Categories
мэдээ улс-төр

Ц.Сандаг-Очир: Нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломжийг бий болгож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02, 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Эдгээр хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:
УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон заалтыг хүчингүй болгож, бүх нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломж олгож буй юм.
УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд аливаа этгээд сонгогчдын санал татах зорилго агуулахгүйгээр хурал, уулзалт, цуглаан зохион байгуулж болно. Цаашид сонгуулийн хуульд УИХ-ын гишүүнд давуу байдал олгосон, хүний эрхийн зөрчилтэй, эрх тэгш байдлыг алдагдуулсан заалтыг өөрчлөх шаардлага бий гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир онцоллоо.

Мөн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүгчийн тэтгэвэрт гарах нас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 55 нас гэж заасан нь 60 нас байхаар хуульчлагдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2025.04.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав.

Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны тус саналыг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж, танилцуулаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09, 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргах саналын талаар танилцуулсан болно.

 Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байгаа нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших анхны тохиолдол учир энэхүү асуудалд ул суурьтай хандаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэгийг анхаарах шаардлагатай талаар, мөн уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж гишүүний гаргасан саналтай ойролцоо төрлийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг татан үзэж, улс төр, эрх зүйн үр дагаврыг судлах шаардлагатай талаар, түүнчлэн УИХ-ын гишүүний гаргасан саналын зарим үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд засаж, сайжруулах боломжийн талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг асуудлын талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах бус, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэх боломжтой талаар, УИХ-ын  гишүүн Г.Уянгахишиг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал Үндсэн хуулийн цэцээс хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх боломжтой эсэх, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд УИХ-ын шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн болно.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын үндэслэлдээ Байнгын хорооны гишүүдийн саналыг нэмж тусган, саналаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.  Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.0 хувь нь дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Мөнхбаатар нар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан, тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргаж буй нь зөв жишиг хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж  асуудлыг шийдэх онцгой заалттай юм гээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саналаа үндэслэл сайтай гаргасан хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр, хууль зөрчсөн эсэх асуудал зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл УИХ-ыг ердийн шүүх дуудаж, УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг шаардаж байна. Үндсэн хуульд УИХ төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн заалтын хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж хэрхэвч болохгүй. Энэхүү гажгийг таслан зогсоох арга бол Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэв.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа мөн энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд УИХ  Үндсэн хуулийн цэцэд санал гаргах бус хуулиа санаачлаад засаж залруулаад явж болох эсэх, тухайн гомдол гаргагч хүнд хариуцлага тооцож уу эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг асууж тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ хуулиа санаачлаад өөрчилсөн ч Цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй юм. Цэц магадлалаа эргэн харахын тулд УИХ-аас ямар нэгэн хүсэлт авах ёстой. Тиймээс дээрх  саналыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна. Энэ асуудлаар шат шатны шүүхийн байгууллага, улмаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл удаа дараа гомдол гаргаж буй хүн бол Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Хүрэлбаатар юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр ажлаас чөлөөлөгдөх  хүсэлтээ өгөх, хариуцлага хүлээх хоёр асуудал нь давхцаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ өнөөдөр дахин ажилдаа томилогдох ёстой гээд ийнхүү гомдол гаргаж буй зэрэг нь ёс зүйгүй асуудал гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн  байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй талаарх Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан энэхүү асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гаргах хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхээр тогтсон.

Хууль тогтоолын эцсийн найруулагыг байнгын хороод бэлтгэж, УИХ-д танилцуулахад бэлэн болсон учир зарим хуулийн эцсийн найруулагыг сонсоод өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы  (2025.04.17)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.

Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

АҮББХ: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны  (2025.04.16)-ийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь … гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав. Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх…” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэлдээ онцлов.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах байр суурьтай байгаа эсэх, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан эсэх асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл “Онтре” ХХК-ийн лицензүүдийг Оюутолгой ХХК-д шилжүүлэхгүйгээр шинээр гэрээ байгуулж болох эсэхийг асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мөн энэ асуултыг тавьсан юм. Тэрбээр Оюутолгой төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын нууц тайланд Монгол Улс 2034 оноос бүү хэл хэзээ ч ноогдол ашиг авахгүйг дурдсан тухай мэдээлээд, “Онтре” ХХК-ийн 34.0 хувийг эзэмшиж, Үндэсний баялгийн санд шилжүүлэх талаар Засгийн газраас ямар алхам хийж байгааг асууж тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хилийн заагийг тогтоосон нь маргаан дагуулах эсэх, Оюутолгой ХХК-аас ашиг авч чадахгүй байгаа хэрнээ нэмж “Онтре” ХХК-ийн лизензийг шилжүүлэх нь зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хэлэлцэж буй асуудлыг Засгийн газар мэдэж байсан эсэх, хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон шийдвэрт Засгийн газар яагаад хяналт тавиагүй талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Оюутолгой төслийн гэрээ байгуулагдаж байх үед энэ асуудлыг нууцалсан эсэх, эдгээр лицензийн асуудлыг шийдвэрлэхдээ Оюутолгойн гэрээ шиг зүйл болгохгүй байх зэрэг асуудлыг хөндөж асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох үүднээс Оюутолгой ХХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар энэ асуудлаар Засгийн газар олон улсын хөндлөнгийн бие даасан шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэх, ашгийн дийлэнхийг Монголын ард түмэн эзэмших талаарх Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хангах, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд гэрээ байгуулж байх үед Оюутолгойн нөөц тогтоогдсон байсан эсэх, лицензүүдээр ямар эрх олгогдож байгаа болон Онтре ХХК-тай байгуулах гэрээнд Монголын тал санхүүгийн хариуцлага хүлээхгүй талаар тодорхой тусгах эсэхийг асуув. Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Онтре ХХК-ийн эзэмшиж байгаа талбайнууд хамаарахгүй биз дээ гэсэн тов тодорхой асуулт тавихад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хамаарахгүй гэсэн хариулт өгөв. Засгийн газар Онтре ХХК-ийн лицензүүдийн асуудлаар шинээр сайн гэрээ байгуулж алдаагаа засах алтан боломж олдож байна хэмээн Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, Оюутолгой ХХК болон Рио Тинто компаниуд энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрэх бөгөөд ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно гэсэн асуудал тавьж байгааг мэдээлэв. Засгийн газар стратегийн ордуудын хил хязгаарыг бүрэн тогтоож дууссан гэдгийг тэрбээр хэлж, Оюутолгойн бүлэг ордод Онтре ХХК-ийн лицензтэй талбайг хамааруулсны дагуу тус компанийн 34.0 хувийг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал хариуцан ажиллаж байгааг танилцууллаа. Гэхдээ үүнийг бие даан шийдэрлэх эрх Засгийн газарт байхгүй тул Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэсэн юм.

Мөн Оюутолгой ХХК болон Онтре ХХК-ийн лизензтэй талбайнуудад байгаа хүдрийн биет нь нэг цул бөгөөд доороос нь блоклон унагах технологиор олборлож буй тул хүдэр лицензийн хил хязгаараар зааглагдахгүй бүтнээрээ унана гэсэн тайлбарыг сайд нарийвчлан хийж, Жавхлант орд бол Хойд Хюго ордын, Шивээ толгой орд Херуга ордын үргэлжлэл учир салгаж ойлгох боломжгүй гэлээ. Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд Оюутолгой ХХК-д ноогдох 80.0 хувийн 34.0 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ, харин Онтре ХХК-д оногдох 20.0 хувийн 34.0 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах уу гэдгийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай гэлээ. Мөн Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд тухайн үед нэгэн зэрэг шахам хайгуулын лицензүүдээ авсан талаар Ц.Туваан сайд дурдаж, улмаар ашиглалтын лиценз болгосон зэрэг үйл явц тухай тухайн үеийнхээ хууль, журмын дагуу явагдсан гэдгийг тайлбарласан юм.

Хэлэлцэж буй асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариулт өгсний дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга: Рио Тинто компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдсан учраас Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд тус гэрээнд хамрагдана гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Улсын Их Хурлаар оруулахгүй байх байр сууриа илэрхийлсэн боловч манай Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоосноор энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тэр үед асуудлыг тодорхой ярилцах боломж бүрдэнэ гэж бодож байна. Нэг зүйлийг хэрэг болгож хэлэхэд, олон улсын арбитр дээр очиж, шийдэрлэгдэж байгаа манай улстай холбоотой бүхий л хэргүүд уул уурхайн төслүүдтэй холбоотой байгаа юм. Энэ бол маш харамсалтай зүйл. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Ашигт малтмалын тухай хуулиа яаж сайжруулах шаардлагатай вэ гэдэг дээр салбарын яам идэвхтэй ажиллана байх гэж найдаж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Замира: Стратегийн ач холбогдол бүхий ордын 34.0 хувийг эзэмших асуудлаа шийдэхээс бусдаар аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудалд улс оролцох ёсгүй. Үлдсэн 66 хувиа 80, 20-оор хуваана уу, яаж шийднэ тэдний дотоод асуудал байх учиртай. Үүнийг тодорхой хуульчилж, цэгцэлж авах нь зүйтэй.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: Бид өмнө нь алдаа хийж байсан, дахин давтах вий. Өнөөдөр гэхэд л Уул уурхайн биржийн тухай хуулиа дахин засаад сууж байна. Тухайн үед 40 их наядын луйвар гарлаа, нүүрсний хулгайчдыг бөөн бөөнөөр нь баривчиллаа, мундаг хууль гарлаа гээд л явсан. Монгол, Францын хамтарсан ураны гэрээг бас магтаж, Засгийн газар урагшаа том алхлаа гэсэн. Одоо энэ Оюутолгойгоос том ордынхоо хувийг АМНАТТ-өөр орлууллаа, барилаа гээд бүрээ бөмбөр нүдээд давхичих вий дээ. Юмыг сайн шалгаж, ул суурьтай нягталмаар байна. Энэ Онтре ХХК-гийн асуудлыг Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй хамтруулан шалгах ажлын хэсэг байгуулъя гэсэн санал оруулж байна. Тэгэхгүй бол энэ гэрээг зүгээр нэг ПиАр болгоод явчих вий гэсэн айдас байна. Эдийн засгийн байдал хүндрэхээр, эсвэл улс төрийн нөхцөл байдал хүндрэхээр нэг томхон юмыг оруулж ирээд гялалзтал аваад явдаг, түүнийгээ улс орны хэмжээний гайхамшигтай ажил гэж сурталчилдаг явдлаас айж, болгоомжилж байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн: Байнгын хорооноос энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргах ёстой гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг анх Монгол газар ХХК-д олгосон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Шивээ толгой, Жавхлант гэх нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон шийдвэр Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гарсан уу, хойно гарсан уу гэдгийг тодруулж, мөн хуулийн дагуу шийдэгдсэн эсэхийг нягтлах, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүртэлх найман жилийн хугацаанд Онтре ХХК хайгуул хийсэн эсэхийг хянах шаардлагатай. Тухайн хоёр аж ахуйн нэгж хоорондоо “Ашиг хуваах гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн үү гэдгийг нягтлах шаардлага мөн байна. Оюутолгой ХХК зэргэлдээ байгаа компанийхаа лицензийг түүгээрээ тохиролцож шилжүүлж аваад өмнө байгуулсан гэрээнийхээ үйлчлэлд дур мэдэн хамруулчихаж болох юм уу? Тусгай зөвшөөрөл, лицензийнхээ асуудлыг Монголын төр мэдэх юм уу, үгүй юм уу? Бусад стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордуудын эргэн тойронд ийм зөрчлүүд байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, олон нийтийн мэдэх эрхийг хангамаар байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат: Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж байгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамт олон, бодлогын асуудлыг танилцуулж байгаа Ц.Туваан сайдад талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг ойлгохгүй, уурхайчид яаж ажилладаг, олборлолт хэрхэн явагддагийг мэдэхгүй хэрнээ улс төржих нь хортой. Энэ асуудалд Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой шүү гэдгийг салбарын яам, мэргэжилтнүүддээ захья. Монгол Улс хуулийн дагуу Онтре ХХК-ийн лицензийн 100 хувиас 34 хувиа авна. Нэг бол өсөн нэмэгдэх АМНАТТ-өөр орлуулж, шууд татвар, төлбөрөө авна гэсэн байр суурь дээр хатуу байх ёстой. Улс төрийн сэдэв болгож болохгүй.

Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга: Оюутолгойн гэрээ байгуулагдаж байх үед Онтре ХХК тухайн лицензийн талбай дээрээ хайгуул хийгээгүй байсан гэж танилцуулж байна. Тэгэхээр Онтре ХХК ямар ч зардал гаргахгүй байж байгаад баялгийн 20.0 хувийн ашгийг авах хэлцэл явсан байна. Үүнийг нэлээн нарийн авч үзэж, бүх асуудлыг цоо шинээр, 100 хувиар эдгээр лиценз дээр эхлүүлэх боломж байна гэж харж байна. Энэ нөхцөл байдлыг нарийн дүгнэж, Засгийн газар ухаанаа уралдуулж ажиллаасай гэж хүсэж байна.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал: Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ цаг хугацаанд Монголын тал цаг алдалгүй хувь хэмжээг хэрхэх вэ гэдгээ ойлгомжтой болгох ёстой. Монголын тал асуудлаа шийдсэнээр оролцогч бүх талуудын олон жил ужгирч, эрсдэлд тооцогдож байсан асуудлууд нэг мөсөн шийдэгдээд явах боломж бүрдэх юм. Тийм учраас бид асуудлаа шийдчихвэл гурван талын харилцаа маш ойлгомжтой болоод, цааш харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломж нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульдаа нийцүүлэн иж бүрнээр шийдчихмээр байна. Оюутолгой ХХК-ийн татварын маргааныг ч мөн цогцоор нь шийдээд урагшилмаар байна. Энэ татварын маргаанаар бид 1.3 их наяд төгрөгийн татварын алданги ноогдуулсан. Гэтэл жилийн өмнө Оюутолгой ХХК Сингапурын Монгол Улсад давхар татварын гэрээтэй компани руу бүх өр төлбөрийн зүйлээ шилжүүлсэн байгаа юм. Тус компани давхар татварын гэрээтэй учраас бид дахиад татварын маргаан гаргах боломжгүй болж, хаагдах эрсдэл дагуулж байгаа юм. Энэ алдааг бид давтаж болохгүй. Тэгэхээр Оюутолгойтой холбоотой бүх асуудлуудыг Засгийн газар цогцоор нь Улсын Их Хуралд оруулж ирэх нь зүйтэй. Онтре ХХК-ийн хоёр лицензийн талаар Засгийн газар Үндсэн хуулийн 6.2 болон Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.5-д заасны дагуу шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар: Онтре Гоулд компанийн асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Оюутолгой ХХК 80.0 хувийг нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ хамруулна гэж удаа дараа мэдэгдээд байхад салбарын яам дуугүй байна. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ асуудал төрийн нууцад авагдаагүй учир нээлттэй ярих ёстой. Жишээ нь, ордыг ашиглах 2010 оны ТЭЗҮ-ийн нэгдүгээр бүлгийн 106 дугаар хуудсанд, Монголын тал 34.0 хувьдаа ямар ч санхүүгийн хариуцлага үүрэхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгийг албан ёсоор бичсэн байгаа шүү. Яамныхан түүнийг нарийвчилж хараарай. Түүнчлэн бие даасан, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж, тэр дүгнэлтээ тойрч ярилцах шаардлагатай. Одоо хэдүүлээ туршлагатай болсон, Монголынхоо талд нааштай шийдвэр гаргана гэж би итгэж байна.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Онтре ХХК-ийн эзэмшиж буй лицензүүдийн талаарх уг асуудлыг хянан шалгах Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн саналыг хэлэлцсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга горимын санал гаргаж, зөвхөн Онтре ХХК-ийн лицензүүдийг бус ийм байдлаар хэсэгчлэн хувааж хуваарилсан бүх тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай тул хойшлуулж, иж бүрнээр авч хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Түүний горимын саналыг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн саналыг татлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх дараагийн мэдээллийг хийв. Тэрбээр мэдээлэлдээ, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах, нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, олон нийтийн хяналт тавих, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зэрэг үйл ажиллагааг тус зүйлд хуульчилсан талаар танилцууллаа. Хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг уулын ажлын тайлангаар дүгнэж ажилладаг талаар тэрбээр дурдаад, 2023 оны байдлаар Монгол Улсын 21 аймагт олборлолт явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс уулын ажлын нийт 211 тайлан ирүүлсэн болон эдгээрийн 173 нь дээрх зүйлд заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх гэрээг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Эдгээр гэрээний биелэлт дунджаар 95.7 хувьтай байгаа ажээ.

Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, аймгуудын Засаг дарга нартай 42 дугаар зүйлд заасны дагуу эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах, үйл ажиллагааны уялдааг хангах, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар гэрээ байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүгнэдэг байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, С.Ганбаатар, С.Замира, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон сумд болон аймгийн удирдлагууд намчирхаж, харилцан эрх ашгаа хохироох явдал байгааг шалгаж нягтлах, цэгцлэх, шаардлагатай бол хуулийн 42.1 дэх хэсгийг илүү дэлгэрэнгүй, тодорхой болгож өөрчлөх, нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн эрх мэдлийг бэхжүүлэх, сумдын Засаг даргын эрх зүйн байдлыг дээшлүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулдаг болгох, мөн гэрээний зохицуулалтыг тодорхой болгох, www.geree.mn сайтыг олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн уулын ажлын тайланг дүгнэхдээ гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа, ард иргэдийн саналыг сонсохоо больсон зохицуулалтыг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хийдүүлж болзошгүй нөхцөлд хөндлөнгийн хяналт тавьж, асуудлыг шударгаар шийдвэрлэх эрх зүйн боломжийг нээх, хуулиас давсан журмаар дуудлага худалдаагаар олгосон хайгуулын лицензүүдийг цуцалж, дуудлага худалдааг зогсоох, малчдын олон үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, бэлчээр нутагт тусгай зөвшөөрөл олгосны нөхөн төлбөрийг олгох, багийн иргэдийн Нийтийн хурлаас санал авдаг байх зэрэг асуудлыг жишээ баримт дурдан ярьж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд АМНАТ-ийн тодорхой хувийг нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд олгодог байх, нөлөөллийн бүсийг байгалийн бүс бүслүүрийн онцлогтой уялдуулж тогтоох, гэрээг нэг талаас аймаг, сумын Засаг дарга, нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх удирдлага байгуулахаар, мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтыг сайжруулахаар тодорхой хуульчлах, хандив тусламжийн хөрөнгийг юунд зарцуулахыг нэгбүрчлэн зааж өгөх, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийг талцуулсан хоёрдмол зохицуулалтуудыг засах шаардлагатайг хэлж байлаа. Байнгын хорооны дарга С.Ганбаатар манай улсад нийт 2740 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 173 эзэмшигчийн 147 гэрээ дүгнэгдсэн байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хариуцлагыг чангатгаж ажиллахыг зөвлөв. Мөн уул уурхайн төслүүд орон нутаг, ард иргэдэд ямар ч өгөөжгүй байдаг тул зогсоох хүсэлт их ирүүлж байгааг тэрбээр уламжлаад, газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасныг сануулан, иргэдтэй гэрээ байгуулдаг харилцаанд шилжих, гэрээг олон нийтэд ил тод, нээлттэй байлгахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн харьцаж байгаа талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолыг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсан тооцлоо. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Замира, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, Б.Уянга, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Х.Жангабыл, О.Батнайрамдал нар ажиллахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт машин цогцолбор” үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг сонсов. Мэдээллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.  Тэрбээр, Засгийн газар металлурги, машин механизм, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдаад, уг хөтөлбөрт тусгагдсан үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний кластерыг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) хамтран ажиллаж байгааг онцлов. “Эрдэнэт машин цогцолбор” байгуулах ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлсэн байна. Төслийн хүрээнд 1-10 тонн хүртэл даацтай ачааны автомашин, бүх төрлийн автобус, ачааны вагон үйлдвэрлэх бөгөөд үйлдвэр байгуулагдсанаар ачааны автомашины зах зээлийн 5.0 хувь, ачааны хагас вагон болон автобусны зах зээлийн эрэлтийн 50.0 хувийг хангах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үйлдвэр байгуулах төсөл хэрэгжсэнээр нийт 1113 байнгын ажлын байр бий болж, Монгол Улсын ачаа тээврийн багтаамж, эргэлтийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний ачааны вагон, зорчигч тээвэрт үүсээд байгаа хүндрэлийг арилгахад томоохон түлхэц болно гэж яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдав.

Зам, тээврийн яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, төрөөс үзүүлэх дэмжлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар асууж, уялдаатай, үр дүнтэй ажиллахыг зөвлөсөн юм.

Үүний дараа Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар байгуулсан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ахлагчтай Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Тогтоолоор, ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, мөн тогтоолын биелэлтийг Аж үйлдвэрийн бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  3. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  4. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Пүрэвдаваа: Татвар нэмэхгүй гэж санал авчихаад нэмнэ гэдэг Эрүүгийн хуулиар бол хууран мэхлэх, залилах гэмт хэрэг

Улсын Их хурлын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн төлөөлөл Д.Пүрэвдаваагаас D-Parliament, нийтийн өргөдөл, гомдлын үр дүнгийн талаар тодрууллаа.


-Иргэд D-Parliament сайтад санал гаргаж, түүнийг нь 33 мянган хүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын бүтэц байгууллага авч хэлэлцдэг, 100 мянга хүрвэл чуулганаар асуудлыг оруулдаг болсон. Харамсалтай нь нүдэнд харагдахаар үр дүн гарахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хувь иргэнийхээ хувиар ч тэр, УИХ-ын гишүүний хувиар ч D-Parliament гэсэн энэ платформыг зөв гэж хардаг. Учир нь мэдээллийн ил тод байдал, нийгэмд нээлттэй байна гэдэг маань өөрөө зөв зүйл байхгүй юу. Харин тэр нь 33 мянга, 100 мянган хүн дэмждэг байх уу гэсэн тоо бол дараагийн асуудал. Тоог нь бууруулж, эсвэл өсгөж болно. Ямар нэгэн асуудлаар D-Parliament дээр санал гаргаад иргэд саналаа өгч байгаа нь л хамгийн чухал. Гэхдээ гол нь үр дүн гээд байна. Жишээлбэл, гол асуудал болоод байгаа автомашин болон тээврийн хэрэгслээс авч байгаа татварын хэмжээг гурав дахин нэмсэн асуудал байна. Үүн дээр 33 мянган иргэн санал өгөөд ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тэр ажлын хэсэгт нь байгаа. Гэвч үүн дээр хоёр зүйл болж байгаа юм.

-Тэдгээр нь юу вэ?

-Одоо байгаа хуулийнхаа хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу тухайн аймаг, нийслэл ИТХ-аараа шийдвэрээ гаргана. Харин хуульд дээд хязгаарыг нь л заагаад өгчихсөн. Тийм болохоор дээд хязгаарт нь тулгаад хуульд заасан эрх, хэмжээнийхээ хүрээнд татварыг нэмэх шийдвэрийг нийслэлийн ИТХ гаргачихсан. Энэ нь хууль зөрчөөгүй юу гэвэл тийм. Нөгөө талдаа 33 мянган иргэн санал өгч дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулагдаад энэ юу болчихсон юм бэ гээд явах нь УИХ-ын ажил. Үүнийгээ ч хийж байна. Харин энэ хоёрын гол шийдэл нь ямар үр дүнгээр илрэх вэ.

-Харин олигтой үр дүн гэхээр зүйл гарахгүй. Хуулийн боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан л даа?

-Автомашины татвар буюу нийгэм рүү чиглэсэн, олон нийт дагаж мөрдөх хэм хэмжээ гэдэг асуудал байна. Энэ шийдвэр таалагдахгүй байна гээд 33 мянган хүн байр сууриа илэрхийлчихсэн. Уг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу нийслэлийн ИТХ хурал маань сонсох ажиллагаа, санал асуулга явуулах, ил тодоор мэдээллэх байтал үүнийгээ хангалтгүй хийсэн юм байна л гэж ойлгосон. Гэхдээ яг процессын алдаа гарч уу, үгүй юу гэдгийг дараа нь албан ёсоор дүгнэж гаргах байх.

-Татвар нэмэх гэж байгаагаа иргэдээсээ асуугаагүй гэсэн үг үү?

-Асуусан байгаа юм, уг нь. Гэхдээ зөвхөн сайт дээр л тавьсан болоод л өнгөрсөн. Тэр үед нь ердөө хоёрхон хүнээс санал ирсэн байгаа юм. Ингэхээр нөхдүүд сайн сурталчилгаа хийгээгүй хэрэг. Зарим тохиолдолд хотын дарга Х.Нямбаатар бол асуудлуудыг өөрөө лайв хийж хүртэл олон нийтийн анхааралд оруулдаг. Гэтэл яг татвар нэмэх асуудал дээр тэгээгүй. Дээрээс нь тухайн үе нь шинэ жилийн өмнөхөн таарсан. Олон нийтийн анхаарал сарнисан, давхардсан үе таарч, нийгэм рүү чиглэсэн ажлаа хийгээгүй юм байна л гэж би ойлгосон.

-Ингэж сурталчилж таниулаагүй нь нууцаар хийж байгаа хэлбэр мөн үү?

-Нууц гэж хэлэх нь ч хаашаа юм. Тэгэхээр одоо ямар сонголт байна вэ. УИХ шууд орон нутгийн хэм хэмжээг зогсоож чадахгүй. Харин тэр татварын хэмжээний дээд хязгаарыг нь буулгаж болно. Гэвч Их хурлаар хэлэлцэгдээд нэлээд хугацааны дараа хуульд өөрчлөлт оруулж, татварын дээд хязгаарыг буулгалаа гэж бодъё. Нэг үгээр бол жишээ татахад 33 төгрөг авч байсныг 99 төгрөг болгочихсон. Үүнийг нь буцаагаад 33, эсвэл 44 болголоо. Ингэлээ гэж бодоход хууль хэрэгжиж байсан үеийн үр дүнг яах юм. Энэ татвараар чинь орлого орж ирнэ гэж төлөвлөөд төсвөө баталчихсан, бүх зүйл нь яваад эхэлчихсэн байгаа. Тийм болохоор УИХ одоо яах ёстой вэ гэхээр иргэдийн энэ санал дээр яаралтайгаар холбогдох хуулиудын хэрэгжилтийг түр зогсоох нь л хамгийн үр дүнтэй арга болчихоод байгаа юм. Ажлын хэсгээс одоо ИТХ, олон нийтэд танилцуулаад явах ёстой. Тийм болохоор хамгийн эхэнд асуусанд тань хариулахад D-Parliament байгуулагдсан. Иргэд саналаа өгч байна. Ажлын хэсэг байгуулагдсан гээд тодорхой хэмжээний үр дүнгүүд гарч байна.

-Үр дүнг нь илүү сайжруулж, богино хугацаанд шийдвэрт хүрдэг, санал гаргасан иргэдийнхээ талд шийдвэр нь гардаг болгохын тулд цаашид юун дээр анхаарах ёстой вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нийгэм рүү чиглэсэн, хэм хэмжээг тогтоосон, ялангуяа татвар нэмэх, төсөв зэрэг асуудлуудаар олон нийтээс санал авдаг. Үүнийгээ олон нийтэд сайтар таниулж сурталчилдаг болгох ажлыг УИХ хийх ёстой гэж би ойлгоод байгаа. Ер нь УИХ бол ямар ч байсан үүд хаалга нь нээгдэж байна. Үүнтэй адил аймаг, нийслэл, орон нутагт үүн шиг л болох хэрэгтэй. Нэг нь үүдээ нээчихээд байхад нөгөөдүүл нь хаалттай байгаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр чинь л уялдаа холбоогүй болчихоод байгаа юм. D-Parliament шиг үйл ажиллагаа аймаг, орон нутагт хуульчилж өгөх ёстой юм байна. Ингэхдээ хугацаа, тоо хэмжээ, процессыг нь маш нарийвчилж зааж өгөх ёстой.

-Улсын орлого багассан, инфляц нэмэгдсэн, ам.долларын ханш өссөн ийм үед татвар нэмсэн нь, нэмэх нь ер нь зөв юм уу?

-Татвар болгон өөрийн зорилготой. Автомашины татвар бол Замын санд ордог тусдаа хуультай. Гэвч татварыг нэмэхгүй гэж хүмүүсээс саналыг нь авчихаад нэмчихнэ гэдэг чинь Эрүүгийн хуулиар бол хууран мэхлэх, залилах гэмт хэрэг шүү дээ. Ингэж үзвэл МАН хуурах мэхлэх замаар сонгуульд ялсан байна гэж хэлж болохоор болчихоод байгаа юм. Энэ нь тэгвэл юугаар нотлогдож байгаа юм. Тэд урьдчилан төсөөлж чадах байсан уу, байсан. Учир нь тэд эрх барьж байсан. Дарга нарт төсвийн, хүний нөөций, тусгай зөвшөөрлийн гэсэн гурван эрх мэдэл байдаг. Эрх мэдлээ дээшлүүлэхийн тулд төсвөө нэмчихэж байна. Үүнийг нь дагаад татвар нэмэгдэнэ. Ингээд төрийн албаа улам данхар болгоод хүний нөөцөө нэмчихэж байна. Хэдхэн жилийн өмнө 10, 20 агентлагтай байсан бол одоо 70, 80 агентлаг, 400 гаруй үйлдвэрийн газартай болчихлоо. Сонгуульд маш их хүн ажиллуулж, тэдгээрийгээ цалинжуулах арга зам нь энэ болчихоод байна. Үүний сүүдэр л татвар хэлбэрээр ард түмний нуруун дээр буугаад байгаа юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлж, өнгөрсөн хугацаанд талууд нийт хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулаад байна. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг нийт зургаан удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд  дөрвөн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдсан.

Мөн тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 1 дүгээр сард шинэчлэн байгуулсан. Тус ажлын хэсэг нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулан байгуулсан. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.

Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нийт 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлснийг Л.Гантөмөр сайд дурдахын зэрэгцээ хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн  зургаан оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн дөрвөн төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон гэж байлаа.

Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгууллаа. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн гурван жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээж, 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 7.5 хувь байхаар тохиролцсон, харин 90 сая ширхгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь байхаар тохиролцсон. Харин улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 30.0-70.0 мянган тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосон. Үүнийг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон. Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ыг ашиглан тооцоолол хийж үзэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, Евразийн эдийн засгийн холбоо руу хийх нийт экспортын хэмжээ 24.1 хувь буюу 28.4 сая ам.доллароор тус тус нэмэгдэх үр дүн гарч байна. Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувь тус тус нэмэгдэх боломжтой байна. Эдгээр зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцээрт зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэнэ; Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна; Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ; Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ; 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлнэ гэсэн онцлох зохицуулалт тусгасныг дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал худалдааны түр хэлэлцээрт ороход бэлэн эсэх, таван орны стандартыг хангасан 367 бараа, бүтээгдэхүүн бидэнд байгаа юу гэдэг нь хамгийн чухал асуудал гэж байлаа. Мөн тэрбээр “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилт тавиад, тодорхой хөрөнгө, хүч зарцуулж байгаа энэ цаг үед түр хэлэлцээрт орж зарим бүтээгдэхүүнийг квотын хүрээнд тарифыг нь тэглэж буй нь баялаг  бүтээгчдийнхээ хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрсдэлтэйг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хэлэлцээрт орохдоо нийтийн эрүүл мэндийн үр нөлөөг харах нь зүйтэй гээд Монгол Улс 2003 онд батлагдсан Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн. Уг конвенцод олон улс чөлөөт худалдааны гэрээ хийхдээ тамхи, тамхин бүтээгдэхүүнийг гааль татвараас чөлөөлдөг, хөрөнгө оруулалтыг дэмждэг байдлыг зогсоох заалттай. Үүнийг бариад  хэлэлцээрт нэгдэхээс өмнө тамхи, электрон тамхин бүтээгдэхүүнийг хасах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа, 2024 оны 07 дугаар сарын 03-ны хоёр тал барааны жагсаалтаа эцэслэсэн нөхцөл байдалд миний хувьд хэлэлцээрт орж эхэлсэн тул бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байна хэмээв. Мөн парламентын гишүүдээс дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах шаардлагатай гэсэн байр суурийг олноор илэрхийлсэн тул бид хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналыг тавьж, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ямар бараа, бүтээгдэхүүнд тариф тавих талаар санал авсан. Дотоодод үйлдвэрлэж буй 23 бараа, бүтээгдэхүүний хамгаалах санал ирсэн тул энэ дагуу хэлэлцээрийг сүүлийн гурван сар хийж байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсад оруулж ирж буй нийт тамхины 50 хувийг Бүгд Найрамдах Солонгос улс, 23 хувийг Бүгд Найрамдах Казакстан улс эзэлдэг гээд цаашид тамхи, тамхин бүтээгдэхүүний онцгой албан  татварыг их хэмжээгээр нэмэх саналыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас оруулж ирнэ гэж хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг асуудлаар Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг хийж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн гишүүдийн тооцоо, судалгаа дутуу байна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд хэлэлцээрт орсноор эдийн засгийн боломж, бодит ашиг, үр дүнг тооцсон тодорхой асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн энэхүү хэлэлцээр Монгол Улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьдралтай шууд холбоотой тул асуудлыг нягталж, гишүүдийн байр суурь, олон талын мэдээллийг нэгтгэх шаардлагатай. Иймд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн  зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэдгийг дурдаад Засгийн Газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцлов.

Өнөөдрийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 онд 27.879 тонн, 2022 онд 38.492 тонн, 2023 онд 61.719 тонн, 2024 онд 69.984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг Ц.Туваан сайд дурдахын зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2.2 саяд хүрсэн бол 2028 онд 2.55 сая хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үнэ буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой гэв.

Мөн тэрбээр, Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй байна. Мөн БНХАУ-аас нийлүүлэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүйг дурдлаа.

Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсэж болзошгүй байна. Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэхийг онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, Г.Дамдинням, Г.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд хэлэлцээрт ОХУ-ын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж нь агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтийг бүрэн хариуцахаар тусгагджээ. Гэтэл Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.7 тэрбум ам.долларын зээлээр барьж, 2028 онд ашиглалтад оруулах бөгөөд энэ үйлдвэр агаарын хөлгийн түлш бэлтгэхэд чиглэж ажиллана. Иймд дотоодод үйлдвэрлэсэн түлшээ хаана борлуулах, улмаар үүнийг хэрхэн зохицуулах талаар илүүтэй лавлаж байлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орно. Ойролцоогоор жилдээ 80 орчим мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2022 онд Монгол Улс, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан санамж бичигт агаарын хөлгийн шатахууны 75 хувийг тухайн итгэмжлэгдсэн компани, үлдсэн 25 хувийг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлэхээр тусгагдсан. Үүний зэрэгцээ монголын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд дотооддын компани давуу эрхтэй нийлүүлэх эрхтэйг санамж бичигт тусгасан гэв.

Ингээд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

Мөн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.

Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, тус зөвлөл нь орон тооны 7 гишүүн УИХ-ын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор томилогдон ажиллаж байгааг дурдаад хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, Зөвлөлийн дүрэм, 2024 оны ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн тайлан, төсвийн баримт бичгүүд, хуулийн төслүүдэд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн талаар товч тусгаж, УИХ-ын цахим хуудсанд байршуулсныг дурдлаа.

Мөн тус зөвлөлөөс өгсөн дүгнэлтдээ, Монгол Улсад төсвийн хэт тэлэлт, мөчлөг дагасан, эрсдэлийг нэмэгдүүлэх бодлого хэвээр хадгалагдсаар байгаа нь эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах бодлогын зорилт хэрэгжихгүй байхад хүргэх магадлалтай, түүнчлэн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг хэт өөдрөг төсөөлж буй нь төсвийн орлого, зарлага, алдагдлыг өсгөн төлөвлөх боломжийг бүрдүүлж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийн орон зай, эдийн засгийн суурийг тэлэх боломжийг хязгаарлахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиггүй бодлого үргэлжлэх хандлагатай байгааг анхааруулсан. Зөвлөл эдийн засгийн гадаад, дотоод эрсдэл, бодит нөхцөл байдлыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд  харгалзан үзэх, төсвийн орлого нэмэгдэж байгаа үед хуримтлал үүсгэх, эрсдэлийг бууруулах бодлого баримтлах, төсвийн орлогын өөдрөг төсөөлөлд найдаж төсвийг тэлэх бодлогыг үргэлжлүүлэх хандлагаа эргэж харах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, орлого өндөр байгаа жилүүдэд хуримтлал үүсгэх, мөчлөг сөрсөн бодлого баримтлах шаардлагыг төсөлд харгалзан үзээгүй байгааг анхаарч дотоодын нийт бүтээглдэхүүнд төсвийн зарлагын эзлэх хувийг өнөөгийн түвшнээс бууруулж 25-28 хувьд хүргэх, эрдсийн түүхий эдийн экспортод хэт дулдуйдсан бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилт бий болох нөхцөлийг хязгаарлаж байгаа төдийгүй эдийн засагт учрах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж ажилласан гэв.

Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар баталсан ч энэ онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөж байснаар төвлөрөхгүй тохиолдолд нийт тэнцлийн алдагдал бий болох магадлалтай, эдийн засгийн мөчлөг дагасан бодлого хэвээр хадгалагдаж байгаа тул цаашид эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байгаа 2025 оны эхний улирлын статистикийн тоо мэдээллээс авч үзвэл энэ оны 1-р улиралд улсын төсөвт 6,432.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө -1,241.1 тэрбум төгрөгөөр буюу 16.2 хувиар тасалдаж байна. Үүний улмаас төсвийн тэнцэвэржүүлсэн тэнцэл 353.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдгээр тоо мэдээлэл нь тус зөвлөлөөс өгч байсан дүгнэлт, зөвлөмжүүд оновчтой, бодитой байсныг илтгэн харуулж байгааг онцлон тэмдэглэв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Удирдлагын академийн удирдах албан тушаалтнууд, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА зэрэг байгууллагуудтай албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдийн засаг хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг, Нээлтэй Нийгэм Хүрээлэнгийн судлаачдын багийн гүйцэтгэсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” сэдэвт судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн саналыг илэрхийлсэн. УИХ-ын дарга, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын зарим гишүүдтэй уулзалт хийж, зөвлөлийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, 2025 оны төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулсан. Тус зөвлөлийн дарга, гишүүд УИХ-ын 2024 оны намрын ээлжит бус болон ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдлийн төслүүдийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдаан, Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо болон ажлын хэсгүүдийн хуралд оролцож, зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг танилцуулж ажилласан гэж байлаа.

Түүнчлэн тус зөвлөлөөс  2024 онд нийт дөрвөн удаа хэвлэлийн бага хурал зарлаж, хурал тус бүрд хэвлэл мэдээллийн 10-15 байгууллага оролцсоноос гадна Зөвлөлийн дарга, гишүүд давхардсан тоогоор нийт  есөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 34 удаа ярилцлага, мэдээлэл өгсөн гэдгийг Н.Энхбаяр дарга танилцуулгадаа дурдсан.

Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тус зөвлөлийн дарга, гишүүд төсвийн бодлогын хэрэгжилтээс гадна эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлох зорилгоор нийтдээ 11 судалгааны ажлыг хийж, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд гурван удаа илтгэл тавьж, эрдэм шинжилгээний  найман илтгэл, нийтлэл бичиж хэвлүүлэн, нийтийн хүртээл болгосон гэж байлаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2024 онд үндсэн үйл ажиллагааны хүрээнд буюу төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн эрсдэлээс сэргийлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж, нийт 12 удаагийн тайландаа 96 дүгнэлт гаргаж, 35 зөвлөмж өгч Улсын Их Хурал, Төсвийн байнгын хороо, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан, Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо, холбогдох ажлын хэсгүүд, намын бүлгийн хурлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг байлцуулан зөвлөлөөс өгсөн дүгнэлт, зөвлөмжийг сонсож, асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал, бодлоо солилцсон гэлээ.

Мөн тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан төсвийн тусгай шаардлагад Засгийн газрын саналын дагуу Улсын Их Хурал зарим өөрчлөлтийг оруулсан хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны дараагаар Засгийн газар уг төсвийн төслийг алдагдалгүй байхаар дахин өргөн барьж, УИХ анх удаа алдагдалгүй төсөв баталсан нь чухал ололт гэж үзэж байна гэв.

Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн таамаглал, төлөв байдлын төсөөллийг бэлтгэхийн тулд DIGNAR, САЕМ загваруудыг Монгол Улсын онцлогт тохируулан ашиглах боломжтой болгосон. Зөвлөлөөс 2024 оны 3 дугаар сард 2025-2027 оны макро-төсвийн таамаглалыг боловсруулахдаа тооцоолж гаргасан дотоодын нийт бүтээгдэхүүний 2024 оны бодит өсөлтийн дээд, доод түвшнээр тооцсон төсөөллийн дундаж үзүүлэлт нь 2024 оны урьдчилсан гүйцэтгэлтэй ойролцоо байгаа нь үүний илрэл юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн таамаглал боловсруулах, чадавхыг бэхжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сангийн дэмжлэг бодитой хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй гэж байлаа.

Тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд орон тооны болж,  бие даасан байдлыг эрхэмлэж, үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд зөв явуулж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Улсыни Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлага тэлж буй байдлыг хэрхэн зохистой болгох, чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг эдийн засгийн идэвжүүлэхэд хэрхэн татан оруулах, хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн зөв сонгох талаар лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг холбогдох хуульд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан шаардлагыг Засгийн газраас хэрэгжүүлээгүй шалтгаандаа тайлбар хийдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл тус зөвлөл иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч ажиллаж буй эсэх, цаашид үйл ажиллагаагаа сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг тодруулж байлаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцав

Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д. Загджав танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 298,478.6 сая төгрөгөөр баталсан бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өссөнтэй уялдуулан хуульд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 71,460.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 369,939.3 сая төгрөгөөр тодотгон баталжээ. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасны дагуу 174,450.7 сая төгрөгийг нэмж нийт 544,390.0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөн баталснаас, гүйцэтгэлээр 513,270.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, хэрэгжилт 94.3 хувьтай байна. Тайлант онд Орон нутгийн хөгжлийн сангаас 10330 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 8672 төсөл арга хэмжээнд 408,507.6 сая төгрөгийн санхүүжилт олгон, жилийн эцсийн зарцуулагдаагүй үлдэгдэл 105,238.2 сая төгрөг байна. Нийт олгосон санхүүжилтийн 69.9 хувийг барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар, бусад хөрөнгө худалдан авахад, 30.1 хувийг урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулсныг онцолсон.

Мөн аудитаар нийт 162,768.3 сая төгрөгийн зөрчил илэрсэнд Аймаг нийслэл дэх Төрийн аудитын газруудаас 550.8 сая төгрөгийн 62 төлбөрийн акт тогтоож, 76,245.0 сая төгрөгийн зөрчилд 384 албан шаардлага, 85,908.7 сая төгрөгийн зөрчилд 523 зөвлөмж өгч, 63.8 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж байлаа.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн нэгдсэн дүгнэлтийг өгснийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулав.

Тодруулбал, Газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрөөгүйгээс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг эх үүсвэр тус бүрээр бүрэн төлөвлөх талаар санаачилгатай ажиллаагүй, төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хэт жижиглэснээр, тендер оролцогчгүй болох, ажил он дамжих, хугацаа алдах сөрөг нөлөөлөл үүсгэсэн гэж дүгнэжээ.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд төсөл, арга хэмжээний үр дүн, үр өгөөжийг урьдчилан тооцолгүйгээр урсгал шинжтэй зардалд төлөвлөн зарцуулж байгаа нь  сангийн хөрөнгийн үр дүн, үр өгөөжийг бууруулсан. Захиалагч талаас төсөл арга хэмжээний хэрэгцээ шаардлага, хүртэх үр өгөөж, холбогдох тооцоо судалгааг бодитой хийгээгүйгээс зарим аймагт чанаргүй, ашиглалтгүй хөрөнгө бий болж, тухайн орон нутагт ажлын байр нэмэх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэдний орлого нэмэгдэх боломж алдагдсаныг дурдав.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байгаа байгууллагын хяналт сулаас хөрөнгө эзэнгүйдэж, эвдэрч гэмтэн ашиглалтгүй болж хөрөнгийг дахин засаж сэлбэх, урсгал засвар хийх шаардлага үүсэж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн. Удирдлагын мэдээллийн системд төсөл, арга хэмжээний мэдээллийг дутуу болон огт оруулаагүй байхад сангаас санхүүжилт олгох зөрчил давтагдсаар байгааг таслан зогсоох, шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээллийг дутуу, зөрүүтэй байршуулдаг, огт мэдээлдэггүй зөрчил нийтлэг байгаа нь иргэд олон нийтийг үнэн зөв, бодитой, мэдээллээр хангах боломжийг үгүйсгэж байна гэсэн дүгнэлтүүдийг өгчээ.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрөөгүйгээс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн гэдэгт аль аймаг, хэдэн төгрөг дутуу байсныг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга аймаг, орон нутгийн төлөөлөгчид орон нутгийн төсвийг баталдаг бөгөөд тэдгээр нь өөрсдийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан тендер авч, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг байдалд анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын хуралдаанаар Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэж байна

Categories
мэдээ улс-төр

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордонд боллоо.

Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, энэ нь жендэрийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ердөө 17 хувь нь банкны зээлтэй байгаа нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулдаг ч эмэгтэй удирдлагатай ЖДҮ эрхлэгчдийн дундаж зээлийн хэмжээ ердөө 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж зээлийн хэмжээнээс 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь 0.8 нэгж хувиар өндөр байгаа аж. Тиймээс энэхүү тэгш бус байдлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсад “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр эхлүүлж буй нь энэ юм.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн.

Тэрбээр, Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа манай улсын хүчин чармайлтыг олон улсын санхүүгийн байгууллагууд дэмжин тусалдагт талархалтай байгаагаа илэрхийлээд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь гэр бүлийн орлого, амьдралын чанар, хүүхдийн боловсрол зэрэгт эерэг нөлөөтэйгөөр зогсохгүй бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлж нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болдгийг онцолсон.

УИХ-ын дарга, Монгол Улс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэж буй явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн итгэлцэл, хариуцлага, хөгжлийн түншлэл дээр суурилсан томоохон алхам болно гэдгийг тодотгоод, цаашид Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээртэй холбоотой бүхий л санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илтгэл танилцуулсан.

Монголбанкны ерөнхийлөгч, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ыг Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү санаачилга нь ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг тэмдэглэсэн.

Тэрбээр, Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь зөвхөн нийгмийн тэгш бус байдлыг бууруулах явдал биш бөгөөд эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд чиглэсэн стратегийн чухал алхам юм. Санхүүгийн үйлчилгээнд тэгш оролцох боломжийг бүрдүүлснээр эмэгтэйчүүд өөрсдийн бизнесээ хөгжүүлж, ажлын байр бий болгож, орлогоо гэр бүл, хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломжтой болох тул эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал хүчин зүйл болдог. Цаашид манай улс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг дэмжих бодлого, арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх нь зөвхөн санхүүгийн салбар төдийгүй нийт улс үндэсний хөгжил дэвшилтэй холбогдоно гэлээ.

Эцэст нь Монголбанкны ерөнхийлөгч  энэхүү санаачилгыг дэмжиж, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д элсэн нэгдэж буй банк санхүүгийн байгууллагууддаа талархал илэрхийлэв.

Мөн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц оролцож үг хэлсэн юм.

Монгол Улсын хувьд санхүүгийн үйлчилгээг авч буй иргэдийн тоо харьцангуй өндөр буюу санхүүгийн хүртээмжийн үндсэн үзүүлэлтээр өндөр хөгжсөн орнуудтай зэрэгцэж очдог. Гэхдээ бизнесийн орчин дахь санхүүжилтийг жендэрээр ангилан харвал зөрүүтэй байдал их байна. Тухайлбал 2024 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн 49.3 хувь нь эмэгтэй харилцагчид байхад бизнесийн зээлийн ердөө 19.5 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай, эмэгтэй эзэмшигчтэй бизнест олгогдсон байна хэмээн тэрбээр танилцууллаа.

Энэ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэлтэй, улмаар өрсөлдөх чадвар нь харьцангуй сул байх нөхцөлд ажиллаж байгааг харуулж байгааг тодотгоод, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тулгарч буй хамгийн том сорилт бол санхүүжилт гэж дүгнэж болохоор байна гэлээ. Иймд бодлого, зохицуулалтаар болон салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан тэгш боломжийг бодитоор бий болгох шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Үүний тулд, Санхүүгийн зохицуулах хороо энэхүү “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдэн жендэрийн ялгааг арилгах, бизнесийн санхүүжилтийн тэгш хүртээмжийг дэмжих хамтын хариуцлагад нэгдэж буйгаа илэрхийллээ.

Мөн энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг санхүүгийн байгууллагуудын 170 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, 50 санхүүгийн байгууллага кодод нэгдэж байгааг мэдээлээд, цаашид энэхүү санаачилгад нэгдэж буй байгууллагуудын тоо өснө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Арга хэмжээ “Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргалтай хийсэн ярилцлага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Хүртээмжтэй санхүүжилт, жендэр, эдийн засгийн оролцоо хариуцсан дарга Дана Купова, “Консьюмерс Сэнтрикс”-ийн түнш Анна Гинчерман нарын хийсэн танилцуулга мэдээллээр үргэлжилж, оролцогч банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа арга хэмжээг хааж үг хэлсэн бөгөөд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр нь нэг удаагийн төсөл бус, харин системтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурь болж байгааг сайшаасан.

Монгол Улс 2024 онд энэхүү санаачилгад нэгдсэн нь манай эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих, өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх чиглэлд чухал ахиц гаргасан үйл явдал гэдгийг тодотгоод, тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” нь зөвхөн хөтөлбөр биш, харин хамтын манлайллын жишиг юм. Энэхүү хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн, илүү хүртээмжтэй, тэгш эдийн засгийн хөгжлийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Өнөөдөр бол шатны эхлэл. Бид “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын суурийг тавьж чадсан, одоо түүнийг тогтвортой хөгжүүлэх, мэдээлэлд суурилсан бодлого гаргах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор санхүүгийн урсгалд холбох цаг ирлээ. Энэхүү замналд бид ганцаараа биш, харин хамтдаа байх болно гэдэгт би итгэлтэй байна гэлээ.

Арга хэмжээний төгсгөлд Монголын банкны холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монгол Улсын Хөгжлийн банк,  Монголын хадгаламжийн даатгалын корпораци зэрэг банк, санхүүгийн байгууллагууд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр, 10 цаг 14 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр Х.Тэмүүжин гишүүний саналын үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагын улмаас хойшлуулах санал гаргаж, үүнийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан тул өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулаад санал хураалт явуулав. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 12 нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.