Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Б.Түвшинтэй ярилцлаа.
-Манай улсын одоогийн эдийн засгийн бодит нөхцөл байдал яг ямар байна гэж та дүгнэх вэ?
-Эдийн засаг гээд шууд ярихаасаа өмнө бид төр, засаг гэдэг ойлгоцынхоо философлиг сэтгэлгээгээ жаахан тэлэхгүй бол хагас социализм, хагас зэрлэг капитализмын дунд гацчихсан. Тэгээд төр нь бүх зүйлийг мэдээд байдаг. Өнөөдөр төр бол маш сайн эдийн засагтай. Бүр хэт баяжчихсан байгаа. Төр нь баяжаад иргэн нь баяжихгүй зүйл рүү л явчихлаа. Ингэхэд төр чинь баяждаг зүйл үү. Тийм их эрх мэдэлтэй байх хэрэгтэй юү гээд харахаар гажуудчихсан. Төр гэдэг субьектын талаас авч үзэхэд л зөвхөн татварын орлого нь сүүлийн 10 жилд 40 дахин нэмэгдсэн. Мөнгө огт дутаагүй. Одоо ганцхан орж ирж байгаа орлогуудаараа иргэдээ яаж чинээлэгжүүлэх юм гэсэн бодлогуудаа бодож эхлэхгүй бол одоогийнхоороо яваад байвал дампуурна.
-Төр нь ингэтлээ баяжсан учраас л төрийн өмчит компаниудын хулгай гараад байна уу?
-Саяхан 40 их төгрөгийн хулгай гээд баахан ярьсан. Тэр чинь жижиг Тавантолгойн жаахан хэсэг шүү дээ. Тэгэхээр төрд мөнгө огт дутаагүй гэдгийг дахин хэлье. Харин төрийг яаж удирдах юм. Төрийн санхүүг хэрхэн зөв болгох вэ гэдгийг мэргэжлийн түвшинд явуулахгүй бол энэ байдлаараа дампуурна гэж хэлээд байгаа юм.
-Тэгвэл энэ асуудлыг яаж зөв болгох юм бэ?
-Хөгжлийн банкны асуудал олон нийтэд дэлгэгдсэн. Үүн дээр сэтгүүлчдэд баярлалаа гэж хэлье. Энэ мэт асуудлыг олон нийтэд дэлгэж тавьдаг сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд цаашдаа хамтрах хэрэгтэй. Төрийн ойлголт нь гажуудсан учраас бүгдийг нуудаг болгочихсон юм. Ер нь хулгайгаас хамгаалах цорын ганц арга бол нээлттэй, ил тод төсөв санхүү. Гагцхүү үүнийг нь мэргэжлийн түвшинд гаргаж ирэх хэрэгтэй. Бүх төсөв, санхүүгийн зорилгуудыг тодорхой, нээлттэй болгох ёстой. Одоо манайд төрийн аудит гэж байна. Гэтэл төрийн аудит нь төрдөө үйлчилж байгаа цагт хулгай алга болохгүй. Уг нь шалгаад олон нийтэд танилцуулдаг, мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлт өгдөг байх ёстой юм. Жилд бид 20-40 их наяд төгрөгийг улсын төсөвт зарж байна. Гэтэл үнэ цэн хадгалсан юм байхгүй. Одоо Засгийн газрын 31 тэрбум төгрөг гээд байгаа ч яг бодитой хөрөнгө оруулалт алга. Олон улсын зээлүүд нь улам л өсөөд байдаг. Тиймээс үүнийг хамгийн үр ашигтай болгох хэрэгтэй. Улсын хэмжээнд, байгууллага, хувь хүний хэмжээнд яаж үр ашгийг тооцох вэ гэсэн олон улсын аргачлалууд бий. Энэ аргачлалуудаар хүмүүсийг мэдлэгжүүлж, мэдээлэлжүүлж байж л сайжирна. Төрөө бие даасан субьект гээд ойлгочихсон болохоор төр нь баяжаад иргэдэд хүртээмж байхгүй. Харин хүртээмжтэй болгох арга нь зөвхөн халамж болчихоод байна. Тиймээс иргэдээ чинээлэгжүүлэх загварыг гаргаж, ирээд түүнийг нь төр зохицуулдаг байх хэрэгтэй. Түүнээс биш төр нь баяжиж үзлээ шүү дээ. Ингэхээр маш их хулгай гарч, ард түмэн ядуурч, цөөхөн хэдэн олигарх улам баяжиж байна. Энэ чинь улам цаашаа явбал улсын тусгаар тогтнол алдагддаг.
-Төр засгаас эдийн засаг долоон хувиар өссөн. Дэлхийд хоёрт орлоо гээд байгаа. Гэтэл энэ өсөлт нь ард түмний амьдралд мэдрэгдэж, хаалгаар нь орж ирэхгүй байна гэх гомдол гарч байна л даа. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Эдийн засгийн өсөлтийг орлогын, зарлагын, үйлдвэрлэлийн гэсэн гурван аргаар тооцдог. Манайд үйлдвэрлэлийн аргаар тооцох боломжгүй. Тиймээс орлого, зарлагаар тооцдог юм. Харин зардлын арга дотор улсын төсвийн зарж байгаа зардал дээр иргэдийн зардлыг нэмж анализ хийдэг. Гэтэл улсын орлого, зарлага нь асар их өссөн. Харамсалтай нь ард иргэдийн зардал огт өсөөгүй. Уг нь иргэдийн зардал өсвөл тэд чинээлэг байна гэсэн үг. Цөөхөн хэдэн компанийн зардал өссөнөөр тооцчихоод байна.
-Тэгэхээр манай эдийн засгийн өсөлт худлаа гэсэн үг үү?
-Тоон талаасаа үнэн л дээ. Гэхдээ мөн чанар талаасаа болохоор ямар ч хүртээмжгүй байгаа биз дээ. Тэгэхээр иргэдийн амьдрал дээшлээгүй, орлого нь нэмэгдээгүй учраас яг чанартай өсөлт биш. Бид мөн чанараас зугтаасан. Одоо аливаа зүйлийг ярихдаа ч гэсэн шийдэл нь юу юм л гээд байдаг. Гэтэл агуулга, философи нь юу вэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй юм. Төсвөө сайн хийдэг газрууд энэ төрлийн татвараар бид ийм зүйл хийнэ гэдгээ Засгийн газар нь тайлагнадаг. Гэтэл манайд тийм юм алга. Сүүлийн үед НӨАТ-ын орлого өссөн. Гэтэл үүгээр юу хийв. Тэр нь нийтийн эрх ашигт нийцэж байгаа юу гээд тайлагнаж, хэлэлцэх ёстой. Харамсалтай нь баахан татваруудаа холиод хэрэгтэй, хэрэггүй том юм яриад л дуусгаж байна.
-Тэгвэл бидэнд одоо нэн тэргүүнд хийж болох, хэрэгтэй зүйл нь юу байж болох вэ?
-Манай улс өнөөдөр 70-90 сая малтай. Дунджаар нэг жилд 20 саяар өсдөг. Иргэд, малчдын гар дээр байгаа энэ баялгийг үнэ цэнтэй болгох нь төрийн үүрэг. Энэ үүргээ ухамсарлах хэрэгтэй. Санхүүгийн инженерчлэл гэж ойлголт бий. Үүгээр харах юм бол малчид нийгэм дэх үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Тэд чинь жижиг хэмжээний үйлдвэрлэгчид. Харин тэдний өсгөж үржүүлээд, хийж үйлдвэрлээд гаргаад ирсэн бүтээгдэхүүнүүдийг яаж үнэ цэнтэй, Монгол Улсын давуу тал болгох вэ гэдэг бодлогыг төр засаг нь хийх ёстой. Даанч малаа өсгөсөн хүнийг төр нь бэлчээрийн даац хэтэрлээ, үр ашигтай цөөн малтай бол гэх зэрэг утгагүй байдлаар шахдаг. Зүй нь төр үр ашигтай болгоод өгчихсөн бол малчид тэгтлээ малаа өсгөх гээд улайрахгүй шүү дээ. Одоо чинь амьжиргаанд нь хүрэхгүй байгаа учраас л малаа өсгөөд байгаа юм. Судалгаагаар 300 богтой байж дөнгөж амьжиргаандаа хүрдэг гэж гарсан байна лээ.
-Мал, махаа үнэ цэнтэй болгохын тулд яах ёстой вэ?
-Баахан махны үйлдвэртэй болох тухай л яриад байна. Гэтэл хамгийн чухал зүйл нь малыг хураан цуглуулах тогтолцоо юм. Малчдаас хэдэн малыг нь тасралтгүйгээр цуглуулах юм. Түүнийг нь хаана боловсруулж, хаашаа гаргах вэ гэсэн зүйл нь тодорхой болж байж хүмүүс хөрөнгө оруулна. Энэ зах зээл рүү одоо орох гэхээр манай бизнесмэнүүдэд томдоод байгаа юм. Саяхан 30 мянган хонь экспортлох тухай ярихад л дийлэх хүн гараагүй. Гэтэл манай улс жилд 20 сая мал гаргаад байх боломжтой. Үүний нэгдсэн тогтолцоо гэхээр махны үйлдвэрүүд гэж бодоод байдаг. Гэтэл тэр чинь ложистикийнх нь нэгээхэн хэсэг. Бидэнд даанч ложистикийн тухай ойлголт огт алга. Хамгийн гол өртөг зардал шингэдэг зүйл чинь давтамжтайгаар цуглуулах. Сар бүр 30, 40 мянган мал нийлүүлье гэвэл худалдан авагч олдоно. Даанч арай гэж цуглуулаад 2000 хонь нийлүүлье гээд очихоор тоохгүй байна шүү дээ. Тиймээс нэгдсэн том ложистикийн тогтолцооны загварыг гаргаж ирээд малчдыг тогтмол орлоготой болгох хэрэгтэй. Түүнээс малаа зарах зах зээлийг нь бэлдэж өгөөгүй байж малаа өсгөлөө, арьс шир, ноос ноолуураа эргэлтэд оруул гэж заана гэдэг чинь утгагүй.
-Одоо чинь эрчимжсэн мал аж ахуй гэж яриад байх болсон?
-Монгол Улсын соёлын өв, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой зүйл бол нүүдэлчин аж ахуй, соёл. Цаашдаа ч дангааршлын баталгаа хэвээр байх болно. Түүнээс биш бүгд аж үйлдвэржсэн эдийн засаг руу явна гэдэг бол худлаа. Фермерүүд хөгжвөл хөгжиж л байг, хослоод л явах ёстой. Яваандаа нүүдэлчин ахуй амьдрал улам л үнэ цэнд орно. Ийм цаг үед бэлэн байгаа зүйлээ жаахан тордчих л хэрэгтэй. Бид чинь байгалиасаа маш сайхан амьдралын хэв маяг, эдийн засагтайгаа төрчихсөн ард түмэн. Айлаас эрэхээр авдараа уудлаад жаахан бодох л хэрэгтэй байна. Би өөрөө үндэсний ардчилсан үзэлтэй хүн. Тийм ч учраас үндэсний аж ахуйгаа сэргээх эдийн засгийн бодлого боловсруулах хүсэл мөрөөдөлтэй. Одоо яг судалгаан дээрээ ажиллаж байгаа. Малчин гэдэг чинь үйлдвэрлэгч гэдгийг л бид сайтар ойлгомоор байгаа юм. Нэг малчин 300 хоньтой байлаа гэхэд дараа жил нь төлөө бүрэн авбал багадаа 450 хоньтой болно. Харин төр засгаас зохицуулалтыг нь сайн хийж өгөөд тухайн айлаас жилдээ 150 хонийг нь аваад байдаг зах зээлийг бий болгочихвол тухайн малчин чинээлэгжээд л явчихна. Тиймээс малаа заавал мянга хүргэх гэж зүтгэхгүй шүү дээ. Ингэж эдийн засгийн эргэлтэд оруулж өгөхгүй болохоор малаа өсгөөд байдаг. Харамсалтай нь ган, зуд болохоор өнөөдүүл нь үхчихээд байна. Иймд Монгол Улсад байгаа бүхий л баялгийг үнэ цэнтэй болгох бодлоготой хүмүүсийг сонгох хэрэгтэй байгаа юм.
-Энэ жил нийт нутгаар зудтай байлаа. Тэгвэл малчдын дунд малаа даатгах ойлголт хэр байдаг юм бол. Даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг нь барагдуулах боломж бий юү?
-Уг нь айл өрхүүд тусдаа даатгуулдаг байдал хөгжих ёстой. Гэвч даатгалын сэтгэлгээ тэр бүр хөгжөөгүй учраас малын индексжүүлсэн даатгал буюу бүс нутгаар нь даатгуулчихдаг. Тухайн бүс нутагт малын хорогдол их гарсан тохиолдолд хохирлыг нь төлдөг. Өмнө нь Баянхонгор аймагт ганц болоод бүс нутгийн хэмжээний том хохирол гарахад нөхөн төлбөрийг нь шууд авч байсан.
-Нөхөн төлбөр нь хувь малчдад яаж очдог юм бэ?
-Даатгуулсан малчдадаа түгээгээд л өгчихдөг. Даатгуулаагүй малчид мэдээж нөхөн төлбөр авах боломжгүй. Цаашдаа даатгал манай улсад хөгжих л ёстой. Одоогоор даатгуулах соёл хөгжөөгүй учраас хувь мачлдын даатгал ч хөгжихгүй байна. Уг нь бол маш бага мөнгөөр их эрсдлийг хаадаг зүйл шүү дээ.
-Та АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн тойргоор явна. Таныхаар энэ тойрог хуваалт хэр зөв зүйтэй зүйл вэ?
-Ер нь тойргийг томруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Хэтэрхий жижигхэн тойрогт усалгааны системтэй явж ирсэн. Харин бүсчилсэн байдлаар шийдсэн нь төр барьж байгаа намыг л ялах, давуу байдал олох тактик байх. Гэхдээ нэгэнт шийдвэр гаргах эрх нь тэнд байгаа учраас түүгээр нь л явна. Тойрогтойгоо уялдуулаад бүсчилсэн эдийн засаг гэж ярьж байна. Гэхдээ эдийн засгийнхаа суурь ойлголтоор бол өөр асуудал. Бид чинь хүн амын тоогоороо авч үзвэл жижигхэн эдийн засагтай. Тэгэхээр хүн амыг хэрэглэгч гэж үзвэл том үйлдвэр цөөхнийг барьж байгуулах хэрэгтэй. Харин газар нутаг, малаараа бол том эдийн засагтай. Тэгэхээр бүсчилнэ гэдэг чинь Сайншандад нэг аж үйлдвэр бариад өөр газар барихгүй. Тэндээ энэ чиглэлээ дагаж хөгжье гэж Ардчилсан намын үед бүсчлэлийг ярьж байсан. Одоо болохоор зургаан бүс болгож хуваасан. Үүгээрээ дандаа жижиг, жижиг эдийн засгийн үр өгөөжгүй, төрийн өмчит үйлдвэрүүдтэй болчих вий гэж л санаа зовж байна. Ингэвэл эдийн засгийг хорлоно. Гэхдээ төсвийг задлах, төвлөрлийг сааруулах, нийтлэг эрх ашгийн төлөө явах гэдгээрээ би дэмжиж байгаа.
-Олонд танигдсан, эсвэл мөнгөтэй нь сонгогдох магадлал их гэж яриад байна л даа?
-Богино хугацаанд, ийм огцом шийдвэр гаргаж байгаа нь угаасаа шинэ, залуу хүмүүсийг оруулахгүй гэсэн хаалт. Нэр дэвших бодолтой байгаа хүмүүс одоо явж хүмүүстэй уулзаж болохгүй. Харин УИХ-ын гишүүд, олны танил болчихсон хүмүүст боломжтой. Гэхдээ ард түмэн өөр болсон. Энэ тоглоомын чинь цаад санааг мэдэж л байгаа.
Цаашдаа сонгуулийн хууль, системийг өөрсдөдөө давуу тал олгох байдлаар огцом шийдвэр гаргадаг байдлыг болих хэрэгтэй. Жинхэнэ ашиг сонирхол гэдэг чинь энэ. Ер нь сонгууль дөхүүлж байгаад ийм шийдвэрүүд гаргах нь улс төрийн ёс зүйн хувьд маш онцгүй. Төр засаг нь тогтвортой бодлогогүй байгаагаа л харуулж байгаа явдал. Ард түмнийг доромжилж, басамжилж байгаа хэрэг. Нөгөө талд нь гэвч сонгуульд ялж, засгийг авахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгийг ард түмэн ойлгож байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ