Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан”  одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.

Айлчлалын дүнд:

  • 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын “бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
  • Хоёр улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 0дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    

Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.

Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.

Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.

Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.

Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.

Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:

  • “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
  • Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.

Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.

Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга.

Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.

Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.

190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан

  • Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
  • Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
  • Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн

  • Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
  • НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
  • Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.

НҮБ-д шинэчлэл хийсэн  

  • НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
  • Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэжээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

  1.  2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  6. 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
  12. 2019 онд The Hu хамтлаг
  13. 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
  15. 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.
Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.  Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Хүндэт зочныг Соёлын сайд Ч.Номин, музейн захирал С.Чулуун нар угтан авч, музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа.

 

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Талууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтов.

Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван  тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. 

Нэг. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах:

Хоёр улсын төрийн тэргүүн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын ойр дотно харилцааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхээр болов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүчний болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

  • Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, цэргийн атташег харилцан томилох, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон түүнтэй адил бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цөмийн материалын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэлд хоёр талын түвшинд нягт харилцан ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Энэ хүрээнд Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Цөмийн зэвсэг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх асуудлаар хоёр улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааны хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр тогтов.
  • Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстаны Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалт, Консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, 2025-2027 онд бүхий л салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох механизмыг идэвхжүүлэхээр тохиров.
  • Монгол, Казахстаны орон нутаг хоорондын солилцоо, ах дүү хотуудын найрсаг харилцаа болон хоёр орны залуучууд хоорондын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Хоёр. Худалдаа, эдийн засаг:

Талууд орчин үеийн техник технологи, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Монголын байгалийн арвин нөөц зэрэг Монгол, Казахстаны давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов. Талууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

  • Монгол, Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмол зохион байгуулах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээг бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой салбарын хоёр талын ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тогтов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр талын хууль, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр тохиров. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулсныг өндрөөр үнэлэв. Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах явцыг эрчимжүүлэхээр болов.
  • Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн казахстаны зах зээлд нийлүүлэх, Казахстан Улсаас монголын зах зээлд импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын өргөн уудам тал нутаг, бэлчээрийн аж ахуйг үр ашигтай ашиглан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд идэвхтэй хамтран ажиллахаар болов.
  • Экспорт, импортын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн системийг үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага” (WOAH)-ын олон улсын стандартын дагуу мал амьтны эрүүл мэнд, түүний дотор вакцинжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
  • Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, шалгалтын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Олон улсын худалдааны танхимын дэргэд Бизнес зөвлөл байгуулсныг Талууд сайшаан тэмдэглэв. Цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох, хоёр талын бизнес форумыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулахын чухлыг онцлов.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи: 

Хоёр улсын төрийн тэргүүн орчин цагийн мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн боловсрол, шинжлэх ухаан, цахим технологи, харилцаа холбоо зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Казахстаны соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улмаар нүүдэлчин соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутан залуусыг тус улсын их, дээд сургуулиудад суралцуулж буйг монголын тал өндрөөр үнэлэв.
  • Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахын төлөө дээд боловсролын чадавхыг бэхжүүлж, бусад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боловсрол, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.
  • Монгол, казах судлалыг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиров. Мөн Казахстан Улс дахь монгол хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
  • Талууд монгол, казах хэлний багш нарыг харилцан сургах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
  • Шинжлэх ухаан, стратеги судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, энэ хүрээнд шилдэг туршлагыг харилцан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, түүх археологийн судалгаануудыг харилцан дэмжих, эсгий туургатны болон нүүдлийн соёл уламжлалыг дэлхий нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Монгол Улс Түрэг судлалын академитай шинжлэх ухааны байгууллагын түвшинд хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Талууд түүхийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
  • Мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйг Талууд сайшааж, энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахим дэд бүтцийн хөгжил, цахим засаглал, эдгээр салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи ашиглах чиглэлээр туршлага солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиров.
  • Мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол, Казахстан Улс нь эрт үеэс түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой явж ирснийг Талууд онцолж, энэ чиглэлд хамтарсан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэх хүрээнд соёл, урлагийн асуудал эрхэлсэн яам, холбогдох байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хамтарсан Ажлын хэсэг байгуулах, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөр, биеийн тамир, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжихээр болов.
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Хоёр орны эрдэмтэн судлаачид Монгол Улсын Булган, Архангай, Хэнтий зэрэг аймагт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэж, Төв Азийн нүүдэлчдийн аж ахуй, шашин, соёлыг тодотгон харуулах үнэ цэнэтэй олон дурсгалыг нээж илрүүлснийг Талууд сайшаав. Цаашид тус судалгааны ажлыг тодорхой сэдвийн хүрээнд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхээр тохиров.

Дөрөв. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн солилцоо: 

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлэх, Улаанбаатар-Астана чиглэлийн шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлов.

  • Монгол, Казахстаны зам тээврийн харилцаа, түүний дотор агаарын болон авто тээврийн шууд харилцаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг Талууд өндрөөр үнэлэв.
  • Хоёр улсын төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг бүс нутгийн улс орнуудтай яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх гарц, боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар тохиролцов.
  • Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Талууд бүс нутгийн хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх, түүний дотор “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгдэв.
  • Цаашид хоёр улс хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг эрэлхийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  • Хоёр орны хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдгийг Талууд тэмдэглээд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болов.
  • Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Талууд санал нэгдэв.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг Талууд сайшаав.

Тав. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа 

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

  • Монгол, Казахстан Улс НҮБ, Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын байгууллагын сонгуулиудад мөн бие биеэ харилцан дэмжиж ирснийг сайшаав.
  • Хоёр улс олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, цаашид НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, ШХАБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Казахстан Улсад НҮБ-ын ивээл дор болох Уур амьсгалын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад тус тус дээд, өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв.
  • Хоёр улс нүүрсхүчлийн хийг саармагжуулах буюу тэглэх гэсэн нийтлэг зорилтыг төрөл бүрийн арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улмаар эрчим хүчний салбар дахь хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны төслүүд, хоёр улс хоорондын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч буйг Талууд сайшаав.
  • Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Казахстан Улс дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тус санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Цаашид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр улсын хүчин чармайлтын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Талууд санал нэгдэв.
  • НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа Талууд илэрхийлэв.
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиров.
  • Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэж, энэ хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж буйг өндрөөр үнэлэв.
  • Монгол Улс Казахстаны олон талт тусгай байгууллага болох Олон улсын биологийн аюулгүй байдлын агентлаг (IABS) байгуулах санаачилгыг сайшаан тэмдэглэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Казахстаны төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийгдэж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг онцлоод Казахстан Улс нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцолж хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд Казахстан Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.
Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, шинэ дөт чиглэлийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг сайшаан тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-Д МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ К.Ж.ТОКАЕВ НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
  • Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн

1. ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
  1. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.
  1.  “МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ 2025-2027 ОНУУДЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ”-Д

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,

  • Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
  1.  “НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
  1.  “МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,

  • Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
  1. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2025-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,

  • Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.
  1.  “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,

  • Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр судалдаа хийж, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.
  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,

  • Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  1. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,

  • Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
  • Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
  1. “МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,

  • Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.
  1. “ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-Т

    Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.

  • Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: Төсвөөс багадаа нэг их наяд төгрөгийг хэмнэх боломж байна DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Ж.Баярмаатай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.


-Та төсөв танах талаар ярьж байсан. Таныхаар төсвийг нь танаж болмоор ямар, ямар зүйл байна вэ?

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр буюу наймдугаар сарын 31-нд Төсвийн хүрээний мэдэгдэлд нийт зарлагыг 31.9 их наяд гэж төсөөлж оруулж ирж батлуулсан. Яг маргааш нь буюу есдүгээр сарын 1-нд Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа нийт зарлагыг шууд 35.7 их наяд буюу 3.8 их наяд төгрөгөөр их оруулаад ирсэн. Мөн 2025 оны урсгал зардал 2024 оныхоос 67.3 хувиар өсөж орж ирсэн. Үүн дотор байр ашиглалттай холбоотой зардал 72 хувиар, хангамж бараа 42 хувь, эд хогшил, засвар 39 хувиар нэмэгдсэн байна. Зарим Төсвийн ерөнхийлөн захирагчдын энэ зардал 43 хувиар нэмэгдсэн байсан. Мөн ингэж их гадаад явж, зочин авах нь бидний тэргүүлэх чиглэл биш гэж бодож байгаа. Энэ зардал 2023 онтой харьцуулахад 62.5 тэрбум төгрөг буюу 127 хувиар нэмэгдсэн байна. Ковидын үед цахимаар бид хуралдаад, бусад улс оронд энэ туршлага өдөр тутмын хэрэглээ болоод хэвшчихлээ. Цахим хурал хийх техник тоног төхөөрөмжийг бид ковидын үед худалдаж аваад төсвийн зардал болгосон.

Энэ техник тоног төхөөрөмжөө ашиглаад яагаад цахимаар хурлаа зохион байгуулаад, сургалт семинараа хийж болохгүй гэж. Ковид гарахаас өмнө манай улсын гадаад, дотоод томилолтын зардал 30 тэрбум төгрөг л байсан. Одоо ингэж 3-4 дахин нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Бусдаар г үйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал, бараа үйлчилгээний бусад зардал гэж зардлын ангиллаар ер нь юу гарч байгаа гэдэг нь маш тодорхойгүй. Төсвийн тухай хуулиар төсвийн зардлын эдийн засгийн ангиллаар төрийн үйлчилгээг үзүүлэх зардлаа тодорхой тусгах хуультай юм байна. Гэтэл цалин, гэрэл цахилгаан, бензин тос гэж тодорхой нэр төрлөөр нь зардлаа бичихгүйгээр бусдаар ажил үйлчилгээ гүйцэтгүүлнэ ээ гээд тэрийгээ жил бүр хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд, түүнийхээ ард хэвлэл олон нийттэй хаалтын гэрээ хийж, энэ тэнд хэлэлцүүлэг хийж, төсвийн мөнгийг үр ашиггүй үрэн таран хийхийг эсэргүүцээд байгаа юм. Энэ зардлаас үнэхээр зайлшгүй өгөх ёстой тэр эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт нь зарцуулаад бусдыг нь танавал нэг их наяд төгрөг багадаа хэмнэгдэх боломж байна.

-Төсвийн төсөлд 558 тэрбум төгрөгийг бүсүүдэд гэж бүрхэг байдлаар тусгасан гэж байсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн т өслийн хоёрдугаар х авсралтаар Улсын төсвөөс санхүүжих төсөл хөтөлбөрүүдийг жагсаасан байна лээ. Тэр жагсаалтыг анхааралтай харвал төсвийн ерөнхийлөн захирагчдаар нь хуваахаас гадна хаана, аль аймаг, суманд хэрэгжүүлэхийг тодорхой тусгасан байна. Гэтэл бүсүүдэд гээд нийт 411.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2025 онд 166.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл арга хэмжээ тусгагдсан байна. Тухайлбал, 59.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 23.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй “Бүс нутгийн найдвартай цахилгаан хангамж, нэгдүгээр үе шат /Бүсүүдэд/” гэсэн төсөл арга хэмжээ байна.

Түүнчлэн энэ жагсаалтад Улсын хэмжээнд гэсэн 887.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 615 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 33 төсөл арга хэмжээ байна. Тухайлбал, 84.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 16.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй “Гаалийн шинэчлэл-Гаалийн ерөнхий газар, газар, хороодын шуурхай удирдлагын төв, хяналт шалгалтын тоног төхөөрөмж, дэд бүтцийн хамт /Улсын хэмжээнд/” гэсэн арга хэмжээ байсаар байтал 12.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, санхүүжих дүнтэй “Гаалийн хяналтын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/”, 9.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, санхүүжих дүнтэй “ Гаалийн мэдээлэл технологи, цахимжуулалтын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/” гэсэн хоёр арга хэмжээ 2025 онд шинээр тавигдсан байна. Гаалийн шинэчлэлийн хүрээнд 84.1 тэрбум төгрөг зарцуулаад 2025 онд дуусаагүй байхад дахиад яг энэ чиглэлээр хоёр арга хэмжээг төлөвлөөд түүнийх нь нийлбэр дүн нь 22.3 тэрбум төгрөг болж байх жишээтэй. Томоохон мега төслүүд нь Техник эдийн засгийн үндэслэлтэйгээ төсөв дээр тавигдаад хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. Тэр ч утгаараа Эдийн засаг, хөгжлийн сайд дээр ТЭЗҮ-ийн төсөв тавигдсан байх. Гэтэл дахиад 11 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, санхүүжих дүнтэй “Төсөл, арга хэмжээний бэлтгэл хангах хөрөнгө оруулалт /Бүсүүдэд/” гэж оруулж ирж байна. 2025 оны төсвийн хуулийн төслийн хавсралтад заасан зураг төсөвгүй 18 төсөл арга хэмжээ тусгагдсан болохыг Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тодорхой бичсэн байна.

Энэ хууль зөрчсөн 18 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нь 716.5 тэрбум төгрөг, 269.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй юм байна. Тэгэхээр бидэнд хууль зөрчсөн болон давхардсан, зайлшгүй хэрэгцээгүй гэсэн шалтгаанаар их наядаар нь хасаж, хэмнэх боломжтой хөрөнгө оруулалтын зардал байна. Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтыг жагсаахдаа эрэмбэ дараа, ач холбогдол, үр ашиг гээд маш олон үзүүлэлтийг харгалзаж үздэг бололтой. Гэтэл энэ төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт нь ач холбогдлоор нь эрэмбэлсэн, үр ашгийг нь тооцсон гэхэд их эргэлзээтэй, үрэлгэн төсөв байна гэж харж байгаа. Улсын хэмжээнд, аймгийн хэмжээнд, Бүсүүдэд гэх зэргээр төсвийн төслийн арга хэмжээг тодорхой тусгахгүй байгаа нь өөрөө Төсвийн хуулиа зөрчөөд зогсохгүй УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдаж байна. Бид хэнд, ямар зорилгоор, ямар хэрэгцээгээр, хэдэн төгрөгийн төсөв хуваарилахаа УИХ өөрөө мэддэг баймаар байна. Төсөв батлагдсаны дараа Засгийн газар энэ бөөн батлуулсан дүнгээ цаашаа задлах юм шиг байгаа юм.

Тэгэхээр хэн хүчтэй Засгийн газрын гишүүн, хэн хүчтэй лоббитой нь энэ зардлаасаа илүү ихийг хуваарилаад нөгөө нэн хэрэгцээтэй, шаардлагатай газар нь төсөвгүй үлдэх эрсдэл үүснэ. Тиймээс улсын хэмжээнд, бүсүүдэд гэж тодорхой орон зай, хэрэгцээ шаардлага танилцуулахгүйгээр төсвийг батлахгүй байхыг УИХ-ын гишүүддээ уриалж, иргэдийг мөн энэ дээр анхааралтай ажиглаж, дуу хоолойгоо өргөөсэй гэж хүсч байна.

-Төрийн албан хаагчдын тоог нэмэхээр төсвийн төсөлд тусгачихсан байгаа юм уу?

-Тийм байна лээ. Ардчилсан нам үзэл баримтлалынхаа хүрээнд төрийг аль болох цомхон байлгах ёстой гэж үздэг. Энэ нь угаасаа баруун төвийн намын үндсэн концепцийн нэг. Татварыг бага байлгах замаар аж ахуйн нэгж, иргэдэд үүрүүлэх ачааллыг бууруулж, төрд төлөлгүй авч үлдсэн татварыг нь ажилтнуудын цалингаа нэмэх, шинэ технологи, инноваци нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үздэг.

Харин МАН-ын буюу социал демократ намын үзэл баримтлал нь угаасаа төрийг хүчтэй байлгах чигтэй. Мэдээж,төрийг хүчтэй байлгана гэдэг нь татвар их цуглуулж, түүнийгээ захиран зарцуулах эрх авна л гэсэн үг. Тэгэхээр яг энэ үзэл баримтлалынхаа хүрээнд төрийн албан хаагчдын тоогоо үргэлж нэмэх хандлагатайн илрэл юу вэ гэвэл сая энэ төсвийн төслийн хүрээнд 4100 төрийн албан хаагч шинээр нэмэгдэхээр орж ирсэн байна лээ. Яагаад гэж асуусан чинь янз бүрийн хуульд янз бүрийн яам, төсвийн ерөнхийлөн захирагчид орон тоо нэмүүлнэ гээд тусгачихсан байдаг гэсэн. Тэгээд л хуульд нэгэнт заасан гэдгээрээ төсөвт суулгаад явчихдаг юм байна лээ. Өнөөдрийг хүртэл ийм л байдлаар явж ирсэн байна.

-Үнэгүй жүжиг, кино үзүүлэх гэсэн 18.3 тэрбумын зардлыг хасах гэж санал оруулсан ч дэмжигдээгүй. Төсвийн төсөлд ингээд заачихсан байгаа юм уу?

-Яг сая хэлсэн шиг л юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлд “…Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр төрөөс үнэ төлбөргүй олгоно…” гэсэн заалт тусгуулчихсан юм байна лээ. Тэгээд л хуулиа барина гээд л төсөвт суулгах гээд дайрдаг юм байна. Энэ бол үнэн хэрэгтээ соёл, урлаг гэх нандин зүйлийг маск болгон зүүсэн халамж юм. Соёл урлаг нь нандин гэдгээрээ бараа болгоод л тараагаад байдаг эд биш. Одоо тэгээд энэ ваучер батлагдлаа гэж бодоход ямар кино, үзвэр үзэх вэ, захиалаад бэлдчихсэн нэг кино жүжиг байгаа юм уу гэдэг асуудал.

Иргэдээ хүндэлдэг төр бол халамжлахаасаа илүү боломж олгохын төлөө явах ёстой. Гэтэл 18.3 тэрбумаар кино, ший, жүжиг үзүүлэхээр Монголын ирээдүй болсон өсвөр насныханд үнэгүй тасалбар тараана гэдэг бол ухралтын дээд хэлбэр. Муу хэлэгддэг социализмын үед ч үнэгүй тасалбар гэж байгаагүй. Бид нэг төгрөгөөр тасалбар аваад киногоо үздэг байсан. Залуучуудыг кино, жүжиг үзүүлж гэгээрүүлэх гэхээсээ илүүтэй 3-6 настай цэцэрлэгийн хүүхдүүд, 6-14 настай сургуулийн жаахан хүүхдүүдээ хөхөө өвлийн хүйтэнд бөгсийг нь дааруулан байж, нүхэн жорлонд унагааж алах эрсдэлтэй бие засуулдаг цэцэрлэг сургуулиудаа боловсон бие засах газартай болгох нь чухал байна. Ер нь бол энэ нь угтаа ирээдүйн сонгогчдыг авлигадаж буй сонгуулийн клиентелизм гэсэн үг. Тиймээс огт дэмжихгүй байгаа.

-Татварын хөнгөлөлт үзүүлэх компаниудын жагсаалтыг Засгийн газар гаргана гэдэг дээр та шүүмжлэлтэй хандаж байсан. Яагаад шүүмжлэлтэй хандаад байгаа вэ?

-Засаглалын чиг үүргүүдийг Үндсэн хуулиар нарийн зааглаж өгсөн байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн 25.1.7-оор татварын бодлогыг тогтоох бүрэн эрх УИХ-д, хэрэгжүүлэх нь Засгийн газарт байдаг юм. Гэтэл одоо болохоор Засгийн газар хууль тогтоох гэж оролдож байна. Мөн Татварын ерөнхий хуулиар “татварын бодлого тодорхой, шударга…байх” гэсэн зарчим байгаа. Тэгэхээр Засгийн газарт энэ эрх шилжүүлнэ гэдгийн цаана нь хэнийг, ямар компанийг жагсаалтад оруулах нь тодорхойгүй.

Засгийн газар өөрийн хамаарал бүхий, ойр, намын харьяаллын компаниудаа жагсаалтад оруулах эрсдэлтэй гэдгээрээ шударга байх гэдэг зарчмыг алдагдуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, үнэнч шударгаар яваа компаниудаа ялгаварлан гадуурхах, бас дахиад авлига хээл хахууль, ашиг сонирхол, давуу байдал олгох гэх мэт асуудал бас яваа. Ингэж элдэв хууль, журмаар эрх шилжүүлэх замаар төсвийг хүчиндэж болохгүй.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.   

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Мөн ондоо манай улс Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Манай улсын Элчин сайдын яам одоо Астана хотноо байрлаж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс оронд дээд эрэмбэ, доод эрэмбийн юм гэж байх ёстой DNN.mn

Аливаа юманд үнэ цэнэ, ач холбогдол, үйл ажиллагаа, үр нөлөөгөөрөө дээд доод эрэмбэ гэж байх ёстой. “Юм эрэмбэтэй нь дээр” гэж өвгөдийн хэлдэг зүгээр нэг зуугуул үг биш. Алт, чулуу хоёрыг адилхан гэж үзэх нь дээд зэргийн тэнэглэл болохыг хэн хүнгүй мэднэ. Чулууг яаж ч зүлгээд алтны өчүүхэн үнэ цэнэд хүрэхгүй. Тэгвэл үүнтэй адилхан улс орны үйл ажиллагаа, хөгжил дэвшилд дээд, доод эрэмбэ гэж байх учиртай.

Сүүлийн үеийн нийгмийн шуугианаас монголчууд бид юмны дээд, доод эрэмбэ гэдгийг мэдэхээ байсан, ялгаж салгаж чадахаа байсан тийм харанхуй бүдүүлэг харалган улс болжээ гэдэг нь анзаарагдах юм. Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болно гэсэн сургаар нийтээрээ эсэргүүцэж, 328 сая еврогоор хиймэл дагуул хөөргөнө гэнэ, үүн шиг хэрэггүй юм байхгүй гээд амтай бүхэн дайрцгааж байна.

Бүр сүүлдээ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн дэвсгэр хүрэлцдэггүй, хогны уут дэвсдэг, үзлэгийн бээлий байхгүй гэх асуудлыг хиймэл дагуултай холболоо. Үндсэндээ Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болохын оронд дүүргийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн ор дэвсгэрийг бэлдэх ёстой юм байх. Ийм шүүмжлэл нийгэмд битүү явж байна. Ямар харамсмаар, ямар харалган болчих нь энэ вэ. Амьдрал дээр дүүргийн эмнэлгийн ор дэвсгэрийг солих, сансрын технологи хиймэл дагуултай болох гэдэг бол үнэндээ зүйрлээд байхаар юм биш л дээ.

Ёстой тэнгэр, газар шиг хоёр өөр ойлголт. Дүүргийн Эрүүл мэндийн төвд ор дэвсгэр байхгүй байгаа, үзлэгээ хийж чадахгүй байгаа, лаборатори нь ажиллаагүй, эм тариа дутагдалтай байгаа зэрэг нь манайхны өнөөдрийн үндсэн төрх мөн. Дарга удирдлагуудад нь зохих ёсны шийтгэл, хариуцлагыг нь хүлээлгэдэг юм байгаа биз. Харин эмнэлгийнхээ үзлэгийн бүх орны дэвсгэрийг хангачихаад дараа нь хиймэл дагуулаа ярья гэж байгаа нь туйлын буруу. Хүн төрөлхтөн ардахаа хаяад урагшаа зүтгэдэг.

Ардахтайгаа зууралдаад, үндсэндээ тогоо шанага, ор дэртэйгээ зууралдаад байсан цагт улс орны хөгжил хэзээ ч урагшилдаггүй. Энэ бол хууль. Тиймээс энийгээ сайхан болгочихоод дараа нь тэр том зүйлээ хийж бүтээнэ хэмээн хойш нь тавих бол тэгээд л үлгэр болоод дуусч байна. Амьдралын үнэнийг, аж ахуйн байдлыг мэддэг хүний “Тэгж өөрийгөө хуураад яахав” гэж хэлдэг нь цаанаа учиртай. Цээж нь сайжирч байж, томорч байж, чадал сууж байж хойдохоо авч явдаг ийм л хуультай хүний нийгэмд бид амьдарч байгаа. Хойдохоо сайжруулчихаад урдахаа сайжруулна гэх ойлголт түүхэнд байхгүй.

Үндэсний хиймэл дагуултай болох тухай ярихад нийтээрээ шүүмжилсэн хэрнээ сүүлдээ ор дэвсгэрээ янзалчихаад хиймэл дагуулаа ярь гэж байгаа нь хэтэрхий мунхаг, хэтэрхий улны байна. Ийм байж болохгүй ээ, нөхөд өө. Хиймэл дагуул улс орны ирээдүйд хамгийн хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хиймэл дагуултай байдаг нь үндэсний аюулгүй байдалтай нь холбоотой. Манай улсын интернэт харилцаа холбоо Хятад, Орос хоёроос хамааралтай. Энэ нь геополитикийн нөхцөл байдал талаас интернэтгүй болох эрсдэлтэйг судлаачид хэлдэг. Бид бусдаас хамааралгүй бие даасан, тусгаар улсын статус, харилцаа холбооны тусгаар байдлаа хадгалах цаг нь болсон.

Сансрын технологиор дэлхийн орнууд өрсөлддөг учир тусгаар улсын хувьд эдийн засгийн үр ашгаас илүү стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Мөн Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилцаа холбооны бие даасан сүлжээтэй болж интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой. Нийт газар нутгийн 23.8 хувьд газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн нутаг нь ямар ч сүлжээнд холбоогүй. Гамшгийн мэдээгээ гэхэд манайх гадны хиймэл дагуулаас авдаг.

Хэрвээ Үндэсний хиймэл дагуултай болсноор гамшгаас үүдэлтэй нас баралт 30 хувь, зудын болон ойн түймрийн гамшиг 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, тээвэр холбооны зардал 10, боловсролын ялгаа буюу тоон хуваагдал 50 хувиар буурна гэх тоон үзүүлэлт гарсан. Үндэсний хиймэл дагуулын ач холбогдлын талаар цухас дурдахад иймэрхүү байна. Улс орны амин чухал энэ асуудлыг эмнэлгийн ор дэвсгэртэй хольж хутган, үр нөлөөллийн хувьд бага хэмээн үзэж хойш тавьж байгаа нь монголчууд бид үнэхээр тэнэглэж гүйцсэний илэрхийлэл гэлтэй.

Одоогоос 20 жилийн өмнө 2004 онд аялагч Г.Ганхүү “Улаанбаатар хот нэг сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Монголын нийслэл дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хот заавал метротой байх ёстой” гэж хэлээд метро байгуулах бүх үндэслэлийг нь нарийвчлан гаргасан. Тэгтэл машины замаа ч олигтхон засч янзлаагүй байж юуны чинь метро вэ гээд яг өнөөдрийн хиймэл дагуулыг нийтээрээ шүүмжилж байгаа шиг орилолдсон. Дараа нь нийслэлээс метро байгуулах тухай зөндөө яригдсан ч ялих шалихгүй тогоо шанаганы хэрүүлээс болоод хамгийн гол ажил хойшлогдсоор өнөөдөр 20 жилийн нүүртэйгээ золгож байна.

Саяхан Г.Ганхүү “Үүргэвчтэй аялал”-ынхаа дундуур халаглан ярьж байна лээ. Намайг метро ярьж байхад дэлхийн олон хот метроны төслөө ярьж байсан. Бүгд метротой болсон байна. Бид л бахь байдгаараа байж байна гэж харамсаж байсан. Гэтэл одоо метро ярьтал Яармагийн нүхэн гарцаа яриад, ийм юм хийж байж юуны чинь метротой болох гээд орилолдоод уналаа. Метро байгуулах, манайхны барьсан нүхэн гарц хоёр бас л тэнгэр, газар шиг ялгаатай.

Метро байгуулна гэдэг тусгай журамтай, хуультай, хянадаг шалгадаг газартай, бүх юм ном дүрмээрээ явна. Дэлхийн улс орнууд ийм л байдлаар метрогоо, үндэсний том бүтээн байгуулалтуудаа хийсэн. Тэгэхээр улс орны хөгжилд юун хэрэгтэй, юу нь чухал вэ гэдгээ ялгаж салгаж нийгмээрээ шуугьдаг болмоор байна. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд гэж үг бий.

Юм болгон дээр ингэж харанхуй мунхаг, улны тэнэг жишээ ярьцгааж хамаа замбараагүй дайрцгаадгаа одоо больё оо. Улс орон чинь хөгжмөөр байна, урагшаа алхмаар байна. Бид энд хиймэл дагуулаа эсэргүүцэн тэнэглэцгээж байдаг. Тэгэхэд дэлхийн орнуудын зэр зэвсэг, техник технологи юу болж байна. Хойд хөрш дайнтай байна. Улс оронд ямар нэгэн аюул тулгарлаа гэж бодоход ингээд “хөмөрсөн тогоон” дотроо бахиралдаад сууж байх уу.

Манай “Монсат”, “DDSH” компаниуд Солонгосын хиймэл дагуулд жилд дунджаар 9.2 сая ам.доллар төлдөг. Энэ өртөг 2.5 дахин өсч 15 жилийн дараа гэхэд 150 сая ам.доллар, бусад зардалтайгаа бараг 300 сая ам.доллар төлж таарч байгааг Н.Учрал сайд хэлсэн. Ийм тооцооллоор ТЭЗҮ нь хийгдэж, 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн дэлхийд алдартай Францын “Таляс Аляна” групп монгол хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж байгаа.

Эмнэлгийн ор дэвсгэрийн дэргэд үндэсний хиймэл дагуул гэдэг яаж ч бодсон дээд эрэмбийн юм байгаа биз дээ. Улс орны цаашдын хувь, үйл ажиллагаанд онцгой байр эзлэх дээд эрэмбийн ийм юмаа ингэж ялгаж салгаж ойлгож хөгжил дэвшилд зориг гарган, асуудалд зоригтойгоор хандаж, хариуцлагатай байх цаг болжээ. Эцэст нь давтаад хэлэхэд, улс оронд дээд эрэмбийн, доод эрэмбийн юм гэж байх ёстой.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэлт, мега төслүүдийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар” мэдээллийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны дэргэдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны дарга Т.Доржханд,

УИХ-ын гишүүн, “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны дэргэдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны гишүүн С.Цэнгүүн нар Ардчилсан намын бүлгийн гишүүдэд өгч байна.