Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу DNN.mn

Төрийн өндөрлөгүүд өнгөрсөн долоо хоногт нэг “сэдэв”-ээр дуугарав. Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөгөөн дээр очиж, УИХ-ын дарга Газар, ашигт малтмалын лицензийн Түр хорооныхонтой хамт хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайд МҮЭХ-ныхонтой уулзжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр очиж ширүүхэн үг хэлсэн байна. Тэрээр “Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан, шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл болно. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаараарай. Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг сануулъя” хэмээжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, АМНАТ-ийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг олон нийтэд танилцуулж “Газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0.07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг мэдээлэл иргэдээс ирсэн. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой” гэв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд МҮЭХ-ныхонтой 2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ. Тэр үеэр МҮЭХ-ны удирдлагууд “Олон жил авлигад идэгдсэн далд эдийн засаг ил болж, хөрөнгийн урсгалыг ард түмэнд зориулж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд хоёр удаа нэмж, олон жилийн турш МҮЭХ-ноос тавьж байсан бүсийн орон нутгийн нэмэгдэл цалин олгох, иргэдэд хувьцаа олгох, ногдол ашиг олгосон. Тэтгэврийн реформ хийж тэтгэврийг өвлүүлэх, тооцох аргачлал, индексжүүлж, засаглалыг сайжруулах өөрчлөлтүүд хийж, эдийн засгийг сэргээх, валютын ханшийг тогтворжуулсан. Тиймээс авлига, албан тушаалын хэргүүдэд хариуцлага тооцох, алдагдсан боломжуудыг сэргээхэд МҮЭХ шаардаж дэмжиж ажиллана. Цаашид нүүрс, сангууд, банк, тендерийн хулгайг дахин гаргуулахгүй, ил тод шударга байлгах тогтолцоо засаглалыг бий болгох шаардлагатай. Ялангуяа нийгмийн түншлэлийг үл тоодог, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зөрчил гаргадаг, зарим монополь шахуу аж ахуйн нэгж байгууллагууд үгсэн хуйвалдаж үнэ ханшаа өсгөх, зохиомол хомсдол үүсгэдэг, банк санхүүгийн зээлийн хүүгийн дарамт, ажиллах хүчний гадагшлах урсгал зэрэг асуудалд онцгой анхаарч, өвөлжилтийн хүндрэл зудын нөхцөл байдал түүнийг дагасан хүндрэлийг даван туулах, дагаж гарах асуудалд шуурхай арга хэмжээг авах, малчдын нийгмийн асуудал, эрүүл мэндэд анхаарах, нийслэл хотын орчны аюулгүй байдал хангуулах, осол аваараас сэргийлэхэд МҮЭХ дэмжиж хамтран ажиллана” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгойн хэлэлцээр амжилттай болж, Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Бүх асуудлын тээг нийгмийн Баялгийн хулгайтай цөөн хүн хүртдэг байдлыг таслан зогсоох тэмцэл, ил тод байдлын ачаар нүүрсний, сангийн, банкны, тендерийн гээд буруу замын мөнгөний урсгал төсөв рүү нийтийн сан руу орж валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор бид хэлэлцээрээр хүлээсэн тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж хот руу гадагшаа урсгал багасаж буцах урсгал бий болсон үр дүн ажиглагдаж байна. Нийгмийн шударга бус байдал дундаж давхаргаа тэлэх, ард түмний ажил орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг хангахад Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭХ-ны үүрэг оролцоо өндөр байдаг. Цаашид ч бид хамтран үр дүн гаргахын төлөө ажиллана. Хөдөө орон нутаг, салбар дунд анхан шатанд тулгамдаж байгаа асуудлуудаар МҮЭХ-ны төлөөлөл та бүгдийн тавьж буй шаардлага тэмцэл зүй ёсны бөгөөд бид бодит ажил хэрэгч байдлаар холбогдох сайд, орон нутгийн удирдлагуудтай илүү нарийвчлан шийдэл гаргаж Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногоос Авлигын шүүх байгуулах талаар дахин хөндөж эхэлсэн байна. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ч ширүүхэн үг хэлээд авчээ. Л.Оюун-Эрдэнэ “Авлигын шүүхийг УИХ-д өргөн барьсны маргаашаас эхлээд л нийгмийн анхаарлыг өөр тийш татах хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан. Маш танил технологи явсан. Нөгөө л “үхсэн муур” технологи байсан. Тэрийгээ их ч сайн хийх юм. Гэхдээ энэ авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу даа” гэж ярьжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд энэхүү авлигын шүүхийн хуулийг 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Тэгэхдээ “Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал. Манай улсын авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөстөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн байда

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: УИХ дээрээ зөв бодлого гаргаад явсан бол өнөөдрийн таван боодол өвсний тусламжаас илүү дээр байх байсан DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-аас “Ногоон автобус”-ны асуудлаар Хянан, шалгах түр хороог хэзээ байгуулсан бэ. Яагаад энэхүү хороог байгуулах болов?

-Ардчилсан намын гаргасан санаачилга шүү дээ. Ингэхдээ ногоон автобусны худалдан авалтын талаар сонсгол явуулъя гэсэн. Тээврийн хүний хувьд тэрхүү санаачилга дээр нь би гарын үсэг зурсан. Манай намаас ч 10 гаруй гишүүн дэмжсэн. Ингээд энэхүү түр хороог байгуулах шийдвэр нэгдүгээр сарын 17-ны өдөр гарсан. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр байсан юм. Ингээд түр хорооны гишүүд хуралдаад намайг даргаар нь томилсон.

-Таныг даргаар сонгосон анхны хурал хэзээ болсон бэ?

-Түр хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Тэр өдрийн чуулганы хуралдааны дараа анхны хурлаа хийж намайг дэмжсэн.

-Ногоон автобусны худалдан авалтыг хэрхэн шалгах юм бэ. Одоо ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Нэгдсэн чуулганы хуралдаан завсарлаад гишүүд маань нэлээд ажилтай байлаа. Тиймээс бид ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаанаа хийхээр болж байгаа. Үүгээр түр хороо шинжээчдээ томилно. Мөн шинжээч ямар хүрээнд, яаж ажиллах вэ гэсэн дүрмийг батална. Хоёрдугаарт, хянан шалгагч нараа ч мөн томилно. Ингээд нийслэл болон зохих байгууллагуудаас материалаа авна. Харин шинжээчдийг аудитын байгууллага, Төрийн өмчийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг газруудаас авна. Хянан шалгагчдын хувьд хуульчид, Төрийн худалдан авах газар зэргээс томилно. Тэдгээр хүмүүс маань материалуудтай танилцаад долоо хоног орчим ажиллах болов уу гэж харж байгаа. Одоо бол зөвхөн ногоон автобусны асуудал дээр ажиллах учраас нэг их хугацаа орохгүй байх. Ер нь бол дөрөвдүгээр сард хурлаа зарлаад 2-3 хоногийн дотор асуудлыг дуусгана гэж бодож байна.

-Энэ хэрэгтэй холбогдуулан хувийн хоёр компанийн захирлыг буруутгаад нэгийг нь хорьчихсон байгаа. Тэгвэл энэ хоёр хүн хуйвалдаад ийм хэрэг хийнэ гэдэгт хүмүүс тэр бүр итгэхгүй байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд оролцсон байх боломжтой юу?

-Яг үүн дээр би одоо хариулж чадахгүй. Холбогдох материалуудыг бүгдийг нь цуглуулна. Бүгдийг нь үзээд шинжээчид дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээр бүх асуудал тодорхой болно. Компанийн оролцоо ямар байсан, сонгон шалгаруулалтыг нь яаж явуулсан, хөндлөнгийн нөлөөлөл нь юу байв, бичиг баримтууд нь яаж гарсан байна вэ гээд олон асуудал тодорно.

 -Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан гэдэг үнэн үү?

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Та саяхан өвөлжилт, хаваржилттай холбоотой пост оруулсан нь нэлээд хэл ам дагуулсан. Ер нь энэ жилийн зуднаар малчид маань өөрсдийн өмч болсон мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэх тал дээр юу хэлмээр байна вэ?

-Тухайн үед машин угаалгаж байх хоорондоо бодлоо цахим орчинд бичиж оруулсан. Хоёрдугаарт, би чинь хэдийгээр авто инженер ч гэсэн хөдөө орон нутаг, мал сүрэг, малчдаа дэмжих дээр 2017 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байна. Дээрээс нь орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хүссэн хүсээгүй хөдөөгийн амьдралыг сайжруулах асуудлыг бодох ёстой. Гишүүн болохоосоо өмнө Булган аймагтаа би хоёр жил амьдарсан. Бидний хийсэн сургууль, цэцэрлэг, зам дагаж хөгжил гээд олон километр зам тавиад байдаг. Гэтэл эцсийн эцэст ард иргэдийн амьдрал дээшилсэн үү. Бахь байдгаараа байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд, Засгийн газар УИХ-аас гарч байгаа бодлого чинь дэд бүтэц, нийгмийн хөрөнгө оруулалтыг л бодож байгаа болохоос биш ард иргэдэд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Үе, үеийн Сангийн сайд нараас би чуулганы хуралдаан дээр яг ямар хөрөнгө оруулалтыг ард иргэдийн амьжиргаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй сайжирч, хөл дээрээ босохын төлөө оруулж байгаа гэж асуудаг.

-Тэгэхээр ямар хариулт өгдөг вэ?

-Тэд энэ бол хувийн хэвшил. Мал чинь хувийн өмч. Хувийн хэвшлийн асуудалд төр оролцохгүй. Зах зээлийнхээ журмаар явах учиртай л гэж хариулдаг. Тэгээд л таг болдог. Гэтэл минийхээр бол “Иргэн баян бол улс баян” гэсэн өнцөг. Иргэн нь баян бол улс нь баян байна. Ингэхийн тулд иргэдээ баяжуулах, ажилтай болгох, цалин орлоготой байлгах асуудлыг нэн тэргүүнд бодохгүй бол болохгүй. Би бол “Баяжигтун” гэсэн уриатай л ажиллаад байдаг хүн. Тэгээд энэ хүрээндээ ЖДҮ-ийг хөгжүүлье гэдэг.

-Гэтэл ЖДҮХС-г нь хуваагаад авчихдаг шүү дээ?

-Яг тийм. Тэр үед нь би хөгжүүлнэ гэсэн мөртлөө хамаг ЖДҮ-ийн хөрөнгөө өөрсдөө авчихсан байдаг ийм УИХ тарцгаая гэсэн саналыг хүртэл тавьж байлаа. Малчид, хөдөлмөрчдөө ерөөсөө л хөл дээр нь босгох ёстой. Ингэхийн тулд ямар нэгэн зүйлээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл би хувиасаа мөнгө гаргаж өгөөд, эсхүл банкнаас хөнгөлөлттэй зээл авч өгөөд байж чадахгүй шүү дээ. Харин хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж гаргах боломжтой бодлогыг л гаргаж тавих. Яагаад иргэддээ улсын төсвийн хөрөнгөөр тоног, төхөөрөмж өгч болохгүй гэж. Тэгээд би “Шинэ хөдөө” гэж хөтөлбөрийг санаачилж байлаа.

-Тэр тань хэдэн он билээ?

-“Шинэ хөдөө” хөтөлбөр анх 2017 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг иргэдэд олгосон. Трактор, хадлан, ногоо тарьж хураадаг тоног төхөөрөмжүүдийг хамтарсан өрх айлуудад олгож ирсэн. Булган аймгийн Сайхан суманд л гэхэд 20 гэр бүл хамтарч, газраа гаргахаар нь түрээсээр өгчихсөн. Одоо бол өвөлжөө, хаваржаагаа янзлах, ус худаг гаргах, хадлан тэжээлээ тарих, хураах ажлаа хийж байна. Яг л үүнийг нэгдсэн бодлого болгож явуулмаар байгаа юм. Бид өнөөдөр малчдадаа тусална гээд машин өвс ачаад явж байгаа ч нэг айлд очихдоо таван боодол өвс л болж байна. Цаашдаа яах юм. Цас зуд болох бүрд л хандивын аян эхлүүлээд, таван боодол өвсөө бариад гүйгээд байх юм уу. Харин түүний оронд нэгдсэн бодлого гаргаад авч чаддаггүй тоног төхөөрөмжийг нь түрээсээр өгөөд бэлтгэлийг нь хийлгэх хэрэгтэй.

-Зудтай газруудад яг одоо тусламж хүргэж байгаа. Гэтэл энэ тусламжийг хэтэрхий оройтчихлоо гэх хэсэг байна?

-Түрүүн хэлсэн, таван боодол өвсөөр нэгэнт муудсан малыг тэнхрүүлнэ гэж байхгүй. Дээрээс нь тэд чинь ямар өлсөж үхэх гэж байгаа хүмүүс биш. Гурил, будаа, эмнэлгийн тусламж өгөөд байна. Би яагаад жаахан эгдүү хүрээд тэгж пост бичсэн бэ гэхээр УИХ, төсөв дээр энэ асуудлыг ярихаар хэдэн малчдыг давраах гэлээ. Энэ чинь хувийн өмч гээд л эхэлдэг. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй” гэсэн төслийг ХХААХҮЯ-наас оруулж ирэхэд л 1400 малчинд хашаа барьж өгөх гэж байна гэсээр байгаад унагаасан. Тэгсэн мөртлөө өнөөдөр малчнаас нь илүү малд нь хайртай юм шиг нөхдүүд л гүйгээд байдаг. Уг нь УИХ дээрээ зөв бодлого гаргаад түүнийг нь дэмжээд явсан бол өнөөдрийн боодол өвсний тусламжаас чинь хавь илүү дээр байх байсан.

-Зарим нөхөд зудаар дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа бараг эхэлчих шиг боллоо. Та юу гэж бодож байна вэ?

-Би яг л наад өнцгөөс чинь хараад байгаа. Ер нь бид нэг зүйлийг зөв бодох ёстой. Цас зуд болохоор мал нь урууддаг. Тогтоож барих хашаа хороо байхгүй учраас араас нь явж байгаад амь насаа алддаг тохиолдол олон байна. Өмнө нь ч байсан л асуудал. Ингээд ярихаар Өмнөд Монголыг дуурайлаа гээд байгаа. Тийм биш. Бид хөгжлийг дуурайх асуудал болохоос Хятадыг дуурайж байгаа зүйл биш шүү дээ. Бүх зүйл хөгжөөд байхад заавал малаа дагаж явж байгаад эндээд байх шаардлага байхгүй. Байгалийн гамшиг болсон үед малаа хэд хоног дулаан хаших хашаа хороотой байж л хөгжих ёстой. Хагас эрчимжсэн байдлаар мал аж ахуйг хөгжүүлж болно. Өдөрт нь бэлчээртээ гаргаад оройдоо дулаан байранд хашаад байхад болохгүй юмгүй. Ер нь гадны туршлагаас харахад малыг дулаан хашаанд байлгаад байвал өвлийн жин алдагдал огт байдаггүй юм билээ. Одоо болохоор бид үнэхээр туйлдсан хэдэн малаа л арайхийж хавартай золгуулж байна. Өнөөдөр монголчууд бид долоо, наймдугаар сараас эхлэн шинэ мах идэж байгаад 11 дүгээр сард идшээ хийгээд хөргөгчиндөө хийчихдэг. Тэгээд бараг хагас жилийн туршид хөргөгчний мах идэж байгаа нь үнэн биз дээ. Малчид маань малаараа ашиг олох нь л чухал болохоос хээр гадаа дагаад л яваад байх нь тийм чухал биш. Гэтэл бид өмнөөс нь бэлчээрийн мал аж ахуй л хэрэгтэй гээд цахим орчинд бичээд сууцгааж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Отгонгэрэл: Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намыг ард түмэн дэмжинэ DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө хэдийнэ боловсруулаад эхэлжээ. Ингэхэд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам ялалт байгуулах боломжтой вэ?

-Манайх дэлхийд байхгүй системээр сонгуулиа явуулах гэж байгаа. Можаритор системийг бүсчлээд томсгочихлоо. Ирэх сонгуулиар намыг сонгож таарна. Тэр дундаа олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олон мандаттай аль нэг бүсийн тойрог байлаа гэхэд тэр дотроо бас жагсах нь байна. Хэн нь нэгдүгээрт байх вэ гэдэг нь чухал болно. Дээрээс нь эмэгтэйчүүдийн квот орж ирж байна. Үндсэндээ МАН найман жил төрийн эрх барилаа. Энэ хугацаандаа Засгийн газар нь 2016-2020 онд хоёр удаа солигдов. 2020 оноос хойш бас хоёр Засгийн газар солигдлоо. Сонгогчид дүн тавих учраас саналд нь нийцсэн, сонгуулийн хуулиндаа захирагдсан мөрийн хөтөлбөр л гаргаж тавих ёстой.

Тэгэхээр сонгуульд өрсөлдөх намууд шударга, авлигатай тэмцдэг, хууль алагчилгүй үйлчилдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэх хэрэгтэй. Бас хууль шүүхийн шинэчлэлийг оруулахдаа ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэх ёстой. Манайх нэг талаараа халамжийн улс болчихлоо. Мөрийн хөтөлбөрт халамжийн бодлого байхгүй бол тухайн нам ялагдах магадлалтай. Судлаачийн хувьд хэлэхэд, хуулиа илүү тодорхой, хүний эрхийг хамгаалсан шударга ёсыг сахиулах хэрэгтэй. Парламент нь олонхи болчихоод гаргаж байгаа хуулиуд нь дандаа Үндсэн хуулийнхаа эсрэг байж болохгүй. Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ард түмэн дэмжинэ.

-Нийгэм нэлээд бухимдалтай байна. Ардын нам татвар нэмэхгүй гэчихээд хэд хэдэн татвар нэмсэн. Ардчилсан нам нь хоорондоо хэрэлдсээр байгаад сөрөг хүчнийхээ үүргийг олигтой биелүүлж чадсангүй. Ард түмнийг бухимдалгүй байлгая гэвэл намуудад ямар бодлого хэрэгтэй вэ?

-Манайх бол парламентын засаглалтай орон. Асуудлаа дотроо шийддэг. Цөөнхи буюу эрх бариагүй нам нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Эрх баригчид найман жил төр барихдаа юу амлаад, юу нь биелэгдээгүй юм. Мөн Улс төрийн намын тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихлээ. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлдэг. Тэгэхээр парламентад суудалтай сөрөг хүчний намууд энэ үүргээ маш сайн гүйцэтгэх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол эрх баригч нам дахиад сонгуульд ялна. Ардчилсан намын хувьд сөрөг хүчний үүргээ олигтой гүйцэтгэж чадсангүй. Эхний гурван жил хоорондоо хэрэлдээд таарсан. Одоо энэ шинэ намын дарга нь үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бусад жижиг намуудад ч бас хамаатай. Үнэхээр сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгч ард түмний анхаарлыг хандуулах ёстой.

Эрх баригч нам эхний дөрвөн жилд юу хийв. Дараагийн дөрвөн жилд юу хийснээ дүгнээд ярих ёстой. Авлигатай тэмцэж чадсан юм уу, ажлын байр бий болсон юм уу, татвараа нэмсэн юм уу, мөнгөний ханштай тэмцэж чадсан юм уу гээд энэ болгоныг улс төрийн намын шинээр хэрэгжиж байгаа хуулийн дагуу намуудын дэргэдэх судалгааны хүрээлэнгүүд ярих нь зөв. Тэгэхгүй бол жирийн иргэд тэр болгон мэдэхгүй. Парламентад суудалтай намууд ялангуяа сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгмөөр байна.

-МАН “5Ш”-ийн ажиллагааны хүрээнд шударга ёсыг сахиулахаар авлигатай тэмцэж байна. Ковидоос хойш эдийн засаг сүрхий өссөн үзүүлэлтэй байгаа. Гэтэл нөгөө талд ард түмэн бухимдалтай байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд, ядуурал нэмэгдэж байна. Судлаачийн хувьд энэ намын явуулж байгаа бодлогод ямар байр суурьтай байна вэ?

-Аль нэг намын явуулж байгаа бодлого бол өөрсдийнх нь үзэл баримтлал байдаг. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Ард түмэн сонгож олонхи болгосон. Тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн үгүйг парламнетад суудалтай сөрөг хүчин дүгнэх ёстой гэдгийг дахин хэлье. Тэрийгээ сонгогчдод хүргэх ёстой. Парламентад сөрөг хүчний хоёр нам төлөөлж байна. Тоглоомын дүрмийн дагуу сөрөг хүчнийхэн дүгнэлтээ өгч ажиллах ёстой.

Ер нь бол найман жил нэг нам засагладаг байдлаас сонгогчид залхдаг үзэгдэл бий. Польшийн жишээ байна. Тус улсад нэг нам найман жил төрийн эрх барьсан. Сонгогчид залхсан нь сонгуулийн үр дүнгээс нь харагдлаа. Ингээд найман жил эрх барьсан нам нь ялагдчихаж байна.

-Ирэх сонгуулиар олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олны танил гэхээр өнөө л дуучид, бөхчид гарч ирэх магадлал өндөр болоод байна уу?

-Дуучид бөхчүүд сонгогдох боломж нь нээлттэй. Парламентын засаглалтай аль ч оронд олны танил хүмүүс гарч ирдэг. Ингэхгүйн тулд манайх сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх ёстой.

-Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол Ерөнхий сайдын сонгох байгаа. Монгол Улсын гал тогоог барих хүн хэн байх вэ гэдгийг ард түмэн сонгох ёстой. Сонголтоо маш хариулагатай хийнэ гэсэн үг. Үүнийг сонгогчдод яаж ойлгуулах вэ?

-Энэ сонгуулийн онцлог нь намын даргаа сонгох. Нөгөө талдаа тухайн бүс нутгийн лидерээ сонгох юм. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гээд Үндсэн хуулиндаа оруулчихсан. Үүнийг сонгогчид ойлгож саналаа өгөх ёстой. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ялсан намын дарга Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлдөг эрх мэдлийг нь өгсөн. Гэхдээ танхимаа бүрдүүлэхэд гишүүдийн тоо хязгаартай байсан. Өөрөөр хэлбэл, 2022 онд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад тооны хувьд хязгааргүй болгосон. Ингэснээр парламентын гишүүн Засгийн газартаа давхар ажиллахыг Ерөнхий сайд шийддэг. Ирэх сонгууль Ерөнхий сайд буюу тухайн намын даргыг сонгох сонгууль гэдгээ сонгогчид маш сайн ойлгох хэрэгтэй. Нам их чухал болчихож байгаа юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жагар: 35 нам эвсэхээр бол дэвшилтэт бодлоготой, хариуцлагатай эвсэл байгаасай гэж хүсэж байна DNN.mn

Иргэний зориг, ногоон намаас санаачлан 35 намын дарга нарыг уулзуулж, эвсэл байгуулахаар яригдаж буй юм. Харин өчигдөр намын дарга нар уулзалдав. Энэ үеэр Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам/САИНН/-ын дарга Б.Жагартай ярилцлаа.


-Өнөөдөр /өчигдөр/ 35 намын дарга нарын уулзалт боллоо. Үүгээр чухам юуг голлож ярьсан бэ?

-САИНН-ын даргын хувьд урилгыг хүлээн авч, уулзалтад санал санаачилгатай оролцлоо. Ер нь үе, үеийн сонгуулиар эвсэх тухай асуудал яригддаг. Гэхдээ яг ард түмэн, нийгмийн асуудлыг шийдэхүйц манлайлагчтай. Дээрээс нь сайн боловсон хүчинтэй, эв нэгдэлтэй ийм эвслүүд өнгөрсөн хугацаанд байгуулагдаж байсангүй. Дандаа ашиг сонирхол, бизнесийн зорилготой, ял наймаалцах, хувийн эрх ашгаа түрүүнд тавьсан эвслүүд байгуулагдаж, УИХ дээр кнопчид хийж байсан. Тийм болохоор би залуу хүний хувьд дэвшилтэт бодлого дэвшүүлж, нийгмийн өмнө хариуцлагатай байж чаддаг эвсэл байгуулагдаасай хэмээн хүсэж үүнд оролцож байна.

-Таны хүсээд байгаа шиг эвсэл байгуулагдах боломж хэр харагдаж байна вэ?

-Боломж харагдаад байна. МАН болон АН-аас бусад 35 намын дарга нараас 10 гаруй нь өнөөдрийн уулзалтад ирлээ. Ингээд асуудлаа тойрч суугаад ярилцаж байна гэдэг чинь бас нэг алхам. Яагаад ийм нэгдсэн том эвсэл байгуулах тухай хурал, уулзалт болж байна вэ гэхээр гуйлгачин, дарангуйллын бодлогоор улс орныг 34 жил удирдлаа. МАН, АН-ын авлигачид улс орноо өрөнд оруулж, ард түмэн нь ямар ч хуримтлалгүй, залуучууд нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болгож, бүх уул уурхайг хуваагаад авчихсан. Нэг ёсондоо улс төрд монополь тогтоосон хэрэг. Энэ нь ард түмэнд энэ хоёр намаас өөр сонгох сонголт байхгүй, энэ хоёр л боловсон хүчинтэй гэсэн ойлголтыг өгчихсөн. Бид чинь хулгай хийснээрээ уралдаад байгаа юм уу.

-Та хэдийг хамаатуулан “Жижиг намууд” гэсэн нэг ойлголт яваад байдаг?

-Энэ хоёр нам чинь бусад намуудаа “Жижиг” гэж доромжилдог. Нөгөөдүүл нь ч бид жижиг нам гээд яриад хэвшсэн. Тэгэхээр миний хувьд энэ хандлагаа өөрчлөөсэй гэж намууддаа уриалж байгаа юм. Харин манай САИНН-ын хувьд анх байгуулагдахдаа л улс төрийн гурван том хүчний нэг гэдгээ зарласан. Мэдээж хэрэг МАН, АНхоёр олон жил ингэж явсаар байгаад өөрсдийгөө үндэсний хэмжээний нам гэж ярьж байгаа. Гэвч тэр нь гишүүнчлэлээрээ огт биш. Хулгай хийсэн, луйвраараа л алдаршсан болохоос бус дэвшилтэт бодлогыг одоо болтол нэвтрүүлж чадаагүй. Нөгөө л нэг хий эргэж, ядарсан ард түмэн дээрээ олон талт татвар ногдуулчихаад түүнийг нь цүнх баригчид, троллууд нь шимэгчилж амьдардаг. Харин арай шат дээгүүр ах, эгч нар нь уул уурхайн лиценз зарж байна. Ингэхээр чинь улсын хөгжил огт яригдахгүй байгаа юм. Гэхдээ улс төрийн намуудыг бүгдийг нь үгүйсгээд байж болохгүй. Одоо чинь нам хэрэггүй гэсэн хандлага гарсан. Үүнд нь нөгөө жижиг гэгддэг намууд нь хөөрхий арчигддаг. Тэгээд цүнхэндээ нэг гэрчилгээ, тамгатай бий болоод байна. Тийм болохоор улс төрийн намуудаа илүү төлөвшүүлж, олон намын тогтолцоогоо улам оновчтой болгож, тодорхой төрийн бүтцээр дамжуулан тухайн намын мөрийн хөтөлбөр, зорилго, чиглэлийг таниулж мэдүүлдэг болох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн сонголтоо сайн хийнэ. Улмаар парламентад олон намын төлөөлөл сонгогдоно.

Сүүлийн үед бүр нам худалдаж авдаг буруу хандлага бий боллоо. Ямар нэгэн олигархын бүлэглэлийг төлөөлсөн хүмүүс нам худалдаж аваад, түүгээр дамжуулан улс төрд гарахыг оролддог. Улс төрд байж гэмээнэ өөрсдийнх нь бизнес илүү амь бөхтэй, орлого сайтай байдаг болохоор тэд ингэж үхэн хатан зүтгээд байгаа юм. Одоогийн УИХ-д нөхдүүд бүгдээрээ улс төрийн зөнөг залгасан. Тийм болохоор тэд улс орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээж чадахгүй байна. Залуу үедээ боломж өгч, ажиллах нөхцөлийг нь шилжүүлж өгдөг ухамсартай байх хэрэгтэй. Түүнээс биш 60, 70 хүртлээ улс төрд яваад байгаа нь буруу. Одоо бид улс төрийг залуужуулах хэрэгтэй байна.

-Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 25-ны дотор өөрсдийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Та нарын шинээр байгуулахаар яриад байгаа эвсэл нэлээд оройтоод байгаа юм биш үү?

-Эрх баригчид оройтох үндсийг нь тавьсан. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх явц нь намуудыг хоорондоо уулзаж ярилцах, эвсэх, асуудлыг ярих боломж олгоогүй. Бүгдийг нь түргэн дээр нь тавьсан. Тэгэхээр өөрсдийгөө жижиг гэж боддог намууд чинь томсгосон тойрог дээр очих, эсхүл хоорондоо эвсэх тухай ярихаар нэг талдаа оройтсон. Гэхдээ үнэхээр эх орноо гэсэн сэтгэл зүрх байвал миний хүсээд байгаа шиг том эвсэл байгуулагдаж болно. Харамсалтай нь эвсэл байгуулахад хэн нь тэргүүн болох вэ гэдэг дээр бүгд амбицаа хаяж чаддагүй. Тиймээс би бусад намуудын ах, эгч нартаа залуу үедээ улс төрийн эрхийг шилжүүлж өгөхөд таяг, тулгуур нь болоорой гэж хэлж байгаа. Нөгөө талдаа Төрийн ордон дотор МАН, АН, ХҮНгэсэн эвсэл бий. Гурван өөр нэртэй л болохоос бус тэд чинь нэг. Эдийн засаг, ашиг сонирхлоороо нэг цул.

-Чухам яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

-Даатгалуудын боссууд өнөөдөр УИХ-д сууж байна. Т.Доржханд чинь өөрөө нэг нь. Банк, шатахууны эзэд ч сууж байгаа. Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар чинь шатахууны эзэд шүү дээ. Манай улсын бүхий л зүйл дээр энэ хэдхэн хүмүүс эзэн суучихсан. Тиймээс энэ блокыг задлах ёстой. Энэ байдлаараа хэт удаан явах юм бол ард түмэн өр зээлээ төлж чадахгүй, улс орны дотоод байдал хурцадмал байдалд шилжих ч аюултай.

-Та түрүүн нэг хүний намын тухай ярьсан. Үнэхээр тийм байдаг юм уу?

-Орон нутгийн сонгуульд оролцдог байдлаас нь л харж болно. Ер нь сонгууль болохоос хоёр сарын өмнө гэнэтхэн эх орондоо хайр зарлаад гараад ирдэг. Тэгснээ сонгуулийн дараа сураггүй алга болдог. Миний хувьд дөрвөн удаагийн сонгууль үзсэн. Өнгөрсөн 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргийн ИТХ-д ялалт байгуулсан. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр бусдын болоод нийгмийн өмнө хариуцлага хүлээх гэж байгаа хүн бол бүхий л цагт үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Үзэл баримтлал гэдэг маш чухал. Гэтэл ямар ч үзэл бодолгүй, зөрүүд, дөргүй бух шиг нөхөд байгаа юм шиг санагддаг.

-Тэгвэл ийм нам гэсэн тамга, гэрчилгээг нь л таны хэлснээр мөнгөтэй хүмүүс худалдаж аваад байгаа юм биш үү?

-Харин тийм. Намын дарга нь ямар нэгэн үзэл баримтлалгүй болохоор зөвхөн мөнгө л харагддаг. Үнэхээр том эвсэл байгуулагдвал сайн байна. Би дэмжинэ. Гэхдээ энэ эвслээр дамжиж нэг хулгайчийн савраас мултраад нөгөө хулгайчийн гарт орж болохгүй. Тийм болохоор нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, тендер авч байгаагүй, уул уурхайн лицензгүй, улсаасаа хулгай хийж байгаагүй хүнээр тэр эвслийг удирдуулах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн олигархын хүүхэд, улс төрөөр дамжин ял наймаалцдаг эвслүүдийг ард түмэн арчин хаях хэрэгтэй.

-Танай намыг Дээд шүүх хүлээж авахгүй нэг хэсэг болсон бил үү?

-Тэгсэн. Нийтдээ 10 гаруй удаа буцаасан.

-Яагаад ингэж олон буцаасан юм бэ. Одоо чухам хэдэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай нам 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Нам байгуулах процесс 2021 оноос эхэлсэн. Тэгэхээр хоёр жил гаруй явж байж намаа байгуулсан. Бид одоогоор гишүүнчлэл дээр суурилахгүй байгаа. Мэдээж хэрэг манай намд элсэж, дэмжигчээр бүртгүүлэх нь нээлттэй. Манайх одоогоор 2000 гаруй гишүүнтэй. Харин намын даргыг болон намаас дэвшүүлж байгаа зорилтыг дэмждэг нийтдээ 100 мянга гаруй дэмжигчтэй. Манайх чинь хамгийн отгон буюу 37 дахь нам.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Монгол Улсын нэг иргэнд 34 сая төгрөгийн өр оногдож байна DNN.mn

Ардчилсан намын “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн хэлэлцүүлэг боллоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн тоо гэдэг зүйлийг хэн ч өөрчилж болохгүй. Танай нам, манай нам гэж байгаа боловч эцсийн дүндээ энэ улс орны хөгжил нэг. Өнөөдөр Монгол Улсад авлигажсан төсөв гэдэг зүйл газар авлаа. Би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ зүйлийг яриад ажлаа өгч байсан. Аливаа төрийн бодлого нь сайн уу, муу юу гэдгээс хамаараад төсвийн алдагдал болоод ашигтай байдал тодорхойлогдож байдаг. Манай төр сүүлийн 8 жил татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээд хэсгийг нь улсын төсөв гээд тавьчихдаг боллоо. Гэтэл тэр мөнгөөрөө дандаа байшингийн суурь босгож байна.

Авлигажсан төсөв яаж бий болдог гэхээр 2 жилийн хугацаанд 1 тэрбумаар барина гэсэн барилгаа 5 жилийн хугацаа болгоод удах тусам төсвийг нь нэмэгдүүлээд зардлыг нь 5 тэрбум болгож байх жишээний. Яагаад байшин барих гээд байдаг юм. Төрийн өмчийн данхар том байшинг яах гэж барьдаг юм бэ? гэвэл учир нь том юмыг цавчиж байж унацтай байдаг ийм л агуулгаар Монгол Улсын төсөв батлагдах болсон. Үүнийг би авлигажсан төсөв гэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын нийт өр 35 тэрбум доллар, нэг хүнд хуваахад 34 сая болж байгаа юм. Энэ тоог яагаад хэлээд байна вэ? гэхээр тухай үед МАН гарч ирэхдээ Монгол хүн 15 сая төгрөгийн өртэй байна гэх шүүмжлэлийг бий болгож байсан өнөөдөр 35 сая хүртлээ өссөн нөхцөл байдалтай байна” гэлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Игавахара: Япон улсын буцалтгүй тусламжаар “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ DNN.mn

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахаратай ярилцлаа.


-Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж, ажиллах болсонд таньд баяр хүргэж, амжилт хүсье. Өмнө нь манай улсад ирж байсан уу. Монгол Улсын талаарх таны хувийн бодол, сэтгэгдлийг тань эхлээд сонсохыг хүсэж байна?

-Баярлалаа. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод томилогдон ирээд 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар дипломат үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэн.

Би өнөөг хүртэл дипломат алба хашиж байх хугацаандаа Япон, Монголын харилцаатай холбоотой олон ажилд оролцож байсан. 1988 онд Бээжин хотоос албан томилолтоор анх Монголд ирж байснаас хойш 1991 онд Япон улсын Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Ерөнхий сайд Т.Кайфү Монгол Улсад айлчлал хийх үед Улаанбаатар хот дахь бэлтгэл ажлын багт ажиллаж, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах урьдчилсан хэлэлцүүлэгт оролцон, Японы компаниудын хамт нүүрсний уурхайг үзэж танилцаж байсан. Үүнээс гадна гэр бүл, найз нөхөдтэйгөө жуулчны хувиар ирж, тал нутагт морь унаж, одот тэнгэрийг харсан аялалдаа сэтгэл ханамж дүүрэн байдаг.

Монголын өвөл хүйтэн хэдий ч монгол хүний сэтгэл халуун дулаан санагддаг. Цаашид цэцэн цэлмэг монголчуудтай дотносон нөхөрлөхийг хүсэж байна.

-Хоёр улсын хувьд хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Монгол Улсын хувьд Япон улсыг хамгийн том гуравдагч хөрш гэж үздэг. Цаашид гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагааг илүү нягт, өргөн цар хүрээтэй болгохын тулд та ямар ажил, бодлого гаргаж явах вэ?

-Монгол Улс гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа хадгалах нь нэн чухал хэдий ч, тэдгээр улстай хэт хамааралтай байж нэг талыг барихгүйн тулд “Гуравдагч орнууд”-тай харилцаагаа хөгжүүлэх олон тулгуурт гадаад бодлогыг баримталж байна хэмээн ойлгож байна.

Монгол Улс гуравдагч орнууд дундаас харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухалчилж буй улс орнуудыг “Гуравдагч хөрш” хэмээн заасан байдаг. Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон улсыг  чухал ач холбогдол бүхий улс орнуудын нэг хэмээн үздэг бол Япон улсын хувьд ч мөн Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орлуулашгүй түнш хэмээн тооцдог.

Япон, Монголын харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, спорт зэрэг олон салбарт тогтвортой хөгжиж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа туйлын өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ч мөн өргөн хүрээнд нягтран гүнзгийрч байгаа нь хоёр орны харилцааны давуу тал юм. Цаашид энэ давуу талыг үр дүнтэй, бүрэн дүүрэн ашиглах бодолтой байна.

Түүнчлэн хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийн тулд хөгжих нөөц боломж ихтэй салбар болох хувийн хэвшлийнхний худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь чухал. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, бизнесийн орчинг улам сайжруулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж, Япон, Монголын харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

-“Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” харилцаа, түүний ач холбогдлын талаар дурдахгүй юу?

-2022 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ф.Кишидагийн хамт “Япон улс, Монгол Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”ийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Өнөөг хүртэл хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл” болон хөгжиж ирсэн бөгөөд улмаар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болон шат ахиж, энэ хүрээнд Япон, Монголын харилцаа улам бэхжихийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бидний зорилго бол Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхээс гадна хоёр орны найрсаг харилцааг түшиглэн, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах явдал юм.

-Мэдээж хоёр улсын хооронд хийгддэг худалдаа жил ирэх тусам өсч байгаа. Ингэхдээ Монгол Улсын хувьд Япон улсаас автомашин импортлох хэрэглээ нэмэгдсэн. Харин Япон улсын хувьд манай орноос ямар төрлийн бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байдаг вэ. Цаашид импортын бараа бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Ихэнх япончуудын хувьд танил болсон монгол бараа, бүтээгдэхүүн гэвэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн түрүүнд санаанд орж байна. 1977 онд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан “Говь”ийн ноолуурын үйлдвэр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализмын үеийн Монголын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсан юм. Тус үйлдвэр нь 2007 онд хувьчлагдсанаас хойш хийц, технологи нь ихэд сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх болсон. Түүнчлэн Монгол Улсын дотоодын өрсөлдөөнөөс үүдэн Говь компани төдийгүй бусад олон компанийн бараа, бүтээгдэхүүний чанар улам сайжирч дэлхийн улс орнууд руу экспортлогдож байна.

Монгол бэлэг дурсгалын дэлгүүрт байдаг үзгийн сав, түрийвч, таблетын гэр, цүнх зэрэг монгол эсгий эдлэлүүд өвөрмөц хийцтэй байдаг нь япон хүмүүст ч таалагдах байх гэж боддог. Энэ төрлийн гар урлал нь монгол соёлыг мэдрүүлж, шинэлэг мэдрэмжийг төрүүлдэг учраас япончуудын сонирхлыг татах байх. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн л бодол гэдгийг ойлгоорой. Би өнгөрсөн 12 дугаар сард ирээд удаагүй байгаа учраас япончуудад ямар бүтээгдэхүүн санал болгох талаар илүү ихийг олж мэдэхийг хүсэж байна.

Мөн Япон, Монголын хооронд хийгдэж буй гадаад худалдааны тухайд, 2016 оны зургадугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) хүчин төгөлдөр болсноос хойш Япон руу чиглэсэн зорилтот бараа, бүтээгдэхүүний экспортын хэмжээ тогтмол өсөж, 2021 оны коронавирусийн цар тахлын улмаас зогсонги байдалтай байсан ч дахин экспорт нэмэгдэх хандлагатай байна. Энэ мэтчилэн Монголоос импортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээ цаашид ч өсөх боломжтой гэж бодож байгаа ч монголчуудад хандаж хэлэхэд, яг ямар төрлийн бүтээгдэхүүн япончуудын таашаалд нийцдэг болохыг сонирхон судалж үзээсэй гэж хүсэж байна.

Мөн ЭЗТХ хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц худалдаа аяндаа өснө гэх буруу ойлголт зарим монголчуудад байна. ЭЗТХ нь гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг дотоодын бараа, бүтээгдэхүүнийг бусад орны зах зээлд гаргах хялбар орчинг бүрдүүлэх зорилготой. Энэ нь Япон улс Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээнэ гэсэн үг биш юм. Японы хэрэглэгчид Монголын бараа, бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авахгүй бол Монголоос Япон руу хийх экспорт тийм ч амархан өсөхгүй шүү дээ. Иймээс Японы хэрэглэгчдийн сонирхлыг татах бүтээгдэхүүнийг үйлдвэр лэх нь хамгийн чухал.

-Япон улсын хувьд Монгол Улсад олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Тэр утгаараа ирэх онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр юу байна вэ?

-2022 онд Япон улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж, хоёр орны харилцаа идэвхтэй өрнөсөн билээ. Дараагийн 50 жилийг угтан, 2024 онд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд, Япон улс 1.56 тэрбум йенийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөл нь ЗамынҮүд дэх төмөр замын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн Замын-ҮүдУлаанбаатар хоорондын ачаа тээврийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой бөгөөд энэ төсөл саадгүй хэрэгжсэнээр Монгол орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болох юм. Мөн Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор япон хэв маягийн инженер, технологийн “Коосэн” сургуулийг сургалт, судалгааны тоног төхөөрөмжөөр хангах, дадлага хийх байгууламж барьж өгөх судалгааг хийхээр төлөвлөж байгаагаас гадна энэ оны төсвийн тодотголоор инженер, технологийн дээд боловсролын сургалтын байгууллагын практик боловсрол, япон хэлний чиглэлээр суралцаж буй оюутнуудад Японд суралцахын өмнөх сургалт болон япон компанид нэг сарын хугацаатай дадлага хийх боломжийг олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа юм.

Япон улс нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж буй хүртээмжтэй нийгмийг цогцлооход чиглэсэн үйл ажиллагааг ч дэмжин хамтран ажиллахыг зорьж байна. Тухайлбал, өнгөрсөн зуны үерийн гамшгийн улмаас ариун цэврийн байгууламж хангалтгүйгээс үүдэн халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийслэлийн үерийн эрсдэлд өртөх өндөр магадлалтай айл, өрхийн эрүүл ахуйн орчинг сайжруулахад “Ариун цэврийн байгууламжийг сайжруулах, үерийн гамшгийн үеийн ус зайлуулах насосыг нийлүүлэх, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх” төсөл хэрэгжих болсон. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн эрүүл ахуйн орчин сайжирч, иргэдийн амьдрах нөхцөл дээшлэхэд нэмэр болох юм.

Соёл, урлагийн салбарт Соёлын буцалтгүй тусламжаар 97.5 сая йенийн “Чингис хааны үндэсний музейн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн боловсрол, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр соёлын өвийг нийтэд үзүүлэн сурталчлах арга техникийг сайжруулж, сургалт явуулах боломжийг хүртээмжтэй бөгөөд илүү чанартай болгохоос гадна хүний нөөцийг чадавхжуулахад ч хувь нэмрээ оруулах төсөл болох юм.

-Хөрөнгө оруулалт татахын тулд, Монгол  Улсад үйл ажиллагаа явуулдаг япон компаниудын үйл ажиллагааг дэмжих шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан. Монгол Улсын хувьд гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа. Энэ чиглэлд Элчин сайдын хувьд ямар байдлаар анхаарч ажиллах вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой ихэнх Япон болон бусад гадны хөрөнгө оруулагчдад нийтлэг асуудал, бэрхшээл тулгардаг байх гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад өгсөн амлалтаа биелүүлдэггүй, Япон болон Монгол талын хууль болон гэрээний агуулгын тайлбар нь ялгаатай байх, анх тооцоолсноос өөр асуудал үүсэх, тухайн нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хангагдахгүй байдал үүссэн жишээ олон бий. Миний хувьд, хууль тогтоох байгууллагаас гаргасан хууль, дүрэм журмыг тэгш хэрэгжүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн захиргааны байгууллагын ажилтны чадварыг дээшлүүлэх, хууль сахиулагч болсон шүүхийн байгууллагаас шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгах шүүхийн сайн шийдвэрүүдийг жишиг болгон хуримтлуулах шаардлагатай. Дэлхий ертөнц мэдээллийн технологиор холбогдож байгаа өнөө үед Монголд өрнөж буй үйл явдал тэр даруй бусад улс орнуудад дамжин хүрнэ. Хэрэв Монголд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн хэрэгжилт асуудалтай байна гэж үзвэл хөрөнгө оруулахаа азнаж таарна.

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад, бэрхшээлийг бууруулахад нэлээд анхаарал хандуулж, ширүүн маргаан өрнөж байгааг ойлгож байна. Шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан заалтууд гадаадын иргэдийн хувьд таатай байж болох ч эх орон, байгалийн баялаг, эрхээ хамгаалах үүрэгтэй монголчуудад тийм ч таатай заалтууд биш байж болох юм. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой энэ асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй ард иргэд ч ойлгон, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, бүгд хүлээн зөвшөөрсөн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах нь тун чухал. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэг хэрхэн өрнөж, ямар дүгнэлтэд хүрэхийг нь ганц би төдийгүй гадаадын олон хөрөнгө оруулагчид сонирхож, анхааралтай ажиглаж байна.

-Хоёр улсын харилцан визний хөнгөлөлтийн асуудлыг та ямар байдлаар зохицуулж ажиллах вэ?

-Япон улсын Засгийн газар захиргааны цахим шинэчлэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 оны гуравдугаар сарын эцсээс зөвхөн аяллын зорилгоор Япон руу зорчих визийн мэдүүлгийг цахимаар авч, цахим виз олгож эхлээд байна. Цаашид цахимаар мэдүүлж болох улс орон, бүс нутгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих визийн мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

2022 онд зохион байгуулагдсан Япон, Монголын Засгийн газрын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын энгийн паспорт эзэмшигчдийн виз мэдүүлгийн журмыг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэхээр тогтож, 2023 оны зургадугаар сарын 30ны өдрөөс эхлэн өмнө нь хэрэгжиж байсан богино хугацаагаар зорчих олон удаагийн виз олгоход тавигдах шаардлагыг хөнгөвчилсөн. Мөн шинээр өндөр орлоготой Монгол Улсын иргэнд богино хугацааны олон удаагийн визийг олгож эхлээд байна.

Түүнчлэн виз мэдүү лэгчдийн аюулгүй байдал, тав тухыг сайжруулах үүднээс бид 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Японы виз мэдүүлгийн төвийг нээн ажиллуулж байна.

-Япон улс бол технологийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орон. Мөн тээврийн салбарт үсрэнгүй хөгжил гаргасан улс. Тухайлбал, Японы метро буюу хурдны галт тэргийг нэрлэж болно. Манай улсын нийслэл хот сая гаруй хүн амтай. Тэр утгаараа бусад метрополис хотуудын жишгээр метротой болох төслийг ярьж байгаа. Энэ тал дээр Элчин сайдын хувьд тодорхой хамтарч ажиллах төлөвлөсөн ажил бий юү. Ер нь метротой болохын тулд хамгийн түрүүнд юу чухал байдаг вэ?

-Одоогоор тодорхой хамтын ажиллагааны төлөвлөгөө гараагүй байгаа ч Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах зорилгоор метроны талаарх судалгааг Япон улс 2013 онд хийсэн. Уг судалгааны үр дүнг бусад байгууллагын хийсэн судалгааны хамт Улаанбаатар хотод метро байгуулах судалгаанд ашиглаж байгаад баяртай байна. Ийм том хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд замын маршрут, чиглэлийн сонголтоос хамааран өдөрт тээвэрлэх зорчигчдын тоо, хэрэглэгчийн зардал, өгөөжийн тооцоо, ашиг орлого зэрэг бүх талыг харгалзан Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох нь нэн чухал. Жишээлбэл, метро барихад хэт их хугацаа зарцуулах, тасалбарын үнэ хэт өндөр тогтоовол зорчих зорчигчгүй болох, эсвэл хэт хямд тогтоовол метро хариуцсан байгууллага алдагдалд орох зэрэг асуудлууд үүсч тогтвортой ажиллах боломжгүй болно. Алсаа харж, нийтийн тээврийн бусад хувилбаруудыг тооцоолохын зэрэгцээ метро нь тогтвортой бөгөөд бодитоор хэрэгжих эсэхийг сайтар нягтлах,улмаар иргэдийн санал хүсэлд нийцүүлэн хэрэгжүүлэх нь ихээхэн чухал.

-Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Япон улсын хэчнээн иргэд байна вэ. Тэдний эрх ашиг бүрэн хангагдаж чадаж байгаа юу. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хэчнээн иргэн Япон улсад амьдарч байна вэ?

-Өдгөө Монгол Улсад 300 орчим япон иргэн оршин сууж байна. Монгол Улсад оршин суугаа иргэдийн эрх ашиг хамгаалагдсан байдаг. Элчин сайдын яамны зүгээс энд оршин суугаа иргэддээ зориулан бүхий л төрлийн төрийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн Монгол Улсад оршин суугаа япон иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг асуудалд холбогдсон тохиолдолд бид Монгол Улсын аюулгүй байдал, хэв журмыг сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авдаг.

Япон улсад амьдарч буй монгол иргэдийн тухайд Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын харьяатын албанаас гаргасан материалд дурдсанаар ойролцоогоор 18,000 орчим монгол иргэн оршин сууж байгаа мэдээлэл байна. (2023 оны зургадугаар сарын байдлаар)

-Хоёр улсын төрийн томоохон айлчлал ирэх жил хийгдэх үү. Ойрын хугацааны харилцан айлчлал юу байна вэ?

-“Ковид-19” цар тахлаас хойш Япон, Монголын Парламентын гишүүд, холбогдох яамдын сайд, дэд сайд, орон нутгийн удирдлагууд мөн бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал ч идэвхжиж байна. Үүнээс гадна 2022-2023 онуудад Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг Япон улсад тус тус айлчлал хийлээ.

Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хоёр орны өндөр дээд албаныхны харилцан айлчлал хийгээд бусад гуравдагч оронд хийсэн уулзалтуудаар дамжин нягт харилцаа тогтоож, нэгдмэл ойлголтод хүрч, санал бодлоо солилцох нь туйлын их ач холбогдолтой хэмээн бодож байна. Одоогийн байдлаар төлөвлөгдсөн төрийн дээд айлчлал байхгүй ч цаашид айлчлал, уулзалтууд нэмэгдэж улам бүр идэвхжинэ хэмээн найдаж байна.

-Элчин сайдын хувьд ирээдүйн зорилго тань юу байна вэ?

-Би дипломатчаар ажилласан хугацааныхаа тэн хагаст Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Япон улс тууштай дэмжин, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт зүйлсээр нэгдсэн, “Гуравдагч хөрш”-ийн хувиар Монгол Улстай гуйвашгүй бат бөх итгэлцэл, найрамдалт харилцааг хөгжүүлж байгааг харж ирсэн. Хоёр жилийн өмнө хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, дараагийн өндөрлөгт гарах шинэ эхлэлийг тавьсан. Мөн энэ онд Япон, Монголын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн тэмдэглэлт ойн жил тохиож байна. Өнөөгийн хоёр орны найрсаг харилцаа нь өмнөх үеийн болон бусад холбогдох олон хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон гэдгийг дахин тэмдэглэж хэлэхийн хамт найрамдалт харилцааны хэлхээ холбоог ирээдүй хойч үеийнхэндээ баттай залгамжлуулахыг хүсэж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Энхтөр: Авлигагүй засаглалыг бий болгоно гэсэн ч тэгж чадаагүй DNN.mn

Техник технологийн дээд сургуулийн багш, улс төр судлаач Э.Энхтөртэй ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” гэсэн заалт асуудал дагуулж байна. Та энэхүү заалтын талаар юу хэлэх вэ?

-Энэ өөрөө яах аргагүй маргаан дагуулах асуудал мөн. Гэвч үүнийг ард түмэн ойлгож, хүлээж авч байгаа нь үндэсний үзэл санаатай шууд холбоотой. Учир нь газар бол ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах нь 76 гишүүний эрх биш. Дээрээс нь нэг нам хэт олноор төрийн эрх барьж байгаа үед ямар ч хууль, Засгийн газрын өргөн барьсан хууль дэмжигдэх магадлал өндөр байдаг. Тийм учраас Монгол Улсад жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо бүрдэж, төлөвшсэн үед үүнийг яривал илүү өөр түвшний ойлголт гарах байх. Харин ийм цаг үед үндсэрхэг үзэлтэй монголчуудын хувьд үүнийг эсэргүүцэх нь тодорхой.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2012 онд шинэчлэн батлахад энэ заалт байсан гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ?

-Тус хуулийг анх 1992 онд баталсан байдаг. Гэвч үүнийг ард түмэн тэр бүр анзаараагүй байсан. Эсвэл энэ асуудал тэгтлээ хүндээр сөхөгдөөгүй байсан нь нөлөөлж яг тухайн заалтыг ярьдаггүй байсан байж мэднэ. Харин одоо сонгуулийн жилд үүнийг оруулж ирсэн нь иргэдэд хүнд туссан байж болно. Түүнээс биш сонгуулийн бус жил Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлсэн бол олон нийт арай өөрөөр хүлээж авах байсан болов уу гэж харж байна.

-Засгийн газраас тус хуулийг өргөн барьсан. Гэтэл УИХ-ын дарга нь энэ заалтыг болиулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл үүний цаана яг ямар улс төр яваад байна гэж та судлаачийн хувьд харж байгаа вэ?

-Ер нь манай улсын нийгэм, улс төрийн байдал өөрчлөгдөж байна. Яагаад гэхээр ард түмний итгэл үнэмшил өөр болсон. Өмнө нь сайхан зүйл ярьж, ухуулга, сурталчилгаа хийж болдог байсан. Гэтэл одоо хүмүүс аль нь зөв, буруу гэдгийг ялгаж салгаж ойлгодог болж байгаа. Тийм болохоор буцааж татаад, тухайн заалтыг хасахаас өөр аргагүй болж байна. Дээрээс нь эрх баригчид өмнө нь нэг асуудлыг босгож, ард түмнийг бухимдуулж байгаад дараа нь түүнийгээ засаж байгаа мэтээр нийгмийн сэтэлгээг удирдаж байсан. Ийм улс төрийн арга хэрэгсэл байна гэж хардах нөхцөл олон бий. Хүүхдийн мөнгөн дээр гэхэд л заримыг нь хаслаа гээд эсэргүүцээд эхлэхээр бүрэн олгохоор болсон. Ингэж тулгамдсан асуудал дээр нь тоглолт хийж, сэтгэл зүйгээр нь тоглодог. Ийм төрлийн улс төрийн оноо авах гэсэн зүйл бий болчихсон байна л даа. Гэвч энэ зүйл одоо алга болж байна. Учир нь өнөөдөр хүн бүр мэдээ мэдээллийг эх сурвалжаас нь олж аваад үнэн, худлыг нь шүүдэг болж байна.

-Бүр тодруулж асуувал Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гэж хоёр хүн хоорондоо толхилцоод эхэллээ гэж харж байгаа хүмүүс байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Яг энэ хоёр хүний цаана юу болж байгааг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай улс энэ жил дахиад л авлигын индексээрээ байр ухарлаа. Энэ бол төрд байгаа хүмүүс нь авлига, хулгайтайгаа жинхэнэ утгаар нь тэмцэж, таслан зогсоож чадахгүй байгаагийн үр дүн.

-Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа учраас хэн хэнийгээ намнах гэсэн үйлдлээсээ болоод Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж чадахгүй байна гэсэн хардлага байгаад байна. Уг нь хэт олонхоороо төрийн эрх барьж байгаа намын Засгийн газраас оруулсан хууль батлагдах магадлал өндөр шүү дээ?

-Энэ бол байж болох асуудал. Нүүрсний сонсгол зохион байгуулаад Д.Амарбаясгалан гэж хүнээ дуугүй болгочихлоо шүү дээ. Араас нь ногоон автобус, нийслэлийн газрын наймаа гээд олон асуудал сонгуулиас өмнө гарах байх. Тэгэхээр улстөрчид, фракцуудын зөрчил үүн дээр байхыг үгүйсгэхгүй.

-Улстөрчдийн ийм тэмцэл, нэг том хэрэг илрүүлж сонсгол хийж байгаа нь өнөөгийн нийгэм, ард түмэнд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Агаарын бохирдол, замын түгжрэл өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хүн бүхэн л хэлж байна. Бид үүнийг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Гэтэл яг сонгуулийн жилд ярьж, буруутай этгээдүүдийг олно гээд байгаа нь дээр хэлсэн хардлагыг төрүүлээд байгаа хэрэг. Ер нь иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг одоо л олж харж буй мэтээр хандаж өөрсдийнхөө эрх ашгийг бодсон, өрсөлдөгчөө намнах гэсэн зорилготой байж мэднэ.

-Тэгвэл өмнө нь хийсэн сонсголуудаас үр дүн гарсан уу?

-Гараагүй. Яагаад гэхээр цаана нь эрх мэдэлтнүүд, том эрх ашиг байгаа учраас үр дүн гарахгүй байна. Аалзны тор шиг болтлоо хоорондоо сүлбэлдчихсэн болохоор бие биедээ хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм. Бүгд шахуу л Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайд нэр холбогдлоо. Гэтэл өнөөдөр хариуцлага хүлээсэн нь хэн байна. Дунд шатанд ажиллаж байсан хэдэн хүн нь л ял авсан байх.

Та түрүүн авлигачиддаа хариуцлага тооцож чаддаггүй нь авлигын индексээр ухрах шалтгаан болсон гэж хэлсэн. Тэгвэл төр засгаас сүүлийн хэдэн жилийн турш авлигатай тэмцээд байна л гээд байгаа шүү дээ?

-Эрх барьж байгаа МАН-ын “Алсын хараа 2050” хөтөлбөрт авлигагүй засаглалыг бий болгоно гээд уг нь оруулчихсан. Даанч ийм нийгэм бүтээнэ гэсэн мөртлөө бид чинь бүхий л үзүүлэлтээр ухраад байна.

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр тэгвэл бид авлигатайгаа тэмцэж чаддаг, хариуцлага тооцдог нийгмийг бий болгож чадна гэсэн итгэл хэр байна вэ?

-Томсгосон тойргийг миний хувьд дэмжиж байгаа. Жалга, довоор сэтгэж байсан бол одоо ядаж бүсийн хэмжээнд хийдэг, сэтгэдэг болъё гэж байна. Энэ нь зөв. Гэвч ард түмний зөв сонголт л чухал шүү дээ. Түүнээс биш өнөө л танил тал, мөнгө төгрөг амласан нөхдийг сонгоод байвал бид тийм нийгмийг бүтээж чадахгүй. Ер нь манай улсад УИХ-ын гишүүд дутаагүй. Харин хийж бүтээх сэтгэл, зүтгэл нь л дутсан.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болно DNN.mn

“УИХ-д нэр дэвшинэ” гэсэн хүн тойм алга. “Ямар ч байсан нэр дэвшинэ” гээд шийдчихсэн хүмүүс хаа сайгүй. Зарим нь бүр аль намаас яаж нэр дэвшихээ ч мэдэхгүй тууж явна. Тэднээс “Хуулиа сайн уншсан уу” гэж асуумаар байгаа юм. Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгууль том тойрогт явагдаж, 126 гишүүн сонгохоор болсон. Нэр дэвших хүсэлтэй хүмүүст энэ “олон тоо” л итгэл найдвар өгөөд байх шиг байна. Тойруулалгүй хэлэхэд ирэх сонгуульд нэр дэвшээд гишүүн болоод ашиггүй л болчихоод байгаа шүү. Өмнөх УИХ-ын гишүүд шиг даргын дархан эрх эдлэхгүй. Зөвхөн хууль тогтоох үндсэн үүргээ л үг дуугүй биелүүлдэг гишүүн болно. Хуулийн өөрчлөлтийн зорилго нь ч тийм юм байна билээ. Мөн Ашиг сонирхлын хуульд “аймаар” заалтууд орж өөрчлөгдсөн. Хавь ойрынхон нь хяналтад орно. Байдгаа ухуулна. Бүх гар хөлөө тушуулна. Товчхондоо ийм. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газар дээр л бүх зүйл төвлөрнө. Үндсэн хуулийн 2019, 2023 оны өөрчлөлтүүдийн үндсэн агуулга нь тэр. Тэгэхээр Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л гол ирэх сонгуулийн фокус болно. Нэг үгээр хэлбэл “Хэн Ерөнхий сайд болж ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг дээр илүү анхаарал тавигдахаар байна.

Парламентын засаглалтай улс орнуудад ч ийм туршлага дээр явдаг. Ерөнхийдөө Английн парламентаас эхтэй вестминстер, Герман маягийн Боннын загварын дагуу сонгуулийн дараахь төрийн хэлбэр бүрддэг. Эрх мэдлийн хуваарилалт ч гэж болно. Вестминстерийн загвар нь “Төрийн үйл ажиллагааны мөн чанар нь улс төрийн бодлого бөгөөд сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлнэ” гэдэг агуулгатай. Харин Боннын загвар нь “Эрх мэдлийг тэнцүү хуваарилдаг. Дүнд нь парламент дахь улс төрийн тэмцэл хязгаарлагдаж, Засгийн газар тогтвортой байдаг” гэсэн бодлоготой. Манай улсын намуудын төлөвшил, сонгуулиудын дараахь төрийн бүтцүүдээс харахад Вестминстерийн загвар хэрэгждэг. Гэхдээ зарим тохиолдолд, тухайлбал 2012 оны сонгуулийн дараа Боннын загвараар хуваарилалтыг хийснээр Засгийн газар улам хэврэг болж байсан түүх бий. Ерөнхийдөө аль ч загварын амьдралд буусан хэлбэр, улс орнуудын парламентын сонгуулийн дүнд “Засгийн газар яаж бүрдэх вэ, хэн тэргүүлэх вэ” гэдэг л хамгаас чухал нь болж ирсэн байдаг.

Сүүлийн үед жишээ болж буй 80-аад жилийн тэртээх Английн сонгуулийг дурдаж болох юм. Тухайн үед Англичууд Ерөнхий сайд Черчилльдээ сайн, маш их дэмждэг байв. Тэгсэн атал 1945 оны сонгуулиар намыг нь унагачихсан. Нам нь унасан учраас Черчилль буусан. Гэтэл англичууд сонгуулийн дараа “Черчилль хаачив” гэж гайхсан гэдэг. Ингээд таван жилийн дараах 1951 оны сонгуулиар “Черчиллийн нам мөн үү” гэж байгаад намыг нь дэмжиж гаргаж ирсэн. Тэгж түүнийг дахин Ерөнхий сайдаар томилуулах замыг гаргасан байдаг. Энэ нь парламентын засаглалтай орнуудад гүйцэтгэх засаглал ямар их үүрэг, нөлөөтэйг харуулж буй юм. Манайх одоо ялгаагүй. Ирэх зуны сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага ес дэх удаагийн УИХ-ыг сонгоно. Гэхдээ тэндээс тус сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газар байгуулагдана. Дахин хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээр Засгийн газрын ажиллах чадамжийг нэмсэн. Түүнийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд хэн байх нь чухал болчихоод байгаа хэрэг.

Өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам бий. МАН, АН, ХҮН-ынхан өнөөгийн УИХ-ыг бүрдүүлдэг. Тэд намын дүрэмдээ сонгуульд ялбал хэн Ерөнхий сайд болохыг заасан байна. АН-ын Үндсэн дүрмийн 5.17.6.5-д “Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэсэн байдал. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна” гэж заажээ. Дүрмээрээ бол АН ялбал Лу.Гантөмөр, МАН бол Л.Оюун-Эрдэнэ, ХҮН нам ялах юм бол Т.Доржханд Ерөнхий сайд болохоор байна. Гэхдээ энэ нь хууль биш дүрэм. Заавал хэрэгжих ёстой хуулийн заалт биш гэсэн үг. Тэгээд ч манайд УИХ-ын сонгуулийн намын даргаас өөр хүнийг Ерөнхий сайдаар зарлаж байсан явдал бий. 2020 онд АН-ын дарга С.Эрдэнэ байсан ч сонгуулийн өмнөхөн “Хэрвээ АН сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлачихаж байв. Тиймээс яг иймэрхүү байдлаар намууд сонгуулийн дараахь Ерөнхий сайдаа зарлах магадлал өндөр байна. Яагаад гэвэл “Хэн, хэн УИХ-ын гишүүн болох вэ” гэхээс илүүтэйгээр “Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болж мэдэхээр байгаа юм.

Ө.Бааст

Categories
мэдээ улс-төр

АН: Ээлжит бус чуулган зарлах шаардлагыг УИХ-д хүргүүллээ DNN.mn

Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Жамбын Батсуурь: Ард иргэдэд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна.

Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээд 600,700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна.

Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.

Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малчдын гар дээр мөнгө алга. Хөдөөгийн айлыг утаа гарч байгаа яндангаар нь баримжаалж очиж олж байна. Энэ гамшиг биш юм уу. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж энэ асуудал руу оръё гэх тодорхой шийдвэрүүдийг санаачлаад явж байна. Тухайлбал

  • УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж гамшиг оруулж гэнэтийн аюулын үед түр хороо байгуулж, эрх баригч, сөрөг хүчин гэхгүйгээр асуудал руу хамтарч орох
  • Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон “Зудын аюул, гамшиг үүссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Уг төсөл нь гурван зүйл заалттай” гэв.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж: Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна.

Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна. Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: Улс төрийг цэвэрлэе гэвэл том мөнгө, эрх ашгийг задлах хэрэгтэй DNN.mn

Ардчилсан намын дэд дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарьтай ярилцлаа


Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Ойрын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болж, хөдөөгийн малчид малаа барж байна. Энэ асуудалд нийгэм янз бүрийн дүгнэлт өглөө. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгч боллоо хэмээн шүүмжилж байна. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Санал нэг байна. Сүxбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бүр дөрвөн сарын өмнө л уиx-ын чуулган дээр “өвөлжилт xүндрэxээр байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваач. Зоxих шийдвэрүүдээ гаргаач” гэж удаа дараа хэлж, сануулж байxад засгийн газар эс үйлдлээр хариу барьж, зоxиx бэлтгэлийг базаагаагүй. Хамгийн xүндрэлтэй нь, эрх мэдлийн хэт төвлөрөл орон нутагт тулгамдсан асуудлаа дотооддоо шуурхай хэлэлцэж, төсвийн болон нөөцийн бусад хөрөнгө санxүүгийн зарцуулалтыг хурдан шуурxай шийдвэрлэхэд ихээхэн саад тотгор учруулж, цаг алдуулж байгаа нь зудын хажуугаар давхар нэрмээс болж байна шүү дээ. МАН-ын асуудлыг хэт төвлөрүүлдэг, бүх асуудлыг засгийн газар дээр авчирдаг, орон нутгийн итx, засаг заxиргаа, нутгийн өөрөө удирдах ёсыг үл тоон огоордгийн гай өнөөдөр өвөлжилт xүндэрсэн аймгуудад засаглалын зудыг давxар нүүрлүүлж байна. Жишээ нь, аймгуудад байдаг улсын онцгой комиссын салбар нь нөөцийн өвс тэжээлийг бие даан шийдвэрлээд цас зуднаас өмнө малчдад xүргэх эрx мэдэл байxгүй, төвийн шийдвэрийг л хардаг. Орон нутагт хэрэв эрx мэдэл байсан бол асуудлын цөмд байгаа xүмүүс байдал xүндрэxийг мэдрээд аль хэдийнэ нөөцөө тараагаад байрлуулчих байсан. Орон нутгаас мэдээ төв рүү сум аймаг, яам агентлаг дамжин ирж, нэгтгэгдсээр байтал шийдэл ч удааширч байна.

Дүн мэдээнүүд ч xоцрогдож байна. Хоцрогдсон мэдээлэл дээр xуумгай шийдвэрүүд гараад, тэр нь эргэж шат дамжлагаараа уруудсаар малчны хотонд очиxод байдал хэдийнэ дорд ороод, ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй хэмжээнд оччихоод байна. Өнөөдөр л гэхэд мэдээнүүд харж байxад улсын хэмжээгээр 600 гаруй мянган мал хорогдоод байна л гэж мэдэгдсэн. Гэтэл үнэндээ зөвxөн Сүxбаатар аймагт малын хорогдол сая давчихаад явж байна шүү дээ. Тэгэхээр одоогийн нөxцөл байдлыг би цаг үеийн цас зудны хажуугаар хэт төвлөрлөөс үүдэлтэй засаглалын зуд давхар нүүрлэсэн гэж дүгнэж байна.

Ер нь мал аж ахуйн салбарт ямар бодлого хэрэгжүүлбэл зохистой бол. Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх байсан юм гэх шүүмжлэл гарах боллоо?

-Мал аж аxуйн салбар бол байгаль цаг уурын эрxшээлд байдгаараа онцлогтой салбар. Байгалийн давагдашгүй xүчин зүйлийг бүx төрлийн гэрээнд xүртэл онцгойлон зааж өгдөг шүү дээ. Тэгэхээр өвөлжилт xүндэрсэн цаг үед монгол xүн бүр шүүмжийн хандлагаа хойш тавьж, тусламжийн гараа сунгах ёстой. Нэг асуудал тулгарангуут шууд хаяад, нөгөө зам руу халтирч бас болоxгүй. Нүүдлийн мал аж аxуй эрсдэлтэй юм байна гээд шууд фермерийн аж аxуй руу ороx туxай нь цагаа олоогүй мэтгэлцээн гэж үзэж байна. Энэ салбарт даxиад л төрийн оролцоо xэт гүнзгий орсноос болоод маxны үнэ заx зээлийнхээ эрүүл зарчмаар тогтоогддоггүй. Гадагшаа гаргая гэxээр Засгийн газраас маx, арьс шир, түүxий эд дээр элдэв тусгай зөвшөөрөл, квот тогтоогоод, байсхийгээд бааxан журам шийдвэр гаргаад боомилчихдог. Малчид маx нь хямд, түүxий эд нь үнэгүй болоxоор тооны олноор л эдийн засгийн эргэлтээ арай ядан торгоож байна шүү дээ. Хашаа хороо, өвс тэжээл бэлтгэлд зарцуулах санxүүгийн нөөц бүрдэж амжихгүй байна. Бүx малчид фермер болчихвол маxны үнийг монголчууд дийлэxгүй байx. Зарцуулж байгаа хөрөнгө оруулалт бүxэн үнэндээ шингэнэ. Тэгэхээр юуны өмнө энэ салбараас төрийн хэт гүнзгий дүрсэн гарыг суга татан авч, заx зээлийн өөрийнx нь гарыг ажиллуулаx шаардлагатай. Маx, түүxий эд дээр тавьсан бүxий л хориг квотуудыг цуцлах хэрэгтэй. Энэ салбараас гарч буй бүтээгдэxүүн гадаад заx зээлд гарч, үнэ цэнийг олж байж энд хөрөнгө оруулалт xийгдэнэ. Дээрээс нь төр өөрөө үнэхээр л энэ салбарт ач холбогдол өгч оролцмоор байгаа бол хамгийн түрүүнд энэ салбарын үнэнч тогтвортой худалдан авагч нь болох хэрэгтэй. Сургууль цэцэрлэг, цэрэг арми гээд төрийн бүxий л xүнсний xудалдан авалтыг хөдөө аж ахуйгаас авч байx хэрэгтэй. Монголын сая хүүхдэд өдөр бүр аяга сүү өгдөг, нэг ааруул мэрүүлдэг, тэрнийгээ малчдаас авдаг болчиход л энэ салбар дорxноо босоод ирнэ.

Та хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, ардчилал бүдгэрч байна гэх шүүмжлэл их гарах болсон. Хэвлэлийн эрх чөлөө, ардчилал бүдгэрч байгаа нь юутай холбоотой вэ?

-Авлигатай xолбоотой. Монгол Улс авлигын индексээр жил бүр уxарсаар байгаа. Улс төр нийгэм эдийн засгийн бүxий л салбарт авлига бүрэн суурьшсан. Асар том мега төсөл, хэдэн иx наядаар яригдах төсөв, ТЭЗҮ-гийн сургаар бүx салбарт бүлэглэлүүд шунаж, салбарын ёс зүй тэр хэрээрээ унаж эxэлсэн. Улстөрчид, xуульчид, шүүx, цагдаа, АТГ, тагнуул, хэвлэл мэдээлэл, яам агентлаг төрийн алба гээд авлигад өртөөгүй салбар үндсэндээ үгүй боллоо.

МАН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСЫГ ҮЛ ТООН ОГООРДГИЙН ГАЙ ӨНӨӨДӨР ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ЗАСАГЛАЛЫН ЗУДЫГ ДАВХАР НҮҮРЛҮҮЛЖ БАЙНА-

Ер нь бид хэт том мөнгө ярьсаар сүүлдээ тоог нь ч анзаарахаа больж, цаад агуулгыг нь харах чадваргүй болжээ. Үнэндээ том мөнгө, том эрх ашиг дээр өөрийн эрхгүй бүлэглэлийн зохион байгуулалт үүсэн бүрэлдэж, улмаар нэг нэгнээ намнаж эхэлдэг. Бүлэглэлд улстөрчид, хууль шүүх цагдаа тагнуул, рецитивүүд, бөхчүүд, хэвлэл мэдээллээс төлөөлөл бүгд оролцоно. Үүнийг задалж, улс төрийг “цэвэрлэе” гэвэл том мөнгө, том эрх ашгийг задалж, улмаар бүр үгүй болгох хэрэгтэй. Тэгвэл бүлэглэл аяндаа задарна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц, нүүрс, хий, дулааны станцын шийдлүүдийг Mега биш, мини шийдлээр хийвэл гадна дотныхны, ялангуяа хоёр том хөршийн анхааралд өртөхгүйгээр цахилгаан дулаан, утаа, ус зэрэг хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлуудаа даруйхан шийдээд явах боломж бий болно. Бүлэглэл буюу мафийн систем салбар бүрийг хамарсан улс оронд xүний эрx, эрx чөлөөний туxай ямар ч яриа байдаггүй, тэнд зөвxөн бүлэглэлийн эрx ашиг л үйлчилдэг.