Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.


-УИХ-аар 2025 оны төсвийг баталсан. Гэвч алдагдалтай, танаж болох байсан гэсэн шүүмж гарсан учраас тодотгол хийхээр боллоо. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй парламент бүрдсэнээс хойш хоёр дахь удаагаа төсөв хэлэлцлээ. Эхлээд энэ оны төсөвт тодотгол хийсэн. Харин өнгөрсөн долоо хоногт 2025 оны төсвийг баталлаа. Эдгээр үйл явцаас олж ажигласан зүйл гэвэл УИХ-ын Дэгийн тухай хуулиараа цөөхөн гишүүн үг хэлэх эрхтэй байдаг юм гэнэ. Гэтэл бүхэл бүтэн улсынхаа төсөв хэлэлцэх үеэр цөөхөн гишүүн үзэл бодлоо хэлж, санал бодлоо шингээдэг дэг байгаа нь харамсалтай. Иймд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн оролцоог илүү тэлж өгөх шаардлагатай гэж анзаарсан. Хоёрдугаарт, Мөнгөний бодлого, Төсвийн хууль хоёр цаг хугацааны хувьд зөрж өргөн баригдсан. Төсвийн төслөө есдүгээр сарын 1-нд, Мөнгөний бодлогоо аравдугаар сарын 1-нд өргөн барьсан. Эдийн засгийн гол багана болсон энэ хоёр бодлого чинь нэг өдөр, нэг бодлоготойгоор орж ирмээр юм. Жишээ нь энэ бодлого, хуулиа оруулж ирсэн байгууллагууд инфляциа өөр, өөрөөр тооцсон байсан.

Мөн төсвийн төслийг уншиж, танилцаж байх явцдаа бид нийтээрээ нэг алдаа хийснээ ойлгосон. Анхдугаар чуулган хуралдахад л төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр ажиллах хэрэгтэй болсон. Ингэхдээ 6.1.3 буюу төсвийн урсгал зардлын хэмжээ Дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гээд баталчихсан. Үүний хор уршиг нь ердөө сарын дараа гараад ирсэн. Зардлыг нэмэхийн тулд ДНБ-ийг хязгааргүй өсгөхөөр болж. Гэтэл манай улс чинь уул уурхайн эдийн засагтай улс. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад төсөв тэлэлттэй байж болдог. Өөрөөр хэлбэл, урсгал зардал нь дагаад тэлчихээр ирээдүйд нэг хортой зүйл бий болж магадгүй.

-Тэр нь юу вэ?

-Мөчлөг дагасан бодлого гэдэг дээ.

Үнийн өсөлтийн үед дагаад урсгал зардал өсч байна. Гэтэл үнэ унах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл багассан үед нь бид урсгал зардлаа буулгаж чадах уу гэдэг нь өөрөө том асуудал болно. Энэ үед нийгмийн хямрал үүсч магадгүй. Нэгэнт өсчихсөн, нэмэгдчихсэн байгаа цалин тэтгэвэр, халамжаа бид шууд буулгаж чадахгүй. Өрх бүр орчихсон учраас хэрэглээгээ буулгаж чадахгүй шүү дээ. Тиймээс урсгал зардлыг ДНБ-ний тооцоолсон өсөлттэй уялдуулан өсгөх нь тохиромжгүй байгаа юм. Тэгэхээр цаашдаа урсгал зардлын хэмжээгээ тогтвортой байлгах, эсвэл инфляцийн хэмжээгээр өсгөж болно. Ингэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөө засаж залруулах шаардлагатай болж байна.

-Урсгал зардал дотор танаж болмоор ямар, ямар зардал байна вэ?

-Урсгал зардал дотор их нэмэгдсэн нэг зүйл бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэх зүйл байгаа юм. Бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэдэг чинь цалин, тэтгэвэр тэтгэмж, барилга байшингийн хөрөнгө оруулалт ч биш. Зүгээр л ийм нэртэй маш том зардал гараад ирсэн. Задаргаа, зориулалт байхгүй. Энэ зардал 2017 онд 400 тэрбум төгрөг байсан бол ирэх жилийн төсөвт 1.9 их наяд төгрөг болж өсчээ. Хувь гишүүний хувьд энэ бол хэтэрхий үрэлгэн зардал гэж үзэж байгаа.

-Тэгэхээр ирэх оны төсөвт тодотгол хийгээд таны хэлээд байгаа шиг эдгээр үрэлгэн зардлуудыг танаж чадах болов уу?

-Ирэх жилийн төсвийг яаралтайгаар баталсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн үед л хүмүүс зарчмын зөрүүтэй санал оруулж ирснээр олны анхааралд орж ирсэн. Төсвийн номыг нэг бүрчлэн судлах гэдэг чинь асар их цаг хугацаа шаардсан ажил болдог юм байна. Гэвч бид боломжийнхоо хэмжээнд л хурдтайгаар судалсан. Ингээд ч хурд нь яг л хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа таарсан. Тиймээс гишүүдийн саналыг аваад тодотголд оруулъя гэсэн. Тэгэхээр тодотгол хэлэлцэх үеэр танаж багасгах зардлууд дээрээ саналуудаа оруулахаар бэлтгэж байна. Миний

хувьд мөн анзаарсан нэг зүйл бол төсөвт орж байгаа бүтээн байгуулалтуудыг ТЭЗҮ-тэй байх гэсэн шаардлага дутагдаж байна. Магадгүй зарим салбарт ТЭЗҮ-гүй оруулж ирэх гэнэтийн шаардлага үүсч болно. Тэр тохиолдлыг зохицуулсан зохицуулалтыг Төсвийн тухай хуульд тодруулж өгмөөр юм байна. Жишээлбэл, маш олон газарт эрчим хүч, дулааны шугам сүлжээ орох шаардлагатай байгаа. Харамсалтай нь тэдгээрийн ТЭЗҮ байхгүй гэдэг шалтгаанаар төсөвт ороогүй. Тэгэхээр эрчим хүчний станцыг бүтээн байгуулах болгондоо ТЭЗҮ хийгээд байхгүйгээр өмнөх ижилхэн үзүүлэлтүүдтэй газруудын ТЭЗҮ-ийг түр жишиг болгон авч болно шүү дээ. ТЭЗҮ гэдэг чинь өөрөө төсөвтэй, цаг хугацаатай байдаг зүйл. Энэ болгоныг товчлох арга механизмыг төсөвтөө оруулж ирэх шаардлагатай байна. Яг ийм байдлаар жишиг ТЭЗҮ-ээ ашиглаад явсан бол алслагдсан аймаг, дүүргүүдэд цахилгаан шугам сүлжээ орчих бололцоо байсан. Түүнийг нь санхүүжүүлэх төсөв ч байсан. Ер нь төрийн хийх ёстой үндсэн ажил бол дэд бүтцийг байгуулж иргэддээ хүргэж өгөх. Зөөлөн болон хатуу дэд бүтцийг л холбож өгөх ёстой. Түүнээс энд ч, тэнд ч бяслагийн үйлдвэр барих нь төрийн ажил огт биш. Мөн дээр хэлсэн, бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээний 1.9 их наяд төгрөгийн 1.5 их наядыг нь хэмнээд цахилгаан станц барих хэмжээний мөнгө суллаад авах боломж байв. Манайд 2000 мегаватт цахилгаан станц байх юм бол Улаанбаатар хотын эрчим хүчний тогтвортой байдал хангагдана гэж байгаа. Тэгэхээр III, IV цахилгаан станц дээрээ Бөөрөлжүүт гээд нэмэгдээд, дээр нь дахиад нэг шинэ станц хэрэгтэй. Монгол инженерүүд нэг мегаватт хүчин чадлыг нь 2.2 сая ам.долларын өртгөөр үйлдвэр барих боломжтой гэдгээ хэлж байгаа. Үүгээр нь тооцвол 400 мегаваттын станц барихад л гурван их наяд төгрөг хэрэгтэй болно. Дандаа гаднаас гуйгаад байхгүйгээр бид өөрсдөө цахилгаан станцынхаа зардлыг гаргаж дийлэхээр байна. Тэр дундаа төсвийнхөө

урсгал зардал дотроо хэмнэлт хийгээд л дийлэнх хэсгийг нь санхүүжүүлж болчихоор байгаа юм. Хэрэв мөнгө дутвал хувийн хэвшлээ урьж болно шүү дээ.

-Шинэ цагалбараар есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. Энэ хугацаанд юм хэлээгүй байж хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ярилаа гэж Сангийн сайд хэлээд байсан. Гэтэл төсвийн төслийг гар дээрээ авах гэж их цаг алдсан гэж зарим гишүүн хэлсэн. Таны хувьд 2025 оны төсвийн төслийг хэзээ гар дээрээ авсан бэ?

-Намрын ээлжит чуулган эхлээд төсөв хэлэлцэж эхлэх гэтэл МАН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авсан. Орж ирээд нэгдүгээр болон хоёрдугаар хэлэлцүүлгийг маш хурдтай хийсэн. Ер нь мэдээллүүд нь удаан ирдэг. Миний хувьд Сангийн яаманд бичиг хүргүүлж, хөрөнгө оруулалтууд чинь ач холбогдлын зэргээрээ яаж эрэмбэлэгдсэн юм. Өгөөжийг нь хэрхэн тооцсоныг нь авъя гэсэн. Гэвч бичиг өгснөөс хойш 10-аад хоногийн дараа буюу төсөв батлахын өмнөх өдөр ирсэн. Мөн нэмж хэлэхэд, төсөв боловсруулах явцад иргэдийн оролцоо тун сул санагдсан. Иргэд хаана, яаж саналаа өгөх нь ил тод биш юм билээ. Сангийн яамны вэб хуудас дээр жижиг зар гаргасан болоод л аргалчихдаг юм байна. Тэгэхээр цаашдаа иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлж, хэрхэн саналаа өгөхийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бөөнөөрөө санал өгөхөд л тэр сургуулийн барилга төсөвт суутгагдах боломжтой болно шүү дээ. Мөн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө бүр илүү нарийвчилмаар юм билээ. Тав, таван жилээр нь аваад үзчихвэл ирэх жилүүдийн төсөв боловсруулах, батлахад илүү амар, оновчтой болно. Ингээд иргэдийнхээ саналыг сайн авдаг болоод, бүтээн байгуулалт, хөгжлийнхөө төлөвлөгөөг илүү тодорхой болговол хөрөнгө оруулалтууд оновчтой болно гэж үзэж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа АМНАТ-ийн орон нутагт ногдох хэсгийг байгаль орчинд учруулж байгаа хор хөнөөлтэй нь уялдуулан тогтоож олгох талаар, 2009 онд 140 байсан ураны хайгуулын лицензийн тоо өнөөдөр гурав болж цөөрсөн болон ураны салбарын үндсэн үзүүлэлтүүд 2020 оноос хойш огт өөрчлөгдөөгүйн учир шалтгаан, Монгол Улсын төр үнэ төлбөргүй эзэмших 34 хувийг АМНАТ-өөр орлуулахын эерэг ба сөрөг талыг тодруулсан юм. Түүний асуултад хариулахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд орон нутагт шууд, тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумд жил болгон 1.0 сая ам.доллар өгнө гэсэн зүйл байгаа гэх мэдээллийг өглөө. Мөн тэрбээр, АМНАТ-өөс орон нутагт түлхүү олгох Улсын Их Хурлын гишүүдийн байр суурьтай салбарын яам санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын найман лицензийг долоон компани эзэмшиж байгааг танилцууллаа. Энэхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь олон жил ужгирч, хугацаа алдсан Францын төрийн өмчит “Орано Майнинг” компанитай гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэнийг Ц.Туваан сайд онцолсон юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж,  Монгол Улс 34 хувиа эзэмшээд, суурь АМНАТ-өө аваад явбал уг эзэмшилдээ оногдох 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, жилдээ 169.0 сая ам.долларын орлого олно. Харин 34 хувиа эзэмшихгүй, давуу эрхийн 10 хувь, суурь, тусгай, өсөн нэмэгдэх АМНАТ-өө авбал жилдээ 153.0 сая ам.долларын орлого олно гэсэн тайлбарыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, зах зээлийн үнийн өсөлтөөс хамааран АМНАТ-ийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний нэр төрөлд зөвхөн ураныг салгаж оруулсны учир, шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүн гэж тооцох эсэх тухай асууж, хариулт авсан юм. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.7-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй гэж заасны дагуу уг татвараас чөлөөлөгдөх нөхцөл үүсэхээр байгаа юм. Нөхөн сэргээлтийн дэнчинг Монголбанканд байршуулахаар заасан нь уурхайн хаалтын үед энэ талаарх хариуцлагыг компани бус Монгол Улс үүрэх нөхцөлийг үүсгэж болзошгүй тул анхааралтай хандахыг тэрбээр зөвлөсөн юм. Мөн төрөөс аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвлөөрлөө хамгаалах шаардлагатайг анхааруулж, аж ахуйн нэгж, ард түмнийг зодолдуулдаг явдлыг эцэс болгох хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, хуулийн төслийн талаар иргэддээ мэдээлэл өгч, инженер технкийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын олон талын байр суурийг сонсолгүй, хөнгөн хуумгай хандсанаар эргээд энэ хуулийг хэрэгжүүлэх болон цаашлаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгочих вий гэсэн болгоомжлол байгааг онцлов. Мөн туршилтын олборлолтын хугацаанд байгаль орчинд хэрхэн нөлөөлсөн талаар иргэд, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамаараад стратегийн ордод хамааруулах тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ордын ашиглалтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж байгаа харилцааг албан ёсоор оруулах нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр, ашиглалтын лицензийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Монгол Улс давуу эрхийн хувьцаа эзэмших тул нөгөө тал хувьцаагаа дур мэдэн өөр тийш шилжүүлэх боломжгүй гэсэн хариултыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ашигт малтмалын орд ашиглах, цацрагийн хор хөнөөтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж заасныг хүчгүйдүүлж, өөр зүйлээр орлуулахаар, мөн энгийн хувьцааг давуу эрхтэй хувьцаанд шилжүүлэхээр заасан нь оновчтой эсэх асуудлыг хөндөв. Мөн тэрбээр, Францын “Орано Майнинг” болон “Бадрах Энержи” компанитай хийх хэлэлцээнд Татварын суурийг багасгах болон ашиг шилжүүлэхийн эсрэг (BEPS) олон улсын дүрмийн заалт нэг бүрээр нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн “Орано Майнинг” компанитай гэрээ байгуулсны дараа энэ хууль бусад харилцаанд хэрхэн үйлчлэхийг нарийвчлан тооцох нь зүйтэй гэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул тус Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Стратегий төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгий дарга Б.Баасандорж нар ажилласан байна.

Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан, өөрийн орны онцлогтой нийцүүлж, парламентын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны тайлан, Олон улсын парламентын холбооны зөвлөмж, Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн бүлэг, гишүүдийн санал, мөн иргэд, олон нийтийг хамруулсан хоёр удаагийн хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналыг тусгасан талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа тэмдэглэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавьж, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг, улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, үр нөлөөний үнэлгээнд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, инновац, технологийн дэвшил, олон ургалч үзлийг дэмжих, гишүүд, төлөөллийг чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, таван зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг, хүрэх үр дүнгийн хамт стратеги төлөвлөгөөн тусгасан хэмээн дэлгэрэнгүй танилцууллаа.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт стратеги төлөвлөгөө нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол улсын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтөд хамаарах эсэх, одоогийн парламентын онцлогийг хэрхэн тодорхойлсон, мөн өмнөх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангуудыг харьцуулсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар үйл ажиллагаа шалгуур үзүүлэлтийг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийг боловсруулалт хэлэлцүүлгийн шатад яаж засах, шударга байдал, хариуцлагын талаарх зохицуулалтыг хэрхэн тусгах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хууль тогтоох үйл ажиллагааг Үндсэн хууль бусад хууль тогтоомжид хэрхэн нийцүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ардчилсан парламентын индикатор үзүүлэлтийн талаар дүгнэлт хийсэн, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ улс төрийн нам парламентад онцгой ач холбогдолтой тул олон намын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой зорилго, зорилт хэрхэн туссан талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өөрийн онцлогтоо тохирсон стратеги, төлөвлөгөөг боловсруулж батлах нь парламентын төлөөллийн чадавх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар парламент стратеги төлөвлөгөөндөө өөрийн бүтцээ чадавхжуулахад анхаарах, мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан гаргах талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл тогтоолын төслийг дэмжиж байгаагаа байр сууриа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал нэг бүрээр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналын томьёоллыг Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар, С.Бямбацогт, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, М.Мандхай, Л.Соронзонболд, Б.Уянга, Ж.Галбадрах, Г.Очирбат, О.Батнайрамдал, Д.Пүрэвдаваа, С.Амарсайхан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгүүд байгуулсан нь парламентын үндсэн бүтэц болох Байнгын хороодын хүч, нөлөөг сулруулах, эсэх, Улсын Их Хурлын стратеги, төлөвлөгөөний төслийг хэлэлцэх дэгийн тухай, мөн уг төсөлд тусгагдсан хүн төвт үзэл санаанд суурилсан байх, хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байх гэсэн томьёоллуудын хууль зүйн тодорхойлолт зэргийг тодруулж асуусан юм.

Мөн хамтын шийдвэрийг хүндэтгэх зарчмыг Улсын Их Хурлын үнэт зүйлд тусгах, хуралдааны дэгийг сайжруулж, хэлэлцэж буй асуудлаар ойлголтоо нэгтгэн, үл ойлголцлоо арилгаж байж нэгдмэл шийдвэрт хүрдэг байх, баталж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэхэд онцгойлон анхаарах, хувийн болон бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон эдийн засгийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах концепцыг гол болгох, парламентын хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, зохион байгуулалтыг оновчтой болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааны арга барилыг өөрчлөн шинэчилж, шийдвэр гаргах үйл явцыг ил тод, нээлттэй байлгах зэрэг олон асуудлыг хөндөж ярилаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд олон улсын парламентуудын бодлого, үйл ажиллагааны чиг хандлага, тэргүүлэх жишгийг судалж, нэвтрүүлэх, салбар дундын асуудлыг орхигдуулалгүй хэд хэдэн Байнгын хороо хамтран хэлэлцдэг байх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үр дүнтэй хүргэхэд чиглэсэн зорилтуудыг стратеги төлөвлөгөөнд нарийвчилж тусгах, олон нийт, иргэний нийгмийн санаа бодлыг Улсын Их Хурлын гишүүд хэрхэн цэгцтэйгээр авдаг байх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийх ажлуудаа стратеги төлөвлөгөөнд тодорхой тусгах, улс орны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулах, улсын төсвийн төлөвлөлтийг хүн төвтэй бодлого руугаа чиглүүлж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах талаар тодорхой зүйл хийх, эсэхийг тодруулж, санал бодлоо илэрхийлсэн юм.

Парламентын шинэчлэлийг гүнзгийрүүлж, засаглал, манлайллыг бэхжүүлж, парламентын ардчилал өндөр хөгжсөн улс орны жишигт хүргэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүд чухалчлан хөндөж, хүний төлөө үйлчилдэг хууль тогтоомжийг баталж, хүнд нийцсэн стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналтаа бүрэн тавьдаг байхыг онцгойлон дурдаж байлаа. Мөн өмнө хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөний биелэлтийг бодитойгоор үнэлж дүгнэх, иргэн хүний боломж, бололцоог хаасан, эргэж буцсан шийдвэр гаргахгүй байх, Улсын Их Хурлын гишүүдийн иргэд, олон нийтийн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсох бололцоог бүрдүүлэхээс ажлаа эхлүүлэх, стратеги төлөвлөгөөгөө стандарттайгаар хэрэгжүүлэх, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, эмзэг, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явцууд тодорхойгүй, мухардмал байгаа энэ үед улс орны нэгдмэл эрх ашиг, нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэж ажиллах нь чухлыг онцолсон юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн асуултад, бид хүний эрхийг бүрэн баталгаатай хангадаг болохын төлөө өдөр болгон алхам хийж, өдөр болгон сайжруулж байх ёстой. Хөгжил дэвшлийн хурдыг гүйцсэн хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт бол ус, агаар мэт чухал зүйл хэмээн хариулсан юм.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал хураалтыг маргаашийн буюу 11 дүгээр сарын 15-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Жаргалсайхан: Улсын төсөв нэмэгдсэн нь сайн ч үнийн өсөлт бий болгох эрсдэл дагуулна DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-УИХ ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Таны хувьд төсвийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын төсөв жилийн жилд л хэл амтай байдаг. Гэхдээ энэ жилийн төсөв их онцлогтой. Өнгөрсөн 2023 он, энэ жилийн төсөв хэд байсан, ирэх оных хэд болсон бэ гэдэг өөрөө асуудал. Энэ жилийн төсөв 27 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсвийг бид 35 их наядаар баталсан. Яагаад найман их наядаар илүү баталсан бэ гэхээр бид 90 сая тонн нүүрс борлуулна гэчихсэн байгаа. Их өөдрөгөөр төсөөлсөн гэсэн үг. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унаад байна. Ингээд орлого бүрдэхгүйгээс болоод ямар асуудал үүсдэг вэ гэдгээ бид ярих ёстой.

-Ямар асуудал үүсэх вэ?

-Миний хувьд өмнө нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Улсын төсөв батлагдангуут буюу арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, сумд төсвөө баталдаг. Тэд орлого бүрдүүлэлт гэж бодохгүйгээр батална. Харин улсын төсвийн орлого бүрдэхгүй бол орон нутгийн төлөвлөсөн бүх ажил нурдаг. Мөн төсөв нэмэгдсэний бас нэг нөлөө бий. Мөнгөний асар их нийлүүлэлт хийгдчихээр үнийн өсөлт явагддаг. Өнгөрсөн 2012-2016 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд гаргаж, үнийн өсөлтийг барьж байлаа.

Тэгвэл өнгөрсөн онуудад үнийн өсөлт хэд болсон бэ. Манай аймгийн нэг суманд 2021 онд таван тэрбум төгрөгөөр батлагдсан инженерийн дэд бүтэц өнөөдөр 15 тэрбум болчихсон байна. Энэ хэрээрээ үнийн өсөлт нэмэгдсэн гэсэн үг л дээ. Нөгөө талдаа ард иргэдийн орлого ингэж гурав дахин нэмэгдээгүй байна.

Улсын төсөв ингэж нэмэгдэх нь үнийн өсөлтийг бий болгоно л гэж хэлэх гээд байгаа юм. Төсөв нэмэгдэж байгааг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүнээс болоод ирэх жил инфляци хоёр оронтой тоо руу орох эрсдэл бий болно.

-Сангийн яам, Төв банкнаас инфляцийг нэг оронтой тоонд барина гээд байгаа шүү дээ?

-Монголбанкнаас 2025 оны мөнгөний бодлогыг оруулж ирсэн. Тэр үед би чуулганы хуралдаан дээр энэ талаар асуусан. Манай улс чинь нийтдээ гурван төсөвтэй шүү дээ. Үүнийг хүмүүс мэдэж авах хэрэгтэй. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, гадны зээл тусламжууд байна. Үүнийг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л шийддэг. Өнөөдөр Дархан-Уул, Хэнтий аймгууд руу энэ зээл тусламжууд явдаг гэж ярьдаг. Дараагийнх нь Эрдэнэт, “Эрдэнэс Таван толгой” зэрэг газрууд байна. Ингээд улсын төсөв, гадны зээл тусламж гээд 60 орчим их наяд төгрөг Засгийн газрын мэдлээр гарч байна. Нэмээд арилжааны банкууд, компаниуд, хувийн хэвшлүүд гээд явна. Ингээд нийтдээ мөнгөний эргэлт 100 орчим их наяд болж байгаа юм. Харин улсын төсөв найман их наядаар нэмэгдэнгүүт энэ эргэлт чинь 110, 120 их наяд болчихно. Мөнгө илүүдээд эхлэхээр Монголбанк бодлогоор хүүгээ өндөрсгөөд үндсэндээ хувийн хэвшлээ хаах юм руу яваад эхэлнэ. Б.Лхагвасүрэн захирал чуулганы хуралдаан дээр хатуу мөнгөний бодлого явуулна гэдгээ тодорхой хэлсэн. Үүнээс үүдээд манай улс ямар улс болох вэ гэдэг аюул руу орж ирж байгаа юм.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Төлөвлөгөөтэй ажилтай явдаг улс болох уу, хувийн хэвшил нь давамгайлсан улс байх уу гэдэг сонголт дээрээс хувийн хэвшлээ шахсан, төрийн оролцоо нь давамгайлсан байдал руу орох гээд байна. Үүнийгээ бид харах ёстой гэдгийг миний хувьд хэлсэн. Уг нь төсвийг багасгах арга байна уу гэвэл байна. Нийтдээ гурав орчим их наяд төгрөг танаж болохоор байгаа. Энэ жилийн төсвийг батлахдаа МАН-ынхан сонгуулийн жил учраас асар их мөнгө тавьсан. Гэтэл ирэх жил чинь сонгуулийн жил биш шүү дээ. Тиймээс багасгаач гээд хэлээд дийлсэнгүй.

-Ирэх оны төсөвт тодотгол хийхээр болсон. Гэвч энэ тодотголоор таны яриад байгаа гурван их наяд төгрөгийг танаж чадах юм болов уу?

-Тодотгол хийнэ гээд л төсвөө баталлаа. Гэхдээ миний хувьд тодотгол хийгээд танасных нь дараа л таналаа гэж хэлье. Түүнээс биш “гөлөг төөрүүлж” байна шүү дээ.

-Та түрүүн яриандаа хувийн хэвшлээ шахаад, төлөвлөгөөт байдал руу явах гээд байна гэлээ. Харин Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжинэ. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, тоог нь цөөлнө гээд байгаа шүү дээ?

-Төрийн өмчит компаниудыг цөөлнө гэж огт ярихгүй байгаа. Энэ асуудлыг би бүлгийн хурал, ажлын хэсгийн хурал дээр зөндөө ярьдаг. Нийтдээ 6500 төрийн болон орон нутгийн өмчит компани бий. Эдгээрийн олонх нь алдагдалтай ажилладаг. Эдгээрийгээ алдагдалгүй ажилладаг болгох, эсвэл хувьчлах ажлыг хийгээч гэдгийг хэлээд байгаа. Гэтэл засаглалыг нь сайжруулъя л гээд байгаа юм. Цөөлөх, ашигтай ажиллуулах гэдгийг нь огт ярихгүй байна.

-Засаглалыг сайжруулаад ямар нэгэн олигтой үр дүн гарахгүй гэж үзэж байна уу?

-Засаглалыг сайжруулна гэдэг нь юуг хэлээд байна гээд асуухаар ТУЗ-ийг мэргэжлийн болгоно л гэдэг юм билээ. Ер нь төрийн өмчит компаниуд дээр дорвитойхон арга хэмжээ авч байж төсвийн хэмнэлт бодит болно.

-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл эдгээр төслийг хувийн хэвшил дангаараа хийж чадах уу. Төрийн өмчит компаниуд нь хариуцаад явах уу гэдэг асуудал яригдаад байгаа. Таны хувьд өмнө нь улсын хэмжээний том төсөл хариуцан ажиллаж байсан хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ирэх оны төсөв дээр шинэ бүтээн байгуулалт оруулахгүй. Энэ 14 төслийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Гэтэл энэ төсөл чинь 2025 оны төсөв дээр байхгүй. Эдгээр төслүүд хэрэгжих шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ энэ дөрвөн жилд эдгээрээс ихдээ л 2-3 төсөл нь хэрэгжих байх. Дотор нь урт хугацаанд явагдах төслүүд ч бий. Ер нь том төслүүд богино хугацаанд үр ашгаа өгнө гэж бодох хэрэггүй. Иймэрхүү том төслүүд багадаа 20-30 жилийн хугацаанд үр ашгаа өгдөг. Тиймээс үр ашгийн хувьд эрэмбэлэх нь зүйтэй. Том төслүүд дээр хувийн хэвшлийнхнийг оруулах нь зөв. Гэхдээ манайд яг орж ирээд ажиллах, аваад явах хэмжээний аж ахуйн нэгж байдаггүй. Маш өндөр босго тавьчихдаг. Түүнд нь хувийн хэвшлийнхэн тэнцдэггүй.

Нийт 10 аймагт дулааны цахилгаан станц барина гээд хэдэн жил болж байгаа билээ. Тэгэхээр энэ тал дээр анхаарах л ёстой. Хууль, журмуудаа сайжруулах ёстой. Дээрээс нь гадны аж ахуйн нэгжүүд иймэрхүү төслүүд дээр орж ирж ажиллах дээр ч анхаарах ёстой юм билээ. Жишээлбэл, Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн 260 км төмөр зам дээр “Самсунг” гэж компани орж ирээд, нэг км төмөр замыг 2.5 сая ам.доллараар барьж байсан. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчин хамтраад нэг километрийг нь нэг сая ам.доллараар барьсан. Маш их зөрүү байгаа биз. Энэ мэтчилэн асуудлуудаа давхар бодолцох, ярилцах л хэрэгтэй.

-Том төслүүд үр ашгаа олон жилийн дараа өгдөг гэж байна. Үр ашгаар нь эрэмбэлж үзвэл аль төслөө эхэлж явуулах шаардлагатай вэ?

-Зарим хүн төмөр зам яах гэж барьсан юм гээд асуудаг. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам баригдсанаар сайжруулсан шахмал түлшний медлингийг зөөдөг болсон. Өмнө нь том тэргээр зөөдөг байсан. Үүний улмаас Өмнөговь, Дундговийн зам эвдрээд дууссан. Нэг төслийг явуулахын тулд нөгөөхөө ингэж эвдээд байж болохгүй. Мөн төмөр зам баригдсанаар утаагүй түлшний үнэ тухайн үед 30 хувиар хямдарч байсан. Буцаад говь руу олон тонн ачааг хямд зардлаар тээвэрлэж байна. Улаанбаатар хотоос 60 тонн ачааг тийш нь тээвэрлэхэд дөрвөн сая төгрөг байгаа.

Харин төмөр замаар тээвэрлэхэд 700 мянган төгрөг болдог. Үүн шиг одоо ярьж байгаа энэ том төслүүд өнөөдөр үр ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг, дараагийн дэд бүтэц, аж үйлдвэр, бүс нутаг хөгжихөд маш том түлхэц болно. Тэр ч үүднээсээ хамтарсан Засгийн газрын гол хамтрал бол том эдийн засгаа харж, том төслүүдээ урагшлуулах юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ улс-төр

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг болон холбогдох бусад албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулан, ажилласан гэлээ.

Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 06, 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэргээр томьёолсон гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээУг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20-д төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, санал хураалт явуулахгүй бөгөөд ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулна гэсний дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8 санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээс зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Сайнзориг нараас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн Төсвийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд уг саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн нийт 7 зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд эдгээрийг Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан бусад саналын хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 3 санал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд уг саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Б.Энхбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Ж.Ганбаатар,  Л.Мөнхбаясгалан, О.Батнайрамдал, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Ц.Мөнхбат, Б.Уянга, Д.Энхтүвшин, Б.Заяабал, А.Ганбаатар гишүүн асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах” гэснийг “тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчлөхөөр болсон. Гэхдээ тогтворжуулах татварын орчин гэдгээ татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэсэн байна. Энэ заалт нь Монгол Улсын өмнө нь байгуулсан болон ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлнө гэлээ. Тэрбээр, хуулийн төслүүдийн дээрх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улс татварын маргаантай байгаа энэ цаг үед хэрхэн нөлөөлөхийг лавлав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, “Б.Энхбаяр гишүүн ажлын хэсэг болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар зарчмын зөрүүтэй тодорхой санал гаргаагүй. Хэрэв тодорхой санал байгаа бол хураалгахад бэлэн” гэсэн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хуулийн төслүүд дэх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улстай холбоотой татварын маргаантай асуудалд “Оюутолгой” компанид давуу байдал үүсгэхгүй. Монголын талын байр суурьт сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байна. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм.  Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, энэ хуулийг батлахын цаана Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн томоохон бодлогыг дэмжих, ажлын байр бий болгох, шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, Монгол Улс гадаад харилцаандаа ямар байр суурь баримталж буйг харуулах гээд олон асуудлыг хөндөж байгаа. Иймд энэ талаар иргэдэд зөв мэдлэг олгох, цаашдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн түлхүү хувийг орон нутагт үлдээхэд анхаарах, ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх, орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд энгийн хувьцаанаас авах эрхийг нээх зэрэг асуудалд Засгийн газар анхаарч, бодлого гарган ажиллахыг хүсэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ашигт малтмалаа ашиглуулж байгаа сум орон нутаг болон иргэдэд ашиг хүртээх, үр өгөөжийн асуудалд төсөл хэрэгжүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх зэрэг тулгамдсан асуудалд салбарын яам бодлого гарган ажиллаж байгаа хэмээв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Монгол Улс атомын цахилгаан станц барих асуудлыг орхигдуулан, шар нунтгийг үйлдвэрлэхийг дэмжиж буй шалтгааныг тодруулаад Засгийн газар цахилгаан станц барих асуудлыг хуульд тусгах боломжийн талаар хөндлөө.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Франц улстай хамтран “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх зорилтыг дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа хуулийн төслийг нэг гэрээнд зориулах бус хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг тодорхой болгоод цаашдаа олон гэрээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Хууль батлагдсанаар ямар нэг асуудлыг хатуу зохицуулалгүй, хөрөнгө оруулалтын асуудлыг гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Иймд атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ураны төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барих асуудлыг судалж, шийдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх асуудлыг цаашдаа стратегийн бусад орд газрын ашиглалтад баримтлах эсэхийг лавласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлье гэвэл цаашдаа төр эзэмшлийнхээ хувийг тогтоож, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээлгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчидтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах гэрээ хийх нь чухал хэмээв.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсад хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал хэмээх Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижиртэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хууль эрх зүйн орчны тогтворгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт гээд хэд хэдэн томоохон асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь монголчууд хохирч байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг нэг гэрээ бус цаашдаа Монгол Улс цөмийн энерги, ураны чиглэлээр хийх хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг хангахад гишүүд маань төвлөрч, анхааралтай ажил хэрэгч оролцож, ажиллах шаардлагатай гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Нэгдсэн хуралдаанд асуулт, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч нэг хүртэл цагаар сунгаж болно.” гэснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөс асуулт, хариултыг 120 минутаар тогтоосон ч, дахин нэг цагаар сунгасныг мэдэгдэв.

Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг үргэлжлүүлж, Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз улс хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа DNN.mn

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров,

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье.

Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ.

Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.

Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна.

Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна.

Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна.

Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.

Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм.

Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна.

Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна.

Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна.

НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн.

Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно.

Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Энхтүвшин: Би ард түмний эрх ашгийг нэгд тавина, бүлгийн шийдвэрийг заавал дагаж явахгүй DNN.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хооронд маргаан гарав.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Та нар асуусан асуулт ойлгохгүй байна. Тэгээд битгий дайраад бай. Хууль дагалдуулж оруулж ирж байгаа хуулиуд чинь хуулийн дархлааг байхгүй болгочихоод байна. УИХ-ын дарга аа, би ард түмний эрх ашгийг нэгд тавих болохоос хэн нэгэн хэсэг бүлгийн зааврыг дагаж явахгүй. Би дуугарах ёстой зүйл дээрээ дуугарч, хамгаалах ёстой юмаа хамгаална. Би хэсэг бүлэг хүмүүсийн биш нийт олны эрх ашгийг хамгаалж явна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр Д.Энхтүвшин гишүүн ирээгүй. Ажлын хэсгийн хуралдаанд ч ороогүй хэрнэ асуудал өнгөрсний дараа улс төр хийгээд байгаа шүү дээ. Таныг олон хүн боловсрол, мэдлэгтэй, соёлтой, хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай гэж харж байгаа. Энэ нөхцөлийг зөв ашиглана шүү. Улс төрд танигдах нэг хэрэг байх. Улстөрч хүн ажлаа хийж үр дүн гаргана гэдэг бас өөр зүйл байдаг шүү.

Categories
мэдээ улс-төр

Б.Баасандорж: УИХ-ын дарга ямар нэгэн заалтыг нэмж, өөрчилж уншаагүй DNN.mn

Өнгөрсөн баасан гаригийн УИХын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталсан. Энэ үеэр УИХын гишүүн Ч.Лодойсамбуу Дэгийн тухай хууль зөрчигдсөн, мөн УИХын дарга Д.Амарбаясгалан хууль зохиож танилцуулсан гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өчигдөр мэдээлэл өгсөн юм.


-УИХ-ын даргыг төсөв батлахдаа хууль зохиож уншсан гээд байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Ч.Лодойсамбуу гишүүний сошиалаар гаргасан мэдээлэлтэй танилцсан. УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХ долдугаар сарын 2-ноос бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Анхдугаар, ээлжит бус чуулган наймдугаар сард болсон. Намрын ээлжит чуулган аравдугаар сараас эхэлсэн. Тэгэхээр УИХ-ын дарга бол Ч.Лодойсамбуу гишүүний ярьж байгаа Дэгийн хуулийн 13.2 буюу горимын саналтай холбоотой асуудлыг анхдугаар чуулган дээр ч, ээлжит бус чуулган дээр ч танилцуулж байсан. Сая намрын ээлжит бус чуулган дээр уншиж танилцуулсан. Дэлхийн улс орнуудын парламентын дарга буюу спикер гэдэг хүн аливаа асуудлаар санал хураалт явуулахдаа тухайн заалтын хэрэглээтэй холбоотой асуудлаа гишүүддээ ойлгуулаад санал хураалгах нь өөрөө Их хурлын дарга буюу хуралдаан даргалагчийн үүрэг нь байдаг. Тухайн цаг хугацаанд болсон гишүүний гормын санал гаргасантай холбоотой УИХ-ын даргын дэгийн хуулийн заалт буюу 13.2-ыг гишүүддээ ойлгуулсан нь спикер хүний хувьд байдаг л асуудал. Ямар нэгэн заалтыг нэмж, өөрчилж уншаагүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье.

-126 гишүүн процессын хувьд ойлгохгүй байгаа хуулийн асуудал байна уу?

-Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль гэж бий. Уг хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан. Өөрөөр хэлбэл, өмнөх Их хурал бүрэн эрхийнхээ хугацаанд баталж өгсөн. Энэ Дэгийн хууль Дэд хороо, Хянан шалгах түр хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг хэрхэн, яаж хэлэлцэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхийг зохицуулдаг. Үүнийг зохицуулахтай холбоотой Их хурлын тамгын газар буюу Ерөнхий нарийн бичгийн дарга Их хурлын тухай хуулийн 47 дугаар хуульд заасны дагуу Дэгийн зөвлөх гэж явдаг. Мөн дээр дурдсан хороодоор болж буй бүх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Эдгээр хороо, чуулганы хуралдаанд болсон санал хураалт бүрийг цахимаар, нууцаар, гар өргөсөн ч бай саналыг нь нэгтгээд хуралдаан даргалагч нарт хэлдэг. УИХ-ын дарга болон байнгын хороодын дарга нар хуралдаан дээр болж буй зохион байгуулалт, дүнг мэдээлэх үүрэгтэй. Дэгийн тухай хуулийн 10.2-т асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэдэг вэ гэх журам бий. Асуудлыг шийдвэрлэхдээ ил санал хураана. Эсвэл Үндсэн хууль болон холбогдох хууль, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нууцаар санал хураалтаар шийдвэрлэхийг дэмжвэл нууцаар санал хураадаг. Тэгэхээр Төсвийн тухай хэлэлцүүлэг ил санал хураалтаар болсон. Харин ил санал хураалтыг хоёр хуваадаг. Гишүүд өөрсдөө зөвшөөрвөл цахимаар болон гар өргөж явуулж болно. Энэ 10.2-т заасны дагуу чуулган дээр санал хураалт явсан. Их хурлын дарга тухайн үед Төсвийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой гуравдугаар хэлэлцүүлэг дээр цахим системийн хэрэглээтэй холбоотой гишүүдээс янз бүрийн горимын санал авч байсан учраас үүнийг нь үндэслээд гар өргөж санал хураалт явуулахаар болсон. Энэ дүнг УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс нэгтгээд Их хурлын даргад явуулаад гишүүдэд мэдээлдэг. Товчхондоо, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасан журмын дагуу бүх процесс явж төсөв батлагдсан. Төсөв хэлэлцэн батлахад Их хурлын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ямар нэгэн зөрчил огт байгаагүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.

Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.

Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.

Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.

Эрхэм хурлын дарга аа,

НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 46 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар
  • “Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл зохион байгуулалтын дүнгийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа бид больчих ёстой DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд баталчихлаа. Гишүүд, сайд нарын дунд болон, нийгэмд төсөвтэй холбоотой зарим зүйл заалт дээр нэлээд маргаан өрнөлөө. Таны хувьд төсөв өргөн баригдсан цагаас хойш ямар байр суурьтай явж байсан бэ?

-Урсгал зардал, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэж тавигдсан багц том зардлуудаасаа тана. Тоног төхөөрөмжийн зардал асар их өссөн байсан, үүнийг бас тана. Эсвэл зүйл заалт бүрээр нь тодорхой, ойлгомжтой гаргаж тавь. Тэгэхгүй бол зардал чинь хэтэрхий томорчихсон байна шүү гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Засгийн газар эдийн засгаа тэлье, орлогоо нэмэгдүүлье гэдэг зорилгоор том төслүүдээ явуулъя гэж байгаа. Тэр дундаа ирэх жил хэрэгжүүлэх Тавантолгойн төмөр замын төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг мөнгө орж ирэх том төслүүдийг нь дэмжсэн. Мөн том төслүүдийн хажуугаар орж ирсэн Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх том шийдлүүдийг нь дэмжиж байгаа. Гэхдээ эдгээр том төсөл, арга хэмжээнүүдийн хөрөнгө оруулалт гацвал эрсдэл үүснэ шүү гэж…

-Ямар эрсдэл үүснэ гэж…?

-Хамгийн түрүүнд бид ханшаа алдана. Ханшаа алдвал юанийн үнэ өснө. Энэ нь Монгол Улсын хувьд маш том асуудлыг үүсгэнэ. Асуудлаа шийдэхийн тулд төсвийг тодотгохоос өөр аргагүй байдалд хүрнэ шүү гэх мэт байр суурийг илэрхийлж ирсэн.

-Төсвийн хувьд зарим гишүүд орон нутагтаа төсөв тавиулах гэж зүтгэлээ. Таны хувьд орон нутгаас сонгогдсон гишүүн. Тэр утгаараа энэ асуудал дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Анхнаас нь хэлж л байсан. Юу гэхээр орон нутаг руу төсөв огт тавихгүй байна гэдгийг. Нийт төсөв маань үндсэндээ томоохон замын бүтээн байгуулалт руу орж байх шиг байна. Ирэх оны төсөвт орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа арга хэмжээн дээр төсөв суусан зүйл алга. Ер нь яагаад тойрогт төсөв тавьж болохгүй гэж. Зөвхөн Улаанбаатар хотод төсөв тавигдах ёстой юм уу. Үүний цаана маш том бодлогын асуудал хөндөгдөж байгаа юм. Юу гэхээр бид зөвхөн Улаанбаатар хот руу хөрөнгө оруулалт хийгээд байвал энэ хот улам л гоё болоод байна гэсэн үг, мөн үү. Гоё болж байгаа нь сайн ч гоё болох тусам Улаанбаатар хот руу татагдах хүсэл, сонирхол тэр чинээгээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төвлөрлөө дийлэхээ байчихсан хотын ачаалал улам л ихэснэ. Ихсэх тусам түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Дээр нь эрчим хүчний хүрэлцээ, хүртээмж асар хумигдана. Тиймээс л бид энэ төвлөрлийг тараая, бусад хотуудаа хөгжүүлье, орон нутгийг бодлогоор дэмжье гэж байгаа шүү дээ. Тэгэхийн тулд л бүсчилсэн хөгжлийн бодлого яригдсан, хэрэгжсэн.

-Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хотод л төсвөө тавих бус тойргуудад ч адилхан тараах ёстой гэсэн үг үү?

-Юу гэхээр Улаанбаатар хот шиг Дархан хотыг улам гоё болгох хэрэгтэй. Гоё болгохын тулд хөрөнгө оруулалтыг нь нэмэх шаардлагатай. Нийслэлийн түгжрэл, төвлөрлийг бууруулж, бодитой үр өгөөжөө өгч байгаа хот бол Дархан. Учир нь энэ хот руу улсын төсвийн хөрөнгө оруулалт багагүй хэмжээгээр төдийгөөс өдийг болтол орж явсан. Тиймээс дэд бүтэц, амьдрах орчин нөхцөл нь сайжирсан. Тиймээс л Дархан руу нүүх иргэдийн урсгал жил бүр нэмэгддэг. Жилдээ бараг нэг мянга гаруй өрх айл энэ хотод суурьшиж байна. Жилдээ 500 айлын орон сууц ашиглалтад орж байна. Үүгээрээ юуг хэлэх гээд байна гэхээр ерөөсөө Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахад Дархан хот ингэж бодитой хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг ойлгомоор байгаа юм. Дархан руу зорих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн бас нэгэн шалтгаан бол миний араас нь хэрүүл хийж явдаг байсан алдарт Дарханы зам ашиглалтад орсонтой холбоотой. Хэрэв Дархан хот руу төсөв оруулдаггүй байсан бол энэ их хэмжээний урсгал Улаанбаатар хот руу чиглэх байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн Улаанбаатар хот юу болох байсан бэ. Тэгвэл Дархан хот руу хүн амьдрах аятай, таатай орчинг бид бүрдүүлж чадаж байгаа учраас Улаанбаатар хотын ачаалал хуваагдаж байгаа хэрэг. Энэ утгаараа орон нутаг, тойргууд руу төсөв тавих хэрэгтэй.

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд урьд өмнө ингэж төсөв батлагдаж байгаагүй талаар ярьсан. Төсвийг ер нь энэ парламент яаж баталчихав. Гишүүдийн санал, шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр хүчлээд баталчихав уу?

-Миний хувьд төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг явж дуустал нь байсан. Тэр хүртэл бүх зүйл ном, журмынхаа дагуу л явагдсан. Хэлэлцүүлэг явдгаараа явж, гишүүдийн зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороон дээр хураалгасан. Хэлэлцүүлэг угтаа дүрмийнхээ хүрээнд, дэгийнхээ дагуу л болсон.

Нэг зүйл хэлье. Манай зарим шинэ гишүүд маань дэгээ сайн мэдэх хэрэгтэй байна. Миний хувьд ч саяхан шинэ гишүүн явсан. Тэр утгаараа эхний жилийн төсөв ойлгоход жаахан төвөгтэй л байдаг. Наанадаж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэзээ нь ямар санал гаргах уу, саналаа юутай уялдуулж гаргадаг, яаж саналаа хураалгах вэ, аль хуулийн хугацаанд хийх ёстой, аль хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтаа тавиулах шаардлагатай вэ гээд олон зүйл бий. Энэ бүх зүйл хуулиар нарийн зохицуулагдсан дэгтэй. Тэгэхээр гишүүд маань дэгээ сайн судлах, унших хэрэгтэй.

-Тойрогт төсөв тавьж байх ёстой гэдгийг та түрүүн хэллээ. Ирэх оны төсөвт орон нутагт тавигдсан хөрөнгө оруулалт бол байхгүй биз дээ?

-Байхгүй. Ковидын үед УИХ Улаанбаатар хотын нийтийн тээврийг шийдэх гэж байна гээд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг ч аймагт шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхгүй байлгаж байгаад төсөвт суулгаж байсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэж байна уу…

-Яаж гарсан гэж?

-Үр дүнд ногоон автобус болоод дууссан. Тэгэхээр энэ удаагийн төсөв дээр орон нутагт мөн ялгаагүй нэг ч хөрөнгө оруулалт тусгаагүй хоёр дахь удаагийн төсөв боллоо гэж бодож байна. Нөгөөтэйгүүр том төслүүдийг нь дэмжиж байгаагаа би хэлсэн. Дэмжих ч болно. Гэхдээ орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж, хэрэгжүүлж, шийдэхийн төлөө л явах ёстой.- Тойрогтоо төсөв тавиулах гэж дуугарсан улстөрчийг “Төсвийн хулгайч” болгочих гээд хэцүү байдаг, тийм үү.

Мэдээж улстөржилт явагдаж л байгаа байх даа…?

-Төсвийн хулгайч гэж ярьдаг. Нэг зүйлийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тойрогт тавьж байгаа төсвийг тавиулсан нэртэй улстөрчид, УИХ-ын гишүүд хувьдаа халаасандаа хийдэг зүйл биш. Энэ бол тухайн тойргийн иргэдийн хүсэл, шаардлага байхгүй юу. Тухайлбал, Дархан-Уул аймагт “Залуус III” хорооллыг барих дэд бүтцийг бид сүүлийн дөрвөн жил явуулж байгаа. Энд 1000 айлын орон сууц баригдана. Ингээд бодохоор тэрхүү 1000 айлын орон сууцанд Улаанбаатар хотоос олон хүн очиж орно, тийм үү. Ялангуяа залуучууд маш их нүүнэ. Тэгэхээр төвлөрлийг сааруулж байгаа энэ том бодит арга хэмжээ рүү улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тавих хэрэгтэй. Ганцхан Улаанбаатар хотод хүн амьдардаг юм биш. Зөвхөн Улаанбаатарт л үер, бусад гамшиг болдог юм биш. Дарханд сая том үер болсон. Тэнд гэр орноо алдсан иргэд үерийн далан бариулахыг шаардсан. Аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ нэхсэн. Үүний төлөөлөл болж ажиллаж байгаа бид анхаарахаас өөр гарцгүй. Тиймээс ирэх оны төсөвт үерийн далан барих төсвийг суулгахыг хүссэн. Үүнээсээ болоод “төсвийн хулгайч” гэж хэлүүлэхээсээ би ичихгүй байна. Үнэхээр “Төсвийн хулгайч” гэж хэлүүлж байгаа бол нөгөө шударга ёс чинь хаана байна гэж асууна.

-Төсөв батлагдахтай зэрэгцээд төсвийн тодотгол оруулж ирэхийг Засгийн газарт анхааруулсан. Тодотгол орж ирэх нь тодорхой гэсэн үг үү?

-Тодорхой байлгүй яах вэ. Сая төсөв батлагдах үйл явцыг харахад манай зарим гишүүд асуудлыг мухардалтай байдал руу л чиглүүлээд байна. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр мухардлаас гарах гарцыг нь нээж өгөх хэрэгтэй болсон. Энэ дагуу Төсвийн байнгын хороон дээр саналаа хэлсэн. Санал маань ашгүй дэмжигдсэн. Юу гэхээр төсвийн гурав дахь хэлэлцүүлгээс бидэнд ухрах араа гэж байхгүй. Засгийн газар хуулиа татах боломжгүй. Төсвийн хуулийн төсөл бол тусгай дэгээр явдаг хугацаатай хууль. Тэгэхээр Засгийн газар төсвөө татвал хууль зөрчинө. Нөгөөтэйгүүр г урав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн үеэр ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр эцсийн хэлэлцүүлгүүдийг цаг алдалгүй хурдхан дуусгаад батлаад явуулах нь зөв байсан. Ингээд Засгийн газарт оны өмнө төсвийн тодотголоо оруулж ирээрэй гэдэг чиглэлийг өгөөд байж байгаа. Ерөөсөө ийм л гарц байсан. Нөгөөтэйгүүр ийм кейс өмнө гарч байсан уу гэвэл, тийм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төсөв батлагдахтай зэрэгцээд тодотголоо оруулж ир гэдэг тохиолдол гарч л байсан. Ч.Сайханбилэгийн үед ч мөн адил тохиолдол байсан. Өмнө болж л байсан үйл явдал. Шинэ зүйл огт биш шүү.

-Засгийн газар төсвийн тодотголоо яагаад заавал оноос өмнө оруулж ирэх ёстой гэж…?

-Үүнд хоёр шалтгаан байгаа. Яах вэ, цэвэр ирэх жилийн ажлыг хойшлуулахгүй байх зорилготой. Гэхдээ юуны түрүүнд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Уг хуулийг Г.Тэмүүлэн гишүүн бид хэд Боловсролын ерөнхий хуультай хамт батлуулж байсан. Уг хуулиар тухайн жилийн эхний гурван сар буюу нэгдүгээр улиралд төсөвт тодотгол хийхийг хориглосон байдаг. Энэ заал 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ёстой. Тийм учраас Засгийн газар оноос өмнө төсвийн тодотголоо УИХ-д оруулж ирэх шаардлагатай. Үгүй бол уг хуулийн хориглолтод ороод ирэх оны хоёрдугаар улирал хүртэл тодотгол хийх боломжгүй болно. Хэрэв тодотгол хийж чадахгүй бол одоо батлагдчихсан энэхүү задгай төсөв задгай чигээрээ л явж байна гэсэн үг. Дээрээс нь төрийн бүтээн байгуулалтын ажлууд тодорхой бус байдалд орно. Худалдан авалт, сонгон шалгаруулалтын ажил явуулах гэхээр тодотгол орох гэж байгаа төсөв дээр итгэж орж ирдэггүй. Ажил төлөвлөх ямар ч боломжгүй болно. Том зургаараа улс орны амьдрал бүтэн нэг жилээр хойшоо тавигдана гэсэн үг. Тэгэхээр яаралтай оноос өмнө тодотголоо оруулж ирэх нь хэн хэндээ ашигтай.

-Төсөв өргөн барих, тодотгох асуудал Засгийн газрын бүрэн эрх. Тэгэхээр УИХ тогтоол гаргаад ч Засгийн газар оруулж ирэхгүй байх боломжтой биз дээ?

-УИХ-ын тогтоол хуультай ижил үйлчлэх зохицуулалттай. Нөгөөтэйгүүр Засгийн газраас бүгд л нэхнэ, шаардана. Тийм учраас хүндрэл учруулахгүйгээр удахгүй УИХ-д өргөн барих байх гэж бодож байна. Өөр нэг зүйл дээр бид анхаарах хэрэгтэй. Анхны том төсөв орж ирж байгаа учраас зарим гишүүд маань хуулиа анхаарч амжаагүй байх. Ер нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ажлын хэсэгт саналаа гаргаж тухайн хуулийн төсөл дээр өөрчлөлт оруулдаг. Энэ зарчмаараа зарим гишүүд идэвхтэй саналаа гаргаад явж байхад зарим нь гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр гэнэт гарч ирээд асуудлыг тавьдаг. Бүр хэлэлцэж байгаа хуулийн төслөө мухардал руу чиглүүлдэг. Энэ байдлаа хэдүүлээ нэг анхаарах цаг болсон. Яах вэ, улс төр хийж болно. Угаасаа энэ бол бидний ажлын нэг хэсэг. Гэхдээ бид хуулийн гарцтай л байх хэрэгтэй.

-Ирэх оны төсөв бол асар их тэлж орж ирсэн гэж шүүмжлүүлсэн. Тэлсэн төсөв тэр чигтээ явсаар байгаад л батлагдлаа. Тэгэхээр энэ нь нөгөө Төрийн хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа хэрэг биш юм уу. Ер нь энэ хуулийн хэрэгжилт яаж явагдаж байна, зөрчиж байхаар нэг мөр зогсоочихож болох юм биш үү?

-Хэмнэлтийн хууль дээр нэг л гол агуулга байдаг. Тэр нь аль зардлаа гаргах вэ, алийг нь тэвчих үү гэж. Тэгэхээр энэ талаас нь сайн харах шаардлагатай. Эдийн засаг үнэхээр сайжраад явж байгаа бол Төрийн хэмнэлтийн хуулийг больчих ёстой шүү. Учир нь энэ хууль ковидын үед гарсан хууль. Тухайн үед бид бүх зүйлээ эрүүл мэндийн салбар луу оруулсан. Оруулахаас ч өөр аргагүй байдалтай байсан. Тиймээс одоо цар тахалгүй байна. Эдийн засаг өссөн гэж байгаа. Тэгвэл энэ хуулиа зогсоох шаардлагатай. Уул, уурхайн яам, эсвэл Гадаад харилцааны яам дээр гадаад томилолтын зардлыг Хэмнэлтийн хуулиар хорьчихдог. Тэгсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ир гээд шаардаад сууж болохгүй. Энэ мэт олон салбарт, олон асуудлыг уг хууль хязгаарлачихаад байгаа юм. Салбар болгонд цаашлаад улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хүртэл чөдөр болсон хууль. Тиймээс үүнийг зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ парламент бид Төрийн хэмнэлтийн тухай хуульдаа гар хүрэх шаардлагатай гэж үзэж байна.

Э.Мөнхтүвшин