Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Дэлгэр: Манай 400 гаруй ажилтны үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөрөө эрхлэх эрх ноцтой зөрчигдсөөр байна DNN.mn

Монполимет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэртэй ярилцлаа.


-Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг цагдан хорьж, буцаан суллаж, танай компаниудын дансыг хаасан гэхчлэнгээр өнгөрсөн хугацаанд Монполимет групптэй холбоотой учир нь мэдэгдэхгүй олон үйл явдал өрнөлөө. Тиймээс яг юу болсон, яагаад ийм хэрэг гарсан талаар цэгцтэй мэдээлэл өгөхгүй юу?

-2024 оны тавдугаар сарын 28-нд Монполимет группт АТГ-аас гэнэтийн нэгжлэг шалгалт хийж байна гэсэн шалтгаанаар АТГ-ын 40-50 ажилтан гэнэт дайран орж ирсэн.

Яагаад ийм шалгалтыг манай байгууллагад хийж байгаа талаар тухайн үед тодруулахад Хөгжлийн банкны зээлд авлига албан тушаалын хэрэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр танай байгууллагыг шалгаж байна. Хөгжлийн банктай холбоотой бүх баримт материалыг авна. Нотлох баримтыг устгаж болзошгүй учраас бид гэнэтийн нэгжлэгийг ийнхүү хийж байна гэсэн. Тухайн үед манай байгууллагын зүгээс Хөгжлийн банктай холбоотой санхүүгийн нотлох баримтуудыг сайн дураар өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч тэр боломжоор хангаагүй. Нэгжлэгээ үргэлжлүүлсэн. Ингэхдээ бүхэл бүтэн 10 жилийн өмнө болсон үйл явдлын нотлох баримтыг авч ир, устгаж магадгүй гэсэн үндэслэл хэлж байгаа нь маш гайхмаар байгаа юм.

Хэрвээ шалгах байсан бол тухайн үед шалгалгүй, яагаад 10 жилийн дараа нотлох баримт устгах эрсдэлтэй байна гэж үзэж гэнэтийн нэгжлэг хийх болов. Тэр өдөр цочирдом олон үйлдэл ар араасаа өрнөсөн. Манай оффисын болон үүсгэн байгуулагч, зарим захирлуудын гээд нийт тав, зургаан объектод нэгэн зэрэг нэгжлэг хийсэн.

Ингэхдээ манай үүсгэн байгуулагчийн хөгжлийн бэрхшээлтэй охины гэрт нь очиж хүргэнийг нь айлган сүрдүүлж авч явна гэж дарамталж, заналхийлсэн. Тиймээс үүсгэн байгуулагч маань охиных руугаа очсон. Яагаад хүргэнийг маань авч явах гээд байгаа юм бэ гэж тодруулахад “За тэгвэл оронд нь танаас юм тодруулъя” гээд прокурорын ямар ч тодорхойлолтгүйгээр авч явсан.

Өөрөөр хэлбэл, Ц.Гарамжав гуайд өмнө нь урьдчилж мэдээлэл өгөөгүй байж юм тодруулъя гээд шууд авч явснаа шөнийн 00 цагийн үед шууд сэжигтнээр баривчлах тогтоол танилцуулж 461 дүгээр хорих ангид 48 цаг баривчилсан. Ингэхдээ тасралтгүй найм, есөн цаг мэдүүлэг авах өрөөнөөс гаргалгүй хоол унд өгөлгүй суулгаснаас болж эрүүл мэндийн байдал нь муудсан. Холбогдох хуульд дөрвөн цаг байцаалт аваад нэг цаг амраах ёстой гэж заасан байдаг. Гэвч үүнийг зөрчсөн, хүнлэг бус үйл ажиллагаа явуулсан.

Тухайн үед олон нийтийн зүгээс энэ асуудлыг хүчтэй шүүмжилж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаална хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн. Үүнд манай групп компанийн хамт олон талархалтай байгаа. Энэ дашрамд танай сониноор дамжуулж хувийн хэвшил, чөлөөт эдийн засаг, хүний эрхийн төлөө хүчтэй дуугарсан иргэд та бүхэндээ маш их баярлалаа. Олон нийтийн дэмжлэг байсан тулдаа л шударга бус, хууль бус гэнэтийн тэр баривчилгааг таслан зогсоож, буцаан сулласан болов уу гэж бодож байгаа.

-Өнөөдөр танай нөхцөл байдал ямар байгаа вэ. Хэвийн байдалд шилжсэн үү?

-Үгүй. Үүнээс хойш тавдугаар сарын 31-нд манай байгууллагын бүх дансыг хаасан. Ингэхдээ ямар үндэслэлээр данс хаасан талаарх прокурорын тогтоол, үндэслэлийг бидэнд тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар бид мэдэх эрхтэй боловч бидэнд огт мэдээлээгүй. Данс хаасан гэсэн аман тайлбарыг л прокуророос өгсөн.

Үүний дараа зургадугаар сарын 5-нд Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон.Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг хаахдаа прокурорын тогтоолыг бидэнд танилцуулсан. Уг прокурорын тогтоолд Хөгжлийн банкинд учирсан хор хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх талаар иргэн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг хааж байна гэж тайлбарласан байна лээ.

Олон нийт сайн мэдэж байгаа байх. 2014 онд Хөгжлийн банкнаас Монполимет групп 126 тэрбум төгрөгийн зээл авсан. Авсан зээлээ 2023 онд 260.3 тэрбум төгрөг болгож төлсөн. Үүний 100 орчим тэрбум төгрөг нь ханшийн алдагдал. Бид зээл аваад хэнийг хохироосон, ямар хохирол учруулсан юм бэ гэдэг нь тогтоогдоогүй.

Хохирол тогтоох процесс явагдаагүй байхад Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг барагдуулна гээд зээлд ямар ч хамааралгүй Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь илт үндэслэлгүй хууль бус үйлдэл.

Хоёрдугаарт, үнэхээр хэн нэгнийг хохироосон гээд хохирогч хайж байгаа бол хохирогч нь бид нар. 100 тэрбум орчим төгрөгийн ханшийн хохирлыг бид дангаар дуугүй үүрсэн. Төгрөгийн ханшийг тогтвортой барих үүрэг хүлээсэн Төв банк, Засгийн газар үүргээ биелүүлээгүй шүү дээ. Ам.долларын ханш 1400 төгрөгөөс 3700 төгрөг болж бүхэл бүтэн 2300 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. 2017 онд УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар Төв банкны буруутай үйл ажиллагаанаас болж төгрөгийн ханш 80,8 хувь хүртэл суларсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг ярихгүй шууд үйлдвэрлэгч рүүгээ дайрах нь үндэслэлгүй. Үүнд бид туйлын гомдолтой байгаа. Төр засаг асуудлыг бодитоор харах ёстой.

-Мөрдөн шалгах процесс буруу явж байгаа талаар танайх холбогдох байгууллагад хандсан байх. Ямар тайлбарыг та бүхэнд хэлсэн бэ?

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид 100 гаруй удаа хүсэлт өгсөн. Манай 400 гаруй ажилтан цаанаа бусдын л адил өрх гэрээ тэжээж байгаа шүү дээ. Тэд ажилгүй, орлогогүй болсноор өрхийн амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө. Тэдгээр хүмүүс ажлын байраа алдаж, хэзээ ажил эхлэх нь тодорхойгүй байдалд байгаа учраас 100 гаруй удаа прокурорын байгууллагад хүсэлт өгсөн. Харамсалтай нь прокурорын байгууллага бүгдэд нь шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн.

Хоёрдугаарт, бид хуулийн байгууллагын бие даасан хараат байдалд нөлөөлөх гэж оролдоогүй. Гэхдээ хуулийн дагуу шалгуулъя. Хамгийн гол нь үйл ажиллагаа, данс хаахгүйгээр шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Гэтэл прокурор болоод төрийн байгууллагууд “Та нар хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байна. Хэн нэгэн үүнийг зохион байгуулж байна” гэсэн хардлага сэрдлэгийн шинж чанартай үг урдаас хэлдэг.

Уг нь үйлдвэрийн үйл ажиллагааг нээснээр хуульд харшлах зүйл байхгүй. Дээрээс нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учрахгүй. Энэ мэт үндэслэлгүй үйлдлээс харахад таны хэлсэнчлэн улс төрийн ямар нэгэн зорилго байгаа юм болов уу. Манай аж ахуйн нэгжийг дампууруулах гэсэн санаа байна уу гэсэн хардлага төрж байгаа.

-Монполимет групп бол Монголын томоохон татвар төлөгч, топ аж ахуйн нэгж шүү дээ. Тиймээс танай үйл ажиллагааг зогсоох нь эдийн засаг талаас нийгэмд ямар үр нөлөөг үзүүлэх бол?

-Үе үеийн Засгийн газар, УИХ үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болно гэхчлэнгээр олон уриа лоозонг хэлдэг. Монголд хөгжлийн бодлогын 252 бодлогын баримт бичиг бий. Гэтэл нэг нь ч уялдаа холбоогүй, хэрэгждэггүйгээс болоод аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болохоос илүүтэй ойлгомжгүй байдлыг бий болгодог. Нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл гэвэл нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах итгэл нь буурч байна.

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн том хөрөнгө оруулагч нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк. Саяны үйл явдалтай холбоотойгоор Монцемент Билдинг Материалс ХХК-ийн арилжааны банкин дахь данснуудыг хаасан. Энэ нь хэвийн үйл ажиллагаанд нь шууд нөлөөлсөн. Үүнийг хараад гадаадын хөрөнгө оруулагчид гайхаж, цочирдсон. Монгол Улсад итгэх итгэл нь буурсан. Цаашид ч үүнийг олон улс ажиглаж байгаа. Тухайн улсын төр засаг гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг хэрхэн бий болгож байгаа, хэрхэн үйлдвэрлэлийг дэмжиж, улс төрийн тогтвортой байдлыг яаж бий болгох бодлогыг гаргаж байна гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бидний туулж байгаа энэ кейс гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн болгоомжлол төрүүлж байгаа болов уу.

Нөгөө талаар, өнөөдөр маш олон залуус эх орноо орхиод гадаадад ажиллахаар явж байна. Бүх салбарууд ажиллах хүчний хомсдолд орж байна.

Гадагшаа явж байгаа энэ урсгалыг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны таатай нөхцөлийг бий болгож байж тогтоон барьж байгаа. Гэтэл энэ мэтээр ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ буланд шахаж, иргэдийн ажлын байрыг булаагаад байвал иргэд амьдрахын тулд гадагшаа явахаас өөр сонголтгүй болно шүү дээ. Бодит байдал дээр ийм л нөхцөлийг бий болгож байна.

Жишээ нь, Тосон үйлдвэрийг хааснаас болж манай нийт ажилчдын 20 орчим хувь нь ажлын байраа орхисон. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас тэд гадагшаа явж ажиллах сонголтыг хийж байна. Гадагшаа яваагүй хэсэг нь Монголд ажлын байргүй болж үлдэж байна.

Хэдийгээр манай үйл ажиллагаа зогссон ч бид ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээсний хувьд, мөн хүнд цаг үеийг туулж яваа хэдий ч тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг тасалдуулалгүй боломжийнхоо хэрээр шийдвэрлээд явж байгаа. Хэзээг хүртэл ингэж явахаа бид мэдэхгүй байна. Энэ хугацаанд бид эдийн засгийн хувьд маш том хохирлыг хүлээж байгаа. Зээлийн хүү, торгууль, алдангийн төлбөрт гэхэд л хоног тутам 40 орчим сая төгрөгийн хохирол хүлээж байна.

-Ингэхэд Монполимет групп улсад хэр хэмжээний татвар төлдөг вэ?

-Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойших өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй тэрбум төгрөгийн татвар, бусад төрлийн хураамжийг улсад төвлөрүүлсэн.

-Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав гуайд үүсгэсэн эрүүгийн хэргийн үндэслэл нь тодорхой болсон уу. Өмгөөлөгчөөс нь ярилцлага авч байхад үндэслэлгүй байна гэсэн мэдээллийг өгч байсан л даа?

-Яг одоогийн байдлаар манай компани болоод үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж талаарх тодорхой мэдээллийг өнөөг хүртэл бидэнд өгөөгүй байгаа. Ганцхан тодорхой байгаа зүйл нь Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор хатгагчаар оролцсон гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Ингэхдээ прокурорын байгууллагаас ч тэр, АТГ-аас ч тэр бидэнд мэдээлэл өгдөггүй. Шалтгаан нь биднийг хэргийн оролцогч биш хэмээх тайлбарыг өгдөг.

Гэхдээ АТГ-аас сар гаруйн өмнө Монполимет группийг таван асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн. Бид энэ үеэр л мэдээлэл авсан. Гэхдээ одоог хүртэл яг энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх албан ёсны бичиг баримтыг бидэнд танилцуулаагүй байгаа.

2014 онд Монполимет групп зээл авахдаа авлига, албан тушаалтанд авлига өгсөн гэж байгаа бол хэн гэдэг хүнийг хатгаж гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн нь тодорхой болж байж тухайн хүнийг хатгасан гэдэг хэрэг үндэслэлтэй болно шүү дээ. Гэтэл гэмт хэрэгтэн нь тодорхойгүй байхад хатгагч гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Мөн Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тухайн үед цементийн гурван үйлдвэрт зээл олгосон байдаг.

Хоёрдугаарт миний санаж байгаагаар, 2016 оноос хойш УИХ, Засгийн газрын 10 гаруй ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн үр дүнд маш олон болохгүй төсөл байгааг илрүүлсэн байдаг. Мөн хамгийн үлгэр жишээ хэрэгжсэн төслөөр Монцементийн төслийг үргэлж нэрлэж ирсэн.

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг УИХ-аас өнгөрсөн жил зохион байгуулсан. Үүнд нэлээд олон компани оролцсон. Уг сонсголд манайх сайн дураараа оролцож мэдээлэл өгсөн. Тэр үед зориулалтын дагуу зарцуулж цементийн үйлдвэр байгуулчихсан юм байна гэж дүгнэсэн. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд ч хамгийн сайн төслийг Монцемент төсөл гэж хэлцгээдэг.

Үүний дараа Хөгжлийн банкы хэрэгт холбогдуулж 82 шүүгдэгчийг олон нийтэд нээлттэйгээр шүүсэн. Хэрвээ Монполимет буруутай байсан юм бол яагаад тэр үед шүүгээгүй юм бэ. Яагаад сонгуулийн өмнөх ороо бусгаа цаг үед Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж гаргаж ирж байгаа юм бэ. Тиймээс улс төрийн ямар нэгэн санаа зорилготой болов уу гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа.

-Мөн мөнгө угаасан гэж үзсэн байсан. Үүнд тайлбар өгөөч?

-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн,…… мөнгө угаах гэмт хэрэг гэж заасан байгаа.

Гэтэл Монцемент төсөлд зориулж Хөгжлийн банкнаас авсан зээл бол хууль бус мөнгө биш шүү дээ. Хөгжлийн банк мэдээж хууль бусаар бий болгосон мөнгөө манай компанид зээлдүүлээгүй нь ойлгомжтой. Хэрэв Хөгжлийн банкны зээлийг мөнгө угаасан гэвэл зээлийн эх үүсвэр нь өөрөө гэмт хэрэг үйлдэж бий болсон хөрөнгө байж, түүнийг нь манай компани цэвэршүүлэх арга хэмжээ авсан байж энэ төрлийн гэмт хэрэг болно гэж ойлгож байгаа. Тиймээс ямар ч үндэслэлгүй байгаа юм.

Энэ бүхнээс харахад процессын хувьд Монполимет компани юм уу, эсвэл үүсгэн байгуулагчийг хэрэг нь байхад хүн нь олдоно гэгчээр ямар нэгэн байдлаар яллаж буруутгах гэсэн оролдлого байна гэж хардаж байгаа.

Үүнээс гадна манай бүх компаниудад татварын шалгалт орсон. Хувийн хэвшлийн татварын шалгалтыг шалгах үүрэгтэй тусгай субьект АТГ биш шүү дээ.

-Таны ярианаас анзаарахад Хөгжлийн банкнаас авсан зээлийг Тосон үйлдвэрт ашиглаагүй юм байна шүү дээ. Гэтэл яагаад Тосон үйлдвэрийг хааж байгаа юм бэ?

-Тийм, ашиглаагүй. 2014 онд авсан Монцементийн зээл Тосон үйлдвэрт ямар ч хамаагүй. Гэтэл Тосон үйлдвэрийг хаасан. Хөгжлийн банкны зээлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэхээр хохирол, хохирогч байхгүй. Өрөөр хэлбэл, юу төлүүлэх гээд хайгаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Монполиметийн Тосон үйлдвэр уурхайн ашиглалт, олборлолтын чиглэлээр 1996 оноос хойш Тосонгийн хөндийд үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ Монгол Улсад мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхайн жишгийг салбартаа тогтоож 22 удаагийн тэргүүний нөхөн сэргээгчээр шалгарсан. Тиймээс ч манай нөхөн сэргээлтийн сайн туршлагыг судлахаар Канад, Африк, Япон, Солонгос, Мьянмар зэрэг улсаас хүмүүс ирж байсан.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт),

– Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай,

– Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц,

– Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийн талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Уламбаяр: Энтони Блинкений айлчлал Монголын ардчиллын хөгжилд чухал дэмжлэг болно DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Удахгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчлах гэж байна. Та хоёр орны харилцааны онцлог, өнөөгийн хүрсэн түвшинг хэрхэн үнэлж байна вэ?

-Геополитикийн үүднээс авч үзвэл Монгол Улс, АНУ-ын харилцаа нь далайн хүчний ба эх газрын хүчний хооронд амжилттай хөгжиж буй хэт их гүрэн, бага жижиг орны, цаашилбал хоёр их гүрний дунд хашигдсан, далайд гарцгүй ч холболтын байршилтай, цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан, монгол угсаатнаар хүрээлэгдсэн онцлогтой, Евразийн төвд орших стратегийн ач холбогдол бүхий газарзүйн давтагдашгүй онцлог байршилтай ардчилсан улс болон дэлхийд тэргүүлэх хөгжингүй, ардчилсан их гүрэн хоёрын харилцааны жишээ юм.

Шинэ Мянганы эхний хоёр арван жилд хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байна. Монгол Улс 2004, 2005 онд АНУ-тай “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Иж бүрэн түншлэл”, 2018 онд “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Өргөтгөсөн Иж бүрэн түншлэл”, 2019 онд

“Стратегийн түншлэл”-ийн харилцааны эрх зүйн суурь үндсийг тус тус тавьсан. 2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааны хүрсэн түвшинг шинээр тодорхойлсон “Монгол Улс, АНУ-ын хоорондын Стратегийн гуравдагч хөршийн Түншлэл”-ийн Хамтарсан Мэдэгдэлд Вашингтон хотноо гарын үсэг зурсан.

АНУ Монгол Улсыг ардчилал, хүний эрх харьцангуй хязгаарлагдмал, чөлөөт хэвлэл хяналттай, авторитар дэглэмтэй хоёр хөршийн дунд “ардчиллын баянбүрд”хэмээн онцолдог.

-Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Дээр дурдсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны дипломат албаны тэргүүн Б.Батцэцэг, Энтони Блинкен нар “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д гарын үсэг зурсан. Түүнчлэн энэ үеэр олон жил яригдаж байсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т эцэслэн гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, “Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар энэ нь хүн хоорондын улам олон солилцоог хөнгөвчлөх, илүү олон зочинтой болох, илүү олон жуулчин, илүү олон оюутан, илүү олон бизнесийн удирдагчид нааш цааш явах болно

Түүнчлэн бидний гарын үсэг зурж буй Эдийн засгийн Замын зураглал нь цэвэр эрчим хүчний шилжилтийн тухай, тэр дундаа чухал ашигт малтмалын талаарх худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг улам бэхжүүлнэ гэж бодож байна” гэсэн байдаг. Мөн энэ оны хоёрдугаар хагаст хоёр орны хооронд шууд нислэгийг эхлүүлэхтэй холбоотой техникийн хийгээд менежментийн асуудал үлдэж байгаа болов уу. Дурдсан Замын Зураглалд Монголын дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн нь цаашид ялангуяа уул уурхай, ХАА-н салбарт дижитал технологи нэвтрүүлэхэд чухал түлхэц болох учиртай.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Мянганы сорилтын корпораци”-тай 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гурван том төсөл хэрэгжиж байна. Үүнд Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх ус ашиглан нэмэгдүүлэх; Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг гүн боловсруулалт хийж, цэвэршүүлэн дулааны цахилгаан станцын хөргөлтөд ашиглах, Гуравдугаарт, Усны засаглалыг бэхжүүлэх зэрэг болно. Гэрээ 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын шав тавих ёслол мөн оны наймдугаар сард болсон байдаг.Үйлдвэр 2026 оны гуравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах хүлээлттэй байна. Энэхүүэко гэж хэлж болох төслийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх болон хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулна. Тухайлбал, Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ДЦС-д нийлүүлэх юм. Чингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд цаашид саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Тухайн үед АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ: “Өнөөдөр бид ус ярьж, Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг шийдэхээр хөндөж буй ч энэ гэрээ нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой гэдгийг мартах учиргүй” хэмээн онцолж байсан. Төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газар 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо Монгол Улс, АНУ, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны шинэ форматын үндэс суурь тавигдаж, Хамтарсан Мэдэгдэл гаргасан. Дээрх Хамтарсан Мэдэгдлийн дагуу АНУ, Монгол Улс, БНСУ гурван талын чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудлаарх анхны яриа хэлэлцээ 2023 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо болж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес оролцож байв.

Мөн 2023 оны наймдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо хуралдсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан Зөвлөлөөс дээрх баримт бичгийн чухлыг дахин онцолж, Монголын эдийн засгийг ил тод байдал, эрх зүйн зохицуулалтын сайн туршлага, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрхийг хамгаалал ба хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн санаачилга, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн юм.

2018 оноос хойш гурав дахь удаагаа АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль” ойрын ирээдүйд батлагдвал хоёр талын худалдааны харилцаанд шинэ хуудас нээгдэж, Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран оёмол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүйгээр гаргах эрх зүйн орчин бүрдэх юм. Ийм төрлийн хуулиуд батлагдах хүртлээ Конгресст наад зах нь 10 жил хүлээгддэг байна.

2017 онд Монгол Улс нийт 9400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу экспортолж байжээ. АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг БНХАУ-аас худалдан авдаг байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортын нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүний хамаарлыг багасгах, эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах боломжтой. Энэ хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад 30-50 мянган ажлын байр шууд утгаараа бий болохоос гадна 200 гаруй мянган малчин өрхийн орлого дээшлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

-Саяхан Вашингтон хотноо Монгол Улс, АНУ-ын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн яриа хэлэлцээгээр ямар асуудлууд хөндөгдсөн бэ?

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй 2024 оны долдугаар сарын 23-нд албан ёсны уулзалт хийж, уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгааг харилцан тэмдэглэж, Монгол Улсын эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, англи хэлний монгол багш нарыг бэлтгэхээр тохиролцсон байна. Мөн өдөр Mонгол Улс, АНУ-ын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ Вашингтон хотноо эхэлж, яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт зургаан байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцжээ. Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс хойш Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаагаар онцлогтой бөгөөд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар сэдэвчилсэн долоон хуралдааныг зохион байгуулжээ. Хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэх, цаашид нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, агаарын тээвэр, сансар судлал, цахим хөгжил зэрэг салбарт эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн энхийг сахиулах чиглэлээрх олон талт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө буйгаа харилцан нотолж, дэлгэрэнгүй санал солилцжээ.

-Энтони Блинкен энэ удаа Монголоос гадна Зүүн Азийн таван улсад айлчилж байгаа юм байна. Эдгээр айлчлалын үеэр ямар асуудлууд хөндөгдөж буй талаар тодруулна уу?

-АНУ-ын Төрийн департментын мэдээлснээр ноён Энтони Блинкен долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны хооронд Монгол Улсаас өмнө Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапурт айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр одоогийн эрхэлж буй албыг хашиж эхэлснээсээ хойш Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 18 дахь удаагаа айлчлал хийж байгаа ажээ. Энтони Блинкен энэ удаагийн айлчлалаараа энх тайван, хөгжил цэцэглэлт, чөлөөт, нээлттэй бүс нутгийг цогцлоохын төлөөх хамтын зорилтыг дэмжихийн тулд АНУ-ын үүрэг амлалтыг чухалчилж байгаа юм байна.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийн айлчлал Монгол Улсын гадаад харилцаанд ямар ач холбогдолтой вэ?

-2010 онд шинэчлэн батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ, харин 2011 онд шинэчлэн батлагдсан “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “АНУ, Япон, Европын Холбоо… зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр анх удаа бодлогын хэмжээнд тус тус заасан.Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого бол хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого биш, харин хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах бодлогын логик үргэлжлэл юм. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон бөгөөд урт хугацаанд найрсаг харилцаатай байх агуулгатай. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангахаас гадна эдийн засгийн аргаар хангах чиглэлд хөгжингүй орнуудын нэгд, мөнгө санхүү, хоёрт, технологи, гуравт, хүний нөөц, дөрөвт, менежмент, тавд, маркетинг нэн чухал болно. Хамтран ажиллаж, хоршин хөгжих, хамтаар хожих, хамтдаа ашиг хүртэх зарчим нь үйл ажиллагааны үндэс юм. Үүнийг “зөөлөн тэнцвэржүүлэхүй” хэмээн тэмдэглэж байгаа юм. Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитикийн глобал орчинд “гуравдагч хөрш”-тэй болж, түүний эрхзүйн үндсийг тавьсан. Одоо тэдгээрийг эдийн засгийн агуулгаар баяжуулах явдал чухал байгаа билээ. Түүнчлэн Монгол Улсын ардчиллын хөгжилд чухал дэмжлэг болж байна.

Энтони Блинкений улс төрийн карьерын тухайд…

-Энтони Блинкен Харвардын их сургуулийг дүүргэж, Колумбын их сургуульд олон улсын эрх зүйгээр докторын зэрэг хамгаалсан мэргэжлийн дипломатч, франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн, хобби нь рок хөгжим юм билээ.Түүний эцэг Дональд М.Блинкен Унгарт суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан бол авга ах Алан Блинкен Бельгид суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. Энтони Блинкен АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сенатын Гадаад харилцааны хороо, Стратеги болон олон улс судлалын тинк танк Төв, АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, Төрийн нарийн бичгийн даргын орлогч зэрэг алба хашиж байжээ.

Хувийн сайн харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлдэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын хооронд тогтсон сайн харилцаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Ч.Отгонсүрэн

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу DNN.mn

Аливаа улсын нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэхийг шударга ёс хэмээн ойлгоно. Энэ утгаараа тухайн нийгмийн субьектүүд хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүй, ёс суртахууны бодит, эрх тэгш, бие даасан харилцааг шударга ёс гэдэг. Гэхдээ үүнийг аль улс ямар нийгэмтэй байхаас хамаарч өөр өөрөөр томьёолно. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцагчдын тэгш бус байдал хаана гажуудна, тэнд шударга ёс яригддаг. Монголд бол “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” буюу “Шударгаар шүүлгэх” хэмээх шударга ёсны эхний шаардлага яригдана. Ийм шударга ёсоор ангаж цангасаар өнөөг хүрэв. Ямар сайндаа сая хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэр ХЗДХЯ-ны нэршлийг “Шударга ёс” гэдэг үгтэй болох шахах вэ дээ.

Гэхдээ манай улс шударга ёсны хэмжүүр давагсдад тооцдог хариуцлагын тогтолцоо, хуулийн бололцоо сайтай. Гагцхүү түүний хэрэгжилт л муу. Үүнтэй бүгд санал нийлдэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилт нь шударга ёсыг хуулийн, төрийн нэрийн өмнөөс хамгаалдаг, сахиулдаг, хэрэгжүүлдэг хэдэн байгууллагаас шалтгаалах болчихож байгаа юм. Үүнд Үндсэн хуулийн Цэц, Шүүх байгууллага, Прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, ШШГЕГ-ыг нэрлэж болно. Тамгыг нь атгаж буй даргаас тухайн байгууллагын үйл ажиллагаа шууд шалтгаална. Тэгвэл тэдгээрийг хэн хэн удирддаг вэ. Тэд шударга ёсны сахиулууд уу, сахиусууд уу?

Үндсэн хуулийн Цэц. Өнгөрсөн бүх хугацаанд улс төрийн байгууллага шиг ажилласан. Үндсэн хуульд бус эрх баригчид, албан тушаалтанд захирагдаж, үйлчилж ирсэн. Зарчмын хувьд төрд бус шүүхэд ажилласан туршлага л энэ байгууллагыг “Дээрээ Үндсэн хуулиас өөр даргагүй” ажиллах цор ганц гарц болсон. Гэтэл саяхан төрд олон жил ажилласан Г.Баясгалан Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Баянхонгор аймагт төрсөн тэрээр 1986-1999 оныг хүртэл прокурорт, 1999-2019 оны хооронд Ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, дийлэнхэд нь ХЗДХЯ-нд газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан. Түүний үйл ажиллагааг сайтар анзаарч, ажиглаж байх ёстой.

Шүүх байгууллага. Авлига, албан тушаалын хэрэг дээр голдуу “дабл стандарт” хэрэгжүүлдэг гэж шүүмжлэгддэг. Гэвч шүүгч энэ төрлийн, ер нь бүхий л хэрэг дээр шүүхэд ирүүлсэн хэрэг материалын хүрээнд л шийдвэр гаргах үүрэгтэй. Нэмэлт шаардах боломжгүй. Хууль нь ийм. Хэдий тийм ч сүүлийн үед шүүхийн хууль, зарчим, бодлогоос ангид зарим шийдвэр гарах болсон. Шүүмжлэл гэх үү, эсвэл шүүхэд ирж буй тэр галыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг авдаг.

Тэр Өвөрхангайнх. Угаасаа шүүхийн хүн. 1998 онд МУИС-ийн ХЗС төгссөн. Төгсөөд шүүхэд ажилласан. 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2020 онд тус шүүхийн ерөнхий шүүгч болсон. Гэхдээ дээр дурдсан “шүүхийн бус шийдвэр”-үүд түүнээс хамааралгүйгээр, хөндлөнгийн нөлөөгөөр гараад байж болзошгүй талаар сүүлийн үед яриад эхэллээ. “Ганзориг уу, Бямбажаргал уу” гэсэн ярианы тухай уншигчид мэдсэн л байх. Тэнд дурдагдаад байгаа Бямбажаргал нь шүүхийн анхан, дунд шатны нэр бүхий шүүгч нартай шууд холбогдож хэрэг маргааныг хүссэнээрээ шийдүүлдэг гээд байгаа юм. Ер нь тэгээд шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх итгэлийг хиртүүлж, сэвтүүлж явдаг хэдхэн л шүүгч байдаг. Үеийн үед л тийм байсан. Тэгэхээр шүүхийнхэн дотроо “шүгэл” үлээж, цэвэрлэгээ чангалгаа хийх цаг нь тулсан бололтой.

Прокурор. Хууль хяналтын хамгийн том эрх мэдэл энэ байгууллагад бий. Мөрдөгчдийн ажилд хяналт тавьж, тухайн хэргийг ямар байдлаар шүүхэд шилжүүлэхийг шийддэг. Шүүхэд шилжүүлэх эсэх, мөрдөн шалгах явцад хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх зэрэг бүх эрх мэдэл прокурорынх. Прокурорыг Өвөрхангайн Б.Жаргалсайхан толгойлдог. Тэрээр 1988 оноос Өвөрхангай аймгийн Прокурорын газар, Тээврийн прокурорын газар, УЕПГ-т ажилласан. 2019 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокуророор томилогдсон. Авлига, албан тушаалын асуудал ид хөндөгдөж, бараг буцалж байсан үе. Тиймээс М.Энх-Амгаланг Б.Жаргалсайханаар солих үед нийгэм “Авлигын хэргүүдийг машиндах нь дээ” гэж харж байсан. Энэ хүн ийм л хүлээлт дунд Улсын ерөнхий прокурор болсон. Гэвч томилогдоод таг. Сүүлийн үед бүр сураг тасрав. Дагаад байгууллага нь ч унтаж орхилоо.

Мэдээжийн хэрэг хуулийн дагуух үүргээ гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Харин авлигын дуулиант хэргүүд ар араасаа унтарч орхив. Хамгийн гол нь энэ бүхний бурууг мөрдөх байгууллагууд нь үүрдэг.

УИХ-ын сонгуулиас сарын өмнө Дорноговийн О.Машбат гэдэг залууг Ерөнхийлөгчийн саналаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилсон. О.Машбат нь 2003 оноос УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан, ХЗДХЯ-ны мэргэжилтнээр, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, 2015 оноос УЕПГ-т хяналтын прокурор, 2017 оноос НПГ-т хэлтсийн дарга, ахлах прокурор, 2019 оноос УЕПГ-ын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор, 2020-2024 онд ЗГХЭГ-т Шадар сайдын зөвлөх, ЕТГ-т Хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг удахгүй Ерөнхий прокурор болж магад гэсэн мэдээлэл бий.

АТГ. Авлигачдын айдас, ард түмний шүүмж дунд ажилладаг. Хамгийн сүүлд “Авлигын индексээр ухарлаа” гэж шүүмжилсэн. Угтаа энэ бол авлига, албан тушаалын хэргийн илрүүлэлт өссөнтэй холбоотой. “5Ш” ажиллагаа зэрэг нөлөөлсөн. Авлигын хэргийн илрүүлэлт урагшлахад авлигын төсөөллийн индекс ухардаг. “Авлига бага байна” гэвэл авлигын индекс сайжирна. Урвуу хамааралтай гэсэн үг. АТГ-ын даргаар З.Дашдаваа ажиллаж байна. Хэнтийнх. Цагдаагийн хүн. ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэрээр 2019 онд энэ албанд томилогдсон. Монголчууд нэрийг нь сонсож, барааг нь харахаас хэтэрдэггүй байсан “дээдсүүд”-ийн холбогдсон олон том хэргийг мөрдөн шалгаж шүүхэд, прокурорт шилжүүлсэн. Мэдээж зарим хэрэгт улс төрийн шинжтэй гацаа саад ажиглагддаг. Хэд хоногийн өмнө “З.Дашдаваа өргөдлөө өглөө” гэдэг мэдээлэл цахим сүлжээнд сэвэгдлээ. АТГ-аас “Үгүй” гэсэн тайлбар өгсөн. Энэ нэг талаас АТГ-ын дарга болох хүсэлтэй хууль хяналтын нэр бүхий хүмүүс, нөгөө талаас З.Дашдавааг явбал хэргээ аргалж магадгүй хэмээн горьдлого тээсэн этгээдүүд гэсэн хоёр талын ашиг сонирхол дээр сэвэгдсэн мэдээ болж таарсан.

ЦЕГ. Шүүмжлэлд байнга өртөж байдаг энэ байгууллагад шинэчлэх зүйлүүд бий. Сүүлд гарсан хүний амь хохирсон тухай мэдээлэл бол хүний эрхийн ноцтой факт мөн. Уг нь мөрдөгчид хуулийн дагуу хохирогч залууг саатуулж, прокурорын хяналт дор, шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-т хүлээлгэж өгсөн. Тийм хуультай. Гэвч ЦЕГ-аас харамсалтай явдлын дараа зориудаар уу гэж хардмаар мэдээлэл хийж олны бухимдлыг төрүүлсэн. ХЗДХ-ийн сайд “Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажилла” гэсэн чиглэлийг өгөв.

Гэхдээ өдөр өнгөрөх тусам 21-тэй залуу амиа алдсан явдлыг албан тушаалын төлөөх ажиллагаа болгож хувиргах оролдлого хийж байсан нь тодорч байна. Цагдааг Бригадын генерал Т.Сүхболд удирддаг. Улаанбаатарт төрсөн. Нутаг ус яривал аав нь Сүхбаатар, ээж нь Дорноговийнх. ЭЦА-нд олон жил ажилласан. Өнгөрсөн жил ЦЕГ-ын даргаар томилогдсон. Сонгууль өнгөрсөн, солио холио явагдаж магадгүй гэсэн үүднээс үү, хэрэг явдлыг Т.Сүхболд руу чиглүүлж буй нь тодорхой ажиглагдав. Оронд нь суух гэсэн хүмүүсийн хүсэл, хэрэг түвэгийг нь ухаад орчихсон учраас салж санаагаа амраах гэсэн хэсэг бүлгийн сонирхол нийлж харагдлаа. Түүнийг ЦЕГ-ын дарга байхад яагаад ч замхрахгүй С.Зоригийн хэрэг, 49 хувь, нүүрсний хэрэг, бусад нийтэд ил зарлаагүй эдийн засгийн том гэмт хэргүүд бий.

ШШГЕГ. Энэ газар угаасаа эрсдэл ихтэй. Хоригдож буй этгээдийн хүн ёсны эрхийг хөдөлшгүй харгалзаж саатуулах үүрэгтэй. Гэвч энэ сарын 23-нд ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу Улсын төв гуравдугаар эмнэлэгт гартаа гавтай нас барсан хэрэг гарлаа. Хаанаас нь ч харсан маш ноцтой асуудал. ХЗДХ-ийн сайд ч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуул” гэсэн үүрэг, чиглэл өгөөд байна. ШШГЕГ-ын даргаар Хэнтийн Б.Нандинболор хурандаа хэдхэн сарын өмнө томилогдсон.

Тэрээр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа, тус Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, ЦЕГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар, ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга, ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж иржээ.

Ажиглагч

А.БАТБОлд

 

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна DNN.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуур өчигдөр салбарын төлөөлөл, ТББ, мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзлаа.

Тэрбээр энэ үеэр “Шинэ яам хот байгуулалтыг төлөвлөх, байгуулж буй хотуудаа орон сууцжуулж дэд бүтцээр хангах зорилго бүхий үүрэгтэй ажиллана. Бидний гол бодлого хөдөө орон нутаг, суманд амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг сайжруулж хот, суурин газар оршин сууж буй иргэдтэй аль болох ойртуулж, ижил төстэй болгох явдал юм. Ингэснээр нийслэл хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, утаа, бухимдал, төрийн байгууллагууд дахь авлига, төвлөрлийг сааруулж багасгана. Зөв бодлого барьж чадвал хэрэгжинэ. Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр яам, тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд руу тэмүүлж байдаг тэр их хүч, хөл хөдөлгөөн сарнина.

Манай улсад урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй том том гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт хүлээгдэж байгаа. Богд уулыг Зайсангийн амаар Кувэйтийн амтай холбох тунель болон нийслэл дэх метро, RTI, хурдны галт тэрэгний зам тавих, мөн Улаанбаатарыг тойрсон Хөшигийн хөндийгөөс эхлээд Шинэ Зуунмод, Майдар хот болон Хархорин хотыг байгуулах, түүнчлэн улсын болон орон нутгийн чанартай хотуудыг байгуулах, тэдгээрийг орон сууцжуулах бодлогыг барьж хэрэгжүүлнэ. Тиймээс бид ирэх оны төсвийг хүлээж хугацаа алдахгүйгээр шинэ Засгийн газар удахгүй төсвийн тодотгол хийх замаар бүтээн байгуулалтын төсвийг шийднэ. Тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпийн XXXIII наадмын нээлтэд оролцлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.

Харин ирэх 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Categories
мэдээ улс-төр

Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална DNN.mn

Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн. Мөн “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай  хамтран байгаль орчны салбарын хуулиудын төслүүдэд дүн шинжилгээ хийх, тусгай хамгаалалтай газар нутаг болон түүний эргэн тойрны газрыг хамгаалах, биологийн төрөл зүйлийн ач холбогдолтой газруудын засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөрттэй хамтран ажиллах зэргээр ажиллаж байна.

Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон аж. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллахыг эрхэмлэжээ.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Наранбаяр: Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийг хийх багийг 200 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газарт орж, Боловсролын сайдаар томилогдоод хэд хонож байна. Таны хувьд ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил дээр хэд хоног суулаа. Ингэхдээ эрх баригч МАН болон Ардчилсан нам ХҮН-ын мөрийн хөтөлбөр дэх боловсролын салбартай холбоотой заалтуудыг нийлүүлж, уялдуулах байдлаар ажиллалаа. Энэ маань дуусч, үйл ажиллагааны хөтөлбөр болоод өнөөдөр/өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдлээ. Сүүлд нь УИХ-д танилцуулагдаад явах учиртай юм. Ер нь сайд болсноосоо хойш барьж байгаа миний зарчим бол нэгдүгээрт, ямар нэгэн огцом, тулгасан, гэнэтийн шийдвэрээр энэ салбарт ойлгомжгүй байдал бий болгохгүй байхыг зорьж байгаа. Хоёрдугаарт, төрийн жинхэнэ албан хаагчдыг халах, цомхотгох зүйлийг хийхгүй. Мэдээж өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд дотор нь сэлгэж ажиллуулж болно.

Гуравдугаарт, иргэн төвтэй, иргэдийг чирэгдүүлэхгүй байх гэсэн чиглэлийг яамныхандаа өгсөн. Албан бичиг, өргөдлийн хариу, аливаа шийдвэрийн хурдыг нэмэгдүүлэхээр ярьж байна. Яамны ажилчид маань ч гэсэн миний энэ шийдвэрүүдийг хүлээн авч, гар нийлэн ажиллаж байгаа. Үүнд нь их талархаж байна.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, эцэг эх нь хуваалцах шийдвэрийг гаргасан байсан. Хэдэн төгрөгөөр нэмсэн юм бэ. Хүүхдийн ар гэрийнхэн хэдэн төгрөг төлөх ёстой вэ?

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг ар гэрийнхэн нь хуваалцана гээд Боловсролын тухай хууль дээр заагаад өгчихсөн юм. Харамсалтай нь энэ заалт сүүлийн найман жилийн турш хэрэгжихгүй явж ирсэн. Харин энэ оны тавдугаар сарын 29ний өдөр хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоож, 3000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ бол цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны материалын л зардал шүү дээ. Гэтэл хүүхдүүд үндсэн хоолоосоо гадна тараг сүүнээс эхлээд хэрэглэх учиртай. Тэгэхээр энэ бүхэн 3000 төгрөг яагаад ч хүрэлцэхгүй. Өнөөдөр төсөв мөнгө хэцүү байгааг ойлгож байгаа. Тийм болохоор энэ зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлье. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа. Эрүүл мэндэд ч тустай. Эцэг эхчүүд ч гэсэн хоолны зардлын тодорхой хувийг гаргах саналтай байдаг. Ийм байхад төр 100 хувь даана гэж дайраад хүүхдүүд төрийн өмчийн цэцэрлэгт явахдаа өлсөж харьдаг байж болохгүй.

-Нэмж байгаа мөнгийг ар гэрийнхэн нь төлнө гэсэн үг үү?

-Тийм. Өдрийн 1000 төгрөг гэхээр сард 22 мянган төгрөг төлөх тооцоолол гарч байгаа.

-Та анхны тушаалаараа хичээлийн жилийг гурван улиралтай байхаар шийдвэрлэсэн байсан. Гэтэл өмнө нь Л.Энх-Амгалан сайдын үед ингэж өөрчлөөд багш, хүүхдийн ачаалал зэргээс шалтгаалан буцаагаад дөрвөн улиралтай болгож байсан юм билээ. Тэгвэл та ямар тооцоо судалгаан дээр үндэслэн ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Олон жилийн дундаж, хичээлийн байдал, карентин тогтоосон зэргийг эргээд харах хэрэгтэй. Ноднин гэхэд л буцаагаад дөрвөн улиралд шилжүүлсэн хэрнээ 12 дугаар сарын сүүлээр гэнэтхэн нэг сарын хугацаатай карентин тогтоочихсон. Ингээд цахим хичээлд шилжүүлсэн. Энэ нь эргээд хүүхдүүдэд муугаар нөлөөлөөд байдаг юм. Ер нь өнөөдөр цаг агаар, байгаль дэлхийгээ харсан ч гэсэн манайхыг дөрвөн улиралтай орон гэж хэлэхэд хэцүү болчихлоо шүү дээ. Ялангуяа хүйтний улирал нь хэт удаан болдог болсон. Нэмээд энэ үеэр хотын түгжрэл эрс нэмэгдэж, ханиад томуу ихэсдэг. Тийм болохоор хичээлийг гурван улиралтай болгодог чинь энэ бүхэнд тааруулсан юм. Амрах, хичээллэх ёстой хугацааг нь их нарийн тооцсон. Ер нь миний хувьд энэ удаагийн өөрчлөлтийг олон хүн их нааштайгаар хүлээн авч байна гэж харсан. Хамгийн гол нь энэ хичээлийн жилийн бүтцийг бид долдугаар сарын эхний 15 хоногийн дотор гаргасан. Ингэхээр сургуулиуд бэлтгэл ажлаа хангахад их амар болно. Амьдрал дээр тулгасан шийдвэр шиг хэцүү юм ер нь байдаггүй. Тэгэхээр одооноос ингээд бүтцийг нь эрт гаргаад өгчихөөр сургуулиуд Тогтмол ажлын төлөвлөгөө/ТАТ/, Сарын ажлын төлөвлөгөө/САТ/ хоёроо эрт гаргана. Тийм ч учраас ТАТ, САТ хоёрынхоо мэдээллийг эцэг, эхчүүдэд цаг алдалгүй хүргэ гэсэн албан бичгийг сургуулиуд өгсөн. Сургуулийн хичээлийн жилийн бүтэц гэдэг чинь нийгмийн амьдралын бүтцийг тодорхойлж байдаг. Энэ нь эргээд эцэг эхчүүдэд ажил, амралтаа төлөвлөх боломж олгоно.

-Энэ жилийн Элсэлтийн шалгалтын үр дүн их тааруу гарсныг цахим хичээлийн үр дүн гэж үзэх хүмүүс байна. Боловсролын хоцрогдол үүссэн ч гэж байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол бодитой. Яагаад гэхээр цахим хичээлийг ажиглаж байхад камераа өгсөн, өгөөгүй гэсэн хэрүүлээр л эхэлдэг. Ингэж байгаад хичээлээ эхэлдэг. Гэтэл цаана нь үнэхээр хичээлээ сонсоод хийж байна уу, үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Мэдээж хариуцлагатай, хичээлээ тогтмол хийдэг хүүхдүүд байдаг. Гэвч хийдүүлдэг нь ч төдий чинээ байгаа. Дээрээс нь танхимд найз нөхөдтэйгөө цуг байж нийгэмшдэг. Үүнд нь ч гэсэн цахим хичээл сөргөөр нөлөөлдөг. Цар тахлын үед манай улс цахим шилжилтийг хамгийн хурдтай хийсэн орон гэж үнэлэгдэж байгаа ч сургуулиа хамгийн урт хугацаанд амраасан. Үүгээрээ бараг дэлхийд рекорд тогтоосон байх. Уг дотооддоо халдвар алдаагүй байх үед амраах хэрэггүй байсан гэж би боддог. Гэхдээ энэ бол нэгэнт өнгөрсөн асуудал болсон. Харамсалтай нь тэр үед бий болсон хоцрогдол олон жил үргэлжилнэ. Дор хаяж 23 жил болно. Үүний хаялага л явж байна гэж харж байгаа. Дээрээс нь элсэлтийн шалгалтын математикийн гүйцэтгэлийн дундаж хувь 24 байгаа нь үнэхээр харамсмаар тоо.

-Энэ хоцрогдлыг богино хугацаанд арилгахын тулд яамнаас ямар ажлуудыг хийх вэ?

-Бид өнөөдөр/өчигдөр/ Засгийн газрын хуралдаанд танилцуулга оруулсан. Сонсоод үүн дээрээ тохирох арга хэмжээ авч ажиллахыг надад үүрэг болгосон. Тиймээс бид нэгдүгээрт, хэмжээст оноо гэдгийг хэрэглэж ирснийг гүйцэтгэлийн хувьтай нь давхар бодож, харуулдаг болно. Энэ жилийн математикийн 500 оноо гэдэг чинь гүйцэтгэл нь ердөө 24.5 хувь байхгүй юу. Энэ аюул мөн үү. Арван асуултын хоёрыг нь л зөв хариулсан нөхөр оюутан болоод ороод ирэхээр нөгөө багш нар нь толгойгоо базна биз дээ. Тиймээс цаашдаа Элсэлтийн шалгалтын босго оноог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Одоо бол босго оноо 480 байгаа. Үүнийг хувийн сургуулиуд 490, улсын сургуулиуд чансаанаасаа хамаараад 520 хүртэл нэмэгдүүлэхээр ярьж байна. Ингэж байж бид оюутнуудаа чанаржуулна. Манай улсад төрийн өмчийн долоон сургууль бий. Тэд чинь хөөрхий оюутны тооноосоо хамаарч төсөв нь шийдэгддэг юм. Гэтэл энэ чинь судалгааны сургууль болж хөгжье гэвэл учир дутагдалтай. Гадаадад доктор хамгаалаад ирсэн нэг багш шалгалт аваад 120 оюутныг унагасан байгаа юм. Гэтэл декан нь наад оюутнуудынхаа төлбөрийг өөрөө олж ирээрэй гэж загнасан тухайгаа надад ярьж байсан. Энэ хоёр хүнийг буруутгах арга байхгүй. Багш чанартай сургалт бий болгохыг зорьсон бол декан нь сургуулиа оршин тогтнох үгүйд санаа нь зовж байна шүү дээ. Тиймээс энэ жилээс төрийн өмчийн сургуулиудын зарим нэгэн урсгал зардлыг төрөөс даадаг болж байгаа. Энэ бол том алхам.

-Багш нарын цалин бага байна гэсэн гомдол, шүүмж байнга гардаг. Үүн дээр Засгйин газар, харьяа яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?

-Сүүлийн нэг жилийн дотор хоёр удаа цалинг нэмсэн. Гүйцэтгэлийн үнэлгээг нь хийгээд 30 хүртэлх хувиар нэмж олгодог болсон. Үүн дээр нь нэмээд анги удирдсан зэрэг бүх нэмэгдлүүд нь бий. Үүний зэрэгцээ алслагдсан газарт ажиллаж байгаа багш 40 хүртэлх хувийн нэмэгдэл авдаг болгосон. Ингэж нэмэгдүүлэхээс өмнө анх удаагаа багшилж байгаа хүмүүс гар дээрээ 700 орчим мянган төгрөгийн цалин авч эхэлж байсан бол одоо нэг сая төгрөг рүү дөхөж байгаа. Гэхдээ энэ ч гэсэн чамлалттай. Тиймээс цаашдаа ч гэсэн цалинг өсгөх бодлогыг барина.

-Багшлах хүчний механик хомсдол бий болсон гэдэг. Алслагдсан газар, гэр хорооллын сургуулиудад зарим мэргэжлийн багшийг өөр мэргэжилтэй хүн орлож хүртэл хичээлийг нь заадаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Багш нарын хомсдол 10 хувь болчихсон. Энэ бол том тоо. Иймээс багшийг яаралтай бэлдэж гаргах, зах зээлд нь оруулах шаардлагатай. Мөн 15 жил ажиллаж байгаа багш нарын дунд хийсэн судалгаагаар харахад 47 хувь нь ажлаасаа гарсан. Цалин, ажлын байрны орчинг голж байна. Сургуулийн удирдлага, магадгүй зарим эцэг эхээс ирж байгаа зүй бус дарамтаас болоод багш нар олноороо ажлаасаа гарч байна. Тиймээс үүн дээр бодлого гаргах ёстой. Сургууль, багш, эцэг эх гэсэн гурвалсан харьщилцааг бэхжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орж байгаа. Үүнээс гадна заавал хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа нэг зүйл бол багшийг бэлдэж гаргах процессоо хялбаршуулах. Гадаад, дотоодын нэртэй их, дээд сургуулийг сайн төгссөн хүнд багшлах эрхийн үнэмлэхийг нь хялбаршуулсан журмаар олгодог болмоор байгаа юм. Тухайн хүн 45 хоногийн дидактик буюу сурганыг сурах сургалтад суусан л бол багшлах эрхтэй болдог байдал руу шилжих хэрэгтэй. Зөвхөн МУБИС дээр бэлдээд байх шаардлагагүйгээр ийм маягаар либералчлах шаардлага байна. МУБИС саяхан босго оноогоо өөрсдөө доошлуулсан. Энэ маш буруу бодлого.

-Та ярианыхаа эхэнд хэлсэн Засгийн газрын ажлын төлөвлөгөөг хийсэн гэсэн. Мэдээж хамтарсан гурван намын мөрийн хөтөлбөрөөс тусгасан байж таарна. Тэгвэл таны өөрийн тань бодож, төлөвлөж байсан ажлуудаа хийж хэрэгжүүлэх хэр боломжтой гэж харж байна вэ?

-Ер нь гарч байна, гарах ч ёстой. Учир нь сонгогчдын өмнө амласан миний амлалт бий. Үүнийгээ сайн тусгахаар ажиллаж байна. Би энэ сарын 10нд сайдаар томилогдсон. Наадмын амралт өнгөрөөгөөд 16-наас ажил эхэлсэн. Түүнээс хойш ажлын төлөвлөгөөн дээр ажиллаж, гурван намын мөрийн хөтөлбөрийг боломжийн хэмжээнд уялдуулсан. Ер нь маш сайн туссан гэж хэлж болно. Тухайлбал, ахлах сургуулийг төрөлжүүлэх асуудал орж байгаа. Энэ нь мэргэжлийн эрхийг олгодог ахлах сургуулиуд бий болж, хүүхдүүддээ карьерийн сонголтыг өгдөг систем бий болно гэсэн үг. Төрөлжсөн сургууль төгссөн хүүхэд их, дээд сургуульд суралцах эрх нь мэдээж нээлттэй. Мөн мэргэжлийн эрхээрээ шууд ажлын байран дээр гарах ч боломжтой болно. Гэхдээ үүнийг үе шаттайгаар хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол алдаа мадаг гарч магадгүй. Энэ бол боловсролын салбарт их өөрчлөлт авч ирнэ. Тухайн хүүхэд 10 дугаар ангидаа орохдоо л аль сургуульд орохоо шийддэг болно. Хамгийн гол нь үүнийг хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн эрхтэй нь уялдуулж өгөх хэрэгтэй. Дотор нь зэрэглэж эхэлнэ. Тэр нь цалинд нь нөлөөлнө гээд олон давуу талтай. Ингээд ирвэл залуучууд ирээдүйн амьдрал, орлогоо төлөвлөх боломжтой болно. Мөн 18 наснаасаа шууд хөдөлмөрийн зах зээлд оролцоод эхлэхээр эцэг эхээрээ тэжээлгэдэг байдал цөөрнө. Өөрсдөө орлого олдог, татварын харилцаанд ордог, бие даасан иргэд болж эхэлнэ. Өнөөдөр ахлах сургууль төгсөгчдийн 93 хувь нь их, дээд сургуульд элсэж ордог. Тэр хэрээрээ аав ээжээрээ тэжээлгэдэг арми бий болдог.

-Жил бүр л сурах бичгийн асуудал үүсдэг. Хүүхдүүд сурах бичигтэй болж амжихгүй байсаар бараг эхний улирлын амралт болдог. Дээрээс нь сурах бичгийн чанар, агуулга, нэг компани монополь байдлаар хэвлэдэг зэрэг гомдол гардаг. Үүн дээр яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Боловсролын ерөнхий хуулиараа 10 жил тутамд Үндэсний хөтөлбөр буюу Цөм хөтөлбөрөө шинэчлэх учиртай. Ер нь шинэчлэхээс өөр аргагүй байдаг. Жишээлбэл, 2014 оны Цөм хөтөлбөр яригдаж байхад хиймэл оюун ухаан гэж байсангүй. Үүнийг яах юм. Тэгэхээр бага сургуулиас нь эхлээд кодын хичээл орж эхлэх хэрэгтэй болж байна. Тийм болохоор яг өнөөдөр /өчигдөр/ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан дээр нь би гарын үсэг зурчихаад сууж байна. Энэ хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл хоёр зэрэг явна. Шинэ сурах бичиг зохиох хүмүүс, хяналтын баг нь энэ 200 гаруй хүн дотор орсон. Мөн нэг компанид өгдөг гэдэг байдлыг эцэс болгохын тулд ажлын хэсэгт нь сурах бичиг хэвлэх туршлагатай үндэсний хэмжээний компаниудын төлөөллийг ч багтаасан. Иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл ч гэсэн орсон. Ингээд сурах бичгийн шинэчлэл 100 хоногийн дотор хийгдэнэ. Угаасаа өмнө нь хийсэн суурь судалгаанууд нь байгаа. Үүний дараагаар жилийн турш 50 сургууль дээр туршина. Тэгээд 20252026 оны хичээлийн жилд улс орон даяар нэвтрүүлэхдээ гарсан алдаа дутагдлыг бүгдийг нь засаад хэрэгжүүлнэ. Ер нь сурах бичгийн агуулга хоцрогдоод байдаг учраас таван жил тутамдаа шинэчлэгдэхээр хуульчлагдсан байгаа. Дээрээс нь энэ жилийн сурах бичгийг бичүүлэхэд нэг том онцлог бий. Жишээлбэл, математикийн сурах бичгийг гэхэд 15 дугаар ангийг нэг л баг бичнэ. Өмнө нь анги тус бүрийг өөр багууд бичдэг байсан учраас хоорондоо холбоо, уялдаагүй болчихоод байдаг байсан.

Т.ДАрХАНХөвсГөЛ

 

Categories
мэдээ улс-төр

Хяналт шинжилгээний үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн албан хаагч нарыг халж солихгүй. Төрийн жинхэнэ албан хаагч нар ажил чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоотой.

Засгийн газар Хяналт шинжилгээний үндэсний хороотой ажиллана. Хяналт шинжилгээний үндэсний хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Салбарын сайдууд, төрийн захиргааны төв байгууллагын төлөөллүүд орж ажиллана. Өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажилладаг байсан агентлагийг шууд шилжүүлэн ажиллана. Тэгэхээр бүтэц орон тооны асуудал гарахгүй” гэв.