Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Дамдинням   “Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Далайн БАТБАЯР “ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй, компаниудтай л “БАЙЛДДАГ” газар” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж” хэмээн өгүүллээ

МАН-д “Өндөр буянтын дээрэм” гэдэг бөөн хэрүүл болж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Наранбат: Амлалтын шинжтэй зүйл ярихгүй л бол сонинд ярилцлага өгч болно DNN.mn

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчихгүйн тулд юун дээр анхаарах талаар тодрууллаа.


-Сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс хууль зөрчихгүйн тулд юун дээр анхаарч ажиллах ёстой вэ?

-Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдах гэж байна. Сонгуультай холбоотой бүхий л харилцааг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж өгсөн. Харин горилогч гэдэг нэр томьёо энэ хуульд байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэр дэвшигчийн тухай асуудал хөндөгдөнө. Гэвч одоогоор ийм статус байхгүй. Учир нь хуульд заасан болзол, шаардлагыг хангаад, цаг хугацаандаа нам, эвслээсээ нэр дэвшүүлээд, СЕХ-ноос бүртгэснээр нэр дэвшигч гэж яригдана.

Мэдээж энэ жил нэр дэвшинэ гэсэн санаа, зорилго агуулж яваа хүмүүс бий. Эдгээр хүмүүс маань Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд Хууль бус сурталчилгааг хориглох гээд зааж өгснийг л баримтлах хэрэгтэй. Энэхүү заалтад ээлжит сонгуулийн жил эхэлснээс санал авах өдрийг дуусталх буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд найман багц үйлдэл, үйл ажиллагааг хориглосон. Тиймээс эдгээрийг хийх ёсгүй. Хэрэв хийсэн бол тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болж болно.

-Тэгвэл нэр дэвших бодолтой яваа хүмүүс хурал цуглаан, уулзалт хийх боломжтой юу?

-Болно, гэхдээ хоёрхон зүйлийг л анхаарах ёстой. Энэ уулзалт, цуглаан танай байгууллагын энэ жилийн ажлын төлөвлөгөөнд орсон байх нь чухал. Түүнээс биш гэнэт л нэг нөхөр уулзалт хийгээд байж болохгүй. Дээрээс нь тухайн уулзалт, цуглаанд гарах зардлыг хэн гаргаж байгаа вэ. Энэ их чухал асуудал. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой 36 жагсаалтыг гаргаад 2020 оны Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулж өгсөн. Үүнийг эрх бүхий есөн байгууллага хянаж шалгадаг. Мөн хуулийн 48.1 дэх хэсэгт заасан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Дээрх зөрчлийг гаргасан нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчээс хасах эрх зүйн үр дагавартай.

-Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлээгүй энэ үед сонин, хэвлэлд ярилцлага өгвөл хууль зөрчих вий гэсэн болгоомжлолтой байна. Ингэж ярилцлага өгөх нь нээлттэй юү?

-Ярилцлага өгч болно шүү дээ. Гэхдээ нөгөө л сонгогчийн саналд нөлөөлөх амлалтын шинжтэй зүйл ярихыг хуулиар хориглосон зохицуулалттай. Түүнээс биш тухайн хүн өөрийнхөө удам судар, ажлын тайлангаа ярихад нээлттэй. Харин телевиз, сонин, сайтад өгсөн ярилцлагыг нь тавдугаар сарын 14-нөөс хойш давтан гаргахыг хуулиар хориглож өгсөн. Дээрээс нь хуучин бол маш олон шторк явдаг байсан.

Тэгвэл сонгогчдын авах мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ удаад мэтгэлцээн гэдэг арга хэлбэрийг оруулсан. Гэхдээ мэтгэлцээн учраас хоёр ба түүнээс дээш хүн оролцох ёстой. Ингээд тухайн нэр дэвшигч, эвсэл ямар бодлого гаргаж байгаа юм. Үүнийгээ яаж хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ гэсэн бодлогын өрсөлдөөн байдлаар явуулна. Тийм ч учраас сонгуулийн нэвтрүүлгүүдийн 50-иас доошгүй хувь нь мэтгэлцээний хэлбэр, форматаар байна гэдгийг хуульчилж өгсөн байгаа.

Монгол УлсынИх хурлынсонгуулийнтухай хуулийн48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3. Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6. Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;

48.1.8.Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэр дэвшигчид эхлээд сонинд ярилцлага өгч бодлогоо цэгцлэх хэрэгтэй DNN.mn

Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй санаатай санаандгүй ярилцлага, ярианууд олон нийтийн сүлжээ, шууд лайваар их харагдах юм. Тэгээд л эргүү тэнэг гэсэн шошгыг нүүрэндээ наалгаад сошиал сүлжээн дэх сенсацийн эзэн болох нь тэр. Элдэвлэж шоглосон meme-ий эзэн болж хусавч арилахгүй имижийг өөртөө бүрдүүлж байна.

Тэр ч бүү хэл олны танил улстөрчид ч ийм эвгүй байдалд орох юм. Хамгийн сонгодог жишээ, өвөл болохоор хүйтэрдэг гэх “афоризм”. Толгой доторх бодлоо цэгцэлж чадаагүй учраас сэтгүүлчийн асуултад цэгцтэй, бүтэн өгүүлбэрээр хариулж чадахгүй толгойгоо маажиж түгдчиж хэсэг зогсох, ямар ч утга авцалдаагүй хачин сонин хариулт хэлж шившиг болцгоож байна.

Хүний толгойд өдөрт багадаа 60 мянган бодол эргэлддэг гэдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэй тоо. “USA nation­al science foundation 2005” судалгааны товхимолд нийтлэгдсэн баримт. Юу хэлэх гээд байна вэ гэхээр толгой доторх бодлоо, бодлого хөтөлбөрөө цэгцэлж гаргах хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Үүний шалгарсан арга нь бичих. Үүнийг мөн л шинжлэх ухааны факт нотолгоотой гаргачихсан. Тиймээс эрдэмтэд, эмч мэргэжилтэн, лекторууд бодлоо цэгцлэх, сэтгэл гутралаас гарахын тулд бич гэж зөвлөдөг. Тиймээс хэн бүхэнд зөвлөхөд бич. Тэр дундаа дөрөвхөн сарын дараа улс төрийн том сорилтод орох гэж байгаа улстөрчид сонинд ярилцлага өгч өөрийнхөө бодлого, хөтөлбөрийг цэгцэл. Ундуй сундуй, орон гаран яриаг хүлээж авах сонгогч хаа ч байхгүй. Хялайж ч харахгүй. Учир нь монголчууд биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэсэн шүүлтүүрээр нэр дэвшигчдийг шүүдэг.

Тиймээс сэтгүүл зүйн хатуу дэг соёл, шүүлтүүртэй өдөр тутмын сонинд эхлээд ярилцлага өгч цэгцрэх хэрэгтэй. Нэгэнт бүтцээ гаргачихсан, тархиндаа цэгцэлчихсэн бодлогыг хаана ч, хэзээд ч торохгүй ярьчихна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Хүлгэн: Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй байдаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….

Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй ярилцлаа.


-“Номтой нөхөрлөе” клубийг яагаад байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголын залуучуудын холбооны судалгааны багаас эхлүүлж байлаа. Энэ нь оюутан байх үеэсээ л бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө санаа тавьдаг, нийгмийн идэвх сайтай оюутан байсантай холбоотой байх. Бид залуучуудад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанч үүднээс судалсан. Монголын арван иргэн тутмын долоо нь залуу учраас тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл Монгол Улсын асуудлыг шийдчихэж байгаагаас ялгаагүй. Өнөөдөр залууст архидалт, гэр бүл салалт их байна. Орон сууц худалдан авах хөрөнгөгүйгээс гадна чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газаргүй зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байгааг тогтоосон юм. Энэ асуудлууд бүгд хоорондоо холбоотой. Ажилгүй хүн архи ууна, архи уудаг хүн гэр бүлгүй. Гэр бүлгүй хүн хувийн орон сууцтай болж, амьдралаа төвхнүүлэх сонирхолгүй байх нь мэдээж.

Монголын залуучуудын холбооны гишүүн залуустайгаа хамтран эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрүүлдэг болгох тал дээр анхаарч ажиллахаар болсон. Оюутан залуус тэр бүр кино театраар үйлчлүүлж, тэнд попкорн идэж, кола уугаад байхгүй. Тэгээд ч сардаа хэдхэн шинэ кино нээлтээ хийдэг шүү дээ. Спортоор хичээллэе гэхээр дунд сургуулиудын биеийн тамирын заалыг томоохон компаниуд бүтэн жилээр түрээсэлчихсэн байсан. Гэтэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд Улаанбаатарын төв хэсэгт л гэхэд 10 мянга гаруй архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллаж байсан. Түүнээс гадна арав алхам тутамд мөн тооны ресторан, паб бий. Тиймээс залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх альтернатив маягийн клуб байгуулах санаа төрж, 2012 оны сүүлээр”Номтой нөхөрлөе” клубээ байгуулсан. Мөн клубийнхээ фейсбүүк группыг нээсэн. Эхэндээ би өөрөө өөртөө юм бичээд, түүнийг нь залуус ойшоохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Харин өнөөдөр манай фейсбүүк группт 100 мянга гаруй залуус нэгджээ. Анхандаа зөвхөн би уншсан мэдээг оруулдаг байсан бол өдгөө номын хэлэлцүүлэг, дуудлага худалдаа, номын солилцоо группт маань болохоос гадна нэгнээсээ зөвлөгөө тусламж ч авч болно. Ингэж цахим ертөнцөөр дамжуулж залуусыг номтой нөхөрлүүлж, ном уншдаггүйг нь номонд дурлуулах гэж, ном уншдаг залуусыг нь хооронд холбож, мэдээлэл солилцуулахын тул сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш идэвхтэй суртал ухуулгын ажлуудыг хийлээ.

Танай клубийг бямба гариг бүр уулзалт зохион байгуулж, шилдэг номын талаар ярилцдаг гэж сонссон юм байна?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бямба гариг бүр номын уулзалт буюу бага хуралдай зохион байгуулсаар ирсэн. Эхэндээ бид зөвхөн өөрсдийн уншсан шилдэг ном зохиолын талаар ярилцдаг байсан бол өдгөө оюун ухаанаараа нийгмийнхээ түүчээ болсон эрхмүүдтэй уулзалт зохион байгуулдаг болсон. Нөгөөдөр буюу энэ сарын 31-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай залуусыг уулзуулахаар болсон. Өмнө нь СГЗ, нэрт зохиолч Г.Мэнд-Ооёо, Пост панк яруу найрагч Б.Галсансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг 30-аад эрхмүүдтэй клубийнхээ гишүүдийг уулзуулж байлаа. Монголынхоо оюун санааны түчээлэгчдийн илтгэл, лекцийг сонсоод гарах бүрт цээжинд халуу шатдаг юм. Тэр нь энэ сонссон, мэдсэнээ гудамжинд сэлгүүцээд, баар сав хэсээд явж байгаа залуустаа хэлэхийг, тэд нарыг эгнээндээ элсүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс уулзалтууд маань маш их үр дүнтэй болсон гэж бодож байна.

Үүнээс гадна танай клубийн зүгээс “Шинэ жилийн шидэт ном” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагдсанаасаа хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн байх аа?

-Өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган номыг хандивын аянаараа цуглуулсан. “Шинэ жилийн шидэт ном” хэмээх сайн үйлсийн аяныг сүүлийн гурван жил дараалан оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Баярын өдрөөр эмнэлэгт хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмсч ороод, өвчин туссан хүүхдүүдийг хөгжөөж баярлуулан, бэлгэнд нь ном өгөхөөр тэд маш их баярладаг. Баярын дараахан “Хүүхдийг минь өвчин зовлонтой байхад хүүхэлдэйн баатрын дүрээр эмнэлэгт ирж, ном бэлэглэж, хөгжөөнт тоглоом тоглуулсан тань бие нь эдгэрэхэд маш их дэм боллоо. Хамгийн гол нь хүүхэд маань ном унших дуртай болсон” гэсэн урмын үгтэй олон захидал ирсэн шүү. Үүнээс гадна эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүдэд хүртэл хорих анги дээр нь очиж ном тарааж байсан. 2013 оны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хорих ангид ял эдэлж байгаа эхчүүд эмэгтэйчүүддээ 600 ном, 600 сарнай бэлэглэсэн.

Ер нь манай клуб байгуулагдаж, фейсбүүк групп нээгдсэнээр олон залуусыг ном уншуулахын тулд ятгаж чадсан. Манай гишүүд дунд ном уншихыг эрмэлздэг хэрнээ ямар номноос эхлэхээ мэдэхгүй олон залуус байсан. Ямар ч өгөөжгүй, сонирхолгүй ном уншвал мөнгө, цагаа дэмий үрэхээс гадна дахин ном унших хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс клубийн зүгээс тэдгээр залууст ямар мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаагаас гадна уран зохиолын ямар төрлийн ном зохиол унших сонирхолтой гэдгийг нь мэдсэний үндсэн дээр тэдэнд “тохирох” номыг санал болгодог. Эсвэл фейсбүүк групп дээрээ уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлийг гишүүд маань нээлттэй бичдэг учраас тэндээс өөрийн уншихаар төлөвлөсөн номоо үр өгөөжтэй эсэхийг мэдэж болно. Ер нь клубийн зүгээс залуу хүний уншвал зохих 10 номын жагсаалтыг удахгүй гаргана. Цаашлаад унших ёстой биш уншвал зохих гэх нэрийн дор 100 номын жагсаалт гаргана.

Хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэх, номонд дуртай болгохын тулд яах ёстой вэ?

-Эцэг эхчүүд “Хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ” гэж их асуудаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрснөө ном уншдаг байж хүүхэд түүнийг нь үлгэрлэн дагана уу гэхээс өөрснөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шаардвал утгагүй хэрэг. Гэхдээ хүүхэд ном уншиж суух нь бус ямар ном, юу унших нь чухал учраас номын агуулгад томчууд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн номын агуулгад Социализмын үеийнх шиг цензур хэрэгтэй байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг илгээхээр төлөвлөсөн. Ер нь одоогоос арав гаруйхан жилийн өмнө хүүхдүүд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор дамжуулж хүрээлэн буй орчноо таньж мэддэг байсан бол одоо “Уолт Дисней”-н эсвэл “Миша Маша хоёр” зэрэг хүүхэлдэйн киногоор дамжуулж ертөнцтэй танилцаж байна.

Интернэт, телевизор, радио зэрэг мэдээ, мэдээлэл олж авах асар олон суваг бий. Гэсэн ч ном байр суурь, үнэ цэнээ алдалгүй өнөөдрийг хүрсний гол нууц нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Өмнөх үеийнхээ ололт амжилтыг дараагийн үедээ өвлүүлэх маягаар үргэлж хөгждөг учраас хүний нийгэм урагшилдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь ердөө л энэ. Хүн төрөлхтний түүх бол урагш үргэлж тэмүүлсэн хөгжлийн түүх. Тэрхүү түүхийн амьд гэрч нь ном. Яагаад гэвэл хүн төрөлхтний бүхэл бүтэн хөгжил дэвшлийн түүхийг номноос уншиж мэдэж болно.

Номноос олж авдаг шиг гүн гүнзгий өргөн дэлгэр мэдээ, мэдээлэл, мэдлэгийг цахим ертөнцөөс олж авч чадахгүй. Хамгийн гол нь номноос уншсан, ойлгосон бүхэн мэдлэг болон хуримтлагддаг бол интернэтээс олж авсан, твиттерээс уншсан мэдээ хэрэгцээтэй байх нь тун ховор учраас хэн нэгний амнаасаа гаргаж хаясан шүлстэй хоолыг идэж, газраас хог түүж идэж байгаагаас ялгаагүй. Цахим ертөнцөд хүний тархи угаах гэсэн явуулга гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл ихээхэн байдаг. Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй гэсэн үг. Дээр нь номноос тухайн сонирхсон сэдвээр чинээнд нь тултал мэдлэг мэдээлэл авна. Телевиз сайн үйлчлэгч муу багш бол ном муу үйлчлэгч сайн багш. Ганц ном хувь хүн бүү хэл улс үндэстний хувь заяаг өөрчилсөн түүх бий шүү дээ.

– Хоёр жилийн өмнө танай клубийн зүгээс Чингэсийн талбай дээр “Чимээгүй хашгираан” хэмээх суулт хийж байсан. Чухам ямар зорилгоор энэ суултыг зохион байгуулсан юм бэ?

-Өнөөдөр сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хэдэн номын сантай байна вэ? Цөөн хэдхэн номын санд нь сүүлийн үеийн, хэрэгцээтэй ном тун цөөн бий. Өнгөрсөн хугацаанд засаг ээлжилж барьсан төрийн түшээд нэг ч номын сан бариагүй хэрнээ 10 мянган баар, ресторанд архи зарах зөвшөөрөл олгосон. Азийн бар улс болно гээд баар улс болсон шүү дээ. Энэ байдлыг эсэргүүцэн “Номтой нөхөрлөе” клубээс 2013 онд Чингэсийн талбайд суулт хийж, тэнд ном уншсан. Үүний үр дүнд Сүхбаатар Дүүргийн долдугаар хороо буюуАНУ-ын элчингийн хажууд 11 тэрбум төгрөгийн өртгөөр 12 давхар Үндэсний номын ордон баригдахаар болж, шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орох ёстой. Түүнчлэн Монгол Улсын түүхэнд анх удаагаа “Номын Сангийн Тухай Хууль” УИХ-д өргөн барилаа.

Сар шинийн баярыг угтан номын хямдралтай худалдаа зохион байгуулна гэсэн байх аа?

– Ном хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Ном уншдаг хүн үргэлж ухаарч, гэгээрч бас мэдлэг оюунаа тэлж боловсролоо дээшлүүлдэг. Гэтэл ийм зүйлийг хямдруулна, хямдхан зарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Зун нь зарагдаагүй ботинкийг өвөл борлуулах гэж, хадгалах хугацаа нь дуусах дөхчихсөн хүнсний бүтээлдэхүүн бөөнд нь зарах гэж, чанар муутай барааг өндөр үнээр зарах гээд бүтэлгүйтсэн үедээ хямдрал зарладаг гэж би ойлгодог. Номыг эдгээр бараатай харьцуулж, жиших үнэхээр утгагүй. Харин хүн тоож уншихааргүй муу номын тэнгэрт хадсан үнийг агуулгынх нь хэмжээнд хүртэл хямдруулж болно.

Ер нь зөвхөн Цагаан сар гэлтгүй баяр болгоноор хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн нь архи дарс болчихдог. Баяр тэмдэглэсний маргааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өчнөөн хүн осгож, автомашины осолд өртөж эсвэл хэрэг төвөгт орооцолдох зэргээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Тэдгээрийн дийлэнх нь залуучууд байдаг нь тун харамсалтай. Тиймээс Сар шинийн баяраар нэгэндээ бэлэг бэлгийн дээд номоо бэлэглэе гэсэн уриалга гаргасан. Өөрт хэрэггүй, өрөөлд ч ашиггүй Хятадын шампунь, сандаал, нусны алчуур хоорондоо дамжуулж, Хятадын үйлдвэрүүдэд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн оронд нэгэндээ ном бэлэглэж, цэцэн оюун бэлэглэхийг манай клубийн зүгээс уриалж байна. Тиймээс Цагаан сарын баярыг угтан номын хямдралтай бус харин өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандан юу хэлэх вэ?

-“Уншигч хүн үргэлж хождог”, “Өнөөдрийн уншигч маргаашийн удирдагч”, “Уншиж байгаа бол сэтгэж байна гэсэн үг” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе дөө.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Юу хийх, хэн хийхээ таниулж чадвал таныг сонгох ард түмэн бэлэн байна DNN.mn

Сонгуульд горилогч, нэр дэвшигчид та бүхэнд УИХ-ын гишүүн болж төр барих бүрэн боломж байна. Яагаад гэвэл нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувь нь л хэнийг сонгохоо шийдсэн судалгаа байна.
Бусад нь хэнийг ямар намыг сонгохоо хараахан шийдээгүй байгаа аж. Хуучин бол өдийд ард түмэн хэнийг сонгохоо, аль намд санал өгөхөө бараг шийдчихсэн байдаг байв. Тэр үеийн судалгаагаар өдийд гучаадхан хувь нь хэнийг, аль намыг сонгохоо шийдээгүй байдаг. Бусад нь Ардчилсан нам болон Ардын намын аль нэгэнд
Юу хийх, хэн хийхээ таниулж чадвал таныг сонгох ард түмэн бэлэн байна саналаа өгөхөө бодчихсон байдаг цаг билээ. Тэгэхээр аль намаас хэн нэр дэвших вэ, тэр нь ямар хүн бэ. Тухайн нам нь юу хийх вэ гэсэн танилцуулга хэвлэл мэдээллээр зай завсаргүй явуулж байх хэрэгтэй аж. Эхлээд нам юу хийх үү, дараа нь тэрийг нь ямар гишүүд гүйцэтгэх вэ гэдгийг ард түмэн харж байж хэнд нь, аль намд нь санал өгөхөө шийдэх гээд хүлээгээд байна гэсэн үг юм.
Сонгуульд нэр дэвших хүмүүс эхлээд сонинд яриа өгч ард түмэнд өөрийгөө таниулах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл төр засгаа байгуулах энэ үйл хэрэгт хүмүүс итгэлтэй, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсдэг. Тэрэнд нь сонин яг таардаг учраас л хүмүүсийн хандалт тасрахгүй байгаа юм. Эх сурвалж нь найдвартай мэдээлэл хэзээд үнэ өртөгтөй, түүнээ дагаад нэр хүндтэй байдаг.
Нэгэнт сонин дээр хэвлэгдээд гарчихсан ярилцлага, мэдээллийг бол цахимаар эх сурвалжийг нь зарлаж байгаад л нүдээд байх газар л даа. Та бүхэн юү хийх, хэн хийхээ таниулж чадвал таныг сонгоход ард түмэн бэлэн байх болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тада Наокацү: Нэгнээ сайн дэмжих аваас Монгол Улс улам хурдан хөгжинө DNN.mn

Япон улсын нийслэл Токио хотоос холгүй орших Ибараки мужийн “Цүкүба” төв цэцэрлэгт хүрээлэнд монголчууд цугларан, уламжлалт цагаан сарын баяраа өргөн тэмдэглэж, хол ойрын ахан дүүс дуулж, хуурдаж, бүжиглэж, бөх барилдаж, хөгжилдөн цэнгэцгээв. Тэдний дунд монгол үндэсний хүрэм өмссөн нэгэн япон хүн онцгой содон харагдана. Түүнийг Тада Наокацү хэмээх агаад эдүгээ 83 настай.

Наснаасаа ануухан харагдах нүдэнд дулаахан Тада Наокацү гуайг Ибараки мужийн монголчууд ер андахгүй. Тэр ямагт өгөөмөр гар сунгаж, юухнаар ч болов тусалж дэмждэг болохоор тэр шүү дээ. Тиймээс бүгд ихэд талархан хүндэлнэ. Бас түүний нэрийн хуудсан дээр нь: “Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Токио 2020” Олимпийн наадмын төлөөлөгч, Монголын Буудлага Спортын Холбооны зөвлөх дасгалжуулагч” гэсэн үгс дурайна.

Эл эрхэм хүмүүнтэй би хэсэгхэн зуур хөөрөлдлөө.

-Таны амьдрал монголчуудтай хэзээнээс ингэж гүнзгий холбогдов?

-Анх би 1989 онд Баруун Германд болсон Буудлагын тэмцээнд улсаа төлөөлөн үндэсний багийн дасгалжуулагчаар оролцохдоо Монголын тамирчидтай танилцаж, тэдэнтэй хөөрөлдөн баясаж билээ. Тэдний дунд Мөнхбаяр, Алтанцэцэг, Оюунаа нар байлаа. Д.Мөнхбаярыг анх харахад л маш хүчтэй, эрэмгий дайчин, хол явах хүн шиг санагдсан нь андуу байгаагүй. Яагаад гэхээр тэр тун удалгүй Барселоны олимпийн хүрэл медальтан болсон юм даа.

-Түүнээс өмнө Монголын тухай ямар ч ойлголт байгаагүй гэж үү?

-Огт төсөөлөлгүй явсан ч юм биш л дээ. Намайг их сургуулийн оюутан байхад дээд ангийн ах маань нэг дуу зааж өгсөн юм. Тэр нь Цүрүта Кожигийн дуулдаг “Моко хорока” гэдэг дуу. Санаа нь Монгол руу хэрэн одъё гэсэн утгатай. Би тэр дуугаа байнга амандаа аялан, Монголын хээр тал нутгийг сэтгэлдээ төсөөлдөг байлаа.

-Яагаад байнга аялдаг байсан юм бол. Тийм гоё дуу юм уу?

-Бүү мэд. Ямар ч байсан байнга аманд аялагддаг байв. Ялангуяа найзуудтайгаа ууж наргиж согтоод харих замдаа тувт энэ дууг л аялна. Тийм болоод тэр үү, Баруун Германд анх монгол хүмүүстэй уулзаад бөөн баяр болсон юм даг.

-Та хэд яаж хэл нэвтрэлцсэн хэрэг вэ?

-Тухайн үедээ би эхлээд тамирчин Алтанцэцэгтэй англиар муруй хазгай ярьж ойлголцсон санагдаж байна. Гэхдээ гол нь анх удаа монгол хүн харсан нь надад бөөн баяр хөөр байв. Дараа нь 1992 онд эхнэрээ дагуулан Монголд очиж, цэвэр тунгалаг агаар, байгалийн сайханд нь сэтгэлээ сэргээсэн юм. Түүнээс хойш хэдэн удаа очсон тоогоо алджээ. Паспортоо л сөхөж харахгүй бол хэлж мэдэхгүй байна.

-Нээрээ л тийм байх даа. Таныг Монголын буудлага спортын ертөнцтэй яаж холбогдсон тухай сонсвол сонин байх гэж бодож байна?

-Би 1993 онд Монголын Буудлагын баг тамирчдад сургалт зохион байгуулсан юм. Бараг бүтэн сар би монголд байлаа. Түүнээс хойш О.Гүндэгмаа 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэн намайг баярлуулж билээ. Гэхдээ би тэр үеэс зөвхөн авьяас чадалтай, сайн тамирчдыг сургаагүй. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдад их анхаарч, тэднийг сургаж дэмжихэд хүч тавьж эхэлсэн юм.

-Мэдээж, бэрхшээл их байсан байх даа?

-Байлгүй яахав. Тэр үед буудлагын спортын тоног хэрэгсэлүүд ихэнх нь Оросынх. Бас нэлээд хуучирсан загварууд байв. Тийм болохоор би юун түрүүнд орчин үеийн буу, тоног хэрэгсэл илгээж эхэлсэн юм. Хамгийн сайн буу Герман улсынх болохоор тэндээс худалдан авч, монгол тамирчдад буу бэлэглэж, хамтдаа дасгал сургуулилтаа хийцгээе гэж уриалдаг байлаа. Монголын тамирчид Европ руу тэмцээнд оролцохоор очиход нь би тэнд буу худалдан авч өгдөг байсан юм.

-Тоног хэрэгслээс илүү таны мэдлэг, туршлага дэм болсон байж таарна?

-Магадгүй л юм. Гэхдээ би хааяа тамирчдад өөрийн туршлагаа ярьж, зөвлөгөө өгөх үед тэд чих тавин анхааралтай сонсож сууснаа: “Үүнийг анх удаа л сонсож байна. Бидний арга барилаас өөр юм байна” гэхэд нь гэнэтхэн хамаг биеийн хөлс чийхарч: “Яана аа, би арай буруу ярьж байгаа юм биш байгаа?” гэж бодогдоод сандардаг байж билээ. Тэгээд Монголын багийн дасгалжуулагч ч соргогоор хүлээж аван, өөрийн туршлагаас гадна бусдаас санаа авч, өөрийн арга барилтайгаа хослуулах нь зөв гэж боддог ч байсан байх, тэд ч их хичээж явдаг учир миний арга барил, зөвлөгөө Монголын тамирчдыг өсөж хөгжихөд нь өчүүхэн ч гэсэн тус нэмэр болсон болов уу гэж найддаг.

-Монголын тамирчидтай ажилласан хугацаанд таны хамгийн их харамссан зүйл юу вэ?

-Би 2020 оны Токиогийн зуны олимпод оролцох эрх авсан монгол тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэх гээд нутгийнхаа буудлагын спортын газар, байрлах орон байр, бүх юмыг нь жин тан болгоод байлаа. Гэтэл “Ковид” цар тахал дэгдсэний улмаас тэд ирж оролцож чадаагүй. Үүнд л маш их харамсаж явдаг даа.

-Надад ч бас үнэхээр харамсалтай санагдаж байна. Ер нь та Монголын буудлагын тамирчдын төлөө маш их юм хийжээ дээ?

-Өнөөг хүртэл тэдэнд тусалж ирсэн тусламжаа мөнгөн дүнгээр тооцож үзээгүй л дээ. Тэгээд ч мөнгө чухал биш. Хамгийн чухал нь би бүх зүрх сэтгэлээ тэдний төлөө, тэднийг өсөн дэвжихийн төлөө зориулж, чин сэтгэлээсээ зүтгэсэндээ баярладаг. Миний халуун сэтгэл бол яахын аргагүй гэдгийг одоо ч мэдэрдэг. Нэг хүний буцлам халуун сэтгэлээс аливаа үйлс өргөжин тэлдэг жамтай гэдэгт би итгэдэг хүн. Миний амьдардаг Сакурагава хотод саяхан Монголоос нэг Их хурлын гишүүн айлчлан ирэхэд уулзалтад нь намайг оролцуулсан юм. Би тэр гишүүнтэй цаашдын хамтын ажиллагааны тухай ч ярьж амжсан. Юун түрүүнд би монголчууд маань нэгнээ сайн дэмжиж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж яваасай гэж их хүсдэг дээ. Тийм болохоороо зөвхөн өөрөө л болж бүтэж байвал, өөрт л ашигтай байвал бол оо гэж бодохгүйгээр бие биенээ дэмжиж яваасай гэж хэлмээр байна. Идэх юм олдвол хуваалцдаг, ажил олдвол хувааж хийдэг л баймаар байна. Нэгнээ сайн дэмжих аваас Монгол Улс улам хурдан хөгжинө гэж би үргэлж бодож явдаг. Ямар ч хүчир ажилд өөрийгөө сорьж чаддаг, юу ч байсан дайраад л ордог гал халуун сэтгэл нь монгол хүний гайхалтай чанар.

-Та ер нь монгол хүнд их элэгтэй юм аа даа?

-Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номын гол баатар Б.Цэвэгмаагийн тухай уншсан минь монгол хүний тухай бодлыг өөрчилж, их гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Гол баатар тэр бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сайн дураар тусалдаг гэдгийг сонсоод сэтгэл шулуудаж: “Би юу хийж болох вэ, ямар дэм өгч чадах вэ?” гэж өөрөөсөө асуулаа. Тэгээд өөрийн танил Касуга Юкио эмчийн “Тэмүүжингийн өргөө” орон гэргүй хүүхдүүдийг асрах газарт туслах сайн үйлсийн аянд нь нэгдэж, тэд нарт адуу, хонь, ямаа… авч өгч билээ. Намайг хоёр жилийн өмнө Монголд очиход нийслэл хотын түгжрэл нь их хэцүү байлаа.

Миний хувьд гэвэл таван жилийн өмнө эхнэрээ өөд болоход уулын энгэрт ажиллуулдаг байсан цайны газраа хаагаад, одоо гэртээ нам жим аж төрж байна даа. Монголд очоод, тэнгэр дүүрэн од мичидийг нь харж хэвтэх сэн гэж хааяа бодох л юм хэмээв.

Тада Наокацү гуай монгол хүнд яагаад тийм ихээр элгэмсүү байдгаа өөрөө ч ойлгодоггүй гэнэ. Юутай ч атугай залуу насандаа заалгаж сурсан нөгөө дуу нь одоо ч түүний амьдралын салшгүй хэсэг хэвээр ажээ. Амьдралынхаа баяр жаргал, зовлон гуниг дунд монголчуудтай хамт өнгөрүүлсэн өдөр хоног, агшин бүхэн нь түүний дурсамжид ямагт тодхон гэрэлтсээр байдаг гэнэ.

Тада сан /гуай/-аас сургалтын төлбөр болон бусад дэмжлэг, тэтгэлэг авсан олон хүн бий. Тэд цөм түүнд талархан баярлаж явдаг нь гарцаагүй. Тэдний зарим нь сургуулиа төгсөөд, ажил амьдралын гараагаа эхэлж, амжилттай яваа аж. Тэр тухай нь сонсож суухдаа би: “Нэг хүний буцлам халуун сэтгэлээс аливаа үйлс өргөжин тэлдэг жамтай гэдэгт би итгэдэг…” гэсэн Тада гуайн үгийг бодлоо.

Тийм ээ! Чухамдаа тийм сэтгэл л олны урмыг тэтгэж, цаашлаад үндэстний оршихуйд, бүр цаашлаад улс орны хөгжил дэвшилд тус дэмээ өгдөг биш үү?

Манай сонины япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэнийхээ үзэл бодлыг үгүйсгэж, залруулга гаргасан цагдаагийнхны хар тамхи, мөрийтэй тоглоомд холбогдсон хэргүүд DNN.mn

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” хэмээн бичсэн. Харин түүнийг нь Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын цахим хуудсанд “Худал мэдээлэл” хэмээн тамгалж, залруулга гаргасан нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэгвэл ингэж иргэдийнхээ үзэл бодлыг шүүж, зөв буруугаар нь ялгаж суугаа цагдаагийнхны холбогдож байсан хар тамхи, мөрийтэй тоглоомуудын хэргүүдээс заримыг нь товчлон хүргэж байна.

Ÿ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл нарт холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр болсон. Ингээд шүүхээс Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэж, Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байлаа.

Ÿ Ноднин жилийн 11 дүгээр сарын 16-нд ЦЕГ-аас мэдээлэл хийж, цахим мөрийтэй тоглоомын асуудалд цагдаагийн алба хаагч холбогдсон талаар мэдээлэл өгч байв. Тухайн үед Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Цахим мөрийтэй тоглоомыг үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр холбогдсон. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийн албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан.

Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлсэн” гэсэн юм.

Ÿ Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлж байсан. Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг ноднин жилийн 12 дугаар сард нэмж, ахмад цол олгосон байдаг. Түүнтэй хамт нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.

Ÿ Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 8-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг иргэн А.Дэлгэрдалай болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн зурагтай сэрэмжлүүлэх хуудас Их сургуулийн гудамжаар тараагдсан. Тухайн үед иргэн А.Дэлгэрдалай нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч нэр бүхий цагдаа нарын “хамгаалалт” дор дахин мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хохироож эхэлсэн гэж байв.

Ÿ Тээврийн цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг 2019 онд илрүүлж байсан билээ. Үүний улмаас тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байлаа.

З.Боргилмаа: Цагдаагийнбайгууллага өөрсдийгөө өмөөрч бусдыг гүтгэдэг

Сэтгүүлчийн үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг цагдаагийн байгууллагаас хэрхэн зөрчдөг талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас тодрууллаа.


-Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн бодлоо сошиалд бичсэнийг ЦЕГ-ын цахим хуудсаар худал мэдээлэл хэмээн залруулга гаргасан нь шүүмжлэл дагуулж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэх шаардлага МСНЭ-д удаа дараа үүсч байсан. Сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэж явахад саатуулах, камер хэрэгслийг нь эвдэх, биед нь халдах явдал өмнө нь хэд, хэд гарч байсан. Харин сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх ашгийг хөндлөө, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийллээ гэсэн мэдэгдэл, сануулгыг бид тухай бүрд нь өгдөг. Гэтэл үүний дараагаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ шууд гүтгэдэг. Тухайлбал, Зайсангийн аманд байсан амралтын газрыг нураах үйл явцыг сурвалжилж байсан Парламент телевизийн сэтгүүлчийн камерыг нь эвдээд, гар утсыг нь дураараа үзэж, бүтэн шөнө саатуулсан. Үүний дараа цагдаагийн удирдлагууд тухайн сэтгүүлчийг согтууруулах зэрэгтэй байсан гэж мэдээлсэн. Гэтэл тэр сэтгүүлч эмэгтэй тухайн үедээ бие давхар байсан. Ингэж өөрсдийн хийсэн буруутай үйлдлээ нийгэмд зөв мэтээр ойлгуулахын тулд цагдаагийн байгууллага шууд гүтгэдэг. Өөр олон жишээ бий. Үндсэн хуулиараа бид чөлөөтэй үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэтэл цагдаа хүний үзэл бодлыг шууд цензурддэг. Буруу, худлаа бодож байна гэдэг. Ч.Лодойсамбуугийн посттой холбоотой асуудал ч гэсэн нэг бодит жишээ боллоо. Уг нь буруу бодсон, нэр хүндэд халдсан эсэхийг эцсийн дүндээ шүүх тогтоодог.

-Хар тамхи, мөрийтэй тоглоомын асуудалд цагдаагийнхнаас холбогдож байсан тохиолдлууд өмнө нь гарч байсан?

-Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хүмүүсийг л шийтгээд байдаг. Гэтэл ханган нийлүүлж байгаа хууль бус сүлжээг илрүүлж, тэмцэж байгаа гэсэн мэдээллийг би сүүлийн хэдэн жил огт харж байгаагүй. Үүн дээр асуудал байдаг. Ийм мэдээлэл гарахгүй байгаа нь өөрөө баримт гэж үзвэл үүнд үндэслээд иргэн өөрийн үзэл бодолтой болно. Энэ бол хий хоосноор цагдаагийн нэр хүндэд халдах гээд байгаа зүйл биш. Үүнийг чөлөөт үзэл бодол гэж зөвшөөрөхгүй, худал мэдээлэл гэж байгаа нь цензурдэж байгаа явдал. Цагдаа бусдын үзэл бодлыг шууд үнэн, худлыг нь тогтоодог байгууллага болж хувираад байгаа нь бидний зорьж байгаа ардчилсан нийгэмд харш зүйл.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн жилүүдэд ухраад байгаа нь цагдаа, хүчний байгууллагуудын энэ мэт үйлдлүүдтэй холбоотой байж болох уу?

-Олон хүчин зүйл хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлж байгаа л даа.

-Нөлөөлж байгаа нэг зүйл нь мөн үү?

-Мөн шүү дээ. Төрийн нэрийн өмнөөс эрх мэдлийг авч ажиллаж байгаа хүчний байгууллага гэдэг бол нэг талын эрх ашгийг хамгаалах зорилготой боловч нөгөө талын эрх ашгийг хөндөж байдаг субъект. Тийм учраас энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн эрх чөлөөнд маш мэдрэг үзүүлэлт. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохгүйгээр гомдолтой, гомдолгүй шалгадаг. Ингэх явцдаа тухайн сэтгүүлчийн хувийн байдлыг гаргаж ирж зарладаг асуудлууд цагдаа дээр ажиглагдаад байгаа. Өөрийн албан цахим хуудсаараа биш ч гэсэн албан бус хуудсуудаар дамжуулан мэдээллээ өгдөг гэсэн гомдол сэтгүүлчдээс гаргаж тавьсан. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хүчний байгууллагын дарамт. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгах явцдаа ч гэр бүлийн байдлыг нь сошиалд гаргаж тавьсан. Гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан тэр бичлэг хүчний байгууллагад л байна шүү дээ. Харин энэ мэдээллээ цагдаа дотроосоо гаргаж тавиад байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайрлахгүй байхын аргагүй хүн бол эмэгтэйчүүд DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртөө биш ээ. Бүх өдөр, цаг, минут бүр л эмэгтэйчүүдийнх байх ёстой. Энд жендер гэж яриад ямар ч хэрэггүй.

Учир нь эмэгтэйчүүдтэй асуудал дэвшүүлж маргалдах эрчүүд сүүлдээ өөрийгөө тэнэг байдалд л оруулдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Эрчүүд зөв өнцгөө бариад маргаан үүсгэлээ гэж бодсон ч хэзээд эмэгтэйчүүд зөв гэх өнцгөөс нь бурууг харж бидний эсрэг баттай баримт олчихдог. Тэр гаргаж ирсэн баримтынх нь эсрэг бид юу ч яриад нэмэргүй. Учир нь эрчүүдийн эсрэг эмэгтэйчүүдийн барьдаг нотлох баримтуудыг хайр баталгаажуулдаг болохоор тэр. Хайрын эсрэг тэмцэнэ гэдэг инээдтэй асуудал. Ёстой нөгөө хайрын хүч гэдэг чинь эмэгтэйчүүдэд л байдаг юм биш үү гэлтэй.

Эмэгтэй хүн урт үстэй ч ухаан богинотой гэх үг бий. Үнэндээ эрчүүд бидний хэлдэг хамгийн муухай үг нь л энэ. Эннээс өөр эмэгтэйүүчдээ муухайгаар хэлэх ямар ч боломжгүй. Энэ дайны үг олдсонд эрчүүд бид харин ч баярлах ёстой. Үнэндээ энэ үг ч эмэгтэйчүүдэд тэгж их таардаг гэвэл бас л өрөөсгөл. Харин ч эсэргээрээ эрчүүд бидний үс ахар адил ухаан нь богино байх жишээ олон. Цэцэрлэгт байхдаа улаан хацартай мяраалаг шар охины гарт атгуулснаар эмэгтэйчүүдийн сүр хүчийг анх мэдэрч билээ. Дараа нь арван жилдээ тохой нийлүүлэн суусан Маралмаад атгуулсан. Бүр базуулсан. Бие засахдаа хүртэл Маралмаагаас асуудаг байж билээ. Оюутан болоод арай учиртайсан гэж бодсон ч оюутны холбооны дарга охинд жинхэнэ чангалуулдаг болсон. Төгсөөд нэг хэсэгтээ эмэгтэйчүүдийн базаанаас гарлаа гэж бодсон ч үүлэн чөлөөний нар мэт хугацаанд л жаргаж явсан юм билээ, одоо санахад.

Өдгөө насаараа базуулах эмэгтэйтэйгээ учирсандаа би баяртай байна… Баяртай гэж хэлж байгаа нь “базуулчихсаных” шүү дээ… Гэхдээ энэ ертөнцөд хайрлахгүй байхын аргаггүй хүн бол эмэгтэйчүүд билээ л…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Одсэржмаа: Энхтайваны корпусаар дамжуулж манайд бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой DNN.mn

АНУ ба Монгол Улсын түншлэлийн нэг хэлбэр нь Энхтайваны корпус юм. Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн, “Ameri­can Conversational Eng­lish” төслийн удирдагч Д.Одсэржмаа болон АНУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын англи хэлний багш нартай ярилцлаа.


-Танай байгууллага хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Дэзэрэт олон улсын байгууллага нь дэлхийн 200 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 1993 онд байгуулагдсан. Түүнээс хойш хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор “American Conver­sational English” төсөл маань амжилттай явагдаж байна.

-Ямар чиглэлээр түлхүү сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Манай байгууллага нь боловсролын болон эрүүл мэндийн чиглэлээр ихэвчлэн төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг.

Тухайлбал, ундны усны хүрэлцээ сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, сургууль цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн хагалгааны өрөө тохижуулах, хараа зүй болон нярайн өвчлөлийн эсрэг зэрэг олон төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын хувьд англи хэл, донтолтоос ангижруулах, бие даах чадвар хөгжүүлэх, боловсрол, санхүү, ажил мэргэжлийн, сэтгэл зүйн зэрэг суурь мэдлэг олгох хөтөлбөрүүд байдаг. ACE буюу American Conversational English хөтөлбөрийн зорилго нь англи хэлний ярианы чадвар сайжруулахад чиглэсэн. Америк багш нартай гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо хэлийг орчинд нь байгаа мэт сурах боломж бүрдэж байгаа юм.

-Аль улсаас сайн дурын багш, сургагч нар ирдэг вэ?

-Сайн дурын багш нарын ихэнх нь АНУ-аас ирдэг. Жишээлбэл хоёр багш маань Флорида, Айдахо мужаас ирсэн.

-Нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөлөл, үр дүнгээ хэрхэн харж байна?

-Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи хэл дэлхий нийтийн хэл болсон өнөө цаг үед англи хэлний чадвараа сайжруулах нь өнөөгийн нийгмийн хүмүүсийн дунд буй өндөр хэрэгцээ, шаардлага. Манай сургалтад хамрагдсан хүмүүсээс олон улсын англи хэлний шалгалтаа амжилттай давж, гадаадын их дээд сургуулиудад элсэж суралцсан олон залуус бий. Мөн хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил мэргэжилдээ амжилт үзүүлэх, салбартаа манлайлах гэх мэт олон боломжууд нээгддэг.

-Иргэд ямархуу хэмжээнд хамрагдаж байна. Ямар хандлагатай байна?

-Иргэд тун нааштай хүлээн авч байна. Монголчууд бид англи хэлний бичгийн дүрмээ сайн мэддэг хүмүүс. Гэвч ярианы чадвар, дуудлагаа сайжруулах, унаган англи хэлтэй хүмүүстэй ярилцах боломж тэр бүр байдаггүй. ACE хөтөлбөр нь энэ боломжийг олгож байна. Дээр нь сургалтууд маань үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй. Хүн өөрөө л хүсвэл англи хэлээ сайжруулж, цаашид ахисан түвшний боловсролын байгууллагуудад суралцах, ажил мэргэжилдээ өсч хөгжих боломжууд асар их байна. Манай байгууллага дээр зөвхөн хүүхэд, залуус гэлтгүй бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой.

-Одоо англи хэлний сайн дурын багш нараас асуултууд асууя. Та хоёрыг хэн гэдэг вэ. Хаанаас ирсэн бэ?

Dawson K.Woolley: -Намайг Dawson гэдэг Монгол ирээд 18 сар болсон байна. АНУ-ын Флорида мужийн Понтэ Вэпрагаас ирсэн.

Marcus B. Heemeyer: -Би Айдахо мужийн Мэридиан хотоос ирсэн. Намайг Mar­cus гэдэг. Монголд ирээд 14 сарын хугацаа өнгөрсөн байна.

Манай байгууллагад сайн дурын ажил хийх боломжууд их байдаг. Бид сайн дурын ажил хийх хүсэлтээ явуулахад, Монгол Улсад ажиллахаар хуваарилагдсан байсан. Монголд ирэх болсноо мэдээд их сайхан санагдсан.

-Монголын ямар соёл, хоол хамгийн их таалагдаж байна?

-Цагаан сарын баяр маш их таалагддаг. Би хувьдаа монгол хоолнуудаас хорхогт хамгийн дуртай. Хорхог хийх арга нь их өвөрмөц сонирхолтой санагддаг. Чулуу, 40 литрийн бидон ашиглаж байгаа нь их өвөрмөц. Амт нь түүнээсээ болоод гоё байдаг. Мөн хуушуурт дуртай. Хуушуур дундаа наадмын халиартай хуушуур хамгийн гоё нь.

-Монголд ирэхээс өмнөх болон дараах сэтгэгдэл ямар байна?

-Монголын талаар ирэхээсээ өмнө сайн мэддэггүй байсан. Одоо сэтгэгдэл маш өндөр байна. Маш сайхан байгальтай, ёс заншил, уламжлалтай. Монгол үндэсний хувцас их тансаг. Миний бодлоор монголчууд их мэдрэмжтэй хувцасладаг хүмүүс шүү. Өвөрмөц соёл, ёс заншилтай. Харин уур амьсгалын хувьд хүйтэн байна.

-Хэдээс хэдэн насны хүмүүст хичээл орж байна?

-Насны хязгааргүй болохоор бид бүх насны хүмүүст хичээл заадаг. Суралцахаар ирж байгаа хүмүүс үсгээ мэддэг байхад хангалттай.

-Долоо хоногийн хэдэн өдөр хичээл ордог вэ. Ачаалал их байна уу?

-Долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад хичээл заадаг. Ачаалал бага байдаг.

-Сурагчид нь хурдан сурч байна уу?

-Хичээлийн турш ярих боломжийг суралцагчдадаа олгохыг зорьдог. Хүмүүс буруу ярих вий, зөв дуудлагаа дуудахгүй байх вий гэж бие барих үйлдэл ажиглагддаг. Тиймээс ичиж зовохгүй ярих хэрэгтэй. Хэлийг ярьж байж л сурна шүү дээ. Хүүхдүүд амархан сурдаг.

-Хичээл заах хөгжилтэй байдаг уу?

-Мэдээж хэрэг зугаатай байдаг. Хичээлийн үеэр тоглоом тоглоно, дуу сурна. Хичээлээ аль болох уйтгартай биш, сонирхолтой, бүтээлч байдлаар заахыг хичээдэг. Бас манай хөтөлбөр царайлаг багш нартай шүү.

-Гэрээ санаж байна уу?

-Үгүй дээ, одоогоор санахгүй байгаа. Монгол бол миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Би Монголд хайртай шүү. Гэхдээ Америк дахь гэр бүлээ хааяа бодож санадаг гэдгээ нуухгүй ээ.

-Монголд хийж үзмээр зүйлс бий юү?

-Морь унах хүсэлтэй байгаа. Монголд морь их байгааг мэддэг ч хараахан морь унаж амжаагүй явна. Мөсний баяр болон Бүргэдийн баяр үзмээр байна.

-Монголчуудын ямар зан таалагдаж байна?

-Монголчуудын зочломтгой зан таалагддаг. Монгол айлд орох үед өөрийнхөө гэртээ орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ирснээсээ хойш зөндөө олон найз нөхөдтэй болсон. Дахин Монголд ирэх бодолтой байгаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Төмөр зам, авто замын салбарт Герман улсын хөрөнгө оруулалтыг татна DNN.mn

ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Таны урилгаар Герман улсын тээврийн сайд манай улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Тээвэр бол манай хоёр орны харилцааг ойртуулах гүүр нь. Тиймээс энэ удаагийн айлчлалд талууд ихээхэн ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийж байсан. Энэ хүрээнд Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд ноён Фолкер Виссингтэй уулзаж, зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр зам, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад Евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухалыг онцолж, байр сууриа илэрхийлж байсан.

Мөн Ерөнхий сайдын энэхүү айлчлалын үеэр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоорондын харилцааны түвшинг ахиулж стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж зам, тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Энэ хүрээнд тус улсын тээврийн сайд манайд улсад айлчилж байна.

-Ерөнхий сайдын айлчлалаас гадна саяхан Герман улсын Ерөнхийлөгч манай улсад ирсэн шүү дээ…?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад айлчилсан. Энэхүү төрийн айлчлалын үеэр “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан байдаг. Тэгвэл энэхүү айлчлал ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад төрийн айлчлал хийгдсэний дараа хийгдэж буй томоохон арга хэмжээ болж байна гэсэн үг.

Айлчлалын бүрэлдэхүүнд Герман улсын сайдаас өөр ямар хүмүүс ирсэн бэ?

-Хоёр хоногийн өмнө талууд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр талын албан ёсны уулзалт хийж, Төрийн ордонд өргөтгөсөн уулзалтаа эхлүүлсэн. Айлчлал маргааш өндөрлөнө. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн хатагтай Изабэль Кадемартори, Бундестагийн гишүүн ноён Валентин Абель болон Холбооны Цахим хөгжил, тээврийн яамны албан тушаалтнууд, Холбооны Автозамын газар, Холбооны логистик, хөдөлгөөний газрын холбогдох албан тушаалтан болон мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буйн тод илрэл гэж бид үзэж байгаа.

БНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингийн хийж байгаа айлчлалын хүрээнд яг ямар төсөл, хэлэлцээр хийгдэхээр байна вэ?

-Юуны өмнө хоёр улсын хооронд хийгдэж байгаа энэ олон албан ёсны айлчлалын үр дүнд Монгол Улстай холын Герман илүү ойртоно. Герман бол Евро стандартын эх нутаг. Монгол Улсын хувьд стандарт гэдэг зүйлийг илүү тодорхой болгох, тэр дундаа салбар бүрдээ Европ стандартыг нутагшуулж чадвал эдийн засаг, улсын хөгжлийн хурдасгуур гэж харж байгаа. Тэр дундаа Зам тээврийн салбарт Европын стандартыг оруулж ирэхийг бид зорьж байна. Нөгөөтэйгүүр Герман бол манай улсын гуравдагч хөршийн хувьд тус улстай 50 жилийн түүхтэй дипломат харилцаагаа өргөжүүлэхэд зам тээврийн салбар гүүр нь болно. Тэр ч утгаараа саяхан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгохоор Фолькер Виссинг сайд хүрэлцэн ирээд байгаа хэрэг.

-Герман улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зам тээврийн салбартай холбоотой цөөнгүй хэлэлцээрт гарын үсэг зурсан санагдаж байна. Тэгвэл үүнийг албан ёсоор ажил хэрэг болгох зорилгоор ирсэн гэж ойлгох уу?

-Тийм. Тухайлбал, авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг ойрын үед ажил хэрэг болгож тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо. ХБНГУ-ын Франкфуртээс гадна Берлиний нислэг сэргээн, Мюнхен хот руу нислэг үйлддэг болж хоёр талын нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх тал дээр тохиролцлоо. Мөн хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх асуудлыг хэлэлцлээ. Германы стандартыг Монголд нутагшуулахын тулд авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, Германд бэлтгэж буй инженер техникийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх боллоо. Монгол Улсын хувьд хамгийн чухал нэг асуудал бол хөрөнгө оруулалт. Тэр утгаараа төмөр зам, авто замын салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах асуудлаар хэлэлцлээ. Мөн зам тээврийн салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Энэ мэт бодит үр дүн, шийдвэрүүдийг гаргасан ажил хэрэгч айлчлал болж байна. Түүнчлэн миний бие ХБНГУ-ын холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссингтэй Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Э.МӨНХТҮВШИН