шийдлүүд байна вэ?

-Эрх баригчид аанай л хорьчихоор асуудал шийдэгдчихнэ гэж боддог хэвээрээ. Захиргааны аргаар л асуудалд хандаж байна. Иргэдийн 65 хувь нь газраа зарчихаар үлдсэн газрыг нь хураагаад авчих юм гэнэ. Ингэж хүний өмчид халдаж болдог юм уу. Яахаараа МАН-ынхан эзэнгүй газар гарын үсгээр авч тэр рүүгээ төсвийн мөнгөөр дэд бүтэц бариад хэдэн тэрбумаар зарж ашиг олоод сууж байхад өмчилж авсан алга дарам газрыг нь хууль гаргаж хурааж авдаг юм. Ийм улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм. Үүнээс гадна төлбөр тогтоосон бүсэд зорчсоны төлбөрийг иргэний данснаас шууд гаргуулж авдаг болох зохицуулалт оруулж ирсэн. Магадгүй бидний олонх нь зөв гэх байх. Гэхдээ энэ бол таны дансанд төрийн эрх мэдэлтэн дур зоргоороо халддаг хаалга үүдийг нээж байгаа юм. Ийм ухвар мөчид байж болохгүй. Энэ хууль хүний өмчлөх эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн цэц дээр яригдах ёстой. Ардчилсан нам Улаанбаатарын хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдвэрлэх бодлого боловсруулаад явж байгаа. Гэхдээ иргэнээ төвдөө тавьсан, иргэдийнхээ эрхийг хадгалсан, утаа, хөрсний бохирдлыг бууруулах цогц бодлого боловсруулж байна.

-Сонгууль дөхөж байна Ардчилсан намын бодлого хэр цэгцэрч байна?

-Ардчилсан нам үзэл баримтлалдаа тулгуурласан бодлого дээрээ ажиллаж байна. Бид суурь бодлогын асар том ялгаатай нам. Бид хүмүүст, иргэддээ итгэдэг. Өөрсдийнхөө ахуй амьдралыг өөд нь татах гэж хичээж зүтгэж яваа иргэдийнхээ өмнөөс орж зүгээр байж бай, төр тэжээж тэтгээд өгнө, та нарын амьдралыг өөрсдөөс чинь илүү бид мэднэ гэж хэлэхгүй. Харин ч энэ хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлэхгүй, хааж боохгүй байхыг бодлогынхоо цөмд тавьж явна. Энэ бол АН-ын улс төрийн философийнх нь үндсэн асуудал юм. Харин өнөөдөр нэгэнт бий болж Монголын төр, нийгмийн бүх тогтолцоонд гүн шингэчихээд байгаа энэ картелийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэг бидний маш чухал асуудал. Энэ картелжсэн, төрийг бүхэлд нь хувьчлаад авчихсан клептократик тогтолцоо тийм амархан алга болчихгүй. Бид үүний үр дүнг замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эрүүл мэнд, боловсролын салбарын дампуурлаас бэлхнээ харж байна. Цаашилбал энэ улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйд заналхийлж байна. Улстөрчийнхөө хувьд зарим талаар итгэл алдармаар дүр зураг ч харагддагийг нуугаад яах вэ. Гутрангиар харвал нэг удаагийн сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх аргагүй ч байж магад, бүр сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх боломжгүй болтол сүлжчихсэн ч байж магадгүй.

-Тэгвэл үүнийг засч залруулахын тулд юу хийх ёстой вэ?

2024 оны сонгууль маш чухал сонгууль болно. Хэрэв сонгуулийн үр дүнгээр байдал дээрдэхгүй болчихвол бид нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Зүгээр нэг бодлогын реформын түвшинд биш, сэтгэлгээний илүү гүнзгий түвшинд өөрчлөлт хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг улстөрчдийн гомдлоор шалгадаг боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Сэтгүүлчдийн ажил бол мэдээллийг эрэн сурвалжлах, олсон мэдээллээ нийгэмд түгээх. Энэ ажлаа хийснийхээ төлөө яллагддаг байж болохгүй. Чөлөөт хэвлэл, эрх чөлөөтэй иргэн, иргэний нийгмийн байгууллага бол ардчилсан тогтолцооны даацын багана. Зөвхөн улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг байгаагаар ардчилсан байна гэж ойлгож болохгүй. Харин ардчиллын суурь институциуд байж, нийгэм дэх үүргээ гүйцэтгэж байж ардчилал оршин тогтдог, хөгждөг. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид хэвлэл мэдээлэлд ярилцлага ч өгдөггүй, шаардсан мэдээллийг нь ч гаргаж өгдөггүй. Урьдчилж бэлтгэсэн асуултаа холбоо харилцаатай хэдэн хүнээр асуулгаад түүндээ хариулаад явдаг болсон. Сүүлийн үед эрх баригчдын бусармаг, хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг ил болгосон хүмүүс шоронд явдаг боллоо. Бүр эрх баригчдын хүсээгүй асуултыг асуусан хүн шоронд явдаг боллоо. Товчхондоо үзэл бодлоо илэрхийлсэн хүн, үнэнийг олж мэдэх гэж оролдсон сэтгүүлчид эрх баригчдын улс төрийн дайсан болчихлоо. Ямар ч хамаагүй аргаар барьж хорьдог, залхаан цээрлүүлдэг, эцэст нь хэрэг тохдог тогтолцоо бий болж байна. Энэ бол харгис төрийн шинж. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ харгис тогтолцооны золиос болон хоригдож байна. Н.Өнөрцэцэг өнөөдөр сэтгүүлч гэхээсээ эрх баригчдын заавраар явдаггүй, нийгэмд нөлөө бүхий субъект гэдэг утгаараа эрх баригчдын дайсан болчихсон учраас хоригдож байна гэж үзэж байна. Шуудхан хэлэхэд, улс төрийн хоригдол болчихлоо. Сайн ажиглавал эрх баригчид эхлээд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллээр эхэлж гэмт хэрэгтэн болгож нийгэмд яллаад, дараа нь хорьж цагддаг. Эцэст нь ямар нэг хэргээр ял өгдөг боллоо.

-Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Юуны өмнө сэтгүүлчдийг яллаад байгаа эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна. Цаашдаа улс төр, төрийн алба хашиж байгаа хүмүүс гүтгэлээ гэдэг заалтаар сэтгүүлчдийг шалгуулж, залхаан цээрлүүлэхэд ашигладаг тогтолцоотой байж болохгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ улс-төр

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.12.19) хуралдаан 10 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.10-т “хүнсний аюулгүй байдал” нь Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж заасан ба ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гол үйл ажиллагаа хэмээн төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав. Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний 65 хувийг ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг тул ургамлын эрүүл мэндийн асуудал нь нэн чухал гэж үзсэн байна. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хэлэлцэж буй хуулийн төслийн талаар тусгасныг Х.Болорчулуун сайд танилцууллаа.

Ургамал хамгааллын тухай хуулийг анх 1996 онд баталж, 2007 онд шинэчилэн найруулж, өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагуудын бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг голлон зохицуулсан ч ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалахад чиглэсэн зохицуулалт хангалтгүй гэж төсөл санаачлагч үзжээ.

Ургамал хамгааллын тухай хуулийг шинэчилэн найруулж, мөрдөж эхэлснээс нэг жилийн дараа буюу 2008 онд Монгол Улс Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон байна. Энэхүү конвенцын стратегийн зорилтод “Хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” асуудлыг тусгасан байдаг. Тиймээс Монгол Улс гишүүн орны хувьд ургамал хамгааллын салбарын хууль тогтоомжийг тус конвенцын зарчим, үзэл санаанд нийцүүлэх шаардлага үүссэн байна.

Түүнчлэн Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш 15 жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгах, нөгөө талаар байгаль орчин, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан хөдөө аж ахуйн салбарын хамрах хүрээг тэлж, ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, олон улсын худалдаа нэмэгдсэнтэй холбогдуулан ургамал хамгааллын үйл ажиллагааг боловсронгуй болгоход нэн тэргүүнд даган мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь чухал хэмээн Х.Болорчулуун сайд танилцуулав.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилго бүхий хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлээс бүрдэж байгаа аж.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Монгол Улсын цөлжилт анхаарал хандуулах түвшинд байгааг Г.Дамдинням гишүүн хэлээд, төсөлд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр хамгааллын чиглэлээр зохицуулалт туссан эсэхийг асуулаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулав. Монгол Улсын газар нутгийн баруун болон баруун урд хэсэг цөлжилтөд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байгаа бөгөөд нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь өөрчлөлтөд орсон, цөлжилтийн шинж тэмдэг илэрсэн гэх олон улсын судалгааны дүнг Х.Болорчулуун сайд дурдав. Үүний зэрэгцээ малын тоо толгой түүхэн дээд хэмжээндээ хүрч 71 сая буюу хонин толгойд шилжүүлбэл 120 гаруй сая толгой малтай болоод байгаа аж. Эдгээр нөхцөлөөс улбаалан ургамлын бүрхэвч, бэлчээр өөрчлөлтөд орж байгаа учраас мал аж ахуйн уламжлалт хэв маягаа өөрчилж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өндөр үр ашигтай болгох чиглэлд салбарын яамнаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг өгсөн. Хэлэлцэж буй төслийн “Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн 22 дугаар зүйлд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах; ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтай холбоотой олон улсыг хамарсан цахим системд нэгдэх, харилцан мэдээлэл солилцох; ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах; ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, дүгнэлт гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан гэдэг хариултыг өгөв.

Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө. Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллахаар төсөлд тусгасан гэв. Тухайн байгууллага нэн тэргүүнд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын чиглэлээрх бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудлыг хариуцах юм байна. Одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд мэдээллүүдийг нь ургамал хамгааллын үндэсний байгууллагад шилжүүлнэ хэмээн тооцжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр холбогдох зохицуулалтыг хийх аж. Экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай бусад эд, материалд ургамлын хорио цээрийн гэрчилгээг импортлогч орны шаардлагад нийцүүлэн ургамал хамгааллын үндэсний байгууллага олгох бөгөөд үүнтэй уялдуулан гаалийн байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг тус байгууллагын харъяанд шилжиж, тус мэргэжлийн багийн дүгнэлтийг үндэслэн зохицуулалттай эд, материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахаас өмнө импортын мэдэгдэл олгох зэрэг ажил, үүргийг гүйцэтгэнэ гэдэг хариултыг ажлын хэсэг өглөө. Ирэх оны төсөв батлагдсан учраас 2024 онд ургамал хамгааллын үндэсний байгууллагыг тухайн онд багтаан байгуулах боломжгүй ч 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэх үеэс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгаа талаараа Х.Болорчулуун сайд хэллээ. Бүтцийн хувьд Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэцтэй дүйцэхүйц байхаар тооцсон гэв. Аймаг, нийслэлд бүтэц байгуулж, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн байна.

Шинээр агентлаг байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаснаар Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах бодлоготой зөрчилдөж байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар сануулаад, Засгийн газрын саналын талаар тодруулав. 2008 онд Монгол Улс Ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдэн орсон, энэ хүрээнд ургамал хамгааллын үндэсний байгууллагатай байх шаардлага үүссэн гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өглөө. Хуулийн төслийг боловсруулах явцад үүнтэй холбоотой 11 орон тооны 850 сая орчим төгрөгийн зардлын тооцоо, саналыг Сангийн яаманд танилцуулахад татгалзаагүй, Засгийн газар дэмжсэн гэв. Ирэх оны төсөвт холбогдох асуудлыг тусгаагүй учраас 2024 онд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах байдлаар зохицуулан ажиллах боломжтой гэж тооцсон байна. Б.Бейсен гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эмийн ургамлыг хамгаалах, тариалахтай холбоотой ямар зохицуулалт туссан талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 69.2 хувь нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар”-х мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Архангай, Завхан аймгийн 11 суманд ажиллан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнтэй танилцсан болохоо хэллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрсэн, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зуд эхэлсэн, 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгаа гэв. Үүсээд байгаа бэрхшээл нь зөвхөн малчин, тариаланчдын асуудал биш, улс орны хүнсний хангамж, нийлүүлэлт, эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарын хувь заяатай холбоотой гэдэг мэдээллийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг танилцуулав.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Аймгуудын мэдээллээр 5.1 сая толгой малыг хүнсэнд, 12.1 сая толгой малыг зах зээлд нийлүүлэх, нийтдээ 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр судалгаа ирүүлжээ. Энэ нь нийт малын 21.5 хувь, 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцэж байгаа аж.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч улам чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл тогтох зэргээс үүдэн 2023-2024 оны өвөлжилт асар хүнд байгаа, хаваржилт нэн хүндрэх төлөвтэй байна гэдэг мэдээллийг танилцууллаа. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нэн их, их, 26 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 гаруй суманд цагаан зуд болж байгаа бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай, үндсэндээ бүх аймаг, сумд зудын нөхцөлд байгаа аж. Манай орны нийт нутгаар 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 4 удаа цаг агаарын аюулт үзэгдэл болж, цахилгаан дамжуулах шугам сүлжээ унасан, мал сүрэг олноор хорогдсон, олон тооны хүн салхи шуурганд туугдаж, төөрөн, бүр амь насаа алдсан зэрэг харамсалтай тохиолдлуудын талаар мэдээллээ.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул цас их орсон аймгуудын малчдад малаа ангилж ялгах, шаардлагатай хэрэгцээнд нөөцлөх уриалга гаргажээ. Үүсээд байгаа нөхцөл нь малчид, Засгийн газар хоорондоо шийдэхэд хүндрэлтэй байгаа тул орон даяар малчдад туслах аян эхлүүлсэн гэв.

Аймаг, сумдад жилийн эцсийн мал тооллого болж, дүнг нь нэгтгэж байгааг мөн хуралдааны үеэр гишүүдэд танилцуулсан. Газар дээр нь очиж тоолохын сацуу утсаар мэдээлэл авах байдлаар дүнг нэгтгэх асуудал гарсан учраас нягтлах шаардлага үүссэн байна.

Үргэлжлүүлэн Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Комиссын 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутаг руу шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдэд илүү ойртуулах, мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүрэг чиглэлийг салбарын яамдад өгч, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, гүйцэтгэлийг дүгнэн ажиллаж байгаа гэлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгаа аж.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар 82 мянган тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн, тогтвортой болж, дагаад хивэг, тэжээлийн нийлүүлэлт тогтворжих боломжтой гэж үзсэн байна.

Өвсний экспортыг 2023 оны 9 дүгээр сард, тэжээлийн экспортыг энэ оны 12 дугаар сараас  2024 оны 3 дугаар сар хүртэл хориглосон байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй, санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа аж. Иймд салбарын яам холбогдох зохион байгуулалтыг хийж байгаа гэлээ. Малчид олон тооны малыг мах болгон бэлтгэсэн ч худалдан авалт хангалтгүй, тээврийн зардал өндөр, хадгалах зоорь байхгүй байгаа гэх мэдээлийг С.Амарсайхан сайд танилцууллаа. Иймд Улсын онцгой комисс, салбарын яамнаас мал, мах худалдан авдаг, боловсруулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран сум, баг, аймгийн хэмжээнд бүсчилсэн явуулын худалдан авах цэг зохион байгуулахаар ажиллаж байгаа, улмаар тээвэрлэлт, түлш, шатахууны чиглэлээр дэмжлэг үзүүлэх ч нөхцөл үүсэх магадлалтай гэлээ.

Өвөлжилтийн нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулснаар өвлийг өнтэй, хохирол багатай даван туулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд орон даяар шилжсэн байгаа гэлээ. Энэ жилийнх шиг цас зудын нөхцөл сүүлийн 10-20 жил тохиолдоогүй байна. Цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын хүндрэлээс шалтгаалсан иймэрхүү хүндрэл цаашдаа улам нэмэгдэх эрсдэлтэйг Шадар сайд дурдаж байв. Иймд салбар дундын зохицуулалтыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох яамд анхаарч, ажлыг эзэнжүүлж, гүйцэтгэлийг нь хангуулж, үр дүнг нь тооцож, зохион байгуулалтаа сайжруулах шаардлага бий гэв.

Түүнчлэн Шадар сайд Төрийн хэмнэлтийн хуулийг өөрчлөх шаардлагын талаар саналаа танилцуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийн улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 57 сум автомашингүй, түлш, шатахуун авч чадахгүй байгаа аж. Дээрх хуулиар аймаг, сум төсвөө захиран зарцуулж, орон нутгийн хэмжээний асуудлуудаа шийдвэрлэх нь хориотой байгаа гэлээ. Зарим лаборатори урвалж бодисоо ч худалдан авах боломжгүй болоод байгааг дуулгасан. Цар тахлын уршгийг арилгах зорилгоор Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан нь үр нөлөөгөө өгсөн, гэхдээ өнөөгийн нөхцөлд эрсдэл үүсгэж байгааг тайлбарлав.

Төв, Архангай, Завхан аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд шаардлагатай 60 тонн шатахууныг шийдвэрлэж өгсөн. Хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан сумдад шатахууны нийлүүлэлт хангалтгүй байгаа тул Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Завхан аймгийн Арц суурийн хилийн боомт төдийгүй баруун аймгийн боомтуудаар импортолж буй малын тэжээл, гурил, шатахуунны татварыг хөнгөлж, чөлөөлөх шийдлийг гаргахгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр Улаанбаатараас хүргэж буй энэ төрлийн болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, тээврийн зардлаас үүдсэн хэт өндөр үнэтэй байгаа нь олон сөрөг үр дагавартай байгааг танилцууллаа. Улаанбаатар хотоос үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлээд хүргэхэд 2 дахин илүү үнэтэй болдог гэв. Үүний оронд боомтуудаараа дамжуулан хямд үнээр бараа, бүтээгдэхүүн авах боломжтой аж. Улаанбаатар хотод 35-40 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа тэжээлийг боомтоор дамжуулан авахад 15 мянган төгрөгийн үнэтэй болж байгаа гэлээ. Иймд шаардлагатай тохируулгыг хийж, хил гаалийн асуудлыг цэгцлэх үүднээс Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлээд байгаа аж. Үүн дээр холбогдох яамд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах шаардлага бий гэлээ.

Тодорхой тооны сумдын түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэсэн,  хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны системийг нэвтрүүлсэн, БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлсэн, тус улсын Гаалийн ерөнхий газрын цахим системд адууны мах экспортлох, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох дөрвөн үйлдвэрийг шинээр бүртгүүлсэн зэрэг мэдээллийг мөн Шадар сайд Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа.

Махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар 73.1 мянган тонн махыг экспортолсон байна. Түүнчлэн малын арьс, шир, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж байгааг шийдэх асуудлыг малчид олонтаа хөндөж байгааг мөн гишүүдэд танилцууллаа.

Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, Н.Наранбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ж.Батжаргал гишүүн танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналаа илэрхийлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 63.6 хувь нь “Өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. Үүгээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Адьшаа: Нүүрсний сонсгол гэгч нь чиглэлээсээ хазайж, жинхэнэ хулгайч нараа нуух зорилго цаагуураа агуулж байгаа юм биш үү DNN.mn

Нүүрсний хулгайн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ.


Сонсголын эхэнд Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Нүүрсний хулгайтай холбоотой янз бүрийн тоон дүн яригддаг. Зарим нь 40 их наяд, 44 их наяд гэж ярьдаг. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наядын хулгай байна гэж хэлсэн. Тиймээс анх 40 наядын хулгай гарсан гэдгийг нотолж ярьж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд болон 440 их наяд гэж хэлсэн С.Ганбаатар нарыг гэрчээр дуудаж, энэ талаар тодруулъя. Тиймээс түр хорооны хоёр гишүүн энэ ярьсан тоо баримтаа ямар үндэслэлээр гаргаж ирсэнээ эхлээд хэлээд өгөх үү.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Шинжээчдийн хэлж байгаагаар бол нөгөө 40 их наядын хулгай бараг нэг их наяд төгрөг болоод буурчихлаа. Бодвол тоонуудыг нь сайн харсан байлгүй дээ. Уг нь энэ тооцоолол бол 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд байсан. Тооцоод 40 их наядын хулгай явагджээ гэж гарсан. Тооцооллыг манай судлаачдын баг болон энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан байдаг. Тэгэхээр түр хорооны шинжээчдийн туршлага, мэдлэг ямар билээ гэдэгт миний хувьд эргэлзээтэй байгаа. 40 их наяд гэдэг бол магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ “Эрдэнэс Монгол” ХК-тай холбоотой асуудлыг гаргаж ирж байгаагаа онцолсон. Тодруулбал, төрөөс гадуур их хэмжээний мөнгө хяналтгүй эргэлдэж байна. “Таван толгой” ХК дээр өнөөдрийг хүртэлх сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллароор ачигдаж байж, хилийн цаанаа 180 гаруй ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг цавчиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр далд байгаа эдийн засгийг ил болгож дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэхээр байгаа гэдэг мэдэгдлийг хийж байв. Энэ мэдэгдлийн дараа бидний эдийн засагчид судалж үзсэн. 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс харахад ДНБ 46 их наяд байсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орлогыг бид хилийн цаана алдсан гэсэн үг.

Одоо хоригдож байгаа Б.Ганхуяг гэдэг нөхөр нүүрсний хэргийн талаар мэдэхгүй байна гээд байгаа. Мэддэг хүн нь ирнэ гэсэн, ирсэн хүн нь Н.Удаанжаргал байсан. Хоёр том тортой зүйлийг нь 20-хан минутад танилцуулаад нууцад хамаарна гээд гарын үсэг зуруулсан. Тэр тортой зүйлстэй нь танилцах гэтэл удаан танилцаж болохгүй гэсэн. УИХ-ын гишүүд нь түүнийг мэдэхгүй байсан. Тухайн үед би Зам тээврийн сайд Л.Халтарыг ч дуудсан. Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон зэрэг нөхдийг дуудаж мэдээлэл авч ир гэхэд сайд нар нь ч мэдээллээ мэдэхгүй байсан. Тухайн үеийн нууцлалтай гэрээгээр нүүрсний тонн тутмаас их хэмжээний мөнгө авч, гэрээгээр халхавчилсан. Өнөөдрийн сонсголын үеэр шинжээчид ч танилцуулж байна. Статистик мэдээлэл нь зөрүүтэй. Тэгсэн мөртлөө эзэн холбогдогч, баримт материал нь далд. Тиймээс энэ асуудлыг шинжээчдийн хувьд нухацтай авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Б.Энхбаяр аа, битгий улс төр хий. Би хэвлэл мэдээлэл дээр явж байсан тоог үндэслээд тайлбарласан. Жишээ нь 40 их наяд төгрөг гэдэг бол 400 сая хонь. Ард иргэдэд нүүрсний хулгай гэж ямар том зүйл байгааг л ойлгуулах гэж ингэж хэлсэн.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -С.Ганбаатар гишүүн ээ, та одоо 440 их наяд гэдэг тоон дүн дээрээ байна уу. Эсвэл тэр үед сэтгэл тань хөөрөөд ингээд хэлчихсэн юм уу. 440 их наяд гэж танаас өөр ярьсан хүн алга. Ийм нэг уянгын халилаа та одоо боль оо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Б.Энхбаяр аа, чи яасан юм ойлгодоггүй хүн бэ. Би хэлж байна шүү. Хэвлэл мэдээлэл болон интернэтээр явж байсан тоог тайлбарлаж ярьсан. Энэ бол аугаа том хулгай. Энэ бол мянганы хулгай. Энэ бол эрх баригчдын тэр дундаа МАН-ын хулгай шүү. Та тэгээд өөрийнхөөрөө тайлбарлаж болно. Б.Ганхуягийг л хурдан авч ир гэдгийг би хэлье.

Ингээд Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр гишүүнийг эргээд суудалдаа суухыг урьсан. Энэ үеэр Түр хорооны бусад гишүүд С.Ганбаатар болон Т.Доржханд нарын гишүүдээс асуулт асуух гэсэн боловч Түр хорооны дарга зөвшөөрсөнгүй. Үүнээс болж Түр хорооны гишүүдийн дунд маргаан өрнөсөн.

Үргэлжлээд Нүүрс тээвэр болон экспортын асуудлаарх шинжээчдийн дүгнэлтийг сонслоо. Шинжээчдийн дүгнэлтийн дараа Түр хорооны гишүүд холбогдох гэрчүүд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа нараас асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Шинжээчдийн дүгнэлтээс нийт тав орчим тэрбум ам.долларын нүүрс тээвэрлэлт Монгол Улсаас гарсан гэж байна. Үүнээс хамгийн их буюу хил гаалийн бүрдүүлэлтгүй гасран 20 жолоочийг гэрчээр дуудсан. Мөн тооны компанийн холбогдох хүмүүсийг гэрчээр дуудан оролцуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -УИХ-ын гишүүдээс гарч байгаа үг ямар хор нөлөөтэй гэдгийг 40, 440 их наяд төгрөгийн хулгай байна гэдэг зүйлээс тодорхой харж болно. Үүнээс болж өвлийн хүйтэнд олон залуус эрүүл мэнд, үзэл бодлоороо хохирсон. Гэтэл сая гишүүд хэлж байна. Интернэтээр явж байгаа мэдээллийг л эш татсан гэж хэллээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй байж болохгүй. Та нар муу сайн ч УИХ-ын гишүүд биз дээ. Та бүхний хэлсэн энэ хариуцлагагүй үгнээс болж Монголын ард түмний төрд итгэх итгэл буурсан шүү.

Гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Энэ сонсголд би ард түмэн, төр засгаа хүндлээд ирсэн. Ийм бузар гүтгэлэг Монголын түүхэнд дахиад гарах уу, үгүй юу. Би хэлж мэдэхгүй юм. Би 2005 онд Монголын гаалийн байгууллагаас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр томилогдсон. 2012 оноос хойш миний бие болон манай ах дүүс, хамаарал бүхий хүмүүс “Эрдэнэс Таван толгой” компани болон бусад уул уурхайн компаниудаас нүүрс худалдан авах, хөрс хуулах үйлчилгээний бизнес хийсэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ нүүрсний сонсгол чинь ер нь зорилгоосоо хазайлаа. Гөлөг тойруулах, жинхэнэ нүүрсний хулгайч нарыг нуух зорилго цаана нь явагдаж байгаа юм биш үү. “Эрдэнэс таван толгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг энэ сонсгол гэгчдээ яагаад оролцуулахгүй байгаа юм бэ. Энэ хүн оролцох ёстой. Гол гэрч болсон хүн шүү дээ. Тиймээс энэ хүнийг оруулахыг албан ёсоор хэлж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Ш.Адьшаа гишүүн ээ. Энэ зөвхөн “Эрдэнэс таван толгой”-н асуудлыг ярьж байгаа. Бусад уул уурхайн компаниудыг яриагүй шүү.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Б.Энхбаяр аа, би ярих ёстой зүйлээ хэлчихье ээ. Чи тэнд суучихаад дарга гэдэг эрх мэдлээрээ хүний хэлэх үгийг боох, хаах эрх байхгүй шүү. Би таныг хүндэтгэж байгаа шүү. Жаахан хүндэтгэлтэй байна шүү.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Би таныг хүндэтгээд л яриулаад байгаа шүү дээ. Таны үүсгэн байгуулсан компани дээр Жаргалсайхан гэдэг хүн өмнөх сонсголын үед жижиг “Таван толгой” компанитай холбоотой асуудлаар гэрчээр оролцсон. Та энэ хүнтэй хамтарсан нүүрс тээврийн компанитай юм байна. Мөн таны зөвлөх бас нүүрс тээврийн компанитай гэдэг асуудал яригдаж байна шүү. Зөвлөх нь ийм асуудалд холбогдохтой зэрэгцээд та чөлөөлчихсөн байна. Баригдахаа мэдээд ийм үйлдэл хийв үү. Та юунд сандраад байна вэ.

УИХ-ын гишүүн Адьшаа: -Би биш Б.Энхбаяр чи өөрөө сандраад байгаа юм биш үү. Өнөөдөр миний хувьд тэр Мөнхцэцэг гэдэг хүн ямар компанитай, ямар аж ахуй эрхэлдэг гэдэг байдлыг нь харгалзаж зөвлөхөөрөө томилоогүй. Харин гадаадад сургууль төгссөн. Англи, Орос хэлний онцгой орчуулагч бүсгүй учраас л зөвлөхөөрөө авсан. Миний хувьд хуулийн төсөл боловсруулах ажилдаа туслуулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авч томилсон. Ийм зүйлээр намайг яллах ажиллагаа явуулах гэж байгаа нь өөрөө утгагүй. Өнөөдөр чинь 1937 он биш шүү, Б.Энхбаяр аа. Ийм зүйлээр хүнийг хэрэгт хийнэ гэвэл энэ төр, энэ нийгэм чинь хаашаа явах вэ. Бусад тэр компанийн талаар би юу ч мэдэхгүй. Энэ ер нь юу болоод, ямар ажиллагаа явагдаад байгаа юм бэ. Өглөө энэ сонсголд ирээд л 10 компанитай болсоноо мэдлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -А.Адъяасүрэн таныг УИХ-ын гишүүн болохоос өмнө бил үү, болсоны дараа ч юм уу, мэдэхгүй. С зөвшөөрөл авах гэж бусдад авлига өгсөн гэдэг асуудал яригддаг. Энэ асуудал үнэхээр бодитой юм уу.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: -Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдан олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс би хүндэтгэн ирсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө би улс төрд ямар нэгэн нөлөө бүхий ажил хийж байгаагүй. Улс төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаагүй. Би 1999 оноос эхлээд зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Жолооны сургалт, авто тээврийн бизнес явуулж ирсэн. Монгол Улсад нийт 40 гаруй мянган жолооч бэлтгэсэн байна. Миний үед Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан 400 гаруй тээврийн компани байсан. Хамгийн оргил үе дээ 17 мянган жолооч ажиллаж байсан. Жолооч, тээвэрчдийн зовлон жаргалыг мэддэг, энэ бизнесийн орчны сайн, мууг ойлгодог бүсгүй УИХ-д орж ирсэн. 2020 оны тавдугаар сар хүртэл намайг хэн ч таньдаггүй байлаа. Өөрөөр хэлбэл сонгуульд өрсөлдөх болсон цагаас эхлээд намайг энэ С зөвшөөрөлтэй холбоотойгоор гүтгэж ирсэн. Миний хувьд бизнес эрхлэгч эмэгтэй. Тэр утгаараа бизнес эрхлэгчдийг ухах юм бол зээлийн гэрээнүүд л гарч ирдэг. Тухайлбал манай эгч нэг хүнд зээл өгсөн. Тэр зээлийг надад авлигын хэрэг болгож наасан. Уг наалтаа сонгууль дуустал намайг харлуулсан. Сонгуулийн дараа нэг хэсэг чимээгүй болсон байдаг. Хэрэг ч хаагдсан байсан. Гэтэл нүүрсний хэргийн дуулиан шуугианаар буюу жилийн өмнөөс дахин гарч ирсэн. Ер нь хулгай хаана байдаг вэ. Эрх мэдэлтэй, нууц газарт л хулгай байдаг. Эрх баригчид хэрхэн авирлаж байгааг олон түмэн харж байгаа байх. Ардчилсан намд хоёрхон эмэгтэй гишүүн байдаг. Бид хоёрыг ямар ч нотлогдох зүйлгүйгээр байнга гүтгэж ирсэн. Одоо энэ сонсголоор хамаарал бүхий олон компанитай байснаа мэдлээ. Үнэндээ энэ олон компаниас нэгийг нь ч би мэдэх юм байна. Бусдыг нь ч мэдэхгүй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Даваасүрэн: Улстөрчдийн дийлэнх нь цаашид эрх мэдэлтэйгээ яаж үлдэх вэ гэдгээ л тэргүүнд тавьдаг явцуухан бодолтой хүмүүсээс бүрдэх болж DNN.mn

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цаг үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Орон нутагт цас зудтай. Хот суурин газруудад эрчим хүч, бензин түлшний асуудал хомсдолтой гэх мэт. Яагаад бид өнөөгийн ийм хүнд нөхцөл байдал руу орчихов. Цаашид байдал улам л асуудалтай болох шинжтэй байна шүү дээ?

-Манай улс төрчид түлш, шатахуун, эрчим хүчээр хойд хөршөөсөө хамааралтай гэдгээ ирэх ч биш мэддэг байх. Үүний цаана ямар хор уршиг оршиж байгааг нь харин сайн ухаардаггүй юм болов уу. Энэ талаар хэлэхэд нэг их ач холбогдол өгөхгүй л өдий хүрлээ. Анхаараа ч гэхээр попорлоо гэнэ. Ер нь улс орны үндсэн язгуур эрх ашиг байхгүйтэй адил болсон байна. Улстөрчдийн дийлэнх нь цаашид эрх мэдэлтэйгээ яаж үлдэх үү гэдгээ л тэргүүнд тавьдаг явцуухан бодолтой хүмүүсээс бүрдэх болж дээ. Язгуур эрх ашгаа эрхэмлээд шийдье гээд зүтгэл гаргасан бол хөрөнгө мөнгө дутаагүй байх.

-Тодорхой жишээ байна уу?

-Жишээ нь, 2019 онд ковидын үед иргэд, аж ахуй нэгжийн тог, цахилгааны мөнгийг 800 гаруй тэрбум төгрөгөөр төлнө гэж байсан.

Тухайн үед би энэ мөнгө чинь 200 МВт-ын цахилгаан станц барьчих хөрөнгө. Тиймээс цахилгаан станцтай болохгүй бол ирэх 2024 онд хүндэрч эхлэх гээд байна шүү гэж анхааруулан хэлж байсан. Тэр үед хэлж байсан миний энэ үгийг хэн ч ойшоогоогүй. Эцэст нь би юу гэж хариулах гээд байна гэхээр, уг асуудлыг шийдье гэсэн сэтгэл дутаад байна л гэж…

-Сэтгэл үнэхээр дутаж байгаа нь өнөөгийн байдлаас илүү тодорхой харж болохоор байна л даа. Ер нь өнгөрсөн 30 гаруй жил энэ асуудлыг дотооддоо шийдэх боломж байсан уу. Та үүнд тодорхой хариулт хэлэхгүй юу?

-Би байсан л гэж хариулах байна. Дээр нэг л жишээ хэллээ шүү дээ. Бидний нэг жилд халамжинд зарцуулж буй хоёр их наяд төгрөгөөр 500 МВт-ын станц барьж болно. Гэх мэт… Нөгөө талаар, нэг станц барих гэсэн оролдлого бүрийг ямар нэг байдлаар саринуулж, нураадаг нэг хүчин зүйл бас байгаад байгаа юм. Тухайлбал, ДЦС-V-ыг барих гэхэд нь газаргүй гэж баахан будилуулж байснаа эцэст нь Багануурын цахилгаан станцыг оронд нь гаргаж ирээд нурааж байх жишээтэй. Багануурыг нь болохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс явуулж болохгүй гэсэн шийдвэр гаргаад л. Мөн Тавантолгойн ДЦС-ыг явуулах гэж миний хувьд хоёр ч удаа Засгийн газарт оруулаад олигтой үр дүнд хүрээгүй. Рио Тинто Оюу толгойгоор бариулахгүй монголчууд өөрсдөө барина гээд л өнгөрсөн. Одоо ч барьсан юм байхгүй. Харин намайг эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ДЦС-IV-ын хүчин чадлыг 90 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 50МВт-аар тус тус нэмэгдүүлэх төсөл болон 150 МВТ цагийн батарей хуримтлуурын станцын төсөл хэрэгжээгүй байсан бол балрах байлаа. Мөн тухайн үед санал болгож байсан ДЦС-III, Амгалангийн ДС-ын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хийчихсэн бол арай л дээр байх байсан болов уу. Даана ч хэрэгжүүлсэнгүй.

-Тэгвэл цаашид яах ёстой юм бэ. Яаж бид эрчим хүчний хараат байдлаас гарах вэ?

-Тодорхой. Ажил хийе гэсэн сэтгэлтэй эхлээд болох хэрэгтэй. Дараа нь хийх гэсэн ажлаа дуустал хийж чаддаг байх шаардлагатай. Угаасаа эрчим хүчний хараат байдлаар гарахын тулд шинэ станц л барих ёстой. Ялангуяа хурдан маневрын зохицуулах чадамжтай Усан цахилгаан станц болон хийн станц барих хэрэгтэй. Ингэж байж л эрчим хүчний хараат байдлаасаа гарна. Үүнийг ч улиг болтол л ярилаа даа. Хийе, болгоё гэдэг нь харин цөөхөн юм.

-Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал тун хүнд байна. Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ жилийн өвлийг малчид, иргэд яаж даван туулахаар байна вэ?

-Саяхан би орон нутгаараа явж, иргэд малчдын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Ер нь зудтай сумдын нөхцөл байдлыг харахад цас эрт унаснаас шалтгаалж, мөн эрт орсон цас багасах битгий хэл улам нэмэгдснээс болж мал бэлчээрлэх боломжгүй болсон байна лээ. Тиймээс орон нутгийн иргэд, малчид маань өвлийг хохирол багатай давахын тулд малаа юун түрүүнд их хэмжээгээр нядалж байна. Өөрөөр хэлбэл мал хэт муудахаас өмнө эрт нядлаад эдийн засгийн эргэлтэд оруулчихъя гэсэн малчид олон байсан. Ер нь малчдын хувьд УИХ, Засгийн газарт гурван зүйлийг хандаж тавьж байна лээ. Нэгдүгээрт, бидний нядлаж байгаа малыг худалдаж авах тэр эдийн засгийн боломжийг бий болгоход анхаарч гэж байгаа юм. Хоёрдугаарт, өвөлжилт эрт хүндэрч байгаа учраас өвс тэжээлийн үнийг хямдруулаад өгөөч гэж байна. Гуравдугаарт, орон нутагт түлш шатахууны хомсдол их байна. Үүнийгээ шийдээд өгөөч ээ л гэж байна. Отор нүүдлээ хийх гэхээр түлш шатахуун нь байхгүй. Нөгөө нядласан хэдэн малаа сум оруулъя, аймаг, нийслэлд хүргээд ирье гэхээр түлш байхгүй. Зуд болоод яаядаа гэж байхад нэмээд түлш шатахуунгүй болчихлоо гэдэг зүйлийг хэлээд байгаа юм.

-Малчдын хувьд малаа ингэж их нядлаж байгаа нь мэдээж үнэ буурах шалтгаан болно байх л даа. Тэр нь эргээд малчдадаа эдийн засгийн хувьд үр өгөөжгүй болж ирнэ. Тэгэхээр үүнд төр, засгийн хувьд ямар бодлого барьж ажиллах ёстой юм бэ?

-Жилдээ 10 сая орчим бог мал нядлаж байгаа болов уу. Үүний зөвхөн арьсыг нь 10 ам.доллар болгъё гэвэл оройлцоогоор 100 сая ам.долларын эдийн засгийн орчин үүснэ. Гэтэл бид өнөөдрийг хүртэл энэ 100 сая ам.долларын эргэлтийг зүгээр л хаячихаж байна. Монгол Улс эрчим хүчний хараат байдалтай байгаа. Эрчим хүч хомсдож байна. Гэтэл үнэндээ бидний хаяж байгаа тэр 100 сая ам.доллар гэдэг чинь үнэндээ 100 МВт-ын станц л байхгүй юу даа. Нөгөө талдаа бидний их том дутагдал байна. Байгаа боломжоо огт ашигллаж чаддаггүй дутагдал. Жишээлбэл, сүү байна. Бид нийт 20 орчим сая бог сааж байгаа. Үүн дээр нэмээд хоёр сая үнээ сааж байна. Тэгэхээр нэг литр сүүг нэг ам.доллар гэж бодъё. Тэгвэл 400 сая литр сүү гэдэг нь дор хаяж 200-300 сая ам.доллар болно. Үүнийг бид ашигладаггүй. Ашигллаж чадвал энэ нь өөрөө 300 Мвт-ын цахилгаан станц л гэсэн үг. Боломжоо ашиглладаггүй байдал нь бидэнд бэлэн шахуу орж ирдэг байгалийн баялагтай л холбоотой. Энэ жаахан нөөцөө бид эдийн засгийнхаа голлох судас болгочихоод бусад боломжоо огт харахгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл биднийг юм хийх сэтгэлгээгүй болгочихсон гэсэн үг. Юм хийх сэтгэлгээгүй байхад бусдаас хараат байхаас өөр яах билээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ улс-төр

МАН: УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулна DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.12.18/ хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэж дэмжлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”УИХ-ын сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн. Үүний дагуу парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, хэлэлцэх талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлсэн. Зарим улс төрийн намууд удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа өнөөдөр бүлгийн хуралдаанаар тойргийн асуудлыг хэлэлцэж, гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Бүлгийн гишүүд УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Одоо УИХ-д суудалтай болон бусад улс төрийн намуудтай бүсчилсэн тойргийг хэрхэн байгуулах, хэдэн мандаттай байхыг ярилцаж, саналуудаа тохиролцох юм. Түүний дараа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.12.21-22/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Бусад

·      Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн АН: Х.Нямбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт “Тэрбээр “Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа.

Нийслэлийн Засаг даргаар томилогдсон зургаа дахь хоногтоо “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна.

Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 53 дахь хоногтоо хотын татварыг хоёр хувь болгон нэмсэн. ААН-үүдийн татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйлчилгээг хаан боогдуулах, иргэдэд хүрэх үйлчилгээний өртөг нэмэгдэж, айл өрхүүдэд санхүүгийн дарамт болох шийдвэр гаргалаа.

Нийслэлийн 2024 оны төсвийг ₮1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татварын орлогоор бүрдүүлэх шийдвэр гаргасан.

Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар зарим арга хэмжээ авах тухай захирамжлахдаа энэ сарын 18-ны өдрөөс ирэх сарын 31-ний өдрийг дуустал автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, тэгш, сондгойгоор явуулах болсон нь нийтийн тээврийн хүртээмжгүй, автобусны парк шинэчлэлийг МАН-ын өмнөх дарга нар хулгайлсан энэ нөхцөлд нийслэлчүүдийг гадаа -30 градус хүйтэрч байхад хувийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь иргэнийг эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдруулах эрхийг ноцтой зөрчиж байна.

Энэ захирамжаар иргэн бүр тэгш эрхтэй байх ардчилсан нийгмийн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Захирамжийн 1.2 дахь хэсэгт тодорхой байгууллага, салбаруудыг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх тухай тусгасан нь нийгмийн тэгш байдлыг алдагдуулах үндэслэл мөн.

Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэн дараах хоёр шаардлагыг гаргаж байна.

Нэгдүгээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсан явдалдаа уучлал гуйж, А 1429-р захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.

Хоёрдугаарт Монгол Улсын засаг захирган, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65.1.2 дахь заалтад нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, тус хуулийн 65-р зүйлд заасны дагуу засаг даргад хариуцлага тооцох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг НИТХ-ын төлөөлөгчид уриалах, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг огцруулах шаардлагыг хүргүүлж ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын даргад мэдэгддэг, бидэнд мэдэгддэггүй “хорлогч”-оо зарлана уу DNN.mn

Монгол Улсад өнөөдөр юу болж байна вэ. Дизель түлш орон даяар тасарч, алслагдмал сум, багийнхан хөл хумигдаад удаж байна. Саяын цасан шуурганаар уруудсан малаа олж авъя, өвс тэжээл дөхүүлье гэхэд түлшгүй таг гацсан малчид баруун, зүүнгүй л гасалцгааж сууна. Улсын нийслэл Улаанбаатар хотдоо бүр аюул. АИ-92 бензин аль өнгөрсөн сард тасарсан. АИ-95, АИ-98 нүдний гэм болж, олдсоноо авах гэсэн жолооч нарын дараалал км, км-ээр үргэлжилж байна. Салбарын сайд “Жолооч нарын дараалал гурван км байснаа нэг км болсон. Одоо хоёр хоног л тэсчих. Жолооч нар бензинтэй мөртлөө банкаа дүүргэх гэж дараалал үүсгэж байна” гэх зэргээр илт түмний дургүйг хүргэсэн амьдралгүй мэдэгдэл үе үе хийж, нийгмийн бухимдлыг улам өрдөхөөс өөрийг хийж гийгүүлэхгүй байна.

Удалгүй араас нь эрчим хүчний хязгаарлалт яригдаж эхэллээ. Эрчим хүч нийлүүлэгч ОХУ-ын нэг станцад эвдрэл гарснаар Монгол Улс даяар цахилгаан хязгаарлах аргагүй нөхцөл байдалд хүрснийг өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв. Одоо хэзээ ч хэдэн цагт ч улс даяараа тоггүй болох эрсдэлтэй тулчихлаа. Шатахуун, эрчим хүчний хүнд асуудалтай нүүр тулаад буй нийслэлчүүдэд өөр нэг том зовлон нь замын түгжрэл. Түгжрэлд тэрбум тэрбумаараа зарцуулаад ч ганц ч шийдэлгүй Хотын захиргааны “ач тус”-аар улаанбаатарчууд зам дээр өдрийн талыг барж, шөнө хагаслаж гэрийнхээ барааг харж байна. Нийтийн тээвэр гэдэг салбар бүр навс уналаа. Буудал болгон дээр арав хориор биш зуу, зуугаар хүмүүс автобус хүлээн хэдэн цагаар мөсөн гудамжинд жиндэн зогсож байна. Түгжрэл дундаас арайхийж гарч ирсэн автобус цааш жаахан мацаад л хөлдөөд зогсчихож байна. Агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлтийг ярих шаардлагагүй.

Ерөөсөө өнөөдөр Монгол Улс маш хүнд нөхцөл байдалтай байна. Гялтайх ганц салбар, нийгмийг тайвшруулах ганц ажил гэж алга. Уг нь ард түмний ахуй амьдралыг дээшлүүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөгжил өөд зүтгэ гэж УИХ-ыг байгуулдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж хатуу заасан. Ингэж сонгогдсон УИХ 76 гишүүн, нэг даргатай. Тэндээс Засгын газрыг байгуулдаг.

Сонгогч олон нь, нийт ард түмэн нь өнөөдөр хүнд хэцүү сорилтод бүдэрч, хотын зам дээрээ хэдэн цагаар түгжирч, буудал дээр даарч бээрч, ШТС-ууд дээр түлшний төлөө зодолдож байхад УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулган дээр учир битүүлэг мэдэгдэл хийлээ.

Тэрээр “…Үл үзэгдэгч л хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг байгаа бид мэдэж байгаа ш дээ, өнөөдөр” гэсэн үгс УИХ-ын Чуулганы индэр дээрээс ууртайхан шидлэв. Ямар учиртай, юун хорлогч болоод явчихав аа. Ийм зүйлийг төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж байгаа хүн хээв нэг яриад сууж болох уу. Өнөөдөр монголчуудын амьдрал, нийгэм бүх зүйл тэг зааж таг зогссоны шалтгаан найман жил дангаар эрх барьсан МАН-ын хийсэн ажил биш үү. Буруутан нь эрх баригчид биш гэж үү. Хариуцагч хайя гэвэл ард түмэн, сонгогчдын ашиг сонирхлыг илэрхийлж шийдэж шийдвэрлэн үүрэгтэй УИХ-ын 76 гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хамгийн түрүүнд цохогдох ёстой юм. Гэтэл бүх зүйл буруудаж, асуудал хүндрээд ирэх үед бусад руу буруугаа чихдэг эрх баригчдын арга заль бүр төгсрөөд, “үл үзэгдэгч”-тэй болчихож байгаа хэрэг үү. Г.Занданшатарын санаагаар түүний хэлсэн үл үзэгдэгч хорлогчийг бид бас даган баясаад хамт зүхэж, үзэн ядах болж байна уу. Одоо тэр үл үзэгдэгч “хорлогчоо” зарлах хэрэгтэй байна. Хэнийг нь ч мэдэхгүй хий боорлож байхаар ядахдаа нэр усаар нь мэддэг болоё хэдүүлээ.

УИХ-д бүрэн эрх бий. Тэд энэ улс оронд болох, болохгүй байгаа, гадна дотноос заналхийлж байгаа аюул, бүр нарийндаа ирээдүйд учирч болзошгүй хор хохирол зэргийг мэргэжлийн өндөр түвшинд мэдээлэл цуглуулах, хариу арга хэмжээ авах бүрэн боломж, эрх мэдэл байгаа. Түүнийг хэрэгжүүлээч, хийгээч гэж улсаас тусгайлан машин тэрэг, харуул хамгаалалт, ажиллах орчин нөхцөл, зардал тэргүүтнийг тэрбум тэрбумаар нь зарлагадан хангадаг юм шүү дээ. Хариуд нь харин “Та нарыг хорлож байгаа хорлогч байна. Би мэдэж байна” гэдэг бол маш хариуцлагагүй, эмгэнэлтэй дүр зураг байлаа.

Хорлогч байгааг мэдсэн бол арга хэмжээ авах нь та нарын үүрэг шүү дээ. Харин мэдээгүй найман жил засагласан бол эсрэгээрээ хариуцлагын асуудал яригдах ёстой болж таарна. Бүх эрх мэдлийг олонхоороо атгаж ирсэн энэ хугацаанд улс орны хөгжлийг гацааж байгаа хүмүүс байсан бол та нарын л буруу. Түүнийг мэдээгүй өдийг хүрсэн бол бас л та нарын буруутай ажиллагаа. Монголын нийгмийн нүүр царай ямар байна тухайн үеийн төр засгийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүн. Нийгмийн хөгжил сайн байсан бол та нарын гавьяа. Болоогүй, хөгжөөгүй, асуудалтай, бүр тартагтаа тулах нь ч та нартай холбоотой. Шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалт, түгжрэл, агаарын бохирдол энэ бүхний шийдэл тухайн цаг үед эрх барьж байгаа төр засгаас л гарна шүү дээ. Гэтэл энэ үр дагавраа өөрсдөөсөө, гишүүдээсээ засгаасаа эрэхийн оронд үл үзэгдэгч хорлогч гэж эзэн биегүй, хариуцах хүнгүй чиг рүү зааж, бултах гэж үзэж байна уу. МАН 2016 онд дангаар засаглах үедээ өмнөх АН-ын Засгийн газар, гишүүд рүү энэ улс орны хамаг булхай луйвар, болохгүй зүйлийг бухах гэж оролддог байв. Өнөөдөр хүртэл өр дангийн асуудал ярих гишүүн, сайд нар байж л байдаг. 16, долоон оны үед бол АН ын хулгайчууд л баллаад хаячиж дээ гэж үнэмшээд ирсэн. 20 оноос хойш яалаа гэж ийм юм ярьсаар байгаа юм бэ. Яг үнэндээ хамгийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн ажлууд АН ын үед хийгдсэн гэдэгтэй улс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болоод удлаа.

Одоо харин буруутан хайя гэтэл АН-ын Засгийн үе хэтэрхий алсарч, өөрсдийнх нь эрх барьсан бүтэн хоёр Засгийн газрын үед ажиллаж хийж бүтээж чадаагүйнхээ буруутныг ингэж зарлахдаа тулаа юу. Ерөөсөө товчхондоо УИХ Үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүргээ энэ найман жил хэрэгжүүлж чадаагүй гэдгээ хэн нэгэн хорлогчоос болсон гэдгээрээ Г.Занданшатар дарга өөрөө хүлээчих вүү.

Categories
мэдээ улс-төр

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэсэн байдаг. Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын таван гишүүн санал ирүүлснээс  Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал нар цаг үеийн байдалтай холбогдуулан цас, зудыг хүндрэл багатай даван туулахад малчдад туслах, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах, шатахууны хомсдолыг шийдвэрлэх, нэгдсэн бодлогоор хангаж ажиллах санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ахмад настны эрхийн чиглэлээр цөөнгүй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах лобби бүлэг байгуулах болсон тухай мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн тул уг бүлэг байгуулагдсаныг зарлаж өгөхийг хуралдаан даргалагчаас хүсэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат гишүүн 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг тодорхой болгох шаардлагатай гэсэн юм.

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 41 гишүүн дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг сонсов.

Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй дөрвөн томъёоллоор санал хураахад бүгд дэмжигдлээ.

Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулж, 10 гаруй гишүүнээс өргөн барьсан төсөл нь чихэрлэг ихтэй ундааны төрөлд онцгой албан татвар оногдуулах, улмаар таргалалт, чихрийн шижингээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой тул хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Чихэрлэг болон хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар оногдуулахыг Байнгын хороо дэмжжээ. Ийн хэлэлцүүлэг үргэлжилж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтойг онцолж, ерөнхий боловсролын сурагчдын 80.9 хувь нь долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгааг дурдан хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж  байгаагаа илэрхийлээд үйлдвэрлэгчид эмзэг хандах хэрэггүй, бүтээгдэхүүнийхээ агууламж дахь чихэрлэгийн хэмжээг багасгахад асуудал үүсэхгүй гэсэн юм. Шүд цооролт, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж буй хэрэг хэмээн үзэж дэмжиж өгөөрэй хэмээн гишүүдэд уриалав.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, үүнээс улбаалан илүүдэл жинтэй хүн олширсон. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд 85 улс чихэрлэг ундаанд онцгой татвар оногдуулсан байдаг. Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй. Уг хуулийн төслийг дэмжиж байна, та бүхэн бас дэмжихийг хүсье гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, энэ хуулийн төсөл хугацаа алдаж байгаа, долоон жилийн өмнө яригдаж байсан ч босго давж чадаагүйг сануулаад хүнсний аюулгүй байдлаас хамаарсан өвчлөл нэмэгдсэн энэ цаг үед ач холбогдолтой төсөл тул дэмжих хэрэгтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хуулийн төсөл санаачлагчдын нэг болохын хувьд шинэ жилийн баярын бэлэгт чихэрлэг зүйл сонгохгүй байхыг, эрхэм гишүүдэд хуулийн төслийг дэмжихийг уриалав. Биеийн тамир, спорт, эрүүл мэндтэй холбоо хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжих ёстой, дэлхий нийтийн жишиг загварыг хайхрахгүй орхиж ирснийг засаж, залруулах, стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ. Бүтээгдэхүүний үнийн онцгой татварын хэмжээг хувиар тооцон, ундаанаас бусад төрлийн чихэрлэг бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээг анхаарсан эсэхийг Улсын Хурлын гишүүн Г.Ганболд асуув. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, хүүхэд насанд чихэр, давсын хэрэглээг бага байлгах нь чухлыг онцлоод чихэр нь хавдрыг өдөөж, өсгөдөг бөгөөд үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байж магадгүй тул хуулийн төслийг гишүүд дэмжинэ байх гэсэн юм. Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргасны дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг Төсвийн байнгын хороонд даалгав.

Түүнчлэн ахмад настны оролцоог дэмжих лобби бүлгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 27 гишүүн хамтран байгуулсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.12.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдриин хуралдаанаараа Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

Тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулан байгуулж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг тодотгоод төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.

Ажлын хэсгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр салбарын мэргэжилтэн, судлаачдын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан зарчмын зөрүүтэй 50 санал, найруулгын шинжтэй 1 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 10 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тогтолцоог тодорхой болгож, хэрэгжүүлэх чиг үүргийг оновчтой болгох, нийгмийн эрүүл мэндийн ажилтны баталгааг Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтэнтэй адилтгах, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх зэрэг асуудал тусгасныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Т.Энхтүвшин, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, “Хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх асуудал тодорхой бус байгааг дурдаад иргэд өвдсөн нөхцөлд ачааллыг эрүүл мэндийн салбарт үүрүүлэх бус нийгмийн бүх салбар батлагдсан төсвийнхөө тодорхой хувийг ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах шаардлагатай” гэдэг байр суурийг илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Бид аливаа өвчнийг эмчлэхэд асар их хөрөнгийг зарцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 2020 онд ойролцоогоор 500 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр хоёр их наяд төгрөгт хүрсэн. Эмнэлгийн үйлчилгээг өндөр үнээр худалдан авч байгаа нь эдийн засгийн талаасаа ч алдагдалтай. Бидний хувьд монгол хүнийг чанартай, урт наслуулахад чиглэсэн тогтолцоотой болох нь чухал. Иймд бүх асуудлыг тусгахаас илүүтэй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхдагч хуулиар бий болгож, төсөв санхүүтэй байлгах нь чухал” гэсэн саналтай байлаа.

Гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн батлагаатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан, хуулийн төслийг салбарын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн дунд хэлэлцүүлж, санал авсан эсэхийг илүүтэй тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд  салбарын суурь асуудлыг зохицуулдаг  анхдагч хуультай болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсөв санхүүгийнхээ дийлэнх хэсгийг зарцуулдаг бол манай улс эсрэгээрээ явж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийнхөө 20 хувийг зарцуулж байна” гэв. Мөн тэрбээр, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангана гэж оруулсан хэмээн хариулж байлаа.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хариултдаа, хуулийн төслийг D-parliament  цахим хуудаст тавьж олон нийтийг хамарсан гамшгийн үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зэрэг иргэдээс нийт 44 санал ирүүлснийг төсөлд тусгасан. Төслийг өргөн мэдүүлэхээс өмнө 60 гаруй удаа, УИХ-д өргөн мэдүүлсний дараа 19 удаа олон нийтийн дунд төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэж байлаа.

Ингээд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 61 саналын томьёоллоор санал хураасан юм.

Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.10.3-т заасан чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгана”, “Энэ хуулийн 5.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулахтай холбогдсон харилцааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.” гэсэн агуулгатай 5.11, 5.12 гэсэн хэсэг, төслийн 6 дугаар зүйлд  “нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаа байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллах”, “Энэ хуулийн 8.2-т заасан тайланг нэгтгэн Зөвлөлд жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх.” гэсэн агуулгатай 9.1.4, 9.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 11.1.3-т заасан байгууллагын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байна” гэсэн агуулгатай 11.5 дахь хэсэг, мөн зүйлд “сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах”,“нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт, үнэлгээ хийх”, “нийгмийн эрүүл мэндийн лабораторийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн 12.2.7, 12.2.8, 12.2.9 дэх хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтанд нийгмийн эрүүл мэндийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах; тухайн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн чиглэлээр тандалт, судалгаа хийх; үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх” гэсэн агуулгатай 12.4.1, 12.4.2, 12.4.3 дахь хэсэг, мөн 15 дугаар зүйлд “Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зарим тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно” гэсэн 19.4 дэх хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн юм.

Түүнчлэн хуралдаан даргалагчаас Ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн 10 дугаар санал буюу төслийн 5.2.1 дэх заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний зэрэгцээ Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд “нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасан мэргэжилтнийг” гэсэн агуулгатай 3.1.26 дахь заалт нэмэхээр болов.

Ингээд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.